Categories
мэдээ нийгэм

Танилц: ЭЕШ авах байрууд

Их дээд сургуульд элсэн суралцагсдын элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-нд Монгол Улсын түүх, физикийн хичээлээр эхэлнэ. Зургаадугаар сарын 20 хүртэл үргэлжлэх элсэлтийн ерөнхий шалгалт авах байршлуудыг Боловсролын үнэлгээний төвөөс зарлалаа.


Categories
мэдээ нийгэм улс-төр

Г.Батхүү агсны амиа алдсан асуудалд ОУПХ-ны Хүний эрхийн хороо анхаарч ажиллана

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерковтой албан уулзалт хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат уулзалтын үеэр “С.Зориг болон Г.Батхүү агсан нь Ардчилсан намын үүсгэн байгуулагчид, намын лидерүүд, улс төр нийгмийн зүтгэлтнүүд байсан. Өнөөдрийг хүртэл манай намын зүгээс С.Зориг агсны хэргийн үнэн зөв илэрч шударга шийдвэрт хүрээсэй гэдэгт анхаарлаа байнга хандуулж байгаа. Тиймээс та бүхэнтэй уулзан эдгээр учир битүүлэг хэргүүдийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломж гарсанд таатай байна” гэв.

Мөн төр нийгмийн зүтгэлтэн Ардчилсан намын Дэд дарга Г.Батхүү агсаны гэр бүлийн төлөөлөл, түүний дүү П.Батсайхан уг уулзалтад оролцон, төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан ахынхаа хэрэгтэй холбогдуулан Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хороонд хүсэлт хүргүүллээ.

Уулзалтаар Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков Олон Улсын Парламентын холбооны тэргүүн хатагтай Габриела Күвас Баррон тус хороонд энэ хэргийг талаарх чиг үүрэг, мэдээллийг өгсөн талаар хэлээд, Парламентчдын хүний эрхийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд тус асуудлыг анхааралдаа авч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаа, хөгжлийн банк Хамгийн том хүүхдийн баярыг зохион байгууллаа

Жил ирэх тусам “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх цар хүрээ өргөжсөөр байгаа билээ. Энэ жилийн хувьд Худалдаа, хөгжлийн банкнаас 6-р сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд нийт хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэнд зориулан “Хадгаламжтай маамуу” хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулсан юм.

Хамгийн олон гэнэтийн бэлэгтэй, супер сугалаатай хүүхдийн баярт 30 мянга орчим хүүхэд, эцэг эхийн хамт хүрэлцэн ирж олон, олон бэлгийн эзэд болж, адал явдлаар дүүрэн Хүүхдийн баяр болж өндөрлөлөө.

Хадгаламжтай Маамуу хүүхдийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрд хөнгөн зууш, зайрмаг, ус ундаа, чихэр үнэгүй өгч байсан ба 11 төрлийн тоглоом, урлагийн тоглолтууд, үзвэр үйлчилгээ гээд Хүүхдэд зориулсан бүх зүйлс үнэ төлбөргүй байлаа.

Мөн хүүхдүүдийн нүд болон амны хөндий эрүүл ахуй, шүдний үзлэг оношилгоог төлбөргүй хийж өгч байв.

Арга хэмжээний хамгийн том гэнэтийн бэлэг нь хүрэлцэн ирсэн хүүхдүүд болон ХХБанкны нийт хүүхдийн хадгаламж эзэмшигч хүүхдүүд дундаас 3 хүүхэд гэр бүлийн хамтаар Макао – Хонгконг – Диснейланд аялах эрх, 9 хүүхэд 1 сая төгрөгийн Маамуу хүүхдийн хадгаламжийн эзэд болсон явдал байлаа.

Мөн аав, ээжүүд, хүүхдүүдийн дунд 4 удаагийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, нийт ирсэн хүүхдүүдийн алга ташилтаар тэмцээний шилдэг оролцогчдыг шалгаруулан 4 унадаг дугуй, 4 ховербоард буюу электрон явагч, 4 скүүтэр бэлэг болгон өглөө.

Тухайн өдөр Худалдаа, хөгжлийн банк нийт хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэндээ зориулсан бүтэн 6 цагийн урлагийн тоглолтыг үзүүллээ.

Тоглолтод:

  • Хүүхэлдэйн театр жүжигчилсэн тоглолт;
  • Үндэсний циркийн гайхалтай үзүүлбэрүүд;
  • Аамий Таамийгийн үзүүлбэр;
  • Хүүхэлдэйн баатруудын үзүүлбэр;
  • Дуучин Ука;
  • Дуучин Баярцэнгэл;
  • Дуучин Наки;
  • Реппер TseTse;
  • Дуучин Зоригт, Хишигдалай;
  • Wasabies хамтлаг;
  • Mayband хамтлаг;
  • Aim4r продакшн;
  • Saway хамтлаг.

Худалдаа, хөгжлийн банк Монгол хүүхэд бүрийн инээд хөөр, баяр баясал, боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Энэ удаагийн Хадгаламжтай Маамуу хүүхдийн баярын арга хэмжээ нь олон нийтийг хамарсан маш том арга хэмжээ байлаа. Илүү олон бяцхан үрс баярлаасай хэмээн хүсэж, зохион байгуулсан энэхүү баяр маань нийт хүүхэд багачуудыг баяр хөөр, аз жаргалаар дүүрэн дурсамжтай нэгэн өдөр байсан гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өсчээ

Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний тавдугаар сарын байдлаар 246,018 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49,203, хоногт 1,640, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм байна.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 15,800 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 10,740 буюу 68 хувь нь Улаанбаатар хотод, 5,015 буюу 31.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2,180 буюу 12.1 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 2,643 буюу 19.7 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, залилах, дээрэмдэх гэх мэт/9,595, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3,645 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17.9 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.4 хувиар тус тус буурчээ. Дээрх 2 бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 83.8 хувийг эзэлж байна.

Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 9.6 хувь нь согтуугаар, 3.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.0 хувь нь хүүхэд оролцож үйлдсэн бол 75.0 хувь нь ажлын өдрүүдэд, 28.5 хувь нь шөнийн цагаар, 31.5 хувь ньгэр орон сууцанд, 18.3 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 842 хүүхэд хохирсон бол 385 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 29.3 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн байна.

2019 оны эхний тавдугаар сарын байдлаар 15,298 хүн гэмт хэргийн улмаас хохирсон нь 1.9 хувиар, 3,705 хүн гэмтсэн нь 3.5 хувиар тус тус буурч иргэн, хуулийн этгээдэд учирсан 16.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.3 хувиар өсжээ.

Цагдаагийн байгууллага согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор захиргааны чиг үүрэг бүхий албан хаагчдын хүчийг татан оролцуулах,иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”, “Зөв тусгал” зэрэг томоохон арга хэмжээ явуулах зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон ажил,арга хэмжээ зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт, гудамж талбайд зонхилон үйлдэгддэг хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт хэргүүд буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Парламентчдын Хүний эрхийн хорооны төлөөлөгчид манай улсад ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарийн хамтаар өнөөдөр /2019.06.05/ Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков болон тус хорооны гишүүн Али Аларади нарыг хүлээн авч уулзлаа.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлттэй холбоотой асуудлаар манай улсад ажиллахаар ирээд байгаа юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан төлөөлөгчдийг Монголд тавтай морилохыг хүсээд, урьдчилж ирүүлсэн хүсэлтийнх нь дагуу ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн талаар танилцууллаа.

Үргэлжлүүлэн, өнгөрсөн тавдугаар сарын 27-28 ны өдрүүдэд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Улаанбаатарт амжилттай болж өнгөрсөн талаар болон уг чуулганыг зохион байгуулахад ОУПХ өндөр түвшиний дэмжлэг үзүүлж ажилласан талаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр мөн, Катар Улсын Доха хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ОУПХ-ны 140 дүгээр чуулганд УИХ-ын гишүүдийн хамтаар оролцоод ирснийх нь дараахан УИХ-д ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг судлах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулсан, уг Түр хороо нэлээд эрчимтэй ажиллаж байгаа талаар танилцуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь НҮБ-ын тусгай илтгэгч Монгол Улсад ажиллаж, хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар буюу хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хууль эрхзүйн орчны талаар дүгнэлт гаргаж ажилласан талаар мөн мэдээлэл өгөв.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков томилолтынхоо хугацаанд хэрхэн ажиллах талаараа танилцуулаад, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн холбогдолтой асуудлаар өмнө нь парламентад ажлын хэсэг ажиллаж байсан бол эдүгээ Түр хороо байгуулан идэвхтэй ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр мөн, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дарамталж, хэрэг хүлээлгэж буй бичлэгийг үзэх боломжоор хангаж өгөхийг хүсэхийн зэрэгцээ УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон гэр бүлийнхнээс нь тавьсан хүсэлтийн дагуу өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ардчилсан намын лидер хүн Төрийн ордонд амь насаа алдсан хэргийг анхааралдаа авч ажиллахаа тэмдэглэв.

Төгсгөлд нь, хатагтай Александра Жерков ирэх аравдугаар сард Бүгд найрамдах Серби улсад болох ОУПХ-ны 141 дүгээр чуулганыг Улаанбаатар хотноо болсон ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганаас дутахааргүй амжилттай зохион байгуулахаар ажиллаж байна хэмээсэн юм.

Хатагтай Александра Жерков Бүгд найрамдах Серби улсын Үндэсний Ассамблейн гишүүн бол ноён Али Аларади Бахрайн улсын парламентын гишүүн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Канадын “Дугуй ширээний уулзалт”-ын VIII хуралдаан боллоо

Монгол, Канадын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны “Дугуй ширээний уулзалт”-ын VIII хуралдаан 2019 оны зургаадугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтыг Монголын талаас УУХҮ-ийн сайд , тус уулзалтын Монголын хэсгийн дарга Д.Сумъяабазар, Канадын талаас Гадаад хэргийн Туслах дэд сайд Доналд Бобиаш нар даргалан явууллаа.

Хоёр тал улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх асуудлаар ярилцав.

Талууд уул уурхайн салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл хэвээр байхыг тэмдэглээд цаашид уул уурхайн салбараас төрөлжсөн эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэв.

Мөн Канадын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүд Монгол Улсад амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байгааг манай тал талархан тэмдэглэж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Монголд 1.5-7 жилийн хугацаатай 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий Олборлох салбарын менежментийг сайжруулах (SESMIM), Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн удирдлагыг сайжруулах (MERIT), төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж, Монголын нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж байна.

Хоёр тал “Дугуй ширээний уулзалт”-ыг 2003 оноос эхлэн 2 жил тутамд тус тусын нийслэлд ээлжлэн зохион байгуулж байна.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Г.Баясгаланг Цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоог хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд дуусгавар болсон юм. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгон УИХ-аар томилуулдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Ганзориг гишүүнийг УИХ-аас санал болгон томилуулсан юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилуулахаар нэр дэвшүүлсэн. Уг асуудлыг ТББХ хэлэлцээд Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал үргэлжилж байна

Стратеги судалгааны хүрээлэн, Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурал Улаанбаатарт хотод өнөөдөр эхэллээ.

Энэ удаагийн олон улсын хуралд ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон, Канад, Швед зэрэг 15 улсын Засгийн газрын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, мөн НҮБ, Европын холбоо, Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож, гадаадын 20 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллага хурлын үйл ажиллагааг сурвалжилж байна.

Хуралд оролцож буй 200 гаруй төлөөлөгч Зүүн хойд Азийн аюулгүй байдлын боломж, сорилтууд, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцох юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Монгол Улс дахь нар, салхины эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах асуудал энэ удаагийн хурлын гол сэдэв байх юм.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүргүүлсэн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргар З.Энхболд уншиж танилцууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг байсаар ирсэн. Яриа хэлэлцээрийн тайван замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, бүс нутгийн бусад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх байр суурийг Монгол Улс баримталдаг ба бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн зарчмаар аливаа маргааныг шийдвэрлэж болно гэдэгт бид итгэдэг.

Үүнээс улбаалан Монгол Улс Улаанбаатарын яриа хэлэлцээг зургаан жилийн өмнө санаачлан эхлүүлсэн. Эдүгээ уг санаачилга нь бүс нутгийн аюулгүй байдал төдийгүй, эрчим хүч, дэд бүтэц, хүрээлэн буй орчин, хүний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцдэг чухал талбар болж өргөжсөн байна. Энэ жил 6 дугаар хурлаар бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын төлөв, боломж, сорилтуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгааг тэмдэглүүштэй.

Бүс нутгийн эдийн засгийн уялдааг бэхжүүлэх томоохон дэвшилтүүд гарч буй энэ цаг мөчид өнөөдрийн хурал болж байна.

Улс орнууд цэвэр эрчим хүчний хэрэглээгээ дэмжиж нэмэгдүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх боломж болж буйг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-аас саяхан гаргасан “Шинэ дэлхий-Эрчим хүчний шинэчлэлийн геополитик” тайланд дурьджээ. Зүүн хойд Азид эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломж бий. Манай бүс нутаг нь дэлхийн ДНБ-ий болон нийт хүн амын дөрөвний нэгийг тус тус бүрдүүлж байна.

Дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч орнуудын 4 нь манай бүс нутагт оршиж нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын гуравны нэгийг үйлдвэрлэж байна. Бүс нутгийн эдийн засаг томрохын хэрээр эрчим хүчний хэрэглээ даган нэмэгдсээр байх ба технологийн дэвшил, дижитал шилжилт нь энэхүү хэрэгцээг шийдэх оновчтой эрчим хүчний шинэ сүлжээг бий болгох юм.

Монгол Улс хөрш орнуудтайгаа цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох, цэвэр эрчим хүчийг бүс нутгийн орнуууддаа экспортлох боломжийг тогтоох судалгааг Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хийж дуусгаад байна.

Энэхүү цогц судалгаагаар Монгол Улс 200 гигаватт салхины эрчим хүч, 1.2 тераватт нарны эрчим хүчийг үйлдвэрлэж, хөрш орнууддаа экспортлох боломжтойг тогтоосон. Үндэсний эрчим хүчний сүлжээг системтэйгээр өргөтгөж өндөр хүчдэлийн хил дамнасан холболтыг хөгжүүлэх замаар 2036 он гэхэд 100 гигаватт хүртэл хямд өртөгтэй, цэвэр эрчим хүч экспортлох боломжтой гэж тооцоолсон байна.

Сүүлийн жилүүдэд бүс нутгийн бусад орнуудын үндэсний эрчим хүчний компаниуд манайд хийгдсэн судалгаатай адил судалгаануудыг хийсэн. Эдгээр судалгаануудын үр дүнгээр бүс нутгийн эрчим хүчний шинэ, дэвшилтэт зах зээлийг бий болгоход тухайн бүс нутгийн орнуудын Засгийн газруудын дэмжлэг, нэгдмэл байр суурь нэн чухал гэдгийг онцлохын сацуу зохицуулалт болон стандартыг уялдуулах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг боловсруулах шаардлагатайг онцолсон байна.

Өнгөрсөн жил Владивостокт миний бие эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон зах зээлийг бий болгох зорилгыг дэмжих бүс нутгийг хамарсан байгууллага байгуулах санаачилгыг дэвшүүлсэн. Уг байгууллагыг байгуулах талаарх “Хамтарсан мэдэгдэл”-ийн төслийг Монгол Улс боловсруулсан ба Зүүн хойд Азийн бүс нутгийн бусад орнуудтай хэлэлцэн 2019 оны 9 дүгээр сард уг “Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурахаар ажиллаж байна. Манай санаачилгыг тууштай дэмжиж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болон Азийн хөгжлийн банканд талархсанаа илэрхийлье.

Олон улсын хамтын нийгэмлэг Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд тогтвортой эрчим хүчний тогтолцоонд шилжих амлалт авч, ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Монгол Улс нь цэвэр эрчим хүчний арвин их нөөцтэй орны хувьд сүүлийн үед гарч буй дэвшилтэт технологи, чиг хандлагыг ашиглах замаар дэлхийн эрчим хүчний хувьсал дахь олон улсын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Монгол Улсын энэхүү санаачилгыг дэмжиж буй бүс нутгийн орнуудын засгийн газар, олон улсын холбогдох байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний олон улсын VI бага хурлын ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Автомашины цонхоор гурван настай хүүхэд унан, арынхаа машинд дайруулж амиа алджээ

Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ. Хэрэг гарах үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүй байдлаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд хүүхдээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж явахдаа хамгаалах суудал, бүсийг нь тогтмол зүүлгэж аюулгүй байдлыг нь хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Х.Баделхан: Түрээсийн байрыг хотын захиргаа иргэдэд ямар журмаар түрээслэхийг шийднэ

Image result for Баделхан

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрээр, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас түрээсийн орон сууцны талаар шийдвэр гарсан. Өмнөх Засгийн газрын үед эхлээд хөрөнгийн дутагдлаас болоод зогссон 1542 айлын орон сууц байсан. Улаанбаатарт 972, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт 570, нийтдээ 1,542 айлын орон сууц дуусаагүй байсныг өнгөрсөн онд хэлэлцээд Хөгжлийн банкны зээлээс төслийг үргэлжлүүлж дуусгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд уг төсөл арга хэмжээ хэрэгжээд дуусч байна. Хотод 972 айлын орон сууж ашиглалтад орно. Эдгээр орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа.

Хөгжлийн банкы зээлээс барьсан учраас гаргасан зардлаа тухайн аймаг, орон нутагт нь шилжүүлэх замаар таван жилийн хугацаанд өртөгөө төлөхөөр түрээсийн орон сууцанд шилжүүлэх шийдвэр гарсан. Улаанбаатарт баригдсан 972 айлын орон сууцыг хотын захиргаанд шилжүүлнэ. Харин Хотын захиргаа иргэдэд ямар журмаар түрээслэхийг шийднэ гэж Засгийн газрын хуралдаанаас шийдсэн” гэв.