Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд осол гарч, нэг хүн амиа алджээ

2019.07.02-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 270 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 188 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 3 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

-2019.07.02-ныөдрийн 23 цаг 06 минутын орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг “Баянголын адаг” гэх газар /Хайлааст багийн төвөөс урагшаа 13 км/ шороон замд Тoyota Chaiser маркийн автомашины жолооч М нь Bongo Pronter маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 31 настай эмэгтэй Б нас барж, 51 настай, эмэгтэй, О, 38 настай, эмэгтэй Н нарын 2 хүн гэмтсэн байна.

Жолооч та үүргээ биелүүлж, хариуцлага ухамсарлан, анхаарлаа төвлөрүүлж, гэрлээ шилжүүлж, хурдаа тохирлуулан явахыг ТЦА-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын үеэр 610 хуушуур, худалдааны цэгт 400 байцаагч хяналт тавина

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 нийт 610 зөвшөөрөгдсөн цэг байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын 400 албан хаагч, явуулын хоёр лабораторитойгоор Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн таван газарт долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйд байнгын хяналт тавих аж. Тус байгууллагаас мөн дараах зөвлөмжийг өгч байна. Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлс:

  • Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
  • Согтууруулах ундаа, тамхи худалдах;
  • Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
  • Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
  • Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
  • Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх;
  • “0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон” уут хэрэглэх
  • Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.

Баяр наадмын үеэр хориглосон, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд авах арга хэмжээ:

Төрийн хяналт шалгалтын тухай хууль 10.9.7. заалт: Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих 3.1.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих: Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалтуудтай.

Categories
мэдээ нийгэм

CU сүлжээ дэлгүүр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд бараа бүтээгдэхүүнээ хадгалж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар “Сэнтрал Экспресс Си Би Эс” ХХК-ийн CU-06 салбар минимаркетад аж ахуйн үйл ажиллагаанд дотоод хяналтын журам баталсан боловч дотоод журмаа мөрдөж ажилладаггүй. Мөн бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалдаггүй, барааны эмх цэгц байхгүй, агуулахад бараа, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй орчинд хадгалдаг, цэвэрлэгээ, үйлчилгээг хангалтгүй хийдэг зэрэг зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг үндэслэн шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.


Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн. Энэ өдрийн хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэх юм байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудлыг хэлэлцэж, дипломат ажилтны ёс зүйн болон сахилгын дүрмийг батална.

Мөн Ерөнхий консулыг эгүүлэн татах, Чингис хааны музей байгуулах, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэжээ

Ази Номхон далайн бүсийн 4-р конгрессын үеэр нийслэлийн 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хувиараа аж ахуй эрхлэгчид хамтран гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулжээ.

ХБХХЕГ-ын харьяа сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон хувиараа хөдөлмөр эрхэлж, өрхийн амьжиргаагаа нэмэгдүүлж байгаа хөдөлмөрч иргэдийн бүтээлээр энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна. Арьс ширэн эдлэл, гоёл чимэглэл, байгалийн чулуун зүүлт, хөөрөг,, уран зураг, сийлбэр, гэрийн шаахай, нэхмэл болон оёмол бүтээлүүд үзэсгэлэн худалдааны гол нэрийн бүтээгдэхүүнүүд болж байна. Шангрила зочид буудлын гадаа талбайд болж буй үзэсгэлэн худалдаа Ази Номхон далайн бүсийн конгрессын турш буюу энэ сарын 2-3 өдрүүдэд үргэлжилнэ. Өргөн хэрэглээний чамин бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зорин ирэх хүн бүхний өмнө нээлттэй байна.


Categories
мэдээ нийгэм

Амиа хорлохыг завдсан хүнийг аврах үедээ цагдаа усанд живж амиа алджээ

Цагдаа хүний амь аврах гэж байгаад тухайн иргэнтэй хамт амиа алджээ.

Тодруулбал, 2019 оны долдугаар 2-ны өдөр 12 цаг цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А”-гаас “Миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би гурван настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна” гэх дуудлага өгсний дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн “Ж” голын усруу орж урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу орж “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алдсан байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн шинэ тодотголоос асуух хэдэн зүйл

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Үндсэн хууль бол тухайн улс орны нийгмийн болон төрийн байгууламжийг тодорхойлдог хууль эрхийн акт. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оноос хойш хэд хэдэн удаа нийгэм, эдийн засаг, төрийн байгууламждаа өөрчлөлт хийсээр иржээ.

Үүний анхных нь 1911-1913 оны хооронд Богд хааны зарлигууд маягаар буй болсон. Эдгээрийн тусгал нь Монгол Улс теократик хаант улс болж, орчин үеийн хэлбэрээр Засгийн газар байгуулан яам, түүнийг толгойлох сайд нарыг томилсон. Мөн цаашлаад хаанд зөвлөж байх Дээд ба Доод хурал буй болгосон юм. Энэ болон бусад төрийн бүтцийн тодорхойлолт нь үнэн хэрэгтээ Үндсэн хууль бөлгөө. Одоо ч нэрлэгдсэн Үндсэн хуульгүй мөртөө тодорхой хуулиудыг нийлүүлэн Үндсэн хуулийн чадамжтай гэж үздэг Хаант төрүүд бий. Үүний сонгодог жишээ нь Швед, Их Британи болно. 1915 оны Гурван улсын Хиагтын гэрээгээр Монгол Улсын тусгаар тогтнол үгүй болж Хятадын сүвирнэт боловч Оросын протектарат болсон авч 1921 оны хоёрдугаар сард барон Унгерн Монголыг чөлөөлж Хаант Монгол улсын тусгаар тогтнолыг дахин сэргээсэн учир богино хугацаанд дээрх Богдын зарлигууд эргэж хүчин төгөлдөр болж байв.

Хоёр дахь Үндсэн хууль Тангаргын гэрээ нэрээр 1921 оны намар зохиогдон хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Энэ хуулийн зохиогчийг Ерөнхий сайд Бодоо гэж үздэг. Тангаргын гэрээгээр Монгол Улс нь Үндсэн хуульт хаант улсын хэлбэрт шилжин оров. Улсын хаан зөвхөн шашны толгойлогч бөгөөд төрийн хэрэгт Засгийн шийдвэрт нэг удаа хориг тавьж болохоор тусгагдсан. Мөн энэ Үндсэн хуулиар хамжлагат ёсыг эгнэгт халжээ.

Гурав дахь Үндсэн хууль 1924 онд хүчин төгөлдөр болсон. Үүнийг анх удаа Үндсэн хууль гэж нэрлэх болсон юм. Шинэ хуулиар төр нийгэм эдийн засгийн бүтэц байгууламжид үндсэн өөрчлөлт орлоо. Юун түрүүн Хаант төрөөс татгалзаж Бүгд найрамдах засаглалыг тунхаглав. Төрийн эрх барих дээд байгууллагыг Улсын хурал хэмээж, түүний дор Улсын бага хурлыг байгуулжээ. Гэвч удирдан чиглүүлэх байгууллагыг улс төрийн нам гэж зарлав. Энэ Үндсэн хуулиар төрийн эрх баригч нь нийт ард түмэн биш, харин үгээгүй ядуу ардууд мөн гэж тунхаглаад, язгууртан, ноёд баяд худалдаачдыг аяндаа устах нийгмийн анги давхарга мөн хэмээж тэдэнд алив сонгуулийн эрх олгохгүй гэдгээ мэдэгдсэн. Монгол Улс цаашид капиталын замаар явахгүй, Марксын тодорхойлсон нийгмийн хөгжлийн үечилсэн дэвших шат гэгчийн капиталист нийгмийг алгасан хөгжинө гэдгээ тунхагласан. Энэ Үндсэн хууль нь Зөвлөлт Оросын 1918 оны Үндсэн хуулийн бараг шууд орчуулга болохыг хожим судлаачид олж илрүүлсэн билээ.

Дөрөв дэх Үндсэн хууль 1940 оноос үйлчилж эхэлсэн. 1937-1938 онд нийгмийн бүхий л язгууртан ноёд, сэхээтэн лам нарыг хядаж, сүм хийдийг нурааж дууссаны дараа Монголын нийгмийг дарлагч ангигүй нэгэн төрлийн малчин сэхээтнээс бүрдсэн капиталын биш нийгмийн байгууламжтай боллоо гэсэн дүгнэлтээс энэ Үндсэн хуулийг тунхаглан баталсан. Нэгэнт дарлагч мөлжигч анги үгүй учир бүгд тэгш эрхтэй болсон тухай зарлан тунхаглажээ.

Тав дахь Үндсэн хууль 1949 онд Улсын хурлаар батлагдсан. Үүнийг Үндсэн хууль гэж нэрлээгүй ч бүх нийтээр сонгууль өгөх болсноор бүтэц байгууламжийн хувьд их өөрчлөлт орсон юм. Улсын хурлыг тарааж Ардын их хурал байгуулсан ба түүнд бүх нийтийн оролцоот сонгуулиар дипутат сонгодог боллоо. Ардын их хурлын завсар зайгаар улсыг удирдаж байх Ардын их хурлын тэргүүлэгчдийг сонгон байгуулахаар болов.

Зургаа дахь Үндсэн хууль 1960 онд буй болов. Батлагдав гэхийн оронд буй болов гэсэн учир нь гэвэл хуулийн төслийг Ардын их хурлын чуулганаар хэлэлцэж байтал Цэдэнбал зарим засвар оруулна гэж аваад тэр чигт нь мартсан бололтой. Иймээс энэ Үндсэн хууль Ардын их хурлаар батлагдаагүй юм. Цэвэр эрх зүйн үүднээс үзвэл энэ нь хүчин төгөлдөр бус хууль. Шинэ Үндсэн хууль хийх болсон шалтгаан нь 1959 онд малчдын хувийн малыг бараг хүчээр нийгэмчилсэн ба жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг хувийн хэвшлийн хөрөнгийг хурааж Үйлдвэр хоршоолол хэмээх нийгэмчилсэн байгууллагад нэгтгэв. Нэг үгэндээ өдий болтол оршсоор асан хувийн хэвшлийг үгүй хийж эдийн засгийн зах зээлийн харилцааг огт байхгүй болгожээ. Монголын нийгэм нь ажилчин анги, хоршоолсон ард, сэхээтний давхарга гэсэн шинэ бүтэцтэй болсныг тунхагласан юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар энэ үеэс Монголын нийгэм тоталитар дэглэмээс авторитари дэглэмд шилжсэн аж. 1966 онд хуралдсан МАХН-ын XV их хурал энэ фактыг баталгаажуулсан юм.

Долоо дахь Үндсэн хууль 1990 оны тавдугаар сард Ардын их хурлаар батлагдав. Дэлхий дахинаа коммунизм нуран унаж хүйтэн дайн зогссоноор одоо болтол үйлчилж буй Үндсэн хуулиас татгалзах, нийгмийн байгууламжаа өөрчлөх тулгамдсан зайлшгүй шаардлагаас үүдэн 1960 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэрээр үндсэн зарчмыг нь сольсон учраас энэ нь гарцаагүй шинэ Үндсэн хууль мөн. Улс төрийн ганц намын нийгмийг удирдан чиглүүлэх үүргээс татгалзаж олон ургалч үзлийг нийгмийн харилцааны үндэс болголоо. Социализм байгуулах эцсийн зорилготой гэсэн зорилтоос татгалзсан төдийгүй хувийн хэвшлийг эргэж сэргээх, эдийн засгийн зах зээлийн харилцаанд орох, дан ганц ЗХУ-ыг даган нөхөрлөх гэдгийг дэлхийн аль ч оронтой сайн харилцаатай болох зэрэг зарчмын тунхаглалууд батлагдав. Нийт ард түмэн оролцсон чөлөөт өрсөлдөөнт сонгууль явуулж байхаар тогтов. Анх удаа байнгын ажиллагаатай хууль тогтоох инстүүцийг сонгуулийн үр дүнгээр байгуулах болсон нь Улсын бага хурал юм. Эдгээр зарчмын тунхаглал нь хоёр жилийн дараа батлагдсан шинэ Үндсэн хуулийн зарчмын гол тулгуур болсон бөлгөө.

Найм дахь Үндсэн хууль. Ардын их хурал 76 хоног хуралдан хэлэлцсэний эцэст энэхүү шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдав. Нийгэм улс төр, эдийн засгийн чөлөөт ардчилсан либерал тогтолцоонд Монгол Улс шилжин орж байгааг энэ хууль тунхаглан хуульчилсан билээ. Хүний эрх, эрх чөлөөг нийгмийн ердийн хэв норм гэснээр Монгол улс цагтаа Кантын тодорхойлж байсан иргэний ардчилсан нийгэмтэй болж буйг зарлан тунхагласан юм.

1992 оны Үндсэн хууль нь өнөөгийн либералжсан орчин үеийн ертөнцийн ерөнхий хандлагатай агаар нэг, зарчим нь сайн, улс орныхоо тусгаар тогтнол бие даасан байдлыг бататгасан чухал хууль эрхийн акт юм. Гэвч бие дааж ийм чухал бичиг баримт үйлдэх туршлага мөхөс байснаас болоод олон хэсэгтээ тодорхойгүй, механизм харилцан үйлчлэлийн механизмыг нь бүрэн бодож чадаагүй алдаа дутагдал бий. Үүнээс болоод хоорондоо авцалдаж өгөхгүй, зарим тохиолдолд засаглалын хямрал руу хөтлөх аюул буй болгох нөхцөл бүрдүүлж байсан. Амьдрал практик дээр харагдсан иймэрхүү дутагдлыг тухай бүрд нь засаж сэлбээд явах нь зайлшгүй шаардлага юм.

1999 онд Үндсэн хуульд засвар оруулж долоон зүйлд тодотгол хийсэн билээ. Хожим нь хэн нэг нь үүнийг “дордуулсан долоо” гэж нэрлэн чухам үүнээс болоод засаглалын хямрал үүсээд байгаа маягтайгаар тайлбарлах болжээ. Үнэндээ шүлэглэх дуртай үндэсний соёлын онцлогоос ингэж нэрлэх болсон болохоос чухам яагаад тодотгох болсон, тэр нь ямар ач холбогдолтой, хортой байсан юм бол яаж туссаныг тайлбарласан нэг ч тохиолдол харагддаггүй. Хэрэв таван зүйлд тодотгол орсон бол “тантаггүй тав”, зургаа байсан бол “зувчуулсан зургаа” гэх мэтээр хочлох байсан биз.

“Дордуулсан долоо” нь Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн найман жилийн практикаас харагдсан засаж тодруулахаас өөр аргагүй өөрчлөлт байсан юм. Үндсэн хуулинд Ерөнхий сайдыг томилохдоо УИХ сонголтоо хийчихээд Ерөнхийлөгчтэй зөвлөнө гэж байгаа.1998 онд Ерөнхий сайдыг огцруулчихаад дараагийн хүнийг томилох гэж хагас жил зарцуулагдсан. Зөвших учиртай Ерөнхийлөгч УИХ-аас Ерөнхий сайдад томилохоор зөвшилцөн шийдсэн гурав дөрвөн нэрсийг нийт есөн удаа буцааж, өөрөө тодорхой нэр хэлэн ийм хүнийг Ерөнхий сайдаар тавихаар оруулж ирвэл зөвшөөрнө хэмээн гэдийсэн билээ. Олон үзэл бодолтой намууд болон бүлэглэлүүд тэртэй тэргүй зөвшилцөн байж хэн нэгнийг Ерөнхий сайдад томилохоор шийдсэн байтал ганц өөрийгөө төлөөлдөг Ерөнхийлөгч бүгдийг нь нийлүүлснээс илүү хүчтэйгээр “зөвшилцөхөөр” зөрүүдлэхээр хуулийн утга учир бий юу? Энэ нь парламентын засаглалыг утгагүй болгож Ерөнхийлөгчийн засаглал гэсэн утга руу шууд гулсан орж буй хэрэг. Эцэст нь томилгоо УИХ-ынх биш, Ерөнхийлөгч хэмээх ганц бие хүний томилгоо болчихож байна. Цаашид иймэрхүү гацаа давтагдахаас сэргийлж “зөвшилцөх” гэсэн үгийн утгыг тодотгож эцсийн шийдвэр аль тал гаргах эрхтэйг тодруулсан.

Уг өөрчлөлт дотор нууц санал өгөхийг хориглосон. Ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид тэдний хүсэл эрмэлзлийн эсрэг нэр нүүрээ нууж санал илэрхийлж болох уу? Үүнд дордуулаад байгаа юу байна?

1996-2000 онд сөрөг хүчин 130 гаруй удаа хурал хаяж хуулинд заасан квотыг бүрдүүлэлгүй төрийн машиныг гацааж байсан гашуун түүх бий. Энэ нь төр сайн ч, муу ч ямар ч шийдвэр гаргаж чадахаа болиод параличид орж байна гэсэн үг. Парламент муу хууль гаргавал түүнийг хожим нь засаж болно, ямар ч шийдвэр гаргахгүй байх нь улс үндэстэнд хамгийн хортой үзэгдэл юм. Парламентийн засаглалтай ихэнх оронд гишүүд санал өгөх хэлбэрийг хоёр ангилсан байдаг. Зарчмын том асуудал, бодлогын хүрээнд намын дарга бусдыгаа төлөөлж сонгуулийн өмнө амласан намын амлалтаа өмгөөлөн оролцдог. Тиймээс танхимд ердөө хэдхэн хүн сууж байх нь элбэг. Гэтэл хувь гишүүн намаасаа үл хамааран тойргийн сонгогчдоо төлөөлөн санал хэлэх шаардлагатай асуудал гардаг. Ийм тохиолдолд өндөр квот шаарддаг. Ийм байдлаар төрийн машиныг гацаан ямар ч шийдвэр гаргах бололцоогүй болгон бойкотлохоос сэргийлдэг. Чухам ийм гацаасан байдал байнга үүсч байсан учраас л 1999 оны өөрчлөлтөөр квотыг доошлуулахаас өөр арга байгаагүй юм. Хэрэв тэгээгүй бол 2000-2019 он хүртэлх энэ хооронд төрийн машин олон удаа гацан зогсож юу болох байсныг төсөөлөхөд бэрх.

1999 оны тодотгол зарим нэг асуудлыг шийдсэн боловч нийгмийн бүтэц байгууламж улам нарийсахын хэрээр урьд нь ажиглагдаагүй олон бэрхшээл ил гарав. Эдгээрийг шийдэх, нэг мөр болгох оролдлого сүүлийн гурван ч парламент дамжин яригдсан билээ. Үндсэн хуулийг шинээр зохиох уу, байгааг нь нэмж тодотгох уу гэсэн маргаан удтал үргэлжилж энэ удаа хоёр дахь хувилбарыг сонгожээ. Энэ удаагийн тодотгол бидэнд тулгараад байгаа асуудлыг бүрэн шийдэж чадах уу? Одоогоор санал болгож байгаа нэлээд олон тодотгол олон бэрхшээлийг шийдэж болохоор харагдаж байна. Гэхдээ бүгдийг нь шийдэх үү? Эсвэл үлдсэнийг нь дараа хэмээн үлдээх үү? Өнгөрсөн 27 жилийн турш нийгмийн харилцааг зохицуулсаар ирсэн Үндсэн хуулийг одоо гэнэт өөрчилбөл бүх юм засарна, нийгэм байн байн хямрал зөрчилтэй тулгараад байгаа нь энэ Үндсэн хуулиас л болоод байна гэсэн ойлголт өргөн тархаж олон хүний итгэл үнэмшил болжээ. Бодоход Үндсэн хуулиас гэхээсээ зангилаа хэдэн асуудал төөрөгдүүлэл, зөрчил, төрийн хүчгүйдэл үүсгээд байх шиг. Иймээс Үндсэн хуульд нэмэлт тодотгол хийж буй хариуцах этгээдүүдээс асуух хэдэн асуулт байна:

1. Судалгаагаар шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш зөвхөн УИХ гэхэд Үндсэн хуулийг 120 орчим удаа зөрчсөн шийдвэр гаргасан боловч эдгээр хууль засагдалгүй хүчин төгөлдөр үйлчилсээр иржээ. Хэрэв дуртай нь дуртай үедээ Үндсэн хуулиа ямар ч зэмлэлгүйгээр зөрчөөд байх ахул ерөөс хууль байх нь утгагүй. Шинэ тодотголоор энэ явдал засрах уу?

2. УИХ-ын гишүүд халдашгүй эрх гэгчээр халхлан ямар ч гэмт хэрэг үйлдэх болон урьд нь үйлдсэн бол огт гэм зэмгүй нуугдаж байна, тэднийг эгүүлэн татах механизм алга хэмээн олон түмэн шүүмжилдэг. Энэ нь ч үнэн болж УИХ гэмт этгээдүүдийн ял зэмгүй орогнох газар болсоор байна. Шинэ тодотголоор энэ гажгийг засаж чадах уу?

3. “Зөвшилцөх” гэсэн нэршил Үндсэн хуулийн нэлээд газар бий. Гэтэл амьдрал дээр энэ нь инстүүц хоорондын зөвшил биш субьект хоорондын тохироо, маргаан, булаацалдаан болж хувирсаар ирлээ. Үнэн хэрэгтээ хэн нь эцсийн шийдвэр гаргах эрхтэй нь маргааны бай болж төрийн тогтворшлыг самрах нэгэн хүчин зүйл болсоор ирэв. “Хууль тодорхой бус байснаас огт хуульгүй байсан нь дээр” гэдэг нь эртний герег-ромын үеэс мөрдөж ирсэн хуулийн зарчмын үндэс билээ. Шинэ тодотголоор энэ эвгүй байдал засрах уу?

4. Монгол Улс түүхэндээ шүүхийн бие даасан инстүүцтэй байж үзээгүй. Дандаа, хуультай, хууль хэрэгжүүлэх байгууллагатай, шүүн таслах эрх бүхий биеттэй байсан авч тэр нь үргэлж төрөөс, эрх мэдэл бүхий сүбьектээс, гадны колоньчлогчдоос бүрэн хамаарч байсан. 1992 оны Үндсэн хуулиар анх удаа Шүүхийн бие даасан байдлыг тунхагласан боловч одоо болтол хуучин дассан инерци хүчтэй үйлчилсээр. Шүүхийг ард түмэн сонгодоггүй, зөвхөн тодорхой инстүүц, бие хүн томилдог учраас шүүгчид үргэлж хамааралтай явсаар ирлээ. Шинэ тодотголоор энэ эвгүй байдал засрах уу?

5. Хууль санаачлах эрх УИХ-ын гишүүн бүр, нэмэх нь Ерөнхийлөгч, Засгийн газарт бий. Эд санаачлах байтугай өргөн барих, чуулганаар батлуулах эрхтэй. Иймээс үйлчилж буй хуультай, түүний дотор Үндсэн хуультай зөрчилдсөн, олон нийтийн санаа бодолтой үл таарах, хэрэгжихээрээ санхүүгийн хувьд бололцоогүй тухайн гишүүний “нэрэмжит” олон олон хууль батлагдан нийгэмд үйлчилж байна. Хаана ч хууль батлагдахдаа олон шалгуур давж байж нийгэмд үйлчилдэг. Төсөв санхүүгийн хувьд болон хуулийн хэрэгжилтийн хувьд бололцоотой эсэхийг тухайн Засгийн газар судлан санкци өгдөг эрхээр хангагдах ёстой. Энэ байдал шинэ тодотголоор засагдах уу?

6. Цэц бол Үндсэн хуулийн манаач. Нэгэнт манаач юм бол түүнээ бүхий л зөрчил халдлагаас хэзээ ямагт хамгаалж байх үүрэгтэй. 1992 оны Үндсэн хуулиар Цэц нь зөвхөн хэн нэгний гомдлоор төдийгүй өөрийн санаачилгаар хуралдан алив халдлага зөрчилтэй тэмцэх үүрэгтэй санаа буй боловч уг баримтад үүнийг маш тодорхойгүйгээр заасан учраас Цэц олон жилийн турш өргөдөл гомдол барагдуулдаг товчоо маягаар ажиллаж ирлээ. Чухам тийм л учраас Үндсэн хуулийг санаатай болон санаандгүй зөрчин халдсан хэдэн зуун тохиолдлыг харахын хүсэлгүй өнгөрөөжээ. Энэхүү бусармаг гэмээр адал явдал шинэ тодотголоор засагдах уу?

Цаана нь шашин, олон нийтийн байгууллага, Засгийн газрын бүтэц, яам агентлагийг шинээр төрсөн Засгийн газар ямар хяналттайгаар байгуулах эрхтэй тухай гэх мэт олон асуулт байгаа ч энэ удаа ингэсхийгээд орхиё.

2019.7.1

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Үндсэн хуульд сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэт хязгаарлаж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Ямар шалтгааны улмаас ийм шийдвэрт хүрч байна вэ?

-Би 21 аймгаар ажиллаад ирлээ. АН-ын үзэл баримтлалын Үндэсний гуравдугаар аяны нэгдүгээр үе шат дууслаа. 21 аймгийн намын хорооны гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийн, сургалт зохион байгуулсан. Энэ үеэр аймаг орон нутгийн иргэдтэй санал бодлоо солилцсон юм. Иргэдээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ямар мэдээ мэдээлэлтэй байгааг асуусан. Гэтэл энэ өөрчлөлтийн талаар иргэд ямар ч бодит мэдээлэл аваагүй байна. Ихэнх аймгийн иргэд энэ талаар ямар ч ойлголтгүй байгаагаа илэрхийлсэн. Иргэддээ хангалттай мэдээлэл хүргээгүй атлаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь ойлгомжгүй юм л даа. Иргэдийн зүгээс санал нэгдэхгүй байгаа зүйлсээ хэлж байсан. Өнөөдөр ёс зүйгүй парламент бий болсноос гадна эрх барьж байгаа нам ямар ч ёс зүйгүй байгааг хэлж байна. Эрх барьж байгаа намын 64 гишүүнээс 50 гаруй нь хэрэгт холбогдчихсон. Магадгүй цаашдаа ч нэмэгдэх магадлалтай. Наад зах нь л гэхэд ЖДҮ-ийн сангаас өчнөөн тэрбумыг идчихсэн. Мөн концессийн гэрээ гээд 820 гаруй тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хүмүүст одоо хүртэл хариуцлага тооцогдоогүй. 60 тэрбумын схемээр төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авчихсан. Энэ өөрөө төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Маш олон зүйлсийг үндэслэн харгалзан үзэхээр өнөөгийн эрх баригчид Үндсэн хуульд гар хүрэх, өөрчлөлт хийх эрх алга. Хуулиар заасан тоо нь хүрч байгаа ч нэн тэргүүнд улс орны хэмжээнд бүх ард түмний санал бодлыг тусгасан, улс төрийн бүх нам, төрийн бус байгууллагууд, сонирхогч бүх этгээдүүдийн санаа оноог суулгаж, тэдэнд тодорхой мэдээлэл өгч байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой.

Гэтэл өнөөдөр олонх гэдгээрээ түрий барьж, хандах юм бол Үндсэн хуулийн өөрчлөлт дорвитой болж чадахгүй. Магадгүй олонхын хүч түрсэн байдал яваандаа Үндсэн хуулийн хямрал руу аваачихыг үгүйсгэхгүй.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж байх хугацаанд АН болоод бусад намаас санаа бодлыг нь сонсож, дэмжсэн гэх зүйл яригдаж байсан шүү дээ?

-Бидний зүгээс дэмжсэн байр суурь ердөө ч илэрхийлээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэгт АН-аас УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар багтаж байгаа. Би тодорхой хэмжээнд уулзаж ярилцан санал бодлоо солилцсон. Санал бодол солилцох түвшинд ямар ч ажил хэрэг яригдаж болно. Маш олон шалтгааны улмаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэг эхлүүлэх үед бид оролцохгүй гэдгээ илэрхийлж байгаа.

-Одоогийн өөрчлөлтөд Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн зүйл заалт юу байна вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн суурь зарчим бол гүйцэтгэх засаглал хууль тогтоох, шүүх эрх мэдэл, ерөнхийлөгчийн засаглал тус тусдаа харилцан эрх зүйн уялдаатайгаар тогтоогдсон байдаг. Гэтэл өнөөдрийн орж ирж байгаа төсөлд эрх мэдлийн гэхээс илүү эрх мэдлийн хоорондын зохицуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоог алдагдуулсан хэд хэдэн заалт орж ирсэн байна лээ. Хоёрдугаарт, төрийн албанд улстөржиж орсон өнөөдрийн хариуцлагагүй төрийн албаныхан гарах хаалгыг хаасан заалтыг оруулж ирсэн. Төрийн босго өндөр байх ёстой. Орох хаалганыхаа төрийн босгыг өндөрсгөлгүй, гарах хаалгыг хааж байна. Алдааг дахин давтаж болохгүй. Төрийн албан тушаалтанд шалгуур байх ёстой. Энэ зүйл нь Үндсэнд хуульд зайлшгүй тусгагдах ёстой байтал тусгагдахгүй байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж байна. Энэ хуулийн өөрчлөлт дордуулсан гэх долоон өөрчлөлтөөсөө дор болохыг үгүйсгэхгүй. Өнөөдөр оруулж ирж байгаа өөрчлөлтүүд Үндсэн хуулийн нэмэлт гэхээсээ илүү Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэмжээнд хүрчихсэн байна. Үүний цаана хариуцлага хүлээх боломж багатай тэтгэврийн хэдэн хүмүүсийг зүтгүүлээд байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн хямрал үүсч, эргээд нийгэмд эдийн засаг, улс төрийн сөрөг үр дагавар дагуулж 2000 оны долоон өөрчлөлттэй адил болчихвол хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт үлдэнэ. Төрийн үйл ажиллагаа хэвийн тогтмол тасралтгүй үргэлжилж байх ёстой. Үндсэн хууль нь хямралд орж зөрчилдөөн үүсгээд эхэлбэл гарах сөрөг уршгийг хэн хариуцах юм. Үндсэн хуулийн асуудал эрх барьж байгаа ганц намын асуудал биш. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын гол баталгаа болсон бичиг баримт. Хэн дуртай нь гар дүрэх нь зөв зүйтэй гэж бодохгүй байна. Бидний зүгээс Ерөнхийлөгчид албан тоот явуулсан. Албан тоотдоо үндэслэлүүдээ тодорхой тусгасан байгаа. Энэ орж байгаа өөрчлөлтүүд орон нутгийн өөрөө удирдах хэсгийн эрх хэмжээг хэт хязгаарласан. Мөн сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хэт хязгаарласан байна. Заавал давхар дээлтэй албан тушаал хаших ёстой гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Ганцхан Ерөнхий сайд байхад болно биз дээ. Парламент нь парламентынхаа ажлыг, Засгийн газар нь Засгийн газрын ажлаа хийхэд болно. Энэ өөрчлөлтөө хамгаалаад авч үлдэж байна. Үнэхээр Үндсэн хууль ард түмэнд үр өгөөжөө өгөх ёстой гэж харсан бол дордуулсан долоон өөрчлөлтөөсөө эхэл л дээ. Үндсэн хуулиар баталгаажсан хяналтын механизм гаргаж ирээд ямар хэрэгтэй юм бэ. Манайд өнөөдөр хяналтын механизм дутаагүй. Цагдаа, авлигатай тэмцэх газар, прокурор, шүүх, гааль, татвар, мэргэжлийн хяналтаас эхлүүлээд л дандаа хяналттай. Үүний үр дүн дахиад л орон тоо бий болж, нүсэр төсөв зарцуулагдах болно. Төрийн албан хаагчийн тоог бууруулъя төсвөө үр дүнтэй зарцуулъя гэдэг хэрнээ нөгөө талаараа дахиад л орон тооны зүйл хийчихсэн явж байна. Эрх баригчдыг ийм шалдар булдар зүйлээр хөөцөлдөнө гэж бодоогүй. Би МАН-д хүндэтгэлтэй хандаж ирсэн. 30 жил улс төрд явахдаа Монголд тэргүүлэх улс төрийн хүчин гэж хүлээн зөвшөөрдөг. Өөрийн гэсэн өнгө төрхтэй, боловсон хүчин сайтай улс төрийн хүчин гэж бодож явсан. Гэтэл 2008 оноос хойш энэ намыг ойлгохоо больсон. Сүүлийн арав гаруй жил нам биш болчихжээ. Ашиг сонирхлын зөрчил дээр нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл болчихож гэж харж байгаа. Боловсон хүчний нөөц чадвар болоод бодлого стратеги алга. Эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөө зодоон хийж байна. Гадагшаа зодолддог байсан бол сүүлдээ дотооддоо зодолддог болсон. Нэг намын дотоод зодоон нь одоо төрийн хямрал болж хувирч байна. Сүүлдээ Үндсэн хуульд гар хүрч Үндсэн хуулийн хямрал руу аваачих нь.

-Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал дахин найман жил хөндөгдөхгүй гэж хуульдаа заасан байдаг шүү дээ?

-Үндсэн хуулийн зөрчилтэй, процессийн алдаатай байдлаар нэмэлт өөрчлөлт орсон гэж үзвэл хүчингүй болгож болно. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн байвал энэ нэмэлт өөрчлөлт тодорхой хэмжээнд хүчингүй болох бүрэн боломжтой. 1992 оны Үндсэн хуулийг батлахад тэр үеийн улс төрийн хүчнүүд, төрийн бус байгууллагууд, нийт ард түмний 30-40 хувь бодитоор оролцож, төслийг боловсруулж батлахад 400 гаруй депутат болоод нийгмийг өргөн хамарч зөвшилцөлд хүрч байж баталсан. Гэтэл одоо эрх баригч нам дангаараа хүч түрээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь маш буруу.

-Гишүүд өөрсдийн тойргийн иргэддээ Үндсэн хуулийн талаар танилцуулаад ирсэн. Иргэдээс гарсан санал санаачилга юу байна вэ?

-Иргэдтэй уулзалт хийж байхад зааланд сууж буй 500 гаруй хүний 30-40 нь л энэ өөрчлөлтийн талаар дутмаг мэдэж байсан. Үндсэн хуульд 1999 онд өөрчлөлт оруулсан боловч процедурын алдаа гаргасны улмаас Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгож, 2000 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал дахин баталж байсан гашуун түүх бий. Дахиад ийм процесс болохгүй гэх баталгаа байхгүй. Үндсэн хуулийн Цэц байр сууриа яагаад илэрхийлэхгүй байгааг зарим иргэд асууж байсан. Цэцийн үйл ажиллагааны зарчим бол ямар нэг гомдол хүсэлтээр маргаан үүсгээд үүссэн маргаан дээр шийдвэр гаргадаг, тайлбар өгдөг. Маргаан гомдол иргэнээс гараагүй байхад өөрсдөө сайн дураараа болж буй процесст үнэлэлт дүгнэлт өгөх эрх байхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4-т Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх зүйн актын хэлбэрийг зөвхөн хууль байхаар заасан. Гэтэл энэ процесс явагдаагүй. Цагаан цаасан дээр бичээд тэрийгээ Үндсэн хуульд хүчээр суулгах гээд байгаа юм. Журмын тухай хуульд зохицуулалт маш нарийн тусгагдсан. Чимид гуай тухайн үед энэ Үндсэн хуульд хэн дуртай нь хүрч болохгүй шүү гэж хэлж байсан. Би Үндсэн хууль санаачилж батлуулсныхаа хувьд биш ээ. Энэ том хоёр гүрний дунд манайх шиг улс ямар нөхцөлд аюулгүй байх, тусгаар тогтнолоо баталгаатай авч явах, улс төр нийгэм эдийн засгийн эрх зүйн онцлог боломжуудыг тусгасан төрийн институци хоорондын харилцаа зохицуулалтыг маш нарийн хийсэн хууль шүү гэж хэлж байсан. Үндсэн хуулиар хамаагүй оролдвол тусгаар тогтнол, үндэсний эрх ашигт маш ноцтой үр дагавар авчрах нөхцөлүүд үүсэхийг сануулж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Өсвөр үеийнхний сонсох дуртай хамтлаг, дуучид

Энд тэндхийн том тоглолт, шоунд оролцоод байдаггүй ч Youtube, цахим орчинд өндөр хандалттай, өсвөр үеийнхний сонсох дуртай хамтлаг, дуучдын талаарх мэдээллийг хүргэе.


NMN- М.НОМИН-ЭРДЭНЭ

Монголын хип хоп урлагт цоо шинэ өнгө төрх, аялгуу болж, хөгжмийн ертөнцийг өнгөлж буй эмэгтэй репперүүдийн нэг бол NMN. Түүний “Цахилбаа”, “Хэвээрээ”, “Баяртай” зэрэг дуунууд нь орчин үеийн залуусын сонсох дуртай дууны нэг. Поп болон хип хоп урсгалаар дуулдаг дуучин NMN өөрийгөө реппер гэж хэлүүлэх тийм ч дуртай биш. Учир нь тэрбээр сүүлийн үед поп жанрын дуу дуулах болсон юм.

Реппер N.M.N 2014 онд “М Галакси студи”-ээс зохион байгуулсан залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төслийн ялагчаар тодорсон мөчөөс олны хараанд өртөх болсон. Уг төсөлд Чойжоо, Тэнүүн, Баярцэнгэл, Номин, Хишгээ зэрэг зургаан залуу уран бүтээлч өрсөлдсөн юм. Реппер бүсгүй алдарт дуучин Бруно Марсын тоглолтыг Хонконгоор аялангаа үзэх эрхээр шагнуулж байсан удаатай. Түүний бүсгүйн тоглосон “Од ба гэгээ” уран сайхны кино энэ оны гуравдугаар сарын 29-нд бүх кино театруудад нээлтээ хийж байв. Найруулагч, продюсер Л.Бат-Амгалан, Их Британийн кино найруулагч, продюсер Иан Эллардайс нарын ээлжит уран бүтээл болох “Од ба гэгээ” кино өнгөрсөн онд Өмнөд Солонгосын Бусаны кино наадамд шалгарч, нээлтээ хийсэн билээ. Мөн 2018 ондоо “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын нээлтийн үзвэрээр шалгарч, Монголын үзэгчдэд анх хүрсэн байдаг.Уянгын мюзикл жанрын киноны гол дүрд дуучин Магнолиан буюу Б.Дөлгөөн, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ нар тоглосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан юм. Тэд хамтран “Од ба гэгээ” киноны “Сүүлчийнх биш” дуугаа дуулжээ.

“THE WASSABIES”

Б.Наранзуны продюсерлодог “The Wassabies” охидын хамтлагийн дуунууд цахим орчинд Индонез, Малайз, Хятадад өндөр хандалт авдаг. Оддын академиас төрөн гарсан гэдгээр нь өсвөр үеийнхэн андахгүй.

Ангелина, Буяндулам, Анужин, Аминхүслэн, Энхгэрэл гэсэн таван гишүүнтэй.

Азийн онлайн орчинд Монгол Улсаа сурталчлан таниулах зорилготой энэ хамтлагийн “Үгүй” дуу“Asian intertainment”- ын долдугаар сарын жагсаалтад 20-т жагссан юм. Тус дуу үндэсний шилдэг 20 дуунаас 8-т багтаж байв. Энэ хамтлагийн анхны цомог “Girl Generation” нэртэйгээр гарч байлаа.

Тэд энэ оны хоёрдугаар сард “Шарк Танк” нэвтрүүлэгт орж MCS компанийн дэд ерөнхийлөгч Д. Энхтүвшин, “Петровис” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл нараас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсан билээ.

“The Wassabies” хоёр сарын өмнө цомгийн баяраа хийсэн юм.

“VANDEBO”

Анх гарч ирэхээсээ л клипгүй дуунууд ч хүмүүст хүрч чадахыг баталсан хамтлаг. “Vandebo”-гийн тоглолт 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр Дархан хотод болсон юм. Дархан хотод “Tuimer 50”-аар эхэлсэн тэдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод байсан сонсогчид нь “Дархан явж үзье”, “UB-д тоглолтоо хийл дээ” гэсэн сэтгэгдлээр “булж”, тоглолтыг нь тэсч ядан хүлээж байсан билээ. Мэдээж хэрэг тэд сонсогчдынхоо урмыг хугалаагүй. Дархан дахь тоглолтоо дуусгаад тэр сарынхаа 28-ны өдөр Улаанбаатар хотод тоглолтоо хийж байв. Van­debo тэр үед анхны клипээ ч цацаж амжаагүй байлаа. Тэд “Munkhud21” цомгоо 2018 оны арванхоёдугаар сарын 8-ны өдөр нээж байсан бол цомгийнх нь биет хувилбар тэр өдрөө зарагдаад дууссан юм. Анхны цомгоо өлгийдөн аваад удалгүй, ердөө гурван сарын дараа нийт 15 дуутай хоёр дахь цомгоо гаргаж байв. Тус хамтлагийн “Мангар том зүрх” тавхан минутад бүтсэн, хоёр сая хандалттай гэсэн рекордтой. Өсвөн үеийнхийг “шууруулсан” энэ дуу энэ оны хоёрдугаар сарын 14-ий өдөр буюу гэгээн хайрын баяраар хоёр сая хандалт авчээ. “18 Sav­age” гэсэн дуу нь гарснаас хойш “Vandebo” хамтлагийн нэр хүнд огцом өсч олон шинэ дуу гаргасан гэж фэнүүд нь ярьдаг. Гэвч тэдний гаргаж буй шинэ дуунуудаас хуучны дуунууд нь илүү их хандалт авсаар байгаа. Хамтлагийн гишүүн Ш.Энхжамц ШУТИС- ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн системийн аюулгүй байдлын ангид суралцдаг. Нөгөө гишүүн нь болох Б.Эрдэнэболд ШУТИС-ийн Механик,тээврийн сургуульд механикийн инженер мэргэжлээр суралцаж байна. “Vandebo” гэсэн нэрийг хамтлагаараа ярьж байгаад өгчээ. Ш.Энхжамц өвөө Ванган, эмээ Дэжидийнхээ нэрний эхний үеүдийг авснаар “ВАНДЭ” гэсэн үг бүтжээ. Харин Б.Эрдэнэболд нэрийнхээ жинхэнэ нэрний товчлолоор “ЭБО” гэсэн үе бүтээсэн байна. “ВАНДЭБО” гэсэн нэр ийм учиртай аж.

AMС:ЭНХ-АМАР

“25 дугаар суваг” телевизийн бүтээл “Making The Band” нэвтрүүлгээс төрөн гарсан хамтлагийн нэг бол “Mixx” хамтлаг. Гурван эмэгтэй гурван эрэгтэй гишүүнтэйгээр анх байгуулагдаж байсан тус хамтлагийнхан шоунаас төрөн гарсан хамтлагуудаас хамгийн өвөрмөц нь. Гэхдээ тэд өнөөдөр тус тусдаа уран бүтээлээ хийж эхэлсэн. Хамтлагийн гишүүн Энх-Амар нэрээ солин АМС гэдэг нэрээр уран бүтээлээ туурвиад удаагүй байгаа. Түүний уран бүтээлүүд шинэ өнгө төрх, хэмнэлийг залууст мэдрүүлэхийг зорьдог. Түүний тоглосон эхний кино “Гацуурхан-2”.Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би ‘Making the band’ шоунд орсондоо баярладаг. Тус шоунд ороогүй бол өдийд дуулаад явж байх эсэхээ мэдэхгүй байна. Намайг задалж нээж өгсөн гэж боддог. Шоунд орохоосоо өмнө дуу дуулах, дуу хэрхэн бүтдэг зэргийг мэддэггүй байлаа. Шоуны үед уран бүтээл дээр ажиллах багахан ч болов туршлагатай болсон” хэмээн ярьж байсан юм.

THUNDER- Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ

Үзэл бодлоо нийгэмд урлагаар дамжуулан илэрхийлдэг Б.Өлзий-Учрал “Thunder”гэх нэрээрээ өсвөр үеийнхэнд танигдсан. Анх Rap Dembee-гээс арга барилаа олсон тэрээр одоо 24 настай.Thunder-ийн хамгийн сүүлд гаргасан “Байгаагаар минь хүлээж авах уу” дуу хандалтаараа тэргүүлсэн дуунуудын нэг. Тэр саяхан өөрийн цахим хуудаснаа Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Зөв тусгал” хүүхдийн аянд нэгдэж, тус аяны дууг дуулснаа зарласан юм.

Ц.ШИНЭЦЭЦЭГ

Б.АМИНА

Categories
мэдээ цаг-үе

Хөрөнгийн зах зээлд гаднаас доллар татах боломж байна, гэхдээ….

“Лэнд.мн”, “Монгол базальт”,“Түмэн шувуут”, “Монос” гэх мэт шил дараалсан IPO хөрөнгийн зах зээл дээр гарч байна. Арилжааны банкны өндөр хүүнээс зугтсан бизнес эрхлэгчид хөрөнгийн зах руу тэмүүлж эхэлсэн энэ цагт хөндөхгүй орхиж боломгүй нэг өнцөг ажиглагдаад байх юм. Хөрөнгийн захаас мөнгө босгосон бизнесүүдэд нэг зовлон бий. Дотоодын хөрөнгө оруулагчдын тухайд мөнгөө оруулангуутаа ханш өндөр үед нь зараад татаад авчихдаг гэнэ. Товчхондоо хөрөнгийн зах руу мөнгөө хийгчдийн ихэнх нь богино зайны тоглогчид байдаг аж. Урт хугацаанд мөнгөө байршуулдаг, аажимдаа ахиу ашиг хүртэх сонирхолтой хэсэг болох гадны хөрөнгө оруулалтын сангуудад манай хөрөнгийн зах зээл том боломж гэж харагддаг ч багагүй саадтай нүүр тулаад буцдаг.

Монголын Хөрөнгийн биржийг сонирхсон ч доллар оруулж болдоггүй эхний том шалтгаан нь төлбөр тооцооны шинэчлэл. Манай хөрөнгийн биржийн арилжаа урьдчилсан төлбөрт тооцоогоор явагддаг. Өөрөөр хэлбэл захиалсан бараагаа аваагүй байхдаа мөнгөө байршуулдаг гэсэн үг. “Атар” талх авахын тулд урьдчилаад мөнгө байршуулбал худалдаж авах талдаа ямар ч эрсдэлгүй. Учир нь талхны үнэ өнөө, маргааш, лав л хэдэн өдөр, сардаа өөрчлөгдөхгүй байх баталгаатай. Харин хувьцаа бол өөр, тэс ондоо бүтээгдэхүүн. Минут секундээр ханш нь унаж, өгсдөг онцлогтой. АПУ-гийн 100 ширхэг хувьцаа авъя гээд яг тэр үеийнх нь ханшаар мөнгө байршууллаа гэж бодъё. Яг захиалга авах хоромд ханш нь өсчихвөл урьдчилж өгсөн захиалга цуцлагдах эрсдэлтэй.

Ийм онцлогтой бүтээгдэхүүнийг гадаадын аль нэг хөрөнгө оруулалтын сан сонирхлоо гэж төсөөлье. Доллараас төгрөг рүү шилжүүлэх зардал, банкны шимтгэл гээд өчнөөн өртөг болж байж өгсөн захиалга нь цуцлагдвал яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүссэн хувьцаагаа авч чадаагүй хэрнээ захиалга нь цуцлагдахыг ямар ч бизнесмэн хүсэхгүй. Ийм шалтгаанаар гадны хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлээс тойроод явдаг гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид ярьдаг. Лондонгийн Хөрөнгийн биржийн чиг зөвлөмжөөр хувьцааны арилжаанд дараа төлбөрт хэлбэрийг ашигласан үе манай улсад байдаг юм билээ. 2012-2015 оны үед. Гэхдээ эхлээд өндөр дүнтэй мөнгө байршуул гэх мэт шалгуур тээг болоод хэрэгжиж амжаагүй гэж энэ салбарынхан онцолдог.

Хувьцааны арилжаа хийснээс хоёр хоногийн дараа мөнгөө оруулах хэлбэр рүү шилжих яриа хөөрөө 2017 үүссэнийг энд онцлох учиртай. Гэхдээ одоогоор шийдэл болоогүй яваа санаа гэдгийг тодотгоё. Энэ шийдлийг батламжлах ёстой газар нь Санхүүгийн зохицуулах хороо. Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас төсөл хэрэгжүүлж хянаж байгаад болъё, тэгсний эцэст хянах эсэхээ шийдье гэсэн яриа хэлээ өрнөөд, өнөөх нь сунжраад яваа гэсэн сураг дуулдаж байна. Уг нь урьдчилсан төлбөртөөс дараа төлбөрт рүү шилжчих шийдэл хоёр, гурван жил шаардахаар нүсэр ажил биш л дээ. Хөрөнгийн зах дээр IPO гаргаж мөнгө босгосон компаниуд төлөвлөсөн төслөө урт хугацаанд хэрэгжүүлж байж илүү их өгөөж, ашигтай ажилладаг. Хөрөнгийн захаас ашиг хүртэх компаниуд нэмэгдэх тусам энэ зах зээл рүү хошуурах компаниудын тоо өсч таарна. Хямд зардал, бага хүүтэй мөнгө босгох компаниуд олшрох хэрээр эдийн засаг сэргэнэ, томорно. Ийм логикоор ухвал хөрөнгийн зах зээл рүү мөнгө хийх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага үүсээд байна. Монголын хөрөнгө оруулагчид богино зайны тоглогчид гэж өмнө дурдсан. Урт хугацаанд хөрөнгөө оруулах сонирхолтой хэсгийг татах ойрын бодитой шийдэл нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах.

“Түмэн шувуут”, “Монгол базальт”, “Монос”-ын дараа хэд хэдэн компаниIPO гаргахаар зэхэж байна. Үндэсний том компаниуд шил даран IPO хийж буй энэ цагт гадаадын хөрөнгө оруулалтын сангуудын сонирхол өндөр байгаа юм билээ. Наад захын жишээ гэхэд л Лэнд.мн дээр хөрөнгө оруулсан Солонгосын хөрөнгө оруулалтын сан Монголд салбар оффисоо нээчихсэн яваа. Энэ боломжтой цагийг ашиглаж журамдаа өөрчлөлт оруулчихвал гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал татарсан өдий үед өчнөөн доллар татах боломж байна даа, уг нь. 2019 он талдаа орлоо, цаг алдахгүйгээр оноос өмнө журмаа эцэслэчихвэл жилийн сүүлээрх гадаадын хөрөнгө оруулалтын статистик өгссөн дүнтэй гарах бүрэн боломж харагдаад байх юм. Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийхээр жагссан компаниуд цөөнгүй байгаа ийм цагт хийхээс аргагүй шинэчлэл.

Доллар атгасан гадны сангууд Монголын хөрөнгийн зах зээл рүү яаран алхдаггүй дараагийн шалтгаан бол арилжааны шимтгэл. Хөрөнгийн бирж, арилжаанд зуучилдаг үнэт цаасны компани, Арилжааны төлбөр тооцоо компани нийлээд 1.5-2 хувийг шимтгэл авдаг. Эдний авдаг шимтгэлийн 10 хувийг Санхүүгийн зохицуулах хороо авдаг юм. Татварын хуулиар бол иймэрхүү төрлийн үйлчилгээнд тогтсон дүнтэй төлбөр авахаас биш хувь бодож шимтгэл авах учиргүй юм билээ. Ийм агуулгатай заалт ч татварын хуульд тов тодорхой дурайж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд төсвөөс санхүүждэг байгууллага. Бизнесийн хөрөнгө оруулалтаас хувь бодож шимтгэл авахаас аргагүй, орлогоороо л санхүүждэг хувийн хөрөнгө оруулалттай компани биш. Хөрөнгө оруулагчдад урьдчилж их мөнгө байршуул гэх мэт өндөр босго тавьдагийн гол шалтгаан нь хожим үүсэх эрсдэл. Ирэх өдрүүдэд үүсч мэдэх эрсдэлээс хамгаалах сан байгуулж, тэр сандаа СЗХ-нд тушаадаг 10 хувийн шимтгэлийг хуримтлуулаад байвал гаднаас доллар татах боломж нэгээр нэмэгдээд ирнэ.

Хөрөнгийн зах зээлд доллар татахад тулгардаг дараагийн асуудал бол компаниудын хувьцааны ханш. Монголын Хөрөнгийн биржид 200 гаруй компани бүртгэлтэй. 50 гаруй компанийнх нь хувьцаа идэвхтэй арилжаалагддаг. 150 гаруй компанийн хувьцаа идэвхгүй гэсэн ангилалд ордог. Ерээд онд хувьцаагаа гаргасан олон компанийн хувьцаа яг тухайн үеийн ханшаараа идэвхгүй яваа гэсэн том шалтгаан бий. Яг одоогийн байдлыг нь үнэлэхээр нэгж хувьцааных нь үнэ 10 мянга давахаар компанийн хувьцааны ханш бодит байдал дээрээ, хөрөнгийн зах дээр 100 төгрөгийн үнэлгээтэй байна. Арилжааг нь идэвхжүүлье гэвэл хувьцааных нь ханшийг бодитой болгомоор байна, тэгье гэхээр хууль, журмын хязгаарлалтдаа баригдаад яваа гэх зовлонг хөрөнгийн захынхан хэлдэг. Тодруулж хэлбэл хөрөнгийн захад хувьцааны үнэ өслөө, буурлаа гэхэд 15 хувиас хэтрэхгүй гэсэн хязгаар үйлчилдэг юм. Энэ хязгаараас түрдээ татгалзаж компаниудын хувьцааны ханшийг бодит байдалд нь хүргэх, эсвэл хууль журмаа өөрчлөх гэсэн сонголт байгаа юм билээ. Мэдээж ямар ч компанийн захирал 10 мянган төгрөгийн үнэлгээтэй хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр 100 төгрөгөөр арилжаалахыг хүсэхгүй. Харин үнэлгээг нь бодит түвшинд хүргэх бололцоог нээгээд өгчихвөл Хөрөнгийн бирж дээр байгаа өчнөөн компанийн хувьцаа амилахаар байна. Ингэж чадвал Монголын хөрөнгийн зах зээл рүү доллар хийх гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол ч нэмэгдэнэ.

Хөрөнгийн зах зээлээс гадныхныг дөлөхөд хүргэсэн бас нэг шалтгаан бол долларын бүтээгдэхүүн. Өнөөхөндөө банк, банк бус санхүүгийн байгууллага л долларын хадгаламж, зээл гэх мэт бүтээгдэхүүнтэй байгаа. Хөрөнгийн биржийн хувьд энэ төрлийн бүтээгдэхүүн байхгүй гэсэн тээг бий. Санхүүгийн салбарын 90 хувийг банк эзэлж буй энэ цагт бага хүүтэй, хмяд зардалтай, үр өгөөж ихтэй хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэвэл долларын бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгтэй гэж шинжээчид онцолдог. Хөрөнгийн зах зээлдээ гадаадын хөрөнгө оруулалт татъя гэвэл энэ мэт шийдэх олон асуудал байна даа.