Categories
гадаад мэдээ

Еврокомиссын тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

Европын холбооны парламент удаан хэлэлцсэний эцэст Германы канцлер Ангела Меркелийн хамсаатан гэгддэг Урсулафондер Ляйенийг Еврокомиссын тэргүүнээр сонголоо. Өдгөө 60 настай энэ эмэгтэйн төлөө 751 депутатын 383 нь саналаа өгсөн тул Европын холбооны гүйцэтгэх засаглалын төв байгууллагын анхны эмэгтэй тэргүүн болох гэж байна.

Өнгөрсөн мягмар гариг хүртэл сонгууль хэрхэн дуусах нь тодорхойгүй байсныг ажиглагчид онцолж байгаа юм. Гэхдээ ийм байдал нь Европын улс төрд гарч буй өөрчлөлтүүдийн үр дүнгийн нэг гэнэ. Өмнө нь олон жилийн турш зүүний болон барууны төвч намуудын төлөөлөл Европарламентад сонгогдож ирсэн байдаг. Эдгээр намууд нэгдээд олонхийг бүрдүүлж чаддаг байсан юм. Тиймээс ч ямар нэгэн асуудалгүй гол албан тушаалд хүмүүсийг томилж ирсэн. Ийм маягаар Жан-Клод Юнкер болон Дональд Туск нар албан тушаалдаа сонгогдож байсан ажээ.

Тавдугаар сард болж өнгөрсөн сонгуулиар дээр дурдсан хоёр том улс төрийн хүчин 67 мандат алдсанаар олонхи болох боломжгүй болжээ. Учир нь эдгээр мандатуудыг нь популист үзэлтнүүд төдийгүй, зүүн, либерал-ардчилагчид гэх мэт бусад намуудын төлөөлөл булаан авсан байна.

Урсулефондер Ляйений хувьд гэвэл тэрээр өдгөө 60 настай, долоон хүүхдийн эх юм.Тэрээр Бельгийн нийслэл Брюссель хотноо төрсөн боловч 12 настай байхдаа Герман руу нүүжээ. Лондон хотын эдийн засгийн сургуульд сурч байгаад хожмоо эмч болсон аж. Герман хэлнээс гадна англи, франц хэлтэй. 40 хүрсэн хойноо улс төрд орсон бөгөөд Доод Саксонийн парламентад сонгогдсон, 2005 онд Германы канцлер Ангела Меркелийн Засгийн газар дахь гэр бүл, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадуудын асуудал эрхэлсэн яамыг тэргүүлсэн байна. 2014 онд тэрээр Германы Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд болсон аж.

Цэргийн мөрдэстэй хүмүүстэй У.Ляйен хэл амаа ололцож чадаагүй гэгддэг бөгөөд удирдах арга барилаас болсон гэж үздэг юм. Сөрөг хүчнийхэн нэг бус удаа огцрохыг уриалсан ч тэрээр татгалзсан байдаг.

Нэг бус удаа янз бүрийн хэл аманд өртсөн учир улс төрийн нэр хүнд нь унажээ. “Фондер Ляйен манай хамгийн сул дорой сайд. Гэхдээ ийм байдал нь Еврокомиссын тэргүүн болоход хангалттай бололтой” хэмээн Европарламентын тэргүүн асан Мартин Шульц твиттер хуудаснаа бичжээ.

Еврокомиссын шинэ тэргүүний улс төрийн үзэл баримтлал Европын олон оронд таалагдахгүй л болов уу хэмээн ажиглагчид үзэж байна. Фондер Ляйен Европын холбоог Герман болон Швейцарийн загвараар өөрчлөх талыг баримтлагч хэмээн тооцогддог юм. Европын ихэнх орон Герман болон Франц хоорондын наймаалцлын дүнд Фондер Ляйен сонгогдсон гэж үзэж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

АН: Ерөнхийлөгчийн саналыг олонхиор дэмжихгүй бол цаашид хэлэлцүүлэгт оролцохгүй

УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын зөвлөл байр сууриа илэрхийлж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт оролцохоор шийдэж байна. Ингэхдээ хэд хэдэн зарчим баримталж байна. Сонгодог парламентыг бүрдүүлдэг гол суурь зарчим нь сонгол. УИХ-ын гишүүдийн хариуцлага, Засгийн газрын хариуцлагын асуудал ямар бүрэлдэхүүнтэй УИХ бүрдэхээс хамаардаг. 76 жижиг тойргоос сонгогддог нь хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол хэсэг сонгуулийн холимог системтэй байх ёстой гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Эдийн засгийн бодлого өөрчлөгдөөгүй нь өнөөдрийн эдийн засгийн тогтворгүй байдал харуулж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогоосоо салж чадаагүй ирсэн Зах зээлийн эдийн засаг дээр социалист аргаар хандаж болохгүй. Эдийн засгийн бодлогоо Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй. Тийм учраас орон нутгийн бие даасан бодлого бол эдийн засгийн бодлого. Орон нутаг төсвөө өөрсдөө төвлөрүүлдэг байх ёстой. Нутгийн өөрөө удирдлагын тухай асуудалд аймаг, нийслэл, хот, сум, дүүргийг өнөөдрийн түвшин дээр нь өөрчлөх хэрэгтэй. Үүнд бид Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа. Нутаг дэвсгэргүй бол хотын тухай асуудлыг хөндөхөд өөр болно. Төрийн албанд орох босгыг Үндсэн хуулинд зайлшгүй тавьж өгөх ёстой. Баялгийн санг байгуулах асуудалд Ерөнхийлөгчтэй байр суурь нэг байгаа. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт дээрх зарчмыг Ерөнхийлөгчийн тавьсан саналтай хамтатган дэмжиж оролцоно. Ерөнхийлөгчийн тавьсан саналыг үнэмлэхүй олонхиор дэмжихгүй бол АН цаашид хэлэлцүүлэг оролцохгүй.

Categories
мэдээ нийгэм

Ачааны машин автобустай мөргөлдөж таван хүн гэмтжээ

Өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны замд том оврын ачааны Beiben маркийн автомашины жолооч Г нь Зорчигч тээврийн ОНӨААТҮГ-ийн автобустай мөргөлдөж, зорчигч 61 настай, эмэгтэй О, 37 настай, эмэгтэй Н, долоон настай, эмэгтэй А, 71 настай, эмэгтэй Р, 56 настай, эмэгтэй Э нарын таван хүн гэмтсэн байна.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос ганд нэрвэгджээ

Хэт их халснаас болж ган гачиг нүүрлээд байгаа тухай Хойд Солонгосын хэвлэлүүд бичиж байна. Нутгийн баруун хэсэгт байрлах Өмнөд Хуанхэ, Өмнөд Пёнган, Нампо зэрэг мужууд хамгийн их хохирол амссан тухай Хойд Солонгосын Төв цахилгаан агентлагийн мэдээн дээр тулгуурлан Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ. Агентлагийн мэдээлснээр тариалангийн талбайн 50 хувь ганд нэрвэгдсэн учир ургац хураан авах боломжгүй болсон гэнэ.

Тавдугаар сараас эхлэн хэт их халж байгаа бөгөөд ургац алдсан явдалд иргэд өөрсдөө буруутай хэмээн Хойд Солонгосын Засгийн газар үзэж байгаа аж. Учир нь төрийн нөөц бололцоо олон улсын хориг арга хэмжээнээс болоод тун хязгаарлагдмал байгаа гэнэ.

Энэ долоо хоногийн сүүлээр борооны улирал эхлэх хэдий ч хөдөө аж ахуй нэлээд хохирол амссан байна. Үүнээс үүдэн ард иргэдийн хүнсний хангамж муудах нь тодорхой болоод байгаа юм.

НҮБ-ын судалгаагаар хойд солонгосчуудын 48 хувь нь хангалттай хоол хүнс хэрэглэж чаддаггүйгээс үүдэн эрүүл мэндээр хохирдог аж. 2004-2006 оны хооронд энэ үзүүлэлт 35 хувьтай байсан бол 2015-2017 онд 43 хувь болж өсчээ.

Иргэд нь хангалттай хоол хүнс хэрэглэж чаддаггүй байдлаар Хойд Солонгос дэлхийд дөрөвдүгээр байранд ордог ба өмнө нь Төв Африкийн бүгд найрамдах улс, Зимбабве, Гаити ордог гэнэ.

Ийм байдлыг таагүй цаг агаарын нөхцөл болон олон улсын хориг арга хэмжээтэй холбон тайлбарладаг. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд тусламж илгээдэг ч тэр нь хангалтгүй байдаг аж.

Т.БҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Монгол улсын анхны үндэсний сайн дурын илтгэлийг танилцууллаа

“Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ийн хэрэгжилтийг хэрхэн хангах, ахиц дэвшил гаргахад юуг анхаарах талаар улс орнууд Үндэсний сайн дурын илтгэлээ бэлдэн “Тогтвортой хөгжлийн өндөр түвшний чуулга уулзалт”-аар танилцуулдаг билээ. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар захирамжаар Монгол Улсаас танилцуулах Үндэсний сайн дурын илтгэлийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн даргаар Үндэсний хөгжлийн дарга Б.Баярсайхан ажиллаж, Монгол Улсын анхны Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг боловсруулан Засгийн газарт танилцуулж, батлуулсан.

ҮСДИ Монгол хэл дээр – http://nda.gov.mn/backend/files

ҮСДИ Англи хэл дээр – http://nda.gov.mn/backend

2019 онд Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулах 47 улсын нэг нь Монгол Улс байсан бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосон хуваарийн дагуу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Тогтвортой хөгжлийн өндөр түвшний чуулга уулзалт”-ын үеэр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын анхны Үндэсний сайн дурын илтгэлийг дэлхийн улс орнуудад танилцууллаа.

Тэрээр уг илтгэлдээ Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ыг нутагшуулсан анхны улсуудын нэг гэдгийг тэмдэглэж, Монгол улс тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг бүрдүүлж чадсан хэдий ч цаашид тогтвортой хөгжлийн харилцан хамаарал бүхий цогц зорилгуудыг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээлүүд Монгол улсад тулгарч байгааг дурдлаа. Эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой бодлого, төлөвлөлт, салбар дундын уялдаа, зохицуулалт хийгээд бүхий л талуудын оролцоог хангах механизм нэн чухал болохыг онцлов.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг төвийн уулзварын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны 07 сарын 16-ны 23:00 цагаас 07-р сарын 18-ны өдрийн хооронд хааж, Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн ХХК нь дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

Засвар шинэчлэлтийн ажил өнөөдөр дуусч, уг уулзварын хөдөлгөөнийг нээх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын харцага Д.Анар: Б.Серик маань “Миний найз гар амар даваад том цолд зүтгэ” гэж хэлсэн

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Монгол Улсын харцага Доржийн Анартай ярилцлаа.


-Наадмын өмнө амтай бүхэн л Анар цолоо ахиулна гэж хэлж байсан нь ёсоор боллоо. Санаандаа хүртэл сайхан барилдаж чадсан уу?

-Сайхан наадлаа. Олны үг ортой гэдэг. Сайн барилдаж улсын харцага цол хүртлээ. Манайхан бөхөө сайн шинжих юм. Анар цолоо ахиулна гэж олон хүн хэлж байхыг нь сонссон. Тэр олон хүний амны бэлгээр цолоо ахиуллаа. Долоогийн даваанд гурван аварга, гурван арслан гарч ирсэн өндөр чансаатай наадам боллоо шүү дээ. Энэ шилдгүүдтэй хамт жагслаа, сэтгэл өндөр байна. Дорнодоос төрсөн анхны улсын харцага цолтон нь би юм билээ. Сүүлд мэдсэн.

-Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж байна. Бэлтгэл сургуулилтаа хаана базаав?

-Улсын наадамд тав дахь жилдээ барилдаж, улсын харцага цол хүртлээ. Наадмын бэлтгэлээ улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан Б.Батхуяг нарын удирдлагад базаасан. Бэлтгэлийн ир сайхан таараад наадамдаа барилдсан.

-Улсын наадмын дэвжээнд та хэдэн удаа тунаж барилдсан бэ. Анх улсын заан Н.Жаргалбаярыг хурц арслан цолтой байхад нь тунаж барилдаж хөмрөөд цэнгэлдэхийг шуугиулж байсан санагдаж байна?

-Би улсын наадмын дэвжээнд нийт долоон удаа тунаж барилджээ. Дандаа л чанга хүмүүстэй үлдэнэ. Давах ч үе байсан, унах ч үе бас бий. Анх одоогийн улсын заан Н.Жаргалбаярыг 2015 оны наадмын гурвын даваанд аймгийн хурц арслан цолтой байхад нь тунаж барилдаад сэнжиг элэг бүсний барьцнаас хөмрөөд давж байсан. Дараа жил нь Ш.Мөнгөнбаатар харцагыг аймгийн хурц арслан цолтой байхад нь тунаж барилдаад улсын начин болж байлаа. Наадамчдын хандлага ч Мөнгөө ахын талд байгаа нь мэдрэгдэж л байсан шүү. Яс үзээд л даваа авсан даа. Ах маань хожим нь улсын харцага болсон. Мөнгөө ахыг давчихаад харцага цолны төлөө Б.Бат-Өлзийтэй бас л тунаж барилдаад начин цолтой хоцорч байлаа. Ер нь би тунаж барилдах дуртай байдаг юм. Ам авахаар гарын даа нарын зүг хандахад сайн барилддаг цөөхөн хүнээс л нэр сонсоно. Тэр нь тийм мэхтэй, энэ ийм мэхтэй эвгүй гэж бодогдоод шийдвэр гаргахад их хэцүү. Тунаад барилдахад шулуухан амар байдаг юм.

-Харцага цолны төлөө барилдаад өвдөг шороодсон Б.Бат-Өлзийтэйгөө энэ жил хариуцлагатай даваанд дахиад л тунасан. Ер нь цол ахих даваанд хэнтэй барилдана гэж тооцоолж байв?

-Зургаагийн даваанд Б.Бат-Өлзий, О.Хангай хоёрын хэн нэгэнтэй тунана гэж тооцоолж байлаа. Тэр хоёрт ч зориулж бэлдсэн юм байсан. Хангай тавын даваанд унахад нь Бат-Өлзийтэй тунах нь тодорхой болсон доо. Бэлтгэл дээр бэлдсэн мэхний хувилбараа хийх гэсэн чинь Бат-Өлзий мэдэрчихээд болж өгөөгүй. Шоо шидэхэд харцагын талд буусан. Надаас атга дүүрэн барьц сонгоод барилдаан үргэлжилсэн. Тавиулаад миний ээлж ирэхэд нь санасан мэхээ даалгасан даа. Барилдааны өмнө цол бодож болохгүй шүү гэж дотоод хүнтэйгээ яриад гарсан.

-Давчихаад туг тойрч байгааг тань харахад их тайван байсан шүү дээ. Цол ахилаа гээд гар хуруугаа гозойлгоод, сагсалзаж гүйгээгүй?

-Би 12-ны өглөө түрүү, үзүүр бодож л цэнгэлдэхэд очсон. Нэг том даваагаа давлаа. Цаана илүү өндөр даваа бий л гэж бодож байсан.

-Долоогийн даваанд түрүү бөхтэй тунаж барилдсан. Та уул нь эхлээд барьц сонгосон шүү дээ. Аргалж болоогүй юу?

-Түрүү бөхтэй таарчихсан. Яаж ч чадаагүй ээ. Тэр хүний хичээл зүтгэл, хөдөлмөр нь үнэхээр мундаг. Би Э.Оюунболдыг барилдах л гэж төрсөн хүн гэж боддог юм. Унасандаа ч нэг их харамсаагүй. “Миний найз аварга болоорой” гэж хэлээд тахимаа өгсөн. Барилдаанаа дуусгаад л Оюунболдынхоо дээлний захыг дотроо мушгиад суучихсан. Найз маань ч аварга цолтнуудын тоог нэгээр нэмсэнд их баяртай байгаа. Оюунболд аварга ч Сэцэн хан аймгийн бөхчүүддээ элэгтэй, өмөг түшиг болж явдаг юм.

-Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багштай хэрхэн танилцаж байв. Багшийнхаа арга барил онцлогоос хуваалцахгүй юу. Гараас нь Монголын өнөө цагийн олон шилдэг тамирчид төрж гарсан байдаг шүү дээ?

-2008 онд л доо. Хөдөөнөөс орж ирээд ээж маань намайг дагуулж Ц.Шийрэв багшид шавь оруулсан. Багшийнхаа удирдлагад жил орчим жүдо бөхөөр хичээллээд л Япон руу сургуульд явсан. Ц.Шийрэв багш их итгэл хүлээлгэж явуулсан болохоор надад алдах эрх байгаагүй, их ч хичээсэн. Энэ зэрэгтэй яваа минь багшийн минь хичээл зүтгэл гэж боддог юм. Баярлаад баршгүй мундаг хүн. Дэлхийн аваргын хүрэл медальт, аймгийн заан Л.Отгонбаатар, мэргэжлийн сүмод озэки цолтой барилдаж байсан Теронафүжи Ган-Эрдэнэ, улсын начин Б.Серик, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар гэх өнөө цагийн мундаг тамирчид жаахан хүүхэд байхдаа л Шийрэв багшийн гараар дамжиж энэ өндөрлөгт хүрсэн. Би ч энэ хэдтэйгээ хамт зүтгээд энд ирчихээд сууж байна. Сайн багшаас гадна сайн сурган хүмүүжүүлэгч гэж боддог юм. Амьдрал дээр төлөвшүүлж өгнө. Шавь нар нь элдэв асуудалд холбогдож байна гэж би сонсоогүй.

-Б.Серик найзтайгаа сая дөрвийн даваанд оноолтоор таарсан. Барилдаан ямар болов?

-Бөхийн спортод цуг хөл тавьж, оргил руу хамтдаа алхаж яваа найзтайгаа наадмын дэвжээнд, чухал даваанд оноолт таарна гэж бодож байгаагүй ээ. Б.Серик маань надад “Миний найз гар амар даваад дээшээ том цолонд зүтгэ” гэж санал тавьж байсан. Адилхан залуу хүмүүс цолоо ахиулахаар зүтгэж байж яаж бие биенээсээ авах вэ гээд л яс үзсэн. Барьц халахад нь өшиглөөд давсан даа. Б.Серик начны бэлтгэл ч энэ жил их сайн байсан. Дараа жил цол ахиулах байхаа гэж харж байна.

-Тавын даваанд та гурван бөхөөс ам авсан. Улсын начин Д.Амарсайханыг амлаад аймгийн цолтой хоёр залууг тунааж байсан?

-Би өөрөө тунаж улсын цол авч байсан. Ам авахаар нэр сонсоход олон юм бодогдож байсан л даа. Тусалж дэмжих хүнгүй, цолны даваанд гар амар даваа өгчих ах нар нь байхгүй болохоор тунаж үлддэг. Цол авах хүсэл их байдаг. Харж хандах хүнгүй байх их хэцүү. Би энэ зовлонг биеэрээ амссан учраас амлаж зүрхлээгүй юм. “Хоёр сайхан залуугийн хэнийг л ялгах уу, тунаж барилдаад одтой нь цол аваг. Амрааг авъя” гэж хэлээд л эргэсэн дээ.

-Анх хэний ч танихгүй Анар гэж залуу “Аврагч” спорт хороогоор зарлуулж Бөхийн өргөөнд гараад сайн аймгийн арслангуудыг давхар тохоод давж байсныг нь санаж байна?

-Япон явж ирээд удаагүй байсан үе л дээ. Тухайн үед “жүдо бөхөөр л дагнаж хичээллэе” гэж боддог, үндэсний бөхийг нэг их тоодоггүй байлаа. Дорнод аймгийн нэрэмжит барилдаан болоход багш нар барилд гэж загнаад оруулчихсан. Зодог шуудгаа цүнхлээд л анх удаагаа шахуу “Бөхийн өргөөн”-д очлоо. Ерөнхийдөө монгол бөхийн зодог шуудагтай л жүдо барилдчихсан даа. Гурвын даваанд одоогийн улсын начин А.Алтанхуяг амлахад нь давхар тохоод унагачихсан. Дөрвийн нугалаан дээр улсын арслан Р.Пүрэвдагватай оноолт таарсан. Тэр үед аймгийн хурц арслан цолтой байхад нь залуу бөх таарч барилдаад өвдөг шороодож байлаа. Энэ цагаас хойш л заалны барилдаанд гараад байвал болох юм байна гэсэн урам зориг төрсөн дөө. Сумын цолтнуудын барилдаанд алгасалгүй гарна. Тэр үед чинь аварга Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Г.Ганжад, аймгийн арслан Д.Тогтохжаргал, Ш.Пүрэвгарьд, цэргийн начин Б.Энхсайхан ижилхэн сумын заан цолтой хоорондоо гоё өрсөлддөг байлаа шүү дээ. Аварга Оюунболд бид хоёр их олон удаа тунаж барилдсан. Энэ маань 2011 оны өвөл шүү дээ. Энэ цагаас хойш л миний амжилт шат шатаар ахисан. 2012 онд аймгийн начин цол, дараа нь түрүүлж аймгийн арслан тэгээд л улсын начин болсон доо.

-Начин болохынхоо өмнөх жилийн наадмын дөрвийн даваанд Г.Эрхэмбаяр аваргыг ид сайн байхад нь давхар тохож унагачихаад гүйж байсан шүү дээ. Энэ барилдааныхаа талаар дурсахгүй юу?

-Анх удаагаа улсын наадмын дэвжээ үзсэн минь тэр жил. Нэгэнт өөрөөсөө хол илүү өрсөлдөгчтэй таарсан юм чинь санасан мэхээ зоригтой хийнэ л гэж бодож гарсан. Уначихвал сүүлд нь харамсахгүй шүү дээ. Өрсөж гарыг нь татаж тохоод л даваа авсан. Дараагийн даваанд нь Н.Ганбаатар гарьдад өвдөг шороодсон.

-Та том цолтой бөхтэй таарлаа гээд нэг их бэргэлгүй барилдаж байгаа харагддаг. Барилдааны сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Би үүнийг их спортын ач тус гэж боддог юм. Дэлхийн дэвжээнд олон шилдэг тамирчинтай өрсөлдөж байсан болохоор нэг их айж сүрдээд байдаггүй. Ер нь тэгээд бэлтгэл сайн хийсэн хүн чинь элдэв янзын юм бодоод байдаггүй, сэтгэл зүй өндөртэй байдаг. Б.Ганбаатар, Б.Жаргалсайхан хоёр багш маань надад итгэл хүлээлгэж том тэмцээнүүдэд олон ч удаа авч явсан даа. Намайг их хурцалж өгнө. Тунасан хүнд барилдааны үед энэ хоёр багшийн маань бэлтгэлийн арга барил бас хэрэг болдог гэж боддог. Б.Ганбаатар багш чинь Х.Цагаанбаатар гавьяатыг 19 настай байхад нь бэлдэж олимпийн хүрэл медаль авахуулсан хүн шүү дээ. Олон мундаг шавьтай хүн. Баярлаж явдаг юмаа, багшдаа.

-Сумын наадам сайхан шүү дээ. Сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Сумын наадам сайхан, дэндүү сайхан. Наадам дээр таарсан хүн бүр мэнд устай. Би ч жаахан хүүхэд зодог өмсөж бэлтгэл хийдэг байсан болохоор сумынхаа наадмыг илүү их догдолж хүлээнэ. Нойргүй хонох үе ч бий. Би залуу бөх байхдаа Дорнод аймгийнхаа Чулуунхороот сумын наадмыг зорьж очиж барилдав аа. Сумын цол горилж очсон минь тэр л дээ. Үзсээр байгаад л нэлээн ахимаг насны сумын начин ахтай түрүү байрын төлөө гараад ирлээ. Өнөө ах маань шууд л тахимдаад дөрвөн хөллүүлчихдэг юм байна. Дамжиж ард гарч дайраад л өвдөглүүлчихлээ. Би уначихлаа гээд босоод ирэх гэсэн чинь өнөө ах маань барилдаанаа үргэлжлүүлэхээр нь эргэж хараад л хаячихгүй юу. Наадамчид миний өвдөглөснийг олоод харчихсан л байгаа юм. Ингээд л сумын Засаг даргын захирамжаар надад сумын начин цол олгосон. Би одоо боддог юм. Удаан жил сайн барилдсан ахад элэг бүсээ тайлаад өгчихдөг байж дээ гэж харамсдаг юм. Би өгчихсөн бол ах сумын заан цол авах байсан байхгүй юу. Ёстой л хол явж барилддаггүй, нутаг орныхноо баясгадаг сайхан бөх байсан даа. Би тэр үед жаахан хүүхэд давах хүсэлтэй байсан юм байлгүй дээ.

-2018 оны наадмаар аймгийн арслан Б.Суманчулуун та хоёрын барилдаан их сонин болсон. Та дэвсэн хэрнээ элэг бүсээ тайлаад яваад өгсөн шүү дээ?

-Сонин барилдаан болсон шүү. Суманчулуун арслан намайг тахимдаад өвдөглүүлсэн байхгүй юу. Арслан үүнийг анзаараагүй, мэхээ гүйцээнэ гэж дайрахаар нь би давчихгүй юу. Ийм л барилдаан болсон. Сумка ах олон жил улсын цолны төлөө зүтгэж сайн барилдаж байгаа болохоор нь элэг бүсээ тайлаад явуулчихсан. Барилдааны дүрмээрээ бол идэвхтэй үргэлжилсэн учраас би давах байсан юм билээ.

-Таны начин болдог наадмын дөрвийн даваанд Б.Сугаржаргал начин та хоёр оноолт таараад хуруудаж байгаад та туг тойрсон. Юу болсон юм бэ?

-Начин бид хоёр амьдрал дээр сайхан ах дүү нар. Хамт бэлтгэл хийдэг, хэн, хэнийхээ барилдааныг сайн мэддэг. Хэд хэдэн удаа барьц сонгоод давалцаагүй. Хоёр талаас шийдвэр гаргаад хуруудахад миний аз таарсан. Ах маань “Миний дүү цолонд заавал хүрнэ шүү” гэж хэлээд элэг бүсээ тайлаад явуулсан. Амных нь билгээр би ч улсын цол хүртсэн.

-Та бэлтгэлийн ирээ хэрхэн тааруулдаг вэ. Бэлтгэлийн торгон ирийг долдугаар сарын 12-нд тааруулна гэдэг их ур ухаан юм шиг санагддаг?

-Одоо цагт өндөр хэмжээнд барилдаж байгаа бүх бөх өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг байх. Хэдийд ачаалалтай бэлтгэл авах уу, хэдийд нь биеэ амраах вэ гэдэг их чухал. Хувь хүний онцлогтой холбоотой юм даа. Амраад сайн барилддаг хүн байхад ачаалалтай бэлтгэл хийгээд сайн барилддаг бөх байна. Хүн хүний биеийн онцлогийг мэдэрч бэлтгэл хийлгэнэ гэдэг дасгалжуулагчийн ур ухаан. Хоол ундыг нь тааруулахаас эхлээд их ажил бий. Надад бол амралт зохидоггүй. Хөдлөөд хөнгөхөн бэлтгэл хийж байгаад л ирийг нь тааруулдаг.

-Гэр бүлийн хүн тань их спортоор танаас дутахааргүй өндөр амжилт үзүүлсэн тамирчин байдаг гэсэн. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Эхнэр бид хоёр хамтдаа Ц.Шийрэв багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. Кураш бөхөөр дэлхийн аварга болж байсан. Ижилхэн спортын хүн учраас намайг сайн ойлгоно. Намайг хөөрөх гээд ирвэл чангалаад буцаагаад буулгачихна. Сэтгэлээр унасан үед дэмжээд өгнө, түшигтэй.

-Өнөө цагт дэмждэг байгууллага байхгүй бол амжилт ирэхэд хэцүү. Таны ард олон байгууллага байдаг байх?

-Онцгой байдлын албан хаагчид болон “Аврагч” спорт хорооны хамт олон, “Стеф гоулд” компанийнханд гүн талархал илэрхийлье. Би “Кьюкшюү сан”-гийн нэр дээрээс барилдаж байгаа. Д.Батбаяр ахдаа баярлаж явдаг юм. Энэ амжилтад та бүхнийхээ хичээл зүтгэлээр хүрсэн юм шүү. Цаашдаа хичээж өндөр цолонд хүрч нааадамчин олноо баярлуулж явах болно оо.

-Төрийн наадмын түрүү танд хэр хол харагдаж байна?

-Ойрхон санагдаж байна. Болно гэж бодож байгаа. Хувь хүний бэлтгэл сургуулилт, хувь төөрөг нийлж байж л наадмын түрүү ирдэг гэж боддог юм.

Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв: НААДАМД ТҮРҮҮЛЧИХ БОЛОЛЦОО АНАРТ БҮРЭН БАЙГАА

Улсын харцага Д.Анарын багш гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэвтэй ярилцлаа.


-Д.Анар харцага анх ямар хүүхэд тан дээр ирж байв?

-Анарын маань ээж нь намайг таньдаг байсан юм билээ. 2008 онд олимпийн аварга төрдөг жил эднийх хөдөөнөөс орж ирээд л намайг хайж очоод шавь оруулсан байдаг. Сумынхаа бөхийн секцэнд явдаг, том бөх болох сонирхолтой хүү ирж байсныг тод санагддаг юм. Их зүтгэлтэй, жилийн дотор л илт сайжирсан.

-Япон руу сургуульд яваад хэр өөрчлөгдсөн бэ?

-Бэлтгэлээ сайн хийж байгаа зүтгэлийг нь үнэлээд гавьяат тамирчин, талийгаач Ц.Дамдин багштай ярьж байгаад Япон руу сургуульд явуулчихсан юм. Тухайн үед Б.Тэмүүлэн Японд их сайн барилдаж байлаа. Хоёр жил орчим хичээллэж ирээд л жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалаад түрүүлсэн. Ингээд л өөр дээрээ бэлдсэн дээ. Л.Отгонбаатар, Ц.Цогтбаатар хоёр бол нэг үеийн сайн хүүхдүүд, над дээр бэлтгэл хийж байсан.

-Их спортоос яагаад хөндийрөв?

-Жин хасахад хүндрэлтэй болсон л доо. Надад “Багшаа би үндэсний бөхөөрөө дагнаж хичээллэе. Жин хасахад амжилтад сөргөөр нөлөөлж байна” гэж хэлсэн. Би дэмжсэн.

-Өнгөрсөн жил наадмаар доор даваанд унаж байсан. Багш шавь хоёр ямар алдаа гаргав?

-Хүчний бэлтгэл хэтэрхий их хийж, төмөр өргөөд байсан юм. Анар шиг барилдаан мэдэрдэг хүнд хүчний бэлтгэлийг тааруулж хийхгүй бол болохгүй. Өнөөгийн залуус төмөр их өргөдөг, их уураг уудаг болсон байна лээ. Би үүнийг ерөөсөө ойшоодоггүй юм. Дотор эрхтэн, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй.

-Энэ жил Б.Бат-Өлзий харцагатай тунаад гарахад нь юу зөвлөж байв?

-Начин болчихоод зургаагийн даваанд тунаад өвдөг шороодож байсан. Өөрөө өвдөг шороодсон барилдааныхаа алдааг ухаж ойлгосон учраас давна гэдэгт нь бүрэн итгэлтэй байсан.

-Шавийнхаа ирээдүйг яаж харж байна?

-Наадамд түрүүлчих бололцоо бүрэн бий гэж хардаг. Хоёр талаараа барилддаг миний шавь шиг авьяаслаг бөх одоо цагт ховор. Дээрээс нь сэтгэл зүй асар өндөртэй. Олон улс, тив дэлхийн аваргын тэмцээнд медалийн төлөө барилдаж байсан хүн сэтгэл зүй өндөртэй байх нь ч зүйн хэрэг.

-Хамт тэмцээнд явсан сайхан дурсамж байгаа байх. Тэр бүхнээсээ хуваалцахгүй юу?

-Олон тэмцээнд хамт явсан дурсамж бий. Бэлтгэлийнх нь ирийг тааруулж байгаад л Орос руу тэмцээнд явлаа. Манай хүн ч зүтгэсээр байгаад хэсгийн аваргын төлөө гараад ирлээ. Оросын тив дэлхийн аварга нөхөртэй оноолт таарахгүй юу. Ялбал аваргын төлөө гарна. Ярилцаж байснаараа л үзээд ялчихлаа. Гол хүнээ хожсон чинь өнөөх маань аварга болчихлоо гэж бааварлаад. Аваргын төлөөх барилдаан дээр цэвэр тавиулчихдаг юм даа. Би ч алдааг нь тэр дор нь хэлж өгсөн. Манай хүн ойлгосон дахиж ийм алдаа гаргаагүй. Алдаагаа давтдаггүй нь амжилтынх нь үндэс гэж боддог юм.


Categories
мэдээ нийгэм

Өлөнгийн өнгөр боловсруулах үйлдвэрт арга хэмжээ ногдууллаа

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, иргэн Ц-ийн Өлөнгийн өнгөр боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үйлдвэрийн орчин бохир, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдэгдсэн тул торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллажээ.

Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн Азийн АШТ эхэллээ

Монголын жюү жицүгийн холбооноос эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулж байгаа жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ тэмцээнд АНЭУ, БНСУ, Казахстан, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрайн, Япон гэсэн 24 орны 400 гаруй тамирчин хүч сорих юм. Монгол бөхийн өргөөнд болсон тэмцээний нээлтийн ёслол уртын дуу, монгол бүжиг, уран нугаралтаар эхэлж уг тэмцээнийг зохион байгуулах хорооны удирдах хүмүүс үг хэлсэн юм. Дэлхийд Монголыг бөхийн орон гэдэг. Энэ утгаараа Япон, Тайваньтай эрхийн төлөө өрсөлдөж Монголын жюү жицүгийн холбоо ялалт байгуулсан байна. Ингээд энэ төрлийн хувьд азийн дөрөв дэх тэмцээн Улаанбаатарт эхлээд байгаа ажээ. Тэмцээн Ne Waza, Fighting Juijitsu, Contact Juijitsu. Duo system гэсэн дөрвөн төрлөөр болно. Эрэгтэйчүүд -56, -62, -77, -85, -94, +94 кг, эмэгтэйчүүд -45, -48, -52, -57, -63, -70, +70 кг-д өрсөлдөх юм. Тивийн аваргын тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77 нийт 408 тамирчин бэлтгэгджээ. Эхний өдөр манай улсаас 17 тамирчин дэвжээнд гарч өрсөлдлөө. Эхлэлээс нь харахад Казахстан, БНСУ, Афганистаны тамирчдын ур чадвар илүүтэй харагдаж байлаа.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдана.

Хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 64 гишүүн бнгөрсөн сарын 06-нд өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 16-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нийт 49 санал тусгагдсанаас 16 нь УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй шинэ санал, үлдсэн хэсэг нь өмнө ярьж байсан асуудлын хүрээнд хамаарах асуудлууд байгаа юм.

Үндсэн хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэлэхдээ, “Ерөнхийлөгчийн төсөл, саналд тусгагдсан асуудлууд нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөж буй эсэхийг нягталж үзэх шаардлагатай. Үндсэн хуульд 35 хувиас дээш хувиар өөрчлөлт оруулах, өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглохоор хуульд заасан Тиймээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу бие даалган хэлэлцэх асуудал биш учраас төслийн зүйл, заалтуудын уялдаа холбоог сайтар нягталж хамтатган хэлэлцэх боломжтой эсэхийг анхаарах нь чухал. Мөн одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд огт хөндөгдөөгүй заалтуудыг хэрхэн авч үзэж болох, энэ талаарх судалгаа тооцоо, үндэслэл тайлбараа нэгтгэн боловсруулах шаардлагатай байна” хэмээсэн юм.

Байнгын хорооны хуралдааны дараа буюу 15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.