Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга VII сарын 30-нд АНУ-д айлчлал хийхээр эх орноосоо мордоно. Уг айлчлал төрийн тэргүүний хувьд тус улсад хийж буй анхны айлчлал бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөөд байгаа аж. Айлчлал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийх юм байна. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр Дэлхийн удирдагчдын форумд оролцож “АНУ, Монгол Улсын харилцааны ирээдүй” сэдвээр илтгэл тавина.
Month: July 2019
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн.
Ихрүүд эрүүл саруул төржээ. 1.7 кг жинтэй төрсөн хүүгийн бие тааруу байгаа учраас тусгаарлан эрчимтэй эмчилгээ хийж эхэлжээ. Ээжийнх нь бие сайн байгаа гэнэ.
Гурван хүү, нэг охины аав Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Ерөө сумын цагдаа аж. Ихрүүдийн эгч нь ой долоон сартай. Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал “Дөрвөн ихэр хүүхэд амьд төрж, бүртгүүлсэн тохиолдол үгүй. Монгол Улс анх удаа дөрвөн ихэр хүүхэд бүртгэлээ” гэв. Ихрүүдийг хэсэг хугацаанд эмнэлгийн хяналтад эмчилнэ. Цаашид гэртээ гарах, улсын асрамжид оруулах талаар ярилцах юм байна.
Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Долларын ханшийг тогтвортой барих, төгрөгийн ханшийг унагахгүй байх тал дээр Төв банкны барьж буй бодлого дээр байр сууриа хэлээч?
-Монгол банк долларын ханшийг тогтворжуулахын тулд хэд хэдэн арга хэрэглэдэг. Нэг нь, хүмүүсийн тэр бүр мэддэггүй гадаадын төв банкуудтай хийсэн своп хэлцэл. Энэ хэлэлцээрийн дагуу гадаадын төв банкууд, тэр дундаа БНХАУ-ын Ардын банк Монгол Улсын төв банкийг дэмжиж ажилладаг. Хамтын ажиллагааныхаа хүрээнд манай төв банкны валютын нөөцийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлдэг юм. Долларын ханшид нөлөөлдөг дараагийн зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт зохих хэмжээнд орж ирж байгаа. Үүнээс гадна экспортын орлого гэж бий. Энэ утгаараа улсын валютын нөөц байнга өсч яваа. Төв банк валютын нөөцийг таваас дээш тэрбум долларт хүргэхээр зорьж ажиллаж байна. Товчхондоо ханш тогтвортой байх гол нөхцөл бүрдсэн.
-Ам.долларын ханшид нөлөөлөхөөр эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?
-Гурван том эрсдэл байна. Эхнийх нь дотоод улс төрийн байдал. Энэ эрсдэлийн хувьд хэзээд тулгарсаар ирсэн асуудал. Өнгөрсөн жилээс харьцангуй тогтворжсон. Ирэх оны нэгдүгээр сараас Сонгуулийн хуулийн дагуу гол албан тушаалтнууд бүгд сонгуулийн ажилд оролцох шаардлагатай болно. Тэр үеэс шийдвэр гаргалт эдийн засгийн гэхээс илүү харьцангуй улс төрийн шинжтэй болж эхэлдэг.
Нөлөөлөл нь 2020 оны улсын төсвийн төсөл дээр гарч эхэлнэ. Одоогоор төсвийн орлого зарлагаасаа давсан буюу улс ашигтай ажиллаж байна. Хоёр дахь эрсдэл нь гадаадын хөрөнгө оруулалт. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ хэвээрээ байгаа. Монгол Улсад жилд тэрбум болон түүнээс дээш хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэг. Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд Оюу толгой голлодог. “Рио тинто”-гийн итгэл найдвар суларч эхэлж байна. Хувьцааны ханш нь уначихлаа. Хөрөнгө оруулагчдын хувьд “Рио тинто”-гийн удирдлагууд Монголын Засгийн газартай хэл амаа ололцож чадахгүй юм гэж буруутгасан хэсэг ч байна. Монгол Улс байгуулсан гэрээгээ хүндэтгэх ёстой, хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байхад анхаарах ёстой гэсэн байр суурьтай хөрөнгө оруулагчид ч бий. Оюу толгой дээр ямар шийдвэр гарахыг харах л үлдлээ. Дундын шийдвэрт хүрэх болов уу гэж харж байна. 2020 оны сонгууль ойртсон учраас ойрын хугацаанд энэ асуудлыг эмхэлж цэгцлэх шаардлагатай болно.
Миний хувьд компанийн зүгээс Монголын Засгийн газрын хүсэж буй гол зүйлүүд дээр тодорхой хэмжээний нааштай алхам хийх болов уу гэж бодож байна. Гэвч шууд ингэж хэлэхэд бас хэцүү. Долларын ханшид нөлөөлөх гурав дахь эрсдэл нь дэлхийн эдийн засгийн байдал. Сүүлийн хэдэн саруудад байдал нэг намжаад эргэж савлах үзэгдэл тогтмол ажиглагдаж байна.
-Худалдааны дайн хурцдаад байх шиг байна…?
-БНХАУ-ын зүгээс АНУ-тай хийж буй худалдааны дайныг маш шийдэмгий явуулж байна. Ганцхан АНУ гэлтгүй дэлхийн томоохон компаниуд өнгөрсөн 20 жилийн хөрөнгө оруулалтын бодлогоо эргэж харж байна л даа. Урд хөршийг улс төрийн хувьд тогтвортой, хямд ажиллах хүчтэй, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй гэж үзээд дэлхийн бүх үйлдвэрлэл төвлөрсөн. АНУ-аас гадна Япон, Герман зэрэг улс ч Хятадад үйлдвэрлэлээ нээж байсан. Энэ хандлага Хятадын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд маш том нөлөө үзүүлсэн юм. Хятадад маш олон дотоодын технологийн компани бий болоход нөлөөлсөн. Гадаадаас орж ирж буй технологи, мэдлэг, менежерүүдийн туршлага бүгд БНХАУ-ын эдийн засаг руу цутгаж байсан. Гэтэл бид зөвхөн худалдааны дайнд гол анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалтад гарч буй үр нөлөөг нь огт сонирхохгүй байна.
-Хөгжилтэй орнууд Хятад руу хандсан хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчилж эхэлснийг хэлээд байна уу?
-Бүх компани Хятад улсын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөөд эхэлчихсэн. Үйлдвэрлэлийнхээ дор хаяж 20,30, зарим нь бүүр 100 хувийг Хятадын нутаг дэвсгэрээс гаргаж байна. Тэд эхний ээлжид Вьетнамыг сонгож байна. Индонези, Мьянмар зэрэг улс том аж үйлдвэрийн парк байгуулж гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаж буй улсуудыг зорьж байна. Манай улсын дэргэд их хоцрогдолтой байсан Камбожи, Лаос зэрэг улс гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаж байна.
-Хятадаас Азийн бусад улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгал манайх руу ирэхгүй байгаагийн цаад шалтгаан нь юу вэ. Улс төрийн эрсдэлээс өөр шалтгаан бий юү?
– Гадаадын хөрөнгө оруулагчдын тухайд хэдэн сая, маш хямд ажиллах хүч шаардлагатай байдаг. Вьетнам улсын сарын дундаж цалин 80 ам.доллар, Индонези улсынх 200 ам.доллар. Манайд цалингийн дундаж хэмжээ бага ч их хэмжээний ажилчдын нөөц хaнгах тал дээр учир дутагдалтай. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татна гэж найдалтгүй.
-Тэгвэл хөрөнгө оруулалт шингээх, татах чадвартай ямар салбар байна?
-Уул уурхайн салбар байна. Тодорхой хэмжээнд хөрөнгө татах боломжтой нь гэвэл хөдөө аж ахуйн салбар. Ийм л хоёр чиглэл бий.
-Хятадаас гадны хөрөнгө оруулагчдын бизнес гадагшлахаас гадна дотоодынх нь бизнес эрхлэгчид ч гадагшаа хандаад эхэлсэн гэв үү?
-Тэгж байна. Өмнө нь зөвхөн дотооддоо үйлдвэрлэл явуулна гэж зорьж байсан бол Америкийн хоригоос болгоомжлоод Вьетнам зэрэг өөр улсуудад үйлдвэрлэл явуулаад эхэллээ.
-Валютын ханшид эсрэгээр нөлөөлж мэдэх гурван эрсдэлийг хоёулаа ярилаа. Хамгийн бага эрсдэлтэй нь юу бол?
-Худалдааны дайн. Хоёр улсын эдийн засгийн харилцаа гүнзгий учир тодорхой ойлголцолд хүрэх нь цаг хугацааны л асуудал. Ямар нэгэн байдлаар шийдвэрт хүрэх байх. Худалдааны дайны явцад Хятадын дотоодын эдийн засгийн өсөлт сүүлийн хорин жилд тохиогоогүйгээрээ удааширлаа. Ийм шалтгаанаар дотооддоо маш их хэмжээний дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ жилээс Хөх хотод хэд хэдэн шугамтай метроны туршилт хийж эхэлсэн. Хөх хот Улаанбаатараас томгүй. Гэвч ийм дэд бүтцийн төслийг хийчихлээ. Ингээд харахаар БНХАУ-ын эдийн засагт санаа зовох зүйл харьцангуй байхгүй гэсэн үг. Хамгийн гол нь бид гол түншүүдтэйгээ харилцаа холбоогоо бататгах хэрэгтэй байна. ОХУ-ын эдийн засаг сүүлийн үед их хэмжээгээр хумигдсан. Цаашаа хумигдах эсэх нь газрын тосны үнээс ихээхэн шалтгаална. Сүүлийн хэдэн долоо хоногт газрын тосны үнэ буурч байсан. Гэвч өнгөрсөн хэд хоногт гэнэт өсч магадгүй үйл явдал боллоо. Ираны цэргүүд Персийн буланд явж байсан газрын тос тээвэрлэдэг усан онгоцнуудыг хүчээр булааж авлаа. Мөн Европын холбооны иргэд зорчиж байсан усан онгоцыг, олон мянган баррель газрын тос тээвэрлэж байсан онгоцыг булаан авсан хэрэг гарлаа. Европын холбоо дургүйцлээ илэрхийлээд байна. Ираныг удирдаж буй гол хүчин гэж хэлж болох хэсгээс ийм үйлдэл гаргаснаас харахад газрын тосны үнэ өсөх нь бараг тодорхой болчихлоо. Энэ асуудал яаж шийдэгдэхийг харах учиртай улсын нэг нь манайх. Газрын тосны үнэ долларын ханшид шууд нөлөөлдөг зүйлсийн нэг.
-Бусдаар бол эдийн засгийн үзүүлэлтүүд дажгүй байгаа юу?
-Одоогийн байдлаар манай экспорт импортоос давж байгаа. Гадаад худалдаа сүүлийн гурвал жил ашигтай гарсан. Гадаадын гол төлбөрүүдийн заримыг хийсэн, үлдсэнийг нь хойшлуулж зохицуулсан. Ингээд харахаар ямар нэг тулгамдсан асуудал одоогоор алга. Төв банкны своп хэлцэл болон бусад арга хэмжээ үр дүнгээ өгч байна. Тэгэхээр ханш одоогоор тогтвортой байх нөхцөл бүрдсэн.
-Сонгууль дөхсөн учраас их хэмжээний мөнгө хэвлэ гэсэн дарамт УИХ, Засгийн газар зүгээс төв банкинд ирэх вий гэсэн болгоомжлол бий. Эхнээсээ дарамтлаад эхэлсэн гэх сураг ч дуулдаж байна. Тийм дарамт ирээд, төв банк яах аргагүй байдалд орж үгийг нь дагавал долларын ханшид сөргөөр нөлөөлж таарах байх, тийм үү?
-Төв банк инфляцийг найман хувиас доош барьж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй байх бодлого, чиглэлээр ажиллаж байгаа. Мөнгөний нийлүүлэлт 20 их наяд төгрөг орчим байна. Өөрөөр хэлбэл гүйлгээн дэх төгрөгийн хэмжээг барьж буй учраас ханш огцом унаж савлах, хэлбэлзэх үзэгдэл гарахгүй байгаа юм. Таны хэлсэнчлэн маш их хэмжээний мөнгө хэвлэх шаардлагыг энд тэндээс тавьж байхыг үгүйсгэх аргагүй. Хэрвээ тэгвэл гүйлгээнд их хэмжээний төгрөг орж ирнэ. Гаднаас импортын бараа, тоног төхөөрөмж, барилгын материал, газрын тос зэргийг авах шаардлага гармагц доллар хэрэг болж таарна аа даа. Энэ тохиолдолд илүүдэл төгрөг бүгд доллар руу урсаж эхэлнэ. Тэгмэгц долларын ханш өсч, төгрөгийн ханш унана. Төгрөгийн худалдан авах чадвар эрс суларна гэсэн үг. Манайх газрын тос, цахилгаан гээд өргөн хэрэглээний барааныхаа 90 орчим хувийг импортоор авдаг. Энэ бүхний үнэ тэр хэмжээгээр өсөх эрсдэл бий болно. Хэдхэн сарын дотор төгрөгийн ханш нурж, бүх юмны үнэ өсч эдийн засгийн сүйрэл бий болох том эрсдэлтэй нүүр тулна.
-Тэгэхээр эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхгүйн тулд улстөрчдийн том дарамттай нүүр тулахаас өөр арга төв банкинд байхгүй гэж ойлголоо…?
-Өөр зам байхгүй. Төв банкны хувьд ямартай ч хуулиа батлуулж хараат бус байдлаа бэхжүүлсэн байгаа. Хуулиар бол хэн ч мөнгө гарга, хэвлэ, их хэмжээгээр тараа гэж Төв банкийг шахаж чадахгүй. Улс төрийн аргаар айлгаж сүрдүүлэх замаар дарамт учруулах эрсдэл бол бий.
-Сонгуулийн өмнө төв банк их мөнгө хэвлэснээс болж долларын ханш огцом савласан үе гэвэл та хэдэн оныг онцлох вэ?
-2013, 2014 оныг онцолно. Их хэмжээний мөнгө дотоодын зах зээлд нийлүүлэгдсэн тэр үед долларын ханш 1300 төгрөгөөс 2000 болж өссөн. Үүнээс үүдэж юмны үнэ хоёр, гурав дахин өсч байсан. 2013 оноос хойш бидэнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн хувьд маш хүнд жилүүд тохиосон. Тэр хямралаас гарах гэж оролдсоор яваад, байдал эерэгээр наашилсан ийм үед дахиж тийм алдаа хийвэл бүр л эвгүйднэ.
– Манай улс уул уурхайд тулгуурласан эдийн засагтай. Ийм онцлогтой эдийн засгийг буруу удирдаад байна л даа. Баялгийн үнэ өндөр үед олсон их орлогоо үрэн таран хийчихээд, нүүрс, зэсний үнэ буунгуут валютын сангийн хөтөлбөрт орж амиа аргацаагаад амьдардаг нь бараг зуршил болчихлоо гэдэгтэй та санал нийлэх үү?
-Зарим талаар санал нийлнэ. Гол асуудал бидэнд өөрсдөд маань байна. Манай улсын бодлого туйлбаргүй. Бас их туйлширдаг. Эдийн засгийн бодлогоо сайн хэрэгжүүлж чаддаггүй. Таны хэлсэнчлэн Монгол уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай. Солонгос, Япон зэрэг аж үйлдвэрт түшиглэсэн эдийн засагтай улсууд үндэсний нийт орлогоо үйлдвэрлэлээсээ олдог. Тухайн орлого үйлдвэрлэлийн орлого мөн гэдэг нь маргаангүй. Тэр орлогын тодорхой хэмжээг улс зөвхөн татвар болгож авдаг. Ерөнхийдөө ийм схемтэй. Монгол Улсын хувьд экспорт бага учир төсвийн орлогын 30-аас дээш хувь нь уул уурхайн орлого байдаг. Уул уурхайн орлого их хэмжээгээр хуримтлагдаад ирэхээр уурхайн мөнгө бус улстөрчдийн мөнгө мэт ойлголт бий болдог. Үүнээс үүдэж тэр орлого мөнгө тараах, янз бүрийн хэрэгтэй хэрэггүй зүйлс хийх гэх мэт зүйлс рүү хөвдгийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл аж үйлдвэржсэн орон, уул уурхайд түшиглэсэн улсын эдийн засаг эрс тэс ялгаатай. Уул уурхайн орлогыг баруунд рент буюу түрээсийн орлого гэж үздэг. Япон, Солонгосын хувьд ашиг орлого их байвал үйлдвэрлэлээ хөгжүүлж хөрөнгө оруулалт хийж, хүмүүсээ сургах зэрэг үр ашигтай зүйлд зарцуулдаг. Эдийн засгийн онцлог нь тийм. Харин Монголын нөхцөлд уул уурхайгаас орж ирж буй маш их мөнгийг улс төрчид хуваарилдаг.
-Уул уурхайгаас орж ирсэн мөнгийг улстөрчид зөв зүйлд зарцуулдаг бол эдийн засагт нэмэртэй нь тодорхой. Гэхдээ манай улстөрчид тойрог руугаа чирч, попорсон амлалтаа биелүүлэх гэж цацаад дуусдаг. Ингээд харахаар уул уурхайн том төсөл ордуудад төрийн оролцоо өндөр байх нь эрсдэлтэй юм биш үү?
-Тийм л дээ. Төрийн өмчтэй уул уурхайн том компани ашигтай ажиллалаа гэж бодоход орлогыг нь үйлдвэр байгуулах, цахилгаан станц барих зэрэг эдийн засагт өгөөжөө өгөх бүтээн байгуулалтад зарцуулбал өөр хэрэг. Гэтэл манайд тэр их мөнгийг хэрхэн хуваах вэ гэсэн яриа голлоод байна л даа. Ийм хандлага, үзэгдэл зөвхөн нэг хоёр улс төрчийн дунд байсан зүйл бол нөлөө нь жижиг. Нийт нийгмийн асуудал болж хувирч байгаа нь л болгоомжлол төрүүлээд байна. Орлогоо яаж хуваах вэ гэдэг хүлээлтэд бүгд орчихсоноос биш олсон мөнгөөрөө бусад салбараа яаж хөгжүүлэх тухай ярьж байгаа хэсэг алга. Станц барих гэх мэт бүтээн байгуулалтын асуудлаа бүр мартчихсан. Үүнийг л уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хараал гээд байгаа юм. Таны асуусанчлан манай уул уурхайн салбар хувийн компани дээр тулгуурласан бол байдал өөр байх байсан. Том, том уурхайнууд бүгд улсын мэдлийн компани болчихоор саалийн үнээ болчихож байгаа юм.
-Төрийн өмчийн уул уурхай улстөрчдийн саалийн үнээ болсон тод жишээ нь Эрдэнэт. Дээр нь “Эрдэнэс Таван толгой” нэмэгдчихсэн. Одоо Оюу толгойг саалийн үнээ болгох далд тэмцэл өрнөөд байх шиг санагдах юм…?
-Магадгүй л юм.
-Наанаа монголчуудад ашиггүй төсөл гэх мэт эх оронч гоё тайлбарууд хэлж байгаа ч цаанаа Оюу толгойгоос улсын төсөвт орж байгаа татвараас миний халаасанд бага мөнгө, чинийхэд их орчихлоо гэсэн маргаан л хурцдаад байна гэж харах хүнтэй цөөнгүй таарлаа…?
-Үгүйсгэхэд хэцүү хардлага.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Эдийн засаг талаас нь онцолж харахгүй байна гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?
-Үндсэн хуульд чухал гэж хэлж болох хэд хэдэн эдийн засгийн ойлголт, хязгаарлалтыг тусгах ёстой. Хамгийн түрүүнд яригдах ёстой зүйл бол эдийн засгийн бодлогын хариуцлага. Түрүүн та бид хоёрын ярианы сэдэв болсон асуудал байна. Төв банкийг шахаж, хэрэгтэй хэрэггүй янз бүрийн томоохон төслүүдэд мөнгө гаргасны хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал тодорхойгүй байна. Төв банк шахалтаар нь их мөнгө гаргавал тухайн үеийн төв банкны ерөнхийлөгч хэдэн жилийн дараа буруутаж шоронд суух аюултай. Гэтэл үүнийг шахаж, дарамт үзүүлж, мөнгө гарга гэж тушаасан хүн нь хариуцлагаас мултардаг. Ийм хууль эрх зүйн орчин манайд үйлчилж байгаа. Хоёр дахь анхаарах гол асуудал бол улсын төсвийн мөнгийг хуваарилах, зарцуулах. Ингэхдээ үр ашиггүй зүйлд зарцуулах ёсгүй. Төслүүдээ сайн судалж төлөвлөгөөний дагуу хийх ёстой. Тэр тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид хэдхэн жилийн өмнө 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө баталсан. Тэр дагуу явж байгаа ч дахин өөрчлөлт хийнэ гэж байна. Урт хугацааны хөгжлийн бодлогоо жил бүр засдаг манайх шиг улс дэлхийд байхгүй. Учир нь улс орны урт хугацааны төлөвлөгөө гэдэг үндсэндээ ерөнхий чиглэл байдаг. Богино хугацааны төлөвлөгөөнүүд дөрвөн жилийн доторх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Үүнд л бид гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Түүнээс биш 20,30 жилийн дараах үлгэр шахуу зүйлд хамаг цагаа зарцуулж сүртэй зүйл ярих шаардлагагүй. Тэр төлөвлөгөө байж л байг, харин одоо энэ жил, ирэх жил юу амжуулахаа л онцгой анхаарах хэрэгтэй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гэж бий. Энэ хуульд урт хугацааны бодлого батлагдаад тодорхой хугацаанд гар хүрэхгүй гэсэн агуулгатай заалт туссан. Манайд хөгжлийн бодлогын ач холбогдлын төлөвлөлтийг сайн барьдаггүй учир ямар ч хууль байсан нэмэргүй. Тухайн үед эрх мэдэлтэй яваа улстөрч бодсоноороо хачин юм хийж, өнөөхийг нь дараагийн хүн засдаг. Ийм байнгын засварын процесстойгоор аж төрж ирсэн. Тэрний дагуу юм хийж байгаа юм уу гэвэл бас л үгүй.
-Сүүлийн асуулт. Төв банк ажил эрхлэлтийг дэмжих ёстой, эдийн засгийг тэлж томруулахад өндөр оролцоотой үүрэгтэй ажиллах ёстой гэсэн хандлага байр суурь бий. Үүнийг үгүйсгэсэн байр суурьтай эдийн засагч ч олон. Таны хувьд төв банкинд ийм үүрэг бий юу?
-Ер нь бол хоёр янзын үзэл бодол бий л дээ. Нэг нь төв банкнууд ажил эрхлэлт, эдийн засгийн хөгжлийг дэмжих ёстой гэсэн үзэл баримтлал. Гэхдээ энэ үзэл баримтлалыг сүүлийн жилүүдэд хэрэглэхээ больсон. Учир нь төв банк эдийн засгийг хөгжүүлдэг газар биш. Энэ бол Засгийн газрын үүрэг. Ямар бүтээн байгуулалт хийж, хөрөнгө оруулалт хэрхэн татаж эдийн засгийг хөгжүүлэх нь Засгийн газрын асуудал. Төв банкны цорын ганц үүрэг бол төгрөгийн ханшийг хадгалах. Энэ үүргээ биелүүлж үнийн өсөлтийг аль болох өндөр байлгахгүйд л анхаарах ёстой. Түүнээс биш ямар нэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг байхгүй, байх ч ёсгүй.
С.АНУ-ҮЖИН
Төв аймгийн нутаг Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалтай холбох 32.2 км урт хурдны зам ашиглалтад орсноос хойш сарын хугацаа өнгөрөх гэж байна. Манай улс долдугаар сарын 5-ны өдөр анхны хурдны замаа хүлээн авсан ч одоогоор иргэд зорчих боломжгүй гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат хэллээ. Тэрбээр “Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орох хүртэл иргэд Төв аймаг руу хурдны замаар зорчих боломжгүй. Одоогоор хөдөлгөөнийг нээгээгүй. Иргэд нисэх буудал ашиглалтад орсны дараа бүрэн зорчих боломжтой” хэмээв. Монголын анхны хурдны авто зам нь Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийнхөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальт, бетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, хоёр урсгал зургаан эгнээтэй юм. Тус хурдны замаар 100 км/цагийн хурдтай зорчих эрхтэй. Хэрэв нэгэнт тус замыг сонгосон бол замаас гарах боломжгүй тул шинэ нисэх буудал хүрч эргэх аж. Тэгвэл шинэ нисэх буудлын үйл ажиллагаа ашиглалтад ороход бэлэн болсон ч үйл ажиллагаа нь 10 сарын дараа жигдэрнэ гэж холбогдох албаны хүмүүс хэлж буй.
Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төсөлд Говь-Алтай аймгаас Алтай, Дарив, Шарга сум хамрагдан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төслийн хаалтын үйл ажиллагаагааг зохион байгууллаа.
Хаалтын үеэр төслийн хэрэгжилтийн үр дүн хэлэлцэн, аймгийн зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх чадавх бэхэжсэн талаар санал сэтгэгдлээ хуваалцаж, төслөөс санхүүжүүлсэн техник, тоног төхөөрөмж, багийн хөршийн бүлгийн үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэн худалдаатай танилцах ажлууд зохион байгуулагдлаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Голд автомашинаа угааж байсан иргэн хөл алдаж живсэн харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт гарчээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т / “Дэлгэр мөрөн” голд “Сонато-7” загварын суудлын автомашин угааж байсан хоёр хүнээс тус аймгийн Арбулаг сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага 2019.07.24-ний өдрийн 18:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай 6 км зам туулан 19:01 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 21:02 цагт түр зогсоосон байна. Үргэлжлүүлэн 2019.07.25-ны өдрийн 08:00 цагт эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт 3 км тус багийн “Улаан байшин” гэдэг газраас 08:22 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа аж. Иймд дээр дурдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
UNMISS ажиллагааны хүчний командлалын штабын дарга, бригадын генерал Бжоерн Гауте Херлинг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид Бентью хотод энэ сарын 23-24-ний өдрүүдэд ажилласан. Энэ үеэр бригадын генерал Бжоерн Гауте Херлинг гадаадын цэргийн баг тэр дундаа Монгол Улсын мотобуудлагын батальоны VIII хамгаалалтын Сьерра 3, 8 дугаар цэгт үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагчид болон “Хубилай” баазын эргүүл, цуваа, дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалт, дүрвэгсдийн ахуй байдал, Засгийн газрын цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Түүнчлэн Монгол Улсын мотобуудлагын батальоны VIII ээлжийн багийнхан хүндэт генералыг угтаж, батальоны танилцуулга, хариуцлагын бүс, дотоодын дүрвэгсдийн хуарангийн цагийн байдал, харуул, хамгаалалт, НҮБ-ын харьяа байгууллага, албан тушаалтантай хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ч дурдав.
Тэрбээр уулзалтын төгсгөлд Монгол гэрээр зочлон “Монгол Улсын батальоны танилцуулга, бүтээн байгуулалт, харуул, хамгаалалт, үүрэг гүйцэтгэлтэд сэтгэл хангалуун байгаа” гэдгээ “Хүндэтгэлийн дэвтэр”-т бичиж үлдээжээ.
Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм.
Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний гурван өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Шүүхийн эрх мэдлийг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой асуудлуудаар тус тус зохион байгуулсан.
Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр өнөөдөр (2019.07.25) 10 цагаас Төрийн ордонд эхэллээ.
Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, З.Нарантуяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын бусад удирдлагууд, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, гишүүд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон 21 аймгаас 38, нийслэлийн 9 дүүргээс 16 оролцогч, түүнчлэн зарим сум, баг, хорооны төлөөллүүд, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс хэлэлцүүлгийг нээлтэд 120 гаруй нь хүрэлцэн ирээд байгааг хэлэлцүүлгийг даргалагч танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе.
Өмнөх хэлэлцүүлэгүүдэд хэлсэн энэ үгээ дахин давтан хэлээд байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандах, мэдлэг туршлага, оюуныхаа хүч боломжийг бүрэн дайчлахыг Та бүхэндээ сануулан уриалж байгаа хэрэг юм шүү.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, “зарим Засаг даргаа сонгох эрхийг иргэдэд өгөх, хот байгуулах боломжийг нэмэгдүүлэх” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.
Миний зүгээс “нийслэлийг онцгойлон авч үзэж доторх зохион байгуулалтыг нь тусгайлан хуульчлах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд хуваан үзэхдээ хотыг нэмэх, аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлогт тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналаар Улсын Их Хурал шийдвэрлэдэг байх” зэрэг нэгдмэл улсын зарчмыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль эрх зүйн болон ойлголт, амьдралд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хаана оршин суугаагаасаа үл хамааран төрөөс тэгш үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэх ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.
“Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого гэдгийг давтан хэлэхийн зэрэгцээ өнөөдрийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
Амжилт ололт, алдаа дутагдлаа нийтээр хэлэлцэж, засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоороо ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинэчлэлд хөтөлнө гэдэгт найдаж байна.
Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй гэлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг тус тус танилцуулж байна. Дараа нь төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Өнөөдөр Орон нутаг, засаг захиргааны сэдвийг хөндөж байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Дараагаар нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг холбогдох удирлагууд танилцуулж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг танилцуулав. Тэрбээр:
-Хот байгуулахад ямар зэрэг зиндаатай байх вэ гэдгийг УИХ шийднэ. Хот аймгийн зиндаанд хүрсэн учир хотын захирагч гэдэг хүн орж ирнэ. Аймаг, хот, нийслэл, багийн Засаг даргыг таван жилийн хугацаагаар сонгоно гэж Ерөнхийлөгчийн төсөлд тусгасан. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жилийн хугацаагаар сонгох заалт тусгасан байгаа. Сум, дүүргийн Засаг даргыг иргэд нэр дэвшүүлж, Иргэдийн хурал батална. Иргэд өөрөө Засаг даргаа сонгосныг дээд шатанд батална гэсэн үг гэлээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор энэ сарын 25-наас буюу өнөөдрөөс эхлэн Нийслэлийн авто замын хөдөлгөөний таван чиглэлийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байна. Тодруулбал,
1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу 23-р сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг замыг урдаас хойш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна.
2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төвийн баруун замыг хойноос урагшаа нэг чиглэлд, зүүн замыг урдаас хойшоо нэг чиглэлд,
3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж
4. Баянзүрх дүүрэг 4-р хороо “Американ дэнж”-ийн урд замыг зүүнээс баруун чиглэлд буюу “Гялс” төврүү нэг чигийн хөдөлгөөнд орууллаа.
5. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Тэди төвийн зүүн замыг хойноос урагшаа нэг чиглэлд, Найман шаргын замыг урдаас хойшоо чиглэлд оруулж байна. Дээрх өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөх бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас гудамж замын хяналт шалгалтыг эрчимжүүлэх тул жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.
Замын хөдөлгөөний ачаалал харьцангуй бага байгаа энэ үеэр мэдээлэлгүй иргэдэд мэдээлэх ажлыг түлхүү явуулахаар Замын цагдаагийн газраас төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд жолооч нарт арга хэмжээ авалгүйгээр, суртачлан таниулах ажлыг цагдаа нар уулзварууд дээр хийж байна.