Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт”-ээс 40 сая ам.долларыг гаргаж, Стандарт банкны өрийг хаажээ

“Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх нийт өр 115 сая ам долларт хүрсэн. “Стандарт” банкнаас уг мөнгийг нэхэмжилсэн хоёр хувь албан бичгийг Монгол улсын Засгийн газар болоод “Монголын Зэс Корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинд хаяглан ирүүлсэн байдаг.

“Стандарт” банкнаас ирүүлсэн бичигт “ “Эрдэнэт” үйлдвэрийг тав хоногийн дотор өрөө барагдуулахыг сануулсан. Хэрвээ өрөө төлөхгүй бол үйлдвэрийг битүүмжилнэ” гэж бичсэн гэдэг.

Тэгвэл “Стандарт” банкны энэхүү өрийг төлж барагдуулсан гэж Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар мэдэгдлээ. Ингэхдээ татвар төлөгчдийн 40 сая ам доллароор тус өрийг барагдуулсан байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин энэ талаар “Анх Жаст группийн Ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл нийт 160.1 сая долларыг авсан байдаг юм билээ. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй учраас “Стандарт” банк 2013 оны долдугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандсан байгаа юм. Ингээд Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх нийт 4 удаа хуралдаж шийдвэр гарагсан. “Стандарт” банк Эрдэнэт үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн. Яагаад Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн бэ гэхээр Эрдэнэт үйлдвэр нь батлан даагчаар оролцсон гэж хэлсэн учир шүүх түүнийг баталгаажуулсан байна. “Жаст”-ын Ш.Батхүү би бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж зөндөө ярьсан ч шүүх түүнийг нь хүлээж аваагүй.

Ингээд Арбитрын шүүхээс 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр төл гэсэн шийдвэр гаргасан. Монголын тал мэдээж энэ шийдвэрийг зөвшөөрөөгүй. Английн шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэхдээ энэ их төвөгтэй юм билээ. Давж заалдах эрхээ олж авахын тулд 51 сая ам.долларыг Стандарт банкинд байрлуулсан байх ёстой юм билээ. Гэвч тухайн үед энэ мөнгийг төлөх боломж байгаагүй.

Гэтэл Стандарт банк Английн улсын дээд шүүхэд төлбөрөө хурдан төлүүлмээр байна гэж гомдол гаргасан байгаа юм. Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Ингэхдээ бүр хатуу шийдвэр гаргасан. Нэгэнт эцсийн шийдвэр учраас төлөхөөс аргагүй байдалд хүрч, Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Бид хэд, хэдэн удаа хуралдаад төлөхгүй бол ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг судаллаа.

Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээг царцаах.

Хоёрдугаарт, Стандарт банкны өр төлбөрийн асуудлыг даруй шийдэхгүй бол гуравдах этгээдүүдийн хөрөнгийг зарах

Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг гадагш, дотогш гаргахгүй байх. Гадна талд байгаа хөрөнгүүдийг хурааж авах асуудал, эрсдэлүүд байсан.

Ингээд төлөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг ажлын хэсэг гаргасан. Улмаар Стандарт банктай гэрээ хэлцэл, яриа хийсний эцэст 40 сая ам.долларыг хүү торгуульгүйгээр төлөхөөр тогтсон. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж, шилжүүлсэн. Нөгөө талаас хүлээж авлаа гэсэн бичиг ирүүлсэн байна. Одоо ингээд гадна талдаа асуудлаа шийдлээ. Одоо дотооддоо ажиллаж, хууль хяналтын байгууллага буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. Буруутай этгээдүүд хариуцлага тооцох асуудал хууль шүүхийн байгууллагаар шалгагдаад явж байна” гэсэн юм.

Ийнхүү 40 сая ам.долларыг төлснөөр “Стандарт” банкинд төлөх өр, төлбөр дуусч байгаа аж. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн санг “Стандарт” банкны өр төлбөрийг төлж барагдуулахад зориулж байгуулсан байх магадлалтай байна.

Categories
мэдээ спорт

Азийн шилдэг бадминтончид Монголд цуглав

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БНХАУ-ын Сон Чинлин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй бадминтоны спортын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тодруулбал, Монголын бадминтон сонирхогчдын холбоо /МБСХ/-ны урилгын дагуу “Афин-2004”, “Бээжин-2008” олимпийн аварга Жан Нин, “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн аварга Фү Хай Фэн, 2011 оны дэлхийн аварга, “Лондон-2012” олимпийн мөнгөн медальт Ван И Хан тэргүүтэй алдарт өдөн бөмбөгчид бадминтоны спортыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулан хөгжүүлэх зорилгоор манай улсад айлчилж байгаа аж.

Тэд МБСХ-нд 200 мянган юанийн бадминтоны тоног төхөөрөмжийг хандивлажээ. Мөн Улаанбаатарт ирсэн олимп, дэлхийн аваргууд /Жан Нинь, Фү Хай Фөн, Ван И Хан/ манай өсвөрийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийж, дурсгалын зураг авахуулжээ.

Өнөөдрийн байдлаар бадминтоны спорт нь 10 гаруй аймаг, хотуудад эрчимтэй хөгжиж, 10,000 гаруй тамирчин, сонирхогчид хичээллэж байна.

Хятадын аваргуудын амжилтыг танилцуулахад, Фү Хай-Фөн нь “Бээжин-2008” мөнгө, “Лондон2012”, “Рио2016” алт, 2006, 2009, 2010, 2011 оны дэлхийн аварга юм. Жан Нинийн хувьд “Афин-2008”, “Бээжин-2008” алт, 2003 оны дэлхийн аварга, 2005, 2006 оны дэлхийн дэд аварга тамирчин аж. Харин Ван И-Хань хэмээх өдөн бөмбөгчин нь “Лондон-2012” олимпийн мөнгөн медаль, 2011 оны дэлхийн аварга юм.

Categories
мэдээ нийгэм

Эль-Ниногийн нөлөөгөөр байгалийн аюулт үзэгдлийн тоо давтамж өсөх магадлалтай байна

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс ОХУ, БНХАУ болон Монголын цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан таамаглал, АНУ-ын NOAA, NASA болон НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын мэдээ, болон бусад холбогдох статистик мэдээлэлд үндэслэн Монгол оронд 2019 оны хавар, зуны улиралд тохиолдож болзошгүй байгалийн гаралтай аюулт үзэгдлийн таамаглалыг гаргалаа. Таамаглалын үр дүнд 2019 оны 1, 2 дугаар улиралд байгаль, цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан гарч болзошгүй аюулт үзэгдэл, ослын талаар мэдээлэл өгч дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Монгол орны нийт нутгаар цасан бүрхэвчийн зузаан олон жилийн дунджаас бага гэж тооцоолсон нь 2019 оны 1 дүгээр сарын нөхцөл байдалтай таарч байна. Зарим улс орны Ус цаг уур, холбогдох байгууллагын таамаглал болон Монгол оронд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын мэдээний давтамжаас харахад хавар, зуны улиралд олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох төлөв ажиглагдаж байна.

Иймд зуны улиралд хүчтэй аадар бороо, агаарын температурын өөрчлөлтийн нөлөөллөөс хамаарч ялангуяа 7-9 дүгээр саруудад том хэмжээтэй мөндөр буух, үер болох магадлал өндөр байгааг малчид, тариаланчдад анхааруулж, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг цаг алдалгүй дамжуулах,

2. Нийт нутгийн цасан бүрхэвчийн зургийг Монгол орны ой, хээрийн түймрийн аюулын зэргийн зурагтай харьцуулан үзэхэд ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгуудад цасан бүрхэвч бага байна.

Иймд тус аймгуудын засаг захиргаа онцгойлон анхаарал, сэрэмжтэй ажиллах чухал бөгөөд 5, 6 дугаар сард ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байхыг анхаарах,

3. Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн оролцоотой АНУ-ын Цаг уурын урьдчилан таамаглах төвөөс гаргасан мэдээнд 2018 онд сүүлийн 40 жилд хамгийн халуун жил байсан төдийгүй 2019 онд Эль-Ниногийн нөлөөгөөр дахин давтагдах магадлал өндөр байгаа нь хэт хуурайшилт, түр зуурын усархаг борооны улмаас үерийн аюул төв суурин газарт ихээхэн хохирол учруулж болзошгүй байна.

Монгол оронд Эль-Ниногийн нөлөөгөөр 1997-1998, 2002-2003, 2005-2006, 2010-2011, 2015-2016 онуудад тохиолдсон байгалийн аюулт үзэгдлийн тоо давтамж өссөн байдаг бөгөөд статистикийн мэдээнд үндэслэн шугаман регрессийн тэгшитгэлээр тооцоход 2019-2020 онд дахин давтагдах магадлал өндөр байгаа нь харагдаж байна.

Тухайн жилүүдэд хүчтэй салхи, аадар бороо, мөндөр, ган, үер, хэт халалтын нөлөөгөөр үүссэн аюулт үзэгдэл, ослын тоо давтамж ихэссэнийг анхаарч урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх,

4. Эль-Ниногийн идэвхжлийн жилд царцаа, нисдэг шоргоолжны нүүдэл, үлийн цагаан оготоны тоо эрс өсөх, шавьж, мэрэгчдээр дамжсан мал амьтны халдварт өвчний дэгдэлт ихэсдэг нь ОХУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоогдсон байдаг тул энэ асуудалд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах,
5. ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн хэсгийн дэлхийн гадаргуун цардасын хүрээлэнгийн судалгаагаар Байгаль нуурын хойд хэсэг, Баргузин, Курумканск, Кабанс орчимд газар хөдлөлтийн идэвхжил сүүлийн 5 жилийн байдлаар огцом өсөж байгаа тул тухайн бүс, орон нутагт тодорхой хэмжээний хохирол учирч болзошгүйг анхаарах.

Categories
мэдээ нийгэм

Бэлэн байдлын үзлэг, шалгалт хийлээ

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангиудад бэлэн байдлын үзлэг шалгалтыг хийлээ.

Бэлэн байдлын үзлэгээр тус хэлтсийн гал түймэр унтраах, аврах ажиллагааны үндсэн болон тусгай автомашин техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээ ашиглалт хамгаалалт, мөн алба хаагчдын хүн нэг бүрийн ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм.

Гал түймэр унтраах, аврах ангиудын техник, алба хаагч нэг бүрийн багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангуулснаар хуурайшилтын зэрэг өндөртэй үед ой хээрийн түймэр гарсан тохиолдолд түймрийг шуурхай унтраах хариу арга хэмжээ авч ажиллах чадварыг дээшлүүлэхээс гадна албан хаагчдын үүрэг гүйцэтгэх чадвар дээшлэх ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

АН-ын жагсагчид УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлагаа гардуулж өгөв

Өнөө өглөө 10 цагт Ардчилсан намаас “УИХ ТАР” хэмээх тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан.

Түүнчлэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Хаврын чуулганы хуралдаан нээсэнтэй холбогдуулан мэдээлэл хийж УИХ-д шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

Тэгвэл жагсагчид Сүхбаатарын талбайг тойрч жагссаны дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа өндөрлүүллээ.

Албаны эх сурвалжийн мэдээллээр энэ удаагийн жагсаалд 40 орчим мянган хүн оролцсон гэлээ.

Шаардлагад:

Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, эдийн засгийн тулгуур бодлогыг ганхуулж, төрийн институти хоорондын уялдааг зөрчилдүүлж, Үндсэн хууль, эрх зүйн актуудыг дур зоргоороо зөрчиж, явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ард нийтийг айдас, бухимдлаар хөглөн турхирч, Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авч байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.

Ардчиллын тулгуур зарчмуудыг уландаа гишгэж буйг үл зөвшөөрч, Ардчилсан Монгол Улс, Ардчилсан Үндсэн хуулийг хамгаалж тэмцэн, хадгалж үлдэх нь Ардчилсан намын үүрэг мөн.

УИХ-ын 2016 оны сонгуулийг гуйвуулж, 60 тэрбумын схемээр төрийн албыг, төлөөллийн ардчиллыг худалдаж авсан өнөөгийн эрх баригчид хуулийг өөрчлөх замаар дарангуйллыг тогтоох эхлэлийг тавилаа.

Энэ хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж, үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний өмнө амласан амлалтаа өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг шаардаж байна.

  1. Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад хариуцлага тооцох.
  2. Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг улстөржүүлэн завхруулж, Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх.
  3. Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйжүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно.
  4. Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдагучир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлэлийг бид таслан зогсоох ёстой.
  5. Удаа дараа олон жил хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсаны хэргийг захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг Ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй. Хуульзүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна.

Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон төлөөлөх эрхийг хууль бусаар эдэлж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болж, барьцаалагдсан УИХ өөрөө тарах ёстой гэдэг Ардчилсан намын гишүүдийн байр суурь хэвээр байна.

Бидний шаардлага байр суурийг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэж хамтран тэмцэхийг АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН НИЙТ ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА.

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

Categories
мэдээ нийгэм

“АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” сэдэвт хоёр дахь шатны хэлэлцүүлэг хийв

“Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа болон 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн судалгаа, шинжилгээнд суурилсан шинэ санал санаачилга, шинэлэг шийдэл бүхий ажил, арга хэмжээний /төсөл хөтөлбөр/-ийн мэдээлэл солилцох, танилцуулах, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан, бэрхшээлтэй асуудлыг нэгтгэж, ажлын санал боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Тэргүүлэгчдэд танилцуулах шаардлагатай арга хэмжээ авч ажиллах “АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” сэдэвт хоёр дахь шатны хэлэлцүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Хангарди ордны 14 давхарт 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-314876 утас лавлана уу.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн зөвлөлийн уулзалтад урьж байна

Төв аймгийн Баянцогт сумын 90 жилийн ойг угтан тус нутгийн Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч, сурч буйиргэдийг уулзалтад урьж байна.

Тус сум 90 жилийн ойгоо ирэх долдугаар сард тэмдэглэнэ. Ойгоо угтан олон бүтээлч ажил зохион байгуулж байгаагийн эхнийх нь энэхүү уулзалт юм. Уулзалтын үр дүнд 90 жилийн ойгоо зохион байгуулахад нутгийнхны оролцоог нэмэгдүүлж, санал бодлыг нь сонсоно. Уулзалт 2019 оны дөрөвдүгээр сарын 06-нд “Бадрал” ресторанд 11:00 цагт болно.

Байршил: БГД-ийн Таван шарын төмөр замын призерийн урд, хоёрдугаар цахилгаан станцын баруун талд

Холбогдох утас: 88010402, 86000006, 88409692, 88688300

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд тайван жагсаал хийлээ

Оюутнууд Энхтайваны гүүрээс төв талбай хүртэл автомашины хөдөлгөөн зогсоож, тайван жагсаал хийлээ.

Тэдний жагсаал хийх болсон гол зорилго нь автобусанд зорчих эрхийг 22 биш 40 удаа болгохоор нэгдэж буйгаа мэдэгдэж хэвлэлийн хурал хийсэн билээ. Мөн чанаргүй боловсрол, худал мэдээлэл, сургалтын төлбөрийн нэмэгдэл, ёсзүйгүй байдлыг шүүмжилсэн юм. Тодруулбал, өнөөдрийн жагсаалаар автобусны хөнгөлөлтийн картны зорчих эрхийг нэмэгдүүлэх, шамдан суралцаж, сурлага, урлагийн амжилт гаргасан оюутнуудад 70200 төгрөгний тэтгэлгийг сэргээх, 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх гэсэн үндсэн гурван асуудлаар бүх их, дээд сургуулиудын оюутан залуус ийнхүү нэгдэж Энхтайваны гүүрний урд Наадам цэнтрийн гадаа цуглаад төв талбай хүртэл тайван жагсаал хийж гарын үсэг цуглуулсан байна.

Оюутнууд тайван жагсаал хийлээ


Categories
мэдээ нийгэм

Автобус, троллейбусны үйлчилгээнд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн албан даалгавруудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас удирдамж гарган нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны гадна, дотор цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол чанартай гүйцэтгэсэн, техникийн засвар үйлчилгээг тогтоосон норм, нормативын хүрээнд хугацаанд нь хийж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлсэн байдалд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Удирдамжийн дагуу Энхтайваны өргөн чөлөөний дагуух автобусны зогсоолуудад болон бусад дүүргүүдийн нутаг, дэвсгэрт хөдөлгөөнт шугам замын хяналт, шалгалтыг тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Сити баз консалтинг ХХК, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын шалгагч нар хамтран гүйцэтгэж байна.

Дээрх албан даалгавруудыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, иргэд өнгө үзэмжтэй цэвэр цэмцгэр, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор цэвэрлэгээг тогтмол хийх, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг чанд баримтлан, хаягжилтийг сайжруулан мөрдөж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2019.04.05) 10 цаг 02 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон.

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой гэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харилцаж шийтгэхийн эсрэг конвенц болон түүний нэмэлт протоколоор Монгол Улсын хүлээсэн үүрэг, түүнийг биелүүлэх талаар гарсан холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсныг дурдаад, Бид хэдхэн хоногийн өмнө ардчилал, хүний эрхийг хамгаалах, түүнийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх механизм, шүүх эрх мэдлийн тогтолцоонд шинэтгэл авчрах зорилгоор шинэ хууль эрх зүйн хяналтын орчныг бүрдүүлсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох, цөөн хүний үзэмжээр асуудлыг шийдэх зорилго огт агуулаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

Түүнчлэн хаврын чуулганы эхэнд Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог Үндсэн хуульд заасан үзэл баримтлалд нийцүүлэн, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөллөөс ангид, хараат бус, зөвхөн хууль дээдэлж хариуцлагатай ажиллах тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг тавихаар төлөвлөж байгаагаа дурдав. Иймд тэрбээр, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох талаарх саналыг хойшлуулалгүй зөвшилцөж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад холбогдох албан тушаалтны асуудлыг шуурхай шийдвэрлэж хууль, шүүх засаглалд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх бодит ажлыг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна гэж байлаа.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах нэрээр хариуцлагагүй, хуулиар халхавчилсан шударга бус тогтолцоо бий болгон, өөгшүүлдэг байдлыг Үндсэн хуулийн хүрээнд халах шаардлага зүй ёсоор гарч байгааг онцлохын зэрэгцээ Улсын Их Хурлыг хяналттай, хариуцлагатай, Засгийн газрыг хариуцлагатай тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай болгох зорилготой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсныг дурдав. Тэрбээр Улсын Их хурлын гишүүдэд хандаж, асуудалд ултай суурьтай хандаж, олон жилийн судалгаа, олон талын оролцоотой боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүх талаас нь сайтар нягтлан, хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн хуулийн хугацаатай, хаврын чуулганд багтаан баталдаг бодлогын чухал баримт бичгүүд хүлээж байгааг дурдахын зэрэгцээ шүүх засаглалаа цэгцлэх, Улсын Их Хурлын нэр хүнд унасныг засаж, шинэчлэл хийх, Засгийн газар улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг өөд татахал чиглэсэн бодитой, үр дүнтэй, томоохон ажил хийх зэрэг гурван асуудалд чиглэж ажиллана гэдгээ онцлон тэмдэглэв.

Зөвийг буруу болгон баллах, үнэнийг худлаа гэж мушгих, нийгмийг өрөөсгөл мэдээллээр бужигнуулах, талцал хуваагдал, үймээн бужигнаанд уриалах нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэхгүй гэдгийг онцлон тэмдэглээд, Монгол Улсыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад хүчээр элсүүлэх гэж байна гэсэн ор үндэсгүй яриа үүний нэг нь юм. Засгийн газар, ҮАБЗ-өөр хэлэлцэж, Улсын Их Хурал гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн үүднээс хэлэлцэн шийдвэрлэх ёстой бодлогын асуудал. Яг ийм зарчмаар нарийвчлан судалж тайлан дүгнэлт гаргасны үндсэн дээр гадаад дотоод бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах болно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд хариуцлагатайгаар мэдэгдлээ.

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэнэ.