Categories
мэдээ улс-төр

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Дараагаар нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрөл олголт ямар байдаг вэ? Говийн бүсэд нарны эрчим хүчийг ашиглах бодлого ямар байдаг вэ?

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

-Манайд бодлогын алдаа гараад байгаа. Нар, салхины эрчим хүчийг дэмжих бусад дэд бүтэц хэрэгтэй. Манайд байгаа нүүрсний генератууд дөрвөн цаг галлаж байж халаалтаа өгдөг. Сүүлийн үед ОХУ-аас авч ашиглаж байгаа. Өвлийн оргил ачааллын үед нарны эрчим хүч ашиглавал цахилгаан тасарна. Сүүлийн үед батерей хуримтлал үүсгэсэн юм билээ. Говийн салхитай бүс нутаг нар, салхины эрчим хүчийг хөгжүүлнэ.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Categories
мэдээ нийгэм

10 орчим тэрбумын хар тамхи тээвэрлэж явсан хүмүүс хэн байв

Image result for хар тамхи

БНТурк улсын Истамбул хот дахь Монголын консулын газрын ажилтнууд ХБНГУ-ын Дрезден хотод онц их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Тэд гурван сая орчим евро буюу 10 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний 500 граммаар жижиглэн боосон, нийт 70 кг геройн гэх мансууруулах бодис тээвэрлэж байсан нь ил болсон. Энэ талаар Гадаад харилцааны яам ч мэдээлэл хийсэн. Баривчлагдаад байгаа хүмүүсийн нэг нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Баттүшиг гэгч байсан бололтой. Харин түүний жолооч нь С.Эрдэнэбаяр гэгч нар байжээ. Б.Баттүшиг нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Б.Бат-Эрдэнийн хүү бөгөөд өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан юм байна. С.Эрдэнэбаярын хувьд Гадаад харилцааны сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор АНУ, Европын улсуудад ажиллаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Монголын өр өсч, ядуурал нэмэгдсэн

Парламентад суудалгүй намуудын төлөөлөл өнөөдөр (2019.06.06) Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН, ИЗНН, МҮАН, Эх орончдын нэгдсэн намаас УИХ, Засгийн газар шаардлага хүргүүлж буй аж. Тэд Оюутолгойн гэрээг яаралтай засах хэрэгтэй хэмээн үзэж байна.

Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “10 жилийн өмнө Оюутолгойн гэрээг байгуулахад олон хүн баярлаж байсан. Харин баярлаагүй, дургүйцэж байсан цөөхөн хүний нэг нь би. Би саад болж байсан учраас 2009 оны сонгуулиар намайг хуйвалдаж унагаагаад, 10 дугаар сард энэ гэрээг байгуулсан. Хэрэв би Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон бол одоогийн энэ гэрээ байгуулагдахгүй байсан” гэдгийг хэллээ. Тэгвэл тэр энэ Оюутолгойн гэрээг байгуулахаас татгалзаж байсан шалтгаанаа

  1. Монголын талын хувьцаа 34-хөн хувь байгаа нь буруу.
  2. Монголын өр нэмэгдэж байгаа нь буруу
  3. Монголын тал хэзээ ч ногдол ашиг авахгүй нь буруу гэж тайлбарлав.

Мөн тэрбээр Монголын баялгийн ашгийг хүртэж, алтан дээр суусан гуйлгачин гэсэн нэрнээс салахыг хүсч байгаа бол Оюутолгойн гэрээг яаралтай засах шаардлагатайг хэлж байна. Оюутолгойн алдагдалтай гэрээ хийснээс Монголын өр өсч, ядуурал нэмэгдсэн гэж тэрбээр үзэж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Шарилжны харшлын эсрэг тарилга хийлгэснээр харшлаасаа салж болдог

Урин дулаан цаг ирэхэд хүн болгон хөдөө гадаа гарахыг хүсдэг. Гэвч харшилтай хүмүүс эсрэгээрээ гэртээ ч амар тайван сууж чаддаггүй билээ. Ургамлын харшлын улмаас найтаах, хамар битүүрэх, нүд улайж, загатнах, нулимс гоожих гэх мэт шинж тэмдгүүд илэрч таныг зовоож байгаа бол дараах зөвлөгөөг дагаарай.

ХООЛЛОЛТ

Ургамлын гаралтай зарим хүнс нь ургамлын тоосонцрын адил харшлын урвал үүсгэж болох тул хүүхдийн хоол хүнсэнд онцгой анхаарвал зохино. Тухайлбал, зөгийн балаар харшилтай хүүхдээ тордохыг зөвлөмөөргүй байна. Хүүхэд модны тоосонд харшилтай бол: улаан лооль, киви, петрушка, хар чавга, лууван, интоор, алим, самар, тоор жимс өгч болохгүй. Зэрлэг ургамалд харшилтай бол: шийгуа, тарвас, халва, наранцэцгийн самар, майонез, гич, хүрэн манжин, хаш зэргийг хүнснээс хасна. Үрт ургамал харшилтай бол: гурил, квас, улаан буудай, манны каш, пудинг, зайрмаг, эрдэнэ шиш, хиам, кофе орлуулагч зэргээс татгалзах хэрэгтэй.

allergy food зурган илэрцүүд

ГЭРТЭЭ БАЙГАА ХАРШИЛ ХӨДӨЛГӨГЧӨӨС ЗАЙЛСХИЙХ

Та харшлаа намдаахыг хүсэж байгаа бол гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос шорооноосоо салж, гэрийн тэжээмэл амьтадаа цэвэр байлгах хэрэгтэй. Ингэснээр тоос шороо, нүдэнд үл үзэгдэх тоосонцороос хамгаалж харшил хөдөлгөх хүчин зүйлсийн нөлөөг бууруулдаг. Мөн уксус нь цонхны тавцан, чийглэг газарт мөөгөнцөр үүсэхээс сэргийлдэг тул хөвөнд шингээж эдгээр газруудыг хөнгөхөн арчихад гэмгүй.

dog allergy зурган илэрцүүд

ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ

Та харшлын эмийг хяналтгүй, дур мэдэн авч хэрэглэж болохгүй. Өөрийн биеийн онцлог, нас гэх мэт зүйлсээс хамааран эмчийн заавраар эм авч хэрэглээрэй.

Холбоотой Зураг

ШАРИЛЖНЫ ХАРШЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЛГЭХ

Ийм төрлийн вакциныг 2-3 жил дараалж хийлгэснээр та харшилгүй болох боломжтой. Ерөнхийдөө долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийлгэх ёстой байдаг бөгөөд энэ төрлийн эмчилгээг Арьсны өвчин судлалын үндэсний төвд хийдэг байна.

вакцин аллерги зурган илэрцүүд

Б. САРУУЛ

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт: Би дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхийг зорьж байна

WBC бүсийн аврагын төлөөх тэмцээн удахгүй болно. Энэ талаар Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр мэдээлэл хийлээ.

МУГТ Н.Төгсцогт нь WBC холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин Гари Рассель Жуниортой тулалдах байжээ. Гэвч Гари Рассель Жуниор тэрхүү саналыг хүлээн аваагүй байна. Хэрвээ энэ саналыг хүлээн авахгүй бол WBC холбооноос АНУ-ын боксчин Гари Рассель Жуниорны аврагын бүсийг хураах аж. Тэрбээр мэдээлэлдээ:

-Би бүх холбооны бүсийг цуглуулж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхийг зорьж байгаа. Мэргэжлийн боксын холбоотой гэрээ байгуулсан учраас дараагийн 12 дахь удаагийн тулааны талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн хэмжээний тэмцээнээс монгол балетчин хүү алтан медаль хүртжээ

Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй “World Ballet Grand Prix” тэмцээнд Мөнх-Эрдэнийн Тэлмэн хэмээх Монгол хүү алтан медаль хүртжээ.

Анх дөрөвдүгээр ангиа төгсдөг жил, 10 настай байхдаа Монгол Улсын консерваторид шалгуулж, тэнцсэнээр балетын ертөнцөд хөл тавьжээ. Долоон жилийн дараа сургуулиа төгсөөд дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэтэй холбогдож, АНУ-ын “Kirov Academy of Ballet” их сургуульд 100 хувь тэтгэлгээр суралцсан байна.

Энэ удаагийн тэмцээн нь Монгол хүн анх удаа алтан медаль авч байгаагаараа онцлог юм. М.Тэлмэн энэхүү нэр хүндтэй шагналаа дагалдуулан 60000 доллараар шагнуулжээ. Тэрээр энэ сарын 12-нд эх орондоо ирэх аж.

Н.АМАРТҮВШИН


Categories
мэдээ эдийн-засаг

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийг баталлаа

Related image

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын өргөн барьсан “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид нэг хувийн татвар ногдуулах болсонтой холбогдуулан хуулиудын уялдааг хангаж, дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид онцолж буй.

Уг хуулийн төсөл ийн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дараах боломжууд нээгдэх юм.

-Жилийн 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН нэгж “бичил” гэсэн ангилалд хамаарч байсныг 300.0 сая төгрөг,

-250-500.0 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

Мөн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 300 сая хүртэл төгрөгийн зээлийг сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг банкаар дамжуулж олгох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

”Азийн хөрөнгө оруулагчид Монголд” чуулган болно

"Азийн хөрөнгө оруулагчид Монголд" чуулган болно

”Азийн Хөрөнгө Оруулагчид Монголд” чуулган VI сарын 13-нд “Их Монгол” төвд болно. Энэ үеэр онлайн худалдаа, экспортын зөвлөх үйлчилгээний “Пакс Монголика” ХХК, Япон улсын маркетинг, борлуулалтын үйлчилгээ үзүүлэгч 3-н том компанийн нэгдэл “Glowd Inc” группын үүсгэн байгуулагчид, БНСУ-ын онлайн худалдааны “Zeffiro Inc” группын удирдлагууд, ӨМӨЗО-ы шууд худалдааны “Монгол Хан” компани хамтран үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Зүүн Азийн зах зээлд борлуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, экспортын боломжуудын талаар мэдээлэл өгч, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны зорилгоор “Азийн зах зээлд гарах гүүр” арга хэмжээг анхны жилдээ зохион байгуулах аж.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Сингапур улсад хийх айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнаны урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 6 дугаар сарын 6-7-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Сингапур Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм.

Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Др. Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засаг болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцоно.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ази, Ойрхи Дорнод, Австрали зэрэг 26 улсад англи хэлээр нэвтрүүлгээ цацдаг Channel News Asia сувгийн Asia First шууд нэвтрүүлэгт оролцохын зэрэгцээ Сингапур Улсын Ерөнхий сайдын ажлын албаны харъяа Үндэсний Судалгааны санд зочилж, үйл ажиллагаатай нь танилцана.

Айлчлалын хоёр дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киатад бараалхахын зэрэгцээ “Монгол, Сингапурын Бизнесийн яриа хэлэлцээ” арга хэмжээнд оролцох юм. Айлчлалын хүрээнд мөн Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн орнуудад суугаа Элчин сайд нартай зөвлөлдөх уулзалт хийнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Реппер Энэрэл анхны бие даасан тоглолтоо хийнэ

Реппер Энэрэл энэ сарын 22-нд анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Тус тоглолт “White Rock Center”-т болох бөгөөд бямба гарагийн 20 цагаас 02 цаг хүртэл үргэлжлэх аж. Тасалбарын хувьд 40000 төгрөгөөр борлуулагдаж байгаа юм байна.

Б.САРУУЛ