Баянзүрх |
11:00-18:30 |
17-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамжууд, 65/А, 65/Б байрууд, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор |
Хан-Уул |
10:00-17:00 |
10-р хороо Жаргалан эко хотхон, Байгаль өргөө констракшн, Хөх бүрдний эх ХХК, Бат бөх ремикон зуурмагийн үйлдвэр болон эдгээрийн ойр орчмоор |
Баянгол |
09:30-16:00 |
7-р хороо 4-р хороолол 27, 29, 30, 31, 42, 55/1, 55/2, 57/2, 65, 66, 67, 71, 72, 74, 75/А, 75/Б, 84, 85, 87, 89, 96, 101, 102, 103, 104, 105-р байрууд, АОС-ууд болон эдгээрийн ойр орчмоор |
10:00-17:00 |
20-р хороо Мон Хюндай Киа, Бүрд, УБ менежмент, Мон-Таг, Асфальт, Ган гүүр, Иточу корпораци, Баганат өргөө ХХК-ууд, Төмөр замын ажилчдын байр болон эдгээрийн ойр орчмоор |
|
Налайх |
09.00-12.00 |
7-р хороо Бадралын 4-12-р гудамжууд |
12:00-17:00 |
6-р хороо Горхи-Тэрэлжийн БЦГ, Шижирээгийн ам, Цагаан бар нүүдэлчин ХХК болон эдгээрийн ойр орчмоор |
|
13:00-16:00 |
3-р хороо Дэнжийн 1-12-р гудамж, Разно импекс ХХК, 3-р хорооны байр, Дөл төв болон эдгээрийн ойр орчмоор |
Month: June 2019
БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Оюу толгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж, эсэргүүцэж байлаа. Бүр Засгийн газар гэрээ хийхээс ч өмнө Монголыг дааж давшгүй өрөнд оруулах, бүтэл муутай, эцэст нь бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэх бололцоо гэж горьдож байгаа гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт биш, харин ч хөршөөсөө хамаарах хамаарлыг улам бэхжүүлэх хортой гэрээ болох нь гэж шүүмжилсэн, анхааруулсан өгүүлэл бичиж байсан. Архиваа ухаж үзвэл Оюу толгойн тухай нийтдээ зургаа, долоон өгүүлэл бичиж “Өдрийн сонин” болон сайтууд дээр гаргасан байх юм. “Оюу толгой”. (2008.9.14), “Оюу толгой жинхэнэ эзэндээ зарагдлаа”. (2009.7.18), “Барон Робэрт (2010.2.1), “Оюу толгойн гэрээ тун тааруу болсон”, (2011.5.16), “Уул уурхайн ноолууран бодлого”. (2013.10.20)”, “Оюу толгой мөд сэхэхгүй”, (2015.2.15), “Рио Тинтог Монголоос шахаж гаргая” (2018.12.03). Эдгээрийг сайт ухаж, эсвэл номын санд очин сонин эргүүлж харж болно. Гэрээ эхлээ ч үгүй байхад зөв зүгээр байсан ядуу Монголыг олон жилийн дааж давшгүй өрөнд шааж оруулах хууль баталсан жинхэнэ буруутнууд одоо юу гэж бүлтрэх бол? Монгол Улс Оюу толгойн уурхайгаас болж өрөнд ороогүй, оюун тархигүйгээ мэдэхгүй байж эх орноо амьсгааг нь тасартал тас тэвэрсэн хэсэг амьтнаас болж баларсан. Одоогоос зургаан жилийн өмнө бичсэн өгүүллийг дор дахин сийрүүллээ.
БААБАР 2019.6.17
Хөрөнгө оруулалтын банк буюу инвестмэнт хаус гэсэн ойлголт бий. Хэдэн тэрбум доллараар асар том хөрөнгө оруулалт хийж чадах, өөрөөр хэлбэл ийм хэмжээний мөнгийг зах зээлээс босгож чадах том хөрөнгө оруулалтын хаус дэлхий дээр 10-20 байгаа байх. Олон тэрбумын хөрөнгө оруулалт хийх гэсэн газар эдэнд хандана. Итгэлцлийн өндөр зэрэглэлтэй эдгээр банк биржид хандан Аи Пи О буюу сая сая худалдан авагчаас хэрэгтэй мөнгөө босгодог. Хүмүүс эдэнд итгэн мөнгөөрөө хувьцаа худалдаж авдаг. Бирж дээр боссон мөнгө бол олон нийтийн хөрөнгө. Бирж ч, хөрөнгө оруулалтын хаус ч, хөрөнгө оруулж байгаа компани ч сая сая хүний мөнгөөр ажиллаж байгаа учир өндөр хариуцлага хүлээж, сохор зоос болгоныг тайлагнан өдөр болгон сая сая хүмүүст мөнгийг нь хэрхэн зарж байгаагаа ил тодоор харуулдаг. Хөрөнгө оруулалт ашиг олоход хувьцаа эзэмшиж буй тэр олон хүн хожно. Бирж бас хожно. Хөрөнгө оруулалтын банк мөн ашигтай гарна. Хөрөнгө оруулсан компани мөнгөө арвижуулна. Уул хөрөнгийн цаад эзэн бас хожно. Ашигтай ажиллагаанаас бүгдээрээ хожоотой гарна. Харин ашиггүй гарвал бүгдээрээ алдана. Энгийн хувьцаа худалдан авагч хувьцааны үнэ унахад мөнгөөрөө шатаж байгаа нь тэр. Иймээс хувьцаа худалдан авна гэдэг нэг талаасаа эрсдэл юм. Ийм олон юмнаас хамаардаг болохоор хөрөнгө оруулалт хийж түүгээрээ ашигтай ажиллагаа явуулна гэдэг юун түрүүн харилцан итгэлцэл хэрэгтэй. Энэ бол олон талын хамтын ажиллагаа. Иймээс тал болгоныг хариуцлагатай байхыг шаардана. Мөн эрсдэлээ хянан нарийн шалгалт, хамтын нягт тооцоо, арвич байдал гээд олон юм шаардлагатай. Зээлж буй мөнгөний хүү ч эрсдэлийн зэрэглэлтэй холбоотой. Бирж дээр үнэлэгдэх хувьцаа ч мөн үүнтэй холбоотой. Дэлхийн зах зээлээс мөнгө босгох ерөнхий схем ийм байна.
Хөрөнгө оруулж буй компани хэдий том, хэдий нэр хүндтэй, хэдий итгэлцэл даах чадвартай байна, төдий хэмжээгээр мөнгө босгох бядтай. Тэд л хамгийн том хөрөнгө оруулалтын хауст хандаж чадна. Рио Тинто бол 80 тэрбум долларын актив хөрөнгөтэй, хувьцаа бүр нь бирж дээр 100 гаруй доллараар үнэлэгддэг, 30 гаруй мянган хүн 40 гаруй оронд ажиллуулдаг, 150 гаруй жилийн түүхтэй, дэлхийн хамгийн том уул уурхайн компани юм. Англи-Австралийн компани боловч хувьцааг нь хэдэн сая хүн дэлхий даяар хуваан эзэмшдэг болохоор эзэмшлийн хувьд олон нийтийн хөрөнгө. Энэ аварга компани жилдээ 60 тэрбум доллар эргэлдүүлнэ. Монголын зэсийн үлэмж ордын ашиглалтын лицензийг авсан энэ компани Оюу толгой хэмээх оператинг хийх охин компани байгуулжээ. Уг компанийн 34 хувийг цаад хөрөнгийн эзэн болох Монголын Засгийн газар баялаг зах зээлд гаран мөнгө болохын үед эргүүлж төлөхөөр тохирон зээлээр авсан юм. Дээрх механизмыг ойлгоогүйдээ л зээл тавин авсан болов уу. Түүнээс татвараа аваад буй болсон баялгийн талаас илүүг зүгээр авч болох байсан. Нэгэнт хувьцаа авсан болохоор хамтын хариуцлага, хамтын эрсдэл үүсч байгаа юм. Үйлдвэрлэлийг хамтран эзэмшин хариуцаж буйн хувьд хөгжил дэвшил ашигтай ажиллагааны төлөө хамтран ажиллах нигууртай. Ойчвол хамтдаа л унана.
Рио Тинто дэлхийн хамгийн том арваад хөрөнгө оруулалтын хаусд хандан хамгийн том биржээр дамжуулан дөрвөн тэрбум доллар босгожээ. Мөн өөрөө бие дааж хоёр тэрбум доллар босгосны 34 хувь нь буюу 650 сая доллар нь Монголын Засгийн газарт олж өгч буй зээл. Монголын Засгийн газарт ийм мөнгө 10 хувийн хүүтэй олдох бол Рио Тинто долоон хувийн хүүгээр олж өгчээ. Зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий Оюу толгойн бүтээн байгуулалтын ажил 2013 оны эхээр ерөнхийдөө дууссан байна. Ингээд бирж дээр мөнгө босгож өгсөн арваад хөрөнгө оруулалтын хаусын удирдлагыг Монголд урьж авчирав. Та бүхний босгосон мөнгөөр бид юу хийж, юу бүтээв гэдгээ харуулж буй тайлагнал юм биз дээ. Талууд сэтгэл өндөр байсан гэдэг. Тэндээсээ Улаанбаатарт буцаж ирээд орой нь хүлээн авалт хийжээ. Монголын Уул уурхайн сайд, Оюу толгой компанийн Монголын талыг хариуцсан хамтрагч дарга хоёрыг будаалганд урьж. Танилцаж, нэрийн хуудсаа солилцож. Жи Пи Моргон, Сити групп, Голдман загс, Номура, Дойчэ банк гэсэн аймаар том нэрс. Жи Пи Морган гэхэд 60 гаруй оронд ажиллагаа явуулдаг хоёр их наяд долларын актив хөрөнгөтэй (энэ нь Хятадын үндэсний нийт орлогын хагастай тэнцэнэ) хөрөнгө оруулалтын хэдэн зууны туршлагатай аварга. Яриан дундаас манай хоёр цаадуулыгаа олон жип машинд хүрэх овоо их мөнгөтэй гарууд гэсэн ойлголт авчээ. Ингээд сайд төрлөх сайхан халх хэлээрээ хөрөнгө оруулагчдад мэдэгдэл хийв:
– Та нар их мөнгөтэй улс юм гэж ойлголоо. Манай Ардчилсан намын Шинэчлэлийн засгийн газар асар их бүтээн байгуулалт хийх гэж байгаа. Үүнд аймаар их мөнгө хэрэг болоод байна. Зам, барилга, төмөр зам барина, брэнд үйлдвэрлэнэ. Дэлхийд гарч ирнэ. Ер нь бид их юм хийхээр шийдсэн. Та нар бидэнд мөнгө зээл. Бидэнд бүх юм бий, харин мөнгө л алга – гэснээ нэгийг санав бололтой Рио Тинтогийн удирдлага руу хуруугаараа чичин: – Харин энэ муусайнуудад цаашид битгий мөнгө олж өгөөрэй. Хамгийн адгийн муу хүмүүс байдаг юм шүү гэж матав.
Хэлмэрч орчуулж дууссаны дараа хөрөнгө оруулагчид гайхан мань хоёрыг ээлжлэн харна. Юу ч ойлгоогүй нь илт. Оюу толгойн Монголын талын захирал мов монгол залуу дарга сайдынхаа хэлснийг Монголоос Монгол руу орчуулж өгөв. Үг болгоныг давтсаны дээр өөрийн хилэгнэл бухимдлыг нэмлээ. Ингээд сайд дарга хоёр хилэгнэлээ биеэр харуулахын тулд будаалганаас татгалзаж танхимыг орхин гарахдаа хаалганд уураа гарган чангаар шидэв. Үүний гэрч болсон гадны хоёр ч хүн энэ бүхнийг надад хоорондоо ямар ч зөрүүгүйгээр ярьж өгсөн юм. Монголын тал будаалгыг хаяж гарсны дараа бүгд гайхсандаа хэсэгтээ дуугаа хураан биенээ удтал харсан гэнэ. Эцэст нь Номурагийн удирдлага япон эр “Энэ хоёр хүн сая юу ярьчихваа. Арай ч ингээгүй байх, буруу ойлголцол, хэлмэрчийн алдаа байх. Өөрийнхөө удирдаж байгаа компаниа унагах гэж дайрмааргүй юм” гэсэн таамаглал дэвшүүлсэн гэдэг. Адал явдал дуусаагүй. Хөрөнгө оруулагчид маргааш нь энэ орны эдийн засгийн нөгөө хагасыг атгадаг сайдад бараалхаж. Сайд өөрийгөө эхээс төрөөгүй тэнгэрээс илгээгдсэн гэж тайлбарлаад удахгүй үндэстэн дамнасан корпорацийн колончлолоос сална гэж заналхийлээд, харин үүнд үлэмж хөрөнгө хэрэгтэй учир Чингис II бондод мөнгө гуйв. Яриан дунд Сити банкны удирдлага “Манай компани л гэхэд Монголд тэрбум доллар оруулчихаад байна” гэжээ. Хэн миний зөвшөөрөлгүй тэрбум доллар хусаад бултчихав гэсэн хардлага даруй газар дээрээ үүсч мөнгө цохисон монгол гарын эрэлд хатах нь тэр. Уг нь Сити банк Оюу толгойд 600 сая, Чингис бондод 300 шахам саяыг гэх мэтээр нийлбэрээрээ үнэхээр тэрбум доллар Монголд зээлүүлсэн нь үнэн юм байна.
ХХ зуунд бид тэртээ дундад зууны түвшингээс морио унаж модоо тохож орж ирсэн нь үнэн л дээ. Гэхдээ түүнээс хойш зуун жил өнгөрч, XXI зуун гарчихаад байна. Иргэншвэл иргэншиж, соёлжвол соёлжиж, хүн төрхтэй болох хангалттай хугацаа. Дэлхийн зах зээлийн системд шилжээд хорин хэдэн жил өнгөрчихлөө. Өнөөдөр Монголын уул уурхайг бүхэлд нь Японд сургуульд дүүргэсэн, бусдаас түрүүлж чөлөөт зах зээлийг нүдээр харсан ноолуурын мэргэжилтнүүд залж явна. Яам салбараар нь тус тусад нь “хувьчилчихсан” Шинэчлэлийн хэмээх гуншинтай Засгийн газрын хамгийн том салбарыг бодлоготой нь, шийдвэртэй нь энэ нөхөд хувиараа өөрсдийн үзэмжээр авч яваа.
1973 онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтов. Япончууд ноолуурын үйлдвэр барьж өглөө. Тэдний техник дээр дадлага хийх нэлээд ажилчдыг Японд аваачиж сургасан юм. Надтай дунд сургуульд сурч байсан нэг хүүхэн үүнд хамрагдсан. Ирэнгүүт нь бид Японы тухай сонсохоор очлоо. Харин мань хүн очиж үзээгүй биднээс дээр гарсангүй. Нэг үгэндээ тэдэнд Японыг үзүүлээгүй юм билээ. До яамны хариуцсан дарга үйлдвэрээс нь гаргадаггүй байж. Хаа нэгтэй бөөнөөр нь жагсааж байгаад нарийн хяналтын дор хэдэн гудамж байшин л харуулж. Бүтэн жилдээ шүү дээ. Одоо хөөрхий Хойд Солонгосын ажилчид яг тийм дэгээр гадаадад хөдөлмөрлөдөг юм.
Наяад оноос Японд үйлдвэрийн технологич сургах болсон. Энэ бол үйлдвэрт цех тасаг хариуцан технологийн явцыг хянадаг мэргэжил. Махны үйлдвэрийн цехийн технологи ажиллагааг хянах мэргэжилтэй Германд төгссөн шадар сайд байж л байна. Германы технологичоос Японых нэлээд өөр. Эрхбиш тэнд сургуульд нь эдийн засаг, маркетинг, мэнэжмэнт, түүх, философи, нийгэм гэсэн хичээл ордог. Үйлдвэрийн робот бэлдэх гээгүй, нийгэмдээ амьдрах бие хүнийг мэргэшүүлж байгаа газар шүү дээ. Харин манай хэдийг Төв хорооны нууц тогтоолоор Японд нийгэм улс төрийн хичээлээс холуур байлгахаар шийджээ. Үүнийг элчинд ажиллах до яамны хариуцах хүмүүс нарийн хянан хөрөнгөтний үзэл суртлаас хөөрхий нялхсыг тусгаарлах үүрэгтэй. Сургуультай нь тохироод нийгмийн хичээлээс бүрмөсөн чөлөөлсөн. Үзэл сурталд хордчих вий л гээд байгаа хэрэг шүү дээ. Ингэж л ноолуурын машин дээр утас ээрэх зангидах самнах оёж нийлүүлэх технологи сураад ирсэн хэдэн залуустай болов оо бид. Хяналт тогтоох хамгийн сайн арга нь биенийг нь биенээр нь тагнуулж ховлуулах. Ерөөсөө ч тэр үеийн систем тийм байсан юм, үүний хатуулгийг хөрөнгөт оронд амьдарч буй оюутан албан хаагч, дипломатын хувьд зэрэгт дэвшүүлээд ойлгочих хэрэгтэй. Хувь хүний буруу гэж үгүй, систем нь тийм юм. Хөрөнгөт орны иргэн болох япон болгон чиний дайсан учир хэзээ ч итгэж болохгүй гэж байнга сургадаг юм. Эдний цаана англи, америк гэж бүр аймаар мангас бий гэж заадаг юм. Сургуультай нохой болгочихгүй юу. Ингээд гэнэн цагаан залуусыг хар багаас нь эвдэж зэрэмдэглээд ёс суртахуунгүй машин болгочихож байгаа юм даа. Хаанаас ч хамаагүй заавал дайсан олж тодруулаад тэрэнтэйгээ үхэн хатан тэмцдэг хүйтэн дайны үеийн коммунист сэтгэлгээ. Хардлага нь дон болдог. Параной! Угаасаа ч нүүдэлчид хий хардахын төрөлх мэдрэмжтэйг хэлэх үү.
Ерээд оны эхээр Монголд ноолуурын дайн дэгдлээ. Гадагш хийх хамгийн том, тэгээд ч цорын ганц бизнес учраас. Монгол нь дэлхийн ноолуурын гуравны нэгийг хангадаг. Гол өрсөлдөгч Хятад. Зах зээлд үнэ тогтоох талаар аль алин нь том тоглогч. Гэхдээ манайх дандаа ялагдана. Ноолуураар мэргэжсэн япон боловсролтонгууд эх орноо хамгаалахаар эрслэн бослоо. Хятадуудтай ёстой нэг үзэж тарсан. Гадныхныг юу юугүй заамдаж аваад л цохиж унагаагаад л, сав л хийвэл хэрэлдэж загнаад байвал нурнайгаад ирдэг гэсэн амьдралын туршлага эндээс эхтэй. Гэхдээ монголчуудтай дэлхийн жишгээс гадуур дүрэм бусаар тоглоод сурчихсан хятадууд тэнэг биш л дээ. Тиймдээ ч манай хэд байнга тавиулж байв. Монгол хүн шартай л даа, бидэнтэй наймаа хийх гэж ирсэн болгон цаанаа өмхий санаатай шулаачид учраас алалдах хэрэгтэй. Зах зээлийн өрсөлдөөний тухай амьдралаас олж авсан энэхүү арвин туршлагаараа өнөөдөр уул уурхайн бодлого явуулж байгаа хэрэг л дээ. Ноолуур шиг зөөлөн биш, зэс шиг хатуу байх хэрэгтэй. Сайд, дэд сайд, төрийн нарийн, гол зөвлөхүүд, хөрөнгө оруулалтын Монголын талын захирал (сая хөөрхий хамтрагч талаа үлдэн хөөж гаргах гэж байгаад эх оронч санаачлагынхаа золиос болон халагдсан) бүгд Японд үйлдвэрлэсэн зэрэмдэг бүтээгдэхүүнүүд.
Голлох хөрөнгө оруулагчид ирж бодит байдлыг нүдээр харсны эцэст дараагийн нэмэлт хөрөнгө оруулалтаас түдгэлзжээ. Жилдээ гурав өөрчлөгдөх хууль, бодлогоо гардаж яваа хүмүүсийнх нь яриа хөөрөө айдас хүрмээр. Уг нь нэмж таван тэрбум доллар оруулах ёстой. Ингээд уурхайг хэсэгтээ царцааж байдлыг харзнахаар шийдэв. Энэ шийдвэрээ Монголын Засгийн газарт илгээжээ. Даанч цагаан сар таарсан учир албан бичигтэй танилцсан хүн байхгүй. Километр шахам гүнд байрлуулсан тоног төхөөрөмжийг хадгалах, хэрэгтэй хэрэггүйгээ зөөх нөөцлөх хураах гээд асар их ажил бий. Үүнд зургаан сар, зуун сая доллар орно. Долдугаар сар гэхэд Оюу толгойн далд уурхайг тодорхойгүй хугацаагаар консервацид оруулав. Өртөг нь 100 сая доллар, эргэж сэргээхэд 300 сая доллар. Гүний уурхай юутай ч ойрын 4-5 жилдээ ашиглалтад орохгүй. Сайдын яриад байгаа шиг риогийнхон Монголд шахалт үзүүлж улам их шулахын тулд худлаа маяглаж байгаа юм биш аж. Уурхайн нийт үйлдвэрлэлийн 80 хувь нь далд уурхайд бий. Ил хэсгийг ажиллуулж эхлэхээр шийдсэн, гэвч үүнд орж ирэх нэмэлт хөрөнгө оруулалт олдохгүй байна. Ажиллуулах эрчим хүч үгүй, хятадууд өөрснөө дутагдалтай учир нийлүүлж чадахгүй гэж унжаад. Манайхан станц өөрснөө барина барина гэсээр олон үхрийн үүц барлаа. Оюу толгой хөрөнгө оруулалтынхаа ид үед Монголд гаднаас орж ирэх валютын 30 хувийг хангаж байлаа. Монголд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь гэсэн үг. Торой бандиас хойш тостой даавуу ч нүдний гэм болж байна шүү. Нэг л брэнд монгол эсгий таавчигаар уул уурхайн орлогыг орлуулна гэсэн сайхан засаг төр, айн?
Энэ Засгийн газрын өөртөө өгсөн хоч нь Шинэчлэлийн. Шинэчлэл гэж юу гэсэн үг юм бэ? Бодоход шинээр сэтгэж ойлгож мэдсэний үндсэн дээр хуучнаасаа өөр маягаар ажиллахыг хэлмээр юм. Монгол бол чөлөөт ардчилсан орон. Нийгмийн гишүүн болгон өөрийн үг санаагаа нэмэрлэх эрхтэй. Төр нь Монголын ард түмний хүсэл эрмэлзлээр тодорхой хугацаагаар сонгогддог. Тэр хүсэл эрмэлзлийнх нь дагуу Засгийн газар нийгмийн мэнэжмэнт хийж хөрөнгийг захиран зарцуулах номтой. Энэ л утгаараа дэлхийн жаяг харилцааны баримтлал, жишгийг ард түмэндээ ойлгуулж хамтран ажиллах учиртай. Монгол нь нэгэнт л саран дээр байрладаггүй учраас дэлхийн улс орон хүн ардтай тогтсон жишгээр нэг хэлээр ярьж ойлголцдог байх шаардлагатай. Үүнийг ард түмэндээ ойлгуулах нь битгий хэл өөрснөө сарны хэлээр ярьдаг байхаар хавтгайрч байгаа энэ хавчигдмал дэлхийд яаж амь зуух юм бэ?
Гадаад ба дотоодын хөрөнгө оруулалтыг адилхан харж үзэн хөнгөлөх хууль гаргалаа гээд их л маадгар. Дотоодын хөрөнгө оруулалт гэж байдаггүй юм. Дотоодын хөрөнгөтөн гуанз байгуулахын тулд дэлгүүрээ зарна. Тэгэхээр энэ бол “оруулалт” биш, хувиргалт. Нэг хармаанаасаа нөгөө рүүгээ шилжүүлэг хийж байгаа хэрэг. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь бидэнд огт байхгүй мөнгийг хилийн цаанаас зөөж яг жинхэнээсээ “оруулж” байгаа явдал юм. Дотоодын тэтгэлэгтэй хөрөнгө оруулалт гээд байгаа чинь баахан ой мод огтолж зараад тэрүүгээрээ хөнгөлөлттэй архины үйлдвэрүүд нэмж барина л гэсэн үг. Хилийн цаана өөр харь хүнд хамаарч байгаа мөнгийг элдвээр уран гоё үг, сайхан амлалтаар панаалдаж хилийн дотор оруулж ирэхийг л гадаадын хөрөнгө оруулалт гэдэг. Энэ бол жинхэнээсээ “орж” ирж буйг уг нь заавал сурах бичиг толь үзэлгүй хар ухаанаар “шинэчлэн” ойлгоход тийм ч төвөгтэй баймааргүй. Гэхдээ “ороод ир ороод ир, ороод ирэхээр чинь алаад өгье” гэж болдоггүй юм. Нэг удаа алж өгөөд л дараагийнх нь дахиж орж ирдэггүй л байхгүй юу даа. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт итгэлцэл, тооцоо, харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр тогтдог юм.
2013.10.20
09.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд “ЮНЕСКО-ийн GO-SPIN болон SAGA аргачлалыг ашиглан Монгол улсын Шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог илүү хүртээмжтэй болгох, жендэрийн орчин нөхцөлийг нь сайжруулах нь” сургалт болно. Утас: 70105652
09.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт Монголын хуульчдын холбоо, НЗДТГ-аас иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө. Утас: 70116004
09.00 цагт ШУА-ийн Их чуулганы танхимд “Алтай-Улиастайн эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх арга зам, боломжууд” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897
09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Сүрьeэгүй Ази тивийг бий болгох арга зам хайх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99179899, 86885060
09.30 цагт “UB Grand” зочид буудалд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. Утас: 99065532
09.30 цагт Монголын архетокторуудын эвлэлийн байранд Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
11.00 цагт Спортын төв ордонд Биеийн тамир, спортын газраас “Монголын тамирчдын өдөр”-ийн талаар мэдээлнэ. Утас: 89001717
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Гэр бүлийн тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.
12.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд цэргийн албаны үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт”-ын зохион байгуулагч нар тус уулзалтын талаар мэдээлнэ. Утас: 86863998
13.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд шинээр тохижуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах танхим, “Сэтгэл засал эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх “АА” бүлгийн болон ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн тусламж үзүүлэх тусгай өрөө”-г ашиглалтад хүлээн авна. Утас: 96646863, 99767480
13.00 цагт ХСҮТ-д “Туяа эмчилгээний технологийн дэвшил-шугаман хурдасгуур” аппаратыг Монгол Улсад нэвтрүүлэх ёслол болно. Утас: 99179899, 88093342
13.30 цагт Барилгын хөгжлийн төвд “Ази Европын бүс нутгийн ложистикийн чиг хандлага ба Монголын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг” семинар болно. Утас: 80189929, 88010867
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт “Зээлдэгчдийн холбоо”-ноос арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах боломжийн талаар мэдээлнэ.
11.30 цагт ИЗНН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлнэ.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Хуульч А.Эрдэнэцогттой ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж буй. Энэхүү өөрчлөлтүүд иргэдэд ямар үр ашигтай байна вэ?
-Өнөөдрийн хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнгөрсөн 27 жилийн хугацаанд тасралтгүй яригдсаар хуримтлагдаж ирсэн зүйл шүү дээ. 2000 оны Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөөс хойш анх удаа олон нийтийн маргаан шүүмжлэл хүлээлт болж гарч ирж байгаа. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл ард түмний санаа бодолд нийцсэн төдийгүй 27 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдэх гарцыг бүрэн дүүрэн тодорхойлж чадсангүй гэж үзэж байгаа. Ард түмний санаа бодол, өнөөгийн нийгмийн шаардлага, цаашдын тэр үйл хэрэгт тохирсон нийгмийн захиалгад бүрэн нийцсэн төслийг барьж чадсангүй. Мэдээж манай улсын төрийн тогтолцоог боловсронгуй болгох, эрх мэдэл хоорондын тэнцвэрт харилцааг сайжруулах чиглэлээр нааштай өөрчлөлт тусгаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ард түмний эрэлт шаардлагад нийцэж байгаа зүйл алга. Нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг судлахад тодорхой хэмжээний эр зориг хэрэгтэй. Өмнөөс ирж байгаа улс төрийн үр дагаварт автагдахгүй, явцуу ойрын сонирхолд захирагдахгүй, асуудлыг дорвитой, бүрэн гүйцэд нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой байсан. Зарим нэгийг нь харахад шууд сонгууль руу чиглэчихэж байгаа мэт хардахаар заалтууд ч байна. Энэхүү өөрчлөлтийн 50-иас илүү хувь нь нийгмийн эрэлт хэрэгцээнд төдийлөн шаардлагагүй, тохирохгүй төсөл байна гэж хэлж болно. Парлемантынхаа засаглалыг боловсронгуй болгоё гэдэг дээр олон нийт болоод хуульчид санал нэгдэж байгаа.
Ямар байдлаар боловсронгуй болгох вэ гэдэг тал дээр бид хэд хуваагдаж байна. Нэг хэсэг нь эрх мэдлийн тэнцвэрийг сайн хангадаг тогтолцоо буюу сонгодог парламентын тогтолцоог авч хэрэгжүүлэх гэж байгаа бол нөгөө хэсэг нь хоёр танхимтай парламенттай болгох гэж байна. Харин гурав дахь хэсэг нь одоо байгаагаа сайжруулчихад болно гэх гурван хандлага байгаа юм. Сүүлийн олон жилийн хэлэлцүүлгийн явцад Монгол Улс сонгодог парламентын засаглалаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэдэг дээр судлаачдын байр суурь, олон нийтийн хандлага нэгдсэн.
-Хууль санаачлагдын зүгээс супер Засгийн газарт харин ч нийцсэн гэж үзээд байгаа. Японы засгийн газартай илүү дүйцэж байна гэж ярьж байна л даа?
-Бид Үндсэн хуулиа боловсронгуй болгоё гэж байгаа бол эрх мэдэл хоорондын харилцааны тэнцвэрийг хангасан байх ёстой. Бусад улс орны жишгүүдийг судалж түүнийгээ сайн хангасан засаглалын тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлээр томоохон алхам хийх шаардлагатайг өнгөрсөн 27 жилийн турш харлаа шүү дээ. Энэ байдлыг бэхжүүлж чадах юм бол 20 гаруй жил Үндсэн хуульд гар хүрэх шаардлагагүй. Гэтэл Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа гэдэг далбаан дор их хурлын эрх мэдлийг багасгаж байгаа гэж ярьж байна. Их хурлын эрх мэдэл бол төрийн эрх мэдэл дотроос далай шиг их. Тэндээс хэдээр ч шанагадаж Засгийн газарт өгөөд дундрахгүй. Зарим нэг эрх мэдлийг Ерөнхий сайд, Засгийн газарт шилжүүлснийгээ их хурал эрх мэдлээ Засгийн газарт өгчихлөө, тэнцвэржчихлээ гэж ярьж байгаа нь өрөөсгөл ойлголт. Хамгийн түрүүнд бид энийг засах ёстой байхгүй юу. Жижиг сажиг засвар хийгээд өнгөрөх гэж байгаа нь өнөөдрийн 27 жилийн хүлээлтийг бүрэн гүйцэд тусгаж чадахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гэхдээ зарим нэг заалт нь хэрэгжихэд түвэгтэй, хэрэгжих боломжгүй ч заалтууд байна.
-Тэдгээр нь ямар заалтууд байна вэ?
-Орон нутагтай холбоотой зүйл дээр сумыг онцгойлж авч үзсэн. Сумын Засаг даргыг иргэдээс нь сонгоод ямар ч өөрчлөлт гарахгүй. Дэндүү популист маягийн заалтыг Үндсэн хууль руу оруулж байгаа юм. Хэрэгжих ямар ч боломжгүй. Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн. Суманд амьдарч байгаа 2000 хүрэхтэй, үгүйтэй хүнд татварын эрх, өмчийн эрх олгоод сум биеэ дааж хөгжих боломжгүй шүү дээ. Тэгээд л нэг юм уу, хоёр жил ажиллуулчихаад огцруулах асуудал тууштай явагдах нь. Дээрээс нь аймгийн Засаг дарга нь өөр хүн томилчих гээд байгаа юм. Тэгэхээр иргэд сонгосны хэрэг гарахгүй. Засаг даргыг огцруулахын төлөө эцэс төгсгөлгүй өрсөлдөөн Үндсэн хуулиар бий болох нь байна. Үндсэн хуулийн суурь зарчим гэж бий. Нутгийн өөрөө удирдах хэсэг төрийн удирдлагатай хослуулах зарчим. Энэ зарчмын гол агуулга нь Засаг даргыг нэр дэвшүүлж томилох. Хурлаас нэр дэвшүүлээд томилж, орон нутгийн ашиг сонирхол, төрийн ашиг сонирхол хоёрыг тэнцвэрийг хангаж өгч байгаа юм. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн суурь зарчмаа зөрчиж байна.
-Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэх ч, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж байгаа гэж ойлгож байгаа?
-Ерөнхийлөгчийн эрх мэдэл дээр нэг зүйл хэлмээр байна. Сонгодог парламентын засаглал руу орж байгаа тохиолдолд ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдах нь зүйтэй. Шүүхийн асуудал Ерөнхийлөгчтэй холбоотой байдлаар томьёологдож ирсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх асуудлыг Ерөнхийлөгчийн мэдлээс гаргаад их хурал руу шилжүүлсэн байгаа. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж болно. Хариуд нь ямар тогтолцоо механизмыг бий болгох гэж байгаа вэ гэдэг чухал. Харилцан бие биедээ эрх мэдлийн хяналттай парламентын засаглалыг боловсронгуй болгох хэрэгтэй шүү дээ. Энэ зүйлсийг хийж чадаагүй байж Ерөнхийлөгчөөс баахан эрх мэдлийг нь аваад хэнд ашигтай юм. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлт орлоо гэхэд Ерөнхий сайдын эрх мэдэлд дорвитой өөрчлөлт гарахгүй. Манай улсын хувьд нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал бол их хурлыг тараах байдаг. Парламент өөрөө тардаг байх ёстой. Манай Үндсэн хуулийн нэг согог нь парламентыг ерөөсөө тарахгүй байхаар хуульд заачихсан. Парламент өөрийнхөө саналаар тарвал тарна. Мөн эрх мэдлүүд нь тэнцвэртэй байх механизмуудыг яриад байгаа.
Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн төсвийг батлахгүй гацаагаад байвал Ерөнхий сайд их хурлыг тараах санал гаргах ёстой. Монголын төсвийг 76 тийш татаж чангааж байхаар манай улсын нэгдсэн бодлого, төлөвлөлт, хөгжил ухарна. Ийм байдалд манай улс 27 жил явлаа. Засгийн газраас УИХ-д хурал өргөн барьсан төсвийг дураараа өөрчилдөг. Ийм байдлыг таслан зогсоох ёстой. Улс орны хөгжил сайжрахгүй байгаагийн нэг шалтгаан энэ.
-Үндсэн хууль энэ чигээрээ батлагдвал дорвитой орж ирж байгаа өөрчлөлт юу байна вэ?
-Манайх мажоритар сонгуулийн тогтолцоотой оронд нэг нам дийлэнх суудлыг авах магадлал ихтэй. Мажоритар систем дээр том хоёр нам эрх авдаг. МАН, АН ээлжлээд парламентад олонх болоод явна. Манай нөхцөлд энэ тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлт үзүүлэх нөлөө бага. Засгийн газар, ерөнхий сайд хоёр аль нь эрх мэдэлтэй байх нь төдийлөн ач холбогдолтой биш. Хүчтэй өөрчлөлт мэдрэгдэхгүй гэсэн үг. Төсвийн зүйл анги хооронд янз бүрийн зүйл хийвэл хориглохоор заалт орсон байна лээ. Өмнөхөөсөө жалгаар нэг тараадаг төсвийг сааруулахад нөлөөтэй. Төсвийн зарлагын зүйл хооронд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөв дээр шинэ зарлагын зүйл анги нэмэхийг хориглоно гэсэн заалт байгаа юм. Эрх мэдэл хоорондын тэнцвэрийг боловсронгуй болгох нийгмийн эрэлт хангагдаагүй гэж харж байгаа.
-Эрх мэдлийн балансыг тэнцвэржүүлэхийн тулд ямар заалт оруулж өгөх ёстой юм бэ?
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг хугацаанд нь батлахгүй бол их хурлыг тараах эрхийг Ерөнхий сайдад олгох ёстой. Японы жишиг шүү дээ. УИХ-ыг тараах асуудал Үндсэн хуульд суух хамгийн эхний зүйл. Эрх мэдлийнхээ тэнцвэрийг боловсронгуй болгож байж цаашид удаан хугацаанд тэнцвэртэй ажиллах боломжтой. Нийгмийн талаас, Үндсэн хуулийн эрх зүйн талаас Үндсэн хуулийг өөрчлөлтөд оруулах эхний шаардлага. Үүнийг оруулахгүй бол зарчмийн томоохон өөрчлөлт гарахгүй. Ийм өөрчлөлт оруулахаас их хурал эрх барьж байгаа МАН ухарч байна. Нийгмийнхээ шаардлагын өмнөөс эрсдэл хүлээхээс айж байна гэсэн үг. Ард түмнийхээ өмнө эрсдэл хүлээж улс орныхоо төлөө явахгүй. Харин ямар ч маргаангүй өөрт нь эрсдэл бий болгохгүй зүйл заалтаар оролдоод Үндсэн хуульд өнгөцхөн өөрчлөлт хийж байгаа юм. Үндсэн хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлнэ гэж байсан бол сүүлдээ ард нийтийн санал асуулга болж хувирсан. Энэ хоёр зарчмын ялгаатай. Ноднин Үндсэн хуульд байхгүй зөвлөлдөх санал асуулга гэж саналыг нь авчихсанаа хэлэлцүүлчихсэн гэж тооцоод байна. Өргөн барьсан төслөө их хурлын дэг дээр хэлэлцээд эхэлчихэж байна. Тэгэхээр ард түмэн биш 76 хэлэлцээд батлах зүйл болчихоод байгаа юм. Нэг намын олонх давамгайлсан ямар ч шүүлтүүр байхгүй ард түмнээр хэлэлцүүлсэн зүйлгүй батлагдах вий. Цэцийн асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэн тэргүүний асуудал биш. Эрх мэдлийнхээ суурь асуудлыг хөндөөгүй байж ийм зүйл рүү гүйж орж жижигхэн өөрчлөлтүүд хийх нь хортой. Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гэхэд хэдхэн жилийн дараа суурь асуудал хөндөгдөөд л гараад ирнэ. Парламентын тэнцвэрийг хангах чиглэлээр гүйцэд дорвитой алхам хийсэн өөрчлөлтийг өнөөдөр хийхгүй юм бол хожимдоно. Таван жилийн дараа үүнээс ч өөр зүйл яригдана. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө буцааж татаж дахиж боловсруулах хэрэгтэй. Суурь асуудлаас нь шийдэх эхлэх ёстой. Өнгөцхөн үл ялиг өөрчлөлт оруулчихсан. Магадгүй дараагийн удаа Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх асуудал яригдана. Нэг, хоёрхон жилийн явцуу эрх ашигт Үндсэн хуулиа захируулж болохгүй. Цаад гүнд нь олон асуудал хуримтлагдаад байж байна. Энийг хэн, хэзээ шийдэх юм.
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Дэлхийн түүхэнд хамгийн анх 1860-аад онд Швейцарийн иргэн Анри Дюнан Австрийн эзэнт гүрэн Наполеон III-ны хооронд болсон Сольфериногийн тулалдааны үеэр дайны талбарт эндэж, шархадсан цэргүүдэд эмнэлгийн анхны тусламжийг аль ч тал, хэнийг ч үл ялгаварлан шуурхай хүргэж, хүнлэг энэрэнгүй үйлсийг эхлүүлснээр Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөн үүссэн түүхтэй. Харин Монголд тэртээ 1939 онд Монголын улаан хэрээстийн эвлэлийн анхдугаар их хурал Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталж байжээ.
Түүхт 80 жилийн ойг угтсан нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид, аж ахуйн нэгж, Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд, хүүхэд залуус, ард иргэдээс хүмүүнлэгийн үйлсийн манлайлагчдыг алдаршуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Хүмүүнлэгийн үйлстнүүдийг найман номинациар шалгаруулсан байв. Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл гишүүдээс хамгийн идэвх санаачилгатай ажилласан гишүүд, хүмүүнлэгийн үйлсийн манлайлагч “Алтан гишүүн”, шилдэг сайн дурын идэвхтэн, хариу нэхдэггүй цусны доноруудыг алдаршуулав. Мөн хүмүүнлэгийн үйлсээр манлайлагч өсвөрийн болон залуучуудын улаан загалмайчид, шилдэг анхан шатны хороо, шилдэг хандивлагч гишүүн байгууллагын хүмүүнлэг үйлстэнд шагнал гардуулсан юм.
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа түүхт ойн босгон дээр зохиож буй арга хэмжээний талаар “Амьдрал гэдэг бусдын сайхан сэтгэл, бие биенээ гэх нинжин, хүнлэг зан чанар, итгэл урам дээр тогтдог. Бид хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлооно гэж Үндсэн хуульдаа тусгаж өгсөн. Хүнлэг энэрэнгүй үйлсийг бүтээж түгээн дэлгэрүүлж байгаа олон сайхан жишээ туршлага байна. Монголчууд өдөр бүр хүмүүнлэг үйлс хийж байна. Тэднийг олж харж, урам өгч тэднээр дамжуулан олон нийтийг уриалж үлгэр дуурайл болговол нийгэм улам илүү хөгжинө.
Нийгэмд тустай, бусдын сайн сайхны төлөө энэрэнгүй хоёргүй сэтгэлээр хандаж байгаа хамт олон, хувь хүнийг олон нийтэд таниулах тэднээр дамжуулан нийгэмд сайн үйлсийг сурталчлах зорилготойгоор нийслэлийн хүмүүнлэг үйлстнүүдийг алдаршуулж байна” хэмээв.
Шагнал гардуулах ёслолын эхэнд Монголын Улаан загалмайн нийгэмлэгт нэгэн насаа зориулсан, МУЗН-ийн Ахмадын хорооны дарга Д.Цэрэнсодномд хүндэтгэл үзүүлэв. Тэрээр энэ албанд 34 жил зүтгэжээ. Монголын Улаан загалмайн нийгэмлэг манай оронд болсон томоохон осол, байгалийн давагдашгүй гамшигт хамт олноо тэргүүлэн гар бие оролцож, хүмүүнлэгийн тусламжийг хүргэж байжээ. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
Д.ЦЭРЭНСОДНОМ: БАРУУН АЙМГУУДЫН ЗУДНААР МАЛЧИДТАЙ УУЛЗАЖ ЯВАХАД ХҮНДХЭН БАЙЛАА
-Та хүмүүнлэгийн үйлсэд 34 жил хүчин зүтгэжээ. Анх энэ салбарт ямар хувь тохиолоор орж байв?
-Хүнд хийх ёстой ажил, байх ёстой газар гэж байдаг юм байна. Би 1972 онд Анагаах ухааны дээд сургууль төгсөөд Өмнөговь аймгийн Мандалговь суманд салбарын нэгдэлч эмчээр очиж байлаа. Тэнд жил гаруй ажиллаад хотод иртэл Эрүүлийг хамгаалах яамнаас Улаан загалмайн нийгэмлэгт ажилла гэв. Би энэ талаар ямар ч мэдлэг ойлголтгүй байсан учраас татгалзаад Анагаах ухааны дунд сургуулийн эмч багш гэдэг албан тушаалд 10 орчим жил ажилласан хүн. Тэр үед Мөнхөө гээд нэг их сайхан эмэгтэйг лекц тавьж байгаатай таарсан юм. Их гоё эмэгтэй, маш гоё ухаалаг яриатай. Тиймээс тэр хүнтэй уулзаж ярилцлах хүсэл төрөөд явж очсон. Гэтэл 10 жилийн өмнө миний татгалзсан Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Мөнхөө гуай байж таарсан. Тэгж л би энэ салбартай холбогдсон хүн дээ.
-Та Монголд тохиосон томоохон гамшиг ослын үед ажиллаж байсан гэв үү?
-Дэлхий дахинд Улаан загалмай дөнгөж байгуулагдсан үеэсээ л гадаад, дотоодын байгалийн гамшиг, үер ус, дайн тулалдаан, хүнд хэцүү үед тусламж үзүүлж ирсэн. Манай улсад бол анхны томоохон тусламжийн үйл ажиллагаа 1990-ээд оноос эхэлсэн байдаг. Хамгийн анхны томоохон гамшиг бол 1993 онд Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн сумдыг хамарсан зуд байлаа. Зүүн аймгуудад 1996 оны тал хээрийн томоохон түймэр бас бий. Тэр бүрт Монголын Улаан загалмайн нийгэмлэг анх удаа маш том хэмжээний яаралтай нөхөн сэргээх тусламжийг үзүүлсэн. Тэрнээс хойш манай хөтөлбөр үйл ажиллагаа улам өргөжсөн.
-Баруун аймгуудаар болсон зудын голомт дээр очиход нөхцөл байдал ямар байв?
-Тэр үед би туршлага багатай, залуу ч байлаа. Говь-Алтай аймагт яваад очиход малчид дуугаа хураагаад л хэцүү. Мал нь хотоороо хорогдчихсон. Тэгсэн хэрнээ ямар гавьяа байгуулсан гэж та нараас юм авах вэ гээд халгаагаастай. Бид зөвхөн эд материалаас гадна нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг өгөх үүрэгтэй. Тэр утгаар малчидтай ярилцах, сэтгэл санааг нь дэмжих ажил бидний л өмнө ирж байгаа юм. Ер нь хүмүүнлэгийн үйлс бүтээгээд явж байхад хот, хөдөөгийн хүмүүс их ялгаатай нь харагдана. Малчид бол цаанаасаа уужуу сэтгэлтэй, тусламж авах гэж улайрдаггүй. Харин хотод бол эсрэгээрээ байна уу даа гэж бодогддог.
-Хүмүүнлэгийн үйлс гэж таныхаар юу вэ?
-Хариу нэхэхгүй, өөрийнхөө чадлаар бусдын төлөө хийж байгаа үйл юм. Заавал эд материал өгөх албагүй. Ядаж л ядарч зүдэрсэн хүмүүсийн төлөө сэтгэлээ чилээдэг, өрөвдөж хайрлана гэдэг хүмүүнлэг үйлс гэв.
Нийслэлийн хэмжээнд сайн үйлс бүтээсэн 40 гаруй иргэд, байгууллага, хүүхэд залуусыг алдаршуулсан билээ. Тэдний төлөөллийн талархлын үгийг хүргэж байна.
“АЛТАН ГИШҮҮН” С.ЭНХ-АРИУН: МАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН512 ХҮҮХЭД УЛААН ЗАГАЛМАЙН ГИШҮҮД
/СХД-ийн 110 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/
-Манай цэцэрлэг 2015 оноос хойш дүүргийнхээ Улаан загалмайн хороотой хамтран аижллаж гишүүн байгууллага болсон. Үүнээс сүүлийн гурван жил манлайлагч, хүмүүнлэгийн үйлстнээр шалгарсан түүхтэй. Манай цэцэрлэгийн 512 хүүхэд, тэдний эцэг эх, 44 багш ажилтнууд гишүүн байгууллагад элссэн байдаг. Өнгөрсөн хугацаанд бид таван сая гаруй төгрөгийг хүүхдүүдийнхээ эцэг эхчүүдийн зөвшөөрлөөр хүмүүнлэгийн байгууллагад хандивлажээ. Хүүхдийг багаас нь бие биеэ хайрлах, туслах, энэрэх үзэлтэй болгох хүмүүжил сургуулийн өмнөх боловсролын хамгийн чухал сургалт байдаг. Тэр боловсролыг бид Улаан загалмайн гишүүн байгууллага болж, хүүхдүүддээ олгож байна. Манай цэцэрлэгийн анги танхим бүр анхан шатны тусламж үзүүлэх булантай.
ШИЛДЭГ САЙН ДУРЫН ИДЭВХТЭН Н.ЛХАГВАА: ЯДАРСАН ИРГЭД, АХМАДУУДДАА ХАРИУ НЭХЭЛГҮЙ ТУСЛАХ САЙХАН
/Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны сайн дурын идэвхтэн/
-Би Говь-Алтай аймгийн Тайшир сумын хүн. Улаанбаатар хотод 1974 онд ирээд Чингэлтэй дүүргийг Сүхбаатарын район гэж байхад л ирж суурьшсан. Хорооныхоо иргэдийг удирдаад баг болгож, ядарсан иргэд, ахмадуудад туслах ажлыг зохион байгуулдаг. Хүнд туслах шиг сайхан зүйл байхгүй.
МАНЛАЙЛАГЧ ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙЧ Б.БАТ-ЭНЭРЭЛ: АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХАНДИВЫН АЯНД ЗОРИУЛСАН
/БГД-ийн 40 дүгээр сургуулийн сурагч/
-Би хүнд боломжоороо туслахыг хичээж явдаг. Хариу нэхэхгүйгээр туслахыг хичээдэг ах эгч нартаа Улаан загалмай үүссэний 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Би өөрийнхөө анхны бие даасан “Сэтгэлэн залбирлан” тоглолтоо хандивын аянд зориулж хийсэн. Багшийнхаа зөвхөн дуулах чадварыг өвлөөд зогсохгүй бусдад чин сэтгэлээсээ хандах, туслах сэтгэлийг өвлөхийг хичээдэг.
Б.ЭНХЗАЯА
Б.АМИНА
Зохиолч Д.Наваансүрэн
Зохиолч Д.Наваансүрэн 1922 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Улаанбаатарт Намын дээд сургууль, Москвад Утга зохиолын дээд курс төгсжээ.
1950-иад оноос уран бүтээлээ эхэлж “Нөхдийн ач”, “Ууланд болсон явдал” “Анхны хундага” зэрэг өгүүллэг, туужийн түүвэр “Минжийн хангай” роман бичжээ.
Мотор нь халсан машин аагчин мацсаар хадаг яндар, өнгийн даавууны өөдөс намирсан модтой чулуун овооны дэргэд ирж зогсов. Наранбулагийн даваан дээр гарч байгаа нь энэ. Өртөө гаран өгсүүлдэг энэ давааны адаг уужим цэлгэр бөгөөд тэнд зах нь үл үзэгдэх тариан тэнгис долгиолно. Ам өгсөх тутам нарийсч хяраа хүрэхэд машин зөрөх зайгүй болно. Давааны ар өвөр шигээ нүцгэн биш битүү ой модоор хучигджээ. Энд замын хажуугаас эхлэн хангай нутгийн мод бут, өвс ургамлын сорыг дээжлэн цуглуулсан мэт. Өндөр өтгөн, элбэг баян харагдана. Машин хөрөх чөлөөнд анх хөл тавьж байгаа энэ газар нутгийн гоо үзэсгэлэнг сонирхон нүд хужирлахаар буув. Мөнх ногоон нарс, гацуур, цагийн аясаар түмэн навчаа шаргалтуулан байгаа хус, улиас, үр жимс нь улайран навч мөчир нь хүрээ сор татан байгаа монос, нохойн хушуу, өрөл, долоолгоно, тэхийн шээг намрын тунгалаг өдрийн нарны хурц гэрэлд өнгө хослон атар нутгийн анхилам, цэнгэг агаар, өвс ногоо, жимсний үнэр гойд содон сэнгэнэнэ. Замаас гаран хэд алхтал анис жимс ширдэг шиг улайран арын шар төмсний хонх зайгүй үзэгдэнэ. Ой модоор хэрэг болгон бүтэн өдөр эрэхэд ганц нэгээс илүү олддоггүй шар төмс энд ингэж зайгүй ургасан байх гэж.. Энэ бүхнийг сонирхон гар сарвайхад л бэлэн жимснээс нэг хоёрыг түүж амтлан явтал хажуухан талд өвөө гэсэн эмэгтэй хүүхдийн цангинасан дуу гарав.
Мод бутны чөлөөгөөр тэр зүг харвал арваад насны охин сөхөрч суугаад нэг юм оролдож байгаа өвгөн дээр гүйж очоод миний зүг заан юм хэлж байна. Бодвол хүн явж байна гэж байгаа бололтой. Өвгөн мөн зүг өлийн харснаа ажлаа хийв. Жимс ид боловсорч байгаа цаг болохоор жимс түүж яваа улс байна гэж бодон тэдэн дээр явж очив. Шингэн цагаан сахалтай гав шавхийсэн өвгөн даавуун дээр дэлгэсэн буурцаг мэт атлаа зүрхэн хэлбэртэй жижиг хүрэн юмыг том жижгээр нь их л нямбай ялгаж сууна. Охин яг л тийм юм атга атгаар түүж ирээд ялгаагүй хэсэг дээр хийж байна. Амар мэндээ мэдэн хажууд нь суухад өвгөн хариу мэндэлсэн болоод юмаараа оролдоно. Тэр нэг л уцаар, бас зожиг юм шиг…
-За боль, боль гэж охиныг зандраад дэлгэж тавьсан юмаа хааш яайш боож ийш тийш нь шидэлж эхлэв. Өвгөн яагаад ингэж муухай аашилж байгааг хэрхэн мэдэх билээ.
Охин ч учрыг эс олон гайхан зогсоно. Бид хоёрын яриа нэг л эвт орж хөгжиж өгөхгүй нэлээд болов. Тэрээр нүдний булангаар намайг ажин бушуу далд ороосой гэх мэт байхад нь би бүр тухлан сууж хамт яваа нөхдөө дуудан машинаас савтай айраг, замын хүнсээ авчруулав. Өвгөн байж ядаж байна.
-Эр хүн эрээгүй нь дээр, айраг уу, юм ид өвгөн гуай гээд айраг аягалж өгөхөд өвгөн дурамжхан авч амсаад тавив.
-Яасан сайхан үзэсгэлэнт нутаг вэ. Энэ шар төмсний ургасныг хачин юм. Би хангайн хүн гэхдээ шар төмс ингэж нэг газар бөөнөөрөө ургасныг огт үзээгүй юм байна. Бас энэ аньс, нохойн хушуу, мойлыг хараа. Наран цэцэг шиг энэ чинь ямар гээч ургамал вэ? Ер урд үзээгүй ургамал байна. Зун цэцэглэхийг нь харах юмсан, ямар өнгийн сайхан цэцэг гардаг бол. Ёстой гайхаж баршгүй, үзэж ханашгүй сонин сайхан газар байна даа. Даруй дархалж хамгаалууштай газрын нэг байна гэхэд өвгөн энэ ер нь юу хэлэв гэх мэт нухацтай харснаа:
– Хэлдэг л үг гэж мушилзаад боож баглаж байсан юмаа хойш тавьснаар өвгөн бидний яриа хөгжиж эхлэв.
-Байгаль дэлхийг хар нүдний цөцгий шиг хайрлаж, түүний төлөө үг сонсвол сэтгэл нь сэргэж магнай нь тэнийдэг хүн ажээ. Өвгөний дүнсгэр царай бүрхэг тэнгэр цэлмэх мэт болж далан үрчлээст нүүрэнд нь мишээлт тодрон яриа нь нэмэгдэв. Өвгөнийг Түмэннаст гэнэ. Түмэннаст гуайнх энэ нутгийн унаган айл ажээ. Эднийх зунд давааны тулах эхэн дэх Наранбулаг хэмээх тунгалаг булгийн дэнжид зусаж амны дунд хэрд орших Хүүш хэмээх намхан уулын бэлд намаржин одоо тариан талбайн зах болсон Нөмрөг гэдэг жижиг толгойн өвөрт өвөлжсөөр өнөөг хүрчээ. Хүүш уулын бэлд чандмалсан гурван цагаан гэр байсан нь эднийхэн байжээ.
Түмэннаст гуай өнөө өглөө нарнаар ач охиноо дагуулан явган гарч хагас өртөө газар аялан энд ирж ажилдаа дөнгөж орж байсан юм байна.
-Та энэ сайхан газар нутаг, түүний гоо үзэсгэлэн, намтар домгоос ярьж өгнө үү гэхэд өвгөн юунаас эхлэх билээ гэсэн мэт хэсэг дуугүй байснаа ийн өгүүлрүүн:
-Энэ газрыг Наранбулаг гэдэг. Даваа, ар өвөр нь мөн тийм нэртэй. Урьд бол хойш урагш давах морин замтай байсан юм. Одоо ард нь атрын сангийн аж ахуй байгуулж их замын газар болжээ. Онцгой намтар домог гээд байх юм байхгүй, өнтэй өгөөжтэй сайхан нутаг. Та нарт өөрийн мэдэх нэг л зүйлийг цухас ярьж өгье. Би тэр үед энэ охин шиг л байсан байх. Манай өвөө наян тавныхаа найр хийсэн намар л юмсан. Аавыг нэг удаа анд явахад өдөр шөнөгүй харуулдан чих тавьж байгаад ирэхэд нь хүүхэд шиг гүйж очиж мориноос буугаагүй байхад нь чи өнөөхийг олж ирэв үү гэж яаран асуув. Аав гайхсанаа бүснийхээ үзүүрийг тайлан үрэл шиг хэдэн хүрэн юм гаргаж энэ мөн үү гэхэд өвөө тэр юмыг алган дээрээ тавин ажин харснаа мөн мөн, гялайлаа хүү минь. Зуу наслаарай гээд хадагт боож авсан юм. Тэгээд маргааш өглөө нь унтаагаар Түмэннаст аа, босоорой. Өвөөтэйгөө юманд явна гэв. Хаана хүрч юу хийхийг нь мэдсэнгүй дагаад л явлаа. Явсаар байгаад яг энэ ард ирлээ. Тэгснээ газар шинжиж яваа бололтой энд бол яах бол гэж үглэн явсаар тэр горхины цаад эрэгт арваад, дээхнэ талд наана нь арваад энэ дээд хонгорт хэд, давааны өврийн ширэнгэний захад бас хэдийг суулгаад буцлаа. Хавар цас ханзармагц нааш байн байн ирнэ. Нэг өдөр бид хоёр цуг ирж намар үр суулгасан газраа очвол судгийн баруун эргийнх соёолж байв. Өвөө, ургах нь ургаж байна. Хангай дэлхий минь гэж бөөн юм болов. Орой болтол өвөө маань түүнийг ажиглан явж өгөхгүй, арай гэж авч буцав.
Тэр зуны өврийнхөөс бусад газар тарьсан нь цөм ургасан. Нэг ирэхэд сайхан ягаан цэцэг гарсан байсан. Ингэж л манай энд цээнийн ягаан цэцэг анх ургасан юм даа. Өвөө бид хоёрыг үүр цүүрээр Наранбулагийн даваа өөд шогшиход айл саахалтынхан гайхаж зөнөг, тэнэг хоёр юу хийж гийгүүлэв гэж аав тоодоггүй байв. Ингээд анхны намраас өвөө надад цээнийн цэцгийн үрийг хэдийд авч яаж суулгадгийг зааж өгсөн. Дараа нь шар төмсний үр, ер нь ховор ургамлын үрийг түүж шинээр суулгаж ургуулах гэж намар нь хавар бид хоёр их л хөл болдогсон. Өвөөгөө дагаж явсаар байгаад байгаль дэлхийгээсээ холдож чадахаа байсан юм. Тэгээд өвөөгөө эсэн мэнд байхад, өөд болсноос нь хойш жил бүр намрын намарт зав гарсан хонуут өнжүүт энд ирж ховор өвс ургамлын үрийг түүж арилган, нэмэн суулгасаар нэг мэдэхэд Наранбулагийн ар маань цээнийн цэцэг, шар төмс, мойл энэ тэрээр элбэг газрын нэг болсон юм даа гээд Түмэннаст гуай айраг залгилав.
– Yр нь унаад өөрөө аяндаа бас ургана биз дээ Түмэннаст гуай?
-Ургах нь ч ургана. Гэхдээ удаан, арваас нэг л болов уу даа. Бас тэгээд оготно хулгана, жирх, хэрэм, шаазгай гээд энэ үрийг хөрсөн дор орохоос урьтаж гоочилдог амьтад мундахгүй гэв.
-Цээнийн цэцэг чинь ховор ургамлын нэг гэдэг байх аа. Эмчилгээнд хэрэглэдэг гэлцдэг гэхэд өвгөн тосон авч:
-Юу ч л гэсэн байгалийн дээд зэргийн чимэг дээ. Газар бүр ургах нь ургадаггүй байх аа. Гэлээ гээд баян хангайг ямар нэгжиж үзсэн биш. Манай энд л гэхэд тэр харагдаж байгаа хөх уул, эндээс сунгуу гурван өртөө гаруй зайтай уул даа. Олон уул, даваа, гол гаталж байж хүрдэг хир баргийн хүн очдоггүй аглаг уул. Тэр уулнаас өөр ууланд байхгүй. Тэр Хөшөөт уулнаас далаад жилийн тэртээ өвөөгийн минь захиасаар аавын авчирсан хэдэн үрнээс манай Наранбулагт ургасан юм.
-Эм танд ордог гэдэг нь гэдэг байх. Түүнийг нь ах нь сайн мэдэхгүй. Ер нь ний нуугүй хэлэхэд ярих баахан дургүй дээ. Дургүй ч юу байхав, сүйд хийчинэ гэж айхдаа амаа тас жимийсэн л байдаг юм. Манайхан чинь нэг л юм дуулбал дуу дуугаа авалцан шууран дайрдаг улс болж шүү дээ. Тийм хүмүүс хэцүү. Авдаг цаг хугацаа, хэрэглэх ёс журмыг мэдэж нарийн учрыг олохоосоо өмнө үр үндэсгүй болж устаж үгүй болохыг юмын чинээнд бодохгүй. Ганц тун хэрэгтэй бол ачааны машинаар ч авч байхаас сийхгүй хүн бий. Тэд үржүүлж төлжүүлэх, хайрлаж гамнахыг даанч юман чинээнд санадаггүй юм. Юмыг яаж мэдэх вэ, хамар дор хагархай юм заяасных гэж бурж байтал нэг мэдэх маань энэ хэдийг минь баллачих вий гэж зүрх шимшрэхдээ амаа тас жимийж явдаг юм. Манай эндхийнхэн бол өөрөө хэн ч дураараа ирж авахгүй шүү. Хэрэг болсон нэг нь над дээр ирж учир явдлаа хэлж би өөрөө авдаг өдөр нь ёс журмаар нь авч өгдөг юм. Та нарт хэрэг болбол ахдаа хэл өгүүлээрэй. Сэтгэл зовохгүй цаг гэж нэг ч алга. Энэ даваа мань их хөлийн газар болжээ. Улс хөгжиж эх орны өнцөг булан бүрт олон сайхан үйлдвэр, аж ахуй бий болоход баярлахгүй хүн хаана байх вэ. Гэлээ ч сэтгэл зовоож, уур хүргэх хүн гарах л юм. Энэ даваа ар өвөр аль аль талаасаа өртөө гаран өгсүүлдэг сүрхий өндөр болохоор машин заавал юм шиг халж орой дээр нь зогсоно. Тэгээд хэдэн хүн л сууж явна тэд цөм л хавар зун бол онцын хэрэггүй мөртөө цаанаа ховор живэр, үнэтэй цэнэтэйг эс анхааран дайралдсан цэцгийг багц багцаар таслан авч хаяна. Сайндаа гэр орондоо аваачиж усанд суулгаж үр жимс нь гарахгүй болж нэг мэдэхэд энэ газарт уг ургамал үгүй болно шүү дээ. Намар бол жимсийг авч байгаа нь энэ, дараа жилээ бодохгүй хамаа намаагүй мөчир гишүүг хугачина. Даанч хайран шүү. Та нарыг ирэхэд бас л тэгж сүйтгэдгийн өрөөсөн дугуй гэж уур хүрч байсан юм гээд өвгөн хангайн энэ ууланд жимс, цэцэг, мод бут тарьж төлжүүлэн байгаагаа бидэнд нэг нэгэнгүй зааж мод бут бүрийн дэргэд намтар түүхийг нь ярьж хагас өдөр болов. Хэсэг тэрэлжийн дэргэд зогсоод хавар намрын түрүүнд цэцэглэж энэ ойг чимж, агаар нь цэвэршүүлдэг бут даа. Энэ бут бас үгүй өөрийн түүхтэй эдээ. Тэрэлж гэдэг юм.
-Далийн цэцэгний …?
-Тийм ээ. Уг нь манай ард ургадаггүй байсан юм. Тээр жил дээ, Тэрэлжийн амралт анх нээгдэж байсан цаг юмсан. Би нэг намар тэнд хэд хоног амарсан юм. Тэгээд энэ бутны учир начирыг хүнээс дуулж баахан үр түүж ирээд суулгасан юм. Төлөөгүй ургасан хөөрхий. Хаврын хаварт таван сарын хорьдоос зургаан сарын эх хүртэл ид цэцэглэхэд ирж жаал суудаг юм. Манай нутгийнхан ч амралтаа хүртэл аваад л ирж суудаг болсон. Зарим сүржин нэг нь их даваадуулж өвчин бүрийг анагаадаг юм шиг ярьдаг юм байна билээ. Тэр нь ч юу юм бэ, ямар ч гэсэн зэгсэн амралт л болдог юм гээд цааш нарсан ой дундуур дагуулж явав. Энэ ой өндрөөсөө намсан намссаар тохой, сөөм болон шувтрав.
-Зориуд жил бүр үелэн тарьсан юм шиг ямар сонин ургасан нарс вэ? Та арай бас тарьдаг юм биш биз дээ гэхэд Түмэннаст гуай баярлан инээмсэглэж магнайныхаа хөлсийг алгаараа шувтраад…
-Тарьдаг юм. Хориод жилийн өмнөөс эхэлсэн юм. Анх тарьсан маань тэр одоо тав зургаа, зарим нь арван метр ч дөхөж байна. Жилд нэг эгнээ болгон зуун үр суулгадаг юм. Ноднингийнх энэ гэж сөөм төдий сөөсийж байгаа бяцхан нарсны дэргэд явган суугаад булбарай шилмүүсийг нь энхрийлэх мэт илэв.
– Энэ гацуурыг мөн тарьсан уу гэвэл:
-Гацуурыг тариагүй. Манай энд хаа очиж гацуур өөрөө сайн ургадаг юм. Хориод жилийн өмнө мөн жаахан монос тарьсан. Тэр байна гэж судаг даган ургасан моносыг заав. Ус, чийг, нар л байвал өөрөө төлөөгүй ургадаг юм. Харин вансэмбэрүүг л ургуулах гээд дийлэхгүй байна.
Нутаг газар л зохидоггүй юм байх. Хүр орхоодойг ч санаа байлаа. Даанч ховор юм. Тэр Хөшөөтийн нуруунд уг нь байдаг л гэдэг юм. Залуу тэнхээтэй байхдаа хоёр намар сар тэнээд хайрханыг олоогүй юм. Энэний маань хийх ажил болох байх гээд ач охиныхоо хонгор үсийг илж инээмсэглэв.
Өвөөгийнхөө захиа даалгаврыг хойч үедээ үлдээхээр ач охиндоо зааж, зурж, хэлж үзүүлж яваа минь энэ ухаантай юм. Миний ач овоо, одоо мэдэхгүй ургамал, түүний үр жимс, хэдийд гүйцдэг, хэдийд яаж авч хаана яаж тарьдаг, ер нь юм юмны нь гадарлах болсон байна. Миний хүү бас ч үгүй ургамал нэг бүрийг нарийн бүртгэлтэй болгож байгаа хүн. Энэ бид хоёр ер нь хавар зун, намар ихэнх цагаа энд л бардаг юм. Хэн хэнд маань зэгсэн амралт ч болдог.
Түмэннаст гуай нь ная гараад гэлдэрч байна. Эмгэг өвчин гэх юм байхгүй. Энэ ой мод, цэцэг, жимс, агаар улирал л өвөөг нь ингэж наслуулж, жаргуулж байгаа юм даа. Энэ газар нутаг бидний ач үрс үеийн үед аж төрөх өлгий болохоор хайрлах ч юмны нэг дээ. Цэцэг навч, өвс ургамал, мод бутыг ганц гэлгүй хайрлаж хямгадаж, үржүүлж төлжүүлж байхыг хичээ хүүхэд минь. Эзэн хичээвэл заяа хичээнэ шүү. Эзэн хичээ гэдэг чинь хий, бүтээ, торд хямгад, сэтгэл зүрхээрээ хандаж, бие хайргүй зүтгэ л гэсэн үг шүү. Хүүхэд минь байгаль дэлхий ид сэргэн цэцэглэх зун цагт нэг ирээрэй. Сэтгэл сэргэнэ шүү гэж Түмэннаст гуай өгүүлэв.
Эх орны аглаг нэг хэсгийг зүрх сэтгэлээрээ хайрлан ариун цагаан хөдөлмөрөө тэнд шингээж үржүүлэн тордож цэцэглүүлэн байгаа буянт буурлаас салмааргүй, түүний дусал хөлсөө шингээсэн бут ургамал, мод бүрийг нь үзэж бахдаж сургамжит яриа, дуурайлалт ажлаас нь нэгээхнийг ч гэсэн сурч мэдэж авахсан гэж бодогдон аяны замыг хөөхдөө Түмэннаст гуай түүнийг залгамжлан авч байгаа ач охин Байгалмаа хоёрт сайн сайхныг хүсэн дахин баяртай уулзахын ерөөл дэвшүүлэв.
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам.доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкинд төлөх 40 сая ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Стандарт банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40 сая ам.доллар хүлээж авсанаа мэдэгдсэн. Энэхүү өр төлбөртэй холбоотой ор үндэслэлгүй мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээгээр нийтлэж байгаа учраас бид албан ёсны эх сурвалжийн хувьд 40 сая ам долларыг Стандарт банк хүлээн авсан тухай баримтын хуулбарыг англи, монгол хэлээр хүргэж байна.
Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг үгүйсгэсэн, харлуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллагуудад уриалж байна.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хүсье.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ХУУЛИЙН ХЭЛТЭС, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа. Тэрээр юуны өмнө агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хэрэглээнд шахмал түлш нэвтрүүлэх зорилтыг биелүүлэхэд цаг наргүй ажиллаж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.
Ерөнхий сайд үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, чанар, шаталт, савлагаа, дахин боловсруулах туршилт-судалгааны цех, үйлдвэрлэлийн шугамтай танилцаж хоёр, гуравдугаар шугамын дамжлагын ажлыг эхлүүлэв.
“Тавантолгой түлш” компани энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 70 мянган тонныг нөөцөлж, 3000 тонныг борлуулаад байна. Мөн түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа тухай компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.
“Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахын тулд хөрөнгө санхүү, тээвэрлэлт гээд өөрөөс шалтгаалах бүхнээ хийсэн. Одоо хотын захиргааны хийх ажил үлдлээ. Ирэх өвөл утаатай байх эсэх нь хотын даргаас шууд хамаарна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.
Үйлдвэрлэсэн түлшийг айл өрхөд ямар нэг хүндрэлгүй, хүртээмжтэй, тасралтгүй түгээх чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд онцгойлон анхааруулав.
Мөн УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч, бүх шатны Засаг дарга, хороодын хэсгийн ахлагч, мэргэжлийн байгууллагууд идэвхтэй оролцох ёстой гэлээ. Иргэд ч Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин гэр, байшингийнхаа дулааны алдагдлыг бууруулж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж хэвшихийг уриалав.
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг БНСУ-ын лаборатори баталсан байна. Шинжилгээний хариуг тус улсын мэргэжилтэн Пак Сан Ху Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгөв.
Цаашид илүү сайн чанартай шахмал түлш үйлдвэрлэх туршилт явуулах, шинэ технологи бүхий үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай “Тавантолгой түлш” компанитай хамтран ажилладаг Япон, БНСУ-ын мэргэжилтнүүд хэлэв.
Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж байгаа.
Жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолж байна.
Сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой. Төслийн зууханд дөрвөн кг түлш түлэхэд таван цаг, энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагдсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал хураалт явуулах, санал болгох ажиллагаа өнөөдөр боллоо. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 93.58 хувь буюу 350 шүүгч оролцжээ.
Санал хураалтад оролцсон шүүгчийн 50.86 хувь нь Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Түмэнжаргалын Мэндсайханыг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоол гарлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь дэмжсэн. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх ажлын хэсэг байгуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан юм. Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, Ө.Энхтүвшин ахлагчаар, Үндсэн хуулийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томилсныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар байгууллаа. Ажлын хэсгийг Ө.Энхтүвшин ахалж, Ж.Батзандан, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Г.Солтан нарын гишүүд багтжээ. Үндсэн хуулийн эхийг баригчаар Д.Лүндээжанцан гишүүнийг томиллоо.