Categories
мэдээ цаг-үе

Ж.Сүхбаатар: Санал хураалтыг нууцаар явуулах томьёоллыг тодорхой болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гурван парламент дамжин яригдан өнөөдөр дахин хэлэлцэгдэж байна. Та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар 2011 онд ажиллаж байсан. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Товчхондоо төслийн үндсэн зорилго, санаачилгыг дэмжиж байгаа. “Дордуулсан долоон өөрчлөлт” гэх өмнөх заалтуудаа эргэж харъя, парламентын ардчиллаа төгөлдөршүүлье, УИХ-ын төсөв, томилгооны зарим эрх мэдлийг хязгаарлаж, хяналт, хариуцлагыг нь нэмье, сонгууль, намын ардчилсан чанарыг тодруулъя, Ерөнхий сайдад бодлогын багаа бүрдүүлэх боломжийг нь хангая, төрийн жинхэнэ албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг үндсэн хуульчилъя, Цэц, шүүгч нарын томилгоо, хариуцлагын механизмын шаардлага, шалгуурыг тодорхой зааж шүүх эрх мэдлийн иргэдэд үзүүлэх шударга ёсны үйлчилгээг цоо шинэ шатанд гаргая, нутгийн удирдлагыг боловсронгуй болгож орон нутгийн ардчиллыг хөгжүүлэх том алхам хийх зэргийг хамруулж байгаа юм. Гурван үгээр бол “Хариуцлага, Хяналт-тэнцэл, Тогтвортой байдал” гэж томьёолсон байна лээ. Үндсэн хууль гэдэг том сэдэв. Нэг амьсгаагаар задлах боломжгүй. Сайн сайхан зорилго тавих нэг хэрэг, түүнд хүрэх зохистой зохицуулалтыг талбар бүрээс нь эерэг үр дүн, сөрөг уршгийг сайтар тооцож томьёолж тусгах нь маш түвэгтэй. Нарийн чимхлүүр шаардсан улс төр, хууль зүйн ажиллагаа л даа. Тэр тусмаа Үндсэн хуульд нэмэлт засвар хийх нь нийгмийг өргөн хамарсан идэвхтэй оролцоо, хэлэлцүүлэг, улс төрийн хүчнүүдийн хамтын зөвшил, ойлголцол, эрх баригчдын нэгдмэл сахилга, улс төрийн хүсэл зориг шаардсан төрийн том бодлогыг нэгтгэн боловсруулж хөдөлгөх нүсэр хөдөлмөр, зүтгэл. Үр дагавар нь шууд, шууд бусаар арван жилээр тогтохгүй улс орны амьдрал болоод иргэдийн ахуй орчинд нөлөөлнө. Миний бие өнгөрсөн долоо хоногт УИХ-ын мэдээлэл арга зүйн ажлын дэд хэсэгт гишүүнээр орсон. Хэд хэдэн удаагийн ажлын хэсгийн хуралд оролцож, санал зөвлөмжөө илэрхийлэн ажиллаад явж байна. Гурван парламент дамжиж боловсрогдсон 10 жилийн тасралтгүй ажлын бүтээл гэсэнтэй санал нийлж байна. Мэргэжлийн судлаач, эрдэмтдийг олноор татан оролцуулж тэдний хүч дэмжлэгийг сайн авчээ. Гэхдээ төслийн агуулга гүн, салаалах утга өргөн, олон шинэ зохицуулалт орсон болохоор Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн, хэл найруулга, томьёоллын алдаатай, тодорхой бус, онол-арга зүйн томоохон маргаан дагуулах, засах шаардлагатай заалтууд цөөнгүй үзэгдэж байна. Ялангуяа нутгийн удирдлагын хэсэгт.

-Нутгийн удирдлагын хэсэгт анхаарах шаардлагатай ямар асуудлууд байна вэ?

-Сум, дүүргийн Засаг даргыг хуульд заасан үндэслэлээр ажлаас нь огцруулсан бол үлдсэн хугацаанд аймаг, нийслэлийн Засаг дарга томилно. Сум, дүүргийн ИТХ-ыг үндсэн байгууллага гэх, түүнээс салбарлаж аймаг, нийслэл, баг, хорооны хурлууд ажиллах, баг, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга шууд томилох тогтолцооны өөрчлөлт хийсэн заалтууд байсан. Маргаантай санал шүүмжлэлүүд өрнөж л байна. Муу зүйл биш. Сайн. Би ажлын хэсэгт саналаа хэлсэн. Ер нь манай Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын асуудлыг хэтэрхий тодорхой зохицуулсан нь нутгийн удирдлагын олон талт байдал, өвөрмөц байдлыг тооцон бусад хуулиар зохицуулах, тохируулах боломжийг алдагдуулсан согог бий. Сумын түвшинд Засаг дарга төрийн төлөөлөгч ч гэлээ сум иргэдтэй хамгийн ойр ажилладаг. Тиймээс иргэд өөрсдөө мэдэн сонгох эрх эдлэх нь жам ёсноос гажсан зүйл болохгүй. Харин дүүргийн Засаг даргыг сумтай адилтган иргэдээс сонгуулахаар оруулж ирсэн нь буруу. Заримыг нь эс тооцвол нэг дүүрэг гэхэд 200, 300 мянган хүн амтай засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. Тэгэхээр дүүргийн Засаг даргын сонгуульд 100 мянга хүртэл сонгогчийн санал авахад хүрч УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг даргаасаа илүү давуу төлөөлөх бүрэн эрх, хууль ёсны шинжтэй болж ирэх нь. Би энэ дээр эсрэг байр суурьтай байгаа. Хорооны засаг даргыг иргэдээс сонгох нь зүйтэй. Харин дүүргийн Засаг даргыг сонгох зарчмаар бус томилгооны зарчмаар явах хэрэгтэй. Хороог бэхжүүлэх томруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй байтал тэдний ажлыг иргэдэд ойртуулж байгаа нэрийдлээр улам жижиглэж байна. Зүй нь бол хороо гэдэг цаашлаад хотхоны хэмжээнд хөгжих ёстой. Хорооны статустай тосгон хотхон, дүүргийн статустай хотууд байна шүү дээ. Тэгэхээр хотхон яваандаа өөрийн удирдлагын эрхтэй субьект болж болохоор төлөв харагдаад байгаа. Нийслэлд одоо хороо үндсэн нэгж болж байна. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах ёстой. Бодлоор шийдэх бус төрийн болон нутгийн удирдлагын онолын үүднээс авч шийдэх ёстой. Төсөл дээр хот, тосгоныг өөрөө удирдлагын засаг захиргааны зарчмыг хуулиар тогтооно гээд улсын, орон нутгийн харьяалалтай гэж тусгагдсан. Өмнөхөөсөө өөрчлөгдсөн тодорхой агуулга бага гэж би шүүмжилж байгаа. Миний хувьд хот, тосгон өөрийн дүрэмтэй, удирдлагатай, аж ахуйтай, төсөвтэй, эдэлбэр газартай, оршин суугч хүн амтай байна гэж заагаад өгчихвөл хот, тосгоныг амилуулах үндэс бүрдэнэ гэж боддог. Одоо хот, тосгоны муугүй хуультай ч амилахгүй, хуулиудын дунд эрх хэмжээний хуваарилалт хийхгүй байгаа. Хот, тосгон гэдэг улсаас авч байгаа дэмжлэг нь л улс, орон нутгийн төсөвт сууна уу гэхээс өөрийнх нь үндсэн сан төсөв тэдгээр төсөвт хамаарахгүй. Нутгийн удирдлагын асуудал дээр онолын шинэ хандлага, загварыг шаардаж байна. Манайд өдгөө хэрэгжиж буй загвартай төстэй улс тун ховор.

-2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг дордуулсан долоон өөрчлөлт гэж ярьдаг. Санал хураалт ил байсныг буцаад нууц болгох, УИХ-ын хуралдах хугацаа, ирц, давхар дээл зэрэг асуудлуудад өөрчлөлт орж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тодорхой өөрчлөлтүүд орсон байна лээ. УИХ-ын ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэснийг 2000 онд 50 болгосон. Үүнийг сэргээхийг дэмжиж байгаа. Бидний үед 50-иас доошгүй долоо хоног чуулна гэж заасан ч чуулган ихэнхдээ үүнээс илүү сунадаг байсан. 2000 онд УИХ өөрчлөлт оруулахдаа 1999 онд эрх баригч Ардчилсан холбоо эвсэлтэй хамтран хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн саналыг тэр хэвээр баталсан нь өмнөх улс төрийн зөвшилцлөө эвдэхгүй гэсэн зорилго байсантай холбоотой. Ажлын өдрийг багасгасан нь УИХ хууль тогтоох тасралтгүй ажиллах нөхцөл шалгуурыг дордуулж гишүүдийн үндсэн ажлыг үндэслэлгүй хөнгөрүүлсэн гэж шүүмжлэгдэж байсан. Манайх хагас жилд 75 ажлын өдөр гэхээр жилд 150-иас доошгүй өдөр хуралдах юм. Ирц дээр 2000 оны өмнөх заалтыг сэргээгээд зогсохгүй УИХ-ын нийт гишүүний олонхоор хууль баталж байхаар шинээр тусгасан нь хуулийг өнөөгийн нөхцөлд 20 гишүүнээр шийдэж болох босгыг 39 хүргэж нэмсэн нь хуулийн чанар чансаа болон цөөнхийн оролцоо, хяналтыг нэмсэн, гишүүдийн төлөөллийн үүргийг өндөржүүлсэн чухал механизм болж гэж үзэж байна. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохыг заасан нь саналаа чөлөөтэй гаргах боломжийг нэмж, намын хяналтыг сулруулж болох боловч гишүүд нөхцөл байдалд тааруулж дур зоргоор шийдэх эрх үүсч байгаа юм. Иргэд өөрийн төлөөллөө хянах, хариуцлага тооцох боломж хязгаарлагдах ёсгүй. Иймд томьёоллыг нь хаалттай хуралдаанаас бусад ямар шаардлагаар хуралдаанд оролцсон олонх дэмжсэн бол санал хураалтыг нууцаар явуулахыг зөвшөөрч болохыг тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж үндэсний аюулгүй байдал, төрийн нууц, гадаад бодлоготой холбоотой асуудлууд дээр ойлгомжтой. Цаад санаа нь УИХ-ын томилгоо, нээлттэй хэлэлцсэн ч зарим үед саналаа нууцаар хураах тохиолдолд яригдах болов уу. Өөр нэг асуудал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших асуудалд Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэдгийг батлуулж чадвал том ололт, иргэдийн хүчтэй тавьж буй шаардлага биелэлээ олно. Учир нь манайх 76-хан гишүүнтэй давжаа парламент. УИХ-ын олон гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсраад ирэхээр гишүүдийн ажил цалгардахаас гадна Засгийн газар хууль тогтоох байгууллагаа ноёлж, УИХ-ын хяналт суларч төрийн эрх мэдэл хуваарилах зарчим алдагдаад байгаа. Ерөнхий сайдыг оролцуулаад дээд тал нь таван гишүүн Засгийн газарт байх нь нийт УИХ-ын гишүүдийн 10 хүрэхгүй хувьд очих болохоор сөрөг нөлөө бага.

-Ерөнхий сайдын эрх мэдэл, хариуцлагыг нэмж байгаа гэсэн. Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэнээр Засгийн газар УИХ, Ерөнхийлөгчтэй харилцахад ямар ахиц өөрчлөлтүүд гарна гэж та үзэж байна вэ?

-Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн нэг бүрээр хэлэлцэж санал хураадаг байсныг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж туссан байгаа. Энэ нь зарчмын хувьд бусад улсуудын Ерөнхий сайдын эдэлдэг эрх мэдэлтэй ижил болно гэсэн үг. Бусад орны жишгээр Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өөрөө сонгон УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчөөр батламжлуулсны дараа хуулийн биелэлтийг улс даяар хангах үүргийг Ерөнхий сайд хариуцаж Засгийн газар хангадаг учраас Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлнэ гэдгээ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ УИХ, Ерөнхийлөгчийн өмнө тангараглаж, хариуцлага хүлээхээ илэрхийлдэг байх нь зохимжтой. Энэ нь манай улсыг парламентын удирдлагатайг бататгах зүйл болно гэж үзэж байна. Сайд нарын бодлогын багаа Ерөнхий сайд бүрдүүлж байгаа ч УИХ-д Ерөнхий сайдыг томилох, огцруулах эрх үлдэж байгаа. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. УИХ бусад хуулиар Засгийн газрын үйл ажиллагааны тайланг авч хэлэлцэх, Засгийн газрын гишүүдийн ажил байдлыг хянан шалгах, үнэлэлт өгөх, санал дүгнэлтээ Ерөнхий сайдад тавьж шийдвэрлүүлэх боломж нээлттэй үлдэнэ.

Төслийн 39.3-т Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлэхдээ Засгийн газрын бодлогын хөтөлбөрийн үндсэн чиглэл, түүнтэй уялдуулсан тайлбар бүхий мэдэгдлийн хамт оруулдаг байх нь хүнд тохируулсан яам, сайдын сандал суудал гаргадаг явдлыг арилгах үндэс болно. УИХ уг бодлоготой уялдсан эсэхийг харгалзан шийддэг байх нь олон жил явж ирсэн архаг дутагдлыг засна гэж үзэж байгаа. Бид сайн төр, Засгийн газар, намын тухай их ярьж байгаа. Үүнийг ардчилсан улс орнууд төвлөрсөн илүү эрх мэдлээ танах, хязгаарлуулах, байвал зохих газар луу нь шилжүүлэх, хуваалцах тухай хүрээнд ойлгодог. Манай сонгуулийн мажоритар хуучирсан тогтолцоо, төсвийн хэлэлцүүлгийн хязгаарлалт сул байгаагаас шалтгаалж Засгийн газрын төсвийн төлөвлөгөөг эвдэж нэгдсэн хөгжлийн бодлогын бус УИХ-ын гишүүдийн тойрогчилсон зардлын задаргаатай төсөв батлагдах болсноор улсын өр, төсвийн алдагдлыг бууруулах боломж тэр бүр хангагдахгүй байгаа. Тэгэхээр Засгийн газрын бодлогыг эвдүүлэхгүйн тулд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлагыг нэмэгдүүлэхгүй гэх чухал заалт шинээр тусгагдсан байна. Томьёоллын хувьд нэг дутуу зүйл байна лээ. Зардлын шинэ төрөл үүсгэж, зардал нэмэгдүүлэхгүй гэж байгаа. Тэгэхээр зардлын шинэ төрөл үүсгэхгүйгээр зарлага нэмэгдүүлж болох юм шиг ойлгогдох учраас зардлын шинэ төрөл үүсгэх эсхүл зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэж бүрэн заах ёстой. Ингэснээр УИХ төсөв батлах эрхээ Засгийн газарт алдаж байгаа бус парламентын олонх нь бодлогын хөтөлбөрийг нь дэмжиж байгуулсан Засгийн газрынхаа бодлогоо шингээсэн төсвийг УИХ дэмжих, эс дэмжихийг үндсэн үзүүлэлтүүдээр нь хагалан шийднэ гэсэн үг. Мөн Ерөнхий сайдыг өргөн мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор томилж чадаагүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргадаг байсан. Одоо энэ өөрчлөлтөөр УИХ-ын анхдугаар чуулган эхэлснээс хойш 45 хоногийн дотор эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу нас барсан, огцорсон, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үед гэж ойлгохоор тодруулан зохицуулсан байна. Ерөнхийлөгчийн УИХ-ыг шахах, тараах чиглэлд эрх мэдэл нэмсэн мэт. Хуульч, судлаачийн өнцгөөс харахад бусад оронд Ерөнхийлөгч парламентыг хуульд заасан хугацаанд томилж чадахгүй үед аль болох зөвшилцөлд хүргэх, улс төрийн тогтвортой байдлыг хангахыг эрмэлздэг. Иймд үндсэн хугацаа дуусвал нэмэлт хугацаа өгөх боломж Ерөнхийлөгчид байдаг. Ингэхээр Ерөнхийлөгч тараахаа урьтал болголгүй нэмэлт хугацааг өгөх хэрэгтэй. Ингэснээр Ерөнхийлөгчийн улс төрийн зуучлалын үүрэг биелэгдэх, дэмжих дэмнэх нөхцөл бүрдэнэ. Үүнээс харахад бусад улсад үйлчилдэг механизм дутуу суучихав уу даа гэж харж байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхий сайдыг томилсон, огцруулсан болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг бусад шийдвэрт тавих боломжийг үгүйсгэсэн заалт оруулахгүй бол УИХ-ыг тараах, улс төрийн зөрчилдөөнийг хурцатгах, тоглолт хийх цаг хугацааны боломж бий болчих хийдэл харагдаад байгаа.

-УИХ-ын сонгуультай холбоотой заалтаар яг юуг шийдэж чадах вэ?

-УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно, ээлжит сонгуулийн өдрөөс өмнөх нэг жилийн дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглох санал төсөлд туссан. Үүний гол зорилт нь сонгуулийн хувь тэнцүүлэх аргыг хэрэглэх боломжийг нээх, сонгууль тулсан үед дүрмээ гэнэт өөрчилдөг тодорхойгүй байдлыг зогсоох явдал. УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль бидний зориглон зүтгэж хийсэн сонгуулийн шинэ тогтолцооноос бусдаар дан мажоритар системээр томсгосон, эсхүл жижиг тойргоор явж ирсэн. Одоо байгаа байдлаа хар л даа. Намаа, багаа, бодлогоо бэхжүүлсэн, эрүүлжүүлсэн зүйлгүй. Ирээдүйгээ харж, хувь тэнцүүлэх зарчмыг хэрэглэх боломжийг заавал нээх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж өгч буй амин сүнс заалтуудын нэг яах аргагүй мөн. Намын тухайд эхний заалтыг нь хасмаар юм билээ. Авууштай нь, намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, намын хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно гэсэн заалтыг найруулаад батлуулж болохоор байна. Ер нь Монголын хамгийн том ялзрал дархан цаазат байгууллага болох нам болсон. Намд өөрийн хяналт сул. Намын дүрэм, хяналтын байгууллагын шийдвэрээ үл ойшоох, үгүйсгэх, хэрэгсэхгүй байх, эсхүл даргын дохио зангаагаар ажиллах явдал түгээмэл. Төрөөс тавих хяналт нэр төдий. Бүртгэл, аудит, сонгуулийн үед зарим хуулийн шаардлага тавигдах гээд л зогсоно. Шүүхэд хуулиар хандах боломж нь хязгаарлагдсан. Иргэдийн зүгээс мэдээлэл авах, хяналт тавих нь маш хомс. Нэгэнт дотно, гадна талаас хяналтгүй, хаалттай болчихоор хариуцлага тооцох боломжгүй. Эцэстээ намын дотоод ардчилал устаж намууд доройтолд орсон нь нууц биш шүү дээ.

-Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр сонгох нь хараат бус байдалд нь эрсдэл дагуулна гэж үзэж байсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Шүүх эрх мэдэл гэдэг тухайн нийгмийнхээ ардчилсан, шударга ёсны хамгийн том шүүлтүүр, хүний эрхийн хамгийн том баталгаа. Шүүгчээр ажиллах гэж буй хүмүүсийн баталгаа өндөр түвшинд яригдах нь зүй ёсных. Ихэнх оронд шүүгчийг бүх насаар буюу тэтгэвэрт гарах нас хүртэл нь хугацаагүй томилдог. Зарим оронд сонгох ёс үйлчилдэг нь ч бий. Миний хувьд нийгэм улс төрийн авлигын бохир орчноос улбаалаад тодорхой хугацаатай болгохыг дэмжиж байгаа. Хэт богино хугацаанд томилогдох нь мэдээж шүүгчид учрах элдэв эрсдэлийг нэмнэ. Дээд шүүхийн тухайд 12 жил байх нь өнөөгийн нөхцөлд ухаалаг шийдэл зохицуулалт болно. Манай улс 512 шүүгчтэй гэсэн сүүлийн үеийн тоо бий. Үүнээс 17 шүүгчийг сая түдгэлзүүлээд шалгаад эхэллээ гэсэн. Шүүгчид маш их шүүмжлэлд өртсөн. Хоорондоо хуйвалдан тохирдог, шударга бусаар шүүдэг, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг гэсэн хардлага хүчтэй байдаг нь бултах аргагүй үнэн. Мөн улс төрийн захиалгат томилгоо, зүйл бус оролцоогоор шүүгчдийн хаалттай орчинд ялзрал бий болсон. Аливаа улс төрийн хэрэг маргаан, бохир байдлыг шүүх ариутган цэвэрлэх ёстой. Дээд шүүхийн шүүгчид тэтгэврийн насанд хүртлээ томилогдон дархлагдаж, хариуцлага тооцох боломж сул байгаа нь бодит байдал. Магадгүй Шүүхийн ерөнхий зөвлөлөөр томилогдож, Шүүхийн хариуцлагын зөвлөлөөр хариуцлага тооцуулдаг том байгууллагын хяналт хариуцлагатай ажиллах байх. Гэхдээ эргээд манайд олон тохиолдолд ШЕЗ нь тодорхой хүрээнд асуудлуудыг хаалттайгаар шийддэг учраас хяналт тэнцвэр нь хангагдахгүй нөхцөл байдал үүсвэл өнөөдрийнх шиг ҮАБ-ын зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх шийдвэр гаргадаг хүчилсэн зүйл дахин бий болох магадлалтай. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд УИХ нэмэлт заалт оруулсан. МАНАН-ын шүүгчдээс сална гэх үүднээс хариуцлага тооцох зүйл оруулж ирсэн. Ad hoc буюу тодорхой хугацаанд тодорхой асуудлыг шийдвэрлэх нөхцөл байдал. Энэ бол шүүхэд цэвэрлэгээ хийх ядсан алхам. Энэ нь хэсэг хугацаанд үр дүнтэй зөв байж болохоос удаан үргэлжилбэл шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халтай. Магадгүй Үндсэн хуулийн хямрал руу аваачихыг үгүйсгэхгүй.

-Тэдгээр 17 шүүгчийг түдгэлзүүлэхдээ ҮАБЗ-ийн шийдвэрийг үндэслэсэн гэж байгаа. ҮАБЗ-ийн шийдвэрт тулгуурлаж олон шүүгчдийг нэгэн зэрэг түдгэлзүүлэх заалт бий юу?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлтээр бөөн маргаан болж оруулсан заалт бий. Төслийн шүүхийн хүрээний зүйл заалтууд харьцангуй сайн болсон. Гэхдээ эерэг, сөрөг гарч болох бүх үр дагавруудыг тал талаас нь авч үзэх хэрэгтэй. Шүүх эрх мэдлийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн хүрээнд сонгон шалгаруулалт, томилгоо, хариуцлага, шүүхийн бие даасан байдлыг даатгаж байгаа. Томилгооны явцад УИХ, шүүхүүдийн оролцоо байгаа. Шүүгчийн хариуцлагын зөвлөлд иргэдийн төлөөлөл байна гэсэн. ШЕЗ шийдвэрээ хэрхэн гаргах журам тодорхойгүй байна. Нэг бүрэн эрхийн хугацаанд дөрвөн жил ажиллах энэ зөвлөлийн гишүүдийн сонирхлын зөрчлийг хязаарлахгүй бол захиалгат шүүгчийн томилгоо одооныхоос хумигдахгүй. Улам далд хэлбэрт орох аюултай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд тухайн асуудлаар найман жилийн хугацаанд дахин өөрчлөлт оруулж болохгүй болно. Тиймээс нухацтай хандалгүй дутуу хэлэлцээд мөлийлгөж орхин, шийдэх ёстой асуудлаа шийдвэрлэхгүй орхивол удирдлагын хувьд хүсээгүй дэглэм рүү ч гулсаж орох өндөр эрсдэлтэй.

Categories
мэдээ цаг-үе

Т.Галсан: Монгол киноны анхдагч Д.Жигжидийг Монголын төр, түмэн хоёр мартах ёсгүй, мартагдах ч үгүй

Монголын кино урлагийг үүсгэн байгуулж гал голомтыг нь тулан дөл юуг нь бадраасан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, Зууны манлай найруулагч Дэжидийн Жигжидийн мэндэлсний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Д.Жигжид анх “Морин цэрэг-танкист”, “Цогт тайж”, “Шинэ жил”, “Гэм нь урдаа”, “Манай аялгуу”, “Сэрэлт” зэрэг уран сайхны киноны зургийг авч, “Ардын элч”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үер”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Хөх ногооны униар”, “Жаргал даахгүйн зовлон”, “Ард Аюуш” гэхчлэн уран сайхны олон киног найруулсан нь Монголын уран сайхны киноны сорууд болсон бөгөөд ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн юм. Монгол кино үйлдвэрт нэгэн үе энэ их хүмүүнтэй ажиллаж байсан ардын уран зохиолч Тангадын Галсантай уулзаж хөөрөлдлөө.


-Монголын киноны загалмайлсан эцэг, ардын жүжигчин Дэжидийн Жигжидийн мэндэлсний зуун жилийн ой тохиож байна. Энэ их хүнтэй хамт ажиллаж байсан дурсамжаасаа хуваалцаач?

-“Ертөнцөд матери анхдагч” гэж нэг үг байдаг шиг монгол кинонд анхдагч нь гарцаа байхгүй Жигжид гуай байдаг. Тийм хүнтэй нэгэн том урлагийн академид тоосонд нь пижигнэж, тоонд нь тоолуулж явсан нь миний энэ насны марташгүй бахархлын нэг юм. Д.Жигжид гуайн киног урьд нь үзэж байснаас биш ямар хүн байдгийг нь мэдэхгүй байлаа. Ардын хувьсгалын тавин жилийн ой буюу далан нэгэн онд юм. Их ойд бэлэг болгож урлагийн байгууллагууд нэг нэг том бүтээл хийж барих ёстой. Л.Ванган, Ч.Чимэд нарын зохиолоор Жигжид аваргын хийж байсан “Түмний нэг”-ийн гуравдугаар анги болох “Тэмцэл” гэдэг киноны зөвхөн ганцхан хэсгийн зураг авахад би хамт байх хувь тохиосон.

-Ямар хэсгийн зураг билээ?

-Ялсан төрийн анхны наадмын зурагт ардын журамт цэргийн сүрт жагсаалыг үзүүлэх болсон. “Номхон борынхон” хэмээх Зөвлөлтийн цэргийн жагсаал байхаас илүүтэйгээр Богд хаан тэргүүтэй, эрх нь жаахан хумигдсан боловч сүсэгтэн олны хувьд амьд бурхан байгаа Жавзандамба хутагтыг наадамд очиход нь наадамчин олон яаж угтаж байгааг харуулах байсан. Цөмөөрөө газар түгдийгээд хэвтчихсэн нь хонь холбочихсон юм шиг харагдаж байдаг даа. Энэ нь мухар сүсэг хөөрхий Монголыг ямар болгочихсон юм бэ гэж гадны хүнд харагдахаар. Гэтэл Ардын засгийнхан Сүхбаатар жанжинтайгаа, Чойбалсантайгаа, Бодоо, Данзантайгаа жавхалзан гарч ирэх үед сая сэрсэн ард түмэн дэрвэж байгаа туг шигээ жагсаж байгаа цэргийнхээ сүр шиг тийм сайхан болохыг авах ийм нэгэн өдрийн ажил байлаа. Гэтэл нар гардаггүй, долоо хоног бороо орлоо. Киноны нэгдүгээр найруулагч нь нар байдаг.

-Тухайн үед олигтой гэрэлтүүлэгч ч байдаггүй байсан биз ээ?

-Одоо бол киноны төхөөрөг сайжирсан учраас тэс өөр л дөө. Ингээд нар хүлээгээд байдаг. Тэр хугацаанд зураглаач нар ч, жүжигчид ч тэр, Жигжид гуай ч тэр бүх юмаа ягшуулчихаад ганцхан нар гялсхийгээд тусахад зургаа авах эгзэгтэй үеийг хүлээж байсан юм. Энд Жигжид гуайг нэг орилоход Налайхын хавийн бүс нуурын бүх хүн зүгээр дэрсхийгээ л, үргэсэн морины чих соотосхийж байгаа юм шиг бэлэн байдалд ордог байлаа. Энэ бол Жигжид гуайн харгис хэрцгийнх биш, их үйл хэрэгт хэд бол хэдэн хүнийг зангидаж чаддаг байсны гайхамшигт дуурайл.

-Та тэр үед юу хийж байсан юм?

-Би Монгол кино үйлдвэрт хар ажилчин нэртэй. Жигжид гуай кинондоо амьд орчин бүрдүүлэхийн тулд “Хайя, Галсан. Тэнд очоод утаа тавь” гэнэ. Тэгээд цаана нь май суунаглаж байх жишээтэй. Эсвэл олон хүний газарт юүлүүр байхгүй бол бас орчин бохирдоно. Эсвэл “Хөөе, чи тэнд нэг гэр барь” гээд зургийн даргад үүрэг өгнө. Зургийн даргад үүрэг өгч байгаа нь Жигжид гуай, Чимэд-Осор ах хоёр л доо. Тийм цагт би Жигжид гуай гэж Арсайн гол, Уйлган голоос төрсөн Дарийн Дамдин аваргатайгаа их төстэй зузаан биетэй, сандрахгүй тайван хүн. Яг кино удирдах үедээ онгод нь орсон бөө маягтай. Ямар сайндаа зохиолч Дашзэгвийн Сэнгээ тэр байдлыг нь

“Эзэн Чингисийн үед

Эрлэг баймаар Жигжид

Эзгүй хээр газар

Зэрлэг баймаар Жигжид

Маанийн номтой газар

Гэсгүй баймаар Жигжид

Манай энэ үед

Эсэргүүн баймаар Жигжид” ч бил үү шог шүлэг хэлсэн байдаг. “Тэмцэл” киноны хйоморт байж байхад гэнэт үүл ярагдаж нар гарч ирдэг юм. Цагааны Цэгмид гуай Богд гэгээн жинхэнэ дүрээрээ амилчихсан юм шиг улаан шарыг намируулан намс намс алхаад л, хуучин төрийн сайдууд ямбаны хувцсаа өмсчихсөн яваад л. Манай яруу найрагч Самбалхүндэв гуай хүртэл тэнд ноёны отго жинс асаачихсан сүрхий явж байдаг. Энэ зураг сайхан болсон. Гэвч, их хэрсүү хүн учраас тэр зургийг долоо найман удаа авлаа. Нар жаргах болоогүй ээ. Тэнгэр оройноосоо онгойвол дахин ордог, хаяанаасаа онгойвол дахин ордоггүйг Хөвсгөлийн тайгын хүн мэдэхгүй хэн мэдэх вэ дээ. Тэгж байтал гэв гэнэтхэн “Хайя, Галсан. Тэр Сүхбаатар жанжныг залаад ир” гэдэг юм. Би чинь зүгээр пир пирхийтэл гүйгээд орсон чинь Сүхбаатар жанжин уйлчихсан, нөгөө будсан нүүр нь халтартчихсан байж байна.

-Дашнамжил гуай тоглодог доо. Яагаад уйлсан юм бол?

-Дашнамжил. Хажууд нь нэг хүн байна. Монголчууд “Инээснийг асуу. Уйлсныг бүү асуу” гэдэг шүү дээ. Асууж болдоггүй. Хажууд нь байгаа хүнийг гаргаж ирээд “Юу болсон юм бэ” гэсэн чинь “Дашнамжилын таван настай хүү нь урьд шөнө нас барчихлаа. Тэгээд би тэрийг дуулгаж ирлээ” гэнэ. Тэгсэн Жигжид гуай “Хайя, нөгөө нөхөр хаачсан бэ” л гээд дуудлаа. Би пөар пархийгээд гүйж очоод хэллээ. Тэгсэн чинь Жигжид гуай нэг зогтуссанаа Чимэд-Осор ахыг дагуулаад гэрт ордог юм. Өнөөх нь тэр хоёрыг харуутаа учиргүй их мэгшиж уйлаад нүүр нүд авах юм байхгүй боллоо. Их наадмын тоосонд будагдсан асар майханч гэсэн тэр хэртэй халтартдаггүй дээ. Нэлээд байж байснаа Жигжид гуай “Жанжаан, Ардын засгийн анхны наадмын парад эхлэх гэж байна” гэсэн чинь Дашнамжил хачин цочих шиг болсноо “Аль вэ, энэ нүүр” гэлээ. Нүүр хувиргагч дор нь будаад нөгөө их нулимс юу бүгд байхгүй болоод явсан даа. Энэ кинонд Дашнамжилын тоглосон дүрийн хэсгүүдээс хамгийн цоглог тэр хэсэг нь тэр байдаг юм. Үр хүүхдээ алдчихсан эцгийн уй гунигийн ёроолоос ялсан төрийн жанжны оргилд хүрэх түлхүүрийг үгээр хэлж чадахыг би ихэд бахдан харж байсан. Орой нь ирээд зургаа харсан чинь тэнд байгаа бүх хүн алга ташаад сүйд болсон. Тэгэхэд Дашнамжил дахиж нэг уйлаад. Тэр нь уй гунигийн нулимс байгаагүй баярын нулимс байсан бол уу. Жигжид гуай их буянтай. Настай хүн чинь модон таяг тулж явдаг даа. Жигжид гуай хоёр сайхан хүүхэн-таяг тулж явна.

-За, тэр нь юу гэсэн үг юм бол доо?

-Сумхүүгийн авгай чинь их сайхан охин байлаа. Батцэцэг. Нөгөөх нь манай зохиолч П.Лувсанцэрэнтэй зүгээргүй гэж сайхан дурсамж бичдэг Баясгалант. Тэр хоёр хүүхэн чинь хоёр талаас нь сугадчихсан, уушиг зүрх хоёр дээр нь хоёр мөөм цогноод, инээсээр явдаг сан. Энэ бол садар самуун биш настнаа түшиж тулах аугаа их хүндэтгэл. Эжий хүн шиг хүнийг банди нар бол аятайхан авч явахгүй чирж мэднэ, бүдэрч мэднэ. Нэг удаа зуслангийн унаанд хүнээ бүртгээд “Жигжид гуай, Галсан хоёр алга байна” гэжээ. Би ч мэдээж нэг өрөөнд өөрийгөө түгжсэн байж таараа. Шатар тоглоно. Эсвэл Лувсанцэрэнгийнхээ өгсөн номын сандаа суудаг байсан. Жигжид гуайг хоёр хүүхэнд түшүүлж ирээд суухад “Жийгээ ирлээ, одоо явдаг хэрэг. Тэр муу эсэргүү Галсантай, Галсангүй яадаг юм, явцгаая” гэхэд Жийгээ буучихсан байгаа юм. “Тэр чинь Монголд надаас хэрэгтэй хүн шүү” гэсэн байгаа юм. Муу нэрт, луу данстыг тэгж хүндэтгэн хэлснээс хойш намайг нүд үзүүрлэх хүн цөөрсөн. Монгол кино үйлдвэрийн нэг мундаг тал нь юу вэ гэхээр ирсэн хүндэт зочны тухай кино хийгээд онгоц буудал дээр хоёр хайрцаг кино гардуулж өгдөг. Дэлхийд өөр тийм улс байгаагүй. Жигжид гуай тийм баримтат кино олныг хийсэн дээ. Жигжид гуайнд очиход үүдэнд нь хорин хэдэн шаахай жагсаалттай. Томоосоо жижгээ хүртэл эгнүүлчихсэн, сүүлийнх нь сөөхий болоод явчихна.

-Олон хүүхэдтэй л айл байж дээ?

-Гутал харж байгаад “Багабиндэр алга шүү” гэнэ. Гутлаар нь л хүүхдүүдээ бүртгэчихнэ. Биндэр, Багабиндэр хоёр хүү нь киноны уран бүтээлчид болсон. Навч гэж нэг охин нь Монголын радиод мундаг сэтгүүлч болсон. Хүний сэтгэлийг их ойлгоно. “Үер” киноны Михайл өвгөнд тоглодог ЗХУ-ын ардын жүжигчин, төрийн шагналт Н.А.Крючковыг ирэхэд манайхан “Их гүрний мундаг жүжигчин их хямсгар амьтан байна байх” гэж бодоцгоож. Тэгсэн тэр хүний эвийг Жигжид гуай аль эрт олчихсон байж. Дүрийнх нь үгийг гэхэд Сэлэнгийн хөвөөнд загас гөхдүүлж цээжлүүлсэн байгаа юм. Тэр бол дуртай зүйлээр нь аргыг нь олж мундаг л ажилласан хэрэг. Сүүлдээ тэр алдарт жүжигчин Жигжид гуайгаас маш их айдаг байж. Тиймээс ч нэг өдөр одооны ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгээр хэлмэрчлүүлж “Өнөөдөр тэнгэр бүрхэг. Би сэтгэл жаахан хямарган байна. Ганц зуу татвал болох уу” гэж асууж байсан. Том хүн Жигжид гуайг тэгж аргадаж байна гэж бодохоор хаа ч хүндтэй аварга байж.

-Жигжид гуай дайнд өөрийн биеэр оролцсон хүн гэдэг байх шүү?

-Энэ онд Халхын голын ялалтын наян жилийн ой болж байгаа. Морьт цэрэг явж байгаа, танкийн цуваа явж байгаа, тэр их элс манхныг давах гэж яаж үйлээ үзэж байгаа, Зөвлөлт-Монголын цэргийн байлдааны бүх зургийг Жигжид гуай, Дэмбэрэл гуай хоёрын авснаар дэлхийн киноны түүхэнд орсон. Азид болсон дайны түүхэн баримт болдог. Жигжид гуайн хорвоод мэндэлсний зуу, Халхын голын дайныг кино хальсанд мөнхөлснийх нь наян жилийн таширласан хоёр түүхэн ой тохиож байна шүү дээ.

-Монгол киног бий болгосон хүнийхээ ойг манай Засгийн газар тэмдэглэхгүй гэсэн тогтоол гаргасан нь мөн ч гунигтай шүү?

-Монгол киноны бүх ачааг одоо Филармони байгаа байшин руу зөөхөд нэг морин тэргэнд ачаа нь багтдаг, тэр морин тэргээ Жигжид гуай хөтлөөд явж байсан түүхтэй тийм хүн гээд бод. Жигжид гуайн киноны дүрд тоглосон жүжигчид гэхэд ардын жүжигчин Дамчаагаас уруудуулаад Н.Сувд гээд маш олон алдар суутнууд байгаа. “Цогт тайж” кинонд гэхэд зураглаачаар ажилласан. Энэ их суутныхаа ойг дээрээс “Нутаг нь тэмдэглээрэй” гээд, нутаг нь “Сум нь тэмдэглээрэй” гээд, сум нь “Үр хүүхэд нь тэмдэглээрэй” гэж байгаа нь Монголын аугаа суутнуудыг мартагдуулах харийн бодлогын золиос болж байгаагийн жишээ шүү дээ. Завхан аймаг сая дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангаа яаж дахин амилуулав. Энэ бол гайхамшигт үлгэр дуурайл. Монгол кино гэж байх юм бол түүний тулгыг нь тулж, галыг нь асаагаад, тооныг нь өргөөд өргөөг нь барьж, хойчийн киночид гэх өнөр бүлийг бүрдүүлж өгсөн Дэжидийн Жигжидийг Монголын төр, түмэн хоёр мартах ёсгүй. Мартагдах ч үгүй!

Categories
мэдээ цаг-үе

Хиймэл бөөрийг ирэх жилээс худалдаанд гаргахаар төлөвлөжээ

Дэлхий дээр 700 орчим сая хүн бөөрний архаг өвчтэй бөгөөд тэдний эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 гаруй хувийг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тэдний ихэнх нь бөөр орлуулах эмчилгээ буюу гемодиализын аппаратанд хэвтэхийн тулд урт дараалалд хүлээгдэж, эдийн засаг, цаг заваа ихээр алддаг. Тогтмол хугацаанд уг аппаратанд орохын тулд ажил төрлөө хойшлуулж, эмнэлэг барааддаг. Энэ байдлыг анзаарсан эрдэмтэд бөөрний архаг өвчтэй хүмүүс хиймэл бөөрний аппаратанд орохын тулд эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр аппаратаа өөртөө зүүгээд авч явах, эсвэл мэс заслын аргаар бөөрний судсанд хиймэл бөөр холбох зэргээр судалгааны ажил хийсний үр дүнд хиймэл бөөрийг гаргаж авчээ. Ерөнхий бүдүүвч зураг болоод ажиллах дараалал нь хиймэл бөөрний аппарат буюу гемодиализын аппаратын жижигсгэсэн хувилбар гэж хэлж болно.

АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Шову Рой, Виллиан Бандербилт нар уг төхөөрөмжийг зохион бүтээжээ. Уг хиймэл бөөр буюу төхөөрөмжийг мэс заслын аргаар бөөрний гол судсуудтай холбох юм байна. Төхөөрөмж цус шүүж, бөөрний үйл ажиллагаа, тэр дундаа дааврыг зохицуулах, цусны даралтыг хянах зэрэг олон үүрэгтэй ажээ. Эрдэмтэн Ройн хэлснээр уг хиймэл бөөр нь цуснаас хортой бодисыг цэвэрлэдэг уламжлалт гемодиолизын аппаратаас ялгаатай нь маш нарийн шүүлтийн дамжлагатай юм байна. Микрочипээс бүрдсэн хиймэл бөөр сэнжтэй аяганы хэмжээтэй бөгөөд туршилтын явцад овор хэмжээг нь багасгаж улам боловсронгуй болгожээ. Төслийн багийнхны хувьд хиймэл бөөрний туршилт дуусч эрүүл мэндийн салбарт хэрэглэхийг зөвшөөрвөл 2020 онд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Хэрвээ хиймэл бөөр худалдаанд гарвал бөөрний дутагдалтай хүмүүс диализын аппаратнаасаа салах, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохгүйгээр эрүүл мэндээ зохицуулаад явах боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ төхөөрөмжийг хүний биед суулгасны дараа 14 хоногийн дараа бие организмтай уялдаж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж дасан зохицдог аж. Хиймэл бөөрийг гахайнд суулгаж туршсаны дараа хүн дээр турших юм байна.

Энэ хиймэл бөөр хүний биед зохицож, бөөрний үүргийг 95-аас дээш хувьтай гүйцэтгэж чадвал 3D принтерээр хэвлэсэн эд эрхтнүүд ч ажиллагаанд орох боломж бүрдэнэ гэж зарим судлаачид харж байгаа юм.

Анагаахын шинжлэх ухаан, шинжлэх ухаан өндөр хөгжсөн барууны орнуудад 3D био-хэвлэгчээр хүний биеийн эрхтэнүүдийг хэвлэж гаргаад байгаа билээ. Эхний ээлжинд чих, хамар зэрэг эрхтэнийг амьд эс, тусгай гидрогел ашиглан хэвлэж гаргасан. Хэвлэж гаргаж авсан эрхтэнүүд нь хүний бие организмд зохицох, цусны судас ургаж төлжих бяцхан сувгуудтай ажээ. Нэг эд эрхтэнийг 30 минутын дотор хэвлэдэг бөгөөд эрдэмтэд арван жилийн турш тасралтгүй ажиллаж чих, хамар гаргаж авсан бол одоо бөөр, элэг, уушги, зүрх, ходоод зэрэг эрхтний амьд эдийг хэвлэхээр туршилт хийж байгаа гэнэ.

Эрдэмтдийн баг мөгөөрсөн хоолой, мөөгөөрсний амьд эд хэвлэж гаргаж аваад лабораторийн хулганад шилжүүлэн суулгасан нь амжилттай болж, хоёр сарын дараа мөгөөрс бий болж, улмаар судас үүссэн байна. Тиймээс 3D-гээр хэвлэж гаргасан эд эрхтэнүүдийг хүний биетэй дасан зохицуулах, биед суулгасан хойно нь өөрөө бие даан ургаж, төлжих явцад анхаарал хандуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Дур зоргын мал аж ахуйг хоригломоор байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Дур зоргын мал аж ахуйг хоригломоор байна” хэмээн өгүүлжээ.

“АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон: Монголд хөрөнгө оруулах боломжтой, гэхдээ хөрөнгө оруулалтын орчноос бүх зүйл хамаарна” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Улс төр” нүүрт “УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Үндсэн хуульд сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэт хязгаарлаж байна” хэмээн ярилаа.

“Танин мэдэхүй” нүүрт “Bitmonex компанийн гүйцэтгэх захирал Б.Гантиг: LIBRA-г цахим доллар гээд ойлгочихож болно” хэмээн ярив.

“Миний үзсэн наадам” нүүрээс “ МУГТ Н.БҮРГЭДАА: Сумын наадамд цолтой, цолгүй бөхчүүдийг зовоодог л хүүхэд байлаа” хэмээн ярьсныг уншаарай.

“Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг: Муу шүүгч нар байгаа бол тэднийгээ л цэвэрлэ. Зүгээр ажлаа хийж яваа шүүгчийг битгий хэлмэгдүүл” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Анагаахын шинжлэх ухааны доктор, клиникийн профессорО.Баярмаа: Арьсыг цоолж байгаа ажилбар болгоноос татгалзсан нь зүйтэй” хэмээн “Эмч” нүүрт бичлээ.

“Өөрөөс нь” нүүрт “Сэтгэл судлалын үндэсний төвийн Сургалтын албаны дарга Д.Лхамсүрэн: Сошиал орчинд хэт их хувийн мэдээллээ дэлгэж, их цагийг өнгөрүүлдэг хүний амьдрал тэр хэмжээгээр асуудалтай байдаг” хэмээн ярилаа.

“Завханы мэдээ” нүүрт “Их Явуугийнхаа 90 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэв” хэмээн бичжээ.

“Энэ тухай” нүүрт “Академич Х.Намсрай: “Электорат” хөдөлгөөн нь улс орныг аваад явчих зөв, ухаалаг хүмүүсийг улс төрд гаргах зорилготой” гэж ярьсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны татвар, хураамж буурчээ

Улсын төсөвт оруулах алтны татвар хураамж буурчээ. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний таван сард алтнаас Улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж өнгөрсөн оны мөн үеийнхээс таван тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ оны эхний таван сард Монгол Улс 4.6 кг алт экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 кг-аар их байгаа юм. Гэвч ханш өнгөрсөн оны мөн үеэс бага байв. Алтны экспортын дундаж үнэ өнгөрсөн оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 41,998.0 ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үер буужээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өнөөдөр үргэлжлэн орсон борооны улмаас үеэр буужээ. Энэ талаар тус сумын Онцгой байдлын газраас тодруулахад “Өнөөдрийн бороо 14.59цагаас 16.00 цаг хүртэл үргэлжлэн орсон. Үүний умаас зарим гуу жалга, даваа үертэй байна. Одоогоор хаагдсан зам даваа байхгүй, хүний эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоо үерийн ус татарч байна” гэсэн тайлбарыг өглөө.

Бусад аймгуудын нутгаар бороо орох төлөвтэй байна. Тухайлбал, Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орж салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар 49 мянган ширхэг сум хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Их хэмжээний сум хил нэвтрүүлэх гэж байжээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Техник-Импорт” дахь гаалийн хяналтын бүсэд зургадугаар сарын 26-ны өдөр АНУ-аас “А” ХХК-нийн нэр дээр мэдүүлсэн 40 тонны чингэлэгтэй бараанд ангийн бууны сум 49 мянган ширхэгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ. Үүнийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Ангийн бууны сум нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлөөр импортлох тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн байна

Өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн удирдлагууд техникийн шинэчлэл хийхээс гадна нүүрсний борлуулалтын үнийг нэмэх шаардлага байгааг дурдав. Мөн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг онцоллоо. Тодруулбал, Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 14.1 хувьтай байгаа бол Шивээ-Овоогийн уурхайн хувьд 35 хувьтай явагдаж байна. Үүнээс гадна “Эрдэнэс Метан” ХХК Австралийн “Жейд Метан” ХХК-тай Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын ажил удахгүй эхлэх бөгөөд алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлсэн байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дунд хугацааны стратегид боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлж, байгалийн баялгаас олсон орлогыг төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, экспортлох боломж бүрдүүлэхийн тулд нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул хийх, олборлох үйлдвэр байгуулах, Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлж байгаа.

Categories
мэдээ улс-төр

Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагнав

Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн явцыг тус албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцуулсан юм. Тэрбээр, “Албан даалгаврын хүрээнд олон үр дүнтэй ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүллээ. “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд 16 255 иргэн өөрийн хөрөнгөөр 2 тэрбум 188 сая төгрөг, 5770 байгууллага, аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр 12 тэрбум 960.6 сая төгрөгийн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийсэн. Зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, аюулгүй байдлын шаардлагад нийцээгүй зөрчил бүхий 103 хаяг, мэдээллийн байгууламж, 30 хулдаасан хэвлэл, 15 түр самбар, 26 тулгуурт байгууламжийг албадан буулгав. Мөн ногоон байгууламжийн мод сөөгний хэлбэржүүлэлтийн жилийн хүрээнд 2019 оны гуравдугаар сараас Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Охь мандал ХХК, Хан-Уул ТҮТ ОНӨААТҮГ, Чингэлтэй ТҮК ХХК-ууд хариуцсан гудамж талбайд 10.773 мод, 35.800 ургамлан хашлага хэлбэржүүлж, 120.000 ам метр зүлэгжүүлэлт хийгдээд байна. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн шон дээгүүр зөвшөөрөлгүй татсан шилэн кабелиудыг цэгцлэх, албадан буулгах, гэрэлтүүлгийн шонгийн аюулгүй байдал, өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр 2019.04.15-2019.06.15-ны хооронд хотын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцан ажилладаг 13 байгууллагууд өөрсдийн хүн хүч, машин техник, нөөц бололцоогоо ашиглан өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын 71 гудамжаар татагдаад байсан 93 393м кабелийг цэгцэлж, 20000м кабелийг албадан буулгаж устгалд орууллаа” хэмээв.

Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хэрэгжилтийн талаарх товч мэдээлэл хийв. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Дүүргийн Магсаржав, Замчдын гудамжинд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны тохижилтыг сайжруулахаар шаардлага тавьж, хугацаатай мэдэгдэх хуудас өгч, хяналт тавьж ажиллаж байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний санал авах зэрэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 50 метр орчмын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ гүйцэтгэх талбайг хариуцуулсан зураглалыг хог хаягдлын олон нийтийн байцаагчаар хилийн зурвасыг тогтоолгож, хорооны Засаг даргаар баталгаажуулах ажлыг 2019.04.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж 303 байгууллагын гадна орчны 50 м газрын зураглал хийлгэн мэдээллийн сан үүсгэж, шаардлага тавьж ажилласнаас хаягаа солиулсан 21, ногоон байгууламж тариулсан 28, ангилан ялгах зориулалт бүхий хогийн сав суурилуулсан 15, гадна болон дотор талдаа камер хийсэн 29 байгууллага буюу нийт 93 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тохижилтын ажил хийлгэсэн” гэв.

Хан-Уул дүүргийн Засаг дарга С.Алдаржавхлан “Давхардсан тоогоор 36 ил задгай худалдаа, сүүдрэвч, ТҮЦ эрхлэгчдэд албан шаардлага хүргүүлсэн. “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл” 18 ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч сонсох ажиллагаа хийсэн. Нийтийн эзэмшлийн зам талбайн 285 гэрэлтүүлгийн шон хоорондын 8550 урт метр цахилгааны утсыг стандартын дагуу цэгцэлсэн” хэмээв.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Дүүргийн төсвийн хөрөнгөөр нутаг дэвсгэрийн хэмжээнд зургаан чиглэлд 88 дундын болон эцсийн зогсоол байдгаас шаардлагатай байршлуудад саравч хийх зураг төсөв гарган байршлын судалгаа хийгдэж таван байршилд буюу 12 дугаар хороонд хоёр ширхэг, 17 хороонд нэг ширхэг, 18 хороонд нэг ширхэг, 19 дүгээр хороонд нэг ширхэг саравч байрлуулан хүлээн авсан” гэсэн юм. Дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайланг сонссоны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Дүүргийн Засаг Дарга болон хороодын Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрт тогтмол биечлэн ажиллаж холбогдох үүрэг чиглэлийг өгч хэрэгжилтийг хангуулах. Аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох дүрэм журмыг сурталчилж мэдээллээр хангах. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон орон сууцны хороолол доторх орчныг тохижуулах, арчлах, цэвэрлэх, сандал, хогийн сав, хогийн бункер, цинкэн савнуудыг засварлах, өнгө үзэмжийг сайжруулах, ариутгаж халдваргүйжүүлэх, гэрэлтүүлгийн болон гэрлэн дохионы шон дээр нааж буй зарыг тухай бүрт нь хуулж, цэвэрлэх, арга хэмжээ авах, мэргэжлийн байгууллагуудтай уялдаж ажиллах”-ыг онцгойлон анхааруулж, энд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн Хог хаягдлын тухай хуульд дүүргийн Засаг дарга нар хог цэвэрлэх цуглуулах тээвэрлэх компанийг тендерийн хуулийн дагуу сонгон шалгаруулах гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг Даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний 285 дугаар захирамжаар дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Дүүргүүд энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Хог цуглуулалт тээвэрлэлт бүрэн хийгдэхгүй байгаа тул машин техник хүрэлцэхгүй байгаа хорооддоо хуулийн дагуу тендер зарлаж хог тээвэрлэх үйл ажиллагааг яаралтай зохион байгуулахыг анхааруулж байна гэсэн тодорхой хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөн юм

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангах зөвлөмж

Орон нутагт баяр наадам зохион байгуулагдаж эхэлж байгаатай холбогдуулан хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаандаа дараах асуудлыг анхаарч, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад:

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэлд суурилсан дотоод хяналт хэрэгжүүлэх, энэ нь өөрт хамаарах бүх үе шатанд эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, эрсдлийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байх бөгөөд байгууллагын удирдлагын зүгээс дараах асуудалд анхаарах нь зүйтэй.

Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу өөрийн үйл ажиллагаанд тохирсон дотоод хяналтын журам боловсруулж мөрдөх,

Монгол Улсын “Хүнсний тухай” хуульд “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж заасны дагуу өөрийн байгууллагын хэмжээнд бүтээгдэхүүн ажил, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдалд хяналт тогтмол тавьж ажиллах,

Хоол, хүнстэй харьцаж ажилладаг ажилтны хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн чадамжыг дээшлүүлэх, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг танилцуулах, судлуулах зэргээр байгууллагын зүгээс чиглүүлэх,

МХЕГ-аас баталж гаргасан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хянах хяналтын хуудас” 1,10.1 ба 1.10.2, 1.10.3 кодтой хяналтын хуудсаар /байгууллагын вэб сайтад байршуулсан/ үйл ажиллагаандаа хяналт шалгалт хийж эрсдлээ үнэлэх,

Дотоод хяналтаар илэрсэн хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой зөрчил, дутагдалыг таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг залруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх,

Шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын мөрөөр зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах, давтан сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авч ажиллах,

Өөрийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар хоол, хүнсний бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хохирол учруулсан, нөхцөл байдал үүссэн байж болзошгүй тохиолдолд эрх бүхий хууль, хяналтын байгууллага, ажилтанд шуурхай мэдээлэн хамтран ажиллах.