Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхмаа: Туркт аав, ээжийгээ дагаж очоод гурав, дөрвөн жил хичээл завсардсан хүүхдүүд ч байдаг

БНТУ-д 5000 гаруй монголчууд ажиллаж амьдардаг бол 400-гаад оюутан суралцдаг. Стамбулд монгол хүүхдүүдэд зориулсан бага сургууль үүдээ нээгээд гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хүүхдээ сургуульд сургах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. Тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, БНТУ дахь “Монгол ахан дүүсийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Мөнхмаатай ярилцлаа.


-Монголчууддаа зориулж сургууль нээсэн нь сайхан санагдлаа. Монгол хүүхдүүд олон байдаг уу?

-Манай 35-аас дээш насныхан гэр бүлээрээ Туркт ирж ажиллах нь их байдаг. Эсвэл дөнгөж сургууль төгссөн хүүхдүүд ирдэг. Монголчууд олноороо амьдарч байгаа болохоор тэднийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс “Ахан дүүсийн холбоо” төрийн бус байгууллагыг 2016 онд ерөнхий консул Э.Мөнх-Очирын дэмжлэгээр байгуулсан. Дэргэдээ “Дээж Монгол төв”-ийг байгуулан ажиллаж байна. Мөн “Дээж” нэртэй монгол хоолны газар ажиллуулдаг. Мөн “Билгүүн-Эрдэм” бага сургууль нээгээд гурван жил болж байна. Манайхаас гадна гурван ч монгол төв ажилладаг. Туркт аав, ээжийгээ даган очиж, амьдардаг 300 гаруй хүүхэд байдаг. Эцэг, эх нь оршин суух албан ёсны зөвшөөрөлгүй бол Туркийн улсын сургуульд хүүхдүүд нь сурах боломжгүй байдаг. Ийм байдлаар хүүхдүүд хичээл завсардах нь их байна. Бүр дөрвөн жил сургуульд суугаагүй хүүхдүүд ч байдаг. Тиймээс ямар ч байсан бага ангийн хүүхдүүдэд зориулсан сургууль нээе гэж бодоод ажиллаж эхэлсэн. Одоо сургууль маань 1-5 ангийн хоёр бүлэгтэй, нийт 45 хүүхэдтэй, гурван багш, нэг жолоочтой үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Монголын ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж байгаа “Цөм” хөтөлбөрийн дагуу сургалтаа явуулдаг. Мөн хажуугаар нь монголчууддаа зориулж турк хэлний сургалт явуулдаг.

-Хичээлийн байраа түрээсэлдэг үү?

-Түрээсийн байранд ажилладаг. Бид хүүхдүүдээ өглөө очиж, аваад хичээл тарахаар гэрт нь хүргэж өгдөг. Өдрийн хоол ундтай. Хүүхдүүдийн хичээл 17 цагт тарахаар оюутнууд ирдэг.

-Бага сургууль албан ёсны зөвшөөрөлтэй юу?

-Бид БСШУЯ-наас албан ёсны зөвшөөрөл хүссэн ч татгалзсан хариу өгсөн нь асуудал болоод байна. Хэрэв манай сургуульд зөвшөөрөл өгөхгүй бол хүүхдүүд маань төгсөхдөө Боловсролын гэрчилгээгүй төгсөхдөө тулаад байгаа юм.

-Ямар шалтгаанаар зөвшөөрөл өгөхгүй гэсэн юм бол…

-Сургалт явуулах өөрийн гэсэн байртай байх ёстой, эсвэл тухайн байраа 20 жил түрээсэлсэн байх ёстой гэх мэт маш өндөр шалгуур тавьсан байсан. Бид одоо төрийн бус байгууллагынхаа хоёр өрөөг суллаад хичээлээ явуулж байгаа. Хүний газар өөрийн гэсэн байр худалдаж авах боломж бидэнд байхгүй. Гэхдээ нэг үнэн юм байгаа нь Турк улсад 5000 монгол хүн ажиллаж амьдарч байна. Аав, ээжтэйгээ хамт 300 гаруй сургуулийн насны хүүхэд байгаа нь үнэн. Энэ хүүхдүүд маань сургууль завсардаад яваад байх уу, эсвэл өөрсдийнхөө боломжоор сургалт явуулж байгаа сургалтын төвүүдээ дэмжээд ажиллах уу гэдэг асуудал байгаа юм. Хүүхдээ сургуульд өгөх эцэг, эхийн тоо нэмэгдэж байгаа ч бид байрны багтаамж, багшийн хүрэлцээ зэргээсээ шалтгаалж тэр бүр нэмж авах боломж муу байна. Үнэндээ хүүхдүүд ээж, аавыгаа ажилд явсан хойгуур гэртээ л цоожтой өнждөг. Зурагт үзэж, утас тоглоно. Манай сурагчид амралтын өдөр ч гэсэн сургуульдаа ирье гэдэг юм. БСШУЯ энэ асуудлыг дахин нягталж, бидэнд, энд байгаа монголчууддаа хэрэгтэй шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Монголчууд Туркт албан ёсоор оршин суух зөвшөөрөл авахад хэцүү юу?

-Харьцангуй гайгүй. Бид монголчууддаа албан ёсоор оршин суух зөвшөөрөл авахад нь тусалж, бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг. Одоо нэг үеэ бодвол манай төвийг маш олон хүн мэддэг болсон. Төвийн гурван утас тасралтгүй дуугарч байдаг. “Эмнэлэгт байна, ирж орчуулга хийж өгөөч”, “Цагдаагийн газар байна, туслаач” гэх мэт байнга л ажил ундарч байдаг юм. Тэр бүрт манайхөн өдөр шөнө гэлтгүй очиж чадах ядахаараа тусалдаг. Бид ашгийн төлөө ажилладаггүй, буяны байгууллага шиг л зүтгэж байна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа төлөө ажиллаж байгаа манайх шиг төв, төрийн бус байгууллагыг улс орон нь дэмжмээр санагддаг. Тухайн жилийнх нь ажлын тайланг шалгаж, үйл ажиллагааг нь үнэлж цэгнээд тодорхой төсөв мөнгө суулгаж өгвөл бидний ажил маш их дэм болно.

Д.ОЮУ

Categories
мэдээ цаг-үе

Ш.Ариунжаргал: Тулай өвчинд рашаан, шавар болон дулаан эмчилгээ таардаггүй

Уламжлалт анагаах ухааны их эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа. Тэрээр Герман улсад туршлага судлаад иржээ.


-Таныг Герман улсад туршлага судлаад ирсэн гэж дууллаа?

-Сүүлийн дөрвөн жил үе мөчний өвчтэй хүмүүст эмчилгээ хийгээд үр дүн сайтай байгаа болохоор энэ өвчнийг Германд яаж оношилж, эмчилдгийг мэдэх зорилгоор тус улсын “St Elisa­beth- hospital Meerbusch lank rheinisches rheuma zentrum” төвд дөрвөн долоо хоног туршлага судлаад ирсэн. Энэ төв нь ревматологийн чиглэлээр оношлогоо эмчилгээ, хагалгаа, хиймэл эрхтэн хийж бүх төрлийн үйлчилгээг цогцоор нь шийддэг. Герман төдийгүй дэлхийн олон орноос хүмүүс ирж үйлчлүүлдэг юм билээ. Германд туршлага судлах боломж олгосон, байнга туслаж зөвлөж байдаг анагаах ухааны доктор Н.Нямсүрэндээ танай сониноор дамжуулж талархсанаа илэрхийлж байна.

-Хэрх, тулай өвчний үед голчлон ямар эмчилгээ санал болгодог юм байна?

-Эхний ээлжинд эм, хөдөлгөөн, хоолны дэглэм барихыг зөвлөдөг. Эм таарвал насан туршдаа эмээ ууж эмчийн хяналтад байна. Дараагийн шатанд хагалгаа хийх болон шаардлагатай үед хиймэл эрхтэн, үе суулгана.

-Зарим хүмүүс хэрх, тулай өвчнийг эдгэдэггүй гэж ойлгоод байдаг?

-Хавдар, системийн өвчин эдгэдэггүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг. Эхний үе шатанд эмчилж эдгээж болдог. Тэр тусмаа эмчилгээгүй гэгддэг ревматойд артрит тогтолцооны улаан яршил, хатуурал, нурууны өвчнүүд, сахар, тулай, даралт ихсэх гэх мэт өвчнүүд эхэлж байгаа үедээ маш сайн эмчлэгддэг. Хүндэрсэн гурав, дөрөвдүгээр үедээ орсон тохиолдолд зовиур багасгах, амьдралын чанар сайжруулах, амь нас аврах зорилгоор уламжлалт болон европ эмчилгээ хавсран хийхэд үр дүнтэй нь ажиглагдсан.

-Барууны орнуудад Европ эмчилгээг Азийн уламжлал эмчилгээтэй хослуулах нь хэр их байна. Тэнд Монголын уламжлалт эмчилгээг ихэд сонирхдог гэсэн?

-Хүмүүс мэдээлэл сайтай. Эмчийн зааврыг ягштал биелүүлдэг. Ер нь эм тарианаас илүү ургамал, жимс, ногоонд илүү дуртай. Спортоор их хичээллэж, эрүүл мэнддээ анхаарал сайн тавьдаг. Даатгалын систем боловсронгуй, өндөр татвар төлдөг учир өвчтэй хүн болон өндөр настнууд нь харьцангуй хангамж сайтай нь анзаарагдсан. Жилд нэг өвчтөн биологийн эм тариа хэрэглэвэл 20-30000 евро болно. Хөнгөлөлтөөр эмээ аваад ууна. Эрүүл агаар, эрүүл хоолтой, мэдлэг сайтай, эмээ эмчийн заавраар уудаг болохоор хүндрэл харьцангуй бага юм билээ.

Сүүлийн үед эм тариа сайжирсан учраас хүндрэл бага гардаг болсон. Манай эмнэлгийн үйлчилгээ Германыг бодвол хурдан, хүлээлт багатай юм уу гэж бодсон. Цүнх дүүрэн мөнгө тэврээд ирсэн ч доод тал нь дөрвөн сар хүлээлгэж дарааллаар нь үзнэ. Харин хүндэрсэн үед авах арга хэмжээ бол гайхалтай сайхан нь харагдсан.

-Амьдралын хэв маягаас хэрх, тулай өвчнүүд ихээхэн хамаардаг байх гэж сонссон?

-Системийн өвчин эдгэдэггүй, насан туршдаа эм уух ёстой гэдэг асуудалтай санал нийлдэггүй. Өвчний эхэн үед нь уламжлалт болон өрнийн эмчилгээтэй хавсран эмчилж болдог. 2015 онд эмчилгээгүй гэгдэж байсан хүн одоо ч өвдөөгүй, гам дэглэмээ сахиад явж байна. Эмчилгээгүй, эм таарахаа больсон гэсэн хүмүүс тангаа уугаад хааяа эмчилгээ хийлгээд ажил хөдөлмөрөө хэвийн хийгээд явж байгаа жишээ олон байна.

Тулай нь зөвхөн үе мөчний өвчин биш ээ. Бодисын солилцоонд өөрчлөлт орсноос цусан дахь шээсний хүчил ихсэж, үе мөч үрэвсэх, хавдах шинжээр илэрч байгаа өвчин. Энэ өвчинд рашаан шавар болон дулаан эмчилгээ таардаггүй. Шинжилгээнүүдээ өгч байгаад тохирох эм витамин, тан хэрэглэдэг. Зүү, хануур, бумба сайн таардаг. Ихэвчлэн системийн өвчний хүндрэл хэлбэрээр илэрдэг тул сайн оношлуулж хамтад нь эмчлэх хэрэгтэй.

-Тулай өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Ямар ч үе мөчний үрэвсэл тулай шиг хүчтэй өвддөггүй. 50 хувь нь хөлийн эрхий хуруу улайж хавдаж өвддөг учир подагра гэж нэрлэсэн. 80 хувь нь дахиж өвддөг. Дараа нь шагай, өвдөг, мөр, тохой, бугуй, гарын үе өвддөг. Хурц тулай заримдаа халуурдаг. Булчин өвддөг. Үргэлжлэх хугацаа нь үрэвсэл бага үед хэдэн цагаас хоёр өдөр. Хүнд бол 14 хоног. Архаг тофустай үед хэдэн долоо хоног үргэлжилнэ. Эхний шатанд юу ч үлдэхгүй эдгэнэ. Заримдаа давсны кристалл үендээ үлдээд бага зэрэг үрэвсэл өгөөд байдаг талтай. Дэглэмээс шалтгаалаад ойр ойр өвдөх юм уу эсвэл өвдөхгүй ч байж болно. 90 хувь нь нэг үе өвдөж эхэлдэг. Дэглэм сахихгүй бол дахин сэдэрч архаг тулай үүснэ. Хурц тулайг эмчлээгүй эсвэл дэглэм сахиагүй тохиолдолд эхний жилд 62 хувь, хоёр дахь жилд 78 хувь сэдэрч дайрлага олон болох тусам шинэ үе гэмтэж хэрх шинжтэй болж бусад өвчнөөс ялгахад бэрх болдог. Тулай сэдрээгүй болон шинж тэмдэг илрэхгүй болохоор хүмүүс дэглэм алддаг.

-Тэгвэл эмчилгээний үед ямар дэглэм барих ёстой вэ?

-Мах, архи, айраг, пиво, фруктоз агуулсан жүүс, гэдэс, студень, хиам, хорхог, боодог зэрэг пурины агууламж өндөр хүнсийг хорино. Тослог багатай сүү, интоор, чонын элэг жимс, чонон хармаг, үхрийн нүд, тошлог гэх мэт витамин С, А, Е, эрдэс аминдэмтэй жимс ногоо хэрэглэх. Өөх тос багатай борц, тахианы цээж мах идэж болно. Харин үрэвсэл намдсан үед чанасан үхрийн хар махаар шөлгүй жигнэж болгосон хоол идэж болдог. Хурц үрэвсэлтэй үед хөдөлгөөн хорьж хэвтрийн дэглэм сахина. Хавдсан үен дээр хүйтэн жин тавина.

Фэйсбүүкт “Хэрх Тулайн Эмчилгээ” гэсэн хуудас бий. Хэрх, тулай өвчний үед гарах шинж тэмдэг, хэрхэн эмчилдэг талаар бүхий л мэдээлэл уг хуудаст бий.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Тамхины тахал гэж юу вэ

ТАМХИ ГЭЖ ЮУ ВЭ

Татах, үнэрлэх, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.

ТАМХИНЫ ҮҮСЭЛ

Тамхи нь Өмнөд Америкт зэрлэгээр ургадаг нэгэн төрлийн ургамал бөгөөд Өмнөд Америкийг эзэлсэн испани, португальчууд анх XVI зууны үед Европ тивд авчирснаар дэлхий даяар тархжээ. 19501960 онд тамхи татах нь мода болж байсан төдийгүй, ашигтайд тооцогддог байжээ. Эмч нарын эхний анхааруулгууд гарах үед тамхи үйлдвэрлэгчид шүүлтүүртэй янжуур “Арай аюулгүй” гэж идэвхтэй сурталчилж эхэлжээ. Америкийн “Ковбой Мальборо” 1950-иад онд гарч, брэндийн тухай төсөөлөл бүрэн өөрчлөгдөж, тамхины худалдаа эрс өсөхөд тус болжээ. “Ковбой Мальборо”-гийн дүрд тоглосон гурван жүжигчин бүгд уушгины хорт хавдраар нас барсан байна. 1962 онд Британийн Хатан хааны Анагаах ухааны коллежийн эрдэмтэд тамхи татах, янз бүрийн өвчтэй болох хоёр хоорондоо холбоотой болохыг нотолжээ. Гурван жилийн дараа Англид тамхийг зурагтаар сурталчлахыг анх удаа хориглосон байна.

ТАМХИНЫ ТӨРӨЛ

ЯНЖУУР ТАМХИ-Бидний янжуур тамхи гэж нэрлээд байгаа зүйлийг дэлхийн тамхи үйлдвэрлэлийн зах зээлд болоод ДЭМБын албан ёсны баримт бичигт НДС буюу “Никотин дамжуулагч систем” гэж нэрлэдэг.

ЗӨӨЛӨН ЯНЖУУРАН ТАМХИ-Зөөлөн янжууран тамхийг хор хөнөөл багатай гэдэг ч энэ бол худлаа зүйл. Хэдийгээр тэдгээр нь энгийн янжуур тамхийг бодвол давирхай болон никотины агууламж багатай ч дан ганц энэ хоёр бодисоор тамхины хор хөнөөлийг хэмжих боломжгүй юм.

ОРООМОЛ НАВЧИН ТАМХИ-Ороомол навчин тамхи нь ерөнхийдөө дээд зиндааны эрхмүүдийн хэрэглээ гэгддэг. Хэдийгээр түгээмэл биш ч нэг ороомол навчин тамхинд агуулагдах хортой бодисын хэмжээ нэг хайрцаг янжуур тамхины хэмжээтэй тэнцдэг.

ӨӨРСДӨӨ ОРООДОГ ЯНЖУУР ТАМХИ (ДҮНС)Өөрсдөө ороодог янжуур тамхи нь энгийн янжуур тамхинд агуулагдах хортой бодисын хэмжээгээр яг ижил.

ГААНСАН ТАМХИ-Гаансан тамхины утаа нь уушгинд бүрэн хүрэлгүй зөвхөн аманд амтагдаад л өнгөрдөг байна. Гэсэн хэдий ч биед хорт бодисууд нь бага хэмжээгээр орсоор л байдаг.

ЭЛЕКТРОН ТАМХИЭлектрон тамхи нь тамхинаас гарах хүсэлтэй муу зуршилаа хаях хүсэлтэй хүмүүст зориулагдсан, янжуур тамхийг орлох гашуун амттай, тансаг үнэртэй ууршигч бодис юм. Ийм төрлийн тамхи татдаг хүмүүсээс авсан шинжилгээний дүн энгийн янжуур тамхи татдаг хүнийхээс ялгагдахааргүй байгаа нь тогтоогдсон байна.

ШИНГЭН ТАМХИ-Шингэн тамхи энгийн янжуур тамхийг бодвол хор хөнөөл нь харьцангуй бага байдаг. Ядаж л энэ нь арай бага хэмжээний никотин татах боломжийг олгодог байна. Хэт халсан үедээ шингэн тамхи уушгинд үлддэг. Мэдээж энэ нь маш их хортой.

ХҮҮКА-Ус нь тамхины хортой бодисуудыг ууршуулдаг тул хүний биеийг хамгийн ихээр хордуулдаг нэмэлт бодисууд, никотин зэрэг нь шүүгдэж арилдаг ч хүнд металл болон хорт бодис үүсгэгч нь тунаж үлддэг байна.

ТАМХИНД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ 250 ГАРУЙ ХОРТ БОДИС АГУУЛАГДДАГ

Тамхины найрлагад 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг бөгөөд үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг юм байна. Тэдгээр туйлын аюултай хорт бодисуудаас жишээлбэл, хулгана, мэрэгч амьтдыг устгахад хэрэглэгддэг Арзен, хорт хийн камерт ашигладаг-Цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладагБохь, донтуулах үйлчилгээтэй, цагаан шоргоолжны хор-Никотин. Хийн хорБутан, Арсения. Асаагуурын шингэнАммония, шал цэвэрлэгч, жоомны хор, шавьжны хорТолуни, машины утаа, нүүрсхүчлийн хий-Нафталин, цагаан эрвээхэйн өндөг устгагч, пуужингийн түлш-Метанол, Кадмиум, машины зай, ацетонбудаг арилгагч, үйлдвэрийн уусгагч.

НИКОТИН ГЭЖ ЮУ ВЭ

Никотин гэх энэ бодис нь хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис. Тиймээс тамхинд орчихвол түүнээс гарах амаргүй. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэл зүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ. Нэг ширхэг янжуурт байгаа никотины үйлчилгээ хүний биед найман цаг хүртэл байдаг. Үйлчилгээ нь дуусвал хүний бие, сэтгэл түүнийгээ үгүйлж тамхи татахаас аргагүй байдалд хүргэдэг учраас хүссэн үедээ амархан хаяж болдоггүйн шалтгаан нь энэ. Чухам энэ л бодис тамхи үйлдвэрлэгчид, наймаачдын ашиг олох ганц зэвсэг нь болдог.

ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛ

Нэг янжуур татах бүрт хүний нас 711 минутаар хорогдож байдгийг эрдэмтэд тогтоожээ. Тамхинаас болж дэлхий дээр өдөрт 11 мянган хүн нас бардаг. Тамхичдын дундаж наслалт 52. Тамхинд орсон хүмүүсийн 80 хувиас илүү нь хүүхэд байхдаа тамхинд орсон байдаг аж. Түүнчлэн уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй. Тамхи татдаг 10 хүний ес нь уушгины хавдраар нас бардаг.

Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх шалтгаан болдог. Мөн тамхи зүрхний шигдээс үүсгэнэ. Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтэнүүдэд тэжээл дутагдаж зүрх, тархины шигдээс үүсгэдэг. Бас нэг том аюул байдаг нь тамхи үр удмыг хөнөөнө. Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий дэх ураг тав дахин илүү хорддог юм байна. Хорт хавдрын 38 хувь, зүрх судасны өвчний 34 хувь, амьсгалын эрхтний өвчлөлийн 28 хувь нь дан ганцхан тамхи татснаас үүсч байна. Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болоод удаж байна. Тамхи татсанаар өөрийн болон бусдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хэрвээ та тамхи татдаг бол зөвхөн гадаад төрхөд чинь гэхэд л амнаас эвгүй үнэр гарч, үс, хувцаснаас байнга тамхины үнэр ханхална. Наснаасаа овортой харагдаж, гарын хуруу шарлаж, эвэршинэ. Шүд шарлаж, хорхойтох, буйл үрэвсэх нь бусад хүмүүсээс илүү болно. Чөлөөтэй амьсгалж чадахгүй болж, өвчлөмтгий, дархлаа суларна.

ХҮМҮҮС ЯАГААД ТАМХИ ТАТДАГ ВЭ

Дэгжин харагддаг гэж боддог учраас тамхи татдаг юм байна. Мөн сэтгэл хөдлөлөө нууж, тайвшрах гэж тамхийг сонгодог бөгөөд тамхи татдаг хүмүүс нэгнээ бараадахдаа найз нөхөдтэй болж шинэ харилцаа үүсгэнэ гэж боддог. Нөгөөтэйгүүр тамхи татах нэрийдлээр амрах шалтаг гаргадаг. Ганцаардсан үед тамхи татах нь хань болдог гэдэг сэтгэлзүйн эмгэг нөлөөлдөг учраас тамхи татаад байдаг юм байна.

ТАМХИНААС ХЭРХЭН ГАРАХ ВЭ

Тамхинаас гарч байгаа хүн зургаан Згийн зарчмыг баримтлах ёстой гэж эмч мэргэжилтнүүд, сэтгэлзүйчид зөвлөдөг юм байна.

Нэгдүгээрт, Зарлах: Би тамхи татахгvй байхаар шийдлээ гэж өөрөө өөртөө давтан хэл.

Хоёрдугаарт, Зайлсхийх: 10 минут хүлээ. Ихэнх хорхой, хvсэл 35 минут л vргэлжилнэ.

Гуравдугаарт, Зөв амьсгалах: Хоёр юм уу гурван удаа гүн амьсгал авахад л та тайвширна.

Дөрөвдүгээрт, Зөвхөн шингэн юм, ус уух: Буцалгасан усыг маш аажмаар шимж уу.

Тавдугаарт, Завгүй байх: Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөр дуртай зүйлээ хий.

Зургадугаарт, Залбир, сүсэглэх: Дотроо сүсэглэ, залбир, дотоод сэтгэлээсээ ямар нэг тусламж хай.

Тамхи хаясны дараа таны биед дараах эерэг өөрчлөлтүүд гарна.

8 цаг: Цусны хүчилтөрөгчийн тэжээл хэвийн хэмжээнд очно. Аюул нь багасч эхэлнэ.

24 цаг: Бие дэх нүүрсхүчил гадагшилна.

48 цаг: Цусан дахь никотин алга болно.

Нэг долоо хоног: Амтлах, сонсох мэдрэхүй сэргэнэ.

3-9 сар: Уушгины үйл ажиллагаа 510 хувиар нэмэгдэнэ.

Нэг жил: Зүрхний өвчин тусах магадлал 50 хувь буурна.

Таван жил: Тархинд цус харвах магадлал 50 хувь, шээсний замын хавдар тусах магадлал 50 хувь буурна.

Арван жил: Уушгины хорт хавдар тусах магадлал 50 хувь

15 жил: Эрүүл хүнийхтэй адил эрүүл биетэй болно. Ингэхдээ дам тамхидалтаас ямагт зайлсхийж, дэргэдээ тамхи татуулахгүй байх, тамхи татаж байгаа хүнээс холдох зэргээр эрүүл мэндээ хамгаалахаа бүү мартаарай. Учир нь ДЭМБ-ын мэдээгээр тамхи татдаггүй боловч тамхины утаанд байдаг 7000 гаруй хорт бодист хордсоноос болж жил бүр 600 мянган хүн нас барж, эцэг, эхийнхээ муу зуршлын золиос болж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд эмч нарын сэтгэлийг ихээхэн түгшээж байгаа ажээ. Харин тамхи татсанаас болж дэлхий даяар жилд зургаан сая хүн хорвоог орхиж байна. Тиймээс тамхины энэ бүх сөрөг нөлөөллийг тахлын хэмжээнд авч үзэж тамхины тахал дэлхийд нүүрлээд байна гэж тодорхойлоод байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк хүүхдэд ээлтэй мөрөөдлийн буланг бий болгоход хувь нэмрээ оруулж байна

ХХБанк ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин урт хугацааны хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласаар ирсэн.

Үүний нэг төсөл болох “МӨРӨӨДЛИЙН БУЛАН” төслийг Найрамдал Ротаракт клубтэй хамтран хэрэгжүүлж, эхний шат болох 186-р тусгай цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сургалтын танхимыг тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө.

Хүүхэд багачууд маань тохитой, цэвэрхэн сайхан орчинд суралцаж, боловсроосой гэж бид хүсдэг. Энэхүү танхимаар дамжин олон хүүхэд, эцэг эхчүүд сурч боловсроосой хэмээн бид хүсэж байна хэмээн ХХБанкны Гүйцэтгэх Захирлын Орлогч Б.Баярмаа онцоллоо.

Түүнчлэн энэхүү төсөл нь цаашид ч үргэлжлэн тусгай 25-р сургууль болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмчилгээний тасгуудын өрөө танхимын засвар тохижилтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа юм байна.

Залуу үеийнхээ сайн, сайхныг бүтээх, нийгмийн оролцоог дэмжих үүднээс тус ротаракт клубийн залуучуудтай мөн хамтарч ажилласнаараа онцлог төсөл болсон байна.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ улс-төр

ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө

Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотод өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 19 дэх удаагийн хуралдаан болж өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлснийхээ дараа төлөөлөгчдийн тэргүүн нарын хамт дурсгалын зураг татуулав.


Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд болсон ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм хүндэт Сооронбай Шарипович,

Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо, найз нөхөд өө.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдааныг эх орондоо зохион байгуулж, биднийг халуун дотноор хүлээн авч буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Сооронбай Шарипович Жээнбеков Танд гүн талархал илэрхийлье. Монгол түмний дотнын анд, түүх, соёлын эртний хэлхээ холбоотой Киргиз улсад зочилж байгаадаа баяртай байна.

Киргиз Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах хугацаандаа тус байгууллагын хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажилласныг онцлон тэмдэглэж байна.

Хатагтай ноёд оо, найз нөхөд өө

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг юм. Тиймээс бүс нутагт тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшиж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс ач холбогдол өгч ирсэн билээ.

Үүний нэгэн илэрхийлэл нь ШХАБ-ын дээд түвшний уулзалтад манай улсын төрийн тэргүүн нар тогтмол оролцож ирсэн явдал бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар 2 дахь удаагаа оролцож байна. Түүнчлэн ШХАБ-ын хүрээнд зохион байгуулагдаж буй бусад олон талт уулзалт, арга хэмжээнд манай улс идэвх чармайлттай оролцож ирлээ.

Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд явуулж байгаа талаар Та бүхэнд мэдээлж байсан билээ. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байна.

ШХАБ-ын ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд ба Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зургийн төслийг боловсруулж, ШХАБ-ын ажиглагчийн статусын журамд өөрчлөлт оруулах, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхээр төлөвлөж буйг талархан хүлээж авч байна.

Хатагтай, ноёд оо,

Бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт байсаар ирсэн. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой хөгжил бий болгоход Зүүн Хойд Азид аюулгүй байдлыг хангах явдал чухал гэж бид үздэг. Хэдхэн хоногийн өмнө “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурлыг бид амжилттай зохион байгуулсан. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга нь бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой, нээлттэй механизм болон төлөвшиж байгааг Та бүхэнд мэдээлэхэд таатай байна.

Дээрх бага хурлаар хэлэлцсэн чухал асуудлын нэг нь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа юм. Монгол Улс нь эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд үр ашигтай, хямд өртөг бүхий үйлдвэрлэл явуулах өргөн боломжтой. ОХУ-ын Владивосток хотод 2018 оны 9 дүгээр сард болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ би Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулан, тодорхой механизм бий болгох санал тавьсан билээ. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны хэлбэрүүд нь бүс нутагт энх тайвныг хадгалах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн. ШХАБ-ын дээд түвшний энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын гурван талт дээд түвшний ээлжит тавдугаар уулзалтыг хийж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцана. Гурван талын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг тодорхой асуудлаар ахиц, дэвшил гаргах нь зөвхөн оролцогч улсууддаа төдийгүй ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болох нь дамжиггүй.

Манай улсын төмөр замын төв коридороос баруун зүүн тийш тус бүр 500 орчим км шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтын ажил саяхан эхэллээ. Энэ төмөр замыг мянга гаруй км үргэлжлүүлэн манай улсын баруун хязгаарын Бургастай хилийн боомт хүргэж, Хятадын Шинжан Уйгурын Лаое-Мяо хилийн боомт руу холбох төлөвлөгөө бий. Өөрөөр хэлбэл, Та бүхэн Монголын нутгаар дамжин дэлхийн эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж буй Зүүн Азийн зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэсэн үг юм.

Улаанбаатараас 1400 гаруй км алслагдсан баруун хязгаар болох аймгийн Ховд хотоос Казахстан, Узбекистан зэрэг дөт гарц нээж, эхний ээлжинд халал мах тээвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Энэхүү гарцыг ашиглан Төв Азийн улс орнуудад хонины мах, бусад бүтээгдэхүүн тээвэрлэх боломж нээгдэж байна.

Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах, терроризмтой тэмцэх зэрэг олон салбарт Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөөх ШХАБ-ын үйл хэрэгт нэмэр хандиваа оруулж, хүчин чармайлтаа нэгтгэх болно.

Энэ ялдамд ШХАБ-ыг даргалах дараагийн эрхийг авсан ОХУ-ын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийн дэг

Image result for үндсэн хууль

УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 12 дугаар зүйл дэх зохицуулалтаар явах аж. Уг зохицуулалтад,

12.1.Улсын Их Хурлын чуулган төслийг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ дор дурдсан дэс дараалал, журмыг баримтална:

12.1.1.хууль санаачлагчийн илтгэлийг сонсох;

12.1.2.илтгэлтэй холбогдуулж асуулт, хариулт явуулах;

12.1.3.Байнгын хорооны санал, дүгнэлт сонсох;

12.1.4.нам, эвслийн бүлэг төслийн үзэл баримтлалын талаар намынхаа бодлого, байр суурийг илэрхийлж болно;

12.1.5.өөрөө хүсэлт тавьсан бол Ерөнхийлөгч үг хэлэх;

12.1.6.Үндсэн хуулийн цэц санал ирүүлсэн бол түүнийг сонсох;

12.1.7.Засгийн газрын саналыг сонсох;

12.1.8.Улсын Их Хурлын гишүүн үг хэлж, санал гаргах;

12.1.9.Улсын Их Хурлын дарга иргэд, олон нийтийн зүгээс ирүүлсэн шүүмж, мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгож болно;

12.1.10.төслийг цаашид хэлэлцэх эсэх талаар “зөвшөөрнө”, “татгалзана” гэсэн томъёоллоор санал хураах.

12.2.Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн “Их газрын чулуу”-ны ууланд тарвага нутагшууллаа

Дундговь аймгийн нутаг, Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас Монгол тарвага сэргээн нутагшууллаа.

Аймгийн хэмжээнд 2000 оны дунд хүртэл тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан “Их газрын чулуун”-ы уул орчмын тарвага хүний буруутай үйл ажиллагаанаас болж тарвага үзэгдэх нь багасч устах хэмжээнд хүрчээ. Тиймээс “Их газрын чулуун”-ы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тарвага нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагдах юм.


Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас нийт нутгаар бороо орно

Image result for бороо

Өнөөдөр болон маргааш төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр их хэмжээний бороо орно. Иймээс үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэм, Орхон Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Cолигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дорнодын нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 26-31 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 18-23 хэм, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Цусны 1000 донор”-ын Үндэсний чуулганы хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон.

Манай улс ч дэлхийн хүмүүнлэгийн үйлстэнүүдийн түүчээ болсон доноруудыг алдаршуулах өдрийг 15 дахь жилдээ “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, хаана ч” гэсэн уриатайгаар анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их танхимд “Цусны 1000 донор”-ын Үндэсний чуулганы хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа уншиж танилцуулсан юм.

Үндэсний чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес, МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын албаны хүмүүс оролцлоо.

ЦССҮТ ЦДДӨ-ийг угтаж тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа доноруудыг алдаршуулах, тэдний буянт үйл хэргийг нийгэмд сурталчлан таниулах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд жил бүрийн 6 дугаар сарын 14-нд 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог уламжлалтай. 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлд 65, аймаг орон нутагт 15 донор “Хүндэт донор” цолны болзол хангасан байна.

Хамгийн залуу “Хүндэт донор” цол тэмдгээр 19 настай Баасандорж овогтой Өсөхбаяр тодорсныг чуулганы хөтөлбөрийн дагуу гардуулсан юм. Мөн МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” медалиар Э.Ганбат, “Нигүүлсэл” медалиар Ц.Өрнөхбаяр, Г.Анхцэцэг нарыг шагнаж урамшуулав.

Харин “Алтан донор”-оор Ц.Энхтөгс, “Мөнгөн донор”-оор Т.Алимаа, “Хүрэл донор”-оор Б.Бадрал нарыг тус тус өргөмжиллөө. “Алтан донор” Ц.Энхтөгсийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Шударга журам” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж, баяр хүргэсэн.

ЦССҮТ, МУЗН жил бүр нийслэл, дүүргийн хэмжээнд ажлын үр дүнгээр нь донор элсүүлэгчдийн ажлыг дүгнэдэг уламжлалын дагуу Монголын донорын холбоо тэргүүн байр, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмай хороо дэд байр, Баянзүрх дүүргийн Улаан загалмай хороо гуравдугаар байранд тус тус шалгарсныг Үндэсний чуулганы үеэр зарлаж, шагналыг нь гардуулсан юм. Мөн байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Зэвсэгт хүчний 120-р анги, Макс групп “Шилдэг донор хамт олон”-оор тус тус шалгарлаа. Мөн донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ, www.gogo.mn сайтыг тодруулж, алдаршуулав.

ЦССҮТ ISO 9001-Чанарын менежментийн тогтолцоо, ISO 15189-Эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхид тавигдах шаардлага, OHSAS 18001-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн салбарын анхны байгууллага болсоноос гадна 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт АХБ-ны ЭМСХХ-5 төслийн дэмжлэгтэйгээр ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтыг гадаадын байгууллагаар хийлгэх зорилт дэвшүүлж, улмаар Англи улсын “LIoyd Register” компанийн төлөөлөгч Монгол улсад хүрэлцэн ирж ЦССҮТ-д 2 удаагийн үнэлгээ хийж “ЦССҮТ нь Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч, ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж чадаж байна” хэмээн үнэлсэн юм.

Тэрхүү нэр хүндийн илэрхийлэл болсон магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Төрийн ордны их танхимын индэр дээр ЦССҮТ-ийн удирдлага, хамт олны төлөөлөлд гардуулж, улам их амжилт хүсэн ерөөлөө.

Дашрамд дурдахад 2018 онд Монгол Улсын хэмжээнд нийт 34296 орчим донор цусаа бэлэглэснээс Улаанбаатар хотод 26053, аймаг орон нутагт 8243 донор цусаа бэлэглэж, 30 нэр төрлийн 98037 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт хүн амын дунд донорын эзлэх хувь 1,14%, 1000 хүн амд ногдох цус өгөлтийн тоо Улаанбаатарт 18.1, орон нутагт 4.7 болж тус тус өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Мөн улаан эсийн бүтээгдэхүүнийг глицеринжүүлэн хөлдөөж удаан хугацаагаар хадгалах, цус цусан бүтээгдэхүүний эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх, рентген туяагаар шарах зэрэг шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Эдгээр шинэ технологийг нэвтрүүлснээр хөлдөөж угаасан улаан эс, эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн хөлдөөсөн шинэ сийвэн, ялтаст эсийн өтгөрүүлэг, туяагаар шарсан улаан эсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нэр төрлийг нэмэгдүүлж аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна.