Categories
мэдээ улс-төр

Хэлэлцүүлэг 5: Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал

  1. 7/22-ны өдрийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах нь хэлэлцүүлгийг унших бол энд,
  2. 7/23-ны өдрийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь хэлэлцүүлгийг унших бол энд,
  3. 7/24-ний өдрийн Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, харуут бус байдлыг хангах нь хэлэлцүүлгийг унших бол энд,
  4. 7/25-ны өдрийн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь хэлэлцүүлгийг энд дарж уншина уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах зорилготой хэлэлцүүлэг тав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ нь хэлэлцүүлгийн сүүлийн өдөр хэдий ч хэлэлцүүлгийг энэ хүрээд зогсоохгүй, нийгмийн бүх түвшинд, нийт ард түмний хүрээнд дахин нягталж, хамгийн оновчтой шинэчлэлт, өөрчлөлтийн шийдэлд хүрнэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийн эхэнд хэллээ.

Өнөөдрийн сэдэв нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал бөгөөд хэлэлцүүлэгт 38 судлаач, 24 төрийн бус байгууллага, 12 улс төрийн нам болон төрийн байгууллагууд нийлсэн 150 орчим төлөөлөгч оролцож байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт болон бусад асуудал”-ын талаар хэлэлцэж, санал бодлоо илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархаж байна.

Монголчууд бид өнгөрсөн 27 жилийн алдаа оноо, амжилт ололтоо ирээдүйд баримтлах бодлого, зарчмын хамт дөрвөн өдрийн турш хэлэлцлээ. Өнөөдөр төлөвлөсөн асуудлынхаа сүүлийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Гэхдээ хэлэлцүүлэг үүгээр зогсохгүй, нийгмийн бүх түвшин, нийт ард түмний хүрээнд дахин нягтлагдаж, хамгийн оновчтой шинэчлэлт, өөрчлөлтийг хийх шийдэлд хүрэх ёстой юм.

Миний бие 2018 оны УИХ-ын намрын чуулганы нээлт дээр “Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн шилжилтийг зохицуулахад чухал механизм болсон ч одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирснийг” сануулан уриалж байсныг Та бүхэн санаж байгаа байх гэж бодож байна. Тэгвэл өнөөдөр олон жилийн турш эрэлхийлсэн боломж нэгэнт бүрджээ гэж үзэж болохоор байна.

Тодруулбал, Үндсэн хуулиа өөрчлөн сайжруулах энэ завшаан, боломжийг ашиглан улс орноо “байнга хямардаг” биш “зогсолтгүй хөгждөг, урагшилдаг” улс болгохын төлөө сөрөг хүчин, зарим улс төрийн намууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид чамгүй хүчин зүтгэл гаргаж, эсэргүүцэн тэмцэлдэх бус эвлэлдэн шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа нь сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлуудаас тодорхой мэдрэгдэж байна.

Бий болоод байгаа энэ итгэл, тэмүүлэл, нөхцөл боломжийг үндэсний эрх ашгаа дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол”-ын хүрээнд бодит үйл хэрэг болгож чадах эсэх нь “одоо зөвхөн” төрийн эрхийг барьж байгаа Монгол Ардын нам, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн ухамсар, эв эеийг эрхэмлэх сэтгэл мэднэ гэдгийг онцлон тэмдэглэе.

Үндсэн хууль бол нэг намын тулгалт, бүлэг судлаачдын баримталдаг номлолоор бус, мөн түүнчлэн гадны улс орны жишиг, туршлагыг даган дуурайх, хуулбарлах буюу эсвэл зөвхөн өнөөдрийн асуудалд автсан байдлаар өөрчлөөд байдаг хууль биш. Энэ бол энгийн малчин, иргэн бүрийн эрх, эрх чөлөөний баталгаа, өнөөгийн болоод ирээдүй хойч үеийнхний эрх тэгш амьдралын эх үндэс, бүрэн эрхтэйгээр оршин тогтнох тусгаар улсын эв нэгдлийн гэрээ мөнөөс мөн.

Төрийн ордонд болон нийгмийн сүлжээгээр явагдаж буй хэлэлцүүлэгүүдээс ажиглахад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөндөгдөж байгаа зарим асуудлуудыг ердийн хуулийн ойлголттой жиших, нийцэхгүй гэж үзэх, гадны улс орны жишгээр няцаах хандлага бас мэдрэгдэж байна. Тиймээс бид бүгд өнөөдөр Үндсэн хуулиа өөрчлөх, сайжруулах асуудлыг ярьж, хэлэлцэж байгаа гэдгийг тодотгоё. Өөрөөр хэлбэл бид Үндсэн хуулиа “хөгжлийн чөдөр биш ташуур” болох хэмжээнд оновчтойгоор өөрчилж чадвал бусад хуулиудаа нийцүүлэх, сайжруулах, улмаар улс орныхоо өмнө тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Түүнчлэн дэлхийд ганцхан гэж хэлэгддэг нүүдэлчин соёлтой, далайд гарцгүй, хоёр их гүрний дунд байршдаг өөрийн гэсэн онцлогтой Монгол Улсын хуульд гадны улс оронд байдаггүй, жишиж авч үзэх боломжгүй, өв соёл, түүх, уламжлалаа хадгалсан зохицуулалт байх боломжтой төдийгүй байх ёстой гэдгийг анхаарч, баригдмал ойлголт, хандлагадаа дүгнэлт хийн, аливаа жишиг туршлагыг өөрийн онцлог нөхцөл байдлаас дээгүүрт тавьж үзэхгүйгээр харгалзсан, үндэснийхээ эрх ашгийг улам бэхжүүлсэн, хамгаалсан санал, шийдэл гаргах нь чухал гэдгийг онцолж байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэлэлцүүлэгийн энэ удаагийн сэдэвт хамаарах чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал “төрөөс байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тогтоох, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг байгуулах” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

Миний зүгээс “байгалийн баялгийг нийтийн өмчлөлд байлгах, эргэлзээгүй тодорхой нөхцөлөөр ашиглах, байгалийн баялагаас олох орлогыг баялагийн санд төвлөрүүлж зарцуулах, нийтийн өмчийн газрыг нэгдмэл бодлого, төлөвлөгөөний дагуу ашигладаг болох, төв банкны хараат бус ажиллах нөхцөл баталгааг бэхжүүлэх” зэрэг ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

Эдгээр нь нэг өдөр бодож олсон зүйл биш, зайлшгүй авч үзэх, ярилцах, шийдэх ёстой бодлого гэдгийг сануулмаар байна.

Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх нь Монголчууд та бидний Үндсэн хуулиараа тунхагласан эрхэм зорилго билээ.

Тиймээс миний бие “бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх хандлага бүхий санал асуулга явуулахыг мөнхөд хориглох, ард түмний засаглах эрхийн баталгаа болсон иргэний сонгох эрх, эрх чөлөөнд халдах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах явдал, оролдлогыг таслан зогсоох, баялагаа тэгш хүртээмжтэй ашиглах, улс төрийн намаар дамжин төрийн бодлогыг тодорхойлоход оролцох эрхтэй иргэний үндсэн эрх чөлөөг хангах, шударга тэгш боломжийг иргэддээ олгох, парламентын засаглалыг бэхжүүлэх, нэгдмэл улсын онцлог, бодлогоо тодотгох, нийслэл болон хот, хөдөөгийн хөгжилд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх” зэрэг Үндсэн хуулийнхаа эрхэм зорилго бүрт тэмүүлсэн, хүрэх эрмэлзэл бүхий нэмэлт өөрчлөлтүүдийг санал болгосноо Та бүхэндээ нэгтгэн дүгнэж хэлье.

Мөн Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “хариуцлагагүй 76 гишүүний тоог нэмэгдүүлэн 108 болгож, төрийн зардлыг ихэсгэх шаардлагагүй гэсэн” санал, шүүмжлэл гарч байгаад анхаарч, бодлого шийдлээ нэг мөр зөв тодорхойлон, ард иргэдээрээ хэлэлцүүлэх шаардлага байгааг Улсын Их Хурлын гишүүд болоод Ажлын хэсгийнхэнд анхааруулъя.

Тухайлбал Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлж, тодорхой зардал шинээр үүсгэж байгаагийнхаа хирээр хэт данхайсан төрийн бүтцээ цэгцлэх, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгох, төрийн үйлчилгээг хялбар, цахим болгох зэрэг хэрэгжүүлж болох энгийн бодлого, арга хэмжээг төлөвлөн ард иргэддээ танилцуулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах шаардлагатай байна. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнээр төсөвт дарамт, зардал нэмэгдэхгүй байх боломж бүрдэнэ.

Үүнтэй нэгэн адилаар суурийг нь хөндсөн бүхий л асуудлуудын хүрээнд цаашдын бодлого, төлөвлөгөөгөө тодорхой болгох, иргэдээ таниулах, ойлгуулах шаардлага бас байгааг сануулан хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн сайхан бүхэн түгэн дэлгэртүгэй.

Хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Categories
мэдээ нийгэм

Түр зуурын усархаг бороо орсны улмаас 5 ханатай гэр урсчээ

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Бор үзүүр” гэдэг газар өчигдөр 18:00 цагт орсон түр зуурын усархаг бороо орсны улмаас гурван айлын гэр усанд автсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, нийт 12 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, тус сумын харьяат Н, Н, Д нарын 8 ханатай 3 гэр, 6 ханатай 1 гэрийг эд хогшлын хамт аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сумын тавдугаар багийн “Ширгүү” гэдэг газар малчин Д-гийнх гэр бүлээрээ “Даншиг” наадам үзэхээр аймгийн төв рүү явсан үед долоодугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагт орсон түр зуурын усархаг борооны улмаас 5 ханатай гэр, эд хогшил нь үерийн усанд урссан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Саранцэцэг аймгийн Онцгой байдлын газарт долоодугаар сарын 00:44 цагт мэдээлсэн байна.

Иймээс болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Селфидэж байгаад амь үрэгдсэн хүмүүсийн статистик

Гар утсаараа зураг авах гэж байгаад амь үрэгдсэн хүний тоо аварга загасанд бариулснаас даруй тав дахин их байдаг тухай Энэтхэгийн “Journal of Family Medicine and Primary Care” сэтгүүлд бичжээ. 2011 оны аравдугаар сараас 2017 оны арваннэгдүгээр сарын хооронд 259 хүн селфидэж байгаад амь үрэгдсэн талаар сэтгүүлд онцолжээ. Гэтэл яг энэ хугацаанд 50 хүн аварга загасны дайралтаас үүдэн амь үрэгдсэн байх жишээтэй.

Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад селфидэх илүү дуртай ч эмгэнэлтэй статистикаас харах юм бол эрчүүд амь үрэгдэх нь илүү байдаг аж. Тэд живж, өндрөөс унаж, осолд өртөх гэх мэтээр амь насаа алддаг байна. Тиймээс Энэтхэгийн Мумбаи хотноо селфи хийхийг хориглосон 16 бүстэй болжээ. Мөн төмөр замын удирдлага ч аюулын талаар анхааруулгыг байнга гаргадаг гэнэ.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүн ЖДҮХСангийн асуудлаар прокурорт ханджээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд ханджээ. Тэрбээр ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан эрх мэдэлтнүүдийн хэрэг шийдэгдэхгүй удаж байгаа нь бусдад давуу байдал бий болгох нөхцөл бүрдэж байгааг сануулсан байна. Тиймээс ЖДҮ-гийн гэх хэрэг ямар шатанд, хэрхэн шалгагдаж байгаа талаар мэдээлэл авахыг хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Малчид Ерөнхий сайдад ил захидал илгээжээ

-ЕРӨНХИЙ САЙДАА, БИД УЛСАА БОДОЖ ТАНЫГ СОНГОСОН, ТА МАЛЧДАА БОДОХ ЦАГ БОЛСОН-

Малчид үржлийн бус муу малаа эдийн засгийн эргэлтэд оруулах саналтай байгаагаа Ерөнхий сайдад ил захидлаар илэрхийлжээ.

Тус захидалд “…Нийт нутгийн 75 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн үед малын тоо толгой жилд 20 саяар өсөж байгаа нь цөлжилтийг эрчимжүүлж, цаашид мал аж ахуй улам хүндрэх нөхцөл бүрдээд байна. Хоттой хонины маань 80-аас дээш хувийг үржлийн бус бог мал эзэлдэг ч байнгын эргэлтэд оруулах түүхий эд бэлтгэх тогтолцоо байхгүй, нядлах, худалдаалах, түүхий эдийг нь боловсруулах үйл ажиллагааг чадан ядан хийж, ченжүүдийн хэлсэн үнээр, авахыг хүссэн үед нь нийлүүлж, бидний эдийн засгийн байдал зөвхөн ченжийн хараат байсаар ирлээ…

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих, жилд экспортлох хэмжээг жилд 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ…хэмээн заасан нь малчдад ихээхэн хүлээлт үүсгэсэн амлалт болж…энэ нь Засгийн газрын 284, 318 дугаар тогтоолоор баталгаажлаа хэмээн бид баяртай байна.

Сүргийн бүтцийн 65 хувийг эзэлдэг үржлийн бус бог малынхаа тодорхой хэсгийг нядлахгүйгээр улирал харгалзахгүйгээр шударга үнээр худалдаалах нь бидний хөдөлмөрийг хөнгөвчилсөн төдийгүй тогтмол орлоготой болж, нөхөн сэргээгддэг баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бэлчээр нутгаа хамгаалах, зах зээлийн бодит шударга үнээр үржлийн бус бог малаа худалдаалах боломж олгохыг танаас хүсье. Ерөнхий сайд аа, бид улсаа бодож таныг сонгосон, та малчдаа бодох цаг болсон” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, хаяг шошгогүй түргэн гэмтэх хавчуургатай талхнаас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хордлого гарсантай холбогдуулан Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд Хан-Уул дүүргийн 3-р хорооны автобусны буудлын урд байрлах иргэн Б.Уранхуар нь гэртээ өндөг чанаж түргэн үйлчилгээний цэг дотор худалдан борлуулсан зөрчил илэрсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дах заалтаар торгууль оногдууллаа. Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02-17/305 тоот мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа.

Categories
гадаад мэдээ

Худалдааны дайны ээлжит бай нь Вьетнам болж болзошгүй

АНУ, Хятадын худалдааны дайнаас хамгийн их хожиж байгаа орон бол Вьетнам хэмээн эдийн засагчид үзэж байна. Учир нь томоохон үйлдвэрлэгчид Хятад дахь үйлдвэрүүдээ Вьетнам руу шилжүүлж эхэлжээ. Энэ улсад бизнесийн зардал хямд гэж тооцогддог гэнэ. Ийм үйл явцын үр дүнд Вьетнамын ДНБ найман хувь болтлоо өсчээ. Гэхдээ ийм байдал тун удалгүй дуусгавар болох магадлалтай юм. Трампын засаг захиргааныхан Вьетнамын экспортын эсрэг залхаан цээрлүүлэх бодлого явуулахаар бэлтгэж эхэлсэн хэмээн ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн тавдугаар сард валютын арга заль хэрэглэсэн орнуудын жагсаалтад Вьетнамыг багтаажээ. Энэ нь тус улсын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний дохио гэж үзэж байгаа юм.

Зарим бараа бүтээгдэхүүнийг Вьетнам руу зөөвөрлөж, тус улсад үйлдвэрлэсэн гэх шошготойгоор экспортод гаргадаг гэнэ. Энэ асуудал нь гангийн үйлдвэрлэлтэй холбоотой бөгөөд үүнээс үүдэн тус улсад үйлдвэрлэсэн гэх ганд 400 хувьтай тэнцэх татварыг энэ сард АНУ-ын зүгээс ногдуулаад байна.

АНУ-ын Худалдааны яамны үзэж буйгаар Зүүн өмнөд Азийн орнууд тэр дундаа Хятадын гангаар хийсэн бүтээгдэхүүнийг Америк руу оруулж ирдэг гэнэ. Жишээ нь Өмнөд Солонгос болон Тайвань төмрийг Вьетнам руу экспортлоод, вьетнамчууд бага зэрэг боловсруулсны дараагаар АНУ руу экспортолдог аж. Үүнээс үүдэн 456,2 хувьтай тэнцэх татварыг Вьетнам, Өмнөд Солонгос, Тайванийн гангаар хийсэн бүтээгдэхүүнд ногдуулахаар болжээ.

Вьетнамын бусад бараа бүтээгдэхүүнд ч АНУ-ын зүгээс татвар ногдуулж болзошгүй. Энэ татварын хэмжээ 25 хувьтай тэнцэх бөгөөд ингэснээр ДНБ-ийг дор хаяж нэг хувиар бууруулах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хятадаас 240кг мах, махан бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны импортын суудлын автомашины хяналтын терминалын шалгалтаар мах, махан бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгсэлд нуун, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг энэ сарын 16-ны өдөр илрүүлжээ. Тодруулбал, гарал үүсэл нь тодорхойгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгодог бичиг баримтгүй 110 килограмм тахианы мах, 60 килограмм гахайн мах, 50 килограмм загас, 20 килограмм сам хорхойг улсын хилээр оруулж ирэх гэж байсныг илрүүлэн саатуулж, холбогдох дүрэм, журмын дагуу хураан, устгал хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Живсэн иргэний цогцсыг долоо хоногийн дараа олжээ

Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” голд сэлж байсан 21 настай эрэгтэй живж, харамсалтайгаар амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” хэмээх газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ “Дэлгэр мөрөн” голд хоёр хүн сэлж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 20:00 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 15 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 27 хүн, таван автомашин, хоёр завьтайгаар тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилэнтийн гүүр”, “Өндөр хясаа”, “Хүүшийн булан”, “Ногоон булаг,, “Баян-Эрхэт” гэдэг газар болон Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Цацын булан”, “Ялаатын-Ам”, “Тээлийн-Ам” гэдэг газар хүртэл нийт 160 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Ийнхүү долдугаар сарын 25-ны өдрийн 16:47 цагт Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тээлийн-Ам” гэдэг газрын (осолдсон газраас зүүн урд зүгт 160 км-т) “Сэлэнгэ” мөрний салаанаас иргэн М (21 настай, эрэгтэй)-гийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
баннер мэдээ нийгэм

Хөвсгөлөөс Хятадын хоёр жуулчны цогцос олджээ

Хөвсгөл аймагт аялаж байсан жуулчид хоёр хүний цогцос олж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Энэ нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон хэргийн талаарх мэдээллийг өнгөрсөн онд гарч байсан. Тэгвэл хоёр хоногийн өмнө Хөвсгөлийн тайгаас дээрх хоёр иргэний цогцос мөн байж болзошгүй гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллага тухайн хоёр иргэнийг гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг тогтоохоор шалгалт явуулж байгаа аж.