Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Оспан хэзээ манай баатар болж, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэн Баян-Өлгийг авч үлдсэн байна аа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан шинэ намынхаа ажлаар Баян-Өлгий аймагт очиж ард иргэдтэй уулзалт хийгээд ирсэн. Уулзалтын үеэр тэрээр “Үнэхээр энэ нутаг бол гайхамшигтай нутаг. Би энэ нутагт ирэх болгондоо казах түмнийхээ түүхийг үргэлж боддог. Яагаад энэ Баян-Өлгий аймгийг, энэ сайхан нутгийг Чойбалсан гуай Оспан баатартай уулзахдаа баруун хязгаараа хамгаал аа гээд та бүхэнд итгэж, та бүхэнтэй хамтарч энэ тусгаар тогтнолоо авч үлдсэн юм бол оо гэж би боддог юм. Оспан баатар хэрвээ байгаагүй байсан бол, Оспан баатар хэрвээ Чойбалсан гуайтай тохиролцоогүй байсан бол Монголын баруун хязгаар нутаг магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн энэ нутгийг авч үлдэж чадсан шүү. Би казах түмэндээ үргэлж баярлаж явдаг юм аа. Урианхай, дөрвөд ард түмнүүддээ баярлаж явдаг юм. Дөрвөд нутгийнхаа хүмүүст баярлаж явдаг юм шүү. Баруун хязгаар бүтэн байгаад би баярлаж байгаагаа илэрхийлж байна аа. Түүхийн хүнд сорилтын дундуур манай баруун хязгаар нутаг үргэлж орж байсан. Алтайн уулсыг тойрсон казахын ард түмэн дотроос Назарбаев гуайн хэлсэн үг байдаг. Казахын ард түмний соёлыг, урлагийг, уламжлалыг хамгийн гайхамшигтай авч үлдсэн казахын ард түмэн бол Монголын казахууд гэж хэлсэн байдаг юм аа. Би та бүхнээрээ бахархаж байна, баяр хүргэе. Харин сүүлийн он жилүүдэд Казах, Монголын ах дүүгийн сайн харилцаанд хор хор хүргэх гэж зарим нэг МАНАН бүлэглэлийн этгээдүүд буруу алхам хийсэн гэдгийг би энд зориуд хэлэхийг хүсч байгаа. Миний ард түмэн, казах, Монголын ард түмэн үеийн үед эвтэй найртай хамтарч бие биенээ хайрлаж дэмжиж ирсэн юм аа. Би та бүхнээсээ хүсье, бусдын буруу бодолтнуудын, МАНАН бүлэглэлийн харалган бодлогыг үл тоож, Монголынхоо төлөө, хоёр ард түмнийхээ хамтын ажиллагаа, эв найрамдлын төлөө үргэлж зогсоорой, Батзандантайгаа хамт байгаарай, шударга иргэдтэйгээ хамт байгаарай гэж та бүхнээсээ хүсье ээ” гэж ярьсан юм. Түүний энэ ярианаас харвал Оспан гэж манай баатар байдаг юм байна, Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тэр баатар тэмцэж байсан юм байна. Энэ тэмцлийн үр дүнд Баян-Өлгий аймгийн газар нутгийг Монголд авч үлдсэн юм байна гэж шууд ойлгогдож байна. Оспан хэзээ манай баатар болж, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэн Баян-Өлгийг авч үлдсэн байна аа гэх асуулт яалт ч үгүй гарч ирж байна.

Оспан гэдэг нэртэй Монгол Улсын баатар байхгүй гэдгийг баттай хэлж байна. Бид үүх түүхдээ хайртай. Баатруудаа эрхбиш мэднэ, баатарлаг түүхээр нь бахархдаг ард түмэн. Гэтэл ямар тогтоол хаагуур яаж батлагдаад Оспан гэж хүн Монгол Улсын баатар болсныг бид мэдээгүй байж болох юм. Тэрийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдсэн болохоороо тэгж хэлж байгаа биз. Тэгвэл тэр тогтоол, албан ёсны бичиг баримтыг нь бидэнд танилцуул гэж нэгдүгээрт шаардаж байна. Монгол Улсын баатар бол зарлигаар гарч, төрөөс олгодог цол. Хоёрдугаарт, Оспан хэнтэйгээ яаж тэмцэж Баян-Өлгий аймгийг авч үлдсэн болж таарч байна вэ. Тухайн үед Баян-Өлгий хаашаа салчихсан байсан юм бэ, аль нутагт харьяалагдаж байсан юм. Тэгээд яаж тэмцэж, бидэнтэй буцаан нэгтгэж авч үлдсэн юм бэ. Салаад явчихсан байсан аймгийг яаж буцааж нэгтгэсэн юм бэ гэдэг энэ асуултуудад тайлбар шаардаж байна, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас.

Газар нутгаа нэгтгэсэн орчин цагийн хамгийн сүүлийн жишээг авч ярихад, Крымийг нэгтгэсэн Владимир Путиныг л Оросын бүрэн бүтэн байдлыг хангалаа гэж оросууд нь шүтдэг юм гэсэн. Түүн шиг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр тэр үед аль улсын харьяанд байсныг, энэ аймгийг ямар улсууд эзэмшиж байсныг нь Оспан бидэнд буцааж авсан юм бол. Энэ бүхэнд танаас бүрэн хэмжээний тайлбар шаардах эрх Монголын ард түмэнд бий.

Бидний мэдэх түүхээр, Баян-Өлгий гэж аймаг тухайн үед буюу Манж Чин улс, Олноо өргөгдсөн Монгол Улсын үед Монголын баруун хэсэгт оршиж байсан Ховдын хязгаар гэж засаг захиргааны нэгжид харьяалагдаж байсан газар нутаг юм. 1762 онд Дөрвөд далай хаан, Тагнын урианхай, Алтайн урианхай, Торгууд, Захчин, Мянгад, Өөлд хошуудыг нэгтгээд Ховдын хязгаар нутаг хэмээх засаг захиргааны бие даасан нэгж байгуулж Ховд хотод улсаа төлөөлсөн Амбан суулгаж байсан түүхтэй. Олноо өргөгдсөн Монгол Улсын үед урианхайн долоон хошуу байснаас Ёст засгийн хошуу, Дархан засгийн хошуу, Саруул гүний хошуу, Эетэй гүний хошуу, Зүтгэлт гүний хошуу, Зоригт гүний хошуу нь одоогийн Баян-Өлгий аймгийг бүхэлд нь хамран оршиж байсан бөгөөд хошуу болгон нь захирдаг ноёнтой байсан юм. Казахуудад Оспан биш Богд хаант улсын их эзэн хаан Жавзандамба хутагт хишиг хүртээж газар нутаг зааж өгснийг бид мэднэ. 1911 оны хувьсгалын дараа тэднийг Монголын харьяанд Богд хааны зарлигаар оруулсан түүх нь Улсын архивт хадгалаатай байна. Үнэн түүх нь ийм байхад та түүхийг гуйвуулж, огт ор үндэсгүй худал ярилаа гэж бид харж байна.

Попорно, попорно гэхэд арай дэгдэж байгаа бус уу, та. Таны хэлсэн, зохиож ярьсан энэ түүхээр шинэ үеийнхэн хүмүүжвэл яах болж байна. Баян-Өлгийн казах залуучууд түүх үнэхээр л ийм байжээ гэж ойлгоно. Монголчууд ч тэр Оспан гэж баатар Монгол Улсын газар нутгийг нийлүүлж өгчээ гэж ойлгохоор байна. Энэ нь яваандаа улс төрийн хор хохирол хэр их учруулах вэ гэдгийг та мэдэх үү. Энэ талаар бодсон уу. Салан тусгаарлах, тэртэй тэргүй бидний нутаг гэж бодох янз бүрийн үзэл бодол гарч ирэх үндсийг та тавьчихлаа. “Казах, Монголын ах дүүгийн сайн харилцаанд хор хүргэх гэж, хор хүргэх гэж зарим нэг МАНАН бүлэглэлийн этгээдүүд буруу алхам хийсэн гэдгийг би энд зориуд хэлэхийг хүсч байгаа” гэдэг чинь юу гэсэн үг вэ. Бид гадаад улс биш, нэг улс. Нэг улсын хоорондын найрамдалт харилцаа, сайн харилцаа гэж юу байдаг юм бэ.

Монгол төрийн зүтгэлтэнд хэлдэг үг, хэлдэггүй үг, яриа гэж бас бий. Бидний нөгөө бахархаад хайрлаад байдаг Байтаг Богдод тэмцэж явсан баатрууд тэгээд юу болох вэ. Таны яриад байгаа Оспан гэх баатрыг тань алсан эрэлхэг хилчид маань тэгээд дайснууд болж байна уу. “Байтаг Богд” гэж кино гарсан. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Монгол Улсын баатруудын тухай кино. 1947-1949 оны хооронд Ховд аймгийн Булган сумын нутагт болсон Байтаг богдын тулгаралт, Бүдүүн харгайтын тулалдааныг Монголын ард түмэн мартаагүй. Яагаад вэ гэвэл тэнд Монголын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын төлөө олон арван эрэлхэг хөвгүүд маань эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн. Тэр дундаа Байтаг богдын тулгаралтад 120 орчим дайсны эсрэг 10-хан хилчин хэрхэн амь насаа хайрлахгүй тэмцсэн баатарлаг түүхийг бид мах цусаараа мэдэрч, бахархаж явдаг.

Байтаг Богдод тулалдсан Монгол Улсын баатар Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Гиваан тэргүүтэй Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Г.Хаянхярваа, Д.Чойжин, Л.Гончигзэгвэ, Ч.Пэлжээ нарын эрэлхэг хилчид маань тэгээд дайсан болох уу, Ж.Батзандан гишүүн ээ. Монгол Улсын “баатар” Оспаны эсрэг тэмцэж явсан хүмүүс чинь тэгээд Монгол Улсын дайсан болдог юм байгаа биз дээ.

Хэрвээ та худлаа хэлсэн бол Монгол Улсын баатрууд, тэдний үр садаас уучлалт гуй. Монголчуудаас уучлалт гуй. Байтаг Богдын тулгаралтад амь насаа алдсан Монголын дайчин хөвгүүдийн сүнснээс уучлал гуй, та.

Гэхдээ энэ ганц удаа уучлалт гуйгаад өнгөрөх асуудал биш юм. Өнгөрсөн үе рүүгээ, Монголын түүх рүү та нулимлаа. “Өнгөрснөө чи гар буугаар буудвал, ирээдүй чамайг их буугаар буудна” гэж Дагестаны суут яруу найрагч Расул Гамзатов “Миний Дагестан” номондоо бичсэн байдаг. Үүн шиг та өнгөрсөн үеийн түүх рүүгээ нулимлаа. Таны хэлсэн дээрх үгнүүд гар бууны чинээтэй биш ч таныг ирээдүй их буугаар буудна. Та улс төрийн замналаа одоо дуусга, илүү их гай түйтгэр болоогүй дээрээ өндөрлө. Зориуд санаатай ийм асуудлыг хөндөх гэж л та тийшээ явсан юм биш үү. Монгол Улсын газар нутаг түүний бүрэн бүтэн байдал, ард түмний эв найрамдалтай байдал бол таны суудлаас хэдэн зуу дахин үнэтэй зүйл юм. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын голлон анхаарах ёстой зүйл. Тийм ч учраас УИХ энэ асуудлыг яаралтай авч хэлэлцэн, Ж.Батзандан гишүүнийг гишүүнээс нь эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг томилсон.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсэг өнөөдөр (2019.07.01) хуралдав. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар оролцлоо.

Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа Дэд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн асан Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал болон УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцсон.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд хэлсэн үгэндээ, Дэд ажлын 4 хэсэг буюу Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг тус бүр тодорхой саналуудыг нэгтгэн ирүүлснийг танилцуулав. Мөн тойрогтоо ажиллаад, иргэд сонгогчдодоо төслийг танилцуулсан Улсын Их Хурлын гишүүд иргэдээс ирүүлсэн саналуудыг Дэд ажлын хэсгүүдэд хүргүүлсэн талаар Ажлын хэсгийн гишүүдэд хэлсэн.

Хуралдаанаар Дэд ажлын хэсгүүдээс боловсруулсан санал нэг бүрийг хэлэлцэж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд монгол хэлний мэргэжлийн судлаач, эрдэмтэн ажиллуулах нь зүйтэй гэдэг саналыг гаргасан. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, төслийн томъёолол нэг бүрийг сайтар нягтлан, иргэдээс ирүүлсэн саналуудыг харгалзаж, тусгах нь чухал болохыг Ажлын хэсгийн хуралдааны үеэр хэлж байсан. Хуралдаанд оролцсон гишүүд Дэд ажлын хэсгийн санал нэг бүр дээр хэлэлцэж, холбогдох тайлбар, үндэслэл, тодруулгыг асууж, хариулт, тайлбар авсан юм.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Туркийн хилээр нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн монгол иргэдийн эрхийг сэргээж өгнө хэмээн залилжээ

Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн манай иргэдийн тус улсад зорчих эрхийг сэргээж өгнө хэмээн төлбөр авч, залилан мэхэлсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна. Иймд энэ төрлийн үйлдлээс сэргийлж, төрийн байгууллагад хандан мэдээлэл авч, хууран мэхлэгдэхгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөлөө. “Бичиг баримтын зөрчлийн улмаас хилээр нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн бол эрх сэргээх хүртэл хугацаа шаардагддаг. Үүнийг манай иргэд хүлээлгүй эрх сэргээж өгнө гэсэн хувь хүнд хууртагдаж байна. Хэрвээ хилээр нэвтрэх эрхээ сэргээлгэх гэж байгаа бол Монгол Улс дахьТуркийн ЭСЯ болон Истанбул дахь Консулын газарт хандана. Хувь хүнээр бус төрийн байгууллагаар хүсэлтээ дамжуулах ёстой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Монгол иргэд Турк улсад 30 хоног визгүй зорчдог. Иргэд гадаад паспорт болон бичиг баримтын зөрчил гаргаж хилээр нэвтрэх эрхээ түдгэлзүүлүүлдэг” хэмээн ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэцийн эмгэгтэй иргэнийг эрэн хайж байна

Зургадугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд амьдардаг сэтгэцийн эмгэгтэй иргэн гэрээсээ гараад эргэж ирэлгүй, сураггүй алга болсон байна. Уг алга болсон эрэгтэй нь Халх гол сумын Цогтсүмбэр багийн 37 дугаар байранд оршин суудаг гэнэ. Иргэнийг алга болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад ирүүлснээр алба хаагчид эрэн хайх ажиллагааг одоог хүртэл үргэлжлүүлсээр байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Мөнгө угаах гэмт хэргийн талаар сургалт явуулав

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалтын төвөөс “Мөнгө угаах гэмт хэргийг шалгахад анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг 2019 оны 6 сарын 26-наас 28-ны өдрүүдэд Нийслэлийн прокурорын газар болон, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд тус тус зохион байгуулж, төвийн ахлах прокурор Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа сургалтыг удирдаж явууллаа. Уг сургалтад Нийслэлийн прокурорын газрын 25 прокурор, Мөрдөн байцаах албаны Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс, Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн нийт 125 албан хаагч оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн бүх автобуснууд хяналтын камертай боллоо

Нийслэлийн цагдаагийн газар, Улаанбаатар смарт карт компаниуд энэ оны гуравдугаар сард Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүдтэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж зургадугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд бүх автобусыг бүрэн камержуулах асуудлыг хэлэлцэж байсан. Үүний дагуу өнөөдөр /2019.07.02/ 28 аж ахуй нэгжийн 1226 автобусыг бүрэн камержуулан хүлээлгэн өглөө. Нийтийн тээврийн бүх автобусыг камержуулснаар халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах үүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, жолооч нарын үүрэг харуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудал шийдэгдэх ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна. Мөн авто тээврийн улсын байцаагч нар камернуудыг хянаж нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны буудал дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдийн зөрчлийг илрүүлэн хянаж, торгуулийн арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна.

“Улаанбаатар смарт карт” компанийн менежер Ц.Түвшинжаргал “Манай компани камерын засвар үйлчилгээ, сайжруулалтын асуудлыг хариуцна. Харин эвдрэл гэмтлийг тухайн нийтийн тээврийн аж ахуй нэгж хариуцна. 2015 онд төсөл хэрэгжиж эхлэхэд нийтийн тээврийн автобуснуудыг бүрэн камержуулах ажил хийгдсэн. Энэ онд хамтарсан үйл ажиллагааны ажлын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар камернуудын 50 хувь нь гадны нөлөөтэйгээр ажиллагаагүй болсон байсныг 123 сая төгрөгийн зардал гаргаж, 1226 автобусыг бүрэн камержуулсан. Ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бүх автобус хяналтын камертай боллоо” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанкны Эрдэнэт салбарын 20-н жилийн ой амжилттай болж өндөрлөлөө

Худалдаа, хөгжлийн банкны ууган салбаруудын нэг Эрдэнэт салбарын үүсгэн байгуулагдсаны түүхт 20-н жилийн ой энэ онд тохиож байна.

ХХБанкны Эрдэнэт салбар анх 1999 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотноо Одоогийн байр болох Чандмань төвд 807-р салбар нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.

Эрдэнэт салбар байгуулагдсанаар анх удаа орон нутагт VISA картаар Эрдэнэт Үйлдвэрийн 4000 гаруй ажилтнуудын цалинг картаар олгож, АТМ буюу бэлэн мөнгө олгох автомат машины үйлчилгээг онлайн сүлжээтэйгээр нэвтрүүлж байлаа.

Харилцагчдынхаа тав тух, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэт салбар түүхт 20 жилийн ойгоо угтан Их Британийн “Allen international consulting group”-ийн олон улсын стандартын дагуу салбартаа засвар, тохижилтыг хийн шинэ өнгө төрх орууллаа.

Мөн 20-н жилийн ойн баяраараа хүүхэд залуучуудын мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулах зорилгоор Эрдэнэт хотынхоо 4-р сургуулийн номын санг тохижуулж, багш нарын талархал, бяцхан хүүхдүүдийн баяр хөөр дунд хүлээлгэн өгсөн юм.

Хөгжил дэвшилд тэмүүлсэн Эрдэнэт салбарынхаа түүхт 20 жилийн ойн баярыг ХХБанк Харилцагч нартайгаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Хөгжил дэвшилд хамтдаа

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чадвартай боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газраас Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл мэндийн анхны тусламж хариуцсан мэргэжилтэн бэлтгэх сургалт”-ыг 2019 оны 06 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Анхны тусламжийн чиглэлээр алба хаагчдыг бэлтгэн сургах, ур чадвар эзэмшүүлэх, эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг сайжруулах зорилготой тус сургалтад нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангиудын дуудлага хүлээн авагчид хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.

Сургалт “Анхны тусламж”, “Ажлын байрны эрүүл ахуй”, “Ажлын байрны сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд сургалтад хамрагдсан алба хаагчид нь эрүүл мэндийн чиглэлээр давхар үүрэгжин томилогдон ажиллах юм.

Цаашид Гал түймэр унтраах, аврах ангиудын шуурхай удирдлагын дуудлага хүлээн авагчдыг эрүүл мэндийн анхны тусламж хариуцсан ажилтан, анхны тусламжийн чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх зорилго тавин ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Урлагийн амьдрал” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол, Франц улсын ардын зураач, МУЭ-ийн шагналт Б.Чогсом, Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт Д.Болд нарын хамтран толилуулж буй “Урлагийн амьдрал” уран бүтээлийн үзэсгэлэн өчигдөр “Монгол Арт Галерей”-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэн хүрээнд энэ сарын нэгнээс 28-ны өдрүүдэд “Монгол Арт Галерей”-н бүх танхимд 200-аад бүтээлийг дэлгэх юм байна.

“Урлагийн амьдрал” үзэсгэлэнд Монгол, Франц улсын ардын зураач, МУЭ-ийн шагналт Б.Чогсомын дэлгэж буй 1958-1982 оны судалбарууд, “Монгол Арт” галерейн сан хөмрөг дэх уран бүтээлүүд нь тухайн цаг үед улс оронд өрнөж байсан бүтээн босголтын үйл явцаас баримтжуулснаараа өндөр ач холбогдолтой, үнэ цэнэтэй болж байна.

Б.Чогсом “Хавтан булш” 2019 он

Б.Чогсом “Хорго” 2017 он

Мөн үзэсгэлэнд Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт Д.Болд 2017-2018 онд бүтээсэн абстракт зургуудаа түлхүү дэлгэсэн нь сүүлийн үед түүний амьдралд гарсан өөрчлөлтүүдээс үүдсэн сэтгэл санааны байдлаа үзэгч түмэнтэйгээ хуваалцаж байгаа ажээ.

Д.Болд “Наран цэцэгсийн дунд” 2019 он

Д.Болд “Зохиомж-1” 2007 он

М.Саруулдөл

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн өөрчлөгдсөн чиглэлүүд

Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлыг гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчлэхээр төлөвлөөд байна. Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв”, Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж” чиглэлийн замналд тухайн хугацаанд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийх хугацаанд Цагдаагийн гудамжны хөдөлгөөнийг хэсэгчилж хязгаарлах тул нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Цагдаагийн гудамжны зогсоолуудаар үйлчлүүлдэг иргэд Ногоон нуурын гудамжны Ногоон нуур, Чингэлтэй өргөн чөлөөний 32-ын тойрог, Их тойруугийн гудамжны Үндэсний шуудан, 3-р сургууль, Хүүхдийн 2-р эмнэлэг зосгоолуудаар үйлчлүүлэх боломжтой юм. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.