Categories
мэдээ улс-төр

Хууль тогтоомжийн төслийн сонсголыг зохион байгууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2019.06.12/ “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хууль тогтоомжийн төслийн сонсголыг Төрийн ордноо зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Их Хуралд 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл нь нийтийн ашиг сонирхолд шууд хамааралтай эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулах тул “Нийтийн сонсголын тухай” хуулийн 7.1 дүгээр заалтын дагуу хууль тогтоомжийн төслийн өнөөдрийн сонсголыг зохион байгуулсан юм.

Ингээд сонсголыг нээж УИХ-ын гишүүн Б.Ундармаа хэлсэн үгэндээ, энэхүү хууль тогтоомжийн сонсголоор хуулийн төслийн талаар мэдээллийг олон нийтэд хүргэх, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, иргэдийн санал, зөвлөмжийг сонсох, мөн хуралдаанд оролцогчдын саналыг нэгтгэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх, хуулийн төслийн хэлэлцүүлгийн үе шатанд гишүүдэд танилцуулах зорилттой юм гээд мэдээлэл хийх албаны хүмүүсийг танилцуулав.

Эхний мэдээллийг УИХ-ын гишүүн Н.Учрал Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар танилцуулав. Тэрбээр, манай улс анх 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хуулийг баталснаар иргэний нийгмийн байгууллагууд байгуулагдах эрх зүйн үндэслэл бүрдсэн. 2017 оны байдлаар 27000 гаруй төрийн бус байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэгдсэнээс 8000 орчим нь нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төрийн бус байгууллагууд дунд нийгэмд үйлчлэх зорилготой мэргэжлийн нэгдсэн холбоо гэх нэршилтэй байгууллагууд нэлээдгүй байгаа ч тэдний үйл ажиллагаа, тогтвортой байдлыг хангах хууль эрх зүйн орчин дутмаг байдгаас үйл ажиллагаа нь хангалтгүй байна. Барилгын, эрүүл мэндийн зэрэг зарим салбарт төрийн байгууллагын гүйцэтгэх үйлчилгээний буюу зохион байгуулалтын чиг үүргийг Засгийн газар тогтоол гаргах замаар төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байна. Гэсэн хэдий ч төрийн бодлого төлөвлөлтөд мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагатай хамтрах, саналыг нь тусгах, мэргэжлийн удирдамж, арга зүйн зөвлөмжөөр хангах чиглэлийн үйл ажиллагаа доголдолтой байна. Төрөөс мэргэшсэн төрийн бус байгууллагатай харилцах талаар эрх зүйн зохицуулалтыг авч үзвэл анх 1991 онд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль батлагдаж төрийн байгууллага болон үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо, бусад салбар холбоодын хамтын ажиллагааг хуулийн хүрээнд зохицуулсан байна. Түүнээс хойш 1995 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль, 2000 онд Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг мэргэшсэн төрийн бус байгууллагын оролцоо, чиг үүргийг тусгайлан хуульчилж, төрийн байгууллагатай хамтран ажиллах хүрээг тодорхой болгосон.

Гэтэл бусад салбарын мэргэжлийн нэгдсэн холбоодын үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд төдийлэн ахиц, дэвшил ажиглагдахгүй байна. Энэ нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ачааллыг бууруулах боломж бололцоо сайжрахгүй байх, төрийн бус байгууллагаар төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд ямар шалгуурыг хангасан байгууллагатай харилцах нь тодорхойгүй, нэг чиглэлийн хэт олон байгууллага нь тухайн салбарынхныг төөрөгдүүлэх, цаашилбал зарим нэг салбарыг төлөөлөх боломжгүй байгууллагууд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэрийн дор хүнд суртлыг бий болгох, салбарын чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл байдлыг бий болгоод байна. Улмаар яамдуудын бодлого боловсруулах, тодорхойлох чадамж сулрах, худалдан авалт, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох зэрэг зохион байгуулалтын шинж чанартай, ач холбогдол багатай ажилд анхаарах зайлшгүй нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна.

Түүнчлэн төрийн байгууллагууд мэргэжлийн холбоод, мэргэшсэн хувь хүнтэй хамтран ажиллах үйл ажиллагааны цар хүрээгээ орон тооны бус зөвлөлд ажиллуулах, зарим тохиолдолд зөвлөхийн ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх төдийхнөөр хязгаарлаж байгаа нь нэг талаас, тэдгээр хамтын ажиллагааны хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаатай, нөгөө талаас мэргэжлийн холбоодод нэгдсэн хамтын ажиллагаа байхгүй, чадавхи нь сул байдагтай холбоотой гэж үзэж байна.

Иймд “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл өргөн мэдүүлж, энэ нь 4 бүлэг 20 зүйлтэй бие даасан хууль юм. Уг хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэлээ.

Үргэлжлүүлэн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Гүйцэтгэх захирал Б.Энхболд мэдээлэл хийж, саналаа хэллээ. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд бидний хувьд Төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тулгарч байсан хэд хэдэн асуудлууд байгааг гурван бүлэгт хуваан товчхон хэлэх саналтай байна гэв. Тухайлбал, хуулийн төслийн 3 дугаар бүлэг Хамтын ажиллагаа бүлгийн 14, 15, 16 дугаар зүйлд тодорхой зааж оруулсан нь шийдэл хүргэж байх гэв. Мөн төрийн бус байгууллагыг шалгаруулах механизмыг тодорхой зааж, гадны хүчин зүйлийн нөлөөг байхгүй болгох хэрэгтэй байна гэсэн санал хэлж байв.

Дараа нь “Дат консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа олон улсын нийтлэг жишээн дээр тулгуурласан Мэргэжлийн холбоодод тавигдах нийтлэг шаардлагын талаар мэдээл хийв. Үүний дараа сонсголд оролцогчид хуулийн төсөлтэй холбогдуулан өөрсдийн байр сууриа илэрхийлэхийн сацуу саналаа мөн хэлж байв.

Ийнхүү сонсголд оролцогчдын саналыг нэгтгэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудын наадмын хуваарийг баталлаа

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2019.06.12/ болж аймгуудын баяр наадмын хуваарийг тогтоолоо. Ингэхдээ аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан үзсэн байна.

  • Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь- долдугаар сарын 27, 28-нд
  • Сэлэнгэ- долдугаар сарын 4,5-нд,
  • Өмнөговь- долдугаар сарын 6, 7-нд,
  • Дундговь, Өвөрхангай- долдугаар сарын 8, 9-нд,
  • Төв- долдугаар сарын 8-10
  • Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл-долдугаар сарын 9-10
  • Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтий- долдугаар сарын 10, 11-нд болно.

Хурдан морины уралдааны тухайд, төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гол тээхэний бичээсийг бүрэн судалсан гэв

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Сэргэлэн интернэйшнл экспедишн ТББ-аас Билгэ хааны захиас бичгийг бүрэн тайлж уншсан талаараа мэдээлэл хийлээ.

Уг төрийн бус байгууллага нь эртний түүх, археологи судлан “Хүн хэл” бичгийг сэргээсэн аж. Энэ ажлын хүрээнд сайн дурын хүмүүсийг хамруулан хоёр удаагийн сургалт явуулжээ.

Сургалтын хүрээнд Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших Гол тээхэн буюу Күльтигэнд зориулсан Билгэ хааны их, бага бичээсийг судалсан байна. Бага бичээс 13 хэсэг, Их бичээс нь 53 хэсгээс бүрдсэн Билгэ хааны захиас бичгийг бүрэн тайлж уншжээ.

Сэргэлэн интернэйшнл экспедишн ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн “Хүн хэл бичгийг сэргээснээр үгийн марфологийн задралыг судлах, үйл үг, цагийг мэдэх боломжтой боллоо” хэмээн онцлов.

Энэ удаагийн сургалтад ОХУ-аас Наталия Валерьевна Монголова оролцсон багаад цаашид орос хэл дээр уг бичгийн сургалт явуулах боломж нээгджээ. Мөн Сэргэлэн интернэйшнл экспедишн ТББ-аас “Хүн хэл” бичгийг судлахад зориулсан гарын авлагыг хэвлэн гаргажээ.

Э.АМИНАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

iOS 13 үйлдлийн системийн ЭНЭ функц iPhone-ы батарейн ашиглах хугацааг уртасгана

Image result for iOS 13

Энэ намар танилцуулагдах iOS 13 хувилбарт iPhone-ы батарейн ашиглах хугацааг уртасгаж, илүү удаан хугацаанд өндөр хүчин чадлаар ажиллуулах шинэ функц мөн багтана. WWDC 2019 буюу Дэлхийн Дизайнерүүдийн Бага хурлаар Apple яг энэ функцийг онцлоогүй ч хэрэглэгчдийн хувьд энэ тун чухал боломж гэдэгтэй маргах зүйлгүй.

Шинэчлэгдсэн цэнэглэх горим ямар онцлогтой вэ?

Чухал шаардлагатай үе л биш бол таны батарейн цэнэгийг 80%-иас илүү дүүргэхгүй.

Үүний тулд iOS систем таны цэнэглэлтийн өдөр тутмын түүхийг анализ хийж, тэдгээр датаг ашиглан зөвхөн онц чухал үед л дүүртэл цэнэглэх болно.

Хэрэв та үдэш унтахдаа утсаа цэнэглэхээр залгавал шинэ үйлдлийн систем цэнэглэлтийг өглөө хүртэл зогсооно. Ингэснээр таны утасны батарейн ашиглалтыг гамнана. Батарей: Цэнэглэх шинэ горим

Шинэ горим нь таны утасны батарейг 100% буюу дүүртэл цэнэглэх тоог цөөлснөөр илүү удаан хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлнэ. Таны цэнэглэлтийг өдөр тутам анализ хийсний дараа зөвхөн чухал хэрэгцээтэй үед л дүүртэл цэнэглэнэ. Гэхдээ энэ функц цаанаасаа тохируулагдаж ирэхгүй, та хүсвэл өөрөө идэвхжүүлж болно. Уг функцийг идэвхжүүлсний гол давуу тал нь батарейгаа заавал тултал нь ачаалахгүйгээр хангалттай хэмжээнд цэнэглэж, илүү удаан хугацаанд аюулгүй хэрэглэх боломжтой болно.

Литиум-Ион батарейн талаар

Литиум-Йон бүтэцтэй батарей цаг хугацаа өнгөрөх тусам ажиллагаа нь буурч, элэгддэг. Энэ бол жам. Таныг утсаа нээх, ашиглах тусам батарей тань тэр хэрээр элэгдэж, хэсэг хугацааны дараа шинэ батарейгаар солих шаардлага гарна.

Батарей хэр хурдан элэгдэж, муудах нь харин хэчнээн удаа дүүртэл цэнэглэснээс хамаардаг.

Литиум-ион батарейг дүүртэл биш хэсэг хэсгээр цэнэглэх нь хамгийн үр өгөөжтэй. Харин батарейг тултал олон удаа цэнэглэхэд нийт ашиглах хугацаанаас хороож байдаг. Тэгэхээр 100% дүүргэхгүй, ойр ойрхон бага багаар цэнэглэбэл батарейнд тань гамтай юм.

Харин Apple-ын энэхүү шинэ функцийг идэвхжүүлсэн байхад та утсаа цэнэглээд шөнөжин орхисон ч автоматаар 80% хүртэл цэнэглээд зогсооно гэсэн үг юм.

Яагаад чухал гэж?

Apple өмнө нь гүйцэтгэлээ хянах, барих боломж бүхий iOS-ийн функц танилцуулж байсан. Сөрөг шүүмжлэл нэлээн дагуулсан ч уг функц тун хэрэгтэй эд юм. iPhone утасны хурдыг сааруулж байгаа ч гэсэн нөгөө талаас батарей хэчнээн муудсан ч утас гэнэт унтрахгүй байх боломжийг бий болгосон.

Утасны батарей тултал ачаалагдахгүй л байхад ер нь утасны ажиллагаанд гарах асуудал тун цөөн гэж ойлгож болно. Харин өндөр хурд, хүч шаардсан аппликэйшн ажиллуулах, өөр бусад байдлаар гамгүй хэрэглэх тусам таны утас хурдан хэврэгшиж, муудна.

Хэдий тийм ч батарей муудлаа гэхэд та шинээр сольчход л бүх зүйл шинэ болчихно л доо. Гэхдээ үүнээс гадна бас нэг боломж гарч ирэх гэж байгаа нь энэхүү iOS 13 үйлдлийн системд танилцуулагдах батарей гамнах функц юм.

Эх сурвалж: http://iphone-center.mn

Categories
мэдээ нийгэм

​“Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө” төслийн хаалт боллоо

Хүүхдүүдийн дундах сүрьеэгийн тархалт нь дэлхий нийтийн асуудал болоод байна. 2018 оны 10-р сарын 26-нд Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганаар дэлхийн улс орнуудын удирдагчид сүрьеэг устгах улс төрийн тунхагийг баталсан юм. Манай улсад Харвардын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө” төслийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлжээ. Анх 2004 онд Харвардын найман эрдэмтэн Монголд ирж уг судалгааны суурийг тавьж байсан бол өдгөө 100-гаад эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны нэгж статустай “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) байгууллага болон өргөжжээ.

Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д.Ганмаа “Таван жилийн хугацаанд 18 бүрэн дунд сургуулийн 9846 хүүхдэд сүрьеэгийн халдвар илрүүлэх шинжилгээг олон улсын стандартын дагуу хийсэн. Монгол хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар бага байна гэсэн үр дүн гарсан. Тодруулбал арван хүүхэд тутмын нэг нь халдвартай байна. Сүрьеэгээр өвчилсөн 129 хүүхэд илэрснийг ХӨСҮТ-тэй хамтран эмчилсэн.Түүнчлэн хүүхдүүд Д амин дэмийн дутагталтай байгаа тул дархлаа нь суларч, халдварт өвчинд өртөх нь амархан байгаагилрүүлэв. Д амин дэмийн дутагдлыг эмчилснээр сүрьеэгийн халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хүүхдийн дэргэд тамхи татаж болохгүй. Дам тамхидалтад өртсөнөөр халдвар авах эрсдэл нэмэгдэж байна.” гэв.

Хүүхдүүдэд Д амин дэмийн дутагдал илрүүлэх шинжилгээ хийхэд 53% нь гүн дутагдалтай, 40% нь дутагдалтай, 7% нь хэвийн гэсэн үр дүн гарчээ. Хүнийдархлааны системийн хэвийн ажиллагааг дэмждэг Д амин дэм зохист хэмжээнээс бага болсон тохиолдолд сүрьеэгийн халдвар авах магадлал 23%-иар нэмэгддэг байна.

Хүүхдэдээ Д амин дэмийг тогтмол ууснаар ямар үр дүн гарсан бэ?

СХД-ийн 18 дугаар хорооны иргэн Л.Пүрэвцэцэг: Сургуулийн насны хоёр хүүхдийн маань нэг нь энэхүү төсөлд хамрагдсан. Манай хүү хоёр жилийн турш эмч нарын зөвлөгөөгөөр Д амин дэм уусан. Төсөлд хамрагдаагүй охинтойгоо харьцуулахад дархлаа ялгаатай байгаа юм. Хүү ханиад тусах нь эрс багассан. Өвдсөн тохиолдолд антибиотик хэрэглэхгүйгээр эдгэчихдэг. Харин охин их өвчлөмтгий. Д амин дэмийн ач тус маш их гэдгийг мэдсэн.

Хүн амын дундах сүрьеэгийн халдварын тархалтыг нарийвчлан судалж, халдвар авсан хүмүүсийн дархлааны системийг дэмжин, эмчилгээнд хамруулснаар сүрьеэгийн халдварын гинжин хэлхээг таслаж, хүмүүсийн элдэв халдварт өвчинд өртөх эрсдлийг бууруулах боломжтойг судалгааны баг онцолж байна.

Б.ОЮУНГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

​Н.Анхбаярыг Австрали улсад Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн жагсаал боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад Элчин сайдаар томилох асуудлыг эсэргүүцсэн тайван жагсаал өнөөдөр боллоо.

Жагсагчид өөрсдийн үзэл бодол, өрнөсөн асуудалд тулгуурласан өргөх бичгийг Австралийн холбооны улсыг төлөөлөн Монгол Улсад суугаа Элчин сайдад өргөн барилаа. Энэхүү өргөх бичигт Н.Анхбаяр нь эцэг Ц.Нямдоржийн шууд оролцоотойгоор “Эрдэнэт уул уурхай” улсын үйлдвэрийн газарт бараа үйлчилгээ нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүй олж хувьдаа их хэмжээний ашиг олсон нь тогтоогдсон. Мөн тэрээр Гадаад хэргийн яамны төрийн захиргааны удирдлагын албан тушаалд ажиллаж байх үедээ сонгон шалгаруулж явуулсан ажилчид нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдсон. Дипломат эрхээ ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн гэх зэрэг үндэслэл бүхий асуудлыг тулгуурлан Н.Анхбаяр нь Монгол Улс болон Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёс зүйн эрхгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Жагсагчид “Өнөөгийн эрх баригчид парламент дахь хэт олондоо дулдуйдан сөрөг хүчний байр суурийг үл харгалзан Н.Анхбаярыг элчин сайдаар томилох аваас Ардчилсан намын зүгээс бүх талаар нь эсэргүүцэх арга хэмжээг олон улсын хэмжээнд зохион байгуулах болно” хэмээж байв.

Тайван жагсаалд оролцохоор ард иргэдийн төлөөлөл бүхий 30 гаруй хүмүүс цугласан байсан юм. Тэдний эсэргүүцлийг хүлээж авахгүй бол Австралийн холбооны улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд Австрали улсад байрлах Монгол УлсынЭлчин сайдын яамны гадаа авлигачдыг эсэргүүцсэн тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Т.ӨЛЗИЙМАА

Categories
мэдээ нийгэм

“Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аян эхэллээ

Өнөөдөр “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны нээлт “Blue Sky” зочид буудалд боллоо.

Монгол банкнаас санаачлан Монголын Банкны Холбоо, ХадгаламжийнДаатгалын Корпораци болон арилжааны бүх банктай хамтран 2019.06.10-2019.12.31-нийг хүртэл зургаан сарын хугацаатайгаар тус аяныг хэрэгжүүлэх юм байна. Тус аяны гол зорилго нь санхүүгийн хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдэд банкны үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл олгох юм. Аяны хүрээнд харилцагчдад чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Банк санхүүгийн чадавхийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийг иргэдэд ойлгомжтой мэдээлж, тайлбарлах,
  • Санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зохистой сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт зохион байгуулах,
  • Хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар бүрэн мэдээлэл өгөх,
  • Банкны үйл ажиллагааны талаарх цогц ойлголтыг олгох

2018 оны нэгдүгээр сард Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Монгол банкны үйл ажиллагааны чиглэлд “Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” заалт шинээр орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол банкнаас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

Б.САРУУЛ

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хууль зүйн шаардлага хангаагүйг мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандаж, хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авахыг мэдэгдэв.

Уг албан бичигт:

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхээр зэхэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болж буй гол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл ойлголцолд тулгуурласан байдлаар явагдах нь зүйд нийцнэ.

Монгол Улсын Их Хурлаас 1999, 2000 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан туршлага бий. 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байсан бол 2000 оны нэмэлт, өөрчлөлттэй холбогдсон шүүмжлэл, маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэж үзэж болно.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчингүй болдог, эсхүл шүүмжлэл маргаан дагуулдаг энэхүү туршлага нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргах гол шалтгаан, бодит үндэслэл болсон юм.

Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь төсөл боловсруулахаасаа эхлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдах ёстой.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна” гэж заасан бол уг зүйлийн 10.1.3-т “төслийн талаар Ерөнхийлөгчөөс санал авсан байх” шаардлагатай гэдгийг хуульчилсан.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал авах тухай” 7451 дүгээр албан бичгээр, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий гишүүдийн гарын үсэгтэй, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” 8/7586 дугаар албан бичгээр тус тус хандаж, утга агуулгын асар зөрүүтэй хоёр төсөл ирүүлсэн тул Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ТГ/254 дүгээр албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанд тусгайлан хандаж санал өгөх төсөл болон холбогдох бусад материалын эцсийн хувилбарыг ирүүлэхийг хүссэн. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг албан ёсоор өнөөдрийг хүртэл ирүүлээгүй бөгөөд уг төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгааг хэвлэлийн мэдээнээс анх олж мэдсэн болно.

Иймд хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авна уу гэжээ

Categories
мэдээ нийгэм

“Иж бүрэн аюулгүй байдал-2019” олон улсын үзэсгэлэн яармагт оролцов

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Онцгой байдлын яамнаас Москва хотноо энэ сарын 04-09-ний өдрүүдэд зохион байгуулсан “Иж бүрэн аюулгүй байдал-2019” олон улсын үзэсгэлэн яармагт оролцоод ирлээ.

Олон улсын үзэсгэлэнд нийт 35 улс орон, олон улсын байгууллага болон ОХУ-ын Онцгой байдлын яамны бүсийн болоод орон нутгийн дарга, захирагч нараас бүрдсэн нийт 220 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Үзэсгэлэнд оролцсон төлөөлөгчдөд ОХУ-ын дотоодын 50 гаруй аж ахуйн нэгж, компаниудын 300 нэр төрлийн эрэн хайх, аврах, гал унтраах зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг танилцуулсан юм.

Энэ үеэр хошууч генерал Т.Бадрал ОХУ-ын Онцгой байдлын дэд сайд, хурандаа генерал П.Ф.Барышев тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийж, Монгол-Оросын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсын онцгой байдлын байгууллагад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарал хандуулж ажилладагт талархал илэрхийллээ.

This image has an empty alt attribute; its file name is 62446096_450070252237067_1131139835663220736_n.jpg

Мөн Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх албаны академийн үйл ажиллагаатай танилцаж, тус акедемийн захирал, хошууч генерал А.М.Супруновский, дэд захирал, хурандаа М.В.Бедило, Гадаад хамтын ажиллагааны институтын захирал, дэд хурандаа Д.С.Шкурский нартай уулзалт хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Киргиз улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Төрийн тэргүүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев болон тус улсын Гадаад хэргийн дэд сайд Н.А.Абдрахманов нар угтав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийнэ.