Categories
мэдээ нийгэм

Үерийн аюул ослоос сэрэмжлүүлж байна

Image result for үер

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр баяр наадмын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орж, салхи борооны өмнө секундэд 16-18 метр хүрч ширүүсэх бол говийн болон зүүн аймгуудын нутгаар өдөртөө 32-37 хэм хүртэл халах төлөвтэй байна.

Харин Сэлэнгэ мөрөн Хялганат сум орчимд усны түвшин 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 35 см, Ховд гол, Увс нуур, Хархираа зэрэг голууд 5-20 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна. Иймд:

-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах,

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,

-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнээ бүртгэдэг байх,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, ялангуяа хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, хийлдэг гудастай усанд орж эргээсээ холддог, энэ нь усанд осолдох шалтгаан болж байна.

-Борооны үед гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын манлай заан Д.Мягмар: Хадаа аваргатай барилдсан тэр жилийн наадам үнэн сайхан

Зүүн гар талаас Д.Ганболд начин Ло.Эрхбаяр начин, Ч.Бямбадорж заан, Р.Даваадалай начин, Д.Мягмар заан, Ло.Энхбаяр начин, И.Мөнхбаатар начин. 2000-аад он

Монгол төрийн их баяр наадамд 11 удаа шөвгөрсөн, Монгол Улсын манлай заан Дасрангийн Мягмартай наадмын талаар хууч хөөрлөө.


-Та нэг ярилцлагадаа “Дамдин аварга хоёр Мөнхийн дундаас дээшээ гаран барилдана гэдэг үнэхээр хүнд байсан” хэмээсэн байдаг. Таны хэлсэн энэхүү үг үнэн байсан санагддаг юм?

-Тухайн үед шөвгийн дөрөвт Д.Дамдин аварга, Мөнхбат, Баянмөнх аваргууд сүүлийн гурван бөхөөр нэрийг нь зоочихсон юм шиг үлддэг байлаа. Шөвгийн дөрвөн бөхийн гурав нь бол зоолттой, харин үлдсэн нэг орон тоо руу дайрч, хүч үзэж байсан бөхчүүд нь Цэрэнтогтох аварга, Дагвасүрэн арслан, Мөнгөн арслан, Долгорсүрэн, Дүвчин заан бид хэд л хоорондоо үздэг байв. Ямар сайндаа тэр нэг орон тоо руу орох гэж би долоогийн даваанд зургаан удаа очиж, таван удаа унасан хүн. Ингэснээр нэг л удаа долоо давж, гурван аваргатай үлдсэн дээ. Өөрөөр хэлбэл тэр үед энэ гуравтай шөвгийн дөрөвт үлдэх, дундаас нь цоорч гарч ирнэ гэдэг үнэхээр хүнд хэцүү байсан.

-Гарлаа, дэвлээ, давлаа хэмээн гуравхан үгээр цоллуулдаг Дарийн Дамдин аваргын тухай та дурсахгүй юу?

-Д.Дамдин аварга хэлэх юмгүй аугаа хүн л дээ. Бид хоёр хоорондоо хоёрхон л удаа таарч барилдсан байна. Яг хэдэн оных вэ гэдгийг сайн санахгүй юм. Би улсын цол аваагүй, аймгийн заан цолтой байх үед цагаан сарын барилдаанаар тавын даваанд Дамдин аварга намайг амлаж, би унаж байсан бол Улаанбаатар хотын спартакиадаар дахин амлахад нь хаяж байсан түүхтэй. Ингэж л хоёр удаа хүч үзсэн байдаг юм. 1970 оны хавар Улаанбаатар хотын спартакиадаар хоёр Мөнх хоёулаа байхгүй байх үед Дамдин аварга Бээжин аварга, Эрдэнэбат, Төрөө хэмээх бөхчүүдийг дараалан давж, түрүүлж байлаа. Ер нь Дамдин аварга намайг яагаад ч юм ямар ч барилдаанд амлаж авдаггүй байсан даа.

-Яагаад таныг амладаггүй байсан юм бол?

-За тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Би уг нь баруун талтай, баруун хөлөө урагшаа тавьж барилддаг онцлогтой. Гэтэл Дамдин аварга баруун хөл их авдаг ч миний баруун хөлийг ерөөсөө авдаггүй байсан юм. Мөн Дэмүүл арслан бэлтгэл дээр ч, баяр наадмаар ч тэр надтай ерөөсөө таарч барилдаж байгаагүй. Намайг бас л авдаггүй байв. Яагаад Дэмүүл арслан намайг авдаггүй байсан, Дамдин аварга миний баруун хөлийг авч барилддаггүйн учрыг би өдий насалтлаа ойлгодоггүй юм. Дамдин аварга бас их ирээдүйгээ харсан их ухаантай хүн юм болов уу гэж би бодддог. Учир нь нэг хэсэг Хоёр Мөнх чинь байнгын л шөвгийн дөрөвт гараад ирдэг байлаа. Харин Дамдин аварга энэ хоёрыг чинь хооронд нь тунаахгүй гээд аль нэгийг нь амлан авдаг байсан юм. Амлахгүйгээр хооронд тунаагаад байсан бол, өдийд хоёр Мөнх нэгнийгээ дарсаар байгаад л таарах байсан болов уу. Ингээд би Дамдин аваргад хандаж “Та жил бүр л Мөнхбат, Баянмөнх хоёрыг ээлжлэн амлаад байх юм. Нэг жил энэ хоёроос өөр хүн амлан авч, түрүүлж, үзүүрлэхээ боддоггүй юм уу” гэтэл Дамдин аварга “За яахав улсын баяр наадамд үлдэх ёстой хоёр нь л үлдэг” гэж билээ. Үнэхээр сайхан сэтгэл шүү. Тээр жилийн наадмаар Мижиддорж арслан тавын даваанд Дамдин аварга дээр очоод “Та намайг авчих” гээд гуйж байна. Тэгэхээр нь би гайхаад “Та чинь яагаад намайг авчих гээд гуйгаад байгаа юм бэ. Өчнөөн жил Дамдин аваргад унаа биз дээ” гэтэл Мижиддорж арслан “Өө яршиг яршиг. Тэр уналаа гэж олон хүнийг хэлж байхаар Дамдингаараа дуусъя даа” гэж билээ. Тэгэхээр нь би “Та олон удаа Дамдин аваргатай таарч барилдахдаа ганц удаа хаяж болоогүй юм уу” гэтэл “Уулын орой дээрээс бул хар чулуу өнхрүүлбэл чи яаж тогтоох юм. Тэрэнтэй адил шүү дээ” гэж билээ (инээв).

-Монгол бөхийн шинж, уран мэхийг нэгэн биед цогцлоож чадсан хүн бол яахын аргагүй Д.Цэрэнтогтох аварга байсан. Таныг заан болдог жил Цэрэнтогтох аварга түрүүлж байл уу?

-Тэр чинь 1978 оны наадам. Цэрэнтогтох аварга тэр жил Дамдин аварга, хоёр Мөнхийг хаяж түрүүлсэн юм. Харин би зургаагийн даваанд Хадаа аваргатай, долоогийн даваанд Дагвасүрэн арсланг орхиж дөрөвт үлдэн, Мөнхбат аваргад тахим өгч билээ. Хадаа тэгэхэд аварга болоогүй байсан л даа. Долоогийн даваанд Дагвасүрэнтэй барилдаж, заан болчихоод үнэхээр их баярласан. Тухайн үеийн аварга, арслангуудын дундаас зургаан удаа зааны давааг шүргэж, таван удаа унаж байж, заан болно гэдэг үнэхээр хүнд. Тэр наадмын өмнөх буюу 1976 онд Хадаа түрүүлж, Дагвасүрэн үзүүрлэж байсан шүү дээ. Тэгэхээр хоёр жилийн дараа би тэр хоёртой барилдаж заан болж байсан гэсэн үг.

-1991 оны баяр наадам шиг санагдаж байна. Хадаа аварга хэцүү газраас гарч ирсэн жил таныг тавын даваанд амлан авч тахим өгсөн байдаг байх аа. Гүндүүгүй сайхан, хүүхэд шиг зантай хэмээгдэх Хадбаатар аваргын тухай ярихгүй юу?

-Хадбаатар аварга намайг улсын баяр наадамд хоёр удаа л амлаж авсан. Нэг нь намайг заан болдог жил зургаагийн даваанд амлан авч тахим өгсөн. Түүний дараа намайг дөч гарчихсан байхад улсын баяр наадмын тавын даваанд амлан авахад нь бас хаяж билээ. Хамгийн сүүлд Хадааг хаядаг наадмыг би хэлье. Тэр жил Хадаа түрүүлнэ гэж байсан юм. Ингээд тавын даваанд намайг амлаж бид хоёр барилдлаа. Өмнө заалны барилдаанд Хадаа намайг давхар ачих гэж байгаад унасан юм. Тэрийгээ санахгүй байсан уу, бас л намайг ачих гээд зүтгэж байна. Ер нь давхар ачих юм бол надад их ашигтай болж ирнэ л дээ. Хадаа аварга тэр үеийн бөхчүүд дундаа хамгийн их бяр, тэнхээтэй хүн байсан шүү дээ. Ингээд давхар ачааны барьцыг нь хааж хорьж байгаад өглөө. Үүний учир нь Хадаа аваргад давхар ачааны барьцыг нь хааж, байгаад гэнэт өгчихвөл, хамаагүй мэх хийх болов уу гэж бодсон. Ер нь барьцандаа хүрчихвал ямар ч тохиолдолд мэхээ хийдэг хүн л дээ. Тийм болохоор хааж байгаад, санаандгүй байдлаар өгсөн мэт хуураад хариу мэх хийх бодолтой байв. Ингээд дайраад байсан барьцыг нь өгсөн чинь мань хүн ухаан жолоогүй барьцандаа шунаж, байгаад хамаа намаагүй давхар ачихад нь сүлбэж хаяж билээ. Ер нь Хадаа аваргатай барилдсан тэр жилийн наадам үнэндээ сайхан байсан. Хөөрхий минь үнэхээр хүүхэд шиг цайлган сэтгэлтэй хүн шүү дээ. Санаа зөв бол заяа зөв гэдэг ч, тийм сайхан сэтгэлтэй хүн яагаад тэр хэцүү газар орчихсоныг нь би үнэхээр гайхдаг. Хадаагийн зан, аашийг нь би үнэхээр сайн мэднэ. Бид хоёр их л ойр байсан даа. Манай Хадаа чинь хүн амьтанд муу санана гэж ерөөсөө байдаггүй, яг л хүүхэд шиг л хүн байсан юм. Насны хувьд надаас хоёр билүү гурав дүү. 1972 он буюу Ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмаар Хадбаатар тав давж начин болж байлаа. Тэр жил Чойжилсүрэн начин тавын даваанд Хадаатай таарч барилдахдаа “Би ингэж харьчихсан юм уу, эсвэл энэ хүүхэд ийм бяртай юм уу, унаж явсан хэрнээ намайг хоёр тийшээ ээлжлэн шидээд байх юм” хэмээн уулга алдаж байсан шүү. Тэгж хэлэхэд нь би яг хажууд нь зогсож байсан юм. Яах вэ, Хадаа тухайн үед залуу, ид гарч ирж байлаа шүү дээ. Миний хувьд Хадаа аваргын хоёр зүйлд их гайхдаг. Нэг удаа Спортын ордонд бидний үеийн бөхчүүд бэлтгэл хийж байлаа. Тэгтэл Хадаа гаднаас “Өнөөдөр чинь өсгийнөөс холгоод явуулсангүй” гэсээр орж ирдэг юм байна. Тэгээд бэлтгэлээ хийж дуусаад байр луугаа очлоо. Бид хоёр байранд хамт байсан юм. Орой Хадаа гутлаа тайлтал оймсных нь өсгий улаан нялга. Яачихсан юм гэтэл “Аан харин гутлын хадаас нь дээшээ гарч ирчихээд өсгийг нь холгоод байсан юм байна. Тэгээд л өсгий алаад хаячихаж” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Наад хадаас чинь холгоод байсан юм бол өдөр гутлаа тайлаад хадаасыг нь чулуугаар ч гэсэн цохиж, цааш нь дарахгүй яасан юм” гэж хэлтэл ер тоосон ч юмгүй “Харин тэгдэг байж” хэмээн хариулж байна. Бас л их гүргэр, хэнэггүй хүн дээ. Тэр хадаасан дээр гишгээд өдөржингөө явчихсан байгаа юм шүү (инээв). Бас нэг өдөр элэг нь улаан гүвдрүү болчихсон ирдэг юм байна. Яасан гэхээр нэг бөхтэй Налайхын тэнд явж байгаад машин нь эвдэрч л дээ. Тэгэхээр нь мань хоёр машинаа хаячихаад цааш явж. Ингээд тэр шөнө нь айлын тушаатай морь байхаар нь Хадаа нөгөө морийг сүүлдэж, баригдахгүй болохоор нь тэвэрч авах гээд ухас хийтэл Хадаагийн гэдэс рүү тангарчихсан юм гэсэн. Тэгээд л улаан гүвдрүү болчихсон гэдэстэй ирсэн юм байна лээ.

-Б.Бат-Эрдэнэ аваргын хамгийн хүндэлж явдаг хүн нь та юм билээ. Мөн таныг ид барилдаж байх үедээ Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжиж, наадам, цагаан сарын барилдаанд тунаанаас гаргаж өгдөг байсан гэдэг?

-Би нэг л удаа амлан авч байсан юм. Ер нь Бат-Эрдэнэ аварга бол энгүй хүчтэй, төрчихсөн хүн шүү дээ. Энэ хүнтэй би 10 хэдэн жил нэг байранд хамт байсан. Бат-Эрдэнэ аваргын нэг онцлог бий. Өөрийн барилдаандаа гаргасан алдаагаа дахиж ерөөсөө давтдаггүй. Үүгээрээ их онцлогтой хүн юм. Аварга саяхан “Монгол тулгатны зуун эрхэм” гээд нэвтрүүлэгт орж байхдаа хөлөө гэмтээсэн наадмаа ярьсан л даа. Яг юу болсныг нь би хамт байсан хүний хувьд мэдэх юм. Тэр чинь долоон сарын 8 буюу наадам болохоос хэдхэн хоногийн өмнө болсон. Тэр орой Бат-Эрдэнэ “Хөл эвгүй болчихлоо” гэсээр байрандаа ирсэн. Ингээд би барьж өгөөд “За гайгүй л юм шиг байна. Ер нь гаднаасаа нээх мэдэгдэхгүй юм” гэж хэлсэн. Маргааш өглөө нь би эрт сэрээд хөнжлийг нь сөхөж үзтэл нөгөө өвдөөд байсан хөл нь булуу болтлоо хавдчихсан байдаг байгаа. Ингээд Бат-Эрдэнийг сэрээж, бариач дээр оч гээд явууллаа. Тэгээд 9-ний өглөө боллоо. Нөгөө хүнээс чинь сураг байдаггүй. Миний санаа зовоод гэр лүү нь ярьсан чинь Болормаа утас авч байна. Би “Цаадах чинь яачихваа. Хөл нь зүгээр үү” гэж асуутал Болормаа “Харин тэр бариач дээр очсон чинь Багануур явчихаж гэнэ. Тэгээд тийшээ хөлөө бариулахаар явсан” гэдэг юм байна. Наадам болоход хоёрхон хоног л дутуу. За одоо баларсан юм боллоо л гэж бодсон. Хөлөө гэмтэлтэй гэдгээ аварга тас нуусан л даа. Тухайн үед Бат-Эрдэнийн хөл гэмтэлтэй гэдгийг дуучин Эрдэнэбат, Болормаа, манай хөгшин Хандаа, аваргын хадам аав Д.Барамсай гуай хэмээх таван хүн л мэдэж байсан. Ингээд л тэр жилийн наадамд барилдаж түрүүлж байсан түүхтэй юм. Орой гэртээ ирээд хөл нь тийм их хавдартай байсныг мэдээгүй улсууд их гайхаж байсан даа.

-Бат-Эрдэнэ аваргын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Д.Баяраа гарьд хэмээдэг. Энэ үнэн болов уу?

-Бат-Эрдэнэ ид гарч ирж байх үедээ Д.Баяраатай энэ тэнцүүхэн сайхан барилдаж байсан л даа. Тухайн үед Баяраа гарьд ч бас сайн байсан шүү. Сүүлдээ Бат-Эрдэнэ хамаагүй тасраад явчихсан л даа. Яг Баяраад аварга тахим өгч байсныг сайн санахгүй юм. Ер нь унаж байгаагүй байх шүү. Нэг удаа заалны барилдаанд Баяраа гарьд их амьсгаадчихсан ирдэг юм байна. Би тэр хүний ингэтлээ их хөлс хүчээ гарган, цуцаж байсныг нь ер харж байгаагүй. Тэгээд хүрч ирээд “Бат-Эрдэнэ чинь аргаггүй л өөр хүн юм аа” гэж хэлснийг нь санах юм.

-Наадам айсуй. Өнөө жилийн баяр наадмын дүр зургийг та хэрхэн харж байна вэ?

-За даа баяр наадмын дүр зургийг харах чинь үнэхээр хэцүү болсон доо. Олон жил үндэснийхээ их баяр наадамд зодоглож, бөх хүний зовлон жаргал, алдаа оноог мэддэг хэдий ч хэн нь дээшээ гарч барилдахыг үнэхээр хэлж мэдэхгүй юм. Аймгийн цолтой бөхчүүд ч дээшээ гарч ирэн барилдах боломжтой болж. Хэн ч гэсэн улсын өндөр цол хүртэх, том цолтой бөхчүүдтэй хамаагүй барилдчих юм. Би ер нь учраа олохгүй л байгаа шүү. Бэлтгэл сайн хийсэн хүн л дээшээ ахиж барилдана л гэж хэлье дээ.

-Тэгэхээр нэг үеэ бодвол монгол бөх хөгжсөн гэж хэлж болох уу. Өнөө жилийн баяр наадамд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ц.Содномдорж нарын зэрэг бөхчүүд дээшээ гарч барилдах нь ойлгомжтой байх. Чухам хэн нь шөвгөрч, хэн нь түрүүлдэг юм болоо?

-Ер нь чиний дурдсан бөхчүүд бүгд л дээшээ гарч барилдана. Өнөө жилийн баяр наадамд ч түрүүлэх боломжтой бөхчүүдийг хэлж байна. Эдгээр бөхчүүд бусдаасаа арай өөр л барилдаад байгаа юм даа. Гэхдээ зарим нь хоорондоо тунаж, зарим нь нэгнийгээ амлан авч барилдах болов уу даа.


Categories
мэдээ цаг-үе

Наяад оны төгсөгчид буюу Мандалговийн найраг

ТӨРӨЛЖСӨН, ГҮНЗГИЙРҮҮЛСЭН, ҮНДСЭН 10А АНГИЙНХНЫ ТУХАЙ ХҮҮРНЭЛ

1980-аад он бол Дундговь аймгийн Мандалговь хотын хувьд хөгжил цэцэглэлтийн ч гэхээр хөл хөдөлгөөнтэй он жилүүд байжээ. Барилгын VI трест гэгч талын бяцхан тэр хотын аварга том бүтээн байгуулалт бий болохын зэрэгцээ 1978 оны намар 964 хүүхэд хичээллэх арван жилийн дунд сургуулийн иж бүрэн барилгын ажил дуусч, анхны сурагчдаа хүлээн авчээ. ЗХУ-ын бэлгийн тэр шил толь болсон шинэ сургуулийн 9А бүлэгт өнөөдрийн манай сонины “Нэг ангийнхан” баатрууд суралцахаар хуучин арван жилийн дөрвөн бүлгээс шилж сонгогдон цугларчээ. Шилж сонгогдон гэх үгэнд ихээхэн учир бий гэнэ. 1977-1978 оны хичээлийн жилд хаанаасаа ч шийдсэн юм бэ, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх удаа туршин нээхээр тийнхүү наймдугаар анги төгсөгчдийг сурлага, спорт, урлагийнх нь амжилтаар шигшиж, үндсэн нэгэн анги бий болгосон нь чухам тэр ажээ.

Үндсэн гэх тэр ангийг дааж авсан багш нь ч гэлээ энгийн нэгэн багш байсангүй, том цэнхэр нүд эргэлдүүлсэн, хүдэр бадриун биетэй, Зөвлөлтийн мэргэжилтэн Юрий Сергеевич Романов гэх жинхэнэ “Коренной-Москвич” дөч эргэм насны инээмсэглэл тодруулсан сайхан эр байжээ. Хаа холын алтан Москвагаас хэдэн жилийн өмнө элс шуурсан говийн жаахан хотод ирсэн тэр багш, өөдөөс нь хараад дэмий л инээлдэх, орос хэлээр таг, тав зургадугаар ангийн хөөрхий хэдэн монгол шавиа яавал аштайхан сургачих вэ гэж арга бүхнийг хайдаг байжээ. Зургийн том картон цаас, тушь, үзэгнээс салахгүй, хичээл болгон дээр өөрийн гараар үзүүлэн бэлтгэж ирнэ. Ангийн ханаар эгнүүлэн өрсөн А.С.Пушкин, Л.Н.Толстой, М.Горький, А.П.Чехов, Н.В.Гоголь, И.С.Тургенев, М.Ю.Лермонтов, Ф.М.Достоевский, Н.А.Некрасов, В.В.Маяковский, А.Н.Островский, С.А.Есенин, Н.Г.Чернышевский зэрэг Орос Зөвлөлтийн аугаа их зохиолчдын хөрөг хүүхэд бүхний дээрээс ширтэж, хэн нэгэнд нь ийм мундаг зохиолч болохсон гэх хөнгөн дэврүүхэн бодол зурвас зурвасхан төрүүлдэг байжээ. Багшийнхаа юу ярьж байгааг ойлгох юмгүй, зааж байгаа зарим үгийг нь тоглож байна гэж сэтгэх томоогүй жаахан хөвгүүд тэвчээр алдан үймүүлэхэд, нэгэнтээ, Юрий Сергеевич “Ух, ты” хэмээн дуу алджээ. Ангийн их л дүрсгүйчүүд нь гэгдэх Биндэрьяа, Баяржаргал, Отгонбаяр нарын үймүүлэх онгод улам л дэвэрч, бие бие рүүгээ харан “Чамайг үх гэлээ, үгүй ээ, чамайг үх гэсэн” хэмээн хэсэг зуур хөхрөлдөж, оргилж ирсэн ааг омгоо дарцгаасан гэдэг. Хэдэн жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Баярхүүгийн Биндэрьяагийн талаар дурсах хүн цөөнгүй ч, нэрт яруу найрагч Ц.Чимэддорж нэгэнтээ, “Тэнгэр газрын дунд тэсэрч явдаг Биндэръяа” гэсэн нь найзыг минь зураад өгчих шиг болсон хэмээн ангийнхан нь дурсаад авна билээ.

Тэгж л зургаа, долдугаар ангиас нь орос хэл зааж, хөөрхөн зүгшрүүлсэн хэдэн хүүхдээ нэг анги болгон дааж авсан орос багш ид л идэвхийлэн ажиллаж байтал Зөвлөлтийн мэргэжилтний нөөц бололцоог ганц ангид төвлөрүүлж явцуурууллаа, сургуулийн хэмжээнд ашиглах ёстой гэснээр анги даахаа больж, оронд нь Улаанбаатар хотын Цэцэрлэгийн техникумд багшилж байгаад эхнэр хүүхдийнхээ хамт дөнгөж ирчихээд байсан Дэмчигсүрэн гэх шоволзсон цагаан залуу ангийг нь дааж авчээ. Тоо физикийн багш Дэмчигсүрэн тулалдааны мастер шахуу хэлцэгдэж, Мандалговийн энгээр нэрээ гаргаад авчээ. Хэдэн хүмүүс цуглараад ярьж байх юм гэнэ. “Мандалговийн хэдэн атаман цаад Дэмчигсүрэнгийн чинь дэргэд шонгүй юм байна. Авир гэхэд л шаггүй шартай эр дээ, өөдөөс нь үг ч дуугарч чадахгүй, хамар дээгүүр нь хөлс нь л хий бурзайгаад, таг суух юм” гэж ирээд ярьж байхыг нь сонссон ангийнх нь хэдэн хөвгүүд болох чөлөөт бөхөөр тун сайн барилддаг Баттогтох болон Эрдэнэдаваа, Батдэлгэр, Жаргалсайхан нарын бах нь ганц ханасан гэдэг.

Сурлага, урлаг, спортын амжилтаараа шигшигдэж, сургуулийнхаа үндсэн ангийг бүрдүүлсэн 10А ангийнхныг даасан хоёр ч багш ямар нэг шалтгаанаар хүүхдүүдээ арав төгстөл нь хамт байж чадсангүй. Н.Дэмчигсүрэн багш л гэхэд цагдан сэргийлэхийн ажилтан болж, дэслэгчийн мөрдөс зүүгээд багшлахаа больжээ. Цагдаагийн хурандаа нарын дунд хашсан албаараа ч, хүрсэн амжилтаараа ч, хүнлэг чанараараа ч тэргүүн эгнээнд нэрлэгдэх багштай улс шүү, бид хэмээлцэх шавь нарынх нь ярианаас үзвэл, ангийн багшаараа тэд ихэд бахархдаг ажээ.

Анги даасан багш нар нь төдийгүй, ямар ч хичээл заасан багш нар нь чиглэл чиглэлээрээ, аргагүй л сурагчдынхаа авьяас билгийг өдөөж өгсөн сэтгэлгээ өндөр сэхээтнүүд байжээ. Улс, аймаг, олон улсын математикийн олимпиадад шавь нараа жилийн жилд оролцуулж, алт, мөнгө, хүрэл медалийн цулбуур атгуулж ирсэн Монгол Улсын гавьяат багш Намжилын Өлзийн тухай дурсахгүй өнгөрч болохгүй гэнэ. Тооны энгийн нэгэн багш төдий биш тухайн үеийнхээ толгой сэхээтэн байсан тэр хүн, “Илбэдэж үзье юү” гэх илбэ ухааны ном орчуулснаа, “Квант” сэтгүүлийн энэ дугаарт ийм гоё бодлого гарч, тийм бодлогын уралдаан зарлаж хэмээн шавь нараа өдөөж өгдөг нэгэн байжээ. Тэгээд ч тэр биз, Ардын боловсролын яам, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгээс математик сургалтын түвшин тогтоох шалгалтыг улс даяар явуулахад 10А ангийнхан ангиараа онцсайн үнэлэлт авчээ. Аргагүй эргэлзээ төрсөн биз, дахин шалгалт авахад, онцсайн үнэлэлтээ батлан харуулсан гэдэг. 10А-гийнхан хэдийгээр тоочин хүүхэд олонтой ч, тэднийхээ дундаас Ц.Энхбат гэдэг хүү аргагүй тодорч, 10 дугаар ангидаа улсын олимпиадад шалгаран оролцож, тэргүүн байруудын нэгийг эзэлжээ. Харамсалтай нь, тэр жил олон улсын олимпиадад манай улсаас хүн оролцуулсангүй. Ц.Энхбат, Д.Чулуунбаатар зэрэг сайхан бичиж, зураг зурдаг, ханын сонин эрхлэн гаргадаг хүүхдүүд анги хамт олноос санаачилсан, Ц.Энхбат өөрөө нэрийг нь өгсөн Сургууль төгсөгчдийн уламжлалт сүлд модны наадам буюу СТУСМН хэмээх наадам их л газар авч, сүүлдээ улс даяар явуулж байхаар МХЗЭ-ийн ТХ-ны тогтоол гарч байсан гэдэг. Ц.Энхбат аравдугаар ангиа төгсөөд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуульд геологичийн мэргэжлээр сурч төгсөн, улсдаа толгой цохих мэргэжилтэн, зөвлөх геологич болсон гэнэ билээ.

Монгол хэл, уран зохиолын хичээлийг хожмоо хоёулаа гавьяат багш болсон З.Цэвээнравдан, Д.Жуужаа нар зааж байсан гэх. Долгорын Нямаа найрагч, “Атлантын түрлэг” номондоо, “1950-иад оны эхээр Өлзийтийн бага сургууль, Мандалговийн дунд сургуульд миний багш байсан Хүүхнүүд овогт Дашдаваагийн Жуужаа надтай нэг нутгийн хүн. Тэртээ нутгийн багш, сурагч хоёр олоон жилийн дараа Вашингтонд уулзаж, Цагаан сараар золгоно гэж хэн санах вэ дээ” хэмээгээд хэдэн мөр шүлэг урлажээ.

…Үй зайгүй шороо босдог

Үйзэн жас дээр сум байхад

Жуулхан амьтан явлаа даа, би

Жуужаа багш мэднэ дээ хэмээн нэрт найрагчийн дурсан бичсэн, гавьяат багш Д.Жуужаа тэргүүтэн шавь нараа утга уран зохиолд дурлуулагчид байжээ. А.Доржсүрэн, З.Цэвээнравдан, Д.Жуужаа зэрэг багшаар хичээл заалгаж асан, 10А ангийнхан дотроос өнөө цагийн нэрд гарсан нийтлэлч, орчуулагч, олон хэлний сайн сайн багш нар төрөн гарчээ. Ер нь ч арвын А ангийнхан дотор багш нарын хүүхэд нэг биш, бусдаасаа тэд ялгарах юмгүй, аав ээжийнхээ заасан хичээлийг адилхан л нухан уншиж, хичээлээ хийсэн бол нүүр бардам гар өргөж, давтаагүй үедээ ширээнийхээ доогуур орчих шахан навталзаж суудаг байжээ. Жуужаа багшийн охин М.Сайнтуяа 10А ангийн онц сурлагатнуудын нэг, сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн даргаар гурван ч жил сонгогдсон, бусдыг манлайлагч сурагч байжээ. Тэр ч чанараа өнөө хүртэл гээсэнгүй, Ленинградад төмөр замын холбооны инженерийн мэргэжил эзэмшсэн тэрбээр АНУ-д 17 жил аж төрж, тэндээ товхийсэн бизнес эрхэлж яваа гэнэ билээ.

Мандалговийн арван жилийн үе үеийн төгсөгчид Хандын Чунт гэхээр сүрдэн ширвээтэж, түүний заадаг түүхийн хичээлийг хэрхэн онцлон давтдаг байснаа ам уралдуулан ярьцгаах юм билээ. Хичээл заахаа болиод, өтөл насан дээрээ ирсэн хойноо ч Чунт багш түүхч, судлаачийн хөдөлмөрөө хойш тавьсангүй, “Чингис хааны анхны алтан шармал зоос” гэдэг судалгааны ном бичиж, шуугиан тарьж байв. Түүний хүү Чулуунбаатар 10А ангийнх гэнэ. Ангийнхаа хоёр Чулуунбаатарыг ялгах гэж Чуба, Чука гэж дуудах энэ ангийнхны Чука нь хичээлийнхээ хажуугаар шатарт хорхойсч, аравдугаар анги төгсөхдөө аймгийн насанд хүрэгчдийн аварга, нэгдүгээр зэргийн шатарчин болж байсан бол, Чуба нь үндэсний бөхийн аймгийн идэрчүүдийн аварга болж байсан гэнэ лээ. П.Очирбат Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үнэт цаасны үйлдвэрийн захирал, Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга зэрэг албыг хашиж ирсэн Ч.Чулуунбаатарын шатар заасан шавь нараас нь арван настай Очирбат гэдэг хүү дэлхийн аваргын эрхэм цол хүртжээ.

Газар зүйн багш Ц.Сумъяа гэж үе үеийн олон шавь төрүүлсэн, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, цэцэн цэлмэг үгтэй багш байжээ. Сумъяа багшийн хүү Содовын Энхбат хүүхэд байхын зохион байгуулах авьяастай, элдэв санал санаачилга гаргаж, найз нөхдийгөө мөр холбон элэглэж наргиа хийх хоббитой нэгэн гэнэ. С.Энхбат ерөөсөө ч тушаалаар явдаг цэргийн хүн биш байсан байх, анх элсэн орсон ЦЕДС-иа орхиж, аймгийнхаа Залуучуудын эвлэлийн хороонд зохион зааварлагчаар ажлын гараагаа эхэлжээ. Улмаар УБДС-ийг төгсч, дунд сургуулийн захирал хийж явсан тэрбээр хожмоо хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө зүтгэх болжээ. Дундговийнхны Ариун цэврийн станцын дарга Содов эмч хэмээн хөөршөөн дууддаг эцгийнхээ талаар ихэд бахархаж, манай удамд зүрхний Банзрагч гэж цуутай эмч, нэртэй сэхээтэн байсан хэмээн ярих дуртай тэрбээр ер нь л хүний төлөө ажил үйлсээ зориулж яваа нэгэн билээ.

Энэ ангид физикийн хичээл зааж байсан Д.Нямсүрэн гэж нүд дүүрэн, нэгэн сайхан багшийн төрсөн дүү Д.Мягмар ч бас л 10А-гийн төгсөгч гэнэ. Дундговь нутгийн хүү, Азийн гүйдэг хар хэмээгдэх хөнгөн атлетикийн цуутай мастеруудын нэг Б.Гунгаадоржийн гарын шавь Д.Мягмар хичээл болгондоо тэгш сайн хүүхэд байжээ. 1976 онд арван дөрөвхөн насандаа 4X100-д улсын рекордыг эвдэлцэж, олимпт явахаар яригдаж, оролцсон тэмцээн болгоноосоо гурав дөрвөн төрлөөр алт, мөнгөн медаль хүртэж, олныг гайхшируулж, шагшруулж явсан түүнийг найз нөхөд нь, манай Мягмар хичнээн долоо хоногоор, жилдээ хэд ч бэлтгэлд гарч, хичээл тасарлаа гэхэд хоцрогдоно гэж байхгүй, сурагчийн ширээнээс нэг ч хөндийрөөгүй маниасаа илүү л гарна уу гэхээс, дутаж байсан удаагүй хэмээн ам нэгдэн магтана билээ. Д.Мягмар хурд сорихдоо ч, хичээл сурлагадаа ч бахдам амжилт гаргасаар, ЗХУ-д дээд мэргэжил эзэмшиж, өдгөө усны талаар амыг нь хардаг том мэргэжилтэн, зөвлөх инженер болжээ. Түүнтэй цуг гүйлтийн ойрын зайд хүчээ үзэж, бахдам амжилт гаргаж байсан мастер тамирчин Х.Хишигжаргал ч 10А ангийнх юм гэнэ.

Дөчин жилийн тэртээ төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, үндсэн анги зэрэг тухайн үедээ цоо шинэ нэр олныг хүлээж, тэр ч хэрээр шинэ туршилтыг үр бүтээлтэй даан төгсөцгөөсөн 10А ангийнхан дотроос орос хэлээр л гэхэд, Оросын их дээд сургуулийн нэг хоёрдугаар курсийн оюутны түвшинд бэлтгэгдсэн, орос хэл гэдэг жил дамжин дүрэм үздэг хэл төдий биш, хэрэглээний хэл болохыг харуулсан шилдэг сурагчид олноор төрөн гарчээ. Хэдийгээр Н.А.Некрасовын “Орост хэн жаргалтай вэ?” хэмээх хэдэн мянган шад мөртэй шүлэглэсэн романыг орчуулсан Д.Самдан, арав төгсөх улсын бүх шалгалтаа оросоор өгсөн Өсөхбаяр зэрэг орос хэлээр шагшигдаж гайхагдсан хүмүүс Дундговь аймагт олон байсан ч, Одесс хот дахь Хөргөлтийн технологийн дээд сургуулийг инженер механикаар төгссөн Л.Хүүхэнцэцэгийг нэр цохон дурдах л ёстой хүний нэг аж. Өдгөө хэл шинжлэлийн доктор болсон, МУИС-ийн ахлах багш С.Чимэд, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа, ангийн эвлэлийн үүрийн дарга, их эмч Д.Уранчимэг, Ленинградад төгссөн холбооны инженер М.Сайнтуяа зэрэг охид голдуу орос хэлэндээ гаргууд байсан ч, тэднээс дутахгүй хөвгүүд ч цөөнгүй гэнэ. Хүний их эмч, доктор, Эрхүү хотноо Ерөнхий консулаар сууж байсан Ц.Ганболд хичээл болгондоо сайны хажуугаар орос хэлэндээ ч дөмөг л сурагчдын нэгэн байжээ. Эртний ховор нандин зүйлийн цуглуулгыг цэл залуугаасаа ажлынхаа хажуугаар хобби болгон эрхэлж явсаар өдгөө улсынхаа хуруу даран тоолох мэргэжлийн том цуглуулагчдын нэгэн болтлоо өсчээ. Баян Цэрэндорж гэж бүр социализмын үед нэрлэгдэж явсан эцгийнхээ ажилсаг, няхуур, нэгийг мянга болгох ухаан хар багаас нь суугаа биз, цуглуулга ч хийдэг, морь ч хурдлуулдаг түүнийг ангийнхан нь бас л бэлтэй эр гэлцэх янзтай.

UBS телевизийг үүсгэлцэж, өдөр тутмын хэд хэдэн сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Монголын сэтгүүлчдийн байгууллагыг удирдалцаж явсан, ангийнхан нь Чуба гэх До.Чулуунбаатар гэхэд л ес, аравдугаар ангидаа Оросын утга уран зохиолд хорхойсч, Пушкин, Лерментов, Жуковский нарын зохиолоос орчуулахаар оролдож байсан гэдэг. “Орчуулга оролдож байсан дэвтрүүдээ хожим эргэж үзэхэд, Ц.Дамдинсүрэн гуайн толиноос баахан үг шүүрдэж, хэлхсэн дэмий л юм байж билээ. Үгүй тэгээд дэмжиж, засаад өгөх хүн байсан бол юмыг яаж мэдэх вэ, хүүхэд насандаа өөртөө таарсан орчуулга гаргачих ч байсан юм бил үү” хэмээн хожим нь нэгэнтээ дурсчээ. Түүнийг аравдугаар ангиа төгсөөд их сургуулийн хэл уран зохиолын анги авах гэтэл, өдий олон жил туж онц сурчихаад, ганц хоёрхон хуваарь ирсэн гурав дахь оронд явахгүй юм бол ямар хэрэг байх вэ хэмээн зарим багш нарынхаа ятгаснаар Румын улсын Брашовын Их сургуульд суралцахаар явсан гэдэг. “Ангийнхан маань шагширцгааж байгаа шүү, Л.Хүүхэнцэцэг”, “Чубадаа хосгүй сайхан бүтээл гаргасанд баяр хүргэе. Бахархаж байгаа шүү. Г.Батбаатар”, “Ангийн найздаа баяр хүргэе. Нэвтрүүлэг үзээд бахархаж суулаа. Үнэхээр их хүч хөдөлмөр, оюун ухаан заржээ. Улам их амжилт. С.Чимэд”, “Чуба, Румынд сурсан, инженер болсон нь хамаагүй, цаанаасаа ийм өгөгдөлтэй, авьяас билэгтэй болохоор л ийм бүтээл гаргаж байгаа хэрэг. Ц.Ганболд”, “Чам шиг гоё бичихсэн гэж бид дуурайдаг байлаа, одоо ийм лут том бүтээл гаргасанд чинь бахархаж байна. М.Сайнтуяа”, “Айл бүхэнд байхаар, хүн бүхэнд хэрэг болохоор толь бичиг бүтээжээ. С.Энхбат”, “Сайхан бүтээл болжээ, гайхалтай. Д.Мягмар”. Энэ үгс бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн До.Чулуунбаатар зохиолчийг тун саяхан “Англи-Монгол хэлц хэллэгийн их толь” бүтээлээ гаргасанд нь ангийнхаас нь баяр хүргэсэн хэдхэн жишээ.

1979 оны төгсөгч 10А ангийн онцолж нэрлүүштэй сурагчид бол онц ч сурдаг, хөгжим ч дардаг, сагс ч сайхан тоглодог, Эрхүү хотын УААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, ангийн дарга Ц.Нацагдорж, УБДС-ийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсч, Эрдэнэт хотод сургуулийн захирал, төрийн захиргааны байгууллагад олон жил газар, хэлтсийн даргаар ажилласан, нутаг орондоо бол С.Удвал дарга шиг нэр хүндтэй Ишмаа даргын хүү гэхээр анддаггүй Гүнчингийн Батбаатар, Ташкент хотын ХАА, Усжуулалт Механикжуулалтын дээд сургуулийг төгсч ирээд, Өмнөговь аймгийн УАА-н газар, мөн аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өдгөө АНУ-д бизнес эрхэлж байгаа Д.Сарантуяа, аймагтаа цор ганц хурандаа цолтой цэргийн хэлтсийн дарга Дэмбэрэл гуайн эрх танхи охин, ангийнхаа жавхаатай охидын нэг, холбооны инженер Сайннэмэх, Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд, нэрд гарсан улстөрч Ж.Наранцацралтын төрсөн дүү, өдгөө хувийн бизнес эрхэлж яваа эдийн засагч Ж.Нарантуяа гээд сайн сайн сурагчид эдний ангид олон л байжээ.

Аливаа ангид гоц сайн сурдаг хүүхдүүдээс гадна, жигд сайн сурдаг, хамт олныхоо гол ноён нурууг бүрдүүлдэг, тийм онцолж яриуштай хүүхдүүд цөөнгүй байдаг. Томоотой, даруухан, “толгой”-той гэгдэх Г.Адьяасүрэн, ангийнхан дотроосоо голомтоо сахиж Мандалговь хотдоо аж төрж яваа, трактор хэмээх Г.Ганбаатар, хэд хэдэн улсад Элчин сайдын яаманд ажилласан, ярианд нь шимтүүштэй Н.Ганболд, цэргийн нисэхийн засвар техникийн мэргэжлийг Одесст эзэмшсэн, хүнлэг, үнэнч Ц.Лхамдорж, бие жижиг ч, подхийсэн үгтэй, хуур урлаач, авто инженер Г.Мөнхтөр, ангиасаа ганцаар хууль хяналтын байгууллагад шүүгчээр ажиллаж буй, цэвэрч цэмцгэр, нягт нямбай Ж.Мөнхтуяа, татварын мэргэшсэн нягтлан, өөдрөг сайхан сэтгэлтэй Д.Мөнхцэцэг, тоогоор найраг хэлхдэг, мэргэшсэн нягтлангууд болох МУИС-ийн гэгдэх Ш.Мөнхцэцэг, нефтиэр нэрлэгдэх Б.Буяндэлгэр, нэр нь ижилхэн төдийгүй овог нь хүртэл ижил үсгээр эхлэх хоёр Наранцэцэг, гурван Сарантуяа, тэр дотроосоо Шатарын Сарантуяа нь аугаа их уртын дууч Ж.Дорждавга гуайн гал зээ нь ажээ. Мөн нэр нэгт Ш.Сарантуяа нь Политехникийн дээд сургуулийг төгсөж, өнөөдрийг хүртэл Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрт инженерээр ажиллаж байна. Мастер тогооч Магсар гуайн алдрыг өнөө энэ үед түүчээлж яваа З.Должинсүрэн, барилгын инженер даруухан, чамбай Д.Үржинцэцэг, хэд хэдэн суманд төрийн захиргааны ажил хийсэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Л.Энхжаргал, ангийнхан дотроосоо алс Ховдын Мянгадад ажиллаж амьдарч яваа Ж.Энхтуяа гээд эдний ангийнхны түүхийг эвлүүлж бичихэд их цаг хугацаа орохоор бололтой.

1979 онд 10А ангийнхан дөчин нэгүүлээ сургуулиа төгсөхөд гуч гаруй нь гадаад дотоодын их, дээд сургуульд хуваарь аван, үүрнээсээ хөөрөх шувуухай шиг хол ойрыг зорин морджээ.

1979 оны Мандалговийн цэнхэр хавраар уянга дуу бас дутсангүй. Орос багштай анги гэсэндээ хайр дурлал, холдолт үдэлтийн олон арван монгол дууны зэрэгцээгээр “Смуглянка” зэрэг цаанаа хөнгөн гуниг, хайр сэтгэлийн эгшиглэнтэй олон дууг хоолой нийлүүлэн дуулж суужээ. Ийм нэгэн эх орны дайны үед гарсан ч, эгнэгт мөнхөрсөн дууг өнөө хэр нь аялах нь ээ, тэд бас янз нь.

Как-то летом на рассвете

Заглянул в соседний сад.

Там смуглянка-молдаванка

Собирала виноград.

Я краснею, я бледнею,

Захотелось вдруг сказать:

Станем над реком

Зорьки летние встречать!

Арван найман насандаа ч дуулдаг, амьдралын турш ч дуулдаг, туулдаг хорвоо доо, наяад оны төгсөгчид минь, Мандалговийн найраг шиг сайхан нөхөд минь ээ.

Categories
мэдээ спорт

Соёолон: Очирсүрэнгийн зээрд үрээ түрүүллээ

Related image

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны 200 гаруй хурдан үрээ морьдын уралдсанаас Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд үрээ, аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы халиун үрээ орж, Монгол Улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбатын уясан зээрд халзан үрээ, Булган аймгийн Сайхан сумын уугуул, Улсын Дээд Шүүхийн шүүгч Сандагийн Нямжавын халтар үрээ, Увс аймгийн Тэс сумын харьяат н.Дамдий-Ядамын цоохор үрээ тус тус айрагдлаа.

Categories
мэдээ цаг-үе

Г.Майцэцэг: Хятадыг “байлдан дагуулж” олсон мөнгөө Монголдоо зориулна

Г.Майцэцэг жуулчидтай хамт

“Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэгтэй ярилцлаа.


-Европоос хурааж хумьсан 600 мянган доллараа халааслаад ирж байх үеэс тань гадарлана. “Эксклюзив”-ийг үндэсний брэнд болгоно гэсэн зорилго нь биелсэн үү?

-Биелсэн. 600 мянган ам.доллараа атгаад ирж байсан үеэс хойш компанидаа бараг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихлээ. Үйлдвэртэй болсон, хувцсаа массаар үйлдвэрлэж байна. Массаар үйлдвэрлэхээр хямд үнэ гэсэн давуу тал үүсч байна. олон жил хүний нутагт амьдрахаар өөрийн эрхгүй эх оронч үзэл зүрхэнд шингэдэг юм билээ. гэхдээ бид эх оронч үзлээ буруугаар илэрхийлдэг улс шиг санагддаг. эх оронч байна гэдэг бол энгийнээр үндэсний үйлдвэрлэлээ л дэмжих. дотоодынхоо нэг барааг авахад цаана нь дөрвөн хүний ажлын байрыг баталгаажуулж байдаг. Ажилтай орлоготой нэг хүн цаанаа дөрвөөс таван хүн тэжээдэг гэж хармаар санагддаг. Улсын их дэлгүүрт явж байтал нэг солонгос оюутан “солонгосын цэвэр ус байна уу” гэж асууж байхтай таарсан юм. асуусан ус нь байгаагүй л дээ. худалдагч бүсгүй монгол ус санал болгоход авалгүйгээр, Солонгост үйлдвэрлэсэн жүүс аваад гарч байсан нь санаанаас гардаггүй. Хилийн дээс алхсан мөртлөө эх орныхоо экспортыг дэмжээд солонгос бүтээгдэхүүн авч байна гэдэг маш том философи, агуу эх оронч үзэл.

-Манайхан анх гадаадын бараа гэж шуурдаг байснаа бодвол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагатай болсон. Танд тийм хандлага анзаарагдаж байна уу?

-Намайг Европоос ирээд бизнесээ эхлээд удаагүй үед танай сонин анх удаа ярилцлага авч байсан. тэр үед манайхыг монгол гэдгийг мэдсэн байсан л даа. тэрнээс өмнө 2009, 2010, 2011 онд “Exclusive”-ийг дотоодынх гэж мэддэггүй байлаа. би ч тухайн үед монгол брэнд гэж зарлахыг хүсээгүй.

Монголын зах зээл үндэсний брэндэд бэлэн биш байсан л даа. тэр үеийн болон өнөөгийн хэрэглэгч, худалдан авагчдад газар тэнгэр шиг том ялгаа бий. хүмүүс манайхаар үйлчлүүлэх дуртай болсон. тэр дундаа залуус их мундаг болж. үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ ээ гэж ирээд худалдан авалт хийдэг. Ялангуяа наадам, цагаан сараар үндэсний загвартай хувцаснуудаас маань их авдаг. Урьд нь брэнд өмсөж өөрийгөө илэрхийлдэг байсан бол одоо залуусын хандлага их өөр болж байна. биед эвтэйхэн, энгийн, үндэсний үйлдвэрийн гэх мэтээр сонголт нь илүү ухаалаг болчихож. “эксклюзив”-ийн уриа нь “хүн та өөрөө үнэ цэнэ” гэсэн дөрвөн үг. хямд хувцас өмслөө гээд таны үнэ цэнэ буурахгүй, та л өөрөө үнэ цэнэ гэсэн утгатай уриа л даа. Залуус яг ийм сэтгэлгээтэй болсонд олзуурхаад барахгүй байна. Үнэтэй брэнд авснаас аятайхан хямд хувцас сонгоод илүү гарснаар нь ном авч уншъя гэсэн бодолтой залуусыг харахаар ирээдүй өнгөтэй, сайхан болно гэдэгт эргэлздэггүй.

Г.Майцэцэгийн байгуулсан охидын оёдлын клуб

-Анх уулзахад дэлгүүртээ ажиллаж байсан, сая бас хүмүүст үйлчлээд зогсож байна. Худалдаан дээрээ байнга зогсдог уу?

-Би өөрөө худалдаан дээрээ байх дуртай. зарим хүмүүс өрөвдөнгүй харцаар хардаг л юм. “худалдагч авчихгүй дээ” гэж боддог байх (инээв). Иймэрхүү хандлагыг тоодоггүй. би олон улсын маркетингийн зах зээл судлаач.

Зах зээлийн эрэлт хэрэгцээг судалж, бүтээгдэхүүнийг ямар үнээр хэнд хэрхэн борлуулах вэ гэдэг бол миний хийдэг ажил. Ер нь хувцасныхан хамгийн хүндэтгэлтэй хүндээ өөрсдөө үйлчилдэг. Италийн “Пьер Гарден”-ы захирал гэхэд л хүндтэй зочиндоо өөрөө үйлчилдэг.

-Танай наадмын загварууд их энгийн, өдөр тутам өмсөхөд ч зохимжтой хийцтэй санагдлаа. Монгол дээлний загвартай тааран цамцнуудыг зуны халуунд өмсөөд явахад зүгээр юм. Наадмын загвараа жил бүр шинэчилдэг үү?

-Манайх өдөртөө 5-8 загвар гаргадаг. Тэгэхээр наадмын загварууд жил бүр шинэчлэгддэг гэсэн үг. Гаргасан загвараараа үйлдвэрлэсэн хувцсаа дахиж үйлдвэрлэдэггүй. Хүмүүс ташраараа нэг загварын хувцас өмсөөд явахыг хүсэхгүй. Тэгэх л юм бол зах зээлээ алдана, оршин тогтнож чадахгүй шүү дээ. Эрчүүд манай дэлгүүрт орж ирэхээрээ гомдонгуй байдаг. Эрчүүдэд зориулсан хувцас хийгээч гэдэг юм. Энэ жил эрчүүдэд зориулсан тааран материалтай монгол цамцнууд хийсэн, их сонирхож байна. Уг нь эрчүүд, хүүхдүүдэд зориулсан загвар гаргаж, хувцас үйлдвэрлэмээр байгаа ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод өнөөхөндөө ажил болгож амжихгүй л явна. Загвар ярьсных нэг зүйлийг онцолж хэлмээр санагдчихлаа. Монголд fashion загвар хийх их хэцүү.

-Яагаад?

-Европын зах зээл дээр арваад жил ажилласан, Хятадад ажиллаж үзсэн хүний хувьд монголчуудаасаа нэг онцгой чанарыг олж харсан. Монголын зах зээл бол яалт ч үгүй “супер зах зээл”. Хэрэглэгчид нь бүгдээрээ дизайнер. Хятадад, Европт ялгаагүй загварын товчооны гаргасан загвараар үйлдвэрлэгдсэн хувцсан дээр ямар ч хэрэглэгч юу ч ярьдаггүй. Дуугүй л худалдаж авдаг. Гэтэл манайд бараг хүн бүр энэ загварыг ингээд өөрчилчихвөл бүр гоё гэх мэтээр санаа, оноогоо хэлдэг. Ийм зүйлийг зөвхөн Монголд л үзэж болно. Шинэ бүтээгдэхүүн гарлаа гэхэд бид бүх зургийг нь аваад фэйсбүүк хуудсандаа тавьдаг. “Эксклюзив” залуу дизайнеруудад луужин нь болоосой гэсэн хүслээр тавьдаг юм. Манай дэлгүүрээр оёдлынхон их орж ирнэ ээ. Нууж хаагаад зураг авна. Манайхан их нэрэлхүү, “Санаа зоволтгүй ав” гэхээр “Зүгээр ээ” гээд байдаг юм (инээв). “Экслюзив”-ийг зориод ирсэн оёдолчдод би “Шаардлагатай бол эсгүүрийг нь авч болно” гэж хэлдэг.

“Эксклюзив”-ийн энэ зуны наадмын загвар

-Монголд үйлдвэрлэсэн бараа импортынхоос үнэтэй байна гэсэн шүүмжлэл давтамжтай дуулддаг. “Эксклюзив”-ийн хувцасны хувьд хэрэглэгчдийг татах бас нэг зүйл нь түрүүн таны онцолсон хямд үнэ юм шиг санагддаг…?

-Нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Манайх массын үйлдвэрлэл явуулдаг. Цор ганц хувиар захиалж хийлгэх ч юм уу, цөөхөн тоогоор гар аргаар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийн хувьд үнэтэй байхаас аргагүй онцлог бий. Үйлдвэрлэж, бүтээж, үнээр өрсөлдөж чадаж байгаа нь хэрэглэгчдийг татаж, бизнесээ тэлдэг нь зах зээлийн зарчим л даа. Импортын хувцасны тухайд надад нэг мөрөөдөл байдаг юм. Ядаж хүүхдийн футболкийг хаанаас ч оруулж ирэхээргүй болтол нь эх орондоо үйлдвэрлэх юмсан гэж мөрөөддөг. Энэ мөрөөдлөө хэзээ нэгэн өдөр биелүүлнэ гэдэгтээ эргэлздэггүй.

-Жуулчид хэр их үйлчлүүлдэг вэ?

-Төв зам дагуу болохоор ер нь л орж ирнэ шүү. Монгол загварын цамц, хувцас их сонирхдог. Польш хүн ороод ирвэл нутгийнхаа хүнтэй уулзчихсан юм шиг дотночлоод сүйд болно шүү дээ (инээв). Орос, англиар харилцчихна. За тэгээд солонгос, англи, вьетнам гээд орж ирсэн үндэстэн бүртэй ядаж эх хэлээр нь мэндчилж харилцахсан гэж хичээдэг. Эх хэлээр нь мэндлэхэд хэнд ч дотно, аятай санагдана. Эх хэлээр нь уулга алдахад уяраад ирдэг. Наймаа гэдэг бол ганц мөнгө олохын нэр биш л дээ. Хүний сэтгэлийг татах ажил. Ер нь үйлчилгээнийхэн жуулчидтай сайхан харилцаж дотно сэтгэгдэл үлдээгээд байвал аялал жуулчлал хөгжихөд том дэмтэй гэж боддог.

-Танай загварын товчоо Хятадад ажиллаж эхлэх гэж байгаа гэв үү?

-Манай загварын товчоо урд хөршид салбараа нээж ажиллахаар болсон. Сайхан боломж ч гэлээ хөнгөн гуниг төрөөд л байна. “Экслюзив” брэнд 2012 онд Хятадад үйлдвэрээ нээсэн юм. Эхэндээ чөлөөт бүсэд үйлдвэрлэл явуулж “Made in Mongolia” гэсэн шошготой барааг дэлхийн зах зээлд гаргах байсан ч 2012 онд засаг солигдож, шинэ засаг өмнөхийнхөө шийдвэрийг үгүйсгэдэг жишгийн золиос болчихсон. Ингээд “Made in Mongolia” гэсэн шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахааргүй болсон. Гэхдээ Хятадын нэг компанитай хамтарч урд хөршид үйлдвэрлэл явуулаад дэлхийн зах зээл дээр бараагаа гаргах урт хугацааны зөвшөөрөл авч чадсан л даа. Хятадын зах зээлийн хувьд иргэдийг нь цалинтай, ажилтай байлгаж, түрээсээ төлж яваа бизнес эрхлэгчдээс элдэв татвар нэхдэггүйгээрээ онцлог юм билээ. Хятадад аль болох их бараа үйлдвэрлэ, хятад иргэдийг дажгүй цалинтай ажиллуул, иргэд нь орлоготой бол улс баян байна гэсэн философи нь таалагдсан. Гэвч тухай үед төрийн өндөр алба хашиж байсан хүнээс нэг үг сонсоод тэндэх үйлдвэрээ хаагаад буцаад ирсэн юм. Тэр хүний “Хүний улсыг биш өөрийн орноо хөгжүүл л дээ” гэсэн үг их нөлөөлсөн. Харин одоо Хятадын зах зээл дээр гарч үйлдвэрлэл явуулж, хувцсаа дэлхийд экспортлох нь дээр юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Мэдээж Хятадыг байлдан дагуулж олсон мөнгөө Монголдоо зориулна.

-“Эксклюзив”-ийн загварын товчоо урд хөршийн ямар компанитай хамтрах гэж байна?

-Хамтрах компанитайгаа их сонин түүхээр холбогдож байсан юм. 2012 онд манайх хүннү захтай сөдөн куртик хийлээ. Хасах 40 хэмийн хүйтэнд дулаанаа хадгалах чадвартай сөдөн куртик өмнө нь Монголд хийгдэж байгаагүй болохоор их шинэлэг, хүн бүр гоёор хүлээж авсан. 2013 оны цагаан сараар урд хөршийн хэсэг наймаачид бүх куртикийг маань бөөндөөд авчихдаг юм. Би ч бараагаа зарчихлаа гээд бөөн баяр. Гэтэл дараа жил нь өнөө загвар маань урд хөршийн зах зээл дээр моодонд орчихдог байгаа.

-Танай загварын товчооны бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглачихаж байгаа хэрэг үү?

-“Эксклюзив” гэдэг нэрийг ашиглаагүй учраас заргалдаад ямар ч нэмэргүй байсан л даа. Загварыг шүүхдэх их хэцүү. Эмжээр нь манайх 5 мм, хуулсан компанийнх 4.5 мм байхад л биш гээд үзчихдэг. Ядуугийн зовлон гэдгийг ёстой тэр үед л биеэрээ мэдэрсэн дээ. Гэхдээ ямар ч асуудлын цаана боломж байдаг. “Эзсклюзив”-ийн өмнө Хятад гэж том зах зээл дэлгээтэй байгааг олж харсан. Том брэндүүд А копи загвар нь гарахаар загвар нь трэнд боллоо гэж баярладаг. Тэгэхээр бидний загвар урд хөршид трэнд болсон байгаа биз. Загварыг маань хуулж сөдөн куртка үйлдвэрлэсэн компанитайгаа хамтарч ажиллах гэж байна (инээв).

-Монголын чадварлаг оёдолчид Хятадад өндөр цалингаар ажилладаг гэсэн, хэр бодитой мэдээлэл вэ?

-Бодитой үнэн. Манайд ажиллаж байсан оёдолчид ч урд хөршид ажилладаг. Хятадад монгол оёдолчин, хувцасны дизайнер, үсчин, тогооч, гоо сайхан, алт мөнгөний дархан гэх мэт мэргэжил өндөр үнэлгээтэй байдаг юм. Монгол залуус олноороо тэнд ажиллаж байна. Оёдолчид гэхэд сард 5-6 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Хятадын нэг хүүхдийн бодлого залуусыг нь ачаалал даах чадваргүй болгочихож. Ганц хүүхэд гээд ээж, аав, эмээ, өвөө, ах дүү нь бөөцийлөөд өсгөчихдөг. Ингэж өссөн хүүхэд хэдэн цагаар нам сууж ажиллаж чаддаггүй, ажилд орохоороо шантраад гарчихдаг юм байна л даа. Чадвартай монгол залуус тэнд өндөр цалинтай ажилд үнэлэгдээд байгаа нь цаанаа ийм учиртай юм билээ. Манайханд нэг л сул тал бий. Тэр нь нэг газраас гараад нөгөө байгууллагад очихоороо өмнөх компаниасаа сурсан бүхнээ зааж өгөөд байдаг. Манайхны энэ сул талыг олж харсан Хятадын компаниуд бизнесийн нууц битгий алдаарай гэсэн утгатай гэрээ л байгуулдаг гэсэн. Нэг компанийн бизнесийн нууцыг нөгөөд дамжуулахгүй байх нь дэлхий даяар барьдаг бизнесийн алтан зарчим. Манайхан л нутагшуулж чадахгүй байна.

-Охидын дунд оёдлын клуб ажиллуулж байгаа юм билээ. Яагаад ийм клуб ажиллуулъя гэж бодсон бэ?

-Миний хийж чадах зүйл гээд эхлүүлсэн. Одооны залуус залхуу гэж шүүмжлэхийн оронд ирээдүй үеэ хөдөлмөрт дуртай болгохын тулд миний зүгээс хийсэн жижигхэн хөрөнгө оруулалт байгаа юм. Үйлдвэртээ нэг өрөө тохижуулчихсан. Үйлдвэрээс гарсан даавууны өөдсөөр охидоороо үсний боолт оёулж ширхэгийг нь 1000 төгрөгөөр худалдаж авсан чинь их урамтай байгаа. Охид маань бүр даавуун цүнх оёод эхэлсэн. Оёдлын сургалтын анхны өдөр есөн настай нэг охин “Багшаа миний өмсдөг хувцас ямар их хөлс хүчээр бүтдэг юм бэ. Одоо би хувцсаа хайрлаж хямгадаж өмсөнө өө” гэхээр нь баярласан гэж. Би оёдлын клубээ хүүхдүүдэд ийм л сэтгэл, хандлагыг өгөх гэж эхлүүлсэн юм. Тэрнээс биш манай клубт сурсан хүүхэд бүр оёдолчин, хувцасны дизайнер болохгүй нь тодорхой.

-Танд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бол?

-Миний өвөө. Буриад гэж хүн байлаа. Хуучин Мах комбинатын Үйлдвэрчний эвлэлийн даргаар насаараа ажилласан даа. Хөдөлмөрч, өгөөмөр гэж жигтэйхэн. Дээд айл нь хүүхдээ уйлуулахад л хаалгыг нь тогшдог байсан хүн. Байрныхан нь “Буриад гуай сонсчихно” гээд хүүхдээ уйлахад сандардаг байсан гэдэг (инээв). Өвөөгийн минь загнаж байгаа нь хүртэл зүйр үг байжээ, одоо бодоход.

Б.АМИНА

Categories
мэдээ цаг-үе

Х.Батчимэг: Төрийн албан хаагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 644 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар нэхэмжилсэн

УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгтэй ярилцлаа. Тус алба хууль бусаар олж авсан хөрөнгийг хураахад бодлогоо чиглүүлж байна.


-Өнгөрсөн дөрөвдүгээр сард танай албыг шинээр байгуулснаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, эдгээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх юм байна гэж ойлгосон. Энэ тухай тайлбарлахгүй юу?

-2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэсэн зохицуулалт туссан. Үүнтэй холбоотойгоор манай алба нь хуулиар прокурорт олгосон эрх, үүргийн хүрээнд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой. Энэ онд Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс хийсэн судалгаагаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлснээс үүдсэн хохирол төлөгдөөгүй, байгаль орчин сүйдсэний үр дагавар арилаагүй, хууль бусаар байгалийн баялгийг ашигласныг нөхөн сэргээх төлбөрийг гаргуулаагүй зэргээр хохирол төлөгдөөгүй тохиолдлууд цөөнгүй тогтоогдсон. Ийм ч учраас хохирлыг төлүүлэх тал дээр бодлогын арга хэмжээ авахуулахаар тус албыг бий болгох бас нэг шалтгаан болсон. Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах, төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, шаардлагатай бол асуудлыг зөрчил, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгуулж, тогтоолгох, энэ чиглэлийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах зэрэг чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Дээр хэлсэнчлэн байгаль орчин сүйтгэгдсэн байхад прокурор эрүүгийн журмаар шалгуулахаас хэтэрдэггүй, хэргийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахаас хохирол төлбөрт төдийлөн анхаарч байгаагүй. Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн л бол хохирлыг нь иргэний журмаар төлүүлэхээр араас нь явдаггүй байсан. Харин одоо бол бид төр нийтийн эрх ашиг хохирсон л бол хохирол төлөгдтөл араас нь явах ёстой гэсэн бодлого барьж ажиллана. Төрийн ашиг сонирхол гэдгийн цаана ямагт нийтийн ашиг сонирхол давхар яригдана.

-Шийдсэн тодорхой жишээнүүдээс дурдахгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн тухайн хөрөнгийг нь гаргуулах асуудлыг прокурор шийдүүлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 644 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар прокурор нэхэмжилсэн. Тухайн хүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учраас эд хөрөнгө хураагаагүй. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тухайн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хуулийн дагуу ч хууль бус хөрөнгийг гаргуулахгүй бол бид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг. Иймээс иргэний журмаар прокурор нэхэмжилж, шүүх уг гэм хорыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ мэт хууль бусаар олж авсан хөрөнгө, мөнгөний араас прокурор явах ёстой. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа ч иргэний хариуцлагаас чөлөөлөхгүй. Тийм учраас энэ мөнгийг улсын орлого болгох ёстой.

Ер нь төр, нийтийн эрх ашиг хохирсон асуудлаар төрийн холбогдох байгууллагуудаас манайд хүсэлт илгээхэд бид дүгнэлт хийж үздэг. Хохирсон байна гэж үзэж, хохирол бодитой тогтоогдвол хохирлыг иргэний журмаар нэхэмжилдэг. Хэрэв эрүүгийн журмаар шалгуулахаар бол эрх бүхий мөрдөх байгууллагад нь өгч шалгуулна. Зөрчлийн шинжтэй бол холбогдох байгууллагад шилжүүлэх ажил хийнэ. Төр, нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн харилцаа л байвал бид судалж үздэг. Ер нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан тохиолдолд хохирол төлөгдөх хүртэл нь прокурорын байгууллага ажиллах ёстой гэж бодож байна. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд “Хайр” нэртэй хөшөө байдаг. Залуучууд наана нь зураг авахуулж байгаад унагаж эвдэлсэн байсан. Үүнийг засч сэргээсэн зардал нь таван сая төгрөг болсныг Сүхбаатар дүүргийн прокурорын газар шүүхэд нэхэмжлэл гаргаж, буруутай хүнээс мөнгийг нь гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нийтийн өмчид хохирол учирсан дээрхтэй адил тохиолдолд төр, нийтийн эрх ашгийг прокурор хамгаалж ажиллах боломжтой юм.

-Дээрх 644 сая төгрөгтэй холбогдох хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна. Ер нь авлигын хэрэгтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааг ердийн хэргүүдтэй ижилхэн тавьж өгсөн нь “ял завших” боломжийг бүрдүүлээд байгаа юм биш үү?

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хамгийн урт хугацаагаар тооцно гэсэн байдаг. Монгол Улс уг конвенцид нэгдэж орсон тул хууль тогтоомжиндоо конвенцийн заалтыг суулгах ёстой. Гэтэл манай Эрүүгийн хуульд авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ердийн хэргүүдтэй ижил байдлаар зохицуулсан нь учир дутагдалтай болсон гэж би хувьдаа боддог.

Авлигын хэргийг шалгаж, нотлоход амаргүй, цаг хугацаа их шаарддаг онцлогтой. Жишээ нь, хахууль өгөх, авах хэрэг нь тухайн хүмүүсээс өөр хүн мэдэхгүй. Хэн хэн нь сэтгэл хангалуун үлдсэн тохиолдолд илрэхэд бүр ч хэцүү. Иймд үед хахууль авсан, өгсөн үйлдлийг нь хөндлөнгийн нотлох баримтаар нотолж, тогтоон илрүүлнэ гэдэг нарийн түвэгтэй, тусгай ажиллагаа шаарддаг. Ингээд шалгаад, шүүхээр гэм бурууг тогтоолгоход бараг л бэлэн болсон байх үед хөөн хэлэлцэх хугацаа нь дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдлууд байдаг. Хэрэв хэн нэгэн нөгөөхөө зодсон хэрэгт энэ намайг зодсон гэж хэлээд тухайн асуудлыг шалгаж тогтооход магадгүй тийм ч хэцүү биш байх. Тэгэхээр одоогийн Эрүүгийн хуулинд авлигын зарим хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тогтоосныг би арай богино гэж хуульчийнхаа хувьд дүгнэж байна. Хэрэв Эрүүгийн хуульд авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 10, 20 жилээр тусгасан байсан бол 644 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээс гадна ял оногдуулах боломжтой байсан байх.

-Хорих ялаар шийтгүүлсэн хүний хөрөнгийг хураана гэж байна. Нэгэнт ял авчихсан хүнийг давхар шийтгэж болж байгаа юм уу. Коммунист үеийн арга барил юм биш үү. Монголчууд баялаг бүтээгч нарыг үзэн яддаг болчихоод байгаа. Энэ нь их буруу зүйл шүү дээ?

-Эрүүгийн хуулинд гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл, эс үйлдэхүйг л гэмт хэрэг гэж үздэг. Хэрэв Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг үйлдсэн нь тогтоогдвол тухайн хүн эрүүгийн хариуцлага хүлээх нь зайлшгүй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тухайн хүний хууль ёсоор олж авсан өмч хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд заавал хураан авах хуультай. Хэн ч хууль бусаар хөрөнгөжих учиргүй юм.

Г.Бат

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

15-16-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

Image result for дуу цахилгаантай бороо

МАЛЧИД, АРД ИРГЭД, НААДАМЧДЫН АНХААРАЛД

13-14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-16-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 12-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 13-НААС 07 ДУГААР САРЫН 17-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

13-14-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15, 16-нд зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 15-16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Гурвын даваанд ам авсан байдал

Related image

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Хүчит бөхийн барилдааны зүүний магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр, барууны магнайд Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүлэн барилдаж байна.

ГУРВЫН ДАВААНЫ АМ АВСАН БАЙДАЛ:

Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – аймгийн арслан Г.Отгонбаатар /Дорнод/

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ -аймгийн арслан Д.Болдбаатар /Өвөрхангай/

Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан Д.Батбаяр /Баянхонгор/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – залуу бөх О.Хангал /Завхан/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн хурц арслан Г.Баяржавхлан /Дундговь/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/

Улсын арслан Д.Ганхуяг /Өвөрхангай/ – аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын арслан Х.Мөнхбаатар /Хөвсгөл/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн заан О.Бундхорол /Өвөрхангай/

Улсын арслан Д.Азжаргал /Говьсүмбэр/ – аймгийн арслан Т.Ядамсүрэн /Өвөрхангай/

Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ – аймгийн харцага Ц.Батжаргал /Өвөрхангай/

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ /Архангай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын гарьд М.Баяржавхлан /Завхан/ – аймгийн арслан Д.Аззаяа /Хэнтий/

Улсын гарьд Д.Рагчаа /Архангай/ – аймгийн арслан Т.Сайханжаргал /Говь-Алтай/

Улсын гарьд И.Доржсамбуу /Булган/ – аймгийн арслан Д.Бадамгарав /Ховд/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – аймгийн арслан Т.Буянжаргал /Дорноговь/

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ /Говь-Алтай/ – аймгийн заан Э.Баасандорж /Завхан/

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний Баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Image result for Наадам

07:00-10:30 цагт Соёолон насны морьдын уралдаан – Хүй долоон худагт

07:00-12:00 цагт Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг – Сурын талбайд

08:00-11:00 цагт Шагайн харвааны хагас шигшээ тоглолт – Шагайн асарт

09:00-11:00 цагт Хүчит бөхийн барилдааны гурвын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

10:00-11:00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

09:00-17:00 цагт “Хөхүүрийн айраг” наадам – Хүй долоон худагт

10:30-12:30 цагт Дааганы уралдаан – Хүй долоон худагт

11:20-12:40 цагт Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

11:20-12:40 цагт Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

11:00-14:00 цагт Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт – Шагайн асарт

12:00-14:00 цагт Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг – Сурын талбайд

14:00-15:30 цагт Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах – Шагайн асарт

14:00-14:30 цагт Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа – Сурын талбайд

14:30-15:10 цагт Хүчит бөхийн барилдааны тавын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

15:10-15:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

15:30-16:20 цагт Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

15:20-16:00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

16:00-16:40 цагт Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

16:20-16:40 цагт Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

16:40-17:20 цагт Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:30-17:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна -Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:40-18:40 цагт Хүчит бөхийн барилдааны наймын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

18:30-19:00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

19:00-19:20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна – Төв цэнгэлдэх хүрээлэнд

19:20-19:50 цагт Хүчит бөхийн барилдааны есийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

19:50-20:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна – Төв цэнгэлдэх хүрээлэнд

20:00 цагт Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана – Төв цэнгэлдэх хүрээлэнд

20:10 цагт Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол – Төв цэнгэлдэх хүрээлэнд

21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн – Жанжин Д.Сүхбаатарын талбайд

Categories
мэдээ спорт

Үндэсний бөхийн хоёрын даваа эхэллээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Нэгийн даваанд улсын начин Ж.Оргил, Д.Цогзолдорж, Б.Сугаржаргал, Л.Лха-Очир, Н.Батжаргал нар учраа залуу бөхдөө уналаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанд 512 бөх барилдаж байна. Үүнээс улсын аварга зургаа, Улсын арслан найм, Улсын гарьд зургаа, Улсын заан ес, Улсын харцага 16, Улсын начин 48 бөх зодоглож байна. Мөн аймгийн арслан 115, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймгийн начин 80, залуу бөх 162 барилдаж байна.