Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Турк тэмдэглэл: Ижил ба ондоо

ОРШИЛ.

Эхлээд нэр, усаа тохирч авна аа. Турк гэвэл Ази, Европыг дамнан оршдог улсын нэр бөгөөд Түрэг гэвэл хээр талд хөшөө дурсгалаа үлдээгээд одсон нүүдэлчний нэр.Турк гэж бичээд “Түүрэк” гэж дууддаг, яг л Пушкин гэж бичээд “Пүүшкэн” гэж хэлдэг шиг. Харин Анкара нь Турк улсын нийслэл, харин “Анкара дөнэр” гэвэл Улаанбаатарт байдаг Турк хоолны газрын нэр болох жишээний.

Түрэг хэл судалдаг эрдэмтэн, турк хэлний орчуулагч хоёр жаахан тусдаа гэсэн үг. Ухаандаа, өнгөрсөн жил Туркийн Шинжлэх ухааны Академийн шагналыг хүртсэн, Орхон бичиг судлаач академич Л.Болд гуай ерөнхийлөгч Эрдогантай шавайгаа ханатал хуучилсан нь юу л бол.

Монгол түрэг хэл нь Алтай хэлний язгуурт багтах бөгөөд үгсийн сангийн 10 гаруй хувь нь тохирдог гэж эрдэмтэд хэлдэг. Ер нь бол хэн хүний мэдэх 2000 орчим дундын үг турк ба монгол хэлэнд байдаг гэх. Уг нь тухайн хэлнээс энэ хэмжээний үг мэдэж байгаа тохиолдолд давгүй яриа өрнүүлээд байж болно л доо.

Жишээлэхэд, манай нийслэлийг ундаалдаг Туул голын нэр нь “туулаад гарах” гэсэн утгагүй, харин “Дүүрэн” гэсэн түрэг-монгол үг гэж судлаачид хэлдэг. Саваа дүүрэн мэлтэлзсэн, туулах байтугай сэлээд гарахад амаргүй мөрөн гэсэн үг.

Анкара хотын төв дунд, багахан уулын оройд орших эртний нэгэн цайз буй. Цайзтай уулын нэр нь Алтантаг юм билээ. Алт мөнгөнд дуртай ямар ч хүний эхний үгийн утгыг мэднэ, харин хоёр дахь нь “ Байтаг богд”, “Уулын тагт ургасан цэцэг юутай анхилуун бэ” гэхчлэнгийн хэллэгт орох тул ямар ч монгол хүн “Аа, мөн мөн. Алтан уулын цайзын тухай ярьж байна” хэмээн түвэггүй ойлгож болно.

Даанч бидний дундын үгс маань их төлөв оноосон нэр, хуучирсан үгс байгаа болохоор шууд хэрэглээд ярьчихад түвэгтэй. Үйл үг огоот хэрэглэхгүй тувт нэр үгээр ярьдаг билигтэн байлаа ч амаргүй. Жишээ нь, Увс, Хөвсгөл, Алтай, Идэр, Байгал гэдэг үгсийг оролцуулан тэмдэг нэр, үйл үггүйгээр өгүүлбэр зохиох бэрх буй за.

Харин манай казахуудын үгсийн сангийн 15-20 орчим хувь нь өнөөгийн турк хэлний үгийн сантай таардаг гэж сонслоо. Энэ нь монгол хэлнийхтэй харьцуулахад их боловч мөн л гудманд тааралдсан турк, казах хоёр дуржигнатал яриад ижий ахай болчихно гэсэн үг биш юм. Хэдийгээр Алтай язгуурын хэлэнд багтдаг, өгүүлбэр бүтээх арга ойр ч гэсэн, хамгийн анхдагч үгс болох нэгээс арав хүртэлх тооноос эхлээд зөрөх тул эртний түрэг ба монголчууд нэг хэлээр ярьж байсан гэхэд ч түвэгтэй, ярьдаггүй байсан гэхэд ч ярвигтай болохыг эрдэмтэд сануулдаг. Гэвч Монгол орны газар усны нэрийн дийлэнх нь түрэг нэртэй үлдсэн нь бас сонин. Үүнийг хоёр янзаар төсөөлж болно. Юуны өмнө, монголчууд нэг гэгээн сайхан өглөө, “Нууц товчоо”-нд гардагчлан “Тэнгис далайг гатлан ирээд” Түргүүдийн хөөн явуулахдаа хэдэн газар зүйчийг үлдээж. Тэднээс уул усны нэрийг асуун “Тэр уулын юу гэнэ ээ, аан Хэнтий юм биз дээ? Харин энэ том нуурыг Хөвсгөл гэв үү” гэхчлэнгээр цээжлэн үлдсэн байж болох ч үнэний магадлал багатай.

Харин монгол ба түргүүд чамгүй олон жил холилдон амьдарч, газар усныхаас эхлээд олон арван нэр томьёог тэднээс тогтоон үлдсэн байж болно. Ингээд нэгэн цаг үед Түргүүд нүүн одож, монголчууд уул нутагтаа үлдэхдээ газар усны нэрийг тогтоон үлдсэн байж болно.

НЭГ. БАЙЛДАН ДАГУУЛАХ ЗӨН

Монгол, Турк хоёрыг ижилсүүлж байдаг хамгийн том хүчин зүйл нь бичиг,үсгийн дурсгал гэхээсээ илүү үндэстний зан чанарын ижил төстэй талууд байдаг. Энэ талуудыг харьцуулан харахад, тал нутагт төрж бойжоод, эр цээнд хүрч, аялан дайтан одсон Түргүүдийн үр сад ба дэлхийн хэмжээний Их гүрэн байгуулж орхиод тал нутагтаа буцан ирж малаа адгуулан үлдсэн монголчууд хоёрын нийтлэг чанарууд аандаа тодорч ирдэг.

Ар талаараа Сибирийн их ой хөвч, урдуураа их Говиор хүрээлүүлэн орших хээр тал нь тодорхой утгаараа эх газрын гүн дэх арал юм. Цаг уурын онцлогоосоо болоод газар тариалан хөгжүүлэх боломжгүй, өрнө, дорныг холбосон их замын огтлолцол зангилаанаас алсуур учраас хот балгад байгуулах аргагүй нутаг. Учир нь хот балгад бол их замаар тэжээгдэн, худалдаа наймааны эргэлтээр амьсгалан амьдардаг бөлгөө. Ийм учраас, тал нутагт нүүдлийн мал аж ахуй, ан агнуур эрхлэн амьдрахаас өөр сонголтгүй нүүдэлчид төрөлхийн хатуужилтай, байлдан булаах зөнтэй хүмүүс болон өсч бойжиж байж. Дөрвөн цагийн эргэлтэд аялан байлдах чадвартай, улмаар үйлдвэрлэгч биш учраас бусдын юмыг булаан авч дутуугаа нөхөхөөс өөр сонголтгүй болсон тэдний дундаас дэлхийд нэрээ дуурсгасан байлдан дагуулагчид төрөн гарсан юм.

2000 гаруй жилийн өмнөөс тал нутагт алдраа цуурайтуулсан Хүннү нар Хятадын Цинь улсыг байнга уулгалан хэрэм цайз барихад хүргэж байснаа умардад нүүдэллэн одсон байдаг. Тэд Дунай мөрний хөндийд түр буудаллан хүчээ аваад Европыг донсолгож, Визант, Ромоос алба татварлаж байсан гэдэг. Хүннүгийн удирдагч, авьяаслаг жанжин Атилла хааныг өрнөдийнхөн “тэнгэрийн ташуур” хэмээн айдас хүйдэстэйгээр тэмдэглэн үлдээжээ. Гэвч нүүдэлчид улс байгуулах авьяастай боловч улсаа авч явах чадвар барагтайхан явж ирсний үлгэрийг ч Атилла хааны Хүн нар давтжээ.

Харин тэртээ XIII зуунд Монголчууд өөрийн эзэнт гүрнээ байгуулан хээр талаасаа өндийн боссон юм. Чингис хааны байгуулсан их гүрэн өрнө дорныг холбон тогтнохдоо, урьд хожид ямар ч нүүдэлчдийн нэгэн зэрэг эзэгнэж бараагүй уудам нутгийг хянан захирч чаджээ. Гэвч Чингис хаан бээр их аян дайн бүрийнхээ дараа төрөлх нутагтаа эргэн ирж байв. Тэр хэрээр нь эзлэгдсэн нутаг нь төв захиргаанаасаа алслан холдох болсон байдаг. Эзэмшил нутгуудаа итгэмжлэн үлдээсэн үр хойчис нь нүүдэлчин хүний зангаар аль болох толгой даахыг хичээн “барын сүүл явснаас батганын толгой байх”-ыг илүүд үзэх болсон нь их гүрний задралын эх болов. Чингис хааны үр хөвүүд зарим нь эзлэсэн нутгаасаа хөөгдөн гарч, үлдсэн нь тухайн үндэстний шашин сурталд уусан арилсан юм.

Харин төрөлх нутагтаа эргэн ирсэн монголчууд гал голомтоо хадгалж, Бээжин Москва хоёрын аясыг ээлжлэн харсан эх газрын гүн дэх “арал улс” болон үлдсэн бөгөөд 1990 оны социализмын задралын дараагаар хоёрхон улстай хиллэдэг мөртлөө “гуравдагч хөршийн бодлого” бүхий, хэр чинээгээрээ ардчилсан, бас нээлттэй улс болсон нь бид нар бөлгөө.

Туркийн тухай өгүүлэх гэхдээ, Хүннү , Чингис рүү яагаад орчихов гэхээр бас ийм учиртай юм. Тал нутгаа орхин гарч, Чингисийн Их Монголын нэгэн адил алдар цуутай байлдан дагуулагч болсон атлаа Түргийн үр сад эх нутаг руугаа буцаагүйгээрээ монголчуудаас ялгарна.

Европ-Азийг донсолгосон их гүрнийг Хүннү нарын адил байгуулсан боловч тэдэн шиг тарчихаагүйгээрээ Түргийнхэн бас онцгойрно.

Тал нутгаас мандан бадарсан Хүн нар хийгээд Монголын эзэнт гүрнийг байгуулагчдаас ялгаатай нь тэд эх нутгаа эрмэлзэн буцахыг эрмэлзэл багатайгаас гадна оршин амьдарч буй газраа бэхжин тогтнох чадвартай үндэстэн байсан болж таарав.

Эртний Грег, Ромын түүхийг хадгалсан Ази Европыг холбосон стратегийн чухал байрлал дээр төвхнөсөн тэд нар хоёр тив рүү гараа чөлөөтэй сунгах боломжийг олж авчээ. Өөрөөр хэлбэл тэд Азийн төвөөс гарвалтай бусад нүүдэлчин дайчид шигээ улс байгуулах чадамжтайгаас гадна улсаа байлгаж байх арга ухаан сайтай хүмүүс байжээ гэж үзэж болно. Дунд сургуулийн Газар зүйн сурах бичигт Европ ба Ази тивийн заагийг “Улаан тэнгис, Босфорын хоолой, Гантиг тэнгис…” гэхчлэн заадаг нь өнөөгийн Турк улсын газар нутагтай холбогдох тодорхойлолт юм.

Стратегийн чухал цэг дээр төвлөрөн бэхжих чадамжаараа ялгаран үлдсэн туркүүд, төрөлхийн дайнч араншин, нөлөөгөө тэлэх зөнгөө орхисонгүй. Тэдний түүх бол яг л Монголын их гүрнийх шиг эзэмшин дагуулсан түүхүүд ажгуу.

Туркүүд Евроазийн залгаас нутгийн дажинд ч, энхамгаланд ч чухал хувь нэмэр оруулсаар ирчээ. Чухам эдгээр шалтгааны улмаас Европын хүчирхэг гүрнүүд Туркийн талд, эсвэл Туркийн эсрэг эвлэлдэн нэгдэж байв. Газар дундын тэнгист нөлөөгөө тогтоох гэсэн Их Оросын санаархлыг хааж ирсэн орон бол Турк. Их Оросын үе үеийн удирдагчид Туркийг сулран доройтох бүрийд түүгээр дамжин Газар дундын тэнгист гарцтай болохыг эрмэлзэж ирсэн байна. Туркүүд дайтах мэдрэмжтэй, ялалтандаа итгэлтэй нь үнэн боловч “их дайны мэдрэмж” тааруутай нь оросын онгоцыг унагасан төдийгээр хязгаарлахгүй. Дэлхийн хоёр дайны ялагдагч талын эвсэлд Туркүүд байж таарсан гэдэг. Эдгээр шалтгааны улмаас өрнөдийн хүчирхэг гүрнүүд заримдаа Туркийг хамгаалан эвсээд Хаант Оростой тулалдаж, заримдаа дайны ялагдагчаар баалан газар нутгийг нь хувааж хүртэл байв.

Хэрвээ Оросууд Газар дундын тэнгист боомттой болчихвол Европын зүрх, Африкийн тархи өмнө нээгдэнэ хэмээн стратегичид нь үзсээр иржээ. Оростой хийсэн олон арван дайныхаа бараг 99 хувьд нь ялагдсан гэх боловч Туркийн нутгийг цөмлөн Газар дундын тэнгист гарах санаархлыг нь ямагт хаасан Европын “цагаан хэрэм” байсаар ирсэн гэнэм. Гэвч “олон жил зодолдсоор сүүлдээ бие биедээ дасаад салж хагацашгүй хамаатан болов” гэгчээр Турк, Орос хоёр худалдаа, аялал жуулчлалын бизнесээр маш сүрхий гагнагдан бэхэжсэн түншүүд болсон ажгуу. Дээхнэ Оросын сөнөөгч онгоцыг Туркийн агаараас хамгаалах хүчин буудан унагасны дараа Москвагийн зүгээр Туркийн бараа бүтээгдэхүүн, тийшээ чиглэсэн аялал жуулчлалд хориг хаалт хийж эхэлсэн нь Анкараг сүрхий сандаргасан удаатай. Өдгөө, тэд Москватай маш сайн харилцаж, Туркийн ерөнхийлөгч нь Оросын ерөнхийлөгчтэй байн байн утсаар ярьж, түүнийгээ өргөн мэдээлж байгаа.НАТО-гийн гишүүн мөртлөө Оростой сүрхий сүжирч эхэлсэн нь Америкийн эгдүүг хөдөлгөсөн учраас Трамп худалдааны татвараар дарамтлан хөөрхөн инфляфи хөөрөгдөж орхисон нь мөн л саяхны явдал.

Нөгөө талаасаа Турк нь Америкийн томоохон хамсаатан, НАТО-гийн гишүүн, цэргийн хүчирхэг гүрэн юм. Энэ орны бүс нутгийн цэрэг дайны бодлогын голлон тоглогч байх эрмэлзэл нь тал нутгаас төрөн гарсан нүүдэлчин дайчдын төрөлх зөнгийн илэрхийлэл гэж харсан ч болно. Тал нутгийн нүүдэлчдийн үр хойчис, ямар ч цаг үед цэрэглэсэн байдлаараа манлайлан оршихуй нь яалт ч үгүй төрөлх чанар болтой юм билээ.

Манай монголчууд ч гэсэн хэр чинээндээ тааруулан цэргийн амбиц гаргаж, дэлхийн халуун цэгүүдэд энхийн сахиулах үйлст оролцож байгаа нь мөн л дээр санаархлаа хэр хэмжээгээрээ илэрхийлж байгаа явдал болно. Энхийг сахиулах үйлст цэргээ оролцуулах нь Сингапурын хувьд утгагүй байж болох ч монголчуудын хувьд өөрийнхөө оршихуйг мэдэрсэн чухал үйл явдал болно.

ХОЁР. ШИНЭЧЛЭХ МЭДРЭМЖ

Туркүүдэд тал нутгийн гаралтай нүүдэлчдийн нэгэн адил төрөлхийн шинэчлэх чадамж, шинэ бүхнийг эрээлэлгүй өөриймшүүлэх сонирхол байдаг. Энэ талаараа монголчуудтай маш төсөөтэй. Дэлхийн нэгдүгээр дайнаар Оттаманы эзэнт улс задарч, ялагдагч Германтай нэг тал болж эз нь татсан Туркүүд түүхийн хүнд сорилтын өмнө ирсэн байна.

Тал нутаг дахь хөшөө дурсгалдаа “Дээр хөх тэнгэр, доор бараан дэлхий үүдэн тогтсоны завсар, хүмүүний биеийг олж төрөөд..” хэмээн бичиж үлдээсэн Түргүүд аль хэдийнэ Лалын шашинд орж, Исламын соёлд багтах болсон байв. Бусад шашин, итгэл үнэмшилд хатуу хүйтэн ханддаг лалын уламжлалтай Түркүүдийн хувьд эрс шинэтгэл нь боломжгүй мэт санагдаж байсан гэдэг.

Гэтэл Туркүүд залуухан эрэмгий офицер Кемаль Мустафагийн удирдлагаар, гайхамшигтай шинэчлэл хийж орчин үеийн Бүгд найрамдах Турк улсыг үндэслэсэн байна. Түүнийг өнөөгийн Турк улсыг үндэслэн байгуулагч хэмээн үзэж “Ата Тюрк” буюу “Түргийн эцэг” хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Кемаль Мустафа нь эх орон тусгаар тогтнолоо хамгаалах тэмцлийг удирдсан баатар төдийгүй энэ үндэстний цаашдын хувь заяаг тодорхойлсон их шинэтгэлийг хэрэгжүүлэгчээрээ алдартай.

Ата Турк бээр лалын шашинтай энэ оронд санаанд багтамгүй шинэчлэл хийсэн нь юуны өмнө шашин төр хоёрыг амжилттай тусгаарласан явдал байв. Улмаар бичиг үсгийн шинэчлэл хийж латинчилсан нь энэ үндэстнийг богинохон хугацаанд өрнөджүүлэн хөгжүүлэх боломжийг нээсэн гэдэг. Төрийн ажил албанд өрнөдийн захиргааны жишгийг нэвтрүүлж, засгийн албан газруудад гивүүр зүүхийг хориглохоос эхлээд огцом шинэчлэл хийж эхэлсэн байна.

Лалын тугийн дор асар том эзэнт улс байгуулж явсан үндэстнийг ийм маягаар шинэчлэхэд амаргүй. Гагцхүү байнгын шинэчлэлд бэлэн явдаг, тулгамдсан асуудлыг прагматик талаас нь хардаг, хэрэгтэй гэж үзсэн шинэчлэлээс хэзээ ч цэрвэдэггүй тал нутгийн үндэстний шинжийг гээгээгүй явсан нь учраас л Ататюркийн шинэчлэл амжилтад хүрсэн гэж зарим судлаачид дүгнэдэг нь үнэнд ойр санагдана.

Хээр талаас нь нүүдэллэн одоод эргэж ирээгүй ч суу алдраа дуурсгасаар яваа Түргүүдийн сураг чимээг монголчууд үргэлж сонирхон чих тавьж иржээ. 1920-иод оноос Монгол орныг өрнөдийн жишгээр шинэчлэх ажил эхэлсэн юм. ХХ зууны эхэн үеийн Монголын эрх баригчдын дундаас гарсан, Монгол орноо шинэчлэн өрнөджүүлэх хоёр гол чиг баримжаа байсан нь Япончуудын хийсэн “Мэйжийн шинэчлэл, Туркүүдийн хэрэгжүүлсэн “Ататюркийн шинэчлэл” хоёр бөлгөө. Ялангуяа 1930-аад бичиг үсгийн шинэчлэл эхэлж, латин үсэг авч байхад дээрх шинэтгэл томоохон үлгэрээр яригдаж байжээ.

Гэтэл дэлхийн II дайны босгон дээр Зөвлөлтийн удирдагч Сталинаас холбооны үндэстнүүд болон БНМАУ-ыг латинжуулах бодлогоо гэнэт зогсоожээ. Зөвлөлтөд болон түүний дагуул БНМАУ-д Кирилл Мефодийн цагаан толгой хэрэглэх шийдвэр гарсан нь ч бас л Турктэй холбогддог юм байна. Холбогдох холбогдохдоо, Ататюрк латин үсгийг Турк улсын албан ёсны бичиг үсэг болгосонтой холбогддог ажээ. Азербайжанаас эхлээд Турктэй нэг хэл, нэгэн шүтлэгтэй Зөвлөлтийн бусад үндэстнүүд дундаа нэг бичиг үсэгтэй байх нь аюултай, Пантүрэгийн нөлөөг социалист лагерьт халдварлуулах магадтай гэж хардсан гэдэг. Ийнхүү, ХХ зууны гучаад онд Монголд латин үсэг хэрэглэж эхэлсэн ба больсон түүх ч далд шижмээр Туркт хийсэн Ататюркийн шинэчлэлтэй холбогдож байна.

Улмаар, 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаар ч энэ асуудал сөхөгдөж, Туркийг богинохон хугацаанд амжилттай шинэчлэн хөгжүүлэх эх ундарга нь латинчлал байсан учраас Кирилл үсгийг түүгээр солих санаачилга, давлагаа нэг хэсэг өрнөж байсныг манайхан санаж байгаа.

Өнөөгийн Туркийн ислам шашин нь улс төр, нийгмийн амьдралын хандлага гэхээсээ илүү өв уламжлал, үндэсний соёлын илэрхийлэл байдлаар онцгойрох шиг санагдсан. Бидний хэдэн сэтгүүлчид Турк оронд аялах цаг нь Рамадан хэмээх мацаг сартай давхцаж таарсан юм. Түркүүд энэхүү мацаг барих зан үйлээ шашны хатуу дэг журам мөрдөгч мөргөлчний жаяг гэхээсээ илүү уламжлалт зан үйлээ бахархан, дагагч үндэстний хувьд тэмдэглэж байх шиг санагдсанаа нуух юун.

Амьдралын хатуу тулгалт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шашин шүтлэг, уламжлалын боломжтой уулзвар хамгийн сайн олж хардаг нь тал нутгаас гарвалтай нүүдэлчдийн нийтлэг шинж байдаг.

ГУРАВ. ИЖИЛСЭЛ

Монгол нутаг дахь Хөх түргүүдийн дурсгалаас эхлээд, дайнч Селжүкийн шастир, Оттаманы эзэнт улс, өнөөгийн Турк улс болон хөгжсөн тэдний намтрын монголчуудтай ижилсэх болоод ялгарах талууд ийм байна.

Монгол-Турк хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Түүчлэн монголчуудыг Социализмын замнал, улмаар тусгаар тогтнолд хөтөлсөн Ардын хувьсгал, Түркийг орчин үеийн хүчирхэг улс болгох эхлэлийг тавьсан Ататюркийн хувьсгалын 100 жилийн ойнууд 2021, 2022 онуудад дараалан тохиох юм.

Монголчуудын эзэгнэн үлдсэн хээр талаас лавтайяа гурван том эзэнт гүрэн оргилон мандсан юм. Хамгийн эхэнд улсаа байгуулан алдраа дуурсгагчид нь Хүннү, дараахь нь Түргүүд. Гурав дахь том бадрал нь Чингис хааны байгуулсан их гүрэн бөгөөд үр хөвүүд нь төрөлх голомтоо сахин үлдсэн нь бид нар бөлгөө.

Хүннү нар бөхөн алга болсон, Түргүүд эргэж ирээгүй ч Османы эзэнт гүрэн цогцлоож бараг хагас мянганы туршид оршин тогтнож, ХХ зууны эхээр бутраад, орон суурин дээр нь өнөөгийн хүчирхэг Турк улс сэргэн босчээ.

Дээрх гурван хүчирхэг үндэстнийг Хүннүгээс салбарласан нэг үндэстэн ч гэдэг, үгүй ч гэдэг. Ямар ч байсан энэ гурав тал нутгийн тэнгэр дор цэцэглэн босоод нэгэн тэнгэр дор эрч хүчээ авсан нь үнэн юм.

Улмаар, өөрийн эрч хүчийг юуны түрүүн цэрэг дайны чадавхаар илэрхийлэх амбиц, хэр хэмжээнээсээ үл хамааран бүс нутгийн асуудалд оролцох санаархал, ямар ч шинэчлэлийг уламжлалаа үл хайхран хүлээн авах чадвар зэрэг нүүдэлчний сэтгэлгээний онцлог эдгээр үндэстнүүдэд хэвээрээ байгаа юм.

Туркүүдийн хувьд монголчууд бол Хүннү Сүннүгийн үеэс улбаатай баатарлаг өвөг дээдсүүдийнхээ нутгийг сахин үлдсэн хүмүүс юм. Монголчуудыг хувьд туркүүд бол тал нутгаасаа халин гараад одоо болтол алдар суугаа хадгалан, хаа холын оронд нутагшин суусан хамаатнууд нь болно. Хэдийгээр нэг нь Буддын, нөгөөдүүл нь Исламын шашинтай боловч бодит байдлын эрх ашгийг нэгдүгээрт тавьж чаддаг нүүдэлчний нийтлэгээрээ ижилсдэг үндэстнүүд бөлгөө.

ДӨРӨВ. АСУУДАЛ

Мэдээж, улс орон тэр тусмаа нэг харилцагч нь Монгол, тэгж ярих юм бол Монголын тал нутгаас угшилтай туркүүд нөгөө талд нь байгаа хойно асуудал бол байна аа. Нэг нь та бидний мартаж амжаагүй байгаа, турк сургуулийн багшийг хулгайлах оролдлоготой холбоотой дуулиан. Юу болоод өрнөснийг хүмүүс мартаагүй тул нуршаад яах вэ?

Туркийн засаг төрийг төлөөлдөг улстөрчид, түшмэдийн нэгэн дуугаар, заримдаа нэг ижил өгүүлбэрээр илэрхийлж байгаагаас харвал, Гюлень гэж нэг “ардын түмний дайсан” байгаа ажээ. Тэрээр эхэндээ одоогийн ерөнхийлөгчийн талд ажиллаж байсан боловч яваандаа санаагаа хувиргасан этгээд юм байна. Тэрээр Туркийг төдийгүй, дэлхий дахиныг сүлжсэн сургуулийн систем байгуулаад, ирээдүйд хорт муу ажиллагаандаа хэрэгтэй боловсон хүчнийг сургаж байсан юм байна, турк нөхдийн яриагаар бол.

Тэр системд нь манай улс хүртэл хамрагдаад Улаанбаатарт болон Баян-Өлгийд салбартай Эмпати гэж бидний ярьдаг сургуулиуд байгуулагджээ. Туркийн тал “нүүрээ нуусан дайсан” этгээдээ таньж амжаагүй байсан учраас уг сургуулийг нээлцээд, хоёр талын хамтын ажиллагааны бэлгэдэл хэмээн нэрлээд явсан болж таарч байна. Гэвч Гюльенийг удирдсан хэмээн үзэж буй “Зургааны сарын 15-ны бослого” хэмээн нэрлэдэг 2016 оны үйл явдлын дараагаар Туркүүдийн нүд нээгдэн дайсан этгээдийг таньсан боловч монголчууд тэгээгүй юм гэнэм.

Харин манайдаа үлгэр жишээ сургалттай, боловсролын шинэ стандарт тогтоож байсан уг сургуулийг Туркийн Засгийн газар хэрхэн халуунаар урамшуулан дэмжиж байсныг мэдэх учраас хүндэтгэн үзсээр ирсэн бөгөөд сургуулийн захирлыг хулгайлан авч явах оролдлогыг нийтээрээ эсэргүүцэн, зогсоож байсан юм. Харин орос, казахстан улсууд өөрөөр шийдэж.

Яриа ба хандлагаас харахад, тусгаар улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлах оролдлого хийгээд амжаагүй талын гэмшил харагдаагүй, харин зохих түвшинд тохиролцсон атлаа амласандаа хүрээгүйд харамссан өнгө цухалзах шиг санагдсан. Зүгээр л санагдсан гэж байна шүү. Туркийн тал ч Гюльений байгуулсан сургуулийн төгсөгчдөд ч гэсэн таагүй хандаж, Туркийн их, дээд сургуульд элсэхэд нь хүндрэл учруулж эхэлсэн байна. Уг сургуулиар дамжсан бүх хүнийг Гюльений дайсан, терроризмын сүлжээнд элсэгдсэн этгээдэд тооцох эсэхийг сонирхоход “Дотуур байраар хүмүүжээгүй хэсэг нь бас арай ч бүгдээрээ элсэгдээгүй байх магадтай” гэж ойлгогдохоор хариултыг манай сэтгүүлчдэд өгч байв. Хэрэг явдлын нөгөө талыг манайхан сайн мэдэх хойно.

Харин удаахь асуудал бол манайтай яалт ч үгүй холбоотой. Энэ бол “Туркиш Эйрлайнз”-ын Истанбул-Улаанбаатарын шууд нислэгтэй холбоотой сэдэв. Энэ сэдвийг Турк улсаас Монголд суугаа Элчин сайдаас эхлээд хөндөж байв. Одоо долоо хоногт 500 зорчигч тээх гэрээтэй байгаа учраас жижиг онгоц нисгэж байгаа. Жижиг оврын онгоц нь замдаа бууж, түлшээ авах ёстой. Бүдүүвчлэн хэлбэл, банкаараа (түлшний бак) шууд Улаанбаатар орж чадахгүй гэсэн үг. Ингээд замдаа Бишкект буухаас өөр гарцгүй.

Манай зорчигчдоос гардаг “Ая тухгүй, суудал шахуу учраас “шпроот” хэмээх лаазалсан загас шиг явдаг”, “хоол нь муу” болон “монголчуудад хүндэтгэлгүй ханддаг”, “Үл хүндэтгэх хандлаг нь Истанбул-Улаанбаатарын нислэг атлаа зөвхөн Бишкек-Улаанбаатарын хооронд л монголоор зарлалаа хэлдэг” гэхчлэнгийн гомдлын эхнийх нь үүнтэй холбоотой. Харин сүүлийнх нь яалт ч үгүй тэдний хандлага бололтой юм. Бас “Ай, манай холоон далга ч ёстой цусуутай хүн баа. Дулмаа ч бас дулмаа…” гэлээ гэгчээр манайханд ч их учир бий.

Туркийн тал, нэгдүгээрт Улаанбаатар-Истанбулын чиглэлд шууд нисч чадах том онгоц явуулах, ингэхийн тулд долоо хоногт 500-гаас илүү зорчигч тээх эрх өгөх, улмаар долоо хоногт 5-7 удаа рейс хийх санал гаргаад байгаа юм байна. Европ-Азийн хооронд шууд явах энэ нислэг МИАТ-ийн эрх ашгийг хөндөж байгаа бол нислэгийн дугаараа хуваалцах, түүнчлэн Европ руу нисэх зорчигчоо хүртэл хуваалцах санал гаргасан тухай Элчин сайд Ахмет Язал гуай ярьсан билээ. Түүний хэлснээр, чингэвээс тийзний үнэ 30 хувь хүртэл хямдрах, нислэгийн хугацаа гурван цагаар багасах боломжтой юм байна. За, тэгээд ачаа эргэлтийн нэмэгдэх хэмжээ, үйлчилгээнээс олох ашиг орлого олон дахин, зарим нь арав дахин өсөх тооцоог ч тэр ярьж байсан.

Туркийн тал яалт ч үгүй бодууштай өөр нэг зүйл ярьсан нь: хоёрхон хөрштэй, “гуравдагч хөршийн бодлого”-той (энд БНТУ багтдаг) Монгол Улс руу онгоцоо шууд нисгэдэг гуравдагч тал уртаашаа хоёрхон байгаа шүү. Энэ “гүүр”-ээ бөх, өргөн, нураашгүй байлгах нь танайд л хэрэгтэй боловуу гэсэн санаа юм.

Туркүүдийн гол зорилго нь нууц биш, өвөг дээдсийнхээ хөшөө дурсгалыг үзээд буцах сонирхолтой олон сая турк хүн байдаг. Тэд Орхоны хөндий, Тоньюкукийн хөшөөг үзэж нэг хоёр өнжөөд буцах хүсэлтэй. Угаасаа жуулчин удаан тогтоох байр сав, үйлчилгээ хаа ч билээ. Удваас, тахал тусаад, тэмчүү авчихна гэсэн шинэ айдас нэмэгдчихлээ. Ийм үед өдөр болгон том онгоц нисвэл хоёр гурав хоногийн жуулчлалаар Монгол орныг дарж өгнө гэх юм билээ.

Асуудал юунд байна гэхээр, МИАТ-т байгаа гэдэг. Засгийн газрыг МИАТ мэддэг, МИАТ-ийг нам, бүлэглэл мэддэг болсон цаг. Хойтон сонгууль болно. Зарим нэг романтик иргэд засаг төрийн жолоог атгаж, улсаа хөгжүүлэх зүтгэлтнүүдээ сонгоно хэмээн тэнгэрлэгээр төсөөлж байгаа байх. Үнэн хэрэгтээ, Эрдэнэтийг захиран зарцуулах, МИАТ-ийг эзэмдэх эрхийн төлөө алалдаан л болно доо. За энэ ч яахав.

Ийм явдал болоод өнгөрч. Бидний сайн мэдэх “Хүргэн хүү” киноны Жамц баян хураасан мөнгөө хулганад идүүлчихээд “Иймэрхүү юманд хотойхоор баян биш ээ, би” гэдэг дээ. Турк Монголын ард түмний, өвөг дээдсийн түүхээрээ холбогдсон найрамдал бол “Иймэрхүү юманд хотойхоор найрамдал биш” байх аа.

Categories
мэдээ цаг-үе

Л.Мөнхбаатар: Үндсэн хуульд зөв өөрчлөлт хийхгүй бол ирэх найман жилд дахин хөндөгдөхгүй

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.


-Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа хэд хэдэн асуудал байсан?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарим асуудалд санал нийлэхгүй байсан. Гэхдээ УИХ-ыг илүү хариуцлагатай, сахилга баттай, гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэрийг хангах, Ерөнхий сайд, сайд нараа томилох, чөлөөлөх огцруулах, 2000 оны долоон өөрчлөлтийг залруулж байгаа зэргийг дэмжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн. Уг төслийг санаачлагчдын нэг нь би. Гарын үсгээ зурсан ч зарим асуудлын үндэслэл, ач холбогдлоос шалтгаалан тодруулах болон өөрчлөх шаардлагатай зүйл бий гэж үзэж байгаа. Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар Үндсэн хуульд заахыг дэмжихгүй байгаа. Энэ нь одоогийн улс төрийн намын нүсэр бүтэц, тогтолцоо Үндсэн хуульчлагдсанаас өөрцгүй. Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах улс төрийн нам улсын хэмжээнд салбар, хороо, үүртэй байх шаардлагатай болно. Ингэснээр улс төрийн намын зардал өсч санхүүжилт хайх өнөөгийн байдал хэвээр үргэлжилнэ. Нөгөөтэйгүүр хөдөө, орон нутаг дахь улстөржилтийг улам дэвэргэнэ.

Мөн жижиг, шинэ намуудын хөгжил төлөвшилтийг хязгаарлах, жижиг намууд улсын хэмжээнд намын үүр, хороогоо ажиллуулах мөнгө олохын тулд эргээд нэг компанийн юмуу, мөнгөтэй хувь хүний халаасанд орох эрсдэл үүснэ. Түүнчлэн Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэх байгууллага бий болгохоор тусгасан. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч Үндсэн хуулийн субьект биш. Статусыг нь заавал Үндсэн хуулиар зохицуулах шаардлагагүй. Төрийн албаны зөвлөлийг бид Үндсэн хуулийн субьект болохгүй гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс хассан. Үүнтэй яг ижил. Үнэхээр ийм зөвлөл байх шаардлагатай бол бусад хуулиудаараа, Шүүхийн тухай хуулиараа, эсхүл бие даасан тусдаа хуулиар зохицуулах хэрэгтэй.

Мөн Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуулиар тогтоодоггүй байсныг өөрчилж нийт 22 шүүгчтэй байхаар төсөлд тусгасан. Одоогийн Шүүхийн тухай хуулиар Дээд шүүх 24-өөс доошгүй шүүгчтэй байхаар заасан. Дээд шүүхийн шүүгчийн тоог дөрвөөр бууруулахаар заасан гэсэн үг. Ер нь хяналтын шатны шүүгчийн ажлын ачаалал орон тоонд тохирсон эсэхийг би тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ дээд шүүхийн нэг шүүгч жилд дунджаар 200 гаруй хэрэг шийдвэрлэдэг гэсэн статистик бий. Зарчим нь Үндсэн хуульд энэ өөрчлөлт орсны дараа дор хаяж 20 жил өөрчлөгдөхгүй, дагаж мөрдөгдөх учраас хяналтын шатны шүүхийн ачаалал өсч болзошгүй гэж тооцох нь зүйтэй. Иймд одоогийн дээд шүүхийн шүүгчдийн тоог бууруулахгүй, дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуульд тусгахгүй байх саналтай байгаа. Мөн хэд хэдэн асуудлыг өөрчлөх саналтай байгаа. Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналаа гаргаж оролцоно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй боловч тусгах шаардлагатай ямар асуудлууд байна вэ. Нэмж тусгах боломжтой юу?

-Үндсэн хуулийн 35 хүртэлх хувийг хөндөж байж нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд байх боломжтой. Одоогийн төсөл 28 хувийг хөндсөн гэж байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулиудаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт төсөлд тусгагдаагүй шинэ зүйл, хэсэг, заалтыг хөндөж зарчмын зөрүүтэй санал гаргахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гишүүд одоо өргөн мэдүүлсэн төслийнхөө хүрээнд тойрч ярихаас өөр аргагүй гэсэн үг. Нөгөө талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал уг асуудлыг дахин найман жилийн хугацаанд дахин хэлэлцэх, өөрчлөлт оруулахыг хориглосон байдаг. Мөн ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хориотой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед олон хязгаарлалт үйлчилдэг учраас эхнээс нь иргэд, гишүүд, судлаачдын саналд давтагдсан, төсөлд орхигдсон зарим саналуудыг тусгаж 35 хүртэлх хувьд нь хүргэж УИХ-ын хэлэлцүүлэгт оруулах нь илүү зөв байсан болов уу бодож байна. УИХ-ын гишүүний хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 онд иргэдээр хэлэлцүүлэх явцад иргэн бүр сонгосон гишүүнээ эргүүлэн татдаг болъё гэх саналыг гаргаж байсан. Энэ асуудал тусгагдаагүй байна. Мөн 2017 оны иргэдийн хэлэлцүүлэгт орсон төслийн хувилбарт хот, тосгон нь засаг, захиргааны нэгж байхаар заасан байсан. Одоо уг заалтыг өөрчлөөд хот, тосгоны өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж оруулсан байна. Төрийн үйлчилгээ засаг захиргааны нэгжээр дамжиж иргэдэд хүрдэг. Миний сонгогдсон тойрогт гэхэд л 3000 гаруй оршин суугчтай Хатгал гэж тосгон бий. Энэ тосгоны иргэдийн ихэнх нь төрийн үйлчилгээ, Засаг даргын тодорхойлолт зэргийг авахын тулд 40 км явж байж сумын төвөөсөө авдаг. Энэ тохиолдолд цөөн хэдэн хүний асуудал биш, 3000 гаруй буюу илүү олон хүнтэй тосгоны асуудал яригдаж байдаг. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сумын төвөөс авдаг төрийн үйлчилгээг Хатгал тосгоныхон болоод олон хүн амтай сумын төвөөс хол оршдог бусад тосгоныхонд боломж бүрдэх үү гэдэгт асуудал байгаа юм. Хотыг засаг захиргааны нэгж болгоё гэдэг ч маш олон санал авсан. Гэтэл засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэсэн ганц өгүүлбэр л орж ирлээ. Одоо хот тосгоны эрх зүйн үндсийг Үндсэн хуулиар тогтоох заалт байгаа. Энэ заалт байгаа ч манайд хотууд хөгжсөнгүй. Манай улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид хуваагдана гэдэг заалт хөндөгдөөгүй учраас хотыг засаг захиргааны нэгж болгохоос нааш дорвитой өөрчлөлт гарахгүй.

-Та төрийн сүлдийг өөрчлөх ёстой хэмээн үзэж байсан. Яагаад ингэж үзсэн юм бэ?

-Төсөлд тусгагдаагүй ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж байгаа үед одоогийн төрийн сүлдийг өөрчлөх эсэх асуудлыг хөндөж ярих нь зүйтэй. Миний хувьд одоогийн төрийн сүлдийг өөрчлөх нь зүйтэй гэсэн бодолтой явдаг. “Соёмбо”-ын үсгийг төрийн сүлд болгохыг дэмждэг хүмүүсийг нэг. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэн бэлгэддэг шүү дээ. Энэ мэтчилэн хэд хэдэн асуудал байгаа боловч хөндөгдөх боломжгүй болж байх шиг байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрх баригч нам өөрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн гэх шүүмжлэл байна.

-2008-2012, 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн зохицуулалттай сая өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтууд дийлэнх хувь давхцаж байгаа гэж ажлын хэсгийнхэн тооцсон байсан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийн ихэнх нь 2008 оноос яригдаж, үе үеийн УИХ-д өргөн мэдүүлэгдэж байсан гэж үзэж болно. Эрх баригч намын хүсэл сонирхолд нийцүүлсэн гэдэгтэй санал нийлэхгүй. Магадгүй зарим нэг заалт зөвхөн МАН гэлтгүй том намуудад илүү ашигтай байж болох. Цаашид төслийн талаар хэлэлцүүлгүүд хийгдэнэ. Ард нийтийн санал асуулга явагдах учраас улс төрийн намууд байр сууриа илэрхийлж, саналаа өгөх байх аа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ард иргэдийн амьдралд дорвитой өөрчлөлт авчрах уу?

-Үндсэн хууль бүр нийгмийн хөгжлийг даган тодорхой хугацааны дараа өөрчлөгдөх шаардлагатай тулгардаг. Энэ өөрчлөлтийг хийх цаг хугацаа нь мөн үү, нөхцөл, боломж нь бүрдсэн үү гэдэг нь чухал. МАХН буюу одоогийн МАН 46 суудалтай байхад 2011 онд Ж.Сүхбаатар нарын 32 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг ТББХ-оор хүртэл хэлэлцэж эхэлсэн ч нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж амжаагүй сонгууль тулсан. Ардчилсан нам 34 буюу хамгийн олон суудалтай байхад 2015 онд Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч мөн хэлэлцэж амжаагүй. Тухайн үед цаг хугацаа, нөхцөл боломж нь бүрдээгүй байсан болов уу. Нэг нам одоогийнх шиг үнэмлэхүй биш ердийн олонх болсон 2008-2012 онд ч, аль ч нам олонх болж чадаагүй 2012-2016 онд ч тэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэл зориг тухайн үеийн улстөрчдөд байсан ч болоогүй. Гэхдээ нийгмийн шаардлага байна гэдэг эндээс харагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зөв, эсхүл буруу гэдэг асуудал яригдахаас илүү цаг хугацаа, нөхцөл боломж нь бүрдсэн үү, үгүй юу гэдгээс хамаарах асуудал гэж бодож байна. Энэ удаагийн Их хурал эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллуулж, дараа нь зөвлөлдөх санал асуулга явуулж, үүндээ үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан, 21 аймаг, нийслэлд иргэдээр төслийг хэлэлцүүлж, олон процессыг дамжсаны эцэст төслийг өргөн мэдүүлсэн. Судлаачдыг ч энэ ажилд өргөнөөр оролцуулсан. Одоо нэг дэх хэлэлцүүлэг хийгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг засч, сайжруулаад батлуулахын төлөө ажиллана. Гэхдээ олонхоороо хүчилж шийдэх боломжгүй. Төслийн ач холбогдол нь төрийн эрх мэдлийн хоорондын харилцан хяналт тэнцлийг хангах, Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад оршиж байгаа. Төр засаг тогтвортой урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгаж, иргэдийн аж амьдралд сайнаар нөлөөлнө.

-Ерөнхийлөгчтэй холбоотой ганц заалт оруулсан, ингэхдээ нас зааж 55 нас хүрсэн байна гэсэн. Энэ заалттай санал нэгдэж байгаа юу?

-Ажлын хэсгээс Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин сонгогдохын тулд улс төр хийдэг, олон нийтэд таалагдах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг, Ерөнхийлөгчөөс буучихаад улс төрд эргэн орж ирдэг зэрэг сөрөг талуудыг хаах зорилгоор ийм зохицуулалт оруулсан байна лээ. Ерөнхийлөгчийн насны босгыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж байгаа. Харин зөвхөн нэг удаа сонгогдох тухайд нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөхгүй, нийт ард түмнээс сонгогдож, парламент хуулиараа баталгаажуулдаг учраас дахин сонгогдож болно гэж бодож байна. Насны босго болон бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлсэн учраас дээр дурдсан сөрөг үр дагаврыг багасгах боломжтой.

-Сонгуулийн тухай хуулийн талаар ямар бодолтой байгаа вэ. УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно хэмээсэн заалт орсон. Үнэхээр гишүүдийн яриад байгаа шиг хуулиар сонгуулийн тогтолцоог тогтоож, пропорцианаль тогтолцоотой болгох гээд байна уу. Энэ хууль манайд хэр тохирох вэ?

-Энд хоёр ялгаатай асуудал байна гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн агуулгатай зохицуулалт тусгасан. Сонгуулийн можаритор буюу олонхын, пропорцианаль буюу хувь тэнцүүлсэн, холимог буюу энэ хоёр тогтолцоог хослуулсан гэх нийтлэг хэлбэрүүд байдаг. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалт оруулснаар ямар тогтолцоотой сонгууль явуулахыг зөвхөн Сонгуулийн хуулиар шийддэг болно. Энэ бол нэг асуудал. Гэхдээ Сонгуулийн хуульд мажоритар, пропорцианаль, эсхүл холимог гэсэн дурын тогтолцоог заан хэрэглэж болох уу гэдэг өөр асуудал. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хөндөөгүй, хэвээрээ байгаа. 2016 онд Үндсэн хуулийн Цэц пропорцианаль тогтолцоо нь “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд шууд сонгоно” гэсэн дээрх заалтыг зөрчсөн байна гэж үзсэн учраас Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг Их Хурал 2016 оны ээлжит сонгууль болохоос хоёр сарын өмнө хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл шууд сонгоно гэдэг үгийг можаритор тогтолцооны сонгуулиар УИХ-ын гишүүнийг сонгоно гэж Цэц үзсэн. Сонгуулийн тогтолцоог хуулиар заана гэсэн нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн шууд сонгоно гэсэн зарчмын хүрээнд байх уу, эсвэл сонгуулийн тогтолцоог хуулиар тусгайлан заахаар Үндсэн хуульд өөрт нь тусгасан “шууд сонгоно” гэдэг сонгуулийн тогтолцоотой огт хамаагүй асуудал уу гэдэг асуулт үүснэ. Мэдээж Үндсэн хуулийн хоёр заалт нэг нэгийгээ үгүйсгэсэн байж болохгүй. Энэ асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн шатанд илүү тодорхой болох байх. Манайд тохирох тогтолцооны хувьд сонгогч бүр яг ижил санал өгч байсан ч сонгуулийн нэг тогтолцооны хувилбараас гарах үр дүн, нөгөө тогтолцооны хувилбараас гарах дүнгээс ялгаатай байдаг. Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэдэг зүгээр нэг техник, зохион байгуулалт, саналын хуудасны өөрчлөлтийн асуудал биш учраас няхуур хандах учиртай. Хууль, эрх зүйн орчин ямар байхаас үл харгалзан можаритор тогтолцоо, цэвэр пропорцианаль гэхээсээ илүү холимог тогтолцоо манайд тохирно гэж үздэг.


Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын 20-нд болох үйл явдлууд

09.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газраас МУИС, МУБИС, АШУҮИС-д хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээний тайланг танилцуулна. Утас:99779310

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Иод дутлын эмгэгээс сэргийлье” олон улсын хурал болно. Утас: 91919617

09.00 цагт Сүхбаатарын талбайд Онцгой байдлын албаны 15 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болно.

09.00 цагт Монголын уран зургийн галерейд “Соёлын өв-Архитектурын дурсгалыг гамшиг, эрсдэлээс хамгаалах нь” зөвлөгөөн болно.

09.00 цагт АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний II их хурал болно. Утас: 99192856

09.30 цагт “White rock center”-т Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Инноваци-Хөрөнгө оруулалт” форум зохион байгуулна. Утас: 99039343

09.30 цагт НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.

10.00 цагт СТӨ-нд Онцгой байдлын албаны 15 жилийн ойн баярын хурал болно.

10.00 цагт “Туушин” зочид буудалд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Гантөмөр, “Эрдэнэт үйлдвэр” “Оюу толгой” “Энержи Ресурс” зэрэг комдани “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Утас: 99833808

10.00 цагт Төрийн ордны гадна иргэд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулахыг шаардаж жагсаал зохион байгуулна.

11.00 цагт БХБЯ-ны удирдлагууд цаг үеийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 8018-9929, 8801-0867

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд эцэг эхчүүд “Шинэ эрин” сургуулийн элсэлтийн шалгалтын 40 тестийн 4 нь алдаатай байсан талаар мэдээлнэ.

11.30 цагт ЦЕГ-ийн Хэвлэл, мэдээллийн төвд ЦЕГ-ын Хар тахитай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

15.00 цагт НҮБ-ын байранд БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн үр дүнгийн хурал болно. Утас: 99135393

Гадаад харилцааны яаманд

09.00 цагт Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд (ТТХДЭРУСТ) бүх нийгмийг хандуулах сэдэвт бүс нутгийн бага хурал эхэлнэ.

11.10 цагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сайд П.Сияртотой өргөтгөсөн уулзалт хийнэ.

11.50 цагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сай П.Сиярто нар өргөтгөсөн уулзалтын үр дүнгийн талаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

В.Алзахгүй: Монгол Улс үндэсний ерөнхий боловсролын стандарттай байх ёстой

Британийн боловсролын сайд асан Жастин Гринингийн BBC сувагт өгсөн ярилцлагын талаар саяхан интернэтэд өргөн хэлэлцүүлэг явуулжээ. Тэрээр “Британийн сургуулиудыг Зөвлөлтийн боловсролын системд шилжүүлж дууслаа” хэмээн мэдэгдсэн нь шуугиан тарьсан юм.

Зөвлөлтийн боловсрол яагаад дэлхийд тэргүүлэх болов гэдэг талаар АНУ-д төвтэй Перегрин академик сервис байгууллагын Монгол дах салбарын захирал В.Алзахгүйтэй ярилцлаа.


-Боловсрол гэдэг хүний амин чухал хэрэглээ болоод байна. Ер нь хүн боловсролыг яагаад эзэмших хэрэгтэй вэ?

-Боловсролын тогтолцоог ерөнхийд нь хоёр хувааж болно. Нэгдүгээрт, академик буюу шинжлэх ухаан давамгайлсан тогтолцоо олон оронд тогтсон. Герман, Франц зэрэг улсуудаас дамжин Зөвлөлт холбоот улс (ОХУ)-д өвлөгдөж ирсэн. Энэ тогтолцоо шинжлэх ухааны суурь боловсролд суурилсан гэж товчоор хэлж болно. Суурь боловсролыг маш сайн өгдөг. Шинжлэх ухаанд тогтож явдаг учир номонд суурилсан гэсэн үг. 1921 оны Ардын хувьсгалын дараагаар манай улс тэр үеийн ЗХУ-ыг дагасан. Монгол Улсад боловсролын тогтолцооны цоо шинэ үе эхэлсэн. Хоёрдугаарт, прагматик сургалтын тогтолцоо буюу сурч байгаа зүйлээ шууд амьдрал дээр хэрэгжүүлээд явдаг сургалт. Шинжлэх ухааны цаад нарийн үндсийг биш тухайн ажлыг хийх аргад суурилсан тогтолцоо гэж хэлж болно. Тиймээс академик тогтолцоотой улс орноос сайн эрдэмтэд төрдөг. Прагматик тогтолцоотой орнуудаас сайн инженер төрдөг. Аль аль нь өөрийн гэсэн давуу талтай.

-Монголын боловсролын систем хэрхэн суурьшиж, төлөвшсөн бэ?

-1921 оноос өмнө нь бол сургалттай байсан. Би тэр үеийн сургалтыг үгүйсгэдэггүй. Яагаад гэвэл Монгол Улс 600 мянга гаруй хүн амтай байсан. түүний 100 гаруй мянга нь лам нар. Лам нарын сайн нь санскрит, түвд хэлтэй. Нэгэнт гадаад хэл дээр ном үзэж зүгширсэн хүмүүс монгол бичгээ ихэнх нь мэддэг байж. Ер нь хүн амын таван хүн тутмын нэг нь гадаад хэлтэй үндэстэн их ховор. Тэр үеэс монголчууд унших, цээжлэх, ой санамж нь хөгжсөн ард түмэн. Түвдийн сургаал номыг маш их цээжилж тогтооно. Лам нар хэдэн арван боть номыг тархи толгойндоо баринтагладаг. Бүтэн сараар ном сөхөж харалгүй уншдаг мэдлэгтэй лам нар олон байсан. Нэгэнт ийм суурьтай учир дараагийн боловсролын тогтолцоог суурилуулахад амархан байж. Тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсыг өөрийн боловсролын тогтолцоотой болохыг зөвлөдөг. Өөрийн боловсролын тогтолцоогоо бий болгохдоо манайхаас хэрэгтэй юмаа ав гэдэг шаардлага тавьсан. Түүнээс та нар зөвхөн манай боловсролын системээр яв гэж шахан шаардаагүй. Тиймээс Монгол Улс кирилл үсэгт шилжсэнээс хойш сурах бичиг сайн гаргасан. Агуулгынхаа хувьд ойролцоо явсан. Ямар нэгэн боловсролын тогтолцооноос юуг нь авах ёстой вэ гэхээр гол нь агуулгыг нь авах ёстой. Энэ нь яг тэр боловсролын тогтолцоог хуулна гэсэн үг биш. Ийм учраас 1921-1990 оны хоорондох 70 жилд ЗХУ-ын буюу академик сургалтын тогтолцоонд тулгуурласан үндэсний ерөнхий боловсролын тогтолцоо бүрэн бүрэлдэж, төлөвшсөн гэж үзэж болно. Энэ тогтолцоогоор сурч, боловсорч Монгол Улс өөрөө их, дээд сургуультай, шинжлэх ухааны академитай, өөрийн үндэсний эрдэмтэдтэй, эрдэмтэд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын тогтолцоотой болж чадсан юм.

-Их Британи зэрэг томоохон улс гүрнүүд Зөвлөлтийн боловсролын системийг суурилуулж дууслаа гэж боловсролын сайд асан нь мэдэгджээ. Зөвлөлтийн боловсрол юугаараа онцлог юм бол?

-Дэлхий нийтэд хамгийн их ажигладаж байгаа зүйл даяарчлагдаж байгаа шүү дээ. Даяарчлагдаж байгаагийн ачаар аль улс оронд ямар тогтолцоотой сургалт явж байна гэдгийг мэддэг болсон. Өмнө нь энэ байдал харьцангуй хязгаарлагдмал байсан. Гэтэл Кембирижийн эх орон буюу Их Британи улс өөрийн тогтолцоог илүү академик болгож байна. Тиймээс тэд хуучин ЗХУ-ын сургалтын тогтолцоонд суурилсан боловсролын тогтолцооны шинэчлэл хийсэн. Өөрөөр хэлбэл академик, прагматик тогтолцооны дундаас аль аль нь хосолсон дийлэнх тал нь академик сургалтад суурилсан ийм боловсролын тогтолцооны шинэчлэл хийж байгаа юм байна лээ. Тиймээс Английн боловсролын тогтолцоо ЗХУ-ын хуучин тогтолцоонд шилжлээ гэдэг асуудал сүүлийн үед хүчтэй яригдаад эхэлсэн. Энэ бол хүмүүс, улс үндэстнүүд бие биенээсээ суралцаж, сайн болгоны дундаас өөрийнхөө тогтолцоог сонгож авч байгаагийн тодорхой жишээ.

-Тэгэхээр Монголд аль тогтолцоо нь илүү таарах уу?

– Нэгдүгээрт, хүүхдүүд гадаадын боловсролыг судлаад сайн сурдаг. Хоёрдугаарт, монгол хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт сурч байна. Монгол хүн дэлхийн бүхий л оронд амьдарч байна. 1990 оноос хойш АНУ-д сураад, докторын зэрэг хүртэл сурсан хүүхдүүд зөндөө бий. Японд маш олон монгол хүүхэд сурч байгаа. Үүгээрээ юуг хэлэх гээд байна гэвэл бид аль ч улс орны боловсролын тогтолцоотой танилцсан. Энэ бүх тогтолцооноос улс орнууд өөрсдийн сургалтын тогтолцоогоо сайжруулж, шинэчилж байна. Монгол өмнөх тогтолцоог 70 жил туршсан, туршуулсан. Үүгээр бид баялаг туршлагатай. Үр шимийг хүртсэн. Шинэ тогтолцоотой бид муугүй суралцсан. Судалж ч суралцсан. Үр хүүхдүүд маань ч биеэрээ туулсан. Иймээс Монгол Улсад аль аль нь хослуулсан өөрийн үндэсний сургалтын стандарт байх ёстой. Тэгэхээр юуны өмнө аливаа улс орон ерөнхий боловсролын өөрийн гэсэн сургалтын стандарттай байх ёстой. Энэ нь тусгаар тогтносон улсын том баталгаа болж байдаг. Ямар хэлээр, ямар бичгээр сургалт нь явах ёстой юм. Хүүхэд хэдэн наснаасаа гадаад хэл сурч эхлэх ёстой юм. Гадаадын ямар хэл нь нэгдүгээрт байх ёстой. Аль хэл нь илүү давамгайлсан ач холбогдол өгөх ёстой юм. Хүүхэд ямар уран зохиол уншиж өсөх ёстой, ямар түүхээр хүмүүжих, сургалттай хамт хүмүүжил төлөвшлийг яаж авч явах ёстой гээд энэ бүхэн сургалтын тогтолцоондоо шингэж байж, тухайн улс орон, үндэстний, ард иргэдийн хөгжлийн баталгаа болно. Тэгэхээр үүгээр бид үндэстний хэмжээнд зөвшилцөх ёстой. Нэгдсэн нэг ойлголтод хүрээд, цаашдын хөгжлөө зөв авч явах шаардлагатай юм. Боловсролын гурван том зарчим үйлчлэх ёстой. Нэгдүгээрт, боловсрол, шинжлэх ухаан их консерватив байх ёстой. Уламжлалдаа тулгуурлаж явах ёстой. Үүнийг хамаагүй богино хугацаанд олон хөдөлгөж болохгүй. Хөдөлгөх хортой. Хоёрдугаарт, шинжлэх ухаанч хандах ёстой. Манайд боловсролын тогтолцоог хөдөлгөхгүйгээр доод тал нь тавин жил мөрдөх хэмжээний сургалтын хөтөлбөр, программ боловсруулах хэмжээний боловсон хүчин байгаа. Гуравдугаарт, улс төрөөс ангид байх ёстой. Огт улс төржиж болохгүй салбар бол боловсрол шинжлэх ухааны салбар байдаг. Бид Үндэсний ерөнхий боловсролын стандарттай байх ёстой.

-Үндэсний ерөнхий боловсролын стандартыг яаж хангах уу?

-Одоо бол үндэсний стандартын асуудал яригдахаа больсон. Ялангуяа 1992 оноос хойш. Цөм хөтөлбөр гэдэг зүйл гарч ирсэн. Үндэсний стандартын дотор нь цөм хөтөлбөр нь багтаж байгаа гэж ярьдаг юм байна лээ. Миний бодлоор үндэсний стандарт, стандарт гэдэг үг нь цуг явах ёстой юм. Гадаадын юмыг болохоор европ стандарт, кембирижийн стандарт гээд л байна. Гэтэл Кембириж нь Оросын академик сургалтын тогтолцоо гээд явж байна. Тэгэхээр гадаадын юманд стандарт гэдэг үгийг хэрэглээд байдаг, Монгол Улсын хэмжээнд болохоор огт ярихаа больчихоод байна. Тиймээс Монгол Улс ойрын үед олон жилийн турш тогтвортой мөрдөх үндэсний стандарттай болоосой гэж хүсч байгаа.

-Та тэр ажилд гар бие оролцох уу?

-Би хэлж чадах, хийж чадах зүйл байвал гар бие оролцоно. Яагаад гэвэл би энэ салбарт олон жил ажилласан. Мэргэшсэн гэж хэлж болохоор. Ер нь Монгол Улсын бүхий л салбарт мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой багасчихсан. Мэдэхгүй хүмүүс нь шүүмжлэхдээ сайн байдаг шүү дээ. Би бол Монгол Улсад боловсролын систем тэгтлээ уначихсан гэж огт боддоггүй. Яагаад гэвэл олон үзүүлэлтээр Монголын хүүхдүүд дэлхийн түвшинд ойрхон явдаг.

-1990 оноос хойш боловсролын салбарт шинэчлэлт хийлээ. Сайд дарга нар нь солигдох тоолонд өөр сурах бичиг гардаг ч гэх юмуу. Үүнийг яаж засч залруулах вэ?

-Хүүхдүүдэд хэрэгтэй, хэрэггүй маш их зүйлийг судлуулсан, цээжлүүлсэн байна. Манай сургалтад багш голлож оролцдог болж. Хүүхдийн оролцоог хангадаггүй юм байна. Одоо бид прагматик тогтолцоо руу шилжинэ гэж нэг хэсэг нь үздэг. Нөгөө хэсэг нь хуучин тогтолцоон дээрээ тулгуурлаад цааш нь шинэчлээд явна гэдэг. Ийм үзэл бодлын зөрүүтэй, шинэчилж өөрчлөх гэсэн оролдлогууд олон жилийн туршид хийгдэж байна. Эхний ээлжинд бид хүүхдийн сургуульд орох нас, хэдэн жил сургах уу гэдэг асуудлаар ярилцаад дэлхийн ихэнх оронд байдаг нийтлэг жишгийг сонгосон. Зургаан настайд нь нэгдүгээр ангид элсүүлж оруулаад, арванхоёр жил суралцуулж, ерөнхий боловсрол олгож байгаа. Сурч байгаа зүйлийн агуулгын хувьд академик хуучин боловсролынхоо тогтолцоогоор явъя гэсэн үзэл бодолтой эрдэмтэд бий. Гэтэл энэ тогтолцоо хүүхдийг их зовоодог, маш хүнд гэж нэг хэсэг нь үздэг. Нөгөө талд Оросоос авч байсан бүх зүйлээсээ татгалзах ёстой гэсэн сэтгэгчид Монголд олон байна.

-Маш олон их, дээд сургууль байгаа нь хэр зөв зүйл вэ?

-Боловсролын салбарт хүмүүс их хөрөнгө оруулалт хийсэн юм. Манай улс урд нь долоон дээд сургуультай, нэг их сургуультай, 33 техникумтай, дотооддоо арваад мянган оюутантай, гадаад улсад 5000 гаруй оюутан сурдаг. Нийтдээ 15 мянга гаруй л оюутантай байсан юм. Одоо бол 94 их, дээд сургууль ажиллаж байна. 150 мянган оюутан суралцаж байна. Доктор, магистрын шатанд сурч байгаа оюутнуудаа нэмэх юм бол бараг 160-170 мянган хүн суралцаж байгаа. Хүн өөрийн хүслээр хэрэглээний боловсрол мэдлэг эзэмшиж болно. Огт сурахгүй байснаас сурах нь хамаагүй илүү. Бараг бүх хүн дээд боловсролтой болж байна. Эхний үе шатны ажил хийгдсэн. Яагаад гэвэл 1991 онд анхны хувийн дээд боловсролын байгууллага байгуулагдсан. Одоо бол 150-200 мянган оюутан зэрэг суралцах хэмжээний материаллаг баазыг дээд болон мэргэжлийн боловсролын салбарт бүрдүүлсэн. Одоо шалгарал нь явагдана. Битгий сур л даа. Хичнээн сургуультай байхыг хэрэглэгч л тогтооно шүү дээ. Тиймээс чанаргүй сургуульд битгий сур. Сонголтоо сайн хий. Хүнийг ямар нэгэн хэмжээгээр өөртөө хэрэглээний боловсрол эзэмшсэний төлөө баалж, буруутгаж загнаад хэрэггүй юм л даа. Харин тэр боловсролгүй харанхуй байгаа хэсэгтэйгээ яаж ажиллах уу гэдэг нь чухал.


Categories
мэдээ цаг-үе

Носик

Нүүдэлч монгол хүний бага насны дуртгал чулуун тоглоом, адуу мал, тэгээд Асар Басар нохойтой нь заавал ч үгүй холбогддог. Гэр хорооллын хүүхдүүд ч бас Банхар, Шаарик дөрвөн хөлт андаа дурсана. Хот газрын боломжтой (боломжтойгоосоо илүү эцэг, эх нь зөвшөөрсөн) айлын хүүхдүүд харин угсармал байшиндаа тэжээдэг байсан хав, пүүдэл, герман хоньч хэмээх овчаркаараа бахархах.

Дөрвөн нүдэт монгол банхраар харуулах хашаа хороо, хот малгүй нийслэл хотод өссөн, гэхдээ бас гэртээ нохой тэжээх хэмжээнд тансаг яваагүй мань мэтэд бас дөрвөн хөлт андын тухай хүүхэд насны сайхан дуртгал бас чиг үлджээ. Нэг байрны хүүхдүүдийн нэлэнхүйн өмч, угсармал байрны золгүй гөлөгний тухай ярьж байна. Манай байрны тэр хөөрхөн гөлгийг Носик гэдэг байлаа.

Носик хэрхэн манай байранд ирсэн, ямар учраас тийм нэрийг олсон тухай байрны жаалуудын ам дамжсан домог хуучийг сөхвөөс, манай байрны Идэр, Сугар, Идэрийн ангийн Тожгор гурав хоёр хар гөлөг олж, алаг 13 дугаар байрны чердаак хэмээх дээвэр дээр тэжээж эхлэхдээ ямар нэр өгөх вэ хэмээн хэлэлцэхүйд нэг гөлөг нь дух томтой байсанд Лобо, нөгөө нь хамар урттай байсан Носик хэмээн орос үгээр оноосон юм гэдэг.

Удалгүй Носик чердаакаас подваль руу буусан нь яг үнэндээ доошоо орж байгаа хэрэг биш харин ч тушаал ахиж байгаа хэрэг юм. Харамсалтай нь, байрны нохой гээч золбин нохойтой нэг ангилалд ордог байсан цаг, “нохой алуурынхан”гээч эрлэг нь ирээд, эхлээд Лобо, дараа нь Хар Носик маань үгүй болсон доо. Хар Носик хэмээн өнгөөр нь тодотгохын учир нь удалгүй манай байрныхан бас нэгэн нохойтой болсон, хуучин нохойгоо үгүйлж байсан хүүхдүүд бид нэрийг нь бас өгч орхисноор Харыгаа мартагнаж, Шар Носиктой болсонд оршино. Шар Носикийг чухам хэн хэзээ хаанаас олж ирсэн тухай баттай баримт манай байранд байхгүй, хөөрхөн шар гөлгөө хүүхэд бүр л ээлжлэн эрхлүүлж, гэр орноосоо мах сүү хулгайлан тэжээж эхэлснээ бол санадаг юм. Өнгөц харахад хэнийх ч биш юм шиг атлаа үнэн чанартаа байрны бүх хүүхдийн нохой гэдэг нь тэр.

Носик дорхноо том болж, өчүүхэн тэжээмэл гөлөг гэхээсээ илүү бид хэдийн найз нөхөр шиг болоод ирлээ. Хаа газар дагуулаад л явна. Нэг өдөр орос хэлний багшийн дээд сургуульд сурч байсан эгч маань хичээлээ давтаж оройтоод, ах бид хоёрыг ирээд аваадах гэсэн юм. Төв шуудангийн дэргэд “баригдаж” хаширсан хоёр, Носикийгоо дагуулаад явж билээ. Нохой дагуулж ирлээ гээд эгч уурлаж байсныг санадаг юм, харанхуй шөнө бол уг нь хамгаалалт шүү дээ. “Баригдана” гэж юу билээ, цагдаад уу, ямар хэрэг хийгээв гэж одоогийн хүүхдүүд гайхаж магадгүй. “Барина, баригдана” гэдэг ойлголт миний үед бол цагдаа гэхээсээ илүү атаман, дээрэмчин хүүхдийн тухайд хэрэглэдэг үг байсан юм л даа. Дээрэмчин гэж арай л муухай хэлчих шиг боллоо, гэхдээ л барьсан бол халаас ухна, эвтэйхэн пүүз өмсөж явбал тайлаад хүртэл авна, үнэхээр дээрэмддэг байсан юм аа. Хамгаалах ёстой цагдаа нар тэгэхэд ер нь хаа байсныг санадаггүй юм, харин Носик бол үүргээ сайн гүйцэтгэнэ. Учир нь нохой дагуулаад явж байгаа хүүхдийг бол барагтай атаман барьдаггүй байж дээ.

Тийм ч болохоор Зайсан толгой, Баянхошуу гээд аль хол газар тэнэхдээ Носикийг л дагуулаад явна шүү дээ. Угаасаа өөрөө биднийг хүлээж байгаад гараад ирэхээр дагаад гүйдэг байв. Хичээлдээ өглөө 7 цагт гарч алхана, өвөл бол тас харанхуй, заримдаа Носик хажууд явж байхад ханьтай л байдаг сан. Тэгээд хүн гэж муухай амьтан, ангийнхандаа дөхөөд ирэхээрээ ичээд өнөөхөө хөөнө өө. Надад хөөгдөж ирчихээд дараачийн хүүхдээ хүлээж байгаад дагаад явдаг байсан юм билээ. Манай орцны Батбилэгийг дагаад өглөө бүр Цэнгэлдэх хүрээлэн хүрдэг байсан гэж байгаа.

Цас бударсан өвлийн нэг өдөр хичээлээ тараад иртэл хоёрдугаар орцны Батбаатар намайг тосон яаран гүйж ирж байна. Тэгтэл Носик тэдний орцонд гөлөглөчихжээ. Ахлах ангийнхан хичээлдээ яваад ирж амжаагүй, өдрийн ээлжний бага ангийнхан арай яваагүй, тэр завсар тийм юм болж. Гадаа цастай, орцны чулуун шалан дээр нүдээ нээгээгүй долоон хөөрхөн юм байна, юун гэртээ орж дүрэмт хувцсаа солих, шууд л байрныхаа бацаануудыг зохион байгуулалтад оруулан хөдөллөө дөө. Бүгд юуны өмнө нэг нэг гөлөг авч өвөртлөв. Носик их өрөвдөлтэй, хүүхэд хүүхэд рүү яаран давхиж, цоройн өврийг нь үнэрлээд л. Салгаад аваад явчих вий л гэж айж байгаа нь тэр байх. Гэхдээ биднийг бас муу юм хийхгүй, эзэд нь гэж мэдэж байгаа болохоор сүүлээ шарвалзуулаад баяртай байгаа нь бас харагдана. Өнөө хичээлээсээ ирсэн миний бие, хичээлдээ явах гэж байсан хүүхдүүд бүгдээрээ нэг нэг гөлөг тэвэрсэн чигээрээ (формтойгоо) подваль руу мөлхөн орж явсаар хамгийн захын нэг дулаавтархан мухарт байрлаж авлаа. Дөрвөн хүүхдийг нэг нэг орц руу илгээж, бүх айлын үүдний гутлын алчуурыг хамж ирүүлээд, дулаахан үүр засав. Бүгд тэгээд гэр гэрээсээ мах сүү олж ирж тавьж билээ.

Зун болоод хамаг айлууд зусландаа гарчихаар ганцаараа шахуу үлддэг надад Носик их л хань болдог сон. Бааска Хүрхрээ рүү, Билгээ Гоодойн ам, Жамьян бүр Бага тэнгэр өөд томроод алга болно, Энхбат бид хоёр л Носиктой үлддэг байж дээ.

Тэгж байтал өнөө зартай нохой алуурынхан нь ирэх сураг гарлаа шүү. Уг нь өөр албан ёсны эвтэйхэн нэр байдаг л байх, гэхдээ бидний хувьд бол “нохой алуурынхан”. Золбин нохдыг барьдаг, бууддаг, алдаг улс. Байрны нохой золбиндоо орно.

Носикийгоо хэрхэн аврах билээ хэмээн ухаанаа уралдуулж гарлаа. Бид хэд нохойгүй байх дүүрч, Носик л алуулчихгүй бол. Тиймээс хамгийн зөв арга нь хол аваачиж төөрүүлэх. Байрны хүүхдүүд ээлж дараагаараа Носикийг явж чадах хамгийн хол газраа аваачаад автобусанд суугаад ирж үзэв. Зайсан, Төмөр зам, Их тэнгэр, Туулын хөндий гээд очоогүй л газар гэж үгүй, нохой гэж ухаантай амьтан, гэрээ дорхноо эргээд олоод ирдэг юм билээ. Мод чулуугаар шидэж хөөгөөд ч нэмэргүй, үнэнч. Үхэл нь ирж байгааг үл мэдэн, байраа тойрон гүйж, бидэнтэйгээ эрхэлнэ. Нохой явсан газраа үнэрлэж мэдээд эргээд ирдэг юм билээ, галт тэргэнд авч ороод Нүхт дээр хаячихвал хөдөө амьдрах байх гэсэн санал нэгнээс нь гарч байв.

Тэгж байтал ёстой өнөө нохой алуурынхан нь ирсэн дээ. Манай байрныхнаас яг тэр буудах, барихыг нь харсан хүүхэд үгүй, тэр нь ч дээр биз. Харин яг тэр өдөр 14 А байрны Аско гэж нохойг хэрхсэнийг саяхан тэр байрны Бөмбүүлэй хэмээгдэх Мөнхтүвшин андаасаа сонссон, ижил зүйл л Носикт маань тохиогоо биз дээ гэж одоо би боддог юм. Аског буланд шахаад буудах болоход нэг жаал “Битгий бууд” хэмээн эрэлхэгээр урд нь гаран зогссон гэнэ. Нохой алуурын ах “Тэгвэл чамайг буудчихъя” хэмээн наргихад өнөө хүү уйлаад зугтсан гэдэг юм. Дөрвөн хөлт андаа хамгаалах гэсэн бяцхан хүүгийн сэтгэл сайхан ч шагайсан бууны ам хараад, арга ч үгүй биз дээ. Инээх ч юм биш дээ, би бол өрөвдөөд уйлмаар л байна…

Дунд голын усанд сэлж, монументаль чимэглэлийн үйлдвэрийн шинэхэн чулуун толгоомууд дээр үсэрч харайн, циркэд бултан орж, Орос Гуравдугаар сургуулийн талбай дээр бөмбөг өшиглөн үдсэн хүүхэд нас минь өдгөө надад аз жаргалдаа цалгисан тод улбар өнгөөр орж ирэх боловч тэр дунд сургууль хүртэл намайг үдээд хөөгдөөд буцдаг байсан Носик маань бүдэг цэнхэр хөндүүр зураас болон үе үе нэгийг асуух мэт…

С.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж хөгжих боломж өргөн байна

Г.Занданшатар: Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж хөгжих боломж өргөн байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор маргааш (2019.06.20) “Инновац ба хөрөнгө оруулалт” сэдэвт форумыг зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судлагааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши, Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким нарыг өнөөдөр (2019.06.19) Шинжлэх ухааны технологийн их сургуулийн “Хүндэт профессор” цолоор шагнав.

Тус сургуулийн “Хүндэт профессор” цол олгох үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, ШУТИС-ийн ЭШХА эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Т.Намнан, ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор Д.Бадарч болон зочин профессорууд, эрдэмтэн судлаачид, багш ажилтнууд оролцлоо.

Мөн энэ үеэр АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судалгааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши “Оюуны алдагдлаас оюуныг холбож, эргэлтэд оруулах нь: Буурай хөгжилтэй орнуудын их, дээд боловсролын асуудал” сэдвээр, Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким “Сайн сайхан нийгмийн төлөө технологийн боломжууд” сэдвээр тус тус лекц уншсан юм.

Тэд лекцдээ Монгол Улс технологи болон боловсролын салбартаа томоохон өөрчлөлтийг хийх цаг нь болсныг дурдаад технологийн хөгжлийг зөв ашиглаж чадвал олон салбарт хурдацтай амжилт гаргах боломжтойг тэмдэглэсэн. Тодруулбал, Уганда улс зөвхөн гар утасны мессежний тусламжтайгаар эхийн эндэгдлийг бууруулж чаджээ. Жирэмсэн эхчүүдэд хэрэгтэй мэдээллийг нь гар утасны мессежээр илгээдэг болсноор тус улсад гарах эхийн эндэгдэл огцом буурсан байна. Технологийн хөгжил хүний наслалтад ч нөлөөлж, урт наслах боломжийг өгч байна. Мэдлэгийг мэдээллээс ялгаж, технологийн хөгжлийг ашиглаж бусдад мэдлэгийг түгээх нь олон салбарт чухал үр дүн авчирдаг. Гэхдээ технологийн хөгжлийг ёс зүйтэйгээр ашиглах нь чухал гэдгийг доктор Жеон Хун Ким лекцдээ онцолсон.

Дэлхий дахинтай мөр зэрэгцэн хөгжихөд оюунлаг иргэдийг олноор бэлтгэж, гадны томоохон их дээд сургуулиудад сургах хэрэгтэй. Сургаж бэлтгэсэн боловсон хүчнээ эргүүлэн эх орондоо авчирч ажиллуулахад төрийн бодлого шаардлагатай. Улс дамнасан нийгмийн сүлжээг бий болгож, гадаадад байгаа монгол хүмүүсийг авьяас чадварыг ашиглах тогтолцоог бүрдүүлж чадвал улсын хөгжил хурдацтай байна. Олон улсад мэргэжлийн өрсөлдөх ур чадвараараа Монгол Улс 76 дугаар байрт эрэмбэлэгддэг. Оюуны алдагдал буюу оюунлаг хүмүүсээ гадагш алдахаас бүү ай. Харин тэднийгээ яаж зөв ашиглах тал дээр анхаарч, өөрийн орны их дээд сургуулийн чадамжийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр олон улстай харилцаа холбоо сайжирч, хамтын ажиллагаа өргөжинө. Харилцан туршлага солилцож, боловсролын салбараар дамжуулан улсын хөгжилдөө томоохон хөрөнгө оруулалтыг хийж чадна гэдгийг доктор Жи Вуук Ши хэлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч тавдугаар сард Шинжлэх ухааны академи болон зарим их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажилласнаа онцлоод “Ирээдүйн хөгжил тийрэлтэт өсөлттэй байна. Одоогийн шугаман тогтвортой хөгжил биш болж байна. Хөгжлийн өсөлтийг тааварлахад технологийн хөгжил бидэнд том боломжуудыг өгч байна. Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд бэлтгэн гаргасан “Дэлхий дахины хүний капиталын талаарх тайлан” (The Global Human Capital report)-д оюуны чадавхаараа (доктор Шиний судалгааны нэр томъёогоор бол онцгой чадамжтай хүний нөөцөөрөө) Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин “ноу хау” буюу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд мэдлэг шингээсэн байдал нь дэлхийн 130 орноос 111-д оржээ. Энэ үзүүлэлт бол монгол хүмүүс оюуны өндөр потенциалтай бөгөөд түүнийгээ цааш нь хөгжүүлж, хэрэглэх асуудал дээрээ доголдож, улмаар мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр хоцрогдож явааг харуулж байна.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ цаг үед бид зөвхөн хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөхөөс гадна инновацын эко-систем гэх ойлголтыг онцгойлон анхаарах шаардлагатай байна. Инновацын эко-систем бол хоёр өөр “эдийн засаг”-аас бүрддэг. Нэг талаас, суурь болон хавсарга судалгаагаар дэмжигдсэн судалгааны эдийн засаг, нөгөө талаас зах зээл, үйлдвэрлэлээр тодорхойлогдох арилжааны эдийн засаг юм. Энэ хоёр эдийн засаг нь эхнээсээ харьцангуй сул харилцан хамааралтай оршин байсан тул “инновацын хөгжил” манайд эрчимтэй явагдахгүй байгаагийн нэг илрэл. Бодит байдалд бид дүгнэлт хийж, залуус, эрдэмтдийнхээ оюуны потенциалыг хөгжүүлэх, улмаар тэдний бүтээсэн инновацыг дэмжих бодлогыг төрөөс онцгой анхаарах шаардлага тулгарч байгааг мэдэрч, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхлээд байна. Иймд ойрын хугацаанд энэ салбарын бодлогын зохицуулалт болон эрх зүйн орчин сайжирна гэж итгэж байна.” гэв.

Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким:

Дэлхийд нэртэй инженер манлайлагч бөгөөд холбоо мэдээллийн технологи, компьютерийн дизайн, хиймэл дагуулын системийн дизайн, инновацын салбарт дорвитой хувь нэмэр оруулсан Америкийн 10 нөлөө бүхий Ази гаралтай эрдэмтний нэг юм. Технологи, инновацын салбарт тэргүүлэх үүрэгтэй ажиллаж байсных нь хувьд түүнийг үндэсний аюулгүй байдал, энх тайвныг хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж АНУ-ын Технологи, Инновацын Үндэсний Медалиар шагнаж байжээ.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судалгааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши:

Ази-Номхон далайн бүсийн онцгой чадамжтай хүний нөөцийн урсгалын үр шим, боломжийг судлах судалгааг явуулж, гадаадын болон уугуул иргэдийн ур чадварыг илэрхийлэх “Оюуны хүч” буюу “brain power”-ын нийлүүлэлтийг сайжруулж, харилцан өрсөлдөөнийг өрнүүлж байгаа тус бүсийн орнууд, хотууд тэдний хамтын ажиллагааг судлан ажилладаг. Тэрбээр, Ази-Номхон далайн бүсэд хот, их, дээд сургууль, тэдний хамтын ажиллагааны орчинд үндэстэн хоорондын хүмүүн болон нийгмийн капиталын үр шимийг хүртэх, үндэсний хил хязгаарт онцгой чадамжийн урсгалыг судлах төслийг хэрэгжүүлдэг. Энэхүү төслөөрөө үндэстэн хооронд шилжиж байгаа оюуны хүчний асуудалд бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах зорилготой ажиллаж байна.

Энэ онд ШУТИС-ийн 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрсдийн түүхт ойд зориулан гаргаж буй бүтээлийн дээжсээс болон Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш эрдэмтдийн бүтээсэн нано технологиор боловсруулан хийсэн төрийн далбааг гардуулан өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийг хохиролгүй болгохын тулд Ш.Батхүүгийн битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулах эсэхийг судалж байна

“Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон уу, “Стандарт” банкинд өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа юу гэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй холбоотой баримт байгаа, ил болгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд “40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх л асуудал бий. Мөнгө төлөгдсөн баримтыг нь олон нийтэд ил болгоно.” хэмээсэн юм.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэрээс Стандарт” банкинд 40 сая ам.долларын өрийг бүрэн төлсөн талаарх баримтыг үзүүлж, дэлгэрэнгүй тайлбарлав.

Тэрбээр, “Өнгөрсөн 04 дүгээр сарын 29-ний өдөр “Стандарт” банкнаас өр төлбөртэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй, бүх зүйл хаагдсан гэсэн утгатай баримт, бичгүүдийг ирүүлсэн байна. Тэгэхээр одоо гадаад талд өр, төлбөрийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. Харин дотооддоо шийдэх асуудал байгаа. Яаж “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буруутай этгээдээр буцааж төлүүлэх вэ. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад хандаж албан бичиг явуулсан. Одоо Ш.Батхүүгийн эзэмшил бүхий, түүнд холбоотой өмч, хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байна. Нэмэгдвэл 85-87 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. Дахиж лавлагаа авах шаардлага байгаа гэсэн. Үүнд 2-3 хоногийн хугацаа орох байх. Үүний дараа хөрөнгийн жагсаалтыг нь гаргаад дуудлага худалдаанд оруулах юм уу, шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулаад орлогыг нь буцаагаад “Эрдэнэт” үйлдвэрт өгч хохиролгүй болгох эсэхийг шийднэ. АТГ-аас хариу албан бичиг ирсний дараа бидний зүгээс УДШ, Захиргааны шүүхэд хандана. Дараа нь улсыг хохиролгүй болгох тал дээр, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар хэлцэл хийх замаар тэр үед гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байсан эсэх бүх материалыг Засгийн газраас ил болгоно.” гэж мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Тахийн гүүг Ховдод аваачлаа

Зэрлэг тахийн 4 гүүг Ховд аймагт авчирлаа

Бүгд Найрамдах Чех улсаас тахийн дөрвөн гүүг тээвэрлэн авчирсан цэргийн нисэх онгоц Ховд аймгийн Булган суманд очжээ. Зэрлэг тахийн сүргийг гадаадаас авчиран нутагшуулж байгаа ес дэх удаагийн тээвэр энэ ажээ. Европын амьтны хүрээлэнгүүдээс Монгол Улсад сэргээн нутагшуулахаар тээвэрлэн ирсэн тахийн тоо нийтдээ 35 болж ббайгаа юм байна. Праг хотын амьтны хүрээлэнгийн зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр Говийн дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад шинэ бартаат замын тээврийн хэрэгсэл болон мотоцикл хүлээлгэн өгөх ажиллагаа болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн татвараас чөлөөллөө

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өнөөрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.19 дахь хэсэгт заасны дагуу “Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийн жагсаалт”-ыг хэлэлцүүлж дэмжүүллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газар Спортын холбоодтой хамтран боловсруулсан энэхүү жагсаалтын дагуу 32 спортын төрлийн олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн 730 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн албан татвараас чөлөөлөх юм.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улсад жилд дунджаар 40 гаруй тэрбум төгрөгийн спортын бараа, бүтээгдэхүүн импортоор орж ирдэг бөгөөд үүнээс спортын холбоод 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэлийг улсын хилээр оруулж, 60 гаруй сая төгрөгийг татварт төлдөг байна.

Тив болон олон улсын спортын наадмыг эх орондоо зохион байгуулах, спортын олон төрлийг хөгжүүлэхэд Засгийн газрын дээрх шийдвэр томоохон дэмжлэг болно гэж салбарынхан үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг цуцлав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Ургац тээврийн гол замыг хатуу хучилттай болгоно

Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 130.85 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулах хугацааг 2021 он, төслийн эргэн төлөлтийн хуваарийг 2022-2025 он байхаар концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.

Дээрх зам нь улсын болон Сэлэнгэ аймгийн намрын ургац тээвэрлэдэг гол зам бөгөөд хатуу хучилттай болгох талаар аймгийн удирдлага, тариаланчид үе үеийн Засгийн газарт хүсэлт гаргасаар иржээ. Замыг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК тавих юм байна.

Сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг цуцлав

Гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг биелүүлээгүй учир “Рич шолден булсс эдукэшн” ХХК-тай байгуулсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг цуцлахаар болов.

23 бага сургууль, цэцэрлэг барих ёстой байсан тус компани 2018 оны 07 дугаар сарын 08-ны дотор нөхцөлөө бүрэн биелүүлнэ гэж гэрээнд тусгасан байжээ.

Нийгмийн хэрэгцээ, шаардлага, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ бага, хүүхэд багачуудын сурах эрх зөрчигдөх, туслан гүйцэтгэгч 20 гаруй компанийн эрх ашиг хохирох зэргээс сэргийлж Үндэсний хөгжлийн газар гэрээг цуцлалгүй, санхүүжилтээ босгох боломжийг тус компанид олгосоор иржээ.

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно

Хяналт шалгалт хийсний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гаргасан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг сайд Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар яам, агентлаг, Засаг дарга нарт улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн байна. Эдгээрээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч л 95 зөвшөөрлийг цуцалжээ.

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгах төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Ц.Нямдорж, Д.Сумъяабазар нарт даалгав.

Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хийсэн мэдээллээс үзвэл өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэний 26 орчим хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарчээ.

Мөн барилга, цахилгаан, хий, агааржуулалтын салбарт ч осол гарсаар байна. Энэ онд гэхэд л “Эко Алтан Заамар”, “Пентатерра” компанид гарсан ослын улмаас таван хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаагүйгээс Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Цаашид аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг сайд Х.Баделханд үүрэг болголоо.

Мэргэжлийн хяналтын байгууллага боловсон хүчний хувьд хүрэлцээ муутай. Тухайлбал улсын хэмжээнд байгаа 1500 гаруй шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станц, агуулахад гурван байцаагч, 21 мянга гаруй өргөх байгууламжид мөн гурван байцаагч хяналт тавьдаг. Түүнчлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган аж ахуйн нэгжид хөдөлмөрийн хяналтын 66 байцаагч л хяналт тавьдаг байна.

Иймээс хяналт шалгалтын чадавхи, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, улсын байцаагчийн орон тоог ирэх оноос нэмэхээр шийдвэрлэв.