Categories
мэдээ нийгэм

Монгол улсын импорт өнгөрсөн онтой харьцуулахад 5,5 хувиар өсчээ

Энэ оны эхний 6 сард импортоор 2.9 тэрбум ам.долларын бараа оруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар өссөн байна. Импортын ам.доллараар илэрхийлсэн энэ дүнгийн өсөлт болон төгрөгийн ханшийн сулралт /10.2%/-ын үр дүнд төгрөгөөр илэрхийлсэн импортын дүн 7,608.1 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,060.7 тэрбум төгрөгөөр буюу 16.2 хувиар нэмэгджээ. Импортын өсөлтөд нь авто бензин, дизелийн түлш, автомашины тоног төхөөрөмж, төмөрлөг бүтээгдэхүүн, бүх төрлийн автомашины импорт голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ОХУ-ын Улсын нөөцийн газрын Торжок хот дахь Улсын нөөцийн политехникийн коллежид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна. Сургалтад ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар болон төв, орон нутаг дахь улсын нөөцийн анги, салбарын 10 гаруй алба хаагч оролцож байгаа юм.

Хүнсний бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн болон газрын тосны бүтээгдэхүүний удаан хадгалалтын технологи сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус сургалт энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай албаны автомашин хүлээлгэн өглөө

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангид “Эрдэнэс Таван Толгой” ХК-аас шуурхай албаны УАЗ фургон автомашиныг гардуулан өглөө.

Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна. Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор байгуулагдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүдэд ял оноожээ

Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Замын-Үүд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн Ч.Э болон Ч.М-д холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар тодруулбал 30 настай, эрэгтэй Ч.Э нь 2018 оны есдүгээр сараас 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд бага насны буюу есөн настай хүүхдийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, 50 настай, эрэгтэй Ч.М нь бага насны буюу 11 настай хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч Ч.Э, Ч.М нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Э-д 15 жил, Ч.М-д 14 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Клубуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна

Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын клубуудын аварга шалгаруулах тэмцээн НОБГ-ын Баянхошууны сургалтын цогцолборт зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас”, Баруун бүсийн “Мөнгөн дууулга” багийн нийт 5 багийн 50 орчим тамирчин оролцож байгаа юм. Баг тамирчид довтолгооны шат, 4х100м, саадтай 100 м-ийн гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж маргааш буюу энэ сарын 02-нд аваргуудаа шалгаруулна.

Categories
мэдээ нийгэм

Таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 02-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 9-р хороо Шар хадны 50-60-р гудамжууд болон ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 16-р хороо Бэлхийн 11, 30, 32-р гудамжууд, иргэн Соёлсүрэн, Гантогтох, Жанцансамбуу, Төрмөнх, Төмөрчөдөр, Халуун ус болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: 11-р хороо Зайсан Хөх асар, Сипоко ХХК-ууд болон ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 8, 25-р хороо ЗБЦ 7, 9, 12-р гудамжууд, Ээлтэй эмнэлэг, Мөнхийн ундармал ХХК, Одонтын 25-р гудамж, Ди Энд юу ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10:00-18:00 цагт: 7-р хороо Бадралын 12-19-р гудамжууд

13:00-16:00 цагт: Чандмань Налайх НӨҮГ, УСУГ-ын худгууд, Хаан жимс амралт, УЕПГ болон 5-р хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүд,

Categories
мэдээ нийгэм

Сэтгэцэд нөлөөт бэлдмэл хэрэглэсэн залуусыг үйлдэл дээр нь барьжээ

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хар тамхи хэрэглэсэн хүмүүс байна гэсэн мэдээлэл зургадугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01.30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн мэдээллийн дагуу шалгахад 28 настай эмэгтэй О, 19 настай эрэгтэй Т, 34 настай эрэгтэй Э, 21 настай эрэгтэй Т нар сэтгэцэд нөлөөт бэлдмэл хэрэглэсэн байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм

Хот хог цэвэрлэгээний шинэ төхөөрөмжтэй болжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хот тохижилтийн газарт ажилах үеэрээ цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээ, угаалгын зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авч үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгийг хэлж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч байсан юм.

Үүний дагуу нийслэлийн Хот тохижилтын газрынхан шуурхай ажиллан зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, тус тендерт “ДАЛУ” ХХК шалгарч, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хот тохижилтын газрын дарга Д.Бямбадорж болон албаны хүмүүс өнөөдөр цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.

“Энэхүү техник нь европ стандартаар үйлдвэрлэгдсэн бөгөөд 3,5 л дизель түлш цагт зарцуулна. Хогийг шүүрдэх, хамах, соруулахаас гадна талбайг ус цацаж угаах, чийгшүүлэхээс гадна тоос бужигнуулалгүй вакум орчинд хогийг соруулж хамдаг онцлогтой. Бидний зүгээс бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгааг өгч байгаа. Цаашид сэлбэг шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангах боломжтой” гэж “ДАЛУ” ХХК-ийн захирал Э.Ган-Эрдэнэ ярилаа.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод анх удаа орчин үеийн, хотоос тавьж буй шаардлагыг хангасан, ОУ-ын болон Европын стандартад нийцсэн бага оврын цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, “ДАЛУ” ХХК шалгаран богино хугацаанд нийлүүлж байна.

Үүнийг өнөөдөр олон улсад ашиглаж байгаа. Явган хүний, зам талбай болон гудамжны хог шороог вакум орчинд сорж авах боломжтой. Зам талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийн бүтээмжийг эрс сайжруулахаас гадна ажлын ачааллыг нь хөнгөвчлөх болно” хэмээлээ.

Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн үйлчлэгч Г.Отгонбат “Миний бие зам талбайн үйлчлэгчээр таван жил ажиллаж байна. Хотын дарга С.Амарсайхан анх манай байгууллага дээр ирэхдээ цэвэрлэгээ үйлчилгээний орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлнэ гэж байсан. Өнөөдөр энэ үг бодит ажил болон бага оврын цэвэрлэгээний төхөөрөмжийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Нийслэлийн иргэддэдээ хогоо хогийн саванд хийж бидний ажлыг ойлгон хүндэтгэж байхыг хүсье. Энэхүү тоног төхөөрөмжийг хурдан хугацаанд нийлүүлж бидний ажлыг хөнгөвчилж байгаа Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархснаа илэрхийлье” гэлээ.

Эдгээр цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг холбогдох улсын бүртгэлд бүртгүүлж, номер дугаар зүүсний дараа буюу наадмаас өмнө хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйчилгээнд гаргахаар төлөвлөсөн байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Шинэ хонгилын анхны зорчигчоор Ерөнхий сайд байсан М.Энхсайхан зорчиж, түүнийг хорьж, бах таваа хангав

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Шинэ хонгил ажиллаж эхэллээ. Тэд анхныхаа туршилтыг цагтаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханаар хийв. Эрх мэдэл, бяр чадалтай гэдгээ хонгилын эзэд олон нийтэд ойлгуулахыг хүссэн бололтой. М.Энхсайханыг баривчлахдаа шүүхийн ямар ч тогтоол шийдвэргүй, ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хуулийн тодорхой заалтгүйгээр шууд л гэрээс нь барьж аваад цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулав. “Шинэ хонгилын эздийн дургүйг хүргэвэл хэнийг ч байсан шоронд хийнэ. Бидэнд хууль үйлчлэхгүй. Хэнбугай ч байсан хонгил руугаа чирээд оруулж чадна” гэж дэндүү их аархаж байгаа юм шиг л дүр зураг АТГ-ын энэ удаагийн баривчилгаанаас маш тодорхой харагдаж байлаа.

Эрх мэдэлтнүүд хэлсэн болгоныг нь хууль мэт биелүүлж чадах өөрсдийн хүмүүсээ АТГ, цагдаа, прокурор, шүүхийн удирдах албан тушаалд томилох гэж хоёр жил гаруй хугацаанд хэдхэн хүн дээрх салбаруудыг бужигнуулсан. Хууль хяналтын байгууллагын дарга нарын ажлыг авахын тулд нэр хүндийг нь үе шаттайгаар харлуулсан. Тэд ч санасандаа хүрч, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “Шударга бусын хонгил” гэгчийг нурааж чадсан. Үүнийг нь “Шударга бусын хонгил 1” гэж нэрлэмээр юм уу даа. Үүний дараа “Шударга бусын хонгил 2” гэдгийг бий болгож, анхныхаа туршилтыг М.Энхсайхан дээр амжилттайгаар туршиж бах таваа хангав бололтой. Мөн үүгээрээ “Шинэ хонгил байгуулагдаж, ажлаа хийж эхэлсэн шүү” гэдгээ харууллаа. Өс хонзонтой хүнээ яаж ч шийтгэж болдог юм гэдгийг маш тодорхой ойлгуулж байх шиг байна. Шинэ хонгилын эздийн анхны баривчилгааны ерөнхий зарчим, арга барил Сталины үеийн арга барилтай төстэй байх шиг. “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэсэн зарчмаар л М.Энхсайханы баривчилгаа явагдлаа. Коммунизмын үеийн хэн нэгнийг барьчихаад дараа нь хэрэг олж тохдог шалгарсан арга байдаг. Энэ аргатай ижил төстэй, технологи нь адилхан харагдах ажээ. М.Энхсайханыг АТГ-аас Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Таван толгойн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Гэрээ хийх төсөл боловсруулах үеэр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх шалтгаанаар цагдан хорьсон. Тэгвэл дээрх гэрээ УИХ-аар хэлэлцээгүй, батлагдаагүй гэрээ. Таван толгойн гэрээ хийгдвэл тухайн үеийн Засгийн газрын сайд нарыг огцруулна гэх асуудал нийгэмд хүчтэй давлагаа үүсгэж байсан юм. Өөрөөр хэлбэл хэлэлцээгүй, батлагдаагүй асуудал юм. Ийм л асуудлаар М.Энхсайхан хоригдсон.

Шинэ хонгил хэчнээн аймшигтай гэдэг нь сая болсон үйл явдлаас тодорхой харагдаж байна. Ийн хэлсний учир нь дураа хүрвэл хэнийг ч хамаагүй барьж хориход бэлэн болжээ. Ямар ч хэргээр хамаагүй баривчилж чадах юм байна. Гэхдээ шинэ хонгилын анхны туршилт шүүхийн шатанд доголдов. М.Энхсайхан хорих ангид шүүхийн шийдвэрээр нэг хоноод л гарлаа. Тэрбээр суллагдаж гарч ирээд “Эрх биш шүүх байсан тулдаа л гарч ирлээ” гэж хэлсэн. Одоохондоо шүүх шинэ хонгилд бүрэн орж, хараат болж чадаагүй байгаа юм байна. Шинэ хонгилын шүүх бүрэн байгуулагдаж дуусаагүй байгаа гэсэн үг. Энэ удаад шинэ хонгилынхны хувьд шүүх доголдож байна. Хүссэн хүнээ барьж шоронд хийчих гэхээр шүүх саад болоод байна. Удахгүй шүүхийн дарга нартай холбоотой томоохон акц гарч эхлэх байх аа. Үүний дараа халаа, сэлгээ хийгдэх биз ээ. АТГ, цагдаа, прокурор, шүүх бүрэн бүрэлдэхүүнээр цогц ажиллаж байж хонгил бүрэн утгаараа бий болдог билээ.

Ер нь их баривчилгаа хэлмэгдүүлэлтийн өмнө заавал ингэж туршилтаар эхэлдэг юм гэсэн. Феодалуудын хөрөнгийг хураахад Манзушир хийдийн лам нар Онц бүрэн эрхт комиссын төлөөлөгч нарыг эсэргүүцээд бөөн хэл ам болсон гэдэг. Бүрэн эрхт төлөөлөгч эд хөрөнгийг нь хураахаар ирэх үед хэдэн залуу лам салтаагаараа шороо самардаж цацаж эсэргүүцлээ илэрхийлж, элэг доог болгосон байдаг. Нөгөө төлөөлөгчид “Хэдэн залуу лам эсэргүүцээд байна. Яах вэ” гэж удирдлагуудаасаа асуусан байдаг. Удирдлагууд нь “Наад лам нараа барьж аваад буудчих. Бусад нь яахыг нь харъя” гэсэн юм гэдэг. Тэгээд нөгөө лам нарыг баривчилж аваад буудсан байдаг. Бусад лам нь ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй айгаад нам болсон гэдэг. Лам нарыг эсэргүүцэж чадахгүй юм байна гэдгийг туршилтаар мэдээд хэдэн мянган ламыг толгой дараалан буудах их хядлага, хэлмэгдүүлэлт эхэлсэн түүхтэй. Өөр нэг ойрын тод жишээ нь Л.Гүндалайг УИХ-ын гишүүн байхад нисэх онгоцны буудлаас баривчилж байсан. МАН-ынхан төр барьж байхад Л.Гүндалай ганцаараа сөрөг хүчин болж байсан. Одоогийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж Хятадын тагнуул гэсэн асуудал дуулиан болж байсан үе. Үүнийг Л.Гүндалай ил гаргаж хэвлэлийн хурал хийж, олны өмнө мэдэгдчихсэн. Улсын нууцтай холбоотой асуудлыг олон нийтэд ил болгож хууль зөрчсөн гэх хэргээр Ц.Нямдорж Л.Гүндалайг шүүхэд өгсөн. Энэ дуулиан шуугианы дараахан Л.Гүндалай эхнэртэйгээ өөрийнхөө зардлаар Хайнань руу амрахаар нисэх онгоцны буудал руу явсан. Тэр үед МАН-ынхан баруун аймгуудаар зөвлөгөөн хийх нэрээр зугаалж, хорхог, боодог эргүүлээд явж таарсан гэдэг юм. Н.Энхбаяр Л.Гүндалайг нисэх гэж байгааг мэдээд Ц.Нямдоржид “Чиний нөгөө шүүхэд өгсөн хүн чинь амарч, зугаалах гээд явж байна шдээ гэж хэл хүргүүлж байсан гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүнийг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр нисэх онгоцны буудлаас баривчилж дуулиан шуугиан хадааж байв. Тэр үед Л.Гүндалайг баривчилж байгааг ганцхан “Өдрийн сонин” мэдээлж байлаа. Одоо цаг сайхан болсон. Хэн нэгнийг барьж, хорилоо гэхэд л сошиал даяар дуулиан шуугиан болж байна. Монголчууд бараг хоёр саяулаа сошиалд байдаг болсон. Цөөн хэдэн хөлсний бичээч баривчлагдсан хүний талаар муу муухайгаар бичих тохиолдол бий. Харин ихэнх нь болж байгаа үйл явдлыг байгаа чигээр нь мэдээлдэг болоод байгаа. Ингээд бусдын эрх ашиг зөрчигдөж байгааг шүүмжилдэг, үнэн бодит мэдээллийг хүргэдэг үй олон “Өдрийн сонин” цахим ертөнцөд бий болчихсон гэсэн үг.

Шинэ хонгилынхон М.Энхсайханаар туршилт хийж байна гэж дээр хэлсэн. Туршилт гэж таамаглах хэд хэдэн шалтгаан байна. Өмнө нь хэн нэгнийг баривчлахдаа ядахдаа прокурорын зөвшөөрөл, шүүхийн тогтоолыг худлаа үнэн үзүүлдэг байсан. Одоо тийм бичиг цаас харуулахаа ч больжээ. Шууд л хүссэн хүнээ төмөр торны цаана суулгачихдаг болжээ. Өөр нэг тодорхой зүйлийг хэлэхэд М.Энхсайханыг хэрэг хүлээлгэж, шоронд хатаах гэж байсан бол баасан гаригт барьж хорих ёстой байв. Сүүлийн үед АТГ-ынхан ийм л технологиор ажиллаж буй. Баасан гаригийн үдээс хойш бариад хорьчихоор амралтын хоёр өдөр таардаг. Энэ хугацаанд тухайн хүнийхээ талаар тодорхой хорих үндэслэл бүхий баримт цуглуулж чаддаг. Ингээд даваа гаригт хорих саналаа шүүхэд хүргүүлдэг. Шүүх хүсэлтийг нь хүлээж авч, хуралдааны тов гаргах, шүүх бүрэлдэхүүн томилох зэрэг ажлуудыг хийсээр байгаад өдрийг бардаг. Тэгж тэгж мягмар гаригт үргэлжлүүлэн хорих эсэхээ шийдсэн шийдвэрийг гаргадаг юм. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч амралтын өдрүүдэд олигтой ажиллахгүй өнждөг. Тэгвэл пүрэв гаригт М.Энхсайханыг баривчилсан нь шинэ хонгилынхон ажлаа хийхэд нийгэм хэрхэн хүлээж авах нь вэ гэдгийг туршиж үзлээ гэж харагдаж байгаа юм. Тодруулж хэлбэл, шинэ хонгилынхон “аймаар” ажиллах юм шиг байна.

Categories
мэдээ нийгэм

Долоодугаар сарын 02-нд болох үйл явдлууд

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс” эхэлнэ. Утас:91915340

09.00 цагт ГХЯ-нд “Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” уулзалт, семинар болно. Утас:99287297

10.00 цагт БОАЖЯ-нд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88054040

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Утас: 70119921

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газрын гадна талбайд цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор нийтийн тээврийн 1000 гаруй автобусыг камержуулсан талаар танилцуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

18.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.