Categories
мэдээ нийгэм

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдөр (2019.06.04) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн Хюго Уилсон, олон улсын хуулийн зөвлөх Раушан Зазюкбаява нарыг хүлээн авч уулзав.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах асуудлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын таримал ургамлын үрийн шинэ сортыг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд дээрх хуулийн төсөлд техникийн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм байна.

Таримал ургамлын үр, сорттой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх зорилгоор Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийг салбарын яамнаас боловсруулж, УИХ-ын хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг Байнгын хорооны дарга Х.Болорчулуун уулзалтын үеэр тэмдэглэсэн. Хуулийн төсөл нь үрийн салбарын хөгжил, ургамлын сорт хамгааллын оюуны өмчийн асуудлыг тусгасан үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа аж.

Ургамлын шинэ сорт бүтээх ажил хамгийн багадаа 15-20 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог бөгөөд цаг хугацаа, хүн хүч, мэдлэг, хөрөнгө шаарддаг. Тэр бүр амжилт олохгүй, олон удаагийн оролдлогын үр дүнгээр нэг сорт бүтдэг. Шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжих гол хэрэгсэл нь шинэ сортын зохиогчийн эрхийг хамгаалах нь чухал болохыг мэргэжилтнүүд онцолсон.

Таримал ургамлын үрийн чанар, хангамж, хүрэлцээ болон үрийн нөөц бүрдүүлэлт, таримал ургамлын шинэ сортын бүртгэл, баталгаажуулалт зэрэг асуудлыг зохицуулж, хэрэгжилтийг хангадаг бүтэц, тогтолцоо дутмаг.Үр, сортын бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагыг байгуулах, түүний чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгож хуульчлах зэрэг эрх зүйн зохицуулалт шаардлагатай асуудал тулгамдаж байгаа ч салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн Хюго Уилсон “Үр, сортын бодлогоо нэгтгэж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үр, сортын баталгаажуулалт, бүртгэлжүүлэлт, талбайн хянан баталгаа, үр үйлдвэрлэл, шинэ сортын хамгаалалт зэрэг асуудлыг эрх зүйн зохицуулалтад оруулж тодорхой болгох нь зүйтэй” гээд олон улсын туршлагаас хуваалцаж, өөрийн саналыг хэлсэн юм.

Байнгын хорооны дарга Х.Болорчулуун таримал ургамлын үр сортын чанарыг сайжруулах, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж буй мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд тэдний саналыг хуулийн төсөлд тусгаж ажиллана гэв.

Өөрийн орны онцлогт тохирсон, нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийснээр га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэж, эдийн засагт сайнаар нөлөөлнө. Таримал, ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний судалгаанд суурилсан бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэллээ.

Уулзалтад УИХ-ын БОХХААБХ-ны ажлын албаны зөвлөхүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Б.Уранчимэг, НҮБ-ын ХХААБ-ын төслийн менежер Б.Алтанцэцэг, төслийн ажилтан Х.Мөнх-Оргил нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч гадаадын томоохон сургуулиудын тэтгэлэгт хамрагдсан сурагчидтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэн суралцахаар болсон сурагч, хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзан баяр хүргэв.

Ерөнхийлөгчтэй уулзсан хүүхдүүд нь Харвардын их сургууль, Колумбын их сургууль, Станфордын их сургууль, Массачусеттын технологийн институт зэрэг дэлхийн шилдэг боловсрол олгодог сургуульд тэнцэн суралцах гэж байгаа юм.

Жишээ нь, дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг тэргүүлдэг Массачусеттын технологийн институтэд 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болсон Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч С.Сумьяажав комьпютерын шинжлэх ухааны чиглэлийг сонгон суралцахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдад амжилт хүсээд тэтгэлэг бол хариуцлага, зорилго гэдгийг тодотгоод, улсынхаа нэрийг өндөрт өргөх, эрдэм мэдлэгээрээ эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж, сурагчдад амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг болж байна

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын санаачилгаар “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.06.04/ зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын 152 хорооны 134 өрхийн эрүүл мэндийн төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар оролцож байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхзүйн орчныг сайжруулж, хууль, журмын хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог нэмэгдүүлж, игэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж буй хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, “Хүн амд төрөөс үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй хувийн хэвшлийн өрхийн эрүүл мэндийн төвийн өнгөрсөн 20 жилийн хугацаанд олсон ололт амжилт, хийж гүйцэтгэсэн ажлын талаар харилцан ярилцаж, алдаа оноогоо дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцсоноор тодорхой шийдвэрийг гаргахад энэхүү хэлэлцүүлэг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд зарим мэдээллийг дурьдлаа. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн улсын зардлын эзлэх хувь хангалттай хэмжээнд биш байгаа ч жил ирэх бүр нэмэгдэж буйг тэмдэглэв. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн улсын зардлын эзлэх хувь 2017 онд 2.5, 2018 онд 3.44, 2019 онд 3.59 хувь болон нэмэгдсэн байна. Тэрбээр мөн хэлсэн үгэндээ, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон зардлын тарифаар санхүүжиж ирсэн бөгөөд нэг иргэнээр тооцсон зардал 15650 төгрөг байгааг цаашид нэмэгдүүлж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жишиг үнэ болох 12 америк доллар хүртэл нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглээд өрхийн эрүүл мэндийн төвийг иргэд хувийн хэвшлийн байгууллага гэдэг талаас бус төрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж гэж хардаг учир харилцаа, хандлагаараа эрүүл мэндийн салбарын эерэг нүүр царай болж явах учиртайг захив.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавилаа. Үргэлжлүүлэн салбарын төлөөлөгчид, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газар болон өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, сайн туршлага, өрхийн эмч бэлтгэх тогтолцоо, ажлын онцлог, эмч, мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлагын талаар илтгэл тависан. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгийн холбоо, салбарын төрийн бус байгууллага, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид оролцсон нэг өдрийн хэлэлцүүлэг амжилттай үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн эмч нарын төлөөлөл, өрхийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч, ажилтнуудын нийгмийн асуудал дандаа орхигдож байдгийг засаж залруулж, нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд анхаарах, эмнэлгийн байр сууцыг томсгох зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар саналаа хэлж байлаа.

Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргах бөгөөд зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлж ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

​УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгсчээ

Image result for Д.Арвин

УИХ-ын гишүүн асан Д.Арвин хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрбээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгсчээ. Д.Арвин түүхийн ухааны доктор /Ph.D/ цолтой. Тэрбээр 2012 онд УИХ-ын сонгуулиар 22 дугаар тойргоос нэр дэвшин УИХ-д сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“Транзит Монгол-2019” форум болно

“Транзит Монгол-2019” олон улсын форум болно

Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар “Транзит Монгол-2019” форум зохион байгуулагдана. Уг арга хэмжээ энэ сарын 5-нд “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д болно. “Транзит Монгол-2017” анхдугаар форум Бээжин хотод, “Транзит Монгол-2018” форум Москвад тус тус зохион байгуулагдаж байжээ. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгдсэн бол 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг, харин Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг аялаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” арга хэмжээг явагдаж байна

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

“Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана.

Өнгөрсөн 2018 онд арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил 34,4 хувиар буурсан үзүүлэлт гарсан ба оюутан цагдаа нар дотоодын 6424, гадаадын 7881 иргэнд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлж, төөрсөн 7 хүүхдийг Цагдаагийн байгууллагад мэдээллэн эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, хулгайн 2 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн ажиллажээ.

Тус арга хэмжээний үеэр ажиллахаар 60 оюутан бүртгүүлснээс 40 оюутанг шалгаруулж гадаадын иргэд, жуулчдын дамжин өнгөрөх гудамж, талбай, олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, жуулчны аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг эерэгээр зөв тайлбарлах мэдлэг, чадварыг олгох сургалтыг Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо, Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран 2 өдрийн турш зохион байгуулсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Реппер “GEE” гурав дахь бие даасан тоглолтоо хийнэ

Rapper Big Gee энэ сарын 07-ны өдөр Төв Цэнгэлдэх Хүрээлэнд “Зогсохгүй” тоглолтоо хийх гэж байна.

Энэхүү тоглолт нь түүний гурав дахь бие даасан тоглолт бөгөөд таван жилийн дараа тоглолтоо хийх гэж байгаа аж. Тасалбарын үнэ 20.000 төгрөг. Тоглолтонд Lumino, Ice Top, Digital, MonTaRap, Click Click Boom зэрэг хит хамтлагуудаас гадна бие даан уран бүтээл туурвидаг репперүүд оролцох юм байна.

Б.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

“Токио 2020 олимп”-д оролцох баг, тамирчдыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ивээн тэтгэнэ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар “Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Ингэснээр баг, тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах, олимпын эрх олгох, оноо цуглуулах тэмцээнүүдэд өргөн хүрээнд оролцох, гадны улсад хамтарсан бэлтгэл хийх зэрэг олон боломж бүрдэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид их спортыг ямагт дэмжсээр ирсэн. Токиогийн зуны олимпын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах болсонд, баг тамирчид, тэдэндээ итгэл хүлээлгэж буй ард түмнийхээ өмнөөс уурхайчид, удирдлагуудад талархаж буйгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ үеэр онцоллоо.

Монгол Улсын баг, тамирчид “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд “Бээжин-2008” олимпын наадмын амжилтаа бататгах болон ахиулах зорилго тавьсан. Өнөөдрийн байдлаар буудлагын хоёр тамирчин, паратаеквондогийн мөн хоёр тамирчин олимпын эрх аваад байна. “Рио-2016” олимпод Монгол Улс 37 эрхийг авч, баг тамирчдаа илгээсэн бол энэ удаа 40 эрх авахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн хатуу хучилттай замын ажил эхэлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Завхан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт тавьсан байдаг.

Энэ дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын барилгын ажлыг энэ сарын 24-ний өдөр эхлүүлжээ. Авто зам нь Тарвагатайн нурууны хүндрэлтэй хэсэг болох Загастайн давааг дайран өнгөрдгөөрөө онцлог юм.

Барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Арж рөүд” ХХК, “Түм арвижих” ХХК, “Тэмүүн холдинг” ХХК-иуд ажиллаж байна.

Ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, улаан шугамыг хүлээлгэн өгч, барилга угсралтын ажлыг ийнхүү эхлүүллээ.

Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Эксим банкны хооронд 2011 оны 6 дугаар сард байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дээрх авто замын барилгын ажлыг санхүүжүүлэхээр болсон билээ гэж Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр эдийн-засаг

Э.Бат-Үүлийн нийтлэл цувралаар гарч эхэллээ

Image result for э.бат-үүл

“Өдрийн сонин”-д “Бат-Үүл бичиж байна” хэмээх булан гарч эхэллээ. Э.Бат-Үүлийн нийтлэлүүд нийгэмд ихээхэн сонирхол татдаг. Уншигч та бүхэн Э.Бат-Үүлийн нийтлэлүүдийг “Өдрийн сонин”-ы даваа гариг бүрийн дугаараас хүлээн авч унших боломжтой юм. Энэ удаад түүний “Бүслэгдэж буй ардчилсан Монгол” нийтлэлийг хүргэж байна.

Бүслэгдэж буй ардчилсан Монгол

Тэр жил Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг сонирхож байгаа тухайгаа манай нэгэн өвгөн телевизээр ярьсан нь олон залуучуудын дүргүй хүргэсэн бололтой,мөнөөх хөгшнийг “жалгынхаа асуудлыг харахгүй байж дэлхийн тухай дэмийрч байна”гэх зэргээр буруушаасан коммент харамгүй урссан юм.

Үнэндээ өвгөний зөв байсан. Юу гэвэл Монгол Улсын дотоод байдал нь хоёр хөршийн байдлаас бараг л зуун хувь хамаардаг гэхэд болно. Харин хоёр хөршийн байдал Америкийн ааш аягаас багагүй шалтгаалах аж. Баабарын “XX зууны монголчууд” ном нь Монголын түүхийг “дэлхийн байдал” хэмээх хөрсөн дээр буулгаж бичсэнээрээ гайхамшигтай бүтээл. Түүнээс өмнөх түүх бичлэг “ангийн тэмцэл” гээчид суурилсан Зөвлөлтийн түүхчлэхүйн школоор бичигддэг байлаа.

Хоёр хөрш маань энэ дэлхий дээрх их гүрнүүд болохын хувьд гүрнүүдийн “зодоонд” гол оролцогчид, харин тэр хоёр маань яаж оролцож байгаагаас манай дотоод байдал бүрэн хамаарч байсныг ХХ зууны түүхээр дамжуулан Баабар бидэнд харуулсан.

Хоёр хөршид хувьсгал болбол манайд хувьсгал болно,хоёр хөршид иргэний дайн болбол тэр нь манай нутаг дээр үргэлжилнэ, хоёр хөршид ангийн тэмцэл болбол манайд мөн ангийн тэмцэл болно, хоёр хөршид хүн ардаа хэлмэгдүүлбэл манайд бас л тийм юм болно. Баабарын энэ түүхчлэхүйн шинэ хандлага монголчуудад нөлөөлсөн нь мөнөөх өвгөний байдлаас харагдаад байгаа хэрэг. Ганц тэр өвгөнд гэлтгүй л дээ.

Чухамдаа “XX зууны монголчууд” номын түүхчлэхүй нь Монголын өргөн олон уншигчдын бодол сэдэлд их нөлөөлсөн. Үүнийг манай телевизүүдийн хамгийн их үзэгчидтэй мэдээний нэвтрүүлгүүд нь олон улсын тойм, од хөтлөгчид нь олон улсын тоймчид байдгаас мөн харж болно.

Залуу тоймчдынхоо олон улсын мэдээний тайлбарыг үзээд байхад хоёр хөрш маань өдгөө “нуман тулгуурт орсон” байдалтай байна. Орос, АНУ тэргүүтэй өрнөдийнхний эдийн засгийн хоригт орж хүндэрлээ.

Хятад, АНУ-тай ид худалдааны дайн хийж байна.

Угаасаа өрсөлдөгчийнхөө эдийн засгийг сулруулах зорилготой хориг болоод худалдааны дайны аль аль нь хоёр хөршийн эдийн засгийг доройтуулах өндөр эрсдэл дагуулж буй нь тодорхой.Энэ эрсдэлээс эмээсэн хоёр хөршийн удирдагчид нь эрх мэдлээ нэмэгдүүлэн нийгмээ улам бүр дарангуйлах боллоо.

Хятад нэг хүний дарангуйллаас нэг намын дарангуйлалд шилжэн “либералчлагдаж” байтлаа эргээд нэг хүний дарангуйлал руу шилжлээ. Нэг хүний дарангуйлалд шилжээд зогсохгүй, технологийн дэвшлийг ашиглан хүмүүний түүхэнд урьд хожид байгаагүй төрөөс иргэнээ цагдан хянах хяналтын тогтолцоог бий болгочихлоо. Хятадын төр одоо тэрбум гурван зуун сая хүнийг нэг бүрчлэн,бүр аягүйдвэл “хүндэрч байхад” нь хүртэл хянах бололцоотой гэнэ! Ингэж чадсанаа саяхан, стадион дүүрэн үзэгч дундаас нэг гэмт хэрэгтнийг ухаалаг дурангаар танин илрүүлсэн явдлаар далимдуулан ард түмэндээ зориуд харууллаа!

Орост “Путин-сказочный” гэж твиттердсэнийхээ төлөө сөрөг хүчний зүтгэлтэн шүүхэд дуудагдаж байна. Путиныг егөөдөж хошигнох (муулах ч биш шүү!) нь хүртэл гэмт хэрэгт тооцогддог болсон. Ийм хэргийг үйлдвэл 1,2 саяаас 12 сая хүртэл төгрөгтэй тэнцэх торгуультай, бас 15 хоногоор баривчлан саатуулах ялтай аж!

Манай хоёр хөрш; эдийн засгийн доройтол, ардчилал хоёр “хөтөлцвөл” нийгмийн гамшиг болно хэмээн маш их болгоомжилдог. Энэ болгоомжлол бас чиг үндэсгүй юм биш.

ХХ зууны хоёр дахь аравдаар Орос, Хятад хоёр эдийн засаг нь сул дорой үед ардчилсан улс болох гэсэн оролдлого хийгээд бүтэлгүйтсэн. Тэгээд аль аль нь иргэний дайнд хүрсэн нийгмийн аймшигт гамшиг руу халтиран унасан билээ.

Түүхийнхээ энэ үеийг жишээ нь, Оросын түүхчид “цусаар угаагдсан Орос” хэмээн нэрлэсэн байдаг юм. Хятадын түүхчид, өөрийнхөө түүхийн мөн үеийг бас л ингэж халаглан үздэг. Самуун цагийн гамшгаас хоёр орон Сталин, Мао Цзэдун гэх мэтийн “мангас” мэт дарангуйлагч нарын хүчээр, асар их үнэ төлөн байж гарчээ.

Түүхийн эл сургамж одоо хэр нь тэдний зүрхэнд шар ус хуруулсаар байдаг бололтой. Ийм гэдэг нь; Хятадын удирдагчид тэвдэхдээ, Тянь ань мэний талбайд оюутнуудын тайван жагсаалыг цус урсган дарсан хэрэг; Оросын удирдагчид мэгдэхдээ, Майданы бослогын дараахан, Сочийн өвлийн олимп өнгөрмөгц Крымийг булаан эзэлсэн явдал зэргээс харагдана билээ.

Хэрсүү монголчууд хоёр хөршөө амар амгалан, хөгжин цэцэглэсэн гүрэн болоосой хэмээн чин сэтгэлээсээ сүслэн залбирч “сүүгээ өргөдөг”.Тэгэх нь ч аргагүй. ХХ зуунд тохиосон хоёр хөршийнхөө дотоодын самуурал, доройтол, хүчирхийлэл зэрэгт Монгол маш ихээр чирэгдэж зүдэрч байсан. Бас хоёр хөршийнхөө эдийн засгийн өсөлтийг даган манай орон дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө магнайлсан тохиолдол ч гарсан. Ийнхүү хоёр хөршийнхөө унахад нь унаж, босоход нь босдогоо монголчууд маш сайн мэддэг болсон юм.

Тэгээд ардчиллын үед гадаад бодлогынхоо үзэл баримтлалд хоёр хөрштэй харилцах харьцаагаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсон билээ. Гадаад бодлогын үзэл баримтлалдаа “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ.

Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах” чиглэлийг баримтлахаа нотолжээ.

90 оны ардчилсан хувьсгалаас өмнө, Монгол Улс Зөвлөл Холбоот Улсаас Хятадын эсрэг “довтлох гол түшиц газар” байсан гэдгийг бодолцож үзэхүл,хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах шинэ чиглэл бол тусгаар тогтносон Монгол Улсын гадаад бодлогод гарсан “хувьсгалт эргэлт” мөн юм.

90 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улс энэ чиглэлийг тууштай баримтлан хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаж,сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлж чадсан байна.

Ардчиллын үе бол манай гадаад бодлогын хамгийн гайхалтай үе байсан. Чухам энэ үед л ардчилсан Монгол нь хоёр хөршдөө хичнээн хэрэгтэй, тустай болохоо бүрэн дүүрэн нотолж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз!

Гэтэл сүүлийн үед Монголын ардчилалд дайсагнах дотоодын хүчийг гаднаас өөгшүүлэн далдуур дэмжсэн байдал харагдаад байна гэх боллоо. Энэ тухай бичсэн Баабарын “Хагаралдуулаад захир!” хэмээх нэртэй нийтлэлээр цуурайтаж буй “түгшүүрийн дохио”-г анхаарахгүй байхын аргагүй. Баабар, 1930-аад оны “гаслант” түүх давтагдах гэж буйг монголчууддаа анхааруулж байна!

Монголд дарангуйлал тогтох юм бол манай хоёр хөршид тун муу гэдэг нь хоёр хөршийн ямар ч боловсролтой улстөрчид, төрийн зүтгэлтэнд ойлгомжтой баймаар. Учир нь дарангуйлал тогтсоны дараа “…дарангуйлагчийн шалиг занг маллах нь…” амаргүй бөгөөд өндөр үнэ өртөгтэй ажил. Санаанд оромгүй эрсдэл дагуулна. Өөрт нь ашигтай байвал ямар ч хор найраанд орж мэдэх дарангуйлагчаас болоод хоёр хөрш маань бие биенээ сэрдэж суувал юу нь сайхан байх билээ!

Хэзээд, шалиг болоод найдваргүй улстөрчид бол дарангуйлагчид л байсан юм шүү дээ. Нэн ялангуяа жижиг орны том амбицтай дарангуйлагч бол шалиг болоод зальхай байдаг нь замгүй билээ!

Тэгэхээр,түүх давтагдах гэж байгаа бол Марксын хэлсэнчлэн “…хоёр дахь удаадаа шог жүжгийн байдлаар гарч ирдэг…”. Хэрэглэгээний соёл иргэншилд шилжсэн ХХI зууны “Чойбалсан”-ийн хойд дүрээр, Ардын намын генсек лугаа адил сэжгийн “жижиг жулик” тодорч хоёр хөршийн хооронд тоглоно доо!