Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д ирэхдээ бүрдүүлэх материал

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ энэ жил улс орон даяар энэ сарын 17-20-нд болно.

Өмнөх жилүүдэд ЭЕШ-ын дүн 14 хоногийн дараа гардаг байсан бол энэ жил шууд засах шилэн технологийг нэвтрүүлж шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсноороо онцлогтой.

Элсэгчид “ЭЕШ-2019”-д ирэхдээ бүрдүүлэх материал:

  • Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.
  • Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2019 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэгдлээ

Related image

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол гарч “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан Улаанбаатар хотын зарим дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг 2019.05.15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан.

Дээрх асуудлын хүрээнд Эрчим Хүчний Сайдын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 112 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан 2014 онд шинэчлэн батлагданаас хойш даруй 5 жилийн хугацаа өнгөрсөн MNS 5679 “Сайжруулсан хатуу түлш. Техникийн шаардлага” стандартад үзлэг хийн, зохих стандартчиллын ажлыг явуулж шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Шинэчилсэн стандарт нь өнөөгийн шахмал түлш үйлдвэрлэлийн техник, технологийн ололт, туршилтын хүрсэн үр дүнг тооцоолон техникийн шаардлагад нийцүүлж, стандартын агуулгад тогтоосон техникийн шаардлагыг дээшлүүлсэн бөгөөд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар хүртээмжтэй болсон.

Энэхүү стандартын дагуу үйлдвэрлэсэн Сайжруулсан хатуу түлш нь агаарт ялгаруулах утааны хор аюултай бохирдлын хэмжээг зохих хэмжээгээр бууруулж байгаа нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон бөгөөд экологи, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг зохих түвшинд бууруулна хэмээн эрдэмтэн, судлаачид тооцоолсон болно.

Бид түүхий нүүрс хэрэглэхгүй байж, зөвхөн “MNS 5679:2019 Сайжруулсан хатуу түлш. Техникийн шаардлага”-д нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр утаанаас үүдэлтэй эрсдлийг бууруулахад иргэний үүргээ биелүүлж, сайжруулсан хатуу түлшийг хэрэглэж заншицгаая.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 5 дугаар сард 196 ихэр хүүхэд мэндэлжээ

Үндэсний статистикийн хороо улсын хэмжээнд 2019 оны 5 дугаар сард шинээр мэндэлсэн 6742 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Нийт төрсөн хүүхдийн 3492 нь эрэгтэй, 3250 нь эмэгтэй, 196 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3400 грамм, дундаж өндөр 51 см байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4.3 хувь нь 20 хүртэлх насны, 92.1 хувь нь 20-39 насны, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан юм.

Амаржсан эхчүүдийн 2.1 хувь нь боловсролгүй, 5.2 хувь нь бага, 14.4 хувь нь суурь, 38.8 хувь нь бүрэн дунд, 4.8 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 33.9 хувь нь дипломын болон бакалаврын, 0.8 хувь нь магистр, докто

Categories
мэдээ спорт

Улсын аварга бөхчүүд ДАШТ, олимпын наадамд хүч үзэх эрхтэй болно

Чөлөөт бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 20-23-нд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд болно.

Энэхүү тэмцээний жин тус бүрт түрүүлж, Улсын аварга болсон тамирчид 2019 оны есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод болох бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн хүч үзнэ. Мөн “Токио-2020” олимпийн наадмын эрхийн төлөө хүч үзэх эрхтэй болох юм. УАШТ-ий эрэгтэй бөхчүүд 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-д хүчээ сорих эмэгтэй бөхчүүд 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн тус бүр 10 жинд барилдана.

Categories
мэдээ улс-төр

ТББХ:Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ

Байнгын хороо: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд 19 гишүүн оролцохоос 15 гишүүн буюу 78,9 хувьтай байна. Одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, технологийн талаар олон улсын эрдэмтэд чуулж байна

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал өнөөдөр болж байна.

Уг хурлын үндсэн зорилго нь байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шинжлэх ухааны ололт амжилт, нийгэм, эдийн засаг, бүс нутгийн хөгжлийг сайжруулах юм.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн экосистемд эрсдэл учруулсаар байгаа өнөө үед байгалийн сөрөг хүчин зүйлсийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндсэн гол арга зам нь байгалийн нөөцийг тогтвортойгоор ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, экологид халгүй дэвшилтэт технологийг ашиглах явдал юм. Хүний сөрөг үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсч байна. Энэ бүхнийг зөвхөн нэг улсын хэмжээнд даван туулах стратеги шийдэл гаргах нь учир дутагдалтай юм. Үүсч буй асуудлыг улс орон, бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаанчаар харж нэгдсэн ойлголцлоор судлан тогтоон тэдгээр асуудлыг шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх замаар даван туулах стратеги боловсруулах нь хамгийн үр дүнтэй байх боломжтой. Иймээс эдгээр сөрөг хүчин зүйлийг даван туулах шинжлэх ухаанч арга ухаан, технологийг хэлэлцэн, зөвлөлдөх боломжийг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” /EST2019/ сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал олгож байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Энэ жилийн салбар хуралдааныг байгалийн шинжлэх ухаанаас гадна нийгэм эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлыг хөндсөн судалгааг хэлэлцүүлж байна. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаар онцлог юм.

Тус Тус хуралд оролцлогчдийн төлөөлөл ийн ярьж байна.

ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар:

Хувьсан өөрчлөгдөж байгаа хүрээлэн буй орчны өнөөгийн нөхцөлд “Ногоон хөгжил”, “Тогтвортой хөгжил” гэсэн үзэл баримтлал, ойлголтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтын талаар өрнөж буй өргөн агуулгатай хэлэлцүүлгийн дотор “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдвээр зохион байгууллагддаг энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өөрийн гэсэн бодитой байр суурийг эзлэх болжээ. Эрдэмтэд бид бүхэн уур амьсгал, хүрээлэн буй орчны ихээхэн өөрчлөлттэй энэ эринд байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг хөгжүүлэх, түүнд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар иргэдэд шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг түгээх үүрэгтэй. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, түүний бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажил болон хурлын үр дүнгээр дараа нь зохион байгуулагдах арга хэмжээнүүд шинжлэх ухааны мэдлэг түгээх үйл хэрэгт бага биш хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

БОАЖЯ-ын сайдын зөвлөх Ё.Нямдаваа:

Монгол орны хүрээлэн буй орчин байгалийн зүй тогтлоор өөрчлөгдөж байдаг учраас үүнийг бодлого болгож тодорхойлоход шинжлэх ухааны үндэслэлийг харгалзаж үзэх шаардлагатай. Иймээс энэхүү хурал нь хүрээлэн буй орчны асуудлыг төрийн бодлого болгон тодорхойлоход чухал нөлөөтэй юм. Монгол орны нийт газар нутгийн 76,8 хувь нь цөлжилтөт автсан. Нийт бэлчээрийн 57 хувь нь доройтсон зэрэг тулгамдсан асуудлууд бидэнд байна.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох:

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хэрхэн хамтрах тухай хуралд хэлэлцэж байна. Хурлын оролцооноос харахад үр дүн нь маш сайн гарна гэж харж байна.

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн профессор Ван Тао:

“Миний бие элсний салхин нүүдлийг зогсоох, цөлжилттэй тэмцэх аргын талаар илтгэл тавилаа. Энэ чиглэлээр манай хоёр орон хамтран туршилт судалгааны төв байгуулсан. Хамтран ажиллахад шинэ санаа, мэдлэг ур чадварын хувьд асуудал гараагүй ч төслийг үргэлжлүүлэн хийхэд хөрөнгө оруулалт, дэмжлэг дутмаг байна.

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын анхдугаар бага хурал 2017 онд зохион байгуулсан бөгөөд тус хурлаас 2 жил тутам уг хурлыг зохион байгуулахаар тогтсон. Иймээс “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын II бага хурал 2019 онд зохион байгуулагдаж байна. Тус бага хуралд БНХАУ, ОХУ, Япон, Герман, БНСУ, Энэтхэг, Канад, Буриад, ӨМОЗО болон Монгол улсын эрдэмтэн судлаач, багш нар оролцохоос гадна БСШУСЯ, БОАЖЯ, ШУА-ийн удирдлага, ажилтан ОУ-ын байгууллагын төлөөлөл бүхий 200 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Мөн түүнчлэн тус бага хуралд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болох БНХАУ-ын эрдэмтэн “Wang Tao”, “Dong Suocheng” Японы эрдэмтэн “Tsunekawa Atsushi”, БНСУын эрдэмтэн “Sung Gyu Kim” болон Энэтхэг улсын эрдэмтэн, ОУ-ын зөвлөх “Mahesh Patanker” нар уригдан ирж түлхүүр илтгэлийг танилцуулж байна.

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” (EST-2019) олон улсын бага хурал нь доорх үндсэн

сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Үүнд:

• Байгалийн нөөц ба ашиглалт

• Хүрээлэн буй орчны төлөв байдал ба загварчлал

• Уур амьсгалын өөрчлөлт ба хүрээлэн буй орчны нөлөөлөл

• Экологи, хүрээлэн буй орчны судалгааны арга, аргачлал

Байгаль орчны бодлого ба тогтвортой байдал

• Эдийн засгийн корридор ба интеграци

• Улс хоорондын, салбар хоорондын судалгаа шинжилгээний хамтын ажиллагаа

• Шинжлэх ухаан, бизнесийн салбарын үр ашигтай хамтын ажиллагаа ба кластер хөгжлийн зарчим

• Нөхөн сэргээлт, хянах арга технологи

• Хаягдал бохир усыг цэвэрлэх технологи ба менежмент

Categories
мэдээ нийгэм

Солонгос улс 5G сүлжээг нэвтрүүллээ

Өмнөд Солонгост сая гаруй хүн 5G сүлжээтэй холбогдсон бөгөөд энэ эрэлт хэрэгцээнээс үүдэн 4G сүлжээг амархан гүйцэх хандлагатай байна. Солонгосын Засгийн газар “Солонгост хязгааргүй хэрэглээтэй үйлчилгээ хямдарч байгаа тул дагаад гар утасны төлбөр буурч, иргэдийн халааснаас гарах холбооны зардал багасна” гэж үзэж байгаа аж.

Ийнхүү Солонгос нь дэлхийд 5G гар утасны сүлжээг бий болгосон анхны улс болоод байна. Өмнөд Солонгосын 85 суурин жилийн эцэс гэхэд 5G сүлжээнд холбогдох бөгөөд Шинжлэх ухааны яам, МХТ-ийн төв орон нутгийн сүлжээнүүд ирэх долоо хоногоос эхлэн нисэх онгоцны буудал, галт тэрэг, томоохон худалдааны төвүүдэд төхөөрөмжөө суурилуулах ажээ. Энэ долоо хоногийн эхээр Samsung корпораци 5G-д давуу тал бий болгох “killer app” -г танилцуулах байсан ч амжаагүй байна. Түүнчлэн 2019 оны эцэс гэхэд 5G хэрэглэгчдийн тоодөрвөн сая давна гэж таамаглаж байгаа аж.

Б.ОЮУНГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

​Ц.Нямдоржийн хүүг татан буулгах өргөх бичиг өгсний дараа цагдаа нар дарамталжээ

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусанд өргөх бичиг хүргүүлсэн иргэд мэдээлэл хийлээ. Тэд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайд болгох нь ёс зүйгүй, шударга бус гэж үзэн ийнхүү өргөх бичиг хүргүүлсэн юм.

Хуульч Т.Энхсайхан: “Эрхтэн дархтны хүүхдүүд элчин сайдаар томилогддог шударга бус нийгэм Монголд бий болсон байна. Дээд албан тушаалтнууд зөвхөн өөрсдөдөө зориулж хууль баталж, өөрсдөө хуулийн хамгаалалтанд орсон, харин ард түмнийг хуулиар далайлган тонож дээрэмддэг ийм хуулийн гажуудсан байдлыг үүсгэж, нийгмийг онц аюултай байдалд хүргэжээ. Иймд Хууль зүйн яамыг 22 жил удирдахдаа дампууруулж хаясан Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос хариуцлага нэхэж огцрохыг шаардаж байгаа юм. Үүнээс гаднахүү Н.Анхбаяр нь эцгийнхээ шууд оролцоотойгоор Эрдэнэт улсын үйлдвэрийн газарт бараа нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүйгээр олж авч хувьдаа их хэмжээний ашиг олсон нь тогтоогдоод байна.

Иймээс бид Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнийг эхлүүлээд явж байна. Энэ хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш бидэнд маш их дарамт ирэх боллоо. Ц.Нямдоржийн хариуцсан салбарт цагдаа прокурор зэрэг хууль хүчний бүх байгууллага байдаг. Тэдгээр хүчний байгууллагуудаараа дамжуулан намайг төдийгүй нөхрийг маань холбогдуулан дарамталсан.

Өчигдөр Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнийхөн бид Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайд болох нь ёс зүйгүй, шударга бус зүйл хэмээн өргөх бичгийг Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусанд хүргүүлсний дараа Цагдаагийн ерөнхий газрын хэв журам хариуцсан газрын дарга цагдаагийн хурандаа Н.Амгалан гэдэг хүн ирээд жагсаал хийж байгаа иргэд рүү хашгичиж, хөөж туусан. Мөн намайг “танай нөхөр чинь цагдаагийн албан хаагч гэдгийг бид мэднэ. Чи дахиад жагсвал нөхрийг чинь ажлаас нь халуулна шүү” гэж заналхийллээ. Миний нөхөр цагдаагийн байгууллагад 25 жил үнэнчээр зүтгэж яваа хүн. Гэтэл цагдаагийн хурандаа хүн ингэж заналхийлж байгаа нь ёс зүйгүй, үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Цагдаагийн байгууллагаас над руу удаа дараа залгаж дарамталсаар байгаа. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Лхагвасүрэн Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж надад “Жагсаал цуглааныг чинь хүчээр тараана шүү” гэсэн албан бичиг хүргүүлсэн” гэв.

Тэрээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тэмцэл, жагсаалаа зогсоохгүй болохоо мэдэгдлээ.

Б.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

​​Үндсэн хуулийг шинэчлэхэд оролцох Үндэсний зөвлөл байгуулах санал гаргалаа

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд улс төрийн намууд, иргэний хөдөлгөөн хамтран Үндсэн хуулийг шинэчлэхэд оролцох бүлэг байгуулах тухай мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь Үндсэн хуулийн 68-р зүйлийг зөрчиж буй гэж үзэн ИЗНН, МАХН, Монголын үндэсний ардчилсан нам, “Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ, “Ардчилсан үндсэн хуультогтоогчдын холбоо” ТББ зэрэг улс төрийн 20 гаруй нам, 100 орчим төрийн бус байгууллага нэг нам дангаар хууль шинэчлэхийг эсэргүүцжээ.

Тэд Монгол Улсын Үндсэн хуульд “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”, Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан эрхээ эдэлнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн батлах асуудлаар “Үндэсний зөвлөл” байгуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх аж. Уг бүлэг нь Үндсэн хуулийг шинэчлэх арав гаруй төсөл, 30 гаруй тусгай саналыг боловсруулжээ.

Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ард түмнээс асуун Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасан байдаг. Гэтэл үүнийг зөрчин өөрсдөө хуулиа санаачлан, өргөн мэдүүлж байна. Үндсэн хуулийг шинэчлэхийн тулд ард түмний саналыг сонсох хэрэгтэй” гэв.

Э.АМИНАА

Categories
мэдээ спорт

Арслангийн нэрэмжит барилдаан арав хоногийн дараа болно

1940 оны Улсын наадмын түрүү бөх, Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан 6-р сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Ховд аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, МҮБХ хамтран зохион байгуулж байгаа тус барилдааны түрүү бөх 5 сая төгрөгийн бай шагналтай.

Ховд аймгийн Буянт сумын уугуул Ш.Ванчинхүү арслан нам төрийн удирдах алба хашиж явсан тул Улсын наадамд таван удаа зодоглохдоо дөрөвт нь шөвгөрсөн, уран хурц барилдаантай, даруу төлөв, шударга зантай нэгэн байжээ.

Тэрээр “Мон­гол бөхийн зарим мэх” номондоо монгол бөхийн барилдааны зуун мэхийг барьцгүй хаях мэх, цэрвүү барьцны мэх, лав барьцны мэх гэж үндсэн гурван хэсэг болгон хувааж, мэх тус бүрийг яаж хийх, хэрхэн хариулахыг оновчтой тайлбарлаж, мэх хийж байгааг гэрэл зургаа харуулан 1978 онд хэвлүүлж нийтийн хүртээл болгосон нь өнөө үеийн бөхчүүдийг үндэсний бөхийн барилдаанд суралцах үнэт гарын авлага, ширээний ном болсоор байна.