Categories
мэдээ цаг-үе

Лодонгийн Дандарын Ганбаатар: Аав маань Чингис хааны сүүлчийн морин цэргийн дарга

1939 оны Халхын голын дайнд түүхэн ялалт байгуулсан БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандарын хүү, шатрын спортын мастер Ганбаатартай ярилцлаа.


Д.Ганбаатар

-Монгол Улсын отгон баатар Шагдарсүрэн гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “Дандар бол сэлэм барих нь барьсан, харин хуйнаас нь сугалаагүй” гэх маягийн юм ярьж байсан даа?

-Шагдарсүрэн гуай маршал Х.Чойбалсангийн туслахаар очсон гэж ярилаа шүү дээ. Тэр ажлыг хийхдээ ширээний ард байна. Тэр гарч явахгүй. Тулааны талбараас бичиг цаас ирнэ, өргөдөл ирнэ. Тэр дотор “Шагдарсүрэнгийн нэр байна уу” гэхээс яс нь хавталзах нь тодорхой шүү дээ. Чойбалсангийн туслах хийх, цэргүүдээ аваад байлдааны офицер хийх энэ хоёр өөр байгаа биз. Аан?

-Өөр өөр, газар тэнгэр шиг л ялгаатай байж таараа?

-Морин цэргийн байлдаан гэдэг чинь байна аа, энэ нэг гүвээ байна, дарга хүн гүвээний дээр нь гарч цаашаа хараагүй бол цаашаагаа яаж цэргээ авч хаагуур нь явах юм бэ? Хаана нь жалга байна, хаана нь далдлах юм байна тэр бүгдийг харж таарна аа даа. Тийм ч учраас аав маань тэр байлдаануудынхаа тухай дандаа дурсдаг байсан. “Та яагаад цэргүүдээ явуулдаггүй байсан юм бэ” гэхэд “Өөрөө харсан нь баттай байхгүй юу. Ямарваа нэг ажлыг хийе гэвэл өөрөө хийсэн нь дээр” гэсэн захиасыг аав маань хэлдэг байлаа.

-Оросын цэргийн даргатай цэргийн хүнсний үхрээс болж муудалцаад буудчихсан. Тэгээд улсын баатар цолоо хураалгасан гэсэн яриа хэр үнэний ортой бол?

-Яахав, тэр талаар ном зохиол, архивын материал дотор тодорхой юм алга. Энэ Дашдэндэв миний дүү учраас Шагдарсүрэн гуайн үг энэ тэрд эмзэглэлгүй яахав. Эд тийм үг хэлэхээр байгаа. Дайны үеийн тэр хүнд үеийн байдлыг хэн ч одоо батлахгүй. Тэрнээс хүнд үеийг баталж амждаггүй гэж байгаа. Монгол цэргүүдийг орос нисгэгч бөмбөгдсөн үү, үгүй юу гэдгийг баталж чадахгүй шүү дээ. Тэр их хэцүү. Ингэхээр Орос, манай хоёрын аль нь ч батлаагүй, хэн нэгэн тэгсэн гээгүй, ял тулгаагүй. Бусад ялуудыг нэмж байгаад ялласан байдаг юм. Аавын минь гарамгай баатар гэсэн үгийн ард домогт баатар гэдэг үг нэмэгдсэн. Бүр амьд байхад нь шүү.

-Ёстой л амьд домог болсон баатар шүү?

-Нөгөө Хатанбаатар Магсаржавыг бүсээ тайлахад сум унаж байлаа гэдэг шиг домогшсон. Нөгөө Сүхбаатар жанжин буцааж болдоггүй бууны сумыг хаагаад байсан гэдэг шиг домогортлоо баатар болсон хүн шүү дээ. Ард түмэн л энэ домогт баатрыг бий болгож байгаа хэрэг шүү дээ. Монгол Улсын баатар цол олго гэсэн тогтоол гарахад маршал Чойбалсан “Үгүй ээ, зүгээр баатар өгөхгүй. Дээр нь чимэг нэм” гэж Богд хаант Монгол Улсын үеийн баатруудад олгож байсан уламжлалыг залгамжилж олгосон байдаг. Богдын үеийн баатрууд чинь дандаа чимэгтэй шүү дээ. Ялгуун баатар, Хатанбаатар гэх мэтээр олгосон байдаг даа.

-Дамдинсүрэнд гэхэд Манлайбаатар зэрэг цол 105 чимэгтэй баатар төрсөн гэдэг байх шүү?

-Тэрэн шиг Халхын голын баатрууд дунд чимэгтэй баатар хоёрхон хүн байдаг юм. Хоёулаа Булганаас төрсөн. Зоригт нисгэгч Дэмбэрэл, гарамгай баатар Лодонгийн Дандар гэсэн хоёр хүн.

-Гарамгай баатрын маань гэр бүлийн байдал ямаршуухан байв?

-Манай аав чинь ЗХУ-д 1934 онд сурч байхдаа орос эмэгтэйтэй танилцаад нэг охинтой болсон. Тэр аавын ууган охин.

-Хэн гэж охин байна?

-П.Д.Марина гэж хүн бий. Эх нь ОХУ-ын иргэн Д.Печникова. Марина эгч хоёр хүүтэй. Д.М.Александр, Д.М.Николай хоёр манайд жаран хэдэн онд ирэхэд аав өөрийн хэмжээнд монгол орноо танилцуулсан. Энэ бүхэн миний охин Г.Гангамөрөний бичсэн “Домогт баатар Дандар” номонд их тодорхой орж байгаа. Дараа нь би байгаа юм. Намид гэж эмэгтэйтэй 1944, 1945 оны үед юм уу даа, дайнд явж ирээд танилцсан байгаа юм. Дорноговь аймгийн хүн. Тэр хүнтэй гэр бүл болж би 1946 онд төрсөн. Дайн дуусгаад иртэл нөгөө “Оросыг буудсан уу, буудаагүй юу” гээд хэргүүд хөвөрнө шүү дээ.

-Япончуудаас Өмнөд Монголыг чөлөөлөхдөө язгууртан угсааны нэг бүсгүйтэй учир ургуулсан гэх зэм ч сонсогддог байх шүү?

-“Оросыг буудсан” энэ тэр гээд хүний санаанд багтахгүй зөндөө л яриа бий. Энэ болгон гүтгэлгийн матаасанд нь байгаа болохоос ялын тогтоол дээр тэдгээр яриа орсон байдаггүй юм.

-Та дүүтэй биз?

-Дандарын Цэдэвсүрэн гэж миний дүү охин байлаа.

-Намид ээжээс тань төрсөн үү?

-Үгүй ээ. Энэ маань манай аавын хоёр дахь дүү Ёндон гээчийн охин. Ёндон ахын маань эхнэр Лхамсүрэн дүүг төрүүлээд нас барчихгүй юу. Сайхан хоолтой ундтай эгч байсан юм. Ёндон ах их ажилч, цахилгаан станцад слесарь хүн байлаа. Ёстой хайр гэдэг л тэр байсан байх, ханиа алдаад авга ах маань дотуураа бэтгэрээд хачин болчихсон юм. Өвчин гүдэг тусаагүй л дээ. Тэгээд аав ээж хоёр маань яриад охиныг нь өргөж авсан. Цэдэвсүрэн дүү маань гучин долооны жил дээрээ бурхан болсон. Ингэж аавын албан ёсны гурван хүүхдийн бүртгэл гарч ирдэг юм. Замын-Үүдэд байдаг аймгийн арслан Дашдэндэв гэж хүү байна. Энэ хүнд аав өөрөө юу ярьсан байдаг юм, мэдэхгүй. Аавын бие тааруу байхад гурван сар гаруй хамт өргөлцөж л байсан даа.

-Та ямар ажил төрөл эрхэлж байв?

-Би армид ажиллаж байсан. Эдийн засгийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй хүн. Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байгаад ээжийг 1976 онд бурхан болоход аавдаа санал тавиад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Алтанбулагийн сангийн аж ахуйд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан даа.

-Та хэдэн хүүхэдтэй болов?

-Би Чүлтэмийн Цэрэндэжидтэй хань бүл болж Гантөмөр, Ганчимэг, Гантулга, Гангантөгс, Гангантогос, Ганхуяг, Ганхуяг (Миша), Гангамөрөн гэж найман сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн дөө.

-Одоо та хаана аж төрж байна?

-Хотод, Төв цэнгэлдэхийн хажуу дахь “Хурд” хороололд аж төрж байна. 2004 оноос хүүхдүүдэд шатар заалаа. Намайг наймтай байхад аав минь шатар зааж өгч байлаа. Сэлэнгийн Алтанбулагт байхдаа “Алаг морьт” гэж шатрын клуб байгуулж хүүхдүүд маань гайгүй амжилт гаргаж байсан. Сүүлийн гурван жилд бие өвдөөд саянаас нэг юм босож ирлээ. Зүрх гэдэг ч бас л сүрхий өвддөг эрхтэн юм.


“ДОМОГТ БААТАР ДАНДАР” НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

Дандар баатрын хүү Ганбаатарын отгон охин Г.Гангамөрөн өвөөгийнхөө 105 жилийн ой, Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулж “Домогт баатар Дандар” намтар ном бичсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаа “Shangri-La centre”-ийн нэгдүгээр давхарт өчигдөр боллоо. Тавдугаар сарын 28 буюу Халхын голын зарлаагүй дайны анхны ялалтын өдрийг гарамгай баатар маань өөрөө сонгон төрсөн өдрөө болгон албан ёсны бичиг баримтандаа бүртгүүлсэн түүхтэй аж. Номын баярт домогт баатрын хүү Ганбаатар үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, ах дүүсийн хамт оролцсоноос гадна залуу жанжин Лхагвасүрэнгийн охин Л.Лхагвадулам, Дандартай үе тэнгийн мэт үерхэж нөхөрлөж, арми сурталчлах ажлаар хөдөө аймгуудаар явахад нь богцыг нь зөөж “морин жолооч” хийж явсан төрийн шагналт, ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, Ай.Төмөр-Очир, “Алаг морьт Дандар баатар” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цэнгэл нар үг хэлж, дэлхийд алдраа дуурсгасан их дуучин Ариунбаатар гавьяат ая дуугаа өргөн, хүндэтгэл үзүүллээ. Номын баярын үеэр домогт гарамгай баатар Л.Дандарын хувцас хэрэглэл болон Халхын голын дайны үед хэрэглэж байсан байлдааны сэлэм, цэргийн хэрэгслүүдээр үзэсгэлэн гаргасан байлаа. Зохиогч номын дээжээсээ УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат, хошууч генерал Ж.Болдбаатар, Сосорбарам нарт гардуулсан юм. Ач охиноос нь баатар өвөөдөө зориулан туурвисан эл ном 21 бүлэгтэй агаад МЗЭ-ийн шагналт зохиолч Бямбаагийн Сарантуяа шүүдэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногооны тариалалт 47.2 хувьтай байна

Улсын хэмжээнд 322.6 мянган га-д үр тариа, үүнээс 303.4 мянган га-д улаанбуудай, 11.6 мянган га-д төмс, 4.3 мянган га-д хүнсний ногоо, 15.7 мянган га-д малын тэжээлийн, 36.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 390.6 мянган га-д тариалалт хийж үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай, төмс 84.1 хувь, хүнсний ногоо 47.2 хувьтай байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ.

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.

Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 383 аж ахуйн нэгж, иргэнд 1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкууд хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ нотлох шаардлагатай

Related image

Монгол Улсад хэрэгжүүлж буй ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад өнгөрсөн онуудад активын чанарын үнэлгээ хийж, зарим банканд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан бөгөөд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудын хөрөнгийн эх үүсвэрийг ОУВС болон Монголбанкнаас шалгах ажлыг зохион байгуулах гэж байна. Шалгаж, тогтоох байгууллагыг Монголбанк Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа аж. Тиймээс банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ нотлох шаардлагатай болох юм байна. Хэрэв эх үүсвэрээ нотолж чадахгүй бол ОУВС-аас олгох зургаа дахь шатны санхүүжилт саатах нөхцөл байдал үүсч магадгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

НББСШУБХ: Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.06.04) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироос 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт томилсон боловч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул дээрх тогтоолын төсөлд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг ахлагчаар томилсныг дурдав.

Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг болон Дэд ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 7, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал нэгийг тус тус бэлтгэсэн. Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэхдээ төслийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс гаргасан болонхолбогдох байгууллагын саналыг авч үзсэн гэдгийг онцоллоо.

Хуралдаанд Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдасуулт асууж, санал хэлэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололд “Монгол Улсын иргэнийг хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношлогоонд заавал хамруулна” гэж өөрчлөн найруулах болсонд Эрүүл мэндийн сайдын бодлого, байр суурийг сонсох зайлшгүй шаардлагатай гэж байлаа. Иймд Ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Я.Санжмятав, Б.Ундармаа нар ажиллахаар болсон бөгөөд энэ талаарх Байнгын хорооны тогтоолын төслийг батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“УЛААНБААТАР ХОТЫН БҮЖГИЙН СПОРТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн болно

Энэ сарын 8-нд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг 2002 оноос эхлэн нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос эхлэн хосын төрлөөс гадна формейшн буюу хамтлагийн төрлөөр зохион байгуулагдаж эхэлснээс хойш тэмцээний нийт оролцогчдын тоо өссөөр байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн шилдэг бүжигчид, нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн клубуудын бүжигчид оролцож хотын аваргын төлөө өрсөлдөх юм.

Энэ ташрамд дуулгахад, зургаадугаар сарын 8-ны өдөр болох тус тэмцээнд ОХУ-ын спортын бүжгийн Дэд аварга “Илья Белобородов”, “Виктория Кочкина” нар урилгаар оролцож өөрсдийн гайхалтай үзүүлбэрээ толилуулна гэж Нийслэлийн соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/88 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын байгууллагын 2019 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Хойд бүсийн тэмцээн Булган аймагт зохион байгуулагдаж бөгөөд тэмцээнд Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, Өмнөд бүсийн тэмцээн Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнд Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид оролцож байна.

Харин зүүн бүсийн тэмцээн Дорнод аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, Баруун бүсийн тэмцээн Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн баг тамирчид оролцож байгаа юм.

Мөн Улаанбаатар бүсийн тэмцээн НОБГ-ын Баянхошууны сургалтын цогцолборт зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд нийт 64 багийн 500 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр хоёр өдөр үргэлжлэн явагдаж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Танилц, энэ бол iOS 13 систем

Apple компани iOS мобайл системийн бүрэн шинэчилсэн iOS 13 системийн загвараа танилцууллаа. Тус шинэчилсэн загвар нь iPhone болон iPod төхөөрөмжүүд дээр гарсан ба анх удаа албан ёсоор ‘Dark Mode’ нэмэгдсэн юм. iOS 13 систем нь боловсруулах хурд болон мэдээлэл дамжуулах чадамж сайжруулсан мөн дээрээс нь app төхөөрөмжийн багтаамж дээр эзлэх зайг илүү бага болгож өгснөөрөө онцлогтой болсон мөн Face ID өмнөхөөсөө илүү хурдан болсон гэнэ.

Ингээд iOS 13 систем дээр нэмэгдсэн онцлогуудтай танилцацгаая

iOS 13 систем нь зураг боловсруулалт болон газрын зураг ачаалах чадамж дээр илүү өргөн хүрээний шинэчлэлт хийсэн ба хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй байдлын шинэчлэлт дээр томоохон өөрчлөлтүүд оруулсан байна.

Dark Mode : Мэдээж энэ бол албан ёсны Dark Mode


Анх MacOS систем дээр туршиж байснаар Dark Mode шинэчлэлтээ Apple компани энэ удаа iOS мобайл систем дээрээ оруулж ирж байна. Системийн өнгө үзэмж загвар нь хэрэглэгч Dark Mode сонгосон үед бүгдээрээ хар бараан өнгөөр харагдах ба энэ нь энгийн гэрэлтэй загвараас илүү тасалгааны гэрэл багатай нөхцөлд нүдэнд амар харагдах гэнэ. Түүнчлэн iOS дээр байдаг өргөн хэрэглээний ихэнх аппууд Dark Mode нэвтрүүлээд байгаа.

Зураг засварлах нь илүү хялбар илүү хүчирхэг


Мэдээж хиймэл оюун ухаан ашиглаж зураг засварлах болон зураг боловсруулах хурд илүү хурдан болсон байгаа бөгөөд танд зориулсан зураг санал болгох болон зургуудыг өөр хооронд ангилах боловсруулах чадамж маш өндөр болсон ба таны зургуудыг цомог болгож бичлэг болгож өөрөө засаж чадах ба энэ нь таны дурсамжийг сэргээх болон таны амьдралд илүү өнгө нэмэх нь дамжиггүй юмаа.

Түүнчлэн зураг засварлах багажууд сайжруулалт хийгдсэн ба зургийн хэмжээ болон эвлүүлэх гэх мэт бүх үйлдлүүд илүү амар болсон ба Photos app өөрөө маш өргөн хүрээнд ажиллаж чадах гэнэ.

Аюулгүй байдлын сайжруулалт


Apple компанийн хэрэглэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадгийг бид мэднэ. Тэгвэл iOS 13 стистем нь ямар нэг Apple ID-гаар нэвтрэх боломжтой апп дээр нэвтрэх үйлдлийн нууцлалын илүү сайжруулсан ба хэрэглэгчийн мэдээллийг тухайн аппийн хөгжүүлэгч нарт өгөхгүй ба автоматаар санамсаргүй байдлаар хиймэл email хаяг зэргийг гаргаж өгөх гэнэ. Мөн Face ID – гаар ямар нэг апп дээр нэвтрэх үйлдэл илүү хурдан болсон ба аюулгүй байдлын шатлал нь нэмэгдсэн юм.

Бүрэн шинэчилсэн Map


Энэ бол маш том шинэчлэлтүүдийн нэг нь байж чадаж байгаа юм. Apple Map энэ удаагийн шинэчлэлтээр зөвхөн газрын зураг байлгахгүйгээр таны төсөөлж байгаагүй өөрчлөлт оруулсан байна. Газрын зураг дээр таних тэмдгүүдийг нэмсэн ба дэлгүүр, хоолны газар, болон аялах боломжтой газар гэх мэтээр бүгд нэмэгдсэн ба зөвхөн утсаа хараад явах бус камерын тусламжтай газруудын мэдээллийг хараад явж болно. Тус технологи нь AR буюу augmented reality буюу хийсвэр орчинг бодит орчинд харах технологийг ашигласан аж.

Бусад онцлох шинэчлэлтүүд

• Reminders апп бүрэн шинэчлэгдсэн ба шинээр санамж үүсгэх тэмдэглэх болон ангилах гээд бүхий л боломжууд илүү хялбар болж эхэлсэн байна. Мөн зөвхөн тэмдэглээд зогсохгүй та ажил болон амьдралаа илүү цэгцтэй байлгах боломжийг reminders апп бүрэн хангах аж.


• Message апп танд харьцаж хэрэглэгчийн нэр зургийг автоматаар харуулж чадах ба зөвхөн зургаар зогсохгүй Memoji болон Animoji бүгдийг нь харуулах юм. Мөн түүнчлэн iOS гарны байрлал дээр шинэ төрлийн стикерүүд нэмэгдсэн ба шинэчилсэн Memoji тусламжтай үүсгэсэн дүрс дээрээ царайг нь засах, үсийг нь өөрчлөх гэх мэт нэмэлтүүд хийж болно.

• Siri таны үнэнч хамтарч болно өмнө бид Siri-г зөвхөн асуулт хариултаар ашигладаг байсан бол одоо Siri – г хэрэглэгч өөрөө тохируулах өөртөө хялбар болгож чадах ба Siri-гийн хоолойд шинэчлэлт хийсэн явдал илүү бодит мэд хоолойтой болсон юм.
• CarPlay апп шинэчилж дэлгэц дээр явж байгаа дуу болон газрын зураг харуулах мөн Siri апп бусад ижил төрлийн зам заагч апптай хоршиж ажиллана.
• HomePod төхөөрөмжийн хүлээн авах чадамж нэмэгдсэн бөгөөд Siri-гийн тусламжтай 100,000 радио суваг хүлээн авч болно.
• Airpods болон Siri хамтрах боломж илүү өргөн хүрээнд очсон ба танд ирсэн мессэжийг уншиж өгөх болон Message апптай хоршиж ажиллана.
• Notes апп дээр зургаар харах гэсэн хэсэг нэмэгдсэн ба мөн өөрийн үүсгэсэн хавцасаа бусадтай хуваалцах болон шинэ төрлийн хайлт болон ангилалтай болсон
• Files апп iCloud Drive – аас гадна бүх төрлийн нэмэлт SD карт болон USB төхөөрөмжтэй хоршиж ажиллана.
• Health апп нь эрүүл мэндийн хяналт нь илүү сайжруулсан ба эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг мөчлөгийг урьдчилан тооцоолдог болсон.
• Байршил тогтоогч нь хэрэглэгч өөрөө байршлаа хуваалцах болон одоо байгаа байршил өгөх эсэхээ шийддэг болсон.
• AppStore дээрх аппийн татагдах хэмжээг 50% хүртэл бууруулсан ба ажиллах чадамж бүрэн сайжруулалт хийгдсэн

Тус системийн шинэчлэлт өнөөдрөөс Apple-д бүртгэлтэй хөгжүүлэгч нарт тараагдсан бөгөөд developer.apple.com дээр гарсан ба ирэх сараас сайн дурын тестерүүдэд зориулсан хувилбар beta.apple.com дээр гарах ба ирэх намар бүх дэмжих төхөөрөмжүүд дээр тараагдах болно. iOS 13 суулгах боломжтой төхөөрөмжийн жагсаалт iPhone 6s болон түүнээс дээш бүх загварууд дээр ажиллах боломжтой.

Эх сурвалж: http://iphone.mn

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Ч.Очгэрэл СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгав

Жүжигчин, Ч.Очгэрэл тавдугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийсэн “Зуун жилийн эморол” УСК-ны нээлтийн үеэр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ.

Тэрээр “Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцож олны танил болж байв. Мөн “Мартагдашгүй намар”, “Содура”, “Говийн домог” УСК-д тоглосон гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг.

“Зуун жилийн эморол” УСК-ны гол дүрд тоглосон аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Зохиолч О.Цэнд агсны 90 насны ойг тэмдэглэнэ

Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой, XX зууны хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч зохиолч Ойдовын Цэндийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Үүний хүрээнд МЗЭ-ийн Архангай аймгийн зохиолчдын салбарын санаачилгаар зохиолч, уран бүтээлч, утга зохиол сонирхогчдын дунд О.Цэндийн нэрэмжит “Чулуутын цуурай” богино өгүүллэгийн наадмыг энэ сарын 14-16-ны өдөр Цэцэрлэг хотод зохион байгуулна. Энэ наадмыг хоёр үе шаттай явуулна. Эхний шатнаас шалгарсан 5 өгүүллэгийг Цэцэрлэг хотод уншигч, үзэгчдийн өмнө театрын уран бүтээлчид уншиж толилуулах бөгөөд байр эзлүүлэх юм.

Мөн зохиолчийн 90 насны ойг тэмдэглэх хүрээнд түүний “Тамирын бэр” жүжиг, “Уйлж дуулах хорвоо” киног Архангайчууддаа сонирхуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Татварын багц хуультай холбоотой УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Энэ тухайгаа “Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдэв.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы …хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзнэ…”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус заажээ.

Татварын багц хуульд тавьсан хоригийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудыг үл хайхарсан, хуулиар тогтоосон дэг ёс, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг зөрчсөн, төрийн эрх барих дээд байгууллагын болон ард түмний элч болох Улсын Их Хурлын гишүүдийн шийдвэрт хууль бусаар нөлөөлсөн, хууль ёсны шийдвэрийг нь хууль зөрчин өөрчилсөн зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй, парламентын засаглал, Улсын Их Хурлын нэр хүндэд нэн сэвтэй зохисгүй үйл ажиллагаа явагдсан тул хууль зөрчиж гаргасан шийдвэрээ нягтлан үзэж, залруулах боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох үүднээс хориг тавих нь зүйтэй гэж үзлээ.

  1. Улсын Их Хурлын …бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Тус хуулийн 31 дүгээр зүйлд “Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх” дэгийг тусгайлан тогтоож, нарийвчлан зохицуулсан. Тухайлбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно”, 31.6 дахь хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ”, 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заажээ.

Татварын багц хуульд тавьсан хоригийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалтыг байнгын хороодын “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн саналын томьёоллоор явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 25 нь буюу 64.1 хувь нь дэмжин, 14 нь буюу 35.9 хувь нь татгалзаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн “…нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ” гэсэн заалтуудын дагуу татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээн авах хууль ёсны шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан.

Гэтэл Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн гаргасан “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх хууль зүйн үндэслэлгүй “горимын санал”-аар санал хураалтын дүнг хүчингүй болгон, дахин санал хураалт явуулж, төрийн эрх барих дээд байгууллагын болон ард түмний элч болох Улсын Их Хурлын гишүүдийн хууль ёсны шийдвэрийг хууль бусаар өөрчилсөн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй, бүдүүлэг, эрх зүйт төрийн ёсонд огт нийцэхгүй үйлдэл гэж үзэж болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар гишүүнээс гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй” гэж заасан.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн санал нь “асуудлыг хэлэлцэх журам, дараалалтай огт холбогдолгүй” төдийгүй хэлэлцэж дууссан асуудлын үр дүнг өөрчлөх санаархалтай нь илэрхий тул “горимын санал”-д хамаарахгүй. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй гэдгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт маш тодорхой заажээ.

Тиймээс Улсын Их Хурлын хууль ёсны шийдвэрийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн гаргасан “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх хууль зүйн үндэслэлгүй “горимын санал”-аар хүчингүй болгож өөрчилсөн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж байгаагаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы …хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзнэ…” гэсэнд нийцэхгүй юм. Тодруулбал 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцэж, хүлээн авах шийдвэр гаргах үед нийт 39 гишүүний ирцтэй байсан нь Үндсэн хуулийн энэхүү шаардлага бүрэн хангагдсаныг нотлох бөгөөд “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх үндэслэлээр Улсын Их Хурлын шийдвэрийг хүчингүй болгох ямар ч боломжгүй гэдгийг харуулж байна.

  1. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг тогтоосон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно” гэж заасан бөгөөд татварын багц хуульд тавьсан хоригийг хэлэлцсэн байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр энэхүү заалт мөн зөрчигдсөн гэж үзэж болохоор байна.

Тухайлбал, Улсын Их Хурлын баталсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон түүнийг хэлэлцэж гаргасан байнгын хороодын санал, дүгнэлттэй холбоотой асуултад Улсын Их Хурлын бүтцэд хамаарахгүй, огт өөр чиг үүрэгтэй Сангийн яам, татварын байгууллагын албан тушаалтнууд хариулт өгч, тухайн хуулиудад байгаа зөрчил, дутагдлыг төөрөгдүүлэн хамгаалж, Улсын Их Хурлын гишүүдэд эндүү ташаа ойлголт өгч байсан нь нэн зохимжгүй алдаа гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар эдгээр байгууллага, албан тушаалтнууд Улсын Их Хурлын төдийгүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан байдлаар төрийн тэргүүн, төрийн эрх барих дээд байгууллагын хооронд явагдаж буй хууль ёсны үйл ажиллагаанд хутгалдан оролцох боломжгүй юм.

  1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно”, 31 дүгээр зүйлийн 31.9 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заасан.

Улсын Их Хурлын гишүүд энэхүү хоригийг хүлээн авснаар 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн саналын томьёоллоор явуулсан эхний санал хураалтын дүн буюу хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 64.1 хувь нь дэмжиж, 35.9 хувь нь татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр болж, татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээн авах Улсын Их Хурлын хууль ёсны шийдвэр журмынхаа дагуу гарч баталгаажих нөхцөл бүрдэнэ.

Ингэснээр татварын багц хуульд туссан үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсэгт заасны дагуу засаж, залруулах боломж мөн бүрдэх юм.

Нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зүй ёсоор хөндөж буй татварын багц хуульд залруулвал зохих алдаа, зөрчил олон байгааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, эрдэмтэн судлаачид зохих ёсоор мэдэгдэн эсэргүүцэж байгаа бол хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй татварын байгууллагын зарим шударга ажилтан, албан хаагчид мөн болохгүй зүйлүүдийг нь засаж залруулахын төлөө ажил, амьдралаа эрсдэлд оруулан зүтгэснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.