Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан баяр наадам зохион байгуулах комисс өнгөрсөн даваа гаригт хуралдлаа.
Хурлын үеэр улсын их баяр наадмын түрүү бөх, улсын аварга Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрснийг албан ёсоор зарласан юм. Шинжилгээнд бүдэрсэн хоёр бөхийн нэг нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ баяр наадам зохион байгуулах комисст хүргүүлжээ. Шинжилгээний нь хариу ирэхэд зарлах юм байна.
Э.ОЮУНБОЛДЫН ХЭРЭГЛЭСЭН БОДИС ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ВЭ?
Улсын аварга Э.Оюунболд станазолол, мвлдониум, гидрохлортиазид, хлориазид гэх дөрвөн төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон. Тухайн бодисууд ямар үйлчилгээтэй талаар спортын анагаах ухааны эмч Л.Эрдэнэчимэгээс тодруулга авлаа.
-Наадмын түрүү бөх допингийн шинжилгээнд бүдэрчээ. Дөрвөн төрлийн бодис илэрсэн нь олонд ил боллоо. Э.Оюунболдын шинжилгээнээс илэрсэн станозолол нь ямар үйлчилгээтэй бодис вэ. Тамирчид ямар зорилгоор хэрэглэдэг юм бол?
-Энэ нь анаболик стероид төрлийн нэг гормон л доо. Анаболик стероид төрлийн гормон нь биед үүсдэг болон гаднаас авдаг гэсэн хоёр янз байдаг.
Станозолол нь гаднаас авч буй гормоны бодис гэсэн үг. Хүчний төрлийн спортын тамирчид түлхүү хэрэглэдэг гэж үздэг. Бодибилдинг, хүндийг өргөлт, бөхийн төрлийн тамирчид булчингийн массаа нэмэх зорилгоор хэрэглэдэг.
Станозолол нь булчингийн масс, хүч тамир нэмэгдүүлдэг бодис гэж ойлгож болно. Булчингийн масс дагаж хүч чадал нэмэгддэг шүү дээ. Энгийн үедээ 200 кг-ыг өргөдөг хүн станозолол хэрэглэвэл 350 кг-ын ачааллыг ажрахгүй өргөдөг болно гэж ойлгож болно.
-Гаднаас авч буй гормоны бодисын гаж нөлөөний талаар тодруулахгүй юу?
-Гаж нөлөө их л дээ. Хүний биеийн бүх эрхтэн системд л гаж нөлөө үзүүлнэ. Дотоод эрхтэн системийн үйл ажиллагааг алдагдуулна. Зүрхний шигдээс, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг муу талтай. Тухайн бодисыг хэрэглэсэн даруйд булчин томордог ч, хэрэглээгээ зогсооход бие огцом жижгирдэг. Хамгийн ноцтой нь эр бэлгийн эс хэвийн бус болно. Удмын санд өөрчлөлт орно гэсэн үг. Үр тогтоох боломжгүй болох ч эрсдэлтэй.
-Мелдониум гэж хориотой бодис илэрсэн байсан. Энэ бодисын талаар тодруулахгүй юу?
-Бэлтгэлийн ачаалал даахад зориулагдсан бодис. Энгийнээр ойлгоход зүрхний хэмжээ томруулдаг гэсэн үг. Энэ бодис хэрэглэсэн тамирчин ядрахаа больдог. Эцэж цуцахаа мартдаг.
-Гидрохлортиазид, хлориазид гэх бодис ямар үйлчилгээтэй вэ. Тамирчид ямар зорилгоор хэрэглэдэг юм бэ?
-Шээс хөөх төрлийн эмд хамаардаг бодисууд. Хаван хөөх зорилгоор хэрэглэдэг эмүүд л дээ. Тухайн бодисуудад хүч чадал нэмэгдүүлэх үйлчилгээ байхгүй. Хүчний спортын тамирчид бол нэг их хэрэглээд байх шаардлагагүй бэлдмэлүүд гэж ойлгож болно.
-Тамирчид хэрэглэсэн бодисоо нуун дарагдуулах, хорыг биеэс гадагшлуулах зорилгоор гидрохлортиазид, хлориазидыг хэрэглэдэг гэх мэдээлэл байгаа. Шээсээр дамжиж тухайн бодис биеэс гадагшлах боломжтой юу?
-Хэрэглэсэн эмээ биеэс гадагшлуулах зорилгоор тамирчид хэрэглэх тохиолдол байдаг. Тамирчид хэрэглэсэн тохиолдолд допингийн төрлийн бодисоо далдлах зорилгоор хэрэглэлээ гэж үздэг” гэв.
Улсын аварга Э.Оюунболдын шинжилгээнээс илэрсэн гидрохлортиазид, хлориазид гэх хаван хөөгч бодисуудыг тамирчид хэрэглэсэн эм бэлдмэлээ нуун далдлах зорилгоо хэрэглэдэг юм байна.
Олон улсын жишигт ийм төрлийн бодис хэрэглэсэн тамирчны тэмцээн уралдаанд оролцох доод тал нь гурваас дөрвөн жилээр хасдаг жишиг байдаг ажээ. Харин баяр наадмын тухай хуульд допингийн төрлийн бодис хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг хоёр жилийн хугацаанд хасах эсвэл цолыг нь хурааж, амжилтыг нь хүчингүйд тооцно гэж заасан байдаг.
Допингийн лабораторийн тоног төхөөрөмж илүү боловсронгуй болсноор тамирчид хэрэглэсэн бодисоо хаван хөөгч ашиглаж далдалдаг арга хоцрогдсон талаар мэргэжлийн эмч нар ярьж байна.
Допингийн үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат “Допингийн лабораторийн тоног төхөөрөмж шинэчлэгдсэнээр дөрөв, таван жилийн өмнө хэрэглэж байсан допингийн төрлийн бодисыг илрүүлэх боломжтой болсон. 2008-2012 онуудад олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд допинг хэрэглэж медаль хүртсэн тамирчдын нэрс сая олонд ил болсон.
Тухайн тамирчдад ч хариуцлага тооцож цол зэргийг нь бууруулсан. Энэ хүрээнд Монголын тамирчин олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд байр ахисан жишээ байгаа” гэж хэлсэн юм. Тоног төхөөрөмж шинэчлэгдсэнээр тамирчид допинг хэрэглэчихээд хаван хөөгчөөр далдалдаг асуудал ард хоцорчээ. Үүний тод жишээ Э.Оюунболд аварга болох шиг байна.
ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ: ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ ИХ ЭМХ 3AM БАРААГҮЙ АВДАГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
-Таны шавь улсын аварга Э.Оюунболд допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдлоо. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Би ойрын хугацаанд шавьтайгаа утсаар л ярьсан. Өөрөө өөртөө их итгэлтэй байна лээ. “Багш аа, би тийм төрлийн бодис хэрэглээгүй. Надад итгээрэй. Би энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол, саналаа өгсөн.
Баяр наадмын өмнө чамайг допингтой хутгана гэж удаа дараа заналхийлсэн. Намайг баяр наадамд түрүүлсний дараа тэрбум долоон зуун сая төгрөгөөр баяр наадмыг худалдаад авчихлаа гэх мэтээр гүтгэж байсан” гэж хэлсэн.
Хэрэв хүнийг ингэж хэлмэгдүүлж байгаа бол болохгүй шүү дээ. Шалгадаг газар нь үнэн мөнийг нь тогтоох байх. Харин үнэхээр допинг хэрэглэсэн байх юм бол олон улсад хууль, дүрэмтэй. Манай улсад ч тодорхой хууль журамтай, хариуцлага хүлээдэг. Тэр журмаараа асуудал нь шийдэгдэх байх.
-Улсын аварга Э.Оюунболд хуулийн ямар байгууллагад хандсан юм бэ?
-Миний ойлгож байгаагаар өөрөө гомдол, саналаа гаргасан юм байна. Ер нь допингийн шинжилгээг ямар хэмжээнд авдаг юм бол. Сүүлийн үед түвэгтэй болсон юм шиг. Би олон улсын тэмцээн, уралдаанд 1980 оноос хойш явсан.
Олон улсын тэмцээн, уралдаанд медальт байранд орсон тамирчдаас авдаг. Байнга л шинжилгээ авдаг, хэвийн үйл ажиллагаа шүү дээ. Манай улсад баяр наадмын тухай хууль батлагдсанаар бөхчүүдээс шинжилгээ авдаг болсон. Би 2006 онд шинжилгээ өгч байсан.
Хэвийн л үзэгдэл. Гэтэл сүүлийн үед их өөр болсон юм байна. Допингийн шинжилгээ авч байгаа бичлэгийг би фэйсбүүкээр харсан. Шинжилгээ өгч байгаа хүмүүс нь улавч, таавчигтай яваад байгаа бололтой. Наана нь олон хүн оччихсон бичлэг хийгээд байсан.
Ер нь жаахан замбараагүй болсон юм болов уу гэж харагдахаар юм билээ. Энэ бүхнийг цэгц журамд оруулахгүй бол болохгүй байх даа. Олон улсад допингийн шинжилгээ буруу зөрүү гардаггүй юм байна.
Яагаад гэхээр олон улсад бүсчлээд байгуулагдсан лабораториуд байгаа шүү дээ. Ганц монгол бөхчүүдээс аваагүй. Маш олон улсын тамирчдын шинжилгээг авч байгаа.
-Э.Оюунболд аварга 14 настайгаасаа л таны шавь болж байсан. Допинг хэрэглэчихээр ёс зүйтэй тамирчин мөн үү?
-Миний хувьд түрүүн хэлсэн шүү дээ. Өөрөө допинг хэрэглээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа гэж. Сэргээш хэрэглээд байх хүн биш, байгалиасаа заяасан бөх. Бие бялдар, бяр хүчний хувьд. Хэрэглэсэн гэж итгэл төрөхгүй байгаа. Өөрөө хэрэглээгүй гэдэг.
-Шээс сольсон гэдэг асуудлыг аварга өөрөө хэлсэн. Шээс сольж холих асуудал байдаг юм уу. Та өөрөө олон удаа шинжилгээнд хамрагдаж байсан хүн шүү дээ?
-Би сайн мэдэхгүй юм. Сүүлийн үед бол шээс солилоо, дүнг нь дарлаа гээд их юм яригдаж байгаа. Шинжилгээг нь өгүүлээгүй тохиолдол хүртэл бий гэж ч яригддаг. Түүнийг чинь хууль хяналтын байгууллага л үзэж, шалгаж тогтоохгүй бол би мэдэхгүй шүү дээ. Миний хувьд тэр шинжилгээ авч байгаа бичлэгийг харахад их л замбараагүй юм харагдана лээ.
-Э.Оюунболд “Б” сорьцоо шинжлүүлэхээс татгалзсан байсан. Энэ талаар тантай зөвлөсөн үү?
-Өөрийнх нь хийсэн мэдэгдэл дээр “Би допинг хэрэглээгүй. Намайг ийм зүйлд орооцолдуулж байна. Дарамталсан. ДНК-ийн шинжилгээ өгнө” гэж ярьсан байгаа. Тэгэхээр ДНК-ийн шинжилгээ өгөх гээд “Б” сорьцоо өгөөгүй юм болов уу гэж ойлгож байгаа.
-Та шавьдаа итгэх үү, эсвэл баяр наадмыг зохион байгуулах хороонд итгэж байна уу?
-Тэр хүн өөрөө итгэлтэй байгаа. Тийм учраас би ч гэсэн итгэлтэй байна. Баяр наадмын комисс эцсийн гэж үзсэн мэдээллээ зарлалаа. Өөрөө хууль хяналтын байгууллагад хандсан юм байна. Өөрийнх нь шээсний шинжилгээг сольсон байх магадлалтай гээд хандсан. Тэгэхээр одоо хууль хяналтын байгууллага шалгаж, нэг талд нь шийдэх байлгүй дээ” гэв.
ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН: КАМЕРТАЙ ӨРӨӨНД ШИНЖИЛГЭЭ АВДАГ. ШЭЭС СОЛИХ БОЛОМЖГҮЙ
Энэ асуудлын хүрээнд Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
-Э.Оюунболд аварга “Миний шээсийг сольсон байна” гэж мэдэгдсэн байсан. Энэ асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан гэж байна лээ. Шинжилгээний явцад шээс солих боломж байдаг юм уу?
-БНСУ-ын лабораториос ирсэн хариуд үндэслэж шийдвэрээ гаргана. Шээс солих ямар ч боломжгүй. Эргэн тойронд камертай шинжилгээ авах өрөөнд дотуур өмд, тавчиктай нь оруулаад, өөрөө таглаад дээж өгч байгаа.
-Э.Оюунболдын аварга цолыг хураах уу, эсвэл барилдах эрхийг нь түдгэлзүүлэх үү?
-Хууль журмаараа явна. Эхлээд Үндэсний бөхийн салбар хороо хуралдана. Дараа нь Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо хуралдана. Ингээд цол хураах, эрх хасах асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж хэлсэн юм.