Categories
мэдээ нийгэм

Улсын харцага Д.Анарт Ланд 200 автомашин бэлэглэв

Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлөөс Улсын харцага Д.Анарт “Ланд круйзер-200” автомашин бэлэглэжээ.

Д.Анар ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давж харцага цолны болзол хангасан билээ. Тэрбээр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнийг хязгаарлаж байна

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад хөдөлгөөнийг хязгаарлан хөдөлгөөн зохицуулалтыг хийх тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн цагаа зөв тохируулан аль болох төв замыг сонгон зорихгүй байхыг зөвлөж байна. Замын ачаалал, хөдөлгөөн зохицуулалтын талаар “Авторадио” 96.3 болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол шуурхай хүргэх болно.

Categories
мэдээ спорт

ОУХМ Б.Энххүслэн Монголын рекордыг шинэчиллээ

БНСУ-ын Гванжу хотноо Усан спортын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож буй ОУХМ Б.Энххүслэн 50 метр өврөөр даллах уралдаанд 27.66 секундийн амжилтаар гараандаа зургаан тамирчин уралдсанаас түрүүлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ.

Тэрбээр нийт 101 тамирчнаас 58 дугаар байрт шалгарчээ. Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн, спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцжээ. ОУХМ Г.Занданбал энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдаж, 1:07.92 амжилтаар, спортын мастер М.Дэлгэрхүү 100 метрийн өврөөр даллах сэлэлтэд 54.43 секундийн амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг тус тус шинэчилсэн юм. Харин 100 метрийн далайн гахай сэлэлтээр спортын мастер Х.Энхзул уралдаж, 1:14.23 амжилт үзүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ыг зорилоо

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 29-өөс буюу өнөөдрөөс ирэх сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөсөн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм. Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ. Айлчлалаар аюулгүй байдлыг бэхжүүлэх, хоёр орны хөгжил дэвшлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч байна.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцанд зээлтэй иргэд хамрагдах боломжгүй

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах бүртгэл өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар 21 мянга гаруй иргэн цахим бүртгэлд бүртгүүлсэн гэх мэдээлэл бий. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 68.56 ам.метртэй гурван өрөө, 39.30 ам.метртэй хоёр өрөө, 49.23 ам.метртэй хоёр өрөө байрнаас сонголтоо хийх аж. Ингэхдээ журамд заасны дагуу залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлөөс сонголтоо хийх юм. Хэрвээ хамрагдах ёстой иргэд зээлтэй, үлдсэн тэтгэврийн мөнгө нь түрээсийн төлбөр төлж хүрэхгүй, цалин нь хүрэлцэхгүй бол уг түрээсийн байранд хамрагдах боломжгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол сарлаг наадам зохион байгуулагдана

Монгол сарлагийг гадаад дотоодын жуулчдад сурталчилдаг “Монгол сарлаг” наадмыг наймдугаар сарын 17-20-нд Архангай аймагт зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадмын гол зорилго нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийд үнэ цэнтэй болж буй сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг таниулж, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, гадаад түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх юм.

Ирэх наймдугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Их Тамир сумын Тайхарын талд зохиогдох “Монгол сарлаг” фестиваль нь

  • “Сүрлэг хангай” сарлагийн парад
  • “Хөхдэй” уралдаант тэмцээн
  • Сайхан сарлаг
  • Ганган сарлаг
  • Сарлагт ээлтэй малчин
  • Саглагар сагсаахай
  • Шимт идээ
  • Арвин баялаг
  • Уран сарлаг гэсэн төрлүүдээр явагдах аж.

Мөн жуулчдад зориулсан “Цагаадай” үзэсгэлэн, “Ягаадай” урлагийн тоглолтыг зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээр хийжээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт Монгол, Хятадын гарын үсэг зурж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүллээ.

Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ыг төлөөлж Буцалтгүй тусламжийн албаны дарга Ли Юу Жан нар хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг ийнхүү үзэглэснээр төсөл хэрэгжих эрхзүйн нөхцөл бүрэн бүрдлээ.

Хэлэлцээрийг байгуулснаар Монголын тал өөрийн хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээж байгаа юм. Ирэх оны дөрөвдүгээр сард төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар 5 тонн болсон шар будаа нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд боомтоор 2019 оны 07 сарын 10-ны өдөр иргэн Г нь БНХАУ-аас 5 тн болсон шар будааг экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн холбогдогчид 07 сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Яараад яахав дээ

“Зөв тусгал”-аас энэ бүхэн эхэлсэн юм. Эцэг эх, асран хамгаалагчдад хандсан, уриалсан энэ аян цагдаагийнхны хамгийн их үр дүн өгсөн бодит ажлын эхлэл. Өглөөнөөс үдэш хүртэл ажил гэсээр гэртээ зориулах хомсхон цагтаа гар утас, телевизээ ширтээд суучихдаг шинэ эриний эцэг, эхчүүд үр хүүхдэдээ бага цаг зориулах болж. Үр хүүхдээ хэн хүнгүй л хайрладаг. Хайрласан ч тэр бүр илэрхийлээд байдаггүй. Мөн тэднийг болохгүй юм хийчих вий, осолдчих вий, буруу зуршилтай болчих вий гэж санаа зовно. Гэхдээ санаа зовохоос хэтрэхгүй, анзаарахгүй өнгөрөх нь олонтаа. Өөрөө сайнаар үлгэрлэхгүй л бол нэг л мэдэхэд хаанаас ч юм хачин үг сонсчихсон, тэрийгээ буруу хазгай шулганаад эсвэл буруу зуршил сурчихсан байх нь бий. “Гарцаар л гардаг юм шүү, ногоон гэрлээр л явдаг юм шүү” гэх хэрнээ хүүхдээ хөтлөөд л гарцгүй газраар жирийлгэнэ. Үг, үйлдэл хоёр ингэж зөрөөд байхаар хүүхэд хар аяндаа л “Аав, ээж гарцгүй газраар гараад болдог юм чинь” гээд л эхэлнэ. Энэ мэтчилэн олон зүйлд хүүхдэдээ эцэг, эхчүүд нь зөв тусгал болох санаачилгыг цагдаагийнхан эхлүүлж. Үүнийгээ сошиал, хэвлэл мэдээллээр сайтар сурталчлав. Сүхбаатарын талбайд сүртэй гэгч нь нээлт, хаалт хийлээ. Хүмүүс дуртай байна аа. Хүн хэлэхээс нааш гэдэг дээ. Мэдсээр байж алдаа гаргахыг алийг тэр гэхэв. Зөв тусгалыг сонсоод “Нээрээ тийм шүү” гэлцэв. Үр хүүхдэдээ цаг зав гаргах, тэдэндээ зөв үлгэрлэх, ойлголцох, ойлгох ёстойг санууллаа. Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, Хэвлэл мэдээллийн төв нь энэ санаачилгад оройлон ажиллалаа. Үүний дараа тэд “Unfriend” аянг өрнүүллээ. Нийгмийн сүлжээ хэмээх нэгэн шинэ ертөнц бидний амьдралд нэвтрээд нэлээд жилийг үдэж. Зэрэгцээд л кибер гэмт хэргүүд гарч эхэлсэн. Фэйсбүүкээр танихгүй хүмүүсийн найзын хүсэлтийг хүлээн авч, нэр нүүрээ нуусан тэдгээр хүмүүст өөрийн тухай хамаг мэдээллээ алдаад сууж байдгийг, тэдний сөрөг муухайд уриалсанд болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс өөрийгөө, үр хүүхдээ хамгаалахыг анхааруулсан чухал акц болов. Үүнийгээ ч өргөн түмэнд хүргэхэд ихэд анхааран ажиллав. Хэвлэлийнхнийг, урлаг, соёлынхныг, олны танил эрхмүүдийг татан оролцууллаа. Өндөгнөөс өө олж харж, шүүмжилж дөнгөх монголчууд цагдаагийнхны зөв зүйтэй санаачилгуудыг ёстой нэг хир халдаахгүй уухайлан дэмжиж хүлээж авлаа.

Ингээд “Нэг хором” аян эхлүүллээ. Нэг хором уур хилэнгээ барих, замын хөдөлгөөнд орохдоо нэг хором тэвчих, ойлголцох нэг хором, тэвчих нэг хором гээд хормын хооронд болдог олон муу зүйлээс амь бие, эрүүл мэндээ хамгаалж болохыг анхааруулав. Нэг хором зарласнаас хойш танхайн гэмт хэрэг хорин хувь буурчээ. Залуус хэрхэн нэг хором тэвчсэнээ сошиалд бичиж, тэр нь үнэхээр үлгэр авахаар байлаа. Хоёр хүн муудалцаад барьцалдахын даваан дээр цаана суусан улсууд “Нэг хором, нэг хором” гэсээр эвлэрүүлсэн тухай сонссон л биз.

“Нэг хором”-ыг хөгшин, залуугүй, алдартай, алдаргүй бүгд уухайлан дэмжив. Өдөр тутмын ярианд ч нэг хормыг сануулсан хэлц үгүүд нэмэгдэв. Нэг хором тэвчиж, уур бухимдлаа дарвал гэмт хэргээс урьдчилан сэргийлж болох тухай санаачлагчид UB palace-т залуусыг урьж ярилцлаа. Дуулиант шоу болж байгаа аятай л заал пиг дүүрч. Шинэ цагийнхны нийгмийн оролцоо, идэвх санаачилга, хандлага өөр болжээ. Сошиал орчинд болон хэвлэл мэдээллээр тасралтгүй мэдээллээ. Алга ташин хүлээж авлаа.

Хэдэн жилийн өмнө “Өдрийн сонин”, “Нэг машин өнгөрүүлбэл нэг ажил бүтнэ” хэмээх аян өрнүүлж байсан билээ. Уншигчид ихэд талархан хүлээж авсан юмдаг.

Энэ удаа цагдаагийнхан “Яараад яахав дээ”. Үр дүн нь гэвэл өнгөрсөн оныхтой харьцуулахад тавин хувиар нийт осол буурчээ. Нас баралт 11.7 хувиар, гэмтэл бэртэл 49.7 хувиар буурчээ. Хичнээн хүний амь нас, эрүүл мэндийг аварсан байх нь вэ. Зуны дэлгэр цагт бүгд л амралт зугаалгаар алс холыг, тэр дундаа хөдөөгийн сайхан байгаль руу зорьдог. Яг энэ үед “Яараад яахав дээ”-г сануулсан нь цагаа олсон, амь нас, эрүүл мэндээ хамгаалахад нь тус нэмэр болсон сайхан санаачилга боллоо. Замд гараад явахад хамгийн түрүүнд “Яараад яахав дээ” гэсэн томоос том самбар байршуулжээ. Цааш хэсэг явахад өнгөрсөн онд зам тээврийн ослын статистикийг томоос том хадчихаж. Тийм юм харсан хүн яаж яарах билээ. Өөрийн эрхгүй хурдаа сааруулж байдаг шүү. Толгой руу нэг юм ток хийтэл орноо доо. Өмнө нь ингэж соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг ийм бодитой үр дүнтэй хийж байсангүй. Хүмүүс цагдаагийнхны энэ санаачилгад үнэхээр ам сайтай байна. “Яараад яахав дээ” маань сүүлдээ хэрэлдээд яахав дээ, уурлаад яахав дээ гэж хүмүүсийн амнаас ам дамжин анхааруулга болоод явж байна.

Манай цагдаагийнхан гэмт хэрэг гарсан хойно л хэрэгтэнг барилаа, сэжигтэнг оллоо гэдэг байсан бол одоо тэр бүхнээс урьдчилан сэргийлж чадаж байна.

Булганы цагдаагийнхан дэлгүүрт зарагдаж байгаа бүтээгдэхүүн дээр “Яараад яахав дээ” анхааруулгаа наачихсан нь соньхон л харагдаж байна лээ.

Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг цагдаа алдаа гаргавал салбараар нь шүүмжлээд явчихдаг. Үнэн хэрэгтээ хэцүү үе тохиолдоход эмч, цагдааг л хамгийн түрүүнд боддог. Наадмаар уралдаанч хүүхэд мориноосоо унахад хамгийн түрүүнд цагдаа л очиж хүүг өргөн моринд нь мордуулж байна лээ. Баян-Өлгийд хүний амь аварч яваад цагдаа амь эрсэдлээ л гэнэ. Академич Р.Барсболдынд дээрэмчид орсныг дор нь барьчихлаа гэж дуулдана лээ. Хамгийн сүүлийн өдрүүдэд гарч байгаа мэдээлэл ийм л байна. Бусдын амь насны төлөө, амгалан тайвны төлөө тэдний сайн үйлс үргэлж ундарч байдаг. Манай нийтлэлч П.Хашчулуун “Нүдэнд дулаахан харагдах цагдаа” гэж бичиж байлаа. Та бүхний санаачилга амьдралд ойрхон, цагдаа та нар нүдэнд улам дулаахан харагдаж байна шүү. Ийм санал санаачилгаа цааш нь тасралтгүй үргэлжлүүлээсэй. Хоосон уриа лоозон биш бодит ажил болж чадлаа. Гэмт хэрэг, замын ослоос анхааруулах төдийгүй цаашлаад маш олон хүний, олон айлын хувь заяаны асуудал юм. Болж өнгөрсөн хойно нь хашгирснаас урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх нь илүү үр өгөөжтэйг бид сая харлаа. Халуунд халж, хүйтэнд хөрч явдаг цагдаа нартаа баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Монголд байдаг ганц гимнастикийн заал нурахад ойрхон байна

Гимнастикийн спорт нүдэн дээр хөгжиж байгаа. Азийн аварга, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдийг жил дараалан эх орондоо зохион байгуулж тодорхой хэмжээний амжилт үзүүлж буй нь үүний илрэл. Үр дүнд нь Г.Эрдэнэболд гимнастикийн спортын төрлөөр залуучуудын олимпийн аварга болж биднийг огшоож байсан цаг саяхан. Энэ мөчөөс хойш гимнастикийн спортыг сонгож хичээллэх хүүхэд залуусын тоо ч хэдэн зуугаар тоологдох болсон. Монголын гимнастикийн холбоо ч хэрэглэл материалаа 100 хувь шинэчилж, тамирчдыг бэлтгэл хийх боломжоор нь хангаж өгчээ. Харамсалтай нь улсдаа цор ганц гэх гимнастикийн заал нурж унахад ойрхон байна. Спортын төв ордны хойно байрлах гимнастикийн заалаар шагайхад чийгний эхүүн үнэр хамар цоргино. Амьсгалахад ч түвэгтэй чийг үнэртсэн орчинд 50 орчим хүүхэд бэлтгэл сургуулилтаа базааж байлаа. Энэ зааланд зуны улиралд 200 орчим хүүхэд хичээллэдэг ажээ. Зааланд дусаал дусдаг болсоор ачаалал даахаа больсон байна. Бороотой үед бол хувингаар ус асгаж байгаа мэт л байдаг тухай багш нар нь хэлж байлаа. Заалны хоёрны нэг талбайд тамирчид шавчихсан бэлтгэлээ базааж байлаа. Үлдсэн талбайн зөөлөвчийг авч хулдаас дэвсчээ. Дээр нь тунасан усыг тамирчид нь бэлтгэлийнхээ завсраар арчиж авч байгаа харагдав.

Сүүлд 2011 онд улсаас төсөв баталж дээврийг засварласан байна. Гэсэн ч дээврийн төмөр нь гажиж, хар цаас нь хэд хэдэн газраараа сэмэрч урагджээ.

Гимнастикийн заалны хойд хананаас алхам хүрэхгүй зайд барилга барихаар нүх ухсан байна. Спортын заалны хананаас эгц доош нь хоёр метр хэртэй ухаж заалны суурийг ил гаргаж, хаяавч цементийг л сэтэлжээ. Зарим газраараа дөрвөн метр орчим ухсан нүхэнд их хэмжээний тогтоол ус гарсан байна. Шүүрсэн ус газрын хөрс сэндийлж хоёр давхар спортын заал хэзээ мөдгүй нурахад ойрхон болжээ. Энэ нь дан ганц гимнастикийн заал бус хажууханд нь байрлах 43 дугаар байрны оршин суугчдын аюулгүй орчинд аж төрөх эрхэд ч халдаж байгаа ажээ. Тус байрны подваль руу ус шүүрснээр хана нь мөөгөнцөртсөн байна.

Гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат “Манайд гимнастикийн ганц л заал бий. Спортын болон уран сайхны гимнастикийн 200-300 хүүхэд энэ зааланд бэлтгэл сургуулилт хийдэг. Өвөлдөө энэ тоо 500 хүрнэ. Одоогоор ирэх есдүгээр сард Азербайжаны нийслэл Бакуд зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид бэлтгэл хийж байна. Энэ тэмцээнд оролцож байж үргэлжлүүлээд олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд оролцох эрхээ авах учиртай. Гимнастикийн спортоор олимпийн наадамд оролцохыг зорьж тамирчид бэлтгэлээ базааж байна. Гэвч хажууханд нүх ухсантай холбоотойгоор барилгын ойролцоох газарт суулт өгч хана хотойсон. Улмаар барилгын дээврийн чанар муудаж ус дусаж эхэлсэн. Газрын суулт үүссэнээс дусаал дусч хэрэглэл материалынхаа талыг нь хураагаад байна. Арын газар маань өөрөө усны ундаргатай. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд “гулсаж нуралт үүсэх эрсдэлтэй” гэх үндэслэлээр барилгын ажлыг зогсоогоод байсан” гэв.

Заалны ард В.Баяржаргал захиралтай “Интер групп” ХХК гэх компани барилга барихаар нүх ухсан байна. Заалны хананд залгаж ухсан нүхний улмаас газарт суулт өгч хана нь хазайжээ. Дээврийнх нь ч чанар муудаж дусаал дусах болсон гэнэ.

Спортын гимнастикийн дасгалжуулагч Э.Оргилмаа “Ирэх есдүгээр сард спортын гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Бакуд зохион байгуулагдана. Энэ тэмцээнд оролцож байж олимпийн наадамд оролцох боломжоо хадгалж үлдэнэ. Ийм чухал үед заалны нөхцөл байдалд ийм байгаа нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлнө. Олимпийн наадмыг зохион байгуулж буй Японы тамирчид шууд эрхээ авах учраас дундаж багуудад боломж нэмэгдэж байгаа юм. Заалны тал хэсэгт л спортын болон уран сайхны гимнастикийн тамирчид бэлтгэл хийж байна. Заалны ачааллаас шалтгаалж нэг тамирчинд нэг л минутын цаг оногдож байна. Тамирчид маань олон улсын тэмцээнд хагас бэлтгэлжилттэй л оролцохоор болж байна даа” гэж хэлсэн юм.


Бид 43 дугаар байрны СӨХ-ны дарга Д.Даариймаатай ярилцлаа.


-Энэ газар анх ямар шугамаар олгогдож байсан бэ. Хэзээнээс барилгын ажил эхэлсэн бол?

-Иргэн Ц.Даваасүрэнгийн эзэмшил газар дээр “Интер констракшн”-ны гүйцэтгэлээр 2011 онд суурийн нүх ухсан байдаг. Дөрвөн метр орчим ухахад усны ундарга гарч ирсэн. Өнөө нүх нь усаар дүүрчихсэн. Ухсан нүх нь зуны цагт хоёрт талын байр луу нэвчиж ороод дотор талаасаа мөөгөнцөртчихсөн. Ийм байхад шат шатны байгууллагуудад хандаж мэргэжлийн хяналтын ерөнхий газрын акт гаргуулсан. Үүний дагуу барилгын жил нь бүрэн зогссон байдаг.

-“Интер констракшн” ухсан нүхээ бөглөсөн үү. Одоо ямар компани барилгын ажил эхлүүлээд байна вэ?

-Гүйцэд бөглөөгүй алга болсон. Чимээгүй байж байгаад л наадмын дараа л барилгын нүх ухаад эхэлсэн. Байгууламжийн гүйцэтгэл хийлгэж байгаа залуугаас шаардаж иргэн В.Баяржаргал 10 давхар байшин барьж байгааг нь мэдсэн. Энэ хүн барилга эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр нүх ухаж эхэлсэн юм билээ. Хэрэг нь прокурорт шилжсэн гэсэн” гэв.

Хотын төвийн “А” бүсэд байрлах гимнастикийн заал болон 43 дугаар байрны орчимд замбараагүй газар олгосон нь эмх цэгцгүй энд энд тэнд боссон өндөр барилгуудаас ил харагдана. Оршин суугчид машинаа тавих зогсоол ч харагдсангүй. Зогсоол барих талбайд нь өндөр барилга барихаар түрэмгийлсэн нь өндөр настай гимнастикийн заалыг нураахад хүргэжээ. 43 дугаар байрны СӨХ болон оршин суугчдын төлөөлөл тус газар хүүхдийн тоглоомын талбай бариулах саналыг нийслэлийн удирдлагуудад удаа дараа хүргүүлж байсан ч хэрэгжилгүй байсаар өнөөдөртэй золгожээ. Харин машины зогсоол хүүхдийн тоглоомын талбайгүй газарт 10 давхар барилга барих зай гаргасан нь иргэдийн ундууцлыг хүргэсэн бололтой.

Энэ хэсэг газарт усны судалтай учраас хэтэрхий өндөр барилга барихыг хориглосон мэргэжлийн хяналтын акт гаргажээ.