Categories
мэдээ нийгэм

Үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Related image

МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧИД, ТАРИАЛАНЧДЫН АНХААРАЛД

Баруун болон төвийн аймгуудын зарим газраар усархаг бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 25-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 12-17 градус, зүүн хэсгээр 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад хэсгээр 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 26-НААС 07 ДУГААР САРЫН 30-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

26, 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 28,29-нд нутгийн хойд хагаст үргэлжилсэн бороо орно. Салхи 27, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Дарьгангын тал нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагч солилцоогоор ирсэн хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа

Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай Ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг билээ. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил ах, дүүгийн харилцаатай байгаа хотуудтай хамтран зохион байгуулж байгаа “Сурагч солилцооны хөтөлбөр” юм. Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь долоодугаар сарын 22-29-ний хооронд зохион байгуулагдах аж. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, НЗДТГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзан дурсгалын зүйл гардууллаа. БНХАУ-ын Хөх хотоос 12, ОХУ-ын Эрхүү хотоос 12, Японы Мияконожо хотоос 13, нийт 37 төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энэ жил гурван улсын гурван хотын нийт 37 төлөөлөгчийг нэг хугацаанд хүлээн авч, томоохон арга арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байгааг дурдахад таатай байна. Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт монгол соёл, ёс заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтуудыг хөтөлбөрт нь түлхүү оруулж өгсөн. Цаашид Улаанбаатар хот ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэлээ. Улаанбаатар хотын хүүхдүүд мөн наймдугаар сарын дундуур Эрхүү, Хөх хот болон Япон улс руу сурагч солилцооны хөтөлбөрийн дагуу зочлох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ачааны автомашины жолооч санамсаргүйгээр хүчдэлийн шон дайрч айлын хашаанд унагажээ

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 11-270 тоот хашаанд хүчдэлийн шон уналаа гэх дуудлага долдугаар сарын 23-ны өдрийн 19:53 цагт онцгой байдлын шуурхай албанд иржээ.

Дуудлагын дагуу гал унтраах 34-р ангийн алба хаагчид газар дээр нь очиход хашаан доторх амбаарны баруун хойд булан шонд дарагдсан байдалтай байжээ. Тухайн шонг ачааны авто машин санамсаргүй дайрч унагасан байна.

Categories
мэдээ нийгэм

”Их түмэн санаачилга” Зүүн хойд Азийн орнуудын ОНХАХ-ны уулзалт эхэллээ

Их Түмэн Санаачилгын Зүүн хойд Азийн орнуудын Орон нутгийн хамтын ажиллагааны хороо/ОНХАХ/-ны 7 дугаар уулзалт, Логистикийн салбар хорооны 5 дугаар уулзалт, Орон нутгийн хѳгжлийн форум Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ.

Тус уулзалтад БНХАУ, БНСУ, БНАСУ, Япон, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улсыг тѳлѳѳлж БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй ”Мянганы суут хүн” Их Чингис хаан түүхэн аялал жуулчлалын тѳслийн нэгжийн тѳлѳѳллѳѳс бүрдсэн 60 гаруй хүн уулзалтад оролцож байна.

Хэнтий аймаг нь Их түмэн санаачилгын орон нутгийн хамтын ажиллагааны гишүүн аймаг юм. Тѳлѳѳллүүд уулзалтын эхний хагаст орон нутгийн хамтын ажиллагааны хэрэгжилтийг хянах, орон нутгийн Засаг захиргааны хэтийн тѳлѳв, гишүүн аймгуудын шинэ тѳслийн саналуудыг авч, ОНХАХ-ны техникийн зааварчилгааны талаар хэлэлцэж байна. Их Түмэн Санаачлага нь Их Түмэн Голын ай сав нутгийн хөгжлийн хөтөлбөр юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд БНХАУ, Монгол, Бүгд Найрамдах Солонгос, ОХУ гэсэн 4 орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм. Анх 1995 онд, ИТС-ийн гишүүн орнуудын засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон хороод байгуулан анхаарч ирсэн. Харин Орон нутгийн хамтын ажиллагааны хороо байгуулагдаад 7 дахь жилдээ ийнхүү хамтын ажиллагаагаа дүгнэж, гишүүнээр элссэн аймаг, муж, хотууд цаашдаа хамтран ажиллах саналаа дэвшүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ш.Анхмаа: Нийслэлийн хэмжээнд 19 жишиг өрхийн эмнэлэг барина

Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй “Тика” төслийн хүрээнд хийгдэж буй Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан танилцлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа: “Нийслэлийн хэмжээнд нийтдээ 19 жишиг өрхийн эмнэлэг буюу олон улсын стандартад нийцсэн өрхийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр холбогдох тогтоол шийдвэрүүд гарсан байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10, БНТУ-ын Истанбул хотын буцалтгүй тусламжаар есөн өрхийн эмнэлгийн барилга барина. Нийслэлийн хэмжээнд нийт 142 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн дийлэнх нь өөрийн гэсэн байргүй. Хороо, цагдаагийнхаа байртай хамт байдаг учраас иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд маш хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг шийдэх үүднээс эхний ээлжид өрхийн эмнэлгийн 19 байрыг барихаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд стандартад нийцсэн барилгыг бариад зогсохгүй сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмжөөр хангах талаар “Тика”-тай ярилцаж, гэрээ хэлэлцээр хийсэн. Олон улсын стандартад нийцсэн барилгыг барьснаар иргэдэд үйлчлэх ээлтэй орчин бүрдэж, анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэх юм” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Хавдрын эхэн үед туяа эмчилгээгээр хавдрыг бүрэн эмчлэх аппаратыг ашиглалтад орууллаа

Хавдар судлалын үндэсний төв хавдрын туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппаратаа өчигдөр ашиглалтад орууллаа. Ингэснээр хавдрыг эмчлэх дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа юм.

Энэ нь манай улсад анх удаа суурилуулсан, дэлхийн хэмжээний өндөр дэвшилтэт, орчин үеийн технологи бөгөөд хавдрын эхэн үед мэс засал хийлгүй, туяа эмчилгээ хийж хавдрыг эмчлэх бүрэн боломжтой.

Хавдар ямар хэмжээтэй байна, түүгээр нь цацрагийг хэлбэржүүлэн, бусад эд эрхтэнд сөрөг нөлөөгүй эмчилдэг онцлогтой аж. Мөн цацрагийн чадал, урсгалыг их, бага ямар ч хэмжээгээр тохируулах боломжтой. Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, доктор Ж.Чинбүрэн “Энэ аппарат 360 градус эргэж, хүний биеийн аль ч хэсэг рүү туяа цацруулна. Аппаратны толгойн хэсэг дэх ялтсууд тухайн өвчтөний хавдрын хэлбэрт тохируулан нээгдэнэ. Өндөр тунг нэгж талбайд өгөх боломжтой. Жишээ нь уушгины жижиг хавдартай хүний уушгийг тайрах шаардлагагүй.” гэв.

Манай улсад жилд 600 хүн туяа эмчилгээ хийлгэдэг. Харин одоо 1000 болно, энэ хэрээр эмнэлгийн ачаалал буурна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцоллоо.

Хавдар судлалын үндэсний төв VARIAN хэмээх энэ аппаратны гаднах хүлээлгийн өрөөгөө ч тохижуулжээ. Тэд хүүхдүүдэд зориулан ханаа амьтны дүрсээр чимэглэн, тоглоомын өрөө бэлтгэсэн байна.

Шинэ аппараттай болсноор тус эмчилгээний эмч нарын олон жилийн мөрөөдөл биелж байна. Учир нь эрт үеийн хавдрын өвчтөнд мэс хүргэхгүй, өвтгөхгүй, зүсэхгүй, огтлохгүй атлаа мэс засалтай дүйцэх хэмжээний үр дүнд хүрэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй удирдлагууд Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их наадмаар үндэсний спортын төрлүүдэд амжилт гаргасан “Алдар” спорт хорооны тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.

Image may contain: 1 person

“Дайчин алдар-III” медалиар Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Цэдэнсодном, “Эх орны төлөө-I” хүндэт тэмдгээр дасгалжуулагч, мэргэжилтэн, хошууч Д.Норжмаа, “Эх орны төлөө-II” хүндэт тэмдгээр тамирчин С.Ямааранз, “Эх орны төлөө-III” хүндэт тэмдгээр тамирчин Б.Орхонбаяр, Ц.Мөнхбат нарыг шагнасан юм.

Image may contain: 6 people, people sitting, table and indoor

Image may contain: 5 people, people standing

Categories
мэдээ нийгэм

Аврагчид гүний уснаас эрэн хайх, аврах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдлаа

Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Өндөр-Улаан” гэдэг газар зохион байгууллаа.

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу аврагчдыг сургаж дадлагажуулах зорилготой тус сургалтад 20 гаруй аврагч хамрагдсан юм.

Аврагчид усны мандлын сэлэлт, 5-10 метрийн гүнд шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргаж, анхны тусламж үзүүлэх, усанд эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглаж сурах, завь жолоодох болоод иргэдийг тээвэрлэх зэргээр онолын мэдлэгээ бататгаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд өмнөх төслийн шүүх засаглалтай холбоотой гурван заалтыг өөрчлөхөөр тусгажээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг (2019.07.24) Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулгаар үргэлжиллээ.


Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч танилцуулсан бөгөөд төслөөр дараах гурван заалтыг өөрчлөхөөр тусгасан байгаа гэв. Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөхөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчиннайм дугаар зүйлийн 48.1-ийг “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэнэ. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” хэмээн өөрчлөхөөр тусгасан юм.

Монгол Улсын Үндсэн хууль дахь шүүхийн тогтолцооны талаарх “…аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс…” гэсэн газар зүйн байрлал заасныг өөрчлөн, тойргийн маягаар шүүхийг бүрдүүлэхээр өөрчилж байгаа гэв. Түүнчлэн Шүүхийн сахилгын хороо байгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагджээ. Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах нь зүйтэй хэмээн үзжээ. Мөн Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ.


Төсөлтэй холбогдуулан АН-ын саналыг тус намын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин танилцуулав. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах сэдвийн хүрээнд гурван багц санал гаргаж байгаа аж. Шүүхийн үндсэн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, маргаан шийдвэрлэх ажиллагаанд процессын шударга ёсыг хангах шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шүүхээс бүрдэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үүний зэрэгцээ шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд хяналтын шатны шүүх Монгол Улсад нэг байх нь зохистой хэмээн үзэж томъёолжээ. Маргааныг шийдвэрлэх ажиллагаанд процессын шударга ёсыг хангах үүднээс Монгол Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд дараах 4 төрлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзсэн байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт холбогдох хууль зүйн маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх шүүхийн нэгдсэн жишиг тогтоох зорилгоор Үндсэн хуулиас бусад хуульд албан ёсны тайлбар гаргах эрхийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн саналдаа тусгасан болохыг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин танилцуулж, үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан. Үүний зэрэгцээ иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэцээс шийдвэрлэсэн асуудлыг дээд шүүх хянан ажилладаг олон улсын жишигт нийцүүлэхээр холбогдох санал, томъёоллыг гаргасан байна. Мөн Үндсэн хуулиар дээд шүүхэд олгосон бусад асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байх нь зохистой хэмээн үзжээ.


Хоёрдугаар багц сэдэв буюу Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 68.1-ийг “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай маргааныг иргэний өргөдлийн дагуу, Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэж буй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэд мэдээлэл гаргаж болно” хэмээн өөрчлөх нь зүйтэй гэж АН-ын саналд тусгасан байна.

Гуравдугаар багц сэдэв буюу Үндсэн хуулийн дархлааг бий болгох үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, Үндсэн хуулийн цэцийн санал, ард нийтийн санал асуулга нь Үндсэн хуулийн суурь зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын бүгд найрамдах, нэгдмэл улсын төрийн байгууллыг хөндөх, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, эрх мэдлийн хуваарилалт, түүний хяналт тэнцлийг дордуулахыг хориглоно.” гэсэн 68.3 дахь заалтыг нэмэх нь зүйтэй хэмээх саналыг танилцуулав.


Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслүүд, санал тус бүрийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогчид “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд асуулт, хариулт авна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хоол, хүнсний гаралтай халдвар хордлогын болзошгүй эрсдлээс сэргийлэх зөвлөмж

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаандаа дараах асуудлыг анхаарч, мөрдөж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна.

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад үйл ажиллагааны бүх үе шатанд эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, эрсдлийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэлээр дотоод хяналтыг хэрэгжүүлж хэрэгтэй. Иймд байгууллагын удирдлага дараах асуудалд анхаарах нь зүйтэй.

Үүнд:

  • Дотоод хяналт тавих үүрэг бүхий дотоодын хяналтын баг, ажилтан томилж ажиллуулах,
  • Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу өөрийн үйл ажиллагаанд тохирсон дотоод хяналтын журам боловсруулж мөрдөх,
  • Монгол Улсын “Хүнсний тухай” хуульд “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж заасны дагуу өөрийн байгууллагын хэмжээнд бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдалд хяналт тогтмол тавьж ажиллах,
  • Хоол, хүнстэй харьцаж ажилладаг ажилтны хүнсний аюулгүй байдлын болон мэргэжлийг чадамжийг дээшлүүлэх, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг танилцуулах, судлуулах зэргээр байгууллагын зүгээс чиглүүлэх,
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталж гаргасан хяналтын хуудсаар /http://inspection.gov.mn/ үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалт хийж эрсдэлээ үнэлэх,
  • Дотоод хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг залруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган шуурхай хэрэгжүүлэх,
  • Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглох,
  • Хяналт шалгалтын менежер, ажилтанд хяналт явуулах цаг хугацааг хангалттай олгох, мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх зэргээр байгууллагын зүгээс дэмжиж чиглүүлэх,
  • Дотоод хяналтын ажилтан болон үйлчлүүлэгчийн зүгээс тавьсан зөв санал, шаардлагыг цаг тухайд нь хэрэгжүүлэх, асуудлыг шуурхай шийдэж байх,
  • Шаардлагатай бол илэрсэн дутагдлын мөрөөр зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах, давтан сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авч ажиллах,
  • Өөрийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар хоол, хүнсний бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хохирол учруулсан, болзошгүй тохиолдолд эрх бүхий хууль, хяналтын байгууллага, ажилтанд шуурхай мэдээлэн хамтран ажиллах зэрэг болно.