Categories
мэдээ улс-төр

УИХ: ​ҮХЦ-ийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ

Image result for УИХ-ын чуулган

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”, мөн зүйлийн 10 дахь заалтад “… Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах …-ыг хориглоно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, … төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байна.

Харин Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчөөгүй, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.

Ингээд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалтыг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Image result for УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-аар тавдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга V сарын 30-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн олонх буюу 65,9 хувийн саналаар хүлээж авсан билээ. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн 65,4 хувийн саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх ДБЭТ-т Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн хуралд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралд оролцож, 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд урлаг соёлын чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан шийдвэрүүдийн талаар оролцогчдод мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Соёл урлагийн Үндэсний зөвлөл байгуулагдаад удаагүй ч Засгийн газрын түвшинд олон асуудал шийдэгдэж эхэлсэн. Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейг шинээр барихаар газрыг сонгож, зураг төсөлд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн. Улсын Филармоны хөгжим зэмсгийг шинэчлэн, театруудыг автобустай болгосон зэрэг дэд бүтцийн асуудлуудыг шийдсэн. Ирэх онуудад УДЭТ, ДБЭТ-ыг шинэчлэн хуучин загвараар нь барих, түүхэн болон хүмүүжлийн ач холбогдол бүхий кино захиалгаар бүтээлгэх, соён гэгээрүүлэх ажилд багш нарын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын ажлууд хийгдэх болно. Соёл урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Ард түмнээ соён гэгээрүүлэхгүйгээр бид хөгжихгүй. Монголын төрт ёсонд иргэдээ гаднаас засдаг хууль цааз, дотоод сэтгэлийг нь засдаг номын засаг гэдэг хосолмол засаглалаар удирддаг байж. Номын засаглал гэдэг нь хүн ардаа эрүүл биетэй, саруул ухаантай хүнлэг нинжин сэтгэлтэй эх орондоо хайртай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой соён гэгээрүүлэх бодлого аж. Бид номын засаглалын бодлогыг орхигдуулсан байна. Цаашид иргэдээ соён гэгээрүүлэх явдлыг бүх нийтийн үйл хэрэг болгох ёстой. Үүнд урлаг соёл, спортынхон та бүгдээс Монгол Улсын Засгийн газар дэмжлэг хүсч байна. Соёл урлагийн Үндэсний зөвлөлөөр дамжуулж бүх нийтийг соён гэгээрүүлэх энэхүү ажлыг хийх хэрэгтэй. Засгийн газар бодлогын суурь баримт бичигүүдийг боловсруулан батлуулахаас гадна дэд бүтцийн асуудлууд тэр дундаа барилга байгууламжуудыг шинээр барих, техник хэрэгслийг шинэчлэх гэх мэт богино хугацааны урьдчилсан арга хэмжээг ч орхигдуулалгүй авч ажилласаар байна” гэв.

Соёл урлагийн Үндэсний зөвлөл Бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Соёлын өвийг хадгалах, түүнийг түгээн дэлгэрүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Сонгодог болон орчин үеийн урлагийг дэмжин ажиллах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагааны чиглэлээ төлөвлөснөөс олонх нь хэрэгжиж эхэлжээ. Дөрвөн дэд ажлын хэсэг байгуулагдан 100 гаруй санал гаргасныг нэгтгэн төлөвлөгөөнд тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дундговь аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Тодруулбал, тус аймгийн Сайхан-Овоо сумын Галт хайрхан багийн “Баруун-Энгэр” гэдэг газар энэ сарын 12-ны өдрийн 23:25 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тухайн өдрийн 23:52 цагт ООГХ-ээс ирүүлжээ.

Энэ талаар тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн гэхдээ ямар нэгэн хохирол учраагүй гэлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд элсэх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор ирүүлсэн. Тэгвэл түүний уг хүсэлттэй УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд танилцаж, өчигдөр хариу бичгийг намын удирдлагууд түүнд гардуулжээ.

Тус бичигт:

“Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах Таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа юм.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын албаны хүмүүс оролцлоо.

НЭЭЛТИЙН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Энд цугласан хүндэт ноёд оо, зочид, анд нөхөд өө.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд баяр хүргэж, мэндчилье.

Та бид өнөөдөр Монгол-Киргизийн харилцааны түүхэн ач холбогдолтой томоохон үйл явдлын гэрч болохоор энд цуглаад байна. Монгол Улсын төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Киргиз улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Элчин сайдын яамны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Монгол-Киргизийн найрамдалт харилцаанд манай улс ихээхэн ач холбогдол өгч буйн тод илрэл гэдгийг онцлон тэмдэглэж байна. Манай хоёр ард түмэн парламентын засаглалыг сонгон авч, нийгмийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлэхдээ мэдлэг туршлагаасаа харилцан суралцдаг сайхан уламжлал тогтоод байна.

Өнөөгийн олон улсын харилцааны чиг хандлага эрчимтэй даяаршил дунд бид харилцааны түүхэн уламжлал, итгэлцэлдээ тулгуурлан илүү ойр дотно байж, хамтран хөгжих шаардлага хэрэгцээ мөн тулгарч байна.

Монгол-Киргизийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж бидний өмнө нээлттэй байна. Энэхүү боломжийг бодит ажил хэрэг болгоход, нэн ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж, гүүр болон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Элчин сайдын яамаа нээхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон бусад холбогдох дэмжлэг үзүүлсэн Киргиз анд, нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ийнхүү Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээснийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын хамтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны хаяг, самбарыг байрлууллаа.


Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг зөвхөн Элчин сайдын яамны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байв. Өнөөдөр ийнхүү Элчин сайдын яам болсноор аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулж, дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Киргиз улсын Парламентын дарга Д.А.Джумабеков бараалхав

Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Киргиз улсын Парламентын дарга Д.А.Джумабеков, Парламент дахь Киргиз-Монголын найрамдлын бүлгийн дарга К.С.Нурматов тэргүүтэй парламентын гишүүд бараалхлаа.

Киргиз улсын Парламентын дарга Д.А.Джумабеков Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай үргэлжилж, айлчлалын үеэр Монголын Элчин сайдын яам нээгдэж байгаа нь хоёр улсын харилцаанд үлэмж нөлөөтэй болохыг цохон тэмдэглэлээ. Мөн парламентын засаглалтай орнуудын хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө нь үнэт зүйл болохыг дурдаад Монголын парламент, ардчиллын төлөвшлийг үнэлж явдгаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул харилцан айлчлах, туршлага солилцох зэрэг асуудалд анхаарал хандуулахыг хүсэв.

Уулзалтын үеэр мөн эдийн засгийн харилцаа нэг сая ам.доллар хүрэхгүй байгаа нь чамлалттай үзүүлэлт гэдгийг хоёр талаасаа хэлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж, бололцооны хүрээнд санал солилцлоо.

Эдийн засгийн харилцаанаас гадна Дэлхийн нүүдэлчдийн 5-р наадмыг Монгол Улсад зохион байгуулах, Киргизийн музей, архивт хадгалагдаж байгаа соёлын өв, дурсгалуудаа бүртгэн судлах, зарим спортын төрлөөр хамтарсан бэлтгэл хийх зэрэг олон асуудлаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад болж буй ШХАБ-ын хуралдааныг амжилттай зохион байгуулж буйд нь талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Киргиз улсын “Конгресс-Холл” ордны Их танхимд болж өндөрлөлөө.

Баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв.

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков “…Албан ёсны хэлэлцээгээр худалдаа, эдийн засаг, соёлын чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар боллоо. Үүнд, Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын 3-р хуралдаан зохих үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн бид бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэж, уг асуудлыг хөгжүүлэх үндэс суурийг тавилаа. Хамгийн гол нь харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол Киргиз улс, Монгол Улс хоёуланд минь бий. Ноён Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалд Киргизийн тал сэтгэл хангалуун байгаа. Бидний хэлэлцээр хоёр орны харилцаанд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “…Яриа хэлэлцээр найрсаг, илэн далангүй, ажил хэрэгч уур амьсгалд боллоо. Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков бид хоёр Монгол, Киргизийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол, спорт гээд өргөн хүрээтэй салбарт тэлж, өргөжүүлэхийн сацуу олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцлаа.

Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд хоёр талын хүчин чармайлтаар амжилттай хөгжиж, ардчиллын үнэт зүйлсийг бататгах, нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн сургамж туршлагаасаа бид харилцан суралцаж ирсэн. Цаашид ч эдийн засаг, цахим технологи зэрэг салбарын туршлагаасаа хуваалцаж хамтдаа хөгжих болно.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилгоор Цэргийн салбарт хамтран ажиллах тухай, Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрүүд, Хамтын ажиллагааны тухай хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын протокол, боловсрол, аялал жуулчлал, оюуны өмч, архив, эрдэм шинжилгээний зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгууллаа. Эдгээр чиглэлийн хамтын ажиллагаанд бодит ахиц гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн айлчлалын үеэр Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг нээж байгаа нь Монгол Улс Киргиз улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл хэмээн талууд бататган хэлэв.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН БАРИМТ БИЧГҮҮД:
  1. “Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас Гадаад харилцааны сайд Чингиз Айдарбеков нар гарын үсэг зурав.
  2. “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Раймберди Дуйшенбиев нар гарын үсэг зурлаа.
  3. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Аюулгүй байдлын зөвлөл хооронд хамтын ажиллагааны тухай протокол”-ыг Монголын талаас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Киргизийн талаас тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дамир Сагынбаев нар үзэглэв.
  4. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Гульмира Кудайбербиева нар гарын үсэг зурав.
  5. “Аялал жуучлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас: Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас тус улсын Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын сайд Азамат Жаманкулов нар гарын үсэг зурлаа.
  6. “Оюуны өмчийн эрх, уламжлалт мэдлэгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Бүгд Найрамдах Киргиз улсын Оюуны өмч инновацийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Киргиз улсын Оюуны өмч, инновацийн албаны дарга Динара Молдошева нар гарын үсэг зурав.
  7. “Худалдаа эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык-Кул муж дахь бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын алба хоорондын санамж бичиг”-т Монголын талаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Иссык-Кул муж дахь Киргиз улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Акылбек Осмоналиев нар гарын үсэг зурлаа.
  8. “Монгол Улсын Архивын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газрын харьяа Улсын бүртгэлийн албаны архивын агентлаг хоорондын харилцан ойлголцолын санамж бичиг”-т Монголын талаас Ерөнхий консул Т.Ганболд, Киргизийн Улсын бүртгэлийн агентлагийн дарга Алмаз Маметов нар гарын үсэг зурлаа.
  9. “Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний шинжлэх ухааны академи хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Киргизийн улсын Үндэсний шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Мурат Жуматаев нар гарын үсэг тус тус зурлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаан, тариа хоёр

– ФЕЛЬЕТОН-

“Улаан тариа-2” гэдэг аян эхэлснийг Засгийн газраас зарлав. Зарлалыг Эрүүл мэндийн сайд гаргасан боловч Тариа эрхэлсэн сайд нь Улаан нэртэй учраас хүмүүсийн толгой эргэж эхэлжээ. Нэг бол улаан өнгийн тариа тарих ч юм шиг, тэгтэл улаан болгодог тариа хийх ч юм шиг, явж явж Улаан сайдыг тарих ч юм шиг, бүүр больчихоод Улаан сайд биднийг тарих ч юм шиг… алийгаа алдаад явчихав.

Тэгэхээс тэгэх гэсэн шиг мөн өдөр нь Улаан сайд нь мал мах болон хүргэний асуудлыг нэгтгэн хэвлэлийн хурал хийж таарав. “Нээрээ би тиймээ гэх шиг, Нэр нь хүртэл тэмээ” гэдэг чинь шүлэг билүү?

Улаан сайд хаа хамаагүй асуудлуудыг нэгтгэдгээрээ алдартай. Тэрээр МАН болон МАХН-ыг нэгтгэн дундын гишүүн гэж явдаг ба саяхан яамныхаа зөвлөх, өөрийн хүргэн хоёроо нэгтгэсэн талаараа ярилцлага өгсөн ажгуу. Улмаар, хэвлэлийн хурлын үеэр сайдын хамаатны пүүс, улсын мах бэлтгэл хоёрыг бас нийлүүлээд хаясан нь тодорхой болов. Ийм болохоор нь Улаан сайдыг ямар ч хамаагүй аргаар улаан тариатай өөрийгөө нийлүүлчихсэн байгаа гэдэгт олон хүн эргэлзсэнгүй.

Гэтэл шинэ үеийн олон хүн “Улаан тариа” гэж юу хэлээд байгааг ойлгож өгдөггүй ээ. Болчимгүй зарим нь “Улаан сайд нь Сарангэрэл сайдыг тарьж байгаа бичлэг буудлын камераас олдоод, тэрийгээ хэвлэлийн бага хурлаар хэсэгчлэн үзүүлсэн” гэж хүртэл бурсан байна.

Бас “Улаан сайд юу ч юм бэ тусаад эмнэлэгт тариа хийлгэж байгаа. Тэрээр, сурсан зангаараа “дан тариа хийлгэхгүй, ямар нэгэн юмтай нийлүүлж хийлгэнэ” гэж гомдол гаргаж. Сандарсан сайд Сарангэрэл нь “тэр тариаг нь юутай ч хамаагүй, улаан винотой ч хамаагүй нийлүүлээд шахчих” гэснээс үүдсэн яриа” гэж мэлзэх ч этгээд байх юм.

Харин “ЖДҮ-г өршөөхгүй” хөдөлгөөнийхөн мэдэгдэхдээ: “Улаан тариа” нь эм эмчилгээтэй огт хамаагүй зүйл. Тэд Тариалан дэмжих сангаас давхар зээл авахын тулд нэг ургацаа “Улаанбуудай”, “Улаан тариа” гэсэн хоёр өөр нэрээр шахаж байгаа зальжин арга хэмээн шүүмжилж ч байх шиг.

Тэгж ярих юм бол үнэхээр улаан тариа байна. Улаан гуай сайд болсноосоо хойш тариалж байгаа “Улаан гаолян”-г хэлж байгаа юм. Жан Имоугийн ийм нэртэй бүтээл хүртэл бий гэж кино судлаачид өгүүлэх аж.

Учрыг мэддэг гэх зарим хүн “Мал, тариалантай ямар ч хамаагүй ээ. Судсаар хийдэг эмтэй тарианы тухай ярьж байгаа юм. Харин юм юмыг нийлүүлэн өөртөө хавсаргадаг тусгай аргатай Улаан сайд нь “тарих” гэсэн утгатай бүхий л процессыг яамандаа хавсаргаж чадсан. Ингээд эмнэлгийн бүхий л сувилагч нар, бүхий л тарилга, тариуртайгаа Хүнс, хөдөө аж ахуйн яаманд харьяалагдах болсноос үүдээд сүръяагийнхаас бусад бүх тариаг “Улааны тариа” гэх болж. Сүръяаг саяхан нээсэн сайдынхаа алдрыг хүндэтгэн тариаг нь Улаанд өгөлгүй, Эрүүл мэндийн яамандаа үлдээсэн” гэж тайлбарлахыг ч сонсов.

Түүнийхээр бол сонгуулийн өмнө амжиж бүх хүнийг улаан тариагаар тарих, тарилгын мөнгийг Тариалан дэмжих ЖДҮ сангаас гаргах, тарих ажлыг Тариалангийн сайд Улаан хариуцах юм байна.

Үнэн хэрэгтээ “улаантариа” гэдэг нь өнгөрсөн зуунд, БНМАУ-д тэмбүү өвчнийг дарахад хэрэглэсэн тариа юм байна. Тэр тариаг өнөөдөр Тариалан дэмжих сангийн ЖДҮ-гээр бүх хүнд тарих бололтой. Хэвлэлийн бага хурлын үеэр “Та бүх иргэнээ алагчлалгүй, ардчилсан байдлаар тарина гэлээ. Тэмбүүгүй хүмүүст энэ тариа ямар хэрэгтэй юм бэ” гэсэн асуулт гарчээ. Эрүүл мэндийн сайд асуултад хариулахдаа “Нэг ч иргэнээ ялгаж үлдээлгүй тарих нь манай Засгийн газрын алсын хараа болно. Бид асуудлыг урьдчилан харсан байгаа. Улаан тарианы хажууд цэнхэр тариа дагалдана. Тэмбүүгүй хүнд тэрийг хийхээр долоо хоногийн дараа тэмбүүтэй болно. Энэ үед нь улаан тариагаа хийж тэмбүүг нь эдгээнэ. Далиманд нь бүгдээрээ дархлаатай болно” гээд нижигнэтэл алга ташуулжээ.

За тэр, хотын замд хийсэн алтан шаргал хашлагыг ч улаан тариатай холбож тайлбарлаж байх юм. Замын цагдаагийнхан тусгай дохио өгмөгц янзлан эргүүлээд зам болгоныг Хүнс Хөдөө аж ахуйн яамны “Улаан тариаланг дэмжих сан”-гийн үүдэнд очихоор болгож зохицуулна гэнэ. Улаан сайд улаан тариатай шприцээ барьчихсан, үүдэн дээрээ ханцуйгаа шамлаад зогсож байх юм даг уу?

Ер нь бол улаан тариатай, тариагүй толгой эргүүлсэн юм их байна аа. Гадаад яамныхан хар тамхитайгаа Германд гардуулснаас эхлээд. Сая ерөнхийлөгч нэг хуулинд хориг тавиад, Их хурал хоригт нь сөрөг тогтоол батлаад, уурласан Ерөнхийлөгч тэрэнд нь бас хориг тавиад, Их хурал эргүүлж цуцлаад толгой эргүүлсэн тойрогт орчихож. Сүүлд нь үзэхнээ Ерөнхийлөгч өөрийнхөө зарлигт хориг тавиад, УИХ нь өөрийгөө хүчингүй болгосон тогтоол гаргаад зогссон байна гэсэн. Ямар нэгэн тариа хийлгэх цаг ч уг нь болсон шиг байгаа юм аа.

…Манай улс чинь ямар ч хамаагүй аян л хийхгүй бол болохоо байчихсан хэрэг үү? Энэ фельетоныг бичиж байх зуур ирсэн зурвасыг задалбал: “Матрын-3” аяны “Улсын тэргүүлэх царай муутай хүн” номинацид таныг дэвшүүлж байна. Сертификатынхаа мөнгийг тушаагаад баримтаа илгээнэ үү. Амжилт хүсье” гэсэн байх юм…Таануус минь “лайк” дарахаа мартав.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 12.00 цагт хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ.

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг уржнан тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан. Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 6-ны УИХ-ын чуулганы хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ. Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн тохиолдолд эцсийн шийдвэр гарах хүртэл өөр хууль, тогтоолын төсөл хэлэлцэхгүй байх хуулийн заалттай аж.