Categories
мэдээ нийгэм

Монгол судлаачдын зуны сургалтад 13 орны 30 судлаач, оюутнууд хамрагдаж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дээр боллоо.

Залуу монгол судлаачдын 2019 оны зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Чех, Швейцари, Япон, Энэтхэг, Герман, Унгар, Турк, Польш, Ардчилсан Лаос, Солонгос улс зэрэг 13 орны 22 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу монгол судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тэд монгол хэлийг тодорхой хэмжээгээр мэдэх боловч илүү сайн сурч, Монголын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Зуны сургалт 1988 оноос эхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд илүү далайцтай зохион байгуулж, олон орныг хамруулдаг болсон. Ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах зорилготой энэ сургалтын үр дүнд монгол судлалын залгамж холбоо бэхжиж, монголыг дэлхий дахинд таниулах зорилгод ахиц дэвшил гарна гэдгийг Монгол судлалын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Заяабаатар тодотгож байна.

Монгол судлаачид нь монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог. Гадаад орнуудад монгол судлалыг хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч байна гэдгийг БСШУС-ын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат онцоллоо.

Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна. Залуу судлаачид Булган аймгийн Сайхан суманд малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол нүүдлийн уламжлалт соёл, ёс заншил, ахуйтай танилцана. Тухайлбал, гэр барих буулгах, морь унах, мал хариулах, үнээ, гүү сааж, хонь хяргах, ямаа самнах, хуруудах, дэмбээдэх, сур элдэх, дээс томох арга, ахуйд суралцах юм.

Мөн Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвүүдийн монгол судлаач, эрдэмтдийн лекцийг сонсоно.

Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөж байна.


Categories
мэдээ нийгэм

Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан “Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийх” удирдамжийн дагуу Онцгой байдлын газар Мэргэжлийн хяналтын газар, Цэргийн штабтай хамтран аймгийн нутаг дэвсгэр дэх хаягдал төмөр цуглуулах болон боловсруулах цэг, өмнө нь цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж байсан талбайг хамруулан тандалт судалгааны ажлыг хийж байна.

Тус тандалт судалгаа нь цацрагийн үүсгүүрийг эрэн хайх, аюулгүй байдлыг хангуулах, байршлыг тогтоох, шинж чанарыг тодорхойлох, мэдээллийн сан бүрдүүлэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.


Categories
энтертаймент-ертөнц

Маршал Ю.Цэдэнбалын тухай кино хийнэ

Өнөөдөр оройн 21 цагаас Маршал Ю.Цэдэнбалын талбай дээр “Түүх мартахгүй” уран сайхны киноны зураг авалтын нээлт болно.

Иймээс ард иргэдийг энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид уриалав. 1940-өөд оны машин техникүүд, киноны техникүүдийг үзэж сонирхож, уран бүтээлчидтэй хамт нэг үдшийг өнгөрөөх боломж олдох юм.

“Түүх мартахгүй” киноны зураг авалт ирэх наймдугаар сарын 2-ныг хүртэл Увс аймагт үргэлжилнэ. Энэхүү киног Увс аймгийн ЗДТГ-ын захиалгаар “Хүмүүн фильм нэгдэл” бүтээж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас ээлжит өдөрлөгийг зохион байгууллаа

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн шугам, тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг үе шаттайгаар зохион байгуулсаар байна.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын нийт 395 дэд станц, 7827 тоолуурын нэгдсэн щит, 39998 хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн шугам, тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ээлжит өдөрлөгийг зохион байгууллаа.

Үзлэгээр:

1. Хэрэглэгчдэд цахилгааны оруулгын утас, щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

2. Оруулгын утсаа солиулахаар материалаа бэлдсэн хэрэглэгчдийн утсыг газар дээр нь сольж өгөх;

3. Гадна цахилгаан шугам, тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулах зэрэг ажлууд хийгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны эхний хагас жилд Иран руу 826 тонн хонины мах экспортложээ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Исламын Бүгд Найрамдах Иран улсын Хөдөө аж ахуйн сайд Махмуд Хожжати тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байна. Өнгөрсөн оны статистикийн мэдээгээр 9.02 сая ам доллортай тэнцэх 2289 тонн хонины мах Иран руу эскпортлосон бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар Иран руу 3.0 сая ам долларын 826 тонн хонины мах экспортлоод байна.

Categories
мэдээ нийгэм

Тэмбүү өвчнөөс сэргийлье




Categories
мэдээ нийгэм

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооноос 4 ширхэг тарваганы нойтон тулам илрүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Ховд болон Завхан чиглэлийн автобусанд нийт 4 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчдод Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө ихэнх нутгаар их хэмжээний усархаг бороо орно

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хэнтийн хойд хэсгээр их хэмжээний усархаг бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчидын анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр төв, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 22-ны 20 цагаас 07 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд зарим газраар, 27-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт 20 гаруй мал гэнэт үхжээ

Энэ сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газарт 20 гаруй мал гэнэт үхлээ гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу аймгийн төвөөс баруун тийш есөн км-т байх Олдохын худгийн орчимд нутаглаж байгаа малчин О, Б нарын хорогдсон малаас дээж авч, шинжилгээнд явуулсан байна. Мөн 16-нд дахин хоёр ишиг гэнэт үхсэнээс дээж авч, нийт сэг зэмийг устгалд оруулжээ.

Малчдын хэлж байгаагаар малаа усалсны дараа мал нь гэнэт үхсэн байна. Гэхдээ эл худгаас малчид өөрсдөө ундны усаа авдаг тул хүмүүст сөргөөр нөлөөлөх зүйл мэдрэгдээгүй гэж байлаа. Мал эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр дээрх мал хортой ургамал идсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Мансуурсан хоёр этгээдийг саатуулан шалгаж байна

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг шалгахад мансууруулах төрлийн бодис байж болзошгүй тохиолдол энэ сарын 20-ны өдөр гарчээ.

Шалгалтаар авто машинаас 3 кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамлыг илрүүлж, түүнийг тээвэрлэж явсан хоёр иргэн болох Налайх дүүргийн харъяат, 22-23 насны Г, Ц нарыг тестээр шалгахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн шалгаж байна.