Categories
мэдээ нийгэм

ЖДҮХС-гаас зээл хүсэгчдийг улс төрийн хамааралтай эсэхийг шалгахад их хугацаа шаардаж байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах үйл явц одоогийн байдлаар 20.0-100.0 сая төгрөгийн зээлийн багцын урьдчилсан шатны судалгааны ажил дээр явагдаж байна. Үүнд:

  • Энэ багцад хамаарах 110 иргэн, ААН-ийн төсөл байна.
  • Журмын хүрээнд урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авсан төсөл сонгон шалгаруулалтын дараагийн шат буюу нарийвчилсан судалгаа хийгдэнэ.
  • Нарийвчилсан судалгааны шатанд газар дээр нь очин танилцаж, үнэлгээ өгнө.
  • Нарийвчилсан үнэлгээнд 70-аас дээш оноо авсан төслүүдийг Төсөл Сонгон шалгаруулах хорооны хурлаар оруулан, төсөл хэрэгжүүлэгч өөрөө хорооны гишүүдэд төслөө танилцуулна.
  • Энэ багцын Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан хийхээр төлөвлөж байгаа ч цаг үеийн байдлаас шалтгаалан хойшилж, урагшлах шаардлага гарч болзошгүйг анхааруулж байна.

Дараагийн хуваарьт ажил нь 100.000.001-300.000.000 төгрөгийн зээлийн дүнтэй төслийн судалгаа хийгдэнэ. Үүнд:

  • Энэ багцад хамаарах 350 иргэн, ААН-ийн төсөл байна.
  • Журмын хүрээнд урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авсан төсөл сонгон шалгаруулалтын дараагийн шат буюу нарийвчилсан судалгааг хийгдэнэ.
  • Нарийвчилсан судалгааны шатанд газар дээр нь очин танилцаж, үнэлгээ өгнө.
  • Нарийвчилсан үнэлгээнд 70-аас дээш оноо авсан төслүүдийг Төсөл Сонгон шалгаруулах хорооны хурлаар оруулан, төсөл хэрэгжүүлэгч өөрөө хорооны гишүүдэд төслөө танилцуулна.

Үе шат бүрийн судалгааг аль болох түргэн шуурхай хийхийг зорьж байгаа бөгөөд маш олон зээлийн хүсэлтийг 15 төрлийн мэдээллийн сантай тулгаж шалгах, Төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хамааралтай ААН-ийн мэдээллийг тулгаж шалгахад хугацаа маш их шаардаж байгааг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны цахим бүртгэл дууссаны дараа иргэдийг сонгон шалгаруулна

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулах юм. Иргэд наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Одоогийн байдлаар иргэд найман ангиллаас хувийн байгууллагад ажиллагсад болон төрийн албан хаагч, тэтгэвэр тогтоолгосон өндөр настаны ангилалд олноор бүртгүүлээд байгаа юм байна. Мөн зарим ахмад настай хүмүүс “Миний эргэн тойронд компьютер мэдэх хүн байхгүй. Хүүхэд амралтаараа хөдөө явсан байна. Та нар бүртгүүлээд өгөөч” гэж хандах асуудал их байгаа аж. Харин нийслэлийн орон сууцны корпорацийн зүгээс цахим бүртгэл хийж өгөх нь хориотой байдаг учир бүртгэл хийхгүй гэдгийг анхааруулж байгаа аж. Түүнчлэн зарим иргэдийн гар утсанд “Түрээсийн орон сууцанд тэнцсэн” гэсэн мэдээлэл ирж байна гэх мэдээлэл иргэдийн дунд тархаад байгаа юм. Тэгвэл энэ мэдээлэл худал. Наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл бүх иргэдийн мэдээллийг хүлээн авна. Үүний дараагаар бүх иргэдийн хувийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны сонгон шалгаруулах тусгай комисс нягталж, шалгаад сонгон шалгаруулна. Цахим бүртгэл дуусаагүй байхад иргэдийг сонгон шалгаруулах ямар ч боломжгүй гэдгийг холбогдох ажилтнууд мэдээллээ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Шинээр нээгдсэн шүдний эмнэлгийн рентген кабинетад цацрагийн хэмжилт хийлээ

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд шинээр үйл ажиллагаа эхлүүлж буй “Инкомконтинал стандарт” ХХК-ийн “Премиум дентал студио” шүдний эмнэлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалт хийлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/113 тоот удирдамжийн дагуу тус эмнэлгийн рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай танилцаж, ажлын байранд цацрагийн хэмжилт, цацрагийн аюулгүйн үнэлгээг хийж, баталгаажуулан, байгууллагын удирдлагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Categories
гадаад мэдээ

Бразилын шоронд үймээн дэгдэж 57 хоригдол амиа алджээ

Өчигдөр буюу даваа гарагийн өглөө Бразилын Пара мужийн Альтамира хотын шоронд үймээн гарсны улмаас 57 хоригдол амиа алджээ. Амиа алдагсдын 16-гийнх нь толгойг авсан байсан бол 41 нь амьсгал нь боогдож амиа алдсан байна. Үймээн Командо Классе А болон Командо Вермело хар тамхины наймаа эрхэлдэг бүлэг хооронд дэгдсэн байна. Командо Классе А бүлгийн гишүүд нөгөө бүлгийн гишүүдийн хоригдож байсан хэсэгт гал тавьсан байна. Үүний улмаас хоригдлууд угаартаж амиа алджээ.

Brazilian prison 57 prisoners died зурган илэрцүүд

Орон нутгийн цагаар 07.00 цагт эхэлсэн үймээн үд хүртэл үргэлжилжээ. Үймээн дэгдээгчид шоронгийн хоёр харгалзагчийг барьцаанд авсан ч удалгүй сулласан байна. Олон цагийн турш хууль сахиулагчид үймээн дэгдсэн хорих газар нэвтэрч чадаагүй байна.

Тус хорих газар 200 хүний хүчин чадалтай хэдий ч тухайн үед 309 гэмт хэрэгтэн хоригдож байсан гэж хэвлэлүүд бичиж байна. энэ мэдээллийг гаа ч албаны эх сурвалжууд энэ мэдээллийг үгүйсгэжээ.

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро хориг газруудын хяналтыг чангатгаж, дахин шинээр барих амлалт өгчээ.

Categories
мэдээ нийгэм

​Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж, мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна

Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан гаргасан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/2195 тоот, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02-01-019/48 тоот зөвлөмжийг 127 аж ахуйн нэгж иргэнд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02-03/3046 тоот мэдэгдлийг 36 иргэнд, нийт 163 аж ахуйн нэгж иргэнд хүргэж, гарын үсгээр баталгаажуулан авч биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.


Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намуудын удирдлагууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжихээ илэрхийлэв

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар улс төрийн 17 намын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан санал солилцов.

Уулзалтад Монгол үндэсний ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, Эх орон нам, Монголын либериал нам, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам, Хамуг монгол хөдөлмөрийн нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн намын удирдлагууд болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Очирбат, АН-ын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Н.Батбаяр нар оролцсон юм.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгээс өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан таван удаагийн цуврал хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцаж идэвхтэй оролцсонд нь улс төрийн намуудын удирдлагуудад талархал илэрхийлэв.

Дараа нь уулзалтад оролцсон улс төрийн намуудын удирдлагууд үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Үг хэлсэн намуудын дарга нар Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгүүд нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийтийн төлөөллийг оролцуулан өргөн хүрээнд зохиогдож, санал бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэн аль болох зөвшилцөл, ойлголцолд хүрэх, төслийн зүйл, заалтуудын талаарх ойлголт, байр сууриа нэгтгэхэд чухал ач холбогдолтой болсныг онцоллоо.

Мөн энэ удаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь парламентын ардчилллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, түүнчлэн шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар өнгөрсөн 27 жилд хуримтлагдсан алдаа, гажуудлыг засаж залруулахад чиглэж байгаа учраас нэмэлт, өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа намуудын удирдлагууд илэрхийлэв. Тэр дундаа байгалийн баялгийн тэгш, шударга хуваарилалтыг бий болгох, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой зааж өгөхөөр тусгасантай улс төрийн намууд санал нэгтэй байгаа, тиймээс хэлэлцүүлгүүд дээр гарсан тодорхой саналуудыг тусгах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн зүйлийн 35 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Тухайлбал, Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл:

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал нийлэх, нийлэхгүй заалтын аль аль нь бий. Гэхдээ зарчмын гол асуудлууддаа төвлөрч, сайн ярилцаж нягтлаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлгүүдээс ч ийм дүр зураг харагдсан.

Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Манай нам сонгуулийн тогтолцооны хувьд 100 хувь пропорционал байх нь зүйтэй гэсэн саналтай байна. Ингэснээр бодлого ярьдаг төртэй болж парламент нь ч, улс төрийн намууд нь ч төлөвшинө, бодлогыг хэрэгжүүлэх чадвартай хүчтэй Засгийн газар, Ерөнхий сайдтай ч болж чадна.

Харин энэ удаагийн төсөлд эдийн засгийн асуудлуудыг дорвитой оруулж ирж чадсангүй. Ядахдаа төсвийн алдагдлыг 2 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг заалтыг Үндсэн хуульдаа суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Иргэний Зориг-Ногоон намын дарга Ц.Ганхуяг:

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ерөнхий шүүмжлэлүүд байгаа ч нэгэнт Ерөнхийлөгч төсөл, саналаа өргөн барьж, бас улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд өргөн хүрээтэй оролцон байр сууриа илэрхийлж байгаа учраас энэ удаад Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Харин байгалийн баялгийн асуудалтай холбоотой Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг ард түмний өмч гэж өөрчлөх саналтай байгаа. Манай намаас сошиал сүлжээгээр иргэдээс авсан санал асуулгад оролцогчдын 99 хувь нь ийм саналтай байгаагаа илэрхийлсэн.

Ард түмнээ хайрлая намын дарга Д.Гүндалай:

-Парламентын олонхыг бүрдүүлж, эрх барьж байгаа МАН зоригтой алхам хийж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Тийм цаг үе нь нэгэнт ирсэн. Харин байгалийн баялгийн өмчлөл, хуваарилалтын асуудал тунхаглалын чанартай байж таарахгүй, ард түмэн баялгийнхаа эзэн байх ёстой. Иймээс эдийн засгийн шударга бус хуваарилалтын асуудлыг хуучин хэвээр нь үлдээж болохгүй. Энэ талаар анхаарах нь чухал.

Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт:

-Манай намын хувьд сонгогч-хянагч статусыг хуульчилж өгөх замаар иргэдийн хяналтыг нэмэгдүүлж, төрийн эрх, иргэний эрх хоёрыг тэнцвэржүүлэх асуудлыг тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Мөн шүүхэд хөндлөнгийн оролцоог хангаж шүүх бүрэлдэхүүнд ардын төлөөлөгчдийг оролцуулдаг болох, прокурорыг хяналтын байгууллага болгох зэрэг арга замаар хүний эрх, эрх чөлөөг хангах шаардлагатай гэж үзэж байгаа.

Эх орон намын дэд дарга И.Эрдэнэбаатар:

-Өнгөрсөн өдрүүдэд болсон хэлэлцүүлгүүд нь үзэл бодол, байр суурь, ойлголтын зөрүүг арилгах, мэдлэг мэдээллээ хуваалцах, цаашдын зүг чиг хандлагаа ойлгож мэдрэхэд их ач холбогдолтой болсон. Тиймээс энэ удаад шинэ Үндсэн хуулийн тухай асуудлыг хойш тавьж, одоо яригдаж байгаа төсөл, саналуудаа нэгтгэн боловсруулж нухацтай хандах замаар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад явах нь зүйтэй юм байна гэж үзэж байна. Ерөнхийлөгч төсөл, саналаа өргөн мэдүүлж, улс төрийн гол намууд ойлгож зөвшилцөхийн төлөө ажиллаж, бусад намуудын саналыг сонсож, өргөн хүрээнд ярилцаж байгаа нь зөв эхлэл гэж бодож байна.

Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа:

-Үндсэн хуулийн олон зүйл, заалтыг хөндөх нь буруу. Тиймээс Үндсэн хуулийн 35 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн зарчмаа барьж, цөөн хэдэн гол асуудалд төвлөрч ажиллах нь зүйтэй юм. Нийгэмд нэгэнт хүлээлт үүсгээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг шуурхай хийж, олон жил хуримтлагдсан алдаа, гажуудлыг засах шаардлагатай. Ганц зүйлийг хэлэхэд, байгалийн баялгийн хувьд улсын өмч байхаар томьёолоод эзэмшигч нь хөрөнгө оруулалтаа хийгээд татвараа төлөөд явдаг байх нь зөв юм. Түүнээс биш төрийн өмч, нийтийн өмч гэх зэргээр эрсдэл үүсгэх, эзэнгүйдүүлэх байдал руу оруулж болохгүй.

Иргэний Хөдөлгөөн намын дэд дарга Д.Сүхжаргалмаа:

-Манай намын хувьд сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа, мөн эмэгтэйчүүдийн квотыг зааж өгөх нь чухал гэж үзэж байгаа. Төрөө хүчтэй болгож, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад Үндсэн хуулийн амин сүнс оршдог. Тиймээс өмнө нь бид тодорхой зүйл, заалтууд дээр төвлөрч нэлээд ярилцсан бол дараагийн удаад Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг тодорхой болгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан:

-Юуны төлөө Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа юм бэ гэдгээ эхлээд сайн бодох хэрэгтэй. Энэ бол гэнэт яригдаж байгаа асуудал биш, өнгөрсөн 27 жилийн алдаа, гажуудлаас үүдэлтэй юм. Ер нь нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа олон зүйл улс төрийн намуудаас эхлэлтэй гэдгийг бид хаана хаанаа анхаарах ёстой. Намуудын хоосон амлалтаас л болж төрийн нэр хүнд унасан.

Одоо юмыг бодитой харах цаг болсон. Хүний эрх, эрх чөлөө гэж их ярьдаг атлаа үүрэг хариуцлагын тухай огт ярихаа байсан. Тиймээс нийгмийн өмнө хүлээх иргэн бүрийн үүргийг Үндсэн хуульдаа зааж өгмөөр байна. Ядахдаа сонгуулийн насанд хүрсэн бол заавал саналаа өгдөг, татвараа төлдөг, баялаг бүтээж амьдардаг байх зэргийг зааж өгөх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө, иргэд ч ажилтай, орлоготой сайн сайхан амьдарна, насаараа тэжээлгэх сэтгэлгээнээсээ сална гэж үзэж буйгаа хэллээ.

Мөн Дэлхийн монголчууд намын дарга Г.Тэмүүжин, Хамуг Монгол хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга М.Ганзориг, Монголын либериал намын дарга Н.Чулуунбаатар, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нар Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа, тиймээс энэ ажлыг бодит ажил хэрэг болгохын төлөө эрх баригч нам ажиллах шаардлагатай. Мөн улс төрийн намуудын удирдлагуудын уулзалт, ярилцлага, мэтгэлцээн, нийгмийн бүх талуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Үндсэн хууль бол амьд организм, тиймээс улс орны хөгжлийн шаардлагад нийцүүлэн улам сайжруулж чамбайруулаад явах нь дэлхий нийтийн жишиг, тухайн улс орны үндэсний эрх ашгийн асуудал юм. Харин ингэхдээ аль нэг намын, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстой гэсэн үндсэн зарчим барьж, аль болохоор зөвшилцөх, ойлголцохыг эрхэмлэж, уулзалт, хэлэлцүүлгүүдийг олон удаа нийгмийн бүх талын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж ирсэн. Тодорхой сэдэв, асуудлуудаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулж санал солилцох ажлыг цаашид ч үргэлжлүүлэн хийх болно гэдгээ мэдэгдлээ.

Мөн тэрбээр энэ удаагийн уулзалтад оролцсон улс төрийн намуудын удирдлагууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцэж батлаад явах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна гэж ойлголоо. Түүнчлэн сонгуулийн тогтолцооны хувьд холимог тогтолцоог дэмжиж байгаа учраас энэ чиглэлээр Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн боловсруулаад явах боломжтой. Мөн улс төрийн намуудын гишүүнчлэл, Төв банкны асуудлыг органик хуульдаа тусгаад явах нь зүйтэй байх. Төрийн байгууллага болгоныг Үндсэн хуулийн байгууллага болгох гэх нь тийм ч оновчтой асуудал биш юм.

Харин байгалийн баялгийн тухайд хамгийн үр өгөөжтэй ашиглаж, тэгш, шударгаар хуваарилдаг Норвегийн сангийн туршлага бий. Энэ үндсэн дээр байгалийн баялгийг ашиглахдаа хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалан, хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлаж үндэсний аюулгүй байдлыг бататгах үндсэн дээр одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зарчмыг баримтлахаар төсөлд тусгасан.

Ингэхдээ байгалийн баялгийн үр өгөөжийг Баялгийн сан байгуулах замаар иргэн бүрдээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилах, иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, мэдэх эрхтэй байхаар зааж өгөх нь чухал гэж үзэж байгаа. Энэ үндсэн дээр байгалийн баялгийн өмчлөл, хуваарилалт дээр хяналт, тэнцвэрийг хангах боломж нээгдэх юм гэдгийг Улсын Их Хурлын дарга онцолж байлаа.

Уулзалтад оролцогчид цаашид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар нэгдсэн ойлголт, байр суурьт хүрэх, мэдлэг, мэдээллээ нэгтгэх үүднээс төслийн зарим тодорхой асуудлаар МҮОНТ-ээр ярилцлага, мэтгэлцээн зохион байгуулах, нийгмийн бүх талын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр санал нэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ: Унтраах шаардлагагүй гэж үзсэн түймрийн цар хүрээ нэмэгдсээр байна

Жил бүр хавраас намар хүртэл Сибирийн холбооны тойрог ойн түймэрт өртдөг, энэ жил ч мөн дахин түймэрт авсан талаар Regnum агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар Красноярск хязгаар болон Эрхүү мужид нөхцөл байдал хамгийн хүнд нөхцөлд байна. Долоодугаар сарын 24-ний өдрийн байдлаар эдгээр бүс нутгуудын 1,3 сая га газар ойн түймэрт өртжээ.

Түймрээс үүдэлтэй утаа энэ хоёр бүс нутаг төдийгүй Хакаси, Алтайн хязгаар, Новосибирск, Омск, Томск мужуудад тархсан талаар Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.

Регнум агентлагийн онцолсноор, гал түймэр суурин газрууд болон эдийн засгийн объектуудад хор хөнөөл учруулахгүй, түүнчлэн галыг унтраах зардал нь гал түймэр учруулж болох хохирлоос давна гэж тусгай комисс шийдвэр гаргавал эрх баригчид гал түймэр унтраахгүй байх эрхтэй байдаг гэнэ. Тиймдээ ч энэ нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа аж.
Дээрх бүс нутгуудад гал түймрээс үүдэлтэй утаа суурин газруудыг хэдийнэ бүрхэж, иргэд тайван амьдрах нөхцөл алдагдсан гэж үзсэн оршин суугчид онц байдал тогтоохыг шаардсан байна. Тодруулбал, Сибирийн нутаг дэвсгэр даяар гарсан гал түймрийн улмаас онц байдал тогтоохыг шаардан Засгийн газар, Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн яам, Ойн аж ахуйн яам, Онцгой байдлын яам болон Хөдөө аж ахуйн яаманд хаягласан өргөх бичгийг долоодугаар сарын 24-ний өдөр олон нийтийн сүлжээнд байршуулсан байна.

“Красноярск хотод хүмүүс масктай явж байхад орон нутгийн болон засгийн газрын төлөөлөгчид Сибирьт онц байдал зарлаагүй байна. Онц байдал зарлавал галын голомтыг унтраах, утаанаас болж хохирсон хүмүүст туслах нэмэлт санхүүжилт, хүн хүчний нөөцөөр хангагдана” хэмээн өргөх бичигт өгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Олон жилийн дунджаас ахиу хур тунадас унаж, нутгийн 95 хувьд зуншлага сайн байна

Долоодугаар сар гарснаас хойш нийт нутгийн 60 орчим хувьд нь олон жилийн дунджаас ахиу хур тунадас унажээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 95 хувьд нь зуншлага сайн байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Харин үлдсэн таван хувь нь гандуу байна. Үүнд Баянхонгорын Богд, Шинэжинст, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сант, Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сум багтжээ. Мөн Дундговийн Адаацаг, Баян-жаргалан, Өлзийт, Дорноговийн Хөвсгөл, Улаанбадрах, Сайншанд, Сүхбаатарын Түвшинширээ сумын нутагт бэлчээрийн ургамал тааруу ургасан, зуншлага сайнгүй, хур тунадас багатай байгаа аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны мөн үед нийт нутгийн 90 хувьд зуншлага хэвийн, 10 хувь нь гантай байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Авлигын гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирчээ

АВЛИГЫН ХЭРГҮҮДИЙН ИХЭНХИЙГ БАРИМТЖУУЛАН АВСАН БАЙДАГ
Авлигатай тэмцэх газраас авлигын хэргийг мөрдөн шалгах явцад баримтжуулсан зарим бичлэгээс цацлаа.

Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Хэсэг бүлэг этгээдийн зүгээс тухайн гэмт хэргийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогууд ихээр гаргаж байгаа”-г хэлэв. Мөн авлигын энэ мэт олон хэргийг баримтжуулан авч байгааг сануулсан юм.

Хамгийн эхэнд Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Батбаярыг албан өрөөндөө байхад нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэгжлэг хийж буй бичлэгийг харуулсан. Энэ үеэр хахуульд авсан 25 сая төгрөгийг бэлнээр хадгалж байсныг хураан авч байгааг баримтжуулжээ.

Д.Батбаяр нь олон улсын ачаа, зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” компанийн ачааны машинуудад олгох замаар 2017 онд тус компаниас 57 сая 500 мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон юм. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилох эрхийг гурван жилээр хасаж, 6.5 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн билээ.

Хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшлаа хэмээн олон хүний дургүйцлийг төрүүлсэн Мэргэжлийн хяналтын байцаагчидтай холбоотой хэрэгт тэрбум төгрөгийн авлигын асуудал хөндөгддөг. Тэгвэл МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад баримтжуулсан бичлэгийг үзүүллээ.

Шалгалтын явцад тэдний гэрээс болон албан өрөөнөөс тэрбум орчим төгрөгийг бэлнээр хураан авсан. Тодруулбал, гэрээс нь 230 сая төгрөг, 152 мянган ам.доллар, 70 мянган юань хурааж авсан юм. Т.Баярсайханыг албан өрөөндөө байх үед нь шалгалт хийхэд тэрбээр тайван байж, албан өрөөндөө нуусан мөнгөө гаргаж ирж ширээн дээр өрж байв.

Ажлын өрөөний сейфнээс нь хар тортой их хэмжээний мөнгө гарснаас гадна тэрбээр оймсондоо ам.долларын 100-тын дэвсгэрт бүхий боодолтой мөнгө нуусан байсныг гаргаж ирсэн.

Дашрамд сануулахад, Н.Баярсайханыг өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн билээ. Мөн тухайн шийтгэх тогтоолоор Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

Ер нь манай улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг өндөр жин дарж байгааг Авлигатай тэмцэх газрын мэдээллээс харж болох аж. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой 834 хэрэгт хэрэг бүртгэл нээж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9.4 хувийг нь шүүхэд шилжүүлэх, 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах, 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт тус тус шилжүүлсэн байна.

Мөн 11 хэргийг нэгтгэн шалгаж, хоёр хэргийг түдгэлзүүлж, одоо 384 хэргийн үлдэгдэлтэй байгаа аж. Тус хэрэгт одоо мөрдөн байцаалт явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байгаа аж.

Энд нэгэн сонирхолтой тоог онцолбол энэ оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан байна.

Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум 830 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалжээ.

Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 дахин өссөн дүнтэй байна. Манай төрийн алба хаагчид, албан тушаалтнууд авлигын хэрэгт хэрхэн холбогдож байгааг дараах тоон мэдээллээс харж болно.

Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 10.2 хувийг улс төрийн албан тушаалтан, 16.3 хувийг төрийн захиргаа, 24 хувийг төрийн тусгай, 9.9 хувийг төрийн үйлчилгээ, 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлж байна. Мөн 27.2 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлж буй аж.

Авлига, ашиг сонирхлын 29 хэргийг энэ оны эхний хагаст шүүхээр шийдвэрлэсэн байна. Үүнд

  • Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан,
  • Нийслэлийн газрын албаны Захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Амаржаргал,
  • Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар,
  • МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг,
  • БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ,
  • Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх,
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компанийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлт-Оч,
  • “Багануур” компанийн охин компани болох “Багануур элч” компанийн захирал С.Батболд нарт холбогдох хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн байна.

Энэ онд УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс хийсэн судалгаагаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлснээс үүдсэн хохирол төлөгдөөгүй тохиолдлууд цөөнгүй тогтоогджээ. АТГ-аас шүүхээс шийдвэрлэсэн хэргүүдэд хохирол нөхөн төлүүлэх ажиллагаанууд явагдаж байгаа аж.

Тухайлбал, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцон дөрвөн жил хорих ялаар шийтгэж, 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Мөн Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэхдээ АТГ-аас прокурортой хамтраад Авлигын эсрэг хуульд заасан үндэслэлийн дагуу тухайн этгээдийн хууль бусаар хөрөнгөжиж эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох хүсэлтийг шүүхэд тавьж, шийдвэрлүүлсэн байна.

Цаашид авлигаас үүдэлтэй хохирлыг барагдуулах чиглэлээр АТГ-аас онцгойлон анхаарч ажиллах тухай хэлсэн.

Түүнчлэн, Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, шалгаж байгаа билээ. Эдгээр 17 шүүгч Салхитын мөнгөний ордтой холбогдуулж авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт авсныг нотлох баримт, бичлэг хангалттай байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Үүнээс гадна Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны анхан шатны шүүх, дүүргийн шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад нэр бүхий шүүгч, тэдний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэрийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй байна.

Ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал тогтоогдсон учир хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Мөн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьжээ.

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ИХЭНХ ХЭРЭГ ПРОКУРОРТ БУЦААГДЖЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн энэ оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг хүргэв.

Мэдээллийг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн судалгаа мэдээлэл, хүрээлэнгийн сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг нар танилцууллаа.

Тус хугацаанд анхан шатны шүүх эрүүгийн 7,073, иргэний 21,420, захиргааны 791 хэрэг, нийт 29,284 хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, 8,460 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 13.8 хувиар, ял шийтгүүлэгчийн тоо 10.5 хувиар тус тус өссөн байна. Үүнээс хүн хөнөөх, хүчиндэх, залилах, мал хулгайлах, авто ослын гэмт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад ихээхэн өссөн дүнтэй гарчээ.

Тухайлбал, хүн хөнөөх гэмт хэрэг 28 хэргээр буюу 30.8 хувиар өссөн байна. Түүнчлэн, хүчиндэх гэмт хэрэг 71 хэргээр буюу 51.1 хувиар, хулгайлах гэмт хэрэг 149 хэргээр буюу 17.3 хувиар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 20.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс гадна залилах гэмт хэрэг хамгийн их буюу 49.3 хувиар өссөн байна.

Улс төрийн өндөр алба хашиж байгаад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэргүүдийн тухайд Эрчим хүчний сайд асан М.Сономпилд оноосон ялыг эс тооцвол ихэнх хэрэг шүүхээс прокурор руу буцсан байдалтай байна.

Тухайлбал, Д.Дорлигжав нь улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” компанийн дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернэшнл” компаниудаас гурван удаагийн шилжүүлгээр их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт холбогдсон.

Хэргийг Хан-Уул дүүргийн эрүүг;ийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж нэг сарын хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн ч Д.Дорлигжав, Д.Баатар нарын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр, нар нэмж нотлох баримт гаргаж танилцуулна гэсэн хүсэл тавьснаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Бат баяр, Р.Онон нарт яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн хоёрдугаар сард шүүх рүү шилжүүлсэн.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн х уулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаагаад байна.

Н.Батбаярын хувьд “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, Б.Гарамгайбаатар бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч, өөрийн компанидаа оруулсан, эргүүлэн төлөөгүй гэх асуудлаар шалгагдаж байгаа юм.

Ш.Батхүү, Г.Алтан, Б.Мөнхжаргал, Ц.Ганзориг нарын зургаан хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдалтай байна.

Г.Батзориг

Categories
мэдээ нийгэм

Төөрсөн таван настай хүүг эсэн мэнд олжээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газраас тус сумын харьяат малчин А нь тав болон дөрвөн настай хоёр хүүг 28-ны өдөр гэрлүүгээ явуулахад хүүхдүүд замдаа төөрчээ. ”Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 18:00 цагийн орчим дөрвөн настай хүү ганцаараа явж байхад нь нутгийн хүн олж, гэрт нь хүргэж өгсөн байна. Харин таван настай хүү “У” нь “Түрүүний булаг”-аас ээжийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг тус өдрийн 21:38 цагт холбогдох албаны хүмүүс хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, хүүхдийн ар гэрийн нийт 23 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Алга болсон таван настай хүүг долоодугаар сарын 29-ний өдөр 11:50 цагт гэрээс нь зүүн хойд зүгт зургаан километрт тус багийн “Баян-Уул” гэдэг газраас эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.