АТГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн 99 хувийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн шалгаж эхэлсэн. Улмаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцон, цагдан хорьсон билээ. Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аваад байв. Өнгөрсөн баасан гаригт тус шүүхэд Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар хүсэлт гаргасны дагуу түүнд авсан таслан сэргийлэх дээрх арга хэмжээг өөрчилжээ.
Month: August 2019
100 айл орчмын замыг өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 32-ын тойргоос Хангай хотхоны уулзвар, Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх замыг гурван хэсэг болгон хаасан.
Тэгвэл өнөөдөр /2019.08.27/ 11.00 цагаас энэ замын хөдөлгөөнийг нээлээ. 100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой цогц бүтээн байгуулалт юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын урилгаар ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Рита Шварцелюр-Суттер тэргүүтэй төлөөлөгчид наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хатагтай Шварцелюр-Суттерийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд талууд хоёр орны байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид ногоон эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн салбаруудыг байгаль орчинд илүү ээлтэй техник, технологид тулгуурласан болгох талаар хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Хатагтай Шварцелюр-Суттер сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд ХБНГУ-аас онцгой анхаарал хандуулж байгааг хэлээд хөдөө аж ахуйн салбарыг өртөг шингээсэн, хаягдал багатай болгох шаардлагатайг онцолсон юм. Харин Н.Цэрэнбат сайд иргэдийн хандлагыг өөрчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ногоон зээл болон байгальд ээлтэй технологийг импортын татвараас чөлөөлөх зэрэг хувийн хэвшлийг дэмжих, уурь амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн төрөл зүйлийг хамгаалах, нутгийн иргэдийн амьжиргааг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар дэмжих зэрэг санаачилгуудын талаар танилцууллаа.
Айлчлалын хүрээнд ХБНГУ-ын төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, хувь нэмрийг боловсруулах ажлын хэсгийн хуралдаанд оролцохоос гадна Хустайн нурууны байгалийн цогцолбор, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Багануурын нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцах юм. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яамны төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, АОДАГ-ын дэд захирал Д.Ганболд нар АНУ-ын Төрийн департаментын Хүний наймаатай тэмцэх, хянах алба (ХНТХХ)-ны даргын Ахлах зөвлөх Жэйн Сигмон тэргүүтэй төлөөлөгчидтэй 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр талууд АНУ-аас бусад улсад үзүүлдэг тусламжийн төрөлжсөн хөтөлбөрийн нэг болох Хүүхэд хамгаалах түншлэлийн компакт гэрээ (Child Protection Compact Partnership)-нд Монгол Улс хамрагдахаар болсныг мэдээлж, компакт гэрээг байгуулах талаар санал, мэдээлэл солилцов.
Хүүхэд хамгаалах асуудлаарх түншлэлийн компакт гэрээний зорилго нь хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж, мөн холбогдох бусад асуудлыг шийдвэрлэж буй Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн хүчин чармайлтыг эрчимжүүлэх, уялдаа холбоог сайжруулахад чухал хувь нэмэртэй юм. Энэхүү компакт гэрээнд хамрагдсанаар АНУ-ын хүний наймаатай тэмцэх тусламжийн хүрээнд 5 сая ам.долларын санхүүжилтийг манай улсын хүүхэд хамгаалах, хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтад зориулан олгох боломжтой юм.
АНУ нь анхны Хүүхэд хамгаалах түншлэлийн компакт гэрээг 2015 онд Гана Улсын Засгийн газартай байгуулсан бөгөөд түүнээс хойш Филиппин, Перу, Ямайка зэрэг улстай байгуулаад байна.
Говийн ууган сургуулийн нэг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль түүхт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Тус сургууль тэртээ 1929 онд Шанхай уулын хошууны танхим нэртэй байгуулагдаж бүтэн, хагас жарны хугацаанд ард түмний мянга мянган хүүхэд багачуудад эрдэм номын шим хүртээсэн. Энэ сургуулиас төр нийгмийн зүтгэлтэн, урлаг, спорт,соёл бусад салбарын олон гавьяат нэр алдартан төржээ.
Тус сургууль өөрийн аймгаар төдийгүй улсдаа нэр хүндтэй сургуулийн нэг болж эдүгээ 1000 гаруй сурагчтай өнөр өтгөн айл болсон байна. Энэ бүх түүхэн замнал алдар гавьяагаараа улсын баатар Т.Борын нэрэмжит болсон билээ.
Ойн арга хэмжээнд монгол орны өнцөг булан бүрээс тус сургуульд ажиллаж байсан ахмад багш нар, төгсөгчид оролцож ахмад багш Мөнхнасангийн Цэдэн иш Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, багш Цэдэндамбын Баярмаа Алтан гадас одонгоор, мөн олон багш ажилтануудзасгийн газар яам, сум орны шагналаар шагнууллаа.
Мөн сургуулийн дөрөв, долдугаар ангийн анхны төгсөгчид эдүгээ 90 нас дөхсөн бидний таван хүнийг (Б.Амгалан, Г.Данхар, Д.Нордогжав, Ч.Хүү, С.Хүүбаатар) хүндэтгэн пионер болгосон.
Ахмад төгсөгч Банзрагчийн Амгалан
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор тэсэлгээний бодис ашигласны улмаас 30 настай иргэн нас барсан хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, “Завгийн хяр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ хууль бусаар ашигт малтмал олборлогч, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат иргэн, 30 настай, эрэгтэй У нь 30 метрийн гүнтэй нүхэнд тэсэлгээ хийх зорилгоор тэсэлгээний бодистой орсон байна. Улмаар бодис тэсэрч нас барсан тухай дуудлага өчигдөр орой 20:25 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гаргахаар ажиллаж байна.
Монголын сэтгүүл
зүйн гэр бүлийн гишүүн
“ETV” телевизийн мэдээний
албаны сэтгүүлч М.Уянга
бөөрний архаг дутагдалд
оржээ. Энэ нь дотоод
эрхтэнүүддээ нөлөөлж
амь нас нь дээсэн дөрөөн
дээр ирээд байгаа юм
байна. Сэтгүүлч М.Уянгад
туслах хандивын аянг
хамт олон, мэргэжил
нэгт сэтгүүлчдийн зүгээс
өрнүүлээд эхэлжээ. Бид
М.Уянгын гэр бүлийн
хүн Ц.Ариунболдтой
ярилцлаа.
-Эхнэрийн тань биеийн
байдал ямар байна вэ?
-Өнөөдөртөө бол гэр,
эмнэлэг хоёрын хооронд л
яваад байна. Биеийн байдал
нь өдрөөс өдөрт дордож байгаа
учраас яаралтай мэс ажилбарт
орох шаардлагатай байгаа.
-Ямар оноштой байгаа
вэ. Энэ талаар тодруулахгүй
юу?
-Эхнэр маань бөөрны архаг
дутагдал гэх оноштой. Энэ нь
таван цулын эрхтэнүүддээ
үсэрхийлснээр яаралтай бөөр
солиулах мэс ажилбарт орох
шаардлагатай байна даа.
Өдрөөс өдөрт дордож байгаа
шалтгаан нь энэ.
-БНСУ-д хагалгаанд
орох шаардлагатай байгаа
гэсэн. Монголд мэс засал
хийх боломжгүй байгаа юу.
Донорын асуудлыг хэрхэн
шийдэж байна вэ?
-Тохирох донор олоход
хүндрэлтэй байлаа.
Вирустэй бол донорын
шаардлага хангадаггүй юм
байна. Уянгаагийн төрсөн
ах нь донор болж байгаа.
Донорын шаардлага хангаж
байгаа ч цусны бүлэг нь өөр
учраас БНСУ-д мэс ажилбарт
орохоос өөр арга байсангүй.
Ийм тохиолдолд манайд мэс
ажилбар хийх боломжгүй
юм байна. Эхнэрийн маань
бие хэдийгээр хүнд байгаа
ч яаралтай мэс ажилбарт
орж чадвал бидний гэр
бүл элэг бүтэн үлдэнэ. Бүр
оройтчихоогүй байгаа.
-Хагалгааны зардалд
хэдэн төгрөг шаардлагатай
байгаа вэ. Хандивын аянд
яаж нэгдэх вэ?
-Бөөр солиулах мэс
ажилбарт ороход 120
сая төгрөгийн зардал
шаардлагатай байгаа. Миний
эхнэр “ETV” телевизийн
мэдээний албанд таван жил
гаруй ажиллаж байна. Үдэш
бүр л ард түмэнтэйгээ цэнхэр
дэлгэцээр уулздаг. Найз нөхөд,
сэтгүүлч, уран бүтээлчдийн
зүгээс хандивын аянг
өрнүүлээд байна. 94699363,
99122471 дугаарт холбогдож
хандивын аянд нэгдэж болно.
-Цаашид хандивын аяны
Ц.Ариунболд:
Эхнэрийн маань бие хүнд байгаа ч
яаралтай мэс ажилбарт орж чадвал
бидний гэр бүл элэг бүтэн үлдэнэ
хүрээнд ямар ажил зохион
байгуулахаар төлөвлөөд
байна вэ?
-Найзууд хамтарч хандивын
тоглолт зохион байгуулахаар
төлөвлөсөн. Энэ арга хэмжээнд
урлаг соёлынхон идэвхтэй
оролцох байх.
БНСУ-д хийгдэх М.Уянгын мэс ажилбарт 120
сая төгрөг шаардлагатай
байгаа юм байна. Иймээс
тус сэтгүүлчийн найз нар
нь халуун сэтгэлт ард
түмнээсээ хандив хүсчээ.
М.Уянга бүсгүйг мэс
ажилбарт оруулах хандив
нэгэн залуу гэр бүлд элэг
бүтэн амьдрал бэлэглэж,
бяцхан хүүг нь ээжтэй үлдэх
боломжийг олгох юм.
Хандивын данс:
5429322222 /ХААН БАНК/
М.УЯНГА
Утас: 9 4 6 9 9 3 6 3 ,
99122471
Халх голын 80 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдах ОХУ-ын байлдааны онгоцны үзүүлэх тоглолт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, Офицеруудын ордон, Таван шараас их багтаамжийн хоёр автобус 10.20, 10.30 цагуудаас Хүйн долоон худаг руу тус тус үйлчилнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс өнөөдөр Хөх хотын дарга Фөн Үйжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв.
Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад баяртай байна. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны 63 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам гүүр, сургууль цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтууд амжилттай хэрэгжиж байгааг дуулгахад таатай байна хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч С.Амарсайхан хэллээ.
Мөн хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгаад, Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн арга хэмжээнд Хөх хотын дарга Фөн Үйжэнийг хүрэлцэн ирэх урилгыг гардуулсан юм.
Хөх хотын дарга Фөн Үйжэнь хэлэхдээ “Улаанбаатар хотын түүхт ойн арга хэмжээнд урьсанд талархал илэрхийлээд, 1991 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хоёр хотын хамтын ажиллагаа өнгөрөгч 28 жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад талархаж байна. Ялангуяа соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт олон ахиц гарсныг онцолмоор байна. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Хятад Монголын экспог Хөх хот хоёр удаа амжилттай зохион байгуулсан. Гурав дахь удаагийн экспог ирэх сард Улаанцав, Хөх хотод зохион байгуулна. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.
Талууд хоёр хотын зүгээс хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд санал солилцож, уулзалтанд оролцсон хоёр хотын хувийн хэвшлийн төлөөллүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо.
Уулзалтыг саяхан болж өнгөрсөн айлчлалтай уялдуулан “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдвээр зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан юм.
Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх, хөрөнгө оруулалтын орчинд таатай боломж бүрдэх үү, бизнесийн салбарын цаашдын тэргүүлэх салбар юу вэ гэдгийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид түлхүү сонирхон асуусан юм.
Стратегийн түншлэлийн түвшинд хүрснээр Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц том төсөл, хөтөлбөрүүдэд АНУ-аас урт хугацааны, стратегийн хөрөнгө оруулалт орж ирэх үндэс суурь тавигдсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч дараах байдлаар дүгнэн хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Америкийн Нэгдсэн Улс нь бидний хувьд чухал “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн. Технологи үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч улс, худалдааны том тоглогч, гадаадын хөрөнгө оруулалтын арвин эх үүсвэр болдог АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг бид чухалчлан үзэж байгаа.
Та бүхний мэдэж байгаачлан миний бие Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, манай хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан.
Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос Стратегийн түншлэлтэй тав дахь стратегийн түнш улс нь АНУ болсон юм.
Шат ахиулсан түншлэл маань хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа чамлалттай байгаа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болох учиртай.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай ярилцах үеэр хоёр улсын эдийн засгийн харилцааг бодит тоон утгаар сайжруулах прагматик шийдэл, арга замуудын талаар санал солилцсон. Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй байдаг.
Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой хэдий ч бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалтай байгаа гэдэгтэй хоёр тал санал нэгдсэн.
Монгол-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаа өнөөгийн түвшинд хүрэхэд манайд хэдийнээ хөрөнгө оруулалт хийж, бизнес эхлүүлсэн Та бүхний хувь нэмэр их гэдгийг онцлон хэлэх байна. Бид шинэ хөрөнгө оруулагчдыг татахад анхаарахтай зэрэгцүүлээд бидэнтэй хамт өнөөг хүртэл бэрхийг туулж, сорилтыг давж ирсэн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч Та бүхэнд ч төрөөс үзүүлж чадах бүхий л дэмжлэгийг үзүүлж, бизнесийн таатай, тогтвортой орчныг бүрдүүлэх, бизнесээ тэлэхэд хамтран ажиллахыг чухалчилах болно.
Хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэх нөхцөл бололцоо бүрдсэнд тулгуурлан бодит ажил хэрэг өрнүүлэх нь Та бидний зорилт болж байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны гүйцэтгэлээр 6,9 хувьд хүрсэн. 2019 оны эхний хагас жилийн байдлаар энэ үзүүлэлт өсч 7,3 хувьд хүрсэн. Гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 12,9 тэрбум ам.доллар, экспортын хэмжээ 7,0 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоожээ.
Эдийн засгийн өсөлт цаашид тогтвортой байх хандлагатай байгаа ба Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018-2020 онуудад 6-8 хувь байх боломжтой гэсэн таамаглалыг гаргасан байна.
Олон улсын “Moody’s”, “Fitch”, “Standard and Poors” байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөсөн нь манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын байгууллагуудын гадаад харилцаа, дотоод итгэл нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлж байна.
Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засагт тулгарсан хүндрэл болон гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин таагүй байсны улмаас 2015-2016 онуудад Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт эрс татарсан.
Бид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж, хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилласан. Үүний үр дүнд манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2018 онд нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар 2,47 тэрбум ам.долларт хүрч өслөө.
Өнгөрсөн оны байдлаар АНУ-тай хийж буй худалдаа Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн дөнгөж 1,7 хувийг эзэлж, БНХАУ, ОХУ, Япон болон БНСУ-ын дараа буюу 5 дугаарт жагсаж байна. АНУ-аас Монгол Улсад 1990 оноос хойш оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 806 сая ам.доллар буюу 3,4 хувийг эзэлж, 8 дугаарт жагсаж байна. Эндээс харахад Монгол Улс дахь АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг бодитойгоор нэмэгдүүлэх нөөц бололцоо их байна.
Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц том төсөл, хөтөлбөрүүдэд АНУ-аас урт хугацааны, стратегийн хөрөнгө оруулалт хийх үндэс суурь Стратегийн түншлэлээр тавигдсан.
2018 онд “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг зарлаж, хөдөө аж ахуй, ус, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, санхүү, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний дэд бүтэц болон бичил эрчим хүч зэрэг шинэ салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнчлэн Мянганы сорилын сангийн Хоёрдугаар компакт гэрээнд гарын үсэг зурж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа нь хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтран төсөл хөтөлбөрт оролцож, цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжийг нээж өгнө.
Хөдөө аж ахуй, эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, тодорхой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх томоохон боломжууд байна. Тухайлбал, АНУ-ын Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын корпораци, “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD ACT)” хуулиар олгогдож буй шинэ арга хэрэгслүүдийн боломжуудыг Монгол, АНУ-ын бизнесүүд үр дүнтэйгээр ашиглаж, Монгол Улсад тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Түүнчлэн АНУ-д хийсэн айлчлалын үеэр АНУ-ын Конгрессоор “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг хэлэлцэн батлуулах талаар ярилцсныг Та бүхэн сайн мэдэж байгаа. Уг хууль батлагдсанаар Монголын ноос, ноолуур, оёмол бүлжмэл буюу боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил, өсөлтөд чухал түлхэц болж, олон ажлын байр шинээр үүсч, ялангуяа эмэгтэйчүүд ажлын байраар хангагдаж, өрхийн орлого нэмэгдэх зэрэг эдийн засаг бодит хүртээмжтэйгээс гадна эдийн засаг төрөлжиж, экспортын бүтэц, зах зээл өргөжих олон талын ач холбогдолтой.
АНУ-ын зүгээс 1990-ээд оны эхээр Монголоос экспортлох оёмол бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргаж байсан юм. Монгол Улс шилжилтийн эдийн засгийн үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад тодорхой хувь нэмэр оруулж, Монгол Улсын ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар хөгжихөд эерэгээр нөлөөлж байсан. Үүний үр дүнд тухайн үед 40,000 ажлын байр бий болж, энэ нь дотоодын нийт ажиллах хүчний 20 орчим хувийг эзэлж байсан.
Ерөнхийлөгч Д.Трамп болон Конгрессийн хоёр танхимын гишүүдийн зүгээс энэхүү хуулийг батлуулахын төлөө дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлснийг энд онцлон тэмдэглэмээр байна.
Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд “public diplomacy” буюу хувь хүмүүс, олон нийтийн болон бизнесийн байгууллагуудын хоорондын харилцаа илүү нөлөөлөл, үүрэгтэй билээ. Та бүхэнтэй санал солилцож, “Стратегийн түншлэл”-ийн харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахад хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.
Томоохон төслүүд гэдэгт Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж экспортлох, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах зэрэг тодорхой бэлэн болсон 10 орчим төслийг багтааж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж, төслүүдийг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй танилцуулах боломжтой гэдгээ мөн уулзалтын үеэр илэрхийллээ.
Оюутолгойн асуудлаар:
Гадаадын хөрөнгө оруулалт ярихаар Оюутолгойн асуудал зайлшгүй яригддаг. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Бид өөрсдөө уул, уурхайн ийм том хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан туршлагагүй. Хоёр талаасаа асуудал хаана байгааг олохын тулд уулзалтын ширээний ард суух ёстой.
Оюутолгой гүнийн усыг одоо хүртэл хэрэглэсээр байна. Монгол улс бэлчээрийн мал аж ахуйтай. Гүнийн усыг аль болох хэрэглэхгүй байх, гадаргын усаар үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа.
Тавантолгойн асуудлаар:
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу Тавантолгойн ордоос “Эрдэнэс Монгол” компанийн олсон ашгаар Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг тавьж байгаа.
Гадаадын хөрөнгө оруулалт авахгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр, хүүгүй мөнгөөр энэ замыг тавьж байна. Энэ зам Монгол Улсын эдийн засгийг 3-4 дахин тэлэх боломжтой.
Төсвийн асуудлаар:
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бид маш идэвхтэй ярьж байна. Улс төрийн сонгуулийг тогтвортой болгож, бодлогоо залгамж чанартай болгох гол зорилготой. Өнөөдөр бид 76 гишүүн буюу 76 жижиг тойрогтой. Улсын төсвийг 76 тийш татаж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт нь төвлөрдөггүй, аж үйлдвэрийн бодлогогүй, гарч ирсэн УИХ-ын олонх нь сонгуулийн хуулийг өөрчилдөг болсон. Тиймээс сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар өөрчилж, 54 нь Монгол Улсын бодлого, аж үйлдвэр ярьдаг, үлдсэн нь бусад асуудал, тойрог руу чиглэсэн ажил хийдэг байя гэсэн санаагаар Үндсэн хуульд саналаа өгсөн.
Сонгуулийн хуулийг өөрчлөх болгонд “тоглоомын дүрэм” өөрчлөгдөж байна. Бид 1990 оноос хойш олон сонгуулийн тогтолцоотой байснаас хамгийн зовлонтой нь жижиг 76 юм.
Аж үйлдвэржилтийн асуудлаар:
Ноос, арьс, шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Испанийн хөдөө аж ахуйн тэргүүлэх компаниар хийлгэсэн. Үүнийг дагаад Хөдөө аж ахуйн бирж ажиллах ёстой. 21 аймаг, 330 суманд түүхий эд цуглуулах нэгж бий болгох зорилготой байгаа.
Өнөөдөр Улаанбаатарт нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Утаа, замын түгжрэл, ажилгүйдэл гээд олон асуудлаас гарах чухал шийдлүүдийн нэг нь түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих юм. Өнөөдрийн залууст хоёр зүйлийг бий болгож өгөх ёстой. Ахуй буюу 21-р зууны хөдөөгийн хотыг бий болгох, нөгөөх нь эдийн засагт нь төрөөс дэмжлэг үзүүлж түүхий эдийг нь тогтвортой худалдан авах бодлого юм. Ахуйг нь өөрчлөх Шинэ сум төсөл хэрэгжиж байна. Бид одооноос бодлогын арга хэмжээ авч, эзэнгүй болж буй газар нутагтаа анхаарах хэрэгтэй” зэргээр хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн асуултад багцлан хариуллаа.