Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Идэр-Од: Монголын нийгэм хурдтай өөрчлөгдөж байгаа нь сайхан зүйл. Өөрчлөлтийг дотроос нь мэдрэх бүр сайхан байна


“FARO” сургалтын төвийн захирал, “Call-Рrо” компанийг үүсгэн байгуулагч, комедиан Бат-Эрдэнийн Идэр-Одтой ярилцлаа.


-Комедиан, багш, илтгэгч, захирал гээд олон албатай залуу зочинтой уулзаж байна. Хамгийн сүүлд бие даасан комеди шоу хийжээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-“UB Comedy”клубт бид таван жил ажиллажээ. Одоо зүгээр нэг, хоёр дахь, дөрөв дэх өдрийн шоу гэхгүйгээр “Comedy”-гийн агуулгыг сегментчилж задлаад төрөлжсөн байдлаар бүлэг хүмүүст зориулсан контентуудыг гаргаж эхэлж байна. Анх удаа “Ideree’s Fresh night” нэртэй өмнө нь хэний ч сонсож байгаагүй шинэ брэнд, оройны шоуг хийлээ. Үзэгчдийн хүсэлтээр хоёр дахь шоу маань маргааш болох гэж байна. Үүнээс хойш бид бүхэн хөгжимлөг орой ч юм уу, хөгжим комеди хольсон ч бүтээлч төрлийн шоунуудыг гаргахаар ажиллаж байна.

-Комеди урлагт хөл тавьсан түүх ямар байв?

-Би АНУ-ын Канзас мужийн Канзасын их сургуульд инженерийн мэргэжлээр таван жил сурч төгссөн. Тухайн үед сургуульдаа ганцаараа бакалаврын зэргээр сурч байсан монгол оюутан байлаа. Тэр үед 100 гаруй орны бакалаврын оюутнуудын дунд зуны зугаалга болсон юм. Зугаалга дээр орон бүрийн оюутан заавал нэг авьяасаа үзүүлэхээр болов.

Би хэзээ ч урлагийн авьяастай хүүхэд байгаагүй. Бодож бодож мэддэг хэдэн орос, монгол онигоогоо казахстан найзууддаа ярьж өглөө. Тэд ч “Болж байна, инээдтэй байна. Англиар ярь” гэсэн. Тэгээд л тайзан дээр гараад гурав дөрвөн онигоо ярилаа. Америк оюутнуудад маш их таалагдсан.

Дараа нь хоёр америк найз маань над дээр хүрч ирээд “Идэрээ, чи ер нь юу хийж байгаагаа мэдэж байна уу” гэхэд “Би мэдэхгүй байна аа, би онигоогоо англиар л ярьсан шүү дээ” гэсэн. Хариуд нь надад “Үгүй ээ, чиний ярьсан зүйл бол “Stand up comedy” гээд урлагийн нэг хэсэг. Ганцаарчилсан хошин шогийн төрлийн ярианы урлагийг судлаач” гээд youtube дээрх хэдэн линк өгч билээ. Тэгж анх оюутан байхаасаа судалж эхэлсэн. Монголд ирээд нэг өдөр ажлаа тараад явж байгаад “Basement’’-д Батаа ганцаараа комеди хийж байхтай таарч, өөрийгөө танилцуулснаар элсэж байсан даа.

-Тэр үеийг бодвол комеди урлаг манайд эрчтэй хөгжиж байна. Комедиануудын хөндөж байгаа сэдэв, хэн нэгнийг шүүмжлэхийг зарим хүмүүс зэмлэлтэй хүлээж авдаг. Харин таныг бусдыгаа бодвол соёлтой шүүмжлэгч гэх хүмүүс байна?

-“Stand up comedy” бол дуу хөгжимтэй яг адилхан. Тэр дундаа жазз хөгжимтэй зүйрлэдэг. Энэ урлаг баруунд үүсээд, ялангуяа Англид хүчтэй хөгжөөд Орос, Америкт тархсан. Сүүлийн үед Азид ихээр хөгжиж байна. Монгол бол Ази тив дундаа “Stand up comedy” урлагийн хөгжлөөр хамгийн эрчтэй хөгжиж байгаа гэж би боддог. Азийн бараг бүх орноор явж үзсэн. Комеди клубүүдээр орж үзсэн. Тэр дундаас нүүр бардам хэлэхэд манай клубийнхэн өөрсдөдөө олгосон цол гуншин гэвэл “Азийн хамгийн гоё клуб” гэдэг.

Хөгжимтэй зүйрлэсэн учир нь та поп хөгжим сонсдог байж болно, таны нөхөр улаан рок байж болно. Үүнтэй ижил комедиан бүр өөр, өөрийн төрлийн дуучид, хөгжимчидтэй адилхан өөр, өөрийн өнгө аястай. Миний өнгө аяс нэг хэсэг хүмүүст таалагдана манай Бээгий комедианы ярьдаг зүйл нөгөө хүмүүст таалагдана. Тэр нь комедианыхаа ямар амьдралтай, амьдралынхаа ямар үе мөч дээр явж байгаагаас ч шалтгаална.

Манайд клубт Баяраа гээд шинэ гишүүн нэмэгдсэн. Тэрбээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан. Оюутнуудын хошигнол гайхамшигтай, түүний хошигнол оюутнуудад таалагдана. Харин би ажил, амьдралын гараан дээр явж байгаа болохоор ажил албатай хүмүүс миний яриаг сонсох дуртай байдаг юм шиг санагддаг. Энд тэнд ажил хөөцөлдөөд явж байхад утсаараа хүн загнасан ах нартай харьцах хэрэг гардаг. Ах нар бол миний яриаг сонсох дуртай.

-“UB Comedy” клубийг анх байгуулж Ьаисан залуус хоёр хуваагдчихлаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Залуус тарчихсан юм уу?

-Комедийг хамтлаг гэж ойлгож болохгүй. Харин “UB Comedy club ”гэдэг баар бол бий. Хүн үүдэнд нь такс төлж ордог. Ороод идэх, уух юм авдаг. Энэ орлого дээр явдаг, баарны бизнес. Бааранд ирж тоглолтоо үзүүлж байгаа комедианууд нь нэг нэгээрээ байдаг. Хүмүүс салсан гэж хараад байгаа. Юу салсан бэ гэвэл баар нь салсан. Бид нар Comedy lab, UB Comedy гэсэн хоёр тайзтай л болсон. Дотор нь байдаг 20 гаруй залуус холилдоод, ээлжлээд гарна гэсэн үг.

-Таны үндсэн мэргэжил нисэхийн салбарынх гэв үү?

-Би Улсын тоо, физикийн 11 дүгээр дунд сургуулийг төгссөн. Намайг төгсөх үед 500 орчим сурагчтай байсан. Дараа нь АНУ-ын 30 мянга орчим сурагчтай Канзасын их сургуулийг төгссөн. Канзас муж нь газар зүйн байрлалын хувьд АНУ-ын яг гол цөм буюу тэг бүсэд нь байдаг. Энэ нь Дэлхийн II дайны үеэс болоод АНУ эргийн бөмбөгдөлтөөс стратегийн чухал салбаруудаа хамгаалах үүднээс, ялангуяа нисэхийн салбар өөрөө цэрэг батлан хамгаалахын салбартай холбоотой байдаг учраас энэ салбарын гол үйлдвэрүүдээ голдоо төвлөрүүлсэн байдаг. “Hawker Beechcraft”,“Boeing” компанийн их биеийг хийдэг “Spirit Aerosystems” гэх мэт олон компани Канзас мужид байдаг. Үүнийг дагаад бас тус мужид нисэхийн инженерийн факультетүүд нь сайн хөгжсөн. Тийм учраас энэ сургуулийг сонгож суралцахаар явсан.

-Нисэхийн инженерийн мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв?

-Аав маань нисгэгч хүн байсан. Манай гэр бүлд нисэхийн салбарын хүмүүс маш олон байдаг учраас надад мэргэжил сонгох зовлонтой зүйл байгаагүй. Нисэхийн зохион бүтээх инженер буюу aerospace engineering мэргэжлээр таван жил суралцсан. Америкийн талын 100 хувийн тэтгэлэгтэй суралцсандаа өөрийгөө азтай гэж бодож байгаа. МИАТ компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар буюу АНГАР гэж ярьдаг даа. Онгоцонд засвар үйлчилгээ хийдэг тэр газар гурван жил ажилласан.

-Харин одоо ажиллаж байгаа салбарууд чинь өөр юм. Яагаад мэргэжлээрээ ажилласангүй вэ?

-Нисэхийн салбар бол онцлогтой. Нэгд, хажуугаар нь өөр юм хийгээд ажилладаг салбар биш. Цаг наргүй ажилладаг, шахуу хуваарьтай. 100 хувь биеэ дайчилж байж салбар дотор явах боломжтой. Би хажуугаар нь хувийн бизнес хийж байсан, тиймээс бүрэн цаг заваа зориулах боломжгүй байсан учраас энэ ажлаа зогсоосон. Хоёрт, нисэхийн салбар бас удам дамждаг салбар юм шиг санагддаг. Гэр бүлийн нөлөө, хувь хүний гал эрмэлзэл асар их шаарддаг салбар. Гэхдээ би өөрөө онгоцонд дуртай. Нисэхийн инженерийн технологийг сонирхож байнга уншиж явдаг. Тиймээс хэзээ нэгэн цагт нисэхийн төрлийн бизнестэй холбогдох болов уу гэж найддаг.

-Ажлын өдрүүд ямар хуваарьтай өнгөрч байна?

-Би сүүлийн үед ярих ажил ихтэй болсон. Нэгдүгээрт, байгууллагын борлуулалт хийдэг. Ямар ч компанийн хамгийн сайн борлуулагч нь захирал нь өөрөө байх ёстой. Нэг ёсондоо байгууллагаа энд тэнд танилцуулаад ярьж үйлчилгээгээ борлуулах ажил хийдэг. Хоёрт, багийнхантайгаа ганцаарчилж, эсвэл бөөнөөрөө ярилцах ажлууд их байдаг. Яг багшлах ажлаа өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд зогсоосон.

Би инженерүүдтэй маш их ажилладаг. Манай “СаllРrо”компани харилцаа холбооны компани учраас мэдээлэл технологи болон сүлжээ, серверийн инженерүүдтэй тулж ажилладаг. “FARO” дээр мөн бид боловсролын зориулалттай гap утасны аппликэйшн,онлайн сургалтын хэрэгслүүрүүд хийж байгаа. Зах зээл дээр удахгүй нэвтрүүлэх байх. Сүүлийн жил хагасын хугацаанд олон нийтэд зарлаагүй ч мэдээллийн технологийн программын инженерүүдтэй тулж ажиллалаа. Манайх “FARO” дотроо 10 хүний IT-гийн багтай. Edutec гэж ярьдаг даа, бид цаашид боловсрол, технологийн салбарыг хослуулсан төрлийн бизнес болгож хөгжүүлэх сууриа тавьж байна.

-Комедианы ажлаа мартчихав уу даа?

-Комеди бол яах вэ, айхавтар ажлын цагаа зарцуулдаггүй. Ажлын бус цагаараа л хийдэг.

-Мэдээлэл технологийг боловсролтой хослуулна гэж байна. Олзуурхууштай зорилт байна. Мэдээлэл технологийн салбар ирээдүйд маш олон тооны мэргэжлийг орлоно гэж байгаа. Тийм ч учраас монгол залуус энэ салбартай нүүр тулахаас аргагүй цаг үе ирээд байна. Та үүнийг компанидаа хэрхэн тусгадаг вэ?

-Манай компанийн үндсэн гол зүйл байдаг. Та юу ч хийж болно. Гэхдээ технологитой хослуулахгүй, нэвтрүүлэхгүй, ойлгохгүй бол таны бизнес ирээдүйд томрохгүй. Хамгийн наад захын жишээ гэвэл манайх сурагч бүртгэл, ангийн элсэлт, дотоод мэдээлэлд excel нүүр хуудас, ворд файл нэгийг ч ашигладаггүй. Бид өөрсдийн дотоод дата баазыг ашигладаг. Манай сурагчийн мэдээлэл алдагдах боломжтой excel файл, устах эрсдэлтэй компьютерийн хард дээр хадгалдаггүй.

-Хүн өөрт байгаа чадвараа дайчилж чадвал юу ч хийж бүтээж болдгийг олон залуус харуулж байна. Магадгүй өөрийгөө олоогүй яваа залууст юу зөвлөхийг хүсдэг вэ?
-Монгол залуус олон улсын хэмжээнд үнэлэгдээд мундаг явж байгаа жишээ олон байна. Боксчин Төгсцогт надад маш их үлгэр жишээ хүн санагддаг. Үнэхээр даруухан залуу. Яг л Боксын холбооны дүрэм журмаар карьераа босгоод явж байгаа.

Бэлтгэлээ олон улсын стандартад нь өрсөлдөхүйц хэмжээнд хийгээд, өөрийнхөө цагийн менежийг сайн хийгээд явж байна. Түүн шиг бокс дээр Төгсцогт гэж байгаа бол та нэг зүйл дээр гарч ирэх боломж байна. Залуус их ажлыг амжуулна гэхээс илүү би юу хийвэл онох бол гэж сайн бодож, бага багаар олон удаа туршиж явах нь илүүтэй чухал юм уу. Би бол бүжиглэж дуулж чадахгүйгээ мэдэж байсан учраас комедиан болсон.

Тиймээс өөрт тань ч гэсэн тийм гарц байгаа. Гол нь ээж аавыгаа гомдоочихгүй хэмжээнд байж, алдах юм аа алдаад урагшаа яваарай гэж хэлмээр байна.

-Англи хэлний сургаптын төв ажиллуулаад хүүхэд, залуусыг дэлхийн хэлтэй болгох үйлсэд хүчин зүтгэж байна. Сургалтын төвийнхөө талаар товчхон танилцуулахгүй юу?

-Монголчуудад англи хэлтэй болоххүсэл маш ендөр бий. Судалгаа ч гарсан байна лээ. Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн сурагчдын 85 хувь нь гадаадад, гадаад хэлээр боловсрол эзэмших сонирхолтой байна гэж.

-Тэр зөв хандлага мөн үү?

-Залуус юм үзэж нүд тайлаад, гадаад хэл дээр боловсрол эзэмшвэл илүү дээр гэж би боддог. Наад захын жишээ гэвэл их сургуулиуд хийж байгаа реферат, судалгаа, шинжлэх ухааны бичиг баримтууд, лабораторийн тайлангууд гэхэд дэлхий нийтийн бүх тайлангийн 85 хувь нь англи хэл дээр гардаг. Технологитой холбоотой цоо шинэ мэдээллийн 80 хувь нь англи хэл дээр хамгийн түрүүнд хэвлэгддэг. Дараа нь бусад хэл рүү хөрвүүлэгддэг. Үүнээс харахад хүн англи хэлтэй суурь боловсрол эзэмшвэл илүү ашигтай гэж харж байгаа.

Манай “FARO” сургалтын төвийн хувьд 25 багштай. Бид энэхүү тоогоо энэ ондоо багтааж нугалах хүсэлтэй байна. Гэхдээ Монголд англи хэлний чадварлаг багш нар дутагдалтай. Манайх жилдээ 3,000-4,000 сурагчийг богино хэмжээний сургалтууддаа хамруулдаг. Нийтдээ 50 орчим ажиллагсадтай, ганц салбартай. Сургалт уншиж бичиж сурахаас эхлээд 20 гаруй төрлийн хөтөлбөртэй.

-Хүний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгнээс ертөнцийг үзэх үзлийг нь таньж болдог. Таны ертөнцийг үзэх үзэл юу вэ?

-Том асуулт байна. Би сайн ойлгосон эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ хүний ертөнцийг үзэх үзэл байнгын өөрчлөгддөг юм байна гэж ажиглаад байгаа. Хүн багахан ч гэсэн зовлон үзэхээр ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг юм шиг байна. Хүн жаахан өвдөөд л “Бурхан минь агаарт гарч амьдаръя” гэсэн сэдэл төрдөг. Үүн шиг залуучуудад хэлэхэд хэрэв өөрт тань хэцүү үе тохиох юм бол үүнийг аль болох үүнийг ашиглаад өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээ тэлж сэлгээд сэтгэл зүйн өсөж томрох боломж байна гэж эергээр хараарай.

Бага зэргийн зовлон амсахаар сэтгэлээр унаад гутарч байгаа хүмүүс бий. Эсвэл өөрийгөө хохирогч нүдээр хараад бусдыг дандаа буруутгаад байдаг хандлага ажиглагддаг. Бусад хүн буруутай байсан ч би үүнийг ямар нэг байдлаар өөртөө ашигтайгаар давж гараач гэж хэлмээр санагддаг.

-Өөртөө тавьж, мөрддөг зарчим байдаг уу?

-Хувь хүн тэгэх ёстой гэдэг зарчим нас наснаасаа хамаараад байнга өөрчлөгддөг. Гэхдээ хэзээ ч өөрчлөгдөхгүй нэг зүйл ээж, аавыгаа л хайрла. Хүн ээж аавыгаа хайрлаж байхад аяндаа өөрөө буруу зүйлийг хийчихгүй юмсан гэсэн далд ухамсартай явдаг юм болов уу гэж боддог.

-Ээж тань улс төрийн зүтгэлтэн хүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл. Ээжийнхээ улс төрийн карьерыг дэмждэг үү?

-Миний дэмжлэг ч гэж юу байх вэ. Аль болох буруу зүйл хийчихгүй юмсан гэж боддог. Ээжийн хийж байгаа бүх зүйл надад таалагддаг. Баярладаг. Ээж бол миний хийж байгаа ажилд оролцоод байдаггүй. Зарчмын зүйлс бол хэлнэ. Оройн хоолон дээр “Хүнд худлаа ярьж болохгүй, ажлын юм бол ажлынх. Хэдийгээр найз нөхөдтэйгөө нийлээд юм хийсэн ч албаны байлгаарай. Цаасан дээрх гэрээ контракт ном журмаараа байх ёстой” гэх мэтчилэн зарчмын зүйлсээ шаарддаг.

-Харилцаа холбооны компанитай гэсэн. Гарааны бизнес эрхлэгч, гадны соёлоос суралцсан залуу хүний хувьд энэ нийгэмд ажиллаж, амьдрахад боломж хэр байна вэ?

-Нийгмийг хурдтай өөрчлөгдөж байгаа гэж боддог. Өөрчлөлт гэдэг бол сайхан зүйл. Өөрчлөлтийг дотроос нь мэдэрнэ гэдэг бүр сайхан. Саяхан нэг танил орос ахтай юм ярьж суухдаа яг ингэж асуусан. Ах хүү хэлж байсан. “Ах нь 1998 онд Монголд анх удаа ирж байхад надад таалагдах ресторан байдаггүй байсан. Хүмүүс нь гундуу байсан. Одоо бол сайхан байна ш дээ” гэж хэлж байна лээ. Тэгэхээр бид өөрсдийгөө ямар их өөрчлөгдөж байгаагаа анзаардаггүй юм шиг. Мэдээж бухимдалтай зүйл хэзээ ч дуусахгүй, дууссан ч хүн дахиад бухимдах зүйлийг гаргаж ирдэг юм биш үү?

-Харин залуус нийгэмдээ хэр оролцоотой байна?

-Залуус сайн оролцож байгаа. Гэхдээ үүнээс илүү оролцож чадна.

-Та яг одоогийн нийгэмд эхэлж болох гарааны ямар бизнесийг санал болгох вэ?

-Энэ их том сэдэв. Гэхдээ нэг зүйл ойлгомжтой. Технологи, ялангуяа мэдээллийн технологийг хүн ашигладаггүй юм гэхэд маш сайн ойлгочих. Хоёр дахь зүйл нь заавал англи хэлтэй байх шаардпагатай. Монголд хүнд ямар ч бизнес эхэлье гэсэн түүнтэй нь төстэй маш сайн хөгжеөд алдаад оночихсон бизнес гадны зах зээл дээр олон байдаг. Түүнийг судлахад наад зах нь англи хэлний мэдлэг хэрэгтэй. Харин Монголын хөрсөн дээр дотоодын түүхий эдээ ухаалгаар ашигласан, газар нутаг соёлын онцлогоо уран ашигласан, дээрээс нь эрүүл мэнд, энэ нь зөвхөн бие махбодоор тогтохгүй сэтгэл зүйн эрүүл мэнд хослуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргавал боломж байгаа гэж харагддаг.

-Лекц уншиж байна уу?

-Лекц ч юу байх вэ, байгууллагын жижиг сургалтууд хийдэг. Хамгийн сүүлд “Энержи ресурс”-ийн хамт олонд гурван өдрийн өмнө хувь хүний бүтээмжийг нэмэгдүүлэх талаар цагийн сургалт хийлээ.

-Байгууллагууд чадварлаг ажилтантай болох, цагийн менежментийг сайжруулахад анхаардаг болжээ. Цагийн менежментийн тухай таны нэг ярилцлагад сонирхолтой мэдээлэл байсан. Түүнийг дахиж нэг дурдаач?

-Цагийн менежмент гэхээс илүү энергийн менежмент гэж яриад байгаа. Дээр үеийн ойлголт л доо. Хүн өөрийнхөө хамгийн өндөр бүтээлтэй, оюун санаагаа хамгийн хурц төвлөрүүлж ажиллаж чаддаг цагуудаа тодорхой болгох юм. Тэгээд тэдгээр цагийг бусдаас харамлах хэрэгтэй. Энэ үедээ хамгийн чухал ажлуудаа тавьж чаддаг байх ёстой. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол хүн өөрийгөө эрүүл байлгаж, зогсолтгүй ажиллаж чаддаг байх тухай. Бушуу туулай биш, яст мэлхий шиг гэж зүйрлэж болно. Зөв ажиллаад, бага ч болтугай зогсолтгүй, удаан хийгээд жилийн дараа эргээд харахад маш их зүйл бүтээсэн байх болно.

-Одоо уншиж байгаа ширээний ямар ном байна вэ?

-Миний ширээн дээр одоо “Ажлын дүрэм” гэдэг шар хавтастай, монгол хэлнээ буусан ном байна. “Google” компанийн хүний нөөцийн бодлогын талаарх ном юм.

Б.ЭНХЗАЯА
Categories
мэдээ улс-төр

АН-ын зөвлөл хуралдлаа

УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-АН-ын зөвлөлийн хуралдаанаар хоёр үндсэн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан байр сууриа нэгтгэлээ. Эрх баригчид ирэх баасан гаригаас Үндсэн хуулийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр шийдсэн байна.

АН-ын зөвлөл 2017 оны долдугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдэлдээ, Ардчилсан Үндсэн хууль ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг дурдаад, өөрчлөх цаг үеийн шаардлага байгаа гэж тэр үед мэдэгдэж байсан. Харин өөрчлөлт хийхдээ “Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард нийтээс санал авах ёстой. Үндсэн хуулийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын нэр хүндийг унагаагаад байгаа зүйлийг шийдэх, ардчиллын байр суурийг баримтлахаа илэрхийлсэн. Өнөөдөр ч бидний энэ шаардлага хэвээр байгаа.

Үндсэн хуулийг өөрчлөхдөө үнэмлэхүй олонхийн шийдлээр явах нь эргэлзээтэй. Ард нийтээс санал асуулга авах шаардлага тавьж байсан бол бид өнөөдөр ард нийтээрээ батлаарай гэж байгаа. Энэ Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байгаа. Үндсэн хуульд орж байгаа үг өгүүлбэр, цэг таслал бүрийг хянах ёстой. Ялангуяа Ерөнхийлөгчийн саналыг авсан уу гэдэг нь анхаарал татаж байгаа. Нэгэнтээ үнэмлэхүй олонхиороо хэлэлцэж байгаа учир АН оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна.

ОУПХ-ны тэргүүнтэй анх удаа бид уулзаж, Г.Батхүүгийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсан. Хүний эрхийн хорооны зөвлөл ирсэн. АН С.Зориг агсны хэргийг илрээсэй, зөв шийдээсэй гэсэн байр суурь дээр байсан. Үнэхээр энэ хэргийг замруулах вий гэж болгоомлжол бидэнд байгааа. С.Зориг агсны хэргээр эрх баригчид хоёр удаагийн сонгууль хийсэн. Энэ удаа бас давтагдах вий гэж болгоомжилж байна.

Г.Батхүү агсны асуудал мөрдөн байцаах шатанд явж байна. Асуудлыг битүү байдлаар шийдэх хэмжээнд явж байна. Тийм учраас энэ хэрэг дахин нотлогдохгүй зүйл рүү орчих вий. Шинжилгээгээр тархины цус харвалт болоогүй, зүрх нь зогсоогүй гэдэг нь нотлогдсон. Тиймээс бид ОУПХ-ны Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан. Тиймээс энэ асуудал УИХ дахь АН-ын зөвлөлийн анхааралд байх болно гэлээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Categories
мэдээ нийгэм улс-төр

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Дундговь аймагт ажиллажээ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг зургаадугаар сарын 9-ний өдөр Дундговь аймгийн боловсрол, соёл, урлаг, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, салбарын үйл ажиллагаа, шинээр хэрэгжих сургалтын хөтөлбөр, хөрөнгө оруулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Ё.Баатарбилэг одоо хэрэгжиж буй хөтөлбөрт суурилан багш, сурагчдын ачааллыг тэнцвэржүүлэх, тэдний хэрэгцээг хангасан шинэчилсэн хөтөлбөр боловсруулан, ирэх хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод буйг онцоллоо. Мөн тус салбарт тулгамдаж буй хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлэн хүргүүлэх талаар удирдлагуудад чиг үүрэг өгсөн юм. Ингэхдээ шинээр цэцэрлэг, сургууль барихаас урьтан одоогийн үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийг их засварт оруулж, техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг нэн тэргүүнд эрэмбэлэхийг зөвлөв.

Мөн уулзалтад оролцогчдын зүгээс сургууль, цэцэрлэгийн их засвар, цалин хөлсний нэмэгдэл, орон тооны дутагдалтай байдал, сурагчдын үнэлгээний зөрүүний талаар санал хүсэлтээ илэрхийлж, сайдаас болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан байна.

Тус уулзалтад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл нарын албаны хүмүүс оролцжээ.

Categories
гадаад мэдээ

Хятадын дарга Киргизстан, Тажикстанд айлчилна

БНХАУ-ын дарга Си Жиньпин зургадугаар сарын 12-16-нд Киргизстан, Тажикстан улсад төрийн айлчлал хийнэ хэмээнБНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Каны мэдээлснээр, Си Жиньпин Киргизстан улсад зургадугаар сарын 12-14-нд төрийн айлчлал хийх юм байна. Энэ үеэрээ тус улсын нийслэл Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 19 дүгээр уулзалтад оролцох ажээ. Мөн тэрбээр Тажикстан улсад зургадугаар сарын 14-16-нд айлчилж, нийслэл Душанбе хотноо зохион байгуулах Азийн итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх хуралд оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Халх голын 80 жилийн ойн уралдааны ялагчид тодорлоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ, Боловсролын хэлтэстэйгээ хамтран Халх голын дайны 80 жилийн ойг угтан ЕБС-ийн сурагчдын дунд уран зураг, гар урлал, эссэ бичлэгийн уралдааныг гурван үе шаттай зохион байгуулсан байна. Шилдэг бүтээлийн эздийг ОХУ-ын Буриадын Селенгинский районы зуслан болон Монгол Улсын “Найрамдал” олон улсын зусланд үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр шагнажээ.

Уран зургийн төрөлд:
1-р байр: Орхон Хасу дунд сургуулийн 5а ангийн сурагч Н.Ундрам
2-р байр: 18 дугаар сургуулийн 4а ангийн сурагч Д.Азжаргал
3-р байр: 34 дүгээр сургуулийн 5в ангийн сурагч А.Хишиг-Эрдэнэ
Тусгай байр: 32 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Г.Мөнгөлдэй

Гар урлалын бүтээлийн төрөлд:
1-р байр: 115-р сургуулийн 8а ангийн сурагч А.Золбаяр
2-р байр: 32 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Г.Ганбаяр
3-р байр: 34 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч Р.Номин-Эрдэнэ
Тусгай байр: Орхон хасу сургуулийн 8а ангийн сурагч А.Намундарь

Эссэ бичлэгийн төрөлд:
1-р байр: Орхон Хасу дунд сургуулийн 10а ангийн сурагч Б.Энхжин
2-р байр: 34 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Пүрэвдулам
3-р байр: 32 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Б.Хулан
Тусгай байранд: 59 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Г.Саранчимэг нар тус тус шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Автотээврийн хяналтын байцаагч нар автобусны зогсоолуудад ажиллаж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад суудлын автомашинууд саад учруулснаас автобус, троллейбус зогсоолдоо бүрэн орж зогсох болон иргэд зорчигчдын аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг.

Иймд зорчигчдын ая тухтай зорчих /бууж, суух/ нөхцөлийг хангуулах зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч нар 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх автобусны зогсоолуудад ажиллаж байна.

Үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусыг буудлын эхэнд шахаж зогсоолгох, хөдөлгөөнд нь саад учруулсан тээврийн хэрэгслүүдийг фото зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх зэргээр нийтийн тээврийн техникийн болон үйлчилгээний байдалд тавих хяналтыг эрчимжүүлж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн 14.8.в заалтад “чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр (22 цагаас 06 цагийн ооронд хүн буулгах, суулгахын тулд үр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно” гэж заасан байдаг тул жолооч та бүхэн дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Зураач Т.Нурмаажавын “Хэмнэл” үзэсгэлэнгийн нээлт болов

Нүүдэлчин монголчуудын сэтгэлгээн дэх өвөрмөц онцлогийг хадгалсаар ирсэн монгол зураг өдгөө Монголын төдийгүй дэлхийн урлагийн тавцан дахь бидний нэрийн хуудас, бахархал мөн билээ.

Монгол зураг нь монголчуудын соёл байдлын агуулга болдог бол үе үеийн уран бүтээлчид монгол уран зургийг уламжлалыг таслахгүй авч явж, хөгжүүлэн сайжруулж, шинэ төрлийн арга барилаар туршин зурсаар байна. Тэдний томоохон төлөөлөл болох Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Түвдэндоржийн Нурмаажав “Хэмнэл” бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр ХААН Галерейд нээлээ. Монголын эртний домог болон орчин үеийн бодит амьдралыг хослуулсан утга агуулга бүхий бүтээлүүд нь түүнийг дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлог, орон зайг бий болгосон зураач гэдгийг нотолдог билээ. Тэрбээр 2002 оноос хойш долоо дахь бие даасан үзэсгэлэнгээ ийнхүү олонд дэлгээд буй юм.

Шинэ үзэсгэлэнгийнхээ талаар Т.Нурмаажав “Өөрийн үзэл бодол, урлагийг харах өнцгөө уран бүтээлээрээ илэрхийлж байдагтаа би баяртай байдаг. Тасралтгүй урсах цаг хугацааны аясаар хувьсах нүүдэлчдийн түүх, эрин цагийн хөгжлийн явцад энэхүү соёлын ай савд багтах хэн бүхэн эртнээс өдгөөг хүртэл улбаалан хадгалж ирсэн уламжлал, хэл, заншил, сүнслэг сэтгэлгээнийхээ үрээр дэлхийд Монгол хэмээх өвөрмөц нэгэн түүхийг бүтээн бичилцэж буй. Алдаж болохгүй түүх, сарниж болохгүй мөн чанар, бидний зүрх сэтгэлд хэзээд сэрүүн орших өвөг дээдсийн адилаар тийнхүү үргэлжилсээр Монгол хэмээх энэхүү гайхамшигт нэрийг өндөрт өргөж, нандигнан хайрлах ёстой хүмүүс бол бид өөрсдөө. Хадгалах ербус амьд мөн чанар, өвлөх арвин баялаг туурвил, соёл уламжлал, заншил бүрээ хойч үедээ хэрхэн өвлүүлэн үлдээж тэр бүхэн эргээд хэтдээ хэрхэн хадгалагдах, уламжлагдах билээ хэмээсэн бүтээлч хүний гэгээн гуниг, мэдрэмтгий эмзэг, совинт шаналал минь зүрхний хэмнэлд хэмгүй оршсоор ирсэн бөгөөд чин сэтгэлээ уудлан дэлгэсэн ХЭМ ХЭМНЭЛ, ХӨДӨЛГӨӨН, ЧИМЭЭ, ОРШИХУЙ, ЭС ОРШИХУЙ, ӨӨРЧЛӨЛТ, МЭДРЭМЖ цуврал бүтээлүүдээ та бүхэнд толилуулж байна” хэмээсэн.

“Хэмнэл” үзэсгэлэн 2019 оны 6-р сарын 7-27-ныг хүртэл ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.


Categories
мэдээ улс-төр

УИХ-аар энэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 06 ДУГААР САРЫН 10-НААС 14-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 10-ны Даваа гарагт:

•Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

•Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 10-ны Даваа гарагт:

•Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

•Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

•Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд;

•Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

•Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд;

•Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

06 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:

•Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.

06 дугаар сарын 12-ны Лхагва гарагт:

•Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоол, 2017 оны 02 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн хүрээнд Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Нийслэлийн дүүргүүд, Төв аймгийн зарим сумдад ажиллана;

•Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

06 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:

1.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Олон Улсын Парламентын холбооноос ирсэн төлөөлөгчидтэй уулзсан талаарх Түр хорооны даргын мэдээлэл;

•Иргэдийн мэдээлэл сонсох.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

•Бусад.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2019.05.29-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

•Байнгын хорооны тогтоолын төсөл /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай/;

•Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх;

•Бусад.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;

•Бусад.

06 дугаар сарын 12-ны Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Үндэсний аудитын газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2019.05.29-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;

•Ажлын хэсэг байгуулах тухай /Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

•1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсох;

•Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайлан болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлтийг сонсох;

•Бусад.

06 дугаар сарын 13-ны Пүрэв гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэх/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 12-ны Лхагва гарагт 15.00 цагаас, 13-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:

•Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, үргэлжилнэ;

•Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт;

•“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх;

•Бусад;

•Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох;

•Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох;

•Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нарын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Уул, уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

06 дугаар сарын 14-ний Баасан гарагт 10.00 цагаас:

•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг явуулах/.

Categories
мэдээ нийгэм

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 10-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

10:00-16:00 цагт: 1, 6, 7, 8-р хороо 11-р хороолол 10, 40, 73, 73/8-р байрууд, Ардын эрх, Авто плаза, Хасар, Сити хөгжил, Интерком сиди, Авзагаман дал, Ёл хангай, Санкомарк Етинг Монголиан, Аст, Цэлэлзэх мөрөн, Дэвшилт, Оч билгүүн, Тайм констракшн, Чингис шар айраг ХХК-ууд, Яаралтай тусламжийн төвийн бааз, Монгол ньюс, Өдрийн мэдээ, Уламжлалт анагаах ухааны төв, АТС-351, Гаалийн ерөнхий газар, Мөнх замбала дэлгүүр, Психоанализын төв, Өсвөр үеийн хөгжлийн төв, Арслан клуб, Хүүхдийн урлан бүтээх болон эдгээрийн ойр орчмоор

11:00-15:00 цагт: 15, 17-р хороо Хустайн амны зуслан, Дамбадаржаагийн 83, 84-р гудамж, Япон цэргийн цогцолбор болон ойр орчмоор

11:00-18:00 цагт: 19-р хороо Шадивлангийн зуслан

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

11:00-15:00 цагт: 19-р хороо Дээд Салхитын 32-36-р гудамж

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

10:00-15:00 цагт: 11-р хороо Инэл-79-р байр, Цогт АОС болон ойр орчмоор

10:00-16:00 цагт: 3-р хороо Хуучин ХОТШ банк, Наран фүүдс, Оч наран, Хангилцаг, ЧММ ХХК-ууд, Иргэн Цэцэгмаа, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн авто сургууль, Хотын зам ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

10:00-17:00 цагт: 20, 21, 22, 25, 32-р хороо Одонтын 29, Хайрханы 14-р гудамж, Шашны сургууль, Жи Мобайл, Дэлхийн зөн, Хайртхаан амралт, Төмөр зам, Алтан Дорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Мобиком, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин товчоо, Шинэ товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор

10:30-17:00 цагт: 1, 22-р хороо Үзэмж үзэхүй судлал, Баянголын ам болон ойр орчмоор,

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Өнөөдөр УИХ дах МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа илэрхийлэх юм.

Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.