Categories
мэдээ нийгэм

​“Талын салхи-2019” олон улсын мото наадам энэ амралтын өдрүүдэд болно


Монголын чопперчин ахан дүүс ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран “Талын салхи” наадмыг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус наадам энэ сарын 8,9-ний өдрүүдэд болох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:

“Энэ наадам нь тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг дэлхий дахинд сурталчлах, 3 улсын хамтарсан “Цайны зам” төслийг хэрэгжүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой. Жил ирэх тусам оролцогчдын тоо өсөж, наадмын зохион байгуулалт илүү сайжирч байгаа. 6 сарын 8-ны бямба гарагийн өглөө 11 цагаас Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ. Нээлтээ хийчихээд мотоциклын цуваа Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжинболдог аялал жуулчлалын цогцолбор газарт 2 өдрийн арга хэмжээг зохион байгуулна” гэв.

“Монголын Харли сонирхогчдын холбоо”-ны УЗ-ын гишүүн Р.Мөнхсайхан:

Энэ жил “Талын салхи” фестивалийн таван жилийн ой тохиож байна. Манай наадмыг зорин Ази, Европын орнуудаас ялангуяа Орос, Хятадаас хамгийн их хүн ирдэг. Энэ жил Герман, Франц, Энэтхэг, Японоос зочид ирсэн байна. Жилийн жил цар хүрээгээ тэлсээр төв Азидаа хамгийн олон мотоцикль цугласан том хэмжээний наадам болох төлөвтэй байна” гэлээ.

“Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын ерөнхийлөгч Ш.Сүхбаяр:

“Энэ жилийн наадамд гадаад дотоодын 800 орчим мотоцикль оролцох төлөвлөгөөтэй байна. Монголын бүх ард түмэнд нээлттэй, ямар нэгэн төлбөргүй болохоор та бүхэн хоёр өдөр агаар салхинд гарангаа мото спортыг сонирхож, урлаг соёлын наадам ирж үзээрэй” хэмээн уриалав.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат:

“Замын цагдаагийн алба мото спорт сонирхогчидтой жилийн жилд хамтран ажилладаг. Энэ жил маш олон орны зочид ирж байгаа юм байна. Монгол Улсын нэр хүнд олон улсад яригдах учраас илүү анхаарч ажиллана. Архи согтууруулах ундаа, улсын дугааргүй мотоцикль, хамгаалалтын малгай, хэрэгсэлгүй явах эдгээр болон бусад зөрчлийг бид хянаж шалгах болно” гэлээ.

Мото наадмын талбайд 300 мотоциклийн үзэсгэлэн зохион байгуулагдах бол орой нь Улаанбаатар чуулга, Харанга, Жонон, Хурд, Нисванис, Булсара, Ice Top, Digital, Rapper Gee, Desantm, NMnN зэрэг дуучдын дууг сонсож, циркийн үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой юм байна.

Б.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг судалжээ

Улсын Дээд шүүхийн Практик судлалын хэлтсээс улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (ЭХТА 22.1), хахууль авах (ЭХТА 22.4), хахууль өгөх (ЭХТА 22.5) гэмт хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаарх судалгааг хийжээ.

Анхан шатны шүүхүүд 2016-2018 онд тухайн төрлийн нийт 212 хүнд холбогдох 92 хэргийг хянан шийдвэрлэснээс 150 хүнд хорих болон торгох ял оногдуулсан нь хэрэгт холбогдогчдын 70.8 хувийг эзэлж байна.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх гэмт хэрэгт 2016 онд 16 хэрэгт 26 хүн, 2017 онд 35 хэрэгт 77 хүн, 2018 онд 41 хэрэгт 47 хүн ял шийтгүүлсэн аж. 2018 онд шүүхээр шийдвэрлэсэн тухайн төрлийн гэмт хэргийг 2016 онтой харьцуулан үзвэл шийдвэрлэсэн хэрэг 25-аар буюу 1.6 дахин, ял шийтгүүлэгч 21-ээр буюу 80.8 хувиар тус тус өссөн байна. Анхан шатны шүүхүүд 2016-2018 онд тухайн төрлийн 9 хэргийн 29 хүнийг цагаатгажээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх гэмт хэрэгт шалгагдсан 21 хүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон бөгөөд үүний үндэслэлийг нарийвчлан судалсан байна. Судалгаанаас үзвэл 10 хүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй /шинжгүй/ үндэслэлээр, 8 хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, 1 хүнийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бөгөөд энэ нь шүүхээр шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх нийт 92 гэмт хэргийн 2.2 хувийг, нийт хэрэгт холбогдогчдын 0.9 хувийг тус тус эзэлж байна.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болсон 2 хүний 1 нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт, нөгөө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл буюу хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдсон аж. Дашрамд дурдахад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн хүмүүс нь хэрэгт холбогдох үедээ нэгэн аймагт төрийн албанд удирдах болон гүйцэтгэх албан тушаал хашиж байсан ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр А.С.Пушкины мэндэлсний 220 жилийн той тохиож байна

Холбоотой Зураг

Өнөөдөр Оросын агуу зохиолч, яруу найрагч бөгөөд Оросын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Александр Сергеевич Пушкины мэндэлсэн өдөр тохиож байна.

Тэрээр 1799 оны энэ өдөр сурвалжит газрын эзний хүү болон Москва хотод мэндэлжээ. Царское Село тосгонд байрлах эзэн хааны лицейд сурж байхдаа уншлагын шалгалтан дээр өөрийн зохиосон “Царское Селогийн дурсамж” хэмээх шүлгээ уншсанаар нэр алдар нь ихэд түгсэн байдаг. Хамгийн анх “Вестник Европы” сэтгүүлд “Шүлэгч андаа” шүлгээ хэвлүүлж байсан ба 1820 онд “Руслан, Людмила хоёр” гэдэг романтик найраглалаа бичжээ.

Түүний бүтээлүүдийн заримыг Оросын хөгжмийн зохиолчид дуурь болгосон байдаг. Тухайлбал, Михайл Глинкагийн “Руслан Людмила хоёр” (1842 он), Пётр Чайковскийн “Евгений Онегин (1879), “Гилбэрийн хатан” (1890), Николай Римский-Корсаковын “Салтан хааны үлгэр” (1900) зэрэг нь хамгийн алдартай.

Холбоотой Зураг

1837 оны нэгдүгээр сарын 27-нд тэрээр эхнэрт нь санаархагч Жорж Дантестай дуэль хийж, уг тулаанд авсан шархаа даалгүй хоёр хоногийн дараа амьсгал хураажээ. Түүний оршуулга нууц түвшинд болж өнгөрсөн байдаг.

ХӨШӨӨ ДУРСГАЛАА БОСГОЛОО
Харь Александрын сүлд баганаас өндөрт
Халдашгүй тэргүүнт хөшөөгөө босголоо
Эгэл гар бүтээшгүй эрхэм дурсгалыг минь
Эгээрэн зорих ардын зам эдгэхүй ээ!
Үгүй ээ, би бүр үхэхгүй!
Хүслэнт найрагтаа шингэж
Үгүйрэх замыг цуцлана, үхдэл биеэ элээнээ!
Ялгуун саран дор ядаж ганц найрагч үлдэхэд л
Яруу алдрын суу миний нэрийг дагана!
Зах хярхаггүй Оросоор зар цуу минь түгнэ.
Зам гудсаар хэлтэн бүрт нэр минь хүрнэ.
Омогт славян үр сад, сами, талын анд халимаг,
Ойд аглаг суугаа хамнигад хүртэл нэрлэнэ
Энэрэлгүй хахир цагт эрх чөлөөг алдаршуулж
Элэг нинжин сэтгэл аялгуут найргаар сэрээж
Эрхшээлд сөгдөн дордост өршөөл нэхсэнээрээ
Эрин эринд би ард түмэндээ дурсагдана..!
Эгшиг минь! Тэнгэрийн тааллыг л дага даа!

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь нийгмийн шаардлага

УИХ-ын чуулганы хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан өргөн барилаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

-Монгол Улс шинэ Үндсэн хуулиар батлаад 27 жил болжээ. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөгөө хангахын тулд өөрчлөлт хэрэгтэй болжээ. Улс төрийн намын санхүүжилт, ил тод байдал хангалтгүй, байгалийн баялгийн алс хэтрийг харсан бодлого залгамж муутай, улс төрийн нөлөөллөөс шалтгаалан төрийн тогтвортой байдал алдагдсан, нутгийн удирдлагын тогтолцоо зохих ёсоор хэрэгжээгүй гэж үзэж байна. Үндсэн хууль өөрчлөлт оруулах нийгмийн захиалаг бий болоод байгааг олон нийт хэлж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгааг 2016, 2017 онд судаллаа. Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын саналыг нягтлан тусгасан. Ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, тогтвортой Засгийн газар, хараат бусаар шударга шийдвэр гаргах шүүх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохоор өөрчлөлт орууллаа. Ингэхдээ Үндсэн хуулийн зарчмаа агштал баримталсныг онцлох байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийснээр Үндсэн хуульд 2000 онд оруулсан өөрчлөлтийг засч, УИХ-ын хариуцлагыг дээшлүүлж, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдал, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангана. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгож, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог болно. УИХ-ын нэр бүхий 63 гишүүн хамтран боловсруулж, өргөн мэдүүлж байна. УИХ-ын дарга аа, эрхэм гишүүд ээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн шийдвэрлүүлж өгнө үү хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Өнөөдрийн цагаан морин сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барж барьж байна. Долоо хэмжиж, нэг огтлох журмаар энэ хуулийн төслийг боловсруулсан. Энэ ажил 20 гаруй жил үргэлжилсэн нөр их хөдөлмөрийн үр дүнд. Гавьяат хуульч Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэгт талархалж илэрхийлж байна. Асуудалд улс орон, иргэнээ гэсэн сэтгэлээр хандаж, салбар, улс төрийн эрх ашгаас ангид байж, улс орноо гэсэн хоёргүй сэтгэлээр хандахыг хүсье. Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэд, судлаачид төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг гаргаж байсан. Иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнийг маргах аргагүй.

Гэхдээ бид өнөөдөр дордуулсан долоон өөрчлөлтийг засч парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Эцсийн дүндээ энэ өөрчлөлт нийгмийн зайлшгүй шаардлага. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлнэ. Эвлэрэл, зөвшилцлийг эрхэм болгож, нийгмийн шаардлагыг хангаж ажиллахыг уриалж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах эрхэм харуиуцлагатай нэн чухал үйлсэд тань амжилт хүсье гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд цүнх, гар тээшээ шалгуулах шаардлага биелүүлэхгүй Төрийн ордонд нэвтрэх зөрчил их байна гэв

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.06.06) УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт “Сүүлийн үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчлийн талаарх мэдээг Төрийн хамгаалалтын албанаас удаа дараа ирүүлсээр байна. Энэ нь иргэд, төрийн албаны ажилтан нарт буруу үлгэр дуурайлал үзүүлэх, улмаар УИХ-ын нэр хүнд, Төрийн ордны аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр Улсын Их Хурлын гишүүд сахилга, хариуцлагаа дээшлүүлэхийн тулд хурууны хээгээр ирцээ бүрдүүлэх зэргээр асуудлаа шийдвэрлэн үр дүнд хүрч байгаа ч Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн зарим асуудал өнөөдөр нийгмийн анхаарал татаж парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөж байгаа учраас Улсын Их Хурлын даргын хувьд энэ асуудалд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна” гэж дурдсан байна.

Иймд Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын тулд “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн төслийг хүргүүлжээ. Мөн дүрмийн төсөл болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны чанар үр нөлөө, парламентын засаглалын нэр хүндийг дээшлүүлэх, гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах арга замын талаарх саналаа яаралтай ирүүлэхийг хүссэн байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аваргууд тодров

Онцгой байдлын байгууллагын 2019 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 04-05-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд Улаанбаатар, Баруун, Зүүн, Хойд, Өмнөд бүсийн 64 багийн 500 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулсан юм.

Улаанбаатар бүсийн тэмцээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын баг тамирчид оролцсоноос нийлбэр дүнгээр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид тэргүүлсэн бол зүүн бүсийн тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчдаас нийлбэр дүнгээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүн байрт шалгарчээ.

Баруун бүсийн тэмцээнд оролцсон Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчдаас тэргүүн байрыг Увс аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид эзэлсэн бол Өмнөд бүсийн тэмцээнд Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчдаас Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид нэгдүгээр байрт шалгарсан байна.

Харин хойд бүсийн тэмцээнд Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид оролцсоноос Орхон аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн бүс байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурав

“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн Худалдааны сайд Жун Шань нар 2019 оны зургаадугаар сарын 4-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын тогооч нарын тэмцээн болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Захирагчийн ажлын алба, Дэлхийн тогооч нарын холбоо, Монголын мастер тогоочдын холбоо хамтран Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Чингис хааны цом 2019” олон улсын тогооч нарын тэмцээн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг болон бусад албаны төлөөлөл, Монголын мастер тогоочдын холбооны удирдлагууд, тэмцээнд ур чадвараа сорьж буй тогооч нар оролцов.

Тэмцээний шүүгчээр Монгол, Солонгос, Румын, Хятад, Сыри, Казкастан, Миксикийн олон улсын эрхтэй шүүгчид, оролцогчоор Монгол, Турк, Солонгос, Хятад, Румын, Орос, Миксик, Сыр, Хятад улсын тогооч нарын төлөөлөл оролцож байна. Тэмцээн залуу тогооч, мэргэжлийн тогооч, багийн цом төрлүүдээр явагдах аж.

Энэ удаагийн тэмцээн нь Дэлхийн тогооч нарын холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тэмцээний зорилго нь Олон улсын шилдэг тогооч нараар дамжин Монгол хоолны соёлыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн ихээр татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино гэж тэмцээний зохион байгуулагчид нээлтийн үеэр онцолж байв.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Related image

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын даргад төслөө өргөн барилаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хүлээж авсан УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн төслийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар боловсруулсан. Энэ бол зөвхөн хоёр жил ч бус 20 жил яригдсан асуудал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард нийт, улс төрийн намууд төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлж байж батлах ёстой. Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоорой” гэв.

Categories
мэдээ улс-төр

Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдлоо

Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүний томилгоог хэлэлцлээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Ганзориг гишүүнийг УИХ-аас санал болгон томилуулсан юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилуулахаар нэр дэвшүүлсэн бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ.