Categories
мэдээ цаг-үе

Н.Энхбаяр: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бус шинэ Үндсэн хууль батлах шаардлагатай

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлчихлээ. Эдгээр өдрүүдэд нэмэлт, өөрчлөлтийн сэдэв бүрээр хууль санаачлагчид болон улс төрийн нам, иргэд, олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан санал, төслүүдэд та ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр 14 нам, гурван иргэний хөдөлгөөн нийлээд бүхэлд нь энэ нэмэлт, өөрчлөлтийг хууль зөрчсөн явдал болгосон. Нэмэлт өөрчлөлтийг таслан зогсоож, шинэ Үндсэн хууль хий, Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж ажилла. Үндсэн хуулийг боловсруулах хэлэлцэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуул. Ард түмний оролцоотой өөрчлөлт хий гэдэг санал гаргалаа. Сүүлийн жилүүдэд нийгэмд одооны гаж тогтолцоог засъя, зөв зүйтэй тогтолцоотой болгоё гэсэн эрэл хайгуул хийгдэж байгаа. Эрдэмтэд, улс төрийн намууд ч өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Манай намын хувьд энэ гаж тогтолцоог засах арга нь шинэчилсэн найруулга буюу шинэ Үндсэн хуулийг боловсруулж, хэлэлцүүлэн, батлаад хэрэгжүүлбэл хамгийн зөв гарц болно гэсэн байр суурьтай байгаа. МАН-ынхан энэ асуудалд хандахдаа маш жижигхэн өөрчлөлт хийж хямралыг шийдье гэж байна. Гэтэл зарчмын хувьд жижигхэн өөрчлөлтөөр үүнийг шийдэх боломжгүй гэж үзэж байгаа юм. Асуудалд хандаж байгаа хандлага өөр байна л даа. Манай намын зүгээс томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй. Учир нь жижигхэн өөрчлөлтөөр юуг ч засах боломжгүй гэдгийг аль хэдийнэ ойлгочихсон шүү дээ. Хоёрдугаарт, онол, практикийн талаасаа Үндсэн хууль гэх эцэг хууль маань нийгмийн гэрээ гэж томьёологддог. Нийгмийн гэрээ гэдэг төр засаг ард түмний хооронд яаж амьдрах, ажил төрлөө хэрхэн зохицуулах зэрэг тохиролцоо гэсэн үг. Өнөөдрийн МАН нийгмийн гэрээ гэх зүйлийг зөрчиж ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. МАН-ын 64 гишүүн төрийг төлөөлж байна. Төрийг төлөөлж байгаа хүмүүс өөрсдөдөө зориулж нэмэлт өөрчлөлт санаачлаад хоорондоо гэрээ хийх гээд байгаа юм. Ард түмэнтэй гэрээ хийхийн оронд өөрсөдтэйгөө гэрээ хийх нь. Эсвэл МАН, УИХ-тай гэрээ хийх гээд байгаа юм уу. Онол, практикийн хувьд хамгийн хориотой зүйлийг хийх гэж л байна даа. Мөн улс төрийн нам, иргэний хөдөлгөөн, нийгмийн нэртэй төртэй зүтгэлтнүүдийг оролцуулаач гэх бидний үгийг хүлээж аваагүй. Хэлэлцүүлгийн үеэр анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай санамсаргүй тааралдлаа. Би “Та анхны Ерөнхийлөгчөөс гадна 1992 онд Үндсэн хуулийг батлахад ажлын хэсгийг ахалж байсан. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд таныг урьж байна уу” гэтэл “үгүй ээ, намайг уриагүй” гэсэн. Энэ чухал хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа үед хамгийн түрүүнд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг урих ёстой биз дээ. Нөгөө залгамж чанар, бие биенээ хүндэтгэх, ах зах ёс хаана байна. Нийгмийн гэрээ гэдэг ёс ч алга. Хуйвалдааны маягаар өөрчлөлт оруулах гэж зүтгэж байна. Хэлэлцүүлэг өрнөж байгаа заалны ширээн дээрх бүх микрофоныг салгасан байна лээ. Хүн үг хэлэх бололцоогүй. Зөвхөн хурал даргалагч зөвшөөрсний дагуу индэрт гарч хүн үг хэлэх эрхтэй. Цаг шахуу. МҮОНТВ-ээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоод бусад намын дарга оролцоод мэтгэлцье гэхээр хүлээж авахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуульд ил тод явуулах ёстойгоос гадна хоёр төсөл зэрэг хэлэлцэж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл гишүүд нь нэг төсөл, Ерөнхийлөгч нь нэг төсөл өргөн барьчихсан. Хоёр төсөлтэй болсон бол энэ байдлыг таслан зогсоох ёстой. Зүй нь, Ерөнхийлөгч нэгдүгээр хэлэлцүүлгээс өмнө төслөө өгөх ёстой байсан. Энэ ажлыг УИХ зохион байгуулах ёстой. Нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа төсөл өргөн барьсан нь хууль зөрчсөн үйлдэл. Дээр нь анх УИХ-ын 62 гишүүний гарын үсэг зурсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эх бичгээс өөр төсөл хэлэлцэж байна. Бичиг үсэг, үг, өгүүлбэр зөрчихсөн төсөл яригдаж байна. Энэ бол зөвхөн журмын тухай хууль биш Үндсэн хуулийг зөрчсөн үйл ажиллагаа. Энгийн хуулийг ч ингэж хэлэлцэж болохгүй. Бүхэлдээ хууль зөрчсөн үйл ажиллагаа учраас үүнийгээ таслан зогсоож, хууль зөрчсөн байдлаар муйхарлаад хэрэггүй ээ гэж байгаа юм. Энэ бол нийгмийн гэрээ. Зөвхөн Их хурал, МАН-ын хоорондын байгуулж байгаа гэрээ биш ээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бус шинэчлэн найруулах шаардлага бий. Шинэ Үндсэн хуулийг хамтдаа ярилцаж хэлэлцье гэсэн байр суурьтай байна. Байгалийн баялаг гэх хэрүүлийн алим бий болж олон жил бид хэрэлдлээ. Өнөөдрийн гажуудлыг өмнөө барьж байгалийн баялгийг өөрт хэрэгцээтэйгээр ашиглаж баяжсан хүмүүс байна. Оффшор дансанд их мөнгө нуусан ч хүмүүс бий. Гэтэл нийт ард иргэдийн ихэнх нь ядуу. Энэ бол байгалийн баялгийн асуудал буруу зохицуулагдчихсанд байгаа юм. Үүнийг засаж ард түмэндээ өгөх хэрэгтэй. Байгалийн баялгаа өөрсдөө авсан хэвээрээ байх юм уу. Ядуурлаа яаж шийдэх гээд байгаа юм. Байгалийн баялгийг ард түмэнд өгөөгүй цагт Монголд ядуурал шийдэгдэхгүй.

-Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан саналд энэ заалтын тухай “нийтийн өмч” хэмээн оруулсан байсан?

-Нийтийн өмч гэхээсээ илүү ард түмний дундын өмч гэвэл илүү тодорхой ойлголт болно гэж бодож байна. Төрийн өмч гэдэг нэршлийн дор дарга нарын өмч болгосон зохицуулалт шүү дээ.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх Шүүх эрх мэдлийн хүрээнд орсон өөрчлөлтүүдийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно гэж заасан байна. Бүхэлдээ шүүхийн томилгоо Ерөнхийлөгчийн гарт байгаа бол энэ өөрчлөлтөөр намын даргын гарт очих гэж байна. Юу ч өөрчлөгдөхгүй. Бүр дордоно. Бидний зүгээс шүүгчийн томилгоог ард түмнээс сонгодог байх хэрэгтэй гэж үзсэн. Ард түмний хувь заяаг шийддэг хүн шүүгч л байдаг. Дарга нарыг хамгаалдаг шүүгчийг тэд нар нь томилоод тэр тусмаа олонх болсон намын дарга томилоод байвал өнөөгийн нийгмийн байдал цааш үргэлжилсээр байна.

– Шүүгчдийг ард түмнээс сонгодог тогтолцоо хамгийн сул талтай. Сонгогдохын тулд зүй бус амлалт өгч мөнгөний хамааралтай болох магадлалтайг хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан?

– Монтескийн онолоор бүх ард түмний мэдэлд Засгийн эрх байна. Ард түмэн засгаа сонгодог. Ард түмэн засгаа сонгоно гэдэг Засгийн газраа, шүүхээ, парламентаа сонгоно гэсэн үг. Энэ төр засаг гурван засаглалаас бүрддэг. Хууль батлах парламент. Гүйцэтгэх хууль хэрэгжүүлэх Засгийн газар. Алдаа дутагдал гарвал шүүх. Энэ гурван эрх мэдэл. Хоёр нь нэг хүний гарт эсвэл нэг хүний гарт зэрэг очиж болохгүй аюултай гэж Монтескийн онолд байдаг. Биеэ даасан тус тусдаа байх ёстой гэж үздэг. Шүүхийг ард түмэн сонгодог болбол биеэ даасан шүүх болно. Ерөнхийлөгч хоёр удаа сонгогддог хэвээрээ. Энэ хугацаанаас илүү ажиллахгүй. Ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгодог болгох шаардлагагүй. Буруу ажиллавал Их хурал, Шүүх нь огцруулна. Шүүх ард түмнээс сонгогдоход Ерөнхийлөгчийг ч огцруулж чадна. Их хурлын гаргаж байгаа хуулийг ч буруу гэж хэлж чадна. Гэтэл өнөөдөр улстөрчид өөрсдөө шүүхээ сонгочихоод шүүх шударга бай гэдэг. Тэгээд араас нь утсаар ямар шийдвэр гаргахыг нь хэлдэг ийм л нөхцөл байдалтай.

-Гүйцэтгэх эрх мэдлийг сайжруулснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдэл албан тушаалыг илүү тодорхой болгож өгч байгаа. Ерөнхий сайдын эрх мэдлийг өнгөрсөн хугацаанд булаацалдсаар ирсэн учраас Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа гэх тайлбар бий. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эрх мэдлээ булаацалдсаар ирсэн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тийм. Тэгсээр ирсэн. Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа Ерөнхий сайд болгоё гээд хүний нэр өргөн барихаар буцаагаад байдаг тал байсан. Миний хувьд харьцангуй ойлголцож ажиллах зарчим барьдаг учраас аль болох ойлголцож ажиллаж байлаа. П.Жасрай, Н.Энхбаярын Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааг бүрэн дуусгасан Засгийн газар гэдэг. Тухайн үед ч би эрх мэдэл булаацалддаг зүйлийг ажиглаж л байсан. Ийм гаж тогтолцоог аль нэг талруу нь шийдэх хэрэгтэй. Гэхдээ онолынх нь дагуу шийдэх нь зүйтэй. Ингээд үзэхээр Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж тэргүүлээд явах нь зөв өө. Харин УИХ зөвхөн хууль тогтоох ажлаа хийх нь зөв гэж үзсэн. Онол, практикийн дагуу шийддэг хамгийн ойлгомжтой арга бол парламент бол хууль тогтоох байгууллага. Тийм учраас олонх, цөөнхөөрөө маргалдаад ч болов хуулиа л батал. Өөр ажилд битгий хутгалд. Засгийн газрыг ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч толгойлох ёстой. Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн сонгодоггүй биз дээ. Парламентад олонх болсон нам нь Ерөнхий сайдаа сонгож байгаа учраас ард түмний өмнөөс хариуцлага хүлээдэг хүн биш. Ингэж л давхардлыг арилгах ёстой. Одоо Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаад Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмлээ гэсэн ч энэ хоёр хоёулаа оршин байгаа үед асуудал шийдэгдэхгүй. Дараа нь дахиад л Ерөнхийлөгч болсон хүн эрх мэдэл дутуу байна гээд эрх мэдлийн тулаан үүснэ. Аль нэгийг нь л алга болгох хэрэгтэй. Ерөнхий сайдын ажлыг Ерөнхийлөгч хийг. Намууд олонх, цөөнхөөрөө хуваагдаад хуулиа гарга л гэж байгаа юм. Ерөнхий сайдтай нийлээд таван гишүүн давхар дээлтэй байх нь дутуу алсан могой шиг заалт орж ирж байна. Мөн хамгийн гол өөрчлөлт нь УИХ 50-иас доошгүй хоног чуулна гэж байсныг 75-иас доошгүй хоног чуулна гэж оруулж байна. Ямар ч ялгаагүй. Их хурлын үйл ажиллагааг сайжруулж, ядуурлыг бууруулна гэж байгаа юм. Би энэ бүхнийг дундуур нь туулж ирсэн хүн. Хэн худал, хэн зөв ярьж байгааг ёстой нэг томруулдаг шилээр харж байгаа юм шиг мэдэж байна. Энд хэн нэгэн хүнийг муулах гэсэнгүй. Үүний цаана жижигхэн заль явж байна. Нэг, хоёр намын заль эсвэл нэг, хоёр хүний хувийн амбиц явагдаж байна. Үндсэн хууль өөрчилсөн нэрээр ЖДҮ, 60 тэрбумын асуудлаа дарах, иргэдийг төөрөгдүүлэх зүйл явж байна. Үнэхээр нэмэлт өөрчлөлт хийе гэж байгаа бол дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгох хэрэгтэй. Тухайн үедээ парламент засаглалыг бэхжүүлсэн долоон өөрчлөлт болсон гэж үздэг ч УИХ, Засгийн газар хоорондоо хутгалдаж, холилдоод байгаа бол дордуулсан долоон өөрчлөлтөө хүчингүй болгочих л доо.

-Тэгэхээр манайх Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэж үзэж байгаа хэрэг үү. Манай улсад Ерөнхийлөгчийн засаглал хэр тохиромжтой вэ. Ард иргэд энэ засаглалыг дэмжих эсэх эргэлзээтэй байх. Ерөнхийлөгчийн засаглал нэг хүний эрх мэдэлд орох, хувь хүний хүсэл сонирхлоор улсын үйл ажиллагаа явагдах эрсдэл гарахыг үгүйсгэхгүй юм?

– Манайд Ерөнхийлөгчийн засаглал хамгийн тохиромжтой. Ард түмний 70 хувь нь дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ард түмэнд хариуцлагатай төр хэрэгтэй. Өнөөдөр аливаа асуудлын буруу нь хэнийх нь мэдэгдэхгүй тогтолцоог бий болгочихсон. УИХ, Засгийн газар, гишүүдийн хэн нь буруутай юм. Энэ бүхний цаана хулгай хийсэн ч халдашгүй дархан эрхтэй хүмүүс л байдаг. Хууль, шүүхийн байгууллага шалгая гэхээр шалгуулдаггүй. Үүнийг л өөрчлөхийн тулд ард түмний хяналтад оруулах нь зүйтэй. Ерөнхийлөгчийг Засгийн газрын тэргүүн болоход айгаад байх зүйл юу байна. Ард түмнээс л сонгогддог биз дээ. Парламентын засаглал бол намын дарангуйлал байхгүй юу. Ерөнхийлөгч хууль тогтоох, шүүхийн ажилд оролцохгүй. Зөвхөн Засгийн газрын ажлаа мэднэ. Хэрвээ алдаа дутагдал гарвал УИХ, ард иргэд Ерөнхийлөгчөө огцруулж болно. Тэгэхээр парламент хоёр танхимтай байх, Ерөнхийлөгч Засгийн газрыг удирддаг байх, нэг нь байнгын ажиллагаатай парламент, нөгөөх нь жилд хоёр удаа хуралддаг ардын их хуралтай адил парламент, Шүүгчдийг ард түмнээсээ сонгогддог болгох, байгалийн баялгийг ард түмэндээ өгөх, дээд боловсролыг үнэгүй болгох, эмнэлгийн зардлыг үнэгүй болгох зэрэг ойлгомжтой заалтыг тусгаагүй. Ядаж энэ зүйлсийг эргэн харж хэлэлцэх хэрэгтэй байна.

-Парламентын хоёр танхим бол холбооны улсын систем. Энэ систем манайд 1990-1992 онд хэрэгжиж байгаад больсон. Нэг талаар аймгуудыг муж улс болгох тогтолцоо руу түлхэх, улс орныг задлах аюултай зэргээр зарим хуульчид дүгнэдэг?

-Япон манайхтай адил нэгдмэл улс. Итали, Япон улс хоёр шаттай парламенттай. Муж улс болоод цаашаа, наашаа болж, салж тусгаарлаад байгаа зүйл алга. Нэгдмэл улс хэрнээ хоёр танхимтай. Хоёр танхимтай байгаагийн давуу тал нь нэг нь байнгын ажиллагаатай байж хуулиа тогтоох ажлаа хийнэ. Нөгөө нь ардын их хуралтай адилхан байнгын бус ажиллагаатай танхим. Энэ танхимыг сум бүрээс нэг хүн төлөөлж ирээд Улаанбаатар хотод байнгын ажиллагаатай бага хуралдааны баталсан хуультай танилцаж хянаж шалган ажиллах юм. Одоогийн энэ өөрчлөлт нэг намд хэрэгтэй эсвэл хоёр намд хэрэгтэй л өөрчлөлт.

-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108, таван жилийн хугацаатай болгох санал болгосон?

–Ерөөсөө өөрсөдтэйгөө холбоотой заалт хийгээд байгаа. Энэ хоёр төсөл, саналуудаас нэг заалтыг онцгойлж ярих боломжгүй байна. Учир нь бүхэлдээ энэ өөрчлөлт ард түмэнд ямар ч хамаагүй. Ард түмэн гэх нэг ч үг байхгүй. Би анхны хэлэлцүүлгийн өдөр одоогийн нэмэлт, өөрчлөлт дотор ард түмний эрх ашиг гэдэг хэдэн үг байгааг асуусан. Нэг ч үг байхгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дарга, цэрэг гэсэн үгс л их байна. Ард түмнээс сонгогддог парламенттай, ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй болох нь хамгийн зөв гарц. Гишүүдийн тоог харин 55 болгох хэрэгтэй.

-ҮАБ зөвлөл Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлж орж ирж байгаа талаар шүүмжлэлүүд байна.

-ҮАБЗ энд ямар ч хамаагүй. ҮАБЗ зөвхөн улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой. Онолынхоо эсрэг хийчихсэн учраас энэ нь зөв заалт, тэр нь буруу гээд байх юм алга. Онолын дагуу хийгээгүй болохоор нүх, цоорхой гарна. Хөрөөдөж тайраад гүйлгэх гэж оролдох байх. Урт настай биш. Авах заалт ганц ч байхгүй. Хэлэлцүүлгийн үед эргэж харах хэрэгтэй олон зүйл байна. Чи тэгж байсан, би ингэж байсан гэлгүйгээр хамтраад нийгэмд тулгамдсан ядуурлаас гарах, яаж шударга ёсыг сэргээх вэ, хариуцлагатай төр засгийг хэрхэн байгуулах вэ гэдэг дээр хамтрах хэрэгтэй. Гарц байгаа юу гэвэл бий. Гарцаа олж харж чадахгүй бол Үндсэн хуулийг битгий оролд. МАН-ынхан гарцаа олж харж чадахгүй байна. Ард түмэн хүлээн зөвшөөрөөгүй хууль богино настай байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Г.Ганзориг: Зээлийн хүүг хуульчилж тогтоовол сүүдрийн банкны үйл ажиллагаа идэвхжинэ

Эдийн засагч, судлаач Г.Ганзоригтой ярилцлаа.


-Монголд хэрэгжиж байгаа ганц мега төсөл бол Оюу толгой. Оюу толгойн эдийн засагт үзүүлэх нөлөөг судалсан зүйл бий юү?

-Оюу толгойн хувьд манай улсад гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй анхны том төсөл. МУИС-ийн Эдийн засгийн сургуулиас хийсэн нэг судалгаа байдаг юм. Тэр судалгаанд Оюу толгойн төсөл Монголын эдийн засгийн 12.5 хувийг шууд бүрдүүлж байна гэсэн онцолсон харагдсан. Оюу толгойн эдийн засагт үзүүлж буй нөлөөг илэрхийлэхээр олон статистик бий л дээ. Нийт экспортын 20 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 60-70 хувийг бүрдүүлдэг. Энэ төслийн хүрээнд 17 мянган хүн ажиллаж байна. Үүнээс гадна ажил гүйцэтгэгч буюу Оюу толгойн төслийг дагаж амьдардаг олон компани бий. Энэ жилийн топ зуун компанийг анзаараад үзээрэй. Шилдгээр шалгарсан маш олон компани Оюу толгойтой холбоотой ажилладаг. Ингээд харахаар Оюу толгой төсөл дан ганц хөрөнгө оруулалтын индикатор биш болчихож байгаа юм. Монголын эдийн засгийн индикаторуудыг хангаж байгаа төсөл гэж хэлж болно.

-Нэг төслөөс хамааралтай эдийн засагтай байх том эрсдэл шүү?

-Тэгэлгүй яахав. Бахархах зүйл биш. Бүхэл бүтэн улсын эдийн засаг ганц төслөөс хамааралтай байна гэдэг анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Оюу толгой төслийн хэрэгжилтэд ямар нэг саад учирвал нийт улсын эдийн засгийн 12.5 хувь нь алга болчихно. Энэ талаас нь харвал эмзэг сэдэв л дээ. Өөрөөр хэлбэл эдийн засагт шууд нөлөө үзүүлнэ гэсэн үг. Дам нөлөө ч их гарна.

-Оюу толгойг дагаж орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт гэхээр багагүй тоо гарах байх. Том төслийг дагасан хөрөнгө оруулалтын ийм хэлбэр дэлхийд нийтлэг байдаг жишиг үү?

-Тэгж ойлгож болно. Манайх шиг хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулж буй гадаададын хөрөнгө оруулагчид том төслийг хамгаалалт гэж хардаг. Учир нь том компани, мега төсөл гол дайралтыг авч байдаг онцлогтой. Хөрөнгө оруулагчдын хувьд хэрвээ Оюу толгой шиг том төсөл тухайн улсын эдийн засагт байхгүй бол хөлөө дүрэх шаардлагагүй гэж үздэг. Энэ талаас нь харахаар Оюу толгой яалт ч үгүй хөрөнгө оруулалтын гол индикатор. Дахиад хэлэхэд макро, микро эдийн засгийн ч индикатор.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг шингээж байгаа салбар бол уул уурхай. Эдийн засгийн бүтцээ эрсдэл багатай болгож, долларын ханшийн дарамтад бага өртөхийн тулд өөр ямар салбартаа анхаарвал зүйтэй бол?

-Таны сая хэлсэнчлэн Монголд одоогоор орж ирж байгаа гадны томоохон хөрөнгө оруулалтууд уул уурхайн салбарт төвлөрчихсөн. Уг нь уул уурхайн хувьд дахиад нэг том төсөл хэрэгжвэл эдийн засаг талдаа эерэг нөлөөтэй, долларын ханшийн өсөлт гэх мэт эрсдэлээс сэргийлэхэд дэм болно. Долларын ханшийг тогтвортой барихад суурь төлбөрийн тэнцлийн хяналт их чухал. Сүүлийн хэдэн жил төлбөрийн тэнцэл огт өөрчлөгдөөгүй. Манай улсын хувьд ерөөсөө л зэс, нүүрсээ зардаг. Байгалийн баялгаа зарж олсон мөнгөөрөө машин, механизм худалдаж авдаг улс. Давхар урсгал тэнцэл буюу үйлчилгээний импортын хувьд манай улс тасралтгүй алдагдалтай явдаг. Өөрөөр хэлбэл үйлчилгээгээрээ хангалттай мөнгө олдоггүй гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл ганц тэнцвэржүүлж байгаа зүйл нь хөрөнгө оруулалт болоод байна л даа. Хэрвээ хөрөнгө оруулалтынхаа тэнцлийг оруулахгүйгээр урсгал тэнцлээрээ ашигтай болж чадвал долларын ханш тогтвортой болох нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр үйлчилгээ тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Үйлчилгээгээрээ олон улсад ямар үйлчилгээ үзүүлж чадах вэ гэдэгтээ төвлөрч ажиллах хэрэгтэй.

-Доллар олох үйлчилгээ гэхээр хамгийн түрүүнд хөгжүүлэх боломжтой нь аль салбар вэ?

-Аялал жуулчлал байна. Дахин хэлэхэд үйлчилгээгээр экспорт хийх бидний хувьд том боломж. Өчнөөн боломж бий. Жишээ нь компьютерийн ухааны салбар. Хаана ч байсан хийж, хөгжүүлж, доллар олох боломжтой. Ер нь суурь асуудлаа шийдэж байж л валютын ханш урт хугацаанд тогтвортой болно.

-Валютын сангийн хөтөлбөрт байсхийгээд ордог цөөхөн улсын нэг бол бид. Байгалийн баялгийн үнэ дажгүй үед олсон доллараа бодлогогүй зарцуулж үрэн таран хийчихээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уначихаар тэвдэхдээ гаднаас тусламж хүсдэг ийм хэлбэр ер нь хэр зөв хандлага вэ?

-Манай улсын хувьд валютын сангийн хөтөлбөрт зургаанд удаа хамрагдсан. Монголын эдийн засаг тодорхой циклтэй болчихож. Нэг хэсэг сэргээд унадаг. Уначихаад эргэж сэргэдэг. Унах цикл бүрд нь Вальютын сан орж байдаг. Валютын сангийн хөтөлбөр хүсээд байх зүйл биш. Хоолны хачир шиг хэрэглэх нь тохиромжтой арга биш л дээ. Уг нь улс төрчид ямар нэг асуудлыг хөндөж шийдэх ёстой. Гэтэл манай улстөрчид нэг нэгнийгээ л барьж авч шүүмжлээд, тэрийгээ асуудал хөндөж байна гэж ойлгоод суугаа анзаарагддаг. Үнэн хэрэгтээ тэр хүн нь системийн нэг л хэсэг. Асуудал гэдгийг энгийнээр тайлбарлавал салбар салбарыг хөгжүүлэх. Салбарууддаа анхаарах ёстой. Мэдээж судалгаа гэх мэт нарийн ширийн үндсэн ажлыг судлаачид нугалаад өгчихнө. Ингэж судалгаа тооцоонд үндэслэсэн асуудлыг гаргаж тавьж чадвал Монгол Улс өөрийн гэсэн бодлоготой болно. Ингэсний эцэст л хөгжих зам тодорхой болно.

-Ипотекийн зээлд төр оролцох ёсгүй, ёстой гэсэн эсрэг тэсрэг байр суурь бий. Манай улсын хувьд аль нь зөв хувилбар бол?

-Монгол шиг эдийн засагтай улсад ипотекийн зээлд төр оролцох нь зөв. Учир нь Монгол хэлбэржээгүй эдийн засагтай. Тэр утгаараа эдийн засагт бодлоготойгоор чиглүүлэг өгдөг зүйл байх нь зөв. Тухайлбал их хэмжээний бохирдол үүсгэдэг гэр хороололтой байх нь буруу, хамгийн зөв шийдэл нь орон сууц гэх мэтээр харах ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр ипотекийн зээлийг бий болгож, эргүүлээд ард түмэнд нь өгч байгаа нь цаанаа том утгатай. Иргэдийнхээ эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдэг утгаараа зайлшгүй хэрэгжих учиртай бодлого.

-Зээлийн хүүг хууль гаргаж бууруулах боломжтой юу?

-Зээлийн хүү гэдэг бол мөнгөний үнийг илэрхийлдэг зүйл. Банк санхүүгийн байгууллагад монополь зүйл байхгүй. Цэвэр өрсөлдөөнт зах зээл. Өрсөлдөөний зарчмаар үнийн дүнг тогтоож байхад төр дундуур нь орж ирэх нь зохимжгүй. Зээлийн хүүгийн хэмжээг хууль гаргаад тогтоочихвол шууд утгаараа сүүдрийн банкны үйл ажиллагаа явагдаж эхэлнэ. Сүүдрийн банк нь банк бус санхүүгийн байгууллага дээр бий болох эрсдэлтэй. Үүсэх үр дүн нь тодорхой. Гар дамжсан зээл, ломбард гэх мэт үйлчилгээ цэцэглэж жинхэнэ утгаараа мөнгө хүүлэх үйл ажиллагаа хүрээгээ тэлнэ. Хүүгийн хязгаарыг тогтоосноор мөнгө хүүлэх үйл ажиллагаа зогсохгүй.

Э.НАРАНЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Г.Бямбажаргал: Гадаадынханд талын салхитай Монголыг очиж үзэх юмсан гэсэн сэтгэл төрүүлтэл дуулахыг хичээдэг

Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Гомбодоржийн Бямбажаргалтай ярилцлаа. Тэрээр Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртсэн юм.


-Өнгөрсөн ч гэсэн баяр наадмын мэнд дэвшүүлье. Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цол хүртсэнд давхар баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Монгол түмний үндэстний баяр наадмын өмнө энэ сайхан цолыг хүртсэнд их баяртай байгаа. Энэ цолыг хүртэхэд үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх” чуулгын хамт олны дэм, туслалцаа их байсан. Хамгийн гол үүрэг гүйцэтгэж ардын дуу, уртын дууг зааж сургасан Монгол Улсын гавьяат багш Цэвээндолгорын Дэлгэр, зууны манлай уртын дуучин, хөдөлмөрийн баатар Намжилын Норовбанзад багш хоёртоо сөгдөн мөргөж байна. Хоёр ачтаныхаа буянаар би энэ сайхан мэргэжлийг сонгож, өдий зэрэгтэй урлагийн тогоонд чанагдаж, ард түмэнд үнэлэгдэж байгаадаа их баяртай байна.

-Таныг гавьяат цол хүртэхийг үзэгч, сонсогчид хүлээж байсан нь гарцаагүй. Баярт мэдээг хамгийн түрүүнд хэнд дуулгав даа?

-Шагналын талаар баярын өмнөх өдөр мэдсэн. Хөдөөнөөс ирчихээд хүүхдүүдтэйгээ хоол идээд сууж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдоод мэндчилгээ дэвшүүлж ярьж байна. Тэгээд л үргэлжлүүлээд шагнах тухай мэдээг дуулгасан. Тэр үед би “Аанхан” гээд л сонин болчихсон. Дээшээ юм огшоод, дуу гарч өгөхгүй. Утсаа тавьчихаад хүүхдүүдийнхээ өөдөөс хараад л суучихсан. Тэгтэл охин маань “Ээж яав аа та” гэхэд “Намайг шагнал авна байна. Ээжийг нь гавьяат авсан гэж ярьж байна” гэхэд орилоод босоод ирсэн. Тэгээд шууд ээж рүүгээ залгаж хэлсэн. Ээж маань надаас илүү баярлаж байна гэж жигтэйхэн. Дараа нь хадам аавтайгаа ярилаа. Хадам аав, ээж хоёр маань Увс аймгийн Завхан суманд амьдардаг. Тэдэнтэйгээ ярьсны дараа багштайгаа ярьсан. “Дэлгэр багш аа, би таны хэд дэх гавьяат шавь бэ. Би гавьяат авах юм шиг байна” гэхэд “Өө баяр хүргэе, миний хүү. Найм дахь байна уу, ес дэх нь дөө миний хүү” гэж байсан. Их театрын дуучин Энхбаатар бид хоёр хамт шагнал авсан. Энхбаатар эхний ээлжинд ороод цолоо авсан. Тэгээд багшийн маань найм дахь гавьяат шавь нь болсон доо. Би ес дэх нь болсон. Ес гэдэг тоо надад их бэлгэтэй тоо. Бид эцэг, эхээс есүүлээ. Ээжийн маань ач зээ нар ес, ес байдаг юм. Дээр нь багшийнхаа ес дэх гавьяат цолтон шавь боллоо.

-Та зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн отгон шавь нарын нэг, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Дарханы театрын дуучин Н.Далхжав, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин н.Байгаль бид гурав нэг анги. Бидний доод ангийн Б.Батмэнд, одоо Их театрын дуучин байгаа. Бид дөрөв Норовоо багшийн отгон шавь нар нь. Уг нь би анх дуурийн дуучны ангид орсон юм. Тэндээ нэг сар болоод уртын дууны анги руу шилжсэн. СУИС-д анх шалгалт өгөхөд ардын жүжигчин А.Загдсүрэн багшийн ангид хуваарилагдлаа. А.Загдсүрэн гуай сонгодог урлагийн дуулаачийн ангийн багш. Төгөлдөр хуур дээр дасгал уншихаар хөдөө өсч өндийсөн надад нь ой тоонд нэг бууж өгөхгүй байлаа. Гэтэл нөгөө ангид сайхан уртын, ардын дуу дуулж байгаа нь надад илүү ойр дотно санагдаад болдоггүй. Тэгж л энэ мэргэжлийг эзэмшсэн дээ.

-Та уртын дуу, ардын дууг л голдуу дуулдаг. Зохиолын цөөн тооны дуу тань олон нийтэд их хүрсэн байдаг шүү?

-Миний урын санд ардын дуу, уртын дуу л голдуу бий. Зохиолын дуу их цөөхөн. З.Батсүхийн хөгжим, Н.Наваан-Юндэн гуайн шүлэг “Таван эрдэнэ”, Л.Мөрдоржийн хөгжим, Д.Пүрэвдоржийн шүлэг “Дөрвөн цагийн тал”, Ц.Пүрэвхүү багшийн “Ээждээ”, Г.Эрдэнэчулуун багшийн “Эрхийн чинээ хүү, Пүрэвсүрэнгийн “Өмнийн говь нутаг” гээд цөөн хэдэн дуутай. Цөөхөн дуу дуулахаар ард түмэнд хүрдэг юм уу даа /инээв/. “Таван эрдэнэ”, “Дөрвөн цагийн тал” хоёр “Монгол тулгатны 100 дуу”-ны хамгийн эхний дугаарт орсон байдаг. Тэр явдал надад ихээхэн эрч хүч өгсөн.

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Одоохондоо шинэ уран бүтээл дээр ажилласан юм алга. Ирэх намар “Түмэн эх” чуулгын 30 жилийн ой болох гэж байгаа. Ойдоо зориулсан тоглолтуудтой байна.

-Уртын дууг Монголын томоохон өв соёл, гадныханд сурталчлах гол хэрэгслүүдийн нэг мэтээр л төсөөлж ойлгох нь бий. Харин “Ийм л учраас уртын дууг чи сонсох ёстой” гэсэн тайлбарыг танаас сонсмоор байна?

-Би уртын дууг сурч, уран бүтээл туурвиж эхэлснээс хойш 27 жил болж байна. Энэ туршлагаас үзэхэд мэргэжлийн том театруудад гадаадын уран бүтээлчидтэй хамт тоглож байлаа. Өөрийн улс орондоо ч тоглож байна. Үүнд нэг ялгаа харагддаг юм. Гадаад хүмүүс бол аливаа дууг дуулж байгаа дуучны царай зүсийг биш дууны өнгийг нь сонсч, дотоод мэдрэмжээрээ мэдрэхийг хүсдэг. Харин манай монголчууд аль алийг нь хослуулах сонирхолтой байдаг. Ардын урлагийг сурталчилж байгаа бид тухайн уран бүтээлийнхээ утга, аялгуу, санааг ёс жаягаар нь харуулж байх ёстойг би мэдэрсэн. Жишээ нь, төв халх уртын дууг дуулж байгаа хүн төв халх хувцсыг өмсөх ёстой. Малгай, шанх, бүс, гутал яг ямар байх ёстой түүнийг нь ягштал бэлтгэж өмсөх учиртай. Дуулалтаараа ч тэр. Гадаадынханд талын салхитай Монголыг очиж үзэх юмсан гэсэн сэтгэл төрүүлтэл, монгол хүнд бол “Би монгол хүн шүү. Манай ардын дуу, уртын дуу ийм сайхан шүү” гэж өөрсдөөрөө, эх орноороо бахархах сэтгэл төрүүлж л дуулах ёстой гэж боддог. Нэг удаа бид Монголын соёлын өдрүүдээр Бээжинд тоглолтоор явж байсан. Н.Жанцанноров гуай намайг тайзан дээр гарахын өмнө хэлж байсан. “Н.Норовоо багш тайзан дээр гарахын өмнө нэг удаа намайг “Миний хүү зааланд байгаа үзэгчид ямар хүмүүс байгааг хараад ирээч” гээд явуулсан. Би очоод харж ирчихээд “Хотын байртай хүмүүс байна” гэж багшид хэлэхэд “Аан за за, ойлголоо” гэж хэлээд нүүр амаа будчихаад гараад дуулсан. Дараа нь би өөрөөс нь лавлахад “Дуугаа дуулахаас өмнө үзэгчдийг харж бай. Хот суурин газрын хүмүүс бол яарч, тэвдсэн орчинд амьдардаг учраас аль болох тайвуу, уужим амьсгаатай дуул. Тэгвэл тэр хүмүүсийн сэтгэлд хүрнэ. Хэрэв хөдөө орон нутгийн, малчин ахуйтай үзэгчтэй байх юм бол явсхийж дуулах зэргээр үзэгчдэдээ тааруулж, дууныхаа утга агуулга, хэмнэлийг тохируулах учиртай” хэмээн надад хэллээ. Би тэр орой “Уяхан замбуутивийн наран” дууг морин хуурын чуулгатай дуулчихаад ороод иртэл Н.Жанцанноров гуай “За миний хүү, миний үгийг авсан байна шүү. Баяр хүргэе” гээд намайг үнссэн. Би тэр мундаг багшаасаа, хөдөлмөрийн баатар хүнээс сайхан зөвлөгөө аваад дуулж явсандаа үнэхээр олзуурхдаг, бахархдаг. Өөрийгөө азтай гэж боддог. Тэр үгийг үргэлж санаж явдаг даа.

-Бодууштай үгс ажээ?

-Зөвхөн уртын дуу гэхгүйгээр ардын дуу байсан ч үзэгчийн нүд рүү нь харж байгаад “Арга ч үгүй амраг аа мөнөөсөө мөн шүү дээ” гээд дуулахаар яалт ч үгүй “Аанхан, тийм ээ тийм” гэсэн харцаар хариу барьдаг. Сэтгэлийнхээ угаас хүн рүү харж, хандаж дуулж чадвал тэр хүндээ хүрнэ гэсэн үг. Уран бүтээлч хүнд үзэгчдийн алга ташилт хамгийн сайхан байдаг. Үнэхээр сайхан алга ташвал ядарсан ч гэсэн ядраагүй сэтгэлээр баясана. Урлагийн хүний бусад хүмүүсийн авч чаддаггүй сэтгэлийн таашаалыг алга ташилтаар авч байдаг.

-Монголын уртын дууг дэлхийд таниулсан Н.Норовбанзад гуайн “Уяхан замбуу тивийн наран” дууг анх япон судлаачид сонсоод “Дэлхийгээс тасраад явчих шиг боллоо” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан гэж судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн З.Саруулбуян тэмдэглэсэн байдаг. Ийм нэр хүндтэй, багшийнхаа уран бүтээлийг та өөрөө дуулахдаа юу бодож, яаж бэлтгэж байв даа?

-Анх би 1997 онд сургуулиа төгссөний дараа жилийн хавар “Түмэн эх” чуулгад гоцлол дуучнаар орлоо. Тэгээд гавьяат жүжигчин Ө.Базарбат, Ц.Чулуунцэцэг хоёрын хамт багшийнхаа “Уяхан замбуу тивийн наран”-г үндэсний цөөхүүл хөгжимтэй тайзан дээрээ дууллаа. Тэр үед би чинь сургуулиа онц дүнтэй төссөн гээд өөртөө жигтэйхэн итгэлтэй хүн байв. Гэтэл би тэр хоёрын хаана нь ч хүрэхгүй, дээд, дунд өнгөн дээр жаахан дуугараад өнгөрч байлаа. Гавьяатууд маань олон жил дуулчихсан туршлагатай, амьсгааны өглөг нэлээд сайн хөгжчихсөн байсан. Тэр үед өөрийгөө их л голж байв. Түүнээс хойш 20 жилийн хугацаанд өдөрт 2-3 удаа дуулаад ирэхээр туршлагажина. Амьдрал дээр хамт олон хүнийг хамгийн сайн хүмүүжүүлдэг.

-Таны “Сэтэрт баахан шарга” дууны олон нийтийн хандалт өндөр байдаг. Харин та ямар дуугаа дуулах дуртай вэ?

-“Сэтэрт баахан шарга”-ыг 1997 онд манай Ширмэнтуяагийн аав нь Амгаа зааныхан шинэ байранд ороод найран дээр дуулж байлаа. Бид сургуулиа дөнгөж төгсчихсөн байсан. Энэ дууг Норовоо багш дуулдаг. Би Норовоо багшийнхаар сурсан юм. Боржигон дуу гэж явдаг. Намайг дуултал тэнд байсан хүмүүс уухайлаад түрлээ. Би гайхаад “Яаж байгаа юм бол” гэж бодтол булганыхан сайхан дуулсан хүнээ уухайлж түрдэг. Тэгээд дахиад дуулуулдаг ёс жаягтай юмбайна. Харин сүүлийн 10 орчим жил Францад очиж хамтарч тоглохдоо “Хэрлэнгийн бариа”, “Уяхан хонгор салхи”-ийг их голлож дуулдаг болсон. Энэ хоёр дуу Францын хоёр кинонд миний дуулснаар орсон байдаг.

-Та нэг ярилцлагадаа шавь нараа бэлдэх сонирхолтой гэж ярьж байсан. Тэр мөрөөдөл тань биеллээ олсон уу?

-Хөгжим бүжгийн коллежид багшлах гэж нэг үзээд орон тоо байхгүй болохоор больсон. Одоо бол ардын урлагийг өвлүүлэн үлдээх чиглэлд илүү их сонирхолтой байгаа. Учир нь язгуур урлагийг хуучин цогцоор нь авч үлддэг хүмүүс үндэсний урлагийн бид нар л байх ёстой. Бид үндэснийхээ хувцсыг зөв өмсөх ёстой. Буриад, өөлд, баяд, төв халхын хувцас ийм байдаг гэж ёс жаягаар нь өмсөөд явах юм бол бидний үр хүүхэд хойч үед том мэдлэг болж үлдэнэ. Орчин үед үндэсний хувцсыг янз бүрийн гоёл чимэглэлтэй хийж байгаа. Үүний хажуугаар үндсэн сууриар нь аваад үлддэг хэсэг заавал байх ёстой. Би Увс аймгийн Завхан сумын сартуул хүний эхнэр. Тиймээс Завханы сартуул эхнэрийн дээлийг хийж өмссөн. Миний худ ураг ийм хувцас өмсдөг байсан учраас тэр үндэсний эхнэр дээлийг би л өмсөх ёстой гэж бодсон. Тэр бол би үндэсний урлагийг уран бүтээлээрээ сурталчлахаас гадна өөрөөрөө дамжуулан ард түмэндээ үлдээж байгаа явдал юм. Ямар ч улс орныг соёл урлаг, спортын салбарынхан төлөөлдөг. Гадны нэг хүн Монгол оронд ирлээ гэхэд үндэсний урлаг нь юу юм бэ гэж хамгийн түрүүнд анхаарна. Тиймээс бид язгуур урлагаа үндэс сууриар нь авч үлдэх ёстой.

-Уртын дуу, ардын дууг хүнд хүргэхэд биеийн хэлэмж чухал харагддаг. Та тэр тал дээр илүү их өгөгдөлтэй юм шиг харагддаг?

-Би дээр хэлсэн дээ. Уран бүтээлийг гаднынхан сонсохдоо дуучных нь гоё сайханд биш дууг нь мэдэрч сонсдог. Хоолойны сайхан, дууны өгүүлэмж нь юу байна вэ гэж хардаг. Харин манай монголчууд хоолойноос гадна гадаад үзэмж, биеийн хэлэмжийг давхар хардаг. Ер нь хүний өөдөөс хараад сайхан инээх чинь гоё шүү дээ. Нүүрний өгүүлэмж гэдэг бол чухал. Ер нь хэзээ ч үгүйсгэх аргагүй байх.

-Монгол үндэсний наадам хуучраагүй байна. Энэ үед тантай уулзсаных наадмын сайхан түүх, дурсамж сонсмоор байна?

-Хүүхэд байхдаа бид хөдөө суманд өссөн. Би Увс аймгийн Өмнөговь сумын уугуул. Ээж маань бидэнд эрээн даавуугаар палааж, саравчтай малгай оёж өгдөг байсан. Таван дүүтэйгээ бид бүгд эрээн палааж, саравчтай малгайтай нугасны муухай дэгдээхийнүүд шиг л наадмыг талбайг хэсдэг байлаа. Манай сум тэр үед дөрвөн бригадтай байсан. Бригадууд гэр барьчихна. Тэндээ хүмүүсийг идэж уух айраг цагаа, ундаагаар дайлна. Надад бригадуудын айлуудаар хэсэх хачин гоё. Хүүхдүүд хойно морь, бөх сонирхох биш. Хоол унд эргүүлж цэнгэлдэх хүрээлэн тойрч явах нь гоё, дурсамжтай байдаг байж дээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 24-ний өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулсан бөгөөд нийт 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр 112 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Албаны нохой хөтлөгчдөд мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалтыг зохион байгуулжээ

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд Цагдаагийн газар, хэлтсийн нохой хөтлөгчдөд зориулсан мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр дадлагажуулах, албаны нохойн хүчин чадлыг сэргээх, давтан сургалтыг 05 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад Булган, Баянхонгор, Завхан, Баян-Өлгий, Өмнөговь, Дорноговь, Увс, Ховд, Дархан, Орхон, Говь-Алтай, Хэнтий зэрэг 12 аймаг дахь цагдаагийн газрын нохой хөтлөгч нар хамрагдсан юм. Энэ удаагийн сургалт Эрэлч нохойн алба үүсэн байгуулагдсны түүхт 75 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Сургалтыг хээрийн дадлага, гэмт хэргийн газарт албаны нохойг ашиглах техник, арга зүй гэсэн төлөвлөгөөний дагуу “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэг, гэмт хэргийн гаралт ихтэй Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дээр албаны нохойтой мөрдлөг, сонгон ололт, самнан нэгжлэг зэрэг сургалтуудыг өдөр, шөнийн цагуудаар хийлгэн гэмт хэргийн газарт албаны нохой ашиглахдаа анхаарах асуудлуудыг практик байдлаар зааж сургасан байна.

Сургалтад хамрагдсан алба хаагчдаас сургалтын үр дүнг тооцох төгсөлтийн шалгалтыг авч, гэрчилгээ гардуулах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус албанд 7 жил үр бүтээлтэй ажилласан, удам дамжсан цагдаагийн эрэлч нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Тэмүүжинд “Цагдаагийн дэслэгч” цол шагнасан юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ: ЭМЯ-ны тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид хахууль авчээ

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 7 дугаар сард хийсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг товчоор хүргэе.

ЭМЯ-д зөвлөмж хүргүүлэв

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид болон орон тооны бус шинжээч нар 2019 онд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс “тусгай зөвшөөрөл”-ийн хүсэлт, төслийг хүлээн авч, шийдвэрлэхдээ удаа дараагийн үйлдлээр зохиомол хүнд суртал гаргаж хясан боогдуулах замаар хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж, хахууль авсан, 2018 оны 09 сард өөрсдийн хамаарал бүхий иргэний нэр дээр компани үүсгэн байгуулж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар гаргуулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох, дахин гарахаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллалаа.

Ажиллах явцад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулсан хуулийг дагаж мөрддөггүй, бодлогын баримт бичиг, журмыг хэсэг бүлэг хүмүүст тохируулан гаргадаг, удирдлагын зүгээс эрх олгох, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой салбарын өдөр тутамд гардаг хүндрэл бэрхшээлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл үүсгэгч шалтгаан нөхцөлүүдийг судлан тогтоох хүсэл эрмэлзэл, санаачилага байхгүй, хяналт тавьдаггүй, тусгай зөвшөөрөл хариуцсан ажлын байранд туршлагагүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг томилсон, ажлын байрны тодорхойлолтыг албан хаагчид тохируулан боловсруулдаг, зөвшөөрөл олгох үйл явц, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл эзэмшигч нарын мэдээлэл ил тод биш зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон юм. Дээрх зөрчлийг арилгах чиглэлээр 11 асуудал бүхий зөвлөмж боловсруулан Эрүүл мэндийн яаманд хүргүүллээ.

1800-1969 дугаарын утсаар авлигын талаарх 12 гомдол мэдээлэл хүлээн авав

Авлигатай тэмцэх газар иргэд, олон нийтээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээний талаарх гомдол мэдээллийг 1800-1969 дугаарын утсаар хүлээн авдаг. Энэ сард авлигын талаарх 12 гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох хэлтэс албанд шилжүүлсэн байна.

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Авлигын эсрэг газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлал хийв

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын урилгаар Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийв. Айлчлалаар урьдчилан сэргийлэх, хянан шалгах чиглэлээр олсон ололт амжилт, хүрсэн үр дүн болон мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлын туршлагаа харилцан хуваалцах, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хүрээнд эрүүгийн хэрэгт харилцан ашигтай мэдээлэл солилцохоор хоёр тал тохиролцов. Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзсан юм. Мөн Улсын Ерөнхий прокурорын газарт зочилж, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай ажлын уулзалт хийлээ.

40 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгав

Тайлант хугацаанд 40 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт, шалгалт явуулж шийдвэрлэлээ.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 12 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Авлигатай тэмцэх газраас дээрх албан тушаалтнуудын гаргасан зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 600 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянав

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 758 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авсан. Үүнээс 600 (өмнөх сарын үлдэгдэл орсон) нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүллээ.

Шинээр хүлээн авсан
Өнгөрсөн 1 сард хянан шийдвэрлэсэн- 600
Ажиллагааны үлдэгдэл
Илт зөрчилтэй
Зөрчилгүй
Буцаасан
Анхааруулсан
158
758
1
554
9
36

Урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний албаны ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Ц. Батсүрэнг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж үзсэн байна. Одоогоор 158 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Иргэдээс ирүүлсэн 61 гомдлыг хянан шийдвэрлэлээ

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 49 гомдол, мэдээллийг хүлээн авч, 61 өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) хянан шалгаж, шийдвэрлэлээ.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Үүнд:

  • Завхан аймгийн ЗДТГ-ын харъяа Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнд албан тушаал бууруулах,
  • Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн М.Дарханпүрэвт цалингийн хэмжээг 3 сар 30 хувиар бууруулах,
  • Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.Мөнхбатад цалингийн хэмжээг 1 сар 30 хувиар бууруулах,
  • Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Баярмагнайд цалингийн хэмжээг 1 сар 30 хувиар бууруулах зэрэг хуульд заасан хариуцлага тооцуулсан байна.

Гомдол, мэдээлэлд нэр дурдагдсан байгууллага, албан тушаалтанд хяналт шалгалтаар зөрчил тогтоогдоогүй ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хүнд суртал, ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар анхааруулж, албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.

Хэрэг бүртгэлтийн 346 хэргийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 7 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 41 гомдол мэдээлэл хянан үзсэнээс 6 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 16 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 61.0 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 41 гомдлын 27 нь Улаанбаатар, 14 нь орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 7 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 440 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 30 хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 395 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 346 нь хэрэг бүртгэлтийн, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 10.0 хувийг шийдвэрлэжээ.

Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний сайд асан С-ийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн билээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцээд С-ыг авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 4 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх хэрэг нь Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг мөрдөн шалгах явцад илэрч шалгагдсан бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт хамаарах төрийн эрх ашигт хохирол учруулсан гэх хэргүүд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх дээр хянагдаж байна.

Авлигатай тэмцэх газраас цаашид авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг улсын орлого болгож, улсын төсөвт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг дахь дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой тохиож байна

Өвөрхангай аймаг дахь дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын үйл ажиллагаанд тус цагдаагийн газарт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, алба хаагчид, тэдний гэр бүл, иргэд оролцлоо.

Түүхт 80 жилийн ойн босгон дээр цагдаагийн газрын зүгээс баримтат кино, ном, товхимол, сэтгүүл, гэрэл зургийн цомог, гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд сонордуулжээ.

Энэ үеэр тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.ГанбатАливаа ойн баяр тэмдэглэх гэдэг бол өнгөрсөн түүхийн уламжлалыг хадгалах, түүнээс суралцах, өнөөгийн үйл хэрэг, өнгө төрхдөө үнэлэлт дүгнэлт хийх, ирээдүйн дүр зураг, зорилго зорилтыг тодорхойлох том үүрэг хариуцлага билээ. Энэ хариуцлагынхаа хүрээнд бид Өвөрхангай аймагт Цагдаагийн байгууллага үүссэн 1939 оноос өнөөдрийг хүртэлх түүхэн баримтуудыг судалж, эрж хайж “Түүх үргэлжилсэн он жилүүд” түүхэн ном, “Бидний түүх гэрэл зурагт” фото альбом “Алба хаагчдад тохиолдсон хөгжилтэй явдал” товхимол, “Үл мартагдах он жилүүд” түүхэн баримтат киног бүтээсэн юм. Мөн түүнчлэн 80 жилийн ойн баярыг угтаж хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тайлан мэдээллийг багтаасан сэтгүүлийг та бүхэнд хүргэлээ. Энэ бүх түүхэн баримтууд, мэдээ, мэдээлэл, түүх сурвалжуудыг сайтар нягтлан ажилласан алба хаагчид, уран бүтээлчдэдээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье” гэв.



Categories
мэдээ улс-төр

Их аварга Какурюү М.Анандад баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав. Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд улам их амжилт гаргахыг ерөөн тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив. Мэргэжлийн сумогийн их аварга Какурюү М.Ананд Япон Улсын нийслэл Токио хотноо болсон мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын Нагоя башёгийн дээд зиндаанд барилдан түрүүлж, мэргэжлийн сумод зургаа дахь түрүүгээ хүртэж, Эзэн хааны цом авсан юм. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй бөгөөд төрсөн нутаг Сүхбаатар аймагт амрахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/784 тоот тушаалаар Онцгой байдлын байгууллагаас дөрвөн хурандаа цолтон төрлөө. Уг тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбаатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Алтансүх, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа А.Алтанбагана нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтад 10 мянга гаруй иргэн хамрагджээ

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2019 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн есөн мэргэжлээр орон нутгийн иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт өнгөрсөн тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 25-н хүртэлх нэг сарын хугацаанд зохион байгуулж үр дүнгийн мэдээллийг хүлээлгэн өглөө. Сургалтыг анх удаа олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан аялал жуулчлалын 10 мэргэжлийн ажлын байрны дүрэм, сургалтын хөтөлбөрийн дагуу “үнэ төлбөргүй”, “мэргэжлийн сургагч багш нар” явуулсан бөгөөд 21 аймаг нийслэлийн хэмжээнд нийт 10 мянга гаруй иргэн төрөлжсөн сургалтад хамрагдаж гэрчилгээгээ гардан авсан юм.

Сургалтад хамрагдсан 10 мянга гаруй иргэн орон нутаг болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагааг явуулж буй аялал жуулчлалын компани, жуулчны баазуудад ажиллах бүрэн боломжтой болж байгаагаараа онцлог бөгөөд тус салбарын хүний нөөцийн чадамж нэмэгдэж байгаа нь ихээхэн онцлог юм.

Мөн энэ удаагийн сургалтаар хамрагдсан нийт иргэдийг “Харилцаа, хандлага”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сургалтад нийтээр нь хамруулан үйлчилгээний чанарыг сайжруулах, ажлын байран дахь эрүүл, аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөг үзүүлсэн хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзжээ.