Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ой гутам зулгуйдалт

Сумогийн их аварга Хакухо Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарч Японы иргэн болох гэнэ. Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээгээр дүүрэн ой гутам зулгуйдалт явж байна. “Энэ муухай Монголд ирж яах гэсэн юм”, “Зөв ш дээ, хөөрхий амьтан”, “Монголоос гарч байж дэвжээний эзэн болно”, “Тэгж байж л эх орондоо (Монголдоо) тус болно”, “Олон сайхан монгол хөвгүүд сумогийн амьдралд орж хоолтойгоо залгана”, “Харин хөөрхий минь их тэслээ”… өөр юу юу ч гэнэ вэ, монголчууд нэр төр, алдар гавьяа, эд хөрөнгийн өмнө яаж зулгуйддагийг, зусарддагийг, яаж хэм хэмжээгээ алдтал зуйрагнадгийг харж байна. Ялангуяа нөгөө үндсэрхэг үзэлтэй эх орончид нь маш их дэмжиж байх шиг харагдана. Ер нь бол монголчуудад байж болохгүй зан авир гаргаж байна даа. Хакухогийн дотор юу бодогдож байгааг хэн ч мэдэхгүй. Тийм атал өмнөөс нь өвчигнөж буй бидний байгаа царай энэ. Түүний Японы иргэн болох тухайд бол бид аль эрт мэдсэн. Х.Баттулга, Б.Лхагвасүрэн гуай, Д.Дагвадорж, Хакухо дөрөв сууж байгаад “Монголын иргэншлээс гарна” гэдгийг шууд ярьсан. “Зуун эрхэм”-д орох үед их аварга Д.Дагвадорж өмнөөс нь хэлэхдээ “Гарч байж л цааш явна уу гэхээс өөрөөр цааш алхахгүй” гэж хэлээд нулимсаа арчаад байсандаг. Хакухогийн хувьд эцэг нь сэрүүн тунгалаг байсан бол харин юу гэх байсан бол. Амаргүй сонголттой тулгарч мэдэх л байсан байх. Ухаандаа их аварга аав нь “Наадах чинь тэгээд эх орноос чинь үнэтэй дэвжээ юу п… минь” гэх байсан ч юм билүү. Яс юман дээрээ бол энэ их зулгуйдалтыг сошиалд сэвж байгаа хүмүүсийн хэн нь ч хариуцлага хүлээхгүй. Харин Хакухо бол хариуцлага хүлээж байгаа. Нэг хүн сонголт хийсний төлөө бид эх орноо зүхэх хэрэггүй, худлаа зуйрагналаасаа ичих хэрэгтэй.

Магадгүй нөгөө талаар энэ их зулгуйдалт нь эх оронч Ерөнхийлөгчийнхөө гаргах шийдвэрийг зөөллөн өгч буй хар пиар юм шиг ч бодогдох боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ орны эзэн хүн шиг дуугарч “Чамайг би Монгол Улсын иргэнээс хассан зарлиг гаргаж чадахгүй нь ээ, дүү минь” гэхэд Даваажаргал Монголдоо л үлдэнэ. Ёстой нөгөө Монгол л ялна шүү дээ. Үнэндээ ардчилсан Монголд төрж өссөн хүн хаана ч амьдрах эрхтэй ч “Явалгүй яахав хөөрхий минь. Энэ муухай Монголоор овоглож харин ч их тэслээ” гэх зусарчдыг хараад дургүй хүрч байна. Жирийн нэг монгол бүсгүй Хятадын компанид орчуулагчаар ажилласны төлөө энэ олон үндсэрхэг үзэлтнүүд, босоо, хэвтээ монголчууд, монгол ялначууд түүнийг яаж доромжилж, баалж, зүхэж байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга TV-ийн хөтлөгч байхдаа “Хятад руу төмөр замаар нүүрс гаргаж байя” гэсэн Уул Уурхайн Ассоциацын гүйцэтгэх захирал асан Дамбыг “Чам шиг хужаагийн бууны нохойтой ярих ч сонирхол алга” гээд нэвтрүүлгээ хаяад гарч байсан. Яг түүн шиг одоо энэ Хакухог “Японы бууны нохойтой ярих ч сонирхол алга” гээд хатуурхвал эх орноо гудаснаас дор үздэг “юм”-нуудад том цохилт болно доо.

Энэ олон зулгуйдагчдыг, энэ олон эх орноо доромжлогчдын сошиалд байгаа хандлагыг нь харахад та бид чинь тэгээд хүн амьдарч болохгүй тийм бузрын эх оронд амьдраад байгаа юм уу. Энэ хорвоогийн хамгийн хүн амьдрах аргагүй газар шороон дээр амьдраад байгаа хүмүүс юм уу. Яагаад тэд Монгол эх орноо гутааж доромжлоод байгаа юм. “Зөв ш дээ, энэ муухай элгийн Монголд ирж яах гэсэн юм” гээд байгаа чинь өнөөдрийн хамгийн том эмгэнэл биш үү. Энэ дэлхий дээр хамгийн арчаагүй, өрөвдмөөр, нийгмийн илүүдэл болсон хүмүүс бол эх оронгүй хүмүүс байдаг юм. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэсэн үгийг сана эх орноо зүхэж буй новшнууд аа. Тэгж яривал хүний амьдралын зүй тогтол, эрэмбэ дараалал хөгжлийн түүхэндээ яаж явж ирсэн гэвэл Эх орон-Ээж аав-Элгэн садан гэсэн үнэ цэнээр эрэмбэлэгдэж ирсэн юм шүү. Эх орноо зүхэж буй хүн ээжийгээ зүхэх энүүхэнд гэсэн үг. “Иргэншил солих гэдэг үхсэн баас юу юм. Цаас солихыг хэлж байгаа юм. Таны бие сэтгэл хэзээ ч монгол хүн хэвээрээ байна” гэж Бавуугийн Лхагвасүрэн хэлсэнийг “Зуун эрхэм”-ээс харсан биз дээ.

Өнөөдөр хүний нийгэмд хамгийн чухал юм нэр төр, эд хөрөнгө хоёр л байгаа. Хөрөнгөгүй нийгмийн үеийн үлдэгдлүүдэд бол хөрөнгө гэдэг нь хол сонсогдож магадгүй. Гэвч үнэн ийм л юм. Энэ хоёртой байгаа хүмүүс л нийгэмд өөрийн байр суурьтай байж, хүний сайн сайхны төлөө, нийгмийн хөгжил цэцэглэлтэд дорвитой хувь нэмэр оруулж байна. Нийгмийг өөрчилж байна. Ингэж үзвэл иргэншлээ солино гээд байгаа Хакухо Даваажаргал нь нэр төр, эд хөрөнгө л өвлөж авахын тулд усыг нь ууж, ёсыг нь дагаж байгаа үйл явц. Үүний төлөө мань эр сонголт хийлээ. Тэр нэг сонголтынх нь төлөө үхсэндээ ханаж цадахгүй зулгуйдаж, төрж өссөн эх орноо доромжилж, нийгмийг үймүүлээд байгаа юм. Гурван сая монголчууд хүн амьдарч болохооргүй эх оронд амьдарч байгаа гэж бодохгүй байна шүү.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Хүрэлбаатар: Сурагчийн тухай хуучны сайхан дуунууд мартагдах ёсгүй


Дуучин Ш.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Таныг сонсогчид “Сурагчийн дууны Хүрлээ” гэдэг юм билээ. Манайхан ихэвчлэн ээж, аав, нутаг, морины тухай дуулдаг. Та чухам яагаад арван жил, сургууль, сурагчийн дуунуудыг дуулдаг юм бэ?

-Би багадаа, сурагч ахуй насандаа одоо энэ дуулж байгаа сурагчийн дуунуудаа сонсч, дуулж хүмүүжсэн. Тийм ч болохоор дуучин гэж мэргэжлийг сонгоод энэ сайхан дуунуудыг шинэчлэн сэргээж дуулъя гэж бодсон юм. Мөн нөгөө талаар хуучны сурагчийн сэдэвтэй гоё дуунууд мартагдах ёсгүй гэж бодоод сэргээж дуулъя гэж шийдсэн. Багадаа дуулж байсан дуунуудаа ингээд сэргээн шинээр дуулж байгаа минь багынхаа мөрөөдлийг биелүүлж байгаа хэрэг л дээ. Тиймээс эдгээр дуунуудыг албан ёсны эрхтэйгээр нь шинэчлэн дуулсан юм.

-Хуучны дуунуудыг сэргээж дуулах, цомог гаргах ажил тань хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Миний хувьд эхлээд “Миний дурласан бүсгүй” анхны цомгоо гаргаад тоглолтоо хийсэн юм. Түүнээс өмнө энэ сайхан дуунуудыг сэргээн сануулж дуулахсан гэж боддог байлаа. FM радионуудаас эдгээр дууг сонсъё гэхээр огт байдаггүй. Тэгэхээр нь би Монголын радиогийн Алтан фондоос энэ дуунуудыг сонсч, “Галмандах” сан, MOSCAP буюу Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгтэй хамтран албан ёсны зөвшөөрөл аваад шинэчлэн дуулахаар сэтгэл шулуудсан. Хоёр жилийн өмнөөс “Бага насны он жилүүд” дууг дуулж клипжүүлсэн.

-Сурагчийн сэдэвтэй хичнээн дуу дуулаад байна, хуучны?

-“Сурагч насны дурсамж” цомог маань арван дуунаас бүрдсэн. “Зуун зууны ерөөл”, “Бага насны он жилүүд”, “Төгсөх сурагчийн уянга”, “Амгалан цэнхэр дэлхий” гэх мэтчилэнгийн маш гоё дуунууд буюу бидний заавал ч үгүй сонсох ёстой дуу гэж хэлж болохоор дуунууд.

-Хүүхэд нас, сурагчийн он жилүүдийг нь санагдуулдаг дуунуудыг дуулахаар дээхнэ үеийн сурагчид ихэд баярладаг байх. Бараг мартагдаж байсан дуунууд байна?

-“Бага насны он жилүүд”-ийг анх дуулахад хүмүүс маш сайхан хүлээж авсан. Монгол орны өнцөг буланд бүрт энэ дуу дахин түгж, фэйсбүүкээр олон хүн сонссон. Бага насандаа, сурагч ахуй үедээ очсон мэт сайхан сэтгэгдэл төрлөө, энэ дууг сэргээн дуулсанд баярлалаа гэцгээсэн.

Олон сэдэв бий л дээ. Манайхан голдуу л хайрын сэдэвтэй дуу дуулдаг. Харин миний хувьд, хүн бүр сурагч байсан болохоор сурагч, багш, сургуулийн гэгээн амьдралыг харуулсан дуунуудыг дуулъя гэж бодсон юм.

-Сүүлийн үед сурагчийн тухай дуу гарсан уу. Одооны сурагчдын дуулдаг дуу гэж юу байна вэ?

-Ер нь бол их ховор. Сурагч, сургуулийн холбогдолтой чансаатай дуу цөөн гарч байна. Миний цомогт орсон дуунууд бол хүн болгоны мэддэг, гэрэл гэгээтэй дуунууд байхгүй юу. Цомог гарснаас хойш хүмүүс хүсэлт тавьж, сэтгэгдэл үлдээж байна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд би Налайхад очоод 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийт долоо хоногийн уулзалтын нэгдсэн баяр дээр очоод ирлээ. Цомог гарснаас хойш хүмүүс ам сайтай байгаа. Цомог маань Hi Fi дээр борлуулалт сайтай байгаа дуулдсан. “Сурагч насны дурсамж” цомгийн баяр болгож ирэх сарын 17-нд UB Palace-ийн Концертын их танхимд тоглолтоо хийхээр болсон. Энэ тоглолтдоо мөн төгсөгчдөдөө зориулаад “Мөрөөдлийн зүг” гэдэг цоо шинэ дуугаа гаргачихаад байна. Тун удахгүй клипээ үзэгчдэдээ хүргэнэ. Үе үеийн сурагчид очиж үзэх боломжтой. Одооны 12 дугаар ангийн төгсөгчид ч ирээд суухад сурагчийн нандин сайхан дуунууд дуулагдана. Өнөө жил төгсөлтийн 20, 30 жилийн ой нь тохиож байгаа ангиуд бөөнөөрөө тасалбар захиж байна. Ангиараа ирж үзэж сурагч насны он жилүүдээрээ аялна гэцгээж байна. Энэ тоглолт бол бүх үеийн төгсөгчид, бүх насныханд зориулсан тоглолт. Бага ангийн сурагч очиж үзсэн ч гоё үзүүштэй. “Цэцэг” хамтлагийн Батболд ах маань “Миний ном” дуугаа дуулна. Монгол Улсын гавьяат жүжигчин Насантогтох “Үерхэл чамайгаа нандигнана” дуугаа дуулна. Олон уран бүтээлч сурагч, сургуулийн холбогдолтой дуугаа дуулна. Их гоё найруулгатай, музыкал хэлбэрээр тавигдах тоглолт л доо.

-Хүний амьдралын хамгийн гэгээн үе бол сурагч нас. Сурагч насны нөхөрлөл үнэнч байдаг гэдэг. Тэгэхээр та тэр бүхнийг дотор нь орж мэдэрч байгаа юм байна?

-Тэгэлгүй яахав. Хүний амьдралын урт хугацаа, олон харгуй замд хамгийн үнэнч, хамгийн их түшиг болдог хүмүүс бол сурагч насандаа нөхөрлөдөг байсан найзууд л байдаг. Тийм ч байдаг юм. Төгсөлтийн баяруудад очиход тэдний ярьдаг гол яриа нь л сурагч насаа дурсаж, сэтгэл санаа нь гайхалтай сайхан байдаг нь мэдрэгддэг юм.

-Та аль сургуулийн сурагч байсан бэ?

-Би хөдөөнийх. Сумын сургуулийн сурагч.

-Аль аймаг вэ?

-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын арван жилийн сургуулийг төгссөн. Сурагч байхаасаа л дуу хөгжимд дуртай хүүхэд байсан. Сургуулийн урлагийн үзлэг, тэмцээн уралдаанд байнга л оролцдог сурагч байлаа.

-Хуучны дууг сэргээн дуулахаар элдвээр шүүмжилдэг л дээ. Гэвч нөгөө талаас нь харвал дуучин уран бүтээлч гэдэг хүн өв тээгч, дууг өөртөө хадгалж мартагдуулахгүй байж, дараагийн үедээ хүлээлгэн өгдөг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагддаг?

-Үүнтэй санал нэг байна. Би дуучин, уран бүтээлч гэгдэж байгаа учир эхлээд алтан үеийн тэр сайхан сэтгэлд хоногшсон дуунуудыг дуулж сурч байж дараа нь өөрийн гэсэн өнгө аястай шинэ бүтээл хийх ёстой гэж боддог юм. Тиймээс “Энх өглөө”, “Нарны унага” киноны дууг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нь дуулсан. Хүмүүс алга ташилтаар урам өгч сайхан хүлээж авч байсан. Сурагч, сургуулийн сэдэвтэй дуугаар дамжуулж тодорхой хэмжээний хүмүүжил олгодог. Дуугаар дамжуулж сурагч, хүүхдүүдийн боловсролд эерэгээр нөлөөлөх ёстой гэдэг санаагаар эдгээр дуунуудыг дуулсан. Ард түмэн их сайхан хүлээж авч байна. Мартагдаж байгаа учраас, сурагчийн тухай дуунууд гарахгүй байгаа цаашид ийм дуунууд үргэлжилж төрөх хэрэгтэй байна.

-Та тэгвэл дандаа гэгээлэг зүйл ярьсан, баярласан хөөрсөн ангийнхны дунд л явдаг хүн байна. Ингэж явахад хөгжилтэй үйл явдал болдог л байх?

-Яваад очиход бүх юм нь гэгээлэг байдаг юм аа. Нэгэн сургуулийн 90 жилийн ойн баяр дээр очсон юм. Тэгтэл нэг ангийнхан бүгдээрээ хуучин өмсч байсан форм, паарчигаа өмсөөд, галстукаа зүүгээд ижилсчихсэн байсан. Тэгтэл тэр ангийн нэг хүүхэд багшаа хайгаад, багшаа алга болчихлоо гэж бодоод “Хүүе ээ, багш хаачсан бэ. Хаашаа явчихав” гэж сандарлаа. Тэгтэл багш нь сурагчидтайгаа яг адилхан форм паарчигаа өмсөөд галстукаа зүүгээд үсээ салаа сүлжээд хүрээд ирсэн байгаа юм. Тэгээд сурагчдынхаа дунд орчихсон чинь ангийнхан нь танихгүй байсан байгаа юм. Багш нь эргээд хүүхэд шиг болчихсон. Тэгээд бөөн инээдэм болж билээ. Багшийгаа хайгаад (инээв). Ийм нэг гоё юм болж байлаа. Хөгжилтэй, хөгжөөнтэй их юм болно оо.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элчин сайд Майкл Клечески: Америк, Монгол хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Майкл Клеческитэй ярилцлаа. Тэрбээр Элчин сайдаар томилогдож ирээд хоёр сар гаруй болж байгаа бөгөөд Монголын хэвлэлд өгч байгаа анхны ярилцлага нь энэ юм.


-Та Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирээд удаагүй байна. Монголд ирээд хамгийн анх төрсөн сэтгэгдэл юу вэ. Ер нь Монгол Улсын талаарх таны төсөөлөл бодит байдал дээр хэр өөр байна вэ ?

-Миний эхнэр Элойса бид хоёр Монголд ирсэндээ маш баяртай байна. Ер нь бид аливаа улс оронд очихоосоо өмнө тэр улсынхаа тухай маш их уншиж, видео бичлэг үзэж, хүмүүстэй ярилцдаг.Монголын тухай ч мөн уншиж, бичлэг үзэж судалсан. Аль ч улсад очиход хамгийн анхны сэтгэгдэл их хүчтэй, бодитой байдаг. Монголыг анх онгоцны цонхоор харахад,хэдийгээр өвс ногоо, цэцэг навч ургаагүй байсан ч маш өргөн уудам тал нутаг, үнэхээр том, үнэхээр гайхалтай харагдаж байсан. Малаа хариулаад явж байгаа хүмүүс тод харагдаж байв. Бид энэ нутаг, энэ ард түмний зан заншил нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчин ахуй соёлыг хамгийн түрүүнд олж харсан. Монголд ирээд хоёр сар шахам болжээ. Энэ хугацаа надад “анхны сэтгэгдэл”-үүдээр дүүрэн байлаа, үзэж харсан зарим зүйлээ бичиж тэмдэглэсэн. Та сонсохыг хүсч байвал би үргэлжлүүлье?

-Тэгэлгүй яахав.

-Миний фэйсбүүк, твиттер хуудсыг дагадаг хүмүүс энэ бүхнийг харсан байх. Бид музей үзэх их дуртай. Монголын хэд хэдэн томоохон музейг үзлээ. Хамгийн анх Үндэсний түүхийн музейг үзсэн. Монголчуудын түүхийн талаар маш тод томруун, цогц байдлаар харуулсан байсан. Занабазарын музейд Монгол орны түүхийг, тэр дундаа урлаг соёлын, шашны түүхийг шингээсэн сайхан бүтээлүүдтэй танилцсан. Орчин үеийн уран зургийн галерейд зочилж, энэ бүс нутгийн хувьд сонирхолтой цаг үе болох XX зууны дунд үеэс эхлээд одоог хүртэлх түүхийг дүрслэн харуулсан уран бүтээлүүдийг үзсэн.

Мөн нүүдэлчин амьдралын хэв маягаас үүсч хөгжсөн энэ гайхалтай хотын талаар олон зүйлийг Улаанбаатар хотын музейгээс олж мэдсэн. Олон улсын яруу найргийн өдрөөр Монголын нэрт яруу найрагч Д.Урианхай, Г.Мэнд-Ооёо нартай танилцсан минь надад тохиосон том аз завшаан байлаа. Яруу найраг бол миний ихэд таашаан сонирхдог зүйлүүдийн маань нэг юм.Бид Үндэсний урлагийн их театрт очиж Монгол үндэсний бүжгийн эцэг гэгддэг Ц.Сэвжидийн уран бүтээлтэй танилцсан. Мөн Монголын төдийгүй дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг үзэхээр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт бид очих дуртай болоод байгаа. Энэ бүгд миний хувьд уламжлалт болон орчин үеийн аль аль хэв шинжээр үнэхээр баялаг соёлын “анхны сэтгэгдэл”-үүд болж үлджээ.

-Хөдөө явж үзсэн үү?

-Хотоос гадагшаа явсан. Хустай, Тэрэлж, “XIII зуун” цогцолбор, бүр Ховд аймагт очсон шүү. Ховд аймаг бол олон үндэстэн, ястны өлгий нутаг гэдгээрээ алдартай юм билээ. Тэд бүгд өөр өөрсдийнхөө соёл, зан заншил, шашин шүтлэгийг өвлөн хадгалж байгаа нь гайхалтай санагдсан. Энэ нь АНУ-тай адил төстэй юм. Албаны хүмүүс, олон нийт, хүн ард нь биднийг маш халуун дотноор хүлээн авсанд талархаад баршгүй. Америк-Монголын хамтын ажиллагаа тэнд бодитойгоор оршин байгааг харахад бахархалтай байлаа. Жишээ нь, Америкийн соёл, мэдээллийн төв Ховдод байдаг. Америкийн тухай мэдээллийг түгээдэг энэ төв орон нутгийн хүмүүс олноороо ирдэг газар болжээ. Тэнд ажилладаг Энхтайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүд, англи хэлний заах арга зүйч америк багш нартай уулзсан. Маш азтай нэгэн тохиолдол болсон нь юу гэвэл, биднийг тэнд байхад Ховд аймгийн Хөгжимт жүжгийн театр “Жангар” туулиас сэдэвлэсэн хөгжимт жүжгийг тайзан дээр тавьж, нээлтийн тоглолтыг нь үзэх хувь бидэнд тохиосонд баяртай байна.

АНУ-д Монгол Улсыг бат бэх, цэцэглэн хөгжиж байгаа ардчилсан улс гэдгээр нь сайн мэднэ. Намайг ирснээс хойш хоёр ч удаа жагсаал, цуглаан болж байхтай таарлаа. Тайван, эмх замбараатай, гэхдээ асуудлуудыг бодитой дэвшүүлж тавьж байгаа харагдсан. АНУ-д ч гэсэн янз бүрийн засаг захиргааны үед зөндөө л олон ийм жагсаал болж байдаг. Энэ бол ардчиллын нэг илэрхийлэл юм. Бас АНУ-тай төстэй нэг зүйл гэвэл, уулзсан албаны хүмүүс, улстөрчид сошиал сүлжээний талаар ярьж байсан. Тэнд хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, түүнийг нь зөвхөн сонгуулийн үеэр биш, жирийн үед ч харж анзаарч, хариу өгч байх ёстой гэсэн нь бас сонирхолтой санагдаж байв.

Монгол хүмүүсийн нөхөрсөг, найрсаг зан чанар, АНУ-Монголын харилцааг өндрөөр үнэлж, их ач холбогдол өгч байдаг нь миний хувьд мөн онцгой санагдлаа. Олон албаны уулзалт хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон нэлээд олон сайд, парламентын гишүүд, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзсан. Эдгээр уулзалтын уур амьсгал маш эерэг, халуун дулаан байв. Энэ бүх зүйлийг эргээд харахад анх бодож байснаас хавьгүй илүү, хүлээлтээс давсан найрсаг, дулаан сэтгэгдэл надад үлджээ.

-Хоёр сарын хугацаанд чамгүй олон газраар явжээ…

-Ядрах болоогүй байгаа шүү. (инээв)

-Албаны хүмүүстэй уулзсан тухайгаа ярилаа. Та УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзахдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын хууль, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан тухай асууж лавлаж байсан. Та тодорхой мэдээлэл авч чадсан уу, ямархуу үнэлэлт дүгнэлттэй болсон бэ?

-Шүүх эрх мэдлийн систем хараат бус байх нь ардчиллын хамгийн гол амин чухал зарчим. Мэдээж, чөлөөт хэвлэлээс эхлээд ардчиллын маш олон бүрэлдэхүүн хэсэг бий л дээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай би УИХ-ын даргаас асуусан. АНУ-д ч энэ талаар нэлээд сонирхож байгаа. Надад тодорхой тайлбарлаж өгсөн. Шинэ нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэцээр авч хэлэлцэх юм байна гэсэн ойлголттой байгаа. Бидний зүгээс хамгийн гол нь юуг тэмдэглэж байна вэ гэхээр, шүүх засаглал, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдал маш их ач холбогдолтой, суурь хүчин зүйл юм гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Элчин сайдаар ажиллах хугацаандаа ямар асуудал дээр түлхүү анхаарах ёстой гэж төлөвлөж байна вэ?

-Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирснээ маш аз завшаантай хэрэг гэж боддог. Олон шалтгаан байна. Юуны өмнө, АНУ Монгол Улсыг маш чухал түнш, анд нөхрөө гэж боддог. Хамгийн гол нь Монгол бол ардчилсан улс бөгөөд ардчиллын институциуд бие даасан байх ёстой гэсэн хамтын үнэт зүйл, зарчим бидэнд бий. Мөн Монгол Улс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд хүчин чармайлт гарган хувь нэмрээ оруулж байгаа. Өөр бусад шалтгаанууд ч бий. Энэ бүхэн 30 гаруй жил бидний харилцааг тодорхойлсоор ирсэн. Бидний нэгэнт тогтсон энэ сайхан харилцааг улам сайжруулах, бэхжүүлэх хүсэл эрмэлзэл Вашингтонд ч дүүрэн байна. Үүний нэг илэрхийлэл бол өнгөрсөн жил танай Ерөнхий сайд АНУ-д айлчлал хийсэн. Тэр үеэр бид хоёр талын харилцаагаа “Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа” гэж шинээр тодорхойлсон. Энэ нь хоёр орны харилцаа шинэ шатанд гарсны илэрхийлэл юм. Миний нэн тэргүүнд тавих зорилт бол нэгэнт тогтсон бат бэх, сайн харилцаагаа цааш нь яаж улам өргөжүүлэх, бэхжүүлэх талаар арга замуудыг эрэлхийлж, олох явдал юм.

Бидний харилцааны үндэс суурь бол хамтын үнэт зүйлс юм. Ардчилал, чөлөөт хэвлэл, бие даасан, хараат бус шүүх эрх мэдэл, ардчиллыг бүрдүүлдэг бусад олон зүйл байна. Эдгээр үнэт зүйлс, чанаруудыг улам бэхжүүлэн бататгах үйлсэд АНУ Монгол Улсыг тууштай дэмжиж байгааг нотлох нь миний зүгээс тэргүүн зэрэгт тавих зорилт юм. Энэ бол бүхэлд нь томоор тодорхойлсон зорилт юм шүү. Үүнийг бүрдүүлж буй олон зорилгууд байгааг би тус тусад нь ярья.

Элчин сайдын томилгоог Сенатаар хэлэлцэх сонсголын үеэр би элчин сайдын хувиар нэн тэргүүнд хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн зорилго тавьж байгаагаа хэлсэн. Энд би хоёр зүйлийг хэлмээр байна. Манай ЭСЯ-ны, өргөн утгаараа АНУ-ын Засгийн газрын үүрэг бол Монгол Улсад бизнесийн ямар боломжууд байгааг Америкийн бизнес эрхлэгчдэд танилцуулах, мэдээлэл хүргэх, шаардлагатай үед туслалцаа үзүүлэхэд оршдог. Бусад бизнес эрхлэгчдийн адилаар Америкийн бизнесүүд ч Монголд хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийдэхдээ хөрөнгө оруулалтын орчныг юун түрүүнд харна. Ил тод байдал, хууль дээдлэх зарчим хэр байна, эдийн засгийг төрөлжүүлэх ямар боломж байна гэдгийг судална. Энэ бүх салбаруудад харин бид туршлага хуваалцан, эдгээр зорилтуудыг ханган биелүүлэхэд нь Монгол Улсад туслалцаа үзүүлсээр ирлээ.

Хоёр дахь зорилгыг улс төрийн гэж томьёолж болно. Тухайлбал, олон улсын хэмжээнд бидэнтэй тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд хамтран оролцох явдал юм. Жишээ нь, Хойд Солонгосын талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг нь хангахад хамтран ажиллаж байгаад бид Монгол Улсад талархалтай байна. Мөн Батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааг энд бас хамааруулж болно. Энэ харилцаа маш бат бэх бөгөөд бид улам бэхжүүлэх хүсэлтэй байна. Монгол Улсын олон улсад энхийг сахиулах чиглэлээр гаргаж байгаа хүчин чармайлтыг бид дэмжихдээ үргэлж таатай байна. Энэ бол монголчуудын хувьд бахархах нэг зүйл гэдгийг бид мэднэ, энэ чиглэлээр дэмжин ажиллахдаа ч бахархалтай байдаг. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн долоо хоногт шөнө дөлөөр би “Чингис хаан”олон улсын нисэх буудал дээр очиж, Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцохоор Америкийн онгоцоор ниссэн монгол цэргүүдийг үдэн гаргах ёслолд оролцлоо.

Гурав дахь бүлэг зорилго бол иргэд хоорондын харилцааны асуудал байдаг. Иргэд хоорондын харилцаа гэхээр байнга яригддаг, улиг болсон үгс сонсогдож магадгүй. Өнгөрсөн онд танай Ерөнхий сайд АНУ-д айлчилж, манай Төрийн нарийн бичгийн даргатай уулзахдаа 2019 оныг Америк-Монголын залуучуудын жил болгохоор ярилцаж, санал нэгдсэн. Тэгэхээр энэ чиглэлээр бидний түншлэлийн хүрээнд хамтран хийж байгаа хөтөлбөрүүд олон байгаа. Бид энэ жил Америкийн хип-хоп хамтлаг авчирна, залуу интерпренерүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд нэрлэвэл их олон зүйл бий.

-Ямар хамтлаг ирэх бол…

-Next Level гээд Төрийн департаментын хип хоп санаачилга л даа, хамтлагийн нэр удахгүй тодорхой болох юм. Мөн миний хувь хүний зүгээс нэлээд анхаарал хандуулж байгаа зүйл бол Монголд англи хэлний сургалт, заах арга зүйг сайжруулах. Англи хэлний түвшин жилээс жилд чанаржиж байгаа ч сайжруулах боломж үргэлж нээлттэй байдаг. Энх тайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар, өөр олон арга замаар арга зүйг сайжруулж болно. Мөн солилцооны болон тэтгэлэгт хөтөлбөрүүд, богино хугацаагаар АНУ-д зочилж, мэргэжлийн чиглэлээр туршлага судлах “зочин” хөтөлбөрүүд ч байдаг. АНУ бүх асуудлыг шийдэж, бүх асуултад хариулж чадна гэж хэлэхгүй ч бид эдгээр хөтөлбөрүүдээр тухайн асуудлыг яаж шийдэж байгаа өөрсдийн туршлагаа хуваалцаж, монголчуудаас ч их зүйл суралцаж байдаг. Ингээд, бидний өмнө энэ мэтчилэн томоохон зорилтууд байна, хийж хэрэгжүүлэх ч бүрэн бололцоотой гэж үзэж байна. Яагаад гэхээр манай ЭСЯ-нд маш туршлагатай, хариуцлагатай, чадварлаг хамт олон ажилладаг, тэднийхээ хүчээр эдгээрийг хийж хэрэгжүүлэх боломжтой.

-Олон сайхан хөтөлбөр хэрэгжиж, хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэг таатай сонсогдож байна. Та түрүүнд хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг өргөжүүлнэ гэлээ. Ер нь америк компаниуд Монголд хөрөнгө оруулах сонирхол хэр байдаг юм бол?

-Мэдээж, сонирхол байгаа. Юуны өмнө хөрөнгө оруулалтын орчин их чухал байдаг. Монгол Улс геостратегийн болон стратегийн маш чухал байрлалтай болохоор хөрөнгө оруулалтын орчныг нь сонирхох нь гарцаагүй. Бидний хийх ажил бол тэр сонирхлыг нь өдөөх, зөв мэдээллийг хүргэх явдал юм. АНУ-д байгаа Монгол Улсын ЭСЯ ч гэсэн ийм зорилт дэвшүүлж, адилхан үүрэг хүлээдэг бөгөөд хоёр орны бизнесүүдийг холбох, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх талаар тэд ч гэсэн хичээнгүйлэн ажиллаж байгаа, үүнд нь талархал илэрхийлье. Ер нь олон улсын зүгээс хөрөнгө оруулалт, бизнес хийх сонирлыг татах хамгийн гол хүчин зүйл бол хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл байдаг. Энд ямар сорилт бэрхшээл байна, яаж сайжруулах вэ гэдэг талаар дүн шинжилгээ, зөвлөмжийг багтаасан ”Хөрөнгө оруулалтын орчны тайлан”-г бид жил бүр улс тус бүрээр гаргаж, нийтэд ил тод тавьдаг. Энэ чиглэлээр хийсэн бидний хамтын нэг алхам бол дөрвөн жилийн өмнө гарын үсэг зурсан Худалдаа, хөрөнгө оруулалтын талаар Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр юм. Үүний зорилго нь олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсад байгаа боломжуудыг, мөн эрх зүйн орчныг ил тод байлгахад чиглэгдсэн. Тухайлбал, хөрөнгө оруулагчийн, бизнесийн эрх ашгийг хөндсөн алив хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, эсвэл шинэ хууль батлахын өмнө олон нийтийг санал өгөх боломжоор заавал хангах талаар тохиролцсон байдаг.Ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх талаар манай ЭСЯ танай Засгийн газартай хамтран ажиллах болно. Энэ хэлэлцээр маань бүрэн хэрэгжсэнээр бизнесийн орчинд дорвитой үр дүнг авч ирнэ гэж найдаж байна.

Бидний харилцааны 30 гаруй жилийн хугацаанд нийт нэг тэрбум орчим ам.долларын төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн байна. Энд бизнесийн орчныг сайжруулах, шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, эдийн засгийн эрх зүйн чиглэлээр туршлагаасаа хуваалцсан гэх мэт. Санаанд орж байгаа нэг зүйлийг дурьдахад, Монголд ирээд удаагүй байхдаа би шүүгч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд зориулсан хөтөлбөрийн арга хэмжээнд оролцсон юм байна.

Өөр нэг жишээ бол АмЧам буюу америкийн худалдааны танхим Америкийн бизнес эрхлэгчдийг дэмжих, нэгтгэх, тэдэнд тулгарч байгаа нийтлэг бэрхшээл, сорилтууд, үзэл бодлыг сонсох, ярилцах, уламжлах зэргээр ажилладаг. Энэ байгууллагын тавьсан саналыг Монгол Улсын Засгийн газар нааштай хүлээн авдаг, бид ч АмЧамыг дэмжин ажилладаг.

-Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй гаргах тухай хуулийн төсөл Сенатад ороход бэлэн гэсэн мэдээлэл байсан. Ойрын үед шийдэгдэх болов уу?

-Өнгөрсөн долоо хоногт энэ хуулийн төслийг Конгресс дахь Төлөөлөгчийн танхим болон Сенатын аль алинд нь дахин өргөн барьсан байгаа. Америкт ч бай, Монголд ч бай, аль ч орны хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа нэлээн нарийн түвэгтэй, олон шат дамжлагатай байдаг. Яг одоогийн байдлаар хэзээ, яаж шийдэгдэхийг би урьдчилан таамаглах, тодорхой хэлэх боломжгүй байна. Ямартаа ч энэ хуулийн төслийг манай хууль тогтоох байгууллагын зарим гишүүд өргөн барьсан нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулах, энэ чиглэлээр туслах хүсэл сонирхол АНУ-д байна гэдгийг харуулж байна. Энэ талаар Монгол Улсын Засгийн газар ч бидэнд байнга санал тавьж байдаг, бид ч сайн гуравдагч хөршийн хувиар та бүхнийг сонсож, эдийн засгийг төрөлжүүлэхэд бололцоотой бүхий л туслалцааг үзүүлэхийг эрмэлзэж байдаг.

Мөн АНУ-ын Конгрессоор саяхан батлагдсан “BUILD Act” буюу хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулах талаар шинэ гарсан хууль бий. Тэр талаар бас тайлбарлаж өгье.

-Ямар учиртай хууль вэ?

-Энэ оноос хэрэгжиж эхлэх хууль. Хууль хэрэгжсэнээр 60 тэрбум ам.долларыг Энэтхэг, Номхон далайн бүс нутагт хэрэгжих дэд бүтэц гэх мэт төсөлд хөрөнгө оруулах америк компаниудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулах юм. Энэ бүс нутагт Монгол Улс ч багтаж байгаа болохоор үр шимийг нь хүртэх боломжтой. 60 тэрбум долларыг нэг улсад тэр чигээр нь хөрөнгө оруулна гэж ойлгож болохгүй.

-Монгол Ардчилсан улс гэдгээрээ бахархдаг. Манайх хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай. Мөн гурав дахь хөршийн бодит дэмжлэг маш чухал байдаг. Жишээ нь, Оюу толгойн бүтээн байгуулалт шиг АНУ-ын эрх ашиг шууд туссан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх боломж байдаг уу?

-Монгол бол том, жижиг, ямар ч боломжоор дүүрэн улс. Яг одоохондоо “Оюу толгой”-гоос өөр ийм том, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг зааж хэлэхэд хэцүү юм. Энд дурдахад, “Оюу толгой” төсөл дээр АНУ хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. Мөн John Deere, General Electric болон манай бусад компаниудын тоног төхөөрөмж, машин механизмыг бүтээн байгуулалтад ашиглаж, тэд ч найдвартай чанараа харуулж, төслийн амжилтад тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа байх аа. “Оюу толгой” төсөл олж байгаа ашиг орлого, бий болгосон ажлын байр зэргээрээ Монгол Улсын хувьд чухал том төсөл. Нөгөө талаар олон улсын хөрөнгө оруулагчид монголчуудыг “Оюу толгой” шиг ийм том төслийг амжилттай хэрэгжүүлж чадах нь уу, үгүй юу гэдгийг анхааралтай ажиглан харж байна. Маш том хөрөнгө оруулалтын төсөл болохоор ярвигтай байгаа нь ойлгомжтой ч тогтвортой хэрэгжиж чадах нь уу гэдгийг харж байгаа. Монгол Улсын хувьд урт хугацааны томхон хөрөнгө оруулалт хийхэд найдвартай байж чадах эсэх нь энэ төслийн үр дүнгээр харагдана.

Хөрөнгө оруулалтын хувьд нэмж хэлэхэд, Монгол Улс Мянганы Сорилтын Сантай хоёр дахь компакт гэрээгээ байгуулсан. Улс орон бүр хоёр дахь гэрээг байгуулж чаддаггүй нь эхний компакт гэрээ маш амжилттай болсон гэдгийг харуулж байна. Энэ бүхэн бол бидний бодитойгоор бахархах ёстой зүйл. Энэ санхүүжилт бол өрийн дарамтад оруулах зээл биш, буцалтгүй тусламж. Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр тодорхой, бодит, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилготой олгож байгаа буцалтгүй тусламж юм. Хоёр дахь компакт гэрээг байгуулсан нь АНУ Монгол Улстай хамгийн нягт, ойр түншлэлийн харилцаандаа тууштай хандсан хэвээрээ байгаагийн тод жишээ юм.

-Элчин сайд ирэх бүрт асуудаг нэг асуултаа одоо тавья. Монголчууд АНУ-д визгүй зорчих боломж бий юу. 2000 онд Америкийн Элчин сайд Жон Дингер манай сонины редакц дээр ирэхэд туршлагатай сэтгүүлч Д.Ханддолгор яг ингэж асууж байсныг дөнгөж шинэ сэтгүүлч болоод байсан миний бие анх удаа маш сонирхон сонсож байсан юм. Түүнээс хойш энэ асуултыг олон удаа тавьсан байдаг юм?

-Бусад улсад визгүй зорчих асуудлыг Монгол Улсын Засгийн газар, ГХЯ дэмждэг гэдгийг би мэднэ. Монгол Улсын иргэд АНУ-д визгүй зорчих асуудал ойрын ирээдүйд ч юм уу, төдийд өдийд шийдэгдэнэ гэж миний хувьд урьдчилан хэлэх, таамаглах боломжгүй байна.

Бидний зүгээс иргэдийг хариуцлагатай аялахыг уриалдаг бөгөөд бид БНСУ-ын ЭСЯ, танай Гадаад харилцааны яамтай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг зохион байгуулж байгаа. H2 ангиллын ч бай, өөр ямар нэг ангиллын визээр Америкт зорчиж байгаа бол бид дэмжиж, баяртай байдаг. Харин тэд визнийхээ нөхцөлийг баримталж, манай улсын хууль тогтоомжийг хүндэлж зорчих нь маш чухал юм. Та бүхэн ч гэсэн гадаадын иргэдийг Монголд аялахдаа визний нөхцөлөө зөрчихгүй, хууль тогтоомжоо биелүүлж явахыг шаарддаг шиг. Энэ бол ямар ч улс орны хувьд хүсдэг зүйл байх.

-Монголчууд Америкийн Н2 буюу “түр хугацаагаар ажиллах виз” авах боломж нээгдээд жил гаруй болж байна. Энэ бол монголчуудад олгосон нэг таатай боломж, дэмжлэг гэж харж байгаа…

-H2 визний хувьд танай уншигчдад болон монгол-чуудад хэлэх зүйл байна. Америкийн Элчин сайдын яамыг төлөөлж байгаа мэтээр, H2 визний агент, төлөөлөгчийн газар хэмээн хуурамч нэр хаяг зүүсэн зарим компаниуд дуулдаж байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Яг энэ H2 визний асуудлаар тодорхой томилогдсон компани, төлөөлөгчийн газар, агент гэж байхгүй. Бид H2 визний талаарх мэдээллийг аль болох олон хүнд хүргэхийг хичээж, зөв мэдээллийг хүмүүс зохистойгоор хэрэглэн Америкт хууль ёсоор хөдөлмөр эрхлэх боломжтой байгаасай гэж хүсч байна. Манай ЭСЯ болон АНУ-ын Төрийн департамент, эсвэл Монголын Гадаад харилцааны яамны вэб сайтаас хамгийн бодит үнэн зөв мэдээллийг авах боломжтой. Түүнээс биш янз бүрийн компани, хувь хүмүүст итгэж буруу мэдээлэл авч хохирох вий гэж бид болгоомжилж байна.

-Таны намтрыг уншиж байхад гадаадын олон олонд ажилласан баялаг түүхтэй юм. Монгол Улсыг та бусдаас юугаараа онцлог, давуу талтай гэж харж байна вэ?

-Өмнө байсан улс орон бүртээ би тун сэтгэл хангалуун байдаг. Дипломатчийн ажил бол үнэхээр сайхан ажил. Энэ ажил, мэргэжилдээ би маш дуртай. Улс орон бүр өөрийн гэсэн онцлог чанаруудтай байдаг. Ярилцлагын эхэнд Монгол орны давуу талыг тодорхойлж хэлсэн гэж би бодож байна. Тухайлбал, хүн ардынх нь найрсаг, нөхөрсөг зан чанар байна. Үүнийг бид хэзээ ч дутуу үнэлэх ёсгүй, энэ бол онцгой давуу тал. Хоёрт, маш баялаг соёл, түүх, уламжлалтай улс юм. АНУ-д Монголын түүхийн талаар илүү олон ном гардаг болсон. Бүгдийг нь олж уншихыг хичээж байгаа. Мэдээж, өвөрмөц байгалийн гоо үзэсгэлэнгээрээ Монгол Улс их алдартай. Соёлын хувьд, тухайлбал хөгжмийн салбарт монголчууд олон улсад илүү танигдаж байна. Жишээ нь, “The Hu” гэдэг монгол хамтлаг дэлхий даяар нэрд гарч, АНУ-ын хөгжмийн iTunes жагсаалтын рок ангилал дотроо эхний байрыг эзэлсэн нь маш их шуугиан тарьж байна. Миний хүү “The Hu” хамтлагийг сонсох дуртай. Бас саяхан “Magnolian”, “The Colors”, “The Lemons” гээд Монголын хөгжмийн гурван хамтлаг Америкийн алдартай South by SouthWest хөгжмийн фестивальд маш амжилттай оролцоод ирсэн тухай мэдээллийг сонссон. Энэ мэт дэлхий даяараа Монголын тухай өргөн хүрээнд сонирхох зүйл их болж байна.

-Ярилцлагын эхэнд та Элойса бид Монголд ирсэндээ маш их баяртай байна гэж хэлсэн. Та гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр Элойса маань Монголд ирсэндээ маш их баяртай байгаа. Цаг хугацааг сайхан өнгөрөөж байгаа. Хамтдаа бид их олон зүйлийг мэдэж, нээж, сурч байна. Бид гурван хүүхэдтэй. Монголын “The Hu” хамтлагт дуртай хүү маань хамгийн бага нь. Филиппинд амьдардаг, бизнес хийдэг залуу бий. Нэг нь Нью-Йоркт архитекторч, нөгөө хүү маань Сан-Францискод багшилдаг. Гурван хүүхэд маань том болж, өөр өөрийн амьдралтай болсон учраас энд бид хоёртой хамт ирээгүй. Мэдээж, энд зочилж ирнэ. Бид хоёрыг хаана ч ажиллаж, амьдарч байсан хүүхдүүд маань зочилж ирдэг. Мөн бид хоёр дээр ирэх гэсэн найз нөхдийн маань нэрсийн маш урт жагсаалт үүссэн. Их олон хүн Монголд ирэх сонирхолтой байгаа.

Бидний энд хийж байгаа зүйлсийг Фэйсбүүкээс харж байгаа болохоор ирж үзэх сонирхол олон хүнд, найзуудад маань төрсөн гэсэн. Тэднийг ирэхээр Монголын гайхамшигт сайхан байгалийг үзүүлнэ. Монгол найз нөхдөө танилцуулна. Найз нөхдөө хүлээж авахдаа баяртай байгаа. Энд ирээд хийж үзэх хөгжилтэй, сонирхолтой зүйл олон бий. Ер нь Монгол бол маш Cool улс шүү. Дахин хэлэхэд, нэгэнт тогтсон бат бэх харилцаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаа ийм cool улс оронд Элчин сайдаар томилогдож ирсэн минь маш аз завшаантай хэрэг гэж боддог.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл хуралдана

Image result for МАН бүлэг

УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ. Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Хэргийн газраас “ТОЗ 8” бууг орон гэргүй иргэн авч дэлгүүрт архиар сольсон байжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI хороо, 100 айлын автобусны буудлын хойно “Нарлаг” цайны газрын хашаанд 30-40 орчим насны иргэн тархин тус газраа цус болсон ухаангүй хэвтэж байна гэх дуудлага өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн өглөө 06:20 цагийн үед нийслэлийн шуурхай удирдлагын төвд иржээ.

Бидний сурвалжлах баг хэргийн газарт очиход “Нарлаг” зоогийн газрын хашааг цагдаа нар тууз татаж хамгаалалтад авчихсан байлаа. Хажууханд нь байрлах “BSB”-ийн барилгыг ч бас хамгаалалтад авч хүн дотогш нэвтрэхийг хоригложээ. Хашааны гаднаас ажиглахад шүүхийн шинжилгээний ажилчин болох тав зургаан хүн хэргийн газарт ажиллаж талийгаачийн цогцост үзлэг хийж хэмжиж байв. Удалгүй цогцсыг авч явсан юм. Талийгаачийн хэвтэж байсан газрын дээхнэ талд “Нарлаг” цайны газрын том цагаан камер, зүүн дээд талаас нь “BSB” төвийн камер ч бичиж байв. Ямартаа ч хэргийн газар бүрэн камержсан орчин ажээ. Хашааны гадна цугласан иргэд “Хэн нэгэн буудсан бол камерын дор хэрэг үйлдэгдсэн байна, тав алхахгүй баригдах биз” гэж ярьцгааж байлаа. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн ажилчид хэргийн газарт үлдсэн ул мөр бүхнийг гярхай ажиглаж гар хурууны хээг тусгай багажаар авч, нэг нь тэмдэглэж байв. “Нарлаг” цайны газрын доор
Хэргийн газраас “ТОЗ 8” бууг орон гэргүй иргэн авч дэлгүүрт архиар сольсон байжээбайрлах нэг давхар “Ургамал сант” хүнсний дэлгүүрийг хэргийн газарт ажиллаж буй мэргэжилтнүүд анхааралтай ажиглаж нэг нь дээвэр рүү авирч үлдсэн ул мөрийг нь авч байв. Энэ нь бидэнд хэрэгтэн тус дэлгүүрийн дээгүүр гарч хойшоо зугтаасан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байсан юм.
100 айлын автобусны буудалд байрлах ТҮЦ-ний худалдагч эмэгтэйтэй ярилцлаа.
-Танай ТҮЦ 24 цагаар ажилладаг билүү. Энэ хавиар өнгөрсөн шөнө хөл хөдөлгөөн хэр байв?
-Энэ хавиар 24 цагийн турш хөл хөдөлгөөн тасардаггүй болохоор манайх амардаггүй юм. Энд тэнд согтуу галзуу хүмүүс шуугилдаж л байдаг. Харин өнгөрсөн шөнө архи зарахыг хориглосон болохоор чимээ шуугиан намжуу байсан.
-Өнгөрсөн шөнө танд хүн амьтан хоорондоо ноцолдох чимээ, буун дуу сонсогдсон уу?
-Өнгөрсөн шөнө цурам хийлгүй хоносон. Надад буун дуу сонсогдоогүй. Энэ хавиас салдаггүй хэдэн архины хамааралтай хүмүүс л хоорондоо маргалдаад чанга чанга ярьж байгаа нь сонсогдож байсан. Өглөө 06 цаг өнгөрөөд жаахан зүүрмэглэж байхад л дуут дохио хангинуулсан цагдаагийн машин ирээд л хүмүүс бужигнаж эхэлсэн. Арын хашаанд хүн нас барсан гэж хүмүүс ярьж байна лээ гэж хэлсэн юм.
Энэ хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгажээ. Хэргийн газрын ойр орчмын албан байгууллагуудын камеруудыг шүүж талийгаач нь 1958 онд онд төрсөн, 61 настай Ж гэгч болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Тэрбээр дээл өмсөж явсан гэнэ.
Хэргийн газрын үзлэгээр талийгаач духандаа сумны шархтай байсан аж. Мөн үзлэгийн явцад гараас нь сумны дарь илэрсэн учраас өөрийгөө буудсан байж болзошгүй гэх урьдчилсан таамгийг дэвшүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Шүүх шинжилгээний хүрээлэнгээс авсан мэдээллээр түүнийг үхэлд хүргэсэн зэвсгийг хэрэг гарсан газрын орчмоос олсон бөгөөд хошууг нь тайрсан ТОЗ-8 маркийн буу болохыг тогтоосон байна.
Мөрдөн шалгалтын явцад цагдаа нар талийгаачийн амиа хөнөөсөн байж болзошгүй зэвсэгтэй ижил төстэй бууг Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах найман нэрийн дэлгүүрээс олж тогтоожээ. Хэрэг үйлдсэн байж болзошгүй бууг 50 орчим насны орон гэргүй, тэнэмэл эмэгтэй үүрийн 5:00 цагийн орчимд тус дэлгүүрт авчирч шил архиар сольсон аж. Дэлгүүрээс хураасан бууг талийгаачийн ар гэрийнхэнд үзүүлж, таниулах ажиллагааг явуулжээ. Талийгаач нь тухайн бууг эцгээсээ өвлөн авсан бөгөөд авдартаа хадгалдаг байжээ.
Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Дуудлагын мөрөөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар дээр үзлэг хийж ажилласан. Одоогоор үхлийн шалтгааныг эцэслэн хэлэх боломжгүй байна. Задлан шинжилгээгээр энэ бүхэн тодорхой болно. Хэрвээ уг хэргийг харсан гэрч байгаа бол нэн яаралтай цагдаагийн байгууллагын 102 утас руу залгаж яаралтай мэдээлэл өгч ажиллагаанд туслалцаа үзүүлэхийг хүсч байна. Галт зэвсгийн хуулиар галт зэвсгийн сургалтад хамрагдсан хүн л эзэмших эрхтэй. Хадгалах, тээвэрлэж авч явах нь тусгай нарийн журам бий. Энэ хэргийг шуурхай илрүүлэхийн тулд Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, нийслэлийн цагдаагийн газар ажиллаж байна” гэж хэлсэн юм.
Талийгаач хүнд өвчний улмаас удаан хугацааны турш шаналж байгаа тухайгаа хөтөлдөг байсан тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байна. Түүнийг удаан зовоосон урхаг өвчин нь амиа хорлох шалтгаан байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ.
О.ДАШНЯМ
Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 29-нд болох үйл явдал

08.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шинжилгээ, 2019 оны төсвийн харьцуулсан тооцоо ба Ногдол ашиг” уулзалт болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-т зориулсан “МУИС-ийн Оюуны өмчийн өдөрлөг-2019” болно.

10.00 цагт АТГ-ын гадна талбайд “Босоо хөх Монгол”, Нэхүүл болон “Манан дэглэмийн эсрэр монгол түмний нэгдэл” ТББ-ууд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах жагсаал зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” болно. Утас:11325044

10.00 цагт ХААИС-д “Оюутны инновацийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан” эхэлнэ. Утас: 99287297

11.00 цагт СТО-нд Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монгол Улсын баг Японд болох ДАШТ-ий талаар мэдээлнэ.

11.00 цагт “Туушин” зочид буудалд “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийн зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 95745560, 99592669, 89111046

11.00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Зам тээврийн салбараар үйлчлүүлдэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь” сэдвээр өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 70001286

15.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд “Баярлалаа Турк орон” уран зураг, гар урлал, уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно.

16.00 цагт “Корпорейт” зочид буудалд Математикийн улсын 55 дугаар эхэлнэ. Утас: 99149253, 89152052

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас иргэдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн мэдээллийг нээлттэй болгох талаар мэдээлнэ.

11.30 цагт “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн хууль бус ажлын талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт МАХН-аас Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Ардчилсан намын гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзах талаар мэдээлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Уул уурхай зогсчихвол бид яг юугаараа амьдрах вэ, эх орончид оо хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг Өдрийн сонин”ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй Эрдэнэт үйлдвэртэй холбоотой цаг үеийн асуудлуудын талаар ярилцлаа. Энэхүү ярилцлагыг нэг, хоёр, гуравдугаар нүүрнээс унших боломжтой.

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай хийсэн ярилцлагыг 11 дүгээр нүүрэндээ нийтлэн уншигчдадаа хүргэж байна.

Энэ удаагийн “Танайд өнжье” буланд маань гар бууны төрлөөр таван удаа олимпод оролцож байсан Т.Мягмаржавынд өнжлөө. Нэг болон 12 дугаар нүүрнээс сонирхон уншаарай.

Түүнчлэн “Аяны дөрөө мултлахуй” болон “Боловсрол” нүүрнүүдийг бэлтгэн даваа гаригийн дугаартаа нийтэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг Өдрийн сонин”ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөнзавъяа” дахь сонин борлуулах цэг, ХанУулдүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн Өдрийнсонин”ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Өдрийн сонин”той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавланауу.

ӨДРИЙН СОНИНӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн ба цэцэглэн хөгжиж буй Бээжин

Уламжлалт нуман дээвэртэй дурсгалын гулдан хаалганы цаана ногоон цөөрмийн ойролцоо саарал хавтанцар дээвэр бүхий цагаан өнгөтэй байшингууд харагдана. Хашаан дотор нь нарс, хайлаас болон чавганы моддын дунд орших чулуун хүрхнээний ус намуухан урсана.

Энэ бол “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-д зориулан Хятадын зүүн нутгийн Аньхуй мужийнхны бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн юм.

Тус цэцэрлэгт хүрээлэн нь 3000 орчим хав.дөр.метр талбайг хамарч байна. Мужийнхаа өвөрмөц соёлыг олон улсын үзэгчдэд тольдон харуулахын тулд зохион бүтээгчид эртний Аньхуй мужийн тосгоны байшингуудыг хийхийг зорьжээ. Тэр ч байтгугай дурсгалын гулдан хаалгыг Мин гүрний үеийн (1368-1644) загвар хийцэд тулгуурлан хийсэн байна.

Дөрөвдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн” нь олон улсын анхаарлыг ихэд татаж, Бээжингийн аялал жуулчлалын салбарыг бүрэн цэцэглүүлэх нэгэн хөшүүрэг болж байна.

162 хоног үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь төрөл төрлийн ургамал, цэцэг, нүд хужирлам өвөрмөц хийц бүхий павильонууд болон ногоон хөгжлийн гайхалтай шинэлэг санаануудаараа дотоод болон гадаадын 16 сая үзэгчийг татна гэж зохион байгуулагчид нь тооцоолжээ.

Энэ үзэсгэлэнд 100 гаруй улс болон олон улсын байгууллага албан ёсоор оролцож байгаа бол 120 гаруй аж ахуйн нэгж сайн дураараа оролцож байна. Өөрөөр хэлбэл, “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн” нь энэ төрлийн үзэсгэлэнгийн түүхэн дэх хамгийн олон оролцогчтой үзэсгэлэн болж байна.

Хятад улсын нийслэл хотын хойд захад харьяалагдах Яньцин дүүрэг дэх Цагаан хэрэмийн бэлд 503 га талбайг хамарсан энэ үзэсгэлэнд оролцогчид нь цэцэрлэгжүүлэх урлагийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, шинэлэг санаануудыг дэлгэн харуулж байна.

Уг үзэсгэлэнгийн үеэр парад, цэцэрлэгжүүлэлтийн тэмцээн наадам зэрэг нийтдээ 2500 гаруй соёлын арга хэмжээг зохион байгуулах юм.

Мөн оролцогч улс орнууд өөрсдийн өвөрмөц соёлыг сурталчлах зорилгоор тусгай арга хэмжээнүүд зохион байгуулах “үндэсний өдөр”-ийг сонгон аваад байна.

Хятад улс хоёр дахь удаагаа ийм өндөр түвшний цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн зохион байгуулж буй нь энэ юм. Үүнээс өмнө 1999 онд Хятадын баруун өмнөд нутгийн Куньмин хотод ийм өргөн цар хүрээг хамарсан үзэсгэлэнг зохион байгуулж байсан билээ.

Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнд зориулан замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор авто замын долоон том төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Шинээр баригдсан авто замууд нь энэ үзэсгэлэн болж буй газар руу чиглэсэн хуучин замуудын ачааллыг багасгаад зогсохгүй хөрш зэргэлдээх дүүргүүдийн хөгжил цэцэглэлт болон аялал жуулчлалын салбарт ихээхэн хувь нэмэр оруулна гэж Бээжингийн Тээврийн газрын мэргэжилтнүүд үзэж байна.

Хятадын 25 компани, тэдгээрийн дотор иргэний агаарын тээврийн “Эйр Чайна” болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Чайна Монмиүк Дээри” компани энэхүү үзэсгэлэнг 1 тэрбум орчим юань буюу 149 сая ам.доллароор ивээн тэтгэж байна. Хятадад урьд өмнө нь үүнтэй ижил төстэй арга хэмжээнүүдийг зохион байгуулахад үүн шиг их хэмжээний мөнгөөр ивээн тэтгэж байсан тохиолдол байхгүй юм.

Дээрх компаниуд нь уг үзэсгэлэнг зөвхөн мөнгө санхүүгээр ивээн тэтгээд зогсохгүй үзэсгэлэнд оролцогчдод өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон технологиороо үйлчилж байна.

Мөн 2000 орчим сайн дурын ажилтан үзэсгэлэнд оролцогчид болон үзэсгэлэнг үзэж сонирхож буй хүмүүст тусалж байна. Сайн дурынхны олонх нь урьд өмнө нь томоохон арга хэмжээнүүдийн үеэр ажиллаж байсан туршлагатай бөгөөд бүгд англи хэлээр чөлөөтэй ярьдаг хүмүүс байна. Мөн тэдний зарим нь франц, герман болон испаниар сайн ярьдаг аж.

НҮД ХУЖИРЛАМ ПАВИЛЬОНУУД

Эд баялаг болоод эрх мэдлийн бэлгэдэл гэгддэг Хятадын уламжлалт гоёл чимэглэлийн зүйл болох очирт таягийн хэлбэр бүхий Хятадын павильон энэ үзэсгэлэнгийн яг төв цэгт оршино.

Уг үзэсгэлэнгийн дөрвөн гол павильоны нэг болох тус павильонд зочилсноор Хятадын өнцөг булан бүрээс авчирсан олон янзын ургамлын төрөл зүйл болон Хятадын цэцэрлэгт хүрээлэн хийх уламжлалт арга барил, цэцэрлэгжүүлэлтийн түүх соёлтой танилцах боломжтой.

Бусад үндсэн павильоны гоёмсог хийц ч хүмүүсийн нүдийг хужирлана. Тухайлбал, цэцгэн хэлбэр бүхий шүхрэн дээвэртэй 94 баганат павильон болоод эрвээхий хэлбэрт, олон өнгөт Гуйруй театр нь гоёмсог хийцээрээ бусдаас ялгарч харагдана.

Хятадын 31 мужаас гадна Хонконг, Макао болон Тайвань зэрэг засаг захиргааны тусгай бүсүүд өөрсдийн соёл, өвөрмөц онцлогийг харуулсан цэцэрлэгт хүрээлэн хийжээ. Тухайлбал, Сычуань муж аварга том хулсны баавгайн дүрс бүхий цэцэрлэгт хүрээлэн, Ганьсу муж алдарт Могао агуй буюу Мянган бурхны агуйтай адил загвартай цэцэрлэгт хүрээлэн хийсэн бол Түвдийн Өөртөө Засах Орон эртний түвд тосгоныг мод, ургамал, цэцгээр урлан хийсэн байна.

Хятадын баруун өмнөд нутгийн аялал жуулчлалын муж Юньнанийн цэцэрлэгт хүрээлэн нь 3000 орчим хав.дөр.метр талбайг хамрах бөгөөд маш чамин хийцтэй аж. Тус цэцэрлэгт хүрээлэнд Юньнанийн олон алдартай газрыг, тухайлбал энэ мужийн нутгийн хойд хэсэгт орших эртний “Цайны морин зам”, аялал жуулчлалын Дали хот дахь уламжлалт загвар хийц бүхий байшин барилгууд болон алдарт Пуэр цай үйлдвэрлэх үйл явцыг дүрслэн харуулсан хүрэл хөшөөдийг урласан байна.

Олон улсын оролцогчдын урлан бүтээсэн, өөр өөрсдийн улсын өвөрмөц соёл болон түүхийг шингээсэн 40 гаруй цэцэрлэгт хүрээлэн болон павильон ч хэн бүхний анхаарлыг татаж байна.

“Манай улс энэ үзэсгэлэнд дун хэлбэртэй павильоноор оролцож байна. Энэ нь манай улсын хөгжил цэцэглэлт, инновацийг эрчимжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм” гэж Азербайжаны павильоны захирал Нармин Жарчалова ярив.

Азербайжаны “уугуул” ургамал, цэцэгсээс гадна тус улсын үндэсний хоол, гараар урласан хивс болон үзэсгэлэнт газруудынх нь зураг павильонд байна. Мөн энэ модон павильонд зочилсноор Азербайжаны соёлын талаарх баримтат кинонуудыг үзэх боломжтой.

“Улс орны хөгжил цэцэглэлт эрчимжиж, газар нутаг үржил шимтэй байхын бэлгэдэл” болгон анар жимсний модыг павильон дотор мөн тарьсан гэж Н.Жарчалова ярилаа.

Харин модоор хүрээлэгдсэн, хулсан хашаа, төрөл төрлийн цэцэг, чихэнд чимэгтэйгээр намуухан урсах хүрхрээнүүдтэй, байгалийн хад чулуугаар гоёмсог чимэглэсэн цэцэрлэгт хүрээлэн бол Японых.

“Япончууд цэцэрлэгт хүрээлэн хийхдээ хүмүүст яг л байгальд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхийн тулд хашаа, уул ус, ургамал, цэцэг гээд бүх юмыг төгс зохицуулахыг эрмэлздэг” гэж “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-д оролцож буй Японы талыг хариуцагч Такахаши Нарүки хэлээд “Бидний хийсэн цэцэрлэгт хүрээлэн болон павильоноос та бүхэн япончуудын уламжлалт ногоон амьдралын хэв маягийг нүдээр үзэж харах боломжтой” гэлээ.

Энэ үзэсгэлэнгийн бүх павильон, цэцэрлэгт хүрээлэн нь зочдын сэтгэлийг татах өөр өөрийн гэсэн онцлогтой байна.

“Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн нь оролцогч улс орнуудад өөрсдийн өвөрмөц соёл, ёс заншлыг дэлхий дахинд сурталчлан таниулах нэгэн платформ болж байна. Мөн энэ үзэсгэлэн нь цэцэрлэгжүүлэлт болон хөдөө аж ахуйн салбарт цаашид хамтран ажиллах боломжуудыг улс орнуудад нээж өгч буйгаараа онцлогтой” гэж “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-г зохион байгуулах хорооны ажилтан Зяо Юйтун хэлэв.

УРГАМАЛ, ЦЭЦЭГСИЙН ВАНТ УЛС

3000 хав.дөр.метр талбайг хамарсан, 20 метр өндөр хүлэмжид улаан зандан мод, инжир жимсний мод тэргүүтэй маш ховор төрлийн мод ургамал ургаж байна.

“Ургамлын павильон нь энэ үзэсгэлэнгийн хамгийн том павильонуудын нэг. 1000 орчим ургамлын төрөл зүйл, тэдгээрийн дотор 100 гаруй маш ховор ургамал энд бий” гэж тус павильоны техникийн менежер Фу Жунрэнь ярилаа.

Энэ павильоны дээвэр дээр өнгө өнгийн, анхилам үнэртэй цэцэгс бүхий цэцэрлэгт хүрээлэн болон ургамлын геномын дарааллын салбарт гарсан хамгийн сүүлийн үеийн ололт амжилтын талаар зочдод бүрэн мэдээлэл өгөх ургамлын генетикийн лаборатори байна.

“Ургамлын павильоноор зочилсноор “ургамал зүйн гайхамшигт вант улс”-д очсон юм шиг мэдрэмжийг хүмүүс авч чадах нь гарцаагүй” гэж Фу Жунрэнь ярив.

“Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн зохион байгуулах хорооны орлогч захирал Жоу Зяньпиний хэлснээр, энэ үзэсгэлэнг зорьсноор дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан цэцэг, жимс, хүнсний ногоо болон ургамлын томоохон цуглуулгыг үзэж сонирхох боломж хэн бүхэнд байна. Тухайлбал, Хятадын “уугуул” цээнэ, бадамлянхуа, цахирмаа болон камели зэрэг 1200 гаруй төрөл зүйлийн цэцэг нэг дор байна.

Мөн гадаад улс орнуудаас авчирсан 40 гаруй шинэ төрөл зүйлийн цэцэгтэй танилцах боломжтой ажээ.

Аньхуй мужийн цэцэрлэгт хүрээлэнд л гэхэд 300 гаруй төрөл зүйлийн ургамал, цэцэг бий бөгөөд үүний 200 гаруй нь зөвхөн энэ мужаас гаралтай аж.

“Манай Аньхуй мужийн цэцэрлэгт хүрээлэнд ургамал, цэцэгсийн маш ховор төрөл зүйлс бий. Бид эдгээр ургамал, цэцгийг арчилж тордохын төлөө чадах бүхнээ хийж байна” гэж тус цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий дизайнер Ван Инь хэлэв.

Энэ үзэсгэлэнд тавьж, зочдод харуулахын тулд зарим ховор модыг Хятадын бусад нутгаас үзэсгэлэн болж буй газарт шилжүүлэн авчирч суулгасан гэнэ. Жишээлбэл, 100 жилийн настай уд модыг Түвдээс, 3 метр өндөр нарс модыг Хятадын баруун хойд нутгийн Циньлин уулнаас авчирсан байна.

Улсынх нь төвийн бүс нутагт түгээмэл харагддаг байшингуудтай ижил загвартай Таиландын павильоныг маш олон төрөл зүйлийн цэцэг, хүнсний ногоо, эмийн ургамал болон жимсний мод хүрээлжээ. Тус павильон нь “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн явцад манго, лонган, дуриан, мангостан зэрэг жимс, цахирмаа болон бусад савтай цэцгээр ээлжлэн үзэсгэлэн гаргаж байх аж.

Хүн төрөлхтөнд мод ургамал ямар чухал болохыг Бээжингийн энэ үзэсгэлэнгээс маш олон хүн харж ойлгож, улмаар ногоон амьдралын хэв маягийг баримтална гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна гэж Олон улсын цэцэрлэгт хүрээлэн зохион бүтээгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Тим Бриерклифф хэллээ.

НОГООН ҮЗЭСГЭЛЭН

Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн нь “Ногоон амьдрал, илүү сайхан амьдрал” сэдвийн дор болж буй бөгөөд үзэсгэлэнгийн цэцэрлэгт хүрээлэнгүүд болон павильонууд сэдэвтэйгээ бүрэн зохицсон байна.

Хятадын павильоныггазарт “шигтгэсэн”мэт бүтэцтэйгээр хийжээ. Хятадын павильоны үзэсгэлэнгийн танхимуудын дийлэнхийг нь хүний гараар бүтээсэн шат мэт зүлэг ногоон талбайнуудад “шигтгэн хийсэн” бөгөөд эдгээр танхим нь дулаан болон чийгшлийг сайн хадгална гэж Хятадын архитектурын зураг төсөл ба судалгааны группын мэргэжилтэн Зин Цюань ярив.

Тус павильоны үзэсгэлэнгийн танхимууд нь дээвэр дээрээ борооны ус цуглуулах системтэй, газар доор ус хадгалах цөөрөмтэй бөгөөд эдгээрт хуримтлагдсан усыг мод, зүлэг услахад ашиглана гэж Зин Цюань ярихын сацуу “Нарны эрчим хүчийг ашиглахын тулд дээвэр дээр мөн 1000 гаруй фотовольтын шилэн хавтан суулгасан” гэлээ.

Тэрбээр мөн “Эрчим хүч хэмнэх ухаалаг шийдэл бүхий Хятадын павильоныг Хятадын уран барилга барих уламжлалт арга ухаанд тулгуурлан хийсэн” гэв.

Энэ олон улсын үзэсгэлэнгийн талбайг засахдаа тухайн орчинд байсан 50 мянган модыг огтхон ч хөндөж гэмтээгээгүй байна. Мөн тус намгархаг газрын нөхцөл байдлыг сайжруулж, усыг нь цэвэршүүлж, нүүдлийн шувуудад таатай орчин бүрдүүлэхийн туд 100 мянга гаруй мод, бутыг нэмж тарьжээ.

Түүнчлэн энэ үзэсгэлэнгийн нэгэн гол павильон гэгдэж буй “Амьдрах орчин бүхий цэцэрлэгжүүлэлтийн павильон”-д хүрэх зам дахь 15 метр өндөр моддыг хамгаалахын тулд зохион бүтээгчид зураг төсөлдөө хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан аж.

“Моддыг хамгаалахын тулд бид зардал мөнгийг үл хайхран чадах бүхнээ хийсэн. Байгаль экологийн асуудлыг нэгдүгээрт тавих нь зүй ёсны асуудал шүү дээ” гэж тус павильоны загвар зохион бүтээгч Жэн Шивэй ярив.

Барилгын ажлын явцад гарсан чулуу, шороо, шавар зэрэг хог хаягдлыг хана, зам болон 25 метр өндөр толгод хийхэд ашигласан бөгөөд энэ толгод дээр гарснаар хүмүүс үзэсгэлэнгийн талбайг бүхэлд нь тольдон харж болно гэж тэрбээр ярьсан юм.

100 гаруй төрөл зүйлийн ургамал, шувуу болон шавьж бүхий Гуйхэ голын ойн цогцолбор нь “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн талбайн зэргэлдээ оршино. Эдгээр ургамал, амьтны төрөл зүйлд саад болохгүйн тулд үзэсгэлэнгийн талбай болон тус цогцолборыг тусгаарласан бүс байгуулсан байна.

“Жуулчид энэ үзэсгэлэнг үзэхийн зэрэгцээ хажууханд буй Гуйхэ голын ойн цогцолбороор ч зочлох боломжтой” гэж “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн зохион байгуулах хорооны ажилтан Чэн Гуаньхуа хэлэв.

Мөн үзэсгэлэн зохион байгуулах хорооны ажилтан Жоу Зяньпин хэлэхдээ “Бид энэ үзэсэлэнгийн төлөвлөлт, зураг төсөл болон барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ экологид ээлтэй байх зарчмыг чухалчлаад зогсохгүй үзэсгэлэн дэлгэгдэж буй талбайг цаашид ч “ногоон” байлгахад ихээхэн санаа тавьсан. Тухайлбал, энэ талбайд зөвхөн цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглуулахаар болсон” гэв.

“Бээжингийн олон улсын үзэсгэлэн нь илүү сайхан амьдрахын тулд мод ургамал тарих, хүрээлэн буй орчноо байгаль орчинд ээлтэйгээр хэрхэн тохижуулж болох шинэлэг санаануудыг дэлхий дахинд өгч байна. Энэ үзэсгэлэн нь “ногоон амьдрал”-ын гайхамшигт үлгэр дууриал болно гэдэгт бид бүхэн итгэл төгс байна” гэж Олон улсын цэцэрлэгт хүрээлэн зохион бүтээгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Тим Бриерклифф мөн онцлон тэмдэглэсэн байна.

Бээжин хотын Яньцин дүүрэгт болж буй “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн талбай дахь Хятадын павильоны зураг. 2019 оны 3 дугаар сарын 26-нд агаараас авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Жан Чэньлин)


Бээжин хотын Яньцин дүүрэгт болж буй“Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн талбай дахь Олон улсын павильоны дээвэр дээгүүр нэгэн ажилтан алхаж буй нь. 2019 оны 3 дугаар сарын 26-нд агаараас авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Жан Хаофу)


Бээжин хотын Яньцин дүүрэгт болж буй“Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн талбай дахь Олон улсын павильоны дээвэр дээгүүр нэгэн ажилтан алхаж буй нь. 2019 оны 3 дугаар сарын 26-нд агаараас авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Жан Хаофу)


“Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн нийт талбайн ерөнхий харагдах байдал. 2019 оны 3 дугаар сарын 26-нд агаараас авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ван Зяньхуа)


Бээжин хотын Яньцин дүүрэгт болж буй “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн талбай дахь Хятадын павильон болон Юннины павильон. 2019 оны 3 дугаар сарын 26-нд агаараас авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Зинь Лянкуай)


Бээжин хотын Яньцин дүүрэгт болж буй “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн талбай дахь Хятадын павильоны шөнийн үзэмж. 2019 оны 3 дугаар сарын 26-нд агаараас авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Жан Чэньлин)


Бээжин хотын Яньцин дүүрэгт болж буй “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн талбай дахь Хятадын павильон болон эрвээхий хэлбэрт Гуйруй театрын шөнийн үзэмж. 2019 оны 3 дугаар сарын 26-нд агаараас авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ван Зяньхуа)


Бээжин хотын Яньцин дүүрэгт болж буй “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн”-гийн талбай дахь Гуйруй театрын зураг. 2019 оны 3 дугаар сарын 26-нд агаараас авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Жу Хуаньзун)





Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгад Хэбэй мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга Ван Дуфен бараалхав

БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ын Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очлоо.

Энэ үеэр Хэбэй мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга Ван Дуфен Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хэбэй мужийн нийт 75 сая ард түмний өмнөөс орон нутагт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Ноён Ван Дуфены хэлснээр Монгол Улсын 22 аж ахуйн нэгж тус мужийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 онд гэхэд Монголын хоёр компани 84 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан нь цаашид эдийн засгийн болон бусад харилцаа өргөжих үндэс суурь хэмээн харж буйгаа илэрхийлсэн юм.

image

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн харилцааг өргөжүүлэх өргөн боломж байгаа талаар дурдаж, Хэбэй мужийн Таншань хотыг зорин ирсэн нь Цаофэйдянь далайн боомтын үйл ажиллагаа болоод цаашдын хамтын ажиллагаатай уялдаатай болохыг цохон тэмдэглэв. Мөн Төрийн тэргүүн 70 улсын 110 гаруй боомттой холбогддог энэ боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд гаргах сонирхолтой байгаа талаараа, ирэх тавдугаар сард багтаан туршилтын тээвэр явуулах гэж буй гэдгээ хэлж, энэ асуудлын хүрээнд ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

101, 102, 103 дугаараас иргэд рүү дуудлага хийх боломжтой болжээ

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101, 102, 103 дугаараас иргэд рүү дуудлага хийх боломжтой болсон байна.

Тус төв яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнтэй эргэж холбогдох зорилгоор 2011 оноос үүрэн холбооны оператор компанийн сүлжээндээ үнэгүй ярьдаг дугааруудыг ашиглаж эхэлжээ. Тус дугаарууд нь энгийн гар утасны дугаар тул иргэд рүү мэдээлэл авах зорилгоор залгахад үл итгэж, мэдээллээ өгөхгүй байх тохиолдлууд гардаг байсан аж.

Иймд тус дугааруудаас дуудлага хийхэд иргэдийн утсанд тусгай дугаар /101, 102, 103/ болж харагдуулах боломжийг судлаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны дөрвөн оператор компанитай таван удаа уулзалт зохион байгуулан, судалгаа, шинжилгээ, туршилтуудыг хамтран хийсний дүнд 101, 102, 103 дугаараас иргэд рүү дуудлага хийх боломжтой болжээ.