Монголын хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 75,249,793 төгрөгийн үнийн дүн бүхий 504,867 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол Базальт” ХК (MBW+12.95%) болон “Монгол Савхи” ХК (UYN+6.67%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Өндөрхаан” ХК (ONH-14.75%) болон “Монгол Шуудан” ХК (MNP-7.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “TOP 20” индекс 0.12 хувиар өсч, 20661.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,572,608,050,371.13 төгрөг боллоо.
Month: July 2019
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад сурах бичгийн хангамж хүрэлцээ муу байдагтай холбоотойгоор энэ хичээлийн жилд сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ. Сурагчид сурах бичгийг багцаар нь худалдан авахад төлдөг мөнгөний 20 хувиар түрээс төлж, ном сурах бичгээ ашиглах юм. Ингэснээр эцэг, эхэд ирэх төлбөрийн ачаалал харьцангуй багасна хэмээн БСШУЯ-ны ЕББГ-ын мэргэжилтэн Р.Балжинням мэдээлж байна. Төлбөртэй ашиглуулсны хуримтлал мөнгөөр сурах бичиг дахин хэвлэх ажлыг зохион байгуулах юм байна.
С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Шүүх хуралдаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан яллагдсан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар болж хурал 14.00 цаг хүртэл хойшилсон. Ц.Амгаланбаатарыг хорих ангиас авчирснаар шүүх хуралдаан үргэлжилсэн ч ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшиллоо.
Автомашины улсын дугаарын шинэ стандартын дагуу улсын дугаарын дөрвөн тоог өөрчлөхгүй, харин ард нь байрлах үсгийг цөөрүүллээ. Шинэ стандартаар улсын дугаарт дөрвөн тоо, 13 үсэг оруулахаар төлөвлөсөн тухай ЗХТЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлж байсан.
Тодруулбал, өмнө нь улсын дугаарт 25 үсэг ашиглахаар баталсан байдаг. Ю, Ё, Ы гэх мэт үсгийг оруулдаггүй. УБ гэсний араас А, Б, В, Г гээд 25 үсэг байрладаг байсан.
Шинэ журмаар УБ-гийн араас 25, УН-гийн араас 25 үсэг шивэхээр нийт 50 серийн дугаартай болно. Нэг серийн дугаар 9999 давтагдана гэсэн үг. Харин
Өнөөдрөөс уг стандартын дагуу УАА шинэ сери задарч байгаа бөгөөд импортоор орж ирж буй машинд уг шинэ серийг онлайнаар олгох юм байна.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, урамшууллын гэрээ байгуулж ажиллах тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав.
Тэрбээр “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэглээг сар бүрээр нь авч үзвэл есдүгээр сард 5 хувь, аравдугаар сард 32 хувь, арваннэгдүгээр сард 29 хувь нь бөөндөж авдаг бол гэр хорооллын айл өрхүүдийн 21 хувь нь сарын хэрэглээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авалтыг хийдэг. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын сүлжээ буюу борлуулалтын цэгийг “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлш нөөцлөх агуулах, байршил, санхүүгийн чадамж зэргийг харгалзан үзэж эцэслэн гэрээ байгуулах бөгөөд нийслэлийн зүгээс дээрх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Сайжруулсан түлш борлуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг “Тавантолгой түлш” ХХК, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран гаргаж, борлуулалтын цэгүүдтэй “Тавантолгой түлш” ХХК гэрээ байгуулна. Сайжруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг ханган түлшний нэг тонн тутамд олгох урамшууллын асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж байна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Байгуулагдах ажлын хэсэг наймдугаар сарын 1-ний дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаа зохион байгуул. Ажлын төлөвлөгөөгөө гаргаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хариуцлагатай хийх хэрэгтэй. Мөн иргэд, олон нийтийг сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, нийлүүлэлтийн талаарх үнэн бодит мэдээллээр хангах ажлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран зохион байгуулж ажилла” хэмээн үүрэгдлээ.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, захирамжийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Ерөө, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Үүр, Хэрлэн гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байгааг ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс мэдээллээ.
Мөн Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дунджийг 95-175 см, Хархираа, Ховд гол үерийн түвшинг 5-20 см тус тус давсан байдалтай байна.
Долоодугаар сарын 24-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг давна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа тул дээр дурдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”, Дэлхийн Зөн Дархан “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Дархан салбар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран жил бүр “Зулзагын гол” хүүхдийн амралтын газрын амрагч хүүхдүүдийн дунд “Аврагч мазаалай” буухиа тэмцээнийг зохион байгуулдаг билээ.
Энэ жил хур бороотой өдөр таарсан хэдий ч хүүхэд багачууд маань тэмцээндээ идэвхтэй оролцож, таван өртөө дамжин даалгавраа амжилттай гүйцэтгэлээ.
Оролцогч хүүхдүүд Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Нурангид дарагдсан нэрвэгдэгчийг авран гаргаж, аюулгүй цэгт зөөвөрлөх, Тэсч амьд үлдэх өртөө буюу сэтгэлзүйн тусламж, Бэлэн байдлын мэдлэгийн өртөө, Гал унтраах өртөө гэсэн өртөөнүүдийг дамжин үүрэг гүйцэтгэж, хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаараа өрсөлдсөн юм.
Түүнчлэн анхны тусламж үзүүлэх, гарын дор материалаар аяга хийх, гал унтраах анхан шатныг мэдлэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 8-р захирамжийн дагуу хүн нэг бүрт байх үүргэвчний эд зүйлийн нэр, зориулалтыг мэдэж авч, мэдлэгийн хүрээгээ тэллээ.
Тэмцээний удирдамжийн дагуу 1,2,3 дугаар байр эзэлсэн 28 хүүхдийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа. Шүүх хуралд Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон С.Зориг агсны гэргий Б.Булган нар хохирогчоор оролцож байна. 14.00 цагт шүүх хурал эхэлж, одоо үргэлжилж байна. Шүүх хуралд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэх Ц.Амгаланбаатар шүүх хуралдаанд оролцож байна.
Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн даншиг наадмын бөхийн барилдааны салбар комисс орон нутгийн хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Даншиг наадам долдугаар сарын 26-наас 28-нд болох бөгөөд барилдах бөхчүүдийг долдугаар сарын 25-нд бүртгэнэ. Бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ. Хүндэтгэх шалтгаантай бол тухайн өдөр аймгийн БТСГ-ын цахим хуудас болон холбогдох утасны дугаарт хандах боломж ч бий аж.
Улсын баяр наадамтай дүйцэхүйц бай шагналтай тус барилдаан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдэд нээлттэй байх ба 256 бөх барилдах аж.
Даншиг наадмын бөхийн барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүрлэсэн бөх найман сая төгрөг, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн бай шагнал олгохоор төсөвлөснийг салбар комиссоос дурдав.
Бөхийн барилдааны салбар комиссын дарга Ч.Гомбодорж “Ламын гэгээний 380 жилийн ойн даншиг наадмыг зөвхөн Баянхонгорчуудын баяр биш шашин, төрөө дээдэлдэг монгол түмний баяр гэж ойлгож болно.
Тиймээс хүчитшагай харваа, хурдан морь, сур болон үндэсний бөхийн барилдаанд эх орны өнцөг булан бүрээс оролцох боломж нээлттэй аж.
Өсвөрийн бөхчүүдийн барилдаан 10-аас 12 нас, 12-16 нас гэсэн ангиллаар болох бөгөөд шагналын сан өндөр байх аж.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсанаар үргэлжиллээ.
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно” хэмээн өөрчлөхөөр төсөлдөө тусгажээ.
1992 онд Үндсэн хуулийг баталж байхад Улсын Их Хурлын нэг гишүүн 25.000 сонгогчийг төлөөлж байсан бол өдгөө манай улсын хүн амын тоо 1.2 саяар нэмэгдэн, нэг гишүүний төлөөлөх сонгогчийн тоо 43.000-д хүрээд буйг З.Энхболд дарга дурдсан. Түүнчлэн Үндсэн хуульд сонгуулийн тойргийн тогтолцооны асуудлыг тусгаснаар сонгуулийн хуулийг дөрвөн жил тутам өөрчилдөг байдлыг хааж өгнө хэмээн төсөл санаачлагч үзэж байгааг уламжилсан.
Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг таван жил болгон өөрчлөхөөр тусгасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдээлсэн. Түүнчлэн иргэний сонгох эрхэд хууль бусаар нөлөөлөх, саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэхээр төсөлд тусгасан бөгөөд үүгээр мөнгө, эд зүйл тарааж, санал худалдан авах явдлыг зогсооно хэмээн үзжээ.
Ерөнхийлөгч, Улсын Их хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно хэмээн тусгахаар Ерөнхийлөгч саналдаа оруулжээ. Ингэснээр татварын бодлого болоод тодорхой хуулийг зөвхөн Засгийн газар санаачлах гэх мэт зохицуулалтыг бий болгоно хэмээн тайлбарлсан юм.
Улс төрийн намтай холбоотой хэд хэдэн заалтыг шинээр оруулж ирж буй бөгөөд намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд гишүүний бүртгэл, өөрчлөлтийг сонгуулийн төв байгууллага хөтлөх, намын удирдлага болон удирдах дээд байгууллагын сонгуулийг сонгуулийн төв байгууллага, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцахаар тусгажээ. Нам үл хөдлөх болон ахуйн хэрэгцээнийхээс бусад үнэ бүхий хөдлөх хөрөнгө өмчлөхгүй, намын орлогын эх сурвалж, зарцуулалт нийтэд ил тод байхаар тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал дахь зарим заалтуудыг Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөл дэмжиж байгааг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа илэрхийллээ.
Тухайлбал, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоох, Улсын Их Хурал 108 гишүүнээс бүрдэх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн тогтолцоо холимог байх тухай заалтыг Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөл дэмжиж байгаа хэмээгээд тавин дөрвөн гишүүн гэж тодорхой заах эсэх асуудлыг дахин ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөл, санал дахь улс төрийн намуудтай холбоотой заалтуудын талаар Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн саналыг илэрхийлсэн.
Үндсэн хуульд улс төрийн намтай холбоотой тодорхойлолт байх шаардлагатай эсэхийг дахин бодож үзэх нь зүйтэй хэмээгээд намтай холбоотой бусад заалтуудыг нэгтгэн найруулах нь зүйтэй байх гэж зөвлөлийн зүгээс үзэж буйг илэрхийлсэн.
Намын удирдлага болон удирдах дээд байгууллагын сонгуулийг сонгуулийн төв байгууллага, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцдаг туршлага олон оронд, тухайлбал БНСУ ийм тогтолцоотой байдгийг тэрбээр мөн дурдаж байлаа.
Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.
Тэрбээр Улсын Их Хурал хууль тогтоох байнгын ажиллагаатай байх байгууллага байх нөхцөлийг хангах зорилгоор Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна хэмээсэн өмнөх заалтыг далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэж өөрчилсныг дурдав.
Асуудлыг олонхиор шийдэх ардчиллыг хангах хүрээнд төсөлд ийнхүү тусгажээ.
Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох асуудлыг доорх байдлаар тусгасан байна.
Улсын Их Хурал сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзахаар төсөлд тусгасан бөгөөд ингэснээр Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж буйгаа тайлбарлсан.
Улсын Их Хурлын хяналтыг боловсронгуй болгохдоо Улсын Их Хурлын нийт гишүүний ¼ буюу 19-өөс доошгүй гишүүний санаачилгаар Түр хороо байгуулах бөгөөд тус Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байхаар тусгасныг дурдсан юм.
Эцэст нь Улсын Их Хурлын сонгуультай холбоотой заалт, улс төрийн намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчимын талаар төсөлд хэрхэн тусгасныг тайлбарлалаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид төслийн танилцуулгуудтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.