Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан билээ. Тиймээс өчигдрийн хуралдаанаар дээрх хоёр асуудыг хэлэлцлээ. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцэв.
Улаанбаатар хотын Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Танилцуулгад нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллагын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, 2018 оны эцсийн байдлаар 13,799-д хүрээд байгааг дурдав. Уг харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй, 2014 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталж байжээ.
Гэвч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан тул тус журам эрх зүйн чадамжгүй болж, шинэчлэн, боловсронгуй болгох шаардлага тулгарсан талаар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэв. Мөн тэрбээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд, зориулалтын бус байранд хүнсний бүтээгдэхүүн худалдаж буйгаас үүдэн нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал алдагдаж байгааг хэлсэн.
2018 оны нэгдүгээр сараас уг журмыг шинэчлэн найруулж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус 29 байгууллагаас санал авч тусган, холбогдох хурлаар хэлэлцүүлжээ. Мөн есөн дүүрэгт 16 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй, нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангахад эдгээр уулзалт, хэлэлцүүлгүүдийн зорилго оршиж байжээ. Журмын төсөл 10 бүлэг 160 заалттай. Худалдаа, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын төрөл нэмэгдэж буй тул үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн заалт оруулжээ.
Журмын төслийн танилцуулгыг сонсож, Хурал дахь хоёр намын бүлгээс дүгнэлт хэлэв. Төлөөлөгч М.Тулгат АН-ын бүлгийн дүгнэлт, саналыг уншиж, танилцуулав. Санал, дүгнэлтэд “Худалдаа үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох үйл явцыг нийслэлд төвлөрүүлэх бус дүүргүүд зэрэг иргэдэд ойртуулж өгснийг дэмжиж байна” гээд зарим заалтад өөрчлөлт оруулах санал хэллээ. Нийслэлийн ИТХ-ын Хууль, эрх зүйн хороо болон Нийгмийн бодлогын хорооноос журмын төслийг хэлэлцэхийг дэмжив. Ингэхдээ гэсэн санал гаргалаа.
Намын бүлгүүд болон хороодын санал дүгнэлтийг сонсож, төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авлаа.
Төлөөлөгч Ц.Байгалмаа: -Орон сууцны байрны I давхарт согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг цуцалж болдоггүй юм уу гэж иргэдээс санал олон ирүүлдэг. Журмаар үүнийг цэгцлэх үү?
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр: -Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчилсэн. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд цэнгээний газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг судалсан. Ингээд орон сууцны хотхон хороолол доторх цэнгээний газрыг 00.00 цагаас хойш ажиллуулахгүй байх зохицуулалт хийсэн.
Төлөөлөгч Б.Бямбадорж: -Тамхины хяналтын хуулийг мөрдөж эхлээд зургаан жил болж байна. Гэвч ТҮЦ бүхэн тамхи зарж байна. Ямар байдлаар хяналт тавих юм бэ. Журмыг зөрчсөн бол “хар жагсаалт”-д оруулна гэсэн байна. Ямар учиртай болохыг тайлбарлаж өгнө үү. ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулж буй олон хүн бий. Тэр хүмүүсээ яаж дэмжих вэ?
Нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал: -ТҮЦ ажиллуулах үйл явц өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалтгүй байна. Тиймээс байршлуудыг нь тогтоож, цэгцэнд оруулах шаардлага бий. ТҮЦ ажиллуулж буй хүмүүстэй удахгүй уулзалт хийнэ. Нийслэлд хориотой үйл ажиллагаа явуулдаг, түүнийг нь удаа дараа илрүүлээд засахгүй бол тухайн байгууллагын мэдээллийг бид иргэдэд нээлттэй мэдээлж байх юм. Үүнийг “хар жагсаалт” гээд байгаа юм.
Төлөөлөгч М.Эрдэнэтуяа: -ТҮЦ-ийн стандартыг боловсруулах ёстой. Хэзээ боловсруулж дуусах вэ? Хууль тогтоомжоор хориглосон бараа, бүтээгдэхүүн гэж юу вэ, ойлгомжтой болгох хэрэгтэй байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: -ТҮЦ-ийн нэр, томъёоны стандарт бий. Харин үйл ажиллагаа явуулах стандарт гэж байхгүй. ТҮЦ-ээр хүнсний бүтээгдэхүүн худалдах нь аюултай. Тиймээс хориглох нь зүйтэй юм.
Энэ мэтээр төлөөлөгч Ч.Гантулга, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, М.Тулгат нар холбогдох албаныхнаас ТҮЦ-ийн байршлыг хэрхэн гаргах, дүүргийн удирдлага түүнд ямар оролцоотой байх, холбогдох бусад хуульд нийцэж байгаа, эсэхийг тодруулсан юм. Ингээд төлөөлөгчид журамтай холбогдуулан саналаа хэлсэн юм. Тоймлон хүргэе.
Төлөөлөгч Ц.Баатархүү: -Худалдаа, үйчилгээ эрхэлж буй болон үйлчлүүлж буй хүмүүсийн эрх ашгийг хамтад нь хамгаалах хэрэгтэй. Дэлхийн бусад хотуудын үйл ажиллагаа ухаалаг болж байна. Ялангуяа, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт зөвшөөрөл олгох явц дарамтгүй, цахимаар өгдөг байх хэрэгтэй. Тиймээс үүнийг судалж, ажил хэрэг болгох нь чухал юм.
Төлөөлөгч Б.Бямбадорж: -Хариуцлагын тогтолцоог оруулах хэрэгтэй. Энэ журам гурван том салбарыг хамарч байна. Тиймээс журмыг ХЗДХЯ-нд бүртгүүлэхэд анхаарах хэрэгтэй. ТҮЦ-ээр хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй гэснийг анхаарах хэрэгтэй.
Төлөөлөгч Ц.Одонтунгалаг: -Хоёр заалтыг өөрчлөх саналтай байна. Зайрмаг зэргийг хөргөгчинд хийгээд ТҮЦ-ээр худалдаж болно. Журмын 9.2-т журам зөрчсөн хүн төрийн үйлчилгээ авах эрхгүй болгоно гэсэн заалт байна. Үйлчилгээ эрхэлж алдаа гаргаад төрийн үйлчилгээ авахгүй болно гэж байж болохгүй. Үүнийг дахин найруулах хэрэгтэй.
Төлөөлөгч Т.Батцогт: -Төр хувийн хэвшлийг бүх талаар нь дэмжих ёстой. Гэхдээ дэмжиж байна гээд иргэдийнхээ эрх ашгийг зөрчиж болохгүй. Тиймээс анхаарч ажиллах хэрэгтэй.
Төлөөлөгч Ч.Гантулга: -Стандарт, бүсчлэл анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн дэн буудлуудыг шалгаж, хууль зөрчиж байгаагийнх нь үйл ажиллагааг зогсоох ажлаа эрчимжүүлэх шаардлагатай. Мөн хуучны орон сууцнуудын угсармал барилгын бункеруудыг хааж, ангилсан цэг байгуулах хэрэгтэй байна.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааны үргэлжлэлээр “Нийслэлийн нутаг дэвсгэр худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэхдээ намын бүлгүүд, хороод болон төлөөлөгчдийн гаргасан саналыг хэлэлцэн, зарим заалтад өөрчлөлт оруулан баталсан юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва баталсан журмын талаар “Таван мянга гаруй иргэний аж амьдралтай чухал журмыг хэлэлцэн баталлаа. Ингэснээр бизнес эрхлэгч журам, дүрмийн дагуу үйл ажиллагаатай явуулах нөхцөл бүрдэж байна” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг ирэх Даваа гарагийн 10.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо. Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авахаар хүсэлт гаргаснаар ийнхүү хойшлуулж тогтов. Үргэлжлүүлэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг сонсов.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба хийв. Тэрбээр хуулийн төслийн талаар товч танилцуулж, “Тус хуулийн шинэчлэлийн талаар нийслэл, дүүргийн түвшинд хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр цөөнгүй санал ирсэн. Тус хуулийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж буй. Тиймээс Та бүхэн саналаа өгөх боломжтой” гэсэн юм.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал хийлээ. Танилцуулгад дурдсанаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан, зарим хуулиар зохицуулж болох заалтыг хасах санал гаргасан байна. Тухайлбал, газрын харилцаа, хот тохижилт, авто замын бүтээн байгуулалттай холбоотой заалтыг хасах санал гаргажээ. Учир нь эдгээр ажлыг заавал хуулиар зохицуулж, хийх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин шинээр нийслэл хотын дүрэм, нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй холбоотой заалтыг нэмэх санал гаргаж буй аж.
Танилцуулга мэдээллийг сонсоод нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авч, саналаа хэллээ.
Төлөөлөгч Д.Баттулга “Хотын дүрэм чухал. Үүнийг хуульд тусгах боломжтой бол үүгээрээ явах нь зөв. Засаг дарга нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч. Гэвч өдгөө яамдуудад төсвийг хувааж, Засаг даргад эрх шилжүүлдэг. Тэгэхгүйгээр төсөв баталж, Засаг даргыг ерөнхийлөн захирагч болгох хэрэгтэй. Тэгэхээр Засаг дарга Засгийн газрын гишүүн байх уу гэдэг асуудал гарна. Үүнийг шийдчихвэл сайн. Мөн Засаг дарга нутаг дэвсгэртэй үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн ажлын цагийн хуваарийг зохицуулах үүрэгтэй. Энэ заалтыг хасуулж болохгүй.
Бас нэг асуудал байгаа нь тусгай хамгаалалттай газрын асуудал. ” гэсэн юм.
Төлөөлөгч Ж.Алдаржавхлан “Нийслэл, дүүргийн төлөөлөгчдийн тоог тогтоох хэрэгтэй. 1.5 сая хүн амтай хот 45 төлөөлөгчтэй байхад дүүрэг мөн тооны төлөөлөгчтэй байдаг. Тиймээс тодорхой болгох хэрэгтэй. Боломж бий юу” гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямбын хэлж буйгаар аль нэг шатны хурлыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд байхгүй болгох, эсвэл төлөөлөгчдийн тоог цөөлөх асуудал яригдаж байгаа ажээ. гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ мэдээллээ.