Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Хотын эдийн засаг бол УИХ, Засгийн газрын асуудал

Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубийнхэнд хотын эдийн засгийн тухай лекц тавьсан юм. Түүний илтгэлээс тоймлон хүргэе.


Бидний хөндөж ярьдаггүй нэг том сэдэв бий. Тэр нь хотын эдийн засаг. Хоёр том асуудал санаа зовоож байна. Монгол улс мэдээж уул уурхайгаа түшиж хөгжинө. Энэ салбараас олсон орлогоо буруу зөв зарцуулаад явж байгаа. Уул уурхайгаас гадна тусгайлан анхаарах ёстой сэдэв бол хотын эдийн засаг. Хот болж хөгжиж байж л улс орон урагшилдаг. Хотын эдийн засгийн тухай лекцээ бэлдэхдээ Оксфордын их сургуулийн материалд түшсэнээ онцолъё. учир нь Англи бол Африкт олон колонитой, Африкийн зовлон бэрхшээлийг таньсан улс. Тэр утгаараа эрдэмтэд, академик хүрээнийнхэн нь Африкийн амьдралд тулгамдсан асуудлаар зөвлөгөө гаргасан байдаг юм.

Тэдний ажигласан Африкийн асуудлуудыг анзаарахаар яг манай улстай адил дүр зураг харагддаг.

ДЭЛХИЙН АНХНЫ ХОТМАНАЙ ЭРИНИЙ 5000 ЖИЛИЙН ТЭРТЭЭ БАЙГУУЛАГДСАН

Дэлхий дээр хамгийн анхны хотын түүх манай эринээс өмнөх 5000 жилийн тэртээ гэж яригддаг. Нэр нь урук (Uruk). Энэ хотыг ухаж шинжилсэн археологичид нэг гайхалтай зүйл хэлдэг. Байшин барилга нь хана ханатайгаа наалдсан байсан гэж.

Эндээс яагаад хана ханаараа нийлэв гэсэн асуулт гардаг. Амьдрал хэцүү, эдийн засаг тарчиг учраас хэмнэлт хийсэн гэх тайлбар хэлдэг. Ханаа залгаж барьсаар яваад анх байшин барьсан хүн нь гэртээ орж чадахаа больж таарна аа даа. Сүүлдээ бүр айлын дээвэр дээгүүр явж гэртээ ордог болж. Тэр үед нэг юм ойлгосон нь дундаа хотын захиргаатай байя гэсэн санаа. Хотын захиргаа нь дүрэм журам гаргаж мөрдүүлсний эцэст улс орон хөгждөг гэдгийг ухаарсан. Нийтийн эрх ашиг гэж байхгүй бол хот болж чадахгүй гэдгээ ойлгоцгоосон. Яагаад хот шаардлагатай болдог вэ гэхээр аль болох хотод төвлөрвөл зах зээл томорно. Үүнийг цар хүрээний эдийн засаг гэдэг. Цар хүрээ ихтэй газар бизнес илүү ашигтай, хөдөлмөрийн бүтээмж өндөр байна. Цар хүрээ ихсэх тусам эдийн засаг төрөлжиж эхэлдэг. Төрөлжих тусам хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэхээр хот түшиж эдийн засаг өсдөг зүй тогтолтой. Товчхондоо хот байгуулалтаар дамжиж эдийн засаг төрөлжиж, улс хөгждөг.

Дэлхийн ДНБ-ий 80 хувь нь хотод үйлдвэрлэгддэг. Манайд ч ялгаагүй, ДНБ-ий дийлэнх хувь нь Улаанбаатарт төвлөрдөг. Яагаад заавал хотын эдийн засаг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зөвхөн хотод илэрдэг, хаана ч давтагдахгүй сөрөг үзэгдэл байдаг учраас хотын эдийн засаг гэж онцлохоос аргагүй байдаг юм. Агаарын бохирдол, хог хаягдал, гэмт хэрэг, түгжрэл гэх мэт асуудал хотын эдийн засаг гэсэн ойлголтод багтаж тусдаа яригдах ёстой.

АФРИК, МОНГОЛЫН ХОТЖИЛТ АМЕРИК, ЕВРОПООС ЯЛГААТАЙ

1900 оноос өнөөг хүртэл бүс нутгуудад хотжилт яаж үүссэн бэ гэсэн асуулт анхаарал татдаг. Хөдөө орон нутгаас хүмүүс олноор нүүж төвлөрч суурьшихыг хотжилт гэдэг. Европ, Америк, Хятадад болж байгаа хотжилтоос Африк, Монголынх өөр. Хөдөлмөрийн бүтээмжийг хөдөө аж ахуйд нэмэгдүүлэх замаар Европ, Америк, Хятадад хотжилт бий болсон. Нэг га-гаас 10 центнр ургац авч байсан тариаланч трактор гэх мэт бусад техник ашиглаад нэг га-гаас 50 центнер авдаг болно гэсэн үг. Үйлдвэрлэл нэмэгдчихээр нэг хэсэг тариаланч зах зээлээс шахагдаж таарна. Ингэж шахагдсан тариаланчид мөнгөтэй төлбөрийн чадвартайгаар суурин газар руу шилжих замаар. Европ, Америк, Хятадад хотжилт бий болсон юм. Африк, Монголд огт өөр маягаар хотжилт үүссэн. Хөдөлмөрийн бүтээмж багатай газраас зугтааж нүүсэн. Амьдралаа сайжруулъя гээд хот руу шилжсэн хэрэг.

ХЯТАД 65 САЯ, МОНГОЛД 40 МЯНГАН ОРОН СУУЦ ЭЗЭНГҮЙ БАЙНА

Сүүлд анзаарагдсан нэг сонирхолтой зүйл нь орлого түшсэн хотжилтын үйл явц олон газар өрнөсөн. Хятадад ялгаагүй, эдийн засаг нь сайжраад том том хотуудыг байгуулсан ч сүнсэн хот олноороо байгуулагдсан. Урд хөршид 65 сая орон сууц эзэнгүй байгаа. Яг тэрэнтэй адил хэт их төлөвлөлт хийж, тэрийг ч энийг ч байгуул гээд явсан газрууд сүйрлийн байдалд орсон жишээ өчнөөн. Туркэд гэхэд эртний барилгуудаараа хот байгуулсан ч оршин суугчгүй шахам байна. Энэ бол төлөвлөлтийн маш том алдаа. Мэдээж төлөвлөлт байх ёстой. Гэхдээ зах зээлийн үл үзэгдэгч гарыг ашиглах учиртай. Зах зээлийн үл үзэгдэгч гарыг ашиглахгүй бол уул уурхай түшсэн хотжилт явахгүй байдалд орчихсон.

Уул уурхайн орлого түшсэн хотжилтоос газар, үл хөдлөхийн үнэ цэнэ дээр түшсэн хотжилт онцгой чухал болж байна. Төр хувийн хэвшлийн түншлэл чухал. Гэхдээ бидний ойлгодог шиг төр урд нь явдаггүй.


ХОТЫН ХӨГЖЛИЙН БАС НЭГ ТЭЭГ НЬ ИПОТЕК

Олон улсын хотуудад цаашаа явахгүй болчихсон асуудал бол ипотек. Банкууд хэзээ ч ипотект өөрсдөөсөө хөрөнгө гаргаж байгаагүй. Арилжааны банкаар дамжуулаад Монголбанк л мөнгө гаргаж байсан. Монголбанк мөнгө гаргана гэдэг чинь төгрөг үйлдвэрлэж байна гэсэн үг. Барилгын компаниуд орон сууц барихын тулд банкнаас авсан зээлээ доллар болгоод урдаас материал авдаг. Өөрөөр хэлбэл төв банк валютын нөөцөө ипотект зарсаар байгаад улс орон уначихсан. ОУВС Монголбанкнаас ипотек санхүүжүүлдгээ зогсоо гэдэг нь эрүүл шаардлага. Хотын талаас харвал ипотекоор олон барилга боссон. Нэг хэсэг хүмүүс байранд орсон нь үнэн. Сүүлийн үеийн мэдээгээр 4000 орон сууц зарагдаагүй байгаа юм билээ. Дутуу баригдсан нь 30 мянга. Худалдаж авъя гэхээр иргэдэд нь мөнгө байхгүй. Ингээд ипотек зогсохоос өөр аргагүйд хүрч маш жижигхэн болж хувирсан. Хотын хөгжилд шинээр хандахгүй бол горьгүй гэдгийг ипотекийн өнөөдрөөс харж болно. Америкт 2005 онд яг энэ үзэгдэл болсон. Уоррен Баффет олон жилийн өмнө ипотекийг “Үйл олноор нь хөнөөх зэвсэг” гээд хэлчихсэн. Би энэ бүхнийг хотын хөгжилд шинээр хандахаас аргагүйд хүрсэн гэсэн санаагаар хэлж байгаа юм.

Хавх гэдэг ойлголт бий. Дунд орлогын хавх гэж байдаг тухай Хятадын эдийн засагчаас сонсч байсан юм. Нэг хүнд ногдож байгаа ДНБ 10 мянган ам.доллар хүрэхээр эдийн засаг өсч дундаж давхаргынхны орлого өсөөд ирдэг. Ингээд дунд орлогын хавханд уначихдаг. Нэг хүнд ногдох ДНБ Монголд 4000, Хятадад 10 мянга, Орост ойролцоогоор бас 10 мянга байгаа. Дунд орлогын хавханд орчихоор эдийн засгаа цааш хөгжүүлэхэд асуудал гарч ирдэг. Гадны хөрөнгө оруулалт орж ирдэггүй зовлон үүсдэг. Ахиу орлоготой болчихоор хүмүүсийн цалин өсчихдөг. Жишээ нь, Хятадын ажилчдын цалин сүүлийн таван жилд хоёр дахин өссөн. Өмнө нь Хятадад хямд ажиллах хүчийг нь харж гадны хөрөнгө оруулагчид орж ирж байсан бол орохоо больчихсон. Ажилчдынх нь цалин өндөр, тоолуур өндөртэй хурдны зам нь өртөг их шаарддаг гэх мэт олон асуудал үүссэн. Нэг талаас нь харахад хөгжил ирсэн юм шиг мөртлөө урагшилж, тэлж чадахаа больчихсон. Үүнийг хавх гээд байгаа юм. Энэ хавхнаас гарах их хэцүү юм билээ. Дэлхийн банкны судалгаагаар жараад онд хавханд орсон 100 гаруй орон байж. Хөгжлийн түвшинд дунд орлогод хүрсэн 101 орноос дөнгөж 40 жилийн дараа 13 орон нь л дээд орлоготой болж хөгжсөн байгаа юм. Дунд орлогын хавх гэдэг шиг ийм хавх хотын хөгжилд байдаг.

УЛААНБААТАР ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН СУЛ ЭРХИЙН ХАВХАНД ОРЧИХСОН

Хотод таван төрлийн хавх бий. Хэт шавааралдан түгжрэх хавх. Орлого багатайгаасаа болж нүүж ирж байгаа хүмүүс Африкт шавар байшин хороолол, Монголд гэр хороолол үүсгэчихсэн. Гэр хороолол хүрээгээ тэлсээр байгаа. Хүрээгээ тэлсэн масс арай дажгүй юм гээд хотын төв рүүгээ орох гэж оролдоно. Гэр хорооллын орлого багатай хүмүүс приус унаад явахаас аргагүй. Тэр хямд машинууд түгжрэл болно. Үүнийг хэт шавааралдан түгжрэх хавх гэдэг.

Хоёр дахь том хавх нь газар өмчлөлийн сул эрхийн хавх. Улаанбаатарт газар өмчилсөн хүмүүст нэг зовлон бий. Хэзээ ч хурааж авч мэднэ. Тодорхой хугацаа өгнө, байшин сав барихгүй бол хурааж авна. Газар өмчлөгч газраа хураалгахгүйн тулд хашаа татна, ямар ч хамаагүй байшингийн суурь цутгадаг ч байшингаа босгож чаддаггүй. Газар өмчлөлийн сул эрхээс болж энэ мэтээр газраа үнэгүй болгочихдог. Газрын зөвшөөрөл өгөхдөө юу барихыг нь асуудаг. Гурван давхар байшин дэлгүүрийн зориулалттай гээд авчихсан хүнд зургаан давхар эмнэлэг барих боломж гарч ирдэг. Гэвч өөр зориулалтаар авчихсан учраас боломж нь хумигддаг. Өөрөөр хэлбэл газар өмчлөлийн эрх нь сулраад байдаг. Нэг талаас газар өмчлөгчид нь газраа ашиглаж чаддаггүй, нөгөө талаас төр нь өмчлүүлж өгсөн газраа авч болдоггүй байдал үүсэхийг газар өмчлөлийн сул эрх гэдэг. Бид энэ хавханд уначихсан.

Гурав дахь нь дэд бүтцээ босгоогүй суурьшуулдаг хавх. Хятад ийм замаар яваагүй. Дэд бүтцээ барьдаг, цахилгаан, усаа шийддэг, тэгээд газруудаа зараад явдаг. Ингэхгүйгээр суурьшуулчихаар хэцүү. Дэд бүтэц татах гэхээр бусдын өмчилж авсан газар руу орчих гээд байдаг. Хурааж авах боломжгүй. Ингээд дэд бүтцээ босгоогүй суурьшуулах хавханд унадаг. Манайд ийм жишээ өчнөөн.

Дөрөв дэх нь албан бусын хавх. Эдийн засаг албан, албан бус сектортой. Албан бус нь татварт өртдөггүй, ер нь бол сүүдрийн эдийн засаг. Гэр хороололд ямар нэг дэлгүүр, жижиг аж ахуй эрхэлж байгаа хүмүүс томрох бололцоогүй болчихдог. Томрох бололцоогүй учраас банк, татвартай харилцах ямар ч сонирхолгүй. Тэгээд асар том сүүдрийн эдийн засаг үүсгэдэг. Банк, татвартай харилцахгүй хүмүүс олшроод ирэхээр хотын эдийн засаг бүхэлдээ хавханд унадаг.

За тэгээд гадаадад зарах барааны өндөр өртгийн хавх, дотоод зах зээлд ажиллаж буй үйлдвэр аж ахуйн газруудын хавх, гэх мэт олон хавх бий. Миний амьдарч байгаа байрны эргэн тойронд тав зургаан супермаркет байна. Өнөө супермаркетууд бие биетэйгээ өрсөлдөөн унана, эсвэл өнөөдүүл үгсэж үнээ өсгөөд нэг түвшинд барина. Өөрөөр хэлбэл би тэдний үнээ нэмсэн барааг худалдаж авч амьдарна. Хот хөгжлийг зохицуулахгүй бол энэ мэт олон асуудал үүсээд байна л даа.

Ингээд харахаар хотын эдийн засаг бол УИХ, Засгийн газрын асуудал. Хотын хөгжил бол хотын захиргааны асуудал гэж харж болохгүй. Тэгвэл мухардчихна. Гэхдээ хотын засаг захиргааны өндөр идэвх шаардах асуудал. Тэд санал санаагаа гаргадаг, тэрийг нь УИХ, Засгийн газар дэмжиж явах учиртай.

Уул уурхай дээр ч ялгаагүй, хотын хөгжил дээр ч адилхан нэг асуудал бий. Иргэдийн оролцоог өндөр болгох ёстой. Харин ч сошиал медиа хөгжөөд иргэд зөв буруу ч гэлээ шаардлага тавьж, тавьсан асуудлууд нь тодорхой хэмжээнд шийдэгдэж, асуудал цэгцрэх өнгөндөө орж яваа хандлага анзаарагддаг. Тэгэхээр мэдээлэл бүхий иргэд гэсэн бүлэг үүсэх шаардлага үүсчихсэн. Тэгэхгүй бол хотын удирдлага ажлаа хийхэд хэцүү. Сэтгүүлчидтэй, мэдээлэл бүхий иргэдтэй, хэвлэл мэдээлэл, олон түмэнд зөв мэдээлэл түгээж зөв ажиллахгүй бол хэчнээн сайхан зүйл хийх гэж яриад нэмэр болдоггүй. Би энэ талаар хотын удирдлагуудад онцолж хэлсэн.

Тэмдэглэсэн Ц.БААСАНСҮРЭН

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Цэргийн коммунизм, Венесуэлийн социализм юу нь ч байсан дүүрч, төмөр замаа л хөдөлгөөсэй

Өнөөдрийн Монголд улс төр, бизнесийн бүлэглэлүүд бие биетэйгээ арсалдан, нэгнийхээ ажилд дэгээ гох тавьж ямар ч ажлыг урагшлуулсангүй. Юу ч хөдлөхөө болилоо. Энэ байдал сүүлийн хэдэн жил үргэлжлэв. Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам хувийн хэвшлийн хөрөнгөөр тавигдчих боломж аль эрт байлаа. “MCSийн толгойлсон МАНАНгийн бүлэглэл одоо дийлдэхээ больчихно” хэмээн шинэ Ерөнхийлөгчийн талынхан буюу шинэ МАНАН-гийнхан тухайн үед уулгалан дайрч зогсоосноор өдгөө арван жилийн нүүр үзэх нь. Угтаа бол Монгол Улс шинэ төмөр замтай болох нь л нэгдүгээр асуудал хэвээрээ байна. Бусад нь огт хамаагүй гээд хэлчихэд болно. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад тэр үедээ MCS нь байна уу, ямар МАНАН нь байна хамаагүй төмөр замаа бариад ашиглалтад оруулчихсан бол өнөөдөр монголчууд маш их хожчихсон сууж байх байж.

Төмөр зам барих ажил өрнөхөөр эхлээд өргөн, нарийн царигийн маргаан дэгддэг. Дараа нь барьж дуусаагүй төмөр замынх нь эзэмшлийн хэрүүл өрнөдөг. Тэр бүлэглэлийн, энэ бүлэглэлийнхэн авах нь гээд. Дараа нь ачиж буулгах анги, энэ тэр гээд маргах асуудал мундахгүй, бөөн маргаан. Сүүлдээ танк энэ тэр орж ирнэ, үндэсний аюулгүй байдал гээд явчих нь даа. Ингээд нэг өглөө босох нь ээ өнөө төмөр зам нь яагаад ч хөдлөхөөргүй болчихсон, төмөр зам төгсгөл болсон нь тодорхой болсон байдаг. Өмнөх түүх ийм л юм. Үүнд хэвлэл мэдээллийн бидний оролцоо ч бий. Нэр бүхий телевизийн хэдэн студи “MCSийн толгойлсон МАНАНгийнхан бүгдийг эзэмших гэж байна, идэх гэж байна” гэсэн пиарыг онцгой явуулж, Монгол Улс шинэ төмөр замгүй байх үйлсэд их гавьяа байгуулсан даа. Ингэж л 200хан км төмөр зам тавьж чадахгүй хэрэлдсээр… цаг хугацаа урссаар өнөөдөрт иржээ. Зуу зуун сая ам.доллараар хийсэн ажил нь үнэндээ овоолсон шороо. Одоо бараг тэр нь идэгдэж эвдэрч байгаа байх. Уг нь тэр овоолсон шороон дээрээ цэргүүдээр төмөр зам тавиулчихъя гэтэл бас бөөн юм болж байсан. Нийгэм даяараа шахуу цэргийн коммунизм байгуулах нь, Венесуэлийн социализм бий боллоо хэмээн сурталчилж ургаш нь ер хөдөлгөөгүй дээ. Энэхүү инээдтэй, эмгэнэлтэй түүх давтагдмааргүй байна.

Сая Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс чихдээд авсан У.Хүрэлсүхийнхээ Засгийн газраар Таван толгой-Зүүнбаян чиглэлд 414,6 км төмөр замыг цэргээр бариулах шийдвэр гаргуулчих шиг боллоо. Төмөр замыг цэргээр бариулах нь хамаагүй хямд зардалтай юм билээ. Төмөр замын бүтээн байгуулалтад урьдчилсан байдлаар 1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж, техник хэрэгсэл оролцох нь. Таван рот цэрэг 30, 30 км төмөр зам хариуцан барьж эхлэх урьдчилсан төлөвлөгөө танилцуулагдлаа. Цэргүүд дунджаар хоёр сая төгрөгийн цалин авна гэж тооцжээ. Нэг км төмөр замыг 1,2 сая ам.доллараар тавина гэж байгаа нь дотоод, гадаадын компаниудын өгсөн үнийн саналаас даруй гурав дахин бага гэнэ. Нэгэнт төсвөөс мөнгө нь гарч байгаа болохоор хямдыг нь харалгүй яахав. ТавантолгойЗүүнбаянгийн төмөр замаа Ерөнхийлөгчийн зүгээс ингэж хамгаалж байгаа, нэгдүгээрт, Таван толгойн бүлэг орд, Оюу толгой, Хармагтай, Цагаан суварга, Хүрмэн… гэх мэт ирээдүйд улс орны эдийн засагт онцгой нөлөө үзүүлэх орд газруудыг дайран өнгөрнө. Төмөр зам тавигдах бүсэд ашиглалтын 37, хайгуулийн 39 тусгай зөвшөөрөл олгогдсон. Хоёдугаарт, Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө. Дотоодын нөөц бололцоо хүч хөрөнгөө гаргаад хийхэд хөрөнгө оруулалтынх нь үр өгөөж дотогшоо урсгалтай байна. Цалинг төгрөгөөр, худалдан авалт дотоодоос, цаашид олон том бүтээн байгуулалтад ашиглах мэргэжлийн инженерийн байгууламжийн цэргийн томоохон анги нэгтгэлүүдтэй болно. Цаашлаад аж үйлдвэржилтийг дэмжихэд энэ замын ач холбогдол өндөр. Урагшаа чиглэлд хаана ч хүрэх боломжтой. Хойшоо СүхбаатарНаушки чиглэлд шууд ХангиМандал гээд явна. Зүүн тийш Эрээнцаваар Находка буюу Владивосток чиглэлд гурав дахь ч зах зээл болох Япон, Солонгос хүрнэ… гэхчлэн алсыг харсан олон сайн төсөөллийг ярьж байгаа. ОХУын төмөр замаар нэвтрэх нэгдсэн тарифаар 66,4 хувь хүртэл хөнгөлөлтийг эдэлж болно гэдгийг хүртэл ярьж байна. Энэ бол сайн ирээдүй.

Тэгвэл энэ төмөр замын чиглэлийг шүүмжлэгсэд их байна. Суурь бүтцийнх нь 56.6 хувь нь баригдчихсан Таван толгойГашуунсухайт чиглэлийн төмөр замыг эхлээд ашиглалтад оруулах ёстой байсан юм гэж. Зөөх ачаа нь бэлэн, энэ төмөр замаар жилд 30 орчим сая кокосжих нүүрс зөөвөрлөх боломжтой, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид шууд сонирхох зам гэж үзжээ. Зүүнбаянгийн төмөр зам нь Эрээн дээр очоод нунтаг ачаа хориглосон ОУын хоригтой нүүр тулна гэж үзэхсэд байна. Очоод нарийн цариг солино… гэхчлэн олон бэрхшээлийг шүүмжлэгчид цувуулж эхэллээ. Дээр нь нөгөө цэргүүдээр зам тавиулж цэргийн коммунизм байгуулах нь гэсэн шүүмжлэл. Бие биенээ дэглэхээс өөр ажилгүй суугаа цэргүүдээр элс овоолуулахад юу нь болохгүй байна. Яахаараа коммунизм болчихдог юм. Өнөөдөр ашиглаж буй Монголын ганц төмөр замыг чинь Власовын армийн хоригдол цэргүүд тавьсан гээ биз дээ. Одоо муудсан нь хаа байна. Монголчууд бүгдээрээ ашиглаж, биднийг өрнө дорнотой холбож байна. Гээд яривал их юм байна.

Шинээр барих гэж буй төмөр зам дээр мууг нь түрүүлж яриад, сөрөг асуудал үүсгээд, өө хайгаад, түүнийг нь олон нийт дэвэргээд л эхэлбэл өмнөх төмөр зам шиг юу ч биш болно. Түүх давтагдана. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн маань зөв мэдрэмжтэй, эх оронч, ямар ч байсан ажил хийе гэсэн хүсэл эрмэлзлийг дэмжсэн байр суурьтай баймаар байна. Тэгэхгүйгээр хэн нэг мэргэн ардын, мэргэн санаа нийгэмд хүчээ авбал монголчууд ирэх арван жилд дахиад л төмөр замгүй сууж байна шүү.

Ер нь тэгээд одоо юуны ч коммунизм байсан, цэргийнх нь байна уу, венесуэлийнх нь байна уу хамаагүй, ер хэн юу ч ярьдаг байсан хамаагүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн ярьдаг санаагаар энэ төмөр замын ажлыг эхлүүлье. Бодит ажил хийдэг, пракматик Ерөнхийлөгч Х.Баттулгыг байгаа дээр, түүний үгнээс гардаггүй, сахилга баттай Засгийн газар байгаа дээр, ЖДҮгээрээ дөрлөгдсөн парламентын 50 орчим гишүүн байгаа дээр энэхүү төмөр замын ажлыг шуурхай эхлүүлэх нь зүйтэй санагдана. Аргаа барсан хүний л үг юм даа. Ямар нэг ажил заавал хийгээсэй гэсэн хүсэл юм. Төмөр замаа яаж ийж байгаад бариад, түүгээр нүүрс урсаж байвал ард түмний амьдралд л нэмэртэй, тустай. Ямар ч хэл ам, хийрхэл попрол, жагсаал цуглаан, тэмцэл хөдөлгөөн өрнөсөн бай тоохгүй төмөр замын ажлаа зүгээр л хийгээд эхэл… ард түмэн ач тусыг нь аандаа ойлгож дэмжээд эхэлнэ. Арван жилийн дараа гэхэд бид говиороо дүүрэн төмөр замтай болчихсон тачигнуулж баймаар байна шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1,982 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 20 хүн амь насаа алджээ. Үүний 13 нь том хүн 7 нь хүүхэд байгаа юм. Харин галын аюулаас Онцгой байдлын албаны алба хаагчид 10 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.

Иймд:

  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
  • Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
  • Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,
  • Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
  • Аж ахуйн, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
  • Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Бид дайн дажинтай улсаас ч илүү өндөр хүүтэй зээлээр бизнес хийхийг оролдож байгаа

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Зээлийн хүүг Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг яагаад тогтоох шаардлагатай гэж үзсэн бэ?

-Монгол Улсад үйлдвэрлэл хөгжихгүй, жижиг дунд үйлдвэрлэл томрохгүй, импортыг хэт их шүтсэн улс болж, эдийн засаг солонгорохгүй байгаагийн гол шалтгаан нь зээлийн хүү өндөр байгаатай холбоотой гэдэг. Нийгэм ч тэр чигээрээ яг ингэж үзэж байгаа. Сүүлийн 20-иод жил зах зээлийн хүү зах зээлийнхээ зарчмаар буухыг хүлээж ирсэн. Гэтэл зээлийн хүү буурахгүй байна. Бид дайн дажинтай улсаас ч илүү өндөр хүүтэй зээлээр бизнес хийхийг оролдож байгаа. Энэ байдлаас гарах ёстой. Хүлээгээд нэмэргүй гэдгийг бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд харлаа. Тиймээс төр зохицуулалтаа хийж, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох цаг болсон. Миний хувьд энэхүү хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ нь нэг их том хууль биш шүү дээ. Хоёрхон зүйл заалттай.

-Яг ямар тодорхой заалтууд орсон бэ?

-Зээлийн хүүгийн дарамтад байгаа мянга мянган иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн дарамтыг арилгах зорилготой уг хуулийн төсөлд Төв банкны бодлогын хүү дээр 4-8 хувийг нэмж зээлийн хүүг тооцохоор оруулсан. Тухайлбал, өнөөдрийн байдлаар ЖДҮ, ААН-үүдийн бизнесийн зээл жилийн хүү 30-36 хувь байгаа бол хуулийн төсөл батлагдсанаар бизнесийн зээлийн дээд хязгаар нь 18 хувь болох юм. Мөн хуулийн төслөөр ганц банкны зээлийн хүү ч биш мөнгө хүүлэлттэй тэмцэх агуулгаар ломбард болон байр, машин, газар барьцаалсан зээлийн хүүг ч зохицуулахаар тусгасан. Аливаа зүйл зах зээлийнхээ жамаар явах ёстой. Гэтэл төр дундуур нь орж үнэ тогтоож байгаа нь буруу гэж үзсэн. Гэхдээ зах зээлийнхээ жамаар явсан бол зээлийн хүү бусад улсын жишиг рүү ойртох учиртай. БНСУ, Япон, Герман зэрэг улсуудад зээлийн хүү нэг хувь байна. Бид нэг хувьтай зээл авъя гэж хүсээгүй. 30 дахин биш, ядаж 18 дахин байгаач ээ гэж хүсч байгаа юм. Япон, Солонгосоос жилийн нэг хувийн хүүтэй зээл авчихаад түүнийгээ хүүлдэг хүмүүс олон бий. Гэсэн ч бид тэрийг нэг хувийн хүүтэй авъя гэж хэзээ ч хүсээгүй. Гадны хөрөнгө оруулалт, инфляци зэрэг хүчин зүйлүүдтэй уялдаж байгаа учраас энэ боломжгүй гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ өнөөдрийн 20, 30 хувьтай хүүг даваад гардаг бизнес дэлхийд байхгүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх.

-Бизнесийн салбарынхыг дэмжихгүй байна гэж та шүүмжилсэн. Таны хувьд бизнесийн салбарт ямар эрүүл бус харилцаа байна гэж харж байгаа вэ?

-Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа асуудлуудтай холбоод яръя л даа. Усны тухай хууль байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдээд явж байгаа. Энэ хуульд эхлээд иргэд усаа ашиглана. Дараа нь хөдөө аж ахуйн салбар болоод уул уурхайн салбар хэрэглэнэ. Эцэст нь жижиг дунд бизнес эрхлэгчид хэрэглэх нь байна л даа.

-Уг хууль дээр уул уурхайн салбарынхны лобби орж байгаа талаар учир мэдэх хүмүүс ярьж буй. Энэ хэр бодитой вэ?

-Яг зөв.Эрэмбэ үүсгэж, ялгаварлаж байгаа л хууль шүү дээ. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт 800-аад мянган хүн ажиллаж байгаа. Тэгэхээр уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг усаар хангасны дараа энэ салбарынхныг усаар хангах юм байна л даа. Энэ бол үнэхээр шударга бус явдал. Уул уурхайн салбарт технологи сайширсантай холбоотойгоор ажиллах хүний тоо улам багасч байгаа. Мөн энэ салбарт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс хэдэн арван мянга дахин илүү ус ашигладаг.

Гэсэн ч хуультай юм чинь гээд л уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт эхлээд крантаа нээж таарах нь. Таны хэлж байгаа зөв. Лобби явсан. Ижил тэгш байдлыг хангахгүй байгаа. Өнгөн дээрээ “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ, та нар бол бурхан” гээд яриа байгаа боловч үйлдэл дээрээ тэдний төлөө юу ч хийхгүй байна. Энэ асуудал дээр би шинэ Засгийн газрыг шүүмжилж байгаа.

Түүнчлэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцлээ. Ер нь бол хэвлэл, мэдээллийн хэрэгслээр улс төрийн мэдээлэл маш их цацагддаг. Хэрэв бизнес эрхлэгч хийж буй зүйлээ бусдад таниулах гээд сэтгүүлчид дуудвал хичнээн нь ирэх бол. Энэ хэрээрээ бизнесийн мэдээлэл бага цацагдаж таарна. Япон, Герман, Хятадын томоохон хэвлэлүүдээр ихэвчлэн жижиг, дунд бизнесийг сурталчилдаг. Энгийн дугуйг ухаалаг дугуй болгож байгаа хүнийг эсвэл уран зургийнхаа үзэсгэлэнг дэлгэж байгаа шинэхэн зураачийг ч гэдэг юм уу энгийн зүйлүүдийг нийгэмд гаргаж ирэн таниулдаг. Тэр хэрээрээ бусдад хийж бүтээх сэдлийг төрүүлж байдаг. Би хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ярьж байгаа юм биш шүү. Үндэсний телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүд сонгогдож байгаатай холбоотойгоор энэхүү байр суурийг илэрхийлсэн хэрэг. Учир нь тэд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Тиймээс нийгэмд ижил тэгш мэдээллийг хүргэх нь тэднийг үүрэг. Энэ мэтчилэн бид бизнес эрхлэгчдийг дэмжих боломжтой юм.

-Усны тухай хууль яг энэ чигээрээ батлагдах вий гэсэн болгоомжлол байна л даа…

-Батлагдах юм шиг л байна лээ. Гэхдээ энэ хууль дараа нь их асуудлуудыг дагуулна даа.

-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн зарим зүйл дээр та шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлж байсан. Энэ тухайд?

-Би нотариатчдыг бол дэмжиж байгаа. Энэ хуулийг ч тэр дэмжиж байна. НӨАТ төлөхгүй байж болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар НӨАТ-ын баримт бичиж өгөх ёстой. НӨАТ-өөс чөлөөллөө ч Засгийн газар иргэн, аж ахуй нэгжийг хохироож болохгүй гэж миний хувьд үзэж байгаа. Аливаа бичиг баримтаа нотариатаар батлуулсан ч НӨАТ-ын баримт авахаа болино гэсэн үг. Аж ахуйн нэгж 10 хувийн татвар төлөхийн сацуу нотариатын үйлчилгээ авсныхаа төлөө тэр байгууллагын НӨАТ-ыг төлнө. Бүх газраас татвар авдаг хэрнээ яагаад зарим газрыг ингэж дэмждэг юм. Ижил тэгш бус, төр мундаг гэдэг байр сууринаас л асуудалд хандаж байна. Төр дээр нь байгаа учраас үүнийг чөлөөлнө, дор байгаа хүмүүс нь төл гээд л байна. Энэ зүйлийг олон сонгогдсон гишүүдэд яриад ойлгохгүй, ойлгох хэмжээнд хүрээгүй байгаа учраас яаж ч хэлээд явахгүй байна л даа. Эмоцилоод, эвээр хэлээд ч ойлгохгүй байна. Би илүү байдал үүсгэх тухай энд огт яриагүй. Зүгээр л ижил тэгж байх тухай ярьж байгаа юм. Төр нотариатын байгууллагыг НӨАТ-аас чөлөөлж байгаа юм бол суутгасан татвараа аж ахуйн нэгжүүдэд нөхөн олгох ёстой. Сангийн яам энэ ажлыг хийх хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгчийг огцрох албан бичгийг өргөн барилаа. Таны хувьд огцруулах нь хэр зөв шийдвэр гэж харж байгаа вэ?

-Монголбанк бүх талаасаа муу ажиллаагүй гэдгийг эхэнд нь дурдъя. Өр зээл багассан, эдийн засаг тогтворжиж, валютын нөөц нэмэгдсэн. Хамгийн гол шүүмжлэх зүйл нь ам.долларын ханшийг буулгаж чадахгүй өсгөж байгаа явдал. Ам.долларын ханш бидний амьдралд 100 хувь нөлөөтэй. Надад байгаа мэдээллээр ам.долларын ханш 2015 онд 1970, 2016 онд 2147, 2017 онд 2440, 2018 онд 2472, энэ онд 2630 төгрөгт тус тус хүрчээ. Байнгын өсөлттэй явж ирсэн нь эндээс харагдаж байгаа байх. Гэхдээ огцруулна гэдэг нь эцсийн шийдвэр мөн эсэхийг мэдэхгүй юм. Тэртэй тэргүй ганцхан жилийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд сайн шахаад ажиллуулах нь зөв гэсэн байр суурьтай байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хаврын чуулганд багтаан хэлэлцэж амжих болов уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг 65 суудал авсан үедээ хийх нь зөв гэдэг дээр санал нэгтэй байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж эргэн татдаг, чуулганд суулгадаг болгохыг хуульд тусгая гэж байгаа нь зөв. Гүйцэтгэх засаглалын УИХ-д хэт барьцаалагдсан байдлыг нь өөрчилж, эрх мэдлийг нь нэмэгдүүлье гэж байгаа ч дэмжиж байгаа. Парламентын засаглалтай бусад улсуудад байдаг зөв тогтолцоог бид орхигдуулчихсан байж. Түүнийгээ нөхөх гэж байгааг нь зөв юм. Мөн 20 мянган иргэнтэй сум, 200 мянган иргэнтэй дүүрэг хоёрын статус адилхан байгаа. Энэ зүйлүүдийг ч засах хэрэгтэй гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүдийн насны доод хэмжээг ч зааж өгөх нь зөв гэж бодож байна. Цэцийн гишүүд болоод шүүгч нарын томилгооны тогтолцоог ч ялгаагүй эргэн харж ярилцах хэрэгтэй байх.

-Та Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт байгаа. Энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх үү?

-Том дарга нар пропорцианаль тогтолцоо нь зөв гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Миний хувьд өнөөгийн байгаа мажоритор системээр явах нь зөв гэж үзэж байгаа. Энэ байр сууриа хамгаална. Харин сурталчилгааны самбарын хэмжээг нь багасгаж, тодорхой заасан цэгт байршуулах, сэтгүүлийн хуудасны тоог багасгах зэргийг нь дэмжиж байгаа юм. Эдгээр нь мөн л гадны жишгийг тусгаж байгаа хэрэг юм.

Categories
мэдээ цаг-үе

Богд хаан бол язгуурын төрийг байгуулж чадсан Монголын оюун санааны том удирдагч байсан

Энэ жил бурханы шашны тэргүүн, төр шашныг хослон баригч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар түүний тэгш ойг тэмдэглэхээр болжээ. Монголчууд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Тусгаар тогтнол төр улсаа сэргээсэн баярын өдөр болгон Монгол Улсын Их Хурлаас баталсан хуулиар 2011 оноос хойш тэмдэглэж иржээ. Харин энэхүү 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч Богд Хааны тухай тэр бүр мэддэггүй аж.

Ойд зориулсан ажлын хүрээнд “VIII Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослуулан баригч хаан хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. Богд Жавзандамба хутагтын шашин төрийг хослуулан баригч гэдэг үүднээс түүхэнд ямар гавьяа байгуулсныг олон нийтэд таниулах зорилгоор уг хурлыг Үндэсний номын сан, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулсан юм.

БОГД ХААН ГЭЖ ХЭН БЭ

1869 оны шороон могой жил Түвдэд төрөөд таван настайдаа Монголд бурханы шашны тэргүүн болж өргөмжлөгджээ. 43 настай Монголын үндэсний хувьсгалыг ялалтад хүргэж, тусгаар тогтнол, төр улсыг сэргээн байгуулж, Монгол Улсын эзэн хаан 1911 онд суусан түүхтэй. 1911-1924 онд хамгийн ээдрээтэй хэцүү үед Монголын төрийг тэргүүлж, Монголчуудад тусгаар тогтнол, бие даасан байдал, эрх чөлөө авчирсан үндэсний хувьсгалыг удирдан зохион байгуулсан гавьяатай. Түүнийг социализмын жилүүдэд хамгийн саараар түүхэнд дүрслэн бичиж, уран зохиол, кино урлагт ч болохгүй бүтэхгүй этгээд байсан мэтээр харлуулж ирсэн аж.

Бурханы шашин ХХ зууны эхээр монголчуудыг нэгтгэж, тэргүүн Богд гэгээн үндэсний тэмцлийг удирдаж, ялалтад хүргэсэн нь түүхэн үнэн юм. Тухайлбал, Эзэн Чингисийн алтан ургийн Халхын дөрвөн хан, ноёд, лам хувраг, үндэсний сэхээтнүүд тэр цагт Богд гэгээнтнээ тойрон хүрээлж, тусгаар тогтнолоо аварч болох юм байна хэмээн үзэж, үр дүнд нь үндэсний эрх чөлөөгөө олж авч, туурга тусгаар улсаа сэргээн мандуулсан юм. Монголчууд Манж Чин гүрний эрхшээлээс хоёр зуу гаруй жилийн дараа гарсан нь энэ. Тиймээс Богд гэгээнтэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 1924 оны тавдугаар сарын 20 хүртэл Монгол Улсын төр, шашны тэргүүн, эзэн хаан байлаа.

Богд хааны түүх гэдэг бол XIX зууны сүүлчээс ХХ зууны 30-аад он хүртэлх үеийн монголчуудын түүх юм. Монгол Улсын хаан Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тэмдэглэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн буулгасан зарлиг нь Богд хааны тухайд Монголын төрөөс үзүүлж буй цагаатгал хэмээн үзэж буйгаа эрдэм шинжилгээний хурлын үеэр түүнийг судлаач эрдэмтэд хэлж байв. Түүний тэгш ойн хүрээнд Бурхны шашин хийгээд Богд хааны тухай үзэл суртлын дор хуурмаг бичигдсэн уран зохиол, дуу шүлэг, кино, үзвэрүүд үнэн бодитой болж, зөв голдиролдоо орно байх хэмээн найдаж байгаагаа ч судлаач эрдэмтэд хэлэв.

Хурлын үеэр Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулан ямар ажлууд төлөвлөөд байгаа вэ?

-Богд Жавзандамба хутагтын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг Монголын социалист нийгмийн залуус ер нь хананы цаад талаас харсан. Хананы наад талаас харж буй зүйл нь феодал ноёд, ард түмнийг шашнаар мунхруулагч, Монгол Улсын түүхэнд гай болсон хүн мэтээр ойлгож ирсэн. Энэ цагт Монголын судлаач эрдэмтэд архивын болон бусад судар бичгүүдэд тэмдэглэгдэж ирсэн баримтуудыг дэлгэн Богд хаан Монгол Улсын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг улам тодорч байна. Богд хаан хэн бэ гэвэл “Чингисийн алтан ургийн буюу язгуурын төрийг байгуулж чадсан даяар Монголын оюун санааны том удирдагч байжээ” гэсэн товчхон дүгнэлт гарч байгаа юм. Энэ дүгнэлтийг улам бататгасан олон ажлыг Богд хааны ордон музейн зүгээс хийж байна. Өөрөөр хэлбэл түүний өмнөх долоон дүрийн түүхэн болоод уран бүтээл, сургаал номлолын баримт сэлтийг олон түмэнд дэлгэж байгаа. Богд хаантай холбоотой өөрийнх нь нэлээд баримт бий. Дээрээс нь өнөөдөр Богд хааны ордон музей гэж нэрлэж байгаа тухайн цаг үеийн Богд хааны ордуудын тухай баримтуудыг дэлгэж ном хэвлэмэлийг гаргахаар бэлэн болголоо. Эхний гурван ном гарчихсан. Төлөвлөсөн 16 ном бий. Долдугаар сард хагас нь гарчихна.

-Аргын тооллоор хэдэн сарын хэдний өдөр тохиох вэ?

-Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр буюу намрын тэргүүн сарын шинийн арван тавны өдөр Богд хааны мэлмий гийсний 150 жилийн ой тохиож байгаа. Тэр хүртэл төлөвлөгөөт ажлууд хийгдчих байх гэж харж байгаа. Богд хааны өөрийнх нь байгуулсан ордууд, амьдарч байсан ногоон, өвлийн ордон бол 150 жилийн ойн хүрээнд яригдах ёстой асуудал.

-Ерөнхийлөгчийн зарлиг гарч, анх удаа хааны ойг тэмдэглэхээр болсон гэсэн үү?

-Тийм. Ерөнхийлөгч зарлиг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамжаа гаргасан. Энэ хүрээнд юу юу хийх ёстой вэ гэхээр нэгдүгээрт, Монгол Улс даяар Богд хааны мэлмий гийсний 150 жилийн ойг тэмдэглэх, хоёрдугаарт, тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор дөрвөн чиглэлийн ажил хийхийг үүрэгдсэн. Нэгдүгээрт, Богд хааны ордон музейн орчимд дурсгалын цогцолбор байгуулах, хоёрдугаарт Хутагтын түүх, Монголын төлөө шашин болоод төрд хийсэн үйл хэргийн талаар олон улсын эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал хийх, гуравдугаарт, Хутагтын дурсгалд зориулсан кино бүтээх (баримтат болон уран сайхны), дөрөвдүгээрт, Хутагтын түүх, амьдралын талаар судалгаа хийж, баримтуудын нэгтгэл хийх гэсэн үүрэг өгсөн.

-Шашин төрийг хослуулан барина гэдэг нь ямар ач холбогдолтой байсан бэ?

-Богд хаан бол нэг талаас төрийн тэргүүн, нөгөө талаас шашны тэргүүн. Шашин төрийг хослон барьж байсан, монголчуудын хос ёсны онол дор тухайн цаг үеийн даяар Монголыг захирдаг байжээ гэж харагдаж байгаа юм. Хос ёс гэдэг бол төрийг шашнаар бататгах, нөгөө талаар шашныг төрөөр мандуулах ийм л асуудал. Тэгэхээр үүнийг яагаад үзэл баримтлалаа болгон явж байсан бэ гэхээр өнөөдөр ч гэсэн олон улс, улс төрд ч харагдаж л байдаг. Аливаа үндэстний эв нэгдэл гэдэг бол түүний шүтэн бишрэхүй, өөрийнх нь тотемчлогдсон үзэл суртлын олон маргаан бий болж, шашны мөргөлдөөний бий болсон түүхүүд дэлхийн улс орон бүрд л байгаа шүү дээ. Тухайн цаг үед Богд хаан шашны тэргүүн гэдэг утгаараа даяар монголчуудын ганц шүтээн, дээдэлж хүндэлдэг хүн байсан болохоор 1911 оны үндэсний хувьсгал ялсан гэж харагдаж байгаа.

-Түүх сөхвөл хэрхэн тусгаар улсаа байгуулсан юм бол?

-Тухайн цаг үед Манж, Чин гүрэн бууран доройтоод түүний төрийг Дундад иргэд шууд залгамжлан авсан. Тэр шууд залгамжлалын хүрээнд Манж, Чин гүрэнд дагаар байсан улсууд Дундад улсад дагаар орчихсон. Түүнээс урьтаж, Монгол Улс тусгаар тогтнолоо зарлах ёстой гэдгийг түрүүлэн харж алтан ургийн ноёд, лам хуврагуудтай хамтран, туурга тусгаар улсаа байгуулж чадсныг өнөөдрөөс л бид тодруулж байгаа шүү дээ. Өмнө нь тодруулж чадаагүй л байв. Тэгэхээр энэ хийж байгаа ажлууд Богд хааны үйл хэргийг үнэн зөвөөр нь тодруулж, олон түмний өмнө гаргасан бүтээлүүд болох болов уу гэсэн бодолтой байна. Өөрөөр хэлбэл “Яг энэ эгзэгтэй цаг үед ван, ноёд, түшмэд, шар хар феодал, хувраг бүгд хамтдаа нэгэн зүг сэтгэж улс Монголоо тусгаар тогтнуулахгүй бол миний найман дүрийг шүтсний хэрэг үл гарна” гэж VIII Богд Жавзандамба өөрөө хэлсэн байдаг. Өндөр гэгээн Занабазараас авахуулаад зуун зуун жил монголчуудын шашны тэргүүн шүтээн нь болж байсан тэдгээр улсуудыг шүтэх гол шалтгаан нь 1911 оны хувьсгал юм шүү гэдгийг шашнаар ойлгуулж, мэдрүүлж нэгэн дор цуглуулж чадсны хүчинд (өнөөдрийн урд зүгийн орноос) туурга тусгаар оршиж ирсэн юм байна гэсэн ийм л товчхон дүгнэлт гарч буй юм.

-Богд хааны тухай өгүүлсэн номууд олон нийтэд худалдаанд гарах уу?

-Номын худалдаагаар зарагдана. Олон түмэнд түгээх, номын сангуудаар тараана. Ер нь олон нийтэд аль болох их мэдээлэл түгээхээр л ажиллаж байна. Түүнийг дагасан олон бүтээлүүд үргэлжлэн гарах байх. Номоор нь кино, жүжиг, дуурь, бүжгэн жүжиг гээд урлагын ямар салбар байдаг юм тэр бүрээр дамжуулан олон түмэнд хүргэх ажлууд хийгдэнэ. Энэ мэтээр жижиг, том гэлтгүй бүх чиглэлээр зорин ажиллаж байна. Бас нэгэн гол ажил нь Богд хааны ордон музейд цуврал үзэсгэлэнгүүд гарна.

-Хүүхэд залууст зориулсан сургалт сурталчилгаа, лекц семинар зэрэг ажлууд хийгдэх үү?

-Манай музейн хийх ёстой ажлуудын нэг том нь боловсролын ажил. Нэлээн олон ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтантай ярилцсан. Зуны ордон байгаль цаг уурынхаа нөхцөлөөр байдаг. Өвлийн улиралд хүйтэн, дулааныг шийдээд тавья гэсэн ч боломжгүй. Тиймээс сэрүүн хүйтэн цагт хүүхдүүд ханиад томуу тусах эрсдэлтэй. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд ажиллахад тохиромжгүй. Одоо цаг уярч, урин ирж байгаа болохоор хүүхдүүдэд боловсролын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Манай улсад гайхамшигтай зүйлс олон. Гэхдээ олон улсыг хараад байхад манайд дутагдалтай зүйлүүд их бий. Жишээлбэл, бид гадаад руу очихдоо дэлгүүр хоршоогоор хэсэх гэж явдаг бол харь гүрний улсууд гадааддаа байна уу, дотооддоо байна уу аль ч зүгт явахдаа зайлшгүй музей үздэг. Гадны болон дотоодын өв соёлтойгоо танилцдаг. Түүхийг үзсэн хүмүүсийн тархинаас түүх нь мартагддаггүй юм байна л даа. 3-7 насны хүүхэд харсан зүйлээ үл мартдаг өвөрмөц нас. Тиймээс бага насны хүүхдүүдээ байнга дагуулж музей үзнэ.

-Үнэ төлбөрийн хувьд тогтсон ханшаараа байх уу. Хөнгөлөлт урамшуулал бий юу?

-Бид зарим эвентүүд дээрээ ахмад настан, хүүхэд оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үнэ төлбөргүй үйлчилдэг. Дээрээс нь энгийн үзэгчдээ тавин хувь хөнгөлдөг.


Categories
мэдээ цаг-үе

З.Болормаа: Цэвэршилт залуужиж байна

La santеэмнэлгийн ерөнхий захирал З.Болормаатай ярилцлаа.


-Эмнэлгийн нэр ямар утгатай юм бол…?

-“Lа santе” гэдэг нь “santе” гэдэг үгээс гаралтай. Энэ нь Францаар эрүүл мэнд гэсэн утгатай үг. Нэг ёсондоо хамгийн дээд аз жаргалыг бэлгэдсэн үг. Эрүүл мэндийн төлөө гэсэн ухагдахуунтай. “La santе” гэж эрүүл мэндийн төлөө он солигдох мөч бүрт хундага тулгадаг Европын уламжлалт үг. 2016 оноос хойш манай үүд хаалгаар зуу зуун эмэгтэйчүүд орж ирлээ.

La santе эмнэлэг ямар үйлчилгээг түлхүү үзүүлдэг вэ?

-Манай эмнэлэг эмэгтэйчүүдийн бага аарцаг ёроолын булчин, нөхөн сэргээх эмчилгээг хийдэг. Бага аарцаг ёроолын булчин гэхээр давсаг, умай, үтрээ, шулуун гэдсийг холбосон суурь булчинг хэлж байгаа юм.

-Бусад эмнэлгүүдээс ямар давуу талтай вэ?

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн үйл ажиллагаатай. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өгөөд зогсохгүй, өвчин эмгэгээ зуун хувь эрүүл аргаар анагааж, эдгээх боломжийг олгодог. Өвчинг үүсгээд буй буруу дадал хэвшлийг алга болгож, өвчин үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх зөв дадлыг үр удамдаа үлдээгээсэй гэж зөвлөдөг. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна, эрүүл мэндийн боловсролыг өгдөг. Гэхдээ ганцхан зөвлөгөө өгөөд дуусахгүй. Өөр давуу тал бий. Францын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан аарцаг ёроолын булчин чангалдаг эмчилгээг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр 2016 оноос үйл ажиллагаанд оруулж, нэвтрүүлсэн. Эмч мэргэжилтнүүдээ олон улсын сургалтуудад хамааруулдаг. Мөн Францаас багш нар ирж чиглэл өгдөг юм. Туршилтаасаа гараад хэдэн зуун хүнд үр дүнгээ өгсөн. Мөн даатгалд хамрагдсан эмчилгээнд тулгуурлан Европ стандартын дагуу эмчилгээ, үйлчилгээ явуулахыг хичээдэг. Сөрөг, гаж нөлөөтэй зүйл байхгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанартайгаас гадна халдвар хамгааллыг баримталж ажилладаг. Тодруулбал, бүхий л зүйлсийг нэг удаагийн хэрэгслээр шийдэж өгдгөөрөө давуу талтай.

-Эмэгтэйчүүдийн өвчлөлийг судалсан судалгаа бий юу?

-Албан ёсоор батлуулаад салж байгаа 30004000 гэр бүл бий. Энэ нь зөвхөн жилийн дундаж үзүүлэлт. Гэр бүлийн гадуурх харилцаа маш их байна. Энэ болгон нь нийгмийн өвчлөл юм. Дээрээс нь гурван хүн тутмын хоёр нь шээс задгайралтай. Таван хүн тутмын дөрөв нь цагаан мах эргэдэг, шамбарам өвчинд өртдөг гэсэн судалгаа бий. Цэвэршилтийн дундаж нас 55 байсан бол одоо 35 настайд энэ шинж тэмдэг илэрч байна. Үүнээс гадна бэлгийн замын өвчний тоо, статистик судалгаа асар их боллоо. Эмэгтэйчүүдийн өвчлөл улам залуужиж, статистик судалгаа нь жилээс жилд өсч буй нь хамгийн харамсалтай.

-Шээсээ удаан барихаар биеэр тарах эрсдэлтэй гэдэг. Ер нь шээс барих нь ямар үр дагавартай вэ?

-Шээс барих нь өөрөө байж боломгүй зүйл. Шээсээ барьж байгаад л давсаг руугаа хүчтэй цохиулбал давсаг хагарах эрсдэлтэй. Түүнээс биш шээс биеэр тарна гэсэн ойлголт байхгүй. Харин аарцгийн булчин барихгүй сулраад, буруу хэвшил тогтвол хаагдаад шээсээ гаргаж чадахгүй болгочихдог. Эсвэл барьж чадахгүй болно.

-Бэлгийн замын өвчлөл даамжрах болсон нь юунаас үүдэлтэй вэ?

-Нэг ёсондоо нөхөн үржихүйн боловсролгүйтэй холбоотой. Аарцаг, умай, үтрээ гэх нөхөн үржихүйн эрхтнээ мэдэхгүйгээс үүдэлтэй. Хэрхэн яаж суларч гэмтдэгийг нь ч мөн мэдэхгүй байна. Нийгмийн үнэ цэнэ болсон гэр бүлийн бэлгийн боловсрол манайд огт байхгүй. Наад зах нь үтрээний булчингийн уян хатан чанарын хэмжээг аппаратаар үзэхээр маш их хувийн алдагдалтай гардаг. Үүнийг дагалдаад бүх өвчний суурь гэмтэл үүсч болзошгүй.

-Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн боловсрол, түүний талаарх хэр ойлголттой байдаг вэ?

-Нөхөн үржихүйн эрхтэн гээд ярихаар садар самуун гэж ойлгох буруу хандлага бий. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн бүх суурь үтрээнд оршино. Аз жаргалтай, бат бөх амьдралын суурь нь энэ юм. Тиймээс тархи мэдрэл гэж ярихаас өмнө үтрээгээ ярих ёстой. 19801990 оны үед 1516 настай хүүхдүүдэд сарын тэмдэг илэрдэг байсан бол одоо 10 настайд нь сарын тэмдэг ирдэг боллоо шүү дээ. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр үүнийг дагалдан хүний биеийн анатоми, бүтэц өөрчлөгдөж байна. Ийм учраас шат шатанд нь эрүүл мэндийн боловсролыг өгөх нь чухал. Үтрээ гэдэг чинь элэг, бөөр, зүрхтэй л яг адил булчинлаг эрхтэн шүү дээ. Ер нь энэ талаарх ойлголт бага.

-Бэлгийн боловсролыг олгох нь тулгамдсан асуудал болоод байна гэж анзаарлаа…?

-Дөнгөж 13 настай, юугаа ч мэдэхгүй охид үр хөндүүлж байна. Ариун нандин харилцааг гэр бүл зохиосныхоо дараа хийх ёстой гэдэг мэдээ мэдээлэл байхгүйгээс үүдэн өөрсдийгөө гэмтээж буй. Тиймээс энэ талаар эцэг эхчүүд боловсролтой болох нь зүйтэй. Хэрэв боловсролгүй бол эргээд үр хүүхдэдээ гэр бүлийн ариун нандин харилцаа гэж юу байдгийг яаж ярих юм бэ.

П. САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Эрхтэний тэнгэрт одтой, цагаан бар өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 19, Эрхтэний тэнгэрт одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 5:49 цагт мандан, 19:52 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Сайн нөхөртэй учрах хэмээх сайн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Урд хөршөөс ногоо оруулснаас ногоочин оруулсан нь дээр санагдана” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы нэрийн хуудас болсон гуравдугаар нүүрэнд “Урд хөршөөс ногоо оруулснаас ногоочин оруулсан нь дээр санагдана” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг, тавдугаар нүүрнээс Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы хийсэн мэдээллийн талаар уншиж сонирхоорой.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрэндээ үнэний хойноос эрэлхийлсэн нийтлэл сурвалжлагуудыг нийтлэн хүргэдэг билээ. Тэгвэл мягмар гаригийн дугаарын долдугаар нүүрнээс 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг яагаад нураах болсон, хэний шийдвэр байсан, ямар бүтээн байгуулалт босгох гэж байгаа талаар унших боломжтой.

Энэ сарын 25-нд буюу пүрэв гаригт Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болох гэж байгаа. Энэ талаар Онцгой байдлын
ерөнхий газрын тэргүүн дэд дараг, бригадын генерал Г.Ариунбуянтай хийсэн ярилцлагаас дэлгэрүүлэн уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга 24-25-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ

Related image

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Мөн 26-наас 28-ны өдрүүдэд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад урилгаар оролцож, орон нутагт зочилно. “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад 30 гаран орны төр засгийн тэргүүнүүд болон олон улсын байгууллагын удирдлагууд оролцох юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тос 74 ам.доллар байна

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш 74 ам.доллар байна. Оны эхэнд “Брэнт” маркын газрын тос 54 ам.доллар, WTI маркынх 45.8 ам.доллар байсан юм. Ханшийн өсөлтийг шинжээчид бүтээгдэхүүний эрэлт багассантай холбон тайлбарлаж байгаа аж. Тодруулбал, АНУ-д өрмийнхөө тоог багасгаж, Иран, Саудын Арабын экспорт буурчээ.

Манай улс энэ онд 8.1 сая баррель газрын тос экспортолж, 335.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн онд манай улс 6.3 сая баррель газрын тос олборлож, 6.1 сая баррелийг нь экспортолсон. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний импорт 1.8 сая тонн байсан юм.