Categories
мэдээ нийгэм

“Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” уралдаанд бүтээл авч байна

Сүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник, технологийн хоцрогдол болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хот, суурин газрын хөрс, ургамал доройтон бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Хөрсний доройтол, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах түүнээс үүдэн гарах эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” төсөл, бүтээлийн уралдаан, “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдааныг 2019 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 10-ны хооронд зарлаж байна. Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах шийдэлд хувь нэмрээ оруулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж, Хангарди ордон, 4 давхар 406 тоот, Утас: 11-318003, 11-323780 болон http://environment.ub.gov.mn цахим хаягаар авна уу.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ээс Замын цагдаагийн хэлтэсдээ хоёр мотоцикль өгчээ

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх амар бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлж байгаа дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд хоёр мотоциклыг хүлээлгэн өглөө.

Дүүргийн Засаг дарга Т.Баясах мотоциклын түлхүүрийг албан хаагчдад гардуулан өгч Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн мэндийг дэвшүүлж, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг өргөсөн юм.

Түүнчлэн 98 жилийн ойн хүрээнд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хамт олноо манлайлсан албан хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын шагнал болон Талархлын бичгээр шагнаж урамшууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 16,5 сая.мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийв

ХХААХҮ-ийн яамнаас “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болон “Малчинд ойрхон мал эмнэлэг” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн төвшинд мал эмнэлгийн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх , тэмцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, халдварт өвчнөөр тайван байдлаа хадгалах зорилт тавьж үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг ханган ажилласан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэх шуурхай үйл ажиллагаа зохион байгуулах тухай” 02 тоот албан даалгаврыг орон нутагт хүргүүлж, биелэлтийг хангах, улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр МЭЕГ-ын мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгүүдийг 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, бүх аймгуудад ажиллуулсан.

Улсын хэмжээнд 19 аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, 3 аймаг удирдамжийн дагуу орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж, уг арга хэмжээнд нийт 264 тээврийн хэрэгсэл, 4757 хүн оролцож:

  1. 439 зоорь агуулахын 1923,5 мян.мкв,
  2. 18795 малын хашаа, хорооны 2,519,109 сая.мкв,
  3. 397 худаг уст цэгийн 2674,8 мян.мкв,
  4. 31 тэжээлийн агуулахын 19,299 мян.мкв,
  5. 179 ширхэг 171,7 мян.мкв бусад хөдөө аж ахуйн хэрэгсэл,
  6. 33 түүхий эд бүтээгдэхүүн хадгалах цэгийн 15,818 мян.мкв,
  7. 3115 ширхэг малын тоног хэрэгслийн 138,625 мян мкв,
  8. 1533 өтөг бууцны 547,2 мян.мкв,
  9. 2339,8 мян.мкв бэлчээрийн талбай
  10. 163728 ширхэг сэг зэм устгаж, түүний орчмын 11982,6 мян.мкв талбай халдваргүйтгэл хийсэн байна.

Улсын хэмжээнд нийт 16,5 сая.мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн дүн мэдээ ирүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Усархаг бороо үргэлжлэн орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох бол 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна. Иргэдийн хувьд үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

-Үерийн аюултай бүс нутгаас нүүх

-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

B, C вирусын шинжилгээнд 876 мянган хүн хамрагджээ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 17-ны байдлаар B, C вирусийн илрүүлэг шинжилгээнд 876917 хүн хамрагджээ.

Эрүүл мэндийн даатгалын цахим системийн мэдээллээс харахад дээрх илрүүлэг шинжилгээнд орсон иргэдийн 3256 нь баталгаажуулах шинжилгээнд хамрагдсан бол 86020 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан байна.

С вирусын эм 42 мянган иргэн, В вирүсийн эм 45 мянган иргэн хөнгөлттэй үнээр аваад байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Конгод Эболагийн гоц халдвар илэрлээ

Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улсад эболагийн онц ноцтой халдвар илэрсэн тухай ДЭМБ-аас зарлав. Хүн ам шигүү суурьшсан Гома болон Уганда улсад өвчний дэгдэлт илэрсэн учир олон улсын чанартай онц байдал зарлалаа. Халдвартай холбогдуулан Конгод онц байдлын хорооны зөвлөмжийн дагуул лхагва гарагт ийм шийдвэрт хүрсэн байна. “Хорооноос намайг Эболагийн тархалтын нөхцөлтэй холбогдуулан олон улсын анхаарлыг татах хэмжээний онц байдал зарлахыг зөвлөсөн. Би энэ зөвлөгөөг хүлээн зөвшөөрч байна” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус мэдэгдсэн аж. Онц байдлын үеэр Конго руу аялах, худалдаа хийхийг хязгаарлахгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шийдвэрлэжээ. Энэ сарын 16-ны байдлаар тус улсад халдварын 2512 тохиолдол бүртгэгдэж, 1676 хүн нас барсан гэнэ. 703 хүн эдгэсэн бол үлдсэн хэсэг нь эдгэрэх шатандаа явж байгаа аж.

Конгод ажиллаж байгаа эмч нар өдөрт дунджаар 12 шинэ тохиолдол бүртгэж байна. Эбола нь зэрлэг амьтнаас хүнд халдварлаж дараа нь хүнээс хүнд дамждаг өвчин. Энэ өвчний үед халуурч чичирч, булчин, толгой, хоолой өвддөг аж. Үүний дараа бөөлжих, суулгах, тууралт гарах, элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдах шинж илэрнэ. Зарим тохиолдолд дотуур болон гадуур цус алддаг байна.

Т.БҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Кристин Лагард огцрох өргөдлөө албан ёсоор барьжээ

Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард Европын төв банкны тэргүүнд нэрээ дэвшүүлсэн учир огцрох өргөдлөө албан ёсоор өгчээ. “Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж огцрох өргөдлөө өгсөн бөгөөд 2019 оны ёсдүгээр сарын 12-ноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ” хэмээн тэрээр мэдэгдсэн юм.

Түүний онцолсноор, шинэ захирлыг ойрын хугацаанд сонгох ажлыг удирдах зөвлөлийнхөн гүйцэтгэх гэнэ. Энэ хугацаанд Дэвид Липтон сангийн захирлын үүргийг орлон гүйцэтгэх аж.

Кристин Лагард энэхүү албан тушаалыг 2011 оноос эхлэн хашсан юм. Хэдийгээр эдийн засгийн боловсрол байхгүй ч гэлээ тэрээр Францад Сангийн сайд болсон. Мөн шүүхээс ял авсан хэдий ч Олон улсын валютын санг олон жилийн турш удирдаж чадсан бүсгүй юм.

2000-аад оны сүүлээр дэлхийг хамарсан хямралын үеэр Кристин Лагард Францын эдийн засгийг удирдаж чадсан гэж олон мэргэжилтэн үздэг. “Францын эдийн засаг хөгжингүй орнуудын дундаас хамгийн тогтвортойд тооцогддог. Учир нь тус улс экспортын хэмжээ, зах зээл дээрх орон сууцны үнээс хараат бус байдаг юм. Гэхдээ засгийн газрын үйл ажиллагаа хямралыг гүнзгийрэхээс өмнө зөв арга хэмжээ авч чадсан” хэмээн тухайн үедээ “Financial Times” сонин бичиж байжээ. Тиймээс ч 2009 оны үр дүнгээр хамгийн сайн Сангийн сайд гэх цолыг Кристин Лагардад олгож байжээ.

Тэрээр бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсан нутаг нэгт Доминик Стросс-Каны дараа Олон улсын валютын санг удирдах болсон юм. Түүнээс гадна Европ өрийн хямралд орсон байв. Гэвч Лагард хүнд байдалд орж сурсан нэгэн төдийгүй нэгэнт тогтсон заншлыг ч эвдэж чаддаг. Тэрээр улсынхаа түүхэнд анх удаа Сангийн сайд, Олон улсын валютын санг удирдсан анхны эмэгтэй захирал гээд анхдагч зүйл олонтой эмэгтэй.

Харин одоо тэрээр Европын төв банкийг удирдаж буй мөн л анхны эмэгтэй болох төдийгүй мөнгө болох хямд зээл олгохоор зэхэж байна. Дэлхийг хамарсан худалдааны дайны хүнд нөхцөлд зөвхөн эмэгтэй хүн л хариуцлагатай байж чадна гэж итгэж байгаа гэнэ. Эмэгтэйчүүд сайн удирдагч, эдийн засагчид байж чаддаг хэмээн К.Лагард нэг бус удаа онцолж байсан юм. Саяхан Америкийн телевизийн шоунд орохдоо “Байдал үнэхээр дордсон үед та нар эмэгтэйчүүд рүү утасдаж байгаарай” гэж хэлсэн аж. Ийм маягийн мэдэгдлийнх нь төлөө түүнийг санхүүгийн ертөнцийн рок-од хэмээн нэрийддэг гэнэ.

Бодсоноо шулуухан хэлдэг байдал К.Лагардад тус дөхөм болно хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Европын эдийн засгийг сэргээх, үнэт цаас худалдан авах зэрэг нь хэрэгтэй хэдий ч илүү чухал зүйл бий хэмээн эдийн засагчид үзэж байна. Евро бүсэд шинэ зэвсэг буюу нэгдсэн үнэт цаас гаргах цаг ирсэн гэж тэд үздэг. Энэ нь хөрөнгө оруулагчдад итгэл найдварыг төрүүлэх гэнэ. Харин энэ ажлыг зөвхөн К.Лагард гүйцэтгэж чадна хэмээн эдийн засагчид үзэж байгаа юм.

Т.БҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Б.Сүхбаатар: Хэн нэгэнд давуу эрх олгоно гэсэн асуудал байхгүй

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын талаар мэдээлэл хийлээ.

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууц барих зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулахаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан.

Энэ сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 5-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд цахим бүртгэл явагдана. Энэ 14 хоногт амралтын өдөргүй, 24 цагаар бүртгэл хийнэ. Бэлтгэл ажил бүрэн хангагдаж, бүртгэл эхлэхэд бэлэн болсон. Түрүүлээд бүртгүүлснээрээ түрүүлээд орно гэсэн юм байхгүй. Энэ хугацаанд хэзээ ч бүртгүүлж болно. НОСК-иас тавьсан шаардлага, иргэдийн өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллийн дагуу эрэмбэлнэ. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийнэ. Үүний дараа орон сууцны комисс, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийслэлийн Орон сууцны зөвлөл гэсэн байгууллагууд ажиллана. Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байгаа ажил учраас инженерийн дэд бүтэцгүй буюу гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулна. Орон сууцтай иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй” гэлээ.

Түүнчлэн иргэдээс багш, эмч, сэтгүүлчдэд квот олгох уу гэсэн асуулт маш их ирж байгаа аж. Аль нэг салбар, иргэн, байгууллагад давуу эрх олгоно гэсэн асуудал огт байхгүй гэдгийг НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар онцлон хэлсэн юм.

Түрээсийн орон сууцны хувьд 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголт байгаа аж. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журамд залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлийн иргэдийг хамруулахаар заасан байна.

Түрээсийн орон сууцанд анх удаа өмчлөх хэлбэр орж байгаа юм. Иргэд таван жилийн хугацаанд заасан графикийн дагуу төлбөрөө барагдуулах ёстой юм байна. Энгийн түрээс нь өмчлөх боломжгүй аж.

НОСК ХК-ийн Орон сууцны ашиглалт, борлуулалтын хэлтсийн дарга Д.Алтанхуяг “Урьд нь бичгээр болон цахимаар бүртгүүлж байсан иргэд бүртгэл нь хэвээрээ байх уу гэсэн асуултыг маш их тавьж байна. Улаанбаатар хотын ЗАА-нд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 5700 иргэний материал ирсэн байсныг манай байгууллагад шилжүүлсэн. Бид бүх иргэдэд адил тэгш боломж олгох үүднээс дахин цахимаар бүртгэнэ. Эндээсээ шаардлага хангасан гэж үзвэл өмнөх материалыг нь татан авах боломжтой. Дахин материал бүрдүүлэхгүй байж болно. Мэдээлэл хуучирсан гэж үзвэл шинэчлэн бүрдүүлэх шаардлага тавина” хэмээн ярилаа.

“НОСК-ийн нэрийг барьж залилан хийж байгаа гэсэн мэдээлэл цөөнгүй ирсэн. Албан ёсоор хэлэхэд манай байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид зөвхөн бүртгэл хийнэ. НОСК сонгон шалгаруулалт хийхгүй. Буруу ташаа мэдээлэл маш их явж байна. Ямар нэгэн арын хаалга, хэн нэгэнд давуу байдал үүсгэж квот өгнө гэсэн асуудал байхгүй. Сонгон шалгаруулах комиссын дэргэд хууль хяналтын байгууллага давхар ажиллаж байгаа. НОСК-ийн ажилтан хууль бус үйлдэл гаргасан байвал хууль хяналтын байгууллагад нь өгнө. Хариуцлага тооцно” хэмээн НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар онцлон хэллээ.

Цахимаар бүртгүүлэх шатанд ямар нэгэн цаасан материал нэхэхгүй. Интернет орчинд шууд оруулах боломжтой мэдээллийг шаардах гэнэ. Иргэд цахимаар бүртгүүлээд шаардлагад нийцсэн тохиолдолд бичиг баримтын бүртгэлийг нэхэх юм байна. Бичиг баримтын лавлагаа, бүртгэлийг ТҮЦ машинаас авах боломжтой аж. Цахимаар бүртгүүлж буй иргэд хуурамчаар мэдээллээ өгөөд тэр нь илрэх тохиолдолд цаашдаа НОСК-иас явуулж буй хөтөлбөрт хамрагдах эрхгүй болж, хар жагсаалтад багтах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Зөвшилцөх ажлын хэсэг хуралдаж ажлын төлөвлөгөөгөө баталжээ

Image result for Үндсэн хууль

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулах зөвшилцөх ажлын хэсгийг байгуулаад байгаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллаж байгаа юм. Гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтсан бөгөөд Зөвшилцөх ажлын хэсэг өнөөдөр анхныхаа хурлыг хийн ажлын төлөвлөгөөгөө баталжээ. Энэ талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийсэн юм.

Ажлын хэсгийн хэсгийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Ажлын хэсгийн хуралдаан наймдугаар сарын 9-н хүртэл тасралтгүй явна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ард иргэд, эрдэмтэн судлаачид, төрийн болон ТББ-уудын саналыг сонсох зорилгоор таван удаагийн хэлэлцүүлэг хийх төлөвлөгөөг гаргасан.

  • Даваа гаригт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой хэлэлцүүлэг 10.00 цагт
  • Мягмар гаригт парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой хэлэлцүүлэг 10.00 цагт
  • Лхагва гаригт шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой хэлэлцүүлэг 10.00 цагт
  • Пүрэв гаригт нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг 10.00 цагт
  • Баасан гаригт Байгалийн баялаг, эдийн засагтай холбоотой хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгүүдэд Ерөнхийлөгч оролцоно. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан хуулийн танилцуулга хийгдэнэ” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

Турк НАТО-гийн гишүүнчлэлээ алдах уу?

“The Daily Telegraph” сонинд бичсэнчлэн, Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган зальжин удирдагч болохыг эрх баригч болсноос хойшхи 16 жилийн дотор харж болох гэнэ. Барууны орнууд Анкаратай үргэлж найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг гэдгийг Эрдоган мэддэг хэрнээ үүн дээр нь үргэлж тоглолт хийдэг.Европын улсууд аюулгүй байдлын тэргүүлэх зорилгоор Аль-Каида, Исламын улс зэрэг алан хядагч бүлэглэлүүдтэй тэмцэх бодлого баримталж байхад Туркийн тэргүүн лалын хэт даврагсдыг дэмжсээр ирсэн байдаг хэмээн тус сониныхон үзэж байна.

Анкара дахь АНУ-ын Элчин сайд хүртэл Сирийн дайны үед Турк улс Аль-Каидатай холбоотой бүлэглэлүүдэд дэмжлэг үзүүлсэн гэх таамгийг албан үүргээ хүлээлгэн өгөхдөө дурдсан байдаг. Гэсэн хэдий ч барууны орнууд Туркийг НАТО-гийн гишүүн, геополитикийн ач холбогдолтой байршлыг чухалчилж Р.Эрдоганы үйлдлүүдийг тоохгүй өнгөрөөдөг. Магадгүй үүнээс үүдэн Эрдоган ОХУ-аас С-400 пуужингийн систем авах зоригийг өгсөн байх хэмээн сонинд бичжээ. Гэтэл энэ удаа Вашингтоны хариу үйлдэл Туркийн тэргүүний тооцоолсноос өөр байлаа. НАТО-гийн гишүүн орнуудын онгоцыг устгах зорилгоор бүтээгдсэн энэхүү пуужингийн системд хөрөнгө оруулснаар Турк НАТО-гийн гишүүнчлэлээ эрсдэлд оруулж байгаа талаар шинжээчид дурджээ.

Вашингтон мэдэгдэлдээ, Турк улс энэхүү пуужингийн системийг авснаар радарын өндөр нууцлал бүхий сүүлийн үеийн F-35 сөнөөгч нисэх онгоцны хөтөлбөрөөс хасагдаж буйг онцолж байна. Түүнчлэн АНУ-д F-35 онгоцны нислэгийн бэлтгэлийг хангаж байсан турк нисгэгчдийг нутаг буцааж байгаагаа мэдэгдэлдээ дурджээ.

Турк улс НАТО-гийн гишүүн орны хувьд 100 ширхэг F-35 онгоц авах эрхтэй байв. Орос улсаас С-400 пуужин авч байгаа нь Вашингтоны эгдүүцлийг хүргэж, энэ сардаа багтан F-35 онгоцны хөтөлбөрөөс хасагдах эрсдэлд орууллаа. Орос пуужингийн систем худалдан авч байгаа нь НАТО-гийн байр суурь, барууны орнуудын үзэл бодол, үнэт зүйлийг огт хайхрахгүй буйг нь харуулж буй үйлдэл юм хэмээн дүгнэж байна.

Эрдоган радикал исламист бүлэглэлүүдэд хайр зарласан явдлыг нь анзаараагүй царайлж болох юм. Гэтэл НАТО-гийн бүх гишүүн орон төдийгүй баруун Европын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байгаа энэ пуужингийн системийг худалдан авсан нь нүдээ аниад өнгөрөөх жижиг асуудал биш. Турк улс нь 1952 онд хуучин ЗХУ-ын заналхийллээс зугтан НАТО-гийн гишүүн улс болж байсан бол Эрдоганы засаглалын Турк улс нь баруун Европын орнуудын итгэл даах найрсаг түнш улс биш болжээ. Харин ч эсрэгээр, Турк улсын гадаад бодлого, зальжин тоглолтууд барууны орнуудын үнэт зүйлстэй зөрчилдөж, аюулгүй байдлыг эрсдэлд оруулах болсон аж. Иймээс ч Туркийн НАТО-гийн гишүүнчлэлийг цуцлах цаг ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн “The Daily Telegraph” сонин дүгнэжээ.

Т.БҮРЭН