Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг харуулсан үзмэрүүд дэлгэв

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачилгаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байна.

Энэ удаа Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд Олон ястны өлгий нутгийн онцлог, Онцгой байдлын газрын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог, үе, үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл, гар урлал, амжилт, алдарыг танилцуулсан 100 орчим нэр төрлийн үзмэр дэлгэгдээд байна.

Үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Технологийн компаниуд ажилтнуудаа “HUAWEI”-тай харилцахыг хоригложээ

Америкийн эрх баригчид “HUAWEI” компанийг хар жагсаалтанд оруулсантай холбогдуулан технологийн томоохон компаниуд тус компанийн ажилтнуудтай холбогдохыг ажилтнууддаа хоригложээ.

“REUTERS” агентлагийн мэдээлснээр, Intel, Qualcomm болон Өмнөд Солонгосын үүрэн холбооны LG Uplus болон бусад томоохон компаниуд ажилтнуудаа “HUAWEI” компанийн ажилтнуудтай албан бусаар харилцаа тогтоох, тэр дундаа шинэ технологийн стандартуудын талаар ярилцахыг хориглосон байна.

Технологийн компаниудын ажилтнууд албан бусаар уулзах нь энийн үзэгдэл байдаг гэнэ. Иийнхүү уулзаж ярилцсанаар тав дахь үеийн 5G сүлжээ зэрэг төрөл бүрийн харилцаа холбооны технологийн стандартуудыг инженерүүд ярилцан, хэлэлцэх боломж олгодог аж. АНУ-ын эрх баригчид энэ төрлийн харилцааг хориглоогүй ч тэргүүлэгч компаниуд Америкийн засгийн газар дургүйцэж магадгүй хэмээн болгоомжилсны үүднээс “HUAWEI” компанийнhgymga харилцахыг хоригложээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн зургаан хорооны иргэдэд АШУҮИС-ийн шинэ эмнэлэг тусламж, үйлчилгээ үзүүлнэ

НЗДТГ-ын явуулын байранд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, АШУҮИС-ийн эмнэлгийн дарга Х.Алтайсайхан нартай хийсэн уулзалтын үеэр тус дүүргийн 8, 10, 12, 20, 23, 28 дугаар хорооны 71,000 гаруй иргэнд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг /дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, хавдар, шүд, нүд, чих, хамар хоолой зэрэг чиглэлээр/ үзүүлэхээр зөвшилцсөн байна.

АШУҮИС-ийн эмнэлэг нь Япон улсад үйлдвэрлэсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон төдийгүй тус улсад мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд ойролцоо байршилд орших Баянзүрх дүүргийн эдгээр зургаан хорооны иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээг ирэх наймдугаар сарын 1-нээс, хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааг аравдугаар сарын 1-нээс, яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн шат дарааллын дагуу үзүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн, тэр дундаа сэргээн засах болон уламжлалт, зүрх судасны өвчин, спортын гэмтлийн чиглэлээрх тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нарыг огцрохыг шаардаж иргэд жагсаж байна

Гэрэл зургийг У.УРАНБИЛЭГ

Өнөөдөр ХЗДХ-ийн яамны гадна талбайд иргэд жагсаал зохион байгууллаа. Тодруулбал, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар үгсэн хуйвалдах замаар Авлигал, албан тушаалын хэрэгтнүүдийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгон бууруулсныг эсэргүүцэж огцрохыг шаардаж буй юм.

У.УРАНБИЛЭГ


Categories
мэдээ нийгэм

39 мянган хүүхдийн шүдийг үнэгүй эмчлээд байна

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн шүдийг нэг удаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх зорилт тавин “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор 39 мянган хүүхдийг эрүүл шүдтэй болгожээ.

Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах юм.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн эмнэлэг оролцсоноос 199 эмнэлэг шаардлага хангаж, шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнээс одоогоор 161 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Налайх дүүргийн эмнэлэгт шаардлагатай тоног, төхөөрөмжийн төсвийг шийдвэрлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүргийн ажилтай энэ сарын 08-нд танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв.

Тухайлбал, “Голомт” сургуулийг шинэчилж 960 хүүхдийн шинэ сургууль, мөн цэцэрлэг барих, дүүргийн эмнэлгийг нэн шаардлагатай 150 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг ирэх оны Улсын төсөвт суулгах болов.

Мөн тус дүүргийн иргэдтэй уулзалт хийж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, түүний хэрэгжилт, бодлого, чиглэлийн талаар танилцуулж, санал, шүүмжийг сонссон юм. Түүнчлэн төрийн албан хаагчидтай нэгдсэн хурал зохион байгуулж, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан талаар мэдээлэв. Энэ хүрээнд иргэд, олон нийтэд нээлттэй, шударга хандаж, чирэгдэлгүй үйлчлэх учиртайг хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

6000 гаруй шил архи хууль бусаар нэвтрүүлснийг илрүүлжээ

БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус 0,5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн шалгаж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хятадууд Монголын мөнгийг зөөж байна. Бид харсаар байх уу?

Хоёр дахь “Эрдэнэт”-ээр тодорч, монголчуудын магнайг тэнийлгэж байсан “Оюутолгой”-н гэрээ тийм ч ашигтай бус болох нь илчлэгдэхтэй зэрэгцэн тус гэрээний гашуун түүхийг давтсан дахин нэг хэрэг сөхөгдөөд байна.

Учир нь 2018 оны зургадугаар сард газрын тос боловсруулах үйлдвэрийн шавийг тавих үеэртус үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, жижиглэнгийн үнэ 30 хувиар буурч, гадагшаа урсдаг 1.2 тэрбум ам.долларын урсгалыг зогсоож, орон нутаг болон улсын төсөвт жил бүр 360 сая ам.доллар төвлөрөх боломж бүрдэнэ гэдгийг албаны хүмүүс онцолсон юм. Ийнхүү ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодит нөлөө үзүүлэх тус газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахын тулд Бүгд найрамдах Энэтхэг Улсаас 1 тэрбум ам.доллар зээлсэн байдаг. Үүнийх нь буянд монголчууд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэртэй болох замналаа тавьсан нь энэ. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр газрын тосны үйлдвэртэй боллоо гэхэд түүхий эд болох газрын тосыг “Хэнээс, хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ” гэдэг асуулт эрхгүй урган гарч ирж байна.

Өөрөөр хэлбэл, талх барих үйлдвэрээ зээл аваад барьчихсан. Гэтэл талхчин, улаан буудай нь бидэнд алга. Ингэхээр нэг бол газрын тосыг гаднаас худалдаж авах, эс бөгөөс Монголд олборлолт хийж байгаа хятадуудаас хэлсэн үнээр нь худалдаж авах гэсэн хоёрхон сонголттой нүүр тулахаас өөр замгүй юм. Монголчуудад газрын тосны орд байсан уу, гэвэл байсан. Яагаав, өнөө Ерөнхийлөгч асан П.Очирбат алдартай саарал дээлнийхээ энгэр юугаан мялаан байж, “Монголчууд өөрсдөө газрын тос олборлодог боллоо” гэж хошгируулан хэлж байсан орд газар шүү дээ. Харамсалтай нь, дээрх ордыг монголчууд бус хятадууд эзэмшдэг болсноор нөөц баялагийг нь хятад руугаа зөөгөөд 10 гаруйжилийг ардаа үджээ.

Жилд 1 сая орчим тонн газрын тос олборлодог тус талбай нь Дорнод аймгийн Халх гол, Матад суманд оршдог. Эдгээр талбайг “Петро чайна дачин тамсаг” ХХК болон “Доншен газрын тос Монгол” ХХК эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, “Петро чайна дачин тамсаг” ХХК нь “Тосон уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайг, “Доншен газрын тос Монгол” ХХК нь “Бүтээгдэхүүн хуваах-97” талбайг эзэмшиж, эндээс олборлосон газрын тосыг хятад руу гаргадаг юм.

2022 онд газрын тос боловсрулах үйлдэртэй болбол бидэнд 1.5 сая тонн түхий эд хэрэгтэй. Гэтэл Монголд олборлолт хийдэг хоёрхон компани нь хятадуудын эзэмшилд байдаг. Хэрэвзээ, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэе гэвэл эдгээр хятад компаниас газрын тос худалдаж авахаас өөр замгүй. Гэтэл хятад эзэд “Монголчуудын баялагийг монголчуудад хэдэн төгрөгөөр худалдах бэ” гэдэг их сонин зүйл. Учир нь төрийн бус байгууллагуудын хүсэлтээр Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьсан байна. Гэтэл тусгай зөвшөөрөл авч улсын хилээр нэвтрүүлэх ёстой том оврын техникийг татвар багатай өөр ангилалаар ангилж, улсын хилээр нэвтрүүлдэг. Тэр бүү хэл, “СЭЛБЭГ” гэж худал мэдүүлэх зэргээр татвараас зугтдаг болох нь илчлэгджээ. Тодрулбал, өнгөрсөн нэгдүгээр сард нэр бүхий гурван төрийн бус байгууллагаас “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн үйл ажиллагааны талаар зөвлөх үйлчилгээ үзүүлээч гэдэг хүсэлтийг түүнд тавьсан байна. Энэ хүрээнд тус компанийн үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Матад сум дахь 19, 21 дүгээр талбайд монголчуудыг ажиллуулах асуудлаар ханджээ. Түүнчлэн АТҮТ, Зам тээврийн хөгжлийн яам, Газрын тосны хэрэгэрхлэх газар зэрэгт хандахад дөрөвдүгээр сараас эхлэн хятадаас нэг ч кран нэмж оруулахгүй байх шийдвэрийг холбогдох газраас гаргасан байна. Учир нь кран зэрэг тоног төхөөрөмжийг монголчууд өөрсдөө импортолж байж, уул урхайн салбараас Монголд орж ирэх өгөөж бага атугай нэмэгдэх учиртай. Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн хууль бусаар зургаан краныг Баянхошууны боомтоор оруулж ирсэн байна. Энэ талаар зөвлөх инженер Д.Батбаатар “Дээрх зургаан краныг улсын хилээр нэвтрүүлэхдээ ачааны машины зөвшөөрлөөр оруулж ирсэн. Уг нь тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх ёстой. Монгол, БНХАУ-ын хэлэлцээрийг хэрэгжүүлэх протоколд онцгой зөвшөөрлийн бичиг авахын тулд хятадын талын тээврийн хэрэгсэл тус улсын эрх олгогдсон байгууллагаас Монголын эрх олгогдсон байгууллагад хандаж зөвшөөрөл хүсдэг. Ингэж оруулах журамтай. Гэтэл нэг удаа хил нэвтэрдэг тээврийн зөвшөөрлөөр оруулж ирсэн байна. Тиймээс төрийн байгууллагуудад шаардах бичиг явуулсан. Хууль бусаар оруулж ирсэн тээвэрлэлийн хэрэгслээ тавдугаар сарын 30-ны өдөр гарга гэж АТҮТ-өөс бичиг өгсөн ч одоог хүртэл гараагүй.

Мөн тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр нь очин крануудыг тоолж үзэхэд олон краныг хууль бусаар оруулж ирсэн байна. Төрийн байгууллагууд нь шаардлага тавихаар “Үгүй” гэдэг” гэсэн юм.

Энэ талаарх асуудлыг ганц Д.Батбаатар ярьж байгаа юм биш. Нутгийын олон хөгшид ярьж, хэлсэн боловч тоодог хүн нэгээхэн үгүй. Холбогдох албанаас шаардлага тавихаар хятад эзэдтэй дээрх компанийн ажилчид “Танай Монголын хууль тогтоомж бидэнд хамаагүй. Толгой компаниас ирүүлсэн заавар, зөвлөмжийн дагуу ажиллана” гэж томорсон байх юм. Энэ юу ч биш. Монгол ажилчдыг боолын л хөдөлмөр эрхлүүлэхээс биш мэргэжлийн ажилд томилдоггүй. Цалин мөнгийг нь өгөхдөө луу унждаг гээд олон асуудал “Петро чайна дачин тамсаг”-ийн эргэн тойронд эргэлддэг ажээ.

Тус компанийн хувьд БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацийн харъяа төрийн өмчит “Дачин ойл фийлд лимитед” компаниас 2005 оны наймдугаар сард сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайг авсан. Ингэхдээ тус талбайд газрын тосны үйл ажиллагаа явулах бүтээгдэхүүн хуваах эрх, үүргийг АНУ-ын “Соко интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авчээ. Ингэснээр хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Дорнод аймгийн Халх гол, Матад суман дахь байгалийн баялагт эзэн суухаас гадна Монголын шатахуун үйлдвэрлэлийн гол түүхий эдийг нийлүүлэх монополь эрхийг атгасан нь энэ юм.

“Петро чайна дачин тамсаг”-ийн эзэмшлийн Тосон уул-XIX талбайн нөөцийг 20.17 сая тонн гэж урьдчилсан байдлаар тогтоосон байдаг. Харин “Тамсаг-XXI” талбай нь газрын тосны баталгаат нөөц нь 127.509 сая. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 14.01 сая тонн, ус шахалтын горимоор ашиглалтын баталгаат нөөц нь 21 сая тонн юм. Өөрөөр хэлбэл, Монголчууд бид Энэтхэг Улсын Засгийн газраас 1 тэрбум ам.долларын өр тавин байж, шатахуун үйлдвэрлэх үйлдвэр байгуулж байна. Гэтэл түүхий эдийг нь хятадууд нийлүүлэх монополь эрхийг атгачихаж. Ингэхдээ татвараас зугтах байдлаар олборлолтын зардлаа бууруулж, харин өндөр үнээр олборлосон гэж “худал” хэлж өндөр үнээр түүхий эд нийлүүлэхээр санаархаж сууна. Нэг ёсондоо ойролцоогоор газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг 100 жил нийлүүлэх их хэмжээний орд газрыг хятадууд өөрийн болгочхоод байхад төрийн тэргүүнээс эхлээд Ерөнхий сайд нь нүд нь балай, чих нь дүлий сууна.

Өнөөдөр Дорнод аймгийн Халх гол, Матад суманд хүн байтугай мал амьтан ч амьдрах эрхүй шахуу болсон гэхэд болно. Халх голын дайны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн арга хэмжээг угтан очсон Оросуудаас эхлээд нийслэлчүүд хүртэл дуу алдаж, айж мэдэгдсэн гэх. Учир нь “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн олборлолт хийхдээ тээвэрлэлт хийсэн зам нь там болжээ. Шороон замаар тээвэрлэлт хийх учир тоос шороо тэнгэрт тултал босч, хүн амьтан амьсгалах аргагүй болдог байна. Уг нь бол мэргэжлийн хяналтын газраас удаа дараа тээвэрлэлтийг зогсоох шийд гаргадаг боловч төд удалгүй тээвэрлэлт хийх эрхээ авчихдаг байна. Тэр бүү хэл, улсын хилээр кран нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг холбогдох байгууллагаас нь гаргачихаад байхад л Бичигт болон Баянхошуу боомтоор олон тоогоор оруулаад ирдэг гэх. Бүхэл бүтэн хуль зөрчсөн үйлдэл нүдэн дээр нь ил байхад хил, гаалийнхан юугаа ч хийж суудаг юм, бүү мэд. Энэ мэтчилэн Монголын газрын тосны баялаг дээр сандайлж суусан “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ.

Тэдний эл хууль үйлдлийг таслан зогсоож чаддаггүй юм бол тусгай зөвшөөрлийг цуцлах эс бөгөөс төр өөрийн мэдэлдээ авах нь зүйтэй биз ээ. Учир нь дээр хэлсэнчлэн 2022 онд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Тэр үед хятад эзэд түүхий эдийг “Өндөр үнээр олборлолт хийдэг учир” гээд амандаа орсон үнээрээ шахахыг үгүйсгэхгүй. Хэрэв зээ, хятад эздийн эл санаархал биелэлээ олбол,өнөөх жил бүр гадагшаа урсдаг 1.2 тэрбум ам.долларыг дотооддоо шингээх төлөвлөгөө салхинд хийсэх нь лавтай.

Дагаад шатахууны үнэ 30 хувиар буурч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодитой дэмжлэг үзүүлэх бус харин ч БНЭУ-д 1 тэрбум ам.долларын өртэй болох эрсдэлтэй юм. Тиймээс л газрын тосны баялаг дээр сандайлсан “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн эзэмшлийн орд газарыг төр эргүүлэн авч, эдийн засгийн дархлаагаа бэхжүүлэх нь зүйтэй биз ээ. Үгүй ядаж л монголчуудад ажиллах боломжийг нээж өгөх, бүр тодруулбал, шаардлагатай тоног төхөөрөмжийг Монголчуудаас худалдаж авдаг, Монгол хүнийг ажиллуулдаг байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. “Алтыг нь аваад авдарыг нь хаяна” гэдэг үг бий. Хятадууд Монголын газар нутгийг ухаж, сэндийлэхдээ аль өнгөтэй өөдтэйг нь хил дамнуулдаг, ингэхдээ Монголчуудаар боолын хөдөлмөр хийлгэж, өөрсдөө хаан суудаг жишиг тогтоод буй. Тиймээс л эрдэс баялагийн салбараас орох өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд техник, тоног төхөөрөмж импортлогч дотоодын аж ахуйг дэмжих бодлогоо лавшруулах нь зүйтэйг энд цохон тэмдэглэхгүй өнгөрч болохгүй биз ээ.

Г.Батдорж

Categories
мэдээ нийгэм

“Өнөр бүл” төвийн 12 хүүхэд эмнэлгээс гарчээ

“Өнөр бүл” хүүхдийн төвийн байранд өчигдөр гал гарсны улмаас хүүхдүүдийг цэцэрлэгийн байр руу нүүлгэн шилжүүлсэн байна. Тус төв дэх өсвөр насны хүүхдүүд амьдардаг байранд гар гарсан бөгөөд энд 70 хүүхэд байрладаг байжээ.

Одоогоор галд өртсөн “Өнөр бүл” асрамжийн газрын 12 хүүхэд эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Нийт 78 хүүхдэд эмнэлгийн анхан шатны иж бүрэн тусламж үзүүлсэн бөгөөд эдгээрээс 13 нь эмнэлэгт хэвтсэн байна. Нэг хүүхэд үргэлжлүүлэн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал дээрдэж, тогтворжсон тухай холбогдох албаныхан мэдээлэв.

Гал өглөөний 09.40 минутын үед тус төвийн гуравдугаар давхарт гарсан ба урьдчилсан байдлаар цахилгааны саатлаас болсон байж магадгүй гэнэ. Гал гарсан шалтгааныг одоогоор тодруулаагүй байгаа аж. Галын ослын дүгнэлт 14 хоногийн дараа гарах аж. Тус төвд 2-18 насны 190 орчим хүүхэд амьдардаг юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэж, бүлэг үүсгэх хүсэлт тавилаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр АН-ын зөвлөлд нэгдэж, бүлэг байгуулан хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн талаараа мэдээллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Миний бие өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичгээ хүргүүлсэн. Албан бичгийн гол утга нь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллаж, АН бүлэгтэй болж хүчтэй сөрөг хүчин болгоход хамран ажиллая гэсэн утга бүхий бичиг юм. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн заалт бий. Тухайн гишүүн нам, эвслийн бүлэгт нэгдсэнийг нь УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарлах үүрэгтэй. Тиймээс МАХН-ны гишүүний хувьд намаасаа гаралгүйгээр АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэж байгаа юм. Нэгдэх болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт УИХ-д Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Мөн суудалгүй намуудын зүгээс Ерөнхийлөгчид хандан Үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулах тухай хүсэлтээ хүргүүлсэн. Энэ нь сөрөг хүчин сул байгаа учраас Ерөнхийлөгчид хандсан гэж ойлгож байна. Тиймээс УИХ-д хүчтэй сөрөг хүчин гаргах ёстой гэж үзсэн. Хоёрдугаарт, 2016 оны сонгуулийн Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгч, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг, АН-ын есөн гишүүнийг гаргаж УИХ-д бүлэг байгуулах эрхийг нь, МАХН-д нэг суудал буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн. Харамсалтай нь өнөөдөр улстөрчид сонгогчдоо сонсохгүй байна. Жишээлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг МАН авсан хэдий ч ард түмнээсээ асуухгүй, өөрсдийнх нь эрх гэж ойлгоод байна. АН-ыг бүлгээрээ дамжуулан хяналтаа тавьж, ард түмний өмнөөс бүлгийн байр сууриа илэрхийлж бай гэсэн боловч АН-ын гишүүдийн асуудлаас үүдэж бүлэггүй болж сөрөг хүчингүй болсон учир миний бие нэгдэж хамтдаа сөрөг хүчний байр сууриа илэрхийлье гэж бодсон. Сонгууль болтол маш олон асуудал яригдана, энэ үед сөрөг хүчин хүчтэй байх ёстой” гэсэн юм.

Мөн тэрбээр “Манай намын гишүүд намайг дэмжиж, баяр хүргэе гэж мессеж ирүүлж байна. Намын даргын хувьд мөнхийн дарга байх мөрөөдөлтэй. Бидний маргаан одоогоор Улсын дээд шүүх дээр байгаа” гэлээ.