Categories
мэдээ нийгэм

Ж.Тэмүүжин сурагчийг “Авьяас” алтан медалиар шагнажээ

Усанд живж байсан хүүхдийг аварч өөртөө баймгүй их эр зоригийг харуулж олон нийтийн дунд хайр хүндлэлийг хүлээгээд байгаа Ж.Тэмүүжин хүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс “Авьяас” алтан медалиар шагнажээ.

Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс баатарлаг хүүг “Эх оронч үзэл- эх орны бахархал хөтөлбөрийн үйл ажиллагаа болох Батлан хамгаалах яамны харьяа “Шонхор” зусланд амрах эрхийн бичгээр шагнажээ. Ж.Тэмүүжин хүү өөрийн сонирхлоор усанд сэлж сурсан бөгөөд тэр үед хүүхэд живж байгааг хараад сандарсандаа шууд л усруу орсон тухайгаа ярьсан юм. Сүүлийн үед бороо их орсны улмаас усны түвшин их нэмэгдсэн. Аялж зугаалахдаа хүүхдэдээ тавих анхаарлаа хором ч алдалгүй санаа тавьж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Ж.Тэмүүжин уриалав.

Categories
мэдээ нийгэм

“Ээжүүдийн групп”-ийн хамт олон УГТЭ-т хяналтын монитор бэлэглэлээ

Өчигдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн “Эх, хүүхдийн өрөө”-нд зориулж БНСУ-д ажиллаж, амьдарч буй “Ээжүүдийн групп”-ийн хамт олон хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий хяналтын мониторыг бэлэглэжээ. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасагт жил дунджаар 15 орчим харвалттай жирэмсэн болон төрсөний дараах эх хэвтэн эмчлүүлдэг бөгөөд “Эх, хүүхдийн өрөө”-г шинээр тохижуулснаар эмчилгээ, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх боломж ийнхүү бүрдлээ.Тус өрөөнд хяналтын мониторыг бэлэглэсэн БНСУ-ын “Данкүүк” их сургуулийн “Нанобио” анагаахын сургуулийн эдийн засгийн инженерчлэлийн лабораторд судлаач, профессороор ажиллаж буй доктор Д.Хандмаагаар ахлуулсан “Ээжүүдийн групп”-ын хамт олонд УГТЭ-ийн Харвалтын тасаг болон нийт хамт олны зүгээс талархал илэрхийлэв.

“Ээжүүдийн групп”-ийн хамт олон УГТЭ-т хяналтын монитор бэлэглэв

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 30-нд АНУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын сүүлээр АНУ-д айлчлал хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, долдугаар сарын 30-нд эх орноосоо мордоно. Айлчлал нийт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийхээр болжээ. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж байгаагаа илэрхийлж байсан удаатай.

Categories
мэдээ нийгэм

Триатлоны УАШТ маргааш эхэлнэ

Тэсвэр хатуужлын спорт-Триатлоны Улсын Аварга шалгаруулах тэмцээн 2019 оны долдугаар сарын 26-27-ны баасан, бямба гарагт Архангай аймгийн Өгийнуурт болох гэж байна. Тэмцээнийг Монголын Триатлоны холбооноос зохион байгуулж явуулах бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “UBB” компани, хамтрагчаар БСШУСЯ, БТСГ тус тус оролцох юм.

Тэмцээнийг ОУТрХ-ны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр (уулын дугуйтай) спринт зайд явуулж, элит, өсвөр үе, сонирхогчдын Age group эрэгтэй, эмэгтэй төрлөөр, мөн багийн холимог буухиа, сонирхогчдын Try-Tri уралдаан (эрэгтэй, эмэгтэй) гэсэн төрлөөр явуулна.

Тэмцээний зай: Ø Элит, өсвөр үе U19 : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх Ø

Сонирхогчдын Age group : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх (20-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас) Ø

Өсвөр үе U15 : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх Ø

Сонирхогчдын Try-Tri : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх

Энэ удаагийн УАШТ-д манай улсын шилдэг триатлончид бүгд оролцохоос гадна Иокохамагийн ДАШТ-ий цувралд өрсөлдсөн Ц.Цэрэнбат Японоос, 2005 оны анхны УАШТ-ий мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж уралдах гэж байна.

Түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг зэрэг олны танил хүмүүс өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ

Categories
мэдээ нийгэм

Махны үйлдвэрүүдийг шалгаж байна

БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан, экспортын эрхтэй 80 аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж эхэлжээ. Энэ сарын 17-ны өдрөөс эхэлсэн ХХААХҮЯ, МХЕГ-ын шалгалт нийслэл, орон нутагт ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Дашрамд дурдахад, мэргэжлийн хяналт болон Тагнуулын байгууллагаас махны үйлдвэрүүдэд шалгалт хийж ноцтой зөрчил илрүүлсэн байдаг. Max экспортлох зөвшөөрөлтэй гадаадын хөрөнгө оруулалттай зарим ААН-үүд үхсэн малын махыг өнгө, үнэр оруулж хиамны үйлдвэрүүдэд нийлүүлж болзошгүй нөхцөл байдал илэрснийг мэдээлж байв. Мөн махыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй зориулалтын бус агуулахад хадгалж байсан нь экспортод сөргөөр нөлөөлөхөөс гадна хүнсний аюулгүй байдалд аюул учруулж буйг мэргэжлийн байгууллагууд хэлж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн яваа л бол сайхан наадамд!

Монгол хүний аз жаргалын хэмжүүр нь баяр наадам билээ. “Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ” гэж ярьдаг нь ч тийм учиртай. Харин зовох цагт бол нөхрийн чанар л танигдана гэдэг. Жалга жалгын мухарт сар, жилээр бясалгасан ганцаардлаа үргээж, олон түмэнтэйгээ бужигнах тэр өдрүүдэд гангарах морь, гоёх дээлтэй байвал амьд яваагийн хэрэг бүтдэг ард түмэн, бид. Их Д.Нацагдорж бээр үндэстнийхээ эрүүл энх ба аз жаргалын ийм мэдрэмжийг “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээн яруу сайхан илэрхийлсэн байдаг. Эрүүл явахын цаад зорилго нь наадам үзэх гэж л хэлээд байна даа.

Тийм болохоор сум орондоо эмнэлэг сургууль барьсан удирдагчийг бус тэгш ойг нь сайхан тэмдэглүүлж, гоё наадам хийлгэсэн дарга нарыг хайрлан хүрээлдэг. Тийм учраас тэмдэглэлт ойн дараа бүтээн байгуулалт бус харин сумын төдөн жил гэсэн хөшөө, “Тавтай морилно уу” гэдэг хаалга үлддэг. Олон түмэн түүндээ сэтгэл хангалуун хоцорно.

Дээр доргүй, үнэн сэтгэлээсээ ханддаг болохоор монгол наадам үнэхээр төгс төгөлдөр. Үнэн голын баяр хөөрөө шингээж нааддаг болохоор гадаадынхан монгол наадмыг сонирхоод байдаг бололтой.

ДАНШИГ БОЛ ЧИНГИСИЙН ЭРЭЛ

Даншиг наадам сэргээн хийх гэж байна. Анхдугаар богд Өндөр гэгээнийг хутагтын ширээнд залаад “мандтугай” хэмээн хийсэн наадам бололтой, даншиг гэдэг нь.

Их Чингис хааны үед бар арслан явсан монгол үндэстэн нэг мэдэхэд бутран салж, тал нутаг дүүрэн “батганы толгой” болон таржээ. Энэ үед нийт монголчуудыг нэгтгэх үзэл санааны шүтээн эрэлхийлж явсаар шарын шашныг сонгосон аж. Анхдугаар Богдыг ширээнд залснаар жалгын нэг тарж явсан монголчууд нийт дундын үзэл сурталтай, оюун санааны удирдагчтай болоод авав. Түүнийг Түшээт ханы гэр бүлээс тодруулсан нь ч завсрын тохиол бус. Нийт монголчуудын үзэл санааны удирдагч эзэн Чингисийн алтан ураг дотроос тодорсон нь алсын хараатай улс төрийн бодлогын үр байсан хэрэг. Үүнийгээ тэмдэглэж их наадам хийсэн нь даншиг бөлгөө. Энэ утгаараа даншиг нь монголчуудын нэг нэгдлийн баяр, Чингис хааныг орлохуйц үзэл санааны удирдагчтай болсны тэмдэглэлт өдөр ажгуу. Нэгэнт үзэл санааны нэг удирдлагатай болсон монголчууд түүнийгээ тойрон хүрээлж, их гүрнээ сэргээх бодлогоо алхам алхмаар хэрэгжүүлж эхэлсэн байна.

Монголчуудын ийм санааг ойлгосон Манж Чин гүрний хаан яаралтай хариу бодож олоод Богд Жавзандамба хутагтын дараа дараагийн дүрийг зөвхөн Төвдөөс тодруулж байх зарлиг буулгасан байна.

УЛААНБААТАР БОЛ НУТАГ БИШ

Хүн амын гуравны нэгээс илүү нь нийслэлдээ суух боловч монголчууд Улаанбаатар хотдоо сэтгэл багатай. Ахмад үеийнхэн нь төрсөн нутаг хэмээн аль нэг аймаг сумыг нэрлэнэ, үр хүүхэд нь “Сэлэнгэ аймгийн, Хөвсгөл аймгийн уугуул” хэмээн өөр газарт сэтгэл зүрхээрээ харьяалагдана. Улсын наадмаар “Улаанбаатар хотын уугуул” хэмээн цоллуулах бөх байдаггүй нь нэгийг өгүүлэх мэт.

Нийслэлийн иргэд маань аль нэг аймаг сумаас Улаанбаатар хотод насаараа томилогдсон элчин, төлөөлөгчийн сэтгэлтэй. Анхны хайраа мартаж чаддаггүй, түрүүчийн авгай нь сэтгэлээс гардаггүй нэг тиймэрхүү хань ижлийн төрхтэй. Аятайхан боломж гармагц л нутагтаа очоод мал маллаад суучих санаатай явуулын хүн, бусдын нутагт малаа таргалуулж яваа оторчинтой ч адил юм уу? Гэтэл хөдөөнөө байгаа, ялангуяа залуу үе нь хот газар орж, иргэншлийн бужигнаанд нэгдэх бөөн мөрөөдөл.

ХХ зууны эхний хагасаас социалист маягаар суурьшиж, 1990 оноос жам ёсны иргэншил рүү орсон бидний нүүдэлчний сэтгэхүйн нөлөө л юм даа. Учир нь нэг газарт хаашаа ч нүүлгүй, нэг насаараа байтугай хэдэн үеэрээ хөдөлгөөнгүй сууна гэдгийг бидний далд ухамсар хүлээн зөвшөөрөх болоогүй л бололтой. Хот бол өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны аль нь ч биш гэдгийг бид сэтгэл зүрхээрээ мэдэрч дуусаагүй аж. Хотыг соёлжуулан, иргэншүүлэх ажлын амин сүнс нь чухам энд буй санагдана.

ӨӨРИЙН НААДМААС ӨӨРИЙН НУТАГ

Даншиг наадмыг нийслэлийн наадам, Улаанбаатар хотынхны их баяр болгон тэмдэглэх гэж байгаа бололтой. Даншгийг жуулчдыг татах зорилгоор хийж байгаа гэх боловч цаад учир холбогдол нь өөр юманд байгаа санагдана. Найр наадамд дуртай монголчуудад аз жаргалын шинэ мэдрэмж нэмнэ гэдэг бол асуудлын зөвхөн өнгөн тал нь. Хамгийн гол нь хотын өөрийн гэсэн наадамтай болно. Магадгүй, бөхчүүдийг “Хан уул, Сүхбаатар дүүргийн уугуул” хэмээн цоллож, “Чингэлтэй дүүргээс ногт ганзагалж ирсэн бөх гэнэ” гэлцэн шивэр авир хийнэ л биз. Чингэлтэй ч, ХанУул ч хотын маань л хэсэг. Хамгийн гол нь монголчууд нийслэлийн, хотийн наадамтай болно гэдэг нь түүнээ тойрон нягтрах, “минийх” гэсэн соёл, үзэл суртлын голомт үүсгэх сайн талтай.

Бид хотын соёл, энээ тэрээ гээд их ярьж байна. Энэ нь “Улаанбаатар хот бол минийх” гэх сэтгэл бий болгохоос эхтэй. Харамсалтай нь бид нийслэлээ, Улаанбаатар хотоо түр сууж байгаа намаржаа, хэсэгхэн зуурын өргөн айлсалт мэтээр далд ухамсартаа төсөөлөөд байгаа юм. Бид, ер нь бол “Улаанбаатарт байгаа миний аав” гэгчээр Завханаас, Дорнодоос, Увсаас нийслэлд сууж байгаа хүмүүс байхаа болих учиртай. Шинэ үеийн багачуудын сэтгэхүй өөр болсон байж болох ч хотынхоо хувь заяаг тодорхойлж байгаа хэсгийн сэтгэл зүй ийм л байгаа.

Монголчуудын хувьд орон нутгаа хамгийн их мэдэрдэг үе бол наадам, цагаан сар. Бөх үзэж байгаа хүмүүс энд л нутаг нутгаараа талцаж, аймгийнхаа, бүсийнхээ морь бөхийг дэмжинэ. Харин даншгаар дамжуулан хот өөрийн наадамтай болж байгаа нь Улаанбаатар өөрөө “нутаг” болох эхлэл санагдана.

Нутаг гээд байгаа нь ийм учиртай. Улаанбаатараар дүүрэн нутгийн зөвлөл байдаг нь бараг л албан бус засаг захиргааны нэгж гэлтэй. Хэнтий бол нутаг, Дорнод бол нутаг байхад Улаанбаатар бол нутаг биш аж. Улаанбаатар хотын ой энээ тэрээ болох боловч тэр нь улсын нийслэлийн хувьд яригдаад хот нь тоогдохгүй өнгөрнө. Даншгийн тухай ярьсны учир энэ.

Ер нь монголчуудын хамгийн дуртай баяр, амьд яваагийн бахдал болсон баяр наадмыг ч үндэстнийхээ эв нэгдэл рүү чиглэсэн менежмэнтээр хөтлөх цаг болсон санагдана. Өнгөрсөн жил Монголын дийлэнх сумд, өнөө жил үлдсэн хэсэг нь 90 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэлээ. Наадмыг муухай хийж үзээгүй монголчууд бүгдийг нь үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэсэн. Гэтэл энэ нь хуучин хошуугаа тарааж бутаргасны л ой юм шүү дээ. Өрх тасран айл гэр нэмэгдэх нь жам ёс, амьдралын баяр мөн. Харин аймаг хуваагдан, хошуу тасрах нь үндэстний бахархал яавч биш төдийгүй хэтийдвэл улс задрахын цондон.

Иймээс хуучин аймаг хошууныхаа ойг нийлж тэмдэглэвэл дөрөв, таван зуугаар хэмжигдэх сүртэй урт ой болох ба ойр хавийн сум аймаг нэгдсэн нижгэр наадам болно. Одоо ч “манай сум, танай сум, манай аймаг, чиний аймаг” гэлцэн хэрэндээ толхилцож явдаг хүмүүс нэг хошуу, нэг аймгаа эргэн санаж төрөлсөж, ах дүүснэ. Монголчууд нэг талаасаа тарж бутрах дуртай боловч түүнийгээ нөхөх мэт төрөлсөх дотносох шалтаг хайж явдаг онцлогтой. Хуучин аймаг хошуугаа дагасан сайхан нөхөрлөл, дотносох нөхцөл дорхноо бүрдэнэ. Жишээлэхэд, “Манай цэцэн ханыхан” гээд ярихад өнөөгийн хэдэн аймаг, олон арван сумаар салсан хамтлагийг нэг туган дор авчирна. Ийм ой наадмууд нь үндэстний эв нэгдлийн цөм үүсгэх бөгөөд бидний иргэншлийн замд ус агаар мэт хэрэгтэй “улсаараа нэг гэр бүл” гэдэг үзэл санаа руу нэг алхам дөхүүлнэ.

07.08.2015

Categories
мэдээ цаг-үе

Б.Гүнбилэг: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд нутгийн удирдлагын хэсгийг хөндөхгүй байх нь зүйтэй

Чимид сангийн удирдах зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч өөрийн төсөл, саналаа танилцуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс нэгдүгээр хэлэлцүүлэгт дурдагдаагүй төсөл, саналыг оруулсан нь хууьчид болоод иргэдийн анхаарлыг татаж байгаа. Ерөнхийлөгчийн гаргасан санал, төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ гэж заасан. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн нэгдүгээр хэлэлцүүлэг яваад дуусчихсан. Зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ гэдэгтэй давхцаж болохгүй. 11.3 дээр өөр өөр үзэл баримтлалтай хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно гэж заасан. Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг албан ёсоор хэлэлцэх боломжгүй. Саналын түвшинд хэлэлцэгдэнэ л гэсэн санаа. УИХ-ын гишүүд хууль тогтоох бүрэн эрхэд оролцож байгаагийн хувьд Ерөнхийлөгчийн саналыг ишлэх, харгалзан үзэх боломжтой. Мөн 13.3-т нам эвслийн бүлэг санал дүгнэлт гаргаж болно гэсэн заалт бий. Байнгын хороо болон түүний гишүүн мөн нам эвслийн бүлэг нь төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг заалт нэр томьёоллыг санал дүгнэлтдээ оруулж болохгүй гэсэн байгаа. Анхны төсөлд тусгагдаагүй заалтууд хэлэлцэгдэхгүй гэсэн үг. Давхцаж байгаа хэсгүүд нь харгалзан үзэх шинж чанартайгаар УИХ дээр авч үзэх нь байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2.4-т Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35 түүнээс дээш хувийг өөрчлөх эсвэл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна гэж заасан. Одоогийн нэмэлт өөрчлөлтөд бид 35 хүртэлх хувьд хамаарах зүйл заалтын тоонд анхаарч ирсэн. Ажлын дэд хэсгүүд, УИХ-ын Тамгын газар, хуульч гишүүд 35 хувиас гадна Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг өөрчилж байгаа зүйл байгаа эсэх дээр анхаарал хандуулж байгаа. Тоон чанараас агуулга чанар руу шилжиж байна шүү дээ.

-Ерөнхийлөгчийн шинээр оруулж байгаа төсөл хэлэлцэгдэхгүйгээр харгалзан үзэх маягаар явах юм байна. Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан төсөл, санал дотор Үндсэн хуулийн үзэл баримтлалттай зөрчилдөж байгаа зүйл бий юү?

-Журмын тухай хууль дээр Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчиж болохгүй гэж нэг тусдаа зүйл болгож бичээд, мөн тусад нь Үндсэн хуульд оруулж болохгүй зүйлийг бас тусад нь биччихсэн. Үүнийг УИХ-ын гишүүд хольж, сольж ойлгох буюу нэг зүйл гэж бодох аюул учраад байгаа юм. Журмын тухай хуулийн 5.2.1-т Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшлахгүй байх. Харин 5.2.2-т дээр нэмэлт өөрчлөлт оруулж үл болох заалтууд гээд тус тусад нь заачихсан. Үндсэн үзэл баримтлал бол өргөн хүрээний асуудал. Богд хаант засаг төрөө тунхагласны дараа Цэвээнжамсран эрдэмтэн Үндсэн хуулийг ярьснаас эхлээд өнөө хүртэлх, бүр дээшилбэл Чингис хааны засгийн төрийн үзлийн тухай, Богд хаант засгийн төрийн үзлийн тухай, 1922 онд Магсархурцын ахалж байсан ажлын хэсгийн тухай авч үздэг. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулийг зарим судлаачид шүүмжилдэг боловч энэ бол манай түүхийн нэг хэсэг. 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар Ерөнхийлөгчийн зүгээс анхаарах ёстой. Үндсэн хуулийг шинээр батлахыг шаардаж ардчилсан хөдөлгөөний манлайлагч Монголын ардчилсан холбоо үндсэндээ дөрвөн зүйлийг тусгахыг санал болгосон байдаг. Энэ дотор нэг намын тогтолцоог халах, хүний эрхийг хангах, Ардын их хурлыг байнгын ажиллагаатай парламент хэлбэрт оруулж ажиллуулах, Үндэсний аюулгүй байдал улс төр, эдийн засгийн асуудлыг ард түмнээр хэлэлцүүлэх, Орон нутгийн ашиг сонирхлын асуудлыг оршин суугчдын саналыг авч шийдвэрлэж байх гэсэн байгаа юм.

Ерөнхийлөгчийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхөд иргэдийн саналд үндэслэн гэдгийг хассан нь анхны ардчилсан холбооноос барьж байсан үзэл баримтлалттай зөрчилдөж байгааг Ерөнхийлөгч ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэлж буй санаа нь нэгдмэл улс юм бол ийм байх ёстой гэж байна. Харин ч ийм өөрчлөлт хийснээрээ холбооны улсын хэв маягийг санал болгож, эсрэгээр нь яриад байгаагаа анхаарах ёстой. Монголын ардчилсан холбооны тавьж байсан дөрвөн зүйл яах аргагүй Үндсэн хуулийн үзэл баримтлалын нэг хэсэг мөн. Гэтэл Ерөнхийлөгч үүнийхээ эсрэг санал оруулж ирсэн, ойр байдаг хуульчид, судлаачдаасаа асуугаасай гэж залбирч сууна.

– Та нутгийн удирдлагын дэд ажлын хэсэгт ажиллаж байгаа. Нутгийн удирдлагын хэсэг дээр ямар зүйл заалтууд Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчиж байна вэ?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналууд зөвхөн нутгийн удирдлагын хэсэгт гэхэд 57.2-т улсын болон орон нутгийн харьяалалтай хот тосгоны эрх зүйн үндэс тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж оруулах санал явж байна. Тэгтэл үндсэн үзэл баримтлал нь 57.1 дээр нь бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 57.1 дээр хотын тухай огт хөндөөгүй. Ингээд Үндсэн үзэл баримтлалаа хөндөөгүй байж, хоёр дахь хэсгийг өөрчлөх гэхээр үндсэн үзэл баримтлалтайгаа зөрчилдөж байгаа юм. Тухайлбал, 57.1-т Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, аймаг нь суманд, сум нь багт хуваагдана гэж байгаа. 57.1-т хот гэдэг үг оруулаагүй болохоор 57.2-ын зүйл заалттайгаа зөрчилдөж байна. Хот засаг захиргааны нэгж болох боломжгүй гэсэн үг. 60 дугаар зүйл дээр сум, дүүргийн Засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно, сумын Засаг даргыг иргэдээс нь сонгоно гэж төсөлд байгаа. Гэтэл Үндсэн үзэл баримтлалд сумын Засаг даргыг төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тухайн суманд ажиллаж байгаа субьект гэж заасан. Тэгэхээр субьектыг заавал төв Засгийн газрын төрийн удирдлагаас томилох шийдвэр гарна. Гэтэл иргэдээс сумын Засаг даргыг сонгохоор нутгийн өөрийн удирдлагын хэв шинжийг агуулсан иргэдээс сонгогдсон субьект гараад ирнэ. Төв засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэх хүнийг төв Засгийн газар нь томилох байтал ард иргэдээс сонгохоор өөрийн удирдах ёсны байгууллагын хэв шинжийг агуулсан субьект гараад ирж байгаа юм. Энэ хоёр хэрхэн нэгдэж явах вэ гэхээр 59.1-т Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж байгаа. Засаг дарга нь өөрөө удирдах ёсны төлөөлөл болж орж ирээд, төрөөс нь хийж байгаа зүйлийг гүйцэтгэх гээд олон нийтээс сонгогдож болно гэж бодъё. Олон нийтээс сонгогдож байгаа этгээд маань Засгийн газраас хэрэгжүүлэх гэж байгаа бодлогыг хэрэгжүүлэх мэргэжлийн чадавхтай байх эсэх асуудал гарч ирнэ ээ дээ. Ингэхээр сумын Засаг даргад ямар нэгэн шаардлага тавих болно.

Гэтэл энэ байдлыг нь одоогийн төсөлд заагаагүй учраас засаг захиргааны нэгжийн хууль, сумын тухай хууль шинээр бичээд явахаар Үндсэн хуульдаа шаардлагыг нь тавиагүй учраас Үндсэн хууль зөрчсөн хууль баталж байна гэх үндэслэлээр дараа дараагийн гарах хуулиуд ҮХЦ дээр унана. Хуульчдын хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол Үндсэн хуулийн зүйл заалтууд ямар концепци буюу үзэл баримтлалтай орж ирж байгаа нь тодорхойгүй учраас дараа нь хэрхэн хуульчлах тал дээр ихээхэн асуудал үүснэ. Ялангуяа нутгийн удирдлагын хэсэг дээр. Улстөрчид нэг санаа гаргаад Үндсэн хуульд оруулдаг, дараа нь хуульчид л бичнэ шүү дээ. Гэтэл ямар үзэл баримтлалтай гэхээр заалтууд нь хоорондоо зөрчилдөөд байдаг.

-Иргэдийн зүгээс сумын засаг даргыг иргэдээс сонгохыг дэмжиж байгаа хэмээн гишүүд ярьж байсан. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс засаг захиргааны нэгжийг өөрчлөхдөө нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслэн гэдгийг хасаад шууд Засгийн газар, УИХ-д оруулж баталдаг болгохоор оруулж ирсэн байна. Иргэдийн саналыг үндэслэхгүй байх нь хэр зөв юм бэ?

-Иргэд сумын Засаг даргыг иргэдээсээ сонгох нь зөв хэмээн үзэж байна гэж улстөрчид ярих өөр, нөгөө талаас хуулиар зохицуулах үндсэн үзэл баримтлал өөр шүү дээ. Үндсэн хуулийн 59.1-ээ нэгдүгээр хэлэлцүүлэгт хөндөөгүй тохиолдолд хэлэл-цэх боломжгүй. Хэлэлцээд баталлаа гэхэд логик алдаатай, Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилсан зүйл заалт гарах магадлалтай. Эргээд Үндсэн хуулийн журмын тухай хуулийн 2.4-т заасан 35 хувь тоон чанараасаа гадна агуулга руу харахаар агуулгын зөрчил гараад байгаа юм. Ингэхээр шинэ Үндсэн хууль ярих, батлах үед нутгийн удирдлагын хэсгийг шинээр зохицуулах боломжтой, эсхүл журмын тухай хуулийн 2.4-өө хүчингүй болгож таарна. Гэтэл шинэ Үндсэн хуулийг тухайн улс нь шинэ эрхзүйн ухамсар соёл төлөвшлийг эзэмшүүлэх зорилго тавихад баталдаг. Манайх “Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж Үндсэн хуульд тунхагласан байдаг. Бид, ерөнхий утгаараа дэлхий нийт үүнээс илүү зорилго хараахан олоогүй. Нутгийн удирдлагын хэсгийн нэгийг нь сугалахаар нөгөөх нь заавал хөндөгддөг байдлаар биччихсэн. Үндсэн хуулийн үзэл баримтлал гэдэг энгийн нэгэн сэтгэл зүй, гэнэт санагдсан төдий сэтгэгдэл биш. Хууль зүйн шинжлэх ухаанд нийгмийн эрхзүйн ухамсрын дээд түвшинд эрэмбэлэгдэж цэгцэрсэн онолын баримтлал байдаг. Сумын засаг даргыг иргэдээс сонгохыг зөвшөөрөөд, хотыг засаг захиргааны нэгжийн түвшинд аваад үзье гэхээр дөрвөн жилийн дараа сумын засаг даргыг сонгодог байдал иргэдэд таалагдахгүй бол яах вэ. Дахиад Үндсэн хуулиа өөрчлөх үү. Ингээд үзэхээр нэгдүгээрт, онолоор болохгүй байна. Хоёрдугаарт, практикаар туршигдаж үзээд болохгүй гэвэл дөрвөн жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад маш их хүндрэл гарна. Миний бодлоор энэ удаад Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд нутгийн удирдлагын хэсгээ орхих хэрэгтэй. Асуудал яриад байдаг, шийдэлгүй байж болохгүй биз дээ. Гэвч гарц бий. Манай улс нийслэл аймаг, сум дүүрэг, баг хороо гэх гурван түвшнээр нэгжээ зохицуулдаг. Тэгэхээр тус тусад нь хотын тухай хууль, дүүргийн тухай хууль, аймгийн тухай хууль, сумын тухай хууль, хорооны тухай хууль, багийн тухай хууль зэргээр задлах хэрэгтэй. Үндсэн хуулийн эрх баригч Б.Чимид багш болоод Үндсэн хуулийн талаар судалж байсан хүмүүс тухайн үедээ манай засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэт ерөнхий бичигдсэн. Ингэж ерөнхий бичигдэхээр аймгийг нийслэлтэй, сумыг дүүрэгтэй, багийг хороотой зэрэгцүүлж ойлгоод байна. Энэ хэсгийг өөрчлөн тус тусад нь хууль гаргая гэж олон жил бичсэн байна. Үндсэн хуулийн 57.3-т засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн хурал иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ гэж байгаа. Гэхдээ 57.3-ын энэ зүйл заалт нэгдүгээр хэлэлцүүлэгт ороогүй. Ерөнхийлөгчийн зүгээс энэ хэсэг дээр иргэдийн нутгийн хурал иргэдийн саналыг үндэслэн гэдгийг хасаад шууд Засгийн газар, УИХ-д оруулж баталдаг болгохоор оруулж ирсэн. Иргэдийн саналыг үндэслэхгүй нь маш том асуудал болно. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай ч зөрчилдөнө. Монгол Улс нэгдмэл улс гээд иргэдийн эрхзүйн байдлыг дордуулж яавч болохгүй.

-Нутгийн удирдлагын хэсгийг хөндөхгүй орхилоо гэхэд аймгийг хот болгоно хэмээн сонгогчдодоо амласан гишүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулах байх?

-Манайх холбооны улс биш. Хуульд чиг үүргийн зарчим буюу функциональ зарчим гэж байдаг юм. Юуг өөрчлөөд юунд хүрэх гэж байгаа нь тодорхой байх ёстой. Эрдэнэт хот, Дархан хот гэж нэр өөрчилснөөр юу ч өөрчлөгдөхгүй. Хот гэдэг л нэр зүүнэ. Эдийн засгийн хувьд өөрчлөгдөхгүй. Газар нутаг нь ч томрохгүй. Засаг захиргааны шинэчлэлт хийнэ гэвэл тэнд засаг захиргаа байж л байгаа. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг одоо болтол шинэчлээгүй. Энэ хуулиа шинэчлэх хэрэгтэйг байнга ярьдаг. Энэ хуулийг сайжруулснаар иргэдэд төр хүрч үйлчлэхэд асуудал гарахгүй. Заавал Үндсэн хуульд оруулах шаардлагагүй. Хот гэдэг инженерийн шугам сүлжээтэй нийгэм, эдийн засгийн цогцолбор. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж нь засаг захиргаа эдийн засаг, нийгмийн цогцолбор байдаг. Үүн дээр нэмээд хот инженерийн шугам сүлжээтэй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг нэгж. Эрдэнэтэд ГОК байдаг амьдарчихна гэж төсөөлж болохгүй. Гокулсынх болохоос Эрдэнэтийнх биш. Мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нар цалингийн нэмэгдэл авах эсэх дээр асуудал үүснэ. Харин ч бүр зарим нэг хэсэгтээ багасах магадлалтай. Тухайлбал, Эрдэнэтийн асуудлыг ярихад Жаргалант сумыг Булганд буцаагаад өгөх үү, эсвэл Эрдэнэт хотын нутаг гээд явах уу гэх зүйл дээрч маргаан гарч эхэлнэ. Одоогоор нэн тэргүүнд хот, дүүрэг, аймаг, сумын тухай хуулийг тус тусад нь хийх ёстой. Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай ерөнхий хуулиа задлах ёстой болчихсон. Үндсэн хуулиа ойлгож, ердийн хуулиа батлаагүйгээс болж, улс орон даяар том төөрөгдөл яваад, түүнийгээ дагаж хуйлраад байна.

-Ерөнхийлөгч парламентын засаглалыг унагаах, Засгийн газраас эрх мэдэлтэй байгууллага байгуулж байна. Шүүх эрх мэдлийг хараат болгож байна гэх шүүмжлэлүүд явж байна?

-Гол нь шүүх эрх мэдлийг хараат бус байдлыг идэвхжүүлэх талаар орсон зүйлүүдийг хассан байна. Анхны хэлэлцүүлгээр орсон Шүүх эрх мэдлийн хэсгээс Ерөнхийлөгчийнх дордсон байна гэдэг шүүмжлэл үнэн. УИХ энэ зүйлсийг дахиад судлах байх.


Categories
мэдээ цаг-үе

Хос мастер, Байтын Бадамдаш

Булган аймаг аргагүй л “Бүхний анхдагч”-аар овоглож, зон олны дунд чимэгтэй цол хэргэмээр нэрших болсон нь бодит амьдралаас үүдсэн болохыг Булган аймгийн 80 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа дахин, хөдөлшгүйгээр нотолж, цэнгэлдэх хүрээлэнд суугаа үзэгч зон олны уухайлах дуун сэтгэлийн учгийг хөдөлгөж энэхүү хөрөг найрууллыг тэрлэхэд хүргэв.

Улсын наадмын арга хэмжээг хэдэнтээ найруулсан Н.Наранбаатар аймгийнхаа ойн арга хэмжээг найруулж, түүний бичсэн хөг аялгуугаар нээлтээ хийсэн аймгийн 80 жилийн ойн нээлт “улсын баяр наадмаас илүүтэй боллоо” гэх яриа чих дэлсэхийг сонсоод ардын үнэлэмж, сэтгэгдэл “сарьдагт” байгааг мэдрэв. Аймгийн наадмын нээлтээр сансрын хөлөг хөөргөж, хуучны содон задгай машинаар хоёр улсын хос баатар Ж.Гүррагчаа заларч … Олимпийн аварга гээд анхдагч бүхэн наадамчдын алга таших, уухайлах хашгираан, хөгжмийн дэвсгэртэй зэрэгцэхээр цэнгэлдэх говийн зэрэглээ мэт алаглан жирэлзэнэ.

Шивээлэн суусан үзэгч дундаас шинэхэн одон наранд хурц туяа татуулан гялалзан харагдах нь өөрийн эрхгүй анхаарлыг татав. Улаан ягаан тэрлэгэн дээр алтан шаргал онгөтэй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон содон тод, өнгө зохицон, үлэмж ялгаран цаанаа л нэг баярлах, догдлох, хөөрөн суугаа буурай хөгшин хэн байсан гэж бодно оо. Тэр хүн бол Монголын сая сая сайхан ээжүүдийн нэг, Сайхан сумын уугуул, спортын хос мастер, АНУ-ын “Алдарт ээж”, Монголын “Ачлалт эх” Лхагвын Бадамдаш ахайтан байсныг таньж ядан хараад нүдэндээ итгэхгүй, цочих, баярлах хослуулан тээнэгэлзсэнийг нуух юун … дотно сайхан мэндлээд, баяр хүргэхэд “хэний хүүхэд вэ” гэж асуух нь хүртэл хуучны буурал мөөн мөн.

Тэртээ он жилүүдэд спортын rapaaгаа үндэсний сураар эхэлж 1959 онд аймгаа төлөөлөн улсын аваргад анх оролцож хүрэл медаль хүртсэн амжилтаар дөрөөлөн, улмаар шинэхэн спорт байт руу урваж, Монголын байт сурын харваагаар эх орондоо од болон гязлалзаж явсан, 1966, 1967 онд хоёр жил дараалан байтаар улсын аварга болж, Унгар, Чех улсад болсон Байт харвааны олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож Монгол гэсэн нэрийг дэлхийн чихнээ анхлан дуурсгаж, олон улсын тэмцээний анхдагч шанг таталцсан гавьяатай билээ. Энэ үеэр байт сураар улсынхаа рекордыг хоёронтоо эвдсэн, Бүх ард түмний спартакиадаар байтын таван төрлийн зайд бүгдэд нь түрүүлж, нэг өдөр таван алтан медаль авч байтын спортын түүхэн хүрд эргүүлэлцсэн, Улаанбаатар хотын аварга гээд нийтдээ 51 удаа одон, медаль, тэмдгээр энгэрээ мялаалгасан гээд дурсаад байвал тамирчны баяр баясгалан, харамсал барагдах биш … Зүүсэн одон, медаль тууз дүүрч, хүндрэх боловч бахархах сэтгэл нь өлхөн өргөж явнам.

Монголын эмэгтэй шатарчны түүхийн эхийг хатгахад оролцсон, Монголын шатрын спортын мастер Лхагвын Бадамдаш хатагтай маань Шатрын спортын их аваргууд Хулганаа, Бүжинлхам, Цэнд, Бямбаа гээд нэрд гарсан мастеруудтай 1960 онд Улсын аваргаар тоглож хожиж, хожигдож наанатай, цаанатай явсныг дурсаад бахархал төрснийг нуух юун. Өөр нэг бишрэм амжилт бол Булган аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд олон жил түрүүлсэн амжилт, бүсийн, байгууллагын ойн нэрэмжит уралдаан тэмцээнд түрүүлсэн, айргийн тавд орсон тоогоо алдсан, сая аймгийн 80 жилийн ойн дараахан болсон Шатрын спортын их мастеруудын нэрэмжит тэмцээнд түрүүлээгүй ч, 85 настай гэхэд чамлахааргүй амжилт \50 хувийн\ үзүүлж, хожигдсондоо орчин үеийн шатрын дүрс ялгамж муутай болсных уу, эсхүл миний нүд ялгаж харахаа болио юу гэж өөртөө үглэж, шүүмжилж суугаа нь их спорттой уяатайг илтгэнэ. Монголчууд “шагнал нүдээ оллоо” гэж ярьдаг. Төрийн мэлмий энэ удаа алдаагүй, оносон, онох онохдоо яг байтын сум голч цэгт цэцэн тусах шиг, түүний дээр дурдсан хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж аймгийн ойгоор Монгол Улсын Еренхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялаан, баярлуулсныг нэгэн сайхан буурай баярлаж талархсандаа таарсан, мэндэлсэн, баяр хүргэсэн бүхэнд эхийн сайхан сэтгэлээр эерэг энерги түгээж суунам.

Тээр дээр тэнгэрт гялалзан анивчих ОДОН, түүний энгэрт бууж туяа цацруулна гэдэг бол хэн хүнд дураар хүссэн бүхэнд олдоод байдаггүй, ховорхон аз завшаан, хиймор лундаа, бурхны хишиг, буян заяаны төөрөг бизээ. Үүнд аймгийн Спортын байгууллага, төр засгийн ажилтнуудын сэтгэл гаргасан, тамирчны буухиаг залгамжлан яваа залуу тамирчинд нэгийг бодогдуулсан цаг үеэ олсон оночтой чухал ажил болсныг тэмдэглэхгүй өнгөрөх эрх байхгүй билээ.

80 хол гарсан гэхэд чих жаахан хатуу болсноос өөр өвдөх өвчингүй, ухаан санаа саруул, гялалзаж яваа, долоон хүүхдийн ээж буурайг танихгүй нэг нь хараад “Энэ ямар сайхан хөгшин бэ” гэж уулга алддаг нь нууц биш. Аргагүй энэ бол тамирчны хөдөлмөрийн үр шимээр эрүүл яваа бөгөөд нэг нууцыг дэлгэхэд тухайн цагтаа “Байтын мисс Бадамдаш” гэж нэрлэгдэж явсан билээ. Болоогүй ээ “Бүлээхэн дурсамж”, “Шатрын бодлого” гээд хэд хэдэн ном бичсэн нь цасан дээр мөрөө, цаасан дээр нэрээ үлдээсний тод гэрч бөгөөд түүний тухай “Булган хангайн XX зууны алдар гавьяатууд”, “Сайхан сум” зэрэг олон номноос танилцахад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.

Тухайн үед нэг баг, улсын шигшээд хамт харвалцаж, баяр баясгалан, жаргал, зовлогоо хуваалцаж явсан байт сурын алдарт харваач Жавзмаа, Лхам, Янжмаа, Сугар, Оюут нартайгаа үе үехэн холбоо барих, уулзахаа өнөөг хүртэл мартаагүйг бодоход хүн чанараа гэж…

Тэрээр “Монгол хүн үндэсний сураараа дамжин байтаар дэлхийд тодрох ёстой, удахгүй их спортын тэнгэр эрхшээх байлгүй дээ” гэж ерөөж суугаа буурал тамирчны, буянтай ерөөл бат оршиг гэсэн сүүн цацлаар, “Хүнд хүндлүүлж, бурханд тэтгүүлж яваарай” гэсэн шашны философийн сургаалаар хөрөг найрууллаа жаргаая.

Баасангийн Цогням

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунцэцэг: Хүүхэд сонирхсон дугуйландаа хамрагдахаар сурлага нь сайжирдаг

Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн тэргүүлэх зэрэгтэй, бага ангийн багш М.Оюунцэцэгтэй бага ангийн боловсролын талаар ярилцлаа.


-Монгол Улсад зургаан настай хүүхэд сургуульд элсдэг журам мөрдөгдөөд багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхийн энэ стандарт Монгол Улсад хэр тохиромжтой байна вэ?

-Манай улс зургаан настай хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлж эхлээд 17 жил өнгөрлөө. Манай орны хувьд суурин болон нүүдэлчин амьдрал хосолдог учир амьдралын хэв маягаас шалтгаалаад бүрэн тохирдоггүй. Хот суурин газрын хүүхдүүд гэрээсээ сургуульд хамрагдах боломжтой учраас тохиромжтой. Харин хөдөө, орон нутгийн зургаан настнууд боловсрол эзэмшихийн тулд аймаг, сумын төвийг барааддаг. Зургаан настнууд дотуур байранд амьдрахад хэтэрхий балчирддаг учир гэр бүлийн аль нэг гишүүн хамт явдаг. Энэ нь эргээд гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлөх хандлага ажиглагддаг. Уг нь зургаан настай хүүхдийн онцлогт нь тохирсон заах арга зүйг олчихвол ямар нэгэн бэрхшээл байхгүй. Эдгээр хүүхдүүдийн онцлог нь сургуулийн өмнөх боловсролоосоо дөнгөж орж ирсэн байдаг учир сууж давтуулахаас илүү тоглоомын аргаар, хөгжөөнт хэлбэрээр удаан хэмнэлтэй хичээл заах нь хамгийн тохиромжтой байдаг.

-2005 оноос хойш төрсөн хүүхдүүдийг индиго, кристал гэх зэргээр нэрлэх болсон. Энэ хүүхдүүд тухайн оноос өмнө төрсөн хүүхдүүдээс ямар онцлогтой юм бэ?

-Хоорондоо их ялгаатай. 2005 оноос хойш төрсөн хүүхдүүд загнуулах, зэмлүүлэх, биед нь хүрэхэд маш дургүй байдаг. Хэрэв тэдэнтэй ингэж хуучны аргаар харьцвал тэд улам зөрүүдлэх хандлагатай. Харин нийгмийн хөгжил орчноос шалтгаалсан давуу тал олон бий. Техник, технологийн хөгжлийг маш хурдан сурч, чадамгай ашигладаг. Үүнийгээ дагаад гадаад хэлний дуудлага, суурь мэдлэг аяндаа бүрэлдчихсэн байдаг. Сэтгэхүйн хурд сайтай ч анхаарал төвлөрөх хугацаа нь богино байдаг.

-Тийм хүүхдүүдийн хичээлийг яаж давтуулбал үр дүнтэй вэ?

-Түрүүнд хэлсэнчлэн ийм онцлогтой хүүхдүүдэд загнах, цохих гэх мэт хүч хэрэглэх нь хамгийн буруу. Хүүхдийнхээ онцлогт тохируулах хэрэгтэй. Бүх хүүхэд хэвэнд цутгасан мэт ижилхэн байдаггүй. Нэг анги 40 сурагчтай гэвэл 40 өөр арга барилаар заана. Тэд 40 өөр хугацаанд тухайн агуулгыг эзэмшинэ гэсэн үг. Хүйсийн хувьд ч ойлгож, тусган хүлээн авах чадвар өөр, өөр байдаг. Эрэгтэй хүүхэд анги ахих тусам сурлагын чанар, бүтээмж нь өсөж байдаг. Харин эмэгтэй хүүхдүүд харьцангуй жигд байдаг учир суурийг нь тавихдаа анхаарах хэрэгтэй. Миний ажилласан 22 жилийн туршлага дээр үндэслэвэл хүүхдүүдийн хичээлийн мэдлэг чадварт нь анхаарахаас гадна тэдний авьяас чадварыг багаас нь хөгжүүлэх нь тохиромжтой. Энэ талаар эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ сонирхлын дагуу сургалтад хамруулахыг зөвлөдөг. Хүүхэд бүжгийн, шатрын гэх мэт өөрийн сонирхсон дугуйландаа хамрагдаад ирэхээр хичээлдээ ч идэвхтэй болж сурлага нь сайжирч хичээлээ давтах урам зоригтой болдог. Харьцангуй биеэ дааж эхэлснээр өөртөө итгэх итгэл бүрэлдэж, эмх цэгцтэй болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг.

-Зургаан настай хүүхдүүд сургуульд орохдоо сургуулийн өмнөх боловсролоосоо ямар чадвар эзэмшсэн байх ёстой вэ?

-Энэ тал дээр эцэг эхчүүдийн дунд нэг том буруу хандлага ажиглагддаг. Зургаан настай хүүхдийг сургуульд орохоос нь өмнө уншуулж, бичүүлж сургах түргэвчилсэн сургалтад хамруулдаг. Ийм сургалтуудад уншлагын буруу техник эзэмшүүлж, насны онцлогийг харгалзаагүй заах арга ашигласнаас болж хүүхэд хичээл давтах дургүй болох сөрөг үр дагавар их гардаг. Түүний оронд хүүхдийнхээ насны хөгжил, онцлогт тохирсон дуу, шүлэг цээжлүүлж ой тогтоолтыг нь хөгжүүлэхэд анхаарах нь хамгийн чухал. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт тусгасан чадваруудыг эзэмшүүлсэн байхад л хангалттай. Тэр агуулгад хүүхэд бичиж сурахаас өмнө гар, хурууны хөгжлийг бэлдэж насанд нь тохирсон дасгал ажиллуулдаг. Бага насны хүүхдээ наснаас нь өмнө уншиж, бичүүлж сургахад яарах зүйл байхгүй.

-Зарим эцэг, эх хүүхдээ бага наснаас нь гадаад хэл эзэмшүүлэх сонирхолтой байдаг. Энэ нь хэр оновчтой вэ?

-Хүүхдийг багаас нь эх хэлийг бүрэн эзэмшүүлсний дараа гадаад хэл заах нь тохиромжтой. Монгол хэлээ сурна, судална гэдэг хоёрдогч хэлийг судлах суурь нь болно. Энэ тал дээр боловсролын системийн нэг алдаа бий. 1983-1985 оны хүүхдүүд I-III ангидаа монгол бичгээр хичээл заалгуулж байгаад IV ангиасаа кирилл үсгээр хичээллэх болсон. Ийм боловсролын системийн алдаанаас үүдэж тэр үеийн төгсөлтийнхөн зөв бичгийн дүрмийн алдаатай бичдэг байсан. Эдгээрээс харахад хүүхдийг туршилтад аль болох бага өртөөсэй гэж хүсдэг. 5-6 насны хүүхдүүд цээжлэх чадвар, ой тогтоолт сайтай байдаг. Тэгэхээр хүүхэлдэйн кино, үлгэрийн ном, дуут тоглоом зэргээр дамжуулж авиа дуудлагаар гадаад үг тогтоолгож болно. Одоо манай боловсролын тогтолцоогоор бол улсын сургуульд I-IV ангид монгол хэлний суурь мэдлэгийг бий болгосны дараа V ангиас эхлэн англи хэлний хичээл ордог. Энэ нь хамгийн тохиромжтой үе юм.

-Бага насны хүүхдүүдэд багшаас гадна эцэг, эхийн олгож буй хүмүүжил төлөвшилт чухал үүрэгтэй. Эцэг эхчүүд ямар зан, чанарт анхаарах хэрэгтэй вэ?

-Бага насны хүүхдэд өөрийн гэсэн үнэлэмж тогтоогүй байдаг учир эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд багшийг нь муулж болохгүй. Хэрэв ингэвэл тухайн хүүхэд багшийгаа үл хүндлэх, үгэнд нь орохгүй байх магадлалтай. Тиймээс бүх шатны боловсролын багшийг хүндлэх хэрэгтэй. Мөн замын хөдөлгөөний тухай, гарцаар гарах зуршлыг багаас нь эцэг эх гэр бүлээр нь дамжуулж боловсрол олгох нь зүйтэй. Ингэвэл бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл ч мөн буурна. Зөвхөн сургууль, багш нар хүүхдүүдэд ногоон гэрэл, цагаан шугамаар гарахыг заасан ч багаас нь сургах хамгийн чухал. Эцэг эхчүүд багшийг заах хэрэгтэй гэдэг ч өөрсдөө бага насны хүүхдэдээ үлгэр жишээ болж хэвшүүлэх хэрэгтэй. Ингэвэл бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл ч буурна. Хүүхэд ганцаараа зам хөндлөн гарахдаа гарцаар гардаг бол том хүн дагуулж явахаараа гарцгүй газраар гардаг. Гэр бүлийн хүмүүжил, суурь дадал хэвшээгүй тохиолдолд бид зөвхөн онол заагаад бодитой үр дүнд хүрнэ гэдэг хэцүү. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдээ бага насанд нь зөв дадал хэвшлээр хүмүүжүүлэх нь чухал.

-Манай орны боловсролын систем учир дутагдалтай байна гэж хүмүүс ярьдаг. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Ерөнхийдөө манай боловсролын систем хүнд хөтөлбөртэй. Их зүйлийг богино хугацаанд заахаар төлөвлөдөг. Ангиудаас шалгалт авч багш нарыг уралдуулдаг. Тиймээс багш нар хөтөлбөрөөсөө гадна маш ачаалалтай ажилладаг. Сургалтын хөтөлбөрөөс гадуур нэмэлт агуулгаар хүүхдүүдээ шахаж хүндрүүлэх тохиолдол ч бий. Тэгэхээр хөтөлбөрийг арай удаан болгож хөнгөвчлөх шаардлагатай байна. Мөн мaнай боловсролын системийн хамгийн том дутагдал бол гадаадын улсын хөтөлбөрийг улс үндэстнийхээ сэтгэхүйн онцлогийг харгалзалгүй шууд авч хэрэгжүүлдэг. Тэгэхээр монгол хүүхдүүдэд, хөрсөн дээр буухын тулд урт хугацаа шаарддаг. Эрх баригч нам солигдох тутамд төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт даган шинэчлэгдэж байдаг. Үүнийг дагаад хуучин хөтөлбөр үр дүнгээ өгч амжаагүй байхдаа шинэ хөтөлбөрөөр солигддог. Энэ нь багш болон хүүхдүүдэд хүндрэлтэй. Одоо манай салбарт урт хугацааны зорилт, төлөвлөгөө дутагдаж байна.

Б.ЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Сайд асан М.Сономпилд 4 жил хорих ял оноожээ

Image result for Сономпил

Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 24-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, 22.00 цагийн орчимд шийдвэр гарчээ.

С.Сономпилийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутган шүүсэн юм.

Шүүхийн шийдвэр бүрэн эхээр нь хүргэвэл:

“Нийслэлийн Прокурорын газраас Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…хахууль авсан…” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сар 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Нийслэлийн Прокурорын газраас Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д (гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй) заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан…”

Гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор болжээ.