-НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССООС ТУРК БАГШ НАРЫН ТАЛД АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙХАД БИД ЭРХИЙГ НЬ ЗӨРЧСӨӨР БАЙХ УУ?-
Турк багш нарыг Монголын хилээр гаргахгүй байгаа талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа билээ. Монгол Улсын хууль дүрмийг зөрчөөгүй, Интерполоор эрэн сурвалжлагдаагүй, энгийн хэдэн багш нарын паспортыг Туркийн тал хүчингүй болгосон гэсэн шалтгаанаар манай ГИХГ-аас хилээр гаргахгүй байгаа. Манай албаны хүмүүс бодит амьдрал дээр байдал хэрхэн өрнөж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч паспортоо ЭСЯ-аараа албан ёсных болгочих гэсэн шаардлага тавьсаар байгаа юм. Ерөөсөө дэлхий даяараа турк багш нарыг хулгайлахыг нь хулгайлж, улс орнуудад шахалт үзүүлэх нь үзүүлж, мөнгө тусламж өгөх нь өгч, зарим төрийн албан хаагч нартай хамтран ажиллах нэрийн дор янз янзын аргаар тэр хүмүүсийг Турк руу албадан аваачих ажил сүүлийн гурван жилийн дотор үргэлжилж байгааг дэлхий тэр аяараа харж байгаа. Туркийн иргэн учраас паспортын хугацаа нь дуусах үед сунгуулж таарна, ингэхийн тулд байгаа газрынхаа ЭСЯ-дад хандана. Гэвч ЭСЯ-д нь улс төрийн нөлөөтэйгээр тэдний паспортыг сунгаж өгөхгүй байгаа учраас тэд ардчилал хүний эрхийг дээдэлдэг улс орнууд руу дүрвэж гардаг ийм л байдал энд тэндгүй өрнөж байна. Одоогоос гурван жилийн өмнө Т.Эрдоганы эсрэг төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараагаас ийм байдал үүсч, улам бүр даамжирсаар ирсэн. Үнэндээ тийм оролдлого болоо ч үгүй, үзэл санааны зөрүүтэй хүмүүсээ дарж авах гэсэн зохион байгуулалттай хэрэг байсан ч гэх таамаглал бий. Аль нь ч байсан тэр хэргийн дараагаас маш олон тооны чадалтай, хөрөнгөтэй, боловсролтой хүмүүс баригдаж, тамлуулж, амь насаа алдан, эд хөрөнгөө хураалгасан. Нийтдээ 77 мянган иргэнээ баривчилсан гэж Рейтерс мэдээлжээ. Өмнө нь тус яамны Хууль зүйн сайд эл хэрэгт 148,833 хүнийг эрэн сурвалжилж, 48636 хүнийг хорьсон талаар мэдэгдсэн удаатай. Далан ч мянга бай, дөчин мянга ч бай энэ аймаар тоо.
Бүгдийг хяналтад байлгах гэж үзэж, сүүлдээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа турк багш нарыг авлах ажиллагаа эхэлсэн билээ. Өнгөрсөн зун гэхэд Монголд хорь шахам жил амьдарсан багшийг хулгайлах ажиллагаа болж, тусгай үүргийн онгоцоо илгээж, Монгол улсын нутаг дэвсгэрт гадны байгууллага тусгай ажиллагаа явуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн учраас арайхийн авч үлдэж чадсан байдаг. Олны анхаарлыг татаж чадсан учраас Вессэл багш гэр бүлийн хамт Монголоос гарч чадаж, харин одоо найман багшийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Тэдний паспортыг элчингээс нь хүчингүй болгосон гэнгүүт манай төрийн байгууллагууд нь уухайнтас өлгөж аваад гаргаж явуулахгүй байна. Ингээд энэ сар дуусахад тэдний Монголд оршин суух хугацаа дуусч нутаг руу нь албадан явуулна. Харин тэд үүнээс өмнө хүний эрхийг дээдэлдэг, турк багш нарт ямар хувь заяа ирэхийг мэдэж байгаа учраас эх орондоо хүлээн авч байгаа улсууд руу амжиж явахыг тэмүүлж байна. Үүнийг нь мэдэж байгаа ч Монголын эрх мэдэлтнүүд тэднийг өчүүхэн ч хайхрахгүй байгаа нь харамсалтай. Тэр дарга даамлууд өчүүхэн эрх ашгаар шийдэж байгаа энэ шийдвэрийн нь цаана хүний амь амьдрал хэрхэн эргэдгийг мэдэж байгаа болов уу. Гэвч энэ асуудлыг шийдэхгүй бол Монгол улс дэлхий дахины өмнө эвгүй байдалд орно гэдгийг ойлгох ёстой. Зургаан багшийг Туркийн талд хүлээлгэж өгсөн хэрэг Европын холбоонд элсэхээ хүлээж байсан Косовод ямар хатуугаар туссаныг бид харж байсан. Улсынх нь Ерөнхий сайд эвгүй байдлаас гарахын тулд “Бид огт мэдээгүй байсан” гээд Дотоод хэргийн сайдаа огцруулснаар намжсан. Мөн хоёр жилийн өмнө Малайз улс 13 жил нутагт нь амьдарсан багш нарыг Туркийн талд хүлээлгэн өгсөн байдлаасаа болоод өнөөдөр олон улсын өмнө ичгэвтэр байдалд ороод байгаа. Малайз дахь “Тайм Олон улсын сургууль”-ийн багш нарыг тухайн үеийн Ерөнхий сайд Нажиб Разак, Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган найз нөхдийн хүрээллээрээ шийдэж, биестээ найр тавин шилжүүлсэн байдаг. Харин тэдгээр багш нар НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандсанаар өнөөдөр НҮБ-аас Туркт энэ асуудлаа албан ёсоор шийдэх шаардлага хүргүүлчихээд байгаа юм.
НҮБ-ын Хүний эрхий хорооноосөнгөрсөн тавдугаар сарын 28-нд гаргасан шийдвэр сүүлийн жилүүдэд өрнөөд байсан энэ хэргийг нэг талд нь гаргах тодорхой шийдвэр болж байна. Турк улс 180 хоногийн дотор хоёр багшийг суллах, нөхөн төлбөр өгөх энэхүү шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.Сургуульд багшилсан, сөрөг хүчнийхний эзэмшдэг банкинд мөнгөө хадгалуулсан, гар утасны аппликэйшн суулгасан хэргээр буруутаад байгаа олон мянган хүмүүсийн хувьд дээрх шалтгууд баривчлагдах хангалттай нотолгоо биш гэдгийг НҮБ-аас онцолжээ. Бүгдийг Онц байдлын үеийн тогтоол, шийдвэр гэдгээр хаацайлж байгааг буруутгаж, тус улсын Үндсэн хууль нь хууль эрх зүйн хамгаалалт болж чадахгүй байгааг хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Хүний эрхийн комиссын энэ шийдвэр нь өнгөрсөн он жилүүдэд улсынхаа өмнө буруутсаар ирсэн тэр олон хүмүүсийг буруутан биш гэдгийг, тэр баривчлагдаад байсан улсууд хэлмэгджээ гэдгийг баталсан түүхэн шийдвэр болж байна. НҮБ-ын Хүний эрхий хорооны шийдвэр бол угтаа олон улсын шүүхийн шийдвэр гэсэн үг.
Малайзаас хулгайлагдан Туркт хүргэгдсэн Измет Өзжелик, Тургая Караман нарын гомдлоор гаргасан НҮБ-ын шийдвэр манайх шиг яахаа мэдэхгүй, оргож буссан шийдвэр гаргаж байгаа улс орнуудад чиг болж өгч байна. НҮБ-аас Туркийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсон улс гэдгийг нь сануулаад тогтсон хугацаанд засч залруулахыг анхааруулж, Онц байдлын үеийн шийдвэр, баривчилгаа гэсэн Туркийн тайлбарыг хүлээж аваагүй байна. Манайх шиг улс орнуудын хувьд нэг талаас дипломат харилцаатай Турктэй харилцаагаа хүндэтгэх ч, нөгөө талаас хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орны үзэл санаа, ард иргэдийн нь ардчиллын төлөөх үнэт зүйлтэй нь зөрчилдөж байгаа билээ. Харин одоо дэлхийн улс орнуудын даргалагч байгууллага нь нэгэнт тодорхой шийдвэрээ гаргачихаад байхад бид үүнийг давж, Туркийн талд орох учиргүй. Тэгвэл эргээд олон улсын өмнө буруутах болно. Монголд ажиллаж амьдарч байсан багш нар нутагтаа хүргэгдэж, шоронд суухгүйн тулд өөр өөрийнхөөрөө хичээж ирсэн байдаг. Манайд байгаа ЭСЯ паспортыг нь сунгахгүй болохоор гадаадад байгаа ЭСЯ-дуудад хандаж, азаа үзнэ. Монголд багшилж байсан Есуф Эрдухан гэдэг багш энд бүтэхгүй болохоор Германд очиж, паспортоо сунгуулах гэж оролдоход элчингийнх нь “Таны паспортыг сунгана сунгана” гээд паспортыг нь хурааж аваад эргүүлж өгөөгүй талаар, нөгөө багш эцсийн мөч болтол паспортоо гараасаа салгахгүй байж байгаад сунгана гэдэгт нь итгээд өгч гэнэдсэн талаар Турк сургуульд хүүхдээ сургадаг эцэг, эхүүд харамсан ярьж байсныг санаж байна. Монголын боловсролын тогтолцоог шилжилтийн амаргүй үед аварч гарахад хувь нэмрээ оруулж ирсэн турк багш нарт монголчууд сайнаар ханддаг. Тухайн үедээ “Есуф багш Германд байсан тулдаа болсон юм. Европ, АНУ-ын улс орнууд Туркийн тал хүний эрхийг зөрчиж байгааг нь мэдэж байгаа учраас тэдэнд оршин суух боломжийг нь хангаад өгчихдөг. Хэрэв Монголд байсан бол паспортгүй гээд албадан нутаг буцааж шууд шоронд орох байсан” гэж тэд ярьж байсан билээ. Өмссөн хувцастайгаа очсон газраа үлдэхээс аргагүй болсон ийм цаг үед амьдарч байгаа турк багш өрөвдөлтэй. Гэхдээ тэр өнөөдөр Монголоос гарч чадахаа байсан найман багшийн хажууд азтай юм. Паспорт сунгадаггүй байсан арга нь улам нарийсч хугацаанаас нь өмнө хүчингүй болгодог болжээ. Манай албатнууд өөрсдийн ЭСЯ-ндаа очиж асуудлаа шийд гэж дүрэмдэж байгаа ч энд яам нь шийдэж өгөх байтугай албаар хүчингүй болгож байна. Тэгээд Монголд оршин суух хугацаа нь дуусгавар болохоос өмнө хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон руу гарья гэхээр манайхан гаргахгүй байна. Тэдэнд ганцхан гарц үлдээж байгаа нь визийн хугацаа дуусахаар Турк руу албадан хүргэгдэх. Харин тэнд очоод ямар хувь заяа угтаж байгаа бол.
Туркт баривчлагдаж эрүүдэн шүүлтэнд орсон хүмүүсийн мэдүүлэг тэнд байдал ямар байгааг батлан харуулж байна. Европын холбоо, НҮБ-ын Хүний эрхий хорооноос гаргасан Хүний эрхийн тайланд дурдагдсан кэйсүүд үнэн цочирдом. Тухайлбал нэг хохирогчийг шатам халуунд хар зам дээр зөвхөн дотоожтой нь хэвтүүлснээс бие нь түлэгджээ. Тэднийг “Таашаал эдлүүлнэ” гэж сүрдүүлж, бороохой хошногоны нүх рүү нь чихэн доромжилдог байжээ. Мөн өөр нэг хохирогч “Бэлэг эрхтнээс минь туухай зүүгээд хэдэн цагийн турш тамласан. Эрүүдэн шүүсэн талаар хэн нэгэнд хэлээд үзээрэй гэж сүрдүүлдэг байсан. Чармай нүцгэлээд, ус цацаж норгоод модон бороохойгоор нэвширтэл зоддог. Нэг нь надад “Чи гэр бүлтэй биз дээ, хэргээ хүлээхгүй бол эхнэрийг чинь авчирч нүдний чинь өмнө хүчирхийлнэ шүү” хэмээн заналхийлсэн. Бүх хувцасыг минь тайлаад зурагавч тохуурхаж дараа нь харанхуй өрөөнд оруулан шулуун гэдэсрүү бороохойгоо чихэж тамласан. Ахар сүүлний минь яс хугарч одоо болтол сууж чадахгүй байгаа. Энэ бүх эрүүдэн шүүлт, доромжлолыг тайлбарлаж хэлэхийн аргагүй. Зодуур, тамлалтыг мартаж болно, гэхдээ доромжлолыг хэзээ ч мартахгүй”хэмээн өгүүлжээ. Өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчтэйгээ уулзаад өгсөн мэдүүлгүүд ч уг тайланд оржээ. “Үйлчлүүлэгчийн маань толгой, баруун бөөр, хавирганууд бэртсэн, бэлэг эрхтэн нь 0,5 см урагдалттай байсан. Эрхтнийг нь базаж эрүүдэн шүүсэн байсан” гэсэн бол эцэг эхийг баривчлаад нэмж хүүхдүүдийг нь хорьж ингэхдээ нүдэн дээр нь эрүүгийн хэрэгтнүүдээр хүчиндүүлж байсан тохиолдлууд ч бүртгэгджээ. Манайхан С.Зоригийн аллагад буруутгагдаж ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг хараад цочирдож байгаа. Хувинтай шээс асгаж, галуун цуваагаар өдөржин алхуулж, зодож дарамталсныг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бид Монголд үлдсэн цөөхөн хэдэн турк багшийг ямар хувь заяа хүлээж байгааг хамгийн сайн төсөөлөх учиртай улс. Өөрсдөө иргэдээ эрүүдэн шүүдэг улс хэдэн багш нарыг бас эрүүдэн шүүдэг улс орон руу хайр найргүй хөөж явууллаа гэсэн нэр зүүх гээгүй л бол тэр хэдийг гаргаад явуулчих учиртай. Туркийн эрх баригчдын олон мянган иргэнээ хулгайлж, албадан авчирч, эрүүдэн шүүж байгаа энэ үйл явдлыг Европын холбоо, НҮБ болон дэлхийн дэвшилтэт улс орнууд буруутгаад байгаа энэ цаг үед манай улс ямар шийдвэр гаргахаа мэдэж баймаар юм.Улс орондоо авлигыг хөхиүлэн дэмжиж, тогтолцооны хямралд оруулсан хэрэгт буруутгагдаж байгаа экс Ерөнхий сайд Разакийн хувьд хоёр багшийг Туркт хүлээлгэн өгсөн явдал нь улаан дээр улцан гэгчээр бас л том нэрмээс болж байгаа билээ. Дотооддоо ял шийтгэлийн асуудал яригдахаас гадна багш нар хулгайлах үйл явцад оролцсон хүмүүс олон улсын шүүхэд дуудагдах учраас найздаа “тусалсан” Нажиб Разак гуай нажидтай үйлд унаад байна.
Яг энэ хэрэг дээр НҮБ-ын Хүний эрхийн хороо албан шийдвэр гаргаж, багшаар ажилласныхаа төлөө, гар утсан дээрээ ямар апплэйкшн татаж авах эсэхээ шийдсэний төлөө, мөнгөө аль банкинд хадгалуулах эрхээ эдэлснийхээ төлөө тэр хүмүүс буруутан болох учиргүй гэдгийг батлаад өгчихлөө. Магадгүй турк багш нарыг хүлээлгэж өг гээд байх юм, буруутай улс байж магад гэж боддог хүмүүс байсан бол дэлхийн төв байгууллага нь “Үгүй ээ” гэдгийг хэлээд өгчихлөө. Эргээд дэлхийн өмнө буруутан болохгүй тулд бид цагийн бусгаа үед зовж яваа энэ үндэстний хэдэн багшид туслахгүй юм аа гэхэд гай болохгүй гаргаад л явуулчих хэрэгтэй юм даа.
Тэгэхгүй бол Азийн энгэр дээрх ардчилсан улс орон гэсэн нэр хүндээ алдаж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, бусад гэрээ конвенцид багтсан НҮБ-ын гишүүн улсын үүргээ умартсан ялд унах вий дээ.