Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын усны түвшин нэмэгдэж байна

Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Туул голын дагуу усны түвшин хурдтай нэмэгдэж, үерлэж байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээлж байна.

Зөвхөн Туул гол гэлтгүй, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 10-105 см даван үерлэжээ.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, ААН, байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн байранд гал гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн байранд өчигдөр гал гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн 9х6 метрийн хэмжээтэй будгийн цех, тоног төхөөрөмж, 600 литр будаг шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:08 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман алба хаагч 17:14 цагт хүрэлцэн очиход гал түймэр дэлгэрч байсан тул Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн найман алба хаагч 17:27 цагт нэмэлтээр очиж, нэг цаг 30 минутын турш ажиллаж галын бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн цахим бүртгэлд 20712 хүүхэд бүртгүүлсэн байна

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн цахим бүртгэл энэ сарын 22-нд эхэлсэн. Бүртгэл нэг сар үргэлжилнэ. Өчигдрийн байдлаар 20712 хүүхэд бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд буюу 2018-2019 онд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянга, төрийн өмчийн бус 450 цэцэрлэгт 330 гаруй мянган хүүхэд хамрагдах гэнэ. Нийт 700 гаруй цэцэрлэгт 120 гаруй мянган хүүхэд хамрагдах юм байна. Ингэснээр энэ онд цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувь болгохыг боловсролын газраас мэдээлсэн. Түүнчлэн энэ онд 73 цэцэрлэг ашиглалтад оруулж, 15 мянган хүүхдийн цэцэрлэгийн орон тоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ сарын 10-ны байдлаар эдгээрээс 35 цэцэрлэг есдүгээр сарын 1-нд багтаж ашиглалтад орохоор байгаа. Нийслэлийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр урьдчилсан тооцоогоор Монгол Улсад 11913 хоёр настан байгаа юм байна. Цахимаар бүртгүүлсэн хүүхдүүд наймдугаар сарын 12-ноос тухайн цэцэрлэг дээрээ очиж, гараар бүртгүүлнэ. Харин цэцэрлэгт хамрагдаагүй 3-5 настанууд орон гарсан тохиолдолд цэцэрлэгт бүртгүүлэх нь. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл сарын хугацаанд “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой аж. Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулах гэнэ. “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой юм. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа ирэх сарын 23-нд явах юм байна.

Categories
мэдээ нийгэм

​“Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт хэлхээ маркийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд эрхэмсэг ноён Мустафа Шентоп өчигдөр “Монгол шуудан” ХК Туркийн шуудангийн компанитай хамтран Монгол улс, Бүгд Найрамдах Турк улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын хэлхээ маркийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Энэ онд Монгол Улсад марк үүсэж, хөгжсөний 95 жилийн ой, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тус тус тохиож байгааг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан онцоллоо.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп, “Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй боловч өнө эртний уламжлалт харилцаа 1,000 гаруй жилийн түүхтэй. Соёл, зан заншил зэрэг олон зүйлээрээ адилхан. Энэ удаагийн бидний айлчлал шинэ цагийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна” гээд хамтарсан марк гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан нар маркийн анхны өдрийн дугтуйг тамгалаж, гарын үсэг зурлаа.

“Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар “Манай хоёр орон газар зүйн хувьд хол орших хэдий ч түүх дурсгал, өв соёлын өнө эртний түүхтэй. Үүнийг Монголоос олдсон Түрэгийн үеийн хөшөө, дурсгалууд, Монголчуудын үлдээсэн Турк дахь эртний барилга, байгууламжаас харж болно. Манай улс Турк улстай дипломат харилцаа тогтоосны хүрээнд хоёр улсын харилцаа улам бүр өргөжин тэлж байна. Сүүлийн жилүүдэд “Монгол шуудан” ХК Туркийн шуудангийн компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. “Монгол Шуудан” ХК-ийн санаачилагаар 50 жилийн ойг угтан анх удаа хамтарсан хэлхээ маркийг гаргаж байна” гэлээ.

Хэлхээний нэгдүгээр нэрийн марканд Турк улсын Истанбул хотын хоёр тулгууртай Евро-Азийг холбосон Босфорын гүүр дээгүүр нисэж буй Монгол улсын онгоц, Турк улсын үндэсний бахархалт алтанзул цэцэг, хоёрдугаар нэрийн марканд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод буусан Турк улсын онгоц, түүний наана хадаг, мөнгөн аягатай сүү барин хүндэтгэн угтаж буй Монгол эмэгтэй, Монгол улсын үндэсний бахархалт бэр цэцэг, хэлхээ маркийн дунд хэсэгт 50 жилийн ойн лого зэргийг зохиомжлон дүрсэлжээ.

Хоёр орны дурсгалын марк 10000 ширхэг хэвлэгдсэн бөгөөд анхны өдрийн дугтуй нь 500 ширхэг хэвлэгдсэн байна.

Н.Амартүвшин

Categories
мэдээ нийгэм

“ГҮЙЕ, ТҮҮЕ” челленж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” арга хэмжээг нутгийн захиргааны бүх байгууллагууд 14 хоног тутамд зохион байгуулж, ажиллах үүрэг даалгавар өгч, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас долдугаар сарын 27-ны өдөр “Гүйе! Түүе!” челленж аяныг “Бид хог хаядаггүй албан хаагчид” уриатайгаар зохион байгуулж, байгууллагын ойр орчим болон Сэлбэ голын эрэг дагуух газрыг цэвэрлэв.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ган-Өлзий: “ГҮЙЕ, ТҮҮЕ” челленж аянд нэгдэн Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс дүүрэг, хороодын албан хаагчид, иргэдтэй хамтран хуваарийн дагуу албан байгууллагынхаа ойр орчмын бүсэд цэвэрлэгээ зохион байгуулж, зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан, #НГБХЗХГГүйеТүүеЦэвэрхотХоггүй аян гэх нэрээр хаш таг үүсгэн байгууллагынхаа албан ёсны цахим хуудсаар давлагаа үүсгэж, хоггүй хотын төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Уг аяны хүрээнд иргэдийг хогоо хогийн саванд хаяж хэвшихийг уриалахаас гадна нөгөө талаар хувь хүн бүрт “Zero Waste” буюу хог хаягдал багатай амьдрах, байгальд ээлтэй хэрэглээний соёл, амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Тухайлбал, өргөн хэрэглэдэг нэг удаагийн хэрэглээнүүдээс татгалзах, олон жижиг савлагаатай бүтээгдэхүүн авахгүйгээр том савлагаатай бүтээгдэхүүн сонгоход эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна сав, баглаа боодлын хог бага гарна, өөрийн усны саваа байнга авч явахад хуванцар савтай ус авах шаардлага гарахгүй гэх зэрэг энгийн атлаа хог хаягдал багатай амьдрах олон зарчим, арга бий. Эдгээрийг түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал юм” гэлээ гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн

“ГҮЙЕ, ТҮҮЕ” челленж аянд нэгдэх хуваарь

Нэрс

Хуваарь

1

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

2019 оны 07-р сарын 27-ны өдөр

2

Сонгинохайрхан

2019 оны 08-р сарын 03-ны өдөр

3

Баянгол

2019 оны 08-р сарын 10-ны өдөр

4

Баянзүрх

2019 оны 08-р сарын 17-ны өдөр

5

Сүхбаатар

2019 оны 08-р сарын 24-ний өдөр

6

Чингэлтэй

2019 оны 08-р сарын 31-ний өдөр

7

Хан-Уул

2019 оны 09-р сарын 07-ны өдөр

8

Налайх

2019 оны 09-р сарын 14-ний өдөр

9

Багахангай

2019 оны 09-р сарын 21-ний өдөр

10

Багануур

2019 оны 09-р сарын 28-ны өдөр

https://www.facebook.com/ubfcy.mn/videos/2349220092004090/UzpfSTEwMDAwNDQ5MDU2Mjg1MToxMjEzNzk5MTAyMTEzMDk3/?id=100004490562851

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Үндсэн хуульд ийм заалтууд тусгавал эдийн засаг сэргэх гээд байна

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг анзаарах нь ээ, ингэж харж, асууж суугаа нь цөөхөн байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар л манай сонинд өгсөн ярилцлагадаа “Хувийн хэвшлийнхнийг төрийн олон мянган дарамтаас яаж хамгаалах вэ гэж их бодож байна. Одоогийн Үндсэн хуульд эдийн засгийг төр зохицуулна гэсэн заалт бий. Үүнээс гадна төр эдийн засгийн харилцааг дэмжинэ гэсэн тодорхой өгүүлбэр байх ёстой. Үүний хүрээнд органик хуулиудад тодорхой өөрчлөлтүүд оруулж, эдийн засаг бизнесийн орчинг дэмжих хэрэгтэй. Улс төр бүх салбарт хэт хамааралтай байна. Энэ саналын гол үүрэг нь хэн дуртай хүн, байгууллага, бизнес эрхлэгчдийг дарамтлахаас хамгаалах” гэж онцолно лээ. Эрхэм гишүүний энэ үгийг анзаарсан хүн хэр олон байгаа бол, шаргал ордонд тухлагчдаас. Мань эрийн энэ саналыг байнгын хороон дээр дэмжээгүйг бодоход Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг эдийн засагтай уяж сэтгэж харах сонирхол хууль батлагчдад огтхон ч төрөхгүй яваа бололтой. Манай 76 өнөө л эрх мэдэл, байгалийн баялгийн булаацалдаан дундаа бужигнаж байна.

Үндэсний томоохон үйлдвэрлэгч нэг эмэгтэй “Монголд бизнес эрхлэх дайны талбарт тулалдаж яваагаас ялгаагүй стресс, дарамттай байдаг” гэж нулимс цийлгэнүүлэн ярьж суусан нь санаанаас гардаггүй юм. Ж.Ганбаатар гишүүний хэлсэнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар гэх мэт гоё нэртэй байгууллагууд бизнесийнхнийг элдэв татвар хураамж, торгуулиар дарамтлахаас өөрийг хийдэггүй нь хэний ч нүдэнд ил үнэн. Өмчийг хувьчилж, хувийн өмчийг дээдэлж, чөлөөт зах зээлийг сонгосноороо 1992 оны Үндсэн хууль эдийн засагт түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Наад захын тод жишээ гэхэд л Монголын эдийн засгийг 30 жилийн өмнөхтэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаа харагдана. Зүй нь энэ удаагийн Үндсэн хуульд орох өөрчлөлтийн төсөл 1992 онд батлагдсан, өнөө үйлчилж буй “эцэг хууль”-ийн заалтуудыг улам чамбайруулж сайжруулахад чиглэх ёстой. Уг нь өдийд гишүүд Ж.Ганбаатар гишүүний “Эдийн засаг, бизнесийн орчинг дэмжих заалт маш чухал. Тэгж байж бидний ирээдүйг олон зүйлээс аварна. Хичнээн хичээгээд бизнес эрхлэгчдийг дарамталж буй бүгдэд хяналт тавьж чадахгүй. Харин Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл Үндсэн хуулийн Цэцэд хандаж зогсоох боломжтой” гэсэн саналыг хоёр гараа өргөөд дэмжих учиртай.

Эдийн засгийг дэмжсэн ямар заалтыг Үндсэн хуульд тусгавал Монгол Улс сонгож авсан зам жамаараа дажгүй хөгжих вэ гэсэн асуулт тавиад хариу хайя. Гэхдээ энэ асуултын хариуг хэлэхийн өмнө Үндсэн хуулийн 59.2-ыг онцолмоор байна. Уул уурхайнхны хамгийн их болгоомжилж, ажиглаж яваа заалт. Засгийн газрын гаргасан шийдвэрийг үл тоодог, хэзээ дээрээс даам гарчихсан орон нутгийн удирдлагуудын өндөр эрхийг бүрэн дархалсан заалт гэж болгоомжилж суугаа юм билээ. “Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн ИТХ-ын хурал юм. Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг хэлээд байна л даа. Яг үнэндээ энэ заалт асуудлын уг суурь нь биш. Суурийг нь зөв тавиад өгчихвөл шийдэгдээд цэгцрээд явчих зүйл.

Одоо үндсэн асуудалдаа оръё. Африкийн улсууд, манайх шиг орны тухайд санхүүгийн сахилга батгүй гэсэн том гэм бий. Ийм шалтгаанаар хөгжил нь урагшилж өгдөггүй зураг цэнхэр дэлхийд Африк, манай хоёроор тогтохгүй. Байгалийн баялагтай, хөгжих бололцоотой хэрнээ эдийн засаг нь гялалзаж өгдөггүй улсуудыг харахаар санхүүгийн сахилга батгүйгээсээ болоод алдаад яваа нь маш тод анзаарагддаг. Ийм улсууд Үндсэн хуульдаа санхүүгийн сахилга батыг тусгаж өгч байж асуудлаа шийднэ гэж олон улсын хуульч шинжээчид зөвлөдөг юм билээ. Санхүүгийн сахилга батгүй улсуудын төсөв алдагдалтай батлагддаг, улстөрчдийнх нь ая зангаар төсвийн алдагдал байнгын өгссөн графиктай явдаг, УИХ, Засгийн газар нь төв банкаа мөнгө хэвлэ гэж дарамталдаг, их мөнгө хэвлэх хэрээр инфляци, ханш хяналтаас гардаг, өндөр инфляци, галзуурсан ханш эдийн засгийг туйлдуулдаг. Уг нь өнөөгийн тогтолцоогоор бол Монголбанк Засгийн газартай хамааралгүй. Гэхдээ Үндсэн хуульдаа санхүүгийн сахилга батыг тусгаж, хашиж өгөөгүй учраас парламент, гүйцэтгэх засаглалаас Төв банк руу төдийгөөс өдий хүртэл дайралт, шахалт хийсээр ирсэн нь хэнд ч ил үнэн. Санхүү сахилга батыг суурь зарчмаа болгоогүйгээс шалтгаалж парламент нь төсвөө хатуу хянаж чаддаггүй асуудал зовлон өнөөгийн УИХ-аас анзаарагддаг. Аль ч орны парламент төсвөө хатуу хянаж байж л эдийн засаг зөв замаар урагшилдаг.

Үндсэн хуулийн өөрчлөлт тойрч яригдаж буй, эдийн засагтай холбоотой өөр нэг асуудал бол баялгийн сан. Баялгийн сангийн хувьд Үндсэн хуулийн хэмжээнд ярих өнцөг биш, санхүүгийн сахилга баттай бол аяндаа цэгцрэх түмэн асуудлын нэг гэж эдийн засагчид онцолдог.

Өмнө дурдсан орон нутгийн удирдлагуудын засгаасаа давсан эрх ч Үндсэн хуулиас үүтгэлтэй. Орон нутгийн дарга нар засгийн тогтоол шийдвэрийг халаасалж ажлаа эхлүүлэх гээд очдог уул уурхайн компанийнхны хувьд ”хадны мангаа” болсон нь Үндсэн хуульд хожим орсон өөрчлөлтөөс эхлэлтэй. Бүр анх Үндсэн хуульд өмчийг тун зөв харж тусгаж байв. Тодруулж хэлбэл өмчийг хүнд наалдаж байвал хувийн, хүнээс холдсон бол нийтийн гэж ялгаж байсан юм. Хувийн өмч гэдэг нь тодорхой. Иргэн Бат, Дулмаад хамаарах өмч. Нийтийн гэдэг нь дотроо төр, олон нийтийн байгууллага, шашны байгууллагын өмч гэсэн задаргаатай байлаа. Хожим өмчийн зүй жамын нарийн мэдлэггүй хууль тогтоогчид өмчийг төрийн, орон нутгийн гэж хувааж алдаа гаргасан нь мөн л хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гашуун үнэн. Уг нь орон нутаг бол төрийн нэг л хэсэг. Эндээс төрийн өмчийн нэг хэсэг нь орон нутгийн өмч гэсэн гаргалгааг төвөггүй хийчихэж болно. УИХ орон нутгийн өмчөө мэдэж захирч чадахаа больсон шалтгаан ерөөсөө энэ л дээ.

Олон хэвшлийн эдийн засаг гэсэн ойлголтыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгаж өгөх хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж байна. Ингэснээр зах зээлийг төрөөр давах гэсэн гажуу ойлголт засагдана гэсэн тайлбар дуулддаг. Товчхондоо зах зээлийг хамгаалах хашаа нь олон хэвшлийн эдийн засаг гэсэн тодотгол. Манайханд нэг төөрөгдөл бий. Хятадын төр нь коммунист, эдийн засаг нь капиталист гэж. Яг үнэндээ урд хөрш төрийн капитализмтай. Социализм, коммунизмаасаа аль эрт татгалзчихсан улс. Ардчилал, чөлөөт эдийн засгийг сонгосон Монголын хувьд төрийн капитализм биш зах зээлийн капитализмыг хөгжүүлэх учиртай. Хятадын капитализмын тухайд бүгдийг төрийн өмчийн компаниудаар шийдэж, үнээ ч төрийн оролцоогоор зохицуулж ирсэн учраас ганхаад эхэлсэн гэх шинжээчдийн байр суурь эргэж хармаар дүгнэлт мөнөөсөө мөн. Ямар ч улсын хувьд үнийн сигнал нь худлаа болчихоор, зах зээлийн жамаас зөрөөд тэрсээд ирэхээр дэлхийн эдийн засагтай холбогдож чадахаа больчихдог. Аль хэдийнэ глобальчлагдаж нэг болсон дэлхийн эдийн засгаас холбоо тасарсан ямар ч эдийн засаг нурах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг дэндүү тодорхой зүйл. Үндсэн хуульдаа олон хэвшлийн эдийн засгийг хүлээн зөвшөөрч, зах зээлийн зарчмыг дагана гээд тунхаглачихвал наад зах нь л гэхэд ямар ч үндэслэлгүйгээр шатахууны үнэ буулга, цалин өсгө гэсэн шаардлага сонсогдохоо болино. Шатахууны үнэ дэлхийн захын ханшаа дагадаг, цалин цуух хөдөлмөрийг үнэлсэн үнэлгээ гэдгийг зах зээл хөгжсөн ямар ч улсын иргэд яс, махандаа тултал ойлгосон байдаг. Үндсэн хуульдаа зарчмаа тов тодорхой тусгачихсан учраас тэр л дээ. Бараа бүтээгдэхүүний үнэ чөлөөтэй байх ёстойг монголчууд ер нь хүлээн зөвшөөрчихсөн. Хөдөлмөрийн хөлсний тухайд хуучин нийгмийн үеийнхээрээ яваа гэсэн шүүмжлэл бий. Төрийн албаны тэддүгээр зэрэглэлийн цалин гэх мэтээр хуульчилж тогтоосон жишиг хөдөлмөрийн зах зээл нь жамаараа хөгжиж буй улсад лав байхгүй. Их хөдөлмөрлөсөн нь ахиу, хөлсөө бага урсгасан нь татуу цалин авдаг. Энэ мэт хандлага, сэтгэлгээний өчнөөн зөрүүг арилгах боломж Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд л байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Өнөрбаяр: Хүчтэй парламенттай байя гэвэл Ерөнхий сайдаа гол тоглогч болгох ёстой

Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Үндсэн хуульд засвар оруулах гол шалтгаан юу гэж та харж байна вэ?

-Социалист системтэй байж байгаад Ардчилсан тогтолцоо руу шилжилт хийсэн орнуудын хувьд зарим нь шилжилтийн үеийн Үндсэн хууль гэж баталсан байдаг. Ихэвчлэн эдгээр улс орнууд Үндсэн хуулиа 15-20 жилийн дараа өөрчилсөн байдаг. Манай улс 1992 онд Ардчилсан эрх зүйт Үндсэн хууль батлахдаа шилжилтийн гэх Үндсэн хууль батлаагүй л дээ. Ерөнхийдөө ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон улс орнуудын нийтлэг жишгээс үзвэл 25-30 жилийн зайтай Үндсэн хуулийнхаа хэрэгжилтэнд үнэлгээ хийж, зайлшгүй засаж сайжруулах шаардлагатай зүйл байгаа эсэхийг тодорхойлдог. Үндсэн хуулийн эрх зүй судлаачийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ямар нэгэн хэмжээнд хөндөх нь зүйтэй гэж бодож байгаа. 1992 оны Үндсэн хууль Монгол Улсад ололттой олон зүйлс авчирсныг үгүйсгэж болохгүй. Гэхдээ түүний үзэл баримтлалыг илүү тодруулах шаардлагатай зүйлс бий.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдэл Үндсэн хуульд хэрхэн тусгагдсан байдаг юм бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн эрх мэдлийг аль салаа мөчирт хамаарах нь өнөөг хүртэл маргаантай явж ирсэн асуудлуудын нэг. Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийг харахаар гүйцэтгэх эрх мэдлийн хэсэгт багтах юм шиг. Гэтэл манай Үндсэн хуулиар Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайд тэргүүлнэ гэж заасан. Үүнээс үүдэн Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа эрх мэдлийн цар хүрээ нь Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдтай эрх мэдлээ үргэлж булаацалдсаар ирсэн. Түүнчлэн парламентын засагтай бусад орнуудаас ялгаатай нь манай Ерөнхийлөгч нийт ард түмнээсээ сонгогддог. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч мэдээж хэрэг ард түмэнд таалагдахын тулд улс төр хийж эхэлнэ. Ингээд ирэхээр улс төрийн гол тоглогч нь парламентад олонх суудалтай намаас сонгогдсон Ерөнхий сайд байх уу эсвэл нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байх уу гэдэг асуудал үүсдэг.

Энэ нь эргээд Засгийн газрыг тогтворгүй болгох гол үндэслэл болдог. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдгээрийг нэг талдаа багтаах ёстой л доо. Миний бодлоор Монгол Улс парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэл рүү явах ёстой. Нэгэнт парламентын засаглалыг бэхжүүлэх гэж байгаа бол Ерөнхий сайдаа илүү хүчтэй, улс төрийн гол тоглогч болгох ёстой. Парламентад суудалтай олонх Ерөнхий сайдаа сонгоод, Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, сайд нараа өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг эрхтэй байх ёстой гэсэн үг.

-Тодруулбал?

-Үндсэн хуулийн одоогийн зохицуулалтын дагуу сайд нарыг УИХ хүн нэг бүрээр нь хэлэлцэж томилдог. Энэ нь УИХ дахь улс төрийн намуудын фракцууд өөрийн хүнийг Ерөнхий сайдад шахдаг. Үр дүнд нь мэргэжлийн бус, хамтын зарчмаар шийдвэр гаргах чадамжгүй эрээвэр хураавар Засгийн газрыг бүрдүүлдэг. Гэтэл Үндсэн хуулийн дагуу төрийн хуулийн биелэлтийг Ерөнхий сайд УИХ-ын өмнө хариуцаж ажилладаг. Үнэн хэрэгтээ багаа бүрдүүлж чадаагүй Засгийн газрын тэргүүн УИХ-ын өмнө хариуцлага хүлээнэ гэдэг хэрэгждэггүй ажил гэж хэлж болно. Зарим тохиолдолд Ерөнхий сайдынхаа бодлогын эсрэг салбарын сайд нь, салбарын сайдынхаа эсрэг агентлагын дарга нь ажилладаг гэдэг ч юм уу төрийн шатлан захирах тогтолцоо, төрийн нэгдсэн бодлого алга болчихож байгаа юм. Энэ утгаараа Ерөнхий сайдад багаа бүрдүүлдэг эрхийг өгөх нь зөв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал энэ бүхнийг шийдвэрлэж чадна гэж харж байна.

-Үндсэн хуульд улс төрийн намын талаар тусгах нь хэр зүйтэй вэ?

-Улс төрийн намтай холбоотой хэд хэдэн чухал заалтууд төсөлд туссан байна. Улс төрийн нам гэдэг цүнхний нам байж болохгүй л дээ. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхэд 801 хүний гарын үсэг цуглуулж бүртгүүлээд цүнхэндээ тамга тэмдэгтэй нэг даргын нам байж болохгүй. Улс төрийн нам гэдэг улс орон даяар үндэсний хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, иргэдийн улс төрийн хүсэл зоригийг нэгтгэдэг байгууллага байх ёстой. Ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, сонгуульд оролцдоггүй намууд байна. Зүй нь улс төрийн намууд үйл ажиллагааныхаа тайланг Сонгуулийн ерөнхий хороонд тогтмол гаргаж өгдөг байх ёстой. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бус үед ажил хийдэггүй газар байж таарахгүй. Үнэн хэрэгтээ зарим нам сонгуулийн үеэр гэнэт идэвхжиж, хэсэг хэвлэлийн хурал хийгээд алга болчихдог. Ялангуяа ардчилсан тогтолцоотой улс орнуудад улс төрийн намууд амьд организм байж, иргэдийн улс төрийн хүсэл зоригийн индэр байх ёстой. Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр улс төрийн намуудад наад захын шаардлага, стандартуудыг тавьж байгаа нь сайн хэрэг.

-Давхар дээлний асуудал бүх л цаг үед яригддаг сэдэв. Давхар дээл зөвхөн Ерөнхий сайдад байх нь зөв үү?

-2004 онд аль ч нам олонх болоогүй. Гурван нам эвсэж Засгийн газраа байгуулж байсан. Тийм тохиолдол дахиад гарвал яах вэ. Ард түмний сонголтыг хэн ч таахгүй. Энэ тохиолдолд олонх болсон нь бусаддаа санал тавих эрх үүснэ. Парламентад суудал авсан намууд сайдын суудлыг булаацалдахыг үгүйсгэхгүй. Үргэлж нэг, хоёр нам олонх байх юм шиг сэтгэж болохгүй л дээ. Сонгуулийн холимог систем орж ирж байгаа тохиолдолд хоёр нам ноёлдог зүйл үндсэндээ байхгүй болно. МАНАН гэдэг ойлголт үгүй болно. Улс төрийн олон намуудын тогтолцоо төлөвшиж, үндэсний хэмжээний зөвшлийн Засгийн газар байгуулагдах магадлал өндөр болно л доо. Энэ тийм буруу зүйл биш. Жижиг намууд ч парламентад орж үгээ хэлдэг, Засгийн газар байгуулахад оролцдог байх ёстой. Гудамжны улс төр хийгээд байх нь тийм ч зөв зүйл биш. Үндэсний зөвшилцөл гадаа гудамжинд биш парламентын танхимд явагддаг л байх ёстой. Ерөнхийлөгч харин тэр засаглалд гүүр болж зуучилдаг, зөвшилцөлд ороход нь дэмжлэг үзүүлдэг, зөрчил тэмцлийг нь улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс намжаадаг байх ёстой. Тиймээс Ерөнхий сайд нэмэх нь тодорхой тооны сайдууд давхар дээлтэй байх нь зөв. Ерөнхий сайд дангаараа УИХ байснаар Засгийн газар бас л тогтворгүй болох эрсдэлтэй. Хэрэв Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд тусгагдсан саналын дагуу гишүүдийн тоо нэмэгдвэл дөрвөн сайд УИХ-ын гишүүний албыг хавсран гүйцэтгэхэд болохгүй зүйл үгүй. Парламентын засагтай улс оронд байдаг л зүйл. Гэхдээ Монголын нөхцөлд тохирсон зөв харьцааг бодож олох л чухал.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхээс гадна Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын асуудлаар өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирж байгаа. Энэ хэр зөв шийдэл вэ?

-1992 оны Үндсэн хууль буюу одоо мөрдөгдөж байгаа хуульд Ерөнхий сайд том бодлогын асуудлаар итгэл үзүүлэх асуудлыг оруулах эрх байдаггүй. Жишээ нь, манайхтай адил парламентын засаглалтай Японд Коизүми Ерөнхий сайд байхдаа Японы шуудангийн салбар төрийн өмчит байсныг эдийн засгийн хөгжилд тээг болж байна гэх үндэслэлээр хувьчлах санал оруулж ирж байсан. Тухайн үеийн Засгийн газрын сайд нар энэхүү бодлогыг эрс эсэргүүцсэн. Ингээд сайдуудаа бүгдийг нь чөлөөлөөд, өөрийн бодлогоо дэмжих багаа бүрдүүлж парламент руу өргөн барьсан. Парламент нь мөн дэмжээгүй. Ингээд итгэл үзүүлэх асуудлыг ярьсан. Миний бодлого зөв. Хэрвээ буруу байх юм бол би үг дуугүй огцорно гэсэн байдлаар албан тушаалаараа дэнчин тавьж буй хэрэг юм.

Хэрэв Ерөнхий сайдын бодлогыг парламент дэмжвэл бодлого хэрэгжинэ. Бодлого парламентын олонхийн дэмжлэг авахгүй бол огцорч шинэ Ерөнхий сайдыг томилох үндэслэл бүрдэнэ. Тухайн үед Ерөнхий сайд Коизүмигийн бодлого дэмжигдээд улсынхаа эдийн засагт эерэг үр дүн авчирсан байдаг. Манайд Ерөнхий сайд том бодлогын асуудлаар зоригтой алхам хийж өөрийн албан тушаалаар шаардлагатай тохиолдолд дэнчин тавиад итгэл үзүүлэх асуудлыг парламентад тавих ёстой.

-Хэдий Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн ч нөгөө талдаа 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь оруулж ирэх эрхтэй гэх заалт оруулж байгаа. Бүр эсрэгээрээ хүссэн үедээ 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулаад нөгөө л тогтворгүй Засгийн газар үргэлжлэх вий гэх болгоомжлолууд байна?

-Одоо байгаа заалтаас юугаараа ялгаатай байна гэхээр шинэ Ерөнхий сайдын эрэлд гарахаа больё гэж байгаа юм. Одоогийн хуулиар огцорсон Ерөнхий сайдаа үүрэг гүйцэтгэгч болгочихоод шинэ Ерөнхий сайдын эрэлд гарчихдаг. Энэ хооронд төрийн ажил цалгарддаг. Хариуцлага сулардаг. Өргөн барьсан төслөөр Засгийн газартай илүү бүтээлч байдлаар хариуцлага тооцно гэсэн үг.

Гэхдээ 19 гишүүн өргөн барина гэхээр парламентын цөөнх олонхын гомдогсодтой нийлээд Засгийн газрыг тогтворгүйжүүлээд байх сөрөг тал бий. Тэгэхээр төслийг сайжруулах шаардлагатай.

Жишээ нь, 19 гишүүний саналаар Засгийн газрыг огцруулах саналын босгыг өндөрсгөж УИХ дахь олонхын 26, олонх байхгүй тохиолдолд зөвшилцлийн үндсэн дээр олонхыг бүрдүүлээд тэндээсээ 26 гишүүн гэдэг ч юм уу ийм хязгаарлалтыг тогтоож өгөх хэрэгтэй байх.

Товчхондоо парламентын цөөнх ямар Засгийн газар бүрдэхийг шийддэг байж таарахгүй. Энэ мэтээр хоёрдугаар хэлэлцүүлгээр засч, залруулах зүйлс бий.

-Үүнээс гадна хоёрдугаар хэлэлцүүлгээр засах, анхаарах зүйл заалтууд юу байна вэ?

-Төрийн албан хаагчийг сонгуулийн үр дүнгээр ялгаварлан гадуурхах, хуульд заасан үндэслэлээр халахыг хориглоно гэж байгаа. Төрийн албан хаагч гэхээр улс төрийн албан тушаалтан, үйлчилгээний албан тушаалтан ч хамаарна. Жишээлбэл, дэд сайд гэдэг улс төрийн албан тушаалтан. 2020 оны сонгуульд ялсан улс төрийн нам олонх болоод өмнөх Засгийн газарт ажиллаж байсан дэд сайдуудаа сольж чадахгүй болчихож байгаа юм. Бараг дэд сайд нараа чөлөөлсөн Засгийн газрын тогтоол Цэцэд очих байх. Улс төрийн албан тушаалтнууд сонгуулийн үр дүнгээр ажлаа өгөөд л явдаг. Төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд бол өөр. Энэ бол шатлан дэвших зарчмаар гарч ирдэг. Төрийн залгамж чанарыг хадгалж явдаг албан тушаал учраас тогтвортой байх ёстой.

Улс төрийн албан тушаалтнууд сонгуулийн үр дүнгээр солигддог зарчим дэлхийн бүх л улсад бий. Иймэрхүү хэт ерөнхий байгаа зүйлүүдийг тодорхой болгох шаардлагатай. Дээрээс нь сумын Засаг даргыг орон нутгийн иргэдээс сонгоно гэж байгаа. Монгол шиг нэгдмэл улсын хувьд яавч оновчтой заалт биш. Баахан орон нутгийн ноёд бий болох эрсдэлтэй. Нэг мэдэхэд сум бүр бие даасан гадаад бодлого явуулна гээд хадуурсан явж байж мэдэх л байх.

-Шүүх эрх мэдлийн хүрээнд шүүмжлэлүүд өрнөж байна. Тэр тусмаа иргэдийн зүгээс шүүх шударга бус ажиллаж байгааг шүүмжилдэг. Таны хувьд ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?

-Шүүхийн өөрчлөлтөд хоёр зүйл хэлнэ. Дээд шүүхийн шүүгчийг 12 жил болгоно гэх заалтыг дэмжихгүй байгаа. Дэлхийд томилдог, сонгодог гэсэн хоёр тогтолцоо байна. Хэрвээ парламентын гишүүн шиг шүүгчийг сонгодог загварыг авч хэрэгжүүлэх гэж байгаа бол тэр загвараа л сонго. Тэгвэл хугацаатай байж болно. Томилдог тогтолцоо нь ХБНГУ, Франц, ОХУ тэргүүтэй ихэнх улс орнуудад байдаг түгээмэл тогтолцоо. Томилдог тогтолцоотой улс орнуудад хугацаа заадаггүй. 40 настай иргэн 12 жилээр томилогдоод 52 настайдаа хаачих уу, юу хийх үү. Хүн мөнх биш ээ тогтолцоо чинь үлдэнэ. Асуудлыг битгий хүмүүсээр хар. Хуульд заасан тэтгэврийн нас нь болбол тэтгэвэрт гарна, гэмт хэрэгт холбогдоод шүүхээр гэм буруутай нь нотлогдвол хугацаанаасаа өмнө огцорно. Миний хувьд Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөхийн эсрэг байр суурьтай байдаг. Б.Чимид багш “Монгол Улс гэдэг алгын чинээ Үндсэн хуульд багтдаг юм” гэж хэлсэн байдаг. Бүгдийг нь задалж, өөрчлөх гэж оролдвол улс орон даяар бужигнасан зүйл болж магадгүй. Нэн тэргүүнд Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбоотой хэсэг дээр өөрчлөлт хийх ёстой. Зарим асуудлыг бусад хуулиудаар засч залруулаад явж болно. Нэг удаагийн далайлтаар бүгдийг сайхан болгочихдоггүй. УИХ-ын гишүүдийн болоод Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд иргэний үндсэн эрхийг шүүхийн журмаар хамгаалах асуудал тусгагдаагүй орхигдуулсан нь харамсалтай. Энэ талаар манай улсын Үндсэн хуулийн эрх зүй судлаач, эрдэмтэд олон жил ярьж байгаа. Тиймээс цаашид иргэн өөрийн үндсэн эрхийг гурван шатны шүүхээр хамгаалуулах гээд хамгаалуулж чадахгүй тохиолдолд ҮХЦ-д хандах улмаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг нээж өгөх ёстой.

-Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан төсөл, саналуудын талаарх байр сууриа илэрхийлэхгүй юү. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108, таван жилээр ажиллах санал болон сонгуулийг пропорциональ, мажоритар тогтолцоогоор явуулах санал оруулж ирсэн?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл хоёр талтай. Дэмжүүштэй саналууд ч байна. Нөгөө талаас Үндсэн хуулиар зохицуулах шаардлагагүй асуудлууд ч байна. Эхлээд сайн зүйл заалтаас нь ярья. Гишүүдийн тоог нэмэх нь зөв зүйл. Ард түмний эсэргүүцэлтэй тулах байх. Гэхдээ 76, 108 гэх тоондоо бус нийт ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх ардчиллын зарчим гэдэг талаас нь харах ёстой байх. Гурван сая иргэнтэй улсад төлөөлөл нь 100-130 хооронд байх нь зүйтэй. Бусад улсуудын ч нийтлэг жишиг нь тийм. Нөгөө талдаа цөөхөн гишүүн байхаар цөөн хэдэн хүн парламентад бүлэг байгуулж албан бус фракц бий болгоод төрийн бодлого дотор тоглолт хийгээд байх боломжтой. Тоо нь нэмэгдэхээр хэсэг бүлэг хүмүүс улс төрийн сонирхлоор нийлээд бужигнуулаад, үймүүлээд байдаг зүйл алга болно. Магадгүй Засгийн газрыг тогтворгүй болгодог нэг шалтгаан энэ байхыг ч үгүйсгэхгүй.

Харин үүнтэй уялдуулаад сонгуулийн холимог тогтолцоог оруулаад ирэхээр парламентад нэг нам олон суудал авах боломжгүй. Жижиг намууд ч тодорхой хэмжээнд суудал авах боломжтой. Ингээд ирэхээр парламент эвслийн, зөвшилцлийн Засгийн газар болж хувирна. Парламентын засаглалтай оронд ерөнхийдөө хувь тэнцүүлсэн тогтолцоо түгээмэл байдаг. Монгол шиг өргөн уудам газар нутагтай, орон нутгийн онцлог шинжүүд ихтэй улсад сонгуулийн мажоритар буюу тойргоор сонгодог тогтолцоог тодорхой түвшинд хадгалж үлдэх нь зөв байх. Гэхдээ дандаа ийм тогтолцоогоор явахаар жалга довны улс төрөөсөө салж чадахгүй. Миний хувьд манайд сонгуулийн холимог тогтолцоо тохиромжтой гэж боддог. Харин Үндсэн хуульдаа 54 нь хувь тэнцүүлсэн, 54 нь тойргоос гэж хатуу заах нь хэр оновчтой вэ. Энэ тоо илүү уян хатан байх ёстой. Зарим зүйлийг ардчиллын зарчимд үлдээх нь зүйтэй байх. Сонгуулиас сонгуулийн хооронд бид сургамж авсаар ирсэн. Алдаагаа засаад явах боломжийг нь дараа дараагийн УИХ, ард түмний төлөөлөлд нь үлдээх хэрэгтэй. Ингэснээр харьцангуй зөв хэлбэр лүүгээ явна гэж харж байгаа.

-Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр улсын төсөвт дарамт үзүүлэх болов уу?

-Үнэн хэрэгтээ гишүүдийнхээ тоог нэмж байгаа бол нөгөө талдаа тэр олон яам, агентлаг, төрийн өмчит компанийнхаа тоог цөөрүүлэх хэрэгтэй л дээ. Төрийн данхайсан бүтэц тэнд л явж байгаа байхгүй юу. Парламент нь мэргэжлийн, улс төрийн нөлөөнд автахгүй, хэсэг хүмүүс төрийн бодлогыг халаасандаа хийчихдэггүй байхын тулд гишүүдийн тоог тодорхой хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дотор хөгжлийн бодлого төлөвлөлтийн байгууллага,ҮАБЗ зэрэг байгууллагууд ЗГ, УИХ-ын бүрэн эрхээс булаацалдсан байдлаар орж ирж байна гэх шүүмжлэлүүд байна?

-1992 оны Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн засагтай улсад байдаг ҮАБЗ-ийн загварыг манайх авчихсан. Ерөнхийлөгчийн засаглалтай улсад ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч нь тэргүүлдэг. Парламентын засагтай улсад Ерөнхий сайд нь ҮАБЗ-ийг тэргүүлдэг. Энэ нь төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал үүсгэдэггүй. Өөрөөр хэлбэл, аюулгүйн зөвлөл нь сүүдрийн Засгийн газар шиг ажилладаг байж таарахгүй. Тиймээс ҮАБЗ-д Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхийг шилжүүлж болохгүй. Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийг ҮАБЗ шүүдэг байж болохгүй. Сонгуульд ялалт байгуулаад парламентын олонхыг бүрдүүлсэн нам иргэдэд амласан амлалтаа биелүүлэх ёстой болохоос ҮАБЗ-ийн гурван гишүүнд таалагдах ажлыг хийж болохгүй. Тэртээ тэргүй Монгол Улсад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гээд бодлогын баримт бичиг бий. Тэр бодлогын баримт бичгийг хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, аль нам хүчин парламентад олонх болсноос үл хамааран дагаж мөрдөнө. Тэгэхээр Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн гаргаж буй шийдвэрүүд ямар ч тохиолдолд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэх учиртай. Одоо ч тийм хуультай. Түүнээс биш аюулгүйн зөвлөлийн гурван хүн ард түмнээс мандат аваад олонх болсон УИХ-ын байгуулсан Засгийн газрын бодлогыг шүүгээд сууж болохгүй. Ингэх аваас Засгийн газар хүчгүйднэ, Үндсэн хуулийн байгууллагуудын хооронд засаглалын хямрал нүүрлэх аюултай. Дээрээс нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн байгууллагын асуудлыг Үндсэн хуулийн түвшинд авч үзэх шаардлагагүй. Бусад хуулиар шийдэж болох асуудал. Заримдаа бид нэг байгууллагын асуудлыг шийдэх гээд дахиад нэг байгууллага үүсгэх гэдэг их буруу жишиг. Тэгэхээр төр маань улам данхайгаад байдаг. Цаашид бид ҮАБЗ-ийн хуулиа шинэчлэх ёстой. ҮАБЗ одоогийн бүрэлдэхүүнийг өргөтгөх шаардлагатай.

-ТНБД-ыг 10 жилээр сонгоно гэсэн заалт оруулж ирсэн байсан. ТНБД-ын албан тушаалыг тусгайлан Үндсэн хуульд тусгаж өгөх хэр зүйтэй вэ?

-Өргөн барьсан төслийг уншихаар зөвхөн төрийн нарийн бичгийн даргад төрийн албаны мерит зарчим хамаатай юм шиг ойлгогдоод байна лээ. Угтаа бол тийм биш. Төрийн захиргааны бүх албан тушаалтанд энэхүү зарчим хамаатай байдаг. Гэтэл төрийн нарийн бичгийн дарга бол төрийн захиргааны хамгийн дээд албан тушаал. Тэгэхээр төрийн захиргааны нэг албан тушаалтанг онцгойлж Үндсэн хуульд оруулж болохгүй. Ер нь Үндсэн хуулийн байгуулага, албан тушаалтан гэсэн хууль зүйн ойлголт бий. Хэрэв үндсэн хуулийн албан тушаалтан л юм бол түүний үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрэн дүүрэн нийцэх учиртай. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Ерөнхий прокурор, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нарыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц тогтоох эрхтэй байдаг нь санамсаргүй хэрэг биш.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн түвшинд үр дагавар үзүүлэхүйц шийдвэр гаргадаг албан тушаал учраас Үндсэн хуулийн Цэцийн хяналтад байдаг гэсэн үг. Тиймээс Төрийн нарийн бичгийн даргын асуудлыг Төрийн албаны хуулиар зохицуулах бүрэн бололцоотой.

Categories
мэдээ цаг-үе

Элон Маскийн ээлжит сюрприз: Хүний тархийг компьютертой холбоно

Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээгээд буцсан сод хүмүүсийн нэг Стивен Хоукин одоогоос хоёр жилийн өмнө хиймэл оюун ухааны аюулыг хүн төрөлхтөнд сануулж байв. Британийн нэрт эрдэмтэн Хятадын нийслэлд товлогдсон Хөдөлгөөнт интернэтийн дэлхийн бага хурлын хүрээнд болсон видео хурлын үеэр “Хиймэл оюун ухаан ирээдүйд хүн төрөлхтний соёл иргэншлийг сөнөөн устгах шалтгаан болж магадгүй. Хиймэл оюун ухааны хөгжил хүн төрөлхтөнд эерэг зүйлүүдийг авчрах ч бас хамгийн аймшигтай хүчин зүйл болж болзошгүй. Хиймэл оюун ухааны учруулж болох аюулыг бид ухаарч ойлгох ёстой. Нэн шинэ технологиуд хүнийг эцэстээ чадавхын доройтолд оруулж, байгалийн үзэгдлийн өөдөөс сөрөн зогсох чадваргүй арчаагүй нэгэн болгох аюултай. Байгалийн хувьсал, амьд үлдэхийн төлөө тэмцэл явагдаж буй нөхцөлд энэ нь найдвартай үхэл мөхөл гэсэн үг” хэмээн мэдэгдсэн юм. Түүний болгоомжлолыг эерэгээр эргүүлсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногийн гол сонин боллоо. Хиймэл оюун ухааны хэт хөгжил, өндөр хамаарлаас болж хүн төрөлхтөн хүчгүйдэх ёсгүй, харин ч хиймэл оюун ухааны гайхамшгийг ашиглаж илүү хүчирхэгжих ёстой гэж ярьсаар ирсэн тэрбумтан Элон Маск өнгөрсөн мягмар гаригт ээлжит сюрпризээ задаллаа.

Марс руу хүн төрөлхтнийг аялуулна, цахилгаан машиныг дэлхийн хэрэглээ болгоно, дэлхийг сансраас wi fi-жуулна гэсэн том амбицтай тэрбумтны дараагийн том санаа нь хүний тархийг компьютертой холбох. Тодруулж хэлбэл, хүний тархийг компьютертэй холбох интерфэйсийн туршилтын загварыг Элон Маскийн үүсгэн байгуулсан Neuralink стартап компанийн төслийн хүрээнд бүтээгээд байна.

Хүний тархийг компьютертой холбох тэрбумтны цаад зорилго нь мөн л эерэг, олны талархал хүлээхээр агуулгатай гэдгийг дахин тодотгоё. Элон Маск хүн төрөлхтөн компьютерийн боол болох ёсгүй, ийм эрсдэлд хүрэхгүйн тулд тархийг компьютертой холбох хэрэгтэй юм гээд харчихаж. “Бидний эцсийн зорилго бол тархи-машиныг бүрэн холбодог интерфэйс бүтээх” гэж ярьж суугаа Маск энэ төслөө хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ. Одоогоор харх, сармагчин гэх мэт 19 амьтан дээр туршаад байгаа аж. Удахгүй, ирэх жилээс хүн дээр туршихаар төлөвлөжээ. Хүн дээр туршихын тухайд анагаах ухаан, хүний эрүүл мэндтэй шууд холбогдож байгаа учраас зөвшөөрөл авахад багагүй хугацаа зарцуулагдаж мэднэ гэж төслийн багийнхан онцолсон юм.

Ямартай ч Элон Маскийн “Би хиймэл оюуны аюулын талаар олон жил ярьж яваа. Хамгийн өөдрөгөөр төсөөлсөн ч бид машинаас хоцрох нь тодорхой болчихоод байна. Харин тархи-машины өргөн зурвасын интерфэйстэй болчихвол бид хиймэл оюунтай өөрсдийгөө холбож, хүчирхэгжиж чадна. Үүнээс чухал юм гэж үгүй” гэсэн үгийг хүн төрөлхтөн алга ташин хүлээж аваад байна.

Туршилтын интерфэйс нь үс шиг нарийхан зүүнүүд буюу электродуудаас бүрдэх гэнэ. Өндөр нарийвчлалтай робот энэ нарийхан зүүнүүдийг хүний тархинд аюул багатай аргаар суулгах юм байна. Иймэрхүү мянга мянган электродыг тархинд суулгаснаар их хэмжээний мэдээлэл солилцох боломж бүрдэх нь. Суулгасан интерфэйсийн хувьд чихэвчтэй утасгүй холбоогоор холбогдоно гэж төслийнхөн тайлбарлалаа. Бүр цаашлуулж тайлбарлавал тэдгээр нь ухаалаг гар утастай ч холбогдох аж. Онцолж дуулгах дараагийн сонин гэвэл Neuralink компанийнхан гар утсыг бодлоороо удирдах зорилго тавиад ажиллаж эхэлжээ.

Элон Маскийн энэ санаа ажил болбол анагаах ухаанд ч ахиц гарна гэж учир мэдэх улс онцолж байна. Дахин тодотгоход тархийг компьютертой холбох ажлаа тэд хүний танин мэдэхүйн чадамжийг сайжруулах ёстой “мэдрэлийн сүлжээ” нэртэй өчүүхэн чипний тусламжтайгаар хийхээр болоод байгаа юм. Хүн төрөлхтөнд дараагийн гайхамшгийг авчрах тэр жижигхэн чип тархин дахь сэргээн санах явцад нөлөөлөх замаар цус харвах, хорт хавдар зэрэг өвчинг аюулгүй болгож ч мэдэх нь. Өнөөхөндөө эдгээх аргыг нь нээгээгүй байгаа зөнөгрөлд ч эерэг нөлөө үзүүлж магадгүй аж. Бүрэн саажилтанд орсон хүний тархинд тархины эд эсийг сэргээх уг чипийг суулгавал тухайн хүний бодол санааг унших боломж нээгдэх бололтой. Хар үгээр тайлбарлавал юу хэрэгцээтэйг нь мэдэж, юу хүсч байгааг нь ойлгох гэнэ. Элон Маскийн чипний хувьд саажилттай өвчтөнүүдэд одоо хэрэглэж буй төхөөрөмжүүдээс 1000 дахин илүү хүчин чадал, үйлчилгээтэй аж.

Хүний тархийг компьютертой холбох туршилт энэ янзаараа амжилттай үргэлжилбэл хоёр жилийн дараагаас Элон Маскийн санаачилсан төслийн үр шимийг хүн төрөлхтөн хүртэж эхлэх юм байна.

“Tesla”, “Space X” компанийг үүсгэн байгуулсан Элон Маскийн хүн төрөлхтөнд барих сюрприз ингээд дуусахгүй. Тэрбумтан эр нэг удаа гариг хоорондын санхүүгийн ажиллагааг хариуцахад бэлэн гэж мэдэгдэж олныг алмайруулж байсан юм. Олон улсын сансрын станцад ажиллаж буй сансрын нисэгчид дэлхий рүү ямар нэг электрон ном, хөгжмийн төлбөр тооцоо хийх хэрэгцээ гарлаа гэхэд өнөөгийн нөхцөлд шийдэх боломжгүй. Цаашдаа хүн төрөлхтөн ангарагт суурьшвал Элон Маскийн “PayPal Ga­lactic” Дэлхий, Ангарагийн хооронд интернэт холбоно. Өнөөхөндөө хол сонсогдож байгаа ч Элон зүгээр ч нэг ам алддаггүйг дэлхийн өчнөөн улсад хэрэглээ болчихсон цахилгаан машин нь гэрчилнэ. Цахилгаан машин мэдээж түүний хувьд хамгийн энгийн санаа нь. Дэлхийн залуу тэрбумтны дараагийн том санаа нь Hyperloop вакум галт тэрэг. Дуунаас хурдан онгоц ч энэ галт тэрэгний хажууд юу ч биш, Лос Анжелосоос Сан Франциско хүртэлх хагас мянган км замыг 30 минутад туулна гэж Элон Маск онцолсон удаатай. Түүний хүн төрөлхтөнд амлаж буй сансраас wi fi цацах төлөвлөгөө ажил болбол дэлхийг бүхэлд нь өөрчилнө. Цэнхэр гаригийн бүх хүнийг интернэт хэрэглэгч болгох түүний хувьд асуудал биш. Дэлхийг хамарсан интернэт сүлжээ бий болгоё гэвэл 4000 хиймэл дагуул хөөргөхөд л болчихно гэж тэрбумтан эр тайлбарлаж буй. Энэ төслийн нийт өртөг 10 тэрбум ам.доллар гэсэн тоо дуулдаж байгаа. Төслийн нийт зардлын арван хувийг гаргах компани аль хэдийнэ тодорчихсон. Дэлхийг интернэтжүүлэх ажилд хөрөнгө оруулах компани нь “Гүүгл”. Гэх мэтээр тоочвол Элон Маскийн хүн төрөлхтөнд барих сюрприз цөөн хэдээр тоологдохгүй. Цаашид ч гайхамшиг үргэлжилсээр байна гэдэгт эргэлзэх зүйл алга.

Categories
мэдээ цаг-үе

Г.Минжмаа: Үсний буруу арчилгаа нь үс унах бас нэгэн шалтгаан болдог

“Интер шарм” арьс гоо заслын эмнэлгийн их эмч Г.Минжмаатай ярилцлаа.


-Үс уналтын шалтгаан юу вэ?

-Үс унах олон төрлийн шалтгаан бий. Төрөлхийн үс унах, удамшлын гаралтай шалтгаан байдаг. Шинж тэмдгийн уналтууд, хажирст үс уналт. Мөн түр зуурын үс уналт гэж байдаг. Энэ нь андроген дааврын өөрчлөлттэй холбоотой. Үүрэлсэн үс уналт гэж бас бий. Нярай хүүхэд төрсний дараа үс ургаж эхлэхэд бага насны хүүхдийн үс намирсан зөөлөн нарийхан ширхэгтэй байдаг. Үсэнд кератинжих процесс явагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг амин хүчлүүд нь төрөлхийн нийлэгжилтийн алдагдалтай байдгаас болж төрөлхийн үс уналттай хүмүүс байж болно. Шинж тэмдгийн уналтад дотоод шүүрэл, гормоны өөрчлөлтөд орсон, төрөлтийн дараах үс уналт, химийн болон туяа эмчилгээгээр эмчлүүлсэн, халдварт өвчин, мөөгөнцрийн улмаас болж үс унах шалтгаанууд их байдаг. Хажирст үс уналтад 23-25 нас орчимд хуйх тослогтон, үс намирсан зөөлөн байдлаа алдах зэргээр үс унах процесс явагдаж болно. Түр зуурын үс уналт нь эрэгтэй хүмүүст ихэвчлэн тохиолддог. Эрчүүд халцрах тохиолдол их байдаг. Тэр нь андроген гармоны өөрчлөлттэй холбоотой.

-Үс унаж эхэлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Үс уналтын шалтгаанаа эхлээд тодруулах шаардлагатай. Хүний үсэнд байнгын буюу тогтмол уналт гэж байдаг. Үс угаах, самнах зэрэгт тогтмол унаж байдаг. Тэр бол хэвийн уналт. Харин түүнээсээ мэдэгдэхүйц их унаад ирвэл тэр нь эмгэг уналт болно. Үсний буруу арчилгаанаас болж үс унах шалтгаан болдог. Хуйхны арчилгааг дутуу хийх, үсний уутанцрууд бөглөрөх,үс хэт хуурайших, хуйхны цусан хангамж дутагдсанаас үсэнд очих тэжээлийн дутагдалд орсноор үс унах тохиолдол бий. Үсний уналтыг багасгах, хэвийн хэмжээнд байлгахын тулд тогтмол өөрийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай. Цэвэрлэгээ арчилгааг байнга хийнэ. Сүүлийн үед хүмүүс арьс арчилгаанаас дутахааргүй үсээ арчилдаг болсон. Манай эмнэлэг “Гоо сайхны шилдэг технологийг Монголд” гэсэн уриатай ажилладаг бөгөөд энэ чиглэлийн эмчилгээ, үйлчилгээг ч мөн үзүүлдэг байгаа. Европын холбооны улсдаа тэргүүлэх зэрэгтэй үс арчилгааны бүтээгдэхүүн болон технологиор үсэнд шаардлагатай бүхий л эмчилгээ үйдчилгээг үзүүлдэг. Бид мэдээж хэрэг үйлчлүүлэгчдэдээ тохирсон, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ маш сайн судалж, туршилтуудыг хийж, үр дүнг нь баталгаажуулж байж үйлчилгээндээ нэвтрүүлдэг. Тийм учраас үс мэдэгдэхүйц унаж эхэлсэн тохиолдолд мэргэжлийн баг хамт олон дээр ирж зөвлөгөө аван хамгийн гол нь үс уналтынхаа шалтгааныг тодруулж байж өөрт тохирох эмчилгээ, арчилгаа хийлгэхийг зөвлөмөөр байна. Мөн архаг цус багадалтаас шалтгаалж үс унадаг. Төмөр дутагдлын үед ходоодны салстыг цочроохгүй, төмрийн агууламжтай АНУ-ын NSP корпорацийн “Iron chelate”-ийг манай эмнэлэг оруулж ирдэг. Уг бүтээгдэхүүнийг 14 хоногоос нэг сар хэрэглэхэд үс уналт зогсож байгааг энэ дашрамд хэлмээр байна.

-Хүмүүс янз бүрийн шампунийг хольж хэрэглэдэг. Шампунь үс уналтаас сэргийлж чадах уу?

-Хувь хүний үсэнд тохирч байгаа байдлаас болно. Нэг бүтээгдэхүүнээ байнгын хэрэглээд байх нь тийм ч тохиромжтой биш. Жишээ нь, үс их тослогтдог байлаа гэхэд балансыг тэнцвэржүүлэх шампунь хэрэглэнэ. Шампунь ч гэсэн маш олон төрөл бий. Үсний онцлогоос хамаараад. Тэр шампунийг тодорхой хугацаанд хэрэглээд үсний баланс тэнцвэржлээ. Гэтэл тэр шампунийг үргэлжлүүлэн хэрэглээд байх шаардлагагүй. Тэгэхээр тухайн үед нь үсэндээ тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Дээрээс нь хүний хуйх тодорхой хэмжээний хайрсжих процесс явагдаж, гуужиж унаад дахиад шинээр төлждөг. Нүүрээ скрабддаг шиг хуйхыг хүртэл скрабаар цэвэрлэх шаардлагатай байдаг. 7-14 хоногт нэг удаа скрабдаж цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ нь үсний уутанцар бөглөрөх, хуйхны бохирдол цаашлаад үс уналтаас сэргийлж байдаг.

-Үсийг яаж угаах нь тохиромжтой вэ?

-Хүн хүний үсний онцлог өөр. Өтгөн болон шингэн үстэй гээд янз бүр байна. Өтгөн үстэй хүмүүст тослогжих процесс арай илүү явагддаг. Өдөр бүр үсээ угаах нь тийм ч тохиромжтой биш. Тэгэхээр хоёр өдөр өнжөөд ч юм уу угаах нь зүйтэй. Үс ер нь аливаа зүйлд дасамтгай байдаг. Тэгэхээр өдөр бүр угаагаад байхаар дасчихдаг. Нэг хоног угаахгүй бол тослогжих процесс явагдах гэх мэтээр дасаж эхэлдэг. Тиймээс амархан тослогжих гээд байдаг үсэнд баланс тэнцвэржүүлэх шампунь, будагтай үсэнд будагтай үсний шампунь, хэт хуурай болон гэмтэлтэй үсний бүтэц сайжруулах кератин, гиалурон агуулсан шампунь гэх мэтээр маш олон төрлөөс өөрийн үсэнд тохирохыг хэрэглэх шаардлагатай. Ерөнхийдөө 1-2 өдөр өнжөөд угаах нь зүйтэй мөн үсний тэжээлийн маск, эссэнц, өнгө сэргээх цацлага гэх мэт маш олон төрлийн үс арчилгааны бүтээгдэхүүнийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэвэл зүгээр байдаг.

-Тослогтдог үсийг өдөр тутам яаж арчлах шаардлагатай вэ?

-Тослогтдог үсэнд балансыг тэнвэржүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Тослог үсэнд асуудал их гардаг. Хэт их тослогтсоноос болж бас үс унадаг. Тэгэхээр хуйхны хүчилтөрөгчийн гуужуулалт мөн PRP эмчилгээ хийснээр хуйхны цусан хангамжийг сайжруулаад тослогжилтын балансыг барих эмчилгээ хийдэг байгаа.

-Төрсний дараах үс уналтад ямар арчилгаа шаардлагатай вэ?

-Түүнийг бол хэвийн явагдах ёстой процесс гэж үздэг. Яагаад гэвэл үс уналт анаген, катаген, телоген гэсэн гурван үе шатаар явагддаг. Анаген гэдэг нь эрчимтэй үс ургалтын үе. Хүн төрснөөс эхлээд үс байнгын ургах процесс явагдаж байдаг. Катаген үе нь үс амралтын байдалтай байж байдаг. Булцуунаасаа арай гарч ирээгүй, үс уутанцраасаа гараагүй үеийг катаген үе гэдэг. Телоген үе гэдэг нь үс унах процессыг хэлээд байгаа юм. Тэгэхээр төрсний дараах уналтын үед гармоны өөрчлөлтөөс хамаарч жирэмсэн үед дааврын ялгаралтууд ихсээд ирдэг учраас үсний ургалт хэд дахин нэмэгддэг. Төрсний дараа тэр нь хэвийн байдалдаа ороод ирэхээр үс унах үе шат явагдаж байна гэсэн үг. Тэгэхээр хүн насан туршдаа үсний ургалтын үе, бага зэрэг амраад шинээр нөхөн төлжих үе, унах үе дахин ургах үе гэж явагдсаар хүний үсний уналт ургалт зогсоно гэж байдаггүй. Тэр үед нь харин өөрт тохирсон шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэн, шаардлагатай эмчилгээг давхар хийлгэж байх нь зүйтэй юм.

-Үс унахад нөлөөлдөг өөр зүйлс юу вэ?

-Өдөр тутмын үс арчилгаатай холбоотой үс уналт их гарах болсон. Үсээ нэг тийш нь хагалж хуваадаг бол зөвхөн тэр хэсгээр илүү халцралт явагддаг. Хэт чанга боосноос бас үс халцарч унадаг. Тэгэхээр үсээ байнга нэг тал руугаа хуваадаг бол нөгөө тал руугаа хувааж хэвших ч юм уу ээлжилж, сольж байх ёстой.

-Зарим эрэгтэй хүмүүс оройноосоо эхлээд халцарсан байдаг. Тэгж халцарсан үс ургах уу, ургуулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Эрэгтэй хүмүүст гормоны гаралтай уналт байдаг. Гэхдээ ихэнхи тохиолдолд удамшлын гаралтай халцралт явагддаг. Тэгэхээр удамшлаас үүдэлтэй халцралт нь эргээд үс ургах нь ховор. Гэхдээ эрэгтэй хүмүүсийн хувьд өөр ямар нэг шалтгаанаар үс халцарсан тохиолдолд үсний эмчилгээ хийнэ. Тухайлбал, хуйхны гүн цэвэрлэгээ, үсний нөхөн төлжилтийг сайжруулах PRP эмчилгээ гэх мэт. Эдгээр нь ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Энэ нь өөрийнх нь цуснаас хамгийн идэвхитэй байгаа эрдсүүдийг ялгаж аваад буцаад хуйханд нь тарьдаг. Хуйхны цусны эргэлт сайжирч үсний ургалтыг дэмждэг. Нялхаасаа эхэлж үс нь унасан бол ургах магадлал бага. Энэ нь төрөлхийн үс уналт гэж үздэг. Амин хүчлийн нийлэгжилт алдагдсан учраас ахиад үс ургах боломжгүй юм. Толгойгоо хагалсан сорвитой тэр хэсэг дээр дахиж үс ургах уу гэж их асуудаг. Ийм тохиолдолд бол хагарсан хэсгийн арьс буцаж эдгэрэхдээ холбогч эд үүссэн сорвижилтын улмаас үсний булцуу тэжээлийн дутагдалд ордог учир дахин үс ургадаггүй. Сүүлийн үед үс шилжүүлэн суулгах мэс ажилбараар энэ асуудлыг шийддэг болсон. Мөн ажлын их ачаалал, архаг ядаргаанаас үүдэлтэй үсний халцралт их байдаг. Ийм тохиолдолд бол үс нөхөн төлжих бүрэн боломжтой байдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Москва, Хонгконгийн эмзэглэл маньд хамаатайн учир” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Москва, Хонгконгийн эмзэглэл маньд хамаатайн учир” хэмээн өгүүлжээ.

“Д.Гангабаатар: Шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангахад дэвшил гаргаж чадахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үнэ цэнээ алдана” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Ч.Чимэдбат: Хол замд жолооч нар зүүрмэглэж байгаа нь томоохон зам тээврийн ослын шалтгаан болж байна хэмээн “Цаг үе” нүүрт ярьсан байна.

Д.Ганмягмар: Чинжигтэйгээ хамт их дуулдаг байлаа гэж “Хүмүүс, хувь тавилан” нүүрт ярьжээ.

Д.Наранбаатар: Анх элэгний вирусын халдвар ньцусаар дамжин халдварладгийг мэдэхгүйгээс тархчихсан” хэмээн “Эмч” нүүрт ярьжээ.

Авлигын гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан талаар “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

Москвагийн парламентын сонгууль яагаад улс төрийн тэмцэл болон хувирав хэмээн өгүүлснийг “Дэлхийн мэдээ” нүүрээс уншаарай.

Түүнчлэн “Энэ тухай”, “Энэ өдөр” “Танин мэдэхүй” буланг өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ