Categories
мэдээ нийгэм

Голын усны түвшин огцом нэмэгдэж үерлэлээ

Хэнтий аймгийн нутаг дахь зарим голын усны түвшин огцом нэмэгдэж, үерлэжээ. Түүнчлэн өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр, маргааш баруун, төв, говийн бүсийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймаг, говийн бүсийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно гэж цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялж, зугаалах үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны эрэг дагуу хүүхдээ тоглуулахаас зайлсхийж бага насны хүүхдүүдэд тавих хараа, хяналтаа сайжруулан, суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь, эд хөрөнгийг хамгаалж, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлнэ

Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн их танхимд ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанд оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан, дурсгалын зураг татууллаа. Тун удахгүй Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ.

Categories
мэдээ нийгэм

ШЕЗ-ийн гишүүн Э.Батбаяр: Шүүгч нарыг бие хамгаалах тусгай хэрэгслээр хангах ажил эхэлсэн

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр зохион байгуулж байгаа дадлага, сургалт өнөөдөр эхэллээ. Дадлага, сургалтанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, зарим шүүхийн тамгын газрын дарга болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Эргүүл хамгаалалтын газар, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

Сургалтад оролцогчид “Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг журам сахиулах, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр дадлага, сургалт хийх юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр “Сүүлийн таван жил Шүүхийн ерөнхий зөвлөлд хөрөнгө оруулалтын төсөв батлагдаагүй. Гэхдээ бид дотоод нөөц бололцоогоо ашиглан энэ онд нийслэл дэх шүүхүүдийн шүүгч нарыг бие хамгаалах тусгай хэрэгслээр хангах, өрөөнд нь болон шүүх хуралдааны танхимд аюулгүйн товчлуур суурилуулах ажлыг эхэлсэн” гэсэн юм. Цаашид шүүхэд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцоллоо.

Сургалтад оролцогчид шүүхийн байранд хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандартад нийцүүлэх, аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлж, ажиллах нөхцөлөөр хангах зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж ярилцсан юм. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа алба хаагчид сургалтын үеэр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын хэв журам, харуул хамгаалалт, түр саатуулах байрны үйл ажиллагаатай танилцана. Харин Бямба гарагт сургалтад оролцогчид аравтаар ажиллах ажиллагааны тактик, шүүх, шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх ажиллагааны сургуулилалт хийнэ гэж Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн тогооч нар ОУ-ын тэмцээнээс 16 медаль хүртжээ

“Чингис хааны цом” олон улсын тогооч нарын “B” зэрэглэлийн ур чадварын тэмцээн Улаанбаатар хотод болж өндөрлөсөн. Дэлхийн тогооч нарын холбооны албан ёсны эрхтэй зохион байгуулсан уг тэмцээнд дэлхийн тогооч нарын холбооны шүүгчид болон 22 орны мянга гаруй тогоочид оролцож авьяас чадвараа сорьсон байна. Тэмцээнд Өмнөговь аймгийн Тогоочдын холбооны тэргүүн Ц.Мэнд-Ооёо, Монгол Улсын мастер тогооч Н.Буянбат Т.Одонзориг нараар ахлуулсан баг амжилттай оролцлоо. “Хишиг” рестораны ерөнхий тогооч Ц.Мэнд-Ооёо 1 алт, 1 мөнгө, 1 тусгай байр хүртсэн байна. Өмнөговь аймгаас оролцсон тогоочид нийтдээ нэг алт, зургаан мөнгө, есөн хүрэл медаль, найман тусгай байрын шагнал хүртжээ. Сүүлийн жилүүдэд тус аймгийн тогооч нарын ур чадвар олон улсын хэмжээнд үнэлэгдэж байгааг харуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Баталгаагүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хийж иргэдийг төөрөгдүүлж байна

Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилах, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын аяныг өнөөдрийг хүртэл нэг сарын хугацаанд ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ болон НХХААГ хамтран зохион байгууллаа.

Аяны хүрээнд улсын хэмжээнд худалдаалж буй “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийв. Тандалт судалгаанд 360 хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдлаа. Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9% нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсан бол импортын хүнсний 35.7% нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байв. Иймд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад сануулга, албан шаардлага хүргүүллээ.

“Органик хүнсний тухай” хууль 2016 онд, холбогдох журам, аргачлал 2018 онд тус тус батлагдсан бөгөөд органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн үгсийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөрчил гарсаар байна.

Органик” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • “Гацуурт” ХХК-ийн 10 кг савлагаатай гурил, зөгийн бал
  • “Монгол алтайн барагшуун” ХХК-ийн барагшууны ханд, цай,
  • “Тэгшгал” ХХК-ийн зөгийн бал
  • “Жем интернэшнл” ХХК-ийн GRAFT пиво,
  • “Далт мөнгөн шанд” ХХК-ийн 2 төрлийн Загасгал цай,
  • “Хөвсгөл Их тайга” ХХК-ийн Их тайга цай,
  • “Бүрэн хайрхан ээж” ХХК-ийн Маалингийн үрийн гурил

“Байгалийн гаралтай цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • Михачи ХХК, Сэ-Тэ-Би ХХК-ийн зөгийн бал,
  • Эко Эрдэнэ ХХК-ийн 2 нэр төрлийн варень,
  • Гогте Фүүдс ХХК-ийн 2 нэр төрлийн өтгөрүүлсэн жүүс,
  • Таван эрдэнэ ХХК-ийн ногоон цай
  • Сэлэнгэ Шаамарын зөгийн бал,
  • Юу-би-бренд ХХК-ийн бантан,
  • Тэсо Корпорацийн Чацаргана, Нэрсний ундаа
  • Баясах интернэйшнл ХХК-ийн Student самарны цуглуулга, жимстэй овъёоснууд
  • Давс, цайны хужир

Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • “Газар шим” ХХК-ийн артишок ундаа, өтгөрүүлсэн ханд, Өег салат, төрөл бүрийн даршилсан ногоо,
  • “Хуба Хаяа” ХХК-ийн чацарганы тос, охь
  • Моносын ЭКО цай, “Эко малинги” ХХК-ийн малингийн тос, тэжээл, үр
  • Гүрж ногоон цай, Монгол цай, Хөвсгөл цай, Их тайга цай, Шүүдэргэнэ цай, Шар тостой цай, Эко цай
  • “Мандах сутай трейд” ХХК-ийн гоньд, бууз амтлагч, цагаан гаа, лаврын навч, ногоон сонгино
  • “Агь” ХХК-д үйлдвэрлэсэн“Баяжуулсан гурил” “Баяжуулсан лапша” нэрийн өргөн гоймон
  • Завхан аймаг, Завхан баялаг ХК-ийн “Нэрс” нэрийн жүүс ундаа
  • “Улиастай нэрийн” дарс
  • “Bagro” ХХК-ийн зөгийн бал зэрэг зөрчлийг илрүүллээ.

Түүнчлэн аяны хүрээнд “Органик хүнсний тухай” хуулийг таниулах сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд есөн удаагийн сургалтаар 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгч, ЕБС-ийн сурагчид болон бусад байгууллагынханд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо ажилтны эрхийг хохироосон хууль гаргахын эсрэг тэмцэнэ

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэ: УИХ-аас гаргасан хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ажилчдын эрх ашгийг боогдуулсан, үндсэн хуулийг зөрчсөн, зарчмын зөрүүтэй 170 саналыг УИХ-ын НББСШУ-ны байранд хүргүүлсний 37 саналыг хэн оруулсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Үүний талаар Монголын үйлдвэрчний эвлэл мэдэгдэл хийлээ.

2019 оны дөрөвдүгээр сарын30-нд МҮЭХ-д ирүүлсэн хуулийн төсөл дээр маш олон ажилчдын эрх ашгийг зөрчиж, тухайн хүний амьдралд сөргөөр нөлөөлөх заалтуудыг хуулийн төсөлд оруулсан байна. Тухайн заалтуудыг МҮЭХ-той тохиролцоогүй, ажилчдын саналыг харгалзалгүй, хэн оруулсан нь мэдэгдэхгүй хулгайгаар оруулсан гэж МҮЭХ үзэж байна. Тухайлбал:

Хөдөлмөрийн тухай хуулиар ээлжийн амралтын хугацааг бүх хүнд 20 хоног болгоно: 20 болон 55 настай хүмүүсийн нөхөн сэргээх хугацаа өөр байх нь ойлгомжтой. Хүний нас дээшлэх тусмаа илүү нөхөн сэргээх хугацаа шаардлагатай болж ачаалал даах чадвар буурдаг нь байгалийн жам. Мөн 20 хоногоос дээш хоног амардаг хүнд салбарт ажилладаг хүмүүсийн эрх ашгийг шууд хөндөж байгаа асуудал юм.

Нууцын гэрээ болон үл өрсөлдөх гэрээ байгуулж ажиллана: Үл өрсөлдөх гэрээ байгуулсан тохиолдолд ажлаас гарвал нэг салбарын өрсөлдөгч байгууллагад 2 жил ажиллахыг хориглоно. Цалин бага байх, хөдөлмөрийн харилцааны хувьд таарахгүй байх гэх мэт маш олон шалтгааны улмаас ажлаас гарч болно. Гэвч ажилчин тухайн мэргэжил эзэмшсэн болохоор тухайн ажлаа хийхгүй өөр ямар ажил хийх вэ? Энэ бол ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн асуудал. Герман улсад ийм хууль байдаг ч ажлаас гараад өрсөлдөгч компанид ажиллахгүй 2 жилийн хугацаанд цалингийн 50 хувийг нөхөн төлбөр болгож өгдөг. Гэтэл манай улсад ямар ч нөхөн төлбөр өгөх заалт оруулаагүй юм.

“Энэ мэт иргэдийн эрх ашгийг боогдуулсан хууль батлагдвал МҮЭХ-ноос бүх нийтийг хамарсан ажил хаялт зохион байгуулж цаашлаад ОУХБ-д хандах хүртэл хатуу тэмцэнэ гэв.

Б.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

“Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль маргааш эхэлнэ

“Хааны эрэлд-2019” энхийг дэмжих олон улсын сургуулийн тухай мэдээлэ хийлээ. ЗХЖШ-ын АУГ-ын хэлтсийн дарга хурандаа Ч.Цогтжаргал, АНУ-ын USMARFORPAC сургуулийн удирдач хурандаа Wayne Bodine, АНУ-ын GPOI хөтөлбөрийн удирдагч Scott Weide нар оролцлоо.

“Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажилгааны олон улсын сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажилгааны санаачлага GPOI” хөтөлбөртэй хамтран 2006, 2007, 2016 онуудад хамтран зохион байгуулсан. 2019 онд дөрөв дэх удаагаа энэ оны зургадугаар сарын 14-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус сургуулийн үндсэн зорилго нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах юм. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газарт шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний хамтын ажиллагааг улам сайжруулахад оршино.

Түүнчлэн олон улсын цэргийн албан хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Энэхүү олон улсын сургуульд 37 орны 1400 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаа. Анх удаа оролцох гэж буй 7 улс байгаа ба түүнд “Бүгд найрамдах Беннн улс, Бүгд найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того, Израйл, Йорданы Хашимитын хаант улс” зэрэг улсууд багтжээ. Энхийг дэмжих олон улсын сургуулийн нээлт Тавантолгой дах Зэвсэгт хүчний нэгдсэн төвд маргааш буюу 2019 оны зургадугаар сарын 15-нд 11:00 цагт эхэлнэ.

Т.ӨЛЗИЙМАА

Г.БУЯНХИШИГ

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд осолдсон тээврийн хэрэгслийн 75% нь буруу талдаа жолооны хүрдтэй гэв

Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авдаг. Үүнээс 29 мянган зам тээврийн осол бүртгэгдсэн. Зѳрчилд холбогдогсдын 75% нь буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явсан нь тогтоогдоод байна. Иймээс эдгээр тээврийн хэрэгслийг урт хугацаанд замын хөдөлгөөнөөс хасах саналыг хууль боловсруулагчдад хүргүүлээд байгаа юм.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг: “Яараад яах вэ” гэх аяныг жолооч нарт зохион байгуулна. Учир нь дийлэнх осол жолоочийн буруутай үйлдлээс болж гардаг. Жолоочийн ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх нэн түрүүний шаардлагатай байна.

Гадны орнуудын хувьд жолоочийн, зорчигчийн, явган хүний замын хөдөлгөөнд оролцох соёл их өндөр байдаг.

Манай орон жилд 500 хүн зам дээр нас барж байгаа нь цѳѳхѳн хүн амтай бидний хувьд их тоо юм. Мѳн орон нутгийн зам дээрх ослыг бууруулахын тулд хурд сааруулагч байрлуулна. Энэхүү аянд Шунхлай, Таван богд, Оюутолгой, Мобиком зэрэг байгууллагууд хамтран ажиллах юм байна.

Т.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Биолоийн нэмэлт бүтээгдэхүүн гэх их хэмжээний хууль бус бараа нэвтрүүлэхийг завджээ

Биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх их хэмжээний зүйлийг нууж, хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлсэн байна. Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын бүсийн орох чиглэлд VI сарын 10-ны өдөр Монгол Улсын иргэн Г, З нар нь 3917 ДГА, 6912 УБВ улсын дугаартай “Истана” маркын автомашинд БНХАУ-д үйлдвэрлэсэн “Роза феникс” 300 хайрцаг, “Чай лювэй феникс” 1,520 хайрцаг, “Капсулы сюэчинфу фохоу” 120 хайрцаг, “Мягкие капсулы хайцаогай фохоу” 474 ширхэг биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх зүйлийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завджээ. Уг үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.


Categories
мэдээ нийгэм

Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэлээ

Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос иргэдийн ажлын байрыг хомсдуулж буй талаар мэдээлэл хийлээ.

2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын 59-р тоот тогтоолоор энэ жилийг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан. Тэд энэ үед Нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа болон бусад албан тушаалтнуудыг “Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, “Төрийн албаны тухай”, “Төсвийн тухай”, “Шилэн дансны тухай” хуулийг тус тус зөрчиж төсвийн хөрөнгөөр импортын бараа, бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авсан хууль бус үйлдэл хийсэн гэж үзжээ.

Тус холбооны иргэдийн ажлын байрыг хомсдуулж, иргэдэд хязгаарлагдмал боломж олгож буй нэг үндэслэл нь 700 гаруй сая төгрөгний үнэтэй импортын хашааг худалдан авч, ард түмний татварын мөнгөөр бүрддэг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, албан тушаалтнуудын ашиг сонирхлын нөлөө орсон гэв.

Зохион бүтээгч Х.Мөнхбаяр “Саяхан хуванцар хашааг оруулж ирлээ. Би үүнийг бэлтгэх талаар гадаадад мэргэшсэн хүн. Гэтэл ард иргэдийн хөдөлмөрийг ашиглахгүй байна. Манайх цахилгаан автобус үйлдвэрлэсэн. Түүн шиг дотооддоо үйлдвэрлэвэл маш олон хүмүүсийг ажлын байртай болгох боломжтой” гэлээ.

Э.АМИНАА