Categories
мэдээ улс-төр

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 27 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ. Мөн дугаарт Журам батлах тухай, Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Журам батлах тухай тогтоолоор Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилготой Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журамыг баталжээ. Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд оролцогчдын чиг үүрэг, Засгийн газрынүнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа, анхдагч зах зээлийн ерөнхий зарчим, арилжааны хуваарь, арилжааны мэдэгдэл, төлбөр, тооцоо, бүртгэл, Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа, түүний зарчим, Үнэт цаасыг буцаан худалдан авах, хугацаа сунгах, нөхцөл тогтоох болон бусад зохицуулалттай холбоотой мэдээллийг эмхэтгэлийн шинэ дугаараас авах боломжтой.
Барилга, ус, эрчим хүч, харилцаа холбоо, нефтийн барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцооны зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд барилга байгууламжийг найдвартай, бат бэх, ашиглалтын болон угсралтын үеийн өртөг зардал багатай, үр ашигтай байдлаар төлөвлөх, барьж байгуулах, барилгын материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу барилгын үйл ажиллагаанд шаардагдах стандартчилал, нормчлолын үндсэн чиглэл, бүрдлийг тогтоох зорилгоор Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай тогтоолыг Засгийн газраас баталжээ. Тогтолцоо нь барилга байгууламжийг төсөллөх, зураг төсөл зохиох, боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилга байгууламжийг ашиглах үед заавал болон сонгон мөрдөх, техникийн болон аюулгүй, найдвартай байх нөхцөл шаардлагыг тодорхойлсон, барилгын ажлын уялдаа, дарааллыг тогтоож, бүтээгдэхүүний үр ашиг, чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн харилцан уялдаа бүхий техникийн зохицуулалт, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгүүдээс бүрдэх юм байна. Тогтолцооны баримт бичиг нь барилгын салбарын техникийн зохицуулалт, барилгын норм ба дүрэм, барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандарт гэсэн хэлбэртэй байх бөгөөд Тогтолцооны баримт бичгийг боловсруулах, хэрэглэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран баримтлах юм байна. Энэхүү баримт бичгийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2019.07.17) хуралдав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар болон төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин даргалж, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Солтан, Д.Эрдэнэбат, Л.Болд, Ж.Батзандан нар оролцов. Мөн уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг, Д.Гангабаатар, Үндсэн хууль судлаач О.Машбат, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар оролцлоо.

Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, энэ талаарх төсөл, саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Ерөнхийлөгчийн төсөл, саналд нийтдээ 49 санал тусгагдсанаас 16 нь Улсын Их Хурлын гишүүдээс өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй шинэ саналууд, үлдсэн хэсэг нь өмнө ярьж байсан асуудлын хүрээнд хамаарах асуудлууд байна. Иймээс шинэ нөхцөл байдал үүсэж байгаа учраас цаашид асуудлыг хэрхэн хэлэлцэх талаар нухацтай ярилцах шаардлагатай болоод байна гэдгийг хэллээ. Иймээс Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгүүд өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг хуралдаанаараа хэлэлцсэн талаарх танилцуулга, дүгнэлтийг сонсохоор болов.

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Н.Лувсанжав:

-Ажлын дэд хэсэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудын талаар хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа. Ингэхдээ Улсын Их Хурлаар одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд тусгагдсан аасуудлуудыг хэлэлцүүлгийн шатанд хамтад нь харьцуулж ярилцаад шийдэх боломжтой гэж үзсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч төсөл, саналдаа Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглохоор тусгасан байна. Одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдсөн учраас Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахдаа дээрх асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн төсөл, саналд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан. Энэ санал нь төрийн бодлого тодорхойлох Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр заасан агуулгатай тул Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шинжтэй байна гэж үзэж буйгаа ажлын дэд хэсгийн гишүүд илэрхийлсэн. Мөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байхаар тусгасан нь Улсын Их Хурлаар одоо хэлэлцэж буй төсөлд хөндөгдөөгүй учир ажлын дэд хэсгээс тухайлсан санал, тайлбар гаргах шаардлагагүй гэж үзсэн. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой Ерөнхийлөгчийн саналын талаар дэд хэсгийн гишүүд ярилцаад Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг шууд хэрэгжүүлэх буюу хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтныг заадаг учир төрийн захиргааны нийтлэг нэг албан тушаалыг бусдаас нь онцгойлон Үндсэн хуулиар тогтоох нь зүйд нийцэхгүй гэсэн саналаа илэрхийлсэн. Нөгөө талаар энэ санал нь агуулгын хувьд одоо хэлэлцэж буй төсөлд нийтлэг байдлаар зарчим нь туссан тул хамтатгаад хэлэлцэх боломжтой гэж үзсэн гэдгийг танилцуулав.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн ахлагч О.Мөнхсайхан:

-Ажлын дэд хэсэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд Улсын Их Хурлаар одоо хэлэлцэгдэж байгаа төсөлтэй холбоотой заалтууд болон шинээр тавьсан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Ерөнхийлөгч төсөл, саналдаа одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд шүүхтэй холбоотойгоор тусгагдсан зарчмын гэж үзэж болохуйц хэд хэдэн заалтыг хасах санал гаргасныг ажлын дэд хэсэг дэмжих боломжгүй гэж санал нэгдсэн. Шүүхийн бүрэлдэхүүний тоог тодорхой зааж өгөх, шүүхийн хараат бус, тэнцвэртэй байдлыг хангах, улстөржилтийг хаахад чиглэсэн зарчмын чухал зохицуулалтыг хасах ёсгүй, энэ зарчмаасаа ухрах учиргүй гэж ажлын дэд хэсэг үзэж байгаа.

Харин Шүүхийн сахилгын хороог байгуулахтай холбоотой саналыг ерөнхийд нь дэмжсэн. Учир нь одоо хэлэлцэгдэж буй төсөлд энэ саналын агуулга нь туссан гэсэн утгаар хүлээж авсанд тооцож болох юм гэж үзсэн. Түүнчлэн шүүхийн тогтолцоотой холбоотой төслийн 48.1 дэх заалт нь өмнө нь өргөн баригдсан төсөлд хөндөгдөөгүй учраас хэлэлцүүлгийн хоёр дахь шатанд бусад Байнгын хороод дээр төсөлд хөндөгдөөгүй заалтыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу хүлээн аваагүй учраас энэ зарчмыг барих нь зүйтэй гэж тогтсон. Хэрэв Улсын Их Хурал энэ заалтыг хүлээн авах нь зүйтэй гэж үзвэл томьёоллыг нь өөрчлөх шаардлагатай гэж үзсэн гэдгийг хэллээ.

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Ц.Товуусүрэн:

-Ажлын дэд хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой зүйл, заалтуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа. Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төслөөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой 7 зүйл, заалтыг хөндсөн бол Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл, саналдаа нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой 22 зүйл, заалтыг хөндсөн байна.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн зарим зүйл, заалтыг агуулгын хувьд дэмжиж болох хэдий ч одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хөндөгдөөгүй, одоогийн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг шууд хөндөж байгаа зүйл, заалтууд ч байгаа учраас эдгээрийг цаашид сайтар судалж нягтлах шаардлагатай гэж ажлын дэд хэсгийн гишүүд үзсэн. Хэрэв өмнөх төсөлд хөндөгдөөгүй зарим зүйл, заалтыг Улсын Их Хурал хэлэлцэхээр шийдвэл холбогдох судалгаа тооцоо хийж, тайлбар, үндэслэлийг нарийвчлан боловсруулах замаар хамтатган хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаагаа дурдав.

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Р.Хатанбаатар:

-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгагдсан зүйл, заалтуудыг ажлын дэд хэсэг нэг бүрчлэн хэлэлцэж, дэмжих болон дэмжих боломжгүй талаарх үндэслэл, тайлбар, санал, дүгнэлтээ гаргасан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн төслийн улс төрийн намын төлөвшилтэй холбоотой 191 дэх заалт, сонгуулийн тогтолцоотой холбоотой 21.4 дэх заалт, Улсын Их Хурлын гишүүн давхар албан тушаал хавсрах эсэхтэй холбоотой 26.1 дэх заалт нь одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд ямар нэг байдлаар хөндөгдсөн, агуулга нь туссан учраас хэлэлцүүлгийн шатанд ярилцаж шийдэх боломжтой гэж үзсэн. Харин төслийн бусад зүйл, заалтуудын тухайд өмнөх төсөлд огт хөндөгдөөгүй, Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн зарчимд харшлах агуулгатай байгаа учраас дэмжих боломжгүй гэж санал нэгдсэн. Мөн төсөлд тусгагдсан Улсын Их Хурлын гишүүдийн тоо болон бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо, хууль санаачлах эрхэд хүрээ хязгаар тогтоохтой холбоотой зүйл, заалтуудыг Улсын Их Хурал шийдэх нь зүйтэй гэж ажлын дэд хэсэг үзсэнийг танилцуулсан юм.

Ажлын дэд хэсгийн ахлагчдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Л.Болд нар санал хэлж байр сууриа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг сайн судалж, байр сууриа нэгтгэх, нэгдсэн ойлголттой болоход цаг хугацаа шаардлагатай. Мөн асуудалд сэтгэлийн хөөрлөөр, өнгөц байдлаар хандаж болохгүй. Иймээс төслийн зүйл, заалтуудтай холбогдох судалгаа тооцоо, үндэслэл, тайлбараар гишүүдийг хангахад ажлын дэд хэсгүүд анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, шаардлагад бүрэн нийцсэн байх учиртайг сануулж байлаа.

Эцэст нь Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин хэлэхдээ, Ерөнхийлөгч өчигдөр төсөл, саналаа өргөн мэдүүлсэн, гишүүдийн гар дээр өнөөдөр ирж байгаа учраас одоогоор төслийн талаар тодорхой байр суурь илэрхийлж, нарийвчлан ярих боломжгүй байна. Иймээс юуны өмнө Ерөнхийлөгчийн төсөл, саналд тусгагдсан асуудлууд нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөж буй эсэхийг нягталж үзэх шаардлагатай.

Мөн “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад бүрэн нийцсэн байх учиртайг анхаарах. Түүнчлэн журмын тухай хуульд “чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Иймээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу бие даалган хэлэлцэх асуудал биш учраас төслийн зүйл, заалтуудын уялдаа холбоог сайтар нягталж хамтатган хэлэлцэх боломжтой эсэхийг анхаарах нь чухал. Мөн одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд огт хөндөгдөөгүй заалтуудыг хэрхэн авч үзэж болох, энэ талаарх судалгаа тооцоо, үндэслэл тайлбараа нэгтгэн боловсруулах шаардлагатай байна гэдгийг онцлоод энэ талаар ажлын дэд хэсгийн ахлагч нарт тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал” сэдвийг хэлэлцлээ

+Юнескогийн нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт гурван өдрийн семинар өнөөдөр /2019.07.17/ Төрийн ордонд эхэллээ.

Тус семинарыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын зөвлөх Д.Бадарчийн санаачилгаар зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд судалгааны ажил, шийдвэр гаргагчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах, зохих чадавхийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа семинарыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга дарга Д.Оюунхорол хэлсэн үгэндээ, “Бидний тодорхойлж байгаа шийдвэрлэх хүчин зүйл бол хүмүүсийн хооронд итгэл дүүрэн харилцааг бий болгосон, хүүхэд залуучуудад чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн, стресс, хүчирхийлэл багатай, сэтгэлзүйн хувьд тогтвортой эрүүл нийгмийг тогтооход туслах юм.

Хууль тогтоомжийн төслийг судалгаа, нотолгооны үндсэн дээр боловсруулж байх төрийн бодлого болон эрдэм судлалын ажлын үр дүнгийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна.

Тийм ч учраас УИХ-аас нийгмийн тэгш байдлын асуудалд онцгой анхаарч, тэгш бус байдлыг арилгах шийдлийг эрж хайх зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байна” гэв.

Тэрбээр мөн хэлсэн үгэндээ сүүлийн 60-аад жилийн хугацаанд Монгол Улс Юнескотой үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг тэмдэглэлээ.

Мөн семинарын нээлтэнд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Юнескогийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэллээ.

Дараа нь эхний өдрийн семинарын хоёр гол илтгэлийг танилцууллаа.

Эхний илтгэлийг Юнескогийн Судалгаа, бодлого, форсайтын секцийн эрхлэгч Жон Кроули “Тэгш бус байдлын талаарх судалгаа-төрийн бодлогын шүтэлцээ” сэдвээр, хоёр дахь илтгэлийг МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал О.Мөнхбат “Монголын нийгэм дэх тэгш бус байдал-төлөв байдал, чиг хандлага” сэдвээр танилцуулав.

Үргэлжлүүлэн эрдэмтэн судлаачид “Тэгш бус байдлын талаарх судалгаа, үзэл баримтлал, танин мэдэхүй”, “Монгол Улсад нийгмийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр өрнөж буй хамтын ажиллагаа” сэдвээр илтгэлүүдийг танилцууллаа.

Гурван өдөр үргэлжлэх семинарын эхний өдөр ийнхүү “Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал” сэдвийн хүрээнд болж байна.

Семинар маргааш өглөө 09.00 цагаас Төрийн ордонд үргэлжилнэ.

Семинарыг УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, Юнескогийн Нийгэм, хүмүүнлэгийн сектор, Юнескогийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Элсэн уран баримал-2019” наадамд Ц.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр эзэлжээ

“Элсэн уран баримал-2019” наадам Швед улсын Калмар хотноо зохион байгуулагджээ.

Уг олон улсын элсэн уран баримлын уралдаанд Монголын уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ оролцож, тэргүүн байр эзэлсэн байна. Харин дэд байрт АНУ-ын сийлбэрч орсон бол гуравдугаар байранд Швед улсын сийлбэрч шалгарчээ.

Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнийн хувьд өвлийн улиралд мөсөн хотхон, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг байна. Монголдоо өвлийн улиралд мөсөн хотхон урладаг байжээ. Түүний хамгийн томоохон бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна. Мөн тэрбээр Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн баримлууд урласан гэнэ. Ц. Мөнх-Эрдэнэ ахлагчтай Монголын баг өнгөрөгч 2018 онд АНУ-ын Колорада мужийн Брикенриж хотод 28 жилийн өмнөөс уламжлал болон зохион байгуулж ирсэн цасан баримлын олон улсын тэмцээнд амжилттай оролцож, “Нууц” нэртэй бүтээлээрээ тэргүүн байрын шагнал хүртжээ. Дэлхийн 250 цасан сийлбэрийн багууд өрсөлдсөнөөс 16 баг шигшээд шалгарч, тэдгээрээс ур чадвар, авьяас, тэвчээр, хурд, нарийн няхуур ажиллагаагаараа онцгойрч чадсан байна.

62242686_2281417291951773_3619476941586825216_o
66481856_2422083537814303_8231780791059742720_n
62085569_2281414915285344_2689915524741070848_o
62050932_2281417438618425_7414783010978922496_o
66635788_2423967114292612_9109979875128639488_n
Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэж байна

МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна. Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, саналаа өчигдөр өргөн барьсан. Иймээс өнөөдөр МАН бүлгийн хуралдаанаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн гаргасан саналын төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн нэр томъёо тов тодорхой байх ёстой

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгүүд өнөөдөр (2019.07.17) хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төсөлтэй холбоотой саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн өнөөдрийн хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан даргалж, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, дэд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго, референт Б.Золбоо нар оролцов.

Хурлын эхэнд О.Мөнхсайхан доктор хэлэлцэх асуудлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төслөөс шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, тэдгээрийн үндэслэлийг танилцуулсан. Эдгээр санал бүрийг дэд ажлын хэсгийн гишүүд дэлгэрэнгүй хэлэлцэж, үндэслэл, тайлбараа гаргаж байв. Дэд ажлын хэсгийн гишүүн, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаатарын бичгээр ирүүлсэн саналуудыг хурал даргалагч доктор О.Мөнхсайхан уншиж, танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанд оролцож, зарим асуудлыг хэлэлцэх үеэр санал, үндэслэл, тайлбар хэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, Ерөнхийлөгч эл шийдвэрийг батламжлахтай холбоотой заалтуудыг хэлэлцэх үеэр шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж үгийн төгс утгыг илэрхийлсэн томъёолол гаргах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж, үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаж байв. Мөн “Хууль зүйн бичлэгийн техникийг зөв хийх учиртай. Хуулийн заалт бүр нэг өгүүлбэр байна гэж үзээд байгаа, угтаа бол нэг санаа үргэлжилж байгаа тохиолдолд тухайн заалт дотроо багцаараа байвал хэрэглэж, тайлбарлах хүндээ оновтой, тодорхой болдог ач холбогдолтой” гэлээ. Энэ хүрээнд тэрбээр төслийн зарим заалтын томъёололтой холбоотой тодорхой саналуудаа танилцуулсан.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 3.5.1 дэх хэсэг буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахтай холбоотой заалтыг хэлэлцэх үеэр “Үндсэн хуулийн нэр томъёо салаа утгагүй, тов тодорхой, маш богинохон, монголчуудын хэлдгээр “шахсан бяслаг” шиг байх ёстой юм” хэмээн профессор Н.Лүндэндорж тодотгов. Ингээд тэрбээр зарим заалтын томъёололтой холбоотой санал, тайлбараа дэлгэрэнгүй танилцуулсан.

Ийнхүү Улсын Их Хурлын хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтуудыг дэд ажлын хэсэг хэлэлцэв. Энэ талаарх дэд ажлын хэсгийн тайлбар, үндэслэл, санал, томъёоллоо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэгт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд 642 хүү, 553 охин мэндэлжээ

Баярын өдрүүдэд нийт 1179 эх амаржиж, 642 хүү, 553 охин мэндэлсэн байна. Харин эхийн амь нас эрүүл мэндэд ноцтой хүндрэл учирсан 4 тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийг нийт 19 149 насанд хүрэгч, 9754 хүүхдэд үзүүлж, 11022 иргэнд зөвлөгөө өгч буцаан, түргэн тусламжийн үйлчилгээг 9434 тохиолдолд үзүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Хиймэл оюун ухаант систем Рубикийн шоог 1 секундэд эвлүүлжээ

АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачдын бүтээсэн хиймэл оюун ухаант систем Рубикийн шоог нэг секунд гаруй хугацаанд эвлүүлсэн байна.

1974 онд зохион бүтээгдсэн цагаасаа хойш хүн төрөлхтний сонирхлыг татсан хэвээр байгаа “3D” шоог “DeepCubeA” нэртэй алгоритм эвлүүлж чаджээ. “Уг алгоритм шоог эвлүүлэхийг өөрөө сурсан” гэж Калифорнийн их сургуулийн компьютерын ухааны профессор Пиерре Балди хэлжээ. Судлаачдын хэлснээр, системийн шоог эвлүүлсэн стратеги хүмүүсийнхээс маш өөр байсан бөгөөд “Хиймэл оюун ухааны дүгнэлт хийх чадвар хүнийхээс ихээхэн өөр байдаг хэмээн бид үзэж байна” гэж П.Балди хэлсэн байна. “Nature Machine Intelligence” сэтгүүлийн шинэ дугаарт нийтэлсэн судалгаанд дурдсанаар, алгоритмд шоог 30 үйлдлээр эвлүүлэх 10 тэрбум комбинацийг өгсөн бөгөөд уг систем 1000-ыг туршиж үзсэний дараа хамгийн хурдан эвлүүлэх аргыг олжээ. Хүмүүс Рубикийн шоог хурдан эвлүүлэхэд 50 орчим үйлдэл ашигладаг бол хиймэл оюун ухаант систем дунджаар 28 үйлдлээр эвлүүлжээ. Энэхүү алгоритм нь Рубикийн шоог хамгийн хурдан эвлүүлээгүй хэдий ч хүний оролцоогүйгээр эвлүүлсэн анхны тохиолдол болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт зүүн аймгуудын нутгаар хална

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн зүүн хагаст халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 15-наас 17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст сэрүүхэн, зүүн хагаст аагим халуун байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

​Олон Улсын RFC Mongolia 4×4 авто спортын наадам Монгол Улсад зохион байгуулагдана

Монголын бартаат замын авто спортын холбооноос Монгол Улсад зохион байгуулагдах Олон Улсын RFC Mongolia 4×4 тэмцээний талаар мэдээлэл хийлээ.

“Монголын Бартаат Замын Авто Спортын Холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Номтойбаяр Долдугаар сарын 21-26-ны өдрүүдэд Олон Улсын RFC Mongolia 4×4 авто спортын наадам Монгол Улсад зохион байгуулагдана. Энэхүү наадам нь дэлхийд чансаагаараа эхний аравт, хүнд зэрэглэлээрээ нэгдүгээрт ордог. Бусад тэмцээнүүдтэй харьцуулбал зай богино хэдий ч бартаа ихтэй. Шавар, ус, өндөр уулын оргил гэх мэтчилэн 16 даваатай. Олон улсын стандарт, дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаа учир аюулгүй байдлыг нэн түрүүнд хангасан. Бартаат замын тэмцээн зохион байгуулагдахад байгаль орчны асуудал хөндөгддөг. Бид шинэ зам хийхгүй. Голдуу өвөлдөө ашиглагддаг замаар явна. Тиймээс байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зориулалтын машин авч явж Гачуурт, Тэрэлжийн хэсгийн хогийг цэвэрлэх ажлыг хүлээж байна. Хог цэвэрлэхээс гадна гол усны үертэй үед иргэдэд өөрсдийн техник хэрэгслээр туслана. Энэ тэмцээнийг зохион байгуулснаар Монголд бартаат замын авто спортын төрөл хөгжихөөс гадна машин механизмын үйлдвэрлэл хөгжиж байна. Мөн аялал жуулчлалын салбарт ч тустай юм. Тэмцээний газар луу очиход ямар ч төрлийн машинаар бартаа саадгүй, хүрэлцэн очих боломжтой.

-Монгол улсаас хэдэн баг тамирчид оролцож байгаа вэ?

-Холбооны хүрээнд нэн хүнд бартаат замын ангилалд уралддаг авто спортын 20 клуб 200 тамирчин бий. Сая болсон “Мазаалай” тэмцээнд мэргэжлийн 40, сонирхогчийн 30 орчим машин оролцсон. Энд сонирхогчийн төрөл гэж байхгүй. Техникийн үзлэг тун удахгүй эхэлнэ. Энэ үзлэгт хамрагдаж, шаардлага хангасан машинууд оролцох боломжтой. Урьдчилсан байдлаар бид 40 орчим машин мэргэжлийн түвшинд уралдана гэж тооцоолж байна.

-Тэмцээнд тамирчид ямар ямар улсаас ирж оролцож байгаа вэ?

-Одоогийн байдлаар ОХУ, Хятад, Малайз улсын баг тамирчид оролцоно гэдгээ мэдэгдсэн.

Наадмын хөтөлбөр

7 дугаар сарын 21-нд

  • 10:00 цагаас Сүхбаатарын талбайд нээлтийн үйл ажиллагаа
  • Чингис хаан олон улсын Нисэх буудлын цаана Морин даваанд эхний 3 бартаа

7 дугаар сарын 22-нд

  • 10:00 цагаас Гачуурт тосгоноос зүүн тийш 3 км газарт дараагийн бартаа

7 дугаар сарын 23, 24-нд

  • Тэрэлжээс зүүн тийш 8 км-т орших YAMAHA жуулчны баазад дараагийн бартаа

7 дугаар сарын 25-нд

  • Шарбулагийн рашаанаас хойшоо 20км орших газарт хамгийн хүнд төрлийн тэмцээн

Н.САРУУЛДӨЛ