Categories
мэдээ нийгэм

Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Сонгионохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын хяналтын цэгийн шалгалтаар Pruis маркийн суудлын автомашинд мансууруулах төрлийн ургамалыг орон нутгаас тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн, иргэн Г,Ц-г саатуулж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Бие зассан хоёр иргэний бичлэгийг цацсан ажилтныг хоёр сая төгрөгөөр торгоогүй гэв

Нийтийн эзэмшлийн газар буюу орцонд хүндэрсэн мөн цахилгаан шатанд бие зассан гэх хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан билээ. Нэг нь бие засах газар олдоогүй тул лифтэнд бие зассан гэх мэдүүлгийг цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Бичлэгийг нь СӨХ-ны ажилтан олон нийтийн сүлжээнд цацсан юм байна. Гэтэл тэр эмэгтэй олон нийтийн сүлжээнд бичлэг цацаж, нэр хүндэд нь халдлаа хэмээн Зөрчлийн хуулиар нөгөө бичлэгийг цацсан СӨХ-ны ажилтныг цагдаад өгчээ. Цагдаа дээр маргаан очиход лифтэнд шээсэн нь бус бичлэг цацсан СӨХ-ны ажилтан буруудаж, 50.000 төгрөгөөр торгуулиад, бичлэгээ устгахаар болсон байгаа юм. Нэр төрд халдсан гэж бичлэг цацсан ажилтнаас Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 сая төгрөгөөр торгохоор болсон гэх мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч СӨХ-ны ажилтныг торгоогүй. Гадуур торгосон гэх ташаа мэдээлэл гарчээ гэсэн мэдээллийг албаны эх сурвалж мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ мөрний үерийн түвшин нэмэгдэх хандлагатай байна

Сэлэнгэ мөрний Сүхбаатар сум орчим үерийн түвшин 61 см-ээр, Зүүнбүрэн сум орчим 10 см-ээр тус тус давж үерлэсэн байна. Ойрын өдрүүдэд хур бороо ихтэй байгаа учир Сэлэнгэ мөрний ус их хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байна. Иймээс тус голын эргээр нутаглаж буй малчид болон ард иргэд үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй залуусын “Зуны үйлдвэрлэл, хөдөлмөр” зуслан амрагч хүүхэд, залуусаа хүлээн авч эхэллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус бусад хүүхэд, залуусын адил бие даан зусланд амрах, зуныг шинэ найз нөхөдтэй болж, шинэ орчинд зугаатай өнгөрөөх боломж төдийлөн олдоод байдаггүй. Тустөрийн бус байгууллага нь 2018 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын үйлдвэрлэл, хөдөлмөр зуслан”-гийн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ жилийн зуслангийн үйл ажиллагааг нээж хүүхэд залуусыг хүлээн авахад бэлэн болоод байна. Тус зуслан нь тусгай асаргаа, хэрэгцээ шаардлагатай дөнгөж төрсөн нярайгаас эхлэн хөдөлмөрийн насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст зориулсан тэдний бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хөдөлгөөн засал, хэл заслын дасгал, хөнгөнхөдөлмөрийн үйл ажиллагааны цогц бүхий тусгайлсанхөтөлбөртэй цор ганц ЗУСЛАН юм.

Зуслангийн 2019 оны үйл ажиллагааг Нобль Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнддэмжин ажиллаж байгаа бахөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр сургалт зэрэг нийгмийн нэн шаардлагатай,орхигдож буй асуудал дээр анхаарал хандуулан тус төслийг санхүүжүүлжбайна. Мөн энэ жилийн зуслангийн бас нэгэн онцлог нь гэрийн нөхцөлд таримал ногоо ургуулахад ашиглах хөрс, үр зэргийг үйлдвэрлэн бэлтгэж, багцлан савладаг Tiny Garden ХХК-тай хамтран ажиллаж Зуслангийн хөтөлбөрийг илүү баяжуулсан билээ.Амрагч хүүхэд, залуус зусланд амарч байх хугацаандааTiny Garden ХХК-ны бүтээгдэхүүнүүдийг багцлан савлах зэргээр ажил хөдөлмөрт дадлагажих боломжтой боллоо. Уг савлагаа, үйлдвэрлэл нь аюулгүй байдлыг бүрэн хангасан, хөнгөн үйлдвэрлэл төдийгүй зуны хөдөлмөр зуслангийн цогц хөтөлбөрүүдтэй уялдаа холбоотой байх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус зуны хөдөлмөр зусланд хамрагдсанаар дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

  • Эрүүл агаарт амарч, сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцох, мөн гэр бүлийнхэнд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрах, хөгжүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах буюу ахуйн ур чадварыг нэмэгдүүлэх;
  • Нарийн мэргэжлийн болон яаралтай тусламжийн эмч нарын дор өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг тул гэр бүлийнхэн нь хүүхдэдээ санаа зоволгүй өөрсдөдөө цаг заваа зарцуулах;
  • Хүүхдийн эрүүл мэндийн онцлогт тохирсон бариа засал, хэл засал, IQ хөгжүүлэх хичээл, багаар ажиллах зэрэг олон төрлийн хөтөлбөртэй хичээлүүд;
  • Үнээний аж ахуйтай танилцаж байнгын давтамжтай хөнгөн хөдөлмөрийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр ажиллах
  • Өөрийн үнээний аж ахуйгаас өглөө бүр шинээр авсан сүү, цагаан идээ, эрүүл хоол, хүнс хэргэлэх

Бидний зүгээс хүүхдүүдийнхээ тав тухтай, аз жаргалтай, эрүүл амьдрах, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, таатай эерэг орчныг бий болгох, тэдний сурч боловсрох хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн хандлагыг эерэгээр өөрчлөх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үргэлж санаа тавин ажилладаг бөгөөд цаашид ч хийж, хэрэгжүүлэх олон ажлыг төлөвлөөд байна.

Зуслангийн үйл ажиллагааг “Noble Group”LLC, “TINY GARDEN”LLC байгууллагууд дэмжин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын сурч боловсрох, хөдөлмөрлөх, ур чадварыг хөгжүүлэх зэрэг олон талт чадварыг хөгжүүлэхээр “NOBLE GROUP”LLC нь чухал үүрэг гүйцэтгэж тус төслийг дэмжин ажиллаж байна.

Иймээс та бүхэн бидэнтэй хамтран ажиллах болон хөдөлмөр зусланд амрах хүсэлтэй бол бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Холбоо барих утас: 9999-2037

Цахим шуудангийн хаяг: dcmdcngo@gmail.com


Categories
мэдээ нийгэм

ТҮЦ-т зарж байсан хавчуургатай талханд хордсон хүмүүсийн 3 нь сэхээнд байна

Энэ сарын 18-наас 22-ны өдрийн 16 цагийн байдлаар, ТҮЦ-т худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор оношлогдож, одоогоор тэдний 3 нь ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт, бусад өвчтөн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх хугацаанд бусад шалтгаанаар 20 хоолны хордлого, халдварын тохиолдол бүртгэгджээ. Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн харъяат иргэн Т, Т нар хиам, өндөгтэй хавчуургатай талхыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Гэрэлт СӨХ-ийн байранд оршин суугч иргэн А-ын гэрт бэлтгэж тараасныг илрүүлэн, таслан зогсоолоо. Мөн түргэн үйлчилгээний цэгүүдэд тарааж, худалдаалж байсан хавчуургатай талхыг хураан авч, зохих журмын дагуу устгаж Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иймд иргэд та бүхэн Түргэн үйлчилгээний цэг болон ил задгай гар дээрээс түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, хүнсний худалдаа эрхлэгч нар хаяг, шошгогүй, шошгын зөрчилтэй, хадгалалтын горим зөрчсөн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан “Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийх” удирдамжийн дагуу Онцгой байдлын газар Мэргэжлийн хяналтын газар, Цэргийн штабтай хамтран аймгийн нутаг дэвсгэр дэх хаягдал төмөр цуглуулах болон боловсруулах цэг, өмнө нь цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж байсан талбайг хамруулан тандалт судалгааны ажлыг хийж байна.
Тус тандалт судалгаа нь цацрагийн үүсгүүрийг эрэн хайх, аюулгүй байдлыг хангуулах, байршлыг тогтоох, шинж чанарыг тодорхойлох, мэдээллийн сан бүрдүүлэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гацаанд орсон, одоо Ерөнхийлөгчөөс хамаарна

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл саналыг өргөн барьсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг УИХ дээр ид өрнөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-д албан ёсоор ирүүллээ. Өнгөрсөн лхагва гаригт ажлын хэсэг хуралдаж Ерөнхийлөгчийн саналын талаар хэлэлцсэн. Энэ үеэр эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонслоо. Ерөнхийлөгчийн ирүүлсэн санал дотор зайлшгүй авах ёстой олон санал байгаа. Мөн хуулийн процедуртай зөрчилдсөн зарим нэг зүйл заалт ч байна. Энэ болгоныг нягтлан үзэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гэдэг цаг хугацаа авсан амаргүй хэлэлцүүлэг. Өнөөдөр хүлээж аваад маргааш дүгнэлтээ гаргах боломжгүй.

-Ерөнхийлөгчийн ямар саналуудыг үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад ард түмний санал асуулга маш чухал. Маргаантай, зөрчилтэй асуудлуудыг Ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. Ерөнхийлөгчийн Баялгийн сантай холбоотой асуудал дээр санал нэг байгаа. Улс төрийн намуудын тухай заалт нь намуудыг илүү хариуцлагатай, нээлттэй мөн сонгуулийн байгууллагын хяналт дор дотоод сонгуулийг нь явуулъя гэдэг санал маш зүйтэй. Улс төрийн намуудыг сонгуульд оруулах босгыг өндөр болгоё гэдэг санал ч зөв сонсогдож байгаа. Мөн шүүхийн шинэчлэлттэй холбоотой саналууд нэлээд авууштай.

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төсөл дээр эргэлзээтэй зүйлс ажиглагдсан уу?

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл дээр эргэлзээ төрүүлсэн заалтууд байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг дэвшүүлсэн байна лээ. Энэ саналыг нийгэм, олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэж байх шиг байна. Зарим нь дэмжиж байгаа ч олонх хэсэг эсэргүүцэж байгаа. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох санал бий. Засаг захиргааны нэгжтэй холбоотой саналууд орж ирж байгаа. Томоохон дүүргүүдийг хот болгох, сум болон дүүргийн Засаг даргыг ард түмнээс сонгох гэх мэтийн зүйл заалтууд бий. Би Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн учраас томоохон дүүргүүдийг хотын статустай болгох нь зүйтэй гэж үздэг. Тиймээс энэ саналыг дэмжиж байгаа. Сумын Засаг дарга нарыг бүх нийтээс сонгох санал унасан. Унасан саналыг Ерөнхийлөгч дахин оруулж ирсэн учраас дахин хэлэлцүүлэгт УИХ-ын холбогдох байнгын хороо судалж үзэх байх. Шүүхийн сахилгын зөвлөлийн эрх үүргийг Ерөнхийлөгч оруулж ирсэн байна лээ. Өмнөх төсөл дээр шүүхийн хариуцлагын зөвлөлийн асуудал бий. Тэгэхээр хариуцлагын зөвлөл болон сахилгын зөвлөлийг хэрхэн нэгтгэх, уялдуулах гээд нэлээн тулж ярилцах нарийн асуудлууд байна. Нэгдүгээр хэлэлцүүлгийн явцад дэмжигдсэн болон унасан саналуудыг хэрхэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэн уялдуулах вэ гэдэг процедурын ярвигтай асуудлууд үүссэн. Хэлэлцүүлгийн үед Засгийн газрын гишүүдийн дөрвөөс доошгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг заалт дэмжигдсэн. Харин Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа саналаар Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлгүй байх ёстой, УИХ-ын гишүүн байж болохгүй гэдэг саналыг оруулж ирсэн. Засгийн газрын гишүүдийг гаднаас сонгох энэ заалт нийгмийг нэлээд талцуулах шинжтэй. Шалдан Ерөнхий сайд Засгийн газрын тогтворгүй байдал гэдэг ямар зүйлд хүргэдгийг бид мэднэ. Тиймээс Засгийн газар илүү хэврэг болох вий гэдэг болгоомжлол байна. Мөн Туршилтын шүүгчийн асуудал ойлгомжгүй байна. Үүнийг тодруулах ёстой.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхний төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх заалтууд бий шүү дээ?

-Засгийн газрын тогтвортой байдлыг хангасан, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн хэд хэдэн чухал заалт орсон. Ялангуяа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотойгоор. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах, батламжлах гээд нэлээд зүйл заалтууд орж ирсэн байгаа. Одоо концепци дээр нь эргэж харах зайлшгүй шаардлага үүсч байна гэж харж байна.

-Ерөнхийлөгчийн саналыг хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх үү?

-Нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр унасан болоод дэмжигдсэн заалтуудыг Ерөнхийлөгчийн төсөлтэй хэрхэн уялдуулах асуудал нэлээд ярвигтай. Хэлэлцүүлгийг бүр шинээр эхлэх үү, хоёрдугаар хэлэлцүүлгээ цааш үргэлжлүүлээд явах уу гэдэг асуудал яригдаж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг бие даасан хуулийн төсөл гэж үзэх юм бол хэлэлцүүлэг өөрөөр явна. Харин хөндлөнгийн санал гэж үзвэл зарчмын зөрүүтэй санал гэж үзээд цаашаа хэлэлцээд явах бололцоо байгаа. Энэ асуудлыг судлах ёстой. Процедурын нэлээд ярвигтай байдал үүсч байна. Эсвэл УИХ-ын олонх Үндсэн хуулийн эхний төслөө үргэлжлүүлэн хэлэлцэх нэг зам үлдэж байна.

-Хэлэлцэгдэж буй хуулийн төсөл дээр дахин хуулийн төсөл оруулж ирэх боломж байдаг юм болов уу?

-Энэ асуудлыг бид нарийвчлан харж байна. УИХ-ын дарга нэг өөрөөр тайлбарлаж байна. Байнгын хорооны дарга бас өөр байр суурь илэрхийлж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн дунд олон ялгаатай байр суурь үүссэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг бид нарийн судалж нягтлан үзэж, бүлэг, байнгын хороод, гишүүд нэгдсэн байр сууринд хүрэх зайлшгүй шаардлагатай. Наад зах нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг бие даасан хуулийн төсөл гэж үзэх үү, эсвэл хөндлөнгийн санал гэж үзэх үү гэдгээ нэгдүгээрт шийдмээр байна. Эндээс л бүх юм эхэлнэ. Бие даасан хуулийн төсөл гэж үзэж байгаа бол хамтатган хэлэлцэх ямар ч боломж байхгүй. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрийн гурван өндөрлөг маань эхлээд байр сууриа нэгтгэх ёстой байх. Дараа нь ажлын хэсэг болон Үндсэн хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын хуульчид, эрдэмтэн судлаачид орж ажиллах шаардлагатай. Ингэж шинээр үүссэн нөхцөл байдалд тохируулж, шинэ зохион байгуулалтад орж, шинэ ажлын хэсэг байгуулж байж процедур болон хуулийн зөрчлүүдийг арилгаж, нэгдсэн ойлголцолд хүрч, Үндсэн хуулийн хэлэлцүүлэг цааш өрнөнө. Өөрөөр бол явах боломж харагдахгүй байна.

-Тэгэхээр Үндсэн хууль төлөвлөсөн хугацаандаа хэлэлцэгдэх боломжгүй болж байгаа юм байна, тийм үү?

-Ерөнхийлөгч үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг манлайлж, удирдах ёстой. Өмнөх Үндсэн хууль батлах үйл явцыг харахад ажлын хэсгийг Ерөнхийлөгч ахалж байсан юм билээ. Ерөнхийлөгч хоёрдугаар хэлэлцүүлгийг дуустал нам гүм байсан. Улмаар байр сууриа илэрхийлсэн. Энэ тохиолдолд ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулаад цаашаа явах нь зүйтэй байх. Өөрөөр бол Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гацаанд орсон гэж ойлгож болно. Одоо бүх зүйл Ерөнхийлөгчөөс хамаарна.

-Шударга иргэдийн нэгдсэн эвслийн хувьд энэ асуудалд ямар бодлого баримтлах вэ?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналууд байна. Иймээс бид “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” дээрээ ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Засаглалын гурван салаа мөчрийн аль нэгт давуу эрх олгохыг хориглодог. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөхдөө засаглалын салаа мөчрүүдийн харилцан тэнцвэртэй, хяналтын зарчмыг барьж асуудалд хандах ёстой гэдэг байр суурьтай байна.


Categories
мэдээ цаг-үе

Дамбын Төрбат: Эжийгээ бурхан болоход паспортны зургийг нь бариад Лхагвасүрэн ах дээр уйлаад очсон доо

Түрүүч нь №143(6244) дугаарт


Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат “Улаан жигүүр”, “Хүслийн тодотгол”, “Зүрхний цомнол”, “Зүрхэн тарни” яруу найргийн, “Хүн төрхийн унаган чанар”, “Сайхан төрөхийн зовлон” нийтлэлийн, “Тэнгэрийн соёрхол” арван хоёр боть, “Харц хатан”, “Амьдралын улаан шугам”, “Дурлал загварын ордон”, “Ялагдаагүй ганцаардал” жүжиг, “Ирж яваа цаг”, “Тэнгэрийн сахил”, “Алт амилах цаг”, “Алиа салбадай”, “Бүсгүй завилгаа”, “Харанхуй засаг”, “Халаасны өрөө”, “Танихгүй сэтгэл”, “Шадар ван-1, 2”, “Чин ван Ханддорж-1, 2, 3” кино зохиол туурвисан уран бүтээлч юм.


Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбаттай уулзаж хөөрөлдлөө.

-Пунцагийн Бадарч найрагч танд олон сайхан мэдээ занги сонсгож байлаа гэсэн дээ?

-Нэг баяр нь тэр анхны номын тухай сайхан мэдээ юм. Хоёр дахь баяр нь 1991 оны шинэ жилийн өмнөхөн юм аа, утас дуугарч байна. Манайх 55519 гээд их гоё утастай болчихсон, Шүрээ бид хоёр байранд орчихсон үе. Утсаа авсан чинь Бадарч багш ярьж байна. “За, миний хүү, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал авчих шиг боллоо” гэж байна. Би ч одоо баярлалгүй яах вэ дээ. “Үгүй ээ, тэгээд юу гэж өгч байгаа юм” гэлээ. Тэнэг л дээ, “Ямар бүтээлд л” гэж байгаа санаа нь тэр. “Могойн чуулган” шүлэглэсэн романд чинь өгч байгаа юм байна аа, баяр хүргэе” гэж байна.

-Хөөрөөд л явчихна биз?

-“Үнэн ч байж мэднэ, худлаа ч байж мэднэ. Багш согтуу ч байсан байж мэднэ” гэж бодоод Шүрээдээ хэлсэнгүй. Тэр үед Баярмаа МЗЭ-ийн даргын үүдэнд суудаг байсан. Тэгэхэд Бавуугийн Лхагвасүрэн ах дарга байсан. Баярмаа утасдаад “Танд Зохиолчдын эвлэлийн шагнал олгосон. Хүрээд ирээрэй” гэлээ. Тэгээд хүрээд очсон Лхагвасүрэн ах гардуулж өгсөн юм. Тэр үед чинь МЗЭ-ийн шагналыг гурван мянган төгрөг дагалддаг байсан.

-Өө, их нэр хүндтэй шагнал байж?

-Тэр үед мөнгө нугараад зургаан мянга ч болсон юм уу. Дугтуйд багтахгүй их мөнгө өгсөн юм. Надтай цуг Данзангийн Нямсүрэн, Жагдалын Лхагва, Жаргалын Барамсай хамт авсан юм. Бид дөрвүүлээ авсных гээд дээр хоёрдугаар давхарт Барамсай ахын өрөөнд ороод сайхан хундага тулгачихаад хурлын танхим руу яваад ортол манайхан хүлээж байлгүй яах вэ дээ. Тэнд ч орчуулагч Ц.Хасбаатар гуай инээгээд, Дооров ч нуг нугхийгээд сууж байгаа юм чинь. Хэдүүлээ яахав дээ, гурав гурван шил архи авч тэр хавийн улсад өглөө. Зохиолчдын эвлэлийн буян, шинэ жил дөхөж байгаа гээд дарга нар ч сүйд майд болсонгүй. Тэндээс Дооров, Долгорын Ням гуай, П.Бадарч багш, Хасбаатар гуай нар намайг дагалаа. Манайд ирлээ. Хороон дээрээс авгайдаа утасдчихсан. Тэгсэн Шүрээ идээ будаа засчихсан байсан. Бадарч багшийн дуулгасан хоёр дахь баяр энэ.

-Гурав дахь баяр нь юу байв?

-Багш бид хоёрынх зэргэлдээ шахуу зусна. Энүүхэн Шаргаморьтод шүү дээ. Хоёр мянга дөрвөн оны үед Дэндэвийн Пүрэвдорж багшийн Монголын уран зохиолын академиас намайг төрийн шагналд нэр дэвшүүлэхгүй юү. “Пүрэвдорж багш долоо дэвшээд авсан шагнал. П.Бадарч багш тав, зургаа дэвшээд аваагүй шагналыг би юу гэж аваа аж дээ” гэж дотроо бодоод Пүрэвдорж багшид “Дэмий юм хийж байна даа” гэх ухааны юм хэлсэн.

-Та тэр үед өнөө олон романаа биччихсэн байсан биз дээ?

-Арван хоёр жилийн цуврал романуудаа бичээд эхэлчихсэн байсан л даа. Гэхдээ Пүрэвдорж багш “Зүрхэн тарни” шүлгийн түүврээр дэвшүүлсэн л дээ. Академийн зөвлөлийн хурлаар ороод явуулчихлаа гэсэн. Зохиолчдын хорооноос бас хоёр, гурван хүний нэр явж байна. Хороо бол үндсэн байгууллага, манайх бол дагалдагч шахуу байгууллага. Тэгсэн дам сураг сонсох нь ээ, яруу найргийн салбар зөвлөлийн дарга нь Б.Лхагвасүрэн ах гэж байна аа. Ингээд байж байсан чинь утас дуугараад Бадарч багш ярьж байна. “Миний хүүгийн юм ч нэгийн даваа давчихлаа шүү” гэж байна. Мэргэжлийн таван хүний гар дамжиж уншсан л хэрэг шүү дээ. Салбар салбараас бүтээл ирнэ шүү дээ. Хоёр дахь хурлаар “Хоёр инженер шалгарчээ. Зохиолчид, урлагийнхнаас чимээгүй байна” л гэж байсан. Тав, зургаа хоногийн дараа Монголын уран зохиолын дээд сургууль дээрээ хичээл тарчихсан, харих санаатай сууж байсан чинь Зохиолчдын эвлэлийн гурван давхрын шатаар нэг их амьсгаатай хүн өгсөөд ирж байна. Тэгсэн чинь Лхагвасүрэн ах ороод ирлээ.

-Та чинь сургуулийн захирал болохоор орой тардаг байсан байлгүй?

-Сургуулийн захирал болохоор хамаг өрөө мөрөөгөө цоожилж байж явдаг байхгүй юу. Лхагвасүрэн ах, Сэтгүүлчдийн холбооны дарга байсан С.Цэрэндоржийг дагуулчихсан ороод ирлээ. Цэрэндорж өврөөсөө “Алтан түрүү” гэдэг архи гаргаад тавьчихлаа шүү. “Юм болсон л юм байна” гэж бодлоо доо. Лхагвасүрэн ах “Миний хүү төрийн шагналтай л болчих шиг боллоо. Ямар ч байсан манай салбар зөвлөлөөс гараад явчихсан. Нэг дээшээ явчихаар зүгээр байдаг юм аа” л гэж байна. (Домогт найрагчийг жигтэйхэн адилхан элэглэж ярив. сур)

-Б.Лхагвасүрэн найрагчийг архи огт уудаггүй гэдэг. Та цуг ууж байв уу?

-Ууж байсан.

-Ер нь гайгүй уух уу?

-Гайгүй шүү. Бид хоёр чинь Дундговьд нэг хамт очсон юм. Тэр чинь Лхагвасүрэн ах ид нэрд гарч байсан наян хэдэн он. Дундговийн Эвлэлийн хороо “Илгээлтийн эздийн чуулга уулзалт” ч бил үү, зохион байгуулаад. Яруу найрагч Дандарын Миеэгомбо гуай тэнд ажиллаж байсан. Тэр үед архины хуурай хууль гарчихсан архи олдохгүй бэрх үе байсан.

-Картаар өгөх үү?

-Картаар ч өгөхгүй. Бүр юу ч байхгүй. Миеэ бид хоёрыг гэрээрээ ор гэж байна. Орсон, эхнэр нь Цэцэгээ гээд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга. Тохь амьдралтай сайхан айл байна. Миеэ чинь аймгийн Цагдаагийн газрын дарга. Тэгээд ч архи олдохгүй тийм хатуу байсан. Тэгсэн Миеэ “Лхагвасүрээн хө, гар аргын юм л байна ш дээ хө” гэж байна.

-Найруулсан архи уу?

-Самгоон самгон.

-Өө, бүр аюултай юм байж?

-Би яахав, татчихлаа. Лхагвасүрэн ахынх байгаад байх юм. Сүрхий чанга юм, тэр нь. Нэг тийм шар туяатай юм. Лхагвасүрэн ах яг явахынхаа өмнө талыг нь уучихаад талыг нь надад өглөө. Буудалдаа очоод хэвтээд өгсөн. Буудал засвартай. Нэг давхрын цонхоор гаднаас нь шат тавьчихсан.

-Будантай байтугай эрүүл хүн ч ороход хэцүү биз дээ, тэр чинь?

-Тэрүүгээрээ мөлхөж орж байгаа юм. Өглөө Лхагвасүрэн ах “Төрөө үхлээ” л гэж байна. Миний дотор ч муу байна. “Энэ Миеэ юу өгчихвөө” боллоо. Тэр самгон чинь дотрыг “алдаг” юм байна лээ. Маргааш нь Эвлэлийн хорооны Сайнбаяр гэж бүсгүй бид хоёрыг баахан залуустай Сүм хөх бүрдэд авчирч байсан. Тэр үед Ш.Дулмаа гуайн “Амьдрал хайр дээр тогтдог” дуу ид гарчихсан. Автобус дүүрэн залуус хангинатал дуулаад гараад шидчихсэн. Залуус нөгөөхийг чинь яаж ийгээд олно шүү дээ. Бараг авдар архи автобусны ард тавьчихсан байгаа юм чинь. Тэгж бид хоёр шараа тайлж байсан байхгүй юу. Лхагвасүрэн ах яахав, автобусанд ганц татсан. Тэгээд татахаа больчихно л доо. Тамхи баагиулаад, алиа хошин юм яриад явна л даа. Сүмийн амралтад тэгж гурав хоносон. Тэгэхэд муу “Сумын заан” явж байсан.

-Яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэн ч сайхан онгодтой хүн дээ?

-Эрүүлийг хамгаалах яамны хяналтын ажил хийж байсан юм аа даа. Тэр шугамаараа л тэр Сүм хөх бүрдийг шалгаж явсан болов уу. Сайнбаяр маань “Энүүхэн энд Долгорын Нямаа гуайн ээж амьдардаг” гэж хэлээд. Долгор гэж хөгшин дээр Лхагвасүрэн ах бид хоёр очиж байсан. Долгор гуай “Манай Ням одоо Оросоос гарсан юм байх даа. Ер ирэхгүй юм” гээд сууж байсан сан. Ням найрагч “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч гээд гадаад, дотоод томилолт гээд завгүй л байхгүй юу. Баасан эгчийг “Баянгол” ресторанд ажиллаж байхад Лхагвасүрэн ах биднийг үе үе дуудаж хоол, архиар дайлдаг байсан. Нэг их баяр бол Ш.Гүрбазарын анхны дуу гарсан юм аа. Хоёр хүн хосоороо дуулдаг их сайхан дуу. Тэрийг тэмдэглэж визитний өрөөнд бид найрлаж л байсан. Баасан эгчийн хишгийг их олон ч хүртсэн дээ. Сүүлд Лхагвасүрэн ахынд ороход юм гаргаад өгнө. Өөрөө юм яриад хараад сууж байдаг л байсан. Бидний хооронд амьдралын баяртай, гунигтай мөн ч гайхамшигтай цаг хугацаа элж үлдсэн дээ.

-Та нэг л гунигтай болоод явчих чив…

-Ээж маань бурхан болчихоод. Хэнд хандахаа мэдэхгүй амьтан л байлаа. Лхагвасүрэн ахынх Дэнжийн мянгад. Ёстой л Цэдэндамбаа гуайн хэлснээр хүүхдүүд нь шпрот шиг унтаж байна. Лхагваа ах “Миний хүү яасан” л гэж байна. “Ээж байхгүй болчихсон” л гэлээ. Тэгсэн нэг хөнжил хуу татсан чинь зураач хүү Саранхөхөө нь сэгсгэсхийтэл босоод ирлээ. “Чи бос. Яруу найрагчийн ээж өнгөрчихсөн байна” гэж байна. “Миний хүү, одоо яахав. Юу хэрэгтэй байна” л гэж байна. “Зургийг нь л зуруулах гэсэн юм” гэлээ. Паспортны зургаас өөр юм байхгүй. Би чинь эжийтэйгээ цуг зургаа ер авахуулж байгаагүй юм билээ. Хүн мөнх байх юм шиг л боддог юм билээ. Тэгээд муу паспортны зургийг нь барьчихсан л уйлаад очсон. Миний ээжийн хөшөөний чулуун дээр нэр, төрсөн төгссөн оныг нь наян нэгэн оны наймдугаар сард Лхагваа ах сийлж өгч байсан юм. Зурсан зураг нь одоо ч миний номын санд өлгөчихсөн байж байдаг юм. Лхагвасүрэн ах, Бадарч багш, Пүрэвдорж багш нартай учирсан минь яруу найрагч хүний хувь заяагаар барилдсан гэдэг юм уу, эсвэл номоор хоол олж идэх хүний хувь учрал байдаг юм шиг байна лээ. Сэнгийн Эрдэнээ гуай манайд ирж хонож байсан. Долгорын Ням гуайг манайд хоносон шөнө ээж нь бурхан болчихоод санд мэнд явж байлаа. Дараа нь надад Ням гуай “Танайд хоносон шөнө бол миний эжийтэйгээ байсан хамгийн сүүлчийн шөнө байлаа” гэж гэж байсан. Манай яруу найрагчид чинь юмыг дандаа ингэж сайхан цайруулж боддог улс. Аливаа юмыг сайхан цайруулж хэлдэг, сэтгэлийг нь сүлж явдаг зан манайханд бүгдэд нь бий. Дандаа сайн хүний гар дамжиж явж дээ. Миний хамгийн анхны багш чинь Ламжавын Лувсандорж найрагч шүү дээ.

-Та сүүлийн үед уран бүтээлийн хур элбэг буулгаж байх шиг байна шүү?

-Энэ жилд гурван роман гарсан. Нэг жилд гурван романаа гаргана гэдэг тэр бүр хүнд олдохгүй хувь заяа. Би бол өдөр болгон бичээд суудаг хүн биш. Бичихгүй өдөр байхад бодохгүй цаг мөч гэж байдаггүй юм шиг байгаа юм. Энэ жил Их Нацагдорж гуайн гэргий Пагмадулам гуайн тухай “Суут найрагчийн сувд шиг бүсгүй” гэж роман гаргалаа. Тэр роман арван дөрвөн долоон хоног бестселлерийг тэргүүлсэн. Сая жанжин Дэмидийн тухай хоёр боть роман гарсан. Тэрний гүйлгээ сайн байгаа. Түүхэнд гэрэлтэж явсан, мартагдсан улсын хувь заяаг зөв, гэрэл гэгээтэй талаас нь тодруулж бичих бол утга зохиолын үүрэг мөн. Хоёрдугаарт, хувь хүнийхээ хувьд буян хийж байгаа үйл гэж бодож баримтат намтар романы тал руу нэлээд орсон. “Мөнхийн үсэг” групп, “Болор судар” хэвлэлийн газар миний 12 романыг гурав дахиа хэвлэсэн. Арван хоёр роман гурав дахиа хэвлэгдэнэ гэдэг их хувь заяа гэж бэлгэшээж байгаа. “Дархансэргэлэн” компанийн захирал Батмөнх, гэргий Доржсүрэн хоёрын сайхан сэтгэлийн буян өнөө ч намайг “Мөнхийн үсэг”-тэй холбож өгч дээ. Роман, ном бичих нэг хэрэг. Харин зохиол бүтээлийг маань уншигчдад хүргэнэ гэдэг соёлын өмнө хүлээж байгаа том буян юм даа.

-Меценат буюу ивээн тэтгэгч гэдэг ч их буянтай үйл юм шиг байгаа юм аа?

-Меценат гэдэг чинь генерал байсан юм билээ. Уран зураг, урлагийг их ивээн тэтгэдэг хүн байж. Мань эр нэг хууль санаачилсан нь “Меценатын хууль” гээд түүхэнд үлдчихсэн. Тэр яадаг хууль вэ гэхээр ном, жүжиг ивээн тэтгэсэн аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх тухай юм билээ. Бид энэ талаар “Монголын уран зохиолын дээж-108” ботийг бүтээх үеэр их ярьсан. Ялангуяа Лодонгийн Түдэв багш их ярьж байсан.


Categories
мэдээ цаг-үе

Аврагч Х.Мөнхбат: Бид алтан амиараа дэнчин тавьж ажилладаг. Тиймээс энэ албандаа хайртай байхаас аргагүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан юм. Ахлах дэслэгч Х.Мөнхбат Онцгой байдлын байгууллагаас төрсөн долоо дахь гавьяат буюу энгийн аврагчаас төрсөн хоёр дахь залуу гавьяат болсон билээ. Түүнтэй хүнд, ноцтой аврах ажиллагаанууд болон албаных нь талаар ярилцлаа.


-Онцгой байдлын албаны цөөхөн гавьяатуудын эгнээнд нэгдсэн танд баяр хүргэе. Орон нутгаас төрж байгаа анхны гавьяат цолтон болжээ?

-Баярлалаа. Монголын төр, ард түмнийхээ хайр хишгийг хүртэж “Үйлчилгээний гавьяат ажилтан” гэсэн нэр хүндтэй цол тэмдгийг авсандаа маш их баяртай байна.

-Онцгой байдлын албанд хэзээ орж байв?

-Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Ж.Хөх-Өвгөн гэдэг хүний ес дэх хүүхэд болж төрсөн. Мөрөн сумаасаа ажил албаныхаа гарааг эхэлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах отрядад аврагч усчнаар 2008 онд орж 11 дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь Зэвсэгт хүчинд ажиллаж байлаа. Төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд аврах ажиллагаанд маш олон удаа оролцож байсан. Ус, аваар осол, үер, эрэл хайгуул, ган зуд, өвчин тахал гэх мэт.

-Онцгой байдлынхны хувьд Хөвсгөл аймаг онцлог газар нутаг болов уу. Аялал жуулчлалын бүс нутаг учраас хүн амын хөдөлгөөн ихтэй биз?

-Далай ээж гэж бидний хүндэлж дээдэлдэг Хөвсгөл нуур, түүнийг тойрсон маш олон нуур цөөрөм, гол горхи, өндөр хорьдол сарьдаг, гүн ойтой. Аялал жуулчлалын төв бүс нутаг гэдэг утгаараа зорчих иргэд маш олон. Үүнийг дагаад янз бүрийн осол аваар тасардаггүй. Ялангуяа усны осол их гардаг.

-Таны оролцсон аврах ажиллагаануудаас нэлээд хэдэн жилийн өмнө Хөвсгөл нуурт живсэн “НИК” компанийн шатахуун ачсан хоёр автомашины ослыг албаныхан онцолдог юм билээ. Тэр ослын талаар тодруулахгүй юу?

-Намайг энэ шагналыг авахад түлхэц болсон аврах ажиллагаа тэр болов уу. 2011 оны хоёрдугаар сарын 8-нд “НИК” компанийн шатахуун ачиж явсан хоёр “Урал” автомашин Хөвсгөл нуурт цөмөрч осолдсон. Дуудлага 9-ний өглөө манайд ирсэн байсан. Машин жолоодож явсан хоёр жолооч амьд гарсан, харин нэг туслах жолооч нь гарч чадаагүй осолдсон байсан. Аврах багийн 10 гаруй албан хаагч ослын газрыг зорьж очин цагийн байдлыг үнэлж, цооног гарган шумбалт хийсэн.

-Хөвсгөл нуур Монголын хамгийн гүн нуур гэдэг. Аврах ажиллагаа хэр хугацаанд өрнөсөн бол?

-Машиныг 47 метрийн гүнээс олсон. Усны аврах ажиллагаа тийм ч амар биш. Хэд, хэдэн удаа шумбалт хийнэ.

Багаж, хэрэгсэл маань тэр их хүйтэн усанд хөлдчихнө. Буцаж гарч ирээд дахиж орно. Тэр олон шумбалтын дараа байршлаа тогтооно. Дараа нь дахин шумбалт хийж буцалтгүй нэрвэгдэгч /нас барсан хүн/-ийг авч гарч ирнэ. Машин осолдсон газар нь нуурын эргээсээ 220 орчим метрийн зайд байсан. Мөсний зузаан нэг метр 20 см. Тийм зузаантай мөсийг эрэг хүртэл нь гудамлаж цоолж, машинаа татаж гаргасан. Аврах ажиллагаа 14 орчим хоног үргэлжилсэн байх.

-Анхны аврах ажиллагаагаа санаж байна уу?

-Мөрөнтэй ойрхон Дэлгэрмөрөн голд хүний цогцос байна гэсэн дуудлагад шинэ цэрэг очиж байлаа. Олон жилийн турш сураггүй болчихсон хүн элсэнд дарагдаад хувцас нь цухуйж байхыг нутгийнхан олж хараад манайд дуудлага өгсөн юм билээ. Олон жилийн дараа олдож байгаа болохоор хувцсан дотор яс голдуу л байсан. Түүний дараахан бас нэг усны дуудлагаар явсан. Хамгийн анх хүний цогцсыг тэгэхэд харж байлаа. Тэр үед хальт айдас төрөөд л. Харин олон жил ажилласан аврагч ах нар “Бурхан болсон хүнээс битгий ай, ямар ч гэм хийхгүй” гэж тайвшруулж байсан. Мэдээж бид улс эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ үл хайрлан зүтгэнэ гээд тангараг өргөчихсөн хүмүүс тангарагтаа үнэнч байхаас аргагүй. Түүнээс хойш ч их юм үзэж дээ.

-Осолдсон хүний ар гэрт муу мэдээ дуулгах, дэргэд нь аврах ажиллагаа явуулахад бас л амаргүй байдаг болов уу?

-Хэцүү. Хүнээ алдчихсан хүн маш их уй гашууд автаж, сэтгэл санааны тогтворгүй байдалд байдаг. Аврах ажиллагаа явуулж байхад дэргэд хүн орилж чарлаад байхад бидний сэтгэл санаанд ч багагүй нөлөөлдөг. Тийм үед өөрсдийгөө зоригжуулахаас гадна ар гэрийн хүмүүсийг ч тайвшруулж, хараа хяналттай байх ёстой байдаг. Эс тэгвэл хүнээ алдсан хүн чинь “Би үхчихье” гээд ослын газар руу өөрөө орчихдог тохиолдол бий.

-Аврах ажиллаагаанаас хүнээ эсэн мэнд гаргаж чадвал хамгийн сайхан биз?

-Мэдээж тэгэлгүй яахав.Нэг удаа бага насны хүүхэд Дэлгэрмөрөн голд урслаа гэсэн дуудлага ирсэн. Аймгийн төвийн хажуугаар урсдаг болохоор манай аврах бүлэг цаг алдалгүй очиж хүүхдийг урсаж байхад доороос нь тосч барьж авсан. Гурван настай хүүхэд байсан. Хүүхдийг гаргаж ирээд доош харуулан усыг нь гаргахад гэнэт уйлаад ухаан орж билээ. Бид тийм сайхан буянлаг аврах дуудлагад очихоороо өөрсдөө ч их урамшиж, зоригжино. Ер нь 9-10 хоног удаан хугацаагаар хайсан хүнийг амь эрсэдсэн байсан ч цогцсыг нь олохдоо бид маш их баярладаг. Хүнээ олсон бол бидний зорилго биелж байгаа хэрэг. Ар гэрийнхнийх нь ч сэтгэлийг амраана. Олохгүй, ажиллагаа маань бүтэхгүй болсон тохиолдлууд байдаг. Тийм ослууд гунигламаар ч юм шиг, сэтгэл шаналгах үе бий.

-Өнгөрсөн жил гадаадын хоёр хос Мөрөнд аялж яваад сураггүй болсон байдаг. Тэдний эрэн хайх ажиллагаа юу болсон юм бол?

-БНХАУ-ын хоёр иргэн аяллаар явж байгаад сураггүй болсон. Сар гаруй хайгаад олоогүй. Ямар ч сураг ажиг гараагүй. Иймэрхүү олдоогүй эрэл байдаг.

-Та Онцгой байдлын албанд багагүй хугацаанд ажиллажээ. Энэ хугацаанд шантрах үе гарч байв уу?

-Хэцүү байсан үе бол бий. Олон цагаар ус руу шумбаж, түймэр дунд явах зэргээр амар дуудлага гэж байдаггүй. Тэр дундаа усны аврах ажиллагаа маш нарийн, хүнд. Ялангуяа өвлийн улиралд усны гүнд бол бүр хэцүү. Усны багаж хэрэгсэл маань өвлийн хүйтэнд усан дотор хөлдөх тохиолдол гарна. Манайх угаас эрс тэс уур амьсгалтай. Хөвсгөлд маш их хүйтэрдэг.

-Яг тийм нөхцөлд амь тэмцэж байсан үе байдаг уу. Хүн л юм чинь?

-“НИК” компанийн шатахуун ачсан автомшины осол дээр тийм үетэй тулгарч байсан. Буцалтгүй нэрвэгдэгчээ 47 метрийн гүнээс авч гарч ирэхээр шумбалт хийсэн. Яг тэр явцад амьсгал маань хөлдчихсөн. Бараг л буцалтгүй нэрвэгдэгчтэйгээ цуг явчих дөхсөн. Мэдээж тухайн үед аврах ажиллагааг би ганцаараа гүйцэтгээгүй. Дээр манай багийн хамт олон байсан. Би тэдэнд өөрийнхөө амь насыг даатгачихсан байгаа учраас тэдэндээ итгэж байлаа. Ер нь аврах ажиллагаа гэдэг аврагчид нэг нэгэндээ итгэсэн итгэлцэл дээр л амжилттай явагддаг.

-Амьсгалын аппарат тань хөлдчихсөн хэрэг үү?

-Тийм. Очих газартаа хүрэхээс өмнө хөлдчихсөн. Тэр их даралттай хүйтэн усанд халуун амьсгал хоёр харшилдаад амьсгалын төхөөрөмж хөлдчихсөн. Тэгээд бодсон. Олон хоногийн турш аврах ажиллагаа явууллаа. Одоо л буцалтгүй нэрвэгдэгчээ гаргах ёстой. Дээр хамт олон маань байгаа. Намайг ямар нөхцөлд байгааг тэд хамгийн сайн мэдэж байгаа гэж бодоод цааш шумбасан даа. Хүнээ алдаж магадгүй гээд өөрөөсөө холбоод дээш сэлэх гэтэл болдоггүй. Буцалтгүй нэрвэгдэгч маань машиныхаа дээврийн төмөрнөөс барьсан чигээрээ хөшчихсөн байсан. Тэгээд ноцолдож байж мулталж аваад мандал руугаа сэлсэн. Тэр хооронд амьсгал байхгүй, амь тэмцэж таарна биз дээ. Эцсийн мөчид хүний өнгөрсөн амьдрал нүдний өмнүүр зурсхийдэг гэдэг үг үнэхээр үнэн юм билээ. Бүх амьдрал маань нүдний өмнүүр зурсхийж ухаан орж гараад л байлаа. Гэтэл яг тэр үед миний хоёр охин усан дээрээс тонгойгоод “Аав аа, нааш ир” гээд даллаад байсан. Ухаан ороход хар саарал усан дотор ямар ч амьсгал байхгүй дээшээ өгсөж явлаа. Тэгээд л би яасан ч үхэхгүй, гарах ёстой гээд хамаг хүчээрээ сэлсээр амьд гарсан даа.

-Үнэхээр эгзэгтэй юм. Ийм албаараа бахархах үе бас олон биз?

-Энэ албаар бахархахгүй албан хаагч гэж байхгүй. Онцгой байдлын албан хаагч гэж бахархахаас ч аргагүй тийм сайхан алба. Бидний хийж байгаа үйлс бол цав цагаан. Дандаа буян болдог. Эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл өвөрлөж алтан амиараа дэнчин тавьж ажилладаг. Тиймээс энэ албандаа хайртай байхаас аргагүй.

-Та айлын ес дэх хүүхэд гэсэн. Ижий, аав, гэр бүлээ танилцуулаач?

-Аав маань бурхны оронд одоод удаагүй байна. Хүүгээ хараад баярлаж байгаа байх аа. Миний аав Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат. СТА цолтой, бүжигчин хүн байлаа. Ээж маань Я.Туяа гэж Тосонцэнгэл сумын харьяат хүн. Хэвлэх үйлдвэрт олон жил ажилласан. Би эхээс 10-уулаа. Сүүлийн хоёр нь ихэр. Нөгөө ихэр маань эмэгтэй учраас би ах нь гэж явдаг. Ханийг маань Т.Одгэрэл гэдэг. Хөвсгөл аймгийн Зооноз, өвчин судлалын төвд ариутгагч хийдэг, хоёр охинтой.

-Сүүлийн асуултаа асууя. Онцгой байдлын “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмдгийг Төрийн тэргүүнээс гардаж байхад танд юу бодогдож байв?

-Үнэхээр сайхан байлаа. Монгол Улсын төр намайг биш энэ албаны нийт албан хаагчдыг шагнасан гэж бодож байгаа. Энэ их хайр энэрлийг алдахгүй дааж явахын төлөө, маш их харуцлагыг алдахгүйн төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллана. Өшөө олон сайхан усчин аврагч төрүүлэхийг хичээнэ ээ. Аврах ажиллагаанд хамт үүрэг гүйцэтгэж явсан бүх албан хаагчдадаа баярлалаа гэж хэлье. Тэдний маань хөлс хүч, хөдөлмөр миний энгэрт хадаастай байна даа. Та бүхэн бүгд гавьяат шүү.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д“Үндсэн хуульд ийм заалтууд тусгавал эдийн засаг сэргэх гээд байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Я.Содбаатар: Үндсэн хуулийн төсөлд ирүүлсэн саналуудыг тал талаасаа хэлэлцээд ойлголцолд хүрнэ гэж бодож байна гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Үндсэн хуульд ийм заалтууд тусгавал эдийн засаг сэргэх гээд байна” хэмээн өгүүлжээ.

Ц.Монгол: Ийм байдлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Залилагчдын арга нарийсч хэдхэн секундэд залилдаг болсон хэмээсэн өдрийн сурвалжлагыг долдугаар нүүрнээс унших боломжтой.

Элон Маскийн ээлжит сюрприз: Хүний тархийг компьютертой холбоно хэмээн “Танин мэдэхүй” нүүрт бичжээ.

Н.Энхбаяр: Манай зэсийн ирээдүй тогтвортой, нүүрсний ирээдүй эрсдэлтэй байна хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьсан байна.

Л.Ганбаяр: Хүүхдийн зүрхний хагалгааг монголдоо хийх боломжийг бүрдүүлнэ хэмээн “Эмч” нүүрт өгүүлжээ.

Түүнчлэн “Энэ өдөр”, “Түүхийн жимээр…”, “Дэлхийн мэдээ” нүүрнүүдээ өнөөдрийн шинэхэн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ