Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Солонгос Монголын харилцаанд хохирч үлдэх нь манайх шүү?

Ойрын үед БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болоод Элчин сайдын яамтай холбоотой элдэв яриа хөөрөө гарах болсон. Тухайлбал, Монголд суугаа Элчин сайдыг виз олголтод хөндлөнгөөс нөлөөлсөн, зуучлагчидтай хуйвалдсан, виз мэдүүлэгчийн хураамжийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгааг Солонгосын “SBS” суваг мэдээлсэн тухай Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугих болсон. Харин үүнд Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас албан ёсны мэдэгдэл гаргасан. “Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг талыг баримталсан, бодит байдлаас зөрүүтэй, шалгаж судлаагүй мэдээ гаргасан учир Элчин сайд тэр даруй БНСУ-ын Засгийн газарт хүсэлт гаргасан. Албан ёсны шалгалт хийж үнэн мөнийг удахгүй тогтооно” гэдгээ илэрхийлсэн.

Өмнөд Солонгосын Элчин сайдын яамтай холбоотой асуудалд манайхан бүхий л анхаарлаа хандуулдаг. Хүн бүр өөрийнх нь амь амьдралтай холбоотой асуудлыг ярьж байгаа мэтээр “яав ийв” гэж сэртэсхийдэг. Энэ нь ч аргагүй юм. Монголчуудын хувьд хамгийн их харилцаатай, ялангуяа ард иргэдийн ахуй амьдралын харилцаатай бараг ганц улс нь өмнөд Солонгос болчихоод байгаа. Мөн манайхны монгол хэлээс гадна хамгийн сайн мэддэг хэл нь солонгос хэл болсон. Солонгост очиж ажил хөдөлмөр эрхлээгүй айл өрх гэж байхгүй. 50 орчим мянган монгол иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Монголын нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний тоо. Одоогоор визний мэдүүлэг өгчихөөд байгаа иргэдийн тоог гаргахад асуудалтай.

Нэг өдөрт гэхэд 800-гаас 1000 хүн шинээр визний мэдүүлэг өгч буйг Монгол дахь Солонгосын Элчин сайдын яамнаас гаргасан. Хагас жилд гэхэд л дунджаар 170-аад мянган хүн визний мэдүүлэг өгч байна. Солонгост хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаад иргэдийн дунд гурван сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувь нь нэг тэрбум 400 сая хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд буюу сар бүр 500-600 хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байна. Энэ нь тоон үзүүлэлтээрээ 170 гаруй улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамдаас Монгол дахь Элчин сайдын яам нь дэлхийд нэгдүгээр байрт ордог юм гэсэн. Монгол бол өмнөд Солонгосоос хүн бүр, айл өрх бүр нь хамааралтай ийм л орон болсон. Монгол дахь Солонгосын Элчинг визний асуудалд хөндлөнгөөс оролцдог, хахууль авдаг гэх албан бус мэдээллүүд байна л даа. Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр хоёр орны харилцааны эдгээр асуудалд манай талаас их юм байна аа.БНСУ-д Монгол Улсаас төлөөлж суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай холбоотой бүр ноцтой асуудлууд дуулддаг. Монгол руу ирэхээр визний мэдүүлэг өгсөн солонгосуудыг айхавтар чангалдаг, улаан цайм хахууль нэхдэг, маш их чирэгдэл, хүнд суртал учруулдаг гээд л үнэн эсэх нь баталгаагүй мэдээллүүд яригдсаар удаж байна.

Монголын төр ард түмний хувьд ийм их хамааралтай, ахуй амьдралтай шууд холбоотой оронд тоомжиргүй хандаж байгаа юм шиг хэнийг ч, хэзээ ч хамаагүй элчингээр томилдог.“Монгол дахь Солонгосын Элчин сайдтай холбоотой мэдээллүүдийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл айхавтар шуугиан болгож гаргах юм. Яг үнэндээ бол Солонгост байгаа Монголын Элчингийн авир ааш, зан суртахуун ажилдаа хандаж байгаа байдал хэрээс хэтрээд байгаа сонсогдох юм. Гэвч тэр тухай мэдээлэл огтоос чимээ аниргүй байна, тэр аюултай” гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгэхээр хоёр улсын дипломат харилцаанд аль аль элчин сайд нь хариуцлага алдаад байх шиг байна. Хариуцлага алдаж байгаагийн гол эзэн нь Монголын төр засаг болж хувираад байна. Яагаад гэвэл Монгол Улсаа төлөөлж БНСУ-д дипломат ажил эрхэлж байгаа Элчин сайд үндсэн үүргээ ухамсарлахгүй, хоёр улсын найрсаг, дипломат харилцааг үл тоосон шинжтэй, хариуцлагагүй, ажилдаа тааруухан хандаад байна уу даа.

Мөн дээрээс нь манай эндэх төр засгийн байгууллагууд, ялангуяа Цагдаагийн ерөнхий газар Солонгос руу гарахаар визний мэдүүлэг өгсөн иргэдийн тодорхойлолтыг худлаа гаргаж байна. Хичнээн жил ажил эрхэлсэн, нийгмийн даатгал хэрхэн төлсөн, хулгайн хэрэгт холбогдсон эсэх, хууль шүүхийн байгууллагаар орж гэмт хэрэгт холбогдож байсан зэргийг хариуцлагатайгаар үзэж хяналгүйгээр тодорхойлолтыг нь шууд гаргаад өгчихөж байна. Солонгосын элчин дээр визний мэдүүлэг удаж байгаа нь ерөөсөө үүнтэй холбоотой. Монголоос ажил хийхээр очиж байгаа залуус Солонгост бүлэглэн хулгай хийдэг, наад зах нь таксины жолоочийг дээрэмддэг, зоддог, ийм хэрэг тасрахаа байсан учир Солонгосын Засгийн газар, Гадаад харилцааных нь яамнаас Монголын Элчин сайдын яаманд албан ёсоор мэдэгдэл хүргүүлж визний шалгалтыг чангалахыг үүрэгддэг.

“Виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримт дунд хуурамч бичиг баримтын төрөл болон тоо харьцангуй их байна. Хуурамч бичиг баримтын төрөл урьдчилан таамаглах аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд тооны хувьд нэг долоо хоногийн хугацаанд хэдэн зуугаар тоологдоход хүрч байна. Энэхүү үйлдэл нь харилцан итгэл эвдэж буй үйлдэл болоод зогсохгүй, Солонгос, Монгол хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоог зөрчиж буй нэгэн төрлийн гэмт хэрэг тул нарийвчлан шалгах замаар тэмцэхээс өөр аргагүй. Олон удаагийн визний журмын өөрчлөлттэй холбогдуулан гэрлэлтийн лавлагаа, төрөөгүй хүүхдийг төрсөн болгож харагдуулахаар төрсний бүртгэлийн лавлагаа, улсын байгууллагаас олгодог нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хуурамчаар үйлдэх нь улам нэмэгдсээр байна” гэж Монгол дахь Солонгосын Элчин сайдын яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсан. Мөн “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан БНСУ-д ойролцоогоор 20.000 гаруй иргэн хууль бусаар оршин суугаа хэдий ч Солонгосын Засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Хэдий тийм ч БНСУ-ын хууль дүрмийг зөрчин хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэх зэрэг хууль бус үйлдэлд нааштайгаар хандах боломжгүй” гэдгээ албан ёсоор илэрхийлсэн юм.

Солонгос улс бидэнд ямар гэм хийсэн гэж манайхны хулгайчуудыг тэжээх ёстой юм бэ. Монголын хулгайчид, боловсролгүй, зэрлэг бүдүүлэг архичдаас айж эмээсэндээ элчингийнхэн визний мэдүүлгийг нарийн нягт шалгаж байгаа. Монгол Солонгосын Элчин сайдуудын хувийн аяг араншин ажилдаа тааруухан хандаж байгаа байдал ялангуяа Солонгост байгаа Монголын элчингийн төрийн дипломат ажлыг хариуцлагагүй хийж байгаа байдлаас шалтгаалж хоёр орны хоорондын харилцаа сэвтэх вий гэсэн болгоомжлол сүүлийн үед төрөх боллоо. Хэрвээ ийм байдал үүсвэл хамгийн их хохирч үлдэх нь Монгол Улс шүү.

Монголын эдийн засаг уначихсан, засаг төр юу ч хийхгүй зөвхөн ширээ сандлын төлөөх хэрүүл хийж, өөрсдөө л дарга сайд болж ууж идэх гэж улайрч тэмцсэн сүүлийн гурван жилд монголчууд бид солонгосуудаар тэжээлгэж амь зогоож байна. Ядарсан монголчуудыг гурван сар жуулчилна гэдэгт итгээд виз өгч байгаа тэнэг солонгос гэж байх уу даа. Үнэхээр биднийг ажил хийж таван төгрөг олог дээ гээд виз гаргаж байгаа. Жуулчлах биш, ажиллах гэж явааг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ард иргэдийнхээ энэхүү бодит амьдралыг харахад хамгийн их хохирч үлдэх нь монголчууд бид гэдэг ойлгомжтой. Солонгос явж ажиллаад байрны урьдчилгаа хийж байгаа, машин аваад уначихаж байгаа, өр зээлнээсээ салж байгаа, хүүхдийн сургалтын төлбөрөө төлж байгаа гээд ахуйн амьжиргааны өчнөөн дарамтнаас салж байгаа маань үнэн. Сэтгүүлч, эмч, багш нарт урт хугацааны виз олгоно гэж мэдэгдсэнээс хойш виз мэдүүлж байгаа иргэдийн дийлэнх олонх нь багш, сэтгүүлч, эмч болчихсон байна гэсэн хөөрхий минь.

Ард иргэдийн амьдралд ийм бодит нөлөөтэй байдаг байж, харин улс төр талаасаа гэвэл бүр ч их нөлөөтэй орон нь Солонгос юм. Монголчууд бид аргаа барсан үедээ дэлхийд гарах гэж амь тэмцвэл Солонгосоор л дамжиж таарна. Учир нь Монгол Улс авторитари буюу ганц хүний дэглэмтэй хоёр хөршийн дунд хавчуулагддаг. Ардчиллын үнэт зүйлийг хадгалж байгаа гэдгээрээ монголчуудын гол найдвар нь Солонгос. Энэ бүгдээс үзэхэд дипломатуудын будлианыг хаана хаанаа анхаарч үзэх шаардлагатай байна. Эцэст нь дахин сануулахад, хоёр орны харилцаа муудвал солонгосуудад Монгол ёстой нэг түй ч хамаагүй, харин монголчууд бид Солонгосгүйгээр амь зуух аргагүй гэдгээ бодох хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Хүүхдэдээ суудлын бүс зүүлгэж хамгаалахыг аминчлан захисан ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙНХАН

Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн Эх үрсийн баярын өмнөх өдөр ажил ихтэй байв. Баярын өдөр бүх нийтээр амарч, хүүхэд багачуудаа баярлуулдаг бол цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болно. Маргааш ажилтай гэхээр хүүхдүүд чинь дургүйцэх байх даа хэмээн асуухад алба хаагчид “Бүлтгэнээд зогсож байгаа үр хүүхдээ хараад өрөвдөх ч үүнийгээ мэдэгдэхгүйг хичээж ажилдаа гарна шүү дээ” хэмээсэн. Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн долоон хүний бүрэлдэхүүнтэй. Тэд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулах, олон нийтэд мэдээлэл түгээх, гарч байгаа ослуудад дүн шинжилгээ хийж, осол гэмтлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургууль амарч, аялал зугаалгын улирал ирж байгаатай холбоотойгоор зам тээврийн ослоос болж хүнд бэртэх, амь насаа алдах тохиолдол эрс өсдөг байна. Өөрөөр хэлбэл, жолооч нар хотоос гарч хурд мэдэн давхих “эрх чөлөө”-г хэтрүүлэн мэдэрснийхээ төлөөсөнд өөрийн болон гэр бүл, тэр дундаа үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг золиосонд гаргаж байгааг цагдаагийн алба хаагчид анхааруулж байсан юм. Ер нь урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн ам нээх бүртээ хэрхэн анхаарал болгоомжтой зорчих тухай “үглэсээр” байгаад сурчихсан бололтой. Мэргэжил, ажлын онцлог гэж энэ биз ээ.

Хошууч Б.Лхагважаргал

МЭДЭЭЛЭЛ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН УТАС ҮЛ АМАРНА

Нийслэлийн хэмжээнд гарч байгаа автомашинтай холбоотой осол гэмтлийн дуудлагыг Тээврийн цагдаагийн албаны нэг давхарт байрлах Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хүлээн авдаг. Биднийг 12:30 цагт ороход таван хүний бүрэлдэхүүнтэй баг чөлөө завгүй ажиллаж байлаа. Хананд хэд хэдэн дэлгэц байрлуулж, дөрвөн замын уулзваруудад зоосон камеруудаар авто замын хөдөлгөөнийг шууд хүлээн авдаг байна. Ерөнхий жижүүрээр хошууч Р.Мөнхтогоо, ерөнхий эргүүлээр дэд хурандаа С.Галбадрах, мэдээлэл хүлээн авагчаар ахлагч Б.Мөнхбат, Э.Сүхбат, дэд ахлагч Б.Анхболд нар ажиллаж байлаа. Операторын утас тасралтгүй хангинана. Харилцуур ганц минут нам гүм байвал бараг л рекорд үзүүлэлт хэмээн хэлж болох аж. 102 утсанд ирсэн дуудлагаас авто замын осолтой холбоотойг нь эднийх рүү холбодог байна. Хэрэв автомашины ослын улмаас хүн гэмтсэн, нас барсан дуудлага байвал Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн илгээдэг аж. Бусад тохиолдолд зургаан дүүргийн цагдаагийн алба хаагчид ослын газар руу очдог байна. Дуудлага хүлээн авч, цагдаагийн алба хаагчид очих хугацааг тодруулахад ахлагч Э.Сүхбат “Секунд, минутаар яригдана. Дунджаар 5-10 минут болно. Замын түгжрэлээс хамаарахгүйгээр дуудлагын газар богино хугацаанд очино” хэмээсэн юм. Цагдаагийн алба хаагчид осол болсон газар очоод цагаа дардаг байна.

Хэрэв цагаа дарахгүй бол ослын газар очиж амжаагүй яваа гэсэн үг. Тиймээс удирдлагын төвөөс дахин дахин холбогдож, шавдуулдаг аж.

Ер нь Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн залуустай тухтай хэдэн үг солих боломж алга. Ганц асуулт асууж амжаагүй байтал харилцуур нь хангинана. Нэг дуудлага аваад үргэлжлүүлээд дахин дуудлага авна. Тиймээс тэдэнд саад бололгүй, бас шаардлагатай мэдээллээ авна гэдэг “чанга” ажил байлаа.

Өдөрт авто машины осол, гэмтэлтэй холбоотой 250-350 дуудлага ирдэг байна. Ихэнхийг машин шүргэлцсэн гэх дуудлага эзэлдэг аж. Өглөөнөөс хойш 13:00 цагийн байдлаар нийт 100 орчим дуудлага ирээд байв. “Залуучууд” зочид буудлын орчим явган хүн шүргэсэн зэрэг дуудлагыг эс тооцвол хүн ноцтой гэмтсэн, амиа алдсан дуудлага бага. Ер нь харьцангуй тайван байгааг алба хаагчид хэлсэн. Өдрийн аль ч цагт дуудлагын ачаалал ижил байдаг байна. Харин сургууль, цэцэрлэг орох, тарах үеэр, мөн орой хөдөлгөөн татарсан үед болсон ослуудаар ноцтой гэмтэл бэртэл авах, амь насаа алдах тохиолдол илүүтэй гардаг аж.

Түүнчлэн, нэг удаа интернэт ороод мэдчих боломжтой, шаардлагагүй зүйлсийг их асууж байгааг хэлсэн. Тухайлбал, шуурхай удирдлагын төвөөс дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг хаагуур тогтоосон, мөн машиныг нь таглаж тавьсан жолоочийн утас, жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаар асууж олон залгадаг аж. Тэгвэл үүнийг Авто тээврийн үндэсний төв, ЦЕГ-ын Лицензийн төвөөс лавлаж асуух хэрэгтэйг хэлсэн. Мөн цахим орчинд энэ тухай мэдээлэл хангалттай бий. Жолоо мушгидаг хүн бүр нэг удаа анзаараад, мэдээд авчих хэрэгтэйг сануулсан.

“ХУРД БОЛ ХУРД. ХҮҮХЭД БОЛ ХҮҮХЭД”

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, “Драгон” төвийн ойролцоох авто замын гарцаар гарч явсан бага насны хүүхдийг мөргөж, ослын газрыг орхиж явсан гэх дуудлага ирсэн. Энэ дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж хүүхэд мөргөсөн гэх жолоочийг саатуулсан юм. Хэрэг явдлыг бүрэн тодруулаагүй тул эцсийн байдлаар дүгнэсэн мэдээлэл өгөх боломжгүй байсан. Ахлах мэргэжилтэн, хошууч Г.Эрдэнэсүх “Өнөөдрийн осол Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Тухайн жолооч явган хүний гарцан дээр хүүхэд мөргөсөн осол гаргасан. Мөн ослын газрыг орхиж явсан. Үүний дагуу ойролцоох постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч шуурхай эрэн сурвалжилж тухайн жолоочийг илрүүлж журамласан. Тухайн жолоочид Эрүүгийн хуулиар арга хэмжээ авна. Жолооч осол гаргаж хүн мөргөсөн, мөн ослын газрыг орхиж явсан гэдгээр давхар арга хэмжээнд тооцогдож байгаа. Хэрэв осол гаргасан бол тухайн газраа зогсоод цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулах юм бол зөв буруу нь тогтоогдоод явна” хэмээн мэдээлсэн. Мөн урин дулаан цаг болж хүүхэд хараа хяналтгүй явах асуудал гардаг тул хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж, 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг захисан.

Харин хүүхэд мөргөсөн гэх жолоочийг авчирахад айсан байдалтай, хөлс нь бурзайсан байв. Тэрбээр, мөргүүлсэн хүүхэд ахтайгаа зугтаад явчихсан тул сайн дураараа цагдаагийн байгууллагад очсон, мөн мөргүүлсэн хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан байна лээ хэмээн алба хаагч нарт тайлбарлаж байлаа. Түүнээс болсон явдлын талаар тодруулахад “Драгон худалдааны төвийн тэнд явж байсан. Гарц таарсан. Хүүхэд гэнэт гарч ирээд осол гарсан. Асран хамгаалагч байхгүй 7-9 насны хоёр хүүхэд явж байсан. Том нь зогссон, жижигхэн нь зогсож чадаагүй. Уг нь 10-11 км цагийн хурдтай явж байсан юм. Гэхдээ хурд бол хурд. Хүүхэд бол хүүхэд юм байна. Ослын газраас хоёр хүүхэд зугтчихсан. Би хайгаад олоогүй учраас замын цагдаа дээр ирсэн. Хүүхдээ болгоомжтой, асран хамгаалагчтай явуулаарай гэж хэлмээр байна” гэсэн юм.

Шуурхай удирдлагын төвд 15:00 цагийн орчим ирсэн дараагийн нэг ноцтой дуудлага бол Баянгол дүүргийн ахуйн үйлчилгээний уулзвар дээр микро автобус, “Приус-20” маркийн автомашинтай мөргөлдлөө гэх дуудлага байв. Дуудлагын дагуу бэлэн байдалд байсан бүрэлдэхүүн ослын газар руу хөдөллөө. Биднийг шуурхай очиход микро автобус уулзварын голд бөөрөөрөө унасан харагдав. Микро автобусны урдхан “Приус-20” маркийн автомашины хамар чихэгдсэн байдалтай байв. Замын цагдаа ирж хөдөлгөөн зохицуулж байлаа. Гэмтсэн иргэдийг эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явжээ. Ослын газар очсон бүрэлдэхүүн осолдсон автомашинуудыг тойруулж анхааруулах тэмдэг тавьж, хэргийн газар үзлэг хийж, гэрэл зургаар баримтжуулах, жолооч нараас эхний байдлаар тайлбар мэдүүлэг авах зэргээр ажил өрнөсөн. Осол гарсан байхад жолооч нар уулзвар руу шахаж орж ирэх, цагдаагийн тавьсан шаардлагад “Та автомашинд халхлагдаад харагдаагүй” зэргээр тайлбар тавьж ихээхэн хүндрэл учруулдаг нь анзаарагдсан.

Ер нь ослын газар очиход эвдэрсэн хэсэг, хагарсан шил, хэн нэгэн мөргөж эвдсэн болов уу гэмээр ул мөр зэргийг харахад шууд л сэтгэл тавгүйтэх аж. Мөн хөдөлгөөн зохицуулах гэж замын цагдаа багагүй бухимддаг бололтой. Тэгэхээр байнга ийм дүр зурагтай нүүр тулдаг цагдаагийн алба хаагчдын хувьд гэр бүлийн дэмжлэг ихээхэн чухал юм шиг санагдсаныг нуух юун.

Урьдчилсан байдлаар микро автобусанд арав гаруй хүн явж байжээ. Ослын улмаас гурван хүүхэд, хоёр эмэгтэй хөнгөн бэртсэн гэсэн мэдээлэл дуулдав. Мөн микро автобус улаан гэрлээр орсны улмаас приус маркийн автомашинтай мөргөлдсөн хэмээн урьдчилан дүгнэж байв.


Баянгол дүүргийн Ахуйн үйлчилгээний уулзварт болсон осол

ХҮҮХДЭЭ ЗОРИУЛАЛТЫН БҮС ХЭРЭГЛҮҮЛЖ ТЭЭВЭРЛЭХГҮЙ БОЛ ЯМАР Ч САНУУЛГАГҮЙ ТОРГОНО

Хүүхэд зам тээврийн осолд өртөнө гэдэг хамгийн шаналалтай зүйл. Дээрх хоёр тохиолдлын хувьд ч мөн л хүүхэд хохирогч болсон байв. Ялангуяа, бага насны хүүхэд сандарсан үедээ ямар ч үйлдэл хийж мэдэх хэцүү “улс”. Үүнд хүүхдийг буруутгах ямар ч боломжгүй. Дээрх жолоочийн хэлсэн шиг хүүхэд бол хүүхэд юм. Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал сонсоход хүнд боловч бодит байдлыг өгүүлсэн. Тэрбээр “Эх нь нэг, хоёр ойтой хүүхдийг өвөр дээрээ авч явж байгаад осол болох үед хүүхдээ хэдий хамгаалмаар байгаа боловч байгалиасаа ямар ч хамгаалах боломжгүйгээр хүүхдээ өөрийнхөө жийргэвч болгож байна. Урд саландоо нааж зөөлөвч хэлбэрээр ашиглагдаж хүүхдүүд нас бардаг. Маш ноцтой гэмтдэг. Гэтэл эцэг, эх нь шалбархай төдий байх жишээтэй” хэмээн хэлсэн. Эцэст нь амьдын хагацалд унаж, доголон нулимастай хорвоог туулахад хүрч байна. Хэрэв зориулалтын суудал хэрэглүүлж, бүс зүүлгэсэн бол яах байсан бэ. Энэ асуулт ослын улмаас үр хүүхдээ алдсан хэдэн мянган эцэг, эхийн голыг өнөө хэр гогдож байгаа нь ойлгомжтой.

2018 оны байдлаар зам тээврийн ослын улмаас нийт 45 хүүхэд нас баржээ. Үүний 90 орчим хувь нь орон нутгийн замд ээж, аавтайгаа зорчиж яваад онхолдох, мөргөлдөхөд буруу тээвэрлэлтийн улмаас амь насаа алдсан байна. Хүүхдийн яс, бие хаа нь бэхжээгүй тул жижигхэн ослоос ч маш ихээр гэмтэл авдаг аж. Мөн цонхоор шидэгдсэн аймшигтай дүр зураглалтай олон таарсан талаар алба хаагчид хэлсэн. Иймээс Тээврийн цагдаагийн албанаас тавдугаар сарын 20-ноос эхлэн сарын хугацаанд “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг онцгойлон дурдаж өгөхийг хүссэн. Яагаад энэ хугацааг сонгосон гэвэл зургаа, долоо, наймдугаар саруудад орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг байна. Мэдээж хэн бүхэн зуны дэлгэр цагт үр хүүхдээ авч нутаг усаараа явахыг хүснэ. Гэтэл зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглүүлээгүйгээс болж осол гарахад бяцхан хүүхдүүд хамгаалах ёстой эцэг, эхийнхээ нүдэн дээр амьсгал хурааж, ноцтой гэмтэж байгаа нь харамсалтай. Иймд 2018 оны арваннэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний дүрмийн дагуу 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын сандал, суудал өндөрлөгч, бүс тохируулагч хэрэглэж тээвэрлээгүй бол торгох арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан юм. Хошууч Б.Лхагважаргал “Бага насны хүүхдээ буруу тээвэрлэж байгаа эцэг, эхчүүдэд толгой дараалан арга хэмжээ авна. Нэг удаа сануулаад явуулна гэж байхгүй. Ялангуяа, орон нутгийг зорихдоо дээрх хуулийг биелүүлээгүй бол таныг зогсоосон пост бүр дээр заавал арга хэмжээ тооцно. Өнгөрсөн 2-3 жилийг харж байхад зам тээврийн ослын улмаас жилд нас барж байгаа 40-50 хүүхдийн дийлэнх нь зорчигч хэлбэрээр ээж, аавтайгаа хамт явж байхдаа осолд орсон байна. Ингэхдээ зориулалтын суудал, бүс хэрэглүүлээгүй байгаа юм. Хүн бүр бүс зүүлгэх ёстой гэдгийг мэддэг боловч бодит байдал дээр ийм л байна. Тиймээс хүүхдүүдийг хамгаалахаас өөр аргагүй. Жишээ нь, нийслэлээс Хөвсгөл орох замд 14 пост байлаа гэж бодоход та хүүхдээ зориулалтын суудал, бүс хэрэглэж тээвэрлээгүй бол 14 удаа арга хэмжээ тооцно” гэсэн. Хамгаалалтын бүс тохируулагч хамгийн багадаа 3000 төгрөг байгаа юм.


Хошууч Г.Эрдэнэсүх

“ХУРД БОЛ ҮХЭЛ”

Хэрэв та жолооч бол “Хурдаа тохируулж яваарай” гэсэн үгийг олон удаа сонсож, мөн орон нутгийн замд ийм анхааруулга бүхий самбартай олонтаа таарч байсан биз. Тээврийн цагдаагийн албаныханы маани мэгзэм мэт хэлж заншсан энэ үг зүгээр нэг “амны уншлага” болчихоогүй. Албан ёсны судалгаагаар хүний амь нас хохирсон ослын шалтгааны 18.5 хувь нь хурд тохируулаагүйгээс болсон байдаг аж. Гэхдээ бодит байдал дээр нийт ослын 50-60 хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй болохыг хашир алба хаагчид хэлсэн. Хүн осолд орсны дараа “би хурд хэтрүүлсэн” гэж хэзээ ч хэлдэггүй. Гэтэл тоормосны мөр зэргийг харахад хурд хэтрүүлснээс болж онхолдох, эсрэг урсгал руу орох зэргээр осолддог байна. Дээрээс нь өндөр хурдтайгаар бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явах үед дугуй буудах, машины эд анги эвдрэх үед ослын хор хохирол өндөр гардаг аж.

Орон нутагт дээд хязгаар 80 км цагийн хурдтай явах ёстой байтал 120 км цагийн хурдтай явбал та эрхээ хасуулна. Нийслэлийн хувьд дээд хязгаар 60 км цагийн хурдтай явах ёстой. Харин 90 км цагаас дээш хурдтай явахад мөн эрхээ хасуулах болно. Энэ тохиолдолд та ямар ч тайлбар тавиад, “найраа хийх” гэж үзээд нэмэргүй.

Тээврийн цагдаагийнханы санааг чилээсэн бас нэг зүйл нь орон нутгийн мотоцикльчид юм. Жилд зам тээврийн ослын улмаас 500 гаруй хүн нас бардаг бол 100 гаруй нь хятад мотоцикльтой явж байгаад осолд орж амь насаа зольсон байна. Орон нутагт ямар нэг бүртгэл дугааргүй мотоцикль маш их орж ирдэг. Обудыг нь юугаар хийсэн нь мэдэгдэхгүй. Зарим нь бүр хуванцар байдаг аж. Ингээд хөдөөгийн залуус улсын дугаар авалгүй, мөн жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикль их барина. Нэмээд согтуугаар жолоодно. Ингээд осолд орж хөл гар, нуруу ууцаа хугалж хөгжлийн бэрхшээлтэй болсон ч цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж үгүй. Согтуу байсан, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, үнэмлэхгүй зэрэг зөрчлөө мэдэж байгаа учир нуугаад өнгөрдөг байна. Нас барсан тохиолдолд л яалт үгүй цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, бүртгэгдэж байгаа юм.

Цагдаагийн байгууллага улсын дугааргүй гээд журмын хашаанд хийхээр эргээд авдаггүй. Шинийг аваад уначихдаг. Аль ч аймгийн журмын хашаанд ороход 200-300 мотоцикль нар салхинд гандаад хэвтэж байгааг хэлсэн. Одоо бүр агуулах савнаас эхлээд бэрхшээл ундрах болжээ. Иймээс хятад, чанаргүй мотоциклийг хилээр оруулахыг хориглоод өгөөч хэмээн цагдаагийн алба хаагчид хэлж байсан. Мөн орон нутаг дахь хяналт шалгалтын хүртээмж сул байдлыг ашиглаж хөдөөгийн залуус согтууруулах ундаа хэрэглэн, чанаргүй мотоцикль унаж баталгаагүй замаар дур мэдэн давхисныхаа төлөөсөнд амь насаа өргөж байгааг ухаараасай гэдгийг хэлж байна.

Цагдаагийн алба хаагчийн ажил үл дундрах аж. Тэдний хичээл зүтгэлийн үрээр Монголын мянга мянган иргэд, бяцхан багачууд амар тайван амьдарч, ирээдүй рүүгээ тэмүүлж байна. Эцэст нь “Эцэг, эх та бүс зүүж хүүхдээ хамгаал, жолооч та хурдаа тохируул” гэсэн алба хаагчдын аминчлан хэлсэн захиасыг дахин сануулъя.

Г.БАТЗОРИГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Лувсангийн Цэрэндулам: Ах минь “Үнэн цагаан үг, уран бүтээл минь нэг биш хоёр амьдарна” гэж бичиж байлаа

Түрүүч нь №114(6215) дугаарт


Яруу найрагч Л.Дагвадорж дүү Л.Цэрэндуламын хамт. 1993 он

“Лувсангийн Дагвадорж сан”-гийн тэргүүн, хүний их эмч Л.Цэрэндуламтай уулзаж хөөрөлдлөө.


-Лувсангийн Дагвадорж найрагчийн “Хүүгийн бодол” дуу мөн ч сайхан үг, аялгуутай шүү?

-Энэ дууг анх Өлзий-орших гавьяат дуулж олноо хүргэсэн.

“Холын газар, усны уртаас

Хайртай нутгаа санах юм даа хө

Хорвоо дэлхийн түмний дотроос

Хонгор ээжийгээ бодох юм даа хө” гэсэн их сайхан үгтэй дуу шүү дээ. Дараа нь би дуулсан гэхэд алдас болохгүй. (Инээж, дууг аялж сонсгов.) Сүүлийн үед гавьяат С.Жавхлан дуулж “Хүүгийн бодол” нэртэй цомог ч гаргасан.

-Дуугаар нь дамжиж алдар хүндийн оргилд гарсан болохоор танай санд их тус нэмэр болдог байлгүй дээ?

-Би ахынхаа сайхан босоо хөшөөг Ховд аймгийн Буянт сумынхаа соёлын төвийн үүдэнд босгох юм сан гэж бодож явдаг. Энэ мөрөөдөл минь биелэх байх. Яагаад гэвэл ах минь Монголын дууны шүлгийн цаглашгүй их хаантан шүү дээ. Ямартай ч энэ гэгээн үйлсэд маань УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан дүүгээ туслах байх л гэж найдаж байна. Дууны сайхан хорвоод юу санасан есөн цагаан хүсэл бүтдэг шүү дээ.

-“Дуучин эвлэг хоолойгоороо

Тугалын зэлнээ өөвлөсөн

Даруухан эвлэг зангаараа

Түмний хайрыг өвөрлөсөн

Сэтгэл алдам ялдамхан

Саальчин бүсгүй минь сайн байна уу” гэсэн үгтэй “Саальчин бүсгүй” дуу ч мөн сайхан шүү…

-Энэ дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Банзрагч гуай анх дуулсан даа. Би 1970 онд Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний анги төгсөөд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллахаар томилогдлоо. Дараа жилийнх нь зун намын хорооны томилолтоор хөдөө сумдад ажиллалаа. Хоёр лектор, нэг жолооч, нэг эмч гэсэн бүрэлдэхүүнтэй үзэл суртлын бригад гарлаа. Тэлмэн суманд очоод үзлэгээ хийгээд сууж байсан чинь сумын цагаан хоолойгоор “Саальчин бүсгүй минь сайн байна уу” гэсэн дуу л цангинаад байдаг. Би дотроо “Ямар сайхан дуу вэ, саальчдад зориулсан дуу байна” гэж л бодлоо. Тосонцэнгэлд очлоо. Идэрийн голын хөвөөгөөр саалийн ферм гарчихсан. Үнэхээр сайхан байгаа юм. Чи ер нь ферм мэднэ биз дээ?

-Мэднэ ээ, наяад онд саалийн тасаг гэдэг байгаагүй юу?

-Саалийн ферм дээр очиход л саальчин хүүхнүүд чинь цагаан халаад өмсчихсөн, хувингаа барьж гунхаад мөн ч сайхан байжээ. Саалийн ферм бүхэнд очиход л нөгөө дуу чинь яваад л байгаа. Булнайн фермүүд дээр ч сонсогдож байсан. Бүтэн сар шахуу хөдөөгүүр ажиллаж ирээд ээлжийн амралтаа аваад хотод ахындаа онгоцоор нисэж ирлээ. Манай ахынх одоогийн Мянган нэрийн барааны дэлгүүрийн урд талд гадна талдаа шаттай хоёр давхар байранд байдаг байсан юм. Эхнийхээ эхнэр, охинтой амьдардаг байсан юм. “Сонин сайхан юу байна” л гэж байна. “Хөдөөгүүр нов ногоон их л сайхан зун болж байна. Үзэл суртлын бригадаар явахад “Саальчин бүсгүй” гэдэг дуу л орой болгон цуурайтаж байна. Хэдэн өдөр энэ дууг сонслоо. Сурах гэж оролдлоо. Ганц хоёр бадгийг нь ч цээжилчихлээ” гэж сонирхуулсан чинь л аягатай цайгаа барьчихаад суугаад байна. Тэгснээ “Тэр дуу чинь одоо ахынх нь шүлэг шүү дээ” гэж байна. Тэгж ахынхаа дуу гэдгийг мэдэж баяр хүргэсэн санагддаг. Бидний үе чинь их бүрэг ичимтгий байсан болохоор ахдаа баяр хүргэсэн л байгаа даа гэж бодогддог юм. Бүдүүлэг үе байсан шүү дээ. (Инээв. Л.Б)

-“Бүүвэйл хорвоо” дууны тухай та юу яримаар байна?

-“Бүүвэйл хорвоо” дууны түүхийг ах маань их гоё ярьдаг байсан. Тэр үед Вьетнамын дайн болж байсан. АНУ Вьетнам руу дайрч дайн хийгээд тэнд бөөн юм болж байж. Энэ дайн сураг ажгийг сонсоод “Бүх дэлхий энх амгалан байж, эх үрс дайнд үрэгдэхгүй байгаасай” гэсэн бодол ахад төрж дээ. Зөвлөлтийн сонин дээр бүсгүй хүний шанаа руу буу тулгаж буудаж байгаа империалистуудын зураг гарсан байна л даа. Бас ахын ойролцоо амьдардаг нэг сайхан залуу гурван хүүхэдтэй эхнэрээ хаяад явсныг харсан нь ч нөлөөлж. Энэ бүхнийг харж, сонссоны эцэст шүлгээ бичиж, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Л.Мөрдорж гуай аялгуу зохиосон. Мөрдорж гуай чинь манай нутгийн хүн шүү дээ.

-Төв аймгийнх гэдэггүй бил үү. наймдугаар Богд Жавзандамба хаантны өргөмөл хүү дээ?

-Богд хааны өргөмөл хүү гэгддэг ч Ховдын гаралтай юм шиг байгаа юм. Хоёулаа дуугаа хийчихээд радиод бичүүлэх гээд явж гэнэ ээ. Зангад гуай дуулдаг шүү дээ. Найруулагч нь сонсчихоод “Бүүвэйл хорвоо гэдэг чинь юу гэсэн үг юм. Бүх дэлхийг унтуулах гэж байгаа юм биш үү” гэж загнасан байгаа юм. “Бүх дэлхийг унтуулах гэж байгаа дууг бичихгүй” гээд буцаасан гэж байгаа. Тэр үед АСК гээч юм их болно. “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” гэсэн тэмцээн л дээ. Одооны энэ шоу цэнгүүнээс их гоё юм болно оо. Нэг АСК дээр Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, гавьяат жүжигчин Боорой гуай дуулчихсан чинь маргаашнаас нь эхлээд “Бүүвэйл хорвоо бүгдийг бүүвэйл. Элэг бүтэн эвсэг амьдаръя” гэж залуус нэлэнхүйдээ дуулж эхэлсэн байгаа юм. Дуу давалгаалаад эхлэхээр радиогийн найруулагч дуудаж бичиж авсан гэдэг. Анхных дуучин Зангад гуай мөртлөө Боорой гуай дуулж дэлгэрүүлэх хувьтай байж л дээ. Зангад ах чинь яг манай нутгийн хүн шүү дээ.

-Буянтынх байх шүү?

-Манай хоёрынх чинь айл саахалт байсан улс. Зангад ах манай Дагваа ахаас гурав дөрөвхөн сарын ах, жилээрээ яг чацуу улс. Зангад ах Тавын газарт төрсөн хүн.

-“Нисэгчийн дуу”-ны хөшөө боссон гэл үү?

-Тэр дуу далан онд зохиогдож, одоо 68 дахь жилдээ дуулагдаж байна. Энэ дуунд 2005 онд хөшөө босгосон. Энийг эгч нь шүүмжилсээн. Хөшөөн дээр “Мөнгөн цагаан хөлөг минь” гэхийг “хүлэг” гэж бичсэн. “Дуулж явна” гэхийг “дуулаж явнаа”, “дүүлж явна” гэхийг “дүүлэж явнаа” гэх мэтээр үгийг нь дандаа буруу бичсэн байгаа. Энэ хөшөө Нисэхэд байгаа. Цаана нь Чингис хааны хөшөө байдаг юм. Би энэ хоёр хөшөөний зургийг яагаад ташралдуулж авсан гэхээр “Чингис Монголын хаан юм бол миний ах дууны хаан” гэсэн утгаар авсан юм. (Ахынхаа “Хайр дааж амьдарна” номын хуудас сөхөж зураг харуулав. Л.Б) Хөгжмийг бичсэн урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Насанбуянтай уулзаж “Дууныхаа үгийг сайтар шалгахгүй яав даа” гэхэд “Би дууныхаа үгийг бүгдийг мартчихдаг” гэж байна лээ. Төмөр хөлгийг морь мал болгоод биччихнэ гэдэг мөн гунигтай яа. Би энэ талаар “Хэрвээ ах минь амьд мэнд байсан бол энэ дууны хөшөөг сүхээр цавчаад унагаах байсан” гэж хэвлэлд яриа өгч л байсан. “Нисэгчийн дуу” зохиосны нэг шагнал байдаг юм.

-Ямар шагнал байдаг билээ?

-Дотоодын ямар ч нислэгээр аль ч аймаг руу тус байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд үнэ төлбөргүй нисээрэй гэсэн юм билээ. Даанч муу ах минь тэгж аймаг, сум хэсэж тэнэх боломж гаралгүй байсаар бурхан болсон доо. Ганц ч удаа нисээгүй байх гэж боддог. ИНЕГ-аас намайг Ховд руу ганц удаа үнэгүй нисгэчихээсэй гэж би заримдаа боддог юм.

-Та Ховд явах ямар ажил байна?

-Би одоо удахгүй Ховд явж Лувсангийн Дагвадорж ахынхаа хөшөөг босгох гэх мэт ажил төрөл хөөцөлдөж явах гэж байна. Нас ч залуу биш болохоор хол замд ядрах л юм даа.

-Ах тань нисэгчийн тухай олон дуу зохиосон байх шүү?

-“Нисэгчийн гэргийн дуу”, “Нисэгчийн аавын дуу”, “Нисэгчийн ээжийн дуу” гээд иж бүрнээр нь зохиосон байдаг.

-“Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу”, “Цэрэг эрийн гэргийн дуу” хоёр ч бас л сэтгэл хөвсөлзүүлсэн шүлэгтэй шүү?

-Ардын жүжигчин Батчулууны аялгуу шүү дээ. Ная, наян нэгэн онд нэг жилийн дотор зохиогдож гавьяат жүжигчин Өлзий-Орших, Дарханы Энхбат гавьяат хоёр дуулсан. Монголын радиогийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгийн хамгийн их хүсэлт авсан оргил дуугаар шалгарч байсан. Цэргийн дарга нар энэ хоёр дууг тухайн үедээ их шүүмжилж, ахыг загнасан гэж байгаа.

-Ийм гайхамшигтай дуу зохиогоод өгөхөд юунд нь загнадаг байна аа?

-БХЯ-наас “Цэргүүдийн сэтгэл санааг үймүүлж, гэр орныг нь санагалзуулсан” гэж их зэмлэсэн гэж байгаа. Ах маань гэхдээ гутраагүй, харин ч цэргийн сэдэвт сайхан дуу улам олныг бичсэн дээ. Ах маань цэргийн алба хаасан эсэхийг би сайн мэдэхгүй юм. Үеийнх нь зарим хүний яриагаар цэрэгт очоод нэг хоёр сар болоод шарласнаас болоод халагдсан гэж сонсогддог л юм.

-Дагвадорж найрагчийн сэтгэлийг гэгээлж байсан бүсгүйчүүд хэн хэн байна?

-Манай ах УАДБЧ-д дуучин байхдаа Драмын театрын үйлчлэгч Цэнд-Аюуш гэдэг эмэгтэйтэй танилцаж хорь гаруй жил амьдарсан. Хөөрхөн дагавар охинтой эгч байлаа. Ах эгч хоёр маань дундаасаа хүүхэд төрүүлээгүй. Дараа нь Батдорж гэдэг эмнэлгийн дунд мэргэжлийн эмэгтэйтэй суусан. Дөрвөн хүүхэд нь том болчихсон байсан. Би наян нэгэн онд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга байхдаа ахдаа нэг захиа бичсэн юм. Тэр үед гэр бүл салах гэдэг МАХН-ын хурлаар хүртэл ордог байлаа шүү дээ. Би гуч дөнгөж хүрсэн залуухан болохоор ахыгаа ойлгохгүй шүү дээ. Ах 1981 оны арваннэгдүгээр сарын 30-нд захиа бичсэн байдаг юм.

-Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг болохоор шалгаагаад байх ч хэцүү юм даа?

-Эгч нь тал хагасыг нь уншиж өгье л дөө. “Сайн байна уу, миний дүү. Хайрт ээж минь. (Ах минь надаас арав гаруй ах хүн шүү дээ гэж санаа алдав. Л.Б) Дүү минь, ах нь сэтгэлийн жаргалгүй жаргаж явахаар сэтгэлийн жаргалтай зовж явъя. Үр буяны жаргалгүй хорвоо үхэхдээ нэг үхнэ, хоёр үхэхгүй. Үнэн цагаан үг, уран бүтээл минь нэг биш хоёр амьдарна. Чи үзнээ гайгүй. Өнөөдөр би үл жаргах үйлстэн харагдавч үхэхээсээ өмнө хөшөө дурсгалаа босгосныг хожим мэдтүгэй. Мэндийн сайхан хорвоо байхад миний төлөө зовоод яахав, миний дүү. Ахад нь алдар гавьяа хэрэггүй. Миний шүлгийг ард түмэн уншиж дуулж яваа болохоор би мөнхийн гавьяатай. Энэ л надад мөнхийн нэр, гавьяа шагнал минь билээ. Энэнээс илүү шагнал надад хүнддэнэ” гэж бичиж байсан. Миний ах яасан ч их зөнч, агуу авьяастай найрагч байсан юм бэ. (Захиаг уншиж байхдаа хоолой нь зангиран нулимс нь урсаад ирэв. Л.Б)


Categories
мэдээ цаг-үе

Дижитал мэдлэгээ дээшлүүлбэл өрсөлдөх чадвараа ахиулах боломж байна

Дэлхийн улсуудын өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” шинэ тайланг өнгөрсөн долоо хоногт олон улсад танилцуулав. Тус жагсаалтад Монгол улс 63 улсаас 62-т бичигджээ. Өмнөх хоёр жилд ч энэ байранд жагссан юм байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвд Монгол улсын мэдээллийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс цуглуулж нэгтгэн хүргүүлдэг юм байна. Олон улсын судалгааны байгууллагаас дэлхийн 200 гаруй улс орноос 63 улсыг яагаад онцолж жагсаадаг, түүнд нь Монгол улс хэрхэн багтсан, ирээдүйд монголчууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ямар боломж байгаа талаар мэдээллийг хүргэе.

Дэлхий дээр НҮБ-ын бүрэн эрхт 193, байнгын ажиглагч хоёр улс байдаг. Үүнээс гадна 10 гаруй орон тусгаар тогтносон боловч бусад улсаар бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй, олон улсын эрх зүйн чадамжгүй гэж тооцогддог аж. улс орнуудын өрсөлдөх чадварын судалгааг олон улсын хэд хэдэн байгууллага хийдэг. Түүний нэг нь дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв юм байна. Тус байгууллага статистикийн мэдээлэлд тулгуурлаж 332 үзүүлэлт цуглуулж түүнээсээ 295-ыг нь индекс тооцох аргачлалд оруулдаг. Эдгээр үзүүлэлт дэлхийн бүх улс оронд жил бүр тасралтгүй гарах боломжгүй. дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөнтэй, эсвэл зарим мэдээлэл нь шаардлага хангахгүй, гарахгүй байх тохиолдлоос үүдэж 63 орныг сонгож авдаг гэдгийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал и.одончимэг ярилаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн 200 гаруй орноос тогтвортой, “найдвартай” 63 улс орны тоонд Монгол Улс багтаж байна гэсэн үг.

Энэ жилийн хувьд өрсөлдөх чадвараараа сингапур, Хонконг, АНУ гэх улсууд тэргүүлжээ. Өнгөрсөн жил АНу жагсаалтыг тэргүүлсэн байдаг. дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны тайланг тухайн улс эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлэгт ангилан гаргадаг. Монгол Улсын хувьд өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд хэрхэн гарсан талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал и.одончимэг “Энэ дөрвөн тулгуур багана дөрвүүлээ сайн байж өрсөлдөх чадвар сайтай байдаг. Манай улсын хувьд бизнесийн орчин дээр зарим үзүүлэлт сайжирч байна. дэд бүтэц, ялангуяа харилцаа холбооны үзүүлэлт, түүнд оруулсан хөрөнгө оруулалт сайжирсан дүр зураг ажиглагдаж байгаа. Дээр нь цахилгаан эрчим хүчний үнэ, бизнес эрхлэх зардал харьцангуй бага байдаг. Өнгөрсөн жилтэй харьцуулахад эдийн засгийн үзүүлэлт сайжирсан нь өрсөлдөх чадварын оноонд эерэгээр болоход нөлөөлсөн. Жишээ нь, чадварлаг ажилтны олдоц, боловсролын үзүүлэлтийн оноо бага, багаар ахисан” гэв. Харин анхаарах зүйлс нэлээд бий аж.

Дэлхийн хөгжлийн динамик Зүүн хойд Азийн улс орон руу чиглэж байгааг олон улсын шинжээчид онцолдог. Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа ч үүнийг батлан харуулжээ. Эдийн засгийн хөгжлөөрөө толгой цохидог АНУ энэ жил Сингапур улсад байраа тавьж өгсөн нь Зүүн хойд Азийн улс орнууд эрчимтэй хөгжиж байгааг харуулна.

Сингапур, түүний хойноос жагссан Хонконг зэрэг Азийн орнууд хөгжлийн гол түлхүүр дижитал технологийн хөгжил, чадварлаг боловсон хүчний үр бүтээлтэй ажилтай шууд холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, улс орнуудын ирээдүйн хөгжил энэ хоёр бүлэг дээр голлож хөгжих прогнозтой байгааг судлаачид тэмдэглэжээ.

Тиймээс Монгол Улс чадварлаг боловсон хүчин бэлтгэх, дижитал технологи буюу мэдээллийн технологийн мэдлэг чадвараа онцгойлон өсгөх шаардлагатай байгааг судлаач онцолсон. олон улсын төдийгүй дотоодын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн хандлага ч мэдээллийн технологи дээр суурилна гэдэг судалгааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас саяхан танилцуулсан нь үүний том баталгаа аж.

Чадварлаг ажилтнаа олшруулж, дижитал мэдлэгээ дээшлүүлбэл Монголд өрсөлдөх чадвараа ахиулах боломж байна.

Б.ЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өнөөхөндөө өндөр дээдэст таалагдах ч өнө хожмоо өргөн түмэнд хэрэгтэй хууль өргөн баригджээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар уншигчдаа “Танайд өнжье” булангаар угтдаг уламжлалтай билээ. Энэ удаад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатынд өнжлөө. Нэг болон 13 дугаар нүүрнээс сонирхон уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалай “Өнөөхөндөө өндөр дээдэст таалагдах ч өнө хожмоо өргөн түмэнд хэрэгтэй хууль өргөн баригджээ” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцсан сонирхолтой ярилцлагыг “Улс төрийн нүүрнээс уншаарай.

Энэ удаагийн дугаарт Комедиан, багш, илтгэгч, захирал гээд олон албатай залуу зочинтой уулзаж ярилцсан билээ. “FARO” сургалтын төвийн захирал, “Call-Pro” компанийг үүсгэн байгуулагч, комедиан Бат-Эрдэнийн Идэр-Одтой хийсэн ярилцлага мөн багтжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургадугаар сарын 8-ны бямба гариг буюу амралтын энэ өдөр нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай танилцав. Уг төсөл нь өнгөрөгч 4 дүгээр сард ажил нь эхэлсэн, энэ оны 11 дүгээр сарын 30 гэхэд хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Автозам, нийтийн тээвэр хариуцсан орлогч дарга хэлэв. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна.

Төслийн хүрээнд 60 гаруй жилийн насжилттай, хоёр эгнээ 20,9 км автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэл , агаарын бохирдлыг бууруулах, зорчигч нийтийн тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын транзит ачаа тээврийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх юм. Төслийн хүрээнд 20,9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Ерөнхий сайдтай БСШУС-ын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг албаны хүмүүс ажиллаж байна. Ажлын хэсэг үргэлжлүүлэн Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эрүүл мэндийн төв, “Голомт” цогцолбор сургууль, 23 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм. Мөн дүүргийн удирдлагуудтай нэгдсэн хурал зохион байгуулж тодорхой үүрэг чиглэл өгнө. Налайх дүүргийн иргэдтэй уулзаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө. Мөн иргэдийн санал, шүүмжийг сонсч орон нутаг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Үхсэн” моддыг нөхөн тарихаар болжээ

Яармагийн зам дагуу өнгөрсөн хавар тарьсан 1200 моддын ихэнх нь өнгөө алдаад буй. Саяхнаас эдгээр моддын заримыг нь ачсан байна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тарьсан моднуудаас зургааг нь нөхөн тарихаар булгалсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат тайлбарлав. Мөн Тасганы овоонд тарьсан 136 модны 20 гаруй нь л “асуудалтай” байгаа аж. Тэдгээрийн ихэнх нь механик гэмтлээр буюу машин мөргөсний улмаас хугарч, үхсэн гэжээ.

Сүүлийн гурван жилийн байдлаар ойгоос нийт найман мянга гаруй модыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тарьжээ. Үүнд төсвийн 1-2 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ямар учраас уулнаас авчирсан моддыг нийслэлд суулгадаг асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатын хэлснээр жижиг мод арчлахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай тул нас гүйцсэн мод суулгах нь хотын төсвөөс арчилгаанд зарцуулах хөрөнгийг хэмнэдэг гэв.

image

image

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Ч.Бадрал 10 мянган ам.долларын шагнал хүртлээ

Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаан ОХУ-ын нийслэл Москвад болж өнгөрлөө. Нийт 53 дуучин оролцсон тус уралдааны нэгдүгээр байрт Өмнөд Солонгосын дуучин Бьонг Мин Гил орж, алтан медаль, 15 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.

Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал хоёрдугаар байр эзлэн, 10 мянган ам.доллар, гуравдугаар байрт ӨАБНУ-ын дуучин Палеса Малиелоа орж 7000 ам.долларын шагнал хүлээн авчээ.

Categories
мэдээ нийгэм

И-Март худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвийн нэг давхарт өчигдөр гал гарч, Нийслэлийн онцгой байдлын газрын хоёр ангийн гал сөнөөгчид ажиллаж, галыг 21:40 цагт бүрэн унтраажээ.

Гал улмаас хүний амь эрдээгүй, бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй байна. Мөн эд материалын хохирол ч бага учирсэн бөгөөд кабелийн болон цахилгааны утас шатсаныг онцгой байдлын албан хаагчид аюулгүй болгожээ. Урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас гал гарсан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Гал гарсан шалтгаан 14 хоногийн дараа тодорхой болох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан: Прокурор илт нэг талыг барьж, анализ хийлгүй шүүх рүү хандаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна

Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцантай ярилцлаа.


-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банк, улаанбаатар банкны туЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаанд хорих шийдвэр гаргасан. Өмгөөлөгчийн хувьд та энэ асуудал дээр ямар суурьтай байгаа вэ?

-Энэ талаарх асуудлыг Нийслэлийн прокурорын газар, АТГ, эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 21-ний өдөр миний үйлчлүүлэгч Д.Эрдэнэбилэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан улмаар СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж цагдан хорих саналыг нийслэлийн прокуророос ирүүлсэн. Дүүрэг бүр дээр цагдан хорионы шүүгч гэж тусдаа шүүгч байдаг. Энэ нь нэгээс хоёр шүүгчээс бүрддэг. СБД-ийн цагдан хорионы асуудлыг Х.Идэр гэх шүүгч хянадаг юм байна.

Ийм учраас тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж эхний удаа шүүгчээсээ татгалзсан.

-Ямар үндэслэлээр шүүгчээсээ татгалзсан юм бэ?

-Энэ үйл явдлаас хоёр сарын өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр манай үйлчлүүлэгч Д.Эрдэнэбилэгийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан. Энэ баривчилгаа хууль зөрчсөн, үндэслэлгүй хэмээн гуравдугаар сарын 6-ны өдөр шүүгч Х.Идэр өөрийн захирамжийг гаргаж сулласан. Үүний дараа тухайн шүүгч Х.Идэрийг хувь хүн болон шүүхийн байгууллагын нэр хүндийнх нь хувьд нийгмийн зүгээс маш их бухимдлыг илэрхийлж байсан. Нөгөө талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэх албан тушаалтай хүн Х.Идэр гэдэг шүүгчийг гадны нөлөөнд автсан, хувийн сонирхлоор хандлаа гэх агуулгатай гомдол гаргаж, шалгаж болох бүх газарт хандсан байгаа юм. Энэ гомдол нь шийдэгдээгүй байсан. Гуравдугаар сарын 6-ны өдрийн Х.Идэр шүүгчийн сулласан захирамж хувийн ашиг сонирхолтой байсан уу гэдэг асуудал одоог хүртэл шийдэгдээгүй учраас тухайн хүний статус тодорхой бус байснаас бид татгалзахаас өөр аргагүй болсон. Түүнчлэн энэ сарын 22-ны өдөр шүүхийн зүгээс татгалзах үндэслэлтэй байна гэж үзэж манайхаас гаргасан татгалзлыг хүлээн авсан. Ингээд Б.Дуламсүрэн шүүгч рүү шилжүүлсэн. Энэ сарын 24-ний өдөр хурал зарлагдсан. Нийгмийн дунд яваад байгаа шиг мөрдөн байцаагч, прокурорыг дарамталсан уу үгүй юу, цагдан хорих үндэслэл байгаа, үгүйг тодруулахын тулд бид АТГ-т өгсөн тайлбар бичлэгийг үзье гэсэн. Ямар ч үндэслэлгүй гэрч байж чадахгүй этгээдүүдийн яриагаар хууль зөрчиж байна. Тйимээс эдгээр баримтуудыг гаргаж өгөөч гэх хүсэлт тавихад прокурор гаргаж өгөөгүй. Прокурор бол яллах, цагаатгах талыг эн тэнцүү барьж асуудалд голтой хандах ёстой. Гэтэл илт нэг талыг барьж мөрдөгчийн саналыг тэр чигт нь хуулбарлан асуудалд анализ хийлгүйгээр шүүх рүү асуудал болгож байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Тиймээс хуралд орж байсан хоёр прокурорыг тухайн шүүх хуралдаанаас татгалзах саналыг гаргасан. Гэвч шүүхийн зүгээс уг хүсэлтийг хүлээж аваагүй. Ингээд мөн Б.Дуламсүрэн шүүгчээс татгалзсан. Ийм бодит үндэслэл, бодит эргэлзээ төрөөд байхад прокуророос татгалзсан. Бид зөвхөн тухайн шүүх хуралдаанаас л татгалзсан. Гэтэл мөн ерөнхий шүүгч хүлээж аваагүй. Өнгөрөгч даваа гаригт буюу 27-ны өдөр шүүх хуралдаан дахин үргэлжилсэн. Уг асуудал дээр бидний зүгээс харьяаллын асуудлыг ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гэж шалгаж байгаа асуудал байвал тухайн үйлдэл гарсан газрыг шүүхэд харьяалуулна гэсэн хуулийн заалттай. Гэтэл нийслэлийн прокурорын газраас СБД-ийн шүүхээр эхнээсээ оруулж ирдэг. Тэр прокурорын протокол болоод мөрдөгчийн саналд дурдагдаад байгаа бүх үйл баримт СБД-тэй нэг ч холбоо байхгүй байсан. Миний үйлчлүүлэгч Д.Эрдэнэбилэгийг Улаанбаатар банкинд оффисоо хийдэг. Дөрвөн давхарт суудаг. Бусад хүмүүс нь гурван давхарт суудаг. Эд нар хоорондоо уулздаг байсан гэдэг. Бид нар прокурорт нэг л асуулт тавьж байгаа. Нэг оффист, нэг компанид ажиллаж байгаагаар нь гэмт бүлэглэл байгуулсан гэж үзэж байгаа юм уу. Эсвэл Оросуудаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан гэрээ хийгдсэнээр нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа юм уу. Зээлийн гэрээ хийгдсэнээр нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна уу. Эсвэл Засгийн газрын шийдвэр гарснаар нь гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэж байна уу, яг аль нь вэ гэхэд прокурорын зүгээс хариулж чадаагүй. Ерөнхий л юм ярьдаг. Магадгүй гэрээ хийснээр гэмт хэрэг гэж үзвэл энэ манай улсад биш, Оросын Москва хотод гэрээ хийгдсэн. Бүр асуудал өөрөөр яригдах буюу хуульд заасны дагуу шүүхийн харьяалал Улсын дээд шүүх, эрүүгийн хэргийн танхимаас харьяалал тогтоох асуудал болж хувирна. Улаанбаатар хотын болон ХХБ-ны ТУЗ-ийн даргынхаа хувиар тухайн нэр бүхий зургаан компанид зээл олгосон, эх үүсвэрээ бүрдүүлэхэд мөнгө өгсөн гэсэн асуудал яригдвал ХХБ Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, УБ банк Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Зээлийн гэрээнүүдийн харьяалал ч Чингэлтэй дүүргээр явдаг. Гэрч хохирогч нарын яриад байгаа шиг нэг оффист байдаг гэвэл мөн л Чингэлтэй дүүрэгт байдаг. Эндээс харахаар СБД-т харьяалагдах зүйл нэг ч алга. Анхнаасаа хэрэг маргааныг зөвөөр явуулъя, хэрэг гарсан газрын асуудал гэж яривал Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлээч ээ. Эсвэл харьяалалыг шинээр тогтоож өгөөч ээ. Монголын Зэс компанийг байгуулж, үүгээр дамжуулж Эрдэнэт-ийн 49 хувийг авсан гэх асуудал яригдлаа гэхэд мөн л энэ компани Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хаягтай. Аль ч талаасаа хөөгөөд үзсэн СБД-ийн шүүхт харьяалагдах ямар ч үндэслэл байгаагүй. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс 27-ны өдөр болсон шүүх хурал дээр харьяалал зөрчиж байна. Харьяалал тогтоож өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Шүүхийн захирамж гараад өмгөөлөгчийн гаргаж байгаа санал үндэслэлтэй байна гэж үзэж Шүүхийн зүгээс хүлээж авсан. Прокурорын зүгээс прокурорын санал нь хэргийн материалд яллагдагч Д.Эрдэнэбилэг хаана, хэзээ гэмт хэрэг үйлдсэн талаар ойлгомжгүй тодорхой бус, гэмт хэрэг гарсан газрын харьяалал тодорхойгүй нөхцөл байдлаас улбаалж тус шүүхээс прокурорын саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэх шүүх мөн эсэх нь эргэлзээ бүхий байна гэсэн дүгнэлт гарсан. СБД-ийн шүүх шийдэхгүй юм байна, гэхдээ аль дүүргийн шүүх рүү шилжүүлэхийг прокурор тогтоол дээрээ тодорхой зүйл заагаагүй байгаа юм. Алийг нь гэмт хэрэг гэж үзээд байгаагаа тодорхойлоогүй учраас шүүхийн зүгээс энийг нөхөж тогтоох боломжгүй байсан. Иймээс прокурорын цагдан хорих саналыг хэрэгсэхгүй болгож буцаан уг асуудлуудаа дахин тодорхойлж авчир гэсэн санал гарсан. Энэ санал дээр прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Энэ гомдлын СБД-ийн шүүгч Ж.Болдбаатар хүлээж авч шийдвэрлэнэ. Хуульд заасны дагуу хоёр төрлийн захирамж гарах ёстой. Б.Дуламсүрэн шүүгчийн захирамжийг зөв шийдсэн байна гэж үзэн хэвээр үлдээх. Эсвэл хүчингүй болгож дахин энэ асуудлыг шийд гэдэг үүрэг өгч Б.Дуламсүрэн шүүгчид хуваарилах ёстой байсан. Гэтэл шүүгч өөрөө гомдлоос хальсан, хуулиас хальсан дүгнэлтийг хийж бүх асуудлыг шийдэж байгаа юм. Ингээд Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг цагдан хорих 461 дүгээр ангид тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд цагдан хорьсугай гээд шийдчихсэн.


-Биеийн байдал нь ямархуу байгаа вэ?

-Биеийн байдал хүнд байгаа. Өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй шүүхийн гадуур гэрч байх үед нь нэг хоног цагдан хорьсон. Тухайн үед биеийн байдлыг нь ярьж л байсан. Прокурор, цагдаатай нь ярьж байгаад биеийн байдлыг нь үзүүлсэн. Энэ хүн элэгний архаг өвчтэй. Хувь хүний нууцын асуудал. Гэхдээ бид дэлгэхээс өөр аргагүй болж байгаа юм. Элэгний циррозтой. Олон жил эмчийн хяналтанд байгаа. Элэгний хатууралтай, цагаан бөөмний дутагдалтай, дотуур цус алдах эрсдэл маш өндөр. Бид энэ талаар цагдан хорих газар болон хүний эрхийн комисс гээд бүх газрууд руу анхаарлаа хандуулахыг хүссэн.

-Тодорхойгүй шалтгаанаар байцааж, хорьж байна гэж ойлголоо. Энэ хэрэг цаашдаа яаж эргэхээр байгаа бол?

-Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг гэмт бүлэглэл зохион байгуулсан гэдгээр шалгаж байгаа. Энэ анхных нь биш. Өмнө нь мөнгө угаасан гэж үзээд тэр нь хууль зүйн зүйлчлэлд орохгүй байсан. Мөн эрх мэдлээ урвуулсан гэдэг гэтэл хувийн банкны захирал хэнд мөнгө зээлүүлэх нь хамаагүй. Энэ бол гэмт хэрэг биш. Маш олон аргаар буруутгах гэж үзэж байгаа. Энэ сарын 21-ний өдөр анх удаа яллагдагчаар татаж байгаа юм. Дөнгөж одоо хэрэг үүсч байна. Цаашдаа хэрхэн яах нь прокурорын байгууллага мөрдөн байцаалтын ажлаас хамаарах байх. Бидний зүгээс энэ маргааныг хурдан нэг талд нь шийдэх, үнэн зөвийг тогтоох байр суурьтай байгаа. Прокурорын яллах тогтоол дээр ч бид саналуудаа хэлсэн. Тухайн үед Эрдэнэт компани ямар байсан. Мөн УИХ, Засгийн газрын ямар шийдвэрүүд гарсан гэдгийг тодруулаач ээ. Гол баримт гэх зүйл алга. Ихэвчлэн ам дамжсан зүйлсийг ярьж, эх сурвалж дурдахгүй байгаа юм. Хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүссэн. Энэний дагуу ажлын хэсгийн мөрдөгчид шалгалтаа үргэлжлүүлэх байх. Хэзээ прокурор руу шилжинэ тэр үед бидэнд танилцах эрх нээгдэнэ.

-Цуг шалгагдаж байгаа хүмүүсийн талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Зөвхөн Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг цагдан хорьсон. Бусдад нь хилийн хориг тавьсан байгаа. Бид энэ сарын 21-ний өдөр АТГ-т дуудагдсан. Хавраас хойш дөрвөн удаа эрүүгийн цагдаагийн газар, АТГ дуудсан. Бид утсаар ярихад нь л очдог. Ямар ч чирэгдэл гомдолгүйгээр мэддэг бүх зүйлээ хэлдэг. Магадгүй хамгийн нээлттэй тайлбар өгдөг хүмүүсийн нэг байх. Би өөрөө биечлэн байсан. Хоёр цаг гаруй үргэлжилж, бид тайлбар өгөлгүй зөвхөн яллах дүгнэлттэй танилцсан. Энэ үед прокурор, мөрдөгчийг дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл огт байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайддаа хэлээрэй гэх зүйл огт болоогүй. Энэ бүгд ямар ч эх сурвалжгүй, худал ташаа, огт болоогүй зүйлийг болсон мэтээр гаргасан.

-30 хоногийн хугацаанд цагдан хорьж байгаа үед гаднаас уулзалт орох боломжтой юу?

-Хуульд заасны дагуу өмгөөлөгчтэйгөө уулзах бүрэн эрхтэй.