1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно, салхи зүүн өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 28, 29-нд нутгийн хойд хагаст үргэлжилсэн бороо орно. Салхи 27, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Дарьгангын тал нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 05:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 4 алба хаагч,1 автомашинтай 2 км зам туулан 05:53 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Монгол гар хивс” ХХК-ийн хашаанд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 18:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 18:10 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 26 км-т/ иргэн Н-ын эзэмшлийн ‘’Норд бенз’’ загварын ачааны автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдсоны улмаас шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 22:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 26 км замыг туулан 22:58 цагт очиж, 37 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Хядага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км-т/ 2 хүн эмийн ургамал түүж байгаад тус аймгийн Мөрөн сумын Нисэх багийн харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг хамт явсан иргэн Т-ээс 07.24-ний өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 11 хүн, 1 автомашинтай 23:55 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.25-ны өдрийн 08:41 цагт тус багийн “Сөртийн хөндийн-Эх” гэдэг газар иргэн Т-гийн гэрээс эсэн мэнд олсон.
Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ “Дэлгэр мөрөн” голд 2 хүн сэлж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 15 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 27 хүн, 5 автомашин, 2 завьтайгаар 07.24-ний өдрийн байдлаар тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилэнтийн гүүр”, “Өндөр хясаа”, “Хүүшийн булан”,”Ногоон булаг”, “Баян-Эрхэт”, Тосонцэнгэл сумын “Цацын булан” гэдэг газраар нийт 114 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 07.25-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Усанд суусан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн Ерөө голын “Дунд гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ “Хонин нуга” гэдэг газраас мод бэлтгэн тээвэрлэж явсан 3 хүн “ЗИЛ-131” загварын ачааны автомашинтай “Ерөө” усанд суусан тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 01:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 3 алба хаагч, орон нутгийн 1 иргэн, 1 автомашинтай 04:40 цагт “Ерөө” голын дунд гармын чиглэлд явсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР