Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний аюулгүй байдалд чиглэсэн томоохон төсөлд ЦЕГ, Оюу толгой ХХК, Мобиком корпораци ХХК хамтарч ажиллана

Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс орон нутгийн замд үйлдэгдэж байгаа осол, хэргээс урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” аяныг санаачлан, “Оюу толгой” компани болон Мобиком Корпораци ХХК-тай хамтран аяны хэрэгжилтийг хангаж, санхүүжүүлэх тухай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг “Оюу толгой” компани болон Мобиком Корпораци ХХК хамтран 280 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Төслийн хүрээнд 2019 онд Монгол орон даяар замын хөдөлгөөний осол, зөрчлийг бууруулах нөлөөллийн аян зохион байгуулах юм.

“Оюу толгой” компани “Тэг осол зөрчил” уриан доор нэгдэн, аюулгүй ажиллагааг үнэт зүйл, тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг уурхайн цогцолбортоо тусгай стандартаар зохицуулж, аюулгүй ажиллагааны жишиг соёлыг хэвшүүлсэн. Энэ соёлоосоо олон нийтэд хуваалцаж Монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 2018 оноос эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудад олон удаагийн сургалтууд зохион байгуулсан юм.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийг дэмжсэн тэр дундаа хүүхдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал оюуны бэрхшээлтэй хүүхдийн 25 дугаар сургуульд цахилгаан шат барьж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан, Ерөнхий боловсролын 10 дугаар сургуульд “Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг төсөл” хэрэгжүүлсэн, 186-р цэцэрлэгт аутизмтай хүүхдийн анги тохижуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амардаг “Хөдөлмөр” зусланд чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж авч суурилуулах зэргийг дурдаж болно. Эдгээр төслүүдийн дотроос Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төсөлдөө бид онцгой ач холбогдол өгдөг. Иймд ЦЕГ болон Мобиком Корпорацитай хамтран хэрэгжүүлэх төслөөрөө дамжуулан олон Монгол хүний амийг аврахын төлөө ажиллах болно” хэмээн хэллээ.

Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада : Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд зориулсан яаралтай тусламжийн утас 108, ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж зэрэг олон томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, үүнээс үүдэлтэй нас баралтыг багасгах, цаашлаад авто замын хөдөлгөөнд оролцогч иргэдэд мэдлэг олгох энэхүү аяныг Оюу Толгой компанитай хамтран хэрэгжүүлэх болсондоо баяртай байна’’ гэлээ.

Монгол Улс автомашины ослоор жилд дунджаар 500 хүнээ алддаг бөгөөд үүний 10 орчим хувь нь хүүхдүүд байдаг. Мөн олон мянган хүн автомашины ослоос үүдэн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Ослын дийлэнх нь хувь хүний буруутай үйлдлээс шалтгаалдаг тул жолооч бүр хариуцлагаа нэмэгдүүлж эдгээр ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ослоос үүдэх нас баралтын дийлэнх хувь нь хөдөө, орон нутгийн замд харин бэртэл гэмтлийн олонх нь нийслэл хотод тохиолддог. Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн төв Сайншанд явах замд хурд хэмжигч камер суурилуулна. Энэ орчмын замд хүмүүс хурд хэтрүүлэх нь түгээмэл байдаг бөгөөд нас баралтын хувь өндөр байсаар байна. Жишиг байдлаар иж бүрэн камер суурилуулснаар хурд хэтрүүлж, осол аваар гарах тохиолдол буурах юм. Монгол Улс 2020 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй амь нас алдах явдлыг 50% хүртэл бууруулах үүрэг амлалт авсан. Амлалтаа хэрэгжүүлэхэд энэхүү төсөл хувь нэмрээ оруулах юм. Төр, хувийн хэвшлийн уялдаа сайжирч, хамтран ажилласнаар нийгмийн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломж байгааг энэхүү хамтарсан төслөөс харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, хүчтэй шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлэх,
  • Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул баталгаатай гүүр, гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
  • Хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоох эрэгт барьж, суурьшихгүй байх. Үерийн аман дээр суурьшсан бол яаралтай аюулгүй газарт орон гэрээ нүүлгэн шилжүүлэх,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга байгууламжийн эргэн тойронд цахилгааны утас ил гарсан эсэхэд хяналт тавих, сэжигтэй, аюултай тохиолдол мэдэгдвэл холбогдох мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НОБГ-аас сэрэмжлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Хууль бус жагсаал зохион байгуулсан иргэдэд зөрчлийн хэрэг нээсэн

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаал ньхууль зөрчсөн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Ардчилсан намаас зургаадугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт жагсаал зохион байгуулах мэдэгдлийг тус дүүргийн Засаг даргад хүргүүлсэн аж. Харин Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэх боломжгүй гэсэн хариу өгчээ. Гэвч зургаадугаар сарын 11-ний өдөр АН-ын зүгээс жагсаал зохион байгуулсан байна.

Үүний дараа зургаадугаар сарын 12-ны өдөр Гэрлэх ёслолын ордныталбай дээр жагсаал зохион байгуулна гэж бүртгүүүлсэн боловчбайрлалаа өөрчлөн Австрали улсын Элчин сайдын яам байрлах газар буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй дипломат төлөөлөгчийн газар жагсаал хийсэн байна. Иймээста бүхэн жагсаалаа зогсоо гэсэн мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн боловч зогсоогоогүй аж.

Ийнхүү хоёр удаагийн бүртгэлгүй жагсаал зохион байгуулсан учир тус жагсаал хийсэн иргэдэд зөрчлийн тухай хуулийн 5.8.3 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээсэн гэнэ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

“Жагсаал зохион байгуулагч Т.Энхсайхан намайг жагсаал хийсний төлөө баривчлах гэж байна, миний нөхрийг ажлаас нь хална гэсэн гэх зэрэг мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллагаас огт тийм үйлдэл хийгээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж жагсаал цуглаан зохион байгуулах тохиолдолд Монгол Улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг мөрдөж нутаг дэвсгэрийн Засаг даргад бүртгүүлэх хэрэгтэй. Үүнийг зөрчсөн тохиолдолд тухайн иргэн, албан байгууллага, нам бүлэгт мэдэгдэл шаардлага хүргүүлж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардах болно” гэлээ.

Б.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

ТЦА-наас ард иргэдэд сэрэмжлүүллээ

Хөдөө орон нутагт зорчих хэсгийн хөдөлгөөнийг зарим хэсэгт хязгаарлаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал:

“Өнгөрсөн амралтын өдрүүдээр орсон усархаг борооны улмаас Улаанбаатар хотоос 117 км зайд орших Төв аймгийн Лүн сумын Баянхангайн нутагт орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байгаа.

Өнөөдөр орой буюу зургаадугаар сарын 17-ны18:00 цаг гэхэд хэвийн үйл ажиллагаанд нь оруулна гэж байгаа боловч энэ хугацааг сунгаж магадгүй нөхцөл байдалтай байна.

Мөн Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн Мандалговь сум руу явах замын 70 км-т зорчих хэсгийн нэг эгнээ нь бүхэлдээ усанд автаж, Төв аймгийн цагдаагийн алба хаагчид газар дээр нь ажиллаж байна.

Зөвхөн эдгээр чиглэлийн замууд ч гэлтгүй хөдөө орон нутгийн бусад чиглэлийн зам эвдэрч хөрс нь суларч, зам тээврийн осол гарах аюултай болсон байгаа. Тийм учраас зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж хурдаа тохируулж явах шаардлагатай байна.

Өчигдөр Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хот руу чиглэлтэй зам дээр Toyota Land cruiser 100 маркийн авто машин онхолдож таван хүн газар дээрээ нас барж, нэг хүн хүнд гэмтсэн ноцтой осол гарсан.Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа. Тиймээс иргэд маань замын хаасан байгаа хэсгүүдэд зорчихдообатлагдаагүй шороон замаар битгий яваачээ гэж хэлмээр байна” гэлээ.

Г.БУЯНХИШИГ

Categories
мэдээ нийгэм

​ЭЕШ өгч буй сурагчид журмаа мэдэхгүй байна гэв

ЭЕШ өнөөдөр улс орон даяар эхлээд байгаа билээ. 23 дугаар сургууль дээр очиж шалгалтын үйл явц хэрхэн өрнөж байгааг сонирхлоо.

ЭЕШ-ын материалыг шууд засаж буй шилэн технологи бүхий машин нь цагт 2800 хуудас засах хүчин чадалтай аж. Нэг заалны шалгуулагчдын материалыг хоёроос гурван минутад засаж байна. Энэхүү технологийг өмнө жил Ховд болон Орхон аймагт туршиж байсаг бол энэ жил орон даяар нэвтрүүлжээ. УБ хотод шалгалтын 10 төв байгаа бөгөөд улсын хэмжээнд 18130 сурагч ЭЕШ өгч байна.

Боловсролын үнэлгээний төвийн захиргааны хэлтсийн дарга Ш.Шижир-Эрдэнэ: “Энэ жилийн шалгуулагчид цагийн менежмент муутай байна. Мөн бичиг баримт дутуу, гар утас болон бусад ухаалаг хэрэгслийг авч ирж байна. Энэ нь шалгуулагчид ЭЕШ-ын журамтай танилцаагүй байгааг харуулж байгаа юм. Бид дутуу бичиг баримтыг нь бүртгэлийн дугаар, нууц үгээр нь энд гаргаж өгч аль болох шалгалтад оруулах талаас нь анхаарч ажиллаж байна. Хонх дуугараад шалгалт эхэлсэн тохиолдолд орох боломжгүй” гэв.

Б.ОЮУНГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

“Discover Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадоржийн гэргий М.Золжаргал Сингапур Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний гэр бүлүүдэд зориулан Монгол Улсын түүх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын талаар сурталчилан таниулахыг зорьж 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдөр “Discover Mongolia” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Т.Лхагвадорж “Discover Mongolia” сэдэвт Монгол руу хэрхэн аялах, аялалын хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, aялалын маршрут зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавив.

Түүнчлэн Монголын үзэсгэлэнт байгаль, түүхэн нутаг дэвсгэрээр 20 гаруй удаа олон тооны жуулчидтай хамт аялсан Сингапурын иргэн Скотт Тай-ыг тусгай зочноор урьж, Монголын өнцөг булан бүрээр аялсан сэтгэгдлээс нь зочид төлөөлөгчидтэй хуваалцав. Тэрбээр хэлэхдээ, энэхүү аялал нь соёл иргэншил, хүмүүсийн амьдрал болоод газар нутгийн талаарх жинхэнэ туршлага болон үлдсэн талаар онцолсон юм. Хүрэлцэн ирсэн 30 орчим орны төлөөлөгчид эрт цагаас улбаатай арвин баян түүхтэй Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтад, тал нутаг, түүх соёлыг шагшин магтсан төдийгүй Монгол орноор аялах ихээхэн хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Мөн Дипломат корпуст зориулсан тухайн арга хэмжээний үеэр Сингапур дахь Элчин сайдын яамнаас санаачлан “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн фото зургийн үзэсгэлэн гаргаж Монголын аж ахуй, амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, ёс заншил, биет болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг олон нийтэд сонирхууллаа.

Categories
мэдээ нийгэм

​“Гулзатын санаачилга” ТББ Увс аймгийн Засаг даргыг хууль зөрчсөн гэв

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Гулзатын санаачилга” ТББ-аас тус аймгийн Засаг даргыг хууль бус үйлдэл хийсэн хэмээн мэдээлэл хийлээ.

Тус ТББ нь 2007 онд Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын хил залгаа агнуурын нөөц газрыг хамгаалах, зохистой ашиглах, нутгийн иргэдэд агнуурын менежментийг таниулах зорилгоор аргаль, угалзыг хамгаалан ажиллаж эхэлжээ.

2016 онд тус аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн Д.Батсайхан нь “Гулзатын санаачилга” ТББ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцон гүйцэтгэх захирлыг томилох, “Ан агнуурын менежмент түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай” Увс аймгийн Засаг даргын 2015 оны А\583 тоот захирамж, 2015 онд байгуулсан “Гулзат” ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээ зэргийг хүчингүй болгосон, 2017 онд дотоод бүтэц, төлөвлөгөөгүй “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д орон нутгийн хамгаалалттай бүс нутгийг хариуцуулсан захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-г зөрчсөн гэж үзсэн аж.

“Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Хүрэлбаатар “Аймгийн ИТХ-аар баталсан менежментийн төлөвлөгөөнд нэг жилд 6 хүртэлх аргалийг агнуулж болно гэж заасан байдаг. Өмнөх жилүүдэд 2-4 аргаль агнаж байсан. 2017 онд БОАЖЯ-нд 6 аргаль агнуулах захиалгыг Засаг дарга 10 болгон батлуулсан” гэв.

Т.ЛХАМСҮРЭН

Б.АМИНАА

Categories
мэдээ нийгэм

ХНХ-ын сайд С.Чинзориг: “Капитал” банкны өрийг энэ сарын сүүлчээр барагдуулж эхэлнэ

“Капитал” банк татан буугдсантай холбоотой нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг гацаанд ороод байгаа. Эл асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Монголбанкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлийн хүсэлтээ гаргахаар ажиллаж байгаа аж.

ХНХ-ын сайд С.Чинзоригийн тайлбарласнаар “Капитал” банкны өрийг энэ сарын сүүлчээр барагдуулж эхлэх юм байна.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах үүднээс хуулийн хүрээнд Засгийн газрын бонд болон Монголбанкны үнэт цаасыг худалдан авахаас гадна арилжааны банканд байршуулдаг бөгөөд нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг Монголбанкны бодлогын хүүн дээр нэмэх нь 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулахаар яригдаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“ZOS pro design” ХХК—ийн үүсгэн байгуулагч Б.Золзаяа: Хэцүү байна гэдэг илүү их хичээ гэсэн үг болохоос боломжгүй гэсэн үг биш


Сайн байна уу. Урилгыг минь хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Юуны өмнө манай сайт уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу. Энэ өдрийн мэнд. Намайг Золзаяа гэдэг. Би нийгмийн ажилтан мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажилладагүй, модон дээр лазераар зурах урлагийг сонирхоод уран бүтээлээ туурвиад явж байна даа.

Хэзээнээс энэ урлагийг сонирхож эхэлсэн бэ?

Анх модон дээр лазераар зураг зурж байгааг хараад надад маш сонин санагдсан. Мод түлээд гарах үнэр нь хүртэл байгалийн их гоё дотно үнэр байсан. Би шинийг сэтгэж, өөрийгөө сорих дуртай. Тиймдээ ч модон дээр ийм юм хийвэл гоё санагдаад тэр өдрөөс хойш зогсоо зайгүй бодох болсон. Тэгээд судлаад үзсэн чинь энэ нь урлаг тал руугаа бүүр хөгжөөд хөлөө олчихсон зүйл байсан л даа. Хийе бүтээе гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн анх эхэлж байсан даа. Бүтээл хийж эхлээд нэг жил өнгөрсөн байна.

Анх эхэлж байхад гарч байсан бэрхшээл юу байв. Хийх арга барилаа хэрхэн олж авч байв?

Мэдээж анх эхэлж байхад зөндөө л шантрах үе байсан. Тухайн үед би олон улсын найрамдал зусланд багшилж байлаа. Хамт ажилладаг хоёр багшдаа ийм юм хиймээр байна гэж хэлтэл тэр хоёр маань ч намайг дэмжсэн. Тэгээд урам ороод хийж эхэлсэн. Анх хүүхдүүдэд чиглэсэн тоглоом болон эко зүйл хийе гээд зөндөө олон санаатай байлаа. Гурван ширээ, гурван нөүтбүүкнээс өөр юу ч байхгүйл эхэлсэн. Лазераар зурж сурахын хувьд гэвэл “Youtube багш” -аасаа олон зүйл сурсан даа. Анх программаа ч ажиллуулж мэдэхгүй. Нэг товчин дээр дараад л аан энэ нь ингэдэг байх нь гээд уйгагүй оролдож байсан. Машинаа анх хараад бүр тэвэрмээр л санагдаад байж билээ. Яаж комманд өгөх, хэрхэн ажиллуулахаа ч мэдэхгүй байсан шүү (инээв).

Ажлын анхны гараа маань Олон улсын найрамдал зуслангаас эхэлсэн.Туршлага, цагийн төлөвлөлтбайхгүй болохоор их л сандарсан улсууд ийш тийшээ гүйгээд л, бүтээлээ гарсны дараа уутлах, угсрах ажилдаа орно. Ингэж завгүй ажиллаж байхдаа хааяа нэг багийнхан руугаа харахаар нүд нь улаанаараа эргэлдсэн хүмүүс л байж билээ.Тэр дунд хоорондоо муудах үе ч гарна. Ажлаа хийж байгаад зүйрмэглэнэ,хорь хорин минутын зайтай ээлжилж унтаж нойроо зохицуулдаг байлаа. Тэгээд дөнгөж дуусгаад Найрамдал зусландаа хүлээлгэж д өгчихөөд бүр хотод ирчихсэнийхээ дараа сая нэг юм нэг нэгнийхээ царайг хараад “Тийм ээ, бид чадчихлаа” гээд хашгиралдаад тэврэлдэж билээ. Хүүхдийн буян заяа түшдэг болов уу, гэгчээр манай байгууллагын ажил маш сайн бүтдэг дээ.

Мэргэжлийн ажлаа орхихдоо харамсаж байсан уу. Ийм шийдвэр гаргахад ар гэрийнхэн чинь эсэргүүцэж байв уу?

Үгүй ээ. Надад ялгаагүй санагдаж байсан. Нийгмийн ажилтан бол хүмүүстэй харьцаж тэдгээрийг хэрхэн хөгжүүлэх тал дээр ажилладаг бол энэ ажил мөн л ижилхэн. Хүнд ямар шинэ зүйл зориулж хийж өгөх вэ. Захиалсан тэр хүндээ зориулсан бүтээлээ сэтгэлд нь нийцтэл яаж хийх вэ гээд л ухаан зарж хийдэг болохоор адил санагддаг.

Анх гэр бүлдээ хэлэлгүй эхэлсэн. Хийгээд байр сууриа олмогц хэлье гэсэн бодолтой байлаа. Тэгээд хэлсэн чинь залуу хүн юм чинь үзээд л алдахгүй юу гээд нэг их тоогоогүй. Өөрийнхөө хүссэн зүйлийг л хий гэсэн. Одоо бодоход, намайг үргэлж чимээгүйхэн дэмжиж байдаг хүмүүс бол миний гэр бүл, яалангуяа ээж маань. Ар талыг найдвартай авч явдаг даа. Тууштай байна гэдэг л хамгийн чухал зүйл гээд үргэлж намайг зоригжуулдаг. Энэ завшааныг ашиглан “Ээждээ хайртай шүү. Ажилдаа бүх цагаа зориулахад ар гэр үргэлж хоцрогдож байдаг. Тэр болгоныг болгож та минь л зохицуулж байгаа. Охин нь тэр л урмын тань үгээр өдий зэрэгтэй явдаг шүү, тандаа баярлалаа” гэж хэлмээр байна.

Хамгийн анхны бүтээлээ хараад төрж байсан сэтгэгдлээ хуваалцвал?

Анхны бүтээлээ хараад хэзээ тэр мундгуудыг гүйцнэ дээ л гэж бодож байсан. Эхэндээ их болхи хийж байжээ. Гэхдээ сайн ч муу ч бүх бүтээлээ хадгалдаг. Харах бүртээ тухайн үед хийж байсан үе маань нүдэнд харагдаад байдаг. Одоо ч болоогүй байна илүү хөгжүүлнэ дээ л гэж боддог. Хийх юм, сурах зүйл ч их байна.

Модон дээр зураг зурах хүсэлтэй хүмүүст зориулж сургалт хийдэг үү?

Сургалт явуулах төлөвлөгөө гэхээсээ илүү хүсэл бол байна. Мэдээж хэрэг энэ зүйлийг олонд таниулмаар байна. Яагаад гэвэл энэ бүтээлүүд маань эко, байгалийн зүйл учир. Хийж байгаа мод нь ямар ч өө сэвгүй, яргүй байх естой. Тэгж байж л цэвэрхэн сайн, нарийн бүтээл болж чаддаг. Магадгүй сонирхсон хүмүүс байх юм бол компьютерийн корел гэдэг программыг эзэмших хэрэгтэй. Тэгвэл энэ зүйлийг хийхэд шинэлэг санаа л байхад болно. Лазерийн машин бусдыг нь гүйцэтгэчихнэ.

Хүний хүслийг буулгана гэдэг хэцүү. Ихэнх хүмүүс “Би нэг иймэрхүү л юм хийлгэмээр байна, гэхдээ яг ямрыг нь мэдэхгүй байна. Тийм болохоор өөрөө мэдээд хийчих” гэдэг. Тэгээд бодож эхэлнэ дээ. Зарим хүмүүс өнгөлөг зүйлд дуртай байдаг. Манай бүтээл бол өнгөгүй, натурал. Өөрийнхөө яаж шарагдаж байгаа яг л тэр хэвээрээ гардаг. Нэг үеэ бодоход хүмүүс эко бүтээл, цор ганц надад зориулсан зүйл гэдэг утгаараа ч гэх юм уу их сонирхдог болжээ.

Тунгалаг акрил дээр фото зураг буулгах надад маш таалагдаж байгаа. Шилэн дээр л зураг буулгаж байгаатай ижил юм. Харахад цаанаа л нэг цэмцгэр шүү. Энэ тал дээр өөрийгөө илүү хөгжүүлье гэж бодож байгаа.

Үнэ ханшийн хувьд ямархуу байдаг вэ. Мэдээж хэмжээнээсээ хамаарч үнэ нь өөр өөр байдаг байх?

Үнэ харилцан адилгүй байдаг. Хэмжээнээсээ хамаараад, гар ажиллагаа хэр зэрэг орохоосоо шалтгаалж үнэлгээ нь арай өөр болдог. Аль болох л дундаж үнээ барихыг хичээх боловч жижигхэн хэрнээ материал их шаарддаг зүйл ч бас бий. Тийм болохоор үнээ тэд гээд тогтоон барих хэцүү шүү. Зарим тохиолдолд надад ийм л мөнгө байнаяах уу гэхээр нь аль болох л тааруулаад хийх гэж хичээдэг дээ. Хүмүүс өөрийнхөө гараар бас нэмж ямар нэг зүйл бичиж, зурж болдог. Зөвхөн дэвсгэр фото зургийг нь гаргаад өгөхөөр дээр нь бичиж, зурж болдог. Онцлог зүйл гэх юм бол илүү деталь, чимхлүүр ажлыг хийдэг. Ер нь гар ажиллагаа ихтэй. Урилга, өргөмжлөл, хүүхдийн тоглоом, сувинер, фото зураг, CD-ний хайрцаг, цагийн хуваарь, машины урд тавьдаг утасны дугаар, сүлд модны тоглоом,аксессуар, модон дээрх шошго, номын хавчуурга, энгэрийн тэмдэгний гаднах хайрцаг, дотор хаяг, нэрийн хуудасны хайрцаг гээд л бүх зүйлийг хийж үзэж байгаа. Цаашдаа сэтгээд илүү олон төрлийн зүйлсийг хийх хүсэлтэй байна.

Танай ажлын уур амьсгал их таалагдлаа. Ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?

Манай ажлын нэг өдөр өглөөний кофетой ярилцлагаар эхэлдэг. Энэ бол өдрийн хамгийн үр бүтээлтэй хэсэг байдаг. Бид эсгийг модтой нийлүүлж бүтээл гаргахаар туршиж байгаа. Ажлын хуваариа эсгийгээр хийж үзсэн. Хоорондоо инээлдээд л ярилцаж байхад тэндээс шинэ санаанууд урган гардаг юм.Бас нийгэмд шинэ содон зүйл юу байна гэж эрэлхийлцгээдэг. Энэ хэсгийг бид өөрийгөө хөгжүүлэх цаг гэж нэрлээд байгаа л даа.Санаагаа туршиж хэрэгжүүлж үздэг. Ганцхан бүтээлийг гаргахын тулд асар олон туршилт хийдэг. Ачаалал ихтэй үед бол энэ цагийн хуваарь маань таг зөрчигдөнө шүү дээ. Захиалагчидцаг нь тулчихлаа, яаралтай гаргаад өгөөрэй гээд л гүйгээд ирдэг. Биднийг гээд зориод ирсэн хүмүүсийг амжихгүй ээ гээд буцааж чаддаггүй. Хонож өнжөөд л хийнэ дээ.Оо, сойзоо хүртэл ажил дээрээ аваад ирчихсэн.Ер нь ажлын байр бол хүний хоёр дахь гэр учраас аль болох тухтай болгож тохижуулахыг хичээсэн.

Мэргэжлээ орхин байж шинэ зүйл эхлүүлсэн байхыг харахад би таныг их зоригтой хүн гэж дүгнэлээ. Залууст хандаж юу гэж хэлмээр байна?

Өөрийнхөө хүссэн зүйл рүү явах юм бол хүн илүү аз жаргалтай, үр бүтээлтэй байдаг. Зориглоод үз, алдаад үз.Хийж байгаа зүйлээ шантралгүйгээр, тууштай хийж байж үр дүн нь харагдана. Тэрнээс биш дөнгөж эхлээд л энэ асуудалтай юм байна, хэцүү байна гэсэн бодлоор хязгаарлагдаад байвал цаашаа явж чадахгүй. Хэцүү байна гэдэг илүү их хичээ гэсэн үг болохоос биш боломжгүй гэсэн үг биш. Нэг, хоёр, гурван хэцүү даваа байлаа гэхэд цаана нь хамгийн сайхан зүйл нь хүлээж байдаг. Чиний чадчихлаа гэсэн итгэл.

Энэ эмэгтэйтэй ярилцаж байхад түүнээс хүсэл тэмүүлэл, шинийг хийж бүтээх гэсэн өөдрөг мөрөөдөл, бусдыг хэрхэн баярлуулах вэ гэсэн сэтгэлийг олж харсан. Надад гэнэтийн бэлэг бариад “Өдрийн сонин” гэсэн бичигтэй түлхүүрийн оосор бэлэглэсэн. “Ямар гоё юм бэ. Баярлалаа ” гээд намайг инээхэд “Энэ л миний ажлын хамгийн сайхан хэсэг. Хийсэн бүтээл минь тухайн хүндээ таалагдах хамгийн сайхан мэдрэмж байдаг. Захиалагчдаа таалагдахгүй бол яана аа гээд шөнө нойр хүрэхгүй үе ч бий шүү дээ” гэж хэлээд инээмсэглэсэн.

У.УРАНБИЛЭГ

Categories
мэдээ нийгэм

С.Нарангэрэл: Монголчууд энэ дэлхийн хамгийн жудаггүй ард түмэн болсон

“Монголчуудын үнэт зүйл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Хуралд Монголын нэр нөлөө бүхий эрдэмтэн шинжээчид, судлаачид бүгд ирсэн байв. Тус хурлаас “Монголчуудын ёс суртахууны үнэт зүйл” сэдвээр Академич, МУИС-ийн эмирет профессор С.Нарангэрэл илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг онцлон хүргэж байна.


ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ МӨНХИЙН ЗҮЙЛ ЁС СУРТАХУУН БОЛОХ НЬ

Хуулийн амин сүнс гэж байх ёстой. Хуулийн амин сүнс нь тэгэхээр юу байдаг, хаана байдаг вэ гэдгийг судалж гаргахгүйгээр үүнийг ойлгох боломжгүй. Энэ судалгаа нь маш олон талтай. Квантын физик, тархи судлал, түүх, сэтгэл судлал, хэл шинжлэл, урлаг, утга зохиол, соёл, мөн гадаад дотоодын бүх эрдэмтэн мэргэдийн сургаал, номлол, үзэл баримтлал гээд олон зүйл орно. Судалгааны объект нь өвөг дээдэс, хойч үе, тэр бүү хэл гэнэт улс төрд гарч ирэн, улс орныг самарчихаад хүнд харагдах ч эрхгүй болсон хүмүүсийг бүгдийг нь судална. Аливаа төсөл, судалгаа, шинжилгээ анализ нь авч үзэж байгаа ойлголтынхоо нэр томьёо, агуулга хоёр дээр онцгой анхаардаг. Ёс суртахууныг тодорхойлсон гурван нэр томьёо бий. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуун гэнэ. Философичид үүнийг ёс суртахууны тухай шинжлэх ухаан, сэтгэлгээ, үе үеийн суут сэтгэгчдийн үр дүнгээр тодорхойлолтыг гаргаад ирнэ. Зарим ном сударт ёс суртахууныг “мэргэжлийн хувьд яривал ёс зүй гэнэ” гэж бичжээ. Зан суртахууныг хувь хүн дээр яригдах асуудал гэнэ. Нийгэмд олон хүмүүстэй харилцаад ирэхээр зан суртахууны тухай яриа үүснэ.

Ёс суртахуун гэдэг нь үүсмэл биш, ялангуяа Квантын физик, таталцлын хууль нээгдсэнээс хойш, сүүлийн 100 хүрэхгүй жил тархи судлалын шинжлэх ухаан буюу анагаахын шинжлэх ухааны ололтын үндсэн дээр ёс суртахууныг “Сэтгэцийн хувьд эрүүл саруул хүнд заяагдсан төрмөл өгөгдөл” хэмээн тодорхойлжээ. Хүн эхээс төрөхдөө ёс суртахуунлаг өгөгдөлтэй төрдөг. Энэ нь шударга, нинжин нигүүлсэнгүй, жудагтай, хайр энэрэлтэй байхыг, нэр төрөө эрхэмлэх, тэсвэр тэвчээр, атаа жөтөө өс хонзон өвөрлөхгүй байхыг боддог, өөрийн үнэ цэнээ алдахгүй байхыг бодох төрөлхийн өгөгдөл ажээ. Хүн гэдэг амьтан оюун ухаан, оюун санааны энергийн хуримтлалын бай. Тэр энергиэ өөрөөсөө үйлдвэрлэдэг, бусад нь долгионыг хүлээж авдаг, хариу үйлдэл үзүүлэн тэр долгион нь бие биенээ татдаг, амьд амьтны ижил зүйлс гэсэн онолыг нээсэн.

Ёс суртахууныг судлахад эртний зүйр цэцэн үг, домог, сургаал зэргийг судлах хэрэгтэй. Хүн арван нас хүртлээ ёс суртахуун нь тархинд суудаг. Арван нас хүрчихээд эвдрэх үү, эсвэл сайн хүн болох уу гэдэг нь тогтоогддог. Тэрнээс хойш хүүхдийг залж чиглүүлэхэд түвэгтэй болдог. Эхийн гэдсэнд байхаас 11-12 нас хүртэл л хүний ёс суртахууны зан төлөв нь тогтдог гэж ойлгож болно.

МОНГОЛЧУУД ЁС СУРТАХУУНЫХАА ҮНЭТ ЗҮЙЛИЙГ АЛДСАН НЬ

Аливаа улс үндэстэн үнэт зүйлээ судлахын тулд түүхээ судлах ёстой. Наад зах нь 1000 жилийнхээ түүхийг үнэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн Монголын түүхийг бидний эсрэг тал, дайсан байсан хүмүүс аль 800 жилийн өмнө бичээд өгчихсөн. Тэр түүхээ бид хөгшин залуугүй мэднэ, шүтнэ. Арван гуравдугаар зуунд Чингис хаан гэдэг аймшигтай амьтан гарч ирээд дэлхий дахиныг түйвээгээд, тэнд ч хүний ясаар уул овоо босгоод, энд ч устгал хийгээд, дэлхийн хамаг үнэ цэнэтэй бүхнийг цөлмөөд, эх орондоо аваад ирсэн. Ийм л түүхийг бичиж үлдээсэн. Өнөөдөр Чингис хааны алж талж, цөлмөж олсон тэр үнэтэй соёлын өв Монголын газар шороон дээрээс олдсон уу гэвэл олдоогүй. Тэр үед Чингис хаан их улсаа байгуулахад хүн ам нь 700-800 мянга, насанд хүрээгүй хүүхдүүдээ цэрэгт татаад 100 мянга хүрдэггүй. Тийм л хүн амтай байсан. Анх байгуулагдахдаа газар нутаг нь урд тал нь Хятадын цагаан хэрэм, баруун талаараа байгал далайн цаад Эрчис мөрөн, хойд талаараа Сибир, зүүн тал нь Хянганы нуруу хүрч байж. Чингис хаан өөрөө өвөг дээдсээсээ эхлээд асар өндөр ёс суртахуунтай. Тэр ёс суртахуунаараа монголчуудаа, дэлхийг хамтатгасан.

Ёс суртахууны тухай дэлхийн их сэтгэгчид долоо эрэмбэлсэн. Энэ их сэтгэгчдэд Аристотель орно. 2500 жилийн өмнө Европт Аристотель ёс суртахууныг судалжээ. Гурван том бүтээл нь орчуулагдчихсан байгаа. Аристотель дүгнэхдээ “Ёс суртахуун гэдэг бол хүний хувьд заяагдмал. Харин тэгш биш байдаг” гээд хэлчихсэн. Яг тэр үед нь Ази тивд Күнз тэр судалгааг хийжээ. Түүний дүгнэлт “Хэрэв эзэн хаан өөрөө шударга байвал, хууль эс гаргасан ч эгэл ард түүнийг дагана. Хэрвээ эзэн хаан өөрөө шударгуу бус байвал, хууль хичнээн олныг гаргасан ч эгэл ард эс биелүүлнэ” гэсэн байдаг. Энэ нь 500 жилийн өмнө гарсан сургаал. Үүнийг өнөөдрийнхөө амьдралтай харьцуулаад үзэхэд аль 500 жилийн өмнө монголчуудын өнөөгийн амьдралыг Күнз хэлчихсэн гэж харж байна. Өнөөдөр хүн төрөлхтөн ёс суртахуун, хууль хоёрыг салгаад хүн төрөлхтөн сүйрэх тал руугаа орсон байна. Ганцхан Монгол ч биш дэлхий даяар сүйрч байна. Тэгэхээр хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл ёс суртахуунд нь байдаг юм байна. Ёс суртахуун нь сайн байвал хүн төрөлхтөн аз жаргалтай, амар жимэр амьдарна.

Монголчуудын ёс суртахуун хаана гээгдсэн гэвэл Чингис хаан дээр жишээ татахад Хоризм руу Чингис хаан яагаад довтлох болсон. Дэлхийд Чингис хааныг хамгийн их гутаасан үзлүүд явдаг. Тийм эх сурвалжуудыг зориуд тарааж үлдээсэн газар бол Перс. Перст байгаа ихэнх их сурвалжууд монголчуудыг хамгийн аюултай, үл бүтэх, алж хядсан ард түмэн гээд бичээд үлдээчихсэн. Түүнийг зориуд хийжээ. Яагаад зориудаар үүнийг хийх болов. Чингис хаанаас өс хонзон авах гэж. Тэр үед Чингис хаан хүчирхэг байсан болохоор бүх л улс дагаар орсон. Хоризмтай (одоогийн Сири, Иран, Ирак)-тай хиллэдэг байж. Тэгээд Чингис хаан худалдааны замыг аюулгүй болгож, анхны лалын наймаачид ачаа бараагаа дааж ядан орж иржээ. Тэднийг буцахад нь Чингис хаан Хоризмын Шахад илгээлт бичиж “Чи нутагтаа их алдартай. Одоо наймаачид худалдаагаа хөөгөөд яваг. Би бас өөрийн худалдаа наймааг танай нутагт чөлөөтэй явуулья” гэх маягийн илгээлт явуулж. “Монголын нууц товчоо”-нд 100 тэмээ ачаатай наймаачид явуулсан гэж гардаг. Бусад их сурвалжид 300 тэмээ гэх олон янзаар бичдэг. Гэтэл тэрийг нь лалынхан алж талаад нэг нь амьд үлдэж, Чингис хаанд хэл хүргэсэн байна. Түүнийг нь Чингис хаан сонсоод Хоризмын Шах биш байх гэж бодоод дахин гурван илч явуулсан байдаг. Гэтэл гурван илчийг нь бас талснаас нэг нь үхэхээсээ өмнө хэл хүргүүлж, түүнийг сонссон Чингис хаан гурван өдөр, гурван шөнө Бурхан халдун “Арабын тэнгэр, Түрэгийн тэнгэр, Тажийн тэнгэр намайг харж байгаа. Би энэ улсыг бий болгосон. Гэхдээ би энхийг тогтоох ёстой” гээд их цэрэгтэйгээ дайлаар мордож. Гэтэл үүнийг нь Арабын эх сурвалжууд гуйвуулж, дээрэм тонуул, ашиг хонжооны зорилгоор Хоризмыг алж хядсан гэж бичсэн байна. Гэтэл монголчуудын ноёрхсоны 140 жилд урд талаа агуу их Хятад болгоод өгчихсөн. Оросыг Европ Ази дагнасан их гүрэн болгосон. Арабыг дэлхийн хамгийн баян улс болгож. Ингээд монголчууд хөгжил дэвшил авчирсан түүхийг дараагийн үеийнхэн нь дахин судлах ёстой. Тэгж байж Монголын түүхийг үнэн зөвөөр нь дэлхийд таниулна.

Монголчууд үндэсний эв нэгдлээ алдаад эхэлсэн. XIV зууны үед. Энэ үеэс эхлээд гадны туслалцааг авах гэж дотоодын цус асгаруулалтаа эхлүүлжээ.

Тэр үед монголчууд нүүдэлчин мөртлөө, засгийн эрхээ алдсан. Тэгээд Манжийн хаанд хандаж. Манжууд тэгвэл та нар дагаар ор, би та нарт хууль гаргаж өгье, хуулиндаа дотоодын засаг ноёдын чинь эрх мэдлийг хэвээр үлдээе, хятадуудыг монгол эхнэр авахыг хориглоно, хятадууд нутаг руу чинь орж тариалан эрхлэхийг хориглоно гэж XVII зууны гадаад монгол бичигт үлдээж, монголчуудын элит хэсэг санаа нь амарчихсан. Тэгээд 220 жил дарлагдаад ерөөсөө дарлалаас гаръя гэж шийдээд урд талд найдалтгүй боллоо. Одоо тэгвэл хойд талаа түшнэ гээд 1910-аад оны эхээр Богд хааны нөлөөг ашиглан, хойд талтай холбоо тогтоосон. Ардын хувьсгалын дараа тэр үеийн зүгээр нэг малчин юмуу, элит биш хэсэг засгийн эрхэнд гарсан. Тэр үед нь алтан ургийнхан, хутагт хувилгаадууд амьд байсан ч засгийн эрхийг атгаж чадахаа байсан. Тиймээс коментерноос туслалцаа гуйсан. Коментерн “та нар феодлизмын хоцрогдол гэсэн нэр томьёо бий” болгоод “тэдэнтэй хайр найргүй үзнэ” гээд анхныхаа үндсэн хуулинд тэдний улс төрийн эрхийг хаасан. Дараа нь хөрөнгийг нь хураасан. Тэгээд үр удамтай нь устгасан. Ингээд 1930 онд монголын элит хэсэг бүхэлдээ байхгүй болсон. Үүнээс болж монголчуудын оюун санааны ялзрал үүссэн. Сүүлийн 30 жилд монгол хүний болон Монгол төрийн үзэл баримтлал нь тансаг хэрэглээг шүтэх, хүсэл нь шунал болсон.

МОНГОЛЧУУДЫН ЁС СУРТАХУУНЫ ҮНЭТ ЗҮЙЛИЙН ДАХИН СЭРГЭЭЛТ

Монголчуудын ёс суртахууныг эргэн сэргээхэд дөрвөн зүйл дээр тулгуурлана. Үүнээс боловсролыг онцоллоо.

Боловсрол: Боловсролын тогтолцоог бүхэлд нь эрс шинэчлэх ёстой. 1-4 дүгээр ангид ёс суртахууны монгол цагаан толгойг оруулах хэрэгтэй. Үүний үндсэн суурь бид гаднаас хуулах ёсгүй. Монгол ардын үлгэр домог, тууль, зүйр цэцэн үг зэргийг хүүхдүүддээ цээжлүүлээд, ойлгуулаад болох болохгүйг нь мэдүүлэх хэрэгтэй. Үүнийг нэгдүгээр ангиас нь мэдрүүлнэ. Түүнээс өнөөдрийнх шиг нэгдүгээр ангиас нь асар их мэдээллээр толгой тархийг нь зовоож, тарчлааж болохгүй. Одоо бол ядрааж байна. Ялангуяа арай бийлэгжүү мөнгөтэй хэсэг нь англи, европ соёлыг хар багаас нь суулгаж өөрсдөө 4-5 дугаар ангиас нь хүүхдийнхээ учрыг ойлгохоо байх хэмжээнд хүрдэг.

5-9 дүгээр ангид ёс суртахууны өгөгдөл гэсэн хичээл орох хэрэгтэй. Үүнд ёс суртахууны категориудыг заана. Шударга ёс гэж юу вэ, жудаг гэж юуг хэлэх, нэр төр гэж юу болох гэдгийг ойлгуулна. Монголчууд зүйр цэцэн үгэндээ хуулиа биччихсэн ард түмэн.

10 дугаар ангид ёс зүйн үндэс суулгана. Үүнд эмч болбол ямар байх, хуульч хүн ямар төлөвшилтэй байх, хуульд зүтгэсэн хүн ямар ёс зүйтэй байхыг заах ёстой. Хүн төрөлхтөнд гурван удаа галав юүлсэн байна. Галав юүлэх гэхээр хүмүүс галт уул дэлбэрсэн, мөсөн галав юүлсэн гэж ойлгодог. Үнэндээ бол ёс суртахууныхаа ялзралаар өөрсдийгөө устгаад байсан юм. Одоо бол хүн төрөлхтөн устахад бэлэн болжээ. Их гүрнүүдэд байгаа цөмийн зэсвсгийн кноп. Түүнийг дарахад л хүн төрөлхтөн дуусна.

11-12 дугаар ангид мэргэжлийн ёс зүйн хичээл оруулах. Өнөөдөр манайд 100 гаруй ёс зүйн дүрэм бий. Түүнд ёс зүйн өгөгдлийн тухай суулгах ёстой ойлголтууд нэг ч байхгүй. Шударга байх ёстой, үнэнийг эрхэмлэх, үнэнч нигүүлсэнгүй байх, харгис хэрцгий байж болохгүй гэдэг ч юмуу ийм заалтууд ер байдаггүй.

Академич, МУИС-ийн эмирет профессор С.Нарангэрэлээс илтгэлийнх нь талаар тодруулан ярилцав.


-Таны илтгэлийн үндсэн чиглэл юу байв?

-Хууль ёс суртахуун хоёрын харилцан уялдааг гаргах. Өнөөдөр монголчууд хууль гэдгийг юу гэж ойлгож байна гэхээр хууль тогтоогчдын нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор батлан гаргасан эрх зүйн хэм хэмжээн нийлбэр цогц. Гэтэл 76 маань ямар байгаа билээ. Баталсан хууль нь хэний эрх ашгийг хамгаалаад байна гэж бодохоор хуулийн мөн чанар, амин сүнс нь харагдаж өгдөггүй. Миний судалснаар хууль гэдэг ёс суртахууныг хамгаалан батжуулагч.

-Жудаг, ёс суртахуун хоёр юугаараа ялгаатай юм. Өнөөдрийн монголчуудын жудаг хэр байгаа гэж хардаг вэ?

-Монголчууд энэ дэлхийн хамгийн жудаггүй ард түмэн болсон. Дэлхийн улс бүрт монголчууд хулгай хийлээ гэж яригддаг болсон. Хамгийн сүүлд л гэхэд Тайландын хааны ордноос хулгай хийж байгаад баригдсан. Хуулиндаа ч биш ёс суртахуунаа л сайн дагах хэрэгтэй. Боловсролын систем нь хүртэл дампууралд хүрсэн байна.

-Ёс суртахууныг юугаар тогтоох ёстой юм бол?

-Нэгдүгээрт хуулиар, хоёрдугаарт боловсролоор, дээрээс нь шашнаар тогтоох. Шашин гэдэг ёс суртахууныг тогтоогч бас нэгэн хэмжүүр байх ёстой. Гэтэл өнөөдөр ном уншиж байгаа хүү өөрийнхөө уншиж буй номоо ойлгодоггүй. Зүгээр л хар багаас нь цээжинд орсон зүйлээ л уншиж байна. Уншуулж байгаа хүн нь ч номоо ойлгохгүй. Шашин бол хүнийг ариусгадаг, дотрыг цэвэрлэдэг нийгмийн том хэрэгсэл байсан. Одоо муу муухай үйл хийсэн хүн хэдэн халтар төгрөг бариад лам дээр өөрийгөө ариутгахыг хүсдэг хэрэгсэл болж.

-Ёс суртахуун заяагдмал гэж таны илтгэлд тодорхойлжээ. Тэгэхээр ээж болохоо мэдсэн хүн хүүхдээ гэдсэнд байх цагаас нь хүүхдэдээ ёс суртахууныг суулгах ёстой юу?

-Сэтгэцийн хувьд эрүүл хүнд заяагдмал. Гэхдээ бас нэг онол бий. Тэр онол нь хүн гэдэг бичнээс үүсэлтэй гэдэг. Хэрвээ хүн бичнээс үүссэн юм бол хүний ёс суртахууны хэм хэмжээ үүсмэл байх ёстой. Үүсмэл гэж үзээд ёс суртахууны хэм хэмжээг тогтоох ёстой. Эрдэмтэд бодож олох ёстой гэсэн ийм зүйлүүд дагаж гарна. Гэтэл Квант, Күнз, Аристотелийн онолоор хүний ёс суртахуун төрмөл, хүний мөн чанар нь ёс суртахуунлаг гээд баталчихсан. Тэгэхээр эх хүн хүүхдээ гэдсэнд байхаас нь зүйр цэцэн үг, домог, үлгэрээр хүмүүжүүлж байх ёстой юм байна. Тэгээд хүүхдээ арван нас хүртэл ёс суртахууныг зөв суулгаж чадсан хүүхэд сайн явна.