Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зам гүүрийн засвар шинэчлэлийг түргэтгэхийг үүрэгдлээ

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд өрнөж байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд тус бүтээн байгуулалтын ажлцуудтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Налайхын замын шинэчлэл, өргөтгөлийн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна


Эхлээд Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн хүрээнд баригдаж буй 20,9 км авто замын явцын байдалтай танилцсан юм. Энэ зам нь 2 эгнээ байсныг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэж байгаа юм.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын авто замын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро Лимитед Корпорейшн”, туслан гүйцэтгэгчээр Монголын “Тэгштплант”, “Гашууны гол”, “Дардан-Говь” зэрэг дөрвөн компанийн 310-аад ажилчин ажиллаж байгаа. Ирэх арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ зам дээр үерийн ус зайлуулах хоолойг 36 газарт хийж байгаа. Мөн авто машины хоёр тунель, мал амьтны нэг тунелийг хийж байгаагаараа онцлогтой” хэмээлээ.

Уг замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх аж.

Монголд анх удаа бүрэн цутгамал гүүр барьж байна

Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажилтай мөн танилцсан юм. Бусад гүүрийн байгууламжийг дам нуруу тавьдаг бол манайх шууд газар дээр нь цутгаж хийж байгаагаараа онцлогтой. Даацын хувьд Монгол улсад хэрэглэгдэж буй бүх төрлийн машин механизм бүрэн зорчих боломжтой. Бид энэ гүүрэндээ 100 жилийн баталгаа өгч чадна” хэмээн “Бээжин Юни констракшн групп” ХХК-ийн зүгээс хэлж байв.

“Энэ гүүрийн дам нурууг шууд газар дээр нь цутгаж хийж байгаагаараа онцлог. Монголд анх удаа ийм гүүр баригдаж байгаа. Налайхын замтай холбогдоно. Гүүрийн ажил төлөвлөгөөт хугацааны дагуу 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх наймдугаар сард зорчих хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээн Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ярилаа.

Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км замын ажил дөрвөн айлаас болж нэг жил гацсан

Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км замыг 57 у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам байхаар төлөвлөсөн. 2017 оны зургаадугаар сард эхэлсэн уг замын ажил одоо 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Дулааны улиралд зуслан чиглэл рүү түгжрэл ихэсдэг. Энэ зам нь түгжрэлийг 30 хувиар бууруулах ач холбогдолтой. Замын трассын дагуу 108 нэгж талбар нөлөөлөлд өртсөн байсныг чөлөөлсөн. Дөрвөн айл газраа чөлөөлж өгөхгүй байснаас бүтээн байгуулалтын ажлыг бүтэн жил гаран гацаасан байсан. Бид тухайн иргэдтэй уулзаж, тохиролцож чадсан. Нэг айл үлдсэн байгаа. Ирэх долоо хоногт үлдсэн нэг айлын газрын асуудлыг шийд гэсэн үүрэг даалгаварыг холбогдох газруудад өгсөн. Нийслэлээс холбогдох бүх арга хэмжээг авсан. Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруул” хэмээн үүрэг болгов.

“Төлөвлөгөөт хугацааны дагуу бол энэ замыг ирэх наймдугаар сарын 1-нд ашиглалтад өгөх ёстой. Нийслэлээс долоодугаар сарын 10-наас өмнө дуусгах үүрэг өгч байгаа. Бид үлдсэн нэг айлын асуудлаа түргэн шийдчихвэл энэ хугацаанд нь замыг бүрэн хүлээлгэж өгөх боломжтой” хэмээн “Мотор Сервис” ХХК-ийнхан хэллээ.

Б.ОТГОНСҮХ: АЖИЛТНУУДЫНХАА ТООГ НЭМЖ, 2 ЭЭЛЖЭЭР АЖИЛЛА

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Замын цагдаагийн ойролцоох гүүхэн гарц барих төслийн ажлын явцтай танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 4 эгнээ, 470 м урт, 16.5 метр өргөн байх юм. Мөн Зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсэг, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсэг, Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрээр дамжиж, Их Монгол улсын гудамж руу буух “А” хэсэг багтаж буй юм. Түүнчлэн төмөр зам дээгүүр явган хүний гүүр, Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдох төмөрбетон гүүр барина. 2017 онд эхэлсэн төсөл удаашралтай байгаагийн бас нэгэн шалтгаан нь гүүр барих чиглэлд байрлаж байсан зарим аж ахуйн нэгж газар чөлөөлөхийг зөвшөөрөөгүй удсантай холбоотой аж. Бүтээн байгуулалтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, “Нийслэлийн удирдлагууд бүхий л боломжийг дайчлан газруудыг бүрэн чөлөөлсөн. Одоо цаг агаар муудахгүй л бол өөр асуудал байхгүй. Санхүүжилт бэлэн, газар бэлэн. Тиймээс ажилтнуудынхаа тоог нэмж, 2 ээлжээр 24 цаг ажиллаж, энэ оны наймдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулах ёстой. Есдүгээр сард хичээл сургууль эхэлж, нийслэлийн автозамын ачаалал нэмэгдэнэ. Тиймээс иргэдийг ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд шахуу ажиллах ёстой юм. Харин ажилтнуудынхаа тоог нэмэхдээ монгол хүн ажиллуулах хэрэгтэй” гэлээ.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгоход нийцүүлэн өргөтгөх ажил эхэллээ

Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх шийдвэр гарсны дагуу өнөөдрөөс эхлэн авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил эхэллээ. Одоо байгаа хоёр эгнээ авто замыг дөрвөн эгнээ болгоход нийцүүлэн өргөтгөж, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийх юм.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх замын зураг төсөл хийгдэж дуусаад компаниуд хоорондоо гэрээгээ байгуулаад бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Нэгж техникүүд замдаа гарчихсан. 2019 оны арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд замыг ашиглалтад оруулах үүрэг даалгавартай. Хугацаа богино байна. Тиймээс хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглана. Хамгийн сүүлийн үеийн технологи гэдэг нь энэ зам дээр 3-4 бутлах машин /реказл/ ажиллаж байгаа юм. Хуучин замыг газар дээр нь бутлаад, эргүүлж боловсруулаад дэвсдэг технологи. Тийм учраас хугацаандаа ашиглалтад орно гэж тооцож байгаа. Хуучин 2 эгнээ замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын санхүүжилт нь 60 сая ам.доллар. Үүний 58.5 сая нь Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл, 1.5 сая доллар нь буцалтгүй тусламж. Харин шинээр нэмж барих хоёр эгнээ зам нь Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэнэ. Эхний шалгаруулалт 6 дугаар сарын 15-нд болсон. Дараагийн шалгаруулалт 8 дугаар сарын 15-нд явагдана. Үндсэн ажил 9 дүгээр сард эхэлнэ. Хойтон жил буюу 2020 онд наадмаас өмнө дөрвөн эгнээ замыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Лүн болон Дундговь аймгийн Сайнцагаан чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Төв аймгийн Лүн сумын нутагт энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, Төв аймгийн Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрч, зорчих боломжгүй болсон тул ЗТХ-ийн сайдын тушаалаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 17-ны өдрийн 18.00 цаг хүртэл хязгаарласан.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум чиглэлийн авто замын 64-75 дахь км-т үерийн усны улмаас зорчих хэсгийн хоёр талын хөвөө нийтдээ усанд угаагдаж, хучилтууд хэсэгчлэн эвдэрч, доогуураа усанд идэгдсэнээс тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Төв аймгийн Өндөр Довын уулзвараас Дундговь аймгийн Сайнцагаан сум хүртэлх зам, замын байгууламжийг түр хаасан.

Дээрх чиглэлүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд замын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учир “Авто зам, замын байгууламжийг түр хаах тухай” тушаалын хэрэгжих хугацааг сунгаж магадгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн амь, нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүйн тулд дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн эдгээр өдрүүдэд Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс аймгаас Улаанбаатар хот чиглэлд тээврийн хэрэгслийн тээвэрлэлт гүйцэтгэж байсан 15 аж ахуй нэгжийн 27 тээврийн хэрэгслийн 1033 зорчигийг төв суурин газарт байршуулж, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-аас мэдээлэл хийв

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргажээ. Энэ талаараа АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

“60 тэрбум”-ын хууль бус сүлжээ үүсгэх замаар төрийн эрх мэдлийг авсан МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг завдаж байгаа нь хуульд үл нийцнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа хууль зөрчсөн. Өнөөдрийн МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй. Хулгай, авлига, худал амлалт дээд зэргээр бүрдсэн энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай санаачлах ч эрхгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахыг мэдэгдэж байна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахгүй бол тэмцлийн бүхий л хувилбараар эсэргүүцэх болно гэдгээ АН мэдэгдэж байна гэлээ. Тэрбээр мэдэгдлийг танилцуулсныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Япон сургалтын эмнэлэг нээлтээ хийлээ

Өнөөдөр Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлт ёслол төгөлдөр боллоо. Эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Япон улсын Гадаад хэргийн сайд, ноён Коно Таро, хүндэт зочид төлөөлөгчид, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, доктор, профессорууд, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, оюутан залуус уригдан оролцов.

Энэхүү эмнэлэг нь АШУҮИС-ийн харьяа эмнэлэг болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Тодруулбал, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн 90 гаруй хувийг бэлтгэн гаргасан, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлэг болов.

Монгол улсын Засгийн газраас их сургуулийн эмнэлэг барих, ашиглалтад оруулахад буцалтгүй тусламж үзүүлэх хүсэлтийг Японы Засгийн газарт хүргүүлж байсан нь өнөөдөр ийнхүү биелэв.

АШУҮИС-ийн энэ эмнэлэгт мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Мөн түүнчлэн Япон улсын буцалтгүй тусламжаар 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаагийн дотор хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий MRI, КТ зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор болон бусад тоног төхөөрөмжтэй орчин үеийн шинэ техник технологи бүхий дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг болж байгаа юм.

Уг сургалтын эмнэлэгт БЗД-ийн зарим хорооны иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байгаа юм.

Монгол, Япон хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болж байгаа энэхүү эмнэлэг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар сүндэрлэн бослоо.

Япон-Монголын Их сургуулийн эмнэлэг нь сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Өөрөөр хэлбэл, Япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлэх болж байгаа нь энэ эмнэлгийн бас нэг онцлог. Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор манай улсын иргэд гадаад улсыг зорьж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах урсгал буурч, давхар зардал гаргадаг явдал багасна гэдгийг салбарын сайд болод Монгол Улсын Ерөнхий сайд онцлов.

Япон стандартаар 10-р сарын 1 хүртэл Start Up буюу тоног төхөөрөмжөө турших, эмч мэргэжилтнүүдээ тоног төхөөрөмж дээрээ ажиллуулах зэрэг үйл ажиллагаа явуулж жигдрүүлсэний дараа иргэдэд үйлчилж эхэлнэ. Эмнэлгийн менежментийг Япон улс 5 жилийн турш хариуцах юм.

Categories
мэдээ улс-төр

Японы Гадаад хэргийн сайд Т.Коногийн албан ёсны айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-г Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-гийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Лүнгийн чиглэлд түр зам гаргаад байна

Улаанбаатар-Лүн чиглэлд түр зам гаргажээ

Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн автозам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг өнөөдрийн 18:00 цаг хүртэл түр хаасан. Замыг нээх эсэхийг үерийн ус нэвчиж дуусах байдлыг харж, хөдөлгөөнийг хаасан хугацааг сунгах эсэхийг шийдэх аж. Одоогоор эвдэрсэн замыг засаж дуустал тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр зам гаргаад байна. Ингэснээр замын хөдөлгөөн зохицуулагч ажиллаж, Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг түр замаар зорчуулж эхлээд байгаа тухай ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ.

Categories
мэдээ цаг-үе

​Д.Түвшинсайхан: Legend төслөөрөө бид Бөмбөгөр ногооны үед тайзан дээр гарсан үндэсний урлагаа дэлхийд гаргана


Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхантай ярилцлаа.


-Наадмын үеэр болох “Legend” шоуны хөгжмийн найруулагчаар таныг ажиллана гэж сонслоо. Ерөнхий найруулагч нь төрийн соёрхолт Н.Наранбаатар гэхээр мундагууд гар нийлж ажиллах нь. Үндэсний агуулгатай шоу гэв үү?

-Ер нь бол тийм. Синтез шоу.

-Холимог шоу гэдгээ энгийнээр тайлбарлаач?

-Дуутай, бүжигтэй, хөгжимтэй олон урлаг нийлүүлсэн синтез шоу байх юм. Дуурьтай ч төстэй юм шиг, хөгжимт драмтай ч ойрхон юм шиг, балеттай ижил ч юм шиг. Синтез буюу холимог гээд байгаагийн учир энэ. Илэрхийлэл бол чөлөөтэй. Чөлөөтэй сэлнэ. Гэхдээ цаанаа уламжлал дэгийг төв барина. Ер нь бүгд хоорондоо холбогдоно. Арын дэлгэц гэхэд гэрлийн хөгжлийг ашиглана. Өнөөдөр хэлбэр агуулгын дайн болчихоод байна л даа. Агуулга багатай хэт их хэлбэржсэн тал руугаа эргэчихсэн. Энэ хоёрыг дэнслэх учиртай. Хэт хэлбэрдлээ гээд хуучнаа баривал орчин үеийн хүмүүсийн оюун санааны хэрэгцээг хангаж чадахгүй. Хэт шинэчилнэ гэж зүтгээд сүнсээ аваад хаячихаж болохгүй. Leg­end төслийн хувьд энэ хоёрын тэнцвэр дээр зогсоно. Эцэст нь дахиад онцлоход Legend төсөл язгуурын үзэл санаа, язгуурын аялгууг өөртөө шингээхээс гадна гадны жуулчдад дэлхийн хэлээр урлагаа хүргэх гүүр болно. Ардын, язгуур урлагаа хөгжингүй хэлбэрээр хүргэж байж тэд биднийг шилбүүр унасан хүүхэд төдийнхнөөр төсөөлөхөө больж, тэс өөрөөр харна. Боловсрол, соёлоороо академик түвшнийх гэдгээ гадныханд харуулах цаг болсон.

-Жуулчид гэснээс гадаадын улс орнуудад үндэсний язгуур урлагаа ямар ч улсын иргэд сонирхохоор шоу болгосон байдаг. Тийм л шоутай болох гэээд Н.Наранбаатар найруулагчтай гар нийлжээ дээ?

-Сая жуулчин авна гэж ярьж байна. Сая жуулчин татах сууриа тавьсан цагт л энэ мөрөөдөл ажил болно. Тийм хэмжээний жуулчин татах нэг том суурь бол та бид хоёрын яриад суугаа энэ шоу. Таны хэлсэн үнэн л дээ. Жуулчдыг татаж чадсан бүх улс язгуур урлаг, уг үзэл санаандаа суурилсан супер шоунуудтай. Бид ийм шоу хийх цаг болсон. Хамгийн гол нь монголчуудаас өөр хэн ч энэ шоуг хийж чадахгүй.

-Legend шоунд ардын дуунууд дуулагдана гэл үү?

-Тэгнэ.

-Ямар дуунууд дуулагдах бол?

-Одоохондоо нууцалъя.

-Тэгвэл сонгосон дуучдаа сонирхуулаач?

-Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, уртын дуучин Г.Энхбаатар, Д.Жавхаасайхан, Т.Баянжаргал, Б.Алтанжаргал, Д.Үүрийнтуяа, О.Анхчимэг, С.Эрдэнэцэцэг нарыг сонгосон. Хэлбэрээ зөв тэгш барьж байгаа учраас сонгосон юм. Жишээ нь Энхбаатар, Мөнхбаатар хоёулаа цээл хэрнээ, хоёр өөр. Баянжаргал залуу дуучин. Залуусыг таниулах үүрэг байх учиртай. Эд л нэг төв голчтой зөв дуулж байна даа гэсэн уран бүтээлчдийг өндөр шүүлтүүрээр сонгосон. Бүгдээрээ ард түмэнд танигдсан, өөр өөрийн гэсэн донжтой. Шоуны бүх үйл явдлыг есөн дуучин илэрхийлээд явах юм. Хөтчийн хэлбэртэйгээр.

-Ардын дуунууд социализмын үед нэлээд хувьссан, байранд нь аваачиж тавих цаг болсон гэж та ярилаа. Тэгж их өөрчлөгдсөн хэрэг үү?

-Социализмын үзэл сурталд баригдаад ардын дуунууд маш их хувьссан байдаг юм. Дуулах хурдацын хувьд өөрчлөгдсөн. Шүлэг нь хүртэл өөрчлөгдсөн. Буцаагаад байранд нь аваачих ёстой. Legend синтез шоунд дуулагдах дуунууд яг хуучныхаараа байна. Энэ тоглолтод дуулагдахгүй “Ай нанаа”-гаар жишээ авч ярья. Хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн дуу. Хүүгээ болчимгүй үйлдэл хийлээ гэж зэмлээд байгаа юм шиг мөртлөө цаана нь эцэг хүний хувьд үрээ өмөөрөх сэтгэл тод харагддаг. Хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэг дээ. Яг тэр сэтгэл зүй. Хүүгээ алдсандаа халагласан хүн морьтой давхихгүй. Морины алхаа нь ямар байх вэ гэдгээс эхэлнэ. Энэ мэт харах юм их л дээ. “Legend” синтез шоунд дуулагдах ардын дуунуудыг яг ийм маягаар цогцоор нь бүтээнэ. Жүжиглэлт, бүжиглэлт, дуулалт, ахуй байдал нэгэн цогц болж гарч ирэх юм.

-Олонх дуучин дууныхаа утга, ухаан, уг учрыг гаргахгүйгээр зүгээр л дуулаад байна гэсэн шүүмжлэлийг хэд хэдэн хүнээс сонссон. Гэхдээ ардын дууны хувьд хуучны үгийг энэ цагийнхан ойлгохгүй гэх мэт илэрхий шалтгаанууд бий гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хуучирсан үгсийг ойлгохгүй байгаа гэдэгтэй санал нийлнэ. Гадаад хэлээр яриад байгаа мэт утга нь бууж өгөхгүй зовлон бий. Ингэчихээр ямар түүх өгүүлээд буйг нь мэдэхгүйгээр хөгжим сонсдог өвчин эхэлчихэж байгаа юм. Legend шоу энэ мэт бэрхшээлийг арилгах, давах хэлбэртэйгээр хийгдэнэ. Ардын дууг урлагийн өөр төрлүүдээр задалж гаргаж тавина. Өөр урлагийн төрлүүдээр ахиад задална гэсэн үг. Тэгж байж бид сүнсээ авч үлдэнэ. Leg­end шоуг зориод ирсэн хүмүүс ардын дууг бүжиг, хөгжим, дэлгэцийн хэлээр нэг дор мэдэрнэ. Тус тусад нь биш нэг доор. Энэ тохиолдолд тухайн хүний төсөөлөл магадгүй бүтэн болно. “Уяхан замбуутивийн наран”-г сонсохоор ертөнцөөс гарч хязгааргүй орон зайд орчих шиг болдог. Логик, философи нь тийм. Гэтэл бид энэ дууг дуулахдаа дууныхаа философи руу орж чадахгүй байна. “Уяхан замбуутивийн наран”-г дуулахдаа инээвэл яахав. Дотоодод нь нэвтэрч, төсөөлж, төвлөрч дуулвал бараг өөрт байхгүй хоолойгоор гайхалтай дуулна. Гэтэл өнөөдөр дуучдын ихэнх “Би ямар харагдаж байгаа бол” гэсэн хандлагаар дуулаад байна. Ингэчихээр мөн чанараа гээж, зугаацлын төдий болчихож байгаа юм.

-Ардын дуунууд дуулагдана гэхээр үзэгчид нь насны ч юм уу, урлагийн мэдрэмжийн хувьд хязгаарт баригдах нь ээ дээ. Залуус зорьж очоод үзэх шоу мөн үү гэж асуух гээд байна л даа?

-Товчхондоо наадмаар гэр бүлээрээ үзэх шоу гэж хэлмээр байна. Зорьж ирсэн залуусын хувьд уйдах цаг гарахгүй. Уртын юмуу, ардын дуу гэхээр хятад торгон дээл өмссөн нэг нөхөр гарч ирээд гараа урдаа бариад хангинуулчихдаг гэсэн нийтлэг ойлголтыг эвдэх учраас уйдахгүй. Операг хэд ч үзээд уйддаггүй шиг гэмээр юм уу. Э.Амартүвшингээс дуурьт дурлагчид уйддаггүй нь цаанаа шалтгаантай. Зөв сайн байхын үнэ цэнэ л дээ. Ганган гэж үг байна аа, гоёос ч илүү сайхан гэсэн утгатай. Үг нь хүртэл ганган. Яалт ч үгүй гоё юмыг ганган гэхээс аргагүй. Ер нь ардын дуу аялгуу, өгүүлэхүйн хувьд ганган. Уран бүтээлчийн хувьд хэлэхэд монголчууд урлагаараа дамжуулж өөрийгөө нээх, өөрсдийгөө танин мэдэх цаг болсон. Өөр рүүгээ өнгийж, дотоодоо ухаж сэрж чадвал яадгийн тод жишээ нь дэлхийг шуугиулж яваа The Khu хамтлаг.

-The Khu хамтлагаар жишээлсэн чинь санаанд бууж байна шүү. Legend шоу үндэсний, язгуур урлагийг дэлхий ойлгож, үнэлж, шагшихаар хэмжээнд гаргаж ирэх нь, тийм үү?

-Тэгж ойлгож болно. Монгол гэхээр л бүдүүлэг хоцрогдсон гэх мэт бараан талын төсөөллүүд давамгайлах ёсгүй л дээ. Мөн чанараа нээж, ойлгож, бүтээчихээр цоо шинэ зүйл болоод гараад ирж байгаа юм. Та бид хоёрын яриад байгаа The Khu-гийн Америк, Европыг бишрүүлээд яваа нууц ерөөсөө л энэ.

-The Khu хамтлагийн дууг сонсохоор монгол хөгжимд бас учир байх шиг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Том оркестр удирддаг гадны удирдаачид монгол хөгжим хүчтэй дуугардаг гэдэг юм. Дуугаралтын хүч биш л дээ. Уг, цаана нь өөр хүч байна гэсэн утгатай үнэлгээ. Арай өөр, илүү хүчтэй сонсогдож байгаа тэр мөн чанарыг нь л харуулах хэрэгтэй.

-Legend шоунд ямар хөгжмүүд эгшиглэх вэ?

-Европ, үндэсний гээд бүх л хөгжмийн зэмсгийг ашиглана. Студийн түвшинд бүтээсэн хөгжим ч дуугарна. Хамгийн сүүлийн үеийн программ ашигласан, өндөр хэмжээний дуугаралт сонсогдоно.

-Өмнө нь ийм шоу хийгдэж байсан уу, манайд?

-Хийгдэж байгаагүй. Төстэй гэвэл ганц хоёр бий байх. Дахиад хэлье, хуучин, шинэ цаг нэг түвшинд явна гэсэн үг. Хөгжим дээр гэхэд л заавал монгол дуурьсал байх ёстой гэсэн зарчимд баригдахгүй. Хөгжингүй байх ёстой. Гэхдээ яг цаад талдаа монгол уламжлалт хэв маяг, дуулах ая данг эвдэхгүй. Дуу бүтэн дуулагдахгүй. Хэзээ хойно нэг ая нь дуулагдах ч юм уу, яаж ч холилдож болно. Энэ бол үндсэндээ шоу драм. Түрүүн хэлсэнчлэн олон урлагийг нийлүүлсэн синтез шоу.

-Жилийн жилд л нэг тийм нүсэр залхмаар тоглолт болдог. Уртын дуу, хөөмий, уран нугаралт гээд дараалсан номеруудтай, тэрийг нь үзэгчид бараг цээжээрээ мэддэг. Энэ өнгө эвдэгдэх нь гэсэн олзуурхал төрлөө…?

-Legend-ээс монгол ахуй сүртэй харагдахгүй ч ахуйд шингэсэн философилог чанар, гүн үзэл санаа нь мэдрэгдэнэ. Дорныхон цээж хавтаслах гэж ярьдаг даа. Цээжинд үлдсэн зүйлс гэж. Орчин үеийн нүргээнд энэ маань эвдрээд алга болж байна л даа. Хэлбэр нь эвдрэхээрээ үндэс нь эвдэрчих гээд байдаг. Legend шоу маш орчин үеийн шийдэлтэй, технологи гэх мэт талаасаа супер шоу маягтай болох ч нөгөө талдаа язгуурын, үлдээх учиртай зүйлээ хадгална. Учиргүй эвдэхгүй. Этник бол өөр хөгжим. Манайхан ойлгохгүй байгаа анзаарагддаг. Этник гэхээр уламжлалт гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ этник бол зохиомол. Уламжлалт хэрэгсэл, уламжлалт дэгийг тодорхой хэмжээнд эвдээд, өөр хөгжмийн аяст оруулаад шинэчилж гаргаж ирдэг зүйл. Үүсмэл хэрнээ танигдахуйц. Тэр утгаараа бид дууны урлаг руу явбал үндсээ барина гэж харсан.

-Та Legend төсөл гэж хэд хэдэн удаа ярилаа. Энэ шоу ирэх жилүүдэд үргэлжлээд явах нь ээ дээ?

-Тэгнэ. Цуврал болоод явна. Ирэх жил дуунууд нь солигдоод энэ янзаараа болж магадгүй. Эсвэл өөр хэлбэрээр ч гаргаад ирж мэднэ. Мюзикл, хөгжимт драмын хэлбэрээр гаргаад ирэхийг үгүйсгэхгүй. Миний хувьд уламжлалт чигээ орхихгүй байхсан гэсэн бодолтой яваа. Тайзны хэлбэр дээр бол шинэ рүү тэмүүлэх учиртай. Монголчууд үндэсний урлагаа Бөмбөгөр ногооны үед тайзан дээр арай өөр түвшинд гаргачихсан. Одоо бүр өөр өндөр түвшинд, дэлхийд гаргамаар байна. Дэлхийд гарах гүүр нь Legend төсөл гэж бид харж байгаа. Тэр утгаараа Leg­end бол урт хугацаанд хэрэгжих төсөл.

-Бидний яриад суугаа шиг супер шоунууын тухайд урлагийн ямар ч түвшний мэдлэгтэй хүмүүс нэг дээвэр дор цуглаад автаж, дурлаж сонирхдог төрөл шиг санагддаг. Энэ хэр зөв төсөөлөл бол?

-Зөв гэж хэлнэ. Үзэгч хөгжим, модерн балет, драматургийн талаар ямар мэдлэгтэй орж ирэх нь чухал биш. Бүр гүн мэдлэгтэй хүн орж ирлээ гэхэд мэргэжлийн нарийн зүйлийг олж хараад гарна. Энгийн хүмүүсийн хувьд таашаалаа мэдэрч, хөгжмөө сонсоод гарна. Аль аль талын хэрэгцээг хангана.

-Таны түрүүн хэлсэн хятад торгон дээл өмсчихөөд гараа өмнөө бариад дуулдаг гэсэн шүүмжлэл яалт ч үгүй бодож үзэхээр хатуу үг. Тэгэхээр Legend шоу монгол хувцсыг ч өөр түвшинд харуулах уу?

-Та зөв харсан байна. Хувцас мөн л бие даасан урлаг. Тэр утгаар нь тоглолтын хувцсуудыг нэртэй дизайнеруудаар хийлгэнэ. Энэ мэт чимхлүүр ажиллагаануудыг орхихгүй. Точвхондоо Монголын мэргэжлийн урлагийг Монголын ард түмний тээж ирсэн гоо зүйн үзэл, вкусыг илэрхийлэхүйцээр тайзан дээр гаргаж тавина. Урлагийн маш том үүрэг бол манлайлах, дагуулах. Үзэгчдийнхээ вкусын түвшинг ахиулна гэдэг бол манлайлах үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж байна гэсэн үг.

-Legend шоу хэзээ болох вэ?

-Долдугаар сарын 6-11-ний 19.00 цагт Corporate conven­tion center-т болно. Наадмаар бөх, морь гэсхийгээд үзэх зүйл барагладаг. Энэ жилийн хувьд Legend шоу үндэсний урлагаа дэлхийн хэмжээний чанар дэглэлтээр үзэх боломжийг монголчууддаа олгож байна. Гэр бүлээрээ ирж үзэхэд уйдамгүй, өндөр мэдрэмж, таашаал өгсөн шоу болно. Тайзны бүтээлийн нэг онцлог бий. Кино шиг хэзээ ч давтаж үзэж болдоггүй. Яг тухайн агшны жүжиглэлт, бүжиглэлт, дуулалт эргэж давтагдахгүйгээрээ үнэ цэнэтэй байдаг.

-Legend төслийн бэлгэдэл хээ дүрс их өвөрмөц юм. Утга, бэлгэдэл нь юу вэ?

-Язгуурын нүүдэлчдийн соёлоо өмгөөлөн хамгаалж, арвижуулан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхээ бэлгэддэг зээ бад хээг брэндийн дүрст бэлгэ тэмдэг болгон сийрүүлж буулгасан юм. Энэ хээний хувьд муу зүйлийг хорьж, сайн үйлс саарахгүй дэлгэрч байхын бэлгэдэлтэй. Үхэр хамартай, тэмээн чихтэй, адуун соёо шүдтэй, хонин эвэртэй, ямаан сахалтайгаар дүрслэгддэг хээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Галдаа: Тодорхой хүчин зүйл нөлөөлж байгаа учраас С.Зориг агсны хэрэг сунжирсан

УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан, ахмад прокурор, дэд профессор Б.Галдаатай ярилцлаа.

-Та 1978 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд Ховд аймагт прокуророор томилогдож байсан юм билээ. Тэр үед Б.Галдаа гэж ямар хүн байв, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлж байхад ямар асуудлууд тулгарч байв. Хойч үеийнхэндээ юуг зөвлөх вэ?

-41 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Б.Галдаа Галдаагаараа л байсан. Гэхдээ л хүний амьдралын 41 жил гэдэг их хугацаа шүү дээ. Одоо эргээд бодоход сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхлүүлж байсан үе саяхан юм шиг санагдаж байна. Өнөөдөр энд сууж байгаа цагаан толгой, овоо өтгөн үстэй хар толгой байж. Тэр үед хүссэн хүсээгүй шууд л томилдог үе байлаа шүү дээ. Энэ зарчмаар л би Ховд амгийн прокурорын газар томилогдсон хүн. Дипломыг нь хурааж аваад л тийшээ яв гээд л явуулчихдаг байлаа. Харин миний зорилго өөр байсан. Тэгээд яах аргагүй л томилгоогоор явж, прокурор гэдэг их айлын гал тогоонд орох боломж надад олдсон юм. Хуульч гэдэг хүндтэй, бас хар цагааныг дэнсэлдэг ажил. Хар цагааныг дэнсэлсэн хэрээрээ хүмүүст буян болдог мэргэжил шүү дээ. Шийтгэх хүнийг нь шийтгэхээс өөр аргагүй. Би ийм л маягаар явж, 35 жилийг энэ албанд өнгөрөөсөн. Хүнд үе ч бий. Баярлууштай явдлууд ч тохиолддог. Миний үеийнхэн бүгд л энэ замыг туулсан. Хойч үеийнхэн минь ч энэ замыг туулна. Тиймээс хойч үеийн хуулийн байгууллагынхандаа хандаж хэлэхэд Б.Чимид багшийн хэлсэн “Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой” гэдэг үгийг хэзээд санаж яваарай гэж захья даа. Үнэнийг хэлэхэд бидний ажил хэцүү.

Хар цагаан хоёр, хараал ерөөл аль аль нь үргэлж биднийг хүрээлдэг. Тиймээс ажил үүргээ гүйцэтгээд явж байхад баярлуууштай сайхан үйл явдал ч тохиолддог. Заримдаа даанч дээ гэмээр зүйлүүд ч болдог. Бид нар чинь адилхан л хүмүүс. Ажилтай, амьдрал ахуйтай, сэтгэл зүрхтэй шүү дээ.

-Өнгөрсөн пүрэв гаригт болсон хуульчдын форумаар хуульчийн бие даасан хараат бус байдлын талаар нэлээдгүй хөндсөн. Та 30 гаруй жил энэ салбарт ажилласан. Энэ талаар ярихгүй юу?

-Би долоон ерөнхий прокурорын гар дамжсан. Прокурорын хараат бус байх эсэх өөрөөс нь л шалтгаалдаг. Өөрийн хийж байгаа ажилдаа ямар нэгэн эрх ашиг агуулахгүйгээр хандаж чадна гэдэг бол бие даасан байдлын хамгийн чухал зүйл. Бие даасан байдал гэдэг өөрөө өөртөө эзэн болж байгаагийн шинж шүү дээ.

-Хууль, шүүхийн байгууллагынхны нэр хүнд нэлээдгүй унаад байгаа. Хууль зүйн сайд нь хүртэл “Монгол Улсад шүүх гэж байхүй болсон” гэж хэлэх жишээний. Яагаад ийм байдалд хүрэх болов?

-Монгол Улсад шүүх ч бий, прокурор ч байгаа. Гэтэл өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа үйл явдлуудыг бүхэлд нь харлуулах ийм сэтгэл зүйн дайралт, нийгэмд хүчтэй өрнөчихөөд байна л даа. Энэ бол тодорхой хугацаанд Монголын хуулийнхны алдсан алдааны хор уршиг, үр дагавар нь нийтэд тусч байгаа үйл явц гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, энэ бол зүгээр нэг яриад яваад байдаг сэдэв биш. Шийдэх ёстой асуудал. Шийдэх эрх мэдэл нь хуульчдаас өөрсдөөс нь шалтгаална. Хуулийн байгууллагын удирдлагаас шалтгаална. Мөн хууль тогтоох байгууллагын эрх хэмжээ, эрх зүйн орчноос шалтгаална. Ингэж байж бид гарц олж, эндээс гарах ёстой. Гэм буруутай этгээдийг тогтоож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд хуулийн байгууллагын нэр хүнд сэргэж, хууль ёсоороо ажилладаг орчин нөхцөл үүсэхэд үр дүн өгнө.

-Хууль шүүхийн байгууллагын удирдлагуудын томилгоог улстөржүүлээд байна гэж байна л даа. ҮАБЗ Ерөнхий прокурорыг томилдог болсон шүү дээ. Ингэж болох уу?

-Хууль шүүхийн байгууллагын удирдлагын томилгоо гэдэг түвэгтэй асуудлын нэг. Гэхдээ энд хууль эрх зүйн орчин байгаа л байхгүй юу. Томилгоог ҮАБЗ, УИХ, Дээд шүүх ч хийж болно. Ерөнхийлөгч томилдог тогтолцоо ч байна. Гэхдээ улс төрийн өндөр албан тушаалтнууд хууль шүүхийнхнийг томилсноор тэр хүмүүст улс төрийн дарамт учруулж, хараат байдалд оруулчихаад байна уу гэдгийг нарийн баримттайгаар хэлж чадахгүй. Гэхдээ хардлага нийгэмд байна. Энэ нөхцөл байдлаас ангижрахын тулд ард түмэн төрд сигналь өгч байна шүү дээ. Энэ тогтолцоо чинь нэг л бүтэлгүй байна аа. Хуулийнхан хараат байдалд орчихлоо, улс төрийн нөлөөнд автаад байна. Энэ өрнөөд байгаа хар бараан зүйлс чинь тэд нараас хамааралтай гээд л хамаг зүйлийг энэ тогтолцоо руу чихэж байна. Үүнээс болж хуулийн байгууллага юм уу, тодорхой ажил эрхэлдэг хүмүүсийг ажлаас нь гаргах гарцыг нээж буй хэрэг. Бид хаана, хаанаа бодох ёстой. Үүнийг шийдэхийн тулд тодорхой эзэнтэй нь л ярих хэрэгтэй. Тодорхой буруу булхай зүйлс хийж байгаа хүмүүстэй ярих нь зөв. Тэрнээс нийтэд нь харлуулж ярих нь нийгэмд буруу зүйлсийг улам өөгшүүж, дэвэргэж байна. Ерөөсөө төр байна уу, хууль байна уу, хуулийн байгууллага байна уу гэж ярихад хүргээд байна шүү дээ. Тийм зүйлгүй нийгэм, улс гэж хаана ч байхгүй шүү дээ. Одоо харин үүнийг хэвийн байдалд нь буцаах нөхцөл боломжийг бүрдүүлэх асуудал бол бүгдийнх нь асуудал юм.

-Хууль шүүхийн байгууллагынхны нэр хүндийг унагаж, атгандаа оруулах сонирхол хэсэг бүлэг хүмүүст байна уу гэх хардлага бас байгаад байна?

-Үгүйсгэх аргагүй л дээ. Шүүх бол тусдаа бие даасан институци, Монголын төрийн эрх мэдлийн хуваарилалтын салаа мөчир. Хараат бусаар, хуульд захирагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ шүүхийн байгууллагууд бүгд цэвэр шударгаар үнэнийг дэнсэлж явахгүй байна гэх хардлагаас бид гарахын тулд эхлээд томилгооны тухай асуудлыг ярих нь зүйтэй. Энэ концепцыг Үндсэн хуулинд зөв суулгаж өгөх ёстой. Үүнтэй холбоотойгоор бусад хуульд өөрчлөлтүүд оруулах асуудал ч байна. Гэхдээ энэ томилгооноос илүү нэг зүйлийг мэргэжил нэгт нөхдөдөө хэлье. Бид нар хараат байдалд яагаад ороод байгаа юм. Хэн нэгэн бид нарт чи тэрийг хөө гэхэд л тэрний үгээр яваад байна гэдэг нөлөөнд нь автаад байгаагийн шинж. Хуульчдаас шалтгаалаад байгаа байхгүй юу. Тэд нар зориг гаргаад таны юмыг хийж чадахгүй, шийддэг журмаараа хуулийн дагуу хийнэ ээ гэж зоригтой хэлчихдэг бол тэд нар бидэнд нөлөөлөх нөлөөлөл алхам алхмаар саарна. Магадгүй бид нар тэрийг нь олон нийтэд ил гаргаж, тийм шаардлага тавьдаг субьектүүдыг төрийн албанаас зайлуулах хэрэгтэй. Тэрэнд нь автаад байдаг хуулийн байгууллагын ажилтнуудыг ч мөн төрийн албанаас зайлуулах хэрэгтэй. Ингэж байж, ажил явагдана.

-С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо УИХ-д байгуулагдаад байна. Энэ хэргийг худал илрүүлсэн гэх зүйлсийг яриад байгаа. Шүүхийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг шүү дээ?

-Ганц хэргээс болж, бүх шүүхийг харлуулж болохгүй. Гэхдээ нийтэд цацагдсан мэдээллээс харахад Монголын төр, хууль шүүхийн тогтолцоонд 1937 оноос хойш гараагүй тэр давтамжийг өнөөдөр явуулж байна л даа. Энэ бол аймшиг, эмзэглэхээс өөр аргагүй асуудал. С.Зориг агсны хэрэг дээр ингэж эрүүдэн шүүлт хийж байгаа юм чинь энэний цаана ямар хэрэг дээр хэчнээн хууль бус зүйл үйлдлийг яаж хийснийг хэн мэдэх юм бэ. Энэ бол надад эгзэгтэй асуудлыг төрүүлээд байгаа. Тиймээс эрүүдэн шүүлттэй тэмцдэг эрх зүйн орчинг аятайхан бий болгох хэрэгтэй. Үүнийг ямар ч эзэнгүй хяналтгүй болгочихсон байгаа шүү дээ. Хуулинд нь байгаа ч хэн шалгаж, хэн шийдэх юм гэдгийг хуулиараа хаагаад хаячихсан. Уул нь Мөрдөх албыг байгуулж ийм нөхцөл байдлыг халах эрх зүйн орчныг бүрдүүлээд төлөвшиж байсан.

Энэ албыг байгуулахаас өмнө эрүүдэн шүүлтийн эсрэг эрх зүйн орчин бүр таг байлаа шүү дээ. Гэтэл 2014 онд энэ албыг аваад хаячихсан. Тиймээс энэ хууль эрх зүйн орчин эзэнгүй болсон. Ийм эзэнгүй үйл явц л юмыг хийдүүлж байгаа байхгүй юу. Энэ балагтай үйлдлийн хор уршиг манай хууль тогтоогчдын улс төрийн хүсэл зоригоос улбаатай. Тиймээс үүнийг засч залруулах ёстой. Үүнийг хэвийн голдиролд нь оруулахын тулд парламент нэгийг бодож хоёрыг хийх ёстой гэдгийг ойлгож байх шиг байна. Энэ бол ноцтой асуудал шүү.

-Та С.Зориг агсны хэргийг гарч байх үед Улсын Ерөнхий прокурорт байсан. Энэ хэрэг яагаад сунжрах болсон юм бэ?

-Энэ хэргийн талаар би сайн мэдэхгүй. Тэр хэргийн материалаас нэг хуудсыг ч уншиж байгаагүй. Бусдын ам дамжсан мэдээллүүд дээр дүгнэлт хийхийг хичээдэггүй. Үзсэн харсан зүйл дээрээ л бодитой хандана уу гэхээс. Гэхдээ энэ хэрэг илрэхгүй удаад байгаа шалтаг шалтгаан нь цаанаа тодорхой хүчин зүйл нөлөөлснөөс л болсон байх. Тэрнээс биш манай хуулийн байгууллага ил цагаан гэрчтэй, ил явагдчихсан, баримттай хэрэг дээр анхнаасаа хөөн хэлэлцэх хугацаа дуусан дуустал явж, эцэст нь хэдэн хүн авчирч хилсээр ялтан болгож цэвэрлэж асуудалд хандах учиргүй. Үүний цаана тодорхой нөлөөлөл байгаа учраас л тэр. Энэ л гай болоод байгаа юм. Одоо сүрхий өөрчлөлт гарах гээд байна. Энэ өөрчлөлтөөр л үүнийг төгс төгөлдөр шийдчих юм бол Монголын хуулийн байгууллагын тогтолцоонд том сургамж болох байх. Эрүүдэн шүүлттэй холбоотой ойлголт өнөөдөр гэнэт гараад ирсэн зүйл биш гэдэг ойлгомжтой болоод байна. Хүнийг эрүүдэн шүүсэн нь хамгийн эмзэглүүштэй асуудал болж хувирлаа. Эрүү шүүлтийн хэлбэрээр үгийг нь өөрчлүүлж, өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдаж байгаа нь хүний эрхийн тухайд олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ хол ухарсны шинж. Намайг бухимдуулаад байгаа гол асуудал л энэ юм. С.Зоригийн хэргийг ингэж шийдсэн нь Монголын хуулийн байгууллагын нэр төрийг харлууллаа. Монголын хууль шүүхийн бүх байгууллагыг ийм мэтээр ойлгож, харлуулж хэрхэвч болохгүй, ялгамжтай хандах учиртай юм шүү. Хамгийн ноцтой зүйл бол ард түмний итгэл алдрах явдал. Нөгөө талдаа ард түмэн ч зөв ойлгох хэрэгтэй. Эрүүдэн шүүж ял тулгасан нь хэн бэ гэдгийг олж тогтоохыг шаардах учиртай болохоос Монголын хуулийн байгууллага ялзарчихжээ гэж хандвал Монгол Улс хуульгүй болно.

-Таны хувьд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэрхэн хардаг вэ?

-Хэргийн тухайд миний ганц эмзэглэдэг зүйл бол дээрх хүмүүсийн өмгөөлөгчид нь хаана явсан юм бэ. Хүмүүсийг тэгж их дарамтад оруулж байхад эрх ашгийг нь хамгаалах ёстой өмгөөлөгч ядахдаа хааччихав гэдэг нь анхаарал татсан. Магадгүй өмгөөлөгч гэх хүмүүс нь ч ташуур өгөөд, хамгаалсан нэр зүүгээд дунд нь гүйж явсныг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ хэргийг маш өргөн хүрээнд шалгах хэрэгтэй. Язгуур үндсээр нь гэдэг шиг хоёр тийш нь зааглаж, цэвэрлэж байж жинхэнэ эздийг нь олох хэрэгтэй. С.Зоригийн хэрэг гурвын гурван шатны шүүхээр орсон. Бүх шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болдоггүй хуулийн заалттай. Тэгэхээр одоо С.Зоригийн хэргийн алуурчин биш, эрүүдэн шүүсэн хүмүүст тусдаа ажиллагаа явуулж,тодорхой хүмүүсийг хорьж цагдсан гэж ойлгосон.

Categories
мэдээ улс-төр

Монгол улс, Япон улсын гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол улс, Япон улсын гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 16-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийв.

Талууд ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн чухлыг нотолж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд тогтмолжиж буйг дурдав.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжиж, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэн бүтцийг төрөлжүүлэхэд Япон Улсын Засгийн газар сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн 1 дүгээр шатыг амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглээд, хоёр дахь шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгоход дэмжлэг хүсэв.

Монголын тал Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буй гээд энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг хийх санал тавилаа. Гадаад хэргийн сайд Т.Коно хоёр орны худалдааг хоёр урсгалд тэлэх шаардлагатай байгааг дурдаад цаашид энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Монголын тал Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж ирсэн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн зээл” төслийн дараачийн шатыг хэрэгжүүлэх хүсэлт тавив.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал”-ын концессын гэрээ байгуулах яриа хэлэлцээ амжилттай болж, талууд зарчмын тохиролцоонд хүрээд буйг хоёр тал сайшааж, нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах талаар эрчимтэй ажиллахаар тохиров.

Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжаар баригдсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа Монгол, Япон сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа Сайд Т.Коно баяртай буйгаа илэрхийлж, монголын тал энэхүү эмнэлэг нь манай анаагах ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь оруулахыг талархан тэмдэглэв.

Манай тал Монгол Улсын мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт Японы техникийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүс нутгийн тээвэр, логистик, эрчим хүчний сүлжээг сайжруулахад чиглэсэн санаачилгууд, хөрөнгө оруулалтын төслүүдэд оновчтой байдлаар оролцох сонирхолтой байгаагаа нотоллоо.

Энэ оны 4 дүгээр сард Монгол Улсаас Япон Улсад ур чадвартай ажилтан илгээх тухай хамтын ажиллагааны баримт бичгийг хоёр тал байгуулсныг сайшааж, цаашид тууштай хэрэгжүүлж ажиллахаар болов. Хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ оны 7 дугаар сард зохион байгуулахаар тогтлоо.

Монгол Улс, Япон Улсын хооронд “Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо” байгуулсны 45 жилийн ойн энэ онд тохиож буйг талууд тэмдэглэж, уг ойн хүрээнд болон 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтаж, соёл, урлаг, биеийн тамир, спортын солилцоог өргөжүүлэхээр ярилцлаа.

Сайд Т.Коно Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож буйг Япон Улсын Засгийн газар өндрөөр үнэлдэгийг тэмдэглээд энэ хүрээнд манай Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Энэ удаагийн “Хааны эрэлд 2019” олон улсын хамтарсан хээрийн сургуулилтад Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчнийхэнээс өнөөг хүртэлх хамгийн өргөн буюу 60 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буйг мөн тэмдэглэв.

Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг нотолж, бүс нутаг, олон улсын талбар дахь хоёр талын болон олон талт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж ажиллахаар тогтов. Яриа хэлэлцээ илэн далангүй, найрсаг уур амьсгалд болж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болов.