Categories
гадаад мэдээ

Японы визний 78 хувийг хятадууд авжээ


Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Элчин сайдын яам болон Консулын газрууд өнгөрсөн онд гадаадын 6.95 сая гаруй иргэнд виз олгосон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 19 хувиар өссөн үзүүлэлт аж.

Японы виз авсан хүмүүсийн 5.44 сая буюу 78 хувийг Хятадын иргэд эзэлжээ. Түүнчлэн Филлиппиний нийт 347800 иргэнд, Вьетнамын 286900 иргэнд виз олгосон байна.

Ирэх онд Токиогийн олимп болон паралимпын наадам болох гэж байгаатай холбоотойгоор гадаадын иргэдэд олгох визийн тоо улам өсөх хандлагатай байгааг Японы Гадаад хэргийн яамны ажилтнууд дурджээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Б.Дэлгэрмаа эх орондоо ирнэ

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд М.Л.Богданов Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад хэргийн дэд сайд М.Л.Богданов Элчин сайд Б.Дэлгэрмааг хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, агуулгаар баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-д ажиллах хугацаанд Гадаад хэргийн яамны удирдлага болон холбогдох газруудын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархахын зэрэгцээ хоёр орны харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв

Categories
мэдээ улс-төр

АН: 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцоно

Image result for Ардчилсан нам

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаан өчигдөр болсон байна. Хурлаар УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хэлэлцэн, оролцох шийдвэр гаргажээ. АН нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ ҮБХ-ны хурлаараа ийнхүү баталгаажуулсан байна. АН-аас нэр дэвшигч нөхөн сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрөөрөө оролцоно. 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль VI дугаар сарын 30-нд явагдана.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурал 14 цагаас ​хуралдана

Image result for МАН

МАН-ын Бага хурал өнөөдөр 14 цагаас хуралдана. Бага хурлаараа Хэнтийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг шийднэ. МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн пүрэв гаригт хуралдан, Бага хурлынхаа товыг тогтоосон юм.

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Уны ОХУ дахь айлчлалын тухай баримтат кино гарчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар тус улсын Алс Дорнодын Владивосток хотноо хийсэн айлчлалын талаарх баримтат кино БНАСАУ-ын төв телевизээр гарчээ. Ням гарагийн орой Солонгосын төв телевизээр гарсан 50 минутийн баримтат кинонд хоёр орны бат бөх харилцааг онцолсон байна.

“Ким Жөн Уны ОХУ-д хийсэн айлчлал нь нөхцөл байдал өөрчлөгдөж буй шинэ эриний хэрэгцээ шаардлагад нийцэж, уламжлалт, нөхөрлөлийн харилцааг бэхжүүлэх түүхэн арга хэмжээ боллоо. Энэхүү уулзалт нь БНАСАУ, ОХУ-ын эв санааны нэгдлийн түүхэнд үргэлжид гэрэлтэх болно” гэж баримтат кинонд тэмдэглэжээ.

Уг кинонд хоёр орны удирдагчийн дөрвөн цаг орчим үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх чухал асуудлуудын нэг болох цөмийн зэвсгийн тухай огт дурдаагүй байна.

“KCNA” агентлагийн мэдээлснээр, Солонгосын хойгт энх тайван, аюулгүй байдлыг цогцлоох нь Вашингтоны цаашдын хандлагаас бүрэн хамаарна гэдгийг Ким Жөн Ун В.Путинтэй уулзах үеэрээ цохон тэмдэглэсэн ажээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг: АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын бүлэг АТГ-ын даргад З.Дашдавааг томилох асуудлыг хэлэлцэж байна

МАН-ын бүлэг хуралдаж байна. Уг хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох гэсэн ганц асуудал хэлэлцэх аж. АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нарыг томилохоор намын удирдлагын зүгээс санал болгосон бөгөөд АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх үндэслэлээ бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж байгаа юм байна.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаа бол, дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь ШШГЕГ-ын дэд даргаар ажилладаг. МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс ч эдгээр нэр дэвшигчдийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалыг шүүх хурал завсарлалаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.04.29/ 09.40 цагийн орчимд эхлээд байсан ч удалгүй завсарлажээ. Хүсэлт шийдвэрлэхээр болж, шүүх хуралдааныг завсарлуулсан байна. 12:00 цагаас шүүх хурал үргэлжилнэ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Зам тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн онд хүн амины ноцтой хэрэг гарч, тус яамны ажилтан Т.Гомбосүрэн амь насаа алдсан. Энэ хэргийг тус яамны газрын дарга асан Б.Махбалд үйлдсэн бөгөөд хэрэг гарсан цагаас хойш хорьсон юм. Үүнээс хойш энэ хэргийг шүүх хурал өмнө нь гурван удаа зарлагдсан ч тэр бүрт хойшилж байв.

Categories
мэдээ нийгэм

Сонсголонгийн гүүрэн дээр гарсан ослын улмаас 7 хүн бэртжээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 27-нд 17.30 минутанд ХУД-ийн дүүргийн нутаг Сонсголонгийн гүүрний замд “Sinotruk” маркийн автомашины жолооч нь “H.Starex”, “T.Pruis”, “T.Ractis” зэрэг маркийн 5 автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтсэн ноцтой осол гарчээ. Ослын улмаас 7 хүн гэмтсэн бөгөөд ГССҮТ-д үзлэг хийлгэхэд хөнгөн, зөөлөн эдийн гэмтэлтэй гарцгаасан байна. Ослын улмаас азаар хүнд гэмтсэн тохиолдол гараагүй ч ихээхэн хэмжээний эд материалын хохиролтой осол байна. Мөн урьдчилсан мэдүүлгээр тухайн “Sinotruk” маркын автомашины тормос ажиллагаагүй болсон гэсэн мэдүүлэг өгсөн ч техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй шалгалтын ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Амрах цагаар хомс аврах ангийнхан

Нийслэлийн иргэдийн аюулгүй амгалан аж төрөх нөхцөлийг хангаж ажилладаг нийслэлийн Аврах анги 105-аас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ.

1969 онд “Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба” нэртэйгээр байгуулагдаж байсан энэ анги өнөө жил 50 жилийн ойтойгоо золгож байгаа гэнэ.

Өглөөний 10 цагийн үед очиход захирагч Ш.Мэндсайхан ангийнхаа үүдэнд албан хаагч нартайгаа өдрийн ажил хэргийн талаар ярилцаад зогсож байлаа. “Өчигдөр Хийморийн овоонд гал гарч албан хаагчид маань шөнийн 2 цаг хүртэл ажилласан. Амарч амжаагүй л байна” гэж хөөрөлдсөөр аврагчдын нэг өдөртэй танилцах аялал маань эхэлсэн юм. Ангийн урд талын жагсаалын талбайд албан хаагчид дүрэмт хувцастайгаа бэлтгэлээ хийж байлаа. Тэд хоёр долоо хоногийн өмнө Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан жагсаалын үзүүлэх тоглолтод тэргүүн байр эзэлжээ.

Анги руу ороход алт мөнгөн цомнуудыг өрөөд тавьчихсан Алдарын танхим нүдэнд туслаа. Энэ ангийн аврагчдаас спортын алдартнууд олон байдаг юм байна. Аврагчдын дунд зохион байгуулагддаг жагсаалын болон сагс, волейболын тэмцээнүүдэд эдний хамт олон гол төлөв манлайлдаг юм билээ. Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Өлзийсайханы Батзул энэ ангийн албан хаагч ажээ. Мөн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат Аврах анги 105-д алба хааж байсан гэнэ.

Энэ анги 80 гаруй аврагчтай юм байна. Нэг ээлжинд хоёр бүлгийн 16 албан хаагч, нэг аврах ажиллагаанд найман аврагч ажилладаг гэнэ. Хаврын улиралд гал түймрийн дуудлага нэмэгддэг. “Түймрийн дуудлагад шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллана. Өчигдөр л гэхэд Богд ууланд гал гарч бид шөнийн 2 цаг хүртэл ажиллаад цурманд оруулсан” гэж энэ өдрийн ээлжийн ахлагч Баярмагнай ярьсан юм.

“Дээхнэ үед бид нисдэг тэрэгтэй нийслэлийн дээгүүр эргэлдээд түймэр гарч байвал шүхрээр буугаад газар авахуулалгүй унтраачихдаг байсан. Тэр арга барилыг одоо хэрэгжүүлбэл зүгээр юм шиг санагддаг” гэж 23 жил аврагчаар ажиллаж буй ахлах ахлагч Б.Үнэнбүрэн ярилаа. “Хаврын улиралд өндрийн дуудлага их ирнэ. Манайхан сав л хийвэл өндрөөс үсэрчих гээд байдаг болсон. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд найз залуу маань саллаа, найз охин маань хаяад явчихлаа, амьдрах хүсэл алга гээд байшин дээр гараад зогсчихдог нь хэцүү. Тэднийг тайвшруулах гэж юм юм л болно” гэж яриагаа үргэлжлүүлэв. Үнэнбүрэн ахтай ийн ярилцах зуур түгшүүрийн дохио хангинах нь тэр. Нарантуул захын ард Цагаан хуарангийн нэгэн байрнаас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага иржээ. Нэг ээлжийн найман аврагч эмчийн хамт нүд ирмэхийн зуурт л шаардлагатай тоног төхөөрөмжөө старекс маркийн хоёр машинд хуваан ачиж дуут дохио хангинуулсаар Цагаан хуарангийн зүг хөдлөв. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар онцгойгийн машинд хүндрэл учруулдаг юм билээ. 10 орчим минутын хугацаанд яваад очиход бага насны хоёр хүүхэд таван давхрын цонхоор цээжин биеэ гаргачихсан тонголзож байсан юм. Гэрт нь ороход ээж нь бололтой 30 насны эмэгтэй унтаж байв. Ямартаа ч хүүхдүүдийг болзошгүй аюулаас аварч чадлаа.

АВРАХ АЖИЛЛАГААНД ЕСИЙН ТОС Ч ХЭРЭГ БОЛДОГ

Аврах 105 дугаар ангид ахуйн хүрээний ослын дуудлага их ирнэ. Ядам хуруун дахь бөгжөө авч чадахаа больсон эмэгтэй арга ядаад аврагчдад ханджээ. Хурууных нь арьс нь зулгараад яс нь гараад ирчихсэн эмэгтэйн хурууг есийн тосоор тослож гацсан бөгжийг нь хялбархан гаргаад өгчих нь лээ. Аврагчдын нэг төрлийн багаж нь есийн тос юм байна. Халуун паарны завсраар гараа хийгээд гацчихсан хүүгийн гарыг өнөөх л есийн тосоор тосолж байгаад гаргачихсан талаар хоорондоо ярилцана лээ.

Аврагчдад янз бүрийн л дуудлага ирнэ. Угаалгын машины сэгсрэгчид хүүхэд ороод гацчихлаа, согтуу хүн бие засах газрын нүхэнд уначихлаа, лифтэнд гацлаа, толгойдоо 10-ын бедон углаад авч чадахгүй байна гэх мэтийн дуудлагууд ар араасаа л ирнэ. Дунд ангийн хүүхэд худагруу усанд явж байхдаа усны бедоноо толгойдоо углачихсан байгаа юм. Эрүүнд нь тээглээд өнөөх нь гардаггүй. Толгойг нь есийн тосоороо тосолж байгаад л гаргаад авсан даа гэж аврагч нар ярьж байлаа.

Хаалга үүд онгойлгох дуудлага тасардаггүй гэнэ. Онгойлгоод ороход аврагчдыг янз бүрийн орчин угтдаг байна. Эхнэрийнх нь дуудлагаар хаалыг нь онгойлгож өгөхөд нөхөр нь өөр эмэгтэйтэй орон дотор хэвтэж байх нь энүүхэнд. Ийм байдалд ороход гэр бүлийн хүн нь гарт тааралдсанаараа л шиднэ. Энэ бүхэн нь аврагчдад хүндрэл учруулдаг байна.

Аврагчдад хөгтэй явдал олон тохиолдоно. “Гавтай нэг цагдаа өндөр шар нөхрийн гараас хөтлөөд ороод ирдэг юм. Бид гайхаад л. Асуусан чинь гавныхаа түлхүүрийг олохоо больчихоод явсан нь тэр юм билээ. Өнөөх нь гараа чангаагаад гав нь чангарчихсан. Бид цаг шахам ноцолдож байж л тайлж билээ гэж аврагчид ярилаа.

Зуны улиралд хүмүүс усанд их осолддог. Усанд осолдсон хүнийг хайж олох нь аврагчдын хувьд хүнд ажил. Хайх явцад иргэд хүндрэл учруулдаг байна. Усанд осолдсон иргэдийн ар гэрийнхэн лам, бөө нарыг ослын газарт аваад ирдэг гэнэ. Өнөө хэд нь “Ийшээ шумба, төд орчим метрийн гүнд тийм хувцастай хүн хэвтэж байна” гэх зэргээр “даалгавар” өгч ажилд нь хүндрэл учруулдаг байна.

Ахлах ахлагч М.Мөнхмандах “Аврагч хүн мэргэжил. Сэтгэл зүй дээд зэргээр бэлтгэгдсэн байх ёстой. Цусаар будагдчихсан газар л ажиллах энүүхэнд. Манайхан соёлд суралцах хэрэгтэй байгаа юм. Хөдөө орон нутгийн замд гарч буй ослуудаас гэр бүлээрээ амь эрсдэх тохиолдол элбэг. Гадны оронд нэг машинд гэр бүлээрээ, олуулаа зорчдоггүй. Ийм соёл бидэнд хэрэгтэй байна. Манайхан чинь гэр бүлээрээ бүгдээрээ чихэж яваад л авто осолд ороод голомтоороо мөнх бусыг үзүүлж байна шүү дээ. Харамсмаар” гэв.


Энэ өдрийн ээлжинд 21-48 насны 16 аврагч үүрэг гүйцэтгэж байсан юм. Бид дэд ахлагч Б.Чингистэй ярилцлаа. Тэрбээр 21 настай тэрбээр аврагчаар ажиллаад жил болж байгаа гэнэ.


-Аврагч мэргэжлийг яагаад сонгов. ажилд ороод анх ямар даалгавар гүйцэтгэж байв?

-Миний аав, ээж зам тээврийн осолд орж амиа алдацгаасан юм. Ослын газар аврагч нар очиж осолд орсон иргэдэд анхны тусламж үзүүлж байгааг нь хараад л энэ мэргэжилд татагдсан даа. Ард нийтийн амар амгалангийн төлөө ажиллаж, нэг ч гэсэн хүний амь аварч гэр бүлийг нь бүтэн бүлээн уур амьсгалтай байлгах юмсан гэж боддог. Би 2016 онд Хууль сахиулахын их сургуулийн ахлагчийн сургуулийг төгссөн.

-Анхны аврах ажиллагааныхаа талаар ярихгүй юу?

-Айдастай гүйцэтгэж байсан шүү. Ажилдаа ирээд л сууж байсан чинь дохио хангинаад л бужигнаад явчихсан. Би ч сандраад хар хөлс цувчихсан амьтан нурангид дарагдсан газар очиж байлаа. Хоёр ч хүнийг мэнд гаргаад ирэхэд нь албаны ах нараараа их бахархсан шүү. Надад их нөмөр болно. Над шиг залуу аврагчдыг хүн амьтан өнгөрсөн газар луу оруулахгүй. Ер нь иймэрхүү юм болдог юм гэдгийг анзаарчих л гэнэ. Сүүлд бодоход миний сэтгэл зүйг бэлтгэж байгаа нь тэр билээ. Дараа нь өндрийн дуудлагад явахад харьцангүй туршлагатай, айдас арилчихсан байсан даа. Өндрөөс үсрэх гэж байсан залуугийн амь аварчихаад буцаж явах ч мөн сайхан мэдрэмж төрж билээ.

-Ямар зорилготой энэ ажилд орж ирсэн бол?

-Сурах юм их байна аа надад. Ур чадвартай аврагч болж олон хүний амь аврах сан гэсэн зорилготой энэ ангийн босгоор алхаж байлаа. Өдөр өдрөөр ур чадвараа ахиулаад л явж байна. Нийслэлийн иргэдийн амар амгалангийн төлөө ажиллаж байгаадаа бахархах сэтгэл төрдөг юм. Манайхан аврагчийн мэргэжлийг ойлгож хүндэлдэг болсон. Гудамжинд дүрэмт хувцастайгаа алхаж байхад л зам тавьж өгөх жишээтэй. Энэ мэргэжлийн үнэ цэнэ өсч байгаа. Аврагчаас анхны гавьяат цолтон төрсөн нь үүний баталгаа гэв.

Тэрбээр Завханы Тосонцэнгэлээс аврагч болохоор ирсэн энэ хүү ажлынхаа хажуугаар ХААИС-ийн цахилгааны инженерийн ангид сурдаг гэнэ. Дотны хүмүүсээ автын ослоор алдсан Б.Чингис олон гэр бүлийн элэг бүтэн амьдралын төлөө ажиллаж байгаадаа сэтгэл өндөр явдаг юм гэсэн.

ТЭРЭЛЖИД ГАЗАР ХӨДӨЛБӨЛ УЛААНБААТАРЫН БАРИЛГЫН 80 ХУВЬ НЬ НУРАХ ЭРСДЭЛТЭЙ

Гамшгаас хамгаалах арга зүйн төв аврах анги 105-тай нэг байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Өнөөдөр газар хөдлөлтийн талаар санаа зовдог хүн ховор. Тэгвэл одон орон судлал, геологийн эрдэмтэд Японы эрдэмтэдтэй хамтарч энэ талаар санаа зовох цаг ирснийг анхааруулжээ.

Тэрэлжид 7 магниудын хүчтэй газар хөдлөхөд л Улаанбаатарын барилгын 80 хувь нь нурах гэнэ. Газар хөдөлж ангал үүссэн газар дахин хөдлөх эрсдэл өндөр байдаг юм байна. Өнгөрсөн жил Тэрэлж, Гүнжийн сүм гэх зэрэг газруудад газар хөдөлж байжээ. Туул голын ойр орчимд газрын хөрс нь зөөлхөн байдаг учраас газар хөдлөх эрсдэл байдаг гэнэ.

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын манаанд бат зогсдог аврагчдын нэг өдрийг сурвалжлахад ийм байна. Хурд хэтрүүлсэн жолооч осолд ороход, хариуцлагагүй нэгэн түймэр ноцооход, хайхрамжгүй нэгэн усанд живэхэд аврахаар өөрсдийн амийг зольж зүтгэдэг аврагч залуусын ажил мэргэжил нийгэмд үнэлэгдэж байгаад 105 дугаар ангийн залуус баяртай явдаг юм билээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Оюун: Дэлүүгээр хийсэн нэмэлт тэжээл эрүүл мэндэд ашигтай болох нь батлагдсан

Хүнс эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “Само” институт нь хүнсний инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм. Энэ талаар тус институтын гүйцэтгэх захирал, дэд доктор Г.Оюунтай ярилцлаа.


-Байгууллагаа танилцуулаач?

“Само” институт нь хүнс үйлдвэрлэлийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа лаборторийн шинжилгээ хийх үйл ажиллагаа явуулдаг компани юм. Монгол Улсад анх энэ салбар 49 жилийн өмнө үүссэн. Манай байгууллага үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Нэгдүгээрт, хүнсний салбарт шаардлагатай асуудлуудаар шинжлэх ухаан, технологийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Хоёрдугаарт, хүнсний бүх нэр төрлийн бүтээгдэхүүнд магадлан итгэмжлэлийн хүрээнд хөндлөнгийн хяналтын шинжилгээ хийдэг.

Гуравдугаарт, хүнсний жижиг дунд болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн зөвлөмж туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилладаг.

Сүүлийн жилүүдэд манайх судалгааг түлхүү хийсээр ирлээ. Яагаад гэвэл үндсэн суурь бүтээгдэхүүний бааз нь байна. Жишээлбэл, Мал нядалгааны үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр, шинжилгээний лаборатори зэрэг эрдэм шинжилгээний бааз нь бий. Тиймээс эрдэм шинжилгээний ажлын үр дүнг шууд үйлдвэрлэх боломжтой. Мөн тухайн үйлдвэрлэл үйлчилгээнд ямар асуудал тулгарч байна, юу шаардлагтай гэдгийг мэдэрч, үндэслэн гаргана. Манай групп энэ чиглэлээр зориулсан бүтэц зохион байгуулалттай.

-Танай институтийн хийсэн хамгийн сүүлийн хүнсний инновацийн тухай тодруулбал?

-Бэлчээрийн монгол малын махаар хийсэн төрөл бүрийн нөөш консервнууд. Үүнийг ОХУ-ын захиалгын дагуу үйлдвэрлэж тус улсад экспортолдог. Өмнө нь манай улс ОХУ руу бэлчээрийн монгол малын махыг олон жилийн турш амьдаар, хөлөөр нь гаргаж байсан. Дараа нь нядлаад хөлдөөсөн гулууз хэлбэрээр мөчилж, түүхий мах хэлбэрээр нь гаргадаг болсон. ОХУ-ын Эрхүү мужид Бурятмяспром нэртэй мах, консервийн компани бий. Тэр комбинатад монгол малын махаар консерв хийдэг, Оросын ард түмэн маш сайн мэддэг болчихсон. Бидний хийсэн технологи бол бэлчээрийн монгол малынхаа махаар төрөл бүрийн консерв хийх аргыг дотоодын нөхцөл, Оросын стандартын шаардлагын дагуу яаж хийж гаргах вэ гэдэг онолын судалгааг хийгээд 2014 оноос ОХУ руу экспортолж эхэлсэн.

-Уг консервний онцлог нь юу вэ?

-Нэгдүгээрт, бэлчээрийн монгол малын махаар уламжлалт амтлагчуудыг хэрэглэн, гар аргаар эрт үеэс өвлөгдсөн зарчмаар малын махыг эвдэж, өнөөгийн үйлдвэрлэлд хэрэглээд байгаа нэмэлт ямар ч орцгүйгээр үйлдвэрлэдгээрээ онцлог.

Хоёрдугаарт, юуны тулд нөөшлөөд байгаа вэ гэвэл хадгалалтыг урт байлгах зорилгоор. Тэгэхээр бид аль болох урт хугацаанд хадгалах зориулалттай бүх сонголтуудыг хийсэн. Хадгалалт урт байхын тулд лаазны асуудал гарч ирнэ. Лаазаа бид ОХУ-аас бэлэн хэлбэрээр нь авдаг. Тэр лааз нь нөөшилж байгаа бүтээгдэхүүнээ таван жил хадгалах боловсруулалттай. Эрүүл ахуйн бүх шаардлагыг хангасан, битүүмжлэл сайтай.

-Гаргаж байгаа нөөшилсөн бүтээгдэхүүн хэдэн төрөл бий вэ?

-Эхний үед бид зөвхөн үхрийн махаар консервоо үйлдвэрлэдэг байсан. Одоо бол нэр төрлийг нь олшруулаад байгаа. Үхрийн мах нь сүүний болон махны бүтэц талаасаа аваад үзэхэд харьцангуй нөөцийн хорогдол бага. Хонь, ямаа, адуу гахай гээд олон төрлийн махаар нөөш хийж байна. Дан мах гэхээсээ илүү монголын хөрсөнд ургасан ногоог эргэлтэд оруулах шаардлага бас байгаа шүү дээ. Түүн дээр үндэслэн ногоо, будаатай холин гаргах болсон. Будаатай бэлдмэлүүд нь хөц, цагаан, гурвалжин гэх мэт олон янз. Мах боловсруулах явцад гарах дайвар бүтээгдэхүүн, дотор эрхтнийг ашиглах үүднээс зүрх, элэг гэх мэт эрхтнээр нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулаад 12 нэр төрлөөр гаргаад байгаа. Олон нэр төрөл болно гэдэг хэрэглэгч сонгогчийн талаас сонголт ихтэй худалдан авалт ихэснэ гэсэн үг.

-Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ хэр өндөр вэ? Эх орондоо зардаг уу?

-Монголд бол зарагдаагүй. Зориулалтаараа бид юу гэж харсан бэ гэвэл Монголд нөөшилсөн махны хэрэглээ маш бага. Яагаад вэ гэвэл яг байгалийн органик шинэ махыг худалдаж авч хоол хүнсэндээ хэрэглээд сурчихсан хүмүүс энэ төрлийн бүтээгдэхүүнийг барагтаа бол авдаггүй. Хааяа аялал жуучлал, хөдөө гадаа олуулаа зугаалгаар явахдаа л авдаг. Тэгэхээр нөөшилсөн байдлаар худалдаалах зах зээл нь бол гадаадад гэж харсан. Тэр дундаа эртнээс уламжлалтай, хэрэглээ өндөртэй, монгол малын махыг мэддэг, хэрэглээд сурчихсан ард түмэн бол ОХУ. Манай том хэрэглэгч гэж харсан. Тиймээс анхнаасаа бүтээгдэхүүний хаяг, шошго, лааз савыг боловсруулах, жор сонголтоо хийхдээ ч гэсэн оросын ард түмэнд зориулсан сонголтуудыг хийсэн. Энд монголын эрдэмтдээс гадна ОХУ-ын Гарботовын нэрэмжит хүнсний системийн судалгааны төвийн эрдэмтэд хамтран ажилласан. Мөн Эрхүү, Улаан-Үд, Москвагийн махконсерв комбинатын технологич мастерууд оролцсон.

-ОХУ-д сурталчилгаагаа хэрхэн хийдэг вэ. Тэр том зах зээлд яаж танигдаж чадав?

-Жил бүр болдог Москвад Продмарш гээд хүнсний технологийн том үзэсгэлэн болдог. 2018 онд тус үзэсгэлэнгээс манай бүтээгдэхүүн “хүрэл” медаль хүртсэн. Түүнээс ч өмнө нөөшилсөн махан бүтээгдэхүүн маань танигдчихсан, худалдан авалт тогтмол өсч байлаа. Бүтээгдэхүүний заавар, хадгалах хугацаа гээд бүгд орос хэл дээр бичигдсэн болохоор тус улсын зах зээлд амархан нэвтэрч чадсан. Гол нь Монголд үйлдвэрлэсэн гэхээр оросын ард түмэн дуртай худалдан авдаг.

-Нөөшилсөн бүтээгдэхүүнээс өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүн юу хийж байна?

-Хүүхдийн хоолны нэмэлт бүтээгдэхүүн болох эрдэсжүүлсэн нэмэлт тэжээлийг хийдэг байлаа. Малын дотор мах болох дэлүүг манайхан тэр бүр хэрэглээд байдаггүй. Манай орны уламжлалаар зарим нутагт дэлүүг огт хэрэглэдэггүй шууд хаядаг. Зарим нутагт нь дэлүүний ач холбогдлыг мэдээд ашиглаж байсан уламжлалтай. Түүнд үндэслээд ШУТИС-ийн докторуудын гаргаж ирсэн технологиор энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн. Үүний технологийг бол одоогоос 4-5 жилийн өмнө хийчихсэн. Нэмэлт тэжээлийн гол зүйл нь бог малын дэлүүг өөр ямар ч нэмэлт хольцгүйгээр анхан шатны боловсруулалт хийгээд хатааж, нунтаглаад гаргасан. Дэлүүн нь малын мах, дотор эрхтэн дотроос хамгийн өндөр төмрийн агууламжтай. Дэлүүнээс гарсан төмөр нь малын гаралтай учир нэг талаасаа мах, уураг гэсэн үг. Нөгөө талаас хүний биед төмрийн бэлдмэлээ шингэхдээ илүү сайн шингэц хурдан. Үүнийг бид Эрүүл мэндийн яамны загвар хөтөлбөрийн хүрээнд хийж, тус яамны багийнхантай хамтран СХД-ийн яслийн хүүхдүүдэд тодорхой хугацаанд нэмэлтээр өгсөн. Хүүхдүүдийн цус багадалтын түвшин хэр зэрэг дээшилж байна гэдэг ажиглалтууд хийсэн. Гэтэл маш амжилттай болсон. Ер нь эцэг эхчүүд нярай хүүхдээ анх бор хоолонд орох үеэс нь үүнийг нэмэлтээр өгвөл цус багадалт үүсэхгүй гэдгийг нотлоод байна.

-Яаж хэрэглэх үү?

-Хүүхдийн бантанд шууд хутгаад өгөхөд болно. Энэ нь боловсруулаад ариутгачихсан учир сөрөг нөлөөгүй. Нэг удаадаа талыг нь хүүхдийн хоолонд холиод өгөхөд болно.

-Хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүмүүс хэрэглэж болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Төмрийн дутагдалтай,цус багадалттай өндөр настан, насанд хүрсэн хүмүүс байнга хэрэглэх нь биед шаардлагатай төмрийг нөхөж өгнө. Үүнийг бид 2-3 жил үйлдвэрлээд одоогоор үйлдвэрлэл нь саарчихаад байгаа. Яагаад гэвэл хүмүүс мэддэггүй учир хэрэглэддэггүй. Хэрэглээ нь хаана байна гэхээр сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газар бодлогоор хүүхдийн хоолонд нэмж өгөх шаардлагатай. Нэг удаагийн савалгаа нь 10 граммтай. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдрийн хэрэглээ. Тэгэхээр хүүдэд хоёр хуваагаад хэрэглэж болно.

-Өөр хүнсний зүйлээр хийсэн инноваци юу байна?

-Богийн гулууз махыг залуучуудын орчин цагийн хэрэглээнд аваад үзэхэд махаа эвдэж мэдэхгүй болж. Худалдаанаас юмуу дэлгүүрээс авахаар хөрөөдөөд ямар ч уламжлалт технологигүйгээр мах ясыг холиод хаячихдаг. Уламжлалт талаасаа аваад үзэхэд аль хэсэгт нь булчин шөрмөсийг оруулах, хүндэтгэлийн идээнд яаж тавих уу гэдгээс эхлүүлээд үнэт өв соёл шүү дээ. Түүнд түшиглээд жишээ нь, хонины махыг яаж, ямар байдлаар эвдээд удаан хадгалж болох уу гэдэг чиглэлээр судалгаа хийсэн. Бүтэн хонины махыг дал дөрвөн өндөр, гуя өвчүү, богц чөмгийг яаж эвдэх үү гэдэг тэр номоор нь гараар эвдээд вакумдаж, хэсэг хэсгээр нь болон бүтнээр савлаж хийгээд тэс хөлдөөсөн. Түүнийгээ гурван жил хадгалж үзсэн. Тэгээд хоёр дах жилийн төгсгөлд шинжилгээ хийгээд үзэхэд анх байсан шинж чанараа яг тэр чигээр нь хадгалж байсан. Технологи хөгжсөн өнөө үед махыг ингэж хадгалах нь чанар нь алдагдахгүй зөв арга юм.