Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Монгол Улс 1980-аад оны эхээр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос ард улс (БНАЛАУ)-д буцалтгүй тусламжаар хүн эмнэлэг байгуулж, хониных нь үүлдэр угсааг сайжруулах зорилгоор монгол хонь аваачиж, хонины аж ахуй байгуулж өгч байсан түүхтэй. Энэ уламжлалаар өнгөрсөн жил манай улсын Засгийн газар Лаос улс руу 1000 хонь онгоцоор тээвэрлэж аваачсан билээ.
Тухайн үеийн Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Цэрэнпэлжээ 1981-1986 онд Лаост хонь үржүүлж байжээ. Тэрээр 33 жилийн дараа Лаост дахин очиж хонь үржүүлж байсан Сиангкхуанг муждаа очоод ирсэн байна. Түүнтэй ярилцлаа.
-Та хонины аж ахуйд ямар ажил эрхэлж байсан бэ?
-Би ургамал судлаач мэргэжилтэй. Ленинградын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн юм. Монгол Улс тухайн үед буцалтгүй тусламжаар Лаост Хонины аж ахуйн туршлага станцыг байгуулж байсан. Бид хонины тэжээлийн бааз байгуулж, цагаан будаа тарьж байлаа. Малынхаа тэжээлийг өөрсдөө тарьдаг байлаа.
-Лаост анх хэдэн хонь аваачсан юм бэ. гурван хуц туршилтаар аваачиж байсан гэж дуулсан юм байна?
-Анх туршилтаар гурван хуц аваачсан юм. Нутгийн арав, хорин хоньтой эрлийзжүүлэх зорилгоор авч очсон. Социализмын үе байлаа. Гурван хуцаа их дуулиантай авч очсон доо.
Хятадтай харилцаа муу болохоор Хятадаар явж болдоггүй. Оросоор яваад Москвагаас Вьетнамын нийслэл Ханой ороод, Ханойгоос Лаосын нийслэл Вьентьянд хүрсэн. Тэндээс хойшоогоо Лаосын хойд нутаг Синхуан (Лаосын зүүн хойд нутгийн Сиангкхуанг мужийг хэлэв.сурв) нутагт очсон. Тэнд манай эмнэлэг, хонины аж ахуй бий болсон.
Дайны дараах таван жил байлаа. Хүн ам нь бүгд дүрвээд гараад явчихсан байсан үе. Нутаг орон нь бөмбөгдөлтөд маш ихээр өртчихсөн, буу, сум, тэсрээгүй бөмбөг үй олноороо тархсан. Иргэд нь дөнгөж л буцаж ирж байлаа. Тийм л дүр төрхтэй нутагт очсон. Нутгийн цаг агаар нь манайхтай ойролцоо. Халуун орон ч гэлээ далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт оршдог газар.
Эндээс Москва руу гурван хуцаа аваачаад Ханойн онгоцонд тавих гэсэн чинь ачуулдаггүй. Бог малыг 10 мянган метрийн өндөрт онгоцоор тээвэрлэж байсан туршлага дэлхийд байхгүй гээд зөвшөөрдөггүй. Харин манайхан болохоор “Аа, яадаг юм. Гурван хуц үхвэл үхнэ л биз. Тавиад нисгэ” гээд тэгээд явуулчихсан юм. Бид чинь оросуудтай зузаан байсан болохоор хаалгадаж байгаад явуулчихсан л даа (инээв).
-Яаж тэр вэ?
-Ханой руу хуцнуудаа тээвэрлэх гэсэн чинь зорчигчдын явдаг хоолойгоор явуулдаггүй. Тэгэхээр нь төрийн томчууд, мундаг хүмүүсийн явдаг тусгай хаалгаар нь хуцнуудаа оруулаад суулгачихсан. Ханойд очоод гурван хуц маань халууцаад. Манай Элчингийнхэн усаар шүршээд. Тэндээсээ Лаос руу хуцнууд маань бас онгоцоор явсан. Лаост буугаад хойшоогоо мөн л цэргийн онгоцоор Синхуанд буусан юм. Гурван хуцыг маань их сайхан угтсан. Байр байшинг нь бид бэлдчихсэн байсан. Гурван хуцаа Лаосын хэдэн эм хоньтой нэг байшинд хашна. Өнөөдүүл нь гэж хариу байхгүй давжаа юмнууд. Тэдэн рүү манай гурван хуц ойртдоггүй.
-Тоохгүй байгаа хэрэг үү?
-Тоодоггүй ээ. Лаосчууд манай гурав руу ойртохоор мөргөөд болдоггүй. Хонинуудыг нь тоохгүй, эздийг нь мөргөж алчих гээд байдаг. Тэд “Танай хуцнууд монгол хүндээ сайн. Биднийг ерөөсөө ойртуулахгүй юм” гэж гомдоллоно. Манай гурав тэр буланд, лаос хонинууд нөгөө буланд л зогсч байна. Нийлэхгүй нэлээд хоносон. Бараг хориод хоног болсон шүү. Тэгж тэгж л сарын дараа нэг юм ижилссэн. Тэгээд яахав төл гарсаан гарсан. Эхээ дуурайсан давжаа төл гарвал бид шууд устгаж байсан. Шууд заазлаад. Хариу байхгүй юм төрнө. Өөрсдийнхөө хар халзан, шар халзан хуцнуудыг дуурайсан төлүүдийг бүгдийг авч бойжуулна. Анх удаа тэнд очиход хэцүү. Халуун орны янз бүрийн өвчин байна. Хумхаа мумхаа бол энүүхэнд. Хажууд нь тэсрэх бөмбөг, минд өртөх гээд аюултай. Лаосын засаг намайг арваад ямаа ав гээд даалгавар өгчихсөн. Нөгөөдүүлийг нь авах гэж хойно байдаг өндөр уул руу мацаад наймаа хийж явлаа. Ямаануудаа буулгах гээд чадахгүй. Нэг нэгээр нь үүрээд буулгаж билээ. Арваад ямаагаа хонинууддаа ижилсүүлээд авсан. Тэгтэл хонь, ямаанд маань хоёр ч халдварт өвчин халддаг юм байна. Хонь дээр маань эргүү маягийн юм даа, тиймэрхүү өвчин гарлаа. Ямаан дээр годрон өвчин гардаг юм байна. Вакцин, тариа мариа юу ч байхгүй. Монголоос вакцин авчруулж арай гэж өвчнийг нь тогтоож авсан. Халуун орны ургамал чинь зэгс, дэрс маягийн өндөр ургана. Хонь маланд тохиромжгүй. Тэр өвсүүдийг нь шатаана даа.
Тэнд хоёр улиралтай. Борооны улирал зургаан сар үргэлжилнэ. Хуурай улирал зургаан сар үргэлжилнэ. Борооны улиралд хэцүү. Элдэв өвчин гарна. Малын туурай мултарч унана. Тэр нь жаахан хэцүү байсан. Манай аж ахуй чинь жижигхээн хөөрхөн, арваад ажилчинтай. Тэгээд бас тэр нутаг чинь үймээн самуунтай. Вьетнам цэргүүд манайхыг хамгаална. Оросын аж ахуй манай хажууханд. Үхрийн аж ахуй нь байсан. Манайхтай бараг зэргэлдээ. Нөгөө талаас Тайландын хөлсний цэргүүдийг Хятад зэвсгээр, Америк мөнгөөр хангадаг. Ийм байлаа шүү дээ, тэр үед (инээв).
-Тэр гурван хуцыг яаж сонгож, аль аймгаас аваачсан юм бэ. Ямар үүлдрийнх байсан бэ?
-Төв аймгийн Сэргэлэн сумаас л очсон. Гурвуулаа үр төлөө өгсөөр байгаад монгол маягийн гурав, дөрвөн зуугаад хоньтой болсон шүү дээ, тэнд. Тавын жилийн хугацаанд гэсэн үг. Монгол шинжтэй хонинуудыг нь үлдээгээд нөгөөдүүлийг заазлаад байсан. Бас нэг хэцүү юм нь манай ажилчид тараад тараад алга болчихно. Тэгтэл ажилчдыг цагаан будаагаар хангаж байх ёстой юм гэнэ. Тэгэхээр нь цагаан будаа тарилаа.
-Та тарьсан уу?
-Тэгсэн, би тарьсан. Тэд чинь бүгдээрээ усан дотор цагаан будаагаа тарьдаг юм байна. Борооны улиралд 1500 мм тунадас унадаг, асар их бороотой. Тэгээд би цагаан будааг усалгаагүйгээр тарилаа. Болох нь уу, үгүй юу гэж туршиж байгаа л байхгүй юу.
-Тэгсэн чинь?
-Тэгсэн чинь их гоё ургасан. Оросууд цагаан будааг усалгаагүй тарьж болох юм байна гэж санаа аваад бид нийлээд тэндхийн газрыг хагалаад шууд л цагаан будаа тарьж эхэллээ. Манайх зуугаад га талбайтай. Тэр талбайдаа тарина. Цагаан будаагаар тэндхийнхнийг ёстой нэг хангаж байсан даа. Дайны дараах хүнд үе байсан болохоор бүх юм нормтой. Өдөрт нэг килограмм цагаан будааны нормтой. Манай аж ахуй нэг хүнд өдөрт гурван кг оногдохоор будаа өгнө.
-Одоо тэр гурван хуцны үр төл гэж тоймгүй юм бий байлгүй?
-Байхгүй шахуу болчихсон байна лээ. Би саяхан яваад ирсэн ш дээ.
-Хэзээ?
-Шинэ жилийн үеэр яваад Мартын наймны үеэр ирсэн. 1000 хонин дээрээ очоод ирсэн юм. Намайг мундаг хүлээж авсан юм. Хөдөө аж ахуйн яам нь бүх зардлыг даагаад таван одтой зочид буудалд буулгаж мундаг хүлээж авч байна билээ. Синхуандаа очсон, үзсэн, харсан. Манай байгуулсан аж ахуй бараг байхгүй болчихож. Суурин дээр нь махны чиглэлийн үхэр үржүүлж байна. Манай нөгөө гурван хуцны үр төлөөс хоёр хонь л үлдэж. Манай аж ахуйн Сүбон гээд малын эмч байсан юм. Тэр хүн авч үлдсэн юм. 33 жилийн дараа би очиж байгаа шүү дээ. Тэгтэл бидний үржүүлж байсан сүргээс хоёрхон хонь үлджээ. Уг нь үржүүлээд байсан бол хэдэн мянга болно ш дээ.
-Яачихсан юм, идчихсэн юм уу?
-Идчихгүй юу. Тэд чинь идэхээ л мэднэ.
-Монгол хонины мах идээд юу гэж хэлж байсан бэ?
-Огт өөр амттай. Би лаос хонины мах идэж үзсээн. Амт шимтээрээ монгол хонины махыг яаж гүйцэх вэ. Гүйцэхгүй шүү дээ. Хонины аж ахуйд ирэхээрээ үнэр танараас нь сэжиглээд хамар, амаа дарна. Муухай юм байна гэнэ. Тэгээд махыг нь идэхээрээ ухаангүй иднэ. “Ямар сайхан амттай юм” гэлцэнэ. Тэнд хурга хөнгөлнө гэж мэдэхгүй. Хургаа засдаггүй болохоор махнаас нь шивтэр үнэртээд байдаг юм. Манайх чинь малаа засдаг болохоор шивтэр үнэртдэггүй. Тэгээд мах нь тийм гоё амттай байдаг.
-Эрс тэс уур амьсгалтай газарт байсан хонинууд халуун оронд очоод халууцаж давчдахаас эхлүүлээд зовдог л байх?
-Зүгээр. Дасна аа, дасна. Манай мал, хүн хоёр бол хаана ч дасдаг юм. Борооны улиралд гадагшаа гаргахаар их ус, чийгнээс болоод туурай нь мултарч унаад, өвчин тусаад байсан. Тэгэхээр нь тэндхийн тохирсон таримал бэлчээр, нэмэгдэл тэжээл, багсармал тэжээл өгч байж л онд оруулдаг байлаа. Тэр нь яах вэ, цөөхөөн. Нэг сар л тэгж тэжээнэ. Тэгээд яах вэ хүнтэй нь, малтай нь аж ахуйгаа сайн авч явсан гээд Лаосын Засгийн газар төрийнхөө хоёр ч одонгоор намайг шагнасаан.
-Ямар ямар одон бэ?
-“Найрамдал” одон. Нөгөөх нь Эрх чөлөөний II зэргийн одон. Таван жилийн хугацаанд бид чинь тэдний хүүхдүүдэд ТМС-ийн боловсрол олгосон, хөдөө аж ахуйн чиглэлээр. 30 гаруй хүүхдийг сургасан. Манай малын эмч Жамбалсүрэн гэж байлаа. Дараа нь Довчин гэж хүн байлаа. Зоотехникч Баттөмөр гэж байсан. Бид хэд л хүүхдүүдийг сургаж байлаа.
ЛАОСЧУУД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮНЛЭГ ХҮМҮҮС
-Хонь үржүүлэх ажлаар хичнээн монгол хүн Лаост очсон юм бэ, тэр үед?
-Эхлээд гурвуулаа очсон. Малын эмч, зоотехникчид. Дараа нь намайг тэнд үргэлжлүүлж ажилла гэж хугацааг минь сунгаад. Халуун оронд гадны хүн хоёр жил хүртэлх хугацаанд л ажилладаг юм байна. Би чинь арай гэж хоёр жил ажиллачихаад буцах гэсэн чинь “Лаосын Засгийн газрын хүсэлтээр таныг үргэлжлүүлэн сунгаж ажиллуулна” гэсэн хүсэлт тавьсан гэж Намын төв хорооноос дуулгадаг юм байна. Тэгээд би аргагүйн эрхэнд тэнд үлдсэн.
-Ю.Цэдэнбал даргын тушаалаар л та Лаост үргэлжлүүлэн үлдэж дээ?
-Тэгсэн. Үндсэндээ л Ю.Цэдэнбал дарга Лаосын ерөнхий сайд Кейсон Фомвихан хоёрын л ярьж тохиролцсон ажил. Одоо тэдний мөнгөн дэвсгэрт дээр Кейсон Фомвихан даргын зураг байдаг байхгүй юу.
-Таныг яагаад Лаост хонь үржүүлэх ажлаар явуулсан юм бэ?
-ХАА-н сайд Л.Ринчин гуай намайг явуулсан юм. Төв хороо намайг дуудсан. Тэд ХАА-н яамны нэг боловсон хүчнийг явуулъя гэсэн юм билээ.
-Дээрээс таныг гэнэт л дуудаад “Лаос яв” гэсэн байх. Тэгэхэд Лаос орны талаар хэр мэдээлэлтэй байв?
-Юу ч байхгүй (Инээв). Москвад очоод онгоцонд суусан чинь яагаад ч юм намайг Хабаровскт аваачаад хаячихсан. Бүүр тээр Алс дорнодод шүү дээ. Арван хэдэн мянган км нисээд. Тэндээс намайг явуулахгүй удсан. Бодвол манай улс руу холбоо барьж, намайг Монгол Улсын иргэн үү, үгүй юу гэдгийг тодруулсан байх. Тэндээсээ яваад Өмнөд Солонгос, Тайвань гээд бас арваад мянган км нислээ. Хориод мянган км нисэхэд бол хоёр чих минь ёстой юу ч дуулахаа байчихсан. Тэгээд л Хошимин хотод буюу Вьетнамын урд хэсэгт буусан чинь халуун гэж жигтэйхэн. Миний бүх хувцас бороонд цохиулсан юм шиг хөлсөндөө нороод өмдний шуумгаар хөлс урсч байна. Тэгсэн чинь Оросын экипажийнхан яг над шиг хөлсөө урсгачихсан миний хажуугаар өнгөрч байна. Тэгэхээр нь би “Өө, адилхан л юм байна” гээд санаа амарч билээ. Тэгэхэд би итгэхгүй байсан. Нээрэн л ийм газар байдаг юм байх даа, ийм л газар очих юм байх даа гэж гайхаж байлаа. Тэгээд л Хошиминээс хойшоо Ханой руу ниссэн. Тэр хоёрын хооронд эрүүл газар байдаггүй юм билээ. Тэр чигээрээ цагаан будаа тарьчихсан. Уулан дээр хүртэл шүү дээ. Хөөрхий, дайны дараа хэцүү байсан байх. Намайг очиход Ханойн хамгийн өндөр байшин нь хоёр, гуравхан давхар. Зах худалдааны газар нь авах юм байхгүй. Өрөвдмөөр. Одоо харин мундаг болчихсон байна билээ.
-33 жилийн дараа та дахиж очиж шүү?
-Тэглээ, Лаосын Засгийн газрын урилгаар. 1000 хонин дээр хоёр монгол залуу очжээ. Тэр хоёртоо баахан зөвлөгөө өглөө. 1000 хониноос нь 300-гаад нь төллөсөн. Бас нэлээд хэд нь үхжээ, янз бүрийн өвчнөөр. Гэхдээ яахав, тогтворжоод ирвэл гайгүй шүү дээ. Цэвэр цусны монгол хонь тэсвэртэй, гайгүй болно гэж бодож байгаа. Уг нь намайг анх энэ 1000 хонин дээр ажиллаад өгнө үү гэж урьсан юм. Би биеийн байдлаасаа болоод татгалзсан л даа.
-Таны нас сүүдэр хэд хүрч байна?
-Дал гаран насыг зооглоод явж байна. Лаост манай нэг охин сураад тэндээ ажиллаж байгаа. Хүргэн, охин хоёр минь тэнд байгаа болохоор бас далим гаргаж очсон байхгүй юу. Батлан хамгаалах яам нь манай 1000 хонийг авчээ. Би хуучин шигээ 1000 хувийг лаосчууд дийлэхгүй хэцүүдэх байх гэж бодсон чинь үгүй юм. Лаос хөгжөөд лут болсон байна. Танигдахын аргагүй. Ард түмнийх нь амьдрал сайжирсан байна. Мундаг болсон байна.
-Хонь үржүүлж байсан Сиангкхуанг мужийнхантайгаа уулзсан уу?
-Уулзсан. Гудманд таараад сүйд болсон. Лаосын ХАА-н яаманд байсан миний мэдэх хүмүүс байхгүй болж, залуучуудтай болсон байна билээ. Синхуан (Лаосын зүүн хойд нутгийн Сиангкхуанг мужийг хэлэв.сурв) муж их өргөжсөн байна лээ. Тэр үед Синхуан чинь цахилгаангүй, дэнгийн гэрэлтэй л байсан юм. Манайх чинь тэнд хоёр давхар эмнэлэг барьж өгсөн. Тэр нь хамгийн өндөр барилга нь байсан юм. Тэгсэн чинь одоо манай тэр эмнэлэг харагдахгүй байгаа шүү дээ. Гэхдээ хүмүүс тэр эмнэлгийг маш ихээр зорьж очдог юм байна. Их сайн үйлчилгээтэй. Яагаад вэ гэвэл эмнэлгийн дарга нь манай улсад ирж Анагаах ухааны их сургуулийг төгссөн юм байна. Монгол хэлтэй хүн байна. Манай улсад төгссөн зургаан эмч тэр эмнэлэгт ажиллаж байна.
-Та аль аймгийн хүн бэ?
-Завхан аймгийн Баянтэс сумын хүн.
-Одоо та хаана, юу хийж байна вэ?
-Хувийн жижиг бизнестэй, “Нарантуул” зах дээр. Мал аж ахуйн хүрээлэнд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
-Ер нь аливаа үндэстний онцлог зан ааш, авир гэж бий. Лаосчууд ямар онцлогтой хүмүүс вэ?
-Халуун орны хүмүүс ойролцоо ааштай хүмүүс байдаг. Лаосчууд манайхтай их төстэй. Залхуудуу, чалчаа. Хүнлэг талаараа бол харин дэлхийд нэг номерынх байх аа. Маш хүнлэг. Дэндүү хүнлэг. Ер нь халуун орны хүмүүс чинь нэг уурлавал мундаг уурлана. Гэхдээ барагтай бол уурлахгүй дээ. Инээгээд л байна. Инээгээд л яваад байна. Залхуудуу юм. Манайд чинь социализмын үед чанга байлаа шүү дээ. Өглөө ажилд ирэх, орой тарах цагийг хатуу баримталдаг байсан. Би яг тэр дэглэмээрээ барих гээд чадахгүй байсан шүү дээ. Тэр чинь ч чадахгүй байх нь арга ч үгүй байсан юм билээ л дээ. Оросууд бас яг тэгж барих гээд дургүйг нь хүргэсэн. Би тэрийг нь мэдчихээд ажлыг нь хуваарилаад өгчихдөг байсан. Чи өнөөдөр үүнийг хий. Шөнө байна уу, өдөр байна уу хамаагүй. Дуртай цагтаа л ажиллаад дуусга гэдэг байсан. Тэд өдөр ажиллахаас яагаад цааргалаад байдаг байсан бэ гэхээр өдөр нь ногоогоо тарьдаг байсан юм билээ. Тэд чинь бас амьдрах хэрэгтэй биз дээ. Би тэдний гэрээр орж гарна. Анх лаос нэг үг ч мэдэхгүй бууж байсан хүн шүү дээ. Наашаа явахын үед лаосоор сайн ярьдаг байлаа. Одоо бол мартсан байна лээ. Сая очоод муухан л ярьж байна лээ. Ихэнх үг мартагдаад.
-Тухайн үед танд гэр орон, эх орноосоо хол хэцүү л байсан байх. Харин одоо эргээд бодоход хүн болгонд тохиохгүй ажил хийж, сонирхолтой газар очиж ажиллаж шүү гэж бодогдоно биз. Энэ нь нөгөө талаар хоёр орны найрамдлын асуудал цаашилбал хүмүүнлэг, энэрэнгүй үйлс байж шүү дээ?
-Ёстой гоё дурсамж үлдсэн. Одоо байгаа энэ Лаосын Элчин сайд байна шүү дээ, Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд хэнбугай ч ирсэн намайг урьдаг юм. Лаосчуудын хүнлэг чанар тэр. Тус болсон хүнээ мартахгүй. Намайг ерөөсөө мартдаггүй. Ямар ч арга хэмжээн дээрээ заавал урина. Тийм сайхан. Сая очиход Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн яам нь мундаг хүлээж авсан. Би эндээс ХХААХҮЯ-ны төлөөлөгчидтэй хамт очсон л доо. Тэд ч ярьж байна лээ, “Та ч түүхэн хүн байна шүү дээ” гээд.
-Та Лаост ажиллаж байхдаа төвийн сонин хэвлэлд нь зөндөө л гарч байсан байх даа?
-Гарч л байсан байх. Сурвалжлагч ховор ирнэ. Харин гадаадынхан их ирнэ. Австральчууд ойрхон болохоороо “Энд монголчууд хонь үржүүлдэг гэнэ. Үзье, харъя” гэнэ. Тэгэхээр лаосчууд тэдэнд үзүүлэх ч үгүй. Ойртуулахгүй. Тэр бүс бол тусгай бүс, цэргийн гэмээр. Тэр рүү зөвхөн гадны иргэдээс монгол, орос, вьетнамчууд л орно.
-Тэнд байгаа хонинуудыг байнга шахуу ноосолдог уу?
-Ноос нь хөөрөөд ирэнгүүт л хяргаад байна. Синхуан чинь уултай, талтай. Усаар элбэг. Нуур, цөөрөм ихтэй. Чийглэг. Зургаан сарын турш бороогоор нүдчихээр хэцүү л дээ. Одоо хуурай зургаан сар нь болно. Тэр үед нь л тариалангаа амжуулна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Дөрөв.
-Таны мэргэжлийг эзэмшсэн үү?
-Байхгүй. Лаост байгаа охин маань тэнд Олон улсын харилцааны сургууль төгссөн. Отгон хүүхэд маань Солонгост байна. Нөгөө хоёр нь эндээ бизнес эрхэлдэг юм.