Categories
мэдээ нийгэм

Олон улсын Физикийн олимпиадаас манай сурагчид хоёр медаль хүртлээ

Израйль Улсын Тель-Авив хотноо болсон Олон улсын Физикийн 50 дахь олимпиад (IPhO-2019)-д энэ жил 78 орны 364 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцлоо. Энэ жилд Монгол Улсад болсон физикийн олимпиадуудын дүнг нэгтгэн эхний таван сурагчийг шалгаруулж авч явснаас хоёр нь медальтай, нэг нь тусгай байрын шагналтай ирээд байна. Тодруулбал, “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Итгэл, Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн сурагч Д.Хонгор нар хүрэл медаль, нийслэлийн Нэгдүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Цолмон тусгай байрын шагнал тус тус хүртэж, “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Бат-Оргил, нийслэлийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Сайханбилэг нар амжилтаа ахиулан ирсэн юм.

Манай улс сүүлийн 20 орчим жил олон улсын Физикийн олимпиадад оролцож байгаа бөгөөд энэ удаад МУИС-ийн багш, доктор Г.Мөнхбаяр, зөвлөх багш М.Ганбат, МУИС-ийн БУС –ийн дэд захирал, доктор Ц.Амартайван нарын ахлагчтай таван сурагч оролцсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Очирбат: Үндсэн хуулийн “Дордохын долоо” гэх өөрчлөлтийг хүчингүй болгосон шийдвэрээ Цэц одоо ч хэвээр гэж үздэг

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай ярилцлаа. Тэрээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албаа хүлээлгэж өгснөөс хойших хэвлэлийн анхны нь ярилцлага юм.


-Сайн байна уу, та. Сайхан наадав уу?

-Сайхан наадлаа. Би наадмаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Алтан-Өлгий сарьдгийн бэл, Баянгийн голын хавьд хэсэг нөхдийн хамт амарлаа. Орон зайн хязгаар арилсан орчин үед заавал төв цэнгэлдэх хүрээлэнд сууж наадам үзэхгүй, цахим холбоо мэдээллийн хэрэгслээр хаанаас ч наадмаа үзэж болдог хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байна шүү дээ. Төв аймгийн Эрдэнэ суманд Дунд баян, Зүүн баян, Дорно баян гээд гурван баян байдаг. Тэр Гурван баянгийн Дунд баянгийн голд эхнэр Цэвэлмаагийн төрсөн Цагааны өвөлжөө гэж бий. Ар талдаа Алтан-Өлгийн сарьдаг гэж 2300 метрийн өндөр сарьдагтай. Их сайхан нутаг л даа. Уг нь би жил бүр нутаг руугаа явдаг. Хазгай хүүхэн хадамсаг гэгчээр энэ жил харин Цэвэлмаагийн нутаг явж, Баянгийн голын эрэг дээр майхан татаад нөхөдтэйгөө нөгөөх мөрийтэй тоглоомоо тоглож суулаа. Чамд сонирхуулж, хөзөртэй холбоотой нэг онигоо хэлэхэд, Төв хорооны Улс төрийн товчоон дээр говийн нэг аймгийн Намын хорооны дарга мөрийтэй тоглосон хэргээр шийтгүүлэхээр иржээ. Төв хорооны том дарга асууж байна.“Муушиг гэж юу юм бэ, ямар тоглоомыг яриад байгаа юм. Бидний нөгөө нэг тойргоор тоглодог тоглоом мөн үү” гэсэн гэдэг. Тэгээд л инээд наргиан болоод юун хүн шийтгэх манатай өнгөрсөн хэрэг. Тэр үед мөрий нь нэг төгрөг байсан. Одоо бол мөрий нь 100 төгрөг шүү дээ. Тэр ханшаараа л байгаа, хамаагүй хөдөлгөж болохгүй. /Инээв/.

-Түрүүлсэн бөх, айрагдсан морьд, мэргэн харваачдын талаарх яриа тасраагүй, наадмын өнгө хуучраагүй байна. Энэ үед танд наадамтай холбоотой сайхан дурсамж хөвөрдөг болов уу?

-Наадамтай холбоотой сайхан дурсамж гэвэл, 1990 оны наадмын нээлтийг санаж байна. Ардчилсан хувьсгал ялсан, анхны Ерөнхийлөгч сонгогдсон жил. Түүнээс өмнөх наадмуудад бол дарга нар төв асарт тухлаад тэндээсээ л наадмаа нээж мэндчилгээ дэвшүүлж наадам эхэлдэг байлаа шүү дээ. Харин 1990 оны үндэсний их баяр наадмаар би шар дурдан бүстэй, цагаан дээлтэй, цагаан бүрх малгай өмссөн хүн төв асраас доош бууж цагаан эсгийн дээгүүр алхан Төв цэнгэлдэхийн голд нь байрлуулсан индэрт хүрч наадамчдадаа баяр хүргэж, ардчилсан хувсгалын ерөөл юугаа тавиад буцаж алхаад байрандаа очсон юм. Тэр үед ардчилсан хувьсгалын чинь гол лоозон үндэсний соёл уламжлалыг сэргээнэ гэж байлаа.

Тийм ч болохоор тэр үед наадамчин олон монгол өв соёл, уламжлалаа санагалзсан юм уу. Хавьд тийм зүйл үзээгүй үзэгч олон хүмүүст сонин сэтгэгдэл төрсөн юм шиг байгаа юм. Хөгшин, залуугүй баярын нулимстай олон хүн уйхаалж байсныг санаж байна.

-Та бид хоёрын ярилцлага Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг өрнөж байгаа түүхэн цаг үе дор болж байна. Та 1992 оны Үндсэн хуулийг баталж байхад Төрийн тэргүүн байсан, гар бие оролцсон хүн. Уг нь та 2000-аад онд хэвлэлд ярьж байхдаа “үндсэн хуульд өөрчлөлт оруулах онцгой шаардлагагүй” гэж ярьсан байдаг. Тэр үзэл бодол одоо өөрчлөгдсөн үү, одоогийн үйл явдалд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Миний тэр үеийн үзэл бодол үндсэндээ хэвээрээ. 1992 оны Үндсэн хууль бол Монголын хөгжлийн ойрын, ирээдүйн төлөв байдлыг тодорхойлсон, ардчилсан төрийн тогтолцоог баталгаажуулсан. Эдийн засгийн хувьд зах зээлийн эдийн засгийн зарчмыг барьж, дэлхийд нээлттэй харилцаатай байх, хамгийн гол нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Хувийн өмч, холимог өмч, төрийн өмч зэргээр цаад гол утга нь нь зах зээлийн харилцаанд шилжихэд хувийн хэвшлийг түшиж хөгжье, иргэдээ өмчтэй болгоё, иргэний эрх, эрх чөлөөний баталгаа нь явж явж өмч, хөрөнгө юм. Өмчтэй хүн бол өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явах, зохион байгуулах эдийн засгийн суурьтай болдог. Хүний гар хардаггүй, бусдаас хамаарах хамаарал харьцангуй бага. Өөрийнхөө амьдралыг өөрөө аваад явах үндэс нь өмч байдаг. Тийм учраас иргэдээ өмчтэй болгох зарчмыг Үндсэн хуульдаа тунхаглаж өгсөн. Тэгээд нөгөө хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооно гэсэн ийм зорилготой. Үүнийг чинь өчнөөн удаа хэлэлцсэн юм. Бага хурлаар гурав, дөрвөн удаа хэлэлцэж, их хурлаар нөгөө 430 депутат чинь 67 хоног хэлэлцсэн юм шүү дээ. 76 хоног хэлэлцсэн гээд л ярьдаг даа. Үлдсэн долоо, найм хоногт Бага хурлын тайланг хэлэлцэж барих өөр асуудлууд орсон байдаг. Энэ хугацаанд Үндсэн хуулийн 70 зүйлийг бүр зүйл нэг бүрээр нь хэлэлцэж, нөгөө олон депутатын санал бодлыг тусгахыг хичээж байлаа. Зүйл тус бүрээр хэлэлцэх нь амар байдаг. Тэгээд л нэг зүйл дээр тогтоод л нэмэхээ нэмж, хасахаа хасч батлаад явсаар хамгийн сүүлд “МЭДЭГТҮН, САХИГТУН” гэдэг хоёр үгээ тавьж аваад л баталсан хэрэг шүү дээ. Түүнээс хойш 1999 онд Үндсэн хуульд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад түүнийг нь Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож, Ерөнхийлөгч хориг тавиад хүлээж аваагүй. Тэгтэл 2000 онд яг нөгөөх жилийн өмнө хүчингүй болгосон нэмэлт, өөрчлөлтийг үг үсэг, цэг таслалын зөрүүгүйгээр тэр чигээр нь УИХ дээр дахиж оруулж ирээд баталчихсан байхгүй юу. Тэгээд л “Дордохын долоон нэмэлт” гэдэг нэршил тэндээс үүсч, тэр үеэс үндсэндээ хоёр Үндсэн хуультай болсон.


-Хоёр гэдэг нь…

-Ухаандаа 1992 оны Үндсэн хууль байна аа даа. Түүн дээр нэмэлт хийхээр шинэ хувилбар гараад ирсэн. Уг нь 1999 онд Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгочихсон. Одоо ч Үндсэн хуулийн Цэц тэр шийдвэрээ хэвээр гэж үздэг юм. Гэвч 2000 оноос хойших 19 жил 1992 оны Үндсэн хууль, 2000 онд оруулсан долоон нэмэлттэй Үндсэн хууль гээд ийм хоёр Үндсэн хуультай юм шиг явж өдийг хүрсэн.

-2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан долоон заалтын асуудал энэ удаа их л бүрхэг байгаа. Уих-ын зарим гишүүн долоон заалтаа бүрэн нэрлэж чадахгүй байх жишээтэй?

-Өнгөрсөн хугацаанд долоон заалтын тухай хангалттай шүүмжилсэн. Тэгээд авч хаядаггүй. Засгийн газар олон удаа огцроод байгаа нь долоон заалтын үр дүн юм шүү дээ. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн болж давхар дээлтэй болоод л, өнөө гишүүд 20-уулаа байхад л хууль баталчихдаг хачин юм хийгээд хаячихсан. Тэр үед Засгийн газар 16 гишүүнтэй. УИХ дээр Засгийн газрын 16 гишүүн байхад л дээрээ дөрөв, таван хүнийг лоббидоод өөртөө элсүүлж аваад Засгийн газрын саналаар хууль батална гэсэн үг. Тэгэхээр хууль тогтоох эрх УИХ-д байна гэсэн чинь амьдрал дээр Засгийн газар, УИХ хоёр хамтарсан байдлаар хууль батлагдаад байгаа юм шиг. 150 хоног хуралдах ёстой чуулганы хурлын хоногийг 50 хоног л хуралдуулахаар болсон. Уг нь УИХ бол үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой Үндсэн хуулийн зарчимтай. Гэтэл 365 хоногоос 50 хоног л ажиллана гээд бод л доо. Тэр бүү хэл Засгийн газар огцруулах тухайҮндсэн хуульд маш тодорхой дэгийг заасан байдаг. Гэтэл Засгийн газрыг 14 удаа огцрууллаа гэж байна. Бүгд УИХ-д суудалтай намын санаачилгаар огцруулаад байсан. Үндсэн хуульд нам Засгийн газрыг огцруулах санаачилга гаргах эрх байхгүй. Засгийн газрын тогтвортой байх асуудалд Үндсэн хуулийн буруу гэж байхгүй. Харин эсрэгээрээ Үндсэн хууль зөрчиж байгаагаас үүдсэн сөрөг үр дагавар нь Засгийн газрын тогтворгүй байдал юм. Ийм ийм өөрчлөлтүүд хийсэн учраас 2000 оноос хойш Үндсэн хуулийн гажуудал гаргаад өдий хүртэл яваад байгаа юм. Тэгэхээр одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай ярьж байгаа юм бол хамгийн эхний алхам нь тэр дордуулсан долоог хүчингүй болгох хэрэгтэй. Тэгээд 1992 оны Үндсэн хуулийнхаа аль зүйл заалтыг яаж өөрчилж, юу нэмж юу хасах тухайгай ярь. Дээр би хоёр Үндсэн хууль гэж хэлсэн дээ. Одоогийн нөхцөл байдлаас харахад яг алин дээр нь нэмэлт, өөрчлөлт оруулах гээд байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй. УИХ-аас оруулсан санал дотор ч зарим нь 1992 оны хуулийн заалт дээр, зарим нь 2000 оны хуулийн заалтыг хэлж явна. Үүнийг ойлгомжтой болгох хэрэгтэй.

-Улс төрийн намын тухай асуудал УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд болон Ерөнхийлөгчийн саналд ч хөндөгдөөд байгаа. Намын асуудал дээр та ямар байр суурьтай байна?

-Үндсэн хуулийн дотор эрх баригч нам гэж нэр томьёо их өргөн хэрэглэгдэж ирлээ.Хэвлэл мэдээллийнхэн ч ингэж бичих нь их юм. Угтаа Үндсэн хуульд эрх баригч нам гэж байхгүй. Төрийн эрх бүх ард түмний мэдэлд байна гэдэг. Төрийн эрхийг ард түмэн төлөөллийнхөө байгууллагаар дамжуулж хэрэгжүүлнэ. Тэр нь УИХ. Тэгэхээр бүх ард түмний мэдэлд байх ёстой засгийн эрх чинь одоо эрх баригч намын мэдэлд орчихсон. Өөрөөр хэлбэл, Монголд засгийн эрхийг нам барьдаг болчихоод байна. Нам санаачилга гаргаад Засгийн газрыг огцруулдаг, УИХ бол тогтоол гаргаад зүгээр л түүнийг гүйцэтгэж байдаг болчихож. Өдөөгч, санаачлагч нь нам болж хувираад байна. Уг нь Үндсэн хуульд нам гэдэг үг гурван зүйлд долоон удаа байдаг юм. Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшүүлэх, сонгуулиар УИХ-ын гишүүдэд нэр дэвшүүлэх эрх намуудад олгогдсон байдаг. Тэрнээс биш эрх барина гэж байхгүй. Нам олонх болохоор л эрх баригч болчихдог. 1960 оны Үндсэн хуулийн 82 дугаар зүйлд нам бол нийгмийг удирдан жолоодогч байна. Энэ заалтыг хамгийн түрүүнд хүчингүй болгож байж шинэ Үндсэн хууль руу орсон юм шүү дээ, уг нь. Тийм учраас 1992 оны Үндсэн хуульд намын ролийг маш хязгаарлагдмал оруулж өгсөн. Гэтэл явцын дунд өнгөрсөн 27, 28 жилд нам бол Үндсэн хуулийн бус аргаар асар их рольтой болсон. Чуулганы хурал хийж байгаад л “Завсарлага авлаа, намын бүлэг дээр ярьж байж шийднэ” ч гэх шиг. Байнгын хороод гээд Их хурлын өөрийнх нь аппарат байна. Байнгын хороод дээр ярина уу гэхээс намын бүлэг дээр ярих ямар шаардлага байгаа юм. Намын бүлэг яаж шийднэ түүнийг УИХ дээр баталж байдаг зүйл Үндсэн хуульд байхгүй. Энэ мэтчилэн Үндсэн хуулийг гажуудуулж зөрчиж байсанзөрчлүүд асар их байгаа юм. Үндсэн хуулиа хатуу бариад мөрдөөд явсан бол Үндсэн хуульд нэг их тийм хэрэглэж болохгүй, Монголын нийгмийн хөгжлийг саатуулаад байгаа зүйл байхгүй. Зохиомол, хиймэл, өөрсдөө Үндсэн хуулийг хэрэгжүүлэхгүй зөрччихөөд түүнийгээ Үндсэн хуулийн зөрчил юм шиг яриад байгаа нь үнэхээр буруу.

-Манай улсад сонгуулийн аль тогтолцоо тохиромжтой талаарх асуудал олон нийтийн анхааралд байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэг их өөрчлөлт ороогүй ч Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, пропорциональ системээр сонгууль явуулах санал гаргачихлаа?

-Зардлаа дийлэх юм бол УИХ-ын гишүүдийн тоо хэд ч байж болно. Гагцхүү УИХ-ын ээлжит чуулганы чуулах хугацаа, чуулганы болон байнгын хорооны хуралдааны ирц, асуудал шийдвэрлэх квот, давхар дээлийг дан болгох зэрэг заалтуудыг 1992 оны Үндсэн хуулийн дагуу сэргээн мөрдөх хэрэгтэй. Сонгуулийг холимог системээр явуулах механизмыг Сонгуулийн хуулиар зохицуулж, намын жагсаалтаар сонгогдох гишүүний хамгийн бага байх хувь хязгаарыг Үндсэн хуулиар тогтоож өгөх нь зүйтэй.

-Өмнө нь манайх холимог тогтолцоогоор сонгууль явуулсан түүх байдаг?

-1992 оны Үндсэн хуульд сонгуулийг олон намын системтэй байна. Нууц, тэгш зарчмаар сонгоно гэж заасан. Үндсэндээ цаад утга нь мажоритор системийг мөрдье, энэ бол намуудын төлөвшилд их чухал. Намууд төлөвшлөөрөө УИХ-ыг байгуулах сонгуульд тодорхой программаар өрсөлдөөд оролцог. Хэн олон суудал авсан нь гараад ирэг. Ямар ч байсан сонгогдох тойрогтой, сонгочидтой УИХ-ын гишүүдийг сонгож байя гэсэн зарчим. Пропорциональ систем гэдэг бол намаас дэвшүүлсэн нэрсийн жагсаалтаар ямар ч тойрог, сонгогч байдаггүй. Үндсэн хуульд заасан нууцаар санал хураана, тойргийн сонгогчдоороо сонгуулна гэсэн нь юу алдагдахад хүрсэн. Ингээд болохгүй байсан учраас өнгөрсөн долоон удаагийн сонгуулийн зургааг мажоритороор явуулсан. Нэг удаа намын нэрсийн жагсаалт гэдгээр хийж үзсэн. УИХ-ын 76 тойргийн 48-ыг нэг мандаттай тойргоор санал хураагаад, 28-ыг нь нэрсийн жагсаалтаар оруулж үзсэн. Тэр чинь их сонин. Тойрогтоо очиж ажиллана гэхээр УИХ-ын 28 гишүүнд тойрог байхгүй. Бараг танай аймагт очъё гэх болдог. Энэ чинь өөрөө Үндсэн хуулийн зөрчил болж харагдаад байгаа юм.

Хүмүүс бол намуудын оролцоог нь бодох хэрэгтэй гээд байдаг. Одоо 108 хүнтэй УИХ-ын 54-ийг сонгоно, 54-ийг жагсаалтаар батална ч гэх шиг юм яриад байна. Энэ бол Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй. Хэрэв үүнийг явуулъя гэж байгаа бол Үндсэн хуульдаа сонгуулийн холимог системийг хэрэглэнэ гэж биччихвэл өөр байх. Францад пропорциональ системийг хэрэглээд сонгууль явуулсан байдаг. Манайд бол засгийн эрх ард түмний мэдэлд байна гэдэг тэр зарчим хэвээрээ байх юм бол пропорциональ системээр явахаар төрийн эрх намын мэдэлд оччихно. Төрийн эрх баригч нам гэдэг жинхнээрээ пропорциональ системээр тодорно. Яагаад гэвэл намын гаргаж өгсөн жагсаалтаар сонгосон гээд гэдийчихнэ.

-Ерөнхийлөгчийн эрхийг Үндсэн хуульд хэрхэн тусгах ёстой юм бэ. Одоогийн хуулийн төсөлд бол Ерөнхийлөгчийн эрх хэтэрхий их байна, бага байна гэсэн маргаан өрнөж байна?

-Яг тийм. Хоёр янзын урсгал яваад байна. Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах гээд ч байгаа юм шиг, сүүлчийн хувилбарыг харахаар Ерөнхийлөгчийн эрхийг хамаагүй өргөтгөх гэж байгаа юм шиг. Ерөнхийлөгчийн эрхийг өргөтгөж, ҮАБЗ гэх мэтээр дамжуулаад нөлөө бүхий шийдвэр гаргах гээд байгаа юм уу гэмээр. Хэрэв ингэвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болчихож мэднэ. Засгийн эрхийг намд өгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол өнөөгийн Монгол, Монгол биш болно. Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах биш цоо шинэ Үндсэн хууль хийх хэрэг болно. Тэгэхэд энэ Монгол гээч улс юу болох вэ. Ардчилсан гэх үү, зах зээл энэ тэр нь нээлттэй, хаалттай байх асуудал яах вэ. Дэлхийн улс орон Монголд яаж хандах вэ. Өөрөөр хэлбэл, цоо шинэ Үндсэн хуультай өөр нэг Монгол Улс бий болох тухай асуудал бий болж магадгүй. Гэвч энэ бол яагаад ч байж болохгүй. Ер нь энэ асуудал дээр их болгоомжтой, оновчтой, судалгаа үндэслэлтэй, үр дагаврыг нь их нарийн бодож байж хиймээр байгаа юм. Одоогийн нөхцөл байдлыг хараад чагнаад байхаар явж, явж Үндсэн хуульд ямар ч өөрчлөлт орохгүйгээр дуусч мэднэ.

-Ерөнхийлөгчийн гаргасан саналын дагуух хэлэлцүүлэг шүүх засаглалаар өчигдөр үргэлжиллээ. Үндсэн хуульд шүүх засаглалын тухай ойлголт чухал байр суурьтай биз?

-Шүүх засаглалын хувьд би “Үндсэн хуулийн хэрэгжилт хяналт судалгаа” гэсэн ном бичсэн. Түүндээ би өөрийн хийсэн анализыг тодорхой тайлбарласан байгаа. Ер нь шүүх эрх мэдлийн тухай гарсан хуулиуд, түүний хэрэгжилт Үндсэн хуультай зөрчилдсөн юм бараг байхгүй. Шүүх засаглалыг нэг их айхтар хөдөлгөх шаардлага өнөөдөр бий юу, үгүй юү. Өнөөдөр шүүх засаглалд хамгийн ноцтой дутагдал бол авлига, хээл хахууль. Энэ чинь байгаа юм. Тэгэхээр яаж үүнийг шүүх эрх мэдлээс арилгах вэ гэдэг дээр механизм хэрэгтэй. Шүүгчид, шүүхийн бие бүрэлдэхүүний мэргэжлийн соёл, ёс зүй, ухамсраас л их хамаарна.

Б.ЭНХЗАЯА

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Би чинь Р.Чойномын алганы амтыг үзэж явсан хүүхэд шүү дээ


“Чингис хаан” хамтлаг

“Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин, гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайхантай ярилцлаа.


-Сайхан наадав уу та. Сая наадмын өдрүүдэд таны амьдрал, уран бүтээлийн Чингисийн Жагаа хөрөг нэвтрүүлгийг 25 дугаар суваг телевиз хийж цацсан нь олны хүртээл боллоо. Сайхан нэвтрүүлэг болсон байна билээ. Өөрийнхөө гэхээсээ өрөөлийн тухай, нөхдийнхөө тухай, Монголын рок хөгжмийн түүхээс хүүрнэсэн тань энэ хүн ингэж ярихаас өөр хэн ингэж түүх өгүүлж чадах билээ гэж бодогдсон шүү?

-Сайхан наадлаа, миний дүү. Нэлээн юм болж байж нэг ийм нэвтрүүлэг хийгдсэн дээ. Санаснаар болдоггүй хорвоо гэдэг шиг дутуу дулимаг зүйл байх шиг байна билээ. Монголын орчин цагийн хөгжмийн урлаг, түүнд залуу халуун насаа зориулсан ахмад дуучид, анхны хөгжимчдийн талаар ярих зүйл дуусашгүй л дээ. Бид хамтдаа түүх бүтээлцэж явснаа хожим ухаарч тэрийг асууж байхгүй яав аа, үүнийг лавлаж үлдэхгүй яав аа гэж харамсах нь олонтаа юм даа. Олон арван найз нөхөд минь тэнгэрт оджээ. Тэр бүрийг ганц цагт яаж өгүүлж барахав. Ер нь бол одоо бичигдэж байгаа “Монголын Рок нууц товчоо” гурван боть номоороо ХХ зууны монголчуудын соёл урлаг, тайзны амьдрал, хөгжим тойрсон өдрүүдээр цуврал түүхэн нэвтрүүлгүүд хийе гэж бодож сууна.

-Таны ээж гавьяат багш Г.Бадам, Хурхын голын хөндийгөөр үр хүүхэд, ач гучаа тойруулан олон жил зусаж ирсэн хүн. Энэ хөндийгөөс энэ жилийн наадмын түрүү бөх тодорлоо?

Тун баяртай байна. Нэгэн голын уснаас ундаалж өссөн улсын арслан Э.Оюунболд дүү маань төрийн наадамд түрүүлж аварга болсонд тун их баяртай байна. Шинэ аварга төрсөнд монгол түмэн тэр чигээрээ магнай тэнийлээ дээ. Өнгөрсөн зун Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд болсон аймгийн хурц арслан Г.Өсөхбаярын цолны найрны үеэр уулзаж “Жингээ хасах хэрэгтэй байна даа дүү минь” гэхэд тэрээр “Тийм ээ ах аа. Энэ жил их зүйл төлөвлөж байгаа, дүү нь. Жингээ хасна, хойшоо Орос руу явж тусгай бэлтгэл хийх санаатай. Зарим нэг бэртэл гэмтлээ ч сайтар шинжлүүлж, эмчлүүлээд авъя гэж бодож байна” гэсэн юм. Хэлж ярьж байсныгаа дүү маань хэрэгжүүлж чадсан. Ам ажил зөрөөгүйн учир аварга болж чадлаа хэмээн бодож сууна. Дахиад төрийнхөө наадамд хэд хэдэн удаа түрүү авах нас түүнд бий дээ.

-Та сая “Яг түүн шиг шоу”-ны шүүгчээр ажилласан. Энэ шоуны талаар ярихгүй юу?

2011 онд UBS телевизийн “Universe Best songs” уралдаанд шүүгчээр ажилласнаас хойш энэ удаа Боловсрол телевизийн “Яг түүн шиг” шоуны сүүлийн улирлын шүүгчээр уригдан ажиллалаа. Хэцүү ажил байдаг юм байна. Манай залуу уран бүтээлчид яасан ч их авьяастай болсон юм. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ гэдгийг ёстой үзүүлж өглөө дөө. Тэднээрээ бахархаж байлаа. Хүнд хэцүү давааг давж, санасандаа хүрэх гэж дор бүрнээ хичээн чармайж байгааг нь ойрхноос харж суухдаа шар үс босох шиг болж, бие загзайж байснаа нуугаад яахав. Хэдэн оноогоо хэнд өгнө гэдэг асуудал байсан. Та бүхэн харж, ойлгосон л биз дээ. Энэ бүхэн маань ард түмнээ баясгах гэсэн энтертайнмэнт шоу цэнгүүн шүү дээ гэж үе үе бодогдох боловч эцсийн эцэст авьяас чадвар, хөлс хүчийг үнэлэх үнэлэмж яах ч аргагүй нэхэгдэж байлаа. Боловсрол телевизийн хамт олон энэ мэт энтертайнмэнт шоу цэнгүүн хийхдээ гаршсан улс байна лээ. Монголчуудыг хоёр сар гаруйн хугацаанд найм хувааж чадсан, найрамдуулж дараа нь цэнгүүлж чадсан авьяаслаг найман дүүдээ танай сониноор дамжуулан уран бүтээлийн амжилт хүсэн ерөөж байна!


Д.Жаргалсайхан аав, ээжтэйгээ

-Таны аав нэрт уран барималч Чимидийн Дашзэвэг гэж хүн байсан. Аавынхаа талаар ярихгүй юу?

Ааваараа би бахархдаг. Халх голд цусаа урсган эх орноо хамгаалж явсан өвөөгөөрөө бас бахархдаг.

Халх голын дайны 80 жилийн ойн энэ үед би өвөөгөө дурсахгүй бол хэзээ дурсах билээ. Миний өвөө Авидын Наваан овогтой, Балжин Өндөрхааны долоодугаар дивизийн Бага даргын сургуулийг 1934 оны есдүгээр сард салааны туслах, жинхэнэ бага дарга цолтойгоор төгсгөөд 1939 оны Халх голын дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн наймдугаар морьт дивизийн 23 дугаар морьт хорооны хоёрдугаар сумангийн бие бүрэлдэхүүнд багтан Японы түрэмгийлэгчдийн эсрэг байлдаанд оролцсон юм. Зүүн эргийн элсэн манханд наймдугаар сарын 19-нд болсон ширүүн тулаанд хүндээр шархдах үедээ хорооны сургагч орос хурандаагийн орчуулагчаар ажиллаж байжээ. Тиймээс Зөвлөлтийн цэргийн хээрийн эмнэлэгт хүргэгдсэн ба үзлэг хийсэн эмч “Сумыг нь авах гэж оролдвол энэ хүн цус алдаж үхнэ. Эм тариа яаралтай хийж шархыг нь аниулах хэрэгтэй. Аз болж цус бага алдаж. Бие нь илааршиж чадвал ганц хоёр жил амьдарна” гэж хэлсэн гэдэг. Дайны дараа өвөө маань Хан Хэнтий аймгийн төв Өндөрхааны “Мөрөн” хоршоонд нягтлангаар ажиллаж байгаад цээжинд нь удсан япон сумны уршгаас болж 1944 онд идэр залуухан 35 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Эх орны эр цэрэг явсан өвөөгөөрөө уран барималч Дашзэвэгийн үр удам бид үүрд бахархаж явах болно.

Уран бүтээлийн минь гол санааг чиглүүлж өгсөн хүн бол миний аав. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 1930 онд төрсөн аав маань Улаанбаатар хотын Урлагийн сургуулийн уран баримлын ангийн анхны төгсөгчдийн нэг. Түүний эх загварыг нь гаргаж, газар дээр нь өөрийн биеэр, шавь нарынхаа хамт бүтээн босгосон эрэлхэг баатар охид, хөвгүүдийн хөшөө дурсгалууд монгол орны өнцөг булан бүрт сүндэрлэж байгаад бахархахгүй байхын аргагүй биз ээ. Би энд 1961-1991 оны хооронд барьж босгосон зарим томоохон бүтээлүүдийг нь дурдъя.

Аавынх нь барьсан хөшөө

Монголын анхны хүрэл цутгамал бүтээл болох их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг 1961 онд Л.Махвалын эх загвараар босгох ажилд аав маань баримлын тасгийн бүх уран бүтээлчийнхээ хамт гар бие оролцсон байдаг.

Н.Жамбаагийн эх загвараар Ховд аймгийн Манхан сумын төвд 1962 онд боссон БНМАУ-ын баатар Цэндийн Олзвойн хөшөө, Л.Дашдэлэгийн эх загвараар Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрийн үүдэнд 1963 онд баригдсан Ардын хувьсгалын партизан Дамдины Содномдаржаагийн хөшөө, мөн Л.Дашдэлэгийн эх загвараар 1964 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд бүтээгдсэн их говийн хатан зоригт бүсгүй, БНМАУ-ын баатар Түвдэнгийн Борын хөшөөг тус тус газар дээр нь сүндэрлүүлж босгосон хүн шүү, аав минь. Хотын халуун паартай урланд сууж хөшөө баримлын эх загвар зохиох нэг ондоо. Тэрхүү эх загварын дагуу хөдөө орон нутагт явж, халуунд халж, хүйтэнд нь хөрөн байж, хөрс шороон дээр нь амьдруулж босгоно гэдэг асар хүнд хөдөлмөр байлгүй яахав. Их л хөдөлмөрлөсөн хүн дээ.

Дараа нь 1965 онд Ховд аймгийн Алтай сумын төвд Байтаг Богдын гурван баатар гэгддэг БНМАУ-ын баатар Лхүнэрэвийн Даваадорж, Баянбалын Тэгшээ, Самданжамцын Лхагвадорж нарт зориулсан нэгдсэн гэрэлт хөшөөг өөрийн эх загвараар, 1966 онд Ховд аймгийн төвд босгосон Үндэсний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, зүүн гар улсын сүүлчийн хаан Амарсанаагийн морьт хөшөөг өөрийн эх загвараар, Ардын хөдөлгөөний нэрт удирдагч Ард Аюушийн хөшөөг Жамбаагийн эх загвараар бүтээн сүндэрлүүлсэн юм. Эдгээр хөшөөг тойрон хөгшид нарлан, хүүхдүүд тоглож, залуус болзож байдаг гэсэн. Хөшөө тийш одох ардын зам балрахгүй гэдэг чинь их үнэн үг шүү.

За тэгээд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1967 онд БНМАУ-ын баатар Хоролын Дамбын хөшөөг өөрийн эх загвараар, 1968 онд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод БНМАУ-ын баатар Лхүнэрэвийн Даваадоржийн хөшөөг мөн өөрийн эх загвараар, 1969 онд Ховд аймгийн Чандмань сумын төвд БНМАУ-ын баатар Баянбалын Тэгшээгийн хөшөөг өөрийн эх загвараар тус тус сүндэрлүүлэн босгож байлаа. Эх орныхоо төлөө амь насаа хайрлаагүй эрэлхэг хөвгүүдийнхөө суу алдрыг мөнхжүүлэх үйлсэд аав маань хувь нэмрээ оруулсан нь бахдалтай санагддаг.

1970 онд Булган аймгийн төвд БНМАУ-ын баатар Самданжамцын Лхагвадоржийн морьт хөшөөг уран барималч Довчиндаваатай хамтарсан эх загвараар, 1972 онд Ховд аймгийн төвд эрэлхэг чекист, цогт эх оронч Цогтын Гомбын дурсгалын гэрэлт хөшөөг өөрийн эх загвараар, 1973 онд Увс аймгийн төвд БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны хөшөөг өөрийн эх загварын дагуу, 1976 онд Улаанбаатар хотын Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнө Лениний идэр нас “Володя” хөшөөг уран барималч Д.Санжаагийн эх загварын дагуу, хамгийн сүүлд гэхэд 1991 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт домогт босоо аварга Самдангийн хөшөөг барьсан даа. Хөлс хүч, авьяас хөдөлмөрөөрөө нэрээ мөнхөлсөн аавын минь уран бүтээлийн Гэр музей төрсөн нутагт нь бий. 1999 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнагдаж биднийг баярлуулж билээ.


Д.Жаргалсайханы гэр бүлийн хамт

-Яруу найрагч Р.Чойном гуай таны аавтай их ойр байсан гэдэг?

Миний аав Хэнтий аймгийнх гэдэг утгаараа нутаг нэг гэж яруу найрагч Чойномтой андууд явсан нь үнэн. Ялангуяа 1960-аад оны дунд үеэр Урчуудын эвлэлийн хорооны хотын салбарт туслах зураачаар ажиллаж байхад нь аав маань ил, далдаар их тусалж байсан гэдэг. Тэдний гэр одоогийн Бөхийн өргөөний хойд уулзвар дээр байгаад саяхан нураагдсан Дугуй булант хэмээх алдарт байшинд амьдарч байсныг би санаж байна. Аавын минь шаахай-72 мотоциклийн ард сууж яваад тэр байрны гадаа буудаг байсан юм. Чойном туслах зураачаар ажиллаж байхдаа баяр ёслолын үеэр байшин барилга дээр чимэг болон өлгөгддөг байсан Ленин, Сүхбаатар болон МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, сайд нарын зургийг даавуун дээр томоор зурж суудагсан. Тэр үед ямар өнөөдрийн хулдаасан хэвлэл гэж гайхамшигтай сайхан юм байсан биш. Нэг удаа Майн баяр ойртож байх үеэр аавыгаа дагаад ажил дээр нь очвол Чойном тэргүүтэй хэдэн зураач гадаа газар дээр дэлгэсэн том том даавуун дээр өнөө хүмүүсийн зургуудыг зурж таарсан юм. Нас бага байж дээ. Эхлээд дундуур нь сүлжээд л их соёлтой амьтан юм юм сонирхож хэрэгт дурлаж явснаа нэг мэдэхэд зурж байсан зурган дээгүүр нь гүйгээ биз. Нэг биш нэлээд хэд гүйсэн байх. Ингээд загнуулна. Сүүлдээ даварсан хүү гэх хэргээр таван салаа боов авсан даа. Авах авахдаа аавынхаа найз Чойномоос хүртсэн юмдаг. Арзайтал уйлж аргадуулаад, бүр болоогүй ээ түүнд хөтлүүлэн тэрүүхэн дор нь байсан “Нүхэн” дэлгүүрээр орж улаан ус, мөхөөлдсөөр дайлуулж байснаа мартдаггүй юм. Хожим 70-аад оны дундуур хуучнаар “Бамбарууш” кафе орж яваад түүнийг хэдэн хүний хамт босоо ширээний ард пиво уугаад зогсож байхыг нь хардаг юм. Гундуухан харагдсан даа, ах минь. “Барималч Дашзэвэгийн хүү Жагай байна” гэж хэллээ. Тэрээр “Өө…” хэмээн ихэр татан хоолойгоо хоржигнуулан аяар дуугараад над руу гараа сунгахад нь би духаа өгч үнсүүллээ. Сөрвөгөр сахал нь хатгаж, нус нулимс уу аль эсвэл пивоны хөөс байсан уу дух маань нэг л нойтон оргиод явчихсан санагдана. “Бамбарууш” кафенаас худалдаж авсан тэргүүн, торт зэргээс өгөөд “Нарийн боов ид, ах аа” хэмээхэд тэр халааснаасаа байдгаараа үрчийсэн нэг төгрөг гаргаж өгөөд “Печень идээд цадаагүй, бичиг үсэг сураад гавиагүй хүн дээ ах нь” гэж хэлж билээ. Энэ нь түүний зохиосон шүлгийн нэг мөр болохыг хожим би олж уншсан юм. Хэнтий аймгийн Дархан сумын төвд байгуулагдсан Чойномын музейд 1992 онд би зочилсон. Сумын хөдөлмөрчдөд тоглосон хоёр удаагийн концертын орлогоо бүгдийг нь музейд хандивласан. Тэр үед Чойном гэдэг агуу найрагч ямархан сайн зураач байсныг нь музейд тавигдсан түүний зурсан зургуудаас олж харж билээ.

Сайхан аавынхаа буянаар энэ мэт Монголын сор болсон олон арван уран бүтээлчтэй ойр дотно явсан бага залуу нас минь дурсамж дүүрэн өнгөрч дээ.

-Сүүлийн үед сошиал ертөнцөөр таны байгуулах гэж байгаа Монголын Рок музейн үзмэрүүдийн тухай мэдээллүүд их гарах болжээ. Энэ бүхнээс бид Монголын поп урлаг, рок хөгжмийн үүсэл хөгжилд хувь нэмрээ оруулсан ахмадуудын талаар мэдэж авч байгаа. Та монголын рок музейн талаараа манай уншигчдад бага ч болов мэдээлэл өгөөч.

-Манай музейн үзмэрт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол хөгжимчин, гавьяат жүжигчин, цахилгаан гитарын бүх үеийн “гол баатар” Д.Галсанбатын Герман улсад үйлдвэрлэгдсэн “Musima Eterna de Luxe” загварын гитар, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, олны дунд “Цэнхэр залаа”-г зохиогч гэж алдаршсан нэрт гитарч С.Баатарсүхийн ARIA PRO VANGUARD япон гитар, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын морин хуур, нэрт дуучин Б.Баярын багаас тоглож өссөн гармони хөгжим, “Инээмсэглэл” хамтлагийн гитарч, хөгжмийн зохиолч Д.Цогдэлгэрийн хэрэглэж байсан загасны уурга, супер саксафонч, хөгжмийн зохиолч, “Баянмонгол” чуулгын хөгжимчин Л.Батаагийн үлээж байсан Чехословакд үйлдвэрлэгдсэн альт саксафон, Монголын анхны мэргэжлийн ятгачдын нэг, “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч Б.Наранбаатарын ятга хөгжим, хөгжмийн найруулагч Н.Халиуны тоглож байсан БНАГУ-д үйлдвэрлэсэн “Вермона” орган хөгжим, “Харанга” хамтлагийн гитарч, хөгжмийн зохиолч Я.Одсүрэнгийн Gibson Les Paul загварын гитар зэрэг 200 шахам үзмэр нэгэнтээ цугларчээ. Цаашид ч энэхүү сан хөмрөг маань баяжсаар байх нь ойлгомжтой. Монголын Рок музей үндэсний төсөл маань төрийн дэмжлэг болон бусад ивээн тэтгэгчдийн гар харалгүй хэрэгжсээр 10-аад жилийн нүүр үзжээ. Хамгийн хайртай хөгжмийн зэмсэг, эд өлгийн зүйлсээ үзмэр болгон бидэнд хадгалуулсан хүмүүсийн итгэл дээр манай энэхүү үндэсний төсөл маань тогтож ирснийг онцлон тэмдэглэмээр байна. Монгол рокын түүх гэдэг бол Монголын залуучуудын түүх, Монголын хөгжмийн түүх, Монголын түүхийн нэгээхэн хэсэг гэж бид ойлгодог. Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ Америк, Европын орнууд дахь рок музейг очиж сонирхон, судалгаа хийсний үндсэн дээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

-Долдугаар сарын 11-нд буюу наадмын үдэш та хамтлагаараа Эрдэнэт хотын хөдөлмөрчдийн өмнө гарч “Эрдэнэтчүүддээ баярлалаа” шоу-цэнгүүнд оролцсон байна билээ. Энэ жил “Чингис хаан” хамтлагийн 30 жилийн ой тохиож байгаа. Тоглолт их хийгдэж байна уу?

-30 жилийн ойн өдрүүдээ манай хамтлагийнхан үзэгч, сонсогчдынхоо хамт тоглолтын тайзан дээр тэмдэглэж байна гэхэд болно. Эрдэнэтийн наадмын шоу тоглолт сайхан боллоо. Дараагийн долоо хоногт бид Өмнөговь аймгийн Гурван тэс сумыг зорих гэж байна. Зуны саруудад Өмнөд Монголын нутагт монгол наадам ихээр зохион байгуулагддаг. Эдгээрт тоглох урилга мөн ирсээр байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд “Чингисийн Жагаа” уран бүтээлийн бие даасан тоглолтуудаа Эрдэнэт, Дархан, Чойр зэрэг газруудад хийлээ. Бас нэгэн сонирхолтой ажилд оролцсон маань Оросын холбооны Халимаг улс руу “Hero” энтертайнмэнтийн уран бүтээлч дүү нарын хамт таван сард одож, нэрт жангарч Цагаанзамын “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн продюсероор ажилласан явдал байлаа. Энэ хүний уран бүтээлээр төлөөлүүлэн Халимагийн ард түмний хэдэн зууны турш туулсан зовлон, жаргалыг тодорхой хэмжээнд үзүүлэх тус нэвтрүүлэг удахгүй нийтийн хүртээл болно.

Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо зургаадугаар сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын Соёлын өдрүүдэд оролцоод ирлээ. Дараа нь Хөх хот руу нисч Монгол-Хятадын шинэ үеийн найрамдалт харилцаа үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан “Одон” телевизийн “Тохой холбосон 70 жил” түүхэн цуврал нэвтрүүлгийн зочноор уригдаж, ярилцлага өглөө. Өмнөд Монголчууд маань манай хоёр орны харилцааны түүхэнд 1989 онд анх удаа Хөх хот, Ордос, Бугат зэрэг газруудаар хийсэн Монголын эстрад урлагийн жүжигчид бидний тоглолтыг ихэд үнэлэн дурсдаг юм билээ. Өнөөдрийн Өмнөд Монголын рок хөгжим, урлаг уран сайханд 30 жилийн тэртээх бидний тоглолт том нөлөө үзүүлсэн гэж онцлон тэмдэглэж байв. Тэр дундаа “Зургаа дөчин тав” дууны үлгэр эхэлсний 30 жил гэсэн уриан дор хийгдэх Өмнөд Монголын рок хөгжимчдийн нэгдсэн баярын цугларалтын үеэр манай “Чингис хаан” хамтлагийг урина гэдгээ илэрхийлж байсан.

Эрдэнэтийн Баяр наадмын шоу тоглолт Амарын талбай дээр сайхан болж өнгөрлөө. Хамтлаг маань гурван цаг гаруй хугацаанд тоглолтоо сонирхууллаа. Энэ үеэр манай хамтлагийн гоцлол гитарч Ц.Алтангэрэл (Атка) маань Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсанд бид маш их баяртай байгаа.Хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ойн баярын өдрүүд иймэрхүү маягаар хөлс хүч гаргасан тоглолт, уулзалт, аялал, шагнал урамшууллаар үргэлжилж байна даа.

-Аялал гэснээс таныг удахгүй АНУ руу аялан тоглолтоор явах гэж байгаа гэж сонссон. Энэ талаар та дэлгэрүүлж ярина уу?

Вашингтон орчмын монголчуудын холбооныхонтой хамтарч Америкт ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулсан ёс заншил, уламжлалт соёл, дуу хөгжмийн түүхийг үзүүлэх цуврал арга хэмжээ, аялан тоглолтыг хийхээр төлөвлөж байна. Ганц, хоёр цагийн концертоор үйлчилсэн болоод хэдэн төгрөгийг нь аваад явахдаа гол биш, юмыг уг үндсээр нь хэлж ойлгуулж, таниулах, мэдүүлэхэд бидний энэ цуврал арга хэмжээний гол утга учир оршино. Ялангуяа хүүхэд залуу үеийнхэнд зориулсан Монголын түүх, соёл, уламжлалыг таниулах тоглолтууд болон уран бүтээлийн уулзалт ярилцлагууд тун сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Эхний ээлжинд бидний энэхүү арга хэмжээ Вашингтон орчмын монголчуудад зориулагдан хийгдэх юм. Үүнд “Монголын нүүдэлчний соёл иргэншил” уулзалт үдэшлэг, Монголын тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан хийх “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” тоглолт, Вашингтон орчмын монголчуудын шинэ жилийн Баярын цэнгүүн, Монголын уламжлалт үндэсний баяр болох “Цагаан сар”, монгол түмний их баяр “Наадам”, “Монголын эстрад урлагийн үүсэл хөгжил” илтгэл зэрэг бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжлэх арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байгаа. Энэ бүхэндээ Америкт ажиллаж, амьдарч буй ахмад болон залуу үеийн төлөөллийг урьж оролцуулах гэж байна.


Categories
мэдээ цаг-үе

МЗЭ-ийн хогийн савнаас олдсон сод зохиолч П.Лувсанцэрэнгийн архив


Голд нь зохиолч Б.Ринчен, П.Лувсанцэрэн нар

Наадмын өмнөхөн Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатынд зочлоход өөрийн зохиосон “Суут найрагчийн сувд шиг бүсгүйн нууц”, “Маршал Дэмид”-ийн хоёр цуврал романаа гарын үсэг зуран бэлэглэж билээ. Шарга морьтын зуслан дахь гэрт нь Төрөө ах бид хоёр өдөржин аргиж даргиж суухад сэтгэл догдлуун тэрээр “Засгийн газрын хүндэт жуух бичиг” гэсэн алтан боронзон бичиг бүхий хүндэтгэлийн улаан хавтсыг номын сангаасаа гарган ирж гардан өгөхдөө “Танай нутгийн Пэрэнлэйн Лувсанцэрэн гэж Монголын хүүрнэл зохиолын ноён оргил байсан хүн. Энэ их зохиолчийн архивыг чамд гардуулъя” гэхэд сэтгэл огшин, нүднээ нулимс цийлэх дөхсөн билээ. Нулимс цийлгэнэхээр барахгүй сэтгэлдээ мэлмэртэл асгаруулсан… Бишрэн сүсэлж, хайрлан дээдэлдэг бичгийн их хүмүүнийхээ халуун амьсгалыг мэдрэх шиг, дотно сайхан сэтгэлээс урсах үгсийг сонсох шиг нэг л яруу амьд мэдрэмж сэтгэлд үлдсэн. Бурхад хүний сэтгэлд мөнхөд амьд оршдог. Тийм л амьд бурхны нэг нь тэр их хүмүүн байсан. Зохиолч П.Лувсанцэрэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт 1933 онд төрсөн хүн. Баянбулаг гэж миний төрсөн нутаг Заг сумаас ерхэн километрт оршдог зэргэлдээх сум л даа. Түүний гайхамшигт өгүүллэг, зохиолуудад манай нутгийн танил газрын нэрс ч олонтаа тохиодог учраас түүнд би Монголын бусад зохиолчдоос илүү хайртай байдаг байж мэднэ. Төрбат зохиолчийн өгсөн мөнөөхөн хавтастай зүйл юу юу байв гэвэл Монголын зохиолчдын хорооны дарга Сономын Удвал ахайтны гарын үсэгтэй 1969 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөр огноолсон 216 дугаартай диплом байна. Зөвлөлтийн Зохиолчдын холбооны удирдлагаас түүнийг бурхан болсны хойно хоёр ард түмний хамтарсан “Ах дүүсийн ном”-ыг бүтээхэд онцгой гавьяа байгуулсан учир шагнасан 1973 оны нэгдүгээр сарын 9-нөөр бичиглэсэн баярын бичиг байна. МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжавын гарын үсэгтэй МХЗЭ-ийн 50 жилийн ойн “Хүндэт диплом” байна. Мөн их зохиолчийн дүү П.Жамбалын сонинд бичсэн талархал байна. Тэнд “Миний төрсөн ах П.Лувсанцэрэн зуурдаар нас барж, бидэнд тохиолдсон уй гашуудлыг сэтгэл зүрхээрээ хуваалцан гүн туслалцаа үзүүлсэн хотын нэгдсэн эмнэлэг, Силикат тоосго шохойн үйлдвэрийн хамт олон, залуу зохиолчдын дугуйлангийнханд баяр талархлаа илэрхийлье” гэж.

Энэ улаан хавтсанд зохиолч Лувсанцэрэнгийн М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хамт суралцаж байсан төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, зохиолч Д.Гармаа, яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт нарын зураг хэвлэгдсэн сонины хайчилбар зураг, Сергей Миронович Кировын тухай орчуулгын ч гэмээр юм уу, хүүрнэлийн 11-16 гэж дугаарласан хуудсууд, зохиогчийн (А.Таксубаевын орос хэлнээ хөрвүүлсэн) “Четыре письма” хэмээх найман нүүр өгүүллэг, БНМАУ-ын 50 жилийн ойд зориулсан “Миний Монгол орон” бүрэн хэмжээний өнгөт баримтат киноны 55 нүүр зохиол, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын 1971 оны долоодугаар сарын 2-ноор өдөрлөн гарын үсгээ таталсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын Хүндэт жуух бичиг, “Залуучуудын үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч С.Чулуунцэрэнгийн гарын үсэгтэй “Нөхөр П.Лувсанцэрэн таныг сонины зөвлөлөөс гаргасан өгүүллэгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлж амжилт гаргасан явдалд “Залуучуудын үнэн” сонины баярын бичгээр сайшаан шагнав” гэсэн 1968 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн баярын бичиг (№113), билгүүн номч Бямбын Ринчен, төрийн шагналт зохиолч Сономын Удвал, С.Эрдэнэ, Л.Түдэв, Д.Пүрэвдорж, Л.Ванган, С.Дашдооров, Д.Гармаа, Л.Чойжилсүрэн, Д.Нямаа нарын Монголын болон гадаадын зохиолч, яруу найрагчидтай хамт татуулсан 15 ширхэг зураг (Д.Төрбат С.Дашдооров нартай авахуулсан гурван зураг авч үлдсэн), МХЗЭ-ийн 16 дугаар их хурлын гадаадын төлөөлөгчдөд зориулан хийх хүлээн авалтын урилга зэрэг түүх хүүрнэх зүйлс багтжээ. Дээр дурдсан өгүүллэгийн сүүлчийн өгүүлбэр нь “Тэгэхэд хотын тоос…” гэж илэрхий дутуу төгссөн бөгөөд үүнийг залгуулан дугуй хаалтад (үзгээ тавиад битгий босооч дээ) (Хайрт ах минь дээ. Таныгаа хүндэтгэн дурсан сууна) Пэрэнлэйн Жамбал, Пэрэнлэйн Жамъянсүрэн, Пэрэнлэйн Сосорбарам (дүү нар нь) 2000 он” гэсэн ягаан цэнхэр балаар бичсэн үгс дурайна. Энэ улаан хавтастай архивыг Д.Төрбат бээр ерээд оны эхээр МЗЭ-ийн хогийн саван дотроос олж өдий хүртэл хадгалаад “П.Лувсанцэрэн зохиолчийн нутгийн дүү” надад өгч буй ажгу. Ийм ховор нандин зүйлийн эзэн болсондоо баясал төрөвч Монголын оюун соёлын хэчнээн их өв хогийн саванд шидэгдэн устгагдаа бол гэсэн гунигт бодолд автуулсан юм. Миний бие П.Лувсанцэрэн зохиолчийн талаар үнэхээр гайхамшигтай зохиолч гэхээс өөрөөр мэдээлэл хомс байсан ч зөвхөн эл хавтаснаас олдсон мэдээллээр ямартай ч овог нэгт гурван ч дүүтэй хүн байсныг “илрүүлэв”. Тиймээс эрхэм зохиолчийн төрсөн дүү нар болоод хамаатах хэнбугай ч бай түүнд эл зүйлсийг гардуулан өгөхдөө туйлын их баяртай байх болно.

Ингээд их туурвигч МЗЭ-ийн шагналт зохиолч П.Лувсанцэрэнгийн талаарх бяцхан тодруулга мэдээллийг уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэрээр Баянхонгорын аймгийн Баянбулаг суманд 1933 онд төрж, 1944 оноос бага, дунд сургуульд суралцан 1967 онд Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсжээ. Архангайд Мал эмнэлгийн сургууль төгсөөд 16 насандаа малын бага эмч болж хөдөө орон нутагт ажиллаж байсан аж. Уран бүтээлээ 1962 оноос эхэлж “Нар шингээгүй”, “Ус шиг цэнхэр”, “Хаврын шувуу”, “Мөнгөн аяга”, “Сарны сонат”, “Нүүдэл” зэрэг олон өгүүллэг, “Хөдөөгийн дуун” тууж бичсэн нь “Нар шингээгүй”, “Оддын дор”, “Хаврын шувуу”, “Бодол”, “Учрал”, “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” зэрэг ном болон хэвлэгджээ. “П.Лувсанцэрэн сэтгэлзүйн өгүүллэгүүдээрээ тухайн төрөл хэлбэрийг баяжуулж уран сайхны энэ эрэл нээлтийг залгамж үеийн зохиолчид баяжуулсан билээ” гэж нэрт шүүмжлэгч Х.Сампилдэндэв өгүүлсэн байдаг. Зуурхан наслаад зул шиг жаргасан хүүрнэл уянгын их мастерын тухай түүний анд, ардын уран зохиолч Тангадын Галсан бээр нэгэнтээ “Лувсанцэрэн минь байсан бол Нобелийн шагнал авах монгол зохиолч байсан” гэж надтай хөөрөлдөхдөө халаглан дурссан удаатай. Т.Галсан багш маань “Амьд мэнд үлдвэл алсдаа Монголын зохиолчдоос Нобелийн шагнал хүртэж мэдэх билиг танхай авьяаслаг зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэн үрэлтээс шатсан жижиг тэрэг дотор боодог болтлоо түлэгджээ.

П.Лувсанцэрэнгийн архив

Лувсанцэрэн бид хоёр нэг нутгийнхан. Бас гэргий нь манай Кино үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга байлаа. Лувсанцэрэн маань коммунизмын орны хамгийн сайн эмнэлэгт сар шахам хэвтэж эмнүүлсэн. Энэрэхүй сэтгэл, эрдэм төгс эмч нар ачтай ч, эрлэгийн элч тэднээс хүчтэй байжээ. Монголоос яаралтай очсон ханийнх нь халамж, халуун сэтгэлийн дулаан үг, миний хүргүүлсэн хойлгийн мах, чацарганы тос Лувсанцэрэнд аврал болсонгүй. Учир нь талийгаачийн биеийн наян хувь нь түлэгдсэн байж. Гэвч ухаан саруул, ганц ёолохгүй байсанд нь эмч нар гайхаж, тэр хэрээрээ халаглан харуусаж байсан гэдэг. П.Лувсанцэрэн шиг их ном цуглуулсан зохиолч тэр үед Монголд байгаагүй. Гэтэл тэр их номоо талийгаач “Манай нутгийн найрагч Галсанд өгөөрэй” гэж гэрээсэлсэн санж. Тийнхүү надад дэлхийн авьяас билиг, оюун ухааны сор болсон мэргэдийн сонгодог ботиуд үнэгүй ирэх нь тэр. Гэвч, би тэр их эрдэнийг гэртээ зөөсөнгүй. Учир нь манайх гэдэг айл “Майдарын долоо” гэж алдаршсан барилгачдын нийтийн сууцны ганц өрөөнд толгой хавчуулан барилгачин дүүгийндээ хоног хороодог байв. Нөгөө талаар би гээч зөрүүд амьтан, бэлэг бүхэнд гараа тосох хүн биш. Тэгээд Кино үйлдвэр дээрээ хоёр машинаар зөөж авчирлаа. Тэр үед би редактор, дарга, номын санч зэрэг олон алба таширлуулан хашдаг “мундаг” амьтан болчихоод байж. Номын сангийн өрөө уужим.

Энэ танхим бол “Өглөө” кинонд Ленин, Сүхбаатар хоёр золгон учирдаг зургийг авсан түүхт өрөө. Тэгээд ч тэнд Лениний номын сангийн гурван том шүүгээ байх. Харин дотор нь ном цөөн “Советское фото”, “Советский фильм”, “Правда” зэрэг сонин сэтгүүл навсайж хэвтэх. Зохиолч П.Лувсанцэрэнгийн номын сан “Монгол кино” үйлдвэрийн номын сан болсон түүх ийм. Лууяагийн шалнаас тааз тултал хураалттай байсан сайхан ботиудыг Лениний номын сангийн том шүүгээнүүдэд эрийлгэх гэж миний бие, хэдэн дуулгавартай ажилчдынхаа хамт амралтын өдөр ч амсхийлгүй ялгаж төрөлжүүлсээр ярайтал өрсөөр, үйлс сайхан бүтсэний төлөө үүдээ түгжин байж хундага өргөв. Ийнхүү “Монгол кино” үйлдвэр Илиада, Одессей, Ромаяна, Махабхаратаас Жангар хүртэлх дэлхийн бүх туульс, “Алтан навч”-аас “Декамерон” хүртэлх нууц ном, Марк Твенээс Солженыцин хүртэлх дэлхийн зохиолчдын боть, Маркс-Энгельсээс Мао Зэдун хүртэлх гүн сэтгэгчдийн туурвил бүрэн сайхан номын сантай болсон төдийгүй би өөрөө тэрхүү номын сангийн эрхлэгч боллоо. Би сүүлчийн автобус явах хүртэл номын сандаа дэлхийн авьяас дээдэлж, ухаан ууж суудаг болсон билээ. П.Лувсанцэрэн маань М.Горькийн нэрэмжит, утга зохиолын дээд сургуульд сурахаар одохоосоо урьд Намын түүхийн институтид улс төр, гүн ухааны чиглэлийн орчуулагч байсан болоод ч тэр үү, “Гүн ухаанд эс нэвтэрвээс гүехэн ухаантан болно” гэдгийг тооцдогтоо ч тэр үү, Аристотель, Маркс, Энгельс, Ленин, Гегель, А.Эйнштейн, Күнз, Минз, Далай лам, Бурхан багшийн сургаалаас уруудуулаад Маогийн сонгодог зохиолуудыг олж цуглуулсан, уншиж тэмдэглэсэн нэгэн байж. Энэхүү дүгнэлт үнэн болохыг, тэдгээр ботийг дөнгөж сөхөж харсан хэнд ч ил үзэгдэнэ. Мөр мөрийн дундуур улаан, хөх, ногоон балаар зурсан, хуудасны зах дагуу нямбайхан бичсэн тэмдэглэл цөм Лу-гийнх бөлгөө. Сэхээтэн явах цагтаа овоо чамбай номын сантай байсан олдой миний бие малчин болохын цагтаа хайран сайхан номоо, уншсан номын тэмдэглэлээ шавь нартаа тараахдаа ч, Бууцагаан, Заг сумын номын санд маш хямдхан зарахдаа ч, хурдан морио хулгайд алдсан уяач шиг харуусаж байсансан. Харин энэ удаа ийм баян номын сангийн эрхлэгч болсон тул нас насны хурдан морьтой уяач шиг, тэд нь улсын наадамд айрагдсан юм шиг сэтгэл өег, цээж ханхар байх болж билээ” гэж дурссан байдаг.

Зохиолч, яруу найрагч Гүн Аюурзана “1972 онд харь оронд болсон нэгэн золгүй осол Монголын орчин цагийн үргэлжилсэн үгийн зохиолын арай л ондоон голдрилоор урсч мэдэх чигийг боосон санагддаг юм” хэмээн тэмдэглэсэн байдаг.


Categories
мэдээ цаг-үе

А.Баяраа: Аав маань ах дүү зургуулаа дайны хүнд жилүүдийн цэрэг явсан

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙД

Ахмад дайчин Б.Аюурзана дүү, Төрийн шагналт, гавьяат агрономич Б.Лааганы хамт

Халх голын байлдааны түүхт 80 жилийн энэ өдрүүд сүр дуулиантай эхэлж байна. Түүхт ойг угтан 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин, өдгөө 105 нас сүүдэр зооглож буй Шарнууд овогт Биньеэгийн Аюурзанын тухай онцолж байна. Түүний хүү А.Баяраа аавынхаа тухай ингэж хүүрнэсэн юм.


-Аавын тань Халх голын дайнд оролцсон түүхээс ярилцлагаа эхлэх үү?

-Аав маань 1937 онд эх орны дуудлагаар Архайдын Гомпил, Гонжоон Баатар, Равданы Жамбал, Навааны Жумдаан, Раднаагийн Дамдин, Анжаан Ланжаа, Цагаадайн Нугаржаа, Хавтгайн Бадрах, Пүрэвийн Бадарч нарын нутгийн залуустайгаа эр цэргийн албанд мордож, аймгийн төвд цэргийн карентинд хамрагдан, Ховд аймгаар дамжин Улаанбаатар хотод ирсэн байдаг. Тэгээд Улаан хуаранд байрлаж байсан Хуягт танкийн бригадын хоёрдугаар батальоны нэгдүгээр суманд байлдагч, салааны туслах, сумангийн жагсаалын даргаар тус тус ажиллаж байгаад батальонд дэвшин ажилласан гэдэг. Аав маань 1939 онд өөрийнхөө алба хааж байсан хуягт бригадын бүрэлдэхүүнд явж, Халх голын дайнд оролцсон түүхтэй. Энэ үед хуягт бригад нь Баянтүмэн, Тамсагбулагаар дамжин, Буйр нуурын орчимд орших, нэр нь үл мэдэгдэх нэгэн толгойд очиж байрласан байгаа юм. Хуягт бригад нь дотроо хэд, хэдэн батальонтой. Аав маань тухайн үед хоёрдугаар батальоны жагсаалын дарга, дунд хуягтын экипажийн ахлагчаар томилогдсон гэнэ лээ. Батальоны жагсаалын даргын хувьд батальоныхаа цэргүүдийн галт зэвсэг, хувцас, хоол ундны хангамжийг хариуцан, тэдгээрийг тараах ажлыг гүйцэтгэдэг байж.

-Яг өөрийн биеэр зэвсэгт мөргөлдөөнд оролцсон үеийг тодруулахгүй юу. Ер нь тухайд үед ямар нөхцөл байдал байсан гэж дурсдаг вэ?

-Аавын нэгдэж явсан бригад хориглолтонд орж, давшилтын бэлтгэл хийж байх үед Японы онгоцууд үе, үе агаарын дайралт хийж зарим үед нь багагүй хохирол учруулж байсныг дурсдаг. Тэр үед Японы нэг удаагийн агаарын дайралтыг эсэргүүцэн Зөвлөлтийн онгоцууд хөөрч агаарын ширүүн тулаан аавын алба хааж байсан хуягт бригад байршиж байсан Буйр нуурын орчимд болоход Японы хоёр нисгэгч шүхрээр буусан гэдэг. Тэднийг эрлийн хэсгийнхэн олзолж дээд командлалд шилжүүлэн өгсөн юм билээ. Харин жинхэнэ тулаанд хуягт бригад орсны маргааш нь ихээхэн хохирол үзсэн япончууд манай хилээс цэргээ алс татаж тулгаралтаас зайлсхийх болсон. Удалгүй Монгол-Зөвлөлтийн цэргийн давшилт эхэлж япончуудыг манай эх орны нутаг дэвсгэрээс хөөн зайлуулсан. Ялагдал хүлээсэн Японы цэргийн анги, нэгтгэлүүд улсын хилээс алс ухарсан тул 1941 онд аавын анги Дорноговь аймгийн төв Сайншанд хотод шилжин байрласан байдаг. Тэр үед бага дарга нарыг шалгалтанд хамруулан, тэнцсэн хүмүүсийг Улаанбаатар хот руу явуулан нэг жил хагасын хугацаатай түр курст суралцуулдаг байж. Аав ч тус курст хамрагдан амжилттай суралцаж, дэслэгч цолоор шагнагдан ангидаа буцаж ирээд хоёрдугаар батальоны нэгдүгээр суманд салаан даргаар ажиллаж эхэлсэн. Ингээд 1944 онд Улаанбаатар хотод шилжин ирж, авто тээврийн тусгай батальонд техникийн даргаар дэвшин ажилласан байдаг.

-Ингээд чөлөөлөх дайны үе залгасан биз?

-Тийм. 1945 оны чөлөөлөх дайнд аав маань ар талд ажиллах үүрэг авч, чөлөөлөх дайны жилүүдийн туршид Америк улсаас тусламж болгон ирүүлсэн “Chevro­let” маркийн 30 машины цуваа хариуцсан байгаа юм. Хилийн тэнд байрлаж байгаа бригад хороо, дивизийн ар талд ажиллаж, цэргийн хоол хүнс, хувцас хунар, зэвсэг сум зэргийг тээвэрлэн фронтын цэргүүдэд хүргэх, олзлогдсон буу зэвсэг, эд материалыг тээвэрлэн хилийн чанадад ойрхон байгаа хороо дивизийн складуудад буулгах зэргээр Хятадын цагаан хэрэм, Жанчхүүгийн даваа, Хянганы нуруу дамжин тээвэр хийж байжээ. Сандаг Чүлтэм гэсэн хоёр салаан дарга тус бүр 15 машинтай цувааг хариуцаж, аав тэдний хоёр салааг нэгтгэн захирч байсан. Ийнхүү авто батальоноос 30 жолооч, хоёр салаан дарга, манай аав гээд 33 хүн Улаанбаатараас гарч чөлөөлөх дайнд оролцоцгоосон байгаа юм. Тэр дайны цагийн тээврийн ажил энх цагийнх шиг байгаагүйг аав маань онцолдог. Үе үе аюулт байдалтай тулгардаг байсан гэж байгаа. Жишээ нь, нэг удаа цуваа нь бөмбөгдөлтөд өртөж хоёр машин бүх ачаа бараатайгаа дэлбэрч, жолооч нар нь амь үрэгдсэн гэнэ лээ.

-Тэр үед цэрэг татлага эрчтэй явагдаж байсан гэдэг. Аавын тань ахан дүүс цэрэгт татагдаж байсан уу?

-Дайны жилүүдийн үеийн цэрэг татлага маш их өргөн далайцтай явагдаж, айл болгоноос хэн нэг нь цэрэгт явж байсан. Тэр бүү хэл нэг хот айлаас зургаан хүн нэгэн зэрэг цэрэгт мордож байсан гэдэг. Тухайлбал, аавын дүү Биньеэгийн Лааган, авга ахынх нь дүү Түүвэйн Дүүдээ, Түүвэйн Түдэв, Түүвэйн Дамдинжав, авга ах Найданы Цагаанхүү нар цэрэгт мордож аавыг оролцуулан зургаан хүн дайны хүнд хүчир жилүүдийн цэрэг явжээ. Тэд бүгд дайны дараа энгэртээ ялалтын одон медалиуд гялалзуулсан залуус төрж өссөн нутаг Баян Хүрэн Өгөөмөр, угаагдаж, ундаалсан Баян нуур усандаа очиж ажил хөдөлмөр эрхлэн дор бүрнээ амжилт бүтээл гарган өнөр өтгөн болж сайн сайхан амьдарцгаасан шүү дээ.

-Биньегийн Лааган гэж хожим төрийн шагнал хүртсэн, гавьяат агрономич мөн үү?

-Тэгэлгүй яахав. Аавын маань төрсөн дүү. Хожмоо “Чацарганын Лааган” гэж алдаршсан төрийн шагналт, гавьяат агрономич хүн шүү дээ. Лааган ахаас гадна Т.Дүүдээ Монгол Улсын баатар, Т.Түдэв, Д.Дамдинжав, Н.Цагаанхүү нар Орос, Монголын “Бид ялав” медальтнууд шүү. Дайны дараа Баруун хязгаарт хил хязгаарын байдал тайван бус байсан болохоор баруун зүгт байрлаж байсан хилийн анги нэгтгэлүүдийн хүч чадлыг зузаатгах арга хэмжээ авагдаж, тэнд оршиж байсан хилийн цэргийн ангиудад зэр зэвсэг, ачаа бараа хүргэх зорилоготой тээврийн ажилд аавын тэргүүлсэн авто батальон дайчлагддаг байсан гэдэг.

-Аав тань цэргийн албанаас хэдийгээр буцаж ирсэн бэ. Ирээд нутаг усандаа ямар ажил хөдөлмөр эрхэлж байв?

-Аав маань цэргийн албанаас ахлах дэслэгч цолтойгоор ар гэрийн гачигдлаар 1948 оны өвөл халагдан орон нутагтаа эргэн ирсэн юм. Тэр цагаас хойш энх цагийн хөдөлмөрт шилжиж өөрийн төрөлх сум Зүүнговьдоо ирээд III багийн даргаар томилогдон ажилласан.

Энэ ажлыг нэг жил орчим хийгээд 1950 оны эцсээр Увс аймгийн төвд дуудагдан авто баазын даргаар ажиллах болсноос хойш 1978 он хүртэлх авто тээврийн болон худалдааны байгууллагуудад тасралтгүй нэр төртэй ажилласан хүн. Ингэж улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахад болон энх цагийн хөдөлмөрт гар бие оролцож явсан аавыг минь төр засаг, ажиллаж байсан салбарын зүгээс өндрөөр үнэлж Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор нэг удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг удаа, Цэргийн гавьяаны одонгоор хоёр удаа, Халх голын хүндэт медаль, Монгол Зөвлөлтийн “Бид ялав” медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад ойн медалиудаар удаа дараа шагнаж, Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэг хүртэж, улмаар Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-ын болон БНХАУ-ын ялалтын ойн медалиудаар цөөн хэдэн хүн шагнасны тоонд орж шагнуулсан байдаг юм.

-Аав тань аль нутгийн хүн бэ?

-Аав маань 1915 онд Засагт хан аймгийн Баянмандал уулын хошууны Баян-Эрдэнэ сум буюу одоогийн Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дэвсгэрт Өгөөмөрийн цагаан үзүүр гэдэг газар , аав Биньеэ ээж Жургаа нарын хоёр дахь хүү болон мэндэлсэн юм билээ. Өвөө, эмээ маань ажилч хичээнгүй хөдөлмөрч, тухайн үедээ чинээлэг амьдралтайд тооцогддог.

Мал ихтэй, зохих ёсны хөрөнгөтэй айл байсан гэдэг. Аав маань дурсахдаа хүүхэд ахуйдаа тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адилаар аав ээждээ тус дэм болж, ус, түлш түлээ дөхүүлэх, мал маллах зэрэг ажилд нь тусалж байсан.

Өвөө Биньеэ 1933 онд нас барснаас өрх толгойлон ээжтэйгээ хамт амьдарч эхэлсэн байгаа юм. 1935 онд Түвшрэхийн Багуушинтай гэр бүл болж, найман хүүхэд төрүүлэн өсгөсөн. Үр хүүхдүүд нь зохих хэмжээний боловсрол эзэмшин, сайхан айл гэр бүл болцгоож улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан нэр хүндтэй хүмүүс болж, ач, зээ, гуч, жич, зэрэг таван үеийн үр хүүхдүүдийн тоо 100 хол давсан өнөр өтгөн бүлийг бүрдүүлээд байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Архангайн чиглэлийн автобусанд тарваганы нойтон тулам тээвэрлэснийг илрүүллээ

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Хөвсгөл, Архангайн чиглэлийн автобусанд нийт 6 тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран дээрх хяналт шалгалтыг хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам руу урууддаг туслах замыг хаана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам хүртэлх /зорчих хэсгийн баруун тал/ туслах замыг 2019 оны долоодугаар сарын 27-ноос хэсэгчлэн, долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж, дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болсон байна. Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд гурван дүүрэгт мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан эдгээр тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Тухайлбал нэгдүгээр үе шатанд холецистит, ивэрхий, шамбарам, батга, шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, хоол боловсруулах эрхтний мэс ажилбар, бусад хэлбэрийн аппендицит, ясны идээт үрэвсэл, хөхний үрэвсэлт өвчин, хуйхнагийн венийн бүдүүрэл, шуу, богтос ясны хугарал, тойгны хугарал, бугуй ба сарвууны хугарал, шагайнаас бусад тавхайн яс хугарах, ахиллын шандас гэмтэх, шилбэний түвшинд арын бүлэг булчин ба шөрмөс гэмтэх зэрэг эмчилгээ багтаж байгаа юм.
Хоёрдугаар үе шатанд мухар олгойн хурц үрэвсэл, цөсны чулуу, хэвлийн ивэрхий, арьсны буглаа, мундас, хошного ба шулуун гэдэс орчмын буглаа, целлюлит /хумс шигдэх/ зэрэг эмчилгээ багтжээ.
Гуравдугаар үе шатанд тодорхойгүй шалтгаант гэдэсний түгжрэл, мэс заслын дараах гэдэсний түгжрэл, ходоодны цочмог цус алдалт, шаант чөмөгний гандан хэсгийн дээд, дунд битүү хугарал, нойр булчирхайн үхжилт үрэвсэл зэрэг эмчилгээ багтсан байна.
Өдгөө гурван дүүрэгт нээгдээд буй Мэс засал, гэмтлийн тасгийг цаашид бусад дүүрэгт шат дараатай нээн ажиллуулахаар төлөвлөж буй бөгөөд 2019 онд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ өргөжин, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл олширч буй юм. Мөн иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авч, улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасч буй чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Дархан чиглэлд галт тэрэг, рэйлбус өдөрт дөрвөн удаа зорчиж байна

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Дарханы чиглэлд галт тэрэг, рэйлбусыг өдөрт дөрвөн удаа явуулж эхэлжээ. Тодруулбал, дээрх тээврийн хэрэгслүүд Улаанбаатараас 09:10, 10:45, 17:45, 20:35 цагт хөдөлж буй юм байна. Иргэд нийтийн вагоноор 6000, унтлагын вагоноор 16.600, купегээр 23.400 төгрөгөөр зорчиж байгаа аж. Мөн рэйлбус долдугаар сарын 21-нээс эхлэн өдөр бүр, долдугаар сарын 30-наас Мягмар гаригаас бусад өдрүүдэд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчих хуваарьтай байна. Рейлбус Улаанбаатараас өглөөний 09.10 цагаас хөдөлж, Дарханд 13.25 цагт очих ажээ. Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр тус тус зорчиж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бүсийн наадмуудын үеэр ЦЕГ-аас ард иргэдэд сэрэмжлүүлэх нь:

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдааныг Баянхонгор аймагт 2019 оны долоодугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар тогтоосон.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Засгийн газраас тогтоосон бүсийн наадмуудад нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулахаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг улсын баяр наадмын жишгээр зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах юм байна.

Иймд иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг ЦЕГ-аас хүргүүлж байна.

  • Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэх, мөн ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас болгоомжлох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, суудлын бүсээ зүүж, хурдаа тохируулж, шөнийн цагт орон нутгийн замд ойрын гэрэлтэй хөдөлгөөнд оролцох;
  • Олон нийтийн газар болон гол мөрний орчимд бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, харгалзах хүнгүй явуулахгүй байх;
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, гол мөрөнд орохгүй байх, сум, орон нутаг, байгууллага хамт олны ойн баярыг тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, аливаа болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос сэргийлэх;
  • Хэрэглээний газ /баллонтой хий/ халуунд халж дэлбэрэх аюултай тул зөв зохистой аюулгүйн санамжийн дагуу хэрэглэх.
  • Олон нийтийн газар бага насны хүүхэд төөрөхөөс сэргийлэн хөтөлж явах, төөрсөн хүүхэд таарсан үед болон гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хамтран ажиллана уу.