Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослыг цахимаар бүртгэнэ

Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран 2019.08.01-ний өдрөөс даатгалын тохиолдол буюу хүн гэмтээгүй зам тээврийн ослын дуудлагыг аль даатгалын компанид бүртгүүлснээс үл хамааран нэгдсэн тусгай утас /1800-1177/, “Албан журмын даатгал” аппликейшн ашиглан ослын дуудлага, мэдээллийг өгөх боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-аар 800 оноо авсан сурагчдыг сая төгрөгөөр урамшууллаа

Дорнод аймгийн удирдлагууд ЭЕШ-д өндөр оноо авсан багш, сурагчдыг урамшуулжээ.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 800 оноо авч, өндөр амжилт үзүүлсэн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч Д.Чингүнжав, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн сурагч Т.Арвин нарт тус бүр 1.000.000 төгрөгийн урамшууллыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон Засаг даргын зөвлөлийн гишүүд гардуулсан байна.

Мөн сурагчдыг бэлтгэсэн багш Э.Орхон, Н.Ган-Эрдэнэ нарыг тус бүр 500.000 төгрөгөөр урамшууллаа.

Categories
мэдээ нийгэм

А.Мөнгөнцэцэг: Онцгой байдлын албан хаагчид амь насны даатгал байдаггүй гэлээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймэртажил үүргээ биелүүлж явсан ОБЕГ Ахлах ахлагч Э.Үнэнбат түлэгдэж хүндээр гэмтсэн. Түлэгдэлтийн дөрөвдүгээр зэрэгтэй биеийн байдал хүнд байгаа. Тухайн үед нүүр, нуруу, хонго, хөл гар, гарын хуруунууд түлэгджээ. Түүний эхнэр А.Мөнгөнцэцэг “Цаг наргүй, ар гэргүй юм шиг явдаг хүмүүсийн бодит жишээ манай нөхөр боллоо” гэж хэллээ. Ахлах ахлагч Э.Үнэнбат нь онцгой байдлын албанд 19 жил ажиллаж байгаа аж. Онцгой байдлын албан хаагчид амь насны даатгал байдаггүйг тэрээр ярьж байна. Нөхрийн эмчилгээнд дэмжлэг хүсч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан аж.

Ахлах ахлагч Э.Үнэнбат арьс нөхөх хагалгаанд нэг удаа орсон байна. Нүүр, нуруу соривжилттой хоёр гар ажиллагаагүй болжээ. ОБЕГ-с нэг сая төгрөг, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ОБЕГ-с тус тус нэг сая төгрөг хандивласан байна.

Нөхрөө эмчлүүлэхээр АНУ, Япон, БНХАУ, БНСУ-ын эмнэлгүүдэд хандсан. Харин БНСУ-ын эмнэлэг эмчлэх боломжтой гэсэн хариуг өгчээ. Энэ сарын 30-нд солонгос эмч нар өөрсдөө ирж, авч явахаар болсон байна. Эмнэлэгийн зардал ойролцоогоор 200-250 сая шаардлагатай аж.Тиймээс ард түмэнд хандан тусламж хүслээ.

Б.АЛТАНТУЯА


Categories
мэдээ нийгэм

Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой

Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд өнөөдөр боллоо. Нээлтэд Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов. Газрын биржийн цахим төвийг нээснээр иргэд гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй, хүссэн үедээ хамрагдахын зэрэгцээ газартай холбоотой мэдээ мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ дуудлага худалдаа, түрээсийн зараа оруулж, арилжаалах боломж бүрдэж байгаа юм. Мөн иргэд газрын үнэ, Кадастрын зураг, гэрчилгээний хуулбар, тѳлбѳрийн баримт авах гэх мэт бүхий л үйлчилгээг цахимаар авдаг болохоос гадна түрээсийн бүртгэл хийх, газрын барьцааны талаар болон зах зээлийн үнийн бодит мэдээллийг нэг дороос авах зэргээр газрын харилцаатай холбоотой далд зах зээлийг нээлттэй болгож байгаа юм.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Газрын биржийн цахим төв нээгдсэнээр авлига хахуулийн эх үүсвэр болдог хэмээн иргэд, олон нийтийн дунд хардлага сэрдлэг төрүүлдэг газрын далд арилжааг таслан зогсоох, иргэдэд газрын тухай мэдээлэл адил тэгш хүртээмжтэй очих боломж нээгдэнэ. Шинжлэх ухаан, техникийн дэвшил технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед газрын биржийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулснаар газрын харилцааг ухаалаг, технологид суурилсан, мэдээлэл авахад амар хялбар болгох давуу талтай. Хүн төвтэй хотын шийдлийн хүрээнд газрын харилцааны бүхий л мэдээллийг иргэдэд ойртуулсан цахим төв нээгдэж байгаад баяртай байна” хэмээлээ. Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай шууд холбогдон ажиллах боломжтой, ашиглахад хялбар байдлаар хөгжүүлсэн тул иргэд, олон нийт газартай холбоотой бүхий л мэдээллийг одоо гар утаснаасаа ч авах боломжтой болжээ. Мөн цаашид Газрын биржийн үйл ажиллагааг өргөжүүлж газрыг эрэлт хэрэгцээ, зориулалт, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд нийцүүлэн зохион байгуулалт хийх үүднээс Газрын сан байгуулж, газар хөгжүүлэлт хийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Онон, Хэрлэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ

Image result for үертэй гол

Ойрын өдрүүдэд орж буй усархаг борооны улмаас зарим голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давсан байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ.

Мөн Үүр, Сөгнөгөр, Балж, Хэрлэн гол, Туул гол орчимд үерийн түвшинг 5-55 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус хүчтэй үерлэжээ. Түүнчлэн Ховд , Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-20 см давсан хэвээр байгаа юм.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр маргааш Хэрлэн гол, Эг гол, Туул голын усны түвшин 20-30 см нэмэгдэж, Хэрлэн гол үерийн аюултай түвшинг 25 см давах хэмжээнд хүрэв. Иймд дээр дурдсан гол болон гол мөрний сав газраар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт 15 цэцэрлэг, 8 сургууль баригдаж байна

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа улсын төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч ажиллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт 2018-2019 онд он дамжин 15 цэцэрлэг, 8 сургууль, 2 спорт заалны барилга баригдаж байна. “Ирээдүй” цогцолбор сургуулийн 1-р бага сургуулийн давхарын өргөтгөлийг “Солид констракшн” ХХК барьж байна. Одоогийн байдлаар барилга угсралтын явц 72 хувьтай байгаа бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс 8 дугаар сарын 25-нд ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны 176-р цэцэрлэгийн 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барихаар батлагдсан. Цэцэрлэгийн өргөтгөлийн газрын асуудлыг Сонгинохайрхан дүүргээс шийдвэрлэхээр иргэдтэй зөвшилцөн ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны 113-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг “Инжхами” ХХК барьж байна. Нэмэлт санхүүжилтийн асуудлыг хугацаанд нь шийдвэрлэвэл гүйцэтгэгч компанийн зүгээс 9 дүгээр сарын 1-ний өмнө цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг бүрэн ашиглалтад оруулах боломжтой байгаа тухай илэрхийлж байсан. Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо нь төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороо байсан бол 2018-2019 онд он дамжин тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдаж байна. Сургуулийн барилгыг “Хүрэл ордон” ХХК барьж буй бөгөөд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Үлдсэн хугацаанд ажилаа эрчимжүүлж 8 дугаар сарын 15-нд барилга хүлээн авах Улсын комиссыг ажилуулах үүрэг чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан мах, махан бүтээгдэхүүнийг устгажээ

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны импортын суудлын автомашины хяналтын терминалын шалгалтаар мах, махан бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгсэлд нуун, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг энэ сарын 16-ны өдөр илрүүлжээ. Тодруулбал, гарал үүсэл нь тодорхойгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгодог бичиг баримтгүй 110 килограмм тахианы мах, 60 килограмм гахайн мах, 50 килограмм загас, 20 килограмм сам хорхойг улсын хилээр оруулж ирэх гэж байсныг илрүүлэн саатуулж, холбогдох дүрэм, журмын дагуу хураан, устгал хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийх байршлууд

Дулаан хангамжийн шугам тоноглолд засвар үйлчилгээ хийгдэхтэй холбоотойгоор энэ сарын 30-наас ирэх сарын 5 хүртэл дараах газруудад халуун ус хязгаарлах юм байна. Тодруулбал, Замын цагдаагийн газар, “Эрэл”-ийн орон сууц, “Стар эстэйтс”, “Континентал” зочид буудал, “Шинэ үе” сургууль, 21 дүгээр сургууль, Бөхийн өргөө, 13 хороолол, ДДТ-24, 25, 14 хороолол, “Аман хуур” хотхон, Сансар 12, 15 хороолол орчмын халуун усыг зургаан хоног хязгаарлах нь. Засвар хийх хугацаанд хэрэглэгч байгууллагууд нь өөрийн эзэмшлийн дулаанжуулалтын тоноглолуудад туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдэлсэнээс үүссэн хохиролыг өөрсдөө бүрэн хариуцахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

АТГ 49 хэргийг мөрдөн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 7 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 41 гомдол мэдээлэл хянан үзсэнээс 6 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 16 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 61.0 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 41 гомдлын 27 нь Улаанбаатар, 14 нь орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна. Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 7 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 440 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 30 хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 395 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 346 нь хэрэг бүртгэлтийн, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 10.0 хувийг шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Хэлэлцүүлэг 5: Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал

  1. 7/22-ны өдрийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах нь хэлэлцүүлгийг унших бол энд,
  2. 7/23-ны өдрийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь хэлэлцүүлгийг унших бол энд,
  3. 7/24-ний өдрийн Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, харуут бус байдлыг хангах нь хэлэлцүүлгийг унших бол энд,
  4. 7/25-ны өдрийн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь хэлэлцүүлгийг энд дарж уншина уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах зорилготой хэлэлцүүлэг тав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ нь хэлэлцүүлгийн сүүлийн өдөр хэдий ч хэлэлцүүлгийг энэ хүрээд зогсоохгүй, нийгмийн бүх түвшинд, нийт ард түмний хүрээнд дахин нягталж, хамгийн оновчтой шинэчлэлт, өөрчлөлтийн шийдэлд хүрнэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийн эхэнд хэллээ.

Өнөөдрийн сэдэв нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал бөгөөд хэлэлцүүлэгт 38 судлаач, 24 төрийн бус байгууллага, 12 улс төрийн нам болон төрийн байгууллагууд нийлсэн 150 орчим төлөөлөгч оролцож байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт болон бусад асуудал”-ын талаар хэлэлцэж, санал бодлоо илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархаж байна.

Монголчууд бид өнгөрсөн 27 жилийн алдаа оноо, амжилт ололтоо ирээдүйд баримтлах бодлого, зарчмын хамт дөрвөн өдрийн турш хэлэлцлээ. Өнөөдөр төлөвлөсөн асуудлынхаа сүүлийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Гэхдээ хэлэлцүүлэг үүгээр зогсохгүй, нийгмийн бүх түвшин, нийт ард түмний хүрээнд дахин нягтлагдаж, хамгийн оновчтой шинэчлэлт, өөрчлөлтийг хийх шийдэлд хүрэх ёстой юм.

Миний бие 2018 оны УИХ-ын намрын чуулганы нээлт дээр “Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн шилжилтийг зохицуулахад чухал механизм болсон ч одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирснийг” сануулан уриалж байсныг Та бүхэн санаж байгаа байх гэж бодож байна. Тэгвэл өнөөдөр олон жилийн турш эрэлхийлсэн боломж нэгэнт бүрджээ гэж үзэж болохоор байна.

Тодруулбал, Үндсэн хуулиа өөрчлөн сайжруулах энэ завшаан, боломжийг ашиглан улс орноо “байнга хямардаг” биш “зогсолтгүй хөгждөг, урагшилдаг” улс болгохын төлөө сөрөг хүчин, зарим улс төрийн намууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид чамгүй хүчин зүтгэл гаргаж, эсэргүүцэн тэмцэлдэх бус эвлэлдэн шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа нь сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлуудаас тодорхой мэдрэгдэж байна.

Бий болоод байгаа энэ итгэл, тэмүүлэл, нөхцөл боломжийг үндэсний эрх ашгаа дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол”-ын хүрээнд бодит үйл хэрэг болгож чадах эсэх нь “одоо зөвхөн” төрийн эрхийг барьж байгаа Монгол Ардын нам, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн ухамсар, эв эеийг эрхэмлэх сэтгэл мэднэ гэдгийг онцлон тэмдэглэе.

Үндсэн хууль бол нэг намын тулгалт, бүлэг судлаачдын баримталдаг номлолоор бус, мөн түүнчлэн гадны улс орны жишиг, туршлагыг даган дуурайх, хуулбарлах буюу эсвэл зөвхөн өнөөдрийн асуудалд автсан байдлаар өөрчлөөд байдаг хууль биш. Энэ бол энгийн малчин, иргэн бүрийн эрх, эрх чөлөөний баталгаа, өнөөгийн болоод ирээдүй хойч үеийнхний эрх тэгш амьдралын эх үндэс, бүрэн эрхтэйгээр оршин тогтнох тусгаар улсын эв нэгдлийн гэрээ мөнөөс мөн.

Төрийн ордонд болон нийгмийн сүлжээгээр явагдаж буй хэлэлцүүлэгүүдээс ажиглахад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөндөгдөж байгаа зарим асуудлуудыг ердийн хуулийн ойлголттой жиших, нийцэхгүй гэж үзэх, гадны улс орны жишгээр няцаах хандлага бас мэдрэгдэж байна. Тиймээс бид бүгд өнөөдөр Үндсэн хуулиа өөрчлөх, сайжруулах асуудлыг ярьж, хэлэлцэж байгаа гэдгийг тодотгоё. Өөрөөр хэлбэл бид Үндсэн хуулиа “хөгжлийн чөдөр биш ташуур” болох хэмжээнд оновчтойгоор өөрчилж чадвал бусад хуулиудаа нийцүүлэх, сайжруулах, улмаар улс орныхоо өмнө тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Түүнчлэн дэлхийд ганцхан гэж хэлэгддэг нүүдэлчин соёлтой, далайд гарцгүй, хоёр их гүрний дунд байршдаг өөрийн гэсэн онцлогтой Монгол Улсын хуульд гадны улс оронд байдаггүй, жишиж авч үзэх боломжгүй, өв соёл, түүх, уламжлалаа хадгалсан зохицуулалт байх боломжтой төдийгүй байх ёстой гэдгийг анхаарч, баригдмал ойлголт, хандлагадаа дүгнэлт хийн, аливаа жишиг туршлагыг өөрийн онцлог нөхцөл байдлаас дээгүүрт тавьж үзэхгүйгээр харгалзсан, үндэснийхээ эрх ашгийг улам бэхжүүлсэн, хамгаалсан санал, шийдэл гаргах нь чухал гэдгийг онцолж байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэлэлцүүлэгийн энэ удаагийн сэдэвт хамаарах чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал “төрөөс байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тогтоох, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг байгуулах” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

Миний зүгээс “байгалийн баялгийг нийтийн өмчлөлд байлгах, эргэлзээгүй тодорхой нөхцөлөөр ашиглах, байгалийн баялагаас олох орлогыг баялагийн санд төвлөрүүлж зарцуулах, нийтийн өмчийн газрыг нэгдмэл бодлого, төлөвлөгөөний дагуу ашигладаг болох, төв банкны хараат бус ажиллах нөхцөл баталгааг бэхжүүлэх” зэрэг ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

Эдгээр нь нэг өдөр бодож олсон зүйл биш, зайлшгүй авч үзэх, ярилцах, шийдэх ёстой бодлого гэдгийг сануулмаар байна.

Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх нь Монголчууд та бидний Үндсэн хуулиараа тунхагласан эрхэм зорилго билээ.

Тиймээс миний бие “бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх хандлага бүхий санал асуулга явуулахыг мөнхөд хориглох, ард түмний засаглах эрхийн баталгаа болсон иргэний сонгох эрх, эрх чөлөөнд халдах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах явдал, оролдлогыг таслан зогсоох, баялагаа тэгш хүртээмжтэй ашиглах, улс төрийн намаар дамжин төрийн бодлогыг тодорхойлоход оролцох эрхтэй иргэний үндсэн эрх чөлөөг хангах, шударга тэгш боломжийг иргэддээ олгох, парламентын засаглалыг бэхжүүлэх, нэгдмэл улсын онцлог, бодлогоо тодотгох, нийслэл болон хот, хөдөөгийн хөгжилд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх” зэрэг Үндсэн хуулийнхаа эрхэм зорилго бүрт тэмүүлсэн, хүрэх эрмэлзэл бүхий нэмэлт өөрчлөлтүүдийг санал болгосноо Та бүхэндээ нэгтгэн дүгнэж хэлье.

Мөн Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “хариуцлагагүй 76 гишүүний тоог нэмэгдүүлэн 108 болгож, төрийн зардлыг ихэсгэх шаардлагагүй гэсэн” санал, шүүмжлэл гарч байгаад анхаарч, бодлого шийдлээ нэг мөр зөв тодорхойлон, ард иргэдээрээ хэлэлцүүлэх шаардлага байгааг Улсын Их Хурлын гишүүд болоод Ажлын хэсгийнхэнд анхааруулъя.

Тухайлбал Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлж, тодорхой зардал шинээр үүсгэж байгаагийнхаа хирээр хэт данхайсан төрийн бүтцээ цэгцлэх, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгох, төрийн үйлчилгээг хялбар, цахим болгох зэрэг хэрэгжүүлж болох энгийн бодлого, арга хэмжээг төлөвлөн ард иргэддээ танилцуулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах шаардлагатай байна. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнээр төсөвт дарамт, зардал нэмэгдэхгүй байх боломж бүрдэнэ.

Үүнтэй нэгэн адилаар суурийг нь хөндсөн бүхий л асуудлуудын хүрээнд цаашдын бодлого, төлөвлөгөөгөө тодорхой болгох, иргэдээ таниулах, ойлгуулах шаардлага бас байгааг сануулан хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн сайхан бүхэн түгэн дэлгэртүгэй.

Хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.