Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн төсөл, саналыг судалж, нэгдсэн ойлголттой болоход цаг хугацаа шаардлагатай гэв

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр хуралдав.

Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, энэ талаарх төсөл, саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Ерөнхийлөгчийн төсөл, саналд нийтдээ 49 санал тусгагдсанаас 16 нь Улсын Их Хурлын гишүүдээс өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй шинэ саналууд, үлдсэн хэсэг нь өмнө ярьж байсан асуудлын хүрээнд хамаарах асуудлууд байна. Иймээс шинэ нөхцөл байдал үүсэж байгаа учраас цаашид асуудлыг хэрхэн хэлэлцэх талаар нухацтай ярилцах шаардлагатай болоод байна гэдгийг хэллээ. Иймээс Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгүүд өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг хуралдаанаараа хэлэлцсэн талаарх танилцуулга, дүгнэлтийг сонсохоор болов.

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Н.Лувсанжав:

-Ажлын дэд хэсэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудын талаар хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа. Ингэхдээ Улсын Их Хурлаар одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд тусгагдсан аасуудлуудыг хэлэлцүүлгийн шатанд хамтад нь харьцуулж ярилцаад шийдэх боломжтой гэж үзсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч төсөл, саналдаа Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглохоор тусгасан байна. Одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдсөн учраас Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахдаа дээрх асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн төсөл, саналд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан. Энэ санал нь төрийн бодлого тодорхойлох Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр заасан агуулгатай тул Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шинжтэй байна гэж үзэж буйгаа ажлын дэд хэсгийн гишүүд илэрхийлсэн. Мөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байхаар тусгасан нь Улсын Их Хурлаар одоо хэлэлцэж буй төсөлд хөндөгдөөгүй учир ажлын дэд хэсгээс тухайлсан санал, тайлбар гаргах шаардлагагүй гэж үзсэн. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой Ерөнхийлөгчийн саналын талаар дэд хэсгийн гишүүд ярилцаад Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг шууд хэрэгжүүлэх буюу хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтныг заадаг учир төрийн захиргааны нийтлэг нэг албан тушаалыг бусдаас нь онцгойлон Үндсэн хуулиар тогтоох нь зүйд нийцэхгүй гэсэн саналаа илэрхийлсэн. Нөгөө талаар энэ санал нь агуулгын хувьд одоо хэлэлцэж буй төсөлд нийтлэг байдлаар зарчим нь туссан тул хамтатгаад хэлэлцэх боломжтой гэж үзсэн гэдгийг танилцуулав.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн ахлагч О.Мөнхсайхан:

-Ажлын дэд хэсэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд Улсын Их Хурлаар одоо хэлэлцэгдэж байгаа төсөлтэй холбоотой заалтууд болон шинээр тавьсан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Ерөнхийлөгч төсөл, саналдаа одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд шүүхтэй холбоотойгоор тусгагдсан зарчмын гэж үзэж болохуйц хэд хэдэн заалтыг хасах санал гаргасныг ажлын дэд хэсэг дэмжих боломжгүй гэж санал нэгдсэн. Шүүхийн бүрэлдэхүүний тоог тодорхой зааж өгөх, шүүхийн хараат бус, тэнцвэртэй байдлыг хангах, улстөржилтийг хаахад чиглэсэн зарчмын чухал зохицуулалтыг хасах ёсгүй, энэ зарчмаасаа ухрах учиргүй гэж ажлын дэд хэсэг үзэж байгаа.

Харин Шүүхийн сахилгын хороог байгуулахтай холбоотой саналыг ерөнхийд нь дэмжсэн. Учир нь одоо хэлэлцэгдэж буй төсөлд энэ саналын агуулга нь туссан гэсэн утгаар хүлээж авсанд тооцож болох юм гэж үзсэн. Түүнчлэн шүүхийн тогтолцоотой холбоотой төслийн 48.1 дэх заалт нь өмнө нь өргөн баригдсан төсөлд хөндөгдөөгүй учраас хэлэлцүүлгийн хоёр дахь шатанд бусад Байнгын хороод дээр төсөлд хөндөгдөөгүй заалтыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу хүлээн аваагүй учраас энэ зарчмыг барих нь зүйтэй гэж тогтсон. Хэрэв Улсын Их Хурал энэ заалтыг хүлээн авах нь зүйтэй гэж үзвэл томьёоллыг нь өөрчлөх шаардлагатай гэж үзсэн гэдгийг хэллээ.

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Ц.Товуусүрэн:

-Ажлын дэд хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой зүйл, заалтуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа. Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төслөөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой 7 зүйл, заалтыг хөндсөн бол Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл, саналдаа нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой 22 зүйл, заалтыг хөндсөн байна.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн зарим зүйл, заалтыг агуулгын хувьд дэмжиж болох хэдий ч одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хөндөгдөөгүй, одоогийн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг шууд хөндөж байгаа зүйл, заалтууд ч байгаа учраас эдгээрийг цаашид сайтар судалж нягтлах шаардлагатай гэж ажлын дэд хэсгийн гишүүд үзсэн. Хэрэв өмнөх төсөлд хөндөгдөөгүй зарим зүйл, заалтыг Улсын Их Хурал хэлэлцэхээр шийдвэл холбогдох судалгаа тооцоо хийж, тайлбар, үндэслэлийг нарийвчлан боловсруулах замаар хамтатган хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаагаа дурдав.

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Р.Хатанбаатар:

-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгагдсан зүйл, заалтуудыг ажлын дэд хэсэг нэг бүрчлэн хэлэлцэж, дэмжих болон дэмжих боломжгүй талаарх үндэслэл, тайлбар, санал, дүгнэлтээ гаргасан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн төслийн улс төрийн намын төлөвшилтэй холбоотой 191 дэх заалт, сонгуулийн тогтолцоотой холбоотой 21.4 дэх заалт, Улсын Их Хурлын гишүүн давхар албан тушаал хавсрах эсэхтэй холбоотой 26.1 дэх заалт нь одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд ямар нэг байдлаар хөндөгдсөн, агуулга нь туссан учраас хэлэлцүүлгийн шатанд ярилцаж шийдэх боломжтой гэж үзсэн. Харин төслийн бусад зүйл, заалтуудын тухайд өмнөх төсөлд огт хөндөгдөөгүй, Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн зарчимд харшлах агуулгатай байгаа учраас дэмжих боломжгүй гэж санал нэгдсэн. Мөн төсөлд тусгагдсан Улсын Их Хурлын гишүүдийн тоо болон бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо, хууль санаачлах эрхэд хүрээ хязгаар тогтоохтой холбоотой зүйл, заалтуудыг Улсын Их Хурал шийдэх нь зүйтэй гэж ажлын дэд хэсэг үзсэнийг танилцуулсан юм.

Ажлын дэд хэсгийн ахлагчдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Л.Болд нар санал хэлж байр сууриа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг сайн судалж, байр сууриа нэгтгэх, нэгдсэн ойлголттой болоход цаг хугацаа шаардлагатай. Мөн асуудалд сэтгэлийн хөөрлөөр, өнгөц байдлаар хандаж болохгүй. Иймээс төслийн зүйл, заалтуудтай холбогдох судалгаа тооцоо, үндэслэл, тайлбараар гишүүдийг хангахад ажлын дэд хэсгүүд анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, шаардлагад бүрэн нийцсэн байх учиртайг сануулж байлаа.

Эцэст нь Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин хэлэхдээ, Ерөнхийлөгч өчигдөр төсөл, саналаа өргөн мэдүүлсэн, гишүүдийн гар дээр өнөөдөр ирж байгаа учраас одоогоор төслийн талаар тодорхой байр суурь илэрхийлж, нарийвчлан ярих боломжгүй байна. Иймээс юуны өмнө Ерөнхийлөгчийн төсөл, саналд тусгагдсан асуудлууд нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөж буй эсэхийг нягталж үзэх шаардлагатай.

Мөн “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад бүрэн нийцсэн байх учиртайг анхаарах. Түүнчлэн журмын тухай хуульд “чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Иймээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу бие даалган хэлэлцэх асуудал биш учраас төслийн зүйл, заалтуудын уялдаа холбоог сайтар нягталж хамтатган хэлэлцэх боломжтой эсэхийг анхаарах нь чухал. Мөн одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд огт хөндөгдөөгүй заалтуудыг хэрхэн авч үзэж болох, энэ талаарх судалгаа тооцоо, үндэслэл тайлбараа нэгтгэн боловсруулах шаардлагатай байна гэдгийг онцлоод энэ талаар ажлын дэд хэсгийн ахлагч нарт тодорхой үүрэг, чиглэл өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дайдаа, эмээ, пионер гурав

НЭГ. НУУЦ ГЭГЭЭН

Гэгээнтний нэрийг анх “Андиа”, “Агент гуай” гэж дуулсан санагдана. Жараад оны сүүлээр, манай Шарав ах тэднийхний хүргэн болсон юм. Миний эмээ ээж Балбарын (Жамбалын) Содномдамба надад хэлэхдээ “Шарав ах чинь тэдний хүргэн болсон учраас “Дайдаа” гэж дуудах хэрэгтэй” гэж хэлсэн. Гэгээнтнийг төрөл саднууд нь “Дайдаа” гэж авгайлдаг, харин гол усныхан нь Андиа гэдэг, тэгээд алсрах тусмаа “Агент гуай” гэхчлэн нэр цээрлэдэг байсан юм. О.Шарав ахыг дагаад манайхан гэгээнтэнд нэг шат дөхөж, төрөл садны хүрээлэлд багтсан тул “Дайдаа” гэж арай дотночлон дуудах эрхтэй гэж эмээ маань үзсэн хэрэг. Харин гэгээнтэн гэж юу болох, түүнийг хэрхэн тодруулсан, хутагтын солдивийг хэрхэн “намын улаан батлах”-аар өнгөлөн далдалж үлдээсэн зэргийг аажим аажмаар ухаарсан бөлгөө.

Ингээд сургуульд орж сумын төв бараадсанаас хойш Дайдаа хэмээх тэр хүнтэй Шарав ахынд голдуу байнга тааралдах болсон юм. Эмээ маань голдуу л элдэв шид үзүүлсэн, хутагт гэгээний гайхамшгийг баталсан явдлуудыг нь надад сонирхуулан хуучилдаг байв. Харин Дайдааг өөрийг нь харахад тийм шидийг үзүүлэх, сүр харуулах явдлаас хол хөндий, жирийн л хүн шиг санагддаг байж.

Жирийн гэснээс миний үеийнхний шүтлэг бишрэл их өвөрмөц. Албан байгууллага, сургууль соёлын орчинд бол бид шашнаас бүрэн ангижирсан нийгэмд амьдарч байлаа. Хэдийгээр БНМАУ-ын Үндсэн хуульд, иргэд шашин шүтэх эрхтэй гэж заасан байх боловч нам, эвлэл, пионерийн гишүүд шашин шүтэж болохгүй дүрэмтэй. Сургуульд сурах, ажил алба эрхлэхийн тулд МАХН, МХЗЭ, МПБ-ийн гишүүн байх учиртай. Гэтэл, миний л мэдэхээр манай сумынхан, нам эвлэлгүй эмээгээс маань эхлээд, пионерийн улаан бүчтэй намайг хүртэл нам засгаас илүү, Андиа гэгээний хамааралтнууд болчихоод байдаг. Нэг иймэрхүү, хоёр нүүртэй нийгэмд бид бойжсон юм. Яг л Р.Л. Стивенсоны “Доктор Жакиль, ноён Хайд” зохиолын хоёр амьдралтай баатар шиг, Нарны гэрэлд гуйвшгүй марксист, эвлэршгүй атейст боловч гэр орон сэтгэл зүрхэндээ бурхны шашинтан, шүтлэгтнүүд болон амьдарч байлаа.

Нэг талаас хувьсгалт үзэл суртал чангааж, нөгөө талаас нь эмээгийн уламжлалт шүтлэг уяад, миний үзэл санаа яг л В.Брехтийн “Цэрдэн тойрог”-т орсон мэт байв. Энэ бол дорно дахины хүүхэд булаалдсан эмэгтэйчүүдийн домгоос сэдэвлэсэн бүтээл л дээ. Шүүгч маргааныг шийдэхийн тулд шохойгоор тойрог зураад, хүүхдийг голд нь хийнэ. Тэгээд булаалдагч талууд хүүхдийг өөр өөрийн тал руу татаж гаргах үүрэг хүлээнэ. Төрсөн эх нь хүүгийнхээ хааг ханзлахаас эмээн, гараа сулруулдаг. Үүнийг ажигласан шүүгч шийдвэрээ гаргадаг.

Эмээ маань ч гэсэн намайг цаг үетэйгээ зохицохгүй амьтан болоод өөрийгээ хөнөөхийг хүсэхгүй учраас, гараа алхам алхмаар, тэгэхдээ маш ухаалгаар суллаж байсан нь сонин. Түүнийхээр бол, ач хүү нь шашинтан болохгүй юмаа гэхэд, шашны дайсан болон өсч хүмүүжихгүй байх нигууртай ажаам.

Шашингүйн сургалт, уншсан соцреалист зохиолуудынхаа нөлөөгөөр “бяцхан марксист” царайлаад эмээтэй маргана аа, бас. Тэр тоолонд эмээ маань “Чи олон юмыг том болоод гүйцэд ухаарна. Тэр болтлоо ажиглаал явж бай. Энэ олон дарга нар чинь өдөр нь хэнхэглэж хэнхэглэчихээд, шөнө нь болохоор сарны гэрэлд товч нь гялтганаад л Дайдаа руу чинь цувардаг юм” гээл тасхийдэгсэн. “ Сарны гэрэлд товч нь гялалзаад…” гэдэг нь ийм учиртай, Аюулаас хамгаалах, Сэргийлэхийнхний шинелийн алтлаг товчийг хэлж байгаа юм.

Хөгшин ээж маань намайг Дайдаа гэгээнд даатгах талын ажлыг миний оролцоогүйгээр хийх боловч зарим нэг зан үйлд оролцохоос аргагүйд хүрнэ. Жишээ нь намар сургуульд мордохын өмнө эмээ маань сайн өдөр товлоод “Эрдэм номын орон руу мөрөө гаргах” ёслол хийнэ. Эмээгийн заасан өдөр цагт, морио унаж цүнхээ үүрэн, сайн зүгтээ мордоно. Яг л сургуульд явж байгаа юм шиг “баяртай, эрдэм ном сайн сураарай” энээ тэрээ болоод л явна шүү дээ. Гол нь ийм явдал болоод байгааг төр засаг байтугай, ойр хавийн айлууд ч мэдэхгүй өнгөрнө. Чухам энэхүү нууц ёслол маань жигтэйхэн сонирхолтой болж, яг л тагнуул туршуул, нууц ажиллагаанд оролцож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэгсэн. Сүүл сүүлдээ, жаахан архагшаад, залхуу болоод “Өнөөдөр, мөрөө гаргачлаа гээд бодчихвол болох юм биш үү” гэхчлэн гурилдахыг санаархах болж билээ.

Судлаачдын хэлдгээр хүн нь сэтгэлийн амьтан учраас, шүтэн бишрэх нь оюун ухаант хомосапиенсын үндсэн шинж болдог гэнэ. Шашныг нь хааж боогоод ирэхээр юу ч хамаагүй шүтдэг, тэр бүү хэл шашинтай тэмцэх үзэл санаагаар шүтлэгээ орлуулдаг байна. Үнэн хэрэгтээ, “бурхан байгаа гэдэгт бат итгэх”, “бурхан байхгүй гэдэгт эргэлзээгүй үнэмших” хоёр бол нэг зоосны хоёр тал л юм даа.

Манай орон нутагт ч үл шүтэх явдал нь өөрөө мухар сүсэг болсон хүмүүс мэр сэр байх. Үр хүүхдийг нь бодоод нэрийг нь хэлж хэрэггүй нэг хүн юм үнэртүүлчихсэн орж ирээд эмээг маань зул өргөлөө гэж загнаад байсан. Тэр хүн “Хайран шар тосоо зул өргөж үрэхийн оронд өөрөө идэх хэрэгтэй” гэж “зөвлөсөн” ажгуу. Сандарсан эмээ маань Шарав ахтай яаралтай зөвлөлдөж, дахиад ингэж шаардвал сумын төв дээр байх хугацаандаа “бурхнаа зулаар таслах” шийдэлд хүрч билээ. Аз болоход тийм юм болоогүй өнгөрсөн.

Ингээд бодохоор, Дайдааг шашны асуудлаар дээш доош нь алтан хошуу өргөх явдал байсан л байх гэж бодогддог. Гагцхүү өөртөө “намын гишүүн бөгөөд худалдааны салбарын тэргүүний ажилтан, үлгэр жишээ социализм байгуулагч” гэсэн хана хэрэм амжин босгож чадсан нь гайгүй сайн хэрэм хамгаалалт болсон болов уу? Нөгөө талаасаа, сум орны жирийн ардууд байтугай, эрх мэдлийн тодорхой өндөрлөгт хүрсэн олон хүн түүнийг үл тасрах шашин шүтлэгийн алтан хэлхээсийн нэгэн уулзвар гэдэг утгаар нь сэм далд хүндэтгэн хамгаалдаг ч байсан байх.

ХОЁР. ШАНЗАВ БА ОНГОЦ

Дайдаа намайг ном уншдаг хүүхэд гэсэн хэмээн нэгэнтээ магтаж байсан юм. Нэг удаа Шарав ахынд тааралдаад “хамгийн сүүлд ямар ном уншив” хэмээн асуулаа. Би тэгэхэд С.Дашдэндэвийн “Улаан наран” хэмээх хувьсгалч романыг уншиж таарлаа. Уг номонд гардаг “Урвагч шанзав Бадамдорж, Богд нар хэрхэн эх орноо худалдаж байгаа” хэсгийг урам зориг дүүрэн ярьж өгөөд магтаал хүлээн маасайв. Гэтэл Дайдаагийн царай барайж байснаа “Дэмий юм уншиж байхын оронд хичээлээ давтаж бай. Харин тэр онгоцоо хийсэн нь дээр” хэмээн тун ч янзгүй хэлж билээ. Би мааш их гайхлаа. Ном уншдаг сайн хүү гэж магтаж байсан атлаа, уншсан номоо ярихаар уурладгийн учир юу билээ гэж бодоод бодоод учрыг нь олсонгүй. Олоо ч үгүй. Бас ном уншихаа болио ч үгүй.

Хожим эргэн санахнаа, доромжлогдон гутаагдсан шашин, эвдэгдсэн санваарынх нь тухай мартаж ядаж явсан гунигт дурсамжийг нь тун ч эвгүйгээр хөндсөн юм билээ. Ялангуяа шинэ залуу үеийнхэн нь үндэсний шашин суртал, хутагт гэгээдийн талаарх хувьсгалт гүтгэлэгт үнэмшиж хөөрсөн амьтад болон өсч байгааг харах ч гашуун байсан буйзаа.

Харин энэ мөрүүдийг тэрлэж байхад, “Г.Бадамдорж: шар хүнийг харлуулсан түүх” хэмээх ном маань яг хэвлэгдэж, зууны турш гүтгэгдэж, хэлмэгдэн доромжлогдсон нэгэн санваартанд зориулсан миний бяцхан өмгөөлөл нийтэд түгэхээр завдан буй нь бас л нэгэн учир ерөөлийн зангилгаа буйзаа.

Дээр өгүүлээд орхисон онгоц бол ийм юм. Манай ангийн Ж.Цогтгэрэл бид хоёр дөрөв, тавдугаар ангид байхдаа, онгоц хийж нисэх гээд, сум даяараа “онигоо” болж байсан юм. Онигоо гэхэд хэцүү юм аа. Хүмүүсийн ихэнх нь биднийг шоолохоосоо илүү, хүсэл мөрөөдлийг маань хүндэтгэн урамшуулж байсан юм. Бидний онгоц хөөрөөгүй ч гэсэн, тэр үед асан дүрэлзсэн хөөрөн нисэх хүсэл мөрөөдлийн жигүүр маань урган төлжсөөр, амьдралын даль жигүүр болсонд эргэлзэх юм үгүй билээ. Дайдаа маань ч, энэ даль жигүүрийг л урамшуулан, аясын салхи хайрлагсдын нэгэн.

ГУРАВ. НУУЦ УТЛАГА.

Дайдаагийн тухай дурсамжуудад хутагт хувилгааны дүвчин зан, мэргэч төлгөчийн араншин огт байдаггүй нь сонин. Нутаг оронд үлдсэн бичигдээгүй хуулиар багачууд бид хол газар сургууль соёлд одохын өмнө Андиа гэгээн дээр очдог байв.

Хүүхдүүдэд түүнд өргөх хадаг яндар, мөнгө төгрөг юу байхав, зүгээр л ороод гарах боловч тэрний цаана, ажил хэргээ даатгах, хүндэтгэл үзүүлэх гээд олон ёс уламжлалын товчлол нуугдаж байдаг билээ. Гэгээнтэн бидэнд сурлагын амжилт хүсч, хичээл номдоо шамдахыг захиад тав, арван төгрөг бэлэглэнэ. Хөгшчүүд уг мөнгийг бараг л сахиус, шүтээн болгон хадгалахыг зөвлөх боловч мань мэт нь яаж тэсэх билээ, чихэр боов, маруужин, хуушуураас л “буян болтугай” гээл өгч орхино.

Хожим олноороо таарах болсон янз бүрийн хувраг дүрмийн улсаас ялгаатай нь хүний юмыг зүгээр аваад, цааш нь тавьчихна гэж байхгүй. Өгсөн юмтай дүйцэх ямар нэгэн зүйлийг “Гар цайлгаж байгаа юм” гээд л буцаагаад барьж байхыг олонтаа харснаа санаж байна. Тэр үед “18-ын торго” гээд нэг метр нь 18 төгрөгийн үнэтэй, дугуй хээтэй торго байв даа. Харж байхад хол ойроос ирсэн цөөнгүй хүн Дайдаад тийм торго бариад, хариу “гар цайлгалт”-нд арай өөр өнгөтэй торго эргүүлээд авч байхыг харсан. Энэ дүрмийг шашин бурхны өмнөөс бусадтай харилцдаг хүмүүс үлгэр болгомоор санагддаг юм.

Харин миний хувьд сүүлд албан хаагч болж, айл орон тэргүүлэх хүртлээ бол “хүүхдийн”, “төрөл садны”, “ядарсан оюутны” гэхчлэнгийн хөнгөлөлтөд багтаж, их төлөв зүгээр ороод, бэлэгтэй гарч явснаа нуух юун.

Дайдаа залууст таарсан бэлэг өгөхдөө, дотор нь юмаа нуудагсан. Хамгийн сүүлд ийм далд бэлэг авсан нь ерээд оны босгон дээр болжээ. Аймгийн сонины эрхлэгчтэй хамт, “бор Ботго”-ын хавьд намаржиж байхад нь очсон юм. Хөндлөнгийн хүний нүдээр харвал, хот газрын сонин, нутаг орны зуншлага гээд ямар ч сэжиггүй яриа өрнүүлээд мордох үед надад сороочгон цамц бэлэглэв. Цамцны захны хавьцаа гялгар уут нь цоорсон байхыг ажигласан нь юмны учир мэддэг мань мэтэд бол их л тодорхой зүйл. Учир нь цоорхойгоор нь Дайдаа гурван бяцхан боодолтой зүйл нуусан байдаг нь арцан утлага, элсэн чихэрт шүншиглэсэн хүртэх рашаан, давсанд шүншиглэсэн угаал үйлдэх рашаан сэлт байдаг билээ.

Айлын гэрт өрөө тасалгаа гэж байх биш, хол ойроос ирэгсэд Дайдаатай уулзаж байхад бишгүй л таарах. Ялангуяа нэг дорын улсууд бол онцгой нууцаасаа бусдыг бол бие биеийнхээ хажууд асуун зөвлөх нь олон. Тэр бүхэнд жирийн ахмад хүн, туршлагатай нэгний байр сууринаас хандсан маягтай зөвлөлгөө өгч байдагсан. Тэрнээс биш “Ингэвэл сайн гэж бууж байна”, “Тэгвэл зөвдөнө”, “Ийм юмнаас болсон байна. Тэндээс гайтаж, тиймэрхүү өнгийн эд байгааг гаргаж хая” гэж дүвчигнэж байхыг үзээгүй, үзсэн хүнээс сонсоогүй болно.

Ухаандаа хэн нэгэн настан хот орж өвөлжих эсэхээ шийдэхээр Дайдаагаас асуулаа гэж бодоход зөв зүйтэй гэдгийг “Хүн байна даа, энэ чинь. Улсынхаа нийслэлийг үзэлгүй яахав дээ. Хот ч гоё шүү дээ” хэмээн урамшуулна. Хэрвээ эсрэгээр нь бол “Ээ, хот ч горьгүй шүү дээ. Цайны сүү олдохгүй, мах ховор. Өвөл сэрүүдээд, хавагнавал яана” гэхчлэнгээр сануулна. Энэ бүхнээс үүдээд бурхан шашин бол зарлиглахаас илүүтэй зөвлөн сануулдаг юм байна гэсэн ойлголт бидэнд үлдсэн билээ.

ДӨРӨВ. ШИНЭ ЦАГТ “ХУУЧИН”-ААРАА ҮЛДСЭН ГЭГЭЭН

Дайдаа бол итгэл найдвар тасарсан бүрэнхийд үлдсэн ганц нууц зул төдийгүй шашин шүтлэгтэй хийсэн хатуу тэмцлийн сүүдрийг даван туулах, эрх чөлөөт үеийг харах хувьтай нэгэн байсан юм.

1990 оноос хойш шашин шүтлэг чөлөөтэй болсон ч Дайдаа өөрчлөгдсөнгүй. Мөнөөх л болгоомжтой зөвлөгч, сануулан сургагч, хүний өргөсөн зүйлийг дүйцүүлээд гарыг нь цайлгах бэлэг баригч хэвээрээ үлдсэн юм. Харин хол ойроос ил тодоор зорин ирэгсэд нээлттэй ил тод болов. Эмээгийн хэлдэг байсан “Сарны гэрэлд гуулин товч нь гялалзсан” шүтлэгтнүүд ил болтол ихэнх нь аймаг орны удирдлага, том дарга нар байсан байж таарав.

Миний хувьд ч гэрээрээ айлчлан очихдоо илүү хүндлэл хүлээдэг болсон маань яах аргагүй өөрчлөлт байв. Энэ нь намайг ороод л утлагаа сэм аваад гардаг байсан залуу хөвүүн бус хот газраас гэр бүлээрээ айлчлан хамаатан садан хэмээн хүндэлж үзснээс эхтэй юм. Нэг удаа алс газраас ирсэн нэгэн уяач уулзаж байхтай миний айлчин хийх давхцаж тааралдав. Дайдаа тэр хүнд “Та одоо явж үз. Миний төрөл садан ирээд байна. Би тэдэнтэй таван үг солимоор байна” хэмээн явуулж, би танихгүй хүнээс баахан ичингүйрч, бас дотроо хөөрхөн онгирч билээ. Удалгүй Богдын голд зусч байсан хадмындаа иртэл мөнөөх танихгүй хүн маань саахалтынх нь малчин байж таарч энэ тэр.

Хамгийн сүүлд 1996 оны зун уулзлаа. Хүү Ядамдоржийндоо байсан юм. Надад арц утлага, бас хадаг гаргаад өгөөтөх гэж Ядамдорж гуайд хэллээ. Ядамдорж гуай арц боож эхлэхэд “ахиухан хий, ахиухан хий” гээд байв. Би “Надад ахиухан арц өгье” гэж бодож дээ хэмээн дотроо баясаж суув. Дараа нь Ядамдорж гуайн гаргасан хадгийг голж, “арай дээр хадаг алга уу” гэж хайлгаж байгаад нэлээд том цэнхэр хадган дээр сонголт тусав. Том сайхан хадагтай болохнээ гэж би их л додигор байсансан. Гэвч бидний энэ төрлийн сүүлчийн уулзалт, отгон хадаг, утлага тэр байсныг яахин мэдэх билээ. Дайдаа гэгээн тэр зундаа тэнгэрт хальсан билээ.

Эрх чөлөөт нийгэмд улс орон маань орж ирэхэд, хувь заяаны зураг төөрөгт найдахаас илүү сэтгэл зүрхээ даган сонголт хийх цаг ирээд, энэ тухайд би түүнтэй зөвлөж, итгэл тээсэн урмын үг, сайны ерөөлтэй хүлээн авч байлаа. Үүл нь арилсан ч айдас нь арилаагүй цаг төрийн тэнгэр дор, эрчүүл хамтдаа морь харах замд, зөвхөн бид хоёрын дунд болсон ярианы төгсгөлд тэрээр “Зөв өө, цаг нь болсон” гэдэг үгийг яг л Богд хаан тусгаар тогтнолын санаа өвөрлөсөн шавь нартаа айлддаг шиг хэлж билээ.

Хойхно талд мянганы уулс сүмбэрлэн, тэртээ алсад Отгонтэнгэр цайвалзсан тэр л хээр талд энэ яриа болсон. Тийм ээ, гэгээнтний зөв гэх шиг уул ус дүнхийсээр л байнам.

2019 оны зургадугаар сарын 17

Categories
мэдээ цаг-үе

С.Батбаатар: Эрх баригч хоёр намыг татан буулгаж, дахин зохион байгуулалтад оруулж байж нийгэм цэвэршинэ

Иргэний зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч С.Батбаатартай ярилцлаа.


-Та бүхний зүгээс Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж удаа дараа шаардлага тавьж байсан. Гэвч Үндсэн хуулийг өөрчлөхөөр болж, өдгөө хоёр дахь хэлэлцүүлэг рүүгээ орчихлоо шүү дээ?

-Нийгмийн болохгүй, бүтэхгүй бүхнийг Үндсэн хуулиас үүдэлтэй гэж сүүлийн үед их ярьж байна л даа. Үндсэн хуульд хулгай хий гэж заагаагүй, Үндсэн хуульд авлига авч, төрийн албан тушаалаа ашиглаад гэмт хэрэг үйлд гэж заагаагүй шүү дээ. Эрх баригчид өөрсдийн хийсэн болгоныг Үндсэн хуульд нааж байна. Монголд байгаа маш олон хуульчаас асуухад Үндсэн хуулийг муу хууль гэж хэн нь ч хэлэхгүй. Гэхдээ Үндсэн хуулийг цаг үетэйгээ нийцүүлж засварлах шаардлага үүссэн. УИХ-ын гишүүд Үндсэн хуулиас гадуурх органик хуулиудыг дандаа өөрсдөдөө нийцүүлж засварладаг. Энэ нь хууль зүйн салбарыг доголдуулж буй хамгийн том шалтгаан болчихоод байна. Өөрөөр хэлбэл, шүүгчдийг томилдог хууль гэх мэтийн органик хуулиудыг өөрсдөдөө тохируулж гар хүрснээр тэр хууль нь хууль биш болчихсон. Хууль зүйн салбарын доголдол эндээс үүдэлтэй. Үндсэн хуульд ямар нэгэн улс төрийн хүчин, ялангуяа энэ 65-ын бүлэг засвар хийхгүй ээ. Бидний тавьж байсан санал бол улс төрийн бүх намыг татан буулгаж, Ардын түр хурлыг байгуулаад тэндээсээ Үндсэн хууль болоод бусад хуулиудаа засъя гэсэн. 330 сум, 154 хорооноосоо төлөөлөлтэй Үндсэн хуульд өөрчлөлт хийе гэдэг шаардлагыг удаа дараа УИХ-д тавьсан ч хүлээж авсангүй.

-Өнөөдрийн УИХ-ын гишүүдийг Үндсэн хуульд гар хүрэх чадамжгүй гэж үзэж байгаа юм уу?

-Одоогийн УИХ-ын гишүүд дунд хууль гэдгийг мэдэхгүй маш олон хүн байна. Хэдхэн тооны хуулийн мэдлэгтэй гишүүдийн өргөн барьсан хуулийнх нь өөрчлөлтийг ямар ч үр дагавартай байсан мэдэхгүй кнопоо дараад дэмжиж байдаг. Тийм л хүмүүс хууль тогтоох дээд байгууллагад байна. Тодруулбал, хоол хийж мэддэггүй хүний бичсэн хоолны жороор мэргэжлийн тогоочид хоол хийж байна л гэсэн үг. Үүнтэй адил хууль зүйн талаар “А” ч байхгүй хүн УИХ-д ороод Монгол Улсын хуулийг өөрчлөөд байна. УИХ гэдэг хууль тогтоох дээд байгууллага шүү дээ. Тэгээд энэ мэргэжлийн бус хүмүүсийн хуулиар хуульчид ажиллах гэхээр хоорондоо асар зөрөлдөөнтэй хуулиуд гарч ирээд байна.

Энэ хууль зүйн салбарын доголдлыг бид хуульдаа биш үүнийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх засаглалдаа, хууль тогтоох байгууллагадаа байна л гэж үзээд байгаа юм.

-Та бүхэн Ардын түр хурлыг хуралдуулж, Үндсэн хууль болоод бусад хуульд нь засвар хийе гэлээ. УИХ-ын гишүүд органик хуулиудыг өөрчилж байгаа юм чинь яагаад Үндсэн хуульд гар хүрч болохгүй гэж?

-Өнөөгийн Засаг барьж байгаа хоёр намын дотоод систем нь үнэхээр бохирдчихсон байхгүй юу. Задлахаас өөр арга байхгүй. Энэ хоёр намын гишүүд дүүргийн ИТХ-д нэр дэвшихийн тулд намдаа 20-иос дээш сая төгрөгийн хандив өгдөг. Мөн өөрсдийн үүрүүдийн дарга, гишүүдэд 10-20 сая төгрөгөөр гарыг нь цайлгадаг. Энэ бол ил болчихсон асуудал. Ингээд 40-50 сая төгрөг зарлагадсан дөрөв, таван залуу өрсөлдөөд нам дотроосоо хороонд нэр дэвших эрхээ олж авдаг. Тэр хүн нь тойрогтоо үзэхдээ ард түмний саналыг худалдаж авдаг мөнгө, зар сурталчилгаа гээд зарлагадсаар зөвхөн дүүргийн ИТХ-д сонгогдох гэж 100-200 сая төгрөг зарлагаддаг. Тэгээд ийм их мөнгө зарлагадсан хүн гарч чадвал зарцуулсан мөнгөө буцааж олох гэж л ажиллана. Хоёр намын хамгийн муухай зүйл нь мөнгө угааж байгаа энэ асуудал. Тэгэхээр татан буулгаж, нэг гараанаас бүх намуудыг эхлүүлж, дахин зохион байгуулалтад оруулж, бодлогын нам болгож байж өнөөдрийн энэ нийгэм цэвэршинэ.

-Та бүхэн Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар заалтыг түлхүү анхаарч байна?

-Бид Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Гэвч нэгэнт Үндсэн хуульд өөрчлөлт орохоор болчихлоо. Тэгвэл Үндсэн хуулийн 6.2-т төрийн өмч гэсэн тэр заалтыг ард түмний өмч болгоод өгөөч ээ. Сумдын Засаг дарга нар газраа гадаадынханд эзэмшүүлж байна. Тэгээд иргэд нь бэлчээрийнхээ газрыг алдаад шүүхдэхээр дандаа ялагдаж байна. Ялагдаж байгаа үндэслэл нь Үндсэн хуульд Монгол Улсын иргэдэд өмчлүүлсэн 0.7 га-гаас бусад газар, газрын доорх баялаг, ой, ан амьтан ус ургамал бүгд төрийн өмч гээд заачихсан. Таны өмчлөх долоон га-гаас бусад газар төрийн өмч учраас төр мэднэ гээд шүүх дээр иргэд ялагдаад байна. Засаг дарга төрийн төлөөлөл учраас захиран зарцуулах бүрэн эрхтэй гээд л нэг хүний гарын үсгээр Монголын газрыг зараад дууслаа. 6.1 дээр яахав, ард түмний мэдэлд гэж байгаа. Гэвч газрын эзэн нь төрийн төлөөлөл болох Засаг дарга, сайд, гишүүд нар учраас дураараа захиран зарцуулаад байна. Ер нь энэ хууль дээр маш олон алдаатай заалтууд байна.

-6.2 дугаар заалтыг өөрчилж газрын доорх баялаг, ой, ан амьтан, ус ургамлыг ард түмний өмч болговол уул уурхайн хөгжилд сөргөөр нөлөөлөх юм биш үү. Ард иргэд бидний өмч гээд хувиараа алт олборлоод эхэлбэл яах юм бэ?

-Ард түмний өмч гээд бүгд “нинжа” болно гэсэн үг биш. Органик бусад хуулиараа зохицуулаад өгнө. Засаг дарга аливаа нэг орд газрыг гадаадын компанид ашиглуулахаар болбол нутгийн иргэдийн саналыг авна гэдэг ч юм уу, органик хуулиараа бусад заалтуудыг зохицуулж болно. Бусад органик хуулиараа нөхцөлийг нь заагаад өгчихсөн болохоор ард түмэн 0.7 га-гаа хүртэл авч чадахгүй байгаа шүү дээ. Үүнтэй л адил.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь хэр зөв бэ?

-Гол, мөрөн, ус бол төрийн өмч. “Оюу толгой” компанитай гэрээ хийхдээ гүний усыг төлбөр авахгүйгээр ашиглуулах гэрээ хийчихсэн. Өнөөдөр жилд 15-30 тэрбум литр гүний усыг “Оюу толгой” ашиглаж байна. Гэтэл энэ гэрээг тухайн үеийн Ерөнхий сайд байсан хүн л хийсэн. Энэ Үндсэн хуульд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт асар их орж ирсэн. Ц.Элбэгдорж, С.Баяр, Ч.Сайханбилэг нар Ерөнхий сайд байсан. Иймэрхүү хүмүүс эрх мэдэлд хүрч, Ерөнхий сайд болохдоо асар их увайгүй үйлдлүүдийг хийчихсэн шүү дээ. Ийм увайгүй Ерөнхий сайдууд илүү их эрх мэдэлтэй болоод ирэхээрээ юу хийх вэ гэдэг аюул байна. Энэ Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд үнэхээр Монголын сайн сайхны төлөө гэхээсээ илүү эрх барьж байгаа хүчийг илүү их нэмэгдүүлээд байна уу гэж харагдаад байгаа.

-Танай намын зүгээс ямар хуулийн төслүүд боловсруулж байгаа вэ?

-Бид улс төрийн намуудыг татан буулгаж, бодлогын нам болгох хуулийн төслийг бэлдэж байгаа. Түүнчлэн Иргэний хяналтын тухай хуулийг бэлэн болгочихсон байгаа. Энэ нь ямарваа нэг улсын төсвөөр тавьсан замыг ч юм уу, бусад асуудал дээр иргэд өөрсдөө хяналт тавина гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баруун аймгууд руу тендерийн нэг компани 100 км авто зам тавилаа гэж бодоход тэр замыг стандартын дагуу тавьсан байна уу гэдэг дээр Хуулийн фермүүд хяналтаа тавьж, шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх газар дээр нь очиж стандартын дагуу юу гэдгийг нь шалгаад тухайн зам тавьсан компанийг торгодог тогтолцоо руу орох юм. Түүнчлэн алдааг олж шүүхэд хандсан хүмүүст урамшуулдаг урамшууллын системтэй байна. Харин худлаа гомдол гаргасан хүмүүсийг Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно гэсэн үг. Ингэж байж төрд шахдаг бизнесүүд цэгцэрнэ.

Мөн Генетикийн нөөцийн тухай хуулийг боловсруулчихсан байгаа. Монгол Улс 2018 онд байгаль орчин, уул уурхайн салбараас 2.2 их наяд төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлсэн юм билээ. Генетикийн нөөцийн тухай хууль Монгол Улсад байгаа амьтан ургамлын генетикийг хамгаалах хуулийн төсөл юм. Дорнодын Халх голд хадлан бэлдэх нэрийдлээр хятадуудад газар өгч байгаа. Гэтэл Хятад улсад нөгөөх өвс маань очоод 13 ангилагддаг гэнэ. Тэдгээр ангилсан ургамлуудаараа эм үйлдвэрлэдэг. Манай чихэр өвсийг хятадууд нутагтаа тарималжуулж үзсэн шүү дээ. Гэхдээ хэзээ ч монгол хөрсөн дээрээ, эрс тэс уур амьсгалд ургасан чихэр өвсөө гүйцдэггүй. Манай улсын хамгийн том байгалийн баялаг бол эрс тэс уур амьсгалд ургаж байгаа эдгээр эмийн ургамлууд юм. Энэ байгалийн баялгийг бид үнэгүй шахам гаргаж байна. Тиймээс бид дотоодынхоо хуулийг боловсруулах хэрэгтэй. Эдгээр ургамлуудыг төр хамгаалалтдаа аваад ашиглана гэсэн үг. Ингэснээр бид Монгол Улсын төсөвтэй тэнцэхүйц эмийн үйлдвэртэй болох боломж байна. Одоо энэ ажлыг эхлүүллээ гэж бодоход 5-10 жилийн дараа гэхэд томоохон хэмжээний эмийн үйлдвэртэй болчихно. Тэгэхээр Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хараат бус болох боломж байна. Байгалийн баялаг асар их байна. Бидний үр хүүхэд энэ газар нутаг дээр хичнээн мянган жил амьдарна. Саяхан нэг судалгаа гарсан. Монголын бүхий л яамд, сайд нар, судалгааны томоохон байгууллагын оролцсон энэ судалгаагаар манай улсад уул уурхай энэ эрчээр явбал 10 хүрэхгүй жилийн дотор өмнийн говийн гүний усны нөөц дуусна гээд тодорхой заачихсан байгаа. Энэ судалгааг УИХ, Засгийн газар хамтарч гаргасан шүү. Тиймээс бид уул уурхайг Монголын ирээдүй гэж харж болохгүй.


Categories
мэдээ цаг-үе

С.Доржсүрэн: Байгаа орчноо л зуслан шиг тохижуулах хэрэгтэй

Аж үйлдвэрийн эдийн засаг нийгмийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан С.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Би 1937 онд төрсөн. Ах дүү есүүлээ. 16 нас хүртлээ малын захад өссөн. Сургуульд сурах бололцоо байсангүй. Улс орны дотоод асуудал хүнд үед төрсөн л дөө. Эх орны дайны үед хоёр ах таван жил цэргийн алба хааж, бага ах маань сургуульд явснаар гэрийн ажил миний толгой дээр буусан юм. 16-тайдаа хэзээний ажил амьдрал үзчихсэн эр хүн болчихсон байлаа. Өөрсдийн илүү гарсан малын тоо толгойг улсад тушаадаг. Одоогоор татвар юм уу даа. Тийм л хатуу чанга амьдралд өссөн. Энэ нь надад маш их зүйл сургасан.

-Хотод хэзээ анх ирэв?

-Би 1956 онд хотод орж ирээд аж үйлдвэрийн кабинетийн хаалга татаж гуталчин болов. Тухайн үед ажлын гутал гэж жилдээ 700 мянган хос, өдөртөө 250-300 хос гутал үйлдвэрлэдэг байлаа. Бараг арваад жил ажиллаж тэргүүний сайн ажилчин болж үйлдвэрээс дээд сургуульд суралцуулахаар явууллаа. Гуталчин хийж байх хугацаандаа 18 дугаар сургуулийн оройн ангиар арван жилийн боловсролд суралцсан. Өдрийн анги болон оройн ангийн сурагчид яг нэг программаар хичээл үздэг байсан. Дотоодын эдийн засгийн дээд сургуулийг 1966 онд төгссөн. Хөнгөн үйлдвэрийн яамны сайд П.Дамдин төлөвлөлт эдийн засгийн урсалтын системийг үйлдвэрт нэвтрүүлэх шийдвэр гарсан учраас би тэр ажилд томилогдов. Аж үйлдвэрийн кабинетийн 22 үйлдвэр өөрийн яамнаас гарсан зүйлийг бүх үйлдвэрт нэвтрүүлж, түүгээрээ том үзэсгэлэн кабинет байгуулсан. Тус кабинетийг үйлдвэрийн ажилчдад сурталчилж ойлгуулах зорилготой байв. Үзэсгэлэнд тухайн зүйлийнхээ зургийг нь тавьсан. Зарим нэг зургийн дор тоо баримттай нь хамт гаргадаг. Үйлдвэр бүгдийн техник эдийн засаг нийгмийн асуудлаар хуучны нэхмэлийн үйлдвэрийн гурван давхрын том кабинетийг тохижуулсан нь тэр. Ж.Батмөнх дарга үзэсгэлэнд ирээд надаас хэд хэдэн асуулт асуусан юм. Би түүнд нь хариулсан. Удсан ч үгүй үйлдвэрийн дарга намайг дуудаж, “Хотын намын хорооны даргатай уулзаарай. Чи удирдах албан тушаалд дэвшиж ажиллахаар боллоо” гэсэн юм. Очоод уулзтал Намын дээд сургуульд дахин сурахаар боллоо. Сургуулиа төгстөл намайг дуудаж Эрдэнэт хотыг шинээр байгуулахаар болсон. Тэнд дутагдаж буй ганц зүйл нь мод модон материал байлаа. Тэгээд Хялганат цогцолборыг шинээр байгуулсан. Эрдэнэтийн ажил дуусч хот руу буцлаа. Би хот, дүүргээ хөгжүүлэх юмсан гэж их л боддог байсан. Хотод шинэ системийн ажил авчихсан. Аж үйлдвэр 27 мянган ажилчинтай. Эдгээр хүмүүсийг дайчилж нэг томоохон ажил хийе гэж боддог байлаа.

-Үйлдвэр удирдаж ажиллаж явсан хүн ногоон байгууламжтай хэрхэн холбогдов?

-Бодлоо биелүүлж арьс шир, ноос гэсэн хоёр чиглэлээр боловсруулалт хийдэг үйлдвэрийн нэрэмжит хоёр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм. Бал дарга их хуралд нэр дэвшсэн жил шинэ ажил хийнэ гээд Хүүшийн амны урд модыг нүүлгэж буулгасан. Тус аманд 10 га газарт мянган мод тарих лоозонтойгоор хийсэн. Анх тарихад жижигхэн мөчир л суулгаж байлаа. Ноднин жил очиж тарьсан моднуудаа харахад дөрвөн метр хүрсэн байна. Анхны хоёр цэцэрлэгт хүрээлэнгийн дараа л нэг мэдэхэд ногоон байгууламж барих ажилд татагдсан байсан даа.

-Модыг том томоор нь шилжүүлэн суулгаад байдаг. Тэр зөв үү, ургах болов уу?

-Түүнийг би сонирхдоггүй. Мод шилжүүлнэ гэдэг тийм амар юм биш шүү дээ. 1966 онд 120 мянгатын тавдугаар байранд хоёр өрөө байрыг үйлдвэр надад өглөө. Тухайн үедээ 1998 айл 90 орцтой 22 байр байлаа шүү дээ манай 120 мянгат. Энэ байранд манайх арав дахь нь болж орсон юм. Тэгээд байрандаа орсон чинь тэнд хийсэн ажил санаанд ороод, байрныхаа эргэн тойрон мод тарья, тохижуулъя гэдэг санаа төрсөн. Тэгээд нэг санаачилга гаргахаар шийдсэн. Манай байр гурван орцтой 36 айлтай. Айл бүрт төмөр пайзтай дугаар хийлгэсэн. Манай гэр бүл гэхэд дор хаяж нэг мод тарина. Түүндээ төмөр дугаараа хадчихна. Өөрсдийн дугаартай модоо өөрсдөө тордож ургуулна. Айл бүрт гурван хэрэгсэлтэй. Хүрз, жоотуу, хувинтай. Тэр үед ажилгүй хүн гэж байгаагүй. Ажлаа тарж ирээд бүгд модоо тордоно.

-Түүнээс олон байр жишээ авсан байх даа?

-Нэг өдөр хороон даргатай уулзлаа. Манай хажуугийн байранд амьдардаг байв. “Чи маш зүйтэй юм санаачилсан байна. Чи нэг уриалга гаргаадах. Би дэмжээд өгье” гэв. “Ямар уриалга билээ” гэтэл, 120 мянгатыг бүгдийг нь уриалан дуудъя. Ажилчдын хорооллоор дэмжүүлээд “Улаанбаатар сонин”-д гаргуулъя гэж байна. Би дэмжлээ. Шөнөжин сууж бодож уриалга бичлээ. Хийсэн ажлаа эхэлж бичээд 120 мянгатыг “Ногоон хороолол” болгохоор зорилоо. Тэгээд тухайн үедээ тус сонинд уриалга маань гарсан. Гэтэл манай үеийн нэг залуу хүрч ирээд “Чиний мод тарина гэдэг ёстой зөв байна. Хоёулаа Шарга морьт явж мод зөөе” гэж байна. Тэгээд бид хоёр Шарга морьтоос хорин мод зөөж авчирсан. Түүнийгээ 120 мянгатыг бүсэлсэн модтой болгоё гэж бодоод Гуравдугаар яслийн хашаанд баруун талд нь наймыг, зүүн талд нь долоог суулгасан. Одоо заримыг нь аваад хаячихсан байна лээ. Тэр үеийн уриалга минь дэмжигдээд 120 мянгатыг ногоон бүс болгохоор шийдэгдсэн. Айл бүр мод тарина. Тавдугаар байрыг жишиг болгоно гэдэг шийдвэр гарсан.

-Тухайн үедээ ажилчны хороолол ногоон хороолол байж дээ?

-120 мянгатыг одоо болтол Ногоон хороолол гэдэг. Анх 100 м.кв газарт Хятадын ард түмнээс ажилчдад зориулж барьж өгсөн байрууд шүү дээ. Тэр үед ийм хороолол байгаагүй учир цагдаа цэрэг, урлагийнхан, үйлдвэрийнхэн гээд бүгдэд нь хувааж өгсөн.

-Тухайн үед мэргэжил нь тэс өөр, мод тарих мэдлэг мэдээлэлгүй байсан байх юм. Яаж сурав?

-Яахав тухайн үед өөрийн гаргасан санаагаа амжилттай сайн хийхийн тулд өөрөө л зүтгэх шаардлагатай болсон. Албан шаардлагаар шахуу сурсан. Тэгээд ч өмнө нь 2-3 газар мод тариад, ургуулж арчлаад мэддэг болчихсон байсан учраас туршлага суусан л даа. Тухайн үед манай байруудад дандаа хөдөөний хүмүүс суурьшсан. Тэр үеийн залуус юм хийе гэсэн хүсэл тэмүүлэлтэй, зүгээр суугаад байдаггүй. Амралтын өдөр ч гэж байхгүй. Бүгд хагас, бүтэнсайнд суботник хийнэ. Тарьсан модоо арчилж тордоно.

-Одоо анх байгуулж байсан цэцэрлэг тань харагддаггүй шүү дээ. Яасан юм бол?

-Бүгд барилга болсон байна лээ. Зүүн талынх нь орон сууц, том дэлгүүр болчихсон. Баруун талыг нь нэг том компани аваад нэг ч мод байхгүй болсон байна билээ.

-1966 оны үерээр хотод ирчихсэн байсан гэсэн. Тэр үед юу болсон бэ?

-Би үйлдвэрийн эдийн засгийн албаны дарга болчихсон шинэ систем нэвтрүүлэх ажилтай байлаа. Тэгсэн Аж үйлдвэрийн комбинатын дарга дуудаад “Чи ногоон бүс байгуулдаг мод тарьж ургуулдаг шигээ үерийн далангийн ажлыг зохион байгуулж ажилла. Үйлдвэр болгоноос би хүн гаргаж өгье” гэлээ. Тэр үед ямар ч далан гэж байгаагүй. Хотын захиргаанаас манайд нэг км далан байгуулах хуваарь өглөө. Энхтайваны гүүрнээс дээш дунд голын улаан гүүр хүртэл нэг км гаруй газрыг 125 хүн, хоёр 53-тай, 1966 оны долдугаар сарын 20-ноос эхэлсэн. Тэр үед үер болоод маш их ажил болов. Дахин үер болох вий гэсэн үүднээс маш шалмаг ажиллах шаардлагатай байлаа. Хотын хэмжээнд цэрэг, цагдаа үйлдвэрийн бүх ажилчид дайчлагдсан. Бидний байгуулсан далангийн хэсэг өндөр нь гурван метр, өргөн нь дөрвөн метр, дээд хэсэг нь хоёр метр нэг км гаруй даланг 1966 оны арванхоёрдугаар сард дууссан.

-120 мянгатын амьтны дүрстэй цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад таны оролцоо их байсан гэсэн?

-120 мянгатын автобусны буудлын ард талд залуучууд цугладаг том талбай байсан. Түүнийг би “Залуучуудын цэцэрлэг” болгоё гэсэн санааг дэвшүүлсэн юм. Тэр маань дэмжигдээд явж байтал нэг өглөө бостол нээх том хашаа татчихсан байна. Юун хашаа вэ гээд сонирхтол барилга барих гэж байгаа гэдгийг сонсоод хүмүүс эсэргүүцсэн. 2010-2011 онд хоёр жил барилга барих гэхэд нь бид эсэргүүцээд бариулаагүй. Сүүлдээ хүчрэхээ болиод ялагдсан. Гурван удаа шүүхдээд барсангүй. Эсэргүүцэж байсан хүмүүс маань буцсаар таван хүн л үлдэв. Тэр үед хотын дарга Э.Бат-Үүл байлаа. Ерөөсөө л хотын дарга дээр оръё гэж эхнэртээ хэлэв. Эхнэр “Чи зүгээр хотын дарга дээр яваад очихоор юу гэж чамайг хүлээж авах юм. Бичээд оч” гэж байна. Нээрээ ч бичсэн нь зүйтэй юм байна гээд шөнөжин бодож бичив. Тэгээд хотын захиргаанд өргөдлөө өглөө. Арав гаруй хоногийн дараа намайг дуудав. Би ч шийтгүүлэх гэж байна гэж бодоод очив. Гэтэл Э.Бат-Үүл дарга том зааланд ширээ засчихсан. Намайг оруулаад та надад өгсөн өргөдлөө уншаадах гэж байна. Би ч омогшоод ер нь хотоо л хөгжүүлэх гэж байгаа болохоос гэж бодоод уншив. Гэтэл зааланд байсан хүмүүс нир хийтэл алга ташлаа. Ингээд хотын дарга миний өргөдлийг хүлээн авч том хашааг буулган, одооны амьтны хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан юм. Бригад гаргаж өгч хотын дарга өөрөө байгуулж өгсөн. Түүнд нь би Э.Бат-Үүл даргад маш их баярладаг юм. Хотын хүн бүр зуслангийн байшинтай болж чадахгүй. Тиймээс байгаа байгаа орчноо л зуслан шиг тохижуулах хэрэгтэй. Би бол зуслантай л гэж ярьдаг. Зуслангийн цэцэрлэгээ бүтээлцэж чадсан учраас. Би арваад томоохон ногоон байгууламжийн ажилд гар бие оролцож, зохион байгуулж байсан.

Э.НАРАНЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Бямбын Ренчингийн хүү академич Р.Барсболдын гэрт зэвсэгтэй этгээдүүд халджээ

– Р.БАРСБОЛД: ХЭРЭГ ЮУ БОЛЖ БАЙГАА ТАЛААР ЦАГДАА НАР ТАГ ЧИГ БАЙНА –

Их зохиолч Бямбын Ренчин гуайн хүү Монгол Улсын төрийн соёрхолт, академич Р.Барсболдын гэрт зэвсэгт этгээдүүд халдсан хэрэг энэ сарын 10-нд гарчээ. Хоёр этгээд Р.Барсболд гуайг эхнэрийнх нь хамт хагас цаг орчим хутга тулган сүрдүүлжээ. Уг ноцтой хэргийн талаар академич Р.Барсболдтой ярилцлаа.

-Баяр наадмын урьд өдөр хэрэг явдал болсон байна. Чухам юу болсон талаар эхлээд ярьж өгөхгүй юү?

-Тэр өдөр 20:00 цаг болоогүй байсан байх. 19:25 цагийн орчим болов уу. Нар жаргаагүй байсан үе. Эхнэр бид хоёр хүүгийн байранд түр ирээд байсан. Байрны хоёр давхарт эхнэртэйгээ хоолоо идчихээд гал тогоо орчим эргэж байгаад эргээд хартал нэг залуу зогсч байна. Гэрийн хүн маань бие жаахан муутай. Сайн анзаарахгүй байгаа бололтой. Уг нь модон шатаар дээш гарч ирэхэд сонсогддог. Гэтэл ерөөс мэдэгдэхгүйгээр гараад ирчихсэн зогсч байна. Би бодохдоо “Манай хүүхдүүдийн танил юм байх” гэтэл нүүрээ хаасан багтай юм. Зориулалтынх биш, хэрэглэсэн муухан өнгөтэй марлиар нүүрээ хаагаад боочихсон бололтой. Надаас 5-7 см орчим өндөр, нэлээд чийрэг биетэй. 25-30 орчим насных болов уу гэмээр. Гэтэл цаана нь шатан дээр өөр нэг хүн зогсч байна. Бас нэг даавуугаар нүүрээ хаачихсан, саравчтай малгайтай. Лавлаад хартал хоёулаа том хутга барьчихаж. 20 орчим см том хутга юм. Наад талын нөхөр хэлж байна. “Та битгий тэвдээрэй” гэлээ. Эхнэр маань хажууханд байсан. Тэд хаана ямар өрөө байгааг мэддэг юм шиг, эхнэр бид хоёрыг булангийн өрөө рүү оруулчихаад нэг нь даруй гүйгээд гарлаа. Дээр, доогуур юм авахаар онгичиж байгаа бололтой. Нөгөө нөхөр нь бидний өмнө том хутгаа чиглүүлээд манаад зогслоо. Би “Монгол ч баларч байгаа юм байна даа” гэхэд хутга барьсан нөхөр хариуд нь “Та Монголыг тэгж хэлээд ч яахав дээ” гэсэн утгатай зүйл хэлж байна. Гэрийн хүн маань ч ойлгосон юм алга. Хараа, сонсгол муутай хүн. Таньдаг хүн ирсэн гэж ойлгоод байх шиг байна. Тэгэхэд тэр залуу “Танд ямар ч хохирол учруулахгүй” гэсэн. Би “Та нар аль эрт хохирол учруулчихлаа. Орж ирэхдээ гал тогооноос том хутга барьж ирээд биднийг нэг өрөөнд оруулж ирээд хутга тулгаад зогсч байгаа чинь хохирол биш юм уу” гээд хоёулаа бүр ярьж эхэллээ.

-За…

-Би ч бодлоо. Надад ийм тэгш биш байдлаар ярилцахад хэцүү юм. Жишээ нь, би тийм хутгатай байсан бол ярьж болох байсан. Дээр нь бид насны сүрхий ялгаатай, жингээрээ надаас хоёр дахин том. Тэднийг харахад тийм ч муухан хүмүүс биш бололтой. Өмссөн хувцас хунар нь сайн байсан. Нэг нь улаан шорттой. Яриа нь хотын хүний шинжтэй, нүүр байдлын хувьд ч тэр. Дөхөж очоод нүдийг нь сайн харъя гэтэл “Та битгий ойрт” гээд сэрэмжлээд байгаа юм, золиг чинь.

-Та хоёулхнаа л байсан хэрэг үү. Хүүхдүүд тань байгаагүй юу?

-Байгаагүй. Урд байшин хүүгийнх. Тэд гэртээ байсан. Бид хоёулхнаа. Тэр үед би бодож байсан. Гарт баригдах юм алга. Өшиглөе гэхээр би шаахайтай. Хатуу гуталтай бол оновчтой өшиглөвөл болох л юм. Эсвэл нүд рүү нь хуруугаараа хатгая гэж бодохоор хуруу маань үеэрээ өвдөөд байдаг талтай. Чадахгүй оролдвол шал дэмий юм болно. Бас тэр өрөөнд уг нь манай хүүгийн хуучны сэлэм байдаг юм. Түүнийгээ бодоод сэлэм рүүгээ жаахан дөхөсхийх санаалтал нөгөө нөхөр сүрхий ажигч “Та сэлэм рүү дөхөөд байна. Хэрэггүй дээ” гэж байна. Тэгээд нөгөө залуугаа дуудлаа. Тэр нь орж ирээд өрөөнд байсан гялгар уут аваад миний компьютер, бас нэг цахим хэрэгсэл, мөнгөн аяга зэргийг хийж байна. Тэгэхээр нь би “Наад компьютерт чинь ажлын холбогдолтой нэлээд хэрэгтэй зүйлс бий. Өгмөөргүй л байна даа” гэхэд “Та тэгвэл хуруундаа байгаа алтан бөгжөө өг” гэлээ. Надад дурсгалаар ирсэн үнэтэй зүйл учир бас татгалзсан. Тэгсэн чинь “Танд мөнгө байна уу” гэсэн. Дээд давхарт түрийвчинд хэдэн төгрөг байгаа” гэхэд “Гараад аваад өг” гээд эхнэрийг өрөөнд ганцааранг нь үлдээчихээд намайг дагуулаад дээш гарлаа. Тэр нөхөр бүх юмыг их сайн мэдэж байсан болов уу гэмээр. Эхнэр үлдээд хэн нэгэн рүү холбоо барьж тэднийг барьж өгнө гэж эмээхгүй байсан. Угаас тийм үйлдэл хийх боломжгүй гэж мэдсэн бололтой байсан. Түрийвчинд маань баярын хоол хүнс авахаар хадгалчихсан байсан 100 гаруй мянган төгрөг байснаас гаргаж өгсөн. Хоёр давхарт бууж ирээд “Компьютерийг чинь танд үлдээе” гээд гаргаж тавьчихаад гараад явцгаасан. Яг тэр үед 20:00 цаг дөнгөж өнгөрч байсан. Тэр даруй хүү Лигдэн рүүгээ утасдлаа. Манай урд байшинд байдаг. Дороо гүйгээд ирлээ. Уг нь хаалган дээр бариад авах боломж байсан. Бодвол машинтай байсан байх. Дороо л сураггүй болсон байсан. Тэд гарахдаа нэг хутгаа доод давхарт, нөгөө хутгаа зүлгэн дээр хаячихсан байсан.

-Тэдний авсан зүйлс мөнгө л байсан уу. Өөр юу ч аваагүй гэж үү?

-Тэр хэдэн төгрөг, бас миний нэг муу цагийг л авсан байсан.

-Тэгээд цагдаа дуудсан уу?

-Тэгсэн. Манай цагдаа нар яаралгүй ирдэг юм билээ. Цагдаа нар ирээд надаас асуусан. “Тэр этгээдүүд бээлийтэй байсан уу” гээд. Тэд бээлийгүй байсан. Гарынх нь мөр олон газарт байж таарна. Хутган дээрээс гадна онгичсон бүхий л газарт үлдсэн байх ёстой. Бодвол тэдгээрийг баримтжуулж авсан л байх. Түүнийг зэвсэг хэрэглэсэн дээрэм гэж хэлэхээс аргагүй. Хулгай байсан бол би цагдаад бараг мэдэгдэхгүй ч байсан байх. Тэртэй тэргүй олохгүйгээс хойш. Тэгэхэд тэр бол онцгой юм л даа. Нийгэмд аюултай асуудлын нэг болов уу гэж бодож байна. Тэр нөхөд цагийг маш сайн тооцоолсон байсан. Хүү гэрээсээ хэзээ манайд орж ирдэг, хэзээ гардаг. Ард нь хэн үлддэг гээд л. Дараа нь надад хоёр зүйл бодогдож байсан. Доод давхарт хутга байгаагүй бол тэд юу барьж орж ирэх байсан бол. Эсвэл биедээ хутгатай, эсвэл өөр зэвсэгтэй байсан байх. Хоёрт, тэр үед урд байшингаас Лигдэн ороод ирсэн бол юу болох байсан бол гэж. Эвгүй л зүйл болох байсан болов уу.

-Тэгэхээр та зохион байгуулалттай, сайн судалсан хүмүүс халдсан гэж үзэж байна уу. Магадгүй таныг палеонтологич болохоор үлэг гүрвэлийн үнэтэй эд, зүйлс гэрт тань хадгалаастай гэж бодсон юм болов уу?

-Зохион байгуулалттай л гэж бодож байна. Би тэднээс асуусан. “Та нар юу эрээд байгаа юм бэ. Энд би байдаггүй. Энд юу байгааг би мэдэхгүй” гэсэн. Хариу хэлээгүй. Тэнд сүрхий их алт, мөнгө гэх юм байхгүй нь баттай. Яагаад гэвэл эзэд нь олон сараар гадаадад явсан учраас гэртээ үнэт зүйлс үлдээхгүй нь мэдээжийн хэрэг. Дараа нь хүү маань ч тэгж хэлж байсан.

-Тэд бас хэн нэгэн рүү утсаар ярьж байсан гэв үү?

-Надад тэгж бодогдсон. Утас гаргаж ирээд яриагүй л дээ. Чихэвчээр ярьж байна уу даа гэж сонсогдсон. Гараа чихэндээ аваачаад аман дотроо ярих шиг болсон. Хоёр, гурван үгийг англиар хэлсэн. Би хоёр гурван метрийн зайтай зогсч байсан учраас сайн сонсогдоогүй. Гэхдээ би андуурсан ч байж болох. Батлах юм байхгүй.

-Тэр явдлаас хойш долоо хоног өнгөрч байна. Ажлын өдрүүд ч эхэлчихлээ. Цагдаагаас холбогдож хэргийн талаар тодруулж байна уу. Эсвэл та нарыг дууддаг ч юм уу?

-Үгүй. Тэр үед өргөдөл бичүүлж ч аваагүй. Өнөөдөр л би өөрөө бичиж байна. Манай цагдаа нар чинь хуучны зөвлөлтийн зохион байгуулалттай. Өөрөөр хэлбэл, муу зохион байгуулалттай гэсэн үг. ЗХУ-д цагдаагийн байгууллага нь “Милиция” байснаа “Полиция” болж байсан түүхтэй. Оросууд бол тэр үед маш сүрхий шүүмжилж бичиж байсан. Хувцас, нэр солигдсон ч хүмүүсийн арга барил, сэтгэл санаа, зүтгэл бүх юм нь хуучин хэвээрээ байна гэж байсан. Манайд ч ялгаагүй. Түүгээр ч барахгүй цагдаагийн байгууллага бүрт сэтгэхүйн чиглэлийн эмч байх ёстой гэдэг. Яагаад гэвэл сэтгэхүйн хувьд сулавтар олон хүн, хуучны хэллэгээр хөдөлмөрч, бүтээлч ажил хийж чадахгүй хүн цагдаад ороход ашигтай. Муугүй цалинтай, хувцас хангамжтай, зэвсэгтэй, хүнийг баривчлах эрх мэдэлтэй, торгох эрхтэй.

-Та цагдаагийн байгууллагад жаахан шүүмжлэлтэй байна уу даа. Тэр хэргээс хойш тантай холбогдоогүй хэрэг үү?

-Үгүй. Уг нь зөвлөлтөд байдаггүй юм. Манай цагдаа нарт байдаг дургүйцмээр нэг зан бий. Тэд телевизээр тунхаглан зарлаад байдаг. Халаасны хулгайч нэмэгдээд байна, болгоомжтой байгаарай, үүдээ хааж байгаарай гэж тунхаглан зарлагч болчихоод байна. Уг нь цагдаа бол ажиллах ёстой. Тэр хулгайчийг барьж авахгүй юу. Өдий төдий арга байгаа.

-Танай байрны дэргэд Куба улсын Элчин сайдын яам байдаг юм байна. Хамгаалалт өндөртэй газарт өдрийн цагаар зэвсэгтэй хүмүүс халдаж байгаа нь сэжигтэй байна?

-Би ч тэгж бодож байна. Кубын Элчингийн хашааны хаалган дээр “24 цагийн турш камертай” гэсэн бичиг байдаг. Шал худлаа, камер байдаггүй. Энд тэнд дэлгүүр хоршоонд камертай гэдэг худлаа байдаг байх нь ээ гэж боддог. Монголд юу нь сайхан тэр сайхан шүү дээ. Харин тэр орчмын айлынхан ажигласан байсан. Нэлээд сэрэмжтэй улс байдаг юм байна. Тэд хараад манай гэрээс улаан богино өмдтэй хоёр залуу гараад явж байсан гэж хэлсэн байдаг.

-Таны ярьснаар тэр хүмүүсийн байр байдал, яриа зэргээс харахад шунахайн сэдлээр дайрч орсон гэж ойлгогдохгүй байна. Магадгүй танд, танай хүүхдүүдийг сүрдүүлэх гэсэн өш хонзонгийн сэдэл байсан юм болов уу?

-Байж болно. Тэр тусам тэр байрны эзэн хүүгийн маань эхнэр дипломат хүн. Манайд Элчин сууж байсан. Яахав, тэр дээрэмчний үг бүрт итгэж болохгүй л дээ. Гэхдээ тэр хүн надаас “Танд утас бий юү” гэсэн. Би “Байхгүй” гэхэд “Та тэгвэл ямар утсаар охинтойгоо ярьдаг юм бэ” гэлээ. “Надад охин байхгүй” гэхэд “Байлгүй яахав, энэ биз дээ” гээд хананд өлгөсөн зураг руу заасан. Хананд манай хүүгийн эхнэрийн зураг байдаг юм. Тэр бас намайг ямар ажил эрхэлдгийг асууж байсан. Магадгүй намайг таньж мэдэж байсан ч юм уу бүү мэд, уг нь би тийм сүрхий нэр алдартай хүн биш. 76 ухаантан биш шүү дээ. Тиймээс надад сүрхий мөнгө төгрөг ч байхгүй. Гэхдээ тэр байранд өмнө нь хулгай орж байсан юм. Харин ингэж хутга, шөвөг болсон нь сэтгэлд сэвтэй л байна. Ер нь энэ нийгэмд юу ч болж мэдэх юм байна. Буутай ч явж мэдэх нь. Одоо жаахан бэлтгэлтэй байхаас аргагүй болж байх шиг байна.

-Таны бие гайгүй юу?

-Би тэр үед нэг их айгаагүй. Ер нь монгол хүн хаана ч байсан эрсдэлтэй болж байна уу даа. Түүнээс хойш би хашир болж байна. Хаалга тогшихоор хэн бэ гэж хардаг болсон. Үүдэндээ алх шиг юм тавьчихлаа. Хэрэг болж юуны магад.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дайдаа, эмээ, пионер гурав​” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн хүрч байна.

Оюу толгой ХХК-ийн 66
хувийг эзэмшигч TRQ-гийн
хувьцаа 43.93 хувиар унасан
мэдээ наадмын дараах халуун
сэдэв боллоо. Энэ талаар нэг болон зуогадугаар нүүрнээс уншаарай.

Монгол Улсын
Ерөнхийлөгч Х.Баттулга
Үндсэн хуульд оруулахаар
нэмэлт, өөрчлөлтийн
төсөл өргөн барьсан. Уг
төслийн талаар Үндсэн
хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах дэд ажлын хэсгийн
гишүүн, Үндсэн хууль
судлаач О.Машбаттай
ярилцлаа. Энэ тухай нэг, хоёр, тавдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Монгол Улсын
харцага Доржийн Анартай ярилцсаныг нэг, 12, 13 дугаар нүүрэнд нийтэллээ.

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дайдаа, эмээ,
пионер гурав” нийтлэлийг гуравдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Бямбын Ренчингийн хүү академич Р.Барсболдын
гэрт зэвсэгтэй этгээдүүд халдсан байна. Энэ талаар өөрөөс нь тодруулга авсныг долдугаар нүүрэнд нийтэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Маргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана

Маргааш буюу 2019 оны долоодугаар сарын 18-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

  • 10:30-20:00 цагт: 1, 4-р хороо 1-4, 13-15, 17, 25, 37-39, 49, 50, 51, 61-63, 74, 75, 84, 85-р байрууд, Зиб ХЗХ, Зо Эн Би /үйлчилгээ/, Интеркьюзен ХХК-ууд /Наран трейд/, Иргэн Энхжаргал /ТҮЦ/, Их эзэн Чингис групп, Макс хүнс, Орхонбуур, Транс импекс, Тэрх цагаан нуур, Хос важра, Хот айл, Эрдэм гоёл, Цацатын яргай ХХК-ууд, ҮЦ-ны төвлөрсөн хадгаламжийн төв, НТЗ-ны 2-р байр НҮГ, Нийслэлийн шүүх тамгын газар, 9-р цэцэрлэг, ЧД-ийн ЗДТГ, Газарзүй гео экологийн хүрээлэн, ЗГБНЗ /ашигт малтмалын газар/, ЗХДЗШ-ны шүүх, Дээд шүүх, НЗХ-ийн шүүх, Хаан банк /Туул/ болон эдгээрийн ойр орчмоор, 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, Шижирбаатар /дэлгүүр/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэгдулаан ХХК-ууд, Иргэн Бумбаа /дэлгүүр/, Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

  • 11:00-16:00 цагт: 2-р хороо Дарь эх АОС Их Дарь-Эх, Хоршоолол ИТ-60, Бид ББСБ, Баян цагаан нуур, Авто арвижих, Мон петекс ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

СҮХБААТАР ДҮҮРЭГ

  • 10:30-18:00 цагт: 19-р хороо Шадавлин, Арсогоотын зуслан, Гудамжны гэрэлтүүлэг болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

  • 11:00-16:00 цагт: 20-р хороо Төмөр замын ажил буулгах анги

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

  • 11:00-18:00 цагт: 13, 14-р хороо 59-р сургууль, 165-р цэцэрлэг, ХУД-ийн Эрүүл мэндийн нэгдэл, Холбооны 32-р салбар, Өлзийт гэр хороолол болон эдгээрийн ойр орчмоор

ТӨВ АЙМАГ

  • 09:00-17:00 цагт: Баянчандмань сум Мон-Эг ХХК
  • 10:00-18:00 цагт: Эрдэнэ сум Өлзийт зуслан

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Categories
мэдээ улс-төр

Монголын автотээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо зохион байгуулагдлаа.

Уг хуралд монголын талыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, БНХАУ-ыг төлөөлж тус улсын Тээврийн дэд сайд Лью Шаомин, ОХУ-аас Тээврийн яамны Автотээвэр болон хотын зорчигч тээврийн төрийн бодлогын газрын дарга Алексей Сергеевич Бакирей нар тус тус ахлан оролцов. Мөн Хамтарсан хорооны анхдугаар хуралд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хэлтсийн дарга Рэн Вэй Минь оролцлоо.

Гурван талын Хамтарсан хорооны анхдугаар хурлаар “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны төлөөлөгчийг батлах, 2020 онд ашиглах зөвшөөрлийн бичгийн тоог тохирох, Азийн авто замын сүлжээний АН-4 коридорын дагуух тээврийн маршрутыг нээх хугацаа болон зорчигчдын тогтмол бус тээврийг эхлүүлэх боломжийн талаар хэлэлцэж, талууд санал нэгдэв.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ” хэмээх зорилтын хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2016 оны 12 дугаар сард байгуулсан билээ.

Өмнөх уулзалтуудаар хэлэлцэн тохиролцсоны дагуу хурлын үеэр БНХАУ-ын талаас дээрх хэлэлцээрийн хүрээнд 2019 онд олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг монгол, оросын талд хүлээлгэн өгснөөр хэлэлцээр бүрэн утгаараа хэрэгжиж эхлэв.

Ингэснээр Монгол Улсын автотээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Азийн автозамын АН-3 сүлжээ буюу БНХАУ-ын Тяньжин-Улаанбаатар- ОХУ-ын Улаан-Үд болон Азийн авто замын АН-4 сүлжээ болох БНХАУ-ын Хонгираф-Үрэмчи–Ховд–Баян-Өлгий-Барнаул-Новосибирск хотын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх бодит боломж бүрдэж байна.

Хамтарсан хорооны дараагийн хурлыг 2020 оны эхний хагаст багтаан Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын дархлаажуулалтыг дахин 10 хоног сунгалаа

Энэ сарын 1-10-нд улсын хэмжээнд тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт зохион байгуулсан. Тэгвэл энэ аяныг улсын хэмжээнд дахин 10 хоног сунгасан байна. Дархлаажуулалтад тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад, тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд хамрагдана. Түүнчлэн тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг хамруулна. Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд аймаг, сум, дүүргийнхээ Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвд хандах аж.

Categories
мэдээ нийгэм

“Яараад яахав дээ” аяны хүрээнд зам тээврийн гэмт хэрэг 63.9 хувиар буурчээ

Тээврийн цагдаагийн албанаас Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 1 сарын хугацаанд хийсэн ажлыг нэгтгэн танилцуулж байна. Үүнд:

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Тээврийн цагдаагийн албаны дарга, удирдлагаас нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, замын цагдаагийн тасаг, хэсгийн дарга, алба хаагч нарт мэдээлэл, ажлын чиглэл өгөх зорилгоор “Цахим хурал”-ыг зохион байгуулж ажилласан. Мөн нэгдсэн арга хэмжээ эхлээд 1 сар өнгөрсөнтэй холбогдуулан тус хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг танилцуулах арга хэмжээний чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр ажлын чиглэл өгөх зорилгоор нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчдыг хамруулсан “Цахим хурал”-ыг зохион байгуулахаар харьяа нэгжүүдэд мэдээлэл ажлын чиглэлийн хамт хүргүүлсэн. Тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтэс, Орон нутаг, Хурдны замын хяналтын хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран Нийслэл хотоос орон нутаг чиглэсэн олон улсын болон улсын чанартай авто замын нийт 23 ширхэг “Яараад яахав дээ” ухуулга, нөлөөллийн самбар байрлуулаад байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг, 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсээс 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд байнгын хяналтын 50, хөдөлгөөнт эргүүлийн 68 пост, цэгт 113 офицер, 182 цагдаа, нийт 295 алба хаагч, 38 автомашин, 7 мотоциклтой ажиллаж, авто замын хөдөлгөөний хяналт шалгалтаар 216895 тээврийн хэрэгсэл шалгаж, 52574 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 зөрчлийг илрүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг хэлбэрээр нь ангилж үзэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1464, хамгаалах бүс хэрэглээгүй 6083, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн 3190, гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 846, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 12789, бусад зөрчилтэй 28202 тээврийн хэрэгсэл илрүүлж ажилласан байна. Аяны хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 1 сарын хугацаанд орон нутгийн авто замд 45 гэмт хэрэг үйлдэгдэж, хэргийн улмаас 37 хүний амь нас хохирч, 30 хүн гэмтсэнийг 2018 оны мөн үетэй нь харьцуулан үзэхэд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар буурч, амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар буурсан, харин гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан дүн гарсан байна.