Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2019 оны 06 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхний хагасд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Бороо орох үед салхи зарим газраар 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.

Иймд:

Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Киргиз улс руу айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар өнөөдөр тус улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд энэ үеэр зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцохоор төлөвлөж байна.

Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ажиллагаанд оролцохоор төлөвлөж байгаа юм.

Албан ёсны айлчлалын дараа буюу 2019 оны зургадугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсын Бишкек хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд үг хэлж, Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын тавдугаар уулзалтад оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран дүүргийн орон сууцны хорооллуудад гарч байгаа хог, хогийн суваг, хогийн цэгийн гал түймрийн дуудлагын тоог бууруулах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд он гарсаар гарсан гал түймрийн 40 гаруй хувийг хог, хогийн суваг, хогийн цэгийн гал түймэр эзэлж байна.

Тиймээс сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, ажилтнуудад “Галын аюулгүй байдлын тухай хууль”-аар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, иргэний хүлээх үүрэг, гал түймэр гарч байгаа шалтгаан нөхцөл, барилга байгууламжийн аюулгүй байдал, байгууллагын гамшгийн эрсдлийн тухай ойлголт болон анхны тусламж сэдвээр сургалт зохион байгуулж, онолын мэдлэг олгож, гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулсан юм.

Тус сургалтад 100 гаруй хүн хамрагдсан гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, эрх шилжүүлэх, Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн
1. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Ө.ЭНХТҮВШИН
2. Эрх шилжүүлэх тухай Л.ОЮУН-ЭРДЭНЭ
3. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл Л.ОЮУН-ЭРДЭНЭ
4. Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол төсөл Л.ОЮУН-ЭРДЭНЭ
5. Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай Л.ОЮУН-ЭРДЭНЭ
6. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэлэлцээрийн төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
7. Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслийн зээлийн гэрээний төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
8. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн тухай Ч.ХҮРЭЛБААТАР
9. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Ц.НЯМДОРЖ
10. УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай Ц.НЯМДОРЖ
11. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай С.ЧИНЗОРИГ
12. Хөрөнгө гаргах тухай* Ё.БААТАРБИЛЭГ
13. Барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай* Ё.БААТАРБИЛЭГ
14. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай Б.ЭНХ-АМГАЛАН
15. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ
Танилцуулах асуудал
16. МУ-ын Ерөнхий сайдын Багануур, Налайх дүүргүүдэд ажилласан дүнгийн талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
17. Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцсон дүнгийн талаар Д.ЦОГТБААТАР
18. Гадаад харилцааны сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар Д.ЦОГТБААТАР
19. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг нэвтрүүлэх туршилт хийсэн талаар Б.ЭНХ-АМГАЛАН
20. Эрчим хүчний салбарын 2018-2019 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний талаар Ц.ДАВААСҮРЭН
21. Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар Д.САРАНГЭРЭЛ
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгой мөд сэхэхгүй

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Оюу толгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж байлаа. Бүр Засгийн газар гэрээ хийхээс ч өмнө Монголыг дааж давшгүй өрөнд оруулах, бүтэл муутай, эцэст нь бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэх бололцоо гэж горьдож байгаа гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт биш, харин ч хөршөөсөө хамаарах хамаарлыг улам бэхжүүлэх хортой гэрээ болох нь гэж шүүмжилсэн, анхааруулсан өгүүлэл бичиж байсан. Архиваа ухаж үзвэл Оюу толгойн тухай нийтдээ зургаа долоон өгүүлэл бичиж “Өдрийн сонин” болон сайтууд дээр гаргасан байх юм. “Оюу толгой” (2008.9.14), “Оюу толгой жинхэнэ эзэндээ зарагдлаа” (2009.7.18), “Барон Робэрт” (2010.2.1), “Оюу толгойн гэрээ тун тааруу болсон” (2011.5.16), “Уул уурхайн ноолууран бодлого” (2013.10.20), “Оюу толгой мөд сэхэхгүй” (2015.2.15), “Рио Тинтог Монголоос шахаж гаргая” (2018.12.03). Эдгээрийг сайт ухаж, эсвэл номын санд очин сонин эргүүлж харж болно. Гэрээ эхлээчгүй байхад зүв зүгээр байсан ядуу Монголыг олон жилийн дааж давшгүй өрөнд шааж оруулах хууль баталсан жинхэнэ буруутнууд одоо юу гэж бүлтрэх бол? Монгол Улс Оюу толгойн уурхайгаас болж өрөнд ороогүй, оюун тархигүйгээ мэдэхгүй байж эх орноо амьсгааг нь тасартал тас тэвэрсэн хэсэг амьтнаас болж баларсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө бичсэн өгүүллийг дор дахин сийрүүллээ.

БААБАР 2019.6.13


НОЙРСОЖ БУЙ БАЯН ГҮНЖ

Оюу толгой бол түүнийг дэмжигч, дэмжсэн дүр үзүүлэгч, эсэргүүцэгч, эсэргүүцсэн дүр үзүүлэгч бүхий л монголчуудын мөрөөдөл, яг л үлгэрт гардаг шиг аз жаргалтай учрах мөчөө хүлээн нойрсож буй үзэсгэлэнт гүнж бөлгөө. Нэг хэсэг нь түүнийг хэзээ мөдгүй сэрэн өндийж, лусын дуусашгүй сан хөмрөгийг нээж өгөөд аз жаргалд умбуулна гэж найдаж байдаг. Харин зарим нь Оюу толгойн эрдэнэсийн авдар онгойх нь зайлшгүй, зайлшгүй байлгахын тулд асар их төлөөс хаяхад бэлэн байгаа, иймээс эсэргүүцэн тэмцэлдэх дүр үзүүлэхийн хэрээр тэр төлөөсөөс нь хязгааргүй хүртэж болно гэдэгт итгэлтэй байдаг. Итгэлтэй байгаа юмаа нураахын төлөө үзэж тарах нь тал нутгийн ёс сурталгүй бизнесийн зөвхөн нэг тал нь. Үүнийг бид мэдэж байгаа юм чинь тэд бас мэдэж буй нь дамжиггүй.

Иймээс Оюу толгой ерөөсөө бүтэлгүй болно гэсэн бодол санаа ямар ч монгол хүнд байхгүй. Гэтэл хэрэг дээрээ бидний мөрөөдөл, итгэл найдварын биелэл нь гадаадын хөрөнгө оруулагчид, дэлхийн эдийн засгийн байдал, олон улсын харилцааны нөхцөл гэхчлэнгийн дэндүү олон юмнаас хамаарах аж.

РИО ГЭЖ ХЭН БЭ?

1873 онд байгуулагдсан Рио Тинто групп нь өнөөдөр уул уурхайн бизнес хийдэг дэлхийн хамгийн том компанийн нэг юм. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан уг компани нь хувьцаа оруулагч олон сая хүний нийтийн өмч бөлгөө. 111 тэрбум долларын активтай, 51 тэрбумын борлуулалттай уг компани төмөр, хөнгөн цагаан, боорын хүчлийн давс, боксит олборлолтоор дэлхийд тэргүүлдэг, молибден, алмааз, ураан олборлолтоор гурав дахь том үйлдвэрлэгч. Дэлхийн өнцөг булан бүрт бараг 70 мянган хүн ажиллуулдаг тэдний цэвэр ашиг нь зургаан тэрбум доллар болой. Риогийн ихэнх уурхай Австрали, АНУ, Канадад байдаг, Перу, Гвиней, Чили, Индонез зэрэг 5-6 оронд цөөн тооны уурхайтай. Рио групп таван хэсэгт хуваагдаж үйлдвэрлэл явуулдгийн нэг нь болох Рио Тинто Коппэр нь зэс, молибден ба дайвар олз алт, мөнгө, хүхрийн олдворлолт хариуцна. Энэ хэсгийн даргаар бусад нь ноён Жи Эс гэж дууддаг франц эр 2012 онд тавигджээ. Нийт группийн дарга, Өмнөд Африкийн иргэн Жан дү Плэсси-ийг “Тайм” сэтгүүл дэлхийн хамгийн эрх мэдэлтэй 100 хүний жагсаалтын эхний аравт шалгаруулсан.

2001 онд Монголд асар том зэсийн орд олдлоо. Үүний зэрэгцсэн олдвор болох алтны хэмжээ гэхэд мянга гаруй тонн. Энэ газар Риогийн гол өрсөлдөгч болох Би Эйч Пи компани хэдэн жил хайгуул хийн олон өрөмдлөг тавьсан боловч юу ч олоогүй тул лицензийг нь буцаажээ. Алдарт Стив Жобсийн багын найз Робэрт Фридланд хэмээгч голлон бирж дээр спекуляц хийж хөлжсөн нэгний Айвэнхо Майнз хэмээх уул уурхайн жуниор компани өөртөө томдохоор их хөрөнгө заран байж эндээс дэлхийд дээгүүрт орох зэсийн орд олсон юм. Үүнийгээ сурталчилсаар тэрээр бирж дээр чамгүй хөрөнгө босгожээ.

САВЛУУРААР НААДАХУЙ

Зэсээсээ гадна Монголын төр, ард түмэн, байгаль, хүн зоныг нь дэгсдүүлэн магтаж гүйсээр байгаад тэрээр том хөрөнгө оруулагчдыг Монголд дуудаж чадсан юм. Монголыг Азийн дарангуйлагч бусад улстай адилтган үзсэн тэрээр эрх мэдэлтнүүдийнх нь хармайг чамгүй шагнасан бололтой байдаг. Түүний гол бай бол биржийн ашиг. Айвэнхо компанийн биржийн үнэлгээ тун гайхалтайгаар маш олон давталттайгаар 1,5-30 долларын хооронд буюу дээш доош хорь дахин зөрүүтэйгээр савлагаалж байлаа. Биржийн тоглогчид үнийн савлагаан дээр хамаг хожоогоо гаргадаг. Зориудаар савлуулж хожоо гаргах нь хуулиар хориглогдсон хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Харин Фридландад асар их ашиг өгөх энэ олон савлагааг Монголын төр болон ард түмэн, түүний дотор рэкэтчид, авлигачид хийж байлаа. Нэг үгэндээ савлагаа үүсгэгч тодорхой эзэн байхгүй энэ дэгдэлт хувьцаа худалдан авсан үй олон хүн болон компанийг гэнэтийн шоконд оруулна. Гэвч Шекспирийн хэлснээр энэ галзуурал өөрийн логик дэс дараалалтай байлаа. Солиорлын давтамж, цаг хугацааг мэдэж байж л бирж дээр хожиж болно. Үүнийг урьдчилж мэдэхийн тулд удирдан залах хэрэгтэй. Хэрэв зориудаар удирдвал хүнд гэмт хэрэг, тэр дороо компани дампуурна. Ингэхээр тэс хөндлөнгийн мөртөө биржийн талаар огт мэдлэггүй, тэгээд ч нэлээд хийтэй олон хүний хамтлагийн гэнэтийн солиорол ба хурдан хувьсах ааш араншин байх ёстой. Үүнийг залахын тулд багагүй хөрөнгө хаяж загасанд өгөөш хаях маягтай уран зохицуулалт хэрэгтэй.

ГАНГАН ХҮНД ГАРХИ, ГАЛЗУУ ЭХ ОРОНЧИД САЛХИ НЭМЭР

Коммунист дарангуйлалд гурван үеэрээ хоригдож ертөнцийн зохицолдлогооны талаар анхдагч ойлголтгүй, үе үеийн турш ядуу гуйлгачин явсаар гэнэт их олзны тухай сонссон монголчууд ийм өгөөшинд амархан өртөж болохуйц яг тохирох субьект мөнөөс мөн. Тэгээд ч тэдний уламжлалт нүүдэлчин сэтгэлгээ хамтарч зохицоод ашиг орлого олон хөгжиж дэвжихийг огтоос хүлээн зөвшөөрдөггүй, тус болгондоо бие даасан шийдвэр гарган хоорондоо байнга толхилцдог. Ийнхүү монголчууд бурханаас илгээсэн асар их баялгийн үнийг буулгахад өөрсдөө учрыг нь ололгүй маш их идэвхийлэн ажиллалаа. Хий л эх орон, ард түмэн үндэсний эрх ашиг гэж уухилан хашгичсан цөөн хэд нь өөрийнхөө зиндаанд таарсан дажгүй ашиг унагасан, ер нь ашиг унахгүй бол тэд ингэж нийтийн төлөө санаа зовох улс биш л дээ. Гол нь судалгаанаас үзэхэд монголчуудын дийлэнх нь тэднийг дэмжиж байсан юм. Чухам ийм фон л биржийн тоглогчид хэрэгтэй ажгуу.

Фридландын жижиг компани энэ том ордыг ашиглаж чадахгүй, ерөөс тийм зорилго ч байгаагүй. Уул уурхайн бизнест жуниор компани эрсдэл хүлээн ордыг нээж янзалж цэгцэлчихээд аваргуудад худалдан ашиг олдог. Айвэнхо энэ дүрмээр Рио Тинтог олж ирлээ. Ингэж Монголын Засгийн газар, Айвэнхо Майнз Монголиа, Рио Тинто гэсэн гурвалын хооронд Оюу толгойн ордыг хамтарч ашиглах гэрээ хийхээр боллоо. Рио нь Айвэнход урьд нь зээлсэн мөнгөндөө хувьцаа авахаар шийдсэн хэрэг. Юун түрүүн хөрөнгө оруулагч хоёр тал нийлж ашиглалт явуулах хамтарсан компани байгуулахаар болов.

ҮСЭГГҮЙ АРДЫН МОРИНЫ НАЙМАА

Дөнгөж цаасан дээр байгуулагдах компанийг монголчууд булаацалдаж эхэллээ. Зэсийн үнэ урьд хожид байгаагүй 10 мянган долларт хүрснийг ч хэлэх үү. Ихэнх монголчууд компанийг тэр чигээр нь өөртөө дээрэмдэн авахыг чухалчилж байв. Өрөвч нэг нь 50 хувийг авахад болно гэж үзнэ. Ер нь нийтээрээ хөрөнгө оруулалт нь эхлээгүй байгаа ордыг гадныханд хариуцуулах нь буруу, өөрснөө учрыг нь олчихъё гэсэн бодолтой. Уул уурхайн бизнесийн талаар анхдагч ойлголтгүй тэд толгой дараалан энэ талын профессор болцгоолоо. 2008 оны сонгуулиар голлох хоёр улс төрийн нам хамтарсан Засгийн газар байгууллаа. Бараг арваад жил хэрэлдээд урагш нь явуулахгүй байсан энэ ордыг ашиглах гэрээ хийж болох ганц гарц нь энэ байсан юм. Ингээд гурвалсан гэрээ хийлээ. Парламентаас Засгийн газрыг төлөөлж гэрээ хийж буй этгээдэд өгсөн эхний хатуу шаардлага нь Монголын “Оюу толгой ХХК” ордын 34 хувийг зээлээр эзэмших ба эзэмшлийг ойрын үед 51 хувь хүргэнэ, энэ маягаар улам цаашлах тушаал байлаа. Үүнийг УИХ бүр хуульчилсан юм. Харин ард түмэн үүнийг өөрийн баялаг болон газар нутгийн 66 хувийг “дайсанд” үнэгүй булаалгалаа гэж ойлгосон, төр ч үүнийг нь засч залруулж хэлж өгсөнгүй.

Гэрээ “амжилттай” явагдаж Айвэнхо хамгийн том хувийг, Монголын Засгийн газар дараагийнхыг нь, багыг нь Рио Тинто эзэмшиж хөрөнгө оруулахаар боллоо. Монголын тал хөрөнгө оруулах мөнгөгүй учир үүнийг зээлээр авах ба хожим гарах ашгаар үүнээ төлөх юм байна.

Учир мэдэх хүний нүдээр харвал, энэ гэрээ ХХ зууны эхэн үеийн нэгэн монгол наймааны гунигт домгийг санагдуулам болсон. Тэнд овжин наймаачин ба бичиг үсэг мэдэхгүй бүдүүлэг ард хоёрын хийсэн морины наймааны тухай гарна. Бичиг үсэггүй тэр ард нь төгрөгний тоо мэдэхгүй тул олон тооны цаасан мөнгө өгвөл баярлана. Цөөн тооны бүхэл мөнгө өгөх гэтэл голно. Ингээд овжин наймаач тулам дүүрэн задгай мөнгө өгч, сайн морийг нь сул аваад арилж одно. Харин шулсан, шулуулсан хоёр тал, хоёулаа сэтгэл дүүрэн үлддэг. Оюу толгойн гэрээнд ч талууд сэтгэл дүүрэн үлдсэн бөлгөө. Талцан үзэж тарж байсан монголчууд ч бөөн баяр. Оюу толгойн мөрөөдөл оргүйд орвол охинтой үлдсэнд түүнийг дэмжигчид бөөн баяр. Олон жил айлган сааж болох үнээний сүү жилбэ тасрахгүй нь тодорхой болсонд “сөрөг” тал ч бөөн хар баяр. Рио ч бөөн баяр…

Гэрээ эхнээсээ Монголын талд ашиггүй дампуу юм болох нь тодорхой байв. Юун түрүүн Монголын тал зээлээр компанийн ийм том хувийг авахаар хуульчлан шийдсэн нь гэрээ гардан хийгчдийг ямар ч ашигтай хувилбар руу орох бүх бололцоог хаажээ. Эсрэг тал хөрөнгө оруулалтынхаа өртөг үнийг дураар өсгөх бололцоо олгох ба хяналтын багцгүй Монголын тал үүнд хяналт тавих бололцоогүй, бололцоо байгаад ч тэдэнд энэ талын мэргэжилтэн огт байхгүй. Хоёрдугаарт, дэлхийн аль ч оронд мэргэшсэн багийг урьж хөлсөөр гэрээ хийлгэдэг атал Монголын талаас биечлэн гэрээ хийгчид нь энэ талын ямар ч ойлголтгүй хэдэн улстөрчид. Ерөөсөө ийм баг байтугай төсөөлөл бүхий хүн Монголд ганц ч байхгүй. Мэргэшсэн баг гаднаас урьж гэрээ хийлгэхийг Монголын ард түмэн нийтээр эсэргүүцнэ. Хоорондоо хуйвалдаад Монголыг алаад хаяна гэж гэж үзэж буй, угаасаа хардлага гэдэг бол үндэсний өвчин нь л дөө. Гэхдээ гэрээ хийгчид өгөгдсөн нөхцөл дотроо байж болох хамгийн сайн хэлэлцээ хийж чаджээ. Үүнээс дээгүүр байх бололцоо угаасаа цаанаасаа байхгүй. Компанийн 34 хувийг нь зээлээр авч байгаа нь л бүрэн сүйрүүлчихэж буй хэрэг.

ӨГСНИЙ ХЭРЭЭР ӨРӨНД УНАВ

Юутай ч гэрээ хийгдлээ, ордыг ашиглах ажил гараагаа авав. Монголд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюу толгойн хөрөнгө оруулалтад ноогдож байлаа. Тус компанийн туслан гүйцэтгэгч 300 орчим монгол компанид хэдэн мянган монгол хүн ажиллана. Монголын ДНБ 2004 он буюу уул уурхайн бүүм эхлэхийн өмнөх үеэс найман жилийн дотор бараг 10 дахин өслөө. 10 жилийн өмнө нэг хүнд ноогдох ДНБ ердөө 450 доллар бүхий хамгийн гуйлгачин ядуу орон байснаа бараг таван мянган долларт хүрч дэлхийн дундач орлоготой орон боллоо. Дэлхийн голлох мэдээллийн хэрэгслэлүүд Монголыг “Азийн тав дахь бар” гэж нэрлэх болов. Хүн амын таван хувь нь оюутан, гар утас нь хүнийхээ тооноос, автомашин нь өрхийн тооноосоо давсан энэ парадокс орон гэнэт ихээр орж ирсэн мөнгөнөөс болоод зах зээлийн үнэ нь (өргөн хэрэглээний бараа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, тансаг хэрэглээ гэх мэт) хүртэл АНУ-ынхтай харьцуулахад бараг хоёр дахин өндөр.

Ядуу байхдаа даруухан байсан монголчууд мөнгөний бараагаар хийрхэх боллоо. Юун түрүүн улс төрийн намууд нь бүгд популист болж энэ чиглэлээр хоорондоо өрсөлдөх болов. Хүүхэд төрүүлсний, хурим хийсний, сургуульд сурч буйн, өндөр насалсны, бүртгүүлсний, эх орны хишгийн гэх мэтээр хэдхэн жилийн дотор дөрвөн тэрбум долларыг бэлнээр нийт ард түмэндээ тараасан нь дөнгөж коммунизмаас гарч байсан 1990 оны тоогоор хэмжвэл таван жилийнх нь үндэсний нийт үйлдвэрлэлээс давж байлаа. Гэвч мэдээллийн хэрэгслэл болон ерөөс нийт хүн амын сэтгэл маш дундуур, улам бүр байгаа байдлаа голон гутаж, хэрэв хэлсэн ярьсанд нь үнэмших аваас Монгол орон өөрийн 2000 гаруй жилийн түүхэндээ хэзээ ч ингэж ядуурч, зүдэрч, уруудан доройтож байгаагүй гэнэ. Тэдний үзэж буйгаар дэлхийн бусад орнууд хөгжин урагшилж, ганцхан Монгол нь зогсолтгүй хойш ухарч буй аж. Үнэндээ 2011 оны ДНБ-ий өсөлт нь 17,5 хувь хүрч дэлхийн рекорд тогтоосон.

Зөвхөн 1990-2000 онд төр засгийн удирдагчид нь хэлсэн үгэндээ 200 орчим удаа гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байсан бол энэ үеэс бүх нийтээрээ хөрөнгө оруулагчдыг үзэн ядаж улайм цайм хөөх, дээрэмдэх, хуулийн болон хуулиас гадуур аргаар шахан зайлуулах үндэсний хөдөлгөөн өрнүүллээ. Үүнийг хууль тогтоох байгууллага инстүүцийн хувьд зохион байгуулалттайгаар тэргүүлэх болов. Үүнд хэд хэдэн сэдэл байв. Хөрөнгө оруулагчдаас хахууль авлига нэхэх дээд шатныхны өрсөлдөөн. Үүнд юун түрүүн Хятад, Солонгосын хөрөнгө оруулагчид өртөх ба тэд ч нэхснийг нь ямар нэг хэмжээгээр өгнө. Харин Өрнөдийн хөрөнгө оруулагчид, ялангуяа олон улсын бирж дээр гарсан компаниуд өгье ч гээд цаанаасаа хуулиар бололцоогүй, бүхий л тооцоо нь сая сая хувьцаа эзэмшигчдийнхээ хяналтад байдаг болохоор харамж өгч чадахгүй учир рэкэтчидэд хамгийн ихээр үзэн ядагдах болж хараал зүхлийнх нь гол бай боллоо. Дээд эгнээнийхэн хууль өөрчилж тэмцэнэ, дунд эгнээнийхэн хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан тэмцэнэ, доод эгнээнийхэн жагсаал цуглаан хийх, тэр байтугай хүч хэрэглэх аргаар тэмцэнэ. Энэ үзэгдэл хүн амын үлэмж хэсгийг хамарч зиндаа зиндаагаараа аль нэг хөрөнгө оруулагчийг өмчлөн шат шатандаа саана, чадахгүй бол байнгын дарамт үзүүлнэ. Хоёр сая хагас хүнтэй Монголд 23 мянган төрийн бус байгууллага буй болсны бараг 10 мянга нь ийм рэкэтийн зориулттай. Зөвхөн гол ус нуур хамгаалах чиглэлтэй 600 орчим ТББ бий, гэтэл говь тал голлосон өргөн уудам нутагт нь гол нуур нь нийлээд жар ч хүрэхгүй. Бусдын хөрөнгийг дарамталж булаах үзэгдэл жишээ нь хөрш Казахстанд нэлээд буй боловч хөрөнгөө оруулж босгосных нь дараа рэкэтэлж эхэлдэг бол Монголд ажлын гараанаас нь л дээрэмдэж эхэлнэ. Энд төрийн тогтвортой инстүүц байдаггүй, төлөвшөөгүй учир төр нь маш сул, ядмаг. Хууль санаачлах, тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, тайлбарлах нь ямар ч бодлого чиглэлгүй учир алив улс орны хамгийн чухал амин сүнс болсон энэ талбар хэн дуртайгийн хүсэл сонирхлоос хамаарч дуртай тал руугаа хөлбөрнө. Хуулиуд нь хоорондоо маш зөрчилтэй учир яаж ч мушгин өөрийнхөөрөө тайлбарлах бүрэн бололцоотой. Орон нутгийн ард иргэд өөрсдийн амьдран буй газрын баялгийг ашиглах эсэхээ өөрсдөө мэднэ гэсэн зарлиг гарснаар жалга болгоныхон рэкет дээрэм, тулган шаардалт, сүрдүүлэг дураар хийх бүрэн эрхтэй болоод авах нь тэр.

ЗОДОЖ ИВЭЛГЭДЭГ ҮНЭЭ

Ийм л дэвсгэр дээр Оюу толгойн бизнес эхэлжээ. 2010 онд Рио Тинто Фридландаас хувьцааг нь худалдан авч “Туркоз Хилл” хэмээх компани байгуулж Торонтогийн бирж дээр гарсан ба хувьцааных нь хяналтын багцыг мэдэх боллоо. Ийнхүү Туркоз Хилл – Монголын Засгийн газрын хамтын ажиллагаа гэсэн шинэ хэлбэрт оров. Монголын талаас гэрээ хийсэн хүмүүс юун түрүүн хардлага дайралтын бай болов. Гэрээ буруу болсон, үхтлээ шулуулсан, гэрээ хийсэн монголчууд хахуульдуулсан гэх мэт. Үнэндээ олон хуудас энэ гэрээг олж уншсан хэн ч байхгүй, уншаад ч ойлгох мэргэжлийн хүн бараг үгүй. Гэрээ хийгч энд 20 мянган хувьсагч тооцсон гээд хэлчихсэн чинь улс даяараа элгээ хөштөл хөхрөлдөн шоолж зэвүүцэцгээв.

Урт хугацааны ийм том гэрээ хийхэд мэдээж хорь байтугай мянган хувьсагч авдаг л даа. Гэрээ хийгчдийн нэг нь оффшор банкинд хоёр мянган доллартойгоо бүртгүүлээгүй нь илэрсэн явдал тэд Риогоос хахууль авсны хөдөлбөргүй нотолгоо болж улс даяараа урвагчийг цаазлахыг шаардах боллоо. Оффшор банк бол дээрэм хулгайн мөнгө хадгалдаг сав гээд ойлгочихож. Оффшор банкинд хадгаламжтай байхыг хориглосон хууль хүртэл гарлаа. Үүнээс үүдэн гадаад хүнтэй гэрлэхийг хориглосон хууль хүртэл өргөн барьсан гээ. Гадаадын дээрэмчдээс Оюу толгойгоо салгаж авах хөдөлгөөн улс даяар буурьтай хөтөлбөр болсон ба үүнд нэгдээгүй нэгнийг эх орноо худалдсан урвагч болгон зарлах болов. Оюу толгойн үйл ажиллагааг буруушаах нь алив эх оронч хүний нэр төрийн асуудал болох нь тэр.

ЭРТДҮҮЛЖ ЭХЭЛСЭН ҮРГЭЭЛЭГ

Жон Пэркинс гэгчийн хуйвалдааны онолд түшиглэж бичсэн “Эдийн засгийн алуурчны өчил” хэмээх скандал тарьсан параной ном зэрэгцэн хэд хэдэн хувилбараар орчуулагдан, олон арван мянгаар хэвлэгдэж монголчуудын библи боллоо. Хүүхэд залуучуудын заавал унших номын жагсаалтад орсон энэ хийрхсэн зохиолоор ард түмний нүд нээгдэв. Хөрөнгө оруулагчдын эсрэг дайн шинжлэх ухаанжин буурьтай суурь эзлэв. Шийдвэр гаргагчдын түвшнийхэн энэ номыг бараг л толгой дараалан цээжилжээ. Тэгээд ч нүүдэлчний сэтгэлгээ хуйвалдааны онолд маш автамхай байдгийг хэлэх үү. Алив орон геологийн чөлөөт хайгуул ихээр хийлгэснээр баталгаат баялагтай болж зээлжих эрхээ нэмэгдүүлдэг бол Монголын газар нутгийн хорь хүрэхгүй хувь нь геологийн хайгуулд заримдаг хамаарсан атал алив геологийн хайгуулыг хориглосон хууль гаргалаа. Их хэмжээний зэс нээгдэж байгаа сураг сонсонгуутаа түүнд 68 хувийн татвар тогтоолоо. Тэд уурхайг дагалдуулан цоо шинээр хот босгохыг шаардаж, олборлосон зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн хийж экспортолдог үйлдвэр барихыг тулгах боллоо. Энэ нь тусдаа шал өөр бизнес гэдгийг ойлгохыг ч хүссэнгүй. Гэтэл ажил дөнгөж эхнийхээ гараан дээр яваа шүү дээ. Эх орноо дайснаас хамгаалах гүн хөөрөлд автсан Гадаад харилцааны сайд нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, зогсоох, хориглох хуулийг санаачлан 2012 онд парламентаар батлууллаа. Хөрөнгө оруулалт орж ирж болохуйц боловсрол, холбоо, банк, уул уурхайн салбарууд уг хоригт хамаарчээ. Хэн ч харсан гадаад харилцаагаа хариуцсан сайд ийм хуулийг санаачлан батлуулна гэдэг Монголын төр угаасаа ийм чиглэсэн бодлоготой юм байна гэж харагдана. Мөн онд болсон сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрын хөрөнгө оруулалт болон уул уурхайг хариуцсан сайд нараар хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэгээрээ улс орондоо алдаршсан хүмүүс томилогдов. Тэд ч ажлаа хүлээж авуутаа ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг биелүүлж гадаадын шунахай хөрөнгө оруулагч нартай эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлэн нийтийн өмнө тангаргалах нь тэр. Ингээд Монголд хөрөнгө оруулсан болон оруулахаар зэхэж байсан бүх компани яаралтай зайлан одов. Одоо байлдах дайсан ч үгүй хоцрох нь тэр. Дагаад эдийн засгийн өсөлт нь эрчимтэй буурч, улсын сан нь хоосров. Монголын популист намуудад эдийн засгийн бэрхшээлийн буруутнийг бие бие рүүгээ чихэн орилолдохоос өөр ажил үлдсэнгүй.

Нэгэнт Туркоз Хилл компани нь Айвэнхо шиг бирж дээр тоглолт хийж мөнгө олдог биш, харин сая сая хүний болон компанийн итгэлийг олж бирж дээр их хэмжээний мөнгө босгон түүгээрээ бүтээн байгуулалт хийх үндсэн зорилготой учир монголчуудын ааш авираас болж биржийн үнэ гэнэт гэнэтээр савлах нь маш их хүндрэл учруулах болов. Тэд Оюу толгойд дэлхийн хамгийн том сингл уурхай байгуулж, өөр хаана ч хэрэглэж эхлээгүй цоо шинэ дэвшилтэт техник технологи ашиглах болсон авч монголчууд энэ гайхамшигт бүтээн байгуулалтаар бахархах биш, харин ч тэдэнтэй ороод ирсэн дээрэмчид маягаар хандах болжээ.

ХОРЫГ ХОРООР НЬ

Тэгж байтал 2012 оноос зах зээлд зэсийн үнэ өсөхөө больсон ба цаашид уруудах прогноз гараад ирлээ. Хэрэв энэ уруудалт 5 400 доллараас доош орвол энэ бизнес утгагүй болно. Хэн ч байсан (социализм байгуулах буянт зорилготой биш л бол) алдагдалтай үйлдвэрлэл явуулдаггүй, ялангуяа томоохон хөрөнгө оруулалт алдагдалтай болж эхлэхээр үйлдвэрлэлийг царцааж, борлуулалт ашигтай болох үеийг хүлээдэг. Тэгээд ч Рио Тинто бол гол нь төмрийн салбарт ажилладаг болохоос зэсийн хувьд бусад гигантуудтай харьцуулахад харьцангуй туршлага дутуу. Тэд Оюу толгойд долоон тэрбум доллар нэгэнт оруулсан, баялгийн цөм байгаа далд уурхайд дахиад тийм хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай. Монголчууд болохоор урьд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээн дээр маргалдан хоёр тэрбумын зөрүү хэлээд буй боловч түүнээ баталж чадахгүй байгаа юм.

Энэ тохиолдолд уурхайг сайн цаг ирэх хүртэл царцаах, эс бөгөөс яаралтай хэн нэгэнд зарахаас өөр аргагүй нь ойлгомжтой. Цаг өнгөрөх тутам зэсийн үнэ унасаар, 2015 оны эх гэхэд үнэ нь үйлдвэрлэлийнхээ өртөгтэй тун ойртон 5 700 доллар дээр ойчив. Эдийн засгийн буурьтай шинжээчдийн үзэж байгаагаар цааш тасралтгүй унах зэсийн үнэ их эртдээ гэхэд л 2019 онд эргэж өндийж магадгүй гэнэ. Үүнийг ч эрт ойлгосон риогийнхан аль 2012 оноос хөрөнгө оруулалтаа зогсоосон билээ. Одоо үүнээ хувьцаа эзэмшигчид болон хамтран оролцогч монголчуудад яаж тайлбарлах вэ? Хамгийн таатай арга бол хамаг бурууг монголчуудад тохох. Үнэхээр ч тохох хангалттай баримт факт бий. Рио Тинто 2012 оноос Монголын Засгийн газар болон монголчуудыг гутаан муучилдаг хамгийн том машин болон хувирлаа. Буруушаах баримт захаас аваад замаар дүүрэн. Туркоз Хиллийн хувьцаа 30 доллар байснаа богино хугацаанд зургаа болтлоо унав. Сая сая хөрөнгө оруулагчдын өмнө буруу хүлээх бай нь монголчууд. Рио Тинто гэхэд л пи ар хариуцсан (Пи Ар гэдгийг ихэнх монголчууд хүнийг гүтгэн доромжлох ажиллагаа гэж ойлгодог. Монголын цэргийн төлөөлөгчид НАТО-д айлчилахад хүлээж авсан тэндэхийн пиар хариуцсан даргын нэрийн хуудсыг хараад “Пөөх энэ НАТО чинь ийм заваан юмаар бас оролддог хэрэг үү” хэмээн толгой сэгсрэлдэж байсан гэдэг) 200 гаруй ажилтантай ба ерөөс дэлхийд танигдсан нэр хүндтэй бэл бэнчинтэй компани учир тэдний хэлэх үг маш үнэмшилтэй сонсогдоно. Өдгөө Туркоз Хилл нэгэнт хөрсийг нь хуулчихсан ил уурхайгаасаа хүдэр гарган борлуулж буй боловч 2013 онд 90 сая, 2014 онд 14 сая долларын алдагдал хүлээсэн. Алдагдлын 34 хувь нь Монголын Засгийн газарт ноогдоно.

ЗАХИАЛГАТ АМИА ХОРЛОЛ

Ажиллагааг удирдуулахаар нэгэн франц эрийг Риогийн Оюу толгой хариуцсан даргаар тавив. Тэрээр бүхий л асуудалд маш ширүүн дориун хандан, бүх юмыг үгүйсгэж, хэнтэй ч хэрэлдэх мохоох, дайран довтлоход бэлэн. 2009 оны гэрээг тодотгох нэрээр хүлээж авахад тун хэцүү “нарийвчлал” тулгах боллоо. Угаасаа ч тухайн үед гэрээ хийсэн монголчууд энэ талын ямар ч туршлагагүй учир олон асуудлыг тодорхой бус, янз бүрээр ойлгогдож болохоор үйлдсэн учир ажлын явцад үүнээ тод болгохоос ч өөр аргагүй нь мань эрд сайхан далим болжээ. Нарийн яривал гэрээ хийгчид зөвхөн “Хөрөнгө оруулалалтын гэрээ” үзэглээд үүнээ УИХ-аар батлуулаад хөөрчихсөн болохоос үүнтэй зэрэгцэхүйц ач холбогдолтой бичиг баримт болох “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г хийсэнгүй, хагас жилийн дараа хэдхэн өгүүлбэртэй гэрээнд хоёр тал үсэг зурсан болоод УИХ-аар ч оруулсангүй. Монголын талын гэрээлэгчид ийм чухал юм байдгийг нь мэдээ ч үгүй бололтой. Мэргэжлийн бишийн л хар гай л даа. Ийм том үндэстэн дамнасан компани Монголын Засгийн газар шиг бодлогогүй, эмх замбараагүй, хэн нэг нь дээрээс зөвшөөрөлгүй дураар дургих бололцоотой гэж үү? Шинэ даргын авир бол ямар ч таатай нөхцөл гарсан ч Оюу толгойг царцаах, урьдчилсан байдлаар тохироо явагдаж байгаа Гленкор компанитай нэгдэх явц хүртэл нэмэлт хөрөнгө оруулалт хийлгүйгээр тэсэн гарах тактикийн тоглолт болой. Харин үүний буруутан нь гагцхүү монголчууд өөрснөө гэдгийг л дэлхийн нийтэд харуулж ойлгуулах. Зэсийн үнэ өртгөөсөө доош орох гээд байхад монголчууд яаж ч бууж өгч юу ч амлаад уурхайг ажиллуулна гэдэг тэнэг хэрэг юм. Ингэхээр таатай нөхцөл гэж байхгүй.

Эдийн засаг сөхөрсөнтэй холбогдуулан Засгийн газар огцорч, сөрөг хүчнээ оролцуулсан шинэ Засгийн газар томилогдлоо. Сахил хүртээд шал дордов гэгчээр эвссэн хүчин 2016 онд болох парламентын сонгуульд гараагаа аван уналт доройтлын шалтгаан нь түрүүчийн Засгийн газар юм гэсэн сурталчилгаанд мордон өөрийн засгийн гаргах шийдвэр болгоныг нураах гутаах үгүйсгэх шүүмжлэх ажилд ханцуй шамлан орох нь тэр. Риогийн хувьд 2012 оны сонгуулийн буянаар өнөөгийн явуулж буй бодлогод нь туслах олон хүн Монголын парламентад гараад иржээ. Магадгүй тэднийг гарч ирэхэд нь тусалсан ч байж болох. Юутай ч тэд Монголын Засгийн газрын Оюу толгойд буй болсон тулгарсан бэрхшээлээс гарах хөдөлгөөн болгонд хаалт тавин үхэр шиг гөжин, хэрээ шиг гуагалах нь чухам ингээсэй гэж хүсч буй риогийнхны хувьд үнэлж баршгүй тус юм. Тэднийг ч тэжээж буй баримт энд тэндээс цухалзана. Орилох тусмаа амьдрал нь сайжирч буй нь орчных нь хэнд ч ил харагдана. Үүнийгээ булахын тулд нийгмийн аль л тогтворгүй хэсгийг өдөөн тухирч бослого үймээнд уриална. “Оюу толгойг 2025 онд л ашиглаж эхлэх хэрэгтэй” хэмээн нэгэн тэмцэгч сануулах нь энэ үгийг цаанаасаа сонссон бололтой. Албан шугамаар хийсэн болон тохирсон дотоод асуудлыг нь дэлгэн хэвлэлийн бага хурал хийж гаслан дуулах нь “энэ материалыг хэнээс авав” гэсэн асуулт тавихад хүргэнэ. Монголын Засгийн газар үнэ цэнэгүй болсон 34 хувиа Риог эргүүлж аваач гэж гуйсан захидал явуулангуут “чухам хаанаас олоод мэдчихэв” гэмээр, ердөө маргааш нь “Монгол өөрийн хувиа зарахгүй” хэмээн яаран чарлаж, захидал бичигчдыг урвагчаар зарлана. Риогийнхан урьд нь амжилт бүтээлээ сурталчилах гэж ихэд чармайдаг байсан бол 2012 оноос хойш өөрийг нь муулах гоочлох хориглох зовоох хөлсний ажилтны эрэлд гарах болжээ. Тийм улс олдолгүй яахав, үүгээр бол мэргэшсэн ардууд хаа очиж ховоргүй шүү. Монголын сул дорой төр ус балгасан аятай чимээгүй суух нь далдуур дэмжээд ч байгаа юм шиг.

ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХИЙН ОРОНД ЕРӨӨЛ ТАЛБИВ

Шинэ Засгийн газар зөвлөлгөө авахаар дэлхийн маш нэр хүндтэй хөрөнгө оруулалтын компанийг урьжээ. Тэд ирж гурав хоног байдлыг ажиглаад буцсан байна. Тэдний өгсөн зөвлөлгөө: Риогийн шаардаж байгаагийн дагуу тодотгосон нөхцөлд нь гарын үсэг зөрж хүлээн зөвшөөрч болно. Их л хохиролтой. Эсвэл тэдэнтэй хэлцэл хий, ингэхийн тулд:

Нэгдүгээрт: 2009 оны гэрээнд Монголын тал 34 хувийг зээлээр авсан нь үндсэн гол алдаа болсон байна. Зарлагаа нөхсөний дараа ноогдол ашигаа авч эхлэх тул нөгөө тал зарлагаа нэмэх байнгын сонирхолтой, ингэхээр ноогдол ашиг автал олон жил өнгөрнө.

Хоёрдугаарт: Гэрээ хийгчдийн туршлагагүйгээс болж танай 34 хувь цөөнх тул хяналт явуулах бололцоогүй юм байна, учир нь “хувь эзэмшигчдийн гэрээ” гэх чухал баримт бараг үгүйтэй адил, ийм нөхцөлд 34 хувь чинь үнэ цэнэгүй болжээ. Ер нь ч тэгээд хяналт тавих мэдлэг туршлага та нарт алга.

Гуравдугаарт: Нэгэнт хувь авсан бол түүнийгээ байнга тордож үнэ цэнэтэй болгох мэргэжлийн компани ажиллуулах ёстой атал танайхан энэ талаар ямар ч мэдлэггүй учир зөнд нь хаяжээ. Одоо энэ 34 хувь ямар ч үнэ цэнэгүй учир хэнд ч санал тавиад худалдан авахгүй. Тухайн үедээ гадны мэргэжлийн компани авсан бол өртөг нь таван сая орчим доллар байх байлаа, харин одоо үүнийг 50 сая доллараар хийх компани ч олдохгүй болов уу (Одоо 50 байтугай тухайн үед нь таван саяар гадныхныг хөлслүүлэхийг эх орондоо дэндүү хайртай манай ард түмэн зөвшөөрч харагдаач).

Дөрөвдүгээрт: Та нарт уул уурхайн бизнесийн ямар ч мэдлэг, туршлага, ойлголт алга. Ийм байж энэ бизнесийг өөрснөө хийх гээд улам бантагнуулаад байдаг зан чинь мөд засрахгүй юм байна.

Тавдугаарт: Энэ асуудлаар дэлхийд нэртэй том хуулийн компани хөлсөлж аваад зөвлөлгөө авах, улмаар тэдэнтэй нийлж Арбитрын шүүхэд хандах хэрэгтэй. Тэгэхийн өмнө танай тал нэгдсэн байр сууринд очих хэрэгтэй. Гэтэл тийм юм алга, нэг өдөр нэг юм хэлнэ, нөгөө өдөр тэс өөр юм ярина, хоорондоо хэрэлдээд яах гээд байгаа чинь хүнд байтугай өөрсдөд чинь ойлгомжгүй байна.

Тэд ийм урьдчилсан дүгнэлт гаргажээ. Оюу толгой шиг том хөрөнгө оруулалттай үйлдвэрлэлийг дийлэх хөрөнгө оруулагч болон банк дэлхий дээр арав гаруйхан байдаг, биенийгээ маш сайн мэддэг учир хоорондоо холбоотой гээд өөр ямар нэг асуудлаар Риотой эрх ашгийн зөрчилтэй хуулийн компани олж зөвлөлгөө аван Арбитрийн шүүхэд заргалдсан нь дээр гэж тайлбарлажээ. Ер нь гомдлоо юун түрүүн Олон улсын валютын санд тавь, учир нь одоо даргаар нь Францын нэгэн социалист авгай ажиллаж байгаа учир ядуу буурай орныг том компани дээрэлхлээ хэмээн зарга хийгээд явж магадгүй, учир нь тэрээр социалист хүн байхгүй юу гэжээ. Үгүй тэгээд, хичнээн социалист байгаад ийм хүнд хортой нөхцөлд хөрөнгө оруулсан компанийг ашиггүй үйлдвэрлэл явуул гэж тулгана гэдэг ч хэцүү дээ. Энэ нь нэг талаасаа яах аргагүй зөвлөлгөө боловч монголчуудын бодит байдлыг мэдэх улсын нүдээр харвал“тийм байх болтугай” гэсэн ерөөл л юм даа.

ТӨГСГӨЛ БУЮУ ӨӨРТӨӨ ХИЙСЭН ХАРААЛ

Тэдний зөвлөлгөөг хүлээж авсан Засгийн газар АНУ-д байрлалтай дэлхийн хамгийн том хуулийн компанийн нэгэнд хандав. Ер нь нэлээд эртнээс байдал бишдээд эхлэнгүүт хуулийн том компанид хандъя хэмээн төсөв батлуулахаар хөөцөлдсөн боловч гадны шулаачдаас асуухгүй, дээд тэнгэрээс асууна гээд мөнгө хариуцсан сайд нь хоёр жил тас унжчихсан хэрэг. Тэнгэрийн элч сайдыг арай гэж зайлуулаад хэдэн төгрөг батлуулаадахсан чинь хөлсний эх оронч гишүүд бослого гарган Засгийн газрыг огцруулна, шийдвэр гаргасан этгээдийг шүүхэд өгнө хэмээн бөөлцгөөв. Хэнгэрэг нүжигнэн, хэц шажигнах хараал чатгын увдисаар тасарч унах нигууртай “хар толгой” болбоос бөө нарыг ч өөрсдийг нь багтаасан Монгол эх орны хувь тавилангийн толгой бөлгөө… За нэг иймэрхүү л байна даа.

2015.2.15

Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Туркт байгаа ЭСЯ-ны бусад ажилтнуудыг ч шалгана

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хар тамхи зөөсөн дипломат ажилчдын асуудлаар ярилцлаа.


-БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул н.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбаярын хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд тус улсад хоригдон шалгагдаж байгаа. Уг хэргээс улбаалан Монголын дипломатчид итгэж болох уу, үгүй юу гэдэг эргэлзээ яригдаж эхлээд байна л даа. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Энэ хэрэг дээр хүмүүс жигшиж, цочирдсон байдалтай хандаж байгаа. Тэгэх нь ч зөв. Бидний зүгээс ч энэ асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллах шаардлагатай. Тиймээс энэ олон улсын шинж чанартай зохион байгуулалттай гэмт үйлдэл дээр онцгой арга хэмжээ авах тухай аль хэдийнэ яриад эхэлчихсэн байгаа. Монгол Улс дангаараа энэ асуудлыг шийдэхэд маш хэцүү. Тиймээс бусад улсуудтай илэн далангүй ярьж, тусламж хүсч байж л үүнийг даван туулна. Итгэлцлийг буцааж авч, ийм зүйлсийг байхгүй болгохын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

-Та бүхэн ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-2018 оны эцэст мөн л мансууруулах үйлчилгээтэй эм тээвэрлэсэн гэх асуудал гарсан шүү дээ. Тиймээс бидуг асуудалд анхаарч, өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд нэгэн тоот бичгийг холбогдох байгууллага руу явуулсан. Тодруулбал, уг тоотод Монгол Улсаас Европт суугаа Элчин сайдын яамд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулъя гэдэг саналыг тавьсан. Ингээд холбогдох байгууллагууд өөр өөрсдийн шугамаараа мэдээллүүдээ авч ажиллаж эхэлсэн. Түүнчлэн би Зүүн Европын улс орнууд руу айлчилъя гэдэг асуудлыг тухайн үедээ тавьсан, тохирсон байсан. Гэтэл өнгөрсөн жил Зүүн Европоор хийх миний хоёр айлчлал дотоодын улс төрийн нөхцөл байдлаас болж хойшлогдсон. Уг нь энэ асуудлыг итгэмжилсэн байдлаар ярихаар төлөвлөсөн байсан. Сая би Зүүн Европын нэг оронд айлчлахдаа гадаад хэргийн сайдтай нь яг энэ асуудлыг ярьж, туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна гэсэн. Яагаад гэвэл хил дамнасан бүлэглэлтэй холбоотой учраас бид ил тод асуудлаа тавьсан, нөгөө улс нь ч ийм асуудал дээр бол дэмжлэг үзүүлдэг.

-Та өмнө нь Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан. Тэр үед ийм асуудал байсан уу?

-Анх 2008 онд Гадаад харилцааны яаманд төрийн нарийн бичгийн албан тушаалд ирэхэд тамхины наймааны асуудал түгээмэл болчихсон байсан.

-Тэр нь хар тамхи биш, энгийн тамхи биз дээ?

-Тийм. Гэхдээ тамхины асуудал нь даамжирсаар ийм байдал руу орж байна шүү дээ.

Нөхцөл байдал ийм байхад буюу 2009 онд тусгай шийдвэр гаргаж энэ хүмүүстэй тэмцэх шинэ систем боловсруулж, шинэ гэрээ байгуулж, нэвтрүүлсэн. Энэ гэрээнд хар тамхи болон хууль бус аливаа нэгэн наймаанд Монгол Улсын дипломат оролцвол явуулсан бүх мөнгөө та бүхнээс буцааж нэхэмжилж авна. Түүнчлэн та бүхнийг буцаан татаж, орны хүнийг чинь, түүний гэр бүлийг явуулах зардал мөнгийг та нараас гаргуулна. Мөн Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд учруулсан хохирлыг нэхэмжилнэ гэдэг ийм гэрээ зурдаг болсон.

-Монгол Улсын дипломат албаны нэр хүндийг яаж нэхэмжлэх вэ?

-Зөөж явсан хар тамхи, хууль бус барааных нь хэмжээний мөнгийг төрд олгуулах юм. Тэгэхээр тэр бизнес нь ашиггүй болж байгаа юм. Бидний хийсэн арга хэмжээний үр дүн гарсан. Гадаад хэргийн яамны үндсэн дипломат 2016 он хүртэл ийм хэрэгт холбогдоогүй. Харин энэ хар тамхитай холбоотой асуудлыг Гадаад харилцааны яам дангаараа зогсоож чадах асуудал биш. Энэ дээр хууль, хяналтын байгууллага орж ирж, бүгдийг нь шалгах ёстой. Үндэслэл байгаа бол намайг ч шалгах хэрэгтэй шүү дээ.

-Та бүхний зүгээс арга хэмжээ авч үр дүн гаргасан юм байна. Тэгвэл шалгагдаж байгаа хоёр хүн танай яамны хүмүүс мөн үү?

– Б.Баттүшиг өмнө нь Бангкок дахь Элчин сайдын яаманд ажиллаж байсан.

-Тэр жолоочийг та ямар шалгуураар Турк явуулсан юм бэ?

-Өнгөрсөн жилийн томилгоонд энэ хүн ороогүй. Тодруулбал, Туркт томилогдсон хүн явж чадахаа болиод оронд нь энэ хүн явсан.

-Дипломатуудыг яаж сонгон шалгаруулаад байна вэ. Сүүлийн үед мэрит зарчим гэхээс илүү шахааны хүмүүс маш их явж байна шүү дээ. Монголын дипломатуудын хувьд цус ойртолт бий болжээ гэж байна. Тухайлбал, үе дамжсан дипломатч гээд л. Энэ цусыг сэлбэх цаг болсон юм биш үү?

-2012 онд би яамнаас гарсан. Үүнээс хойш энэ яаманд ажиллаж хөдөлмөрлөж яваа хүмүүс асуудалд ороогүй байна. Дипломатын хүүхдүүд яаманд байгаа л байх. Гэхдээ шалгалтаа өгөөд л ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Тэрнээс онцгойлоод авч үзээд байгаа зүйл байхгүй.

-Баригдсан нь л энэ хоёр болохоос бусад Элчин сайдын яам ч иймэрхүү зүйлс хийж байгаа гэх хардлага явж байна л даа. Бусдыг нь шалгах уу?

-Шалгана. Одоо бол Европт, Туркт байгаа Элчин сайдын яамдыг шалгана.

-Яамны зүгээс тэр хоёр хүндээанхааруулах боломж байсан уу. Заавал Германд очиж баригдтал нь асуудлыг явуулах шаардлага байсан уу?

-Мэдээж бид урьдчилан сэргийлж ажиллахыг эрмэлздэг. Гэхдээ гэмт сэдэл тээх болсон хүнийг дарга нь байтугай гэргий нь ч мэдэхгүй шүү дээ. Тамхины наймааг бид зогсоон шийдэж болж байсан. Гэтэл хар тамхи бол бол огт өөр. Үндэстэн дамнасан бүлэглэлтэй хийгдэж байгаа нууц ажиллагаа. Тиймээс бид үндэсний болон түнш орнуудын дэмжлэгтэйгээр ажиллах хэрэгтэй. Тэгвэл бид хөдлөх болгонд нь тэднийг баривчилж байх боломжтой. Ингэвэл бид үр дүн гаргана. Ер нь ийм хүмүүсийг гишгэх газаргүй болгоно.

-Энэ хоёр хүнийг эх орондоо ялыг нь эдлүүлэх буюу ялтан солилцоо явуулах уу?

-Тэндээ асуудал шийдэгдэнэ. Бид Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь өмгөөлөгчийг нь авч өгөх ажилд анхаарал, хяналт тавихаас өгсүүлээд анхаарч байгаа.

-Консулын газрын ажилтнуудын цалин хөлс хэр байдаг вэ. Хэцүү байдаг гэх зүйлс ярьдаг юм билээ?

-2009 онд гадаадад ажиллаж байгаа дипломатуудын цалинг уг нь сайн нэмүүлсэн. Тиймээс энэ хүмүүс тийм юм ярих эрхгүй. Тэдний хувьд нэг алдвал хэчнээн олон жил томилогдох боломжоо алдана шүү дээ.

-Энэ асуудлаар таныг шүүмжлээд л байгаа.

-Энэ тамхины хэрэг өчнөөн жил болж байхад хэн арга хэмжээ авав? Би ямар их мөнгө, эрх мэдлийн эсрэг босч, үүнийг хийсэн гэж бодож байна.

-Та албан тоот гаргаж, системын бодлого гаргаж, тамхины эсрэг тэмцжээ. Гэтэл таныг огцрох ёстой гэж хүмүүс үзээд байна л даа?

-Би албан тушаалтай зууралдахгүй ээ. Албан тушаал гуйж үзээгүй хүн. Монголын цагдаа хулгайн эсрэг зөндөө л тэмцэж байна. Гэтэл хулгай зогсоогүй байна гээд цагдаагийн даргыг өөрчлөөд байвал хэцүү. Би энэ бүхэнтэй чадлаараа тэмцсэн. Энэ хангалтгүй гэж үзэж байвал өөр асуудал. Өөр сайд ирлээ гэхэд үүнтэй яаж тэмцэх вэ. Би хийх ёстой ямар ажлыг хийгээгүй байна вэ. Одоо энэ хийж байгаа ажлын үр дүн гарна шүү дээ. Ямартай ч олон жил нийгмээрээ бодит үр дүнгүй бухимдаж ярьсан асуудлыг шийдэж өгөөд явсан. Хэн ч сэдээгүй арга сэдэж хэрэгжүүлсэн. 5 жилийн дараа эргээд ирэхэд тодорхой хэмжээгээр назгайрсан байсан. Буцаагаад хумина.

-Туркийн элчин сайдын яамнаас өөр сэжиг бүхий газрууд бий юу. Та бүхэн шалгах уу?

-Бид бүгдийг нь л хянаж байгаа.

-Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нь урд хөршид гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл бий. Энэ тухай?

-Бид тэр хүнийг эгүүлэн татах тухай өөрт нь мэдэгдсэн. Тэнд хэрэг үүсээд шалгагдаж байхад нь бид дипломат эрх ямбаар хамгаалаад эгүүлэн татаж болохгүй. Хэрэв тэгвэл бид ард нь зохион байгуулж, оролцоод байгаа юм шиг байдал үүснэ шүү дээ. Бид тэнд нь шалгуулах үйл ажиллагаанд саад болохгүйн үүднээс тайлбар өгөх хэмжээнд эрх ямбыг нь нээж өгч байгаа.

-Энэ хэргээс улбаалж, хоёр улсын харилцаа, Монголын нэр төр, эдийн засагт нөлөөлөх үү?

-Бид энэ хүн ээ өмөөрсөн бол нөлөөлнө. Гэтэл эсрэгээрээ бид ийм хүмүүстэй тэмцэж байгаа байхгүй юу.

-Маргааш та байнгын хорооны хуралдаанаар хар тамхитай холбогдсон дипломатуудын талаар мэдээлэл хийх юм билээ. Энэ талаар ярихгүй юу?

-Тэр мэдээлэл бэлтгэгдэж байгаа.

-Хар тамхитай холбоотой асуудлыг ҮАБЗ-д хүргүүлэх үү?

-Үүнийг тусгайлан танилцуулга бэлдэж, оруулна.


Categories
мэдээ цаг-үе

Оюу толгой тойрсон улстөржилтийн цаана нуугдсан тайлбарууд

2035 он гэхэд дэлхийд зэсийн нийлүүлэлтийн дутагдал 10 сая тонноор хэмжигдэнэ гэсэн аварга тоо дуулдаж байна. Цахилгаан машины хэрэглээний огцом өсөлт, сэргээгдэх эрчим хүчний шинэ эрин гэж ирээд яривал дэлхий зэсээр ангахаас аргагүй болчихсон нь бодитой үнэн. “Рио тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Ирэх 25 жилийн зэсийн хэрэгцээ л гэхэд бүх уул уурхайн компаниуд нийлээд өнгөрсөн 500 жилд үйлдвэрлэсэн нийт зэсийн хэмжээтэй дүйхүйц их байх таамгийг уул уурхайн мэргэжилтнүүд дэвшүүлж байна. Энэ их эрэлт, хэрэгцээг хэн хангах вэ? Хэцүү сорилт мэт боловч Монгол шиг зэс үйлдвэрлэгч орны хувьд харин эсрэгээрээ нэн таатай боломж юм. Одоо л цаг алдалгүй зөв хөдөлж чадах аваас Монгол Улсын хурдацтай хөгжлийн замд орох гээд байна” гэж зүгээр ч нэг хэлээгүйг сая дурдсан статистикаас харчихаж болно. “Чалко”-гийн толгой компани эртнээс Оюу толгойн хувьцааг сонирхсоор ирсэн нь зэсийн зах зээлийн энэ ирээдүйг олоод харчихсан учраас тэр л дээ.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч олборлолт эхлэх үеэс л зэсийн зах зээлд сэргэн мандалт ирнэ гэж эрдсийн шинжээчид онцолж байна.Оюу толгой ордын үнэ цэнийн 80 хувь нь гүндээ бий. Энэ төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч, уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл Монгол дэлхийн зэсийн зах зээлийн тоглогчдын нэг болно гэж шинжээчид онцолдог. Уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл зэсийн баяжмалын үйлдвэрлэл 1.1 сая тонноор нэмэгдэж 1.8 сая тоннд хүрнэ гэсэн тооцоо бий.

Монголд төдийгүй дэлхийд гэж яригддаг энэ орд тойрсон улстөржилт сүүлийн арваад Засгийн газрын байнгын сэдэв байсаар ирсэн. Өнөө ч зэс, алтны энэ том төслийг тойрсон улстөрийн халуун буугаагүйг сүүлийн үед өрнөж буй үйл явдал бэлхнээ батална. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харъя, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед за зүй болж баталсан Дубайн гэрээг цуцлах ёстой гэсэн утгатай үгсийг зарим улстөрч давтамжтай унагаж байна. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд ч иймэрхүү агуулгатай үг, өгүүлбэр бий. Оюу толгой тойрсон улстөржилтүүдэд баримттай тайлбар зүүсэн мэдээлэл өнөөхөндөө ховор байна. Өмнийн говьд хэрэгжиж буй Оюу толгой төсөл тойрсон улс төр, эдийн засгийн тайлбарыг харьцуулан хүргэе.

Дубайн гэрээ

Дубайн гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурин дээр цөөнгүй улстөрч ам, санаа нэгдэж буй. Дубайн гэрээгээр хоёр талын шийдэлд хүрсэн гол асуудлыг багцалъя. Эхний асуудал нь зээлийн хязгаар. Зээлийн хязгаарыг талууд зургаан тэрбум ам.доллар гэж тохиролцож байв. Өөрөөр хэлбэл гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах мөнгөний хязгаар дээр хоёр тал шийдэлд хүрсэн юм. Хоёр дахь том өөрчлөлт нь менежмэнтийн төлбөрийг бүх зардлаас зургаан хувь байсныг бууруулж гурав болгосон тохироо. Төслийн менежмэнтийн зардлыг энэ хэмжээнээс ч буулгах боломж бий гэж эдийн засагчид онцолдог. Тодруулж хэлбэл хоёр тал хэлэлцээрийн ширээний ард дахин суувал төслийн менежмэнтийн зардлыг бууруулах тухай яриа хөөрөө өрнөх шаардлага бий. Оюу толгой төслийг удирдаж, менежмэнт хийж байгаагийнхаа төлөө “Рио”-гийн авч буй ажлын хөлс төслийн бүх зардлын гурван хувийг эзэлдэг. Менежмэнтийн хөлсийг зардлаас биш ашгаас тооцох ёстой гэсэн саналыг учир мэдэх улс хэлдэг. Хэлэлцээрийн ширээний ард яригдах учиртай асуудлын нэг гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Дубайн гэрээгээр шийдсэн гурав дахь асуудал нь “BHP”-д мөнгө төлөхгүй болсон явдал. “BHP Billiton” компани анх “Айвенхоу майнз”-д лицензээ шилжүүлэхдээ “Наад газраас чинь юм олдвол бүх орлогоос чинь хоёр хувийг авна” гэсэн тохироо бүхий гэрээ байгуулж байсан юм. Хөрөнгө оруулагч тал рояалтиг цэвэршүүлсэн зэс, алтнаас тооцож өгөх талд зогсч байсан ч Монголын засгийг төлөөлж хэлэлцээ хийсэн хүмүүс энэ байр сууринаас нь ухрааж байв. Бүр тодруулж хэлбэл Монголын Засгийн газар Оюу толгойгоос рояалти авахдаа цэвэршүүлсэн зэсээс биш, баяжуулснаар нь тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл Монголын тал ахиу рояалти авах байр сууриа Дубайн гэрээнд тусгаж чадсан байдаг. Хамгийн өндөр үнэтэй гэгддэг Лондоны металлын биржийн ханшийг жишиг үнэ болгох тохироог Монголын Засгийн газар, “Туркойз хилл”, “Рио тинто“ компаниуд Дубайд хийж байлаа. Улстөрчдийн “Оюу толгойн баяжмалын орц найрлага тодорхой биш байна” гэсэн шүүмжлэл бодит байдлаас зөрсөнийг Дубайн гэрээний өөрчлөлтөөс харж болно. Оюу толгой баяжмалын дээжээ геологийн төв лабораториар заавал давхар шинжлүүлэх үүргийг Дубайн гэрээгээр хүлээж байгаа.

Ажлын хэсгийн дүгнэлт ба Оюу толгойн хариу

УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтүүд хэвлэлээр хангалттай цацагдаж байгаа. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн “Оюу толгой” компанийн тайлбар олны анхааралд ороогүй хэвээр байна. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх талаар хөрөнгө оруулагчтай тохиролцохыг УИХ-аас 57 дугаар тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг болгосон ч хөрөнгө оруулалтын гэрээнд 2041 оноос асуудлыг хөндөж 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгасан байна” гэсэн утгатай өгүүлбэр багтаад буй. Энэ дүгнэлтэд Оюу толгой компаниас “Дараахь шалтгаанаар УИХ-ын 57 дугаар тогтоол зөрчигдөөгүй гэж үзэж байна. 57 дугаар тогтоолд анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц гэж заагаагүй. Мөн тогтоолын төсөлд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хувьцааны хувь хэмжээг нэмэгдүүлэх тодорхой хугацаа тусгаагүй. Анхны хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалтын гэрээний эхний хугацаанд нөхөхөөр тооцож байна. Гэрээний эхний хугацаа дууссаны дараа Монголын төр өөрийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээг 50 хүртэл хувьд хүргэн нэмэгдүүлэх эрхтэй” гэсэн тайлбар өгчээ.

Зээлийн хүүг хөрөнгө оруулагчдад ашигтайгаар тогтоосон гэсэн шүүмжлэлийг улстөрчид хэлж байгаа. Оюу толгой компаниас энэ байр суурьд “Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг өөрийн хөрөнгийн зах зээл дээрх дундаж өгөөжөөс доогуур тогтоосон. Иймд хөрөнгө оруулагчид ашигтай гэх нь үндэслэлгүй. Уурхай хөрөнгө оруулалтын зардлаа төлж барагдуулж эерэг бэлэн мөнгөний урсгалтай болсон цагт л хөрөнгө оруулагч тал өгөөж хүртэж эхэлнэ. Төсөлд хөрөнгө оруулалт шаардлагатай хэвээр байгаа үед хөрөнгө оруулагч тал өгөөж хүртэх ямар ч бололцоогүй бөгөөд зардал нэмэгдэх тусам хөрөнгө оруулагчид ашиггүй. Засгийн газар гэрээгээр зардлын 34, хөрөнгө оруулагч 66 хувийг хариуцах үүрэг тус тус хүлээсэн хэдий ч хөрөнгө оруулагч тал төслийн санхүүжилтэд баталгаа гаргаснаар шууд болон шууд бус байдлаар төслийг 100 хувь санхүүжүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Төслийн үйл ажиллагаанаас Засгийн газрын хүртэх өгөөжийн дийлэнхийг татвар, АМНАТ зэрэг эзэлнэ гэж анхнаасаа тооцож ирсэн бөгөөд Засгийн газар нэг ч хөрөнгө гаргахгүйгээр аль хэдийн хоёр тэрбум гаруй ам.долларын үр ашиг хүртсэн. Харин хөрөнгө оруулагч талын хувьд нөхцөл байдал эсрэгээрээ байна” гэсэн тайлбар өгчээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд Оюу толгой төсөлд оруулж байгаа хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, хэмжээнд өнөөг хүртэл Монголын нэг ч байгууллага хяналт тавиагүй гэсэн утгатай өгүүлбэр багтсаныг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцолж байгаа. Энэ дүгнэлтэд Оюу толгойн зүгээс өгсөн тайлбарыг сонирхлоо. Оюу толгой ХХК хувийн компани учраас Засгийн газар үйлдэл бүрд нь хяналт тавих хууль байхгүй, Засгийн газар хувьцаа эзэмшигчийнхээ хувьд Оюу толгойд төлөөлөлтэй, тэр хүрээнд ажил явж байгаа гэсэн агуулгатай тайлбар хийж. Монголын Засгийн газар Оюу толгой төсөлд өнөөг хүртэл нэг ч ам.долларын хөрөнгө оруулалт хийгээгүй, хувьцаа эзэмшигчийн зээлийг өдий болтол төлөөгүй яваа, бүр хожим ногдол ашгаасаа төлөх тохироо хийсэн, засгийн эзэмшлийн хувьцаа төслийн санхүүжилтийн зээлд барьцаалагдаагүй гэх мэт шалтгаан бий. Оюу толгой, Засгийн газар хоорондын энэ харилцааг хар баргаар зүйрлэе. Бат, Дорж гэж хоёр найз хамтраад компани байгуулахдаа банкнаас 100 сая төгрөг зээлэхээр болж. Бат нь ямар ч барьцаа тавьсангүй. Дорж нь байгаа бүхнээ барьцаалжээ. Зээлээ төлж чадахгүйд хүрвэл Дорж хамгаа хураалгана гэж толгой дохин эрсдэл хүлээж. Гэсэн хэдий ч компанийн хувьцааны 34 хувь Батын нэр дээр. За тэгээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлж дээ. Мэдээж эхлээд ашиг орлогоосоо банкны өрөө төлж таарна. Өөрөөр хэлбэл Доржийн зээлсэн мөнгөөр босгосон үйлдвэрийн ашиг орлогоор өрөө төлж дуусгана гэсэн үг. Харин өр төлж дууссаны дараа нэг ч төгрөгийн гарз гаргалгүйгээр бизнестэй болсон Бат өрөө төлж эхэлнэ. Бүр тодруулж хэлбэл компанид эзэмшсэн хувьд ногдох ашгаасаа өрөө төлж эхэлнэ гэсэн үг. Энэ өнцгөөс харвал Оюу толгойн өгсөн хариуд үнэнээс зөрсөн зүйл алга.

ОДОО яах вэ?

Монголд мөнгөө хийхээр сонирхож буй хөрөнгө оруулагчид Оюу толгой төслийг эхлээд анзаардаг болсныг эдийн засгийн чиглэлээр болдог гадна, дотны форум бүр дээр онцолдог. Өөрөөр хэлбэл энэ төсөл хүссэн хүсээгүй Монголын хөрөнгө оруулалтын барометр болчихсон. 2010 оноос өнөөг хүртэл төсөвт төвлөрүүлсэн татвар хураамж нь 2.3 тэрбум ам.доллараар хэмжигдсэн Оюу толгой төслийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө жилээс жилд өсч яваа нь статистикаас харагддаг. Оюу толгойн 2016 онд төсвийн орлогод эзлэх хувь нь 7 байсан бол 2025 буюу ердөө зургаахан жилийн дараа энэ тоо хоёр дахин өсөх тооцоо гараад буй. 2015-2018 онд “Оюу толгой”-н Монголд бий болгосон эдийн засгийн шууд өгөөж 1.8 их наяд төгрөг, шууд бус өгөөж нь 2.7 их наяд төгрөгөөр хэмжигддэг. Оюу толгойн ажилчид дээр ханган нийлүүлэгч, энэ төсөлтэй хамаатай компаниудад зүтгэж цалинтай орлоготой амьдардаг хүмүүсийн тоог нэмбэл 45 мянга давдаг. “Рио тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Яригдаж буй гурван гэрээнд тулгуурлаж 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийх боломж бүрдэж байгаа. Тус гэрээнүүд хөндөгдсөнөөр бид бизнесээ үргэлжлүүлэх бололцоогүй болно. Бидний хамтын уурхайн үйл ажиллагаа ч зогсоно” гэсэн үгийг ил захидлаар дайгаад байгаа.

Энэ тоонуудаас харахад Оюу толгой зогсвол эдийн засаг элгээрээ хэвтэх нь тодорхой байна. Ер нь аль ч засгийн мөнхийн хүсэл Оюу толгойн ашгийг нэмэгдүүлэх гэдэг нь энэ төслийн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойшхи бүх Засгийн газрын түүхээс харагддаг. Тэгэхээр ашгаа нэмэхийн тулд яах ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Нэгэнтээ эдийн засагт том нөлөөтэй, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжүүр болчихсон төслийн хувьд хөрөнгө оруулагчидтай урт хугацаанд хэрхэн яаж харилцах шийдлээ гаргаж ирэх ганц гарц байна.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа “Оюу толгойг бизнесийн төсөл гэж харах хэрэгтэй” гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн удаатай. Дараагийн шийдэх асуудал бол энэ. Энэ төслийг улстөрийнх үү, бизнесийнх үү гэдэг дээр шийдэл тохироонд хүрэх цаг болжээ. Цэвэр бизнесийн төсөл болгоё гэвэл “Эрдэнэс Монгол”-д нь даатгаж, Засгийн зүгээс олон улсын санхүүгийн байгууллагуудаас зуучлагч сонгож, хөрөнгө оруулагчидтай жилдээ нэг удаа уулздаг болчихвол болохгүй юмгүй.

“Рио”-гийн байр суурийг анзаарахад улстөрчдийн сэдэв болгож буй гурван гэрээний суурь заалтуудад гар хүрэхгүй гэдэг дээр хатуу зогсч байна. Гэхдээ гэрээнүүдийн хүрээнд Монголын талын хүртэх өгөөж, ашгийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээ өрнүүлье гээд дуугарчихсан. Байгуулсан гэрээнийхээ хүрээнд ашгаа нэмэгдүүлэх яриа хэлэлцээ өрнүүлж яагаад болохгүй гэж. Таван толгойд цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ зарахад хэдэн саяар тоологдох доллар хөнгөхөөн ороод ирнэ. Ханган нийлүүлэлтээ Монгол компаниудаас ав гэсэн босго тавьж, цалин хөлс өндөртэй гэж шүүмжлүүлдэг гадаад мэргэжилтнүүдийнхээ орон зайг монгол залууст гаргаж өг хэмээн шахвал дэмий улстөржилт гэж харагдахгүй. “Рио”-гийн дэлхийн улсуудад хэрэгжүүлж буй төслүүдэд аль хэдийн тавь жараараа ажиллаад эхэлсэн монгол залуусын хувьд эх орондоо өндөр цалинтай ажиллаж мэргэшээд явах бололцоо бий. Энэ мэт аль болох өөрсдөдөө өгөөжтэй талаас хандмаар байна, Оюу толгой төсөлд. Засгийн газар “Эрдэнэс Таван толгой”-н IPO-г жилдээ багтааж хийнэ гээд төлөвлөчихсөн яваа. “Таван толгой”-н хувьцааг сонирхох хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд Оюу толгойг анзаарна гэсэн булзах аргагүй үнэн бас бий.


Categories
мэдээ цаг-үе

Т.Төртогтох: Монголд хиймэл дагуул хийх боломжтой

Монгол инженерүүд япончуудтай хамтран “Тэмүүлэл” хэмээх нано хиймэл дагуул хийх төслөө танилцууллаа. Уг төсөл шинжлэх ухаан судалгаа, технологийн туршилтыг сансарт хийх боломжтой кубсат ангиллын хиймэл дагуулыг Монгол Улсад бүтээх замаар сансрын технологийг эзэмших, өндөр технологийг дотооддоо бүтээх, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилготой ажээ. Энэ талаар МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн физикийн тэнхимийн багш, Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторын судлаач Т.Төртогтохтой ярилцлаа.


-Нано хиймэл дагуул гэж юуг хэлээд байна?

-Хиймэл дагуулыг хэмжээгээр нь ангилдаг. Хэмжээ гэдэг нь ерөнхийдөө масс гэсэн үг. Улс болгон массыг өөр өөрөөр тодорхойлдог. Нано хиймэл дагуул гэдэг нь зарим улсуудын хувьд 100 кг-аас бага, заримд нь 50 кг-аас бага жинтэй хиймэл дагуулуудыг хэлээд байгаа юм. Нано гэдэг үг нь арвын хасах есөн зэрэг буюу сая дахин бага гэсэн үг. Тэгэхээр том хиймэл дагуулаас төдий хэмжээний бага жижигхэн гэсэн үг. Том хиймэл дагуулууд 2-3 тонн ч байдаг. Түүнээс ч том хэмжээнийх байна. Тэгэхээр харьцангуй жижиг гэсэн үг.

-Тэгэхээр нано нь том хэмжээтэй хиймэл дагуулаасаа давуу талтай гэсэн үг үү?

-Жижиг буюу нано хиймэл дагуул нь сүүлийн хорин жил эрчимтэй хөгжиж байгаа. Яагаад гэвэл технологи өндөр хөгжөөд эхэлж байгаа учир. Үүнийгээ дагаад нано хиймэл дагуул нь маш олон давуу талыг бий болгож байна. Хуучны том хиймэл дагуулууд өртөг өндөр, удаан хугацаанд хөгжүүлдэг. Сансрын нэг газарт нэг орбитоор эргэнэ. Хүн холбогдохдоо хиймэл дагуулаа хүлээж байгаад дээгүүр нь явахаар холбогддог. Жижиг болсноор амархан, олныг зэрэг хөөргөж болно. Маш богино хугацаанд хийгээд хөгжүүлэх боломжтой. Нэг том хиймэл дагуул хийх хугацаанд маш олон жижгийг хөгжүүлнэ.

-Мазаалай хиймэл дагуулыг Японы эрдэмтэдтэй хамтран бүтээгээд сансарт хөөргөсөн. Зургаан даалгавартай явуулаад хоёрыг нь хийж чадаагүй гэдэг. гүйцэлдүүлж чадаагүй хоёр даалгавар нь юу вэ?

-Зураг дарах, төрийн дуулал илгээх гэсэн хоёр даалгаврыг бид хийж чадаагүй гэж үзэж байгаа. Яагаад биелүүлж чадаагүй шалтгаан нь холбооны антены үндсэн систем байсан. Бид анх илгээхдээ тодорхой эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн. Тэр эрсдэлийг байхгүй болгохын тулд нэлээн их цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай. Жижиг хиймэл дагуулын бас нэгэн давуу тал нь эрсдэлийг хүлээн зөвшөөрөөд, технологийг шинээр туршиж болдог. Бидний хиймэл дагуулдаа ашигласан паж антен нь газар дээрх орчны тест сансар хоёр ялгаатай байгаа юм. Яг сансарт гартал чадал нь багасаад, ирэх сигналь нь сул болоод, түүнээс нь үүдэн их хэмжээний зургийг татаж авах чадваргүй болсон.

-Мазаалайгийн биелүүлж чадсан дөрвөн даалгавар нь юу вэ?

-Гурван даалгавар нь олон улстай хамтарсан маягаар хийсэн. Нэг нь шинжлэх ухааны даалгавар. Тэр нь өмнөх хас дамжуулагч элементтэй холбоотой. Сансрын цацрагт өртөнгүүтээ хас дамжуулагч элементийн гүйдэл ихэсдэг. Түүнийг нь бүртгэж авдаг. Бүртгэж авсан мэдээллээ доош илгээх нь зураг шиг мэдээлэл биш юм. Тэр бол нэг их хэцүү зүйл биш. Энэ даалгавраа бол амжилттай хийсэн гэж үзэж байгаа. Мөн газрын станцуудтай холбож ашиглана. Өөрөөр хэлбэл манай хиймэл дагуулыг Африкийн хиймэл дагуул, станц эсвэл Тайланд, Тайваниас хаанаас ч хамаагүй мэдээлэл татаж аваад цацах туршилтууд амжилттай болсон. Мөн хиймэл дагуулын унах хурдыг тодорхойлж, тухайн орбитын агаарын эсэргүүцлийг гаргадаг. Агаарын үрэлтээр хиймэл дагуул яаж унаж буйг тодорхойлдог гэсэн үг. Үлдсэн нэг нь Бангладеш, Япон, Тайвань,Тайландын дөрвөн газрын станц хиймэл дагуулаас нэг дохиог зэрэг аваад ирж байгаа сигналын хугацааны зөрүүгээр хиймэл дагуулын байршлыг тодорхойлох. Өөрөөр хэлбэл GPS байхгүйгээр хиймэл дагуулын байрлалыг тодорхойлно.

-Тэмүүлэл хиймэл дагуул нь Мазаалайгаас технологийн хувьд шинэчлэгдсэн, давуу тал юу байна?

-Ерөнхий хэмжээ гадаад байдлыг нь харвал адилхан. Багц хүчин чадлын хувьд бас ойролцоо. Мазаалай дээр алдаа гаргасан зүйлүүдээ шинэчлэн хийнэ. Найдвартай болгоно.

-Тэмүүлэл бас нэгэн туршилтын хиймэл дагуул гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. Гэхдээ Тэмүүлэлийн гол зорилго бол цаашдаа бизнес ч болж болох юм. Монгол Улсын хэрэглээг хангаж болно. Холбоо, зураг дарах зэрэг үндсэн хэрэглээ байхгүй юу.

-Бизнес чиглэлээр хиймэл дагуулыг яаж ашиглах уу?

-Жишээлбэл, газар тариалан байж болно. Ургамлын өвчлөл, хуурайшилт, хаана бордоогоо цацах, хаана услах, чийглэх хэрэгтэй гэдгийг тодорхойлж болно. Долоо хоногийн өмнө энэ газар ийм байсан бол одоо ийм болж гэж харьцуулж, зургуудаа харж болно. Хот төлөвлөлт, ус хөрсний цэвэр, бохир байдал зэргийг хянах гэх мэт хэрэглээнүүд их бий. Гэхдээ Тэмүүлэл тийм зүйл хийх үү гэвэл үгүй. Өөрөө түүнд хэрэглэгдэх технологийг туршина. Эдгээр хэрэглээг хангахын тулд нягтаршил ихтэй технологи хэрэгтэй. Тийм камер тавилаа гэхэд бид хийж чадах уу гэдэг асуудалтай тулгарна.

-Тэмүүлэл төслийг эхлүүлэх хөрөнгийг яаж босгох вэ?

-Эхний ээлжинд бид Тэмүүлэл төслийн хүрээнд бизнесийн байгууллагад маркетинг санал болгож байна. Танай компани өөрийнхөө нэрийн өмнөөс хиймэл дагуул хөөргөж болно. Компанийнхаа дууг цацаж, мэдээгээ сансраас түгээх болно гэх мэтээр санал болгож байгаа. Төсөл маань гурван жилийн хугацаатай тул гурван жилийн хугацаанд манай хиймэл дагуулаар дамжуулан маркетингаа хийж болно. Хиймэл дагуул маань өөрөө туршилтын зориулалтынх учир хэрэглээний дата өгөх боломжгүй. Гэхдээ хиймэл дагуулын датаг тухайн компани ашиглах боломжтой.

-Батлагдсан төсөв хэдэн төгрөг вэ?

-300-400 мянга орчим доллар. Одоогийн байдлаар бакалаврын 18 оюутан, магистрын таван оюутан, есөн мэргэжилтэн нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй баг уг төсөл дээр хамтран ажиллана.

-Төсөл дуусаад хиймэл дагуул бэлэн болбол хэзээ сансарт хөөргөх үү?

-2021 оны эхээр гэж тооцоолоод байгаа. Товлогдсон хугацаандаа хөөрөхгүй байх ганц шалтгаан нь санхүү. Бусад нь бол бэлэн, бид хийж болно гэж үзэж байгаа.

-Монголд хиймэл дагуул хийх боломж нөхцөл хэр вэ?

-Боломж байна. Хиймэл дагуул хийх гар утас хийхтэй адил. Монголд гар утас хийж болно. Гэхдээ гол асуудал нь гар утас ч юмуу ийм төрлийн төхөөрөмжийг олноор нь зарж байж ашиг олдог. Тэгэхээр үйлдвэрлэл хэрэгтэй байдаг. Гэтэл хиймэл дагуул жижигхэн, нэг цогц учир лабораторид хийх боломжтой.

-Сансар судлах тусгай агент байгуулах санал гарч байсан. Тэр асуудал юу болсон бэ?

-Тэр зөвлөл дээрээ очоод чимээгүй болсон. Яг юу болсныг сайн мэдэхгүй байна.


Categories
мэдээ нийгэм

Японы буцалтгүй тусламжаар 20 хүнийг магистр, докторт сургана

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока нар өнөөдөр хоёр хэлэлцээрт гарын үсэг зурав. Тодруулбал, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 309 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэ хөтөлбөрт манай улс 2001 оноос эхлэн хамрагдсан. Одоогоор 19 төсөл хэрэгжиж, 340 оюутан тус улсын их, дээд сургуулиудад суралцсан байна. Ингэхдээ ихэвчлэн санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд ур чадвараа дээшлүүлж буй. Өнөөдрийн энэхүү хэлэлцээрийн хүрээнд 20 хүнийг уг улсад магистр, докторт суралцуулна. Үүнээс 18 нь төрийн албан хаагч, хоёр нь хувийн хэвшил байх гэнэ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Япон улс нь манай урт хугацааны найдвартай түнш. Манай улсыг зах зээлийн нийгэмд шилжснээс хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулсаар ирсэн” гэв. Мөн Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока “Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт илүү их хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Японы Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй томоохон хөрөнгө оруулалт гэвэл одоогийн хэрэгжиж байгаагаар Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал болон АШУҮИС-ийн эмнэлэг байгаа. Хүний нөөцийн чиглэлээр ч томоохон хамтрагч байдаг. Одоогоор тус улсад Монголын 30 мянган оюутан суралцаж байна. “1000 инженер” хөтөлбөрийн эхний ээлжийн төгсөгчид ирээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж эхэлсэн” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Япон улс 1990 оноос хойш манайд нийт 329 гаруй тэрбум иений зээл, тусламж олгосон байдаг.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар АТГ-ын бүтэц, орон тоог шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 12-ны 08-00 цагт эхэлж, 21 асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл багтжээ. Мөн АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөл, Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх аж.

Түүнчлэн Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслийн зээлийн гэрээний төсөл, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай, Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцсон дүн, Гадаад харилцааны сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг тус тус хэлэлцэнэ. Мөн Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг нэвтрүүлэх туршилт хийсэн талаар, Эрчим хүчний салбарын 2018-2019 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний талаар, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.